/1. Эх
Би одоо ээжээсээ ах болжээ. Миний
эх Гүнсэн 1949 онд дөчин гуравтай
нас барсан юм. Хүн эхийгээ мөнх юм
шиг санаж явдаг хойно доо. Нэг ч
удаа ээжтэйгээ тогтуун ярьсангүй,
бага залуу насны нь тухай
сонссонгүй. Над шиг хүн ховорхон л
байх. Үнэнээ хэлэхэд ээж аавын
амьдрал жаргалын тухай мэдэхээсээ
эрт балар цагийн үлэг гүрвэлийн
тухай арай л дэлгэрэнгүй мэдэх юм
даа.
Миний эх уул нь одоогийн Ховд
аймгийн хүн. Эцэг Наваан нь
тавдугаар хороонд байж байгаад
1938 оны зун нас барсан юм. Эх нь
Төмөр гэдэг хүн байсан^ 1943 онд
нас барж билээ.
Миний нагац эцэг Наваан урьд
залуудаа барилдаж явсан, нүсэр том
биетэй, сайхан эр байсан юмдаг.
Манайхыг намын сургууль дээр
байхад морьтой очихдоо холоос
танигддаг юмсан. Яагаад гэвэл морь
их жижигхэн, унаж яваа хүн нь
айхавтар сүртэй харагддаг байсан
юм. Өвөг эцэг маань унгас ноос
тээвэрлэж наймаалан амьдарч
байсан болохоор "Унгасны Наваан"
гэж нэршжээ. Би бол ээжийг
дууриан "ажаа" гэж дууддаг байлаа.
Ажаагийнх хэдэн сарлагтай, унах
морьтой, зун намын сургуулиас зүүн
тийш хөлийн модчины наахна
зусдаг, өвөл нь Улаан нүдэн гэдэг
ганц хайнагаа үлдээгээд малаа
Улиастай, Гачуурт руу гаргадаг
байлаа. Улаан нүдэн гэдэг нь
улаанаар эргэлдсэн нүдтэй
хайнагийн үнээ, өвөл хаврын
зургаан сард сүүгээр тасална ч гэж
ярьдаггүйсэн. Тэр хайнагийг үхэхэд
манайхан бүгдээрээ их уйлж
байсныг санаж байна.
Миний эмээ Төмөр хэзээний Ховдын
хүн. Түүний дүү болох Дорждэрэм
гэдэг хүн Хатанбаатар вангийн
цэрэгт явж, баатар цол хүртэж
байсан түүхтэй. Дэрмаа баатар 1950-
иад оны үед нас барсан.
Магсаржавын цэрэгт явж, цагаан
намынхантай байлдаж байсан учир
партизаны үнэмлэхтэй, хэд хэдэн
одон медальтай байсан юм.
Тэгээд ч эмэг эх маань баатар ванг
сайн таньдаг, гэр орноосоо хол яваа
тэр хүний уранхай хагархайг нь оёж
шидэж өгдөг байжээ. Энэ тухай
манайхны гэр зуурын домог яриа
байдаг юм. Тэр яриа дээр үед Ховд
хязгаараар ч яригдаж байсан байж
магадгүй. Ямар ч гэсэн манай
ажаагийнх Ховдоос нүүж, Хөвсгөлд
очиж Жалханз хутагтын шавь болж
байжээ.
Ардын засгийн үед Хүрээнд ирж,
тавдугаар хороонд (одоогийн
нэгдүгээр эмнэлгийн цаахантай)
хашаа байшинтай байжээ.
Магсаржав гуайнх ч ойр зуур бас
хашаа байшинтай байсан гэнэ.
-Баатар вантан, танай ажаа хоёрын
морийг би өглөө болгон усалдаг
байсан юм. Бага ч байж дээ гэж жил
бүрийн наадмын морь цоллодог
нахиу хэмээх Гэндэн гуай над 1971
оны зун ярьж байж билээ.
Ажаагийнх хот орж ирээд тийм ч
ядуугүй, дунд зэргийн айл болжээ.
Аав тэгэхэд ээжтэй танилцаж гэр бүл
болцгоосон юм байх. Тэр бүхнийг би
сайн мэддэггүй юм.
Ер нь намайг бага байхад эжий
минь ямаршуу төрх байдалтай
байсныг даанч санахгүй юм. Нэлээд
сүүл хэрээс, ээжийг овоо настай
болсон цагаас хойших үеийг нь,
ялангуяа өвчин зовлонд нэрвэгдэж,
бие нь муудаж эхэлсэн цагаас би
сайн мэдэх билээ. Настай болсон ч
гэж дээ. Орь залуу явахад гуч хүрсэн
хүн хариугүй хөгшин хүн харагддаг
шүү дээ. Тийм ч учраас тэр биз. Хүн
ер нь өөрийнхөө эцэг эхийн залуу
сайхан цагий нь санадаггүй байх.
Хэзээний л өтөлж хөгширсөн улсын
үр болж төрсөн юм шиг бодож явдаг
биз. Гэтэл намайг аравтай байхад
эжий минь дөнгөж гуч хүрч л байж
шүү дээ. Миний эжий дунд зэргийн
нуруутай, махлаг чийрэг биетэй,
царай зүс сайтай хүн байсан юм.
Үйлэнд уран, гал нь илчтэй, хоол нь
амттай хүн байжээ. Амгалан гацаанд
байх үес хэдэн хятад үг тогтоосон,
тэрнийгээ хүний дэргэд нэг их
гаргахгүй ч гэсэн дэлгүүр
худалдааны газар хятад
наймаачинтай ярьж, үнэ хаялцаж
байх нь яггүй мэдэж байх шиг
харагддагсан. Эжий минь шинэ
хуучны зааг дээр өсч тогтсон хүн
болоод тухайн үеийнхээ ололт
дутагдал бүхнийг биедээ шингээсэн
хүн байсан юм. Сүсэг бишрэлээс
бүрэн ангижраагүй, гэвч бичиг
үсэгтэй, хувьсгалч үзэлтэй, даруу
ичимтгий боловч сурах,
оролдохоосоо ичиж эмээдэггүй
байжээ. Олон хүүхэд гаргаж, сүүлдээ
хүнд өвчинд нэрвэгдсэн гэвч соёл
боловсролд дуртай байсан юм.
Гэвч энэ бүх дүгнэлтийг би одоо л
хожуу хойно хийж байгаа болохоос
тэр үедээ юу мэдэх вэ. Санаанд
үлдсэн ганц нэгэн зүйлийг л
эргэцүүлэн бодож, энэ мэтийн
дүгнэлт хийж байна шүү дээ. Намайг
төрөхөд манайх Амгаланбаатарт
байсан юм гэнэ. Багадаа би айлын
ууган хүүгийн хувьд эрх танхил жаал
байсан юм байх. Элдэв лай ланчгаас
айж хэдэн удаа нэрийг минь сольсон
гэлцдэг юм. Нэг удаа цор цор
ханиалгалаа гээд Гэсэрийн сүмд
очиж төлөг буулгуулжээ. Хөгшин
хуушаан савх шиг нарийхан хулсаар
дүүргэсэн төмөр саваа таглаж, хэд
сэгсэрсэн нь нэгийн зэрэг свах мод
багтаж нүхээр нь хулсан савх
унажээ. Хуушаан хятад түүнийг авч
судартаа тааруулан үзвэл "өөрөө
мэднэ" гэсэн төлөг бууж. Тэгээд
надад "чи мэд" гэж нэр өгсөн нь
төвдийн Чимэд гэдэг нэртэй яв цав
таарчээ. Би бичихдээ Чимид гэж
бичдэг болохоос нэрний минь уг
гарал тийм учиртай юм. Намайг бас
энхрийлж зуун айлаас өөдөс гуйж,
тэр олон өөдсийг зүйгээд дээл хийж
өгч байсан гэнэ. Саяхан хүртэл
манай авдарт тэр дээлийн тасархай
явж л байсан сан. Сүүлийн хэдэн
жил харин харагдаагүй.
Энэ бүхнийг би яаж мэдэх вэ. Ээж,
аавын ярианаас л дуулсан хэрэг шүү
дээ. Иймэрхүү дуртгал ч биш, домог
ч биш яриа айл болгонд байдаг
болохоор үүгээр хязгаарлаж өгүүлэх
нь:
Эхийг дагаад Ёнзон хамба ламд
бараалхан, ҮШ богдын багш ламд
мөргөж байснаа санаж байна.
Хаалганаасаа аваад гэр хүртэл чулуу
шигтгэн зассан замтай хашаанд орж
зүүн талын өмгөр гэрт орсон юмдаг.
Гэрийн хойд тал тэр аяараа
гүнгэрваатай бурхан байж билээ.
Зүүн хойд талд хаш ширээний ард
туранхай өвгөн лам сууж байсан юм.
Гэвч би тэр ламыг сонирхоогүй
хажууд нь байсан тортой тоть шувууг
хараад хөдлөх аашлахыг нь
сонирхож сууж билээ. Гэтэл эжий
тонгойн, тэр ламаас адис аваад,
надад бас адил хүртээлгэв. Ийм юм
санаанд үлдсэн байхад үүний сацуу
бас ээжээс сурсан олон сайхан юм
санаанд үлджээ. Жишээлбэл, дуу
хуурын сайхныг би эхээсээ олж
мэдсэн юм.
Эжий Амгаланд байхдаа тэр үеийн
алдарт хөгжимчин Ишдулам гуайд
шавь орж, хэдэн дуу -шанзанд
оруулж сурсан байжээ. Гэвч
тэрнийгээ бусдад мэдэгдээгүй л хүн
дээ. Манай гэрт зүүн орны хөндийд
нэг сайхан шанз байх. Гаднын хүн
харахад аливаа нэгэн айлд байдаг
хэрэггүй хэр нь хаяж болдоггүй новш
шиг харагддаг тэр шанз, үе үе
хамгийн хэрэгтэй зэмсэг болдог
байлаа. Эжий ганцаараа байхдаа
юмуу, эсвэл хүүхэд бид нартайгаа
байхдаа тэр шанзыг хааяа шудран
дуулдаг байлаа. Гойд сайхан
хоолойгүй ч гэсэн эвлэгхэн дуулдаг
хүн байжээ.Эжийгий минь тэр
байдал авьяас билэгтэй, ёс төртэй
монгол бүсгүйн цэвэр ичимтгий дүр
болон миний санаанд оршжээ.
Намын сургуулийн хашаанд нүүж
очсоноос хойш бичиг сурах гэж
оролдож байсныг нь санаж байна.
Сонин нь ааваар заалгахаасаа
зовдог байсан юмуу, юм хум уншиж
байгаад гаргахгүй үгээ надаас
асуудагсан.
Сүүлдээ олон нялх нойтон хүүхдэд
дарагдаж, бие нь ч муудсансан.
Арван хүүхэд төрүүлснээс хэдийг нь
өсгөсөн. Эмнэлэг ховор, соёл нимгэн
байсан тэр цагт олон хүүхэд гаргаж
өсгөнө гэдэг ч амаргүй хэрэг.
Гавьяаны хэрэг. Даанч дээр үед олон
хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд өгөх
одон байсангүй дээ. Тийм одон
эхээс минь хойш бий боллоо. Хүүхэд
өсгөх ажилд улс нийгмийн оролцоо
өргөжиж, эх хүний зовлон үлэмжхэн
хэмжээгээр багассан хойно бий
боллоо. Үүнийг би харьцуулан ярьж
байгаа болохоос одоо цагийн
эхчүүдийн энэрэнгүй сэтгэл, элбэрэл
хайр, түмэн ачлалыг үгүйсгэх юмуу,
ямар нэгэн хэмжээгээр багасгах
гэсэн санаа агуулаагүй юм шүү.
Дараа нь дайны хүнд үе ирлээ. Эх
минь хар гурил шигшин хоол хийж,
уулын согоовор цэцэг нохойн
хошуутай цай чанаж бид хэдийгээ
гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах
гэж зүтгэсээр л байж билээ. Яг тэр
үеэр бие нь доройтож, хэвтэж
эмнүүлэх шаардлагатай байсан. Гэвч
өөрийн биеийг огоорон, өрөөл хань,
үр хүүхдээ гэсээр яваад 1949 он
хүргэлээ.
Тэр зун би Будапешт хотноо болох
дэлхийн залуучууд оюутны
хоёрдугаар их наадмын бэлтгэл
хороонд ажиллахаар явах болов.
Манайх Зайсангийн аманд
гарчихсан, би шалгалттай, ажилтай
гэж элдэв шалтаг хэлээд хашаандаа
муу модон байшинд үлдсэн байж
билээ. Явах, суух ажлаа хөөцөлдөж,
жин тан болгоод мордохын өмнөх
орой Эвлэлийн Төв хорооны "Газ-67"
машинаар зусланд байгаа гэртээ
давхин очив. Алс хол, хүн танихгүй,
хэл мэдэхгүй газар явах гэж байгааг
ч тэр гэх үү, уул ажил сонин бөгөөд
хүндтэйг ч тэр гэх үү, улсын их
сургуулийн залуу оюутан би бээр
хэрдээ л онгирч хөөрч явсан биз.
Тэгээд ч тэр орой ээж аав хоёр
дээрээ очоод чухам юу ярьж, ямар
сургаал сонссоноо ч сайн санахгүй
байна.
Ээжий хойно, тогоо шанага нь хан
янхийж, цай чанаж, хоол хийл л
өгсөн юмдаг. Би ч сэтгэл яарч, байж
сууж чадахаа байсан хүн, маргааш
өглөө нь онгоцонд суухаас өөр
онцын хэрэггүй, ардаа ажилгүй хэр
нь хий дэмий яарч, халуун хоолноос
амссан болоод уулгамч юм шиг
гэрээс гарч, аав ээждээ үнсүүлэхчээ
аядаад хот руу эргэж билээ. Хэрэв
би тэр орой ээжтэйгээ эцсийн удаа
уулзаж байгаагаа мэдсэнсэн бол
доо! Хүн эх, эцгээ үүрд мөнх юм шиг
бодож явах хойно доо...
Машин хөдөлмөгц гар даллан эргэж
харахад ээж, аав, хэдэн дүү нар
минь гэрийн гадаа зогсож байв. Ээж
минь гуулин шанагаараа сүү өргөж
байгаа нь үзэгдэв. Оройн нар уулын
ар руу шингэж байсан цаг. Ташуу
хурц туяанд нь гуулин шанага алтан
шанага шиг харагдаж билээ.
...Их наадмын шуугиан түрхрэн
өнгөрч Москвад ирмэгцээ элчин
сайд агсан Ядамжав гуайнд очиж ар
гэр, эх эцгийн амар мэндийг
лавлавал элчин сайд, түүний гэргий
агсан Дорж гуай нарын царай нь
барайж нүүр буруулаад дуугарч
өгсөнгүй. Харин тэднийд цай уугаад
сууж байсан Чулуун гэдэг шуудан
зөөгч эр дуу алдсан нь:
-Чи чинь мэдээгүй юу? Муу эх чинь...
Намайг хотоос гарснаас хойш хоног
удаагүй байхад муу эх минь таалал
төгсчээ. Энэ тухай их наадамд очсон
монголын төлөөлөгчид мэдэж
байсан боловч надад хэлсэнгүй.
-Чухал үүрэг биелүүлж яваа хүнд
ийм мэдээ гэнэт сонсгож болохгүй...
Москвад байгаа Элчин сайдын
Яамныхан эргэж ирсэн хойно нь
хэлэг. Би эндээс үүрэг өгнө. Та нар
харин хэлэх хэрэггүй гэж манай
төлөөлөгчдийг явахын өмнө маршал
Чойбалсан захисан ажээ.
Маршал өөрөө бага балчиртаа
эхийгээ мөн л уулзаж чадалгүй
алдсан хүн болоод эхээ тэгж
алдахын зовлонг болон ард нь
үлдсэн үр нь хичнээн гашуудан,
өөрийгөө зэмлэн шаналдгийн
зовлонг сайн мэдэх учир тэр тухай
намайг гадаад улсад явах үес гэнэт
хэлэхийг хориглосон ажээ.
Манайхан ч тэр үгэнд нь ороод хэн
нь ч надад тэр эмгэнэлт явдлын
тухай дурссангүй. Хөгжмийн зохиолч
Б.Дамдинсүрэн, кино зурагчин
Жигжид зэрэг ний нуугүй ярьж
сурсан олон сайхан нөхөд явсан хэр
нь нэг нь ч үг алдсангүй. Их наадамд
оролцсон хүүхнүүд ч цухуйлгасангүй.
Заримтай нь хоршоо дэлгүүрээр
явахдаа ээжийдээ авах юм сонгож,
энийг авах уу, тэрнийг авах уу гэж
зөвлөж явсны минь яана. Одоо бол
нүүр царайгаар нь, дуу хоолойгоор
нь сэжиг авах л байх. Аргагүй л гэнэн
томоогүй насан дээрээ явж дээ.
Ямар ч сэжиг аваагүй юм шүү.
Гунигтай залуу нас өнгөрч, одоо би
ээжээсээ ах хүн болоод байна.
Орчлонгийн явдлыг эргэн
санахтайгаа, бодохтойгоо болсон
энэ үед эхийнхээ тухай даанч бага
мэддэгтээ харамсах юм даа.
Үнэхээрийн хүнд ярих баттай
баримттай зүйл бага үлдсэн атугай ч
ганцхан миний санаанд үлдсэн өөр
хэн ч үл мэдэх олон юм байн байн
дурсагдах амуй.
Би эхийнхээ энгэрийн үнэрийг
үргэлж санаж явдаг юм. Өөрөө хүний
эцэг болсон хойноо ч тэр үнэр бол
эхийн сүүний үнэр гэдгийг ойлгосон
юм. Алганых нь арьсны зөөлнийг
санаж явдаг юм. Багадаа би ханиад
хүрч, халуурч хичнээн ч хоног элий
балай байсан юм бүү мэд. Хамаг бие
халуу оргисон хэр нь хүйтэн хөлс
цутгаж, уруул ам омголтон, үнгэртэй
байсан нэгэн мөчид нүүрэнд минь
зөөлөн юм хүрэх шиг болсныг би
санаж байна. Тэгэхтэй зэрэг
даагдахгүй шахуу байсан зовхи минь
аандаа нээгдэж, гэрэлт орчлон
нүдэнд минь тусаж билээ. Гэрэлт
орчлон гэдэг эх минь байв. Тэрбээр
хоёр хуруугаараа духыг минь илэхэд
сэрүү татах шиг болж, бие
хөнгөрөөд, омголтсон уруулын минь
завсраар бүлээн ундаа цутган орох
шиг болсон юм. Нээрэн ч цай
оочуулсан байх л даа. Би тэр
бүхнийг мэдрэхгүй байж болох юм.
Ямар ч л гэсэн эхийн минь биенээс
рашаан сацран, аргаж хатсан цээж
рүү минь цутган орох шиг болж
билээ. Тийнхүү бие амсхийж амьсгаа
уужирсанд баясан эжийгээ харвал
саяхан намайг энхрийлэн илж,
цаанаа сайхан харцаар ширтэж
байсан эжий минь унтаж байх шиг
харагдлаа. Би тэгэхэд гомдох шиг ч
болж билээ. Арван хэдэн хоног
ухаангүй шахуу байгаад сэргэж
байгаагаа би тэгэхэд мэдээгүй
байсан юм л даа. Олон шөнө нойр
хоолгүй байсан эх минь балчир
хүүгий нь нялх махбод өвчнийг ялан
давж байгаа эхний тэмдгийг харан
таньж санаа нь амсхийгээд өөрийн
ядаргаанд аргагүй дийлджээ.
Ингэж юмны учир ололгүй эжийдээ
гомдох цаг тохиолдож байсан.
Харин дараа нь учрыг нь мэдсэн
хойноо эхийнхээ зөвд бишрэн түр ч
болсон богино жолоо гаргаж
уцаарлан бухимдаж явснаа санаад
их л гэмшдэг байж билээ.
Одоо бодоход тэгж нэг сэхсэнээсээ
би бүрмөсөн эдгэрч хөл дээрээ
боссон юм даг. Орос монгол хоёр
гурван эмч хослон эмнэж байсан
юм. Энэ тухай би бас жич өгүүлнэ.
Хөл дээрээ босоход минь тэдгээр
эмч нарын ч хүч ороо биз. Олон
хоног дэргэд минь нойр хоолгүй
сууж, зүрх минь лугших тоолон
найдан, эмээн, баярлан суусан
эхийн минь сэтгэл ч ороо биз.
Өвлийн цонхигор тэнгэр улам
гүнзгийрч цайвар өнгө нь өтгөрөн,
хаврын анхны шинж тэмдэг илрэн
ирэхүй цагт модны мөчир цан
хүүрэгнээс салж гуалиг нарийхан
болдог билээ. Монос, хус модны
хамгийн гаднах хальс сэмрэн,
салхинаа муутуу цаас шиг
сарваганан сэрчигнэж, хөдөө талын
зэрэглээ униартан, алсын бараа
хөхрөх бүлгээ.
Агаар хүртэл тунгалагшин цэвэрших
тийм үеэр хоёр уушги дархны хөөрөг
шиг тэлэн амьсгалахад ургах
цэцэгний шимийг газрын гүнээс
шингээн авчирсан цэнгэг салхи бүх
биеэр тархаж, хамаг цогцос
залуужин сэргэдэг билээ. Чухам ийм
үед агаарын сайхныг анх амтлан
баяссан бага нас санагдаж, юу юуны
түрүүн эх минь бодогдох авай.
Амьдралд тохиолдож байсан олон
хүний дуу хоолой мартагджээ. Ойр
дотно явсан нөхдийн заримынх нь
нүүр царай ч мартагджээ. Гэтэл
эхийн минь дуу хоолой, зөөж тавьж
хэлж байсан цөөн үг, нүүрний нь
үрчлээ хүртэл санаанд үлджээ. Тэр
үрчлээний зарим нь нүүрэн дээр
минь улиран тогтлоо. Дууны нь
зарим өнгө хүртэл миний хоолойд
хувиралгүй үлдлээ. Энэ бүхэн надаар
эцэслэхгүй миний үр ач нарт
уламжлан дамжиж түмэн үед
хадгалагдах болно. Энэ дэлхий дээр
хамгийн мөнх юм гэвэл эх хүн ажээ.
Би ээждээ хайртай байсан. Харин
тэрнийгээ ухамсарладаггүй байжээ.
Би эхдээ хайртайгаа нэг ч удаа
мэдэрч байгаагүй, хэлж байгаагүй.
Эх гэж хүн байдаг, би гэж үр нь
байдаг гэхээс өөр юм мэдэхгүй
явлаа. Хайртай байсан, одоо ч
хайртай гэдгээ өөрөөс нь хойш л
ухамсарлаж байгаа юм. Эхийгээ
хайрлах сэтгэл минь миний мах
цусанд, амьсгалж байсан агаарт, ууж
байсан усанд минь байжээ. Эх рүүгээ
хандсан үг бүхэнд, харц бүхэнд,
санаж сарвайж явсан мөч бүхэнд
байжээ. Тэгээд ч тэр хайр энэ
хорвоогийн агаартай, устай, нартай
цуг үлджээ.
Намайг Будапешт явахад эх минь
сүүгээ өргөн аяны минь замыг агаар
тэнгэртэй нь мялаагаад хоцорсон
юм. Барьж байсан гуулин шанага нь
нарны туяанд алт шиг харагдсан юм.
Гэвч тэр шанага алт биш гууль
байлаа. Харин тэр шанагыг барьж,
хүүгээ ерөөж, үлдсэн эх минь алт
шиг хүн байсан юм. Тэнгэрийн чинээ
алтаар ч сольшгүй хүн байсан юм.
Тэр орой сацаж байсан сүүний нь
ээлтэй дусал одоо ч гэсэн зам
бүхний минь мялаасаар байгаа биз.
Аанай л би мэдэхгүй яваа байлгүй.
2. Намын сургууль
1933 оны өвөл манай аав намын
сургуулийн багш болов. Тэр үе бол
улс орны амьдралд нэлээд онцлог үе
байлаа. 1932 онд баруун хэдэн
аймагт гарсан эсэргүү бослого
дөнгөж дарагдаад МАХН-аас шинэ
эргэлтийн бодлого хэрэгжүүлж
байсан цаг санжээ. Нам нэгэнт
гарсан алдаа дутагдлаас өөрийн
дадал ёсоор дүгнэлт хийж, 1932 оны
долдугаар сард бүх гишүүд
байгууллагад зориулан анхаарал
бичгийг гаргаж, МАХН-ын Төв
Хорооны гуравдугаар онц бүгд
хурлын шийдвэрийг тунхаглан
толилуулсан бөгөөд нам улсын
боловсон хүчний тоо цөөн онол улс
төрийн бэлтгэл сул байсан нь аливаа
алдаа завхралын нэгэн уурхай нь
байсан гэдгийг цохон тэмдэглэсэн
юм. Тэмдэглээд ч барахгүй уул
салбарын ажлыг цэгцлэн хөтлөх
талаар гүнээ анхаарч намын
сургуулийг өргөтгөн, нам ба улсын
төв сургууль болгож,багшлах хүчээр
бэхжүүлэх, сурагчдын
бүрэлдэхүүнийг сайжруулах зэрэг
олон талын арга хэмжээ авч байсан
үе билээ.
Сургуулийн нэрийг өөрчилсөн
боловч "Намын сургууль" гэдэг
нэрээрээ хэвшсэн, бүгдээр тэгж
ярьдаг байсан болохоор би ч гэсэн
тухайн үеийн өнгө зүсийг хадгалахын
тул аанай л тийнхүү нэрлэж явах нь
зүй биз.
Намын сургууль өөрийн ач
холбогдол, нэр сүрээр тухайн үедээ
хамгийн том сургууль байсныг
өгүүлэх юун.
1930-аад оны үед МАХН-ын Төв
Хорооны нарийн бичгийн дарга
агсан нөхөр Элдэв-Очир уул
сургуульд суралцаж байсан тул
намын сургуулийнхан ихэд
бахархаж "Элбэрэлт намын
удирдагч Элдэв-Очир тэргүүтэй..."
олон хүн тус сургуулийг төгссөн тухай
сургуулийнхаа дуунд оруулан
цууриатуулж байдаг байлаа.
Нэр бүхий сургууль МАХН-ын Төв
Хорооны шууд удирдлага
халамжийн дор байдаг. Төв
Хорооны гишүүд тэргүүлэгчид
байнга очиж, ажил явдлыг нь хянаж
шалгаж байдаг байсан юм. Улсын
бага хурлын дарга Амар, ерөнхий
сайд Гэндэн, бүх цэргийн жанжин
Дэмид зэрэг хүмүүсийг би анх
намын сургуулийн хашаан дотор л
үзсэн юмдаг. Тэр үед Намын Төв
Хорооны нарийн бичгийн дарга
байсан Лувсаншарав гэдэг ширвээ
хар сахалтай, ширүүн харцтай,
янхигар хөх хүн намын сургууль дээр
бас байн байн ирдэг байлаа. Яагаад
ч юм, багш сурагчид түүнээс их
айдаг, өөр хоорондоо "ширүүн хар
багш" гэж нэрлэдэг байж билээ.
Намын сургуулийн захирал Рэнцэн
гэдэг хүн байлаа. Гол ажил нь Мал
тариалангийн Яамны сайд учир
сургууль дээр хааяа нэг ирдэг, өдөр
тутмын ажлыг орлогч захирал
Баатарын Сэрээтэр гэж Завхан
аймгийн Түдэвтэй сумнаас гаралтай,
мухар толгойтой туранхайвтар бор
хүн эрхэлдэг байсан юм.
Ер нь намын сургуулийн захирлаар
миний мэдэхээс л дандаа төв
байгууллагын удирдах хүн
томилогдож байсан нь бас л уг
сургуулийн зиндаатай холбоо бүхий
хэрэг биз. Жишээлбэл, Сэрээтэр
гуайг Завхан аймгийн даргаар
томилогдсоны дараа зохиолч
М.Ядамсүрэн орлогч захирлаар,
үйлдвэрчний төв зөвлөлийн дарга
Элээ намын сургуулийн захирлаар
тохоон томилогдож байхыг би
мэдэх юм.
Ер нь 1933-1934 онд намын сургууль
нь зөвхөн сургах боловсруулах үүрэг
гүйцэтгээд зогсохгүй, тусгай бэлтгэл
сургууль байгуулагдах үеийг хүртэл
ЗХУ-ын дээд сургуульд явах оюутныг
бэлтгэх, ялангуяа Дорнодын
хөдөлмөрчдийн коммунист дээд
сургуульд (КУТВ) суралцах хүмүүсийг
бэлтгэх их ажлыг бас хийж байсан
байна. 1930-аад оны үеэс КУТВ-т
суралцаж байсан туркийн яруу
найрагч Назым Хикмет хожим нь
надад ярихдаа Элдэв-Очир, мөн
намын ахмад гишүүн, сэтгүүлч
Б.Банзрагч зэрэг хүмүүстэй цуг
суралцаж байснаа ярьж билээ. Мөн
тэр үеийн КУТВ-ийн тухай нэгэн
романдаа бичихдээ монгол оюутны
тухай оруулан бичсэн байдаг билээ.
Элдэв-Очир гуай ч гэсэн 1930-аад
оны дундуур хүнд өвчтэй, явах
хөдлөх чадвар мөхөс байсан ч гэсэн
1934 оны билүү 1935 оны билүү зун
Намын сургуулийн дэргэдэх довцог
дээр гэр майхан бариулж зусаж
байсан нь санаанд байдаг юм.
Бодвол, цагтаа сурч байсан
сургуулийнхаа дэргэд зусаж, орж
гарч байгаа хүмүүсээс сурлага
ажлынх нь сонин сонсч суух сэтгэлд
нь таатай байсан байлгүй. Ер нь их л
нэртэй, хүндтэй сургууль байсан юм
даа.
Уул сургууль нь монголын эцсийн
хаан ҮШ богд Жавзандамба хутагтын
Хайсдай хэмээх ордноо байрлаж
байсан юм. Манайхыг нүүж очиход
Туул голын наахан талд байгаа
цэцэрлэгт.том хашааны хойд биеэр
урт цагаан байшин-клуб, хичээлийн
байр, түүний баруун хажууд хөндлөн
нэг байшин-эрэгтэйчүүдийн байр,
чанх урд нь хятад маягийн нэг
байшин-эмэгтэй сурагчдын байр,
зүүн урд талд нь өндөр довжоотой
европ маягийн байшин, мөн гал
тогооны газар, агуулах зэрэг хэд
хэдэн байшин, хашааны гадна талд
европ маягийн хоёр давхар байшин,
хэдэн дан байшин байлаа.
Цэцэрлэгт нь улиас, нарс, монс зэрэг
мод тарьсан байж билээ. Одоо тэр
цэцэрлэгийг нэлээд тэлж нэмэрлэсэн
харагддаг юм. Тэнд хоёр хөөрхөн
сэхээвч байсансан. Хятад маягийн
хийцтэй модон сэхээвчийн дотор
тал нь шил тольтой байж билээ. Бас
цэцэрлэгийн хойд хэсэгт нь элээ
хооллож байсан өндөр цамхаг
байсан.
Түүнийг нураахыг би үзсэн юм. Тэр
жилийн намрын нэг орой хятад
ажилчид ирж, том гэр бариад, гал
өрдөж мантуу жигнэж, хоол хийж
байгаад наргицгаасан юмдаг. Өндөр
цамхгийн гуя мод, тулгуур шат,
довжоо дээр нь шар.улаан цаасан
дээр хятад үсгээр сараачин бичсэн
элдэв бичээс наагаад, цөмөөрөө тэр
өндөр цамхгийг тойрон зогсож түг
түгхийтэл мөргөж байсан нь
санаанаас гардаггүй юм. Маргааш
өглөө нь нурааж гарсан юм. Удсан ч
үгүй тэр хавьдаа хамгийн өндөр
сүндэрлэж байсан цамхаг ор сүүдэр
ч үгүй болж билээ.
Нураах өглөөнөө хятад ажилчид тэр
цамхаг дээр гарцгааж, энд тэндээс
нь олс дээс татаж, зарим хөндлөвч
зэргийг нь хөрөөдөн эхэлж байсан
юм. Нас бага, бие нам байсан
болоод тэр биз, тэр цамхаг
тэнгэрийн багана мэт харагдаж,
туйлын өндөр дээр язаганаж байгаа
хүмүүс доошоо нисч унамаар
харагдаж байсан юм. Одоо санахад
ганц би ч тэгж санаад өнгөрөөгүй
бололтой. Цамхаг нураахыг үзэх гэж
нэлээд зайдуу зогссон багш
сурагчдын дунд ч гэсэн
-Унах бий дээ
-Тэр яасан хамаагүй гүйдэг зангууд
вэ... золтой л ойчсонгүй гэх зэрэг
яриа үе үе дуулдаж байлаа. Тэгсэн
нь нэг сурагч барих нураах ажил
нэлээд сүрхий мэддэг бололтой.
-Зүгээр, эд нар чинь ийм юмнаас
ойчдоггүй улс гэж бусдыгаа
тайвшруулах янзтай хэлэв.
-Юу, ойчдоггүй гэж...эвгүй гишгэвэл
жаран хөлт ч халтирдаг байлгүй...
гэж нэг нь хэлэв.
-Гайгүй, ойчсон ч бэртдэггүй улс
байгаа юм.
-Юу? яагаад тэр билээ?
-Дэмий юм ярих юм...
Олон сурагч ингэж ам амандаа
шуугихад нөгөө мэдэмхий сурагч
хэнэг ч үгүй зогсож байснаа ийн
өгүүлрүүн:
-Хэрэв аль нэг ойчиход хүрвэл эд
нар чинь цөмөөрөө өрөөсөн
шаахайгаа сугалаад унасан нэгийгээ
нисч байх хооронд нь чулуудаж
онодог юм байхгүй юу,
-За тэгээд?
-Тэгээд яах вэ дээ, олон шаахайны
цохилтод унаж байгаа хүний
доошоо нисэх эрч нь буураад газар
зөөлөн унахгүй юу?
-Хэ цэс, шаахайгаар цохиод эрчийг
нь бууруулна гэдэг ч ёстой нөгөө эр
үхрийн сүүгээр элгэн тараг бүрнэ
гэгч байлгүй... гэж нэг нь хэлэхэд
бусад нь баясгалантайяа хөхрөлдөв.
Мэдэмхий сурагчийн нүүр нь улайж:
-Чи ч яах вэ энэ намрын сурагч...
түмэн бодисын хичээл үзээд
ирэхээрээ учрыг нь ойлгоноо, гайгүй
гэж хэлэв.
Энэ маргааныг цааш чагнах гэтэл
араас минь хүн угзарсан нь аав
байв.
-Чи энд юу хийж байгаа юм, харь,
харь... мод чулуунд дарагдаж үхэх нь
үү гээд намайг чирээд явчив. Тэгээд
би цамхгийг чухам яаж нураасныг ч
гүйцэд үзэж чадалгүй өнгөрч билээ.
Гэвч ардын хувьсгалын шуурга эрч
харилгүй салхилж, хуучин бүхнийг
нураан халж, шинэ улс, шинэ аж
ахуй, соёл үүсэн бий болж, түүний
дунд цоо шинэ хүн бүрэлдэн
тогтнож эхэлсэн 30-аад оны үеийн
уур амьсгалд ухамсрын хэрээр
амьдарч эхэлсэн цаг минь тэр билээ.
Хайсдай ордны цамхгийг нураасан
нь миний хувьд бол утга төгөлдөр
үзэгдэл болон өнгөрчээ. Хуучин
монголын сүүлчийн өндөр цамхаг
нурж хувьсгалт шинэ улс маань
гэрэлт цамхгийн суурийг тавьж
байсан үес өчүүхэн би борви
тэнийжээ.
3. Ушандар хан
Хамгийн анх миний сонссон зохиол
бол Ушаандар хан гэдэг тууж
байлаа.
Намын сургууль дээр нүүж очсоны
дараахан юм даг. Манайх хашааны
зүүн урд буланд байдаг өндөр
довжоотой байшингийн хойд хоёр
өрөөнд, урд хоёр өрөөнд нь
Ж.Дүгэрсүрэн багшийнх байв.
Ж.Дүгэрсүрэн гуай одоо геологийн
шинжлэх ухааны доктор ануухан
сайхан өвгөн бий. Манайхыг айл
байх үед хорь гарсан л залуу байсан
байлгүй. Манай аав л дөнгөж гуч
гарч явсан юм чинь. Тэдний хүү
Эрдэнэбилэг бага балчир хүүхэд
байжээ. Одоо бол надаас хоёрхон л
дүү байх. Дөч гарсан хүмүүс хоёр
насны байтугай тав зургаан насны
зөрөөтэй ч байсан бараг үл мэдэгдэх
боловч залуу хүмүүсийн нэг хоёр
насны зөрөө ил тод байдаг.
Тэгэхэд 5-6-тай хүүхэд, 3-4-тэй хүүхэд
хоёрын зөрөө бүр ч их байлгүй
яахав. Гэхдээ өвлийн хүйтэн цаг ээж,
аав гадагшаа гаргахгүй, хувцас хунар
ч төдий л тохиромжгүй тул бид хоёр
хэдэн өрөөгөө хэсэж тоглож л өдрийг
өнгөрөөнө. Эрдэнэбилэгийн эмээ
бид хоёртой л голцуу байх. Хоёр
эжий нийлээд хот руу явах,
сургуулийн ажилд оролцох туслах
зэргээр үе үе эзгүй байх.
Нэг өдөр манай аав ногоон даавуу
хавтастай, муутуу цаасан дээр
бийрээр бичсэн ном авчрав. Тэгээд
аав Дүгэрсүрэн багшийн эх, бид
гурвыг суулгаад уул номыг уншлаа.
Энэтхэг газрын нэгэн их хаган
хөвгүүн Ушаандар хан туйлын өглөгч
хүн байжээ. Тэр бээр хэн юу л гуйна
өгсөөр байгаад бүр эцэг хагану
"эрдэнийн цагаан зааныг" гуйлгачин
Бирманд өгснийг хаган эцэг мэдээд
ихэд хилэгнэн хүү юүгээ хэдэн
жилээр цөллөө. Гэтэл хан хөвгүүний
хатан Мандара-гоо хүү, охин
хоёрынхоо хамт эр нөхөртэйгөө цуг
явахаар шийдэв. Ийнхүү Ушаандар
хан нутаг уснаасаа гарч тэнүүчлэн
яваа боловч хэн л дайралдсан хүнд
гуйсан бүхний нь өгсөөр байгаад
унаа тэрэг ч үгүй явгарч идэх хоол
унд ч үгүй болж хатан хөвгүүдээ
өлсөхийн туйлд хүрэхүйеэ арга буюу
гуяныхаа махыг шарж өгөв.
Мандара-гоо "Амьд цагтаа амраг
чинийхээ хар цусыг бүү үзэсү, хайрт
биеийн чинь махыг бүү идэсү" гээд
идсэнгүй, харин хоёр хүүхэд нь
нялхын учир өгснийг нь идэж
орхижээ.
Ушаандар ханы хатан нэгэн өдөр
жимс түүж ирэхээр явсан ахуйд бас
нэгэн бирман ирж Ушаандар ханаас
хоёр хүүхдийг нь гуйгаад боол
болгон аваад явжээ. Хурмаст тэнгэр
тэр бүхнийг сонсоод үнэхээр тийм
өглөгч эсэхийг нь сорьж хатныг нь
хүртэл гуйхад өгөх гэж байсан гэнэ.
Түүний өглөгч нигүүлсэнгүйд итгэн
биширсэн Хурмаст хоёр хүүхдийг нь
бирманаас салгаж хаан эцэг эх хоёрт
нь худалдсан хүн болж өгчээ. Хаан
эцэг сэтгэл уяран хан хүүгээ эгүүлэн
дуудаж бүгдээр амар сайхан
жаргажээ.
Уул туужийн үйл явдал хэн хүнд
ойлгомжтой өрөвдөлтэй, хэл
найруулга уран болоод тэр биз ямар
ч гэсэн хүн болоод хамгийн түрүүн
бүхлээр нь ойлгосон зохиол минь
яахын ч аргагүй энэхүү тууж билээ.
Аав уул туужийг түргэхэн л унших
шиг болсон. Гэвч нартай эхэлсэн
зохиолыг уншиж гүйцэхэд гадаа
харанхуй болж байв. Гэрэл асаахад
ээж, Дүгэрсүрэн багшийн эх хоёр
нүдээ бүлцийтэл уйлсан харагдав.
Туужийн бараг эхний хуудаснаас
уйлж эхэлсэн улс хойно аргагүй биз.
Уншиж байгаа аавын хоолой ч үе үе
чичирхийлж, сонсож суусан би ч
гэсэн нулимсаа арчиж байсан юм
чинь. Том болж монголын утга
зохиолын түүх судалж байх үес
"уйлъя гэвэл Ушаандар, инээе гэвэл
ильданди" гэдэг эртний үг сонсоод
түүний үнэнд итгэсэн билээ.
Олон жилийн дараа эргээд санахад
тэрхүү тууж зөвхөн өрөвдөлтэй үйл
явдал эцэг, эх, үр хүүхдийн зовлонг
тоочсон төдийгөөр сэтгэлд хоногшин
үлдсэнгүй нь аавын уншихыг сонсож
суухдаа үгийн ид шидэд автан,
хүний яриа хэл, түүнийг тэмдэглэн
хадгалдаг бичиг үсэг уйлуулах,
инээлгэх увидастай байдгийг анх
удаа ойлгон авлаа. Тэгээд ч түрэгхэн
бичиг сурч гэрээр дүүрэн ном
судраас ингэж аав шиг дураараа авч
чөлөөтэй уншиж байхсан гэдэг хүсэл
төрж байлаа. Эхний хэсгийг
уншихдаа аав бичгийн хэлээр, хаан
хатны харилцан ярьсан үгийг
уншихдаа ярианы хэлээр хослуулан
уншиж байсан нь надад бүр ч их
сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Тэр
үед би үүнийг яахан ойлгох вэ. Гэвч
зарим үгийг аав миний хэлж
сурснаас өөрөөр дуудахад тэрхүү үгс
тэргүүтэн улам сүр жавхлантай
сонсдож байсныг ялгахтайгаа
байжээ.
Тэрний хүчинд ч "эрт урьд цагт
Энэтхэг-үүн газар аа Самандра нэртү
хагаан бүлгээ..." "Бас хоёр хүүхэд
ину иргээд ийн өгүүлрүүн..." гэх
мэтийн өгүүлбэрүүд санаанд үлджээ.
Уул зохиол бүхлээрээ биш ч гэсэн
зарим хэсэг нь аавыг уншин байх үес
нүднээ харагдаж, сэтгэлд хоногшин
одоо тэрхүү туужийг эргэн сөхөхөд
бага ахуй цагт нүднээ харагдаж
байсан бүхэн дахин тэр аяараа
үзэгдэж байх нь тун ч соньхон.
Нүдний өмнө үл байх зүйлийг үгээр
дүрслэн харагдуулж болдгийг би эн
тэргүүн ухамсарласан тэр мөчөө
алстаа бичиг зохиолд цаглашгүй
дуртай болохын хамгийн эхний мөч
байжээ гэж өнөөдөр талархалтайяа
дурсаму.
Аль хэдийн уншиж гүйцсэн гар
бичмэлийг аав цааш нь тавьсан
боловч тэр зохиолын тухай яриа
үргэлжилж, аав ээж хоёр
Амгаланбаатарт, "Ушаандар"
жүжгийг үзсэн тухайгаа ярив. Сүүл
сүүлдээ уул жүжигт гардаг олон
бирманы нэгэнд аав тоглодог
болжээ. Тэгээд Дүгэрсүрэн багшийн
эхэд сонирхуулж зарим дуунаас нь
дуулж өгөв.
Цэнхэрлэн харагдана
Цэцэг жимстэй уул юмаа
Чин зоригийг баривал
Цэнгэж болмоор уул байна...
гэж аав дуулав.
-Энэ дуу шийний дуу байсан юмуу
гэж Дүгэрсүрэн багшийн эх асуув.
-Тийм, тийм, сая яагаа вэ,
Ушаандарын хатан ууланд жимс
түүж явсан гэж гарлаа шүү дээ, яг тэр
хэсгийн өмнө өлсөж туйлдсан
Ушаандар хатантайгаа холын уулын
бараа хараад дуулдаг байсан юм.
Тэгээд хатан нь жимсэнд явдаг,
хойгуур нь бирман ирээд хоёр
хүүхдийг нь аваад явдаг байсан юм.
-Тийм бий даанч өрөвдмөөр дуу
байсан юм. Яах аргагүй л заяа
жаргал мөрөөдсөн хүний дуу даа гэж
Дүгэрсүрэн багшийн эхийг хэлэхэд,
-Тиймээ. Нацагдорж ч сайн зохиолч
шүү гэж аав хэлэв.
Амгалангийнхны тоглож байсан
"Ушаандар" гэдэг жүжгийг манай
шинэ үеийн ууган зохиолч
Д.Нацагдорж зохиосон юм байжээ.
Тэр үдэш би яг саяын бичсэнээрээ
ойлгоогүй, гэвч Нацагдорж гэдэг
нэрийг анх сонссон билээ.
4. Цэвэгжав багшийн шүлэг
Намын сургуулийн багш нар дундаас
хамгийн ахмад Цэвэгжав багш
байсан шиг санагдах юм. Хамгийн
эрдэмтэй нь бас л тэр хүн байлаа.
Хашааны гадаа талд хэдэн өмгөр
өрөөтэй байшинд суудаг байв. Эхнэр
Карма гуай сургуулийн бага эмч
хийдэг, өөрөө түмэн бодисын хичээл
заадаг, үүнд ургамал судлал, амьтан
судлал, хими, физик, анатоми цөм л
багтаж байж дээ. Тэдний том охин
Ишханд, хүү Пунцагноров хоёр орос
сургуульд явдаг байлаа. Дараахь
охин Эрдэнэчимэг нь надтай чацуу,
дүү Хасбаатар нь бага. Бид хэд
сургууль соёлын бараа харах арай
болоогүй байв. Бас манай улсын
анхны эмч агсан Сэржмядагийн охин
Карма тэднийд өсөж хүмүүжиж
байлаа.
Цэвэгжав багшийнх, багш сурагч нар
ямагт үймэлдэж байдаг хэзээний л
хүнтэй, олонтой айл байх. Би бас
тэднийхээс салахгүй санаатай.
Хүүхдүүдийн жижиг өрөөнд олон
сайхан ном байх. Цэвэгжав багш
завтай цагтаа биднийг суулгаад тэр
олон номноос уншиж ярьж өгдөг
байсан юм. Бас Карма гуай орос
маягийн хоол хийдэг, талх боов
барьдаг болохоор миний "саатдаг" ч
аргагүй биз. "Робинзон Крузо" гэдэг
нэрийг би анх Цэвэгжав багшаас
сонссон, "Котлет" гэдэг үгийг Карма
гуайн амнаас сонссон билээ.
Цэвэгжав багш дунд зэргийн
нуруутай, халимаггүй, харин бавгар
сахалтай хүн байж билээ. Тэр үеийн
буриад сэхээтний хэв шинжит дүр
төрх тийм ч байсан юм даг. Өвлийн
цагт үстэй дээл өмсөнө. Сахлаг үстэй
малгай чихийг нь буулган өмсөж,
том эрээн ороолтоор хүзүүгээ
орооно. Зун бол тавьдаг өмд, орос
шаахай, урт цагаан цамцтай явдаг
сан. Цамцаа "кавказ бүс" гэж тэр үед
нэрлэгдэж байсан олон унжлагатай
нарийн суран бүсээр даруулан
бүсэлдэг байв. Үг яриа нь цэцэн
цэлмэг, уран хошин, тэгээд ч
Цэвэгжав багшийн хичээлд сурагчид
их дуртай, хүүхэд бид ч яриагий нь
чагнах дуртай байлаа. Тэрнээс
гадна, ном зохиол их уншсан,
мэдэхгүй юм гэж бараг байхгүй хүн
байжээ. Өөрөө бас шүлэг зохиол
оролдоно.
Сургуулийн нэг үдэшлэг дээр
- Одоо өвгөн сурагч Хасбаатар шүлэг
уншина гэж зарлах сонсдов. "За
байз, Хасбаатар гэж ямар сурагч
байдаг билээ" гэж бодох хооронд
хөшиг нээгдэхэд тайзны голд тавьсан
сандал дээр Цэвэгжав багшийн бага
хүү Хасбаатар зогсож байв. Түүнийг
хармагц танхим дүүрэн инээд
болов.
Хөвч хангайн модон дотор
Хүр хүр гишгилж явтал урьдаас
Хөх чоно гарч ирээд
Хүүе чамайг иднэ гэв
Хүчит зэвсгээр зэвсэглэсэн
Хүний хүү шүү би гээд
Хөх чоныг алав гэж Хасбаатар
уншив. Энэ шүлэг бол Цэвэгжав
багшийн зохиосон шүлэг байлаа. Бас
түүний зохион найруулсан нэгэн
жүжгийг сурагчид тоглож байсныг би
санаж байна. Жүжгийн үйл явдлыг
мартжээ. Харин зарим сурагчид негр
болж нүүрээ хөөгөөд будаад, зарим
нь хөрөнгөтөн болж хатуу цаасаар
Цэвэгжав гуайн хийсэн хувин шиг
хар цилиндр малгай углаад багш
нарын орос хувцаснаас гуйж түүж
өмсөөд гарч байсан нь санаанд
байна. Тэгээд үйлдвэрчин олон ажил
хаяж, улаан туг барьж жагсаад,
тайзан дээр тэрийтэл тэрийтэл
өнхөрсөн "өдөн дэрэн гүзээтэй"
хөрөнгөтнүүдийн хажуугаар жагсан
өнгөрч байгаагаар уул жүжиг
төгсөхөд үзэгчид нижигнэтэл алга
ташин "дэлхийн хувьсгалын төв
коминтерн мандтугай!" гэж сүртэйеэ
хашгирч байсан нь одоо ч гэсэн
чихэнд сонсдон авай.
1933 оны зун Карма гуай
Эрдэнэчимэг бид хоёрыг хөтлөн
хааны ордонд зусаж байсан
Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт
аваачиж оруулав. Хааны ордны
давхар хашаанд гурван хэсэг
байранд манай цэцэрлэг байрлаж
байсан юм. Одоо тэр гурван
байранд цөмд нь музей байгаа.
Биднийг байрлаж байхад одоогийн
музейн үзмэр болсон хааны жууз
тэрэг, зарим эд хогшил, зураг хөрөг
дэл сул хэвтэж л байсан юм.
Ноднин Кубад явж байхдаа би тэр
цэцэрлэгээ эргэн саналаа. Эрх
чөлөөт арал дээр бас л хуучны ноёд
баядын орд шилтгээнийг хүүхэд
саатуулах газар, цэцэрлэг болгосон
байж билээ. Аливаа хувьсгал залуу
зандан байхдаа тусгайлсан байшин
барилга барьж тохижуултлаа ард
олны үр хүүхдэд аль өөдтэй орд
харшийг шилжүүлэн өгдөг ажээ.
Ардын хувьсгал нь Монголын ч байг,
Кубын ч байг-дарлагч ноёлогч нарыг
үлдэн хөөгөөд, зөвхөн жинхэнэ
ардын балчир үрсийг хамгийн
хэргэмтэй ямбатай давхарга
болгодог нь илэрхий. Энэ зүй тогтол
цааш цаашдын хувьсгал бүрт
хамаатай байх биз.
Тэр цэцэрлэгт Карма гуай, манай
ээж хоёрын хэн завтай нь
Эрдэнэчимэг бид хоёрыг хүргэж
өгдөг, орой нь угтан авдаг байлаа.
Хүүхэд төдий л олон байгаагүй.
Бодвол зуу орчим байсан болов уу.
Тэр үеийн хүүхдүүдээс сэтгүүлч
Э.Түмэнжаргал, Ж.Дэсээжалбуу
нарыг л би лав таньж байна. Бидний
байсан цэцэрлэг одоогийнхоос
онцын ялгаагүй. Цагийн хуваарь ч
адилхан. Багш хүмүүжүүлэгч нар нь
харин туршлага нимгэн байсан байж
болзошгүй. Гэвч тэр үед бид тийм
юм мэдэх ч биш, анхаарах ч биш.
Орой цэцэрлэгээс тараад гэртээ
ирэхдээ бүхэл бүтэн өдрийн сонин
гэж барагдахгүй яриатай ирнэ.
Цэвэгжав багш тэр сонинг яриулах
их дуртай. Дараа нь өөрөө элдвийн
сонин юм ярьж өгнө. Би түрүүн
дурсаад өнгөрсөн Робинзон
Крузогийн түүхийг Эрдэнэчимэг бид
хоёрт хэдэн удаа хэсэг хэсгээр нь
цувуулан ярьж өгсөн юм.
Би бүр санаж байна. Нэг орой
тэднийд ороход ширээн дээр хөх
хавтастай, зузаавтар ном байсан юм.
Олон зурагтай. Тэр зурагнуудыг
үзэхэд урьд өмнө бараагий нь
хараагүй усан онгоц, модхадтай
газар, шовгор малгайтай, арьсан
хүрэмтэй өвгөн, хар арьстай хүн
зэрэг сонин зураг их харагдаж байв.
Хүүхэд бид тэр номны зургийг ихэд
шохоорхон үзэж байгааг Цэвэгжав
багш мэдээд, зургий нь тайлбарлах
журмаар зохиолын үйл явдлаас
ярьж өгөв.
Маргааш нь би цэцэрлэгтээ очоод
хамт байдаг нөхдөдөө уул зохиолоос
юу тогтоосноо ярьж өглөө. Тэгээд
орой болгон Цэвэгжав багш тэр
номыг дуустал зохиолын үйл явдлаас
ярих, би тэрнийг тогтоож аваад
маргааш нь нөхдөдөө ярьдаг байв.
Мартсан хэсэг байвал санаанаасаа
зохиож, Робинзон, Баасан хоёрын
тулалдсан дээрэмчдийн тоо цөөн
санагдвал "шороо шиг олон",
"нүгэлтэй олон" болгоод ярьдаг
болов. Ингэж Цэвэгжав багшийн нэг
хоёр хүүхдэд ярьсан зүйл цаашаагаа
нэг хэсэг хүүхдийн хүртээл болдог
байлаа. Тэр бүхний дунд нэгэн
хэлхээ нь болж явснаа би бас
бахархан санах билээ.
Тэгтэл ч намар болж, Сүхбаатарын
цэцэрлэг хот руу, өвлийнхөө
байранд нүүх болов. Эрдэнэчимэг
бид хоёр гэр хол тул цэцэрлэгээс
гарлаа. Цэвэгжав багшийнд бүр
өдрийг өнгөрөөж үе үе яриагий нь
чагнах бөгөөд тэр бүхнийг цуг
тоглодог хүүхдүүд, гэр орныхон ч тэр
байтугай намын сургуулийн зарим
сурагчдад хүртэл дам ярьж
гайхуулдаг байлаа. Тэгэхдээ, яг
Цэвэгжав багшийн ярьснаар тэр
болгоныг тогтоохгүй, эвлүүлж хэлж
чадахгүй учир санаанаасаа "буудах"
явдал цөөнгүй тохиолдож байсан нь
юмыг өсгөн буюу хувирган бодох,
зохион сэтгэхийн анхны дасгал болж
өгсөн болов уу гэж бодох бүлгээ.
5. Бичиг сурсан минь
Намын сургуульд хэл бичгийн багш
байсан манай аав намайг үе үе
хичээлдээ дагуулан явдаг байв.
Хичээлд суух гэдэг бол миний хувьд
тийм ч хэцүү үүрэг биш бололтой.
Ээж аав хоёрын хэдэн өдрийн турш
надад сэнхрүүлэн тайлбарласнаар
миний гол үүрэг юу вэ гэвэл аавын
зааж өгсөн сандал дээр хөдөлгөөн
чимээгүй суух л байлаа. Тэгж суухаас
би бэрхшээдэггүй сэн. Уйдталаа
тоглосон дүүтэйгээ хоосон гэрт
түгжүүлж сууснаас элдвийн зураг
хөрөг хананд нь хадаастай ангид,
олны дунд сууж байх нь хол дээр
ажээ. Ангид ормогц ханан дээр
байгаа зураг чимгийг сонирхон
харна. Хойгуур өмнүүр суусан олон
танихгүй ах эгч нарыг ар өврөөс нь
сайн харж авна. Тэгсээр байтал
өөрийн эрхгүй уйдаад, бие чилээд
ирнэ дээ. Босмоор, гүймээр
санагдана. Аав, ээж хоёрын олон
хоногийн өмнөөс сануулсан бүхэн
санаанд орж нэг хэсэгтээ нам гүм
суухад хүрнэ. Дараа нь яах учраа
олохгүй цонхоор харваас сургуулийн
том хашаа эзгүй, энд тэндгүй
бужигнаж байдаг олон сурагчид цөм
хичээлдээ оржээ. Уг нь эндхийн
сурагчид дандаа том улс боловч
үймээд шуугиад ирэхээр хүүхэд
биднээс онцын ялгарах юмгүй
харагддагсан.
Сурагчдын байр, гуанз, агуулах зэрэг
хэдэн байшингийн дунд талын
цасанд дарагдсан энэхүү талбайг
хичнээхэн ширтэх билээ. Цас чахрах
чимээ гарч, усны тэрэг гуанз чиглэн
ирж яваа харагдав. Усчингийн том
хээр морь, тэргэн дээрх модон
торхыг нь баахан ажиглав. Холоос
харахад, Жаамаа усчин, хээр морь
хоёр хоорондоо ярьж яваа юм шиг
харагдана. Хэн хэний нь амнаас уур
савсаад, морь нь толгой хаялан ямар
нэгэн юманд түүртэн үглэн явах
шиг... Энэ дэвтэрт хэвлэгдэж байгаа
"Монгол домог" туужийн гол
баатрын дүрийг бүтээхдэ би Жаамаа
өвгөнөөс төрж байсан сэтгэгдэл
тэргүүтнээс үндэслэн авсан зүйл их
бий гэдгийг цухас тэмдэглэе.
Өөр харахаар онцын юм байдаггүй.
Биений чилээ гаргах гэж сандлаа
хойш урагш хөдөлгөж үзэв. Сандал ч
дуугарлаа. Аав ч над руу харлаа.
Болдоггүй юм хийчихсэн бололтой.
Тэгсэн нь миний урд сууж байсан нэг
хүн бусдын адил дэвтэртээ юм
бичихгүй жижигхэн цаас имрэн суух
нь харагдав. Би цаас яаж имэрдгийг
сонирхлоо. Гэтэл тэр хүн имэрсэн
цаасаа хуруугаараа чимхэн бариад,
урдаа сууж байгаа нэг эмэгтэй
сурагчийн чих рүү тэр гараа
явууллаа. Яах нь юм бол гэж харах
гэтэл тэр эмэгтэй гэнэтхэн эргээд
имэрсэн цаас барьсан гар руу нь
цохиод авав. Нүүрээ хачин
үрчийлгээд хэлээ нэг цухуйлгаснаа
тэр дорхиноо цаашаа хараад хуучин
хэвээрээ суув. Энэ явдлыг хэн ч
харсангүй, би л харав. Тэгээд ч инээд
алдав. Намайг дагаад бүх хүмүүс
инээлээ. Яагаад тэгснийг би тэр үед
ойлголгүй их л гайхсан юм даг. Одоо
бодоход, хичээл дээр уйддаггүй
сурагч хаа байлаа. Шалтаг гарахтай
зэрэг нэг сайн инээж, чилээгээ
гаргаж авсан юм байлгүй.
Тэгсэн нь аав тэдэн рүү биш, над руу
муухай харлаа. Би дахиад л биеэ
барин бутны ёроолд хярсан бүжин
шиг суув. Ангид дахин анир
чимээгүй болж, сурагчдын үзэг
цаасан дээр хяхатнахаас өөр чимээ
бараг үгүй болов. Гэтэл ашгүй
цонхны цаахна хэдэн шаазгай ирж,
цасан дээр суулаа. Хойш урагшаа
тогдогонон гүйж, нисэн суун
шогширч байснаа, юунаас үргэснийг
бүү мэд, дэрхийн нисээд алга болов.
Сүүлдээ би тэр хэдэн шаазгайг
зүсээр нь таньдаг болсон юм. Тэр
сургуулийнхан хичээлдээ нэгэн цагт
зэрэг цугларан ирээд тардаг шиг тэр
хэдэн шаазгай бас л тогтмол цагт
ирж хэсэг шагшин шагшран байснаа
удалгүй нисэн одно. Нарийн ажаад
байхаар шаазгай зүгээр л нэг
тогдогноод байдаггүй юм байна лээ.
Хэдэн шаазгай заримдаа их хөгжил
баяртай ирцгээнэ. Шагшраад л дээр
дээр дэгдэж буугаад л андашгүй.
Зарим өдөр ууртай гунигтай
харагдана. Тийм үедээ ширүүн
ширүүн тагшин дуугарч, ёлтгор нүд
нь сүртэй бүлтэлзэж, хөдлөх янзгүй
сууцгааснаа ийш тийш дүүлэн алга
болно. Баяртай байхдаа олон
шаазгай нэг тийшээ зэрэг нисдэг
байлаа. Ууртай байхдаа шаазгай
дуртай дуртай зүг рүүгээ салан
нисдэг байлаа. Шаазгайнууд ууртай
байхдаа хэрэлдсэн улсыг
санагдуулна.
Тэр хэдэн шаазгайны дотор урт
хошуутай, палигар хар савартай
дээрэлхүү байрын нэг шаазгай
байдаг сан. Би "Яравгар Самбуу" гэж
түүнийг нэрлэдэг байв. Тэгж
нэрлэдэг минь бас учиртай байсан
юм. Манайхыг Маймаа хотод
байхад Самбуу гэдэг хүн байлаа.
Ярвагар зарвагар нь ч юу юм.
Бароны цэрэгт явж байсан хүн гэж
ярилцдаг байсан юм. Тэгээд ч тэр
юмуу, жаахан царай муутай
болохоор нь ч тэр юмуу, ямар ч
гэсэн хотынхон ярвагар гэж
хочилдог байлаа.
Тэр хүн манай ээж, аавыг сайн
таньдаг, орж гардаг хүн байжээ. Нэг
гэм нь би хар нялхын тэр хүнээс
байдаг, орж ирэхээр нь нуугддаг,
бишүүрхдэг, улаан халз тулгарвал
уйлдаг ч байсан юм байх. Намайг
нэлээд том болтол жаахан л
зүггүйтвэл "ярвагар Самбуу ирлээ
шүү" гэж айлгадаг байж билээ.
Тэгээд тэр хүн нэг хэсэгтээ миний
санаанд энэ хорвоогийн хамгийн
аймаар, муу муухай юмны дүр болж
байсныг одоо санахад инээд хүрэх
юм. Хөөрхий надад гэмгүй, бодвол
сайн л хүн байсан байлгүй. Намайг
айж тэвдэхийг хараад өхөөрдөж,
нүүр амаа үрчийлгэн улам ч муухай
болгож тоглодог л байсан биз.
Нэг өдөр хэдэн шаазгай маань ирээд
овоо эв зүйтэй наадаж байсан нь
нөгөө "ярвагар Самбуу" гэдэг
шаазгай маань юундаа ч уурласан
юм бусдыгаа шоглоод тун болдоггүй
шүү. Би хэрдээ нэлээд уур хүрч суув.
Гэтэл ямар нэгэн эсэргүүцэлгүй
болохоор "ярвагар Самбуу" бүр
давраад хамгийнхаа бага, өхөөрдөм
хөөрхөн шаазгайг хэд тоншоод,
хүзүү толгойноос нь байн байн
зулгааж орилуулаад уналаа. Тэгснээ
нэлээд сайн зулгаагаад авах шиг
боллоо. Жижиг шаазгай бараг хүн
шиг "ёо ёо" гэж чарлав бололтой
шүү.
Самбар дээр юм бичиж байсан аав
гайхаж, над руу нэг сүрхий хараад,
-Хөөе чи хайчих нь вэ? гэж асуулаа.
-Ярвагар Самбуу.. гээд өөр юм хэлж
ч амжсангүй гүйгээд гарав. Үүдний
нарийн гудамжны хаалга цэлсхийтэл
нээгээд гартал хаалга чанга дуугарч
өнөө хэдэн шаазгай дэрхийн нисээд
алга болов.
Миний араас аав гүйн гарч ирээд:
-Миний хүү, юу болов? юуны чинь
ярвагар Самбуу... Амгалан дээр
байгаа шүү дээ, хаанаас энд ирдэг
юм... гэж намайг аргадаж гарлаа.
Би учрыг тайлсангүй, саяын хэдэн
шаазгайны тухай ярилтай биш. Тийм
юмыг томчуул ойлгодоггүй юм
гэдгийг би гадарлаж байсан билээ.
Дуугүй л аавд хөтлөгдөн буцаад анги
руу орлоо.
Орой гэртээ харьсан хойно аавыг
загнах болов уу гэсэн нь тэгсэнгүй.
Харин миний өдрийн явдлыг ээжид
ярьж байгаа нь нойрон дунд бүдэг
бадаг сонсдов.
-Хүүхдийг айлгах ер нь дэмий юм
байна. Би ч өнөөдөр өөрөө айчихлаа
шүү. Муу хүү минь шөнө хар дарж
зүүдлэх бий дээ гэж аав хэлж байх
нь дуулдаж байсан юм.
Тэр шөнө би үнэхээр яравгар
Самбууг зүүдэлсэн юм. Гэхдээ хүн
биш, шаазгайг. Би тэр шаазгайг
барьчихсан байх юм. Тэгээд хоёр
гартаа атгаад үе үе базаж "Чи
дахиад тэр жижгийгээ зодох уу" гэж
ирээд л байцааж байх юм. "Ярвагар
Самбуу" шигтгээ алаг нүдээ
хорсолтойгоор эргэлдүүлэн "Үгүй,
үгүй яасан ч тэгэхгүй" гэж хариулж
байх юм. Би тэгэхлээр нь тэрнийг
дахиж тэгвэл дээ чамайг гээд
тавихад "тэгнэ дээ, тэгнэ дээ" гэж
шагшраад нисээд явчихаж байх юм.
Аяа, багын бодолгүй, зовлонгүй
олон зүүд одоо хаа байдаг бол доо.
Зүүд битгий хэл, бага балчир үеийн
олон бодитой юм сэтгэл зүрхэнд ойр
дотно юм, ой тойнд хадаас мэт
хадагдаж үлдсэн олон сайхан юм
гэнэн хонгор зүүд шиг замхран
арилжээ. Амьдрал, зүүд хоёрын
ялгаа бага байсан тэр цагаас сэтгэлд
мэр сэрхэн дуртгал л үлдээ шив дээ.
Гэвч би хичээл дээр үргэлж бусдыг
ажаад юмуу цонхоор хараад
суудаггүй байлаа.
30-аад оны үед нам ба улсын төв
сургууль эл улсынхаа дотор хамгийн
том, чухал сургууль нь байжээ. Ер нь
зиндаагаа алдаагүй л яваа юм.
Хожим нь Шинэ хүчний дээд
сургууль гэж байхдаа ч, Намын
боловсон хүчний дээд сургууль гэж
байхдаа ч алдаагүй. Одоо намын
дээд сургууль гэдэг маань манай
ахмад дээд сургуулийн нэг нь
болоод байна.
Манайхыг анх нүүж очсон тэр үед
сурахаар ирж байсан охид,
хөвгүүдийн дотор бичиг үсэг бага
мэддэг буюу ер мэддэггүй улс
цөөнгүй тохиолддог байсан юм.
Голцуу хөдөө орон нутгийн
идэвхтнүүд, үнэхээрийн ядуу ардын
үр сад ирж суралцдаг байжээ.
Тэдний ихэнх нь аманцар хэлэмгий,
ажилсаг хичээнгүй, тэр үеийн
хэллэгээр ёстой "гал улаан"
хувьсгалч нар байсан юм. Илтгэл
тавих, үг хэлэхдээ их сүрхий дээ.
Хэрэв тэгэх боломж гарах юм бол
эзэн Чингисийн үеийн монгол улсын
байдал, манж хятадын дарлал
шарын шашны бурангуй суртал,
гадаадын "капитаалын" өнгөлзлөгөөс
оруулж байгаад, барууны нугалаа,
зүүний хэлбэрлийг дэлгэрэнгүй
шүүмжлээд, шинэ эргэлтийн
бодлогыг дэс дараалан тайлбарлаад
сална ч гэж байхгүй дээ. Тэр үеийн
нам, улсын идэвхтэнг эргэн санахад,
тэд нарын бичгийн боловсрол
нимгэн байсан болоод ч тэр юм уу,
эсвэл харж хуулах ном, сонин цөөн
байсан болоод тэр юмуу үгүйсгүүл
цаг үе нь түгшүүртэй давчуу тэвдүү
байсан болоод ч тэр үү, ном бичгээс
ишлэл татаж, бичиж бясалгасан юм
өндөр дуугаар дуудах дургүй, ой
сайтай цээж зузаантай, цэцэн цэлмэг
илтгэгч нар элбэг байсан шиг
санагддаг юм.
Аавын заах хичээл, анги ангид
адилгүй. Заримд нь бичиг үсэг эхнээс
нь заана. Заримд нь давтан үзнэ.
Зарим ангийнхан бичиг үсэгт нэгэнт
боловсорсон учир ном зохиол
унших, тайлбарлах зохиох, бичих
найруулан засах дасгалыг хийнэ.
Аав хичээл заах зуураа надад хааяа
харандаа цаас өгнө. Хүүхэд юм
оролдоод суувал арай дээр
байдгийг хэн ч мэднэ. Тэгээд ч тэгдэг
байсан байлгүй. Би цаасан дээр юм
зурна. Аавын самбар дээр бичиж
байгаа үсэг, үе, үгийг дуурайлган
зурна. Бичнэ гэж ярих болоогүй
дөнгөж л дуурайлган зурж байсан үе
шүү дээ. Ингэж ч бас цагийг
нөхцөөдөг байлаа.
Тэгж байтал 1934 оны хавар
долоотой байхдаа би гэнэт их
халуурав. Яггүй өвчин туссан
бололтой, олон хоног хэвтлээ. Чухам
ямар өвчинг бүү мэд бодвол
хүүхдийн "нормын хэдийн" нэг
байсан биз. Өвчин иларь болж
байсан үеэс би орчин тойрноо
мэдэж эхэлсэн болохоос хүнд байх
үеийг төдий л санахгүй билээ.
Намайг намын сургуулийн узбек
(тэгэхэд чантуу гэж ярьдаг байсан
даа) доктор өглөө болгон шахуу ирж
үздэг байлаа. Тэр узбекийн овгийг
Рахматов гэдэг байлуу, мартжээ.
Сахалтай боловч залуу хүн байсан
юм даг. Эхнэр нь бол бага залуу,
зангаар бол бүр ч хүүхдээрээ хүн.
Цэвэгжав багшийн том охин
Ишхандтай үерхдэг байлаа. Ишханд
тэгэхэд хотын орос сургуулийн 6-7
дугаар ангид л явж байсан байх.
Одоо их эмч, багш, анагаах ухааны
дэд эрдэмтэн болчхоод явна. Узбек
докторын эхнэр нь Ишхандтай
үргэлж нийлдэг, тоглодог байж
билээ. Бодвол, нутаг орноо их
санадаг, гиюүрдэг байсан байлгүй.
Ямар сайндаа л хүүхэдтэй үерхэж
байв гэж дээ.
Узбек доктор, түүний хэлмэрч
сувилагч Карма гуай (Цэвэгжав
багшийн гэргий) хоёр намайг эдгээх
гэж олон хоног эмнэж, сахиж
байсныг би сүүлд нь дуулсан юм.
Зүйл бүрийн гашуун эмний
хажуугаар Карма гуай надад
чихэртэй хуурай жимс чанаж өгдөг
байлаа. Тэр л ёстой санаанд нийцсэн
таатай ганц эм байсан билээ.
Гэвч гашуун нясуун эм зөвхөн узбек
докторынхоор хязгаарлагдахгүй
байсан юм. Үдээс хойш аавыг
хичээлтэй цагаар манайд нэгэн лам
ирж судсыг минь барьж үзээд
ширхэг тун уулгадаг байв. Хөгшин
ээжийн сүжиглэдэг тэр ламыг
Сандуйжав гэдэг байсан юм. Лам
гуайн эмийг ч ууна. Узбек
докторынхыг ч ууна. Дуртай юм
гэвэл Карма гуайн чансан жимсний
шүүс, лам гуайн заавраар гурилыг нь
хайрч хэрчсэн хонины махан шөл
хоёр л байлаа.
Ингэж тэгсээр байтал би бүүр
эдгэлээ. Хоёр талын эм уугаад л
байсан, чухам аль нь биенд илүү
нөлөөлснийг бүү мэд, ямар ч гэсэн
би эдгэж, намайг эдгэсэнд доктор
Карма гуай хоёр баярлаж ээжий,
хөгшин ээж хоёрын өгсөн барьц
харамжинд Сундуйжав гуай
баярлав. Энэ яриаг үүгээр дуусгаж
болох байсан боловч зөвхөн үүнийг
ярихын төлөө би эхэлсэн юм биш ээ.
Бие гайгүй байсан боловч, ихэд
тамирдсан тул босох болоогүй чадах
ч үгүй байлаа. Хаврын наран ханын
толгой дээр тусаж, гадаа тоглож
байсан хүүхдүүдийн дуу шуу
сонсдож сэтгэл үймээд, орон дотроо
тэсэн хэвтэхэд бэрхтэй л байлаа.
Өдрийн уртад гэр голцуу эзгүй, аав
хичээлтэй, ээж хоршоо дэлгүүр гээд
хот руу явчихна. Бага дүү нарыг айл
хунарт захиад орхино. Ганцаар
үлдсэн би унтавч өдөр барагдахгүй,
уйдахын ихээр уйдна.
Нэгэн тийм өдөр хоолны намхан
ширээн дээр байсан ном нүдэнд
тусав. Зурагтай болов уу гээд авч
үзлээ. Ашгүй нэлээд зурагтай ном
байв. Зургийг сонирхон үзтэл.учрыг
нь олмоор санагдав. Тайлбарлаж
өгдөг аав хажууд байсангүй. Зургийн
дор хэдэн мөр тайлбар байв. Хий л
түүнийг харж байтал уншигдаж байх
юм. Бүр үсэг үсгээрээ танигдаад, үг ч
болоод байх шиг. Чанга дуугаар
хэлж үзсэн нь мэддэг ярьдаг үг болж
байх юм... Номыг авч үзвээс нэг ч
биш, хоёр ном байв. Гарчиг нь
"Сургуулийн хүүхдийн сонирхон
унших сургаал бичиг" гэж байх юм.
Эрдэнэбат гэдэг хүн зохиосон ном
байлаа.
Уул номыг би уншиж үзэв. Их сайхан
гаргагдаж, дотор нь байгаа үлгэр
сургаалын ойлгомжтой яруу гэдэг нь
юүхэв. Тийнхүү би хэдийд юм, өөрөө
тэрнийгээ мэдэхгүй бичиг үсэгтэй
болчихсоноо ойлгож авсан билээ.
Ухаантай туулай арсланг алсан
үлгэр, муур багш, худгийн мэлхий,
хуурамч хөх үнэг, зохилдсон дөрвөн
амьтны үлгэр тэргүүтэнг анх удаа
уншиж уран үг, утга гүний увидаст
бүрнээ шилжсэн бүлгээ.
6. Намын сургуулийнхан
Намын сургуулийн сурагчид монгол
нутгийн олон газрын, олон аавын
хүүхэд байсан юм. Тэр үед аймаг
сумдын холбоо хэлхээ одоотой
адилгүй хэл яриа, дадал заншлын
зөрөө их байжээ. Зарим сурагчдын
нэр хүртэл инээдтэй. Төмөр-Ухана
гэж нэртэй сурагч байсан юм. Эмээл
ч гэж байсан. Тэр хоёр хичээлдээ
жаахан тааруу. Бүх сурагчдын нэг
хурал дээр орлогч захирал илтгэхдээ
хэрэв энэ хоёр сурагч дүнгээ
засахгүй юм бол, бас иймэрхүү
сурлагатай улс нэмж гарах юм бол
тийм хүмүүсийг
-Төмөр-Ухана дээр эмээл тохож
мордуулаад аймаг сум руу нь
буцаана шүү гэж шогоор шүүмжилж
байсан удаа бий. Харин жич хэлэхэд
тэгэх хэрэг гараагүй, хэн хэн нь
сургуулиа төгсгөж билээ.
Боловсролын талаар ч тэр үеийн
сурагчид жигдгүй байсан юм. Нам
улст хэдэн жил ажиллачихсан
туршлага-тай, мэдлэгтэй сурагчид ч
байсан. Хөдөө орон нутгаас юм
суръя гэж зүтгэж ирсэн гэнэн хонгор
улс ч байсан. Намын сургуулийн хар
бор ажил хийдэг аж ахуйн ажилчид,
гуталчин тэрэгчин нараас ч сургуульд
орж суралцдаг байлаа.
Дамчаа гэж сурагч байсан. Тэр бол
намын сургуулийн хар ажилчин
байгаад сурагч нь болсон хүн.
Түүнийг сурч байхад гэргий Бавуу нь
сургуулийн цэвэрлэгчийн ажил
хийдэг байлаа. Гомбосүрэн гэж нэг
хүүтэй. Сургуульд орсон хойноо ч
Дамчаа гуай байранд биш, хашааны
зүүн хойт өнцөгт барьсан гэртээ
суудаг байлаа.
-Энэ Дамчаа байранд орохгүй яасан
задарсан сурагч вэ? гэж зарим нь
тоглон хэлэхэд Дамчаа гуай пинтүү
халимгаа илэн инээж,
-Намын сургуулийн албан хаагчдын
ар гэр юм чинь, арга байж уу! гэж
хариулдаг байсан юм.
Сургуулийн гуталчин Шаравдорж
1935 онд сурагч болоод 1937 онд
хугацаанаас өмнө төгсч билээ. Тэр
үед цэргийн нэлээд дарга нар улс
төрийн хэрэгт хилсээр хэлмэгдэж
удирдах дарга нар дутагдсан тул
намын сургуулиас хэсэг хүн цэрэгт
шилжүүлсэн юм. Тэгэхэд жил
гаруйхны өмнө гуталчин байсан
Шаравдорж гуай алтан "шоргоолж"
зүүж, цэргийн дээд тушаалтны шар
эмжээртэй хувцас өмсөөд нисэх
бригадын комиссар болж байсан
юм.
Түүгээр ч үл барам, 1934 оны үеэс
хилийн чанадаас хэсэг чантуу ирж
суралцаж байсан юм. Тэд нар
сургуулийн цэцэрлэгт хивс дэвсэж
завилан суугаад эрээн гүцтэй цай
ууж байгаа нь олонтаа харагддаг
байлаа. Нэг л өдөр ирсэн, нэг л өдөр
үзэгдэхээ байсан.
Шинэ сурагчид гэж намар ихэнхдээ
хөдөөний идэвхтэн ирдэг тул зарим
нь эхлээд тун бүрэгдүү байдаг сан.
Архангайгаас ирсэн Байдий гэдэг хүн
тээхийн машинаас буугаад намын
сургуулийг хүнээр заалгаж хашааны
гадаа очсон хэр нь энд тэндгүй
бужигнаж байгаа гоё цэвэрхэн
хувцасласан сурагчдыг хашааны
завсраар харж, тэднийг бодоход
уранхай дээлтэй, туранхай царайтай
яваадаа ичингүйрэн бэрэвшээж
хэнээс юу гэж асуухаа мэдэхгүй
сургуулийн наадах жалганд хоёр
өдөр шөнийг өнгөрөөж байжээ.
Тэгээд өлсөх цангахын эрхэнд
сургуулийн хашааны гадаа байгаа
хоёр давхар байшинд ороод нэг
айлын үүд татсан нь яг манайх
таарчээ.
Аав тэр хоёр юу гэж ярьж.яаж учраа
ололцсон юм бол? Ямар ч л гэсэн
тэр бүтэн сайн өдөр биднуус голын
музей үзэх байсан, тэр хөдөөний
залуу бидэнтэй цуг явж музей үзлээ.
Аав гэртээ ирээд, түүнийг дагуулан
явж байранд оруулж өгсөн юм.
Байдий дараа нь манайханд их
дасаж, үргэлж орж гарч байдаг байв.
Танилцаж дассан хойноо түүний
ярьсан нь:
-Тэр өдөр би их айж явсан шүү.
Хөдөө байхдаа хот газар хулгайч
луйварчин байдаг гэж дуулсан,
тэгээд хаана аваачаад цохичих бол
доо гэж бодож явсан гэж ярьж
билээ.
Гучаад оны үеэр хулгай зэлгий элбэг
байсан нь үнэн байх, хөрөнгөө
хураалгасан ноёд баядын танхай
хүүхдүүд хамтрал коммун гэж улс
амьтан үймж, нийгмийн хийгээд
сангийн мал хөрөнгө хариуцаж
байсан хүмүүсийн анхаарал муу,
туршлага багатайг далимдуулж
хулгайлах бүрэлгэх явдал дэвэрсэн
ажээ. Хулгайн мал хот суурин газрын
зах зээл дээр хуримталж, ашиг
харсан залихай этгээд завшин
даварч, луйвар, панз нэг хэсэг газар
авч байжээ. Тэр үеэр "Шөнийн буг",
"Цоожтой хаалганы цаана" зэрэг
жүжиг гарч иймэрхүү байдлыг зохих
ёсоор шүүмжлэн эсэргүүцэж, улс
олон нийтийн байгууллага ч
тодорхой тэмцэл өрнүүлсэн юм,
дийлсэн ч юм.
Байдий ч яахав бүргийн дээд
бүргийн жишээ болсон биз. Гэвч
хэдэн сар сураад хот газрын аж
байдал, заншил ёсонд дасаад эрдэм
ном сурч, олны дотор амьдраад
ирэхээрээ хөдөөнөөс ирсэн сурагчид
дорхноо өөр болдогсон. Эхний
долоо хоногт хувцсаа солиод авна,
дараах долоо хоногт мод толгойгоо
хаяж ороодог тамхинд орно, тэрний
дараагаар долоо хоногоос хичээл
номоо ярилцан маргадаг болно. Зав
чөлөө олдвол хот руу явж дасч
гудамж талбайд төөрөхөө болино.
Хамгийн гол нь эрдэм номтой болж
эхэлнэ дээ. Намын сургууль тэр
талаар шаардлага хатуутай.
Сурагчдыг аж ахуйн ажилд ч сургана.
Идэшний мал нядлах, мод цэцэг
тарих, түлээ мод бэлтгэх бүх ажилд
сурагчид оролцдогоор барахгүй, хот
орны хэмжээний ажилд ч их
оролцоно.
1934 оны хавар Аж үйлдвэрийн
комбинат ашиглалтад орох гэж
бэлтгэж байхад багш, сурагчид
тогтмол очиж, барилга байгуулалт,
угсралтын ажилд оролцдог байсан
юм.
Аж үйлдвэрийн комбинатын
нээлтийн цуглаанд намын
сургуулийнхан бүрэн очсон. Багш
нарын авгай хүүхэд хүртэл явсан, туг
далбаа бариад, цөмөөрөө энгэр
дээрээ улаан тууз зангидан хадаад
очсон. Цог золбоотой тэр үйл
явдлын тухай С.Буяннэмэхийн
найруулал буй тул энд нуршсангүй.
Өглөө болгон үйлдвэрийн яндан
хангинаж, Туулын хөндийг нийтэд нь
хамран цууриалах нь улс гэрийн
минь амьдралд үзэгдээгүй шинэ
зүйл боллоо. Намын сургууль ойрхон
байсан болоод ч тэр биз, хотын
шуугиан үймээн ч бага байсан биз.
Комбинатын яндан биш, Богд уул
тэр аяараа хүнгэнэн дуугарч байх
шиг санагддаг байж билээ.
-Энэ яндан гэдэг чинь уул хад
дамжиж цууриатахад арван гурван
аймгийн алинд нь ч дуулддаг юм
гэнэ гэж үзээгүйн харгаагаар сүрдэн
бахардсан улс дуулиантай яриа
дэгдээж байлаа.
Хотын хөдөлмөрчдийн дотор
явуулах суртал ухуулгын ажлын
хувьд ярихын ч хэрэггүй биз. Дайчин
хурц ухуулагч илтгэгч нар багш
сурагчдын дунд цөөнгүй байсан юм.
Намын сургуулийн сурагчдын хэнтэй
нь ч билээ уулзах гээд зүүн Хүрээний
лам нэг сургууль дээр очдог юмаа.
Тэр үед лам нарын дунд ухуулан
сэнхрүүлэх ажлыг өргөн хэмжээгээр
өрнүүлэн, доод ангийн лам нар,
шашны урхинд орсон залуучуудыг
хар болгох кампани өрнөж байсан
цагсан. Тэр ч байтугай, төвд үсгээр
монгол дээр лам нарт зориулсан
сэтгүүлч гаргаж байсан юмдаг.
Мөнөөхөн лам, дүүгээ сурагласаар
сургуулийн хашаа руу ороод иржээ.
Намын сургуулийн хашаан дотор
улаан орхимжтой, овоодой
малгайтай лам хүн явж байх хэн
хүний нүдэнд хачин харагдсан
байлгүй. Тэгээд тэр ламыг сурагчид
тойрч, ах дүү хоёрыг ч хооронд нь
яриулахгүй байв. Хэн нь ч юм зад
сэнхрүүлээд хар болгох санал
гаргалаа.
Санаандгүй явсан ламд шашны хор
нөлөөний тухай баахан ярьцгаалаа.
Яриа явсаар байгаад маргаан болж
хувирлаа. Лам гуай тийм ч хижээл
биш, сурагчидтай бараг үеийн хүн
байсан болоод дуртайяа маргаж
гарав. Олон юман дээр маргалаа.
Дэлхий бөөрөнхий юу, хавтгай юу
гэдгээс аваад байгаль, дэлхий, хүн
хүртэл юугаар бүтсэн бэ гэдэг
асуудлаар ч маргацгаалаа.
Очирхүү гэдэг хэл ам нь
гүйцэгддэггүй, хурц сэргэлэн сурагч
-Тэгж ярих юм бол хүний цусанд
хэдэн хадаас хийж хүрэхээр төмөр
байдаг юм гэх нь сонсдов.
Лам гуай инээж байна гэж юүхэв.
-Төмөр гэнэ шүү!... гээд овоодойгоо
авч, толгойгоо илж хөхөрч байв.
Толгойгоо илэх нь сонин, халимаггүй
улс үсээ ар тийш нь болгон илдэг
ажээ. Харин тэр лам халимаггүй
болоод тэр юмуу дагзнаасаа дух
руугаа алгаа буулган илж байв. Тэр
нь хүртэл надад сонин харагдаж
байлаа. Нүд нь гялтганаж хариугүй
нулимс нь гарч ирэхээр байв.
Сурагчид тэр ламыг түмэн бодисын
өрөөнд оруулж илбэ үзүүлэв.
Очирхүү ханцуйгаа шамлаад гартаа
нэг юм түрхээд хутга аваад зүссэн нь
цус гараад ирэв. Ламын нүд
бүлтийж,
-Лам гончигсүм минь, яаж байгаа
чинь энэ вэ гэж дуу алдав.
Очирхүү хөвөн авч зурсан газраа
арчвал эсгэсэн зүссэн газар нь сорви
ч үгүй байв.
-Та нар иймэрхүү аргаар дөвчигнөж,
чойжин бөө гэж, ард олныг
мунхруулдаг шүү дээ. Хэлээ огтоллоо
л гэдэг, гэдсээ хүү татлаа л гэдэг...
ийм л аргаар шүү дээ гэж Очирхүү
ламд хэлэв. Лам гуай толгой сэгсрэн
ихэд гайхсан байдалтай байв. Яг тэр
самгардлын үеийг нь ашиглаж,
сурагчид түүнийг тойрч аваад хар
болох хэрэгтэйн чухлыг тал талаас нь
тайлбарлан шавлаа. Дүүгий нь
хүртэл загнаж байв.
-Чи өөрөө намын сургуульд
орчихоод ахыгаа том толгой лам
нарын савраас өдий болтол
чөлөөлөхгүй явж байх... гэж дүүгий
нь зэмлэв.
Дүү нь арга барсан шинжтэй ах
руугаа хандаж,
-Нээрэн, та хар болмоор юм, юугаа
хийх вэ дээ гэж ирээд л эв хавгүй
хэлж байв.
-Хар болох ий? Чи мөн ярив аа? Би
хэзээнээсээ нааш бурхан
шажинтайгаа төрсөн хүн,
тэрэнтэйгээ л үхнэ. Бурхангуй чамд
дагах шүтэх юм байхад, бурхны
шавь би хар болж байдаг нь юу
билээ гэж ах нь загнаад яваад өгөв.
Дор нь хар болгох гэсэн сурагчид
урамгүй үлдэв. Тэд ажил явдал
бүтэлгүй болсныхоо горыг дүүд нь
гаргаж, тэр сурагчийг нэрээр нь
нэрлэхээ байгаад юм болгонд нь
"Ахын дүү", "Лам гуайн дүү" гэж
дуудаж байхыг нь би сонссоор явав.
Гэвч тэр лам хар болсон юм. Хавар
нь энгийн дээл өмсчихсөн бүрх
малгай тавьчихсан ирээд дүүтэйгээ
уулзаж байхад нь Очирхүү тэргүүтэй
сурагчид уулзаж, гар барин
хөхрөлдөж байхыг би үзсэн.
-Нутаг буцлаа... муу хөгшин эцэг
хэдэн бяруу боолтрогоо гүйцэхээ
байсан гэнэ. Энэ ч гэсэн сургуулиа
дуусгаад нутагтаа очиж, гэр ахуйгаа
янзлалцана биз гэж тэр хүн дүү
рүүгээ дөхөн ярьж байв.
Түүнээс хойш дүү нь "Ахын дүү"
алдраасаа салж, дахин нэрээ зүүв.
Очирхүү тэр үед нэгэн удаагийн
хувьсгалт ухуулгаар лам хүнийг хар
болгосон гэж өөрийгөө бодож явсан
байж магадгүй. Хувьдаа би л лав
тэгж ойлгож явсан юм. Ард олныг
мухар сүсгээс салгахын төлөө нам
засгаас авч явуулсан тууштай олон
арга хэмжээг хэдэн жил өнгөрсний
дараа Очирхүүгийн ухуулга дээр
нэмэрлэн хамаатуулан боддог
болсон юм.
Намын сургуульд эмэгтэй сурагчид
цөөнгүй байсан. Тэд сургуулиа
төгсөөд эрэгтэйчүүдийн адил нам
улсын ажилд идэвхийлэн зүтгэж, эх
орондоо шинэ нийгэм байгуулах
үйлст хувь нэмрээ оруулцгаасан юм.
Тэдний нэг нь Баасан гэдэг хүн
байлаа. Тэр эмэгтэй аж үйлдвэрийн
комбинат дээр субботник хийж явах
үеэсээ түүний тоног төхөөрөмжийг
сонирхон, дараа нь уг үйлдвэрийн
ажиллаж байхыг үзэж, иймэрхүү
үйлдвэрийн ажилчин болохсон гэж
мөрөөддөг болжээ. Сургуулиа
төгсөөд хариуцлагатай ажилд
томилоход нь "Үгүй би ажилчин
болно" гэж зүтгэсээр байгаад
комбинатын ажилчин болсон юм.
Дурлаж мөрөөдөж байж очсон
болоод ч тэр биз, угийн хөдөлмөрч
хичээнгүй хүн болоод ч тэр биз,
мөдхөн тэргүүний ажилчны нэг
болж, улс орондоо нэртэй хүндтэй
хүн болж билээ. Баасан гуай олон
жил ажилчин нөхдөө төлөөлөн улсын
бага хурлын гишүүн явсан юм. Улсын
25 дугаар бага хурлаас Зөвлөлт
Холбоот Улсын Батлан хамгаалах
хорооны даргын нэр дээр явуулсан
захидлын дор Баасан гуайн гарын
үсэг бас байдаг билээ.
Ер нь намын сургуулийнхан өөрийн
сургуулийн нэр төрийг сайн сайхан
хадгалсаар ирсэн, хадгалж ч явна.
Тэд бол манай ахмад үеийн дайчин
хувьсгалч нөхөд юм. Тэр үеийн
сурагчдаас одоо нөхөр Т.Рагнаа
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн
нэгдүгээр орлогч даргаар ажиллаж
байна. Анагаах ухааны дэд эрдэмтэн
профессор Б.Рагчаа, ШУА-ийн
сурвалжлагч гишүүн, төрийн шагналт
Э.Шагдар, Ардын зураач
Ү.Ядамсүрэн зэрэг хүмүүсийн нэрийг
манай орон даяар мэднэ. Дэлхийн
хоёрдугаар дайны үед нам, улсын
төв болон орон нутгийн
байгууллагын удирдах ажилтны
дотор нам ба улсын төв сургуулийг
төгсөгчид цөөнгүй байжээ. Тэр нөхөд
дайн дажны хүнд бэрх үед ч гэсэн
энх цагийн бүтээн байгуулах
хөдөлмөрийн үед ч гэсэн нам ард
түмнийхээ төлөө нэр төртэй зүтгэж,
сургууль төгссөн үнэмлэхээ "хавтас"
гэж үзэлгүй, харин ч хоёр дахь
батлахаа гэж нандигнан эрхэмлэж
явсан юм. Одоо ч тэгж байна.
7. Уран зохиолын дугуйлан
Уран зохиолд дур сонирхолтой
болоход аав их тус дөхөм үзүүлсэн
билээ. Аав өөрөө ном зохиолд
дуртай, намын сургуулийн уран
зохиолын бүлгэмийг удирддаг
байсан нь уул бүлгэмийн хичээл
сургуульд суух боломжийг надад
олгосон юм.
Намын сургуулийн бүлгэмд сайн
сайн зохиол бичдэг хүмүүс нэлээд
байлаа. Жишээлбэл, Цэрэн-Очир гэж
махлаг шар багш байсан юм. Түүний
бичсэн шүлгээс "Цаг" гэдэг шүлэг нь
тухайн үедээ их алдаршиж байсан
юм.
"Өдөр ч бол чис час
Шөнө ч бол чис час
Энд ч бол чис час
Тэнд ч бол чис час
Саатав чи, бушуу яв
Хождов чи, түргэн оч гэж
Хэлсээр байдаг байсан биш үү?
Энэ өдөр
Сонсдох үг чинь тагжраад
Сургадаг заадаг чинь тасалдаад
Гэдэс чинь сулрав уу
Толгой чинь өвдөв үү
Тос чинь багадав уу...
Монгол хэл бичгийн багш Жамцын
Шагдарсүрэн бас шүлэг зохиол
сонирхон оролддог хүн байсан юм.
Талийгаач Ч.Лодойдамбын ах
Сэнгэдорж гэдэг хүн торны багш
байсан. Бас л шүлэг зохиол
оролдоно. Цэргийн багш Буниа гуай
ч шүлэг зохиол оролдоно. Түүний
"Цэргийн дүрэм" гэдэг шүлгээс
санаанд үлдсэн хоёр бадгийг иш
татъя.
Хуулиар байгуулагдсан
Хувьсгалт улаан цэргүүдтэй
Хурц сэргэлэн
Хурдан шаламгай жанжинтай
Төвшнөө хамгаалсан
Төрийн улаан цэргүүдтэй
Түмний манлай
Төмөр бат бэхжилтэй
Энэ Буниа гуай уул нь сонин хүн
байсан юм. Урьд залуудаа
хошуунаасаа хөөгдөж золигт гарч
байсан юм гэнэ лээ. Дараа нь
партизан цэрэгт элсэж, тэрнээс хойш
цэргийн тогооноос салаагүй хүн
байжээ. Намхан биетэй, дөрвөлжин
цээжтэй, майга хөлтэй, цоохор
улаан царайтай хялардуу харцтай.
Юманд түргэн, эрс тэс, шударга
цагаан, сахилга бат гэж их ярина.
Сурагчдыг жаахан л наазгайрвал
загнах, хашгичих, шийтгэх дуртай.
Сурагчид түүнийг "Галзуу Буниа" гэж
нэрлэвч, айна ч гэж ёстой ухаан
алдана даа.
Харахад тийм ширүүн догшин
мөртөө уран зохиол уран сайханд их
дуртай Сурагчид ямар нэгэн ший
жүжиг тавих гэвэл заавал оролцоно,
тэр ч байтугай, загнаж байгаад аль
өөдтэй, гол дүрд нь өөрөө тоглодог
хүн байсан юм.
Үе үе хэдэн сараар ч хамаагүй алга
болно. Авгай нь Цэрэндулам гэдэг
хүн байсан, хаачсаныг нь мэдэхгүй
хэр нь ончдож санаа зовсон
шинжгүй, байдгаараа л байж байна.
Харин нэг шөнө манайд хэдэн багш
цуглаад элдэв шалдвыг ярьж
байснаа
-Буниа гуай дахиад л алга
болчихлоо. Нөгөө явдагтаа яваа юм
байхдаа гэж нэг нь хэлэхэд, аав
-Аяархан, аяархан хүү маань унтаж
уу? гэв.
-Аль түрүүн унтчихсан.
Би ч үнэхээрийн унтсан хүн болоод
амьсгаа ч авч чадахгүй шахам
хэвтэв. Томчуул шивнэлдэж эхэллээ.
-Зүүн талаас л аюул нөмрөх нь дээ.
Буниа гуайн алга болдог ч улам
олшроод уналаа.
-Хөөрхий, өдийд хүний газар, дайсны
дунд л яваа шүү дээ.
-Сахилга муутайхан дайсан
дайралдвал "Дэмид жанжинд
чамайг хүргэж өгнө" гэж загнаж
байгаад баригдчих бий дээ.
Багш нар аяархан инээлдэв. Нэгэнт
шивнэлдэж байгаа хүмүүс чинь
инээлдэхдээ хүртэл аяархан инээдэг
юм байж.
-Галзуу, галзуу л гэнэ, улсдаа бол
хамгийн найдвартай хүний нэг юм
даа гэж аав хэлэх сонсдов.
Багш нараас гадна шүлэг зохиол
оролдох дуртай сурагчид их байлаа.
Нэг хавар Бизъяа гэдэг сурагч маш
их магтуулсныг санаж байна. Увс
аймгаас ирсэн цоохордуу нүүртэй,
цулцгар хацартай үг цөөнтэй Бизъяа
зохиол бичжээ.
Тэр сурагч нэгэн үдэш намын
сургуулийн номын санд орсон юм
байна. Тэгсэн нь нарийн хир суусан
эрээн ногоон дээлтэй энгэр дээрээ
тэмдэгтэй хүн түүнтэй тааралджээ.
Тэр хүнтэй амар мэндээ мэдэлцээд
яриагий нь чагнасан нь улс орны
гадаад дотоод байдал.хийх бүтээх
ажил, хэтийн зорилго төлөвийг
сэнхэртэл нь ярьж өгчээ.
Тэр хүн хэн болохыг зохиолынхоо
төгсгөлд тайлбарласан байв. Дээрээ
намын таван хошуу тэмдэгтэй,
ногоон хавтастай ном байжээ. Уул
номын нэр гарчиг нь гэвэл МАХН-ын
IX их хурлын баримт бичиг байсан
гэнэ.
Тэгээд тэр бяцхан өгүүллийг бичсэн
Мөнгөний Бизъяа гэдэг хүний нэрийг
анх би сонсов. Дараа нь олон
жилийн турш тэр нэрийг намын
хэвлэлийн хуудаснаас олж харах
бүрээ бичсэн юмыг нь заавал уншдаг
байлаа.
1930-аад оны сүүлчээр Но.Данзан
гэдэг хүн Ц.Дамдинсүрэнгийн
"Зугаацахаар мордсон нь" гэдэг
найраглалыг шүүмжлэн гарч ирлээ.
Уг шүүмжлэл нь үнэхээрийн гэнэн
болхи зүйл байсан боловч нэгэн үе
тасарсан утга зохиолын
шүүмжлэлийг сэргээн хөгжүүлэх
гэсэн эрмэлзлэл нь сайшаалтай,
дэмжүүштэй зүйл байлаа. Данзан
гэдэг өндөр нуруутай, ногоовтор
нүдтэй, том халимагтай, солгой
мөртөө маш сайхан бичигтэй буриад
залуу намын сургуулийн бүлгэмд
явж байсныг би санаж байна.
Хоршооны ажилтны ангид байл уу
даа. Намын сургууль бас тийм
ангитай байсан юм.
Тэр үеийн сурагч, залуус шүлэг
зохиол, дуу хөгжим, биеийн тамир
сонирхох нь даанч их. Хувьсгалт
агуулга, хэлбэрээр анх үүсэн хөгжиж
байсныг ч хэлэх үү, намын 1Х их
хурлаас соёл боловсролыг хөгжүүлэх
талаар тусгай шийдвэр гаргасныг ч
хэлэх үү, бас шинээр өсөн төрж
байгаа ардын сэхээтний нас залуу,
авьяас хурц, алжаах зүдэхийг
мэддэггүй үе нь байсан болоод
бүхнийг сонирхох, шинийг
эрэлхийлэх нь тэр үеийн
залуучуудын нэгэн онцлог шинж
болж байлаа. М.Горькийн утга
зохиолд нэвтрүүлэхийг сурган захиж
байсан идэвхтэй зарчим манай
нийгмийн амьдралын зарчим болон
хөгжиж байсан үе асан.
Тийм ч учраас уран зохиол, ший
жүжиг, дуу хөгжим, зураг урлагийн
бүлгэм идэвхтэй ажилладаг, долоо
хоног бүр олон нийт ший жүжигтэй
байдаг байсан юм. Радиотой
болсноос хойш намын
сургуулийнхан радио нэвтрүүлэгт
идэвхтэй оролцдог байлаа. Нэг
оройны нэвтрүүлгээр манай аав
"Сийлэн бөөр" гэдэг дуу дуулах
болсон тул би хот руу цуг очив.
Хивс дэвссэн нэгэн цэлгэр өрөөний
цаад хананы тэнд ширээ байв. Тэр
ширээн дээр тавьсан тоонолжин
төмөртэй, цагаригийн урд талд
бүсгүй хүн сууж байлаа. Яг таван цаг
болоход нэвтрүүлэг эхлэв.
Эмэгтэй нэвтрүүлэгч аль хэдийний
танил болсон дуугаар мэдээ, өгүүлэл
уншиж гарав. Алдарт хөгжимчин
Ишдулам гуай ирж удирддаг хуур
хөгжмийн бүлгэмийнхэн
нэвтрүүлэгчийн ар талд нь хивсэн
дээр сууцгааж байлаа. Дуугарч
хөдөлж болохгүй гэсэн тул эхлээд
цөмөөрөө нам гүм суув.
Нэвтрүүлэгч эмэгтэй үе үе юу дуулах,
хөгжимдөхийг зарлахад зохих
хүмүүс босож дуулна, хөгжимдөнө.
Нэлээд болсны дараа амьтны бие
хөшиж, зарим нь сэмхэн суниах,
эвшээлгэх харагдаж байв. Сүүл
сүүлдээ нэлээд адсаж хоорондоо
шивнэлдэх, бие биёнээ оролдон
инээх ч явдал гарав.
Нэвтрүүлэгч хүүхэн үе үе эргэн
муухай харж, хааяа үймэхгүй байхыг
сануулан, загнаж ч байв. Тэгж
загнаж байгаа нь цаанаа дуулдаж
байгаа байх, Сэрээтэр захирал
маргааш цөмийг нь "манивийлдана
даа" гэж бодохоос миний ч гэсэн
айдас хүрч суув.
Маргааш нь гэтэл юу ч болсонгүй.
Харин ч радиогоор их сайн дуулсан
гэж цөмөөрөө магтуулсан билээ.
Тэгээд би радиогоор сайн үг, сайхан
дуу л нэвтэрдэг, харин зэмлэх,
загнах үг нэвтэрдэггүй юм байна гэж
бодлоо. Гэвч нэвтрүүлэгчийн
хурууны үзүүр урдах нэгэн товход
хүрэхэд тэгээд байдгийг таагаагүй
гарч иржээ.
Намын сургуулийн авьяастан
дотроос гоц ялгарч байсан хүний нэг
бол Ү.Ядамсүрэн гуай юм.
Сургуулийн улаан буланд зориулж
намын төв хорооны тэргүүлэгч
гишүүдийн хөргийг зурж дээлийн
дурдан, үнэмлэхээр шагнуулж
байхыг нь би үзсэн. Тэр зургийг
харсан хүн бүр,
-Үгүй ер, үсний нь ширхгийг хүртэл
гаргасан байна шүү...
-Дээлийн торго, одонгийн пааланг
хүртэл ингэж ялгах гэж хэмээн
магтаж байсан юм.
БНМАУ-ын ардын зураач, төрийн
шагналт Ү.Ядам-сүрэнгийн авьяас
билэг анх намын сургуулийнхны
сайшаалыг тийнхүү хүртэж билээ.
8. Миний мэддэг Буяннэмэх
Намын сургуулийн арван жилийн ой
1934 оны намар боллоо. Тэр ойд
оролцсон олон хүний дотроос яруу
найрагч С.Буяннэмэх, Ө.Лувсан хуурч
хоёрыг тодхон санаж байна. Тэр ойн
хурлын дараа том будаалга боллоо.
Түүнд нам засгийн удирдагчид ч
оролцсон юм. Сургуулийн багш,
сурагчид ажилчид ч цөм оролцсон
юм. Би бас яаж байгаад ч юм тэр
будаалгад оржээ. Улаанбулангийн
тайзан дээр зассан ширээний ард
намзасгийн удирдагчид, багш нар
суулаа. Тэр үеийн найрын ширээн
дээр хонины ууцнаас гадна чанасан
өндөг, лаазтай загас заавал байдаг
байлаа. Хужаа тогооч нар том том
цагаан төмпөнгөөр уур савссан бууз
зөөж оруулсаар байв. Найр нэлээд
жигдэрч, албан ёсны хэдэн хундага
өнгөрч байхад тайзан дээрх ширээн
цээрээс нүдэндээ шилтэй цагаан
царайтай цэнхэр чисчүү дээлтэй хүн
босож гуншаадуу, цахар аялгуугаар
сургуулийн ойд зориулсан шүлэг
уншиж эхлэв.
Тэр хүнийг босож ирэхэд нийтээр
хөгжин алга ташиж "Буяннэмэх!
Буяннэмэх" хэмээн хоорондоо
шивнэлдэхэд урьд өмнө нь сонссон
тэр нэрийн эзэн миний анхаарлыг
соронзон мэт татсан билээ. Намын
сургуулийн ойд зориулсан тэр шүлэг
нь С.Буяннэмэхийн 1935 онд
хэвлэгдсэн "Холбоо шүлгийн
цоморлогт" орсон билээ. Дараа нь
Лувсан хуурчийн ээлж боллоо.
Лувсан хуурч тайзан дээр биш,
сурагчдын дунд доор сууж байсан
юмсанж. Хажуу талын ширээн дээр
уур савссан буузтай төмпөнгийн
дэргэд сандал тавив. Том хар хуур
барьсан шанааны яс төмбийсөн,
хөнхөрдүү туранхай өвгөн тэр
сандал дээр суугаад хуураа дааж
ядах мэт урагш тонгойж, нэг
хоёрхон хөрөөдөхөд хуур нь олны
шуугианыг даран хүнгэнэв. Тэр өвгөн
хуурныхаа ая өнгөнөөс шал ондоо
шингэн нарийн дуугаар "Өнчин
цагаан ботго" өөрөө зарлаад уул
аялгууг дарж эхэлбэл том гуулин
бортоготой хуур нь сүр жавхлантай
эгшиглэж, түмэн бээрийн их говь
цэлийн ирэх шиг боллоо. Би говь
газар үзээгүй, нэг л их элс байдаг гэж
дуулсан л байх. Харин тэр аялгууг
сонсоход миний сэтгэлд ургасан дүр
зураг том болсон хойноо уудам
цэлгэр говьд үзсэн дүр зурагтай яв
цав нийцсэнийг эргэн санаж,
монголын их хуурчийн ид шидийг
хожуу боловч бишрэн шүтэж энэхүү
хэдэн мөрийг зориулмуу би.
Жавхлан төгөлдөр аялгуу аажмаар
хувиран сэтгэл шимшрүүлсэн гунигт
өнгөөр эгшиглэж бөн бөн нулимс
дуслуулан өнчин цагаан ботгоны
түмэн бэрхийг илтгэхэд өнчин
өрөөсөн үлдсэн тэр нялх амьтны
гиюүрлийг улам бэрх болгосон
ээрэм говийн эзгүй түмэн манхан
давхар давхраараа шаргалтан
үзэгдэж түүний дунд ширхэг элс шиг
төөрөлдөн яваа тэр хөөрхийлөлтэй
амьтныг бодохоос орчлон хорвоод
үхэл хагацал гэж нэгэн үл тайлагдах
зовлон байдгийн гашуун уур анх
удаа балчир цээжинд минь
боргилон, сэтгэлд хүйт дааж,
уйлмаар ч юм шиг, босоод явчмаар
ч юм шиг санагдаж билээ.
Тэр зун манайх ажаагийнхаас хэдэн
сарлаг аваад намын сургуулийн зүүн
довцог дээр зусав. Нэгэн өглөө үхрээ
бэлчээгээд иртэл аав цагаан савтай
сүү өгч айлд хүргэж өг гэв. Голын
цэнгэлдэхийн урд дэнж дээр байгаа
хэдэн гэрийн онцгойдуу жижиг
гэрийг зааж өгөв.
Савтай сүүгий нь бариад тэр айлд
очив. Зуны сайхан өглөө, үүд нь
онгорхой гэрт орвоос хар пүүсүүгээр
хийсэн хүрэм, нимгэн өмдтэй зөөлөн
хилэн шаахайтай хүн эрүүндээ
тулган барьдаг хуур дараад зогсож
байв. Намайг орж очлоо гэж төдий л
тоосонгүй. Нөгөө хөгжмөө дарсаар
байлаа. Би энэ айлд орж ирсэн
эсэхээ мэдэхгүй, гайхаш болж
байтал хөгжмөө буулган,
- Аан, Чойжилын хүү юү? гэв.
-Тиймээ... аав сүү явуулсан юм.
- Аль вэ, нааш нь гэж гуншаадуу
хэлээд барьж ирсэн сүүгий минь
юүлж, бичиг цаас новширсон
ширээн дээр байсан бавгар тавгаас
хэдэн чихэр авч өгөв. Орж ирэхэд
урьд өмнө нь үзсэн юм шиг
харагдаад байсан хүн, яах аргагүй
нөгөө зохиолч Буяннэмэх байлаа. Би
зовох шиг болж чихэр авахгүй гэтэл
-Яагаа вэ?... гэв.
-Би чихэрт дургүй...
-Тэр чинь хэцүү хэрэг байна даа.
Гэвч цагаан идээний сав хоосон
буцаадаггүй юм, ав ав гэлээ.
Би өгсөн чихрийг нь амтархан
хүлхэж, саваа санжигнуулан
наадсаар харив. Хэд хоногийн дараа
аав дахиад л,
-Миний хүү, нөгөө айлдаа сүү
хүргээд өг гэв.
Бас л нөгөө Буяннэмэх гуай байв.
Энэ удаа монгол дээл нөмөрч,
ширээний ард бичиг бичиж суув.
Босож авчирсан сүүгий минь юүлж
аваад,
-Чи чихэрот дургүй гэлүү? гээд над
руу ёжтой харлаа.
-Дуртай гэж би хэлэв.
-Тэгэлгүй яахав, чихэрт дургүй хүн ер
нь байдаг юмуу гэж хэлээд хэдэн
чихэр авч өглөө.
Би тэгэхэд бичиг сурчихсан, сонин
хэвлэлд бичсэн шүлэг зохиолыг нь
уншсан. "Пад пад" зэрэг жижиг
үзэгдэл, зарим жүжгийг нь сурагчид
тоглохыг үзчихсэн байсан тул чухам
юу бичиж байгаагий нь асуумаар
байсан боловч зүрхэлсэнгүй.
Харин дараа нь намайг нэг очиход
-Чи шүлэг зохиол цээжлэн унших
дуртай хүүхэд гэнэ, үнэн үү? гэв.
-Үнэн, би таныг намын сургуулийн
ойн будаалга дээр байхад чинь
шүлэг уншсан шүү дээ гэв.
Нээрэн тэр будаалга дээр сууж
байхад Сэрээтэр захирал намайг
тайзан дээрээс дуудаад дарга сайд
нарын өмнө шүлэг уншуулсан юм.
Тэгэхэд Буяннэмэх гуай тайзан Дээр
сууж байсан билээ. Энэ ялдамд
тэмдэглэхэд дараа нь Сэрээтэр
гуайгаар дамжуулан Амар сайд
намайг хар эсгий гутал, цүнх, ном,
дэвтрээр шагнаж ч байсан удаа бий.
Тэр бол хамгийн анхны минь утга
зохиолын шагнал байлаа...
Буяннэмэх гуай над руу сүрхий харж,
үнэхээр ч санасан уу эсвэл Бээжин
зан гаргасан уу,
-Аа тийм, тийм, май чи энэ шүлгийг
тогтоож уншаарай гээд хуучин
бичгээр таталж хуулсан бичиг өгөв.
-Ааваараа дуудуулж байгаад
цээжлээрэй гэв.
-Зүгээр, би гаргана гэхэд,
-Юу? чи чинь бүр номтой хүн бий
гээд үлдэж билээ.
Тэр жил ч юмуу, тэрнээс өмнө ч юм
уу, Буяннэмэх намын сургуулийн
сурагч Халтархүү гэдэг хүүхэнтэй
суужээ. Халтархүү ээжийтэй
дотночилж хичээл сургуулийнхаа зав
зайгаар манайд үргэлж орж гарч
байдагсан.
Намын сургуулийн сурагч учир дотор
байранд суудаг, Буяннэмэх ажил
албандаа захирагдаад, хотод суудаг
байв. Намын сургуулийн дэглэм
хатуу, сурагчдад тэр болгон чөлөө
олдохгүй. Тэгээд Халтархүү
манайхаар их орж гардаг болоод ч
тэр үү, аав Буяннэмэх хоёр ч дотно
болсон уу, дараа намраас нь
манайхаар Буяннэмэх үзэгдэх нь их
болсон юм.
Намын сургуулийн сурагчид орой
болгон хашааны төвд жагсаж, анги
байрын дарга нартаа бүртгүүлдэг
байв. Тэр үеэр захиргаа, олон
нийтийн байгууллагаас хэлэх, зарлах
зүйлээ хэлж зарлаж гүйцээнэ. Дараа
нь цөмөөрөө "Монгол
интернационал" дуулаад байр
байрандаа орцгооно. Үүнийг оройн
тооллого гэдэг байсан юм. Оройн
тооллого өнгөрч сурагчид амарсан
хойно Халтархүү манайд орж ирэхэд
Буяннэмэх аанай л хүлээж суудаг
байлаа. Өглөө сурагчид босохоос
өмнө Халтархүү байрандаа очдог,
Буяннэмэх ажилдаа явдаг байсан
юм. Үүнийг сурагч багш нар цөм
мэддэг байсан боловч барьцаалдаж
яриа дэгдээсэн хүн гараагүй юмдаг.
Буяннэмэх ингэж намын сургууль
дээр олон танилтай, дотно
холбоотой байсан нь тус сургуулийн
утга зохиолын ажилд их тус болж
байсан нь дамжиггүй. Энэ талаар
надад ярих тодорхой баримт үгүй
боловч түүний нөлөө их байсанд би
огтхон ч эргэлзэхгүй явдаг юм.
Ер нь намын сургуулийн ажил
явдалд тэр үеийн сэхээтэн их
тусалдаг байжээ. Ишдулам гуай,
хэдий нас ахисан боловч хаа хол
Амгалангаас ирж хөгжим дууны
бүлгэмийнхэнд тусална. Багшийн
сургуулийн багш нар их ирнэ.
Цэвэгжав багшийн найз Буддаарий
багш ирж олон нийтэд оролцон,
шанам малгай тавьж шар дээл
өмсөөд X.Намсрай гуайн "Өвгөн
гэлэнгийн үгийг" сурагчдад уншиж
элгий нь хөшөөдөг байлаа.
1935-1936 оны үед зохиолч
М.Ядамсүрэн гуай намын сургуулийн
захирал байлаа. Тэр үеийн нэртэй
зохиолч сурагчдын сурлага
хүмүүжил, гоо зүйн өсөлтөд зохих
нэмэр үзүүлсэн нь мэдээж. Түүний
гэргий Ичинхорлоо гуай жүжгийн
бүлгэмийнхэнд багагүй тусалж
байсан юм. Намын сургуулийнхан
"Самъян ноён" С.Буяннэмэхийн
"Харанхуй засаг", Ш.Аюушийн
"Говийн хүүхэн Гүндэгмаа",
М.Ядамсүрэнгийн "Цоожтой
хаалганы цаана", Д.Нацагдоржийн
"Учиртай гурван толгой", "Би биш"
зэрэг тэр үед улсын төв цэнгэлдэх
хүрээлэнгийн тайзан дээр тавьж
байсан жүжиг бүхнийг өөрснөө
найруулан тавьдаг байсан юм.
Зургийн бүлгэмийн ажилд Соёлтой
багш овоо тусалдаг байсан. Намын
сургуулийг төгссөн сурагч бүр тухайн
үедээ мэдлэг боловсрол сайтай,
уран сайхан, гоо зүйн тодорхой
ойлголттой гарч байсныг хэлэхгүй
өнгөрч яахан болох билээ.
9. Сургуульд орсон минь
1935 оны 8 дугаар сарын сүүлч
намрын хонгор сайхан өглөө
тэнгэрийн өнгө хөх, арчсан толь шиг
толбогүй.
Аав бид хоёр намын сургууль
дээрээс гарч голын цэнгэлдэх
өнгөрөөд дунд голын улаан гүүр
дамжиж, нийслэл хотын төв хэсэг
төвхнөсөн довцгийн нүүрэн талд
нэгэн том хашаа руу орлоо. Энэ бол
үлгэр жишээ бага сургуулийн хашаа
гэдгийг би мэдэх билээ.
Хашааны урд нүүр улаан дүнзэн
байшинтай. Тэр байшин намын
сургуулийн тэндээс ч харагдана. Зүүн
урд өнцөгтөө бас нэгэн байшин зүүн
талдаа хойноосоо урагшаа сунасан
урт байшинтай. Баруун урд хэсэгтээ
бас л дундуураа нугарсан
байшинтай. Баруун хойд талд нь
түлээ мод овоолоостой байлаа.
Хашааны төвд савлуур, бөмбөгний
тор зэрэг биеийн тамирын нэгэн
хоёр хэрэглэл, тойруулан хийсэн
намхан вандан харагдана.
Хашаан дотор олон хүн, хүүхэд
бужигнаж байв. Аав намайг
дагуулан тэдний урдуур алхалж,
улаан бүтээлэгтэй ширээний ард
суулгаж улс руу очив. Тэнд шинээр
элсэх сурагчдыг бүртгэн авч байгаа
ажээ. Сэвэлзэх салхинаас хамгаалан
чулуугаар дарсан бичгийг нэгэн хүн
авч 72 гэсэн тоон дээр намайг
бүртгэж авав.
Цэрэг маягийн ногоон даавуу
малгайтай, хар хөх дээлтэй тэр багш,
-За есдүгээр сарын нэгний өглөө
бэлэн байна шүү гэв. Тэгээд аав бид
хоёр буцаад алхаллаа. Урьд өдөр нь
Цэвэгжав гуай Эрдэнэчимэг охиноо
бүртгүүлсэн юм.
Ингээд' есдүгээр сарын нэгний өглөө
Эрдэнэчимэг бид хоёрыг шинэ
сурагчийн хувьд намын сургуулийн
"Бьюик" хэмээх брезентэн оройтой,
урт ногоон тэргээр сургуульд хүргэж
өгөхийг Сэрээтэр захирал
жолоочдоо даалгасан байв. Бид
хоёрын ачаар захирлын хүү
Бүрнээбаатар, Цэрэндовдон,
гуталчин Шаравдоржийн дүү
Лувсанданзан, мөн Ишханд,
Пунцагноров зэрэг ахмад сурагчид
оройгий нь ар тийш нь буулгасан тэр
машинд архайж дархайтлаа суугаад
хөдөлцгөөв.
Нэгийн нэг гэдэг ангид бүртгүүлсэн
тул тэр ангид ороод хэд хоног
хичээллэв. Ашгүй Эрдэнэчимэг бид
хоёрыг нэг ширээнд суулгав. Багш
(нэр нь Надмид гэсэн) анх намайг
бүртгэж авсан хар хөх дээлтэй хүн
ангид орж ирээд цагаан толгой
заана. Тоо бодлогын хичээл дээр
хоёр гурвыг нэмэх хасахыг заана. Би
бичиг үсэгтэй, тооны дөрвөн аргатай
байсан тул томоотой суухыг хичнээн
хичээвч цаг гэдэг урт тул аргагүй л
дүрсгүй зан хөдөлнө.бусдыг
үймүүлнэ.
Нэг өдөр намайг Лувсандаш захирал
дуудаж, хашааны зүүн урд буланд
байсан хичээлийн байр руу дагуулан
очив. Гудмаар явж нэгэн ангийн үүд
нээж орууллаа. Чухам яах гэж байгаа
учрыг би мэдсэнгүй.
Ангид дунд зэргийн нурууны, залуу
эмэгтэй багш хичээл зааж байв.
-Долгормаа чи энэ хүүхдийг ангидаа
ав гэв. Тэгээд захирал над руу эргэн
харж,
-Хэрэв энд үймүүлээд байвал чинь
шууд дунд сургууль руу шилжүүлнэ
шүү гэв.
Ийнхүү би хоёрдугаар ангийн сурагч
болжээ. Шинэ багш шинэ ангитай
дасах ч тийм амаргүй. Нэгдүгээр
ангид бол өөр хэрэг байжээ. Бүх
хүүхэд цөмөөрөө анх удаа сургуульд
ирсэн болохоор айх, ичих инээх
бухимдах цөм адилхан. Хэн нь
хэндээ дээрэлхэх вэ. Харин
хоёрдугаар анги руу шилжинэ гэдэг
тар нь нийлсэн, ямар нэг хэмжээгээр
биеэ даан эхэлсэн "нийгэмлэг" рүү
гаднаас солир шиг харван орж
байгаа хэрэг. Гадуурхах, дээрэлхэх
хүүхэд гаралгүй л яахав.
Ялангуяа усан цэргийн зангуу
тэмдэгтэй, орос хар хүрэм өмссөн
Равдан гэдэг жаал эхний
завсарлагаан дээр над руу тулж
ирээд,
-Чи хэн юм? хаанаас ирсэн юм? гэж
байцааж эхлэв. Арга буюу учраа
хэлэхэд минь,
-Бурхан минь, эрдэм нь багтахаа
больчихсон эр байх нь... чи шууд
дээд ангийн дэлдэн боохой болчих
нь яасан юм гэхэд тэр ангийн
хүүхдүүд цөм ярзайтлаа инээлдэв.
Би аргагүй л ганцаардаж, дотроо
гомдох шиг болж, "За гайгүй, та
нарыг даа!" гэж бодоод өнгөрч
билээ. Яадаг болоод яана гэж занаж
байгаагаа ч бүү мэд.
Хоёрдугаар ангийн хүүхдүүд намайг
дахиж хоргоосонгүй.
Хичээл тараад Эрдэнэчимэг бид
хоёр намын сургууль РУУ алхалж
явах зуураа өдрийн сонинг ярихдаа,
-Болохгүй бол буцаад ангидаа орно
гэхгүй юу гэж надад зөвлөв.
Гэтэл тэгж эргэж буцах хэрэг
гарсангүй. Маргааш нь
завсарлагаанаар хажуудаа цуг
суудаг Санжаад би амандаа хэвшсэн
Робинзон Крузог ярив. Тэр
ангайтлаа чагнаад сонирхож байна
гэж юүхэв.
Удсан ч үгүй сонин сонин зохиол их
ярьдаг жаал байна гэж миний тухай
Санжаа зар тараажээ. Гэвч манай
ангийнхан төдий л ойшоосонгүй
бололтой. Санжаагаас өөр хүн
намайг юм яриач гэж гуйдаггүй
байв. Нэг өдөр унших хичээл дээр
Долгормаа багш
-Цээжээр шүлэг унших хүүхэд байна
уу? гэж асуув. Асуусан дороо над руу
харлаа. Бодвол, ангийн хүүхдүүдээс
миний тухай мэдээ авсан бололтой.
Багшийн харцыг дагаад тэр үү, эсвэл
намайг шүлэг зохиол нэлээд мэддэг
гэж дуулаад тэр үү, ангийн хүүхдүүд
ч эргэх нь эргэж, над руу цөмөөрөө'
харцгаалаа. Яагаад ч юм би дотроо
бодлоо. Энэ давааг давж чадвал тус
ангийн бүрэн эрхт сурагч нь болж
чадмаар юм шиг бодогдлоо. Бодсон
хойноо шийдээд бослоо. Тэгээд
уржнан зун зохиолч Буяннэмэхийи
өгсөн шүлгийг уншив.
...Бяцхан тоть би
Бие минь балчирхан,
Үс минь нялцархан
Үг минь цулцархан
Хүн шиг ч болоосой
Хэлэлцэж явах юмсан
Ухаантай ч болоосой
Учирлаж явах юмсан...
Манай ангийн хүүхэд цөм чимээгүй,
миний уншиж байгаа шүлгийг
анхааран сонсож байв. Би ойрдоо
энэ шүлгийг уншаагүй, гэвч овоо
торохгүй явсаар төгсгөлийн хэдэн
бадагт нь хүрэв. Нэг том амьсгаа
аваад уншиж гүйцээсэн минь,
Хөх тэнгэрээр явахдаа
Хүний байдлыг хардаг
Хөрст дэлхийд буухдаа
Хорхойн явдлыг сонирхдог
Явсан хийсэн бүхнээ
Ярьж өгөхийг хүсдэг
Яршиг гэсэн хүүхдээс
Холхон зайлаад явдаг
Бяцхан тотийн минь
Хэдхэн үг энэ буй
Бага бага хүүхдийн
Уран сайхныг угтмуй!
Ангийн хүүхэд энэ шүлгийг ч их
сонирхож байгаа бололтой. Ер нь
анх удаа сонсож байгаа нь ч тэр
байх. Би ч энэ хөөрхөн шүлгийг
унших дуртай болоод овоо урамтай
уншив бололтой. Энэ шүлгийг унших
бүр Ёнзон хамба ламынд үзсэн
эрээн тоть нүднээ харагдаж, хэрэв
тэр тоть хүний хэлээр ярьж чаддаг
бол ингэж л ярина даа гэж боддог
байлаа. Цэвэгжав багш хэлэхдээ
зарим тоть хүний хэлээр ярьдаг гэж
байсан нь санагдаж, Буяннэмэх гуай
ярьдаг тотын үгийг тэмдэглээд авсан
юм биш байгаа ч гэж бодно.
Тэр хичээлээс хойш ангийн олны
дунд миний үнэ цэнэ нэлээд
нэмэгдсэн бололтой. Хэд хоногийн
дараа хичээлийн завсарлагаар гадаа
тоглож байхад манайхан намайг
сонин юм ярьж өгөөч гэж гуйв. Юу
ярьснаа одоо мэдэхгүй байна. Гэвч
ангийн маань хүүхдүүд намайг
тойрч, хажуу хавьд тоглож байсан
нэг нь ч ирж чагнаж билээ.
Харин Равдан л хэдэн хүүхэдтэй ар
өврөөр гүйгээд тоохгүй шинж үзүүлж
байснаа сүүл сүүлдээ бас ирж
хамраа шуухитнуулан яриагий минь
сонслоо. Тэгээд дуусахтай зэрэг
нөхөд рүүгээ харж "шулга юм!" гэж
хэлэв. Нээрэн ч би багадаа "р" үсэг
муухан хэлдэг байсан юм.
Ялангуяа үгийг түргэн хэлэхдээ юмуу,
юмыг удаан яривал тэр хэцүү авиан
дээр бүдчээд байдаг байсан юм.
Равдан тэрнийг анхаараадхаж.
Манайхан ч гэсэн инээлдэв. Гэхдээ
тэр инээд бол сонжуурхан шоолсон
инээд биш нөхөрсөг, өхөөрдсөн ч гэх
юмуу инээд байлаа. Ингээд би
хочтой ч болов. Хоёрдугаар ангийн
жинхэнэ сурагч нь ч болов.
10."Танайд юм шүгэлчихэж"
1934 оны намар намын сургууль
дээр анхны радио цэг бий болов.
Мэдээжийн хэрэг, орлогч захирал
Сэрээтэр гуайнд хамгийн түрүүн
дугуй хар репордуктор тавигдлаа.
Хойд талын нь авдар дээр, жаазтай
зурагны нь урьд талд одоогоор бол
айл амьтны телевизороо тавьдаг
суурин дээр дотогшоо хонхойсон
таваг шиг хар юм тавигдах нь тэр
дээ. Ер нь тэр үеийн аж байдалд
радио нэвтрэн орохдоо одоогийн
телевизороос дутахгүй их шуугиан
дэгдээсэн юм. Нийтээрээ соёл
багатай, орчин ертөнцтэйгөө дөнгөж
харилцан эхэлж байсан тэр үед
радиогийн ач холбогдол, үр нөлөө
телевизороос их байсан биз.
Орой болгон таван цагт "алио, алио,
радио хорооноос ярьж байна" гээд
нэвтрүүлэг эхэлдэг байлаа. Багш
ажилчдын хэдэн хүүхэд ч яахав,
одоогийн телевизоргүй айлын
хүүхэд шиг, Сэрээтэр гуайнд цуглана.
Тэгээд л хоёр гурван цаг сууж
нэвтрүүлгийг эхнээс нь аваад дуусан
дуустал сонсоно.
Эхлээд ч бүх нэвтрүүлгийг чагнадаг
байлаа. Сүүлд нь бас уран сайхан,
уран зохиолын нэвтрүүлгийн
хуваарийг гадарлаж, чагная гэсэн
юмаа орж чагнадаг болов. Яг л
одоогийн телевизорын программ
анддаггүй хүүхэд шиг боллоо.
Хамгийн их чагнах дуртай нэвтрүүлэг
бол уран зохиолын нэвтрүүлэг
байсан юм. Ялангуяа зохиолч
С.Буяннэмэхийн уянгалуулан уншдаг
шүлэг, уран хошин зохиолыг чагнах
их дуртай. С.Буяннэмэх зохиолыг
үндсэндээ дөрвөн аялгуугаар уншдаг
байлаа. Тэр нь манай дээр үеийн
шүлэг дуудах уламжлалт хэлбэр
байсан юм. Тэр аялгуунаас заримыг
нь би одоо ч мэдэх билээ. 1937 онд
хилс хэрэгт орж хэлмэгдсэн
С.Буяннэмэх цагаадаж, түүний
үлдээсэн бүтээл, өв уламжлал
нийтийн анхаарал татахад шүлэг
уншиж байсан аялгуугий нь санах
хүн олдохгүй болохоор арга буюу би
тэр аялгуугаар нь шүлэг дуудаж,
хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав
тэрхүү аялгууг нотоор тэмдэглэн
"утга зохиол, урлаг" сонинд нийтэлж
байсныг санахад нэг бодоход яамай
ч юм шиг, нөгөө бодоход ичмээр ч
юм шиг.
1935 оны намар бага сургуулийн
сурагч болсны минь дараахан
сургуулиас бидэнд орос маягийн хар
нэхий дээл, үүрдэг цүнх тавьж өгөв.
Хүүхэд бид тэр нэхий дээлд их
дуртай. Бага балчир байхад хүн ер
нь аливаа форм, жигд хувцсанд их
дуртай байдаг хойно. Тэгээд ч
хүүхдүүд том болохоороо "Цэргийн
дарга болно цагдаа болно" гэж
хариулдаг байх шүү.
Би гэдэг амьтан халуун намраар хар
нэхий дээлээ авсан цагаас хойш
мөрнөөсөө салгасангүй. Нэг өдөр
Сэрээтэр захирлынд гал өрдөөд
халуун ч гэж учиргүй. Би хар'нэхий
дээлтэйгээ, Буяннэмэх гуайн "Уран
хошин шаштир" чагнаад ухаангүй
сууж байлаа. Тэгсэн нь
-Хөөе, юү үнэртээд байна вэ л
боллоо.
-Юм түлэгдэж байна л гэлцлээ,
сонин юм чагнаж байхад гэрт
байсан улс үймэлдээд л, бие биенээ
ажаад л, шуугилдаад унав. Тэгсэн нь
зууханд ойрхон суусан миний нэхий
дээл умайтлаа төөнөгджээ. Өрөөсөн
хормой байдаггүй.
Яахав, ийхэв болцгоогоод, би ч гэсэн
ээж аав загнана гэж хэрдээ яггүй
айлаа. Тэгсэн нь Сэрээтэр гуайн
авгай Бадамжав гуай умайсан
хормойгий нь минь хүйтэн усаар
норгож байгаад дээр нь цог
тавьчихсан нь дороо тавигдаж,
бараг хэвэндээ оров. Юу ч л гэсэн,
тэр хормой минь шалихгүй умгар
байхыг аав хэд хоногийн дараа л
ажсан юмдаг.
Удсан ч үгүй манайх бас радио
тавиуллаа. Дамчаа гуайн хүү
Гомбосүрэнгийн хэлээр бол нэг "эр
хардоктор" авдар дээрээ тавилаа.
Тэр өвөл жин тээгээд манай аавын
ах лам хөдөөнөөс орж ирлээ. Өндөр,
янхигар хүн, аавтай их адилхан,
ялгаа нь гэвэл халимаггүй, дээл нь
лам захтай. Жинчин дагаж ирсэн хүн
яахав хэдэн гүзээ тос, ааруул,
хуруудтай иржээ. Ах ирсэн гэж хоол
унд болоод хөдөөний идээ амсцгааж
цөмөөрөө баяр хөөр болж байлаа.
Тэгсэн нь эжий аав хоёр хоорондоо
шивнэлдээд инээж байгаа харагдав.
Намайг харж байгааг мэдээд аав
дэргэдээ аваачиж,
-Одоо ингээд цөмөөрөө гарцгаана
шүү гэлээ.
-Яах юм, мөд радио эхэлнэ гэтэл
-Чш гээд харин яг тэр үеэр цөмөөрөө
гэртээ байхгүй юм шүү гэлээ. Би
учрыг сайн олсонгүй. Нээрэн ч эжий
дан дээлээ сольж хувцаслаад
уналаа.
-Миний хүү, дүү нараа аваад гарч
бай! гэж эжий хэлэв.
-Ахаа, бид энүүхэнд айлд ороод
ирье та байж байгаарай гэлээ.
Би ерөнхийдөө тааварлаж эхлэв. Дүү
нарыг аваад аав ээж бид гурав
гарлаа. Булан шар тос, нэг гүзээ
цагаан тос аваад Сэрээтэр
захирлынд очиж, хөдөөний идээ
амсуулав. Тэднийд жаахан сууж
байтал репродуктор пажигнаж:
-Алио, алио, улсын нийслэл
Улаанбаатар хотын радио
хорооноос ярьж байна! гээд
нэвтрүүлэг эхэллээ.
-За явцгаая гэж аав хэлэв.
-Яав та нар, суугаач гэж Бадамжав
гуай урилаа.
-Үгүй, үгүй, дараа больё гээд аав
ээжий хоёр гарав. Би ч дүүгээ
дагуулаад гарлаа.
Гэртээ ойрттол хөгшин ах маань
цагаан цамцтайгаа гэр тойрон гүйж
байгаа харагдав. Биднийг хармагцаа
өөдөөс гүйгээд ирэв. Нүд нь
дүрлийчихсэн, амьсгал нь давхацсан,
хүн аймаар харагдав.
Та энэ хүйтнээр дээл, бүсгүй яаж
яваа нь энэ вэ, юу болоо вэ? гэж аав
гэмгүй царайлан асуулаа.
-Үгүй, хөөө... үгүй чи наашраач гэж
аавыг зогсоогоод нэг юм шивнэж
гарав.
Аав инээж
-Үгүй, Гүнсэн, чи энэ ахын хэлж
байгааг дуулж байна
уу. "Танайд юм шүглэчихсэн" гэнэ
шүү гэлээ. Ээжий жуумалзан -Яаж
байна, ахаа гэв.
-Яах юу байх вэ, танайх ойд авдарны
чинь тэнд юм шүглэчихэж, бүр хүн
шиг дуугараад, яриад байна гэлээ.
Ингэж ярихдаа хүүхэд бидэн рүү
хялам хялам харан, биднийг
айлгачих бий гэсэн бололтой аав
ээжий хоёрт л учирлан байлаа.
Аав, ээж хоёр инээж
-Юу юм бол доо, орцгооё гэв. Үүд
нээгээд түрүүлэн орлоо. Ах орох
гэснээ
-Дуугараад байнаа, та нар чинь
дүлий улс уу гээд ухарлаа. Орооч
ахаа, онцын юу дуугараа вэ? гээд
аав гарч ирлээ.
-Юу гэсэн үг вэ, та нар дуулахгүй
байна гэж үү? Эсвэл гэлэн
захтайгаараа би л дуулж байгаа юм
болов уу, осолгүй нэг юм дуугараад
байна даа...
Ах гэрийн бүрээст чихээ наалдуулан
-Тэр... бүр дуулаад уналаа шүү гэв.
Аав сая учрыг нь олсон хүн болж
-Аан, та радиог хэлээд байгаа хүн
байх нь, одоо мэдлээ, манай авдар
дээр байгаа дугариг хар юм дуугарч
байгаа юм шүү дээ. Та ор.ор, би
учрыг нь хэлж өгье гэв.
Ах биднийг дагаж, харваас
зүрхгүйхэн гэрт орлоо.
11. Булаг
Найм, ес хүрээд ирэхээр гэрийн
ажилд аяндаа оролцох хэрэгтэй
болдог. Аав албан ажилтай, ээжий
бага нялх дүү нарыг минь арчилна.
Гэвч гэр зуурын бүх ажил ээжий
дээр. Хүний эх хойно намайг юманд
хүргэхгүй санаатай, үргэлж өөрөө
хөдөлж байна.
Өглөөнөөс аваад үдшийг хүртэл
ээжийгээ би "ёх" гэж байхыг
сонссонгүй. Бие сэтгэл хичнээн ч
зүдэрсэн, дөрвөн мөчөө шархирч
байлаа ч гэсэн тэгж цөхрөн
ёолдоггүй нь эх хүний энэрэнгүй
сэтгэл байжээ.
Миний хийлцдэг ажил бол зуны цагт
өглөө хэдэн сарлаг бэлчээх, өдөр
тугал бяруу харах, хааяа нэг усанд
явах л ажил байлаа. Намын
сургуулийн зүүнтэйд довцгийн дор
нууцхан нэгэн булаг байдаг байлаа.
Тэндээс ус зөөж ууна. Боргилсон
тунгалаг устай, мэлтэрсэн хар нүд
шиг сайхан булаг. Уснаас нь хаврын
цас, намрын хяруу үнэртэнэ. Уухад
газрын хөрсний хүйт ташиж, өвсний
үндэс амтагдана. Булаг руу тонгойн
харах их сонин. Хуруу дарам газар
торгон шороо бужигнаж, огторгуйн
түг түмэн эрхэс орчин хуйларч байх
шиг харагдана. Гэвч нарийвчлан
харваас газрын хөрсний ус боргилон
гарч байгаа нь тэр билээ. Газар
дэлхийн минь уураг сүү шүүрэн
гоожиж байгаа нь тэр ажээ.
Ёроолдоо шороо бужигнавч ус нь
тунгалаг, ус биш шингэн толь шиг
харагдана. Үд дундын нар арайхийж
тэр булгийг олж шагайхад болор
шиг гялтганана.
Ус руу тонгойход ус ч харагдана, чи
өөрөө ч харагдана. Мухар толгойтой,
цулцайсан хацартай, цог шиг
гялтганасан нүдтэй жаал харагдана.
Хүн багадаа тольдох биш. Тольдоно
гэдэг хөгшин хүний ажил. Гэтэл би
багынхаа төрхийг тогтоосон минь
тэр булаг руу л олон дахиж
тонгойсных биз.
Би булгийн дэргэд байх дуртай байж
билээ. Ус авангуутаа дэргэд нь сууж
алсыг гөлрөн элдвийг бодно,
авчирсан ном байвал авч уншина.
Наана цаана нь нөхөдтэйгээ тоглоно.
Амаа цангахаар уснаас нь хутган
ууна. Эрхэлж тоглосоор цагийг
мартана.
Хүн болгонд багадаа тоглох дуртай
байсан газар байдаг бололтой.
Голын эрэг юмуу, модны зах ч юмуу
ээвэр энгэр газар ч юмуу... Дараа нь
тэр газар маань эх орон гэдэг том
үгний хамгийн наад захын тодорхой
агуулга болон санаа сэтгэлийг
эзэлдэг шиг байна. Миний хувьд бол
тэр булаг билээ.
Нэг мэдэхэд ээж дуудаж, гэрийнхээ
тэндээс даллаж байгаа харагдана.
Тэгэхээр нь шалавхан шиг хувингаа
дүүргээд гүйх шахуу очдог сон.
-Цай хоолны цаг болчхоод байхад
эрхэлж алга болчхоод гэж ээж
загнана. Би тэр булгийн дэргэд байх
дуртайгаа юу гэж хэлэх вэ. Өөрөө ч
яагаад тийм дуртайгаа мэдэхгүй юм
чинь.
Булгийн уснаас эх авсан горхи
хоржигнон урссаар өргөн голтой
нийлнэ. Өргөн гол сунаж урссаар
цэлэлзсэн мөрөнтэй нийлнэ.
Цэлэлзсэн цагаан мөрөн зүтгэсээр
гадаад их далайд цутгана. Хувин
багтахгүй амсартай булаг минь
замын хүзүү урттай ажээ. Гадаад
далайн үүлс салхинаа туугдан явсаар
бороо хур болон хаа газар асгарна.
Эх нутгийн минь ч уул талыг тэтгэнэ.
Хурын ус хөрснөө шингэж, газрын
судал судсаар гүйсээр байгаад дахин
нөгөө булаг руугаа ирж өөдөө
бургилан гарна. Ус дандаа ч уруугаа
биш ажээ. Дэлхийг дэгжээн, хүнийг
тэтгэх сүү болон шүүрэн гарна.
Үргэлж залуугаараа байдаг булгийн
ус хүнийг залуужуулах шидийг
хадгална.
Булгийн минь ус тунгалаг цэврээрээ
бага балчраараа байгаа. Би хэзээ
нэгэн цагт тэр булаг руу очно.
Хувингүй, шанагагүй, гар хоосон
очно. Нөгөө мухар толгойтой
цулцайсан хацартай, цог шиг
гялтганасан нүдтэй жаал хүүг олж
харах гэж очно. Танхил бага насаа
булгийн уснаас олж авна.
12. Юм юмны зааг дээр
Тэр үеийн Үлгэр жишээ бага,
сургуулийн хашаа тал шиг тэнүүн
санагддаг байж билээ. Гурван зуун
хүүхэд бужигнаж гүйлдээд байхад
төдий л дунд орсон шинжгүй
харагддагсан.
Сургуулиас бидэнд хар нэхий дээл,
үүрдэг цүнх тавьж өгсөн учир
цөмөөрөө "албаныхаа" хувцсыг
өмсдөг байлаа. Ангидаа ч гэсэн
тайлахыг бараг мэдэхгүй. Ихэнх
хүүхэд дотуур цагаан цамцан дээр
өмсөөд ирнэ. Тэгээд л хичээл
завсарласан үед сургуулийн маань
хашаа моринд гишгүүлсэн
шоргоолжны үүр шиг харагддаг
байв. Үдийн завсарлагаанаар халуун
хоол өгнө. Голцуу шөлтэй хоол өгдөг
байлаа. Харин дээд ангид орох үес
хоол биш цай өгдөг болсон юм. Том
зүсэм талх, нэг домбон ёотон,
сэнжтэй аяга халуун хар өгдөг
боллоо. Тэгээд завсарлагааны хонх
дуугармагц тавиур дээрээс талхны
булангий нь олж шүүрэх гээд
уралдан гүйдэг байв. Бид нар үе үе
махтай хоол өгч байсан цагийг
дурсан ярилцдаг байв. Нэг өдрийн
цайн дээр урьдын сайхан цагийг
дурсан ярьцгаалаа.
-Энэ муусайн банди нараас л болж
байхгүй юу. Цөмөөрөө хар болоод,
сургууль олшроод, хоол унд хүртэхээ
байгаад тэр шүү дээ гэж манай
ангийн Жамсран хэлэв.
Жамсран голын цэнгэлдэхийн
манаачийн хүүхэд, хүрэн сэвхтэй,
шар жаал, юманд түргэн, нэлээд
хөдөлгөөнтэй, яггүй сахилгагүй
нэртэй.
Миний хажууд байсан Аюур,
-Чинийхээр бол банди нар лам
нарын гарт тарчлаад бид махтай
хоол идэж байсан нь дээр байж уу?
гэв.
-Битгий хүний үг мушгиад бай. Энэ
муу ер нь багшид тэгж хэлэх
санаатай байгаа байх шүү гэж
Жамсран хэлээд минийхээр бол
банди нар ч хар болоод бид нар ч
өдрийнхөө хоолтойгоо байсан бол
сайн байсан юм гэв.
Энэ удаа маргах хүн гарсангүй. "Бас
их санаатай эр гарах нь ээ!" гэж
инээлдээд өнгөрөв.
Өглөө, орой хоёр намын сургуулиас
явган явдаг байв. Өвөл ойртож өдөр
богино болсон тул шинээр сурагч
болсон Эрдэнэчимэг бид хоёр дээд
ангийнхнийг бараадахаас өөр
нөхцөлгүй боллоо. Өглөө ч яахав,
сургууль цугладаг цаг ижил тул
цөмөөрөө хот руу цуг алхална.
Бүрнээбаатар, Цэрэндовдон,
Лувсанданзан, Пунцагноров,
Ишханд бид хэд л явах. Орой
сургууль тарах цаг ижилгүй тул
заримдаа тэдний хэн нэгийг нь
хүлээх хэрэгтэй болдог байлаа.
Өглөө дунд сургуулийнхан биднийг
бага сургуулийн хашаанд
оруулчихаад цаашаа явна. Орой хэн
түрүүлж тарсан нь сургуулийн хашаа
юмуу, аль нэг болзсон айлд ирж
дайраад аваад явна. Голын
цэнгэлдэх хүрээд том хүүхдүүд
маань хашааны нь нэгэн банзыг
сөхөж цаанаас нь хайрцагтай "бөхт"
юмуу "хар морьт" гаргаж тамхи
татацгаана. Бид хүлээж байгаад
цаашаа цуг алхалж харина.
Гэртээ ирээд хичээл номоо үзнэ.
Ном уншина, намайг бага сургуульд
байх үед уран зохиолын ном урьд
урьдаас элбэг гардаг болж байв.
Монгол хэл дээр ном хэвлэх ажлыг
Улсын хэвлэлийн хорооноос гадна
Москвад гадаадын үйлдвэрчний
хэвлэлийн газар бас эрхэлдэг
байжээ. Тэнд улс төрийн ном
бүтээхээс гадна "Мянгуужны үлгэр",
"Чин зоригт адуусан амьтны үлгэр",
"15 настай капитан"," Гулливерийн
аялсан түүх" зэрэг номыг гоё сайхан
зураг чимэглэлтэй хэвлэн тус улст
ирүүлдэг байлаа. Мөн улсын
хэвлэлийн хорооноос хэвлэсэн
Л.Кахуны "хөх монголын хөх туг",
Э.Сетон Томпсоны "Бор баавгай",
"Спрингфильдийн үнэг", М.Горькийн
"Хатан ба хан хүү", Л.Толстойн
"Кавказад олзлогдсон хүн" зэрэг ном
зохиолыг туйлын сонирхож, хэд хэд
дахин уншиж байв. 1936 оноос
хэвлэгдэн эхэлсэн "Үндэсний соёлын
зам" гэдэг зураг чимэглэлтэй,
далбагар том сэтгүүлийг дугаар
алгасахгүй уншиж, монголын
зохиолчдын шинэ зохиол бүтээлтэй
танилцаж байлаа. Бас намын "Үнэн",
"Үндэсний эрх" сонины уран
зохиолын буланд хэвлэгдсэн
зохиолуудыг уншина. Тэр булангийн
гарчгийг үзэгний дүрс дээр тогтмол
бичиж хэвлүүлж байсан тул аавыг
сонин бариад ирэхэд нь үзэгтэй
сонин байна уу? гэж лавлан асуудаг
байж билээ.
Тийм "үзэгтэй" сониноос Э.Оюуны
"Уяхан зүрх уруу татав" гэдэг
өгүүллэгийг олж уншсан юм. Дараа
нь тэр Оюун гэдэг зохиолч манай
ангийн нэг хүүхдийн эгч нь гэж
мэдээд тэднийд очихдоо тэр
зохиолч эгчийг олж харах завшаан
хайдаг байж билээ.
Нэгэн өдөр тэдний хашаанд тоглож
байсан нь дугуй цагаан малгай
гилжийлгэж тавьсан, орос маягийн
хувцастай залуу эмэгтэй гаднаас орж
ирээд хойд байшин руугаа алхлан
орсон нь тэр зохиолч эгч байсан
юмсанжээ.
Миний энэхүү бичсэн зүйлийг
толилон буй уншигч та өчүүхэн
намайг үргэлж л бичиг зохиол,
сонссон уншсанаа бичээд байх юм,
лав өөрийгөө дөвийлгөх санаатай
тэгсэн байх гэж битгий бодоорой.
Энэ удаагийн зохиолын минь гол
сэдэв бичиг зохиолтой холбоо бүхий
учраас тэгж байгаа болохоос
мэдээжийн хэрэг ном зохиол
уншихаасаа эрхлэх тоглох минь илүү
байсан байлгүй яахав.
Бидний багын тоглоом одоогийн
хүүхдийнхийг бодоход тоотой байж
дээ. Ачааны модон байшин, эрээн
модон цагариг суулгасан гозгор мод
зэрэг хэдхэн тоглоом л санаанд орох
юм.
Том болоод тоглож байсан тоглоом
гэвэл муур хулгана болох, чоно
тарвагацах, "байлдах", зураг цохих,
лаптуу цохих, өвөл бол тэвэг
өшиглөх зэрэг хэдхэн тоглоом
байлаа. Одоо мартагдсан тоглоом
гэвэл зураг цохих шив дээ. Өмнөд
хил хаагдахаас өмнө 1930-аад оны
үес хятад бараа нэлээд ирдэг байсны
дотор янжуур багагүй ирдэг байжээ.
Самбуутай янжуур, хадмаа янжуур
зэрэг үнэтэй цайтай янжуурын
хайрцаг дотор заавал нэг зураг
байдаг байв. Будмал хүүхний зураг,
ший янгууны баатрын юмуу, барс,
арслан зэрэг араатан амьтны ч зураг
байдаг байлаа.
Хүүхэд бид тэр зургийг цуглуулна.
Зарим маань хэдэн зуун тийм
зурагтай ч байдаг байлаа. Тэгээд тус
бүр тав юмуу арвыг гаргаж
нийлүүлэн нэгэн багц болгож, хоёр
талаас нь шороогоор тогтоогоод
хэдэн метрийн зайнаас хавтгай
чулуу шидэж зоолттой зургийг цохин
онож тоглодог байсан юм. Цохих
зурагнаас зайтай татсан зураасны
цаана хэдэн зураг л гартал цохиж
чадна, тэр бүхэн цохисон хүний олз
болно. Тийм учраас зургийг
гэмтээхгүйгээр хавтгай чулуугаа
гулсуулан хүчтэй шидэх хэрэгтэй
байдаг байлаа. Би орос хүүхэд тэгж
тоглож байхыг үзээгүй боловч
хавтгай чулууг "плитка" гэж оросоор
нэрлэж байсныг бодоход орос
гаралтай тоглоом байсан байх.
Хавтгай, гөлгөр чулуу олох гэж голын
эргээр их явдаг сан. Зарим хүүхэд
билүү шиг сайхан гөлгөр чулуутай,
зарим плитка мэргэн, түргэн гэж
нэртэй бөгөөд нэг сайн чулуу хэдэн
зуун зурагны үнэд хүрдэг байлаа.
Зураг сайн цохидог хүүхэд мэргэн
"плиткаараа" цохиход шороонд
зоолттой байсан багц зураг бутрах ч
үгүй, хавтгай чулуун дээрээ унаж,
чулуутайгаа гулсан зураасны цаана
гарч байдагсан. Тиймэрхүү уран
цохилтыг харахад тэрүүхэндээ бас
бахтай санагддагсан. Сургууль соёл,
эцэг эх нар зураг цохиход ихэд
дургүйцдаг байлаа. Монгол хүн ард
бол хэзээнээсээ хүүхдийг мод
чулуугаар тоглуулах дургүй. Бас ч
зураг, плитка солилцох, даамжраад
булаацалдах зэрэг "хувиа
аргацаасан аж ахуйн" арилжаа
наймаанаас үүсэх хэрүүл шуугиан эх
эцгийн дургүй хүргэдэг байлаа. Гар
хөл үргэлж шороо тоос, сайр болж
байдаг байлаа. Тэгээд л хориг түвэг
мундахгүй байсан биз.
Тэр үед гар бөмбөг тоглох,
тэшүүрээр гулгах, модон морь
харайх, савлуурдах зэрэг биеийн
тамирын тоглоом, дасгал өргөн
дэлгэрч байсан нь намын сургуулийн
сурагчид болон багачуул бидэнд
аажмаар нөлөөлсөөр байв. 15
жилийн ойн наадмаар цэргийн
залуу дарга Гомбосүрэн савлуур
дээр олон эргэсэн учир Дэмид
жанжин түүнийг "Алтан гадас"
одонгоор ч шагнасан гэнэ. Мэргэн
буучийн, биеийн тамирчны зэрэг
тэмдэг. гарч, спорт сонирхогчдыг
шалгаруулах тэмцээн ч их болдог,
урамшуулах шагнал үнэмлэх ч байн
байн өгдөг боллоо.
Гучаад оны дундуурх ихээхэн
хөгжиж байгаад нэгэн хэсэг бараг
мартагдсан спортын нэг бол
шүхрийн спорт билээ. Онгоцоор
сонин хэвлэл тараахгүйгээр, шүхрээр
залуучууд харайхгүйгээр ямар нэгэн
баяр наадам болдоггүй байв. Анхны
эмэгтэй нисэгчид, шүхэрчдийн тухай
сонин хэвлэлд их бичдэг, зураг
хөргий нь олонтаа тавьдаг байв.
1932 оны эсэргүү бослогыг дарахад,
1935 оны өвөл БНМАУ-ын хилийг
зөрчсөн япон манжийн
цэргийнхнийг таягдан хаяхад онцгой
гавьяа байгуулсан нисгэгч
Шагдарсүрэн, агаарын баатар
Дэмбэрэл нарын нэр алдар орон
даяр түгэн тархаж байсан тэр үес
залуучуудын аль сэргэлэн цовоо нь
нисэгч болох гэж дурладаг байсан нь
арга ч үгүй юм байхаа даа.
Баярын жагсаал юмуу, наадмын
талбай дээгүүр нисэн өнгөрч байгаа
онгоцноос сонин хаялахад хүмүүс
цөм хуйлран дайрч, бие биенээсээ
өрсөлдөн авч, сонин олж авсан нэг
нь их л олзуурхдагсан. Энэ зуны
наадам дээр аанай л онгоцноос
сонин хаялав. Онгоц их дээр ч явсан
байх, салхитай ч байсан санагдана,
хаялсан олон сонин нь агаарт
аажмаар хийссээр наадмын
талбайгаас асар хол, Буянт-Ухаагийн
цаад руу унаж байгаа харагдав.
Тэгсэн нь намын сургуулийн асрын
дэргэд байсан нэг өвгөн:
-Аль вэ, миний хүү мордоорой, тэр
сонингоос аваад ир! гэж дэргэдээ
байгаа залуу хархүүд хэлэв. Цаадах
нь залхуурсан бололтой
-Тээр хол унаж байгаа юм руу яаж
явдаг юм... намайг очсоор байтал
амьтан авчих байлгүй гэж хэлэв.
-Яв, яв! Тэнгэрээс бууж байгаа
юмнаас хүртэхгүй өнгөрнө гэж юу
гэсэн үг вэ? гэж өвгөн уцаарлаж,
хүүгээ мордуулж байсныг санаж
байна.
Бас л тэр зундаа, манайх зусланд
гарчхаад байсан нь хойд айлд зочи
лам ирсэн гэнэ. Юу байдгийг
сонирхон орвол нэгэн лухгар тарган
лам сууж байв. Тэр лам нүүр рүүгээ
унжсан хар туузтай жошоо
толгойдоо углаж байв. Бугуйгаараа
утсаар зангидсан юм шиг мариатай
булцгар гараа буулгаж, том хар
дамар, хүний чөмгөөр хийсэн
гандангаа ойртуулж байхад нь
айлынх өрхөө бүтээв. Зочи лам
баргил дуугаар уншлага эхэлж,
дамраа цохиж, үе үе гандангаа
ёнгинуулна. Харанхуй гэрт үл
мэдэгдэх уншлага хүнгэнэж, айдас
хүрэм дуу чимээ гарч, толгойтой үс
өрвиймөөр байлаа. Гэтэл ламын
баргил дууг даран мотор хүржигнэж
гэрийн дээгүүр онгоц нисэв.
Томчуулыг хориглож амжаагүй
байтал гэрт байсан хүүхэд бид
хашгиралдан гарч харвал хөх
тэнгэрийн уудамд хоёр далавчит
онгоц дүүлэн нисч байв. Онгоц
төдий л өндөрт биш нисэх бөгөөд үе
үе хазайхад нь жолоодож яваа хүн
нь, ардаа байгаа хүнтэйгээ цуг
тодхон харагдаж байлаа.
Хэдий ч болсон юм, лав л зочи лам
уншлагаа гүйцсэн бололтой. Нөгөө
айл өрхөө татаж, гэрт байсан хүмүүс
гарч биднийг ном гүрэм үймүүлж,
үүд хаалга онголзуулсан хэмээн
загнаж гарав. Ялангуяа тэр айлын
нэг доголон өвгөн бусдаас илүү
давшлан загнаж байв. "Одоо цагийн
багачуул" гэж тэр уур хилэн болсон
улсын гаргаж нэрлэсэн томъёололд
багтсан бид хэд номой хүлцэнгүй
дүр үзүүлэн зогсовч тэдний загнахыг
сонсохгүй агаарт дүүлэх онгоц руу л
ширтэн байлаа. .
Тэгтэл онгоцноос жижигхэн хар юм
тасран унаснаа гэнэт дээрээ
бөмбийсөн цагаан юмтай болоод
аажмаар доошлов. Бөмбөгөр цагаан
юм нь наранд гялбаж тэнгэрийн
дэвсгэр дээр соньхон харагдана.
-Парашют! Парашютаар бууж байна!
гэж улс амьтан шуугилдав. Гэртээ
байсан зарим нь ч гэрээсээ гараад
ирэв. Шүхэртэй хүн доошилсоор
манайхнаас жаахан зайтай буусан
хэдэн айлын цаад руу далдрав. Бид
хар хурдаараа гүйлдэн аахилан
амьсгаадаж очвоос савхин
малгайтай хөх өмд цамцтай хүн
далбайсан цагаан даавууны дэргэд
зогсож байлаа.
Бидний араас томчуул ч ирэв.
Хамгийн сүүлд сая ном гүрэм
уншуулсан хойд айлын маань өвгөн
майжигнан ирж шүхрээр буусан
хүнийг дүрлийтэл ширтэж тэнгэрийн
элч буугаад ирсэн юм аятай гөлрөн
зогсов. Шүхрээр буусан хүн савхин
малгайгаа автал эмэгтэй хүний урт
үс доошоогоо сэвсхийн унаж хоёр
мөрийг нь бүрхлээ. Долгиотсон
үсний нь хажуу хэсэг урьхан салхинд
халиуран хийсэх нь тодхон байв. . -
Эмэгтэй юм
-Бүсгүй юм, бурхан минь! гэж хүн
бүхэн дуун алдав.
Хойд айлын өвгөн тулж очоод гар
хөлийг нь хамаа намаагүй базалж
барилж,
-Бэртээгүй биз дээ, ийм ч томоогүй
охин байх гэж хэмээн үглэнэ.
Нөгөө эмэгтэй шүдээ яралзуулан тас
тас хөхөрснөө гэнэт больж
-За нөхдөө! гээд онгоц, шүхрийн
тухай болон манай нисэх хүчний
тухай яриа хийж гарав. Бодвол, тэгж
ухуулга таниулга хийх даалгавартай
ч байсан биз.
Удсан ч үгүй хар шилэн тэрэг ирж,
хигээсэлсэн утсаар татсан далбагар
даавууг эвхэж, бадарчны үүргэвч
шиг дөрвөлжин юм болгон авч
шүхэрчин бүсгүйг суулгаад явчихав.
Түүнийг явсны дараа ч тэнд цугласан
улс тархалгүй шүхрийн тухай, эрдэм
соёлын тухай яриа болцгоож
байлаа. Түрүүн "одоо цагийн
багачуул" гээд бидний дэггүй
тархигүйг гайхан бусдаас онцгой их
загнаж байсан хойд айлын өвгөн
мөнөөхөн "одоо цагийн багачуулын"
эрдэм чадлын тухай хүнээс
хожидчих бий гэсэн юм шиг ам
булаалдан шагширч байхыг харахад
нэг бодлын инээд хүрмээр ч юм шиг,
нөгөө бодлын өрөвдмөөр ч юм шиг.
Лав л зочи лам санаанаас нь
арилсан бололтой байв. Ийнхүү
шинэ хуучин хоёрын зөрчил
амьдралын үйл явдлаар бишгүй
илэрдэг байлаа. Тэр нь хүүхэд
бидний нүдэнд ч тодхон тусдаг сан.
Дашчойнхорын хийдийн цамд аав
бид хоёр очив. Аав тэнд сүсэгтэн
олны дунд ухуулга таниулга хийх
даалгавартай явжээ. Намын
сургуулийн захирал
М.Ядамсүрэнгийн хар тэргээр
Ядамсүрэн гуай бид хэд хийд рүү
очив. Аав машинаас буухдаа эгшигт
хайрцаг бариад буув. Биднийг
очиход сүмийн гадаа цам жахар нь
эхэлчихсэн байж билээ. Аав сүмийн
намхан хэрэм өөд авиран гарч
хэрэм дээр хөндлөн суугаад хоёр
өвдөгнийхөө хооронд эгшигт
хайрцгаа хавчин пянз тавьж эхлэв.
Ичинхорлоо гуай "Гуалин гуа"
дуулав. Төмөр дуучин "Дөмөнг"
дуулав. Цам үзэж байсан улс
ханаран ирж эгшигт хайрцаг
сонирхон дуучны ур чадварыг
магтан шуугилдаж байлаа.
Аав хэдэн пянз тавьчихаад, хийдийн
асарт хаалганы ирмэг дээр эгшигт
хайрцгаа тогтоож, өөрөө мөн асрын
урт модноос түшин нөгөө хэрмэн
дээрээ тэнцэн ядан зогсож,
-Нөхдөө, шарын шашны том толгой
харгис лам нар болбоос... хэмээн
ухуулга яриагаа эхлэхэд цугласан
хүмүүс хамаандлуулсан мэт ханаран
эргэж цөм сонирхохоо больж
тарцгаав.
Аав арга буюу буцан сууж, эгшигт
хайрцгаа хоёр өвдгөөрөө хавчин
дахин пянз тавихад нөгөө тараад
явчихсан улс дахин цугларав. Тэгээд
ухуулга яриагаа эхлэх гэж
өндөлзөхөд нь мөн л тархаж эхлэв.
Ийнхүү хэд дахин боссоны дараа аав
маань дороо хүнгүй хэр нь хэрмэн
дээрээс ухуулга яриагаа хийж эхлэв.
Сонссон ч хүнгүй, сонжиж шоолсон ч
хүнгүй, хий агаарт л ухуулга хийж
байлаа. Дор нь Ядамсүрэн гуай, цуг
ирсэн хоёр сурагч, бид дөрөв л
үлджээ.
Ядамсүрэн гуай нэг хэсэг мишээн
чагнаснаа
-За, за боль доо. Бид хэдэд ухуулга
хийгээд яах юм, тэртэй тэргүй
гэгээрсэн улс гэв. Аав эхлээд эгшигт
хайрцгаа доороо байгаа сурагчид
өгч, дараа нь өөрөө үсрэн бууж
ирээд яггүй шаралхсан байртай, -
Даанч нугалаа болно байх л даа.
Түүнээс биш цамынх нь хувцаснаас
өмсөж гарч ирээд ухуулга хийх
юмсан гэлээ.
Ядамсүрэн гуай инээмсэглэж
байснаа царайгаа төв болгож
-Хэдэн зуун хүн өнөөдөр эгшигт
хайрцаг үзлээ, дуугарахыг нь
сонслоо. Энэ ч бас нэгэн ёсны
ухуулга шүү дээ. Бидний яриа
таниулгаас ч хүчтэй ухуулга болсон
байж болзошгүй гэв.
Аав, яахав ажил нь бүтээгүй хүн учир
тэр үгийг эргэцүүлэн бодсон,
ойшоосон шинжгүй,
-Тэгж л хотын намын хороонд
тайлагнахаас даа гэж билээ.
Гучаад он гэдэг юм юмны заагийн үе
байжээ. Хуучин бүхэн арилаагүй
боловч төлгүй болсон, шинэ бүхэн
дийлээгүй боловч ялахын тавилан
бүрдсэн үе байсан юм шиг надад
санагддаг юм.
13. Наадам дээр дайралдсан хүн
1936 оны зун ардын хувьсгалын 15
жилийн ойг орон даяар ёслон
тэмдэглэв. Манай орны түүхэнд
үнэхээр тэмдэглэлтэй ой боллоо.
Тэр зун Буянт-Ухаагийн тэнүүн
хөндийд цагаан гэр, хөх майхан,
эрээн асар ярайж, "Цэргийн наадам"
хийлээ. Хоёр долоо хоногийн турш
үргэлжилсэн наадмын үеэр цэргийн
жагсаал, хээрийн сургууль болов.
Хот, хөдөөд үй түмэн бөхийн
барилдаан, хурдан морины
уралдаан, сур харваан зэрэг
үндэсний спортын тэмцээнээс гадна
биеийн тамирын тоглолт тэмцээн
сонирхон байлаа. 15 жилийн ойгоор
олон хүн одон медаль, үнэ бүхий
зүйлээр шагнуулав. Тусгай тэмдэг ч
гарав. Тэр нь ойн медалиудын анх
түрүү нь боллоо.
Тэгэхэд наадам баяр хийдэг газар
"яармаг" гэж нэртэй байлаа. Төвийн
хамаг хоршоо дэлгүүр тийшээ нүүн
очиж худалдаа хийдэг учир тийм
нэртэй байсан байх. Хоршоо
дэлгүүрт орос, хятад, герман бараа
их гардаг байв.
Наадмын талбайн наад талд хэдэн
эгнээ асар барьж үзэсгэлэн, ухуулах
байр зэргийг байрлуулжээ.
Хувьсгалын 20 жилийн ойгоор
үзэсгэлэнгийн байрыг шинэчилж,
модон асар болгосон бөгөөд 1936
онд Буянт-ухаад модон барилга
гэвэл нэг хоёрын зэрэг хоршоо
дэлгүүр, монгол тээхийн үзэсгэлэн
байрлуулсан том модон машинаас
өөр юм байгаагүй.
Намын сургууль Арцатын амны
харалдаа хэдэн гэр майхантай
гарав. Ер нь хотын бүх яам тамгын
газар тийнхүү гэр майхантай гарч
наадам тархтал алба ажлаа тэнд
явуулдаг байлаа. Алба ажил
багавтар байсан бололтой.
Буянт-Ухаагийн урд энгэрээр битүү
гэр майхан, тэнд уяачид байна. Бас
хятад гуанз, монгол хоолны газар
элбэг. Ойролцоо хэдэн сумынхан
тарган малаа тууж ирж, мөнгө төгрөг
торго дурдан болгон хувиргаж авдаг
газар их байв.
Соёл урлагийн тоглолт, биеийн
тамирын тэмцээн өглөөнөөс аваад
шөнө дөл болтол үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн асрын гадаа гуулин
хөгжим эгшиглэж "хүмүүн
төрөлхтөн", "задгай цагаан үүл"
зэрэг дууны аялгуугаар монгол танц
хийж хос хосоор эргэлдэнэ.
Фокстрот, вальс зэрэг танц бүжиг
нэвтрэн орж ирж байсан үе учир
хүмүүс дуртайяа заалган бүжиглэж
байгаа нь хааяагүй харагдана.
Дасаагүй түргэн хөдөлгөөнтэй "танц"
хэмээх бүжгийг зуны халуун наранд
хийцгээж эрэгтэй эмэгтэйгүй наранд
гандсан царай гаргаж, дурдан
алчуураар үе үе хөлсөө арчин
бүжиглэцгээнэ. Танц гэдэг хүчтэй
ажээ. Цэргийн дарга нар хүртэл
дүрмийг зөрчин энгэр заамаа задгай
тавиад, малгайныхаа саравчийг ар
шил рүүгээ эргүүлэн хаяж, гялалзсан
хар гутлаа саарал болгон бүжиглэж
байгаа нь соньхон харагддагсан.
Бүжиглэж байгаа улсыг сонирхон
явган морьтой улс хүрээлэн зогсоно.
Бүжиг танц тэдэнд нөгөө л ший
жүжиг мэт үзмэрийн зүйл байсан
ажээ. Хоргой эмжээртэй бүрх
малгай өмссөн, бүдүүн хар гэзгэндээ
сувдан даруулга зүүсэн, сувдан сам,
зүү болсон хот, хөдөөний хөөрхөн
охид мориныхоо аль өөдтэй
алхаатайгаас нь унаж, арав
хориороо эгнэн явах нь хэний ч
нүдийг булаах ажээ.
Гэвч 10-11 насны хэдэн жаал танц
бүжиг үл анхааран ямар нэгэн
хүнийг эрсэн мэт, наадамчин
бүхнийг ширтэн ажиж, нааш цааш
гүйлдэн байв. Юун хүүхдүүд вэ?
гэвэл бага сургуулийн хоёрдугаар
ангийн хэсэг сурагчид наадамд
оролцохоор хот хөдөөнөөс ирсэн
улсын дотроос Гонгор баатар гэдэг
хүнийг олж бараа царайгий нь харах
гэж яваа нь энэ гэнэ.
1935-1936 оны өвөл Япон-Манжийн
зүгээс монголын дархан хил хязгаар
руу өнгөлзөх явдал ширүүсч үе үе
зэвсэгт.мөргөлдөөнд хүрдэг болжээ.
Нэгэн шөнө хилийн харуулд'гарсан
Гонгор гэдэг тасгийн дарга дайсны
"10 гаруй цэрэгтэй байлдаж эрэлхэг
гавьяа байгуулсан тухай мэдээ өргөн
даяар түгэн тархав. Улсын бага
хурлаас Гонгорт БНМАУ-ын зоригт
баатар цол шагнаж, түүний тухай
сонин сэтгүүл бүхэнд мэдээ
материал нийтлэгджээ. Пионерийн
"Залгамжлагч" сэтгүүлд Гонгор
баатрын тухай бас гарсан юм.
Гонгор гуай бол биднийг ухамсартай
болсон цагаас хойш нэр цууриатсан
анхны баатар билээ. Тэгээд ч хүүхэд
багачууд бид зөвлөлтийн кино
бүтээлээр дамжин танилцсан
чавхааеваас (Чапаев) гадна Гонгор
болж тоглох их дуртай байсан юм.
Хэрэв үнэн Гонгор |арван дайсантай
тулалдсан бол "Гонгор" болж тоглох
аз дайрсан хүүхэд хэдэн арван
дайсантай тулалддаг байлаа.
Тэгсэн нь сургууль тархаж дараа нь
наадам болов. Наадам дээр
ангийнхаа хэд хэдэн хүүхэдтэй
тааралдаж, өдөр бүр хамтран
наадам үздэг, улаан булан хэсч
асуулт хариултын сугаа сугалж,
мэдэж чадах юмаа хариулж, дэвтэр,
харандаа, чихрээр шагнуулан
явцгаадаг байлаа.
Гэтэл нэг өдөр манай ангийн Санжаа
гэдэг хүүхэд цэрэгт байдаг ахаасаа
сонин юм дуулж иржээ. Наадамд
Гонгор баатар ирсэн гэнэ. Наадмын
талбай дээр түүнийг машинтай
ирмэгц хоёр эгнээ жагссан цэрэг
хүлээн авч, машинаас буухтай нь
зэрэг дундаа хийн гар дээрээ өргөн
Дэмид жанжин зогсож байсан индэр
хүртэл "ура" хашгиран бие биендээ
дамжуулан шидсээр хүргэжээ.
Сүүлийн хоёр цэрэг Гонгор баатрыг
газар тавихад товхийтэл зогсоод
жанжинд рабортлан ёсолжээ.
Дэмид түүнийг тэврэн авч үнссэн
гэнэ.
Үүнийг сонсмогц бид баатрыг олж
уулзах хүсэл зориг машид бадарсан
билээ. Түм түжигнэсэн бум
бужигнасан энэ наадам дээрээс яаж
нэг хүнийг олж уулзах вэ. Зураг хөрөг
сонирхоод үзэсгэлэнгийн асраар
явна уу, урьдах амны айлаар хэсч
айраг тараг ууж явна уу, тэмцээн
уралдааны газраар явна уу, бүү мэд.
Амьтан хүнээс асууж сураглаж ч
үзлээ. Мэдэх хэлэх хүн
тааралддаггүй. Хоёр гурван өдөр
тэгж ямар ч үр дүнгүй холхисны
дараа Аюур гэдэг монгол .найз минь
хэллээ шүү.
-Бид мөн тэнэг улс юмаа гэж байх
юм.
-Юу? яагаав? гэж бид хэд тал талаас
нь хоргоов.
-Бөхийн талбай дээр очиж байхгүй.
Тэр чинь баатар хүн, лут том эр
байгаа... барилдах л гэж ирсэн
байлгүй.
Бөхийн талбай дээр очиж, бөхийн
хорхойтонд загнуулан зүтгэсээр
байгаад хөх эрээн асрын хамгийн
урд талд гарч сууцгаав.
-Гонгор барилдаагүй биз!
-Ямар Гонгор
-Баатар Гонгор... та чинь мэддэггүй
юм уу?
-Мэдэхгүй яахав... харин барилдана
гэж мэдээгүй юм. Ёстой сайхан
наадам болох нь дээ гэж хөдөөний
бололтой өвгөн хэлэв.
-Манай хэдэн бөх ч тэгвэл өнгөрчээ
гэж залуу лам үглэлээ. Амьтан
инээлдэв. "Гонгор баатар барилдах
юм гэнэ" гэж ам амандаа ярив. Тэр
жилийн наадамд тэнхээтэй банди
нар орж, эхний даваанд нэлээд хэд
нь давж байсан болохоор Гонгор
баатрыг барилдах тухай сонссон
цэргийн залуучууд, харчуул илтэд
сэтгэл хангалуун царай гаргаж, бие
биендээ саяын сонинг дамжуулж
байлаа_
-Үдээс өмнө нэгийн даваа шувтрах
юм гэнэ лээ...
-Тэгвэл одоо л гарна даа... за, нэг
бараагий нь харья, тарган ат шиг
амьтан байгаа байх даа гэж хүмүүс
ярилцана. Бөхчүүд гараад л байдаг.
Давах нь даваад, унах нь унаад л
байдаг. Тэгсэн нь нэгийн даваа
шувтарлаа гэнэ.
-Нөгөө баатар яасан бэ?
-Үгүй, нээрэн... чи юу гэж худлаа
яриад байсан этгээд вэ? гэж нэг
залуу хажуудах хүндээ ширүүн хэлэв.
-Би ямар тэгсэн юм уу? Энэ улс л
яриад байсан...
-Хэн түрүүлж цуурхал тараасан бэ?
-Энд байсан хэдэн хүүхэд хайчив?
Амьтныг ингэж шуугилдаж байхад,
чухам ямар дүнд хүрэхээ хүлээлгүй,
бид хэд аль хэдийн даавуу асрын
хаяагаар гараад явчихсан байв.
Маргааш нь бид хэд дахиад л
цуглахад Санжаа хэлсэн
нь:
-Ах ингэж байна. Та нар үнэхээр
Гонгортой уулзъя гээ бодож байвал
цэргийн дарга нараас сураглаад яв.
Лав мэдэх хүн таарна гэсэн... гэв.
Бас л учиртай үг санагдав. Наадамд
цугласан улс дотор цэрэг хувцастай
хүн хаа л харагдана бидний нэг нь
очиж
-Ахаа, Гонгор баатрыг хараагүй биз?
гэж сурагладаг байв. Уулзсан
тааралдсан дарга цэрэг "Үгүй" гэх
юм. Зарим нь "өглөө манай анги
дээр очсон, одоо хаа байгаагий нь
мэдэхгүй" л гэх юм. Бид бүр
цөхрөнгөө барлаа. Сүүлдээ хүн
болгоноос сураглахаа ч бараг
болилоо. Аанай л "Үгүй" гэнэ,
асуугаад ч яах юм гэж бодох болов.
Үдээс хойш цэргийн үзэсгэлэнгийн
үүд хавиар эргэлдэж байтал
залуухан бага дарга өөдөөс алхаад
ирлээ. Бид бага дарга нарыг тоож
асуухаа ч больсон улс. Гэтэл хэн
маань ч юм асуугаатахжээ.
Тэгсэн харин
-Гонгороо! Намайг л лав Гонгор
гэдэг юм гэв.
-Таныг биш ээ, бид өнөө улсын
баатар Гонгорыг сураглаж явна.
-Улсын баатар Гонгорыг сураглаж
яваа бол намайг л болж таарах нь
дээ гээд залуу дарга бидэн рүү
харахад нарийхан хөмсөг нь үл
мэдэг хөдөлсхийн нүүрэнд нь
сонирхож гайхсан төлөв оруулж
байлаа. Бидний өмнө алаг
петлицтэй, ногоон цамцтай, хөх
галифе өмдтэй залуухан дарга
зогсож байв. Дунд зэргийн нуруутай
юм. Туранхайвтар, харахуйц тэнхээ
тамир багатай болов уу гэмээр хүн.
Бид бие бие рүүгээ нэг харснаа,
-Арай ч худлаа байхаа гэж Аюур
хэлэв. Аюур бидэн дундаа нэлээд
хэлэмгий нүүрэмгий нь. Тийм ч
учраас мань мэтийн багачуудын
дунд хамгийн нэр хүндтэй ахлах
жанжлах барилтай нь билээ.
-Та баатар юм бол яагаад одонгүй
байгаа юм? гэж Санжаа лавлав.
Цэргийн хүний дүү тул баатар хүн
одон зүүж явах ёстойг тэр сайн
мэдэх ажээ.
-Өдөр болгон зүүх ч албагүй шүү дээ.
Нүх нь энэ байна, харахгүй юу гэж
цамцныхаа энгэр дээрх жижиг нүх
рүү заав. Гэвч түүний онигор бор
нүд нь битүүхэндээ инээгээд байх
шиг харагдав.
-Нүх ч яахав ээ, мэргэн буучийн
тэмдэгнийх ч байж болно.
-За, за надад маргах зав алга. Хүн ер
нь хүний нэр бариад яах ч юм билээ
дээ гэж бага дарга хэлээд яваад
өгчихөв. Хэдийгээр тэгж хэлсэн
боловч баатар гэдэгт нь бид л лав
итгэсэнгүй.
Гэвч тэр залуу дарга үнэхээр Гонгор
баатар байжээ. Үүнийг бид арваад
жилийн дараа танилцсан хойноо
мэдсэн юм. Жирэвгэр хөмсөгтэй,
онигордуу нүдтэй.сэргэлэн царайгий
нь хараад л таньсан юм.
Сүүлд нь бүр дотно танилцаж тэр
хүний тухай сонинд ч бичлээ.
Сурвалжилж байхдаа шөнийн
тулалдааны тухай ч яриулав.
Маршал Дэмид, Чойбалсан, ЗХУ-ын
анхны маршал К.Ворошиловтой
уулзаж учирч явсныг нь ч яриулав.
Хуучилж дууссаны дараа 1936 оны
зун наадам дээр анх учирснаа би
ярив. Гонгор гуай инээд алдаж
-Нээрэн тийм шүү дээ, та нар намайг
бүр хүний нэр барьдаг зальтай
амьтан гээгүй юү! гэв.
-Арай ч тэгээгүй, гэхдээ тэгж бодсон
юм шүү гэв.
-Тэгж бодсон хойно, тэгсэнтэй ялгаа
юу байх вэ гэж хувьсгалын 15
жилийн ойгоор улсын наадам дээр
танилцсан хүн маань хэлэв.
14. Магаллен хаагуур гарсан бэ?
Магаллен! Аугаа их далайчны энэ
нэр амьдралд минь бас л дурсгалтай
явдал лугаа холбогдон үлдсэн билээ.
Би тэгэхэд бага сургуулийн
гуравдугаар ангийн сурагч байлаа.
Манай ангид Жамсран гэж нэг
хүүхэд байдаг байв. Голын
цэнгэлдэхийн манаачийн хүү. Голын
(цэнгэлдэх зам дээр учир бид
цаанаас, намын сургуулиас Ирэх
замдаа заавал дайралддаг байлаа.
Харин тэр намар Жамсран бидэнтэй
дайралдсан дороо голын
цэнгэлдэхийн хашаа ороож алга
болчихдог болов. Урд нь дандаа цуг
яваад байдаг байсан юм, тэр намар
харин бараагаа нэг харуулж алга
болчхоод, биднийг сургуульдаа
ирэхэд аль хэдийн ирчихсэн, хашаан
дотор тоглож байдаг байв.
-Чи яагаад түрүүлж алга болчхоод
байна вэ? гэж асуухад
-Яасан ч юмгүй, би их түргэн
болчихсон, та нар мэлхий шиг удаан
явдаг болохоор хүлээж байх
яршигтай юм гэж тэр хэлнэ.
Гэвч энэ тайлбар надад хангалттай
биш байлаа. Хэрэв Түргэн явдаг
болчихсон юм бол ямар аргаар яаж
явдгийг нь мэдэхсэн, үгүй юм бол
чухам яагаад дандаа биднээс
түрүүлчхээд байна. Тэрнийг нь мэдэх
юмсан гэж бодогдоод байдаг
болчхов. Өглөө болгон Жамсран
бидэнд нэг харагдаад алга
болчихдог хэвээрээ байв. Бид дунд
голын улаан гүүрээр гараад, аль
байдгаараа алхалсаар сургуульдаа
ирэхэд Жамсран аль хэдийн
ирчихсэн залирхаг бор нүдээ
жартайлгаж, ёжтой инээгээд угтдаг
байлаа. Зарим өглөө бид гүйхээрээ
гүйсээр ч ирж үзлээ. Сургуулийн
хашаагаар ороод харахад
Жамсрангийн түнтгэр толгой,
сэвхтэй нүүр хамгийн түрүүн нүдэнд
тусдаг байлаа.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Одоо
миний ярих гэж байгаа үйл явдал
400 гаруй жилийн өмнө болжээ.
1519 оны есдүгээр сарын 20-ны өдөр
Испанийн Севилья хотын боомтоос
гадаад далайн таван хөлөг онгоц
хөдөлж, далайг чиглэн гарчээ.
Гурван жилийн дараа таван
онгоцноос нэг нь, хоёр зуун жаран
таван хүнээс туйлдаж ядарсан
хэдхэн хүн иржээ. Өмнөд
Америкийн урд хэсэгт ямар нэгэн
хоолой олж цааш явж, бусад тив
хүрэх дөт зам нээх зорилго өмнөө
тавьж гарсан эрэлхэг португали
далайч генерал-ахмад Фернан
Магаллен эргэж ирсэнгүй. Гэвч тэр
хүн Өмнөд Америкийн хошууг ороон
гарах хоолой олж үнэхээрийн дөт
зам нээн чадсан учир хүн төрөлхтөн
тэр хоолойг Магелланы нэрээр
нэрлэжээ. Түүгээр ч үл барам
Испаниас өрнө зүгийг барьж гарсан
таван онгоцны нэг нь нэгэн зүгийг
барин явсаар эгэн ирэхдээ Испани
нутгийнхаа дорнод талаас иржээ.
Тийнхүү замдаа амь үрэгдсэн
генерал ахмад Магелланы далайчид
анх удаа эх дэлхийгээ бүтэн
тойрсоор иржээ.
Өгүүлэх нь: Шар Жамсран хаагуур
ямар жалгаар нуугдаж яваад дунд
голын гүүрээр бидэнд харагдахгүй
хэрхэн гарч, сургуульдаа"түрүүлэн
ирээд байна вэ гэдэг асуулт миний
бодлыг үе үе эзэлдэг болов. Тэрний
тэгж мэргэн түргэн болсон нь ч
яахав, шал худал хэрэг.
Нэг өдөр би хичээл дээр сууж
байгаад, бодсоор байгаад учрыг
олох шиг болов. Газар зүйн хичээл
болж Долгормаа багш самбар дээр
дэлгэн өлгөсөн газрын зураг дээр
нэгэн юм зааж л байлаа.
Би Жамсрангийн явдаг замыг
бодсоор суув. Голын цэнгэлдэхийн
хойно том жалга бий. Тэрнийг
дагаж, нуугдан гүйсээр сургуулийн
харалдаа Дунд гол дээр ирдэг байх
нь. Тэр хооронд нь бид цаашаагаа
гүүр рүү дөнгөж эргэдэг байх нь.
Жамсран (гуталтайгаа ч юмуу, гутлаа
тайлаад ч юмуу) голыг туулан гарч
ирдэг байх нь. Нэгэнт голоор
гарчихвал сургууль руу гүйгээд ирэх
юу байх вэ? Бид тэр хооронд дөнгөж
гүүрээр гараад сургууль руугаа эргэж
таарах нь... түрүүлдэг нь арга байж
уу?
Ингэж бодоод, Жамсранг
дараагийнх завсарлагаан дээр ганц
сайн илрүүлж, олны өмнө даапаалъя
даа гэж бодов.
-Чимид!
Хажуу талын хүүхэд тохой руу
түлхэв. Тэгэхтэй зэрэг дунд голын
гүүр биш, газрын зураг өлгөсөн
самбар нүдэнд туслаа. Багш над руу
эгц хараад зогсож байх юм... бодвол
юм асуусан бололтой. Би босов.
Багш над руу хандаж
-За хэлээч, хаагуур гарсан гэлээ? гэв.
-Аан... Голын усаар... Дунд голыг
гатлаад, багшаа гэж би хариулав.
Ангийн хүүхдүүд нирхийтэл инээв.
Багшийн нүүр ч нэг ондоо болж, үл
мэдэг жуумалзсанаа,
-Магеллан дунд голоор гараа юу? Чи
ер нь хичээл дээр юу хийж, юу
бодож суудаг хүн бэ? гэлээ.
...Харин хүйтэрч, дунд голын мөс
хөлдөөд голын мөсөн дээгүүр гарч
сургуульдаа ирдэг болсноос хойш,
Жамсран биднээс түрүүлэхээ больж
билээ. Голын цэнгэлдэхийн арын
жалгыг бид нэг хэсэгтээ
Жамсрангийн жалга гэдэг болов.
Одоо тэр явдал бараг мартагджээ.
Харин Магелланы хоолой хаа
байдаг, яагаад тийм нэртэй болсныг
би хэзээ ч мартахгүйгээр тогтоожээ.
15. Маршал Чойбалсантай уулзсан
минь
1938 оны дөрөвдүгээр сарын 29
билээ. Хаврын нар ээж, сургуулийн
хашааны өнцөг булан хавиар хүүхэд
бидний үймдэг цөөн газраар нялх
ногоо соёлж, мөдхөн ирэх зуны
улирлыг урин залан дуудан байв.
Бид сургуулийн хашаанд майн
нэгний жагсаалд бэлтгэн сургуулилж
байв. Анги ангиараа жагсаж нааш
цааш маршлан алхална. Хэдэн
цагийн хичээлийн дараа тэгж алхлах
урамтай сайхан байдаг байлаа.
1938 он... Испанийн бүгд найрамдах
улсынхан фашист цэргийн эрхтний
эсрэг баатарлагаар тэмцэж байсан
цаг. Тэр тэмцэл даанч хүч тэнцүүгүй
байлаа. Бүгд Найрамдах Улсын эсрэг
дотоодын урвагчид, Герман,
Италийн фашистууд хүч хавсран
дайрч байлаа.
Фашизмын эсрэг ууган тулалдаан!
Тэр тулалдааны нүсэр чимээ
монголын уудам нутаг даяар
цууриалж, дорнод хил дээр үе үе
нижигнэн байгаа тулалдаантай
чимээ нийлж байлаа. Монголын
дорнод хилд тулан ирсэн Японы
самуурай нар БНМАУ-ын хилийг
ямагт зөрчиж, зарим цагт ширүүн
тулалдаан болдог байв. Энэ бүхэн
багачуул хүүхэд бидний сэтгэлийг
хөдөлгөн эзэмдэж байсан юм.
Майн жагсаалд бэлдэж, "нэг, хоёр!"
гэдэг команд сонсон алхалж явахад
испанийн бүгд найрамдах улсын-
ханд туслахаар яваа юм шиг ч
санагдана. Дорнодын морин
дивизийн тоосон дунд хатиран явах
шиг ч санагдана.
Жич хэлэхэд тэр үес би анх шүлэг
бичих эрмэлзлэл төрж, Мөнгөний
Чимид багшийн удирддаг уран
зохиолын бүлгэмд орсон жил билээ.
Уран зохиолын бүлгэмийн
хүүхдүүдийн бичдэг шүлэг одоо
бодоход сэдвийн хувьд даанч явцуу
байжээ. Жилийн дөрвөн улирал,
сургууль соёлыг магтан бичих буюу
лам нар эсэргүү нарыг шүүмжлэн
бичих зэрэг л байв. Тэр үеийн сонин
сэтгүүлийг ч аваад үзсэн,
"томчуулын" бичиж байсан шүлэг
зохиолын сэдэв мөн л тиймэрхүү
байв. Буяннэмэх, Ядамсүрэн зэрэг
зохиолчид улс төрийн хэрэгт хилсээр
хэлмэгдсэн тул утга зохиол маань
туршлагатай, чадалтай хүчнээр
нэлээд хохирсон байлаа.
Зарим өглөө биднийг хичээлдээ
ирэхэд багш
-За хүүхдүүд, унших бичгийнхээ
төддүгээр хуудсыг нээ гэдэг байв.
Нээхэд нэгэн хүний зураг заавал гарч
ирнэ.
-Энэ хүн ардын дайсан болсон. Та
нар зургийг нь балла! гэнэ.
Бидний зарим нь хуруугаа шүлсдэж
байгаад тэр хүний нүүрийг баллана.
Номынхоо хуудсыг цоортол баллана.
Зарим нь үзэг харандаагаар нүд
амыг нь сохлоно.
Энэ үед Дотоод Яамыг толгойлж
байсан Маршал Чойбалсангийн нэр
хүнд асар мандаж, Дотоод Яам
болон түүний сайдыг магтсан анхны
дуу шүлэг гарч байлаа. Энэ явдал ч
бас уран зохиолын бүлгэмийн багш,
сурагчдын оролцож байгаа шүлэг
зохиолд нөлөөлдөг байв. Тэгээд
тэрхүү 29-ний өдөр манай
сургуулийн хашаанд аав гэнэтхэн
ирээд "Маршал Чойбалсан дээр
хоёулаа очъё, дуудаж байна" гэхэд
нь миний айсан цочсоныг хэлэх юун.
Маршал Чойбалсан аав бид хоёрыг
албан өрөөндөө хүлээж аваад
миний бичиж оролдсон зарим
шүлгийг уншсан тухайгаа ярьж,
намайг сурдаг сургуулийнхаа тухай
шүлэг бич гэлээ.
Би нэгэн том ширээний ард сууж
чадан ядан хэдэн үг холбож бичээд
өгвөл бугуйныхаа цагийг харав.
Тэгээд уншиж гүйцсэнийхээ дараа
-Таван минут бичлээ гэхэд зүгээр л
бичиж гэв.
Тэгээд аавтай баахан ярив.
Хувьсгалын өмнө монголын багачууд
хүүхэд сүм хийдийн газар сууж, хий
дарагдан, ямар ч эрдэм боловсрол
сургууль соёлгүй тарчлан зовж
байсан тухай, намайг авьяасын минь
дагуу хөгжүүлэх тухай, Пушкин,
Горький зэрэг зохиолч шиг болохын
төлөө оролдох хэрэгтэйг чухалчлан
ярив. Тэгээд 100 төгрөг, дурсгалын
зүйлээр шагнав.
Энэ мартагдашгүй учрал миний
амьдралын замыг шийдсэн билээ.
Маршал Чойбалсангийн уулзсан
өдрөөс хойш би зохиолч больё гэж
шулуудсан юм.
Одоо 30 гаруй жилийн дараа тэр
учралыг эргэн санахад монголын
олон мянган хүүхдийн дотроос
балчир намайг олж хараад, замыг
минь шууд зааж өгсөн тэр хүнд би
гүнээ талархаж явдгаа хэнээс нуух
билээ. Тэр бяцхан хүүгийн шүлгийг
одоо би ч өөрөө тоохгүй, шүлэг гэж ч
нэрлэхгүй. Үнэндээ маршал
Чойбалсанд яагаад ч юм магтах
сэтгэл төрж, гүн найдлага
хариуцлага надад хүлээлгэсэнд би
өөрийгөө балчир гэлгүй зоригжин
1947 онд анхныхаа шүлгийн
түүврийг хэвлүүлэн монголын утга
зохиолын эгнээнд дайчин болон
орсон юм. Энэ бол миний амьдралд
тохиолдсон хамгийн аз жаргалтай
үйл явдал байв.
Тэр цагаас хойш би утга зохиолын
үйл хэрэгт авьяас чадварын хэрээр
зүтгэн ирсэн бөгөөд гэвч энэ бол
дараа бичих зүйлийн минь сэдэв
билээ.
Магелланы далайчид үргэлж
урагшаа явсаар эх орондоо эгэн
ирсэн тухай дээр өгүүлсэн. Тэдний
гол эрмэлзлэл нь эх орондоо эгэн
ирэх хүсэл байлаа. Эх орондоо эгэн
ирэхгүй юм бол тэд ямар ч дөт зам
нээгээд яаж ч дэлхийг тойроод
хэрэггүй байлаа. Би бас тэдэн шиг
үргэлж урагш явсаар гол хүсэлдээ
эгэн ирэхийг хүснэ. Зохиолч больё
гэдэг багын хүсэлдээ зохиолч
болчхоод эгэн ирэхгүй юм бол
миний хүн болж төрсний хэрэг юу
билээ.
Магеллан хаагуур гарсан бэ?
Магелланы гэж хожим нь
нэрлэгдэхийг мэдээгүй хоолойг нээн
олж гарсан. Би ч гэсэн бас Чимидийн
гэж нэрлэгдэх ганц ботьтой, номтой,
болохгүй бол ганц шүлэг ч болсон
үлдээхийг хүснэ.
Их эрмэлзлэл их хүчийг шаардана.
Би түүнээс шантрахгүй.
1973
Post a Comment