/
Зиндаархуу иргэншил
1
Хамаг бие нь янгинан өвдсөөр аажмаар ухаан орж байлаа. Мань эр бүх л юмны төсөөлж болох эхлэлээс гарч цаг хугацааг нэвтлэн нойрны өтгөн давхаргыг нэвтлэн ирж явна. Амьд бүхний анхдагч замгаас цорын ганц эсийнхээ нэг хэсгийг сунган төвийлгөсөөр салгахад салгасан хэсэг нь мань хүн өөрөө байлаа. Эхлээд өөрийнх нь мөн чанарыг агуулсан нэг эст эгэл биет болж, дараа нь бусдаасаа аарай өөр загас болоод дараа нь бусдаасаа ялгаатай сармагчин болон хувирав. Ингэсээр эцэст нь хүн болон хувирлаа.
Ямар хүн? Үхдэлийн дээрээс гэрлийн буу барьчихсан өнгийж байгаагаа л бүдэг бадаг санаж байв. Ийм л хүн болжээ.
Мань хүн ухаан орж, нүдээ нухлаад өөр дурсамжууд орж ирэхийг хүлээв.
Гэвч юу ч орж ирсэнгүй. Нэрээ ч санадаггүй.
Сандран сууж байгаад ой санажминдаа эргэн ир гэж тушаав. Нэмэр алга. Өөрийн хэн болохыг нээх түлхүүр хайн эргэн тойрноо харав.
Нэг үзүүртээ хаалттай хаалга бүхий жижигхэн саарал өрөө. Нөгөө үзүүрт хананд ухаж гаргасан жижигхэн суултуур хөшигний цаанаас харагдана. Адарт, эсвэл өөр хаа нэгтээ далдалсан зүйл гэрэлтүүлнэ. Өрөөнд ор, сандлаас өөр юу ч алга.
Мань хүн шанаагаа тулж, нүдээ аньж байгаад анхаарлаа төвлөрүүлэхийг хичээв. Хомо сапиенс, эр хүйстэй, Дэлхий нэртэй гарагийнх. Англи гэж тодорхойлогддог хэлээр ярьдаг (Ингээд бодохоор өөр хэл бас байдаг юм болов уу?). Өрөө, ор, сандал гээд эд зүйлсийн нэрийг мэдэж байна. Үүнээс гадна тодорхой хэмжээний ерөнхий мэдлэгтэй юм. Гэхдээ хэзээ ч юм бэ мэддэг байгаад одоо бол мэдэхээ больсон түм буман чухал зүйлс байгааг гадарлаж байлаа.
Надад нэг юм тохиолдож дээ.
Энэ “нэг юм” нь илүү муугаар ч төгсөж болох байсан. Хэрэв ахиад бага зэрэг удаан үргэлжилсэн бол мань хүн өөрийгөө хүн, эрэгтэй хүн, дэлхийн хүн гэдгээ ч ухамсарлах чадваргүй ухаан мөхөс бие төдий ярьж ч чаддаггүй амьтан болох байлаа. Гэхдээ мань хүнд зарим нэг зүйлийг үлдээжээ.
Гэвч мань хүн өөрийн мэдэж байгаа зүйлсийн цаана гарах гэтэл айдас, аймшгаар дүүрэн түнэр харанхуй зүйлтэй тулгарав. ОРОХЫГ ХОРИГЛОНО.
Би өвчин туссан байж магадгүй юм.
Цорын ганц ухаалаг тайлбар бол энэ. Цагтаа бол мань хүнд шувууд, модод, найз нөхөд, нийгэмд эзэлдэг байр суурь, тэр ч бүү хэл хань ижлийн тухай ямар нэг дурсамж байсан биз. Одоо бол харин таамаглахаас цаашгүй. Магадгүй цагтаа мань хүн “Энэ чинь нөгөө юутай төстэй юм”, эсвэл “Энэ чинь нөгөө юуг санагдуулж байна” гэж ярьдаг байсан байх. Харин одоо бол юу ч мань хүнд юуг ч санагдуулахгүй, эд зүйлс тус тусдаа дөмбийнэ. Харьцуулж, зүйрлэх чадвараа алдаж. Туулж ард нь гарсан өнгөрсөн үеийнхээ туршлагад тулгуурлан одоо үедээ дүгнэлт хийж чадахгүй болж.
Би эмнэлэгт л байгаа юм байх даа.
Тэгэж л таараа. Энд мань хүнийг эмчилж байгаа. Ой санамж, бие хүнийх нь мэдрэмжийг сэргээж, хэн юу болохыг нь хэлж өгөхийн тулд сайн санаат эмч нар ажиллаж байгаа. Их буянтай ажил шүү. Мань эр нүдэнд нь талархлын нулимс цэлэлзээд ирэхийг мэдэрлээ.
Босоод жижигхэн өрөөгөө тойрч нэг үзлээ. Хаалга нь цоожтой юм. Мань эр хүлээхээр шийдлээ. Хаалганы цаана, хонгилд хөлийн чимээ гарах хүртэл багагүй хугацаа өнгөрлөө.
Хөлийн чимээ хаалганых нь дэргэд зогсов. Хаалга хажуу тийш гүйн нээгдэж, нэг хүний царай харагдав.
-За, бие яаж байна?
Хүрэн өнгийн дүрэмт хувцас, бүсэндээ зүүсэн эдийг нь ажвал (буу байж магадгүй гэж мань хүн бодоод амжлаа) цаад хүн нь хамгаалагч бололтой.
-Та намайг хэн болохыг хэлж өгч чадах уу?
-Өөрийгөө “дөрвөн зуун хоёрдугаар” гэж байгаарай гэж хамгаалагч хэллээ.-Өрөөний чинь дугаар юм шүү.
Мань хүнд энэ таалагдсангүй. Гэхдээ хэн ч биш байснаас 402 байсан нь дээр.
-Би хэр удаан өвдсөн бэ? Одоо миний бие зүгээр үү? гэж тэр асуув.
-Зүгээр ээ гэж хамгаалагч ёжтой аясаар хариуллаа.-Томоотой байж, дүрмийг дагана шүү. Тэнэгтэх хэрэггүй.
-Тэгэлгүй яах вэ гэж 402-р зөвшөөрлөө.-Би ер нь яагаад юу ч санахгүй байгаа юм бол?
-Дандаа тэгдэг юм гэж хамгаалагч хариулчихаад үүд рүү эргэлээ.
-Хүлээгээрэй. Юу ч тайлбарлалгүйгээр ингээд орхичихож болохгүй шүү дээ. Надад юу тохиолдсон юм бол? Би яагаад эмнэлэгт байгаа юм бэ?
-Эмнэлэгт ий? гэж хамгаалагч гайхснаа 402-р руу мушилзан харлаа.-Яагаад чи ингэж бодов?
-Би зүгээр таамагласан юм.
-Чи буруу таамагласан байна. Энэ бол шорон.
Алагдсан хүний тухай зүүдээ 402-р саналаа. Зүүд үү, эсвэл дурсамж юм уу? Мань эр мухардалд орж:
-Намайг юунд буруутгаж байгаа юм бэ? Би ямар хэрэг хийчихсэн юм бэ? гэж чин сэтгэлээсээ асуулаа.
-Цаг нь болохоор мэднэ ээ гэж харуул үг хаяв.
-Хэзээ?
-Газардсаны дараа. Харин одоо цуглаанд бэлдэх хэрэгтэй.
Харуул яваад өгөв. 402 –р харин толгойгоо ажиллуулахыг хичээн орон дээрээ сууж хоцров. Ямар ч байсан шоронд байгаа, шорон нь удахгүй газардах гэж байгаа гээд бага ч гэсэн зүйл тодорхой болоод ирлээ. Энэ ер нь юу гэсэн үг үү? Шорон яахаараа газарддаг юм бол? Бас юу гээчийн цуглаанд орох ёстой болчихов оо?
Хонх жингэнэн дуугарах шиг түүнд санагдав. Тэгснээ өрөөнийх нь хаалга онгойлоо.
Яах ёстой юм бол?
Мань 402 –р ингэж бодоод хаалганд дөхөж очоод хонгил руу шагайж үзэв. Сэтгэл нь ихэд хөдөлсөн байсан ч өрөө нь аюул үгүй гэсэн мэдрэмж төрүүлж байсан болохоор гарах гэж нэг их яарахгүй байлаа. Харуул дөхөөд ирэв.
-Айх хэрэггүй. Хэн ч чамайг яах ч үгүй. Хонгилоор чигээрээ яв.
Ингэж хэлээд харуул түүнийг зөөлөн түлхэхэд 402-р чигээрээ хонгилоор алхаллаа. Өөр олон өрөө, тэдгээрээс гарч яваа өөр хүмүүсийн мань эр олж харав. Дийлэнх нь сандран мэгдсэн байх бөгөөд, бүгд дуугаа хураажээ.
Харуулуудын л чанга чанга дуугарах дуулдана.
-Чигээрээ, аливээ, яваад бай. Чигээрээ гэж байна.
Тэднийг дугуй хэлбэрт том тэнхимд бөөгнөрүүлээд авлаа. Тасалгааг бөгжлөн хүрээлсэн тагтан дээр зэвсэглэсэн харуулууд зогсож харагдана. Айж сандарсан, юу ч бодох тэнхэлгүй хүмүүс үймэх талаар бодох ч сэхэлгүй байсан болохоор харуул илүү санагдана. Гэхдээ харуул хамгаалалт нь дөнгөж сая ухаан орсон хүмүүст хоригдол гэдгийг нь сануулах бэлэгдлийн чанартай байлаа.
Хэдэн минутын дараа хар өнгийн дүрэмт хувцастай хүн гараад ирэв. Хүмүүс зөвхөн өөрийг нь нүд салгалгүй ширтэж байсан ч мань хүн нэг гараа өргөөд яьрж эхлэхэд дуу нь өрөөгөөр нэг хадав:
-Анхааралтай сонсож хэлсэн болгоныг минь тогтоож авахыг хичээгээрэй. Миний хэлэх зүйлс бол та нарыг цаашид амьд явахад их чухал юм шүү. Та нар дөнгөж саяхан өөр өөрийн өрөөнд ухаан орцгоосон гэж нөгөө хүн хэлэв.-Та нар өөрийн нэрээ хүртгэл санахгүй, өнгөрсөн амьдралынхаа талаар юу ч санахгүй байгаа. Хэдий бага ч гэлээ бодит байдалтай харьцахад чинь хангалттай хэмжээний ерөнхий мэдлэг л та нарт бий. Би мэдэж байгаа дээр чинь нэмэж юу ч хэлэхгүй. Та нар бүгд тэнд, Дэлхий дээр хорон санаат өөдгүй гэмт хэрэгтэн, Төрөөс амьд явах эрхийг нь хассан хамгийн доод зиндааны хүмүүс байсан. Илүү бүдүүлэг үед бол та нарыг цаазаар авах байсан юм. Харин манай үед бол та нарыг цөлж байна.
Цугласан олон шуугиж эхлэхэд нөгөө хүн дуугуй болохыг шаардан гараа өргөлөө.
-Та нар бүгд гэмт хэрэгтнүүд. Бүгдээрээ хүний нийгэмд заавал мөрдөх ёстой байдаг үндсэн үүрэг хариуцлагыг гүйцэтгэх чадваргүй гэсэн нийтлэг чанартай. Харин соёлжсон нийгэмд тийм дүрэм зайлшгүй байх ёстой. Тэдгээрийг зөрчсөнөөр та нар хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Та нар соёл иргэншлийн урагшлах замд саад болж байгаа болохоор өөрсөдтэй чинь адилхан юмнууд амьдардаг ертөнц рүү хөөгдсөн юм. Энд та нар өөрсдийн хуулийг зохиож түүнийхээ дагуу үхэх эрхтэй. Та нарын хүсэн хүлээж байсан тэр эрх чөлөө чинь, хорт хавдрын эсүүдийн тогтоох боломжгүй өсөлтийн үхэл дагуулсан эрх чөлөө чинь энд бий.
Уран илтгэгч эр духаа арчаад хоригдлууд руу өрөвдөнгүй харц чулуудав.
-Гэхдээ та нарын зарим чинь засарч бас магадгүй. Бид нарын очих гэж байгаа Омега нэртэй гараг дээр зөвхөн гэмт хэрэгтнүүд оршин суудаг. Хэнд ч муу хэлүүлж шүүмжлүүлнэ гэлтгүйгээр амьдралаа шинээр эхэлж болох гараг. Та нарын өнгөрсөн үе үгүй болсон. Түүнээ дахин санах гэж оролдох хэрэггүй шүү. Ийм дурсамжууд гэмт хэргийн зан чанарыг улам л өдөөхөөс цаашгүй. Өөрсдийгөө шинээр төрсөн хүмүүс гэж бодоорой.
Сайтар бодож боловсруулсан үгс хачирхалтай ховсын нөлөө үзүүлж байсан болохоор 402-р хоригдол зүүрмэглэж байгаа мэт алсыг гөлрөн сонсож байлаа.
-Шинэ ертөнц гэсээр уран илтгэгч эр үргэлжлүүлж байв.-Та нар дахин төрсөн ч нүгэл хийсэн гэдгээ ухамсарлан төрсөн. Үгүй байсан бол та нар дотроо нуугдаж байгаа муу муухайтай тэмцэж чадахгүй байсан юм. Үүнийг тогтоож авцгаа. Аврал үгүй, буцах боломж үгүй гэдгийг санаж явцгаа. Хамгийн сүүлийн үеийн туяаны буугаар тоноглогдсон харуулын хөлгүүд Омегагийн агаарын орон зайнд өдөр шөнөгүй эргүүл хийж байдаг юм. Эдгээр хөлөг нь гарагийн гадаргаас таван зуун футээс дээш хөөрсөн ямар ч зүйлийг устгана. Энэ байдалтай эвлэрцгээ.
Уран илтгэгч эр тагтан дээрээс явав. Хоригдлууд шивэр авир гэлцээд эхлэв. Гэвч ярих сэдэв үгүй байсан болохоор удалгүй нам жим боллоо. Өнгөрсөн үеэ санахгүй байгаа хоригдлууд ирээдүйнхээ тухай бодох тулгуур, учиг байсангүй. Туршлага сэтгэгдэл нь дөнгөж сая үүссэн болохоор туршлага, сэтгэгдлээ солилцох боломжгүй байлаа.
Харуулууд усны дусал шиг адилхан царай гаргачихаад тагтан дээр занданшуулсан цогцоснууд шиг хөдөлгөөнгүй хөшжээ. Гэтэл яг энэ үед тэнхимийн шалан дээгүүр зөөлөн чичигнээн явж өнгөрлөө. Удалгүй чичиргээ хүчтэй болоход бие дээр нь үл үзэгдэгч ачаа үүрүүлж байгаа мэтээр хүндийн хүчийг 402-р мэдэрлээ.
Чанга яригчаас:
-Анхаараарай. Хөлөг Омега дээр газардах гэж байна. Удахгүй та нарыг гаргана гэх дуу гарав.
Хоригдлуудыг нэг эгнээ болгон жагсаагаад байгууламжаас гаргав. Хоригдлууд аварга том хөлгийн эцэс төгсгөлгүй урт хонгилоор цаанаас нь тод гэрэл цохин орж ирэх онгорхой хаалгыг чиглэн яахаа ч мэдэхгүй явцгааж байв.
402-р хоригдол урт шатаар уруудсаар хатуу хөрсөн дээр хөл тавив. Сониуч хүмүүс тойрон зогссон том бөгөөд нар туссан талбай дээр мань эр зогсож байлаа.
-Дугаараа сонсохоороо хариулна шүү. Хэн болохыг чинь хэлж өгнө гэж чанга яригч хэлэв.
402-рын бие тамирджээ. Яг одоо бол юу ч сонирхох сэхэл алга. Хэвтэж аваад унтах, эсвэл болж байгаа зүйлсийн талаар сайтар эргэцүүлэн бодохыг л хүсэж байв. Эргэн тойрноо хараад асар том пуужин, харуулууд, хийх юмаа олж ядсан сониуч хүмүүсийг өөрийн мэдэлгүй бүртгэв. Дээр нь хөх тэнгэрт хар толбонууд хөвнө. Эхлээд хар толбонуудыг шувууд байна гэж боджээ. Гэвч лавлан сайн хараад эргүүлийн хөлөг болохыг нь ойлгов.
-Дугаар 1.
-Энд байна гэж нэг хүн хариулж байна.
-Дугаар 1 ээ таны нэр Вайн Саусхолдер, нас 34, цусны бүлэг АЛ-2, индекс АР-431-С. Урвасан ялтай.
Ажиглаж байсан хүмүүс чанга гэгч нь алга ташаад эхэллээ. Нарны элчинд ээгдэн нойрмоглосон 402-р хоригдол маань аллага, гаж дон, луйвар, генийн гажуудлын урт жагсаалтыг сонсон зогсож байлаа.
-Дугаар 402.
-Энд байна.
-Дугаар 402 оо таны нэр Уилл Баррент, нас 27, цусны бүлэг ОЛ-2, индекс ЭКС-221-Р. Хүн амины хэрэг хийсэн ялтай.
Цугласан олон дэмжин уухайлж байсан ч 402-т юм сонсох сэхэл байсангүй. Өөрийгөө нэртэй устай гэдэгт дасаж байлаа. Дугаар биш харин жинхэнэ нэртэй гэдэгтээ. Уилл Баррент юм байна. Нэрээ мартахгүйн тулд мань хүн дотроо тасралтгүй давтан хэлж байв. Ингэж байгаад сүүлийн мэдээллийг золтой орхигдуулчихсангүй.
-Та нарын түр оромж А-2 талбай дээр байгаа. Үг яриа, үйл хөдлөлөө анхааралтай, болгоомжтой хийцгээж байгаарай. Ажиглацгаа, сонсоцгоо, суралцацгаа. Омега дээрх амьдралын дундаж насжилт нь ойролцоогоор дэлхийн гурван жил байдаг гэдгийг би хуулийн дагуу та нарт хэлж өгөх ёстой.
Сүүлийн үгийг Баррент удаж байж ойлгов. Шинэ нэрэндээ дадах гэж байсан болохоор аргагүй. Тэгээд гэмт хэрэгтнүүдийн гараг дээр алуурчин байна гэж юу байдгийг бодох сөхөөгүй байлаа.
2
Хүрэлцэн ирсэн таван зуу орчим хүнийг А-2 талбай дээрх эгнүүлсэн оромжууд руу дагуулан явав. Тэд хараахан хүн болж чадаагүй байлаа, тэд бол ой тогтоол нь цаг хүрэхтэй үгүйтэй хугацааны үйл явдлыг санаж байгаа амьтад төдий. Шинэ төрсөн нярай хүүхдүүд маань орон дээрээ сууж аваад өөрийн биеэ сонжин харж, хөл, гараа сайн гэгч нь ширтэцгээнэ. Нэг нэгийгээ ажиглахдаа нөгөөхийнхөө нүдэнд туссан хэлбэргүй тусгалаас өөр зүйл олж харахгүй байв. Мартагдсан зүйлс, ой тогтоолын хий манангаас, Дэлхий дээрх хуучин амьдралынх нь утасны, тасалдсан утасны тасархайнууд шиг хуучны зуршил, хувь хүнийх нь онцлогоос урган гарсан нас нь маш хурдан нэмэгдэж байв.
Толинд царайгаа харах гэсэн хүмүүсийн дугаарт дугаарлан зогссон Уилл Баррент ээлж нь болоход хүчтэй хүсэл тачаалын ул мөр үгүй, шударга, тууштай хүний байртай шулуун боровтор өнгийн үстэй нүдэнд дулаахан залуу хүнийг олж харлаа. Баррент сэтгэл нь гонсойн эргэж харлаа. Учир нь толиноос түүнийг огт танихгүй хүн ширтэж байв.
Дараа нь биеэ илүү сайн нягтлан шалгаад өөрийнхөө булчинлаг гэхээсээ илүүтэйгээр бэлтгэлжсэн гэж болохоор биеийг өөр бусад хэдэн мянган биенээс ялгаж болохоор ядаж ганц ч болов сорви хайгаад олсонгүй. Гар нь эвдрээгүй юм. Дэлхий дээр байхдаа ямар ажил хийдэг байсан бол?
Аллага гэж үү?
Баррент хөмсөг зангидав. Үүнийг хүлээж авахад бэлэн биш байлаа.
Нэг хүн мөрөнд нь гарч хүрч байна.
-За сэтгэл санаа ямаршуу байна даа хөө?
Баррент эргэн хараад өндөр биетэй, өргөн цээжтэй, гал улаан үстэй эрэгтэйг олж харав.
-Зүгээр дээ гэж тэрээр хариуллаа.-Өөрөө миний өмнө зогсож байсан билүү?
-Тийм. Дугаар 401. Дэнис Фоэрен.
Баррент нэрээ хэлэв.
-Ямар хэрэг хийсэн гэсэн бэ?
-Хүн амины хэрэг.
Фоэрен хүндэлсэн байртай толгой дохилоо.
-Харин би бол мөнгө хуурамчаар хийдэг. Энэ гарыг хараад тэгэж хэлэхээргүй байгаа биз гээ мань хүн энд тэндээ гал улаан өнгийн үс ургасан аварга том хоёр гараа гайхуулав.
-Гэхдээ энэ хоёр чинь л миний бүх урлаг байгаа юм шүү дээ. Хоёр гар минь хамгийн түрүүн ухаан орсон. Нэг ажил л хийх гээд байдаг. Харин би ямар ажил хийх гээд байгааг нь санадаггүй.
-Тэгээд яасан бэ? гэж Баррент асуулаа.
-Нүдээ чанга гэгч нь аньж байгаад дураар нь тавьчихсан гэж Фоэрен тайлбарлав.-Тэгээд хартал харин өрөөний цоожны дотрохыг ухаж байдаг байгаа гэж хэлээд аварга том хоёр гараа бахадсан байртай харав.-Ухаантай чөтгөрүүд байгаа юм даа.
-Өрөөний цоожийг онгойлгосон гэв үү гэж Баррент лавлан асуув.-Уг нь өөрөө хуурамч мөнгө хийгч гэж сонсох шиг болсон.
-Яах вэ миний үндсэн ажил л байхгүй юу. Ийм чадвартай хоёр гар бол бараг л юу л бол юу хийнэ дээ. Намайг хуурамч мөнгө хийж байхад барьсан байх гэж бодоод байгаа. Гэхдээ үнэндээ бол би бас хаалга цоож эвдэгч шиг байгаа юм. Дэндүү их юм мэдэж байсан шүү энэ хоёр гар.
-Өөрөө ч миний олж мэдэснээс хавьгүй ихийг олж мэдэж гэж Баррент хэлэв.-Би харин яг зүүдлэж байгаа юм шиг л явна.
-Энэ чинь дөнгөж эхлэл шүү дээ Фоэрен түүний тайтгаруулав.-Удалгүй бүгдийг олж мэдэх биз. Хамгийн гол нь бид Омега дээр хүрээд ирчихсэн байна.
-Тийм шүү гэж Баррент урамгүй санал нийллээ.
-Тэр хүний хэлэхийг сонсоо биз дээ? Энэ чинь бидний гараг.
-Амьдралын дундаж хугацаа нь дэлхийн гурван жил байдаг гараг шүү гэж Баррент түүнд сануулав.
-Наад чинь аягүй бол хоосон яриа байгаа даа гээд Фоэрен тоосонгүй.-Би харуулуудад итгэхгүй байгаа. Дэлхий гэнэ шүү. Тэр дэлхий одоо хэнд хэрэгтэй юм бэ? Бид ч өөрийн гэсэн гарагтай болсон шүү дээ Баррент минь. Бид эрх чөлөөтэй хүмүүс.
-Яг зөв шүү найзууд минь гэсээр нууцлаг харцтай, намхан нуруутай өөр нэг хүн ярианд нь оров.-Миний нэр Жо гэж тэр хэлэв.-Үнэндээ бол бүтэн нэр маань Жоао ч гэлээ би хуучны сайхан цагийн үнэр шингэсэн эртний хувилбараар дуудуулах дуртай байдаг юм. Ноёд оо, би та хоёрын яриаг санамсаргүй сонсчихсон юм. Тэгээд шар үстэй найзтай зуун хувь санал нийлж байна. Асар их боломж нээгдээд байна. Биднийг дэлхий хөөсөн биз дээ? Тэгвэл яая гэх вэ болж байна. Түүнгүйгээр амьдарцгаана. Дүрэмт хувцас, харуул, цэрэг аль аль нь байхгүй. Эв найрамдалтай амьдрахыг хүсэж байгаа нүглээ наминчилсан гэмт хэрэгтнүүд.
-Өөрөө ямар хэрэг хийсэн юм бэ?
-Зээлийн хулгайч гэж хэлсэн шүү гэж Жо хариулав.-Хэлэхэд ичгэвтэр байгаа ч зээлийн хулгайч гэж юу байдгийг би санахгүй байгаа юм. Яваандаа санах байх гэж найдаж байгаа.
-Эндэхийн эрх баригчдад ой тогтоолт сэргээгч энэ тэр байдаг байж болох юм шүү гэж Фоэрен таамаглав.
-Эрх баригчдад гэнэ шүү гэж Жо уурлав.-Энэ бол бидний гараг. Энд бүгд тэгш эрхтэй. Ямар ч эрх баригчид байхгүй гэж бидэнд хэлсэн шүү дээ. Тэр эрх баригч энэ тэр гэсэн тэнэг зүйлсийг бид Дэлхий дээр үлдээсэн. Тэгэхээр одоо...
Мань хүн гэнэт дуугаа хураав. Хаалга онгойн саарал дүрэмт хувцас биш харин хөх судалтай тод шар хувцастайг нь харвал Омегагийн хуучин оршин суугч бололтой нэг хүн оромжинд ороод ирэх нь тэр. Бүсэндээ буутай хуй, хутга зүүсэн харагдана. Тэр хүн босгон дээр таашаагаа тулан зогсож байгаад шинэ ирсэн хүмүүсийг ажиглан харж эхэллээ.
-За алив гэж нөгөө хүн дуугарав.-Та нар одоо Квесторыг танихгүй байгаа юм биш биз дээ? Босоцгоо.
Хэн ч хөдөлсөнгүй. Квесторын царай нь мэнчийн улайгаад ирлээ.
-Та нарыг эелдэг занд сургаж өгөхгүй бол болохгүй нь л дээ.
Түүнийг ингэж хэлээд буугаа гаргаж амжаагүй байхад бүгд огло харайн боссон байлаа. Квестор үүнийг харснаа илэрхий харамссан байдалтайгаар буугаа хуйнд нь хийлээ.
-Та нарын хамгийн түрүүнд ойлгож авах ёстой зүйл бол Омега дээрх зиндаа гэж Квестор хэллээ. –Та нарт зиндаа байхгүй. Та нар бол пеонууд. Харин пеон гэдэг чинь хэн ч биш гэсэн үг.
Нөгөө хүн энгэж хэлээд хэсэг хүлээснээ үргэлжлүүлэв:
-За одоо пеонуудаа анхааралтай сонсоорой. Та нарын үүргийг тайлбарлаж өгье.
3
-За ингээд та нар бол доодын доод.Та нараас илүү дорд амьтад гэвэл мутантууд л байна, харин тэд бол бүр хүний тоонд ч ордоггүй юм. Асуух зүйл байна уу?
Квестор асуулт хүлээж байлаа. Асуулт гарч ирсэнгүй.
-Би та нарын хэн болохыг тодорхойлж өглөө. Одоо тэгэхээр Омегагийн бусад оршин суугчдыг хэлж өгье. Юуны өмнө бусад оршин суугчид бүгд та нараас илүү чухал. Гэхдээ тэдний зарим нь бусдаасаа илүү чухал. Та нарын дээд талын зиндаа бол та нараас бага зэрэг ялгаатай Оршин суугчид. Түүний дээр Эрх Чөлөөт Иргэд ордог. Чөлөөт иргэн нь зиндааг илтгэгч саарал бөгжтэй, хувцас нь хар өнгөтэй. Тийм ч лут том амьтан биш ч гэлээ та нараас хавьгүй том. Аз чинь таарвал та нарын зарим чинь Чөлөөт иргэн болох биз.
Үүний дээр өөр өөрийн зиндаанд тохирсон бэлэгдлүүдээрээ ялгагддаг Давуу эрхтэй Ангийнхан байдаг. Жишээлэхэд, Хажи нар алтан ээмэгтэй. Яваанда та нар бүх зиндаа, зэрэг дэвийн давуу талуудыг олж мэднэ гайгүй. Энд лам нарыг хэлэх нь зүйтэй. Тэд Давуу эрхтэй Ангид багтдаггүй ч тодорхой хөнгөлөлт, эрх эдэлдэг. Миний ярьж байгаа ойлгомжтой байна уу?
Бүгд зөвшөөрөн амандаа бувтналдаж эхлэв. Харин Квестор үргэлжлүүллээ:
-Одоо биеэ хэрхэн авч явах ёстой талаар хэлье. Пеонууд нь Эрх Чөлөөт иргэнтэй харьцахдаа хүндэтгэлтэйгээр хандан бүх л цол зэргийг нь бүрнээр нь дуудах ёстой. Харин Давуу эрхтэй давхаргын хүмүүстэй, жишээлэхэд Хажи нартай бол зөвхөн тэд та нарыг хандсан үед ярихыг зөвшөөрдөг бөгөөд ярихдаа газар ширтэн номхон зогсож, гарын хурууг салаавчлан урдаа барих ёстой. Давуу эрхтэй иргэний хажуугаас зөвшөөрөлгүйгээр холдож болохгүй. Ямар ч тохиолдолд хажууд нь сууж болохгүй. Ойлгосон уу? Квестор гэсэн миний зиндаа бол Эрх чөлөөт иргэний зиндаатай адил ч гэлээ Давуу эрхтэй иргэдийн зарим эрхийг эдэлдэг юм.
Хэлсэн зүйлийг нь ойлгож авсан гэдгийг харахын тулд Квестор сонсож байгаа хүмүүсийг тойруулан харлаа.
-Энэ оромж бол та нарын түр зуурын байр. Надад ямар ч үед асуулт тавьж болох ч тэнэг, эсвэл хэт давруу асуултууд зодуур, эсвэл үхлийн шийтгэл амсана гэж мэдээрэй. Өөрсдийгөө доодын доод гэдгийг санаж явбал амьд үлдэцгээнэ.
Квестор хэсэг зуур дуугаа хураав. Тэгээд дараа нь:
-Хоёр гурван өдрийн дараа та нарыг ажилд хуваарилна. Зарим чинь германы олборлох уурхай руу, зарим нь загас агнуурын флот руу, худалдааны янз бүрийн салбарт очих байх. Харин одоо бол Тетрахидыг үзэж сонирхож болно гэлээ.
Хүмүүсийн гайхаж мэгдсэн харцыг анзаарсан Квестор:
-Та нарын байгаа энэ хотын нэрийг Тетрахид гэдэг юм байхгүй юу гэж тайлбарлаж өгөв.-Энэ бол Омегагийн хамгийн том хот гэчихээд хэсэг дуугүй болсноо -Бас цорын ганц хот гэж нэмлээ.
-Тетрахид гэдэг нь ямар утгатай юм бол гэж Жо лавлав.
-Би яаж мэддэг юм гэж Квестор уурлав.-Скреннерүүдийн ухан гаргаж ирдэг дэлхийн хуучны нэрсүүдийн нэг нь юм байгаа биз. Ямар ч байлаа гэсэн хот руу орохдоо болгоомжтой байцгаагаарай.
-Яагаад? гэж Баррент асуулаа.
Квестор мушилзав.
-Харин наадахынхаа хариултыг пеон чи өөрөө мэдэж авна аа
Баррент цонхонд дөхөж очлоо. Тетрахидын хүнгүй гудамж, талбай харагдаж байлаа.
-Тийшээ явах нь уу? гэж Жо асуув.
-Тэгдэг юм билүү? Надтай хамт явах уу?
Намхан нуруутай зээлийн хулгайч толгой сэгсрэв.
-Аюулгүй биш байх гэж бодож байна.
-Харин Фоэрен та?
-Би ч бас нэг л явмааргүй байна гэж Фоэрен хариулав.-Одоохондоо эндээ байж байсан нь дээр гэж бодож байна.
Бусад нь мань хүний зүг тоож ч харсангүй.
-За за тэгвэл би эргэж ирээд бүгдийг ярьж өгнө өө гэж Баррент хэллээ.
Мань хүнтэй зам нийлэх хүн гарч ирж магадгүй гэж минут хэртээ хүлээж байгаад гадагш гарлаа.
Тетрахид бол нарийхан хойгийн дагуу цувруулан барьсан байгууламжуудаас бүрдэх аж. Хуурай газар талаасаа хойгийг харуулаар хамгаалагдсан үүд бүхий өндөр чулуун хана хамгаална. Хотын хамгийн том байгууламж бол жилд нэг удаа Их тоглолтын үед ашигладаг Цэнгэлдэх хүрээлэн байв. Хүрээлэнгийн ойролцоо төрийн байгууллагууд нь төвлөрчээ.
Баррент шинэ байр нь юутай төстэй байх тухай бодсоор эргэн тойрноо харан нарийн гудмуудаар алхалж байв. Ой санамжийнх нь гүнд бүдэг бадаг зураглалууд сэргэж байлаа. Дэлхий дээр үүнтэй төстэй газраар явж байсан бололтой.
Мань хүн Хүрээлэнг өнгөрөөд Тетрахидийн ажил хэргийн гол гудамж руу ороод “Лицензгүй эмч нэн даруй үр хөндөлт хийнэ”, “Эрхээ хасуулсан өмгөөлөгч улс төрийн луйвар хийж үйлчилнэ” гэх мэтийн жигтэй хаяг, сурталчилгаа уншин гайхаж явлаа.
Хулгайнд эд хогшил сурталчилсан дэлгүүрүүдийг өнгөрөөд мань хүн цаашаагаа “Тархи уншина. Скренндэгч мутантууд. Дэлхий дээрх өнгөрсөн үеийг чинь хэлж өгнө” гэсэн хаягтай компанийн хажуугаар гарлаа.
Баррент дотогш орох гэсэн боловч сохор зоосгүй гэдгээ саналаа, харин Омега дээр мөнгө их өндөр үнэлэгддэг бололотой юм.
Ахин нэг гудамж өнгөрч, хэд хэдэн зоогийн газрын хажуугаар гараад Хор бодисын судалгааны төвийн байшин хүрэв (Хөнгөлөлттэй үнээр, гурван жилийн лизингээр өгнө. Үр дүн нь баталгаатай. Үр дүн үзүүлэхгүй бол мөнгийг буцааж өгнө). Хажуугийн халган дээрх хаяг дээр “Алуурчдын мэргэжлийн холбоо” гэсэн байх юм.
Хөлөг дээр анх сонссон зүйлийн дараа Омега дээр гэмт хэрэгтнүүдийг засан хүмүүжүүлэхийн тулд бүгдийг хийдэг юм байна гэж Баррент бодож байсан. Гэтэл энэ бүх хаяг, сурталчилгаа нь засан хүмүүжихэд тун ч тохиромжгүй байгаа нь илт. Гэхдээ нөгөө талаас засан хүмүүжүүлэх маш өвөрмөц арга байж бас болох талтай. Мань гүн бодолд дарагдан цааш удаан алхалж явав.
Тэгээд нэг хартал хүмүүс түүний замаас зайлж, дэлгүүр, орцонд орж нуугдаж байх юм. Настайвтар нэг эмэгтэй түүн рүү харц шидчихээд зугтаалаа.
Энэ юу болоод байна аа? Хоригдлын хувцаснаас нь айгаад байгаа юм бол уу? Үгүй баймаар юм. Омегагийн хүмүүс ийм хувцсыг ямар анх удаа харж байгаа биш. Тэгвэл юу болоод байгаа юм бол?
Гудамж хоосорч. Мань хүний дэргэд нь зогсох дэлгүүрийн эзэн төмөр хөшгөө яаран буулгаж харагдлаа.
-Юу болоод байгаа юм бэ гэж Баррент асуулаа.
-Чи чинь солиороо юу гэж нөгөө хүн уулга алдав.-Өнөөдөр чинь Газардалтын өдөр.
-Уучлаарай юу гэнэ ээ?
-Газардалтын өдөр гэж байна гэж нөгөө хүн давтан хэлэв.-Хоригдлууд ачсан хөлөг газарддаг өдөр. Мал минь оромж руугаа зайлаач.
Ингэж хэлээд тороо буулгаж дуусахад удалгүй цоожлогдож байгаа түгжээний шаржигнах чимээ гарав. Баррент гэнэт айдас мэдэрлээ. Нэг л биш болоод байна.
Яаралтай буцах хэрэгтэй. Ёс заншлыг нь мэдэхгүй байж хот ордог тэнэг хэрэг байж.
Бүгд сайн хувцастай, зүүн чихэндээ Хажигийн ээмэг зүүсэн гурван эрэгтэй хүн түүн рүү ойртож явлаа. Бүгд зэвсэглэжээ.
-Хөөе пеон чи зогс гэж нэг нь орилов.
Орилсон эрэгтэй хүн буу руугаа гараа явуулахыг Баррент хараад зогтусав.
-Яасан бэ? гэж тэрээр асуулаа.
-Өнөөдөр газардалтын өдөр гэж нөгөө эрэгтэй хариулаад найз нар руугаа харав.-За хэн нь эхлэх үү?
-Шодож үзье.
-Май энэ зоос.
-Үгүй ээ, хуруудсан нь дээр.
-За тэгвэл бэлэн үү?Нэг, хоёрын гурав аа.
Зүүн гар талд зогсож байсан Хажи:
-Энэ минийх боллоо гэж хэлэв. Найз нар холдож өгөхөд нөгөөх нь буугаа гаргаад ирэх нь тэр.
-Байзаарай. Та нар чинь яаж байна гэж Баррент сандарч мэгдэн асуув.
-Чамайг буудаж алах гэж байна гэж нөгөө хүн хариулав.
-Яалаа гэж?
Нөгөө эрэгтэй хүн инээмсэглэв.
-Яагаад гэвэл энэ бол Хажи нарын давуу эрх. Газардалтын өдөр бид оромжоо орхин гарсан ямар ч пеоныг алах эрхтэй байдаг юм.
-Тэгвэл надад хэн ч анхааруулаагүй шүү дээ.
-Мэдээж хэрэг гэж нөгөө хүн зөвшөөрөв.-Шинэ ирсэн юмнуудыг анхааруулаад байвал тэд Газардалтын өдөр оромжоосоо гарахаа байчихана. Тийм юм болбол хамаг таашаал байхгүй болно шүү дээ.
Нөгөө хүн буугаа ониллоо.
Баррент харин агшин зуур зөв шийд гаргаж амжив. Газар сунан унахдаа шунгинах чимээ сонсоод урд нь хэвтэж байсан байшингийн хананаас хайлсан хэсэг мулт үсрэн унахыг харав.
-Одоо миний ээлж гэж өөр эрэгтэй нь хэлэв.
-Үгүй шүү, уучлаарай хөгшөөн. Миний ээлж.
-Насаар ахмад байна гэдэг чинь бас давуу эрх юм шүү. Би буудна.
Баррент харин энэ үед аль хэдийн босож аваад гүйж байлаа. Нөгөө гурав харин төгсгөл ямар болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа бололтой хөөх гэж нэг их яарсан шинжгүй байв. Баррент хажуугийн гудам руу эргэсэн хойноо алдаа гаргаснаа ойлгов. Гудамж нь мухар байх нь тэр. Харин Хажи нар яаралгүй ойртон ирж явлаа.
Баррент яах учраа олохгүй эргэн тойрноо харав. Бүх хаалга хаалттай, цонхны хөшиг татаастай. Нуугдчих, бултаад орчих газар ер алга.
Яг энэ үед мань хүн анхандаа анзааралгүй дэргэдүүр гүйж гарсан нэг хаалга нээлттэй байгааг анзаарлаа. Хаалганы гадаах самбар дээр “Хохиргч нарыг хамгаалах холбоо” гэж бичсэн байх юм. Надад энэ чинь л хэрэгтэй шүү дээ гэж Баррент бодлоо.
Хар эрчээрээ буцан гүйж гайхсан Хажи нарыг хамар доороос нь шахуу бултаад хаалгыг онгойлгон гүйж орлоо. Нөгөө гурав араас нь орсонгүй. Гадаа гарах дуунаас нь үзвэл хэн нь түрүүлж буудахаа шийдэж амжаагүй байгаа бололтой. Ямар ч байсан нуугдаж болох газар орж ирснээ Баррент ойлголоо.
Нэлээд том бөгөөд тод гэрэлтүүлэгтэй өрөөнд мань хүн зогсож байлаа. Хананы дэргэдэх вандан сандал дээр юу ч юм бэ ярилцан инээлдэх хэдэн өрвийсөн юмнууд сууж харагдав. Тэднээс холгүйхэн дүрлэгэр ногоон нүдтэй хар үстэй бүсгүй сууж байх юм. Өрөөний алсын үзүүрт нэлээд сүр бараатай эрэгтэй хүн ширээний ард сууж харагдлаа.
Баррент ширээнд дөхөж очлоо.
-Энэ Хохирогчдыг хамгаалах холбоо мөн үү? гэж мань хүн асуув.
-Яг мөн эрхэм ээ гэж нөгөө эрэгтэй хариулав.-Намайг Рондольф Френдлэр гэдэг. Энэхүү хонжоо үл хөөгч байгууллагын ерөнхийлөгч байгаа юм. Танд юугаар тусалж болохсон бол?
-Туслалгүй яахав гэж Баррент хариулав.-Би бол хохирогч байгаа юм л даа.
Френдлер дулаанаар инээмсэглээд:
-Би шууд л ойлгосон л доо гэв.
-Ноён Френдлер би танай байгууллагын гишүүн биш л дээ.
-Тэр хамаагүй ээ гэж Френдлер тайлбарлав.-Бид бүх хохирогчдын салшгүй эрхийг хамгаалдаг юм.
-Тэгвэл их сайн байна эрхэм ээ. Тэнд гадаа байгаа гурав намайг алах гээд байна.
-Ойлгож байна гэж ноён Френдлер хэлэв. Тэгээд ширээнийхээ шургуулгыг татаж онгойлгоод зузаан ном гаргаад ирлээ. Хуудсуудыг нь хурдан эргүүлж үзэж байгаад хайсан хуудсаа олов.-Тэр хүмүүсийн зиндааг нь тодорхойлсон уу?
-Минийхээр бол Хажи нар байхаа. Бүгд зүүн чихэндээ алтан ээмэгтэй байсан.
-Яг зөв гэж ноён Френдлер түүний таамгийг батлав.-Харин өнөөдөр бол Газардалтын өдөр. Та тэгэхээр дөнгөж сая газардсан хөлгөөс бууж ирсэн пеонуудад хамаардаг хүн тийм үү?
-Тийм гэж Баррент хэлэв.
-Тийм бол бүх зүйл хэвийн байна гэдгийг танд хэлэх таатай байна. Газардалтын өдрийн Ан ав нар жаргахаар дуусна. Тэгэхээр таны эрхийг хэн ч ямар нэг байдлаар зөрчөөгүй байна гэдгийг мэдэж авсан болохоор эндээс тайван гарч явж болно.
-Явах ий? Нар жаргасны дараа гэж хэлэх гэж байгаа байх тийм үү?
Ноён Френдлер толгой сэгсрээд гунигтайгаар инээмсэглэлээ.
-Үгүй болов уу гэж эмээж байна. Хуулийн дагуу бол та нэн даруй явах ёстой.
-Тэгвэл тэд нар чинь намайг ална шүү дээ?
-Тэгнэ гэж Френдлер нотлов.-Харамсалтай нь яах ч арга алга даа. Хохирогч гэдэг үгийн утга чинь наад чинь юм шүү дээ.
-Танайд чинь хамгаалдаг юм байх л гэж бодож байсан юмсан...
-Яг зөв. Гэхдээ бид хохирогчдыг өөрсдийг нь бус харин тэдний эрхийг хамгаалдаг юм. Таны эрхийг хэн ч зөрчөөгүй байна. Газардалтын өдөр нар жаргахаас өмнө дурын цагт Хажи нар пеонуудыг агнах давуу эрхтэй. Гэхдээ нөгөө талаас та ч гэсэн аминд чинь халдсан хэнийг ч болов алах эрхтэй гэдгийг нэмж хэлэх ёстой гэж бодож байна.
-Надад буу байхгүй шүү дээ гэж Баррент хэллээ.
-Хохиргчдод хэзээ ч буу байдаггүй юм шүү дээ гэж Френдлер тайлбарлав.-Тэгэхгүй бол ямар ч ялгаагүй болж орхино. Та ойлгож байгаа биз дээ?
Хажи нарын залхсан янзтай дуу гудамжнаас гарахыг Баррент сонсож байлаа. Тэгээд мань хүн:
-Танайд өөр хаалга бий юу? гэж асуув.
-Харамсалтай нь байдаггүй.
-Тэгвэл би эндээс чинь гарахгүй.
Ноён Френдлер инээмсэглсэн чигтээ ширээнийхээ шургуулгыг татаад гар буу гаргаад ирлээ. Тэрээр:
-Та эндээс гарах ёстой. Эсвэл та Хажи нар дээр гарч оч, эсвэл эцсийн боломжоо алдаад энд үх гэж хэлээд буугаа онилох нь тэр.
-Тэгвэл та буугаа түр хэрэглүүлчих л дээ гэж Баррент гуйв.
-Тэгэж болдогүй юм аа гэж Френдлер тайлбарлалаа. –Хохирогч нар буутай байж яав ч болохгүй гэдгийг та өөрөө ойлгож байгаа шүү дээ гээд Френдлэр гал хамгаалагчийг мултлав. –За, гарахгүй юу?
Гар бууг нь булааж авахаар ширээн дээгүүр үсрэх боломжийг Баррент бодолцож үзээд яаж ч чадахгүйгээ ойлгов. Эргэн хараад хаалга руу удаан ойртож эхлэв. Өрвийсөн эрэгтэйчүүд инээлдсэн хэвээр. Хар үстэй бүсгүй харин сандал дээрээс босоод хаалганы дэргэд зогсчихож. Бүсгүй маш их царайлаг болохыг Баррент дөхөж очоод анзаарлаа. Ямар хэрэг хийчихсэн болоод Омега дээр ирдэг байна аа гэж тэрээр гайхаад бас амжив.
Бүсгүйн хажуугаар гарч явах зуур алганд нь жижигхэн ч сүржин гар буу орж ирэхийг мань Баррент мэдрэх нь тэр.
-Ажмилт хүсье гэж бүсгүй хэлэв.-Наад буугаа ашиглаж чаддаг гэж найдаж байна шүү.
Баррент найдварыг нь хуваалцахгүй байсан ч гэлээ талархан толгой дохилоо.
4
Тайван гэгч хоорондоо ярилцан зогсох Хажи нарыг эс тооцвол гудамж хоосон аж. Баррентийг гарч ирэхэд хоёр нь ухарч, нэг нь урагш алхав. Баррент ч бас буутай болсныг олж хараад цаад хажи нь буугаа хурдан гэгч нь ониллоо.
Баррент газар руу үсрээд бууныхаа гохыг дарж орхилоо. Гарт нь түлхэлт мэдрэгдэж Хажигийн толгой, мөр нь харлаж ирээд үйрэн унахыг харж амжив. Үхэж байгаа Хажигийн буудалт бууг нь онож гарнаас асар хүчтэй угз татан мулталсан болохоор үлдсэн хоёрыг нь онилж амжсангүй.
Баррент алдсан буугаа авч амжихгүй гэдгийг ойлгож байсан ч буу руугаа ухасхийхдээ үхэл дагуулсан цохилт ирэхийг хүлээн хамаг биеэ чангалжээ. Гэвч мань хүн хачин гайхалтай байдлаар эсэн мэнд хэвээрээ буундаа хүрээд хамгийн ойр зогсох Хажиг онилоод авав.
Тэгээд арай гэж буудалгүй тэвчиж чадав. Хажи нар буугаа хуйнд нь хийж байх юм. Тэгснээ нэг нь:
-Хөөрхий хөгшин Дрейкен. Хурдан онилж сурахгүй байсаар дууслаа даа гэв.
-Дадлага багатай байсан юм гэж нөгөөх нь тайлбарлав.-Дрейкеэн ч ер нь нэг их бэлтгэл хийгээд байдаггүй байсан юм даа.
-Тэгээд энэ шүү дээ. Бэлтгэлээ хэзээ ч орхиж болохгүй шүү.
-Бас дээр нь пеон ч бай өрсөлдөгчөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй гэж нэлээд Хажи Баррент рүү харав.-Сайн буудлаа шүү хөгшин минь.
-Үнэхээр гайхалтай буудлаа гэж нөгөөх нь батлав.-Энэ гар буугаар унаж явахдаа буудах маш хэцүү байдаг юм.
Баррент чичирж салгалсан ч гэлээ Хажи нарыг өчүүхэн төдий сэжигтэй хөдлөхөд буудахад бэлнээр буугаа барьсан чигтээ өндийн босов. Гэвч нөгөөдүүл нь хэрэг явдал нэгэнт дууссан гэж бодож байгаа бололтой их тайван харагдана.
-Тэгээд одоо яах вэ гэж Баррент асуулаа.
-Яах ч үгүй гэж нэг Хажи хариулав.-Газардалтын өдөр тухайн нэг хүн, эсвэл ангийн отогт зөвхөн ганц аллага хийхийг зөвшөөрдөг. Үүний дараа та ан авт хамаарахгүй.
-Шал сониролгүй баяр шүү гэж нөгөөх нь гомдоллов.-Их наадам, Сугалаатай зүйрлэх ч юм биш.
Найз нь харин түүний үгийг таслан:
-Та одоо Бүртгэлийн албанд очоод өмчийг залгамжлан авах л үлдлээ дээ гэж Баррентад хэлэв.
-Юу?
-Таны залгамжлан авах ёстой өв гэж нөгөө Хажи тэвчээртэй нь аргагүй тайлбарлав.-Та өөрийн хохирогчийн бүх өмч хөрөнгийг өвлөн авдаг юм. Гэхдээ энэ Дрэйкенээс тийм ч их юм авч чадахгүй л байх шүү.
-Ер нь нэг их сайн бизнесмен байгаагүй юм даа гэж нөгөөх нь гунигтай хэлэв.-Гэхдээ дөнгөж эхэлж байгаа гэхэд муугүй шүү. Ингээд хуульчлан баталсан аллага үйлдсэн болохоор, харин пеон ингэнэ гэдэг тун ч ер бусын зүйл юм шүү, та зиндаа ахина. Та ингээд Эрх чөлөөт Иргэн боллоо.
Гудамжинд хүмүүс үзэгдэж, лангуу дэлгүүрүүд хөшгөө нээж эхэллээ. “Цогцос зайлуулалт. Хэсэг 5” гэсэн бичигтэй ачааны машин ирж, дүрэмт хувцастай таван эрэгтэй буун Дрэйкений цогцсыг авч одов. Энэ бүхэн нь бүх зүйл болоод өнгөрчихлөө гэдэгт Баррентийг Хажи нарын хэлсэн зүйлээс илүүтэйгээр итгүүлэв. Мань хүн бүсгүйн өгсөн бууг халаасаллаа.
-Бүртгэлийн алба тэнд байдаг гэж нэг Хажи хэлэв.-Бид хоёр очиж гэрч болж өгье.
Баррент юу болоод байгааг ойлгож өгөхгүй л байлаа. Гэхдээ нэгэнт л бүх зүйл сайхан явж байгаа болохоор мань хүн юм асуухгүй байсан нь дээр гэж шийдэв. Дараа нь учрыг нь олж болох л байлгүй.
Хажи нарын хамтаар мань хүн Зэвсгийн талбай дээр байдаг Бүртгэлийн албанд хүрэлцэн ирэв. Албаны ажилтан эр уйдсан царай гарган мэдүүлгүүдийг сонсоож аваад Дрэйкений бичиг баримтуудыг гаргаж ирээд, нэрийг нь дараад Баррентийн нэрийг биччихэв. Тетрахидын бизнес эздээ их хурдан сольдог бололтой бичиг баримт дээр одоо хийж байсантай адил өөрчлөлтийг хэд хэдэн удаа хийсэн харагдав.
Ингээд мань Баррент Гал дөлийн гудамжны хорын эсрэг ерөндөгийн дэлгүүрийн эзэн болж орхих нь тэр. Мань хүнийг Эрх чөлөөт иргэний зиндаанд очсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байлаа. Бүртгэлийн ажилтан мань хүнд бууны гангаар хийсэн зиндаа илтгэгч бөгж гардуулаад цаашид тун таагүй үл ойлголцолд орохоос зайлсхийхийн тулд хувцсаа аль болох хурдан солихыг зөвлөлөө. Хажи нар мань хүнд хамаг сайхан сайхан, амжилтыг ерөөлөө.
Баррент шинэ байр, дэлгүүрээ үзэхээр шийдэв. Дэлгүүрийн нүүрэн талд “Бүх төрлийн хорноос хамгаалах хэрэгсэл. “Амьд үлдэхийг хүсвэл өөрөө хий” цуглуулгыг худалдан авцгаагаарай. Халаасанд багтдаг ганцхан хайрцган дотор гурвын гурван ширхэг хор тайлах ерөндөг бий” гэсэн сурталчилгаа өлгөжээ.
Баррент хаалгыг нээн дотогш оров. Худалдагчийн ард нь зогсдог намхан тавиурын цаана, дээр нь янз бүрийн навч, мөчир, мөөг хийсэн лонх, шилэн сав, цаасан хайрцаг сав өрсөн олон давхар тавцан адар хүртэл явжээ. Хажууд нь ном өрсөн жижигхэн шүүгээ байна.
Баррент зарим номны нэрсийг харвал “Хурц хордлогын үеийн яаралтай оношлогоо”, “Хүнцэлийн бүлэг”, “Лантанз өвснөөс гаргаж авдаг хор” гэжээ.
Хорын эсрэг ерөндөг бэлдэн зардаг ийм дэлгүүр нэг байгаа юм чинь, өөр бас байгаа нь мэдээж гэж бодохоор Омегагийн өдөр тутмын амьдралд хордуулах үзэгдэл чухал үүрэг гүйцэтгэдэг бололтой. Баррент хэсэг бодож байгаад ямар ч байсан жирийн биш ч гэлээ их нэр хүндтэй бизнестэй болжээ гэсэн дүгнэлт хийв. Номнуудыг сайтар судлан уншаад бизнесээ яаж хөтлөх хэрэгтэйг мэдэж авна даа.
Дэлгүүрийг залгаад зочдын өрөө, унтлагын өрөө, галын өрөө явна. Нэг шүүгээг ухаж байгаад тааруухан оёсон Иргэний хар костюм олж, хувцсаа солихдоо халаасанд нь буугаа хийхээ мартсангүй. Мань эр дэлгүүрээ орхиод Хохирогч нарыг хамгаалах нийгэмлэг рүү явлаа.
Нийгэмлэгийн хаалга нээлттэй хэвээр бөгөөд өнөө гурван өрвийсөн эр урьдын адил вандан сандал сууцгааж байв. Гэхдээ тэд энэ удаад инээлдэлгүй зүгээр сууцгаана. Юу ч юм бэ нэг зүйлийг удаан хүлээсээр ядарсан бололтой. Ноён Френдлер ширээнийхээ ард бичиг цаастай зууралдан сууж харагдана. Бүсгүй харин байхгүй байв.
Баррент ширээнд дөхөж очиход Френдлэр ч угтан бослоо.
-Танд үнэхээр баяр хүргэе. Хүндэт найз минь чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Үнэхээр гайхалтай буудсан шүү. Зүгээр ч үгүй унаж байхдаа буудсан шүү дээ.
-Танд баярлалаа гэж Баррент хэлэв.-Миний энд ирсэн зорилго бол...
-Мэдэж байна аа, мэдэж байна гэж Френдлер уриалгах хэлэв.-Та эрх чөлөөт Иргэний эрх ба үүрэгтэй танилцахыг хүсэж байгаа. Зүй ёсны хүсэл юм шүү дээ. Та энд суучих би одоохон танд туслахад...
-Би огт өөр зүйлийн араас ирсэн юм гэж Баррент түүний үгийг таслав.-Мэдээж би өөрийн эрх ба үүргийн талаар мэдэж авахаас буцахгүй. Гэхдээ эхлээд нөгөө бүсгүйтэй уулзмаар байна.
-Бүсгүй гэнэ ээ?
-Намайг орж ирэхэд сандал дээр сууж байсан бүсгүй. Тэгээд надад гар буу өгсөн шүү дээ.
Ноён Френдлер мань хүнийг их гайхсан байртай хэсэг гөлрөв.
-Иргэн та андуураад байгаа бололтой юм. Өнөөдөр манай тасалгаанд эмэгтэй хүн ер орж ирээгүй дээ.
-Тэр бүсгүй энэ гурван эрийн хажууд, энд сандал дээр сууж байсан. Их царайлаг, хар үстэй бүсгүй байсан. Та лав анзаарахгүй байна гэж баймааргүй юм.
Френдлэр хариуд нь байдгаараа анивчиж ирээд:
-Хэрэв тэр бүсгүй үнэхээр энд байсан бол би л лав шууд анзаарах байсан гэлээ. –Гэхдээ энэ өрөөнд эмэгтэй хүний бие битгий хэл үнэр ч орж ирээгүй гэж түрүүн хэлсэн шүү дээ.
Баррент түүний өөдөөс эгцлэн ширтсэнээ халааснаасаа гар бууг гаргаж ирэв.
-Тэгвэл энэ зүйлийг би хаанаас авсан болох уу?
-Би л танд зээлүүлсэн шүү дээ гэж Френдлер хариулав.-Та бууг амжилттай ашиглаж чадсанд их баярлаж байгаа ч одоо харин буцааж өгөхийг хүсэж байна.
Баррент хариуд нь бууг чанга атган шүд зуун байж:
-Та худал хэлж байна гэлээ.-Энэ хүмүүсээс тэгвэл асууя л даа. Тэр бүсгүй хаашаа явсан бэ?
Нөгөө гурвын эрийн нэг нь сахлаа хусалгүй удсан баргайр царайгаа өргөн:
-Та чинь юун бүсгүйн тухай яриад байна аа? гэв.
-Энд сууж байсан эмэгтэйн тухай.
-Энд хэн ч байгаагүй шүү дээ. Рафаэль чи харин энэ сандал сууж байсан бүсгүйг харсан юм уу?
-Би л лав хараагүй гэж Рафаэль хариулав.-Би энд бүр өглөөний арваас хойш сууж байгаа хүн шүү.
-Би ч бас юу ч хараагүй гэж гурав дахь эр үг хавчуулав.-Миний хараа бол тун ч сайн гэж мэдээрэй.
Баррент Френдлер өөд эргэж харав.
-Та яагаад надад худал хэлээд байгаа юм бэ?
-Би жинхэнэ үнэнийг л хэлсэн. Хохирогчийг хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувьд тийм эрхтэй байсан болохоор танд гар бууг би л түр зээлүүлсэн. Харин одоо буугаа буцааж авмаар байна.
-Үгүй шүү гэж Баррент эрс хариулав. –Бүсгүйг олох хүртэл энэ буу надад явж байг.
Френдлер хариуд нь:
-Тийм ч ухаалаг шийдвэр биш байна даа гэсэн боловч тэр даруй:-Иймэрхүү нөхцөл байдалд хулгайг заавал шийтгэдэг юм шүү гэж хэлэх гэсэн юм гэлээ.
-Би тэгвэл азаа үзэхээс гэж Баррент хэлчихээд Хохирогчийг хамгаалах холбооны байрыг орхин явлаа.
5
Омегагийн амьдралд ингэж халуухан хөл тавьснаас хойш сэхээ авах гэж Баррент нэлээд хугацаа зарцуулав. Шинээр ирсэн ямар ч эрхгүй хүнээс эхлээд аллага үйлдсэний хүчинд хор тайлах ерөндөгийн дэлгүүрийн эзэн болчихлоо. Мань хүнд гэмт хэрэгтнүүдийн гарагийн маш нарийн шаталсан зиндаа болон хуульчлан баталсан аллагын хөтөлбөрийн тухай тун бүдэг бадаг төсөөлөл өгч байгаад дэлхий дээр өнгөрүүлсэн мартагдсан үеэс нь ямар ч барьцгүй одоо үе рүү чулуудсан байдаг. Ирээд зэвсэгтэй харьцахдаа тодорхой хэмжээний эв дүйтэй, бас ч үгүй өөртөө итгэлтэй байгааг олж мэдээд гайхсан. Өөрийн тухай, Дэлхий бас Омегагийн тухай маш зүйл олж мэдэх хэрэгтэй гэдгийг Баррент ойлгож байсан бөгөөд үүнд хүрэлцэхүйц удаан амьдарна гэдэгтээ найдаж байлаа.
Гэхдээ хамгийн чухал зүйлээс эхлэх хэрэгтэй. Талхныхаа мөнгийг олдог болох ёстой. Хор, хорын эсрэг ерөндөгийн талаар мэргэжилтэн болох зайлшгүй шаардлагатай.
Номнууд их тус болж байлаа. Дэлхий дээр байдаг өмхий агширгана, агширгана, гувай хатан, улаан мод зэрэг ургамлын гаралтай хорын талаар бичжээ. Мөн хордсон хүн үхэхийнхээ өмнө шөрмөс нь таталдан зовдог ургамал байна. Гүйлсийн синилийн хүчил гээд бүгд л байна.
Аконитын үхлийн тун агуулсан аймшигтай хүчтэй нөлөөтэй чонын хор, санаанд оромгүй хортой мөөг зэргээс гадна зөвхөн Омега дээр ургадаг улаан толгойт, цэцэглэсэн морталис сараанаа гээд зүйлс бас байв.
Гэхдээ тоо томшгүй олон хувилбартай байдаг ч ургамлын гаралтай хорын тухай мэдлэг хангалтгүй юм. Шувуу, аалз, могой, хилэнц, аварга том хэдгэнэ гээд олон тооны хортой амьтад бас байлаа. Хүнцэл, мөнгөн ус гээд эрдэсийн гаралтай хор бас тоо томшгүй. Идэмхий нитратууд, гидрохлоридууд, хүчлүүд. Дээд зэргээр цэвэрлэж авсан шоргоолжны хүчил, гиоциамин, гувай хатаны ханд гээд...Дээр нь бас энэ бүх хорын эсрэг ерөндөгүүдийг мэддэг байх шаардлагатай.
Баррент ном, гарын авлагуудыг уншин судалж, эргэцүүлэн бодож байв. Тэгээд анхны үйлчлүүлэгчдээ бараагаа зарахдаа бага гэлтгүй санаа зовж байсан.
Гэвч тэгэж их санаа зовоод байсан зүйлсийн ихэнх нь ямар ч үндэслэлгүй байсан байж таарав. Ихэнх хордуулагчид нь Хор судлалын төвөөс санал болгож байдаг олон арван нэр төрлийн үхлийн аюултай бодисуудын оронд найдвартай нь батлагдсан, хямдхан бөгөөд аймшигтай тарчлаадаг хүнцэл, стрихнинийг сонгож авдаг нь тодорхой болоод ирэв. Синилин хүчил содон үнэртэй, мөнгөн усыг хүний биед оруулах ярвигтай, идэмхий бодисууд нь үр дүн сайтай ч хадгалах, авч явахад аюул ихтэй. Чонын хор, хортой мөөг нь үнэхээр сайн гэдэг нь мэдээж. Гувай хатан бас агширгана ч өөрийн гэсэн үхэл дагуулсан увидастай. Гэхдээ хуучны тансаг сайхан цагийн хор яалт ч үгүй илүү байлаа. Тэвчээр багатай залуу үе, ялангуяа эмэгтэйчүүд, харин эмэгтэйчүүд бол Омега дээрх хордуулагчдын арван хүний ес нь байсан бөгөөд, тэд энгийн зүйлд дуртай аж.
Омегагийн эмэгтэйчүүд их хуучинсаг үзэлтэй. Хордуулах урлагийн тансаг увдисыг тэд үл тооно. Ний нуугүй хэлэхэд тэдэнд ямар арга вэ гэдэг нь ер хамаагүй, зөвхөн зорилгодоо аль болох хямд, хурдан хүрэхийг л зорьно. Омегаагийн эмэгтэйчүүд их гүйлгээ ухаантай. Хор судлалын төвийн улайрсан онолчид гурван өдрийн хөгц мэтийн хүртэхэд халдварладаг санаанд оромгүй хачин жигтэй хорыг нэвтрүүлэх гэж оролдон, аймшигтай нарийн орц бүхий шинэ шинэ хор гаргахаар нойр хоолгүй зүтгэж байсан ч тэдгээрийн борлуулалт нь тун ядмаг. Байдаг л нэг хүнцэл, хурдан үйлчилдэг стрихнин хоёр л арилжааных нь тулгын чулуу болж байсан нь Баррентийн ажлыг ихээхэн хөнгөвчилж байсан юм.
Ийм улиг болсон хоронд хордсон гэдэгтээ итгэхээс татгалзсан эрчүүд харин их түвэг удаж байлаа. Тэдэнд болохоор Баррент өч төчнөөн үндэс, өвс, навчийг ерөндөгийн нөлөө үзүүлэхүйц өчүүхэн бага тунтай хортой холиод саармагжуулагч ба бөөлжүүлэгч нөлөө бүхий бодисуудтай хослуулан зардаг боллоо.
Удалгүй Дэнис Фоэрен ба Жо хоёр Баррентийн гэрт зочлов. Фоэрен загасчдын усан онгоцны ачааг буулгадаг түр ажилтай болсон бол Жо нь Тетрахидийн төрийн албан хаагчдын дунд покерын шөнийн тоглолт зохион байгуулдаг болжээ. Аль аль нь зиндаагаа гавьтай нэмж чадаагүй аж. Ганц ч аллага үйлдээгүй болохоор зиндаа ахиж чадаагүй нөгөө хоёр нь ердөө Хоёрдугаар ангиллын оршин суугчид байсан болохоор Эрх чөлөөт Иргэнтэй уулзахдаа багагүй барьц алдаж байсан ч Баррент тэдэнтэй зиндаа адил хүн шиг харьцав. Омега дээрх мань хүний хоёрхон найз болохоор нийгэмд эзэлдэг байр суурийн ялгаанаас болоод тэднийгээ алдах хүсэлгүй байв.
Тетрахидын уламжлал, дүрэм журам нь тэдний хувьд урьдын адил тангад ном хэвээр. Ядаж байхад Жо ч хүртэл төрийн алба хашдаг танил талаасаа олигтой юм олж мэдэж чадаагүй. Омега дээр хууль дүрмийг нууцлан хадгалдаг аж. Туршлагатай хүмүүс нь хуулийн мэдлэгээ шинээр ирэгчдийн эсрэг ашиглана. Эрх тэгш бус байдал албадан сурталчилж хүчээр тулгадаг үл мэдэх байдлын буянаар эрх мэдэл ба давуу эрх нь хамгийн хуучны оршин суугчдын гарт байдаг аж. Гэхдээ доороос дээшлэх хөдөлгөөнийг тэд тогтоож дийлэхгүй нь мэдээж. Харин дээшлэх явцыг маш аюултай болгон удаашруулж бол болж байлаа.
Дэлгүүр анхаарал их шаарддаг байсан ч Баррент өөрт нь тус болсон бүсгүйг уйгагүй хайсаар л байв. Гэвч тийм бүсгүй үнэхээр байсан гэх нотолгоо мань эрд хараахан байхгүй хэвээр.
Мань хүн хөрш дэлгүүрүүдийн эзэдтэй танилцаад авлаа. Деймонд Гаррисбург нэртэй живэр сахалтай, хөгжилтэй залуу бол хүнсний дэлгүүрийн эзэн. Хаа сайгүй л байж байдаг ердийн л нэг нам тайван мэргэжил ч гэлээ Гаррисбур гэмт хэрэгтнүүд хүртэл идэх хэрэгтэй байдаг юм шүү гэж хэлэх дуртай. Тэгэхээр фермерүүд, тээвэрлэгчид, сав баглаачид, дэлгүүрүүд хэрэгтэй. Омега дээрх үхлийн бизнесээс өөрийнх нь бизнес юугаар ч дутахгүй гэж Гаррисбург нотолно. Үүнээс гадна мань Гаррисбургийн эхнэрийнх нь авга ах Олон нийтийн ажлын сайд. Түүгээр дамжуулж байгаад мань эр хүн алах эрхийн бичиг авах санаатай. Энэхүү чухал баримтыг олж авсан цагт мань хүн заавал үйлдэх ёстой гэмт хэргээ үйлдэж байгаад Давуу эрхтэй Иргэний зиндаа хүртэл цодойх юм гэнэ.
Баррент амыг нь дагуулан зөв зөв гэж толгой дохих ч Гаррисбургийн эхнэр, сэргэлэн туранхай хүүхэн өөрийг нь өрсөөд хордуулж таарах вий гэж эргэлзэнэ. Тэр хүүхэн янз нь нөхөртөө тийм ч хайртай бишийн дээр Омега дээр гэр бүл салалт хориотой гэж байгаа.
Бас нэг хөрштэй. Тем Ренд гэдэг 40 орчим насны өндөр, өөдрөг зантай эр. Зүүн нүднээс нь завьж хүртэл үргэлжилсэн урт сорвитой бөгөөд зиндаа ахих гэсэн нэг хүний бэлэг юм гэнэ. Зиндаа ахих гэсэн этгээд буруу хүн рүүгээ дайрсан байжээ. Тем Ренд бууны дэлгүүрийн эзэн бөгөөд байнга буудлагаар хичээллэдэг, зардаг буунуудынхаа дээжээс үргэлж биедээ авч явдаг нэгэн. Тэрээр Алуурчдын мэргэжлийн холбооны гишүүн болохыг мөрөөддөг. Энэхүү Омегагийн хамгийн эртний бөгөөд маш хатуу чанд дүрэмтэй байгууллагын гишүүн болох өргөдлөө өгчихсөн бөгөөд элсэх магадлалтай юм гэнэ.
Мань Баррент түүнээс зэвсэг худалдан авав. Рендийн зөвлөсний дагуу томоохон сумны хүчээр бууддаг, хурдан бөгөөд онч сайтай Жамисон Тирийн системийн туяан зүүт бууг сонгон авлаа. Онилсон байнаасаа зургаан инч зөрсөн байхад л онож байдаг Хажи нарын дулааны буу шиг хүчтэй тархалтгүй буу гэдэг нь үнэн. Гэвч өргөн сарнилттай дулааны буутай хүн онилж чадахаа байчихдаг. Ийм буугаар захын тэнэг буудаж чадах бол туяан зүүт буугаар онож буудахын тулд байнга бэлтгэл хийх шаардлагатай. Харин туяан зүүт буутай туршлагатай бууч хүн өргөн сарнилттай дулааны буутай хоёр хүнтэй тэнцдэг болохоор бэлтгэл хийж байх нь ч зөв хэрэг аж.
Зэвсгийн дэлгүүрийн эзэн, ирээдүйд Алуурчин болох хүний өгсөн зөвлөгөөг Баррент дагалаа. Тэрээр Рендийн буудлагын байранд олон цаг бэлтгэл хийдэг болов.
Зөвхөн амьд үлдэхийн төлөө маш их зүйл олж мэдэх, олж мэдсэнээсээ ч их зүйлийг хийх ёстой байлаа. Үнэхээр чухал зорилго байгаа цагт Баррент ч хүнд ажлаас зайлсхийхийг хүссэнгүй. Хэсэг хугацааны дараа бүх зүйл голдрилдоо орж тайвшрахад амьсгаа авч байгаад хууччуудын мэддэг зүйлийг нөхөж мэдэж авна даа гэж мань хүн найдна.
Гэвч Омега дээр тогтвортой зүйл гэж нэг ч үгүй ажээ.
Нэгэн өдөр Баррентийн дэлгүүрт тавь орчим настай, зузаан, ширүүн царайтай хүн орж ирэв. Тэр хүн өвдгөө хүрсэн урт нөмрөг өмсөж, сүлжмэл шахай өшиглөжээ. Бүснээс нь жижигхэн хар ном, улаан бариултай чинжаал хутга унжиж харагдана. Их хүчтэй, эрх мэдэлтэй хүн гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой. Баррент харин цаад хүнийхээ зиндааг тодорхойлох гээд чадсангүй.
-Эрхэмээ би дэлгүүрээ яг хаах гэж байлаа л даа. Гэхдээ таныг хэрэв юм авна гэвэл...
-Би юм авах гэж ирээгүй гээд нөгөө хүн яриаг нь таслав.Тэгээд хөнгөхөн инээмсэглэл нүүрэндээ тодруулсан болов. –Би зарах гэж ирлээ.
-Зарах гэнэ ээ?
-Би лам байна гэж нөгөө хүн тайлбарлав.-Өөрөө манай дүүрэгт ирсэн шинэ хүн байх. Таныг мөргөл дээр ер харж байгаагүй юм байна.
-Би мөргөлийн тухай юу ч ...
Нөгөө лам гараа өргөн яриаг нь тасалж орхив.
-Шашны болон төрийн хуулийн ёсоор бол үл мэдэх явдал нь зөвтгөх шалтгаан болдоггүй. Харин ч эсрэгээр үл мэдэж байгаа явдлыг Бүх нийтийн хувийн хариуцлагын хуулийн 28-р зүйлийн дагуу санаатайгаар үл тоомсорлосон явдал гэж үзэн шийтгэл ноогдуулж болно гэж ламтан хэлээд ахиад л инээмсэглэв.-Гэсэн хэдий ч одоохондоо сахилгын хариуцлага ноогдуулах асуудал тавигдаагүй байгаа.
-Үүнийг сонсох таатай байна эрхэм ээ гэж Баррент хэлэв.
-Намайг Авга ах гэж дуудаж байгаарай гэж ламтан хэлэв.-Би бол Авга ах Ингмар байна. Би Мэдэрч болшгүй ангид оршигч Муу ёр, нүгэл хилэнцийг дээдлэн тахигч, Омегагийн ууган шашны талаар ярихын тулд энд ирсэн юм.
-Нүгэл хилэнцийн шашинтэй дуртайяа танилцъя Авга ах минь гэж Баррент хэллээ.-Таныг зочдын өрөөндөө урихыг зөвшөөрөхсөн болов уу?
-Бололгүй яахав Зээ минь гэж ламтан хэлээд Баррентийг даган алхаллаа.
6
Ингмар Авга хамгийн сайн буйданг олж тухалсны дараагаар:
-Муу ёр нүгэл хилэнц гэдэг нь болбоос гэж ирээд л яриагаа эхлэв.- хүмүүсийг ухаан сэргэлэн, тэсвэр тэвчээртэй болгож байдаг дотоод хүч юм шүү дээ. Муу ёрыг тахих шүтлэг нь өөрөө өөрийгөө тахих шүтлэг бөгөөд ийм ч болохоор цорын ганц үнэн шүтлэг. Бидний тахидаг тэр бие хүн бол дээшлэх, зиндаа ахих дурын боломжоос зуурахад бэлэн, нийгэмшсэн бодгаль юм. Үхлийг нэр төртэй хүлээн авч, өөрийгөө доромжилсон өрөвдөх сэтгэлгүйгээр алж чаддаг хүн. Хэнийг ч үл тоодог, хэнийг ч үл өрөвддөг Ертөнцийн жинхэнэ тусгал нь болвоос Нүгэл, муу ёр байгаа юм. Муу ёр, нүгэл хилэнц нь хүмүүний олон талт амьдралд янз бүрийн хэлбэрээр илэрч байдаг ч үл өөрчлөгдөгч мөнхийн зүйл билээ.
-Авга танд жаал дарс санал болговол болохсон болов уу гэж Баррент асуув.
-Баярлалаа. Бизнес хэр байна даа?
-Сайн сайн. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт бол бага зэрэг тиймэрхүү байсан.
Ламтан бодолд дарагдан дарс шимэнгээ:
-Хүмүүс ч хордуулахад урьдын адил анхаарахаа байж дээ гэж хэллээ.-Дэлхийгээс дөнгөж цөлөгдөж ирсэн хүүхэд байсан тэртээ дээр үед ч өөр байсан шүү... За за энэ ч яахав.
-Би таныг сонсож байна Авга минь.
-Бид Нүгэл хилэнцэд залбирдаг. Та бидний өдөр шөнийг хянаж байдаг эвэр агссан хянагч, Агуу их Харанхуйн бүрэлбээ болсон Муу ёрд мөргөдөг. Агуу их харанхуй нь долоон үндсэн нүгэл, дөчин гэмт хэрэг, зуун нэгэн хилэнцийг агуулж байдаг. Хүмүүс бид төгс биш амьтад болохоор Агуу их Харанхуйг үлгэр дуурайлал болгон амьдрахыг хичээдэг юм. Тийм ч болохоор Агуу их Харанхуй нь заримдаа гал агуулсан асар аймшигтай биеэ харуулан гарч ирж бидэнд урам хайрладаг. Нээрээ шүү Зээ минь. Түүнийг хоёр ч удаа харах аз надад хоёр ч удаа таарч байсан юм. Хоёр жилийн өмнө Их наадмын үеэр гарч ирсэн, бас түүний урд жил гарч ирж байсан юм.
Бурхан бууж ирсэн үйл явдлын тухай ламтан хэсэг зуур бодлогшров. Тэгснээ:
-Нүгэл хилэнц үйлдэх хүний чадварын хамгийн дээд илрэл нь Төр гэж бид үздэг болохоор Төрийг бурханлаг биш ч гэлээ супер чадвартай хүн гэж дээдлэн тахидаг юм.
Баррент толгой дохилоо. Мань хүн арай л гэж унтчихалгүй тэсэж байв. Муу ёр, нүгэл хилэнц гэсэн маш түгээмэл ойлголтын талаар өгүүлэх Ингмар Авга ахын нэгэн хэвийн дуу өөрийн эрхгүй нойр хүргэнэ.
-Тэгэхээр гэсээр Ингмар авга ах үргэлжлүүлэн бувтнана.-хүний байгалиас заяагдсан мөн чанарын хамгийн оргил нь Муу ёр юм бол Агуу их Харанхуй яагаад Сайн сайхан, буян гэсэн зүйлийг тэвчээд байлгаад байдаг юм бол гэж асууж болно. Сайн үйл, буяны асуудал зуун зууны туршид сахил хүртээгүй эгэл хүмүүсийг зовоосор ирсэн юм. Энэ асуултанд би одоо хариулъя.
-Тэгэлгүй яах вэ Авга минь гэж Баррент хэлж байхдаа нойроо хөөхийн тулд өөрийгөө сэмхэн чимхээд авлаа.
-Гэхдээ эхлээд ойлголтуудыг тодорхойлох хэрэгтэй гэсээр ламтан үргэлжлүүллээ. –Сайн үйл, буян гэгч зүйл хаанаас гарч ирснийг судалцгаая л даа. Дайснаа зоригтой бөгөөд айлтгүйгээр судалж жинхэнэ мөн чанарыг нь илчлэн харцгаая.
-Тэгье гэж Баррент хариуллаа. Зовхи нь дийлдэхээ байгаад өөрийн эрхгүй анилдаад байв. Иймд мань хүн нүдээ сайн гэгч нь нухаж байгаад сонсохыг хичээв.
-Сайн үйлс, буян гэдэг бол хүнд хэзээ ч байж байгаагүй бусдад туслах хүсэл, өрөвдөх сэтгэлийг хүнд байдаг гэсэн төөрөгдөл юм. Тэгвэл бид Буян гэгч зүйлийн төөрөгдөлт байдлыг яаж батлах юм бэ гэж? Тун амар аргаар. Ямар арга вэ гэхээр Ертөнцөд Агуу их Харанхуй ба хүн гэсэн хоёрхон зүйл байдаг болохоор Агуу их Харанхуйг шүтнэ гэдэг нь өөрийнхөө эцсийн бөгөөд төгс илрэлд мөргөн шүтэхийг хэлж байгаа юм. Тэгэхээр Буян гээч зүйл нь оргүй хоосон, төөрөгдөл гэдгийг ингэж харуулснаар бид түүнийг дагалдаж явдаг бүх шинж чанарыг нь огт байхгүй, оргүй зүйл гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Ойлгож байна уу?
Баррент:
-А? гэж л дуугарч чадав. Учир нь мань хүн хараатай чигтээ зүйрмэглэж байлаа. Ингээд өөрийгөө албадаж байж сэрэж байгаад: -Тийм ээ Авга ах минь би ойлгож байна гэж хэллээ.
-Их сайн байна. Харин одоо бол яагаад энэхүү Буян гэсэн төөрөгдлийг Агуу их Харанхуй нь Муу ёрын ертөнцөд байлгаад байдаг юм гэж асууцгаая. Хариулт нь Зайлшгүй байх ёстой эсрэг тэсрэгийн хуулинд байгаа юм.Учир нь Муу ёрыг заавал байх ёстой эсрэг харьцуулалт, эсрэг тодруулалтгүйгээр байна гэж тодорхойлох боломжгүй юм шүү дээ. Ингэж хамгийн сайн тодорхойлдог зүйл нь эсрэг талын зүйл байдаг. Харин Муу ёр, нүгэл хилэнцийн эсрэг нь Буян, сайн үйл юм гэж хэлээд ламтан үнэхээр ухаалаг дүгнэлт гаргасан хүн шиг байдгаараа мушилзав. –Ингээд л бүх зүйл ойлгомжтой болоод ирж байгаа биз дээ, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ Авга ах минь гэж Баррент зөвшөөрлөө.-Та дахиад дарс уугаач?
-За яах вэ жаахан дусаачих гэж ламтан хэллээ.
Үүний дараа мань ламтан тал хээр, ойн модонд амьдардаг амьтдын төрөлхийн бөгөөд гайхамшигтай Нүгэл хилэнцийн тухай Баррентад ахиад арваад минут хэртэй тайлбарлан хэлээд эгэл бодь эдгээр амьтдыг үлгэр жишээгээ болгохыг нэг хэсэг ухуулав. Тэгэж тэгэж яриагаа дуусгаад бослоо.
-Сайхан яриа хамт өрнүүлсэндээ их таатай байна гэж ламтан хэлээд Баррентийн гарыг ихэд сэтгэл хангуул атгалав. –Нэг дэх өдөр болгон явагддаг шөнийн мөргөл дээр таныг ирнэ гэж найдаж болох уу?
-Мөргөл ий?
-Тэгэлгүй яах вэ. Нэг дэх өдөр болгон, яг шөнө дунд бид Харанхуйн мөргөлийг үйлддэг юм. Үүний дараа онгон охид хоол унд идээ бэлдэж бид бүжиглэн хамтдаа дуулцгаадаг юм. Их хөгжилтэй юм болдог юм шүү гээд ламтан маасайтайл инээмсэглэв.-Муу ёрд мөргөнө гэдэг бас таатай байж болдог юм шүү.
-Мэдээж тэгэлгүй яах вэ гэж Баррент санал нийлэв.-Би очно.
Мань хүн ламтанг үүд хүртэл гаргаж өгснийхөө дараа Ингмар Ахын хэлсэн зүйлсийн талаар сайтар эргэцүүлэн бодлоо. Мөргөлд очих хэрэгтэй гэдэг нь гарцаагүй. Бараг заавал гэж болох юм. Гэхдээ Муу ёрын талаарх Ингмарын саяны яриатай адил тамын уйтгар дагуулсан зүйл биш байгаасай даа гэж мань хүн дотроо найдаж байлаа.
Ламтан тав дахь өдөр ирсэн. Үүний дараах хоёр хоногт мань Баррент нь Цуст гудамжинд байдаг өөрийн нийлүүлэгчээс гомеопат бараа аваад завгүй байлаа. Авсан бараагаа үзэж шалган, хуваан ангилж хайрцаг саванд хийх ёстой байв.
Нэгдэхэд бага үдийн цайны дараа дэлгүүр рүү явж байсан Баррентад нөгөө бүсгүй харагдах шиг болов. Мань хүн ч тэр даруй араас нь гүйсэн болов ч гудамжаар багшралдах олны дунд оруулаад алдчихлаа.
Гэртээ ирээд хаалган доогуур нь шургуулсан захидлыг олов. Зүүдний дэлгүүрээс ирсэн урилга байлаа. Захидалд : “Эрхэм иргэн таныг манай дүүрэгт ирсэнд талархан мэндчилэх боломж гарч байгаад баяртай байгааг хэлэхийн ялдамд Омегагийн хамгийн шилдэг Зүүдний дэлгүүр гэж бидний боддог дэлгүүрийнхээ үйлчилгээг санал болгож байна. Бид санаанд оромгүй хямд үнээр бүх л төрөл зүйлийн зүүдийг санал болгож байгаа юм. Бид Дэлхийн тухай дурсамж гэсэн зүүдний төрлийг дагнадаг. Чөлөөт иргэний хувьд та бидний үйлчилгээг авахыг гарцаагүй хүснэ гэдэгт найдаж байна. Долоо хоногийн хугацаанд таныг хүрэлцэн ирнэ гэдэгт найдаж байна. Дэлгүүрийн эзэд” гэсэн байлаа.
Баррент захидлаа уншиж дуусаад дээшээ ширтэв. Зүүдний дэлгүүрийн тухай өчүүхэн ч төсөөлөл мань хүнд байсангүй. Олж мэдэх хэрэгтэй болж дээ. Урилга нь их эелдэг бичигдсэн ч гэлээ цаагуураа тушаангуй аястай байх юм. Тэгэхээр Зүүдний дэлгүүрээр үйлчлүүлэх нь Эрх Чөлөөт Иргэний заавал биелүүлэх ёстой үүргүүдийн нэг бололтой.
Гэхдээ үүрэг ч бас таашаал дагуулж байсан бас болно. Дэлхий дээрх амьдралынхаа тухай ой санамжаа сэргээхийн төлөө мөнгө хайрлахгүй шүү.
Гэхдээ яарах хэрэггүй. Харин өнөөдөр бол Харанхуйн мөргөлийн өдөр, мань хүн түүнд заавал оролцох ёстой.
Баррент шөнө дунд эхэлдэг мөргөлд очихын өмнө шөнийн Тетрахидаар бага зэрэг зугаалахаар шийдэн оройн 11 цагийн үед дэлгүүрээ орхин гарав.
Мань хүн их додигор байдалтайгаар зугаалахаар гарсан. Тэгээд харин золтой л үхчихсэнгүй.
7
Бөгчим, халуун шөнө байлаа. Харанхуй хүнгүй гудамжинд салхи өчүүхэн ч салхи үгүй. Тетрахидийн дийлэнх хүмүүс орон гэрийнхээ сэрүүнд нуугдан бүгцгээжээ. Баррент ердөө л шорт, хар цамц, сүлжмэл шаахайтай явж байсан ч хар хөлс нь цутгана.
Хажуугаар нь хэсэг хүмүүс хар хурдаараа гүйн гарав. Гүйх нь битгий хэл зүгээр алхахад тэвчиж ядам хар халуунд гүйж яваа аяс нь үнэхээр айж мэгдсэн шинжтэй байв. Юу болоод байгааг Баррент асууж лавлах гэсэн болов ч зогсож хариулах хүн нэг ч гарсангүй. Нэг өвгөн гүйх зуураа:
-Гудамжнаас зайлаач ээ малаа гэж эргэж харан орилов.
-Яагаад? гэж Баррент асуув.
Өвгөн хариуд нь ойлгомжгүй юм архиран хэлчихээд алга болж орхилоо.
Баррент туяан зүүт бууныхаа бариулын түгшсэн байртай атгалаа. Нэг л юм болоод байна даа. Одоо нуугдчихаж болох хамгийн ойрхон газар бол сүм. Тэгэхээр ямар ч дайралтанд хариулахад бэлэн чигтээ цаашаа явсан нь дээр бололтой.
Хэдхэн минутын дараа бүх цонх нь хөшгөө татан халхалсан хотод мань Баррент ганцаар үлдсэн байлаа. Буугаа хуйнаас нь гарган атгачихаад гудамжны голоор алхалж байв. Газардалтын өдөр мөдөр мэтийн баяр болж байгаа юм байлгүй дээ. Энэ Омега дээр юу ч болж магадгүй шүү.
Хөшиглөсөн халуун агаарыг зөөлхөн салхи сэрчигнүүлэн хөдөлгөөд намжив. Намжсан салхи ахиад үлээхдээ халуун гудамжуудыг мэдэгдэхүйц хөргөх хэмжээний сэрүүн, хүчтэй болсон байв. Цээж, нурууных нь хөлс хатахыг Баррент мэдэрч байв.
Ингээд хэдхэн минутын дотор Тетрахидийн цаг агаар тун ч таатай боллоо.
Уулсын оройноос хүйтэн агаар үлээж эхлэхэд агаарын хэм шууд арван градусаар унаж орхилоо.
“Хачин юм даа гэж Баррент бодлоо. –Бушуухан сүм рүү очихгүй бол болохгүй нь”.
Мань хүн алхаагаа ч нэмж, агаарын хэм ч буурсаар. Өвлийн тэсгим хүйтэн салхи гудамжинд ульж, цас ороод эхэллээ. Чөмгөө хүртэл царцсан Баррентийг хоосон гудамжуудаар хөл мэдэн харайлгахад ширүүсэн догширсон салхи гүйцэн гүйцэн ташуурдана. Зам сэжиг бүхий гялалзаад эхэллээ. Мань хүн халтиран унаснаа босоод явахдаа урдах эрчээ алдсан байлаа.
Хөшгөө сайн татаагүй цонхны цаанаас гэрэл олж харсан Баррент цонхны хаалтыг хар хүчээрээ балбаж гарсан ч дотроос нь өчүүхэн ч чимээ үл дуулдана. Тетрахидийн оршин суугчид хэзээ ч нэг нэгэндээ тусладаггүй болохыг мань хүн гэнэт ухамсарлалаа. Хэдий чинээ олон хүн үхнэ тэр хэмжээгээр үлдсэн хэдийнх нь амьд явах боломж нэмэгдэнэ гэсэн үг.
Хөл нь аажмаар модон тайрдас болж байгааг Баррент мэдэрсэн ч гүйсээр л байлаа. Салхи аймшигтай ульж эхлэхэд нударгын дайтай мөндөр газар шаагин асгарлаа. Мань Баррентад гүйх хүч үгүй болжээ. Одоо бол сүм хүрч амжина гэдэгтээ найдаад хөлдөж мөстсөн цагаан газар дээгүүр урагш сажилж л чадаж байв.
Олон цаг, олон жил явах шиг боллоо. Хана түшээд хяруу татуулан хөшсөн хоёр эрэгтэй хүний цогцосны хажуугаар гарч явав. Энэ хоёр зогссон байна шүү дээ.
Баррент өөрийгөө хүчлэн ахид л гүйж эхэллээ. Гэдэс бөөрөөр нь хутгалж байгаа аятай хатгуулан өвдөж, хүйтэн хөл гараар нь дамжин дээшилсээр. Жавар удахгүй цээжинд нь хүрэхэд бүх зүйл дуусна.
Ингээд нэг ухаан ортол Баррент хайр найргүй үлээх салхи амин дулааных нь сүүлийн үртсийг хөөн зайлуулж, өөрөө мөсөнд баригдсан газар дээр хэвтчихсэн байгаагаа мэдэрлээ. Гудамжны төгсгөлд сүмийн улаан гэрэл харагдаж байв. Мань хүнд ямар ч найдвар байхгүй байсан ч өөрөө ч мэдэлгүй дөрвөн хөллөж байгаад гэрэл рүү мөлхөж эхэллээ. Мөлхөөд л мөлхөөд л байсан болов ч анивчих гэрэл алсаас ёлтолзсон хэвээр. Гэвч Баррент бууж өгөлгүй мөлхсөөр хаалганд дөхөж очлоо. Хоёр хөл дээрээ босож байгаад хаалганы бариулыг дарав.
Гэвч хаалга цоожтой байх нь тэр.
Мань эр хаалгыг нударга зангидаж байгаад хар хүчээрээ балбаж эхэлсэнд хаалган дээрх жижиг цонх нээгдэв. Нэг хүн цаанаас нь түүнийг ширтэж байснаа цонх ахиад хаагдаж орхилоо. Тэгээд ахиж онгойсонгүй. Юугаа хүлээгээд байгаа юм болоо? Яачихаад байгаа юм бол? Баррент ахиад балбах гэтэл тэнцвэр алдан унаад ухаан алдаж орхив.
Баррент ухаан ороход орон дээр хэвтэж байв. Хоёр эрэгтэй гар хөлийг нь үрж илэх бөгөөд Ингмар Авга ахын анхааралтай бөгөөд санаа зовсон байртай өргөн хар царай дээрээс нь тонгойжээ.
-За гайгүй юу гэж Ингмар Авга асуув.
-Гайгүй л юм шиг байна гэж Баррент хариулав.-Та хаалгаа хурдан онгойлгохгүй яагаад удав?
-Бид ер нь онгойлгох бодолгүй байсан юм гэж ламтан хэлэв.-Зовлон тохиолдсон хөндлөнгийн хүнд туслахыг хуулиар хориглодог юм. Харин та бол манай мөргөлчдийн тоонд албан ёсоор ороогүй байгаа хөдлөнгийн хүн.
-Тэгвэл намайг яагаад оруулсан юм бэ?
-Мөргөлчдийн тоо тэгш болсон байгааг туслах маань олж мэдсэн юм. Гэтэл уг нь бол сондгой тоотой, ялангуяа гурваар төгссөн сондгой тоотой хүн байх шаардлагатай юм. Харин шашны ба төрийн хуулиад зөрчилдөх үед төрийн хууль зайгаа тавьж өгөх ёстой байдаг. Тэгээд л бид дүрмийг зөрчин байж таныг оруулсан хэрэг л дээ.
-Сонин л дүрэм юм гэж Баррент хэлэв.
-Харин ч үгүй шүү. Хүн амын тоог тогтмол хэмжээнд барихыг чиглэсэн хууль. Омега бол үржил шимгүй гараг, харин ирж байгаа хоригдлууд нь хүн амын тоог нэмэгдүүлж, улмаар хуучин оршин суугчдын эрхийг хохироож байдаг юм.
-Наадахыг чинь сайн гэж бодохгүй байна гэж Баррент зөрөв.
-Өөрөө хуучны хүн болохоороо өөрөөр боддог болно оо гайгүй гэж Ингмар хэлэв.-Харин амь бөхтэйг чинь харвал та хуучны хүн бололтой янзтай шүү.
-Магадгүй гэж Баррент зөвшөөрлөө.-Сая ингэхэд юу болчихов оо? Температур ердөө 15 минутын дотор 70 орчим градусаар буучихлаа.
-Яг нарийн хэлвэл жаран долоогоор буусан гэж Авга ах залруулав.-Ойлгож ядаад байх юмгүй. Омега чинь давхар одны системийг тойрон эксцентрийн байдлаар эргэж байдаг юм. Үүнээс гадна гарагийн физик чанарын онцлог, уул ба далайн байрлалтай холбоотойгоор тогтворгүй байдал үүсдэг. Үр дүнд нь температурын огцом өөрчлөлттэй аймшигтай цаг агаар бий болсон хэрэг. Гэсгээн шийтгэх төгс ертөнц гэж Ингмар авга тайлбарлалаа.-Туршлагатай оршин суугчид температурын өөрчлөлтийг мэдэрчихээд шууд гэр гэртээ харьцгаадаг.
Баррент юу гэж хэлэхээ мэдэхгүй:
-Энэ ч ёстой нэг... тамын юм байна даа гэв.
-Их сайхан тодорхойллоо шүү гэж ламтан хэлэв.-Энэ яах аргагүй тамын юм болохоор Агуу Их Харанхуйд шүтэн мөргөхөд тохирдог. Тэгэхээр иргэн Баррент та гайгүй болсон бол мөргөлөө эхлэх цаг боллоо.
Баррент толгой дохиод ламтанг даган сүмийн гол хэсэг рүү явлаа.
Саяын туулж өнгөрүүлсэн зүйлтэй нь харьцуулахад Харанхуйн мөргөл нь уйдаж үхмээр зүйл гэж санагдана. Баррент мөргөлийг тасралтгүй зүүрмэглэж өнгөрөөв.
-Муу ёрыг даган мөргөнө гэдэг бол гэсээр Ингмар авга ахын дуу хадана. –зөвхөн нэгдэхийн орой мөргөөд гүйцээ гэсэн үг биш юм шүү. Харин ч эсрэгээрээ. Муу ёр, нүгэл хилэнцийг өдөр болгон үйлдэж биелүүлж байх ёстой. Агуу их нүгэлтэн болох тавилан хүн болгонд заяагаагүй байдаг ч ингэлээ гээд сэтгэлээр унаж, зүгээр суух хэрэггүй. Тогтмол хийгдсэн жижиг сажиг хэрэг нь яваандаа Агуу их Харанхуйн сэтгэлд хүрэхүйц том нүгэл болж хувирдаг юм. Агуу их нүгэлтнүүд, тэр бүх чөтгөр шулам шиг гэгээнтнүүд маань гараагаа тун ялихгүй хэмжээнээс эхэлж байсан гэдгийг мартаж болохгүй. Тэр Трастус гэхэд л худалдагчдийг мэхэлсэн шигээ явдаг ердийн нэг лангууны эзэн байгаагүй гэж үү? Энэ байдаг л нэг энгийн хүнийг Торнайксийн Замын Цуст Алуурчин болно гэдгийг хэн тааж мэдсэн юм бэ?
Цаашилбал Лойенд эмчийг тамлан зовоолтын хамгийн том мэргэжилтэн болно гэдгийг хэн мэдэж байсан юм. Тууштай шургуу зан, шүтлэг нь энэ хүмүүсийг Агуу их Харанхуйн баруун гар хүртэлх өндөрлөгт гарах боломж олгосон юм шүү. Тэгэхээр нүгэл хилэнц, муу ёр нь гэж ирээд Ингмар Авга дүгнэлтээ хийлээ.-ядуу ч тэр баян ч тэр хүмүүсийн адил хэмжээгээр хийх ёстой зүйл байгаа юм.
Номлол үүгээр дусаж, мөргөлчдийг сүсэглэн ширтэж нүдээ баясга гэж улаан бариултай чинжаал хутга, бах мэлхий гэсэн ариун эд зүйлсийг гаргаж ирэх үед Баррент сэрлээ. Хар шидийн таван өнцөгтийг харуулж эхлэх үед мань хүн ахиад л унтчихлаа.
Тэгсээр номлол ч дуусах тийшээ хандаж муу ёр, нүгэл хилэнцийн чөтгөр шулмуудын нэрсийг Ваол, Форкас, Буэр, Маркознас, Астарот, Бегемот гэж ээлж дараалан дуудан уншив. Цусан улаан тахилын ширээн дээр тахил болгон өргөжих онгон охин байхгүй байгаад Ингмар Авга ах ихэд харуусав.
-Төрийн сертификаттай пеон онгон охин худалдан авахад манай мөнгө сайн хүрэлцэхгүй байгаа юм гэж ламтан хэлэв.-Гэхдээ дараагийн нэг дэх өдөр ёслолоо бүрэн утгаар нь явуулж чадна гэдэгт ихээхэн найдаж байгаа шүү. Одоо миний туслах та бүхий дундуур явна...
Туслах нь хар хүрээтэй тусгай таваг гаргаад ирэв. Баррент ч бусад мөргөлчдөө дагаад гар таталгүй өргөл өгөв. Тахил болгож өргөх онгон охин байхгүйд Ингмар Авга ихэд дургүйцэн бухимдаж байгаа илт байв. Ахиад жаахан удвал мөргөлчдийн хэн нэгнийг нь онгон үгүйг үл харгалзан тахилд өргөхөөс ч буцахгүй байгаа янзтай.
Бүгд нийлэн бүжиглэж, дуулах хэсэгт Баррент оролцсонгүй. Мөргөлийн дууссан даруйд хаалга онгойлгон толгойгоо цухуйлгаад болгоомжтой харлаа. Агаарын дулаан нэмэгдээд, мөс хайлчихаж. Баррент маань ламтны гарыг атгаж ёслоод гэрийн зүг яаран одвой.
8
Баррент Омегагийн элдэв гэнэтийн бэлэг, сэтгэл цочроосон зүйлтэй хашрахаар олон таарлаа. Мань хүн их болгоомтой болж дэлгүүрээсээ үл холдон, толгой өөд таталгүй ажиллах болов. Тэрээр аюулыг зөнгөөрөө мэдрэх зургаадах мэдрэмжтэй болсон байв.
Шөнө дөлөөр, хаалга үүдээ дангинатал түгжиж, хамгаалалтын гурван давхар системээ асааж аваад Баррент орондоо орж байгаад дэлхийг санахыг хичээн хэвтдэг байв. Ой санамжийн будант хөшигний цаанаас тэмтчихдээ мань хүн нарыг чиглэн одох өргөн зам, асар том хот, сансрын хөлөг гээд сэтгэлийг нь гижигдэн шаналгахаас цаашгүй тархай бутархай зүйлс төдийтэй л таарна. Гэвч тэр зүйлс нь зурвасхийн харагдсан болоод алга болж орхино.
Жо, Дэнис Фоэрен хоёр хөрш Тем Рендийнх нь хамтаар хагас сайны орой мань хүнийд зочлон ирлээ. Жогийн покерийн бизнес их амжилттай явж байсан болохоор хахууль өгч байгаад Эрх чөлөөт иргэний зиндаа худалдаад авчихсан байв. Харин Фоэрен хэтэрхий хойргын дээр гүндүүгүй байсан болохоор Оршин суугчийнхаа зиндаад хэвээр. Гэхдээ Тем Ренд Алуурчдын мэргэжлийн холбоонд элссэнийхээ дараа түүнийг туслахаараа авна гээд амлачихсан байлаа.
Мань гурвын уулзалт таатай эхэлсэн ч уламжлал ёсоор Дэлхийн тухай маргаанаар төгсөв.
-Та нар аан гэж бай гэж Жо сэнхрүүлнэ.-Дэлхий ямаршуу дүр зурагтайг бүгд л мэднэ шүү дээ. Дэлхий чинь далай тэнгист байгуулсан хиймэл арал дээрх сүндэрлүүлсэн агуу том хөвөгч хотуудаас бүрддэг юм.
-Үгүй ээ, хотууд хуурай газар дээр байдаг гэж Баррент засав.
-Усан дээр ээ гээд Жо зөрөв.-Хүмүүс далай тэнгистээ эргэн очсон байхгүй юу. Хүн болгон усан доор амьсгалдаг хүчилтөрөгчийн тусгай адаптортой байдаг болсон. Хуурай газрыг одоо ашиглахаа болсон. Бүх хэрэгтэй гэсэн болгонээ тэнгисээс...
-Харин ч үгүй шүү. Би том том хотуудыг санадаг. Тэд бүгд хуурай газар дээр байсан гэж Баррент зөрлөө.
-Та хоёр хоёулаа буруу санаад байна гэж Фоэрен хэллээ.-Дэлхий тэр хотуудаар чинь элэнцгээ хийх юм бэ. Олон зуун жилийн өмнө бүгд тэр хотуудыг чинь орхиод явчихсан. Одоо хүн болгон тусдаа байшинтай, тав гурван акр талбай эзэлсэн цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг болсон. Хаа сайгүй ой мод, ширэнгэ ургасан. Хүмүүс одоо байгалийг захирч эзэмдэх гэхээ байгаад байгалийн хуулиар амьдардаг болсон. Тийм биз дээ Тем?
Тем Ренд:
-Бараг л. Гэхдээ бас яг ч биш л дээ гэв.-Хотууд байх нь байдаг ч бүгд газар доор байдаг болсон. Асар том үйлдвэр, тариан талбайг газар доор байгуулсан. Бусдаараа бол Фоэрений хэлсэн зөв.
-Үгүй дээ, одоо чинь ямар ч үйлдвэр байхгүй болсон гээд Фоэрен зөрүүдлэв.-Үйлдвэрийн шаардлага байхгүй болсон. Хүн өөрт хэрэгтэй ямар ч бараагаа бодлын хүчээр хийдэг болчихсон байхгүй юу даа.
-Хөвдөг хотуудыг санаад байна гэж хэлээд байна шүү дээ та нарт гээд Жо яриаг таслав.
-Тэгээд наадах чинь юуг нотолж байгаа юм гэж Ренд асуув.-Би Шинэ Чикаго хотын газар доорх 18-р түвшинд ажиллаж байснаа санаж байна. Жилийн хорин өдөр заавал ажиллах журамтай. Бусад өдөр нь би газар дээр, ой модонд өнгөрүүлдэг байсан.
-Чи андуураад байна шүү дээ Тем гэж Фоэрен хэлэв. –Газар доорх түвшин мүвшин гэж байхгүй. Аав маань гуравдугаар зэргийн хяналт гүйцэтгэгч байсан. Бидэнд ямар нэг юм хэрэг болохоор аав тэр тухай бодоход хангалттай байдаг байсан. Уг нь надад зааж өгнө гэж байсан янз нь амжаагүй бололтой.
-Янз нь бид дөрвийн нэг нь худлаа юм санаад байгаа бололтой гэж Баррент дүгнэлт хийв.
-Яг зөв гэж Жо зөвшөөрөв.-Гэхдээ бидний хэнийх нь санамж зөв бэ гэдэг чинь гол асуулт болоод байна.
-Бид дэлхий рүү эргэж очихгүй л бол хэзээ ч мэдэж чадахгүй гэж Ренд хэлэв.
Маргаан энд хүрээд эцэслэв.
Зүүдний дэлгүүрээс ирсэн илүү шаардангуй хоёр дахь урилгыг Баррент долоо хоногийн сүүлээр хүлээж авлаа. Мань хүн гаднах температурыг сайн шалгаж үзсэний дараа хашир хүний янзаар дулаан хувцаслаж аваад гарав.
Зүүдний дэлгүүр нь Үхлийн өргөн чөлөөнд байрладаг ажээ. Баррентийн орсон өрөө жижигхэн ч их л чамин янзалж чимжээ. Гялалзтал өнгөлсөн ширээний ард суух залуу мань хүнийг хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулахчаа аядлаа.
-Танд юугаар туслахсан бол? Намайн Нанис Аркдраген гэдэг. Би бол шөнийн зүүдний зохион байгуулагчийн туслах.
-Тэр зүүдний чинь үеэр юу болдгийг мэдмээр байна гэж Баррент хэлэв.-Яаж зүүдлүүлдэг, ямаршуу төрлийнх байдаг гээд бүгдийг.
-Тэгэлгүй яах вэ гэж Аркдраген хэлэв. –Бид бүгдийг тайлбарлаад өгнө. Иргэн ...?
-Баррент, Уилл Баррент.
Аркдраген ширээн дээрх жагсаалтаас шүүж үзээд толгой дохив.
-Хар тамхи тархи болон төв мэдрэлийн системд үйлчилснээр манай санал болгож байгаа зүүд явагддаг. Шаардлагатай үр дүнг өгдөг маш олон төрлийн бэлдмэл байдаг л даа. Хамгийн сайн үр дүнтэйгээс гэвэл героин, морфий, опиум, кока, гашиш, байна. Эд бүгд дэлхийн гаралтай бүтээгдэхүүн. Харин зүүдний хар өвс, гондир, донтол цэцэг, жедаль болон кармоидийн бүлгээс гаргаж авсан янз бүрийн бүтээгдэхүүн нь зөвхөн Омега дээр байдаг юм.
Баррент:
-Ойлгомжтой. Та нар тэгэхээр хар тамхи наймаалдаг юм байна гэв.
-Хаанаас даа. Тийм муухай бүдүүлэг, заваан юм юу ч байхгүй гэж Аркдраген үгүйсгэлээ.- Дэлхий дээр эрт дээр үед хүмүүс хар тамхийг өөрсдөө хэрэглэдэг байсан юм. Хүссэн үр дүнд хүргэдэг зүүд ийм үед заавал үүсдэггүй, цэвэр тохиолдлын байхаас өөр аргагүй. Зүүдэндээ айдас, эсвэл таашаалын алинтай учрахыг хэн ч мэддэггүй байсан. Харин орчин үеийн Зүүдний дэлгүүрүүд гарч ирснээс тийм тодорхойгүй юм үгүй болсон юм. Өнөө үед хар тамхийг тухайн хэрэглэгч тус бүрийн хувиийн онцлогт тохируулж нарийвчлан сонгоод, хэмжээд, хольж өгдөг. Зүүдний хар өвсний үзүүлдэг гэгээрэл төст гүн тайвшрал, гурвалсан наркотиний үзүүлдэг солонгорсон дүрс үзэгдлээс эхлээд морфийн үзүүлдэг секс мөрөөдөл, кармоидын бүлгийн үзүүлдэг дэлхийн тухай зүүд хүртэл бодис болгон өөрийн гэсэн тусдаа үйлчлэлтэй байдаг.
-Тэгвэл дурсамж зүүдийг чинь л сонирхоё доо гэж Баррент хэлэв.
Аркдрагент хөмсөг зангидав.
-Эхний удаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
-Яагаад тэр билээ?
-Зүүдний сэтгэмжийн олон бүтээгдэхүүний дотроос дэлхийн тухай зүүд нь мэдрэлийн системийг гэмтээх аюул хамгийн их байдаг юм. Гол төлөв эхлээд дархлаатай болохыг зөвлөдөг. Анхны ирэлтийнх гээд аятайхан секс мөрөөдлийг би танд санал болгох байна.
-Надад Дэлхийн тухай зүүд хэрэгтэй гэж Баррент давтан хэлэв.
-Гүй танд чинь ядаж дуршил ч байхгүй шүү дээ гэж Аркдраген уулга алдлаа.
-Заавал дуршилтай болох ёстой юм уу?
-Дуршил бол их чухал. Манай бүх бэлдмэлүүд нь хуульд заагдсаны дагуу зуршил, дасал үүсгэдэг юм гэж Аркдраген тайлбарлалаа.-Яагаад вэ гэхээр хар тамхины бүх сайхныг жинхэнэ ёсоор нь мэдрэхийн тулд түүнийг хүсдэг үгүйлдэг байх ёстой юм. Ингэвэл авах таашаалын хэмжээ асар ихээр нэмэгддэг. Ийм учраас л би танд эхний удаад секс мөрөөдлийг сонгож авахыг санал болгоод байгаа юм шүү дээ.
Баррент:
-Дэлхийн тухай зүүд гэж шаардав.
-За за тэгье гэж Аркдраген уцаарлан хэлэв.-Гэхдээ авч болзошгүй гэмтлийн хариуцлагыг бид хүлээхгүй шүү.
Тэрээр Баррентыг дагуулан урт хонгилоор алхлав. Хонгилын хоёр талаар эгнэсэн олон хаалганы цаанаас таашаалын тачаангүй дуу сонсдож байлаа.
-Таашаал авагчид гэж Аркдраген хэлчихээд өөр зүйл тайлбарлалгүйгээр Баррентийг дагуулсаар хонгилын сүүлд байх өрөө рүү дагуулан орвол тэнд нь бавгар сахалтай эрэгтэй хүн ном уншаад сууж байлаа. –Оройн мэнд Уайн эмч ээ. Энэ бол Иргэн Баррент. Анхны удаа ирж байгаа юм. Заавал дэлхийн тухай зүүд гээд байна.
Аркдраген ийн хэлчихээд эргэж хараад яваад өгөв.
-Сайн байна гэж эмч хэллээ. Номоо хажуу тийш тавив.-Одоохон зохицуулаад өгье. Ийшээ хэвтээрэй.
Өрөөний голд том ширээ байлаа. Дээр нь хачин хийцтэй төхөөрөмж өлгөөстэй. Ханын дагуу дөрвөлжин хэлбэртэй олон шилэн саваар дүүргэсэн шинэ шүүгээ байх бөгөөд савнууд мань Баррентад хорын эсрэг ерөндөгийг санагдуулна.
Мань хүн хэвтлээ. Уайн эмч ердийн үзлэгийг эхэлж хийгээд дараа нь тогтворгүй байдлын зэрэг, ховсод орох индекс, хар тамхины үндсэн бүлэгт үзүүлэх хариуг тодорхойлов.
Үр дүнг дэвтэр дээр тэмдэглэж, хүснэгттэй харьцуулж үзээд цаад өрөө рүүгээ ороод хар тамхийг найрлуулж эхлэв.
-Аюултай юу гэж Баррент асуув.
-Дандаа биш л дээ гэж Уайн эмч хариулав.-Та ер нь эрүүл их хүн байна. Тогвортой байдлын үзүүлэлт өндөртэй. Мэдээж зэрэгцэн хуримтлагддаг харшлын үр дүнгээс болоод ч юм уу манан татах тохиолдлууд гардаг. Зарим төрлийн гаж нөлөө нь солиорол, эсвэл бүр үхэлд ч хүргэдэг. Зарим үйлчлүүлэгчид нь зүүдэндээ тэр чигээрээ үлддэг болохоор сэрээх боломжгүй болдог. Минийхээр бол ингэж үлдэхийг солиорлын нэг хэлбэр гэж ангилж болох ч үнэн хэрэг дээрээ солиорол биш юм шүү дээ.
Эмч бэлдмэлийг найруулж дуусчээ. Тэгээд тариурт түүнээс соруулав. Мань Баррент зөв юм хийж байгаадаа гэнэт маш хүчтэй эргэлзэж эхлэх нь тэр.
-Ингэхэд түр хойшлуулдаг ч юм билүү гэж мань хүн хэллээ.- Би тийм ч итгэлтэй биш...
-Санаа зовох хэрэггүй дээ гэж эмч арагдлаа. –Та Омегагийн хамгийн сайн Зүүдний дэлгүүрт ирсэн. Тайвшир, биеэ сулла. Чангарсан булчин татрантай адил таталт өгч болзошгүй шүү.
-Ер нь ноён Аркдрагений зөв юм шиг байна аа гэж Баррент хэлэв.-Эхний удаад Дэлхийн тухай зүүдийг шаардах нь дэмий бололтой. Их аюултай байдаг гэдгийг надад тайлбарлаж өгсөн юм л даа.
-Эрсдэлгүй амьдрал гэж юу байдаг юм бэ? Тэгээд ч хамгийн өргөн тохиолддог таагүй үр дагавар нь тархины гэмтэл, судас задрах явдал байдаг болохоор бид эсрэг арга хэмжээ авах хамгийн шилдэг тоног төхөөрөмжтэй байдаг юм.
Ингэж хэлээд эмч Баррентийн зүүн гар руу тариураа онилов.
Баррент:
-Би бодлоо өөрчиллөө гэж хэлээд өндийх гэв.
Уайн эмч арин сурамгай нь аргагүй зүүг зоож орхих нь тэр.
-Зүүдний дэлгүүрт ирсэн хүн шийдвээ өөрчилдөггүй юм шүү дээ. Тайвширч биеэ сулла..
Баррент биеэ суллаад буцаж хэвтэхдээ чихэнд нь жингэнэх дуу гарахыг сонсов. Анхаарлаа эмчийн царайн дээр төвлөрүүлэх гэж оролдсон боловч эмчийн царай өөрчлөгдөөд эхэллээ.
Махлаг дугуй царай найрсаг бөгөөд ямар нэг зүйлд санаа зовсон байртай харагдана.
-Уилл минь гэж Зөвлөх яриагаа эхэллээ.-Чи болгоомжтой байх хэрэгтэй шүү. Уур, бухимдлаа барьж сурах хэрэгтэй.
-Мэдэж байна аа эрхэм ээ гэж Баррент хэлэв.-Зүгээр л гэв гэнэт уур хүрээд тэгээд...
-Уилл!
-За за гэж Баррент хэлэв. -Би биеэ барьж байна аа.
Тэрээр их сургуулийн байрнаас гараад хотыг чиглэв. Тэнгэр баганадсан байшин, олон давхар гудамжтай, алмас эрдэнэ, мөнгөөр чимсэн орд харш гялалзсан, улс орон гараг эрхэсийн амьдралыг захирдаг ихэрхүү бөгөөд үнэхээр гайхалтай хот харагдана. Мань хүн Эндрю Теркалерийн тухай үзэн ядсан бодолд автан гуравдугаар түвшингээр явж байлаа.
Тэр муу Теркалерийн ойлгомжгүй атгаг санаанаас болоод Сансрын судалгааны ангид элсэхийг хүссэн Баррентийн өргөдөлд татгалзсан хариу өгчээ. Теркалер Хүлээн авах комисст дэндүү их нөлөөтэй байсан болохоор Зөвлөх хүртэл юу ч хийж чадахгүй байлаа. Баррент давтан өргөдөл гаргах боломжтой болох хүртэл ахиад гурван жил хүлээх хэрэгтэй болчихлоо. Тэр болтол Дэлхий дээр, ажилгүй суух нь...
Теркалер чамайг даа.
Баррент явган хүний замаас гараад Сантэ хүрэх экспрессийг ашиглав. Гялалзсан урсах зам дээр зогсоод халаасандаа нуусан гар буугаа чанга атгаж явна. Хориотой буу.
Гэнэт бүх дүрс урсан алга болов. Зүүд нь сарнижээ. Дараа нь өөрийгөө нэг туранхай хүн рүү буугаа онилчихсон зогсож байгааг Баррент гэнэт олж харлаа.
Өршөөхийг үл мэдэгч, тэр гэхийн тэмдэггүй Мэдээлэгч энэ гэмт хэргийг олж хараад цагдаагийн газарт мэдэгдэв. Саарал хувцастай цагдаа нар мань хүнийг барьж аваад шүүх рүү дагуулав явав. Зэрэглээтэн давхралдах ширэн нүүртэй шүүгч Омега руу бүх насаар нь цөлөх шийдвэр гаргаад ой санамжийг нь заавал цэвэрлэх тушаал өгөх нь тэр.
Дараа нь зүүд нь айдас, аймшгаар дүүрэн эрээлжилсэн зураглал болж хувирлаа. Баррент ямар ч өөгүй гөлгөр ханаар, уулын огцом налуу өөд, тогтох аргагүй хальтиргаатай багана өөд мацаж байх юм. Мань хүнийг цээжээ зад татуулсан Теркалерийн толгойгүй үхдэл хөөнө. Хэн нь танигдахгүй Мэдээлэгч, зэвхий царайт шүүгч хоёр үхдэлийг түшиж явна.
Баррент уул дамжиж, хотын гудамжаар, байшингийн дээвэр дээгүүр харайлгалаа. Хөөж яваа хэд ер хоцрохгүй дагах юм. Тэр гэх хэлбэргүй шар өнгөтэй өрөөнд гүйж ороод хаалгыг нь саван хаагаад түгжиж орхив. Тэгээд эргээд хартал өөрийгөө Теркалерийн цогцосын хамт түгжчихсэн байгаагаа олж харав. Үхдэлийн толгой нь улаан бас улбар шар өнгөтэй хөгцөнд идэгдэж, цээжин дээрх зад татагдсан шарханд нь мөөгөнцөр ургачихаж. Үхдэл гэнэт чичигнэн хөдөлснөө урагш ухасхийхэд Баррент цонхоор үсэрч орхив.
-Баррент, сэрээрэй. Зүүднээсээ гараачээ.
Баррентад сонсох сэхэл алга байв. Цонх нь огцом гулсуур болон хувирч мань хүн гөлгөр гадаргаар нь өнхөрсөөр халз тулааны цэнгэлдэх хүрээлэнд унав. Энд тайрдас болсон хөл гар дээрээ элсэн дээгүүр мөлхсөөр нөгөөх үхдэл мань хүн рүү ойртоно. Түүнээс холгүйхэн шүүгч, мэдээлэгч хоёр сууж байлаа.
-Наадах чинь гацчихлаа.
-Би анхааруулж хэлээд байсан шүү дээ.
-Баррент зүүднээсээ гараарай. Би Уайн эмч байна аа. Та Омега гараг дээр, Зүүдний дэлгүүрт байна. Ухаан ороорой. Яг одоо анхаарлаа төвлөрүүлж чадвал танд боломж бас байна шүү.
Омега гэнэ үү? Зүүд гэсэн үү? Энэ тухай бодох сэхэл алга. Баррент үхээрийн муухай хар өнгөтэй нуураар сэлж явлаа. Яг араас нь мэдээлэгч, шүүгч хоёр сэлнэ. Тэд арьс нь аажмаар салбаран унах үхдэлийг живүүлэлгүй түшин урагшилна.
-Баррент!
Нуур өтгөн гэгч цэлцэгнүүр болон хувирч гар хөлд наалдан, ам хамар руу чихэж эхлэхэд шүүгч, мэдээлэгч, үхдэл гурав...
Баррент Зүүдний дэлгүүрийн орон дээр ухаан орлоо. Уайн эмч толгой дээрээс нь өнгийн зогсож байв. Хажууд нь тариур бас хүчилтөрөгчийн баг барьсан сувилагч зогсоно. Сувилагчийн ард духныхаа хөлсийг арчин зогсох Аркдрагент харагдав.
-Бид ч таныг сэрэхээсээ өнгөрлөө л гэж бодож байлаа шүү гэж Уайн эмч хэлэв.
Аркдраген:
-Би наадахад чинь анхааруулсан шүү дээ гэж хэлчихээд өрөөнөөс гарав.
Баррент суулаа.
-Юу болсон бэ?
Уайн эмч мөрөө хавчив.
-Тайлбарлахад хэцүү л юм. Та цагирган хариу урвалд орох хандлагатай байсан байж магадгүй юм. Заримдаа элдэв хольцтой хар тамхи ч таарах нь бий. Гэхдээ ийм зүйл ахиж бараг л тохиолддоггүй юм шүү. Надад итгээрэй. Иргэн Баррент минь хар тамхи хэрэглэх үед төрдөг мэдрэмжүүд маш их таашаал өгдөг. Хоёр дахь удаадаа бол та үнэхээр бахдан гайхна гэдэгт би итгэлтэй байна.
Цочроо нь гарч амжаагүй байсан Баррент харин хоёр дахь удаад ирэхгүй гэдэгтээ дээд зэргээр итгэлтэй байлаа. Хар дарсан зүүдийг давтагдахаас ямар ч үнээр хамаагүй сэргийлэх болно.
-Би одоо зуршилтай болчихсон уу? гэж мань хүн асуув.
-Үгүй дээ гэж Уайн эмч хариулав.-Гурав, эсвэл дөрөв дэх удаа ирсний дараанаас л зуршил үүсдэг юм шүү дээ.
Баррент эмчид талархал илэрхийлчихээд гарав. Аркдрагений хажуугаар гарахдаа хэдийг төлөх ёстойгоо асуулаа.
-Хэдийг ч төлөхгүй. Эхний удаад үнэ төлбөргүй байдаг юм гэж Аркдраген хэлэв.
Баррент Зүүдний дэлгүүрийг орхин гараад гэрийн зүг яарлаа. Сайтар бодож үзэхгүй бол болохгүй зүйл байв. Санаатайгаар хүний амь хороосон гэх нотолгоо гараад ирлээ.
9
Үнэхээр хийсэн гэдгийг мэдэрч санахгүй байгаа хүн амины хэрэгт буруутгагдана гэдэг нэг өөр. Харин хийсэн гэмт хэрэгээ санаж байна гэдэг бол тэс өөр. Ийм нотолгоонд итгэхгүй байх аргагүй.
Зүүдний дэлгүүрээр орохоос өмнө мань Баррент өөрт тулгасан яланд эргэлзэж, бүр байлаа гэхэд огцом уураа барьж дийлэлгүй алсан байж магадгүй гэж бодож байсан. Гэтэл бодож төлөвлөж байгаад хүний амийг өрөвдөж хайрлалгүйгээр хөнөөнө гэдэг...
Яагаад ийм хэрэг хийх болов? Өшөө авах гэсэн хүсэл тэчъяадал нь соёлт ертөнцийн хориг цээрээс илүү хүчтэй болж таарлаа. Тэрээр хүн алж, өөр нэг хүн матаад шүүгч түүнийг Омега руу цөлөх ял оноосон. Мань эр бол гэмт хэрэгтнүүдийн гараг дээр ирсэн алуурчин. Тэгэхээр энд жаргалтай амьдрахын тулд төрөлхийн араншингаа л дагаад байхад л хангалттай гэсэн үг.
Ингэсэн хэдий ч Баррент их шаналж байлаа. Мань хүнд цус урсгах хүсэл өчүүхэн ч байсангүй. Эрх чөлөөт иргэний баярын өдрөөр мань хүн зэвсэглэж аваад гудамжинд гарлаа ч өөрийгөө албадаж байгаад ч тэр доод зиндааны хэн нэгнийг буудаж чадахгүй байв!
Баррент сэтгэцийн эмчид хандвал нөгөөх нь аллага хийхээс татгалзах хандлага нь аз жаргалгүй өнгөрөөсөн хүүхэд настай нь холбоотой гэж хэлэв. Энэ айдсыг дараа нь Зүүдний дэлгүүрт очихдоо авсан гэмтэл улам ужигруулсан юм байх. Үүнээс болоод нийгмийн агуу их ололт болох аллага нь түүнд муухай санагддаг болж гэнэ. Аллага хийхэд гайхалтай дасан зохицсон хүний хувьд тусаад байгаа энэрэнгүй үзлийн сэтгэцийн хямрал нь мань Баррентийг сүйрэлд хүргэнэ гэж эмч хэлв. Үүний дараа гэмт хэрэг үйлдэж үл чаддаг хүмүүст зориулсан сувиллын газар эмчлүүлэх санал тавилаа.
Баррент тэр сувилалд нь очиж сонирхоход эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоглоом наадам, амьдралын нандин чанар манар мэтийн хэрэггүй зүйлсийг магтан дуулсан солиотой юмнуудыг л олж харав. Тэдэнтэй хамт байх сонирхол мань хүнд төрсөнгүй. Өвдсөн байж болох ч ингэтлээ бол биш шүү.
Идэвхгүй байдал нь зовлонг даллаж магадгүй гэж найз нар нь түүнд сануулсаар ирсэн. Баррент тэдэнтэй санал нийлж байсан ч цаанаа бол зөвхөн гарцаагүй аллага хийх замаар хуулийн хэрэгжилтийг хянаж байдаг өндөр албан тушаалтнуудын анхаарлыг татахгүй яваад байж чадах байх гэж найдаж байлаа.
Үнэхээр ч нэлээд хэдэн долоо хоногтоо энэ төлөвлөгөө нь амжилттай биелж байгаа юм шиг санагдлаа. Зүүдний дэлгүүрээс ирэх бүр ч илүү тулган шаардсан урилгуудыг үл хэрэгсэж, мөргөлд очихоо байлаа. Бизнес нь ярих юмгүй сайн явж байсан болохоор мань хүн ховор сонин хор судлах, буудлага хийхэд бүх л чөлөөт цагаа зарцуулж байв. Нөгөө бүсгүйтэй уулзах боломж таардаг бол уу яадаг бол гэж Баррент олонтаа бодно.
Бас Дэлхийн тухай бодно. Заримдаа царс мод, бургасны цаанаас толилзон харагдах гол, том чулуун байшин харагдах шиг болоод замхарна. Ийм дурсамж түүний сэтгэлийг дааж давшгүй гунигаар дүүргэнэ. Омегагийн дийлэнх оршин суугчдын адилаар төрөлх гэртээ эргэн очих асар их хүсэл түүнийг эзэмдээд байлаа.
Гэвч харих боломжгүй.
Өдөр хоног харван өнгөрсөөр огт санаандгүй байхад нь гай ирэв.
Нэгэн шөнө хаалгыг хүчтэй балбах чимээ гарав. Хагас нойрмог Баррентэд дүрэмт хувцастай дөрвөн эр баривчлагдсан болохыг нь хэллээ. Баррент:
-Яасан гэж лавлав.
-Хар тамхи хэрэглэх зуршилгүйн улмаас. Хувцсаа өмсөж, хэрэгтэй юмаа авахад гурван минут өгье.
-Би яаж шийтгүүлэх бол?
-Шүүхэд очоод мэднэ дээ хөө гэж хэлээд хамгаалагч залуу нөгөө хэд рүүгээ нүд ирмэснээ: -Гэхдээ зуршилгүй хүнийг эмчлэх цорын ганц арга бол түүнийг алах л байдаг юм даа гэх нь тэр.
Энэ зуур Баррент хувцсаа өмсөж байлаа.
Түүнийг Хууль зүйн хэрэг эрхлэх газар хүргэж ирэв. Яллагдагч нь хэргийнхээ гэрчүүдийг ч тэр шүүгчдийг ч тэр харах ёсгүй гээд Омегагийн хуулинд заачихсан байдаг болохоор хүлээн авах өрөөг өндөр модон хаалт хийж хоёр хуваажээ.
-Яллагдагч босно уу.
Залхсан янзтай сулавтар дуу жижиг чанга яригчаас гарч байв. Шүүгчийн хандлага, сонирхлыг мэдэх боломжгүй болгох гэж анхнаасаа сэдсэн болохоор Баррент өөрт хэлэх үгийг арайх гэж л ойлгож байв. Шүүгчийн хэн болох, яах гэж байгааг таах арга алга.
-Уилл Баррент та хар тамхи хэрэглэх зуршилгүй гэсэн ял ба үндсэн шашныг үл хүндэлсэн гэсэн нэмэлт ялын дагуу шийтгэл хүртэхээр шүүхийн өмнө хүрэлцэн ирээд байна гэж шүүгч хэлэв. Нэмэлт ялын талаар ламын өгсөн мэдүүлэг бидэнд бий. Үндсэн ялын хувьд Зүүдний дэлгүүрийн нотолгоо байгаа. Та ялыг үгүйсгэж болно.
Баррент хэсэг зуур бодож байгаад татгалзав.
-Үгүй ээ эрхэм ээ. Үгүйсгэхгүй.
-Шашныг үгүйсгэсэн хэрэг чинь анхны удаагийнх болохоор энэ удаад авч хэлэлцэхгүй байж болно. Гэвч хар тамхи хэрэглэх зуршилгүй байна гэдэг Төрийн эсрэг гэмт хэрэг юм. Хар тамхийг тасралтгүй хэрэглэх явдал нь иргэн болгоны заавал хэрэгжүүлэх ёстой давуу эрх байдаг. Давуу эрхийг хүчээр тулган хэрэгжүүлэхгүй бол яваандаа тийм эрх үгүй болдог гэдгийг бүгд мэднэ. Харин давуу эрхийг алдана гэдэг бол манай эрх чөлөөний тулгын чулууг алдаж байна гэсэн үг. Тиймээс давуу эрхээ эдлэхээс зайлсхийхийг төрөөс урвасан хэрэгтэй адилтган үздэг.
Хэсэг зуур чимээгүй болов. Өөрийгөө гарцаагүй байдалд орсон гэж бодож байсан Баррент амьсгаа даран сонсож байлаа.
-Хар тамхи нь их олон чухал ач холбогдолтой гэсээр шүүгч үргэлжлүүлэв.-Хар тамхины давуу талыг тоочих нь илүүц. Гэхдээ төрийн байр суурьнаас авч үзвэл хар тамхи татах төрөлхийн зуршилтай байдаг иргэд нь төрдөө үнэнч иргэд бөгөөд хар тамхи нь ашиг орлогын үндсэн эх үүсвэр болж өгдөг төдийгүй манай амьдралын хэв маягийг төлөөлж байдаг юм. Ингээд ч зогсохгүй хар тамхи хэрэглэх хандлагагүй цөөнх нь төрөлх омегагийн төрийн байгууллагуудын эсрэг дайсагнасан үзэлтэй гэдгээ ямагт нотлон харуулж байсан гэдгийг танд хэлчихье. Уилл Баррент таныг ямар хэрэгт буруутгагдаж байгаагаа сайн ойлгоосой гэсэндээ л би ийм дэлгэрэнгүй тайлбар хийж байгаа юм шүү.
-Эрхэмээ би зуршилтай болохоос зайлхийн алдаа гаргаж байжээ гэж Баррент хэлэв.-Хууль өршөөл ирэхийг хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг мэдэх болохоор би мэдээгүй байсан гэж өөрийгөө зөвтгөхгүй. Гэхдээ надад засрах боломж олгоочээ гэж шүүхээс чин сэтгэлээсээ хүсч байна. Ингэхдээ хар тамхинд донтох зуршилтай болоход оройтоогүй байгаа гэдгийг минь харгалзан үзэхийг хүсч байна эрхэм ээ.
-Дээр өгүүлсэн бүхнийг харгалзан үзээд шүүхийн зүгээс танд сонголт хийх боломж олгох ёстой гэж үзлээ гэж шүүгч хэлэв. Эхний сонголт нь гэсгээл хүртэх. Төрийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг чинь гэсгээж баруун гар зүүн хөлөөс нь салгана. Гэхдээ амийг чинь үлдээнэ.
Баррент гүд хийтэл залгиад
-Тэгвэл хоёр дахь гэж асуулаа.
-Хоёр дахь нь гэсгээлийн бус шийтгэл бөгөөд та Туршин шалгах шүүлтийг давж гарах ёстой болох юм. Энэ шийтгэлийн дараа амьд гарч чадвал дүйцсэн зиндаа шинээр олгож, зиндааг дагалдан нийгэмд эзлэх бүх байр суурийг олгоно.
-Би Туршин шалгах шүүлтийг сонгож байна гэж Баррент хэлэв.
-Маш сайн байна. Шударга шүүхийн заалт хэрэгжих болтугай гэж шүүгч хэлэв.
Баррентийг өрөөнөөс гаргалаа. Гарч явахдаа хамгаалагчдын нэг нь инээдээ барьж ядан хөхрөхийг сонсож амжив. Янз нь буруу сонголт хийчихэж дээ. Туршин шалгах шүүлт гэгч нь тахир дутуу болохоос аймаар байна гэж байх уу?
10
Тодоос тод гэрэлтэй маш том байгууламж дотор чулуун шалан дээр Баррент зогсож байлаа. Тойрсон хамгаалалтын цаана, бага зэрэг өндөрлөгт байрласан үзэгчдийн эгнээ хахталаа дүүрсэн харагдана.
Өндөрт зоосон чанга яригч амь оров.
-Ноёд хатагтай нараа, анхаарлаа хандуулна уу. одоо иргэн Уилл Баррент ба ГМЕ-213 хоорондын Туршин шалгах 642-ВГ223 дугаартай шүүлт явагдах гэж байна. Та бүхэн тус тусын суудалдаа сууна уу.
Хананы нэг хавхлага нээгдэж нэг фут орчим өндөртэй, хагас бөмбөлөг хэлбэртэй гялалзсан хар машин тулааны талбар дээр гарч ирэв.
-Хоригдол Уилл Баррент нь Туршин шалгах шүүхийг сайн дураар сонгосон юм. Шударга шүүхийн шийтгэлийн зэмсэгийн үүргийг энэ удаад Омегагийн зохион бүтээх суут бүлгийн жинхэнэ гайхамшигтай бүтээл болсон ГМЕ-213 гүйцэтгэх болно. Найз нөхөд шүтэн бишрэгчдийнх нь Макс гэж нэрлэдэг энэхүү машин нь атаархмаар өндөр үр дүнтэй аллагын зэмсэг мөн билээ. Макс нь хорин гурван янзын аргаар хөнөөн устгаж чадах бөгөөд дийлэнх арга нь машид өвтгөн шаналгадаг. Шалган туршилт гэдгийн зорилгод нийцүүлэхийн тулд машин нь тохиолдлын зарчмаар ажиллах болно. Энэ бол Макс чөлөөтэй сонгох эрхгүй гэсэн үг юм. Зургаа хүртэл секундийн хүлээлттэйгээр ажилладаг тусгай төхөөрөмж нь дайралт хийх аргыг таамгаар тодорхойлж өгөх болно.
Макс гэнэт талбарын төв хэсэг рүү хөдөлж эхлэхэд Баррент ухарлаа.
-Хоригдол нь машиныг идэвхгүй болгон зогсоох боломжтой гэсээр чанга яригч үргэлжлүүлэв.-Ингэж чадвал тэмцээнд ялсанд тооцогдох бөгөөд өмнөх бүх эрхийг нь хадгалан үлдээж, шинэ зиндаатай болон чөлөөлөгдөнө. Онолын хувьд ийм боломж үнэхээр байдаг. Дунджаар бол ийм явдал зууд гурав аравны таван удаа тохиолддог.
Баррент үзэгчдийн суудлыг тойруулан харав. Өмсөж зүүснийг нь харвал эрэгтэй эмэгтэй бүгд Давуу эрхтэй ангийн дээд давхаргад хамаардаг бололтой.
Мань хүнийг Тетрахидэд ирсэн өдөр гар буу өгсөн бүсгүй харин эхний эгнээнд сууж байх нь тэр. Бүсгүй түүний санаж байгаатай адил үзэсгэлэнтэй хэвээр ч зуйвандуу цонхигор царай нь юуг ч үл илэрхийлнэ. Дөнгөж саяхан бясаа олж харсан хүний тоомжиргүй сонирхсон харцаар Баррентийг ширтэж байв.
-Тэмцээн эхэллээ гэж чанга яригч зарлалаа.
Машин амь орсон болохоор Баррентад бүсгүйн тухай бодох цаг байсангүй.
Баррентийг чиглэн урагшлах Макс мань хүнийг хана руу шахан хөөгөөд, иртэй хутгаар төгссөн уян нугастай төмөр гар гаргаад ирэв. Гар урагш огцом чичилсэн ч Баррент бултаж амжсан бөгөөд хутга чулуун дээгүүр хяхтнан өнгөрхийг сонсов. Гар буцаж татагдахад Баррент талбайн төв хэсэгт эргэн очлоо.
Сонгогчийг алах дараагийн аргыг сонгож түр зогсох үед л машиныг унтрааж болно гэдгийг тэрээр сайн ойлгож байв. Өөгүй гөлгөр, хуягласан механизмыг гэвч яаж унтраадаг билээ?
Макс ойртож эхлэхэд төмөр гадарга дээр нь гарч ирсэн ногоон бодис гялалзаж байсан бөгөөд тэр зүйл нь хүрэх төдий алдаг хор болохыг Баррент даруй танилаа. Үхэл дагуулсан гадаргад хүрэхгүйг хичээн Баррент хажуу тийш огцом үсрэн холдлоо.
Машин зогсов. Ариутгагч бодис гадаргыг нь хорноос цэвэрлэн угаачихав. Сонгогч сонголтоо хийн таяс няс хийв. Макс саваа модтой юм гаргаад ирэв.
Хэрэглээний тарчилгаан зовоох аргын дасгалууд гэж Баррент бодлоо. Ахиад хэсэг хугацааны дараа гэхэд машин мань хүнийг унагаж аваад хялбархан цааш харуулна. Тамир тэнхээтэй байгаа дээрээ ямар нэг арга яаралтай хэрэглэхгүй бол болохоо байх нь.
Машин нөгөө зүйлээ далайж байгаад буулгалаа. Баррент бултсан ч цохилтоос гүйцэд бултаж амжсангүй, хүнд төмөр бороохой зүүн мөрийг нь шүргэж орхилоо. Гар нь тэр даруй мэдээгүй болох нь тэр.
Макс ахиад л сонгож эхлэв. Түүний хагас бөмбөлөг хэлбэртэй гөлгөр гадаргуу дээр Баррент үсрэн гарав. Хамгийн орой дээр нь хоёр жижигхэн нүх байгааг олж харав. Агаар сорогч л мөн байгаасай гэж залбирч байгаад Баррент нүхийг хуруугаараа бөглөж орхилоо.
Машин ч зогстусаж үзэгчид дуу мэдэн орилолдож гарав. Хуруугаа нүхнээс гархагүйг хичээж Баррент гөлгөр гадаргуу дээр мэдрэлгүй болсон гараараа зууран тогтохыг хичээж байлаа. Максын гадарга дээрх гэрэл ногооноос улаан болж, намуу дүнгэнэх чимээ нь нүргэлээн болж өөрчлөгдөв.
Үүний дараа машин агаар сорох нэмэлт хоолойнуудыг гадагш гаргах нь тэр.
Баррент тэр хоолойнуудыг биеэрээ таглах гэтэл машин гэнэт муухай орилон огцом ухрхаад түүнийг унагаж орхилоо. Мань эр үсрэн босоод талбай төв хэсэг рүү буцаж очив.
Тулаан таван минут хүрэхтэй үгүйтэй үргэлжилж байгаа ч Баррент туйлдаа хүртэл тамирдсан байв. Харин ядрахыг үл мэдэгч машин гялалзсан өргөн алман сүх гаргаж далайж аваад давшилтанд орлоо. Мань хүн төмөр тэмтрүүлийг хоёр гараараа барьж байгаад доош нь даран мушгиж гарлаа. Төмөр гулзайгаад эхэлсэн юм шиг санагдав. Энэ тэмтрүүлийг нь хугалчихвал машин унтарч магадгүй, үгүй гэхэд мань хүн зэвсэгтэй болоод авна.
Макс гэнэт ухрахад Баррент доош харан унаж орхилоо. Алман сүх гялсхийж мөрийг нь шүргэн буув.
Баррент талбар дээгүүр өнхрөөд үзэгчдийн эгнээг ширтэв. Тэр нэгэнт өнгөрсөн хүн. Зоволгүй алуулахын тулд машины дараагийн оролдлогыг баярлан угтсан нь дээр биз. Гэтэл нөгөө бүсгүй гараараа дохиж занган ямар нэг зүйлийг түүнд зааж байлаа.
Анхааралтай харах хугацаа байсангүй. Цус алдаснаас болоод сульдсан Баррент хоёр хөл дээрээ арайхийн өндийлөө. Машин энэ удаад ямар зэвсэг сонгосон нь түүнд огт сонин биш байлаа. Машиныг урагш хөдөлж эхэлмэгц нь дугуйн доогуур нь үсрэн оров.
Дугуй нь түүний мөрөн дээр гарч Макс огцом хазайх нь тэр. Баррент өвдсөндөө ёолж байгаад эцсийн хүчээ шавхан өндийх гэж оролдлоо. Машин муухай дуугаар хөмрөхөд Баррент ч хажууд нь унаж орхих нь тэр.
Юм харахтайгаа бол ажиглавал машин нь буцаж эргэх гээд тэмтрүүлээ гаргаж байгаа харагдав.
Баррент машины ёроол дээр үсрэн гараад нударгаараа балбаж гарлаа. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Дугуйнуудын нэгийг сугалах гэж оролдсон ч чадсангүй. Макс тэмтрүүлүүд дээрээ тулж байгаад шалнаас хөндийрч эхлэв.
Нөгөө бүсгүй Баррентийн анхаарлыг ахин татах нь тэр. Бүсгүй нэг юм суга татаж байгаа мэт хөдөлгөөнийг түүнд харуулж байх юм.
Тэр агшинд нь нэг дугуйных нь ойролцоо байрласан гал хамгаалагчийн жижигхэн хайрцаг байгааг олж харав. Мань хүн түүнээс зуурч байгаад хумсаа хугалан байж эцсийн амьсгаагаа шавхан суга татаж хаялаа.
Машин ч унтарлаа.
Баррент ч ухаан алдав.
11
-Омега дээр юм болгон хуулинд захирагддаг. Хууль нь дордын дордоос эхлээд дээдийн дээд хүртэл бүх оршин суугчдийн үйл хэргийг ил ба далд янзаар, шашны бөгөөд төрийн хэлбэрээр удирдаж байдаг. Хууль үгүй байсан бол хуулийг зохиосон хүмүүс давуу эрх эдэлж чадахгүй байсан. Хууль, өршөөж үл мэдэх хуулийн хүч гэж байгаагүйсэн бол Омега гараг нь хүн нэг бүр зөвшөөрөх гэсэн нөхцөлтэй, энэ нөхцлийг мөрдөж байгаа хугацаанд л үйлчилдэг хүний эрх гэгч зүйлтэй ухаан санаанд багтамгүй эмх замбараагүй газар болж хувирах байсан. Харин засаг захиргаагүй байдал бол омегагийн нийгэм, ялангуяа эрх баригч ангиудын нас бие нь харих тийшээ хандсан ахмад төлөөлөгчдийн хувьд сүйрэл болох юм.Гэвч Омегагийн бүх оршин суугчид нь Дэлхий дээр хууль зөрчсөн хүмүүс. Энэ нийгэм бол хууль зөрчигч нь хаантай адил дээдлэгддэг нийгэм юм. Гэмт хэргийг уучилдаг төдийгүй өөгшүүлэн дэмждэг нийгэм. Дүрмийг зөрчсөн хэрэг хэр амжилттай болсноос хамаарч үйлдсэн хүнийг нь шүүдэг нийгэм. Ингэхээр зөрчиж, зайлсхийх зориулалттай ч ямар ч тохиолдолд заавал дагаж мөрдөх ёстой эрүүгийн хэрэгтнүүдийн нийгэм гэсэн парадокс үүснэ.
Шүүгч урьдын адил модон хананы цаана нуугдсан чигтээ Баррентад ийнхүү ярьж байлаа.
Шалган турших шүүх дууссаны дараа нэлээд хэдэн цаг өнгөрөөд байв. Баррентийг эмнэлэгт хүргэж шархыг нь янзлав. Цуурсан хавирга хоёр, зүүн мөрөн дээрх гүн зүсэлт, урагдалт, зөөлөн бяцралт гээд гол төлөв хөнгөн шарх авсан байлаа.
-Тиймээс хуулийг нэгэн зэрэг зөрчиж бас зөрчихгүй байх ёстой юм гэсээр шүүгч үргэлжлүүлэн ярилаа. -Хуулийг хэзээ ч зөрчдөггүй хүмүүс зиндаа ахидаггүй. Амьд гарах санаачлага сүйхээ хангалтгүй байдаг ийм хүмүүсийг гол төлөв ямар нэг аргаар устгадаг. Харин тантай адил хуулийг зөрчдөг хүмүүс арай өөр байдалд орно. Хуулиас зайлж чадаагүй нөхцөлд хууль тэднийг хатуу гэсгээн цээрлүүлдэг.
Шүүгч түр амсхийгээд ихэмсэг байдлаар үргэлжлүүлэв:
-Хуулийг ойлгодог, хууль зайлшгүй байх ёстой гэдгийг цэгнэж чаддаг, зөрчвөл цээрлэл хүлээнэ гэдгээ мэддэг боловч зөрчөөд амжилтанд хүрдэг хүмүүс нь Омегагийн үлгэр жишээ хүмүүс байдаг юм. Манай хамгийн төгс гэмт хэрэгтэн, төгс омега хүн гэвэл ийм байдаг юм эрхэм ээ. Харин Уилл Баррент та Шалган турших шүүлтийг давснаар яг энэ үлгэр жишээг дагаж чадлаа.
-Баярлалаа танд эрхэмээ гэж Баррент хэлэв.
-Таныг нэг зүйлийг ухамсарлаасай гэж би хүсч байна. Юу вэ гэхээр хуулийг ганцхан удаа ялж гарлаа гэдэг нь хоёр дахь удаадаа ялж чадна гэсэн үг огт биш юм шүү. Дараа дараагийн удаад ялах боломж багасах ч ялалтыг даган ирэх шагнал ч нэмэгдэнэ. Тийм болохоор таныг гоомой зүйл хийх хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
-Би хийхгүй ээ эрхэм ээ гэж Баррент хариулав.
-Маш сайн байна. Ингээд та Давуу эрхтэй иргэний зиндаанд, зиндааг даган ирдэг бүх эрх үүргийн хамт дэвшиж байна. Таныг урьдын адил бизнесээ эрхлэхийг чинь зөвшөөрнө. Үүнээс гадна Үүлэн нууранд долоо хоног амрах эрхээр шагнагдаж байна. Та тийшээ өөрийн сонгон авсан дурын бүсгүйн хамт явж болно.
-Уучлаарай гээд Баррент шүүгчийн үгийг таслаж орхив.-Та сая юу гэж хэлсэн бэ?
Далдлагдсан шүүгч:
-Өөрийн сонгож авсан дурын бүсгүйн хамт долоо хоног амарна гэж байна. Омега дээрх эрэгтэйчүүдийн тоо нь эмэгтэйчүүдээсээ зургаан дахин их байдаг болохоор энэ их өндөр дээд шагнал юм шүү гэж хэлэв. –Та нөхөрт гараагүй дурын бүсгүйг өөрийнх нь хүслийг үл харгалзан сонгон авч болно. Сонгоход гурван өдрийн хугацаа өгнө.
-Надад гурван өдөр хэрэггүй гэж Баррент хэлэв.-Би үзэгчдийн суудлын эхний эгнээнд сууж байсан бүсгүйг хүсч байна. Хар үстэй, ногоон нүдтэй бүсгүй байгаа. Хэнийг хэлж байгааг минь та мэдэж байна уу?
-Мэдэж байна гэж шүүгч үгээ зөөн удаан хэлэв.-Таны сонгосон бүсгүй хэн болохыг мэднэ. Тэр бүсгүйг Моэра Эрмайс гэдэг. Минийхээр бол бодлоо өөрчилсөн чинь дээр дээ.
-Өөрчлөх шалтгаан бас байна уу?
-Байхгүй ээ. Гэхдээ өөр дурын бүсгүйг сонговол дээрсэн. Миний туслах танд тохирох залуу хатагтай нарын жагсаалтыг дуртайяа өгөх болно. Бүгд их царайлаг бүсгүйчүүд. Зарим нь Бүсгүйчүүдийн дээд сургуулийг дүүргэсэн байгаа, харин тэнд гейшагийн шинжлэх ухаан ба урлагийн хоёр жилийн хичээл заадаг гэдгийг та магадгүй мэддэг байж болох юм. Би хувьдаа танд...
-Би Моэраг хүсч байна гэж Баррент шийдэмгий мэдэгдэв.
-Залуу минь та алдаа гаргаж байна даа.
-Азаа үзэхээс өөр арга алга.
-За за гэж шүүгч хэлэв.-Таны амралт маргааш өглөө есөн цагаас эхэлнэ. Танд чин сэтгэлээсээ амжилт хүсье.
Баррентийг хамгаалтанд авч шүүхийн байрнаас гаргаад гэрт нь хүргэв. Мань хүнийг үхсэн гэж бодож байсан найз нар нь баяр хүргэхээр ирлээ. Шалган турших Шүүлтийн нарийн ширийнийг Баррентийн амаас сонсохыг тэд ихэд хүсч байсан боловч мэдлэг гэдэг эрх мэдэлд хүрэх зам гэдгийг ухамсарлачихаад байсан мань хүн бүгдийг дэлгэх гэж яарсангүй.
Энэ өдөр Тем Рендийг Алуурчдын мэргэжлийн холбоонд элсүүлэн авсан байсан тул баяр тэмдэглэх бас нэг шалтаг болж өгөв. Тем ч амалсандаа хүрч Фоэренийг туслахаараа авлаа.
Маргааш өглөө нь дэлгүүрийн үүдэнд нэг машин ирж зогслоо. Хууль зүйн хэрэг эрхлэх газрын явуулсан машин. Машины арын суудал дээр туйлын үзэсгэлэнтэй бөгөөд туйлын их бухимдсан Моэра Эрмайс сууж байв.
-Баррент та солиороо юу? Намайг амарч зугаацах завтай хүн гэж бодоо юу та? Та ер нь яагаад намайг сонгож авдаг билээ?
-Та миний амийг аварсан шүү дээ гэж Баррент хариулав.
-Тэгнэ гэдэг чинь өөрийг чинь сонирхсон гэсэн үг юм биз дээ? Үнэхээр л талархснаа илэрхийлэх гээд байгаа юм бол бодлоо өөрчилж байгаагаа яг одоо жолоочид хэл. Өөр бүсгүйг сонгох боломж танд бий шүү.
Баррент толгой сэгсэрлээ.
-Надад зөвхөн өөрөө л хэрэгтэй.
-Бодлоо өөрчлөхгүй юм биз дээ?
-Яасан ч үгүй.
Моэра санаа алдаад түшлэг налан хойшлов.
-Та үнэхээр намайг сонирхоод байгаа юм уу?
-Сонирхохоор барах уу гэж Баррент хэлэв.
-За яах вэ болж байна гэж Моэра зөвшөөрлөө.-Тэгвэл тантай явахаас өөр арга надад алга.
Бүсгүй царайгаа буруулсан ч тэрхэн зуур нүүрэндээ инээмсэглэл тодруулаад авах шиг Баррентад санагдав.
12
Үүлэн нуур бол Омегагийн хамгийн шилдэг амралт байлаа. Амралтанд ирүүл тулаан хийхийг хатуу хориглодог. Бүх л төрлийн зэвсгийг хураан авна. Хэрүүл маргааныг ойролцоох бармен шийдэж өгдөг бөгөөд аллага хийсэн үед нэн даруй зиндааг нь хураан авч шийтгэдэг.
Үүлэн нууранд бүх л төрлийн зугаа цэнгэл байх. Хүсвэл бухын тулаан, баавгайн зодоон үз, үгүй бол усанд сэл, ууланд авир, цанаар гулга гээд... Оройдоо оршин суугчдыг иргэдээс, иргэдийн элитээс тусгаарлаж байдаг шинэ ханаар хүрээлэгдсэн хүлээн авалтын тэнхимд бүжиг явагдана. Хэзээ язааны туршлагатай хүмүүст зориулсан хуучны зүйлсээс эхлээд, шинэ чамин зүйлс хүртэл байдаг дээд зэргээр тоноглогсдон хар тамхины баар амрагчдын чилээг тайлахад хэзээд бэлэн. Хагас сайны оройд Тачаалын тэнгэрийн агуйд олныг хамарсан задгайрсан найр зохиогддог. Гэхдээ хамгийн гол нь энэ амралтанд зугаацан явахад таатай, Тетрахид дэх амьд үлдэхийн төлөөх өдөр тутмын тэмцэл, мөнхийн айдас, бухимдлаас ангид уулын энгэр, сүүдэрт ой байдаг байлаа.
Баррент Моэра хоёр залгаа хоёр өрөөнд тус тусдаа амрахаар болж өрөөг холбосон хаалгыг цоожлоогүй байв. Гэвч хүүхнүүд нь хор сонирхдог гараг гээд эрэгтэй хүн бүсгүйг татаж чангааж эхлэхээс өмнө гурвантаа тунгаан бодох хэрэгтэй байсан болохоор Баррент эхний шөнө хаалгыг онгойлсонгүй. Хорын ерөндөг зардаг дэлгүүрийн эзэн байлаа ч илрэх шинж тэмдгийг цаг тухайд нь анзаарахгүй байх боломжийг тооцож үзэхээс өөр аргагүй.
Хоёр дахь өдөр нь амрагч хоёр ууланд, их өндөрт гарцгаалаа. Яагаад амийг нь аварах болсон тухай Баррент Моэрагаас асуув.
-Хариулт нь танд таалагдахгүй л байх даа гэж бүсгүй анхааруулав.
-Тэгсэн ч гэлээ мэдмээр байна.
-Өөрөө тэнд Хохирогчдыг хамгаалах холбооны байранд үнэхээр өрөвдөлтэй царайтай байсан. Тийм царайтай өөр хэн ч байлаа гээд би туслах л байсан.
Баррент толгой дохилоо.
-Тэгвэл хоёр дахь удаад?
-Хоёр дахь удаад бол магадгүй таныг сонирхож эхэлсэн болохоор аварсан байх. Гэхдээ энэ бол романтик сонирхол ер биш юм шүү. Та ойлгоорой. Би романтик хүн огт биш.
-Тэгвэл ямар сонирхол байсан юм?
-Таныг их сайн цэрэг болж магадгүй юм байна гэж санагдаад.
-Энэ тухай чинь харин илүү ихийг сонсмоор байна гэж Баррент гуйлаа.
Моэра үл анивчих ногоон нүдээрээ мань хүнийг ажиглан минут хэртэй дуугүй болов.
-Би тун бага зүйл л хэлж чадна. Омега дээрх таарч тохирох хүмүүсийг хайдаг байгууллага ажиллаж байдаг. Бид гол төлөв хөлгөөс буух цагаас эхлээд ажиглалтаа эхэлдэг юм. Дараа нь надтай адил элсүүлэгч хүмүүс эрлийг үргэлжлүүлдэг.
-Ямар төрлийн хүмүүсийг сонгож авдаг юм бэ?
-Тань шиг хүмүүсийг авдаггүй. Уучлаарай Уилл.
-Яахаараа над шиг хүмүүсийг авдаггүй юм бэ?
-Уг нь би эхэндээ таныг элсүүлэх талаар нухацтай бодож байсан юм гэж Моэра хэлэв. -Бидэнд яг хэрэгтэй хүн байна гэж санагдсан л даа. Дараа нь таны хавтаст хэрэгтэй танилцсан юм.
-Тэгээд?
-Бид алуурчдыг элсүүлдэггүй. Зарим тусгай даалгавар биелүүлэхийн тулд алуурчдыг хөлсөлдөг ч байгууллагадаа элсүүлдэггүй юм. Аргагүй хамгаалалт гэх мэтийн бидний хүлээн зөвшөөрдөг зарим нөхцөл байдал бий л дээ. Гэхдээ дэлхий дээр санаатайгаар хүний амь хөнөөнө гэдэг...
-Ойлгож байна аа гэж Баррент хэллэ.-Тэгвэл би цус урсгах ямар ч хүсэлгүй гэдгээ хэлвэл яах вэ?
-Би наадахыг чинь мэднэ гэж Моэра хариулав.-Надаас бүх зүйл шалтгаалдаг байсан бол би таныг байгууллагад элсүүлэх байсан. Гэвч би бүгдийг шийдэхгүй юм даа. Харин аллага хийсэн гэдэгтээ та үнэхээр итгэлтэй байна уу?
-Тийм бололтой гэж Баррент ам нээв.-Тийм юм шиг байна.
-Наадах чинь муу шүү гэж Моэра хэлэв. –Гэсэн хэдий ч манай байгууллагад амьд гарах чадвар өндөртэй хүмүүс их хэрэгтэй байгаа. Би юу ч амлаж чадахгүй ч боломж юу байна судалж үзье л дээ. Гэмт хэргийнхээ талаар өөрөө илүү ихийг тодруулж чадвал сайн байхсан. Гарцаагүй шалтгаан энэ тэр байсан байж болох шүү дээ.
-Болох л юм гэж Баррент эргэлзсэн байртай хариуллаа. -Би хичээнээ.
Энэ орой уян налархай биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд энхрий зөөлөн Моэра мань хүний хөнжилд шурган орж ирэх нь тэр. Түүнийг ярих гэтэл бүгсүй алгаараа амыг нь дарав. Хувь тавилангийн янзыг үзэх дэмий гэдгийг мэдэж хаширсан Баррент ч дуугүй өнгөрлөө.
Амралт дэндүү хурдан өнгөрч байлаа. Нөгөө нууцлаг байгууллагын талаар манай хоёр ахиж яриагүй ч магадгүй үүний хариу ч гэсэн бололтой өрөөг холбох хаалга орой болгон нээлттэй үлддэг байв. Ингэсээр долоо дахь өдрийн үдэш Баррент Моэра хоёр Тетрахидэд эргэн ирлээ.
-Чамтай яаж уулзах вэ гэж Баррент асуув.
-Би чамтай холбоо барина аа.
-Наадах чинь надад хангалтгүй.
-Илүү ихийг санал болгож чадахгүй нь дээ гэж Моэра хэлэв.-Уучлаарай Уилл. Байгууллагын хувьд аргалах боломж юу байна би судална.
Энэ бүхнийг хүлээж авахаас өөр арга Баррентад байсангүй.Бүсгүйг хаана амьдардаг, ямар байгууллагыг төлөөлдөг гэдгийг мэдэхгүй чигээрээ мань эр дэлгүүрийнхээ өмнө машинаас буулаа.
Зүүдний дэлгүүр үзсэн зүйлсээ бүх талаас нь тунгааж үзлээ. Теркалерт хилэгнэж уурласан, хориотой буу авч явсан, нүүр тулан уулзсан, үхдэл, дараа нь мэдээлэгч тэгээд шүүгч. Аллага үйлдсэн хэсэг гэсэн хамгийн чухал зүйл л дутаад байлаа. Зүүдэндээ санасан зүйл нь Теркалертэй таардаг дээр тасраад хэсэг хугацааны дараа Теркалерийг үхсний дараа залгуулан үргэлжилж байсан. Гэмт хэрэг хийхэд гол түлхэц болж өгсөн өөр ямар нэг хүчин зүйл үнэхээр байгаа бололтой. Үүнийг л тодруулах хэрэгтэй юм байна.
Дэлхий дээрх амьдралын талаарх мэдээллийг хоёрхон аргаар авч болно. Нэг нь Зүүдний дэлгүүрийн хар дарсан зүүд. Баррент энэ аргыг сонгохгүй гэж хатуу шийдсэн байлаа. Нөгөө арга нь гэвэл скренддэгч мутантуудын үйлчилгээ.
Мутантуудад Баррент таагүй ханддаг байлаа. Тэд тэс өөр үндэс угсаатай бөгөөд хүрч үл болох бузар зиндааныхан. Тэднээс болгоомжилж, сэжиглэцгээх бөгөөд тэд ч өөрсдийгөө бүрэн тусгаарлаж хариу барьна. Мутантуудын хороолол бол хот доторх хот байлаа. Мутантууд их өсөрхүү гэдгийг бүгд мэддэг болохоор тархи нь ажилладаг иргэд бол тэдний хорооллоос хол явахыг хичээнэ, ялангуяа оройн цагаар.
Гэвч зөвхөн скренддэх авьяас зөвхөн мутантуудад байдаг. Аймшигтай зэрэмдэг бие махбодид нь ер бусын их хүч, авьяас, хачин жигтэй чадвар нуугдах бөгөөд эгэл хүмүүс өдөртөө түүнээс нь айж, шөнөдөө эрэлхийлнэ. Мутантуудыг Агуу Их Харанхуйн ивээлд байдаг гэсэн цуу яриа хүртэл гарсан. Мутантуудыг мартагналын ханыг цөмлөж, цаг хугацаа орон зайг нэвтлээд хүний өнгөрсөн үеийг уншиж чаддаг бөгөөд хар шидийн догшин эрдмийг зөвхөн тэд эзэмшиж чаддаг гэж зарим хүн таамагладаг байсан ч лам нарын дэргэд үүнийгээ зүрхэлж хэлсэн нь нэг ч үгүй билээ.
Өөр бусад нь мутантуудад ямар ч чадвар энэ тэр байхгүй, дадал сайт луйварчдаас цаашгүй амьтад гэж үзнэ.
Баррент харин энэ бүхнийг өөрөө тодруулахаар шийдэв. Нэгэн шөнө сайтар зэвсэглэж, хувцаслаж аваад гэрээ орхин Мутантуудын хороолол руу алхлаа.
13
Буугаа бэлэн барьчихаад Баррент Хорооллын нарийхан, мушгирсан гудамжаар алхалж байв. Доголон, сохор, усан хаван гүйсэн гавалтай тэнэг, огт тархигүй хавтгай шахуу толгойтой тэнэг, гурав дахь гарын тусламжтайгаар 12 бамбараар алдалгүй наадах илбэчдийн хажуугаар, хувцас хунар, оо энгэсэг, алт мөнгө зардаг наймаачид, өмхий ханхалсан сэжиг хүрмээр харагдах хоолтой тэргэнцрүүдийн хажуугаар мань хүн гарч явлаа. Үүдэнд хүн урхидахаар хүүхнүүд бөөгнөрсөн тод өнгөөр будаж чимсэн хэд хэдэн янхны газрыг тэр өнгөрлөө. Дөрвөн гартай, зургаан хөлтэй эрэмдэг хүүхэн түүнд дөхөж ирээд дэр нэгдэн ирээдүйг мэдэх эртний ёслол яг эхэлж байгаа дээр таарлаа гэж хэлэв. Баррент холдохын түүс болж хурдлахдаа аймшигтай тарган хүүхэнтэй мөргөлдөн алдахад нөгөөх нь найман ширхэг хорчийсон хөхөө харуулан цамцаа тэр даруй хуу татах нь тэр. Мань хүн даруй нүүр буруулж аймшигтай том, өрөвдөл эрсэн нүдээр дүрлийтэл ширтсэн сиамын ихрүүдийг тойрон бултав.
Баррент нэг булан тойроод зогстуслаа. Уранхай хувцастай өндөр өвгөн зам хөндөлсөн зогсжээ. Зүүн нүд нь байх ёстой газар өөгүй толигор арьс битүүлэн халхалсан мурий өвгөн байлаа. Гэвч баруун нүд нь буурал хөмсөгнийх нь доороос тод бөгөөд хилэнтэй ширтэж байв.
-Өөрт чинь жинхэнэ скреннерийн туслалцаа хэрэгтэй юу гэж өвгөн асуулаа.
Баррент толгой дохив.
-Намайг дагаад яв гэчихээд мутант өвгөн модот гудамж рүү эргэхэд Баррент туяан зүүт бууныхаа бариулыг чанга атгасаар араас нь дагав. Мутантууд хуулийн дагуу бол зэвсэг авч явах хориотой ч тэдний зарим нь энэ өвгөнтэй адилаар төмрөөр бөгжилсэн хүнд саваа биедээ авч явдаг. Ийм нарийхан гудамжинд үүнээс илүү тохиромжтой зэвсэг юу ч байх билээ.
Дагуулж явсан өвгөн нь нэг хаалга нээгээд толгойгоо дохин заав. Мутантуудын урхинд орсон итгэмтгий хүмүүсийн тухай санасан Баррент хэсэг зуур удаад, дараа нь буугаа чанга атгасаар дотогш орлоо.
Бүдэг гэрэлтэй, жижигхэн өрөөнд өвгөн Баррентийг дагуулан орж ирэв. Нүд нь харанхуйд дасахад энгийн модон ширээний ард суух хоёр эмэгтэйг Баррент олж харлаа. Ширээн дээр ус хийсэн сав, саван дотор жижиг хэсгүүд болгон хагалсан халаасны толь байгаа харагдав.
Эмэгтэйчүүдийн нэг нь их хөгшин ямар ч үсгүй, нөгөөх нь залуухан их царайлаг байв. Ширээнд ойртож очоод залуу эмэгтэйн хөл нь өвдөгнөөсөө доош загасны сүүл болон нийлж ургасан байгааг олж хараад Баррент үнэхээр их гайхлаа.
-Иргэн Баррент юу сонирхож яваа билээ? гэж залуу нь асуулаа.
-Та чинь миний нэрийг хаанаас мэддэг билээ гэж Баррент сандрав. Гэвч хариу сонссонгүй болохоор: -Би дэлхий дээр үйлдсэн аллагынхаа талаар бүгдийг тодруулахыг хүсч байна гэлээ.
-Наадах чинь танд ямар хэрэгтэй юм бэ? Эндхийн эрх баригчид аллагыг чинь таны сайн талуудын нэг гэж үзсэн биз дээ?
-Тийм л дээ гэхдээ... гээд мань хүн хэсэг эргэлзэснээ: -Юу гэхээр би аллагыг бодит үндэслэлгүйгээр эсэргүүцэх сэтгэцийн эмгэгтэй юм л даа. Тийм болохоор яагаад Дэлхий дээр ийм хэрэг хийх болсноо мэдмээр байгаа юм.
Мутандууд хоорондоо харц шидэлцэв. Өвгөн инээмслэглээд:
-Иргэн танд бид туслана аа гэлээ. -Мутантууд биднийг үргэлж алж байдаг болохоор бид ч гэсэн аллагыг үндэслэлгүйгээр эсэргүүцдэг юм.
-Тэгвэл та нар миний өнгөрсөн үеийг скреннердэхийг зөвшөөрч байна уу?
-Тийм ч амар юм биш шүү гэж залуу эмэгтэй анхааруулав.-Пси үр нөлөөний нэг илрэл болох скреннердэх чадварыг ашиглахад их ээдрээтэй байдаг юм. Зөв дуудан ашиглаж чадлаа ч гэсэн хэрэгтэй гэсэн зүйлийг нээж харуулахгүй байх нь цөөнгүй.
-Би ч мутант болгон л ядаж цөхөх зүйлгүйгээр өнгөрсөн үеийг уншдаг гэж бодож байсан шүү.
-Хаанаас даа гэж өвгөн хэлэв.-Огт тийм биш. Юуны өмнө мутант гэж нэрлэсэн болгон мутант байдаггүй. Дэлхийн стандартад нийцэхгүй байгаа болгоныг ингэж нэрлэхэд амар байдаг төдий. Цаашлаад жинхэнэ мутантуудын дунд ч хуруу дарам цөөн хэд нь өчүүхэн төдий пси чадвартай байдаг юм.
-Та скреннердэх чадвартай юу гэж Баррент өвгөнөөс асуулаа.
-Би бол чадахгүй гэж өвгөн хариулав.-Харин Мила бол чаддаг гээд залуу эмэгтэйг заав.-Заримдаа.
Бүсгүй ус руу, хагархай толь руу ширтэж эхлэв. Цэхэр нүд нь дүрлийн томорч, сүүлтэй бие нь тэгшрээд хөшсөн мэт болж орхилоо.
-Цаадах чинь нэг юм хараад эхэллээ гэж өвгөн хэлэв.-Ус, толь хоёр бол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгслүүд төдий. Мила сайн скреннердэж чаддаг ч гэлээ түрүүчийн долоо хоногт өнгөрсөн үеийг ирээдүйтэй хольж хутгаад байсан шүү. Өнгөрсөн долоо хоногт нэг Хажид дөрвөн өдрийн дараа үхнэ гээд хэлчихсэн юм.
Өвгөн инээд алдав:
-Та тэр Хажигийн царайг харсан ч болоосой.
-Яаж үхэхийг нь анхааруулж хэлсэн юм уу гэж Баррент асуув.
-Тэгсэн. Хутгалуулж үхнэ гэсэн юм. Хөөрхий амьтан тэгсэн чинь гэрээсээ гарахаа байчихсан.
-Тэгээд алуулчихсан уу?
-Мэдээж. Эхнэр нь. Их шийдэмгий хүүхэн шүү.
Мила ирээдүйг нь харахгүй байх гэж Баррент найдана. Амьдрал мутантуудын зөгнөлтэй зөгнөлгүй хэцүү байлаа.
Бүсгүй гунигтайгаар толгой сэгсэрсээр харцаа салгалаа.
-Би танд тун бага зүйл л хэлж чадах юм байна. Аллага яаж хийгдэснийг би харж чадсангүй. Гэхдээ би нэг оршуулгын газар тэндэх таны ээж, аав хоёрын чинь газрыг харлаа. Газар нь их хуучин юм, бараг хорин жилийн өмнө гэмээр юм. Тэр оршуулгын газар Дэлхий дээр Янгерстаун нэртэй газрын захад байдаг юм байна.
Энэ нэр Баррентад юу ч санагдуулсангүй.
-Бас хэрэв хүсэх л юм бол танд маш ихийг ярьж өгч чадах хүнийг олж харлаа гэж Мила үргэлжлүүлэн хэлэв.
-Аллагын гэрч үү?
-Тийм.
-Намайг очиж матдаг хүн үү?
-Мэдэхгүй гэж Мила хэлэв.-Би Теркалер нэртэй үхсэн хүнийг харсан, тэгэхэд хажууд нь өөр нэг хүн зогсож байсан. Нэрийг нь Иллиарди гэдэг.
-Тэр хүн одоо энд Омега дээр бий юу?
-Түүнийг яг одоо Жижиг алман сүхний гудамжинд байдаг Мансуурлын харшаас олж болно. Хаана байдгийг нь мэдэх үү?
-Олно доо гэж Баррент хэлэв. Тэгээд бүсгүйд талархлаа илэрхийлээд төлбөрөө өгөх гэтэл цаадах нь татагалзав. Мила их л сэтгэлээр унасан харагдана. Баррентийг яг гарч явахад нь араас :
-Та болгоомжтой яваарай даа гэж хэлэх дуулдав.
Баррентийн цээжээр хүйт оргих шиг болж, мань хүн зогтусав:
-Өөрөө миний ирээдүйг скреннердээ юу?
-Хэдхэн сарын хугацаанд л.
-Тэгээд юу олж харав?
-Тайлбарлаж чадахгүй юм. Миний харсан зүйл бол байж боломгүй юм.
-Надад хэлээч.
-Би таныг үхсэн байхыг харсан. Гэсэн атлаа та бас амьд байсан. Та олон гялалзсан бутархай болон хагарсан үхдэлийг хараад зогсож байсан. Гэхдээ тэр үхдэл нь та өөрөө байсан шүү.
-Наад чинь ямар утгатай юм бол?
-Мэдэхгүй гэж Мила хэлэв.
Мансуурлын харш гэдэг нь хар тамхи, бэлгийн сэрэл хөдөлгөгч үнэртэн зардаг хааш яаш чимэглэсэн том байр байлаа. Үйлчлүүлэгчид нь гэвэл гол төлөв пеонууд бас оршин суугчид. Иллиарди гэдэг нэртэй хүн байгаа эсэхийг асуун багшралдсан хүмүүс дундуур чихцэлдэж явахдаа өөрийгөө тэс өөр орчинд яваагаа Баррент мэдэрч байв.
Тэгсээр хундага дарс урдаа тавин суух халзан эрэгтэйг түүнд зааж өгөв. Баррент ч дөхөж очоод өөрийгөө хэн болохыг танилцууллаа. Иллиарди ч Хоёрдугаар зэрэглэлийн оршин суугчийн зүгээс Давуу эрхтэй иргэнд гаргавал зохих хүндлэлийг үзүүлэв.
-Эрхэм ээ тантай танилцаж байгаадаа их баяртай байна. Танд юугаар тус болохсон бол?
-Би Дэлхийн тухай зарим нэг зүйл тодруулах гэснэ юм гэж Баррент тайлбарлав.
-Надад санаж байгаа зүйл тун бага л даа гэж Иллиарди учраа хэлэв.-Гэхдээ мэдэж байгаа бол туслая.
-Теркалер нэртэй хүнийг таньдаг байсан уу?
-Танихаар барах уу гэж Иллиарди нотлов.-Түүн шиг харамч амьтан дэлхий дээр ер нь төрж байгаагүй байх шүү.
-Тэр хүнийг алах үед та дэргэд нь байсан уу?
-Мэдээж. Хөлгөөс буусан даруйдаа миний санасан хамгийн анхны зүйл бол наадах чинь.
-Тэгээд алсан хүнийг нь харсан уу?
Үүнийг сонсоод Иллиарди ихэд гайхаж байгаа нь илт.
-Харж ядаад байх юу байх вэ дээ. Алсан хүн нь би юм чинь.
Баррент өөрийгөө албадан байж дууныхаа өнгийг өөрчлөлгүй ярьж чадлаа.
-Үүндээ итгэлтэй байна уу? Үнэхээр зуун хувь бат итгэлтэй байна уу?
-Мэдээж гэж Иллиарди хариулав.-Цаашдаа ч энэ эрхээ хамгаалахад бэлэн. Тэр муу Теркалерийг алсан ч багадана. Бүр ч илүү гэсгээл хүртвэл таарсан амьтан байсан юм.
-Тэгвэл тэр үеэр ойр хавьдаа намайг явж байхыг хараагүй биз?
Мань хүнийг Иллиарди их анхааралтай хэсэг ширтэж байснаа толгой сэгсэрлээ.
-Үгүй юм шиг байна аа. Гэхдээ би тийм ч итгэлтэй биш байна. Аллагын дараа болсон бүхнийг яг зүүд шиг л бүдэг бадаг санаж байгаа.
-Баярлалаа өөрт чинь гэж Баррент хэлчихээд Мансуурлын харшийг орхин одлоо.
14
Баррент энэ тухай бодох тусам улам бүр гайхан мэгдэж байлаа. Теркалерийг Иллиарди алсан юм бол яагаад мань Баррентийг Омега руу цөлдөг билээ? Хэрэв алдаа гарсан юм бол жинхэнэ алуурчныг тогтоосон даруйдаа түүнийг яагаад суллаж тавьсангүй вэ? Хийгээгүй хэргийн төлөө тэр дэлхий дээр үлдсэн хэн нэгэн яалаа гэж мань хүнийг буруутгасан юм бол?
Энэ бүх асуултанд өгөх хариулт Баррентад байсангүй. Гэхдээ урьд нь өөрийгөө алуурчин биш гэдгийг зөнгөөрөө мэдэрч байсан бол нотлох баримтт оллоо. Аллага хийгээгүй гэдгээ ухамсарламагц Омега маягийн амьдралыг ер хүсэхгүй явсаар ирснээ ойлголоо. Дэлхий рүү буцаж очихыг хүсэж байна?
Гэвч буцах боломжгүй. Харуулын хөлөг өдөр шөнөгүй нисэж байгаа. Дээр нь Омегагийн техникийн хөгжил дотоод шаталтын хөдөлгүүрээс хэтрээгүй байгаа бол гараг хоорондын сансрын хөлөг бол Дэлхийнх.
Баррент хорын эсрэг ерөндөгийн дэлгүүртээ ажиллаж, нийгмийн эсрэг зан байдлаараа бараг л онгирч байна уу гэлтэй байдаг болов. Мань хүн Зүүдний дэлгүүрээс ирэх урилгуудыг үл тоож, олон нийтийн оролцоотой явагддаг цаазаар авах ажиллагаанд ганц ч удаа оролцсонгүй. Орилж хашгиралдсан хүмүүс зугаацахаар Мутантуудын хорооллыг чиглэн багшралдах үед Баррентийн толгой нь өвддөнө. Газардалтын өдрийн анд оролцохоо байж, “Сар тутмын тамлан зовоолт”-ын худалдааны төлөөлөгчийг бүдүүлгээр хөөн явууллаа. Шашны эсрэг үзлийг нь Ингмар авга ахын айлчлал хүртэл ганхуулж чадсангүй.
Түүгээр яваа гайг үүгээр дуудаж байгаа гэдгээ Баррент ойлгож байсан болохоор хүлээж байлаа. Тэгээд ч чадаж л байгаа бол зөрчөөд бай гэдэг Омега дээр хууль зөрчиж байгаад ер бусын зүйл ер байсангүй.
Ингээд нэгэн өдөр гудамжинд хажуугаар нь зөрж явсан нэг хүн мань хүнийг мөрлөх гэсэнд Баррент зайлсхийтэл цаадах нь гараас нь бариад авав. Тэгээд нөгөө хүн:
-Чи муу хэнийг түлхсэнээ мэдэж байна уу?гэж асуув.
Намхан нуруутай зузаан хүн байв. Өмсөж зүүснийг нь харвал Давуу эрхтэй иргэдийн зиндааных юм. Хуулийн дагуу үйлдсэн зөвшөөрөгдсөн аллагынх нь тоог илтгэх бүсэн дээрх таван мөнгөн од нь гялалзана.
-Би таныг түлхээгүй ээ гэж Баррент хэлэв.
-Битгий худал ярь муу мутантуудтай явалдагч минь.
Аймшигтай доромжлол сонссон бусад хүмүүс зогтуслаа. Нөгөө эрэгтэй хүн их л дадсан байрын маягтай хөдөлж буугаа авах гэсэн боловч Баррентийн туяан зүүт буу хагас секундын өмнө онилогдчихсон байв.
Мань хүн нөгөө дээрэлхүү этгээдийн цохыг нь нүхэлчихээд ард нь хүн хөдлөхийг мэдрээд огцом эргэж харав.
Давуу эрхтэй хоёр иргэн дулааны буунуудаа гаргаж ирж байгаа харагдав. Баррент тэр даруй ойролцоох байшингийн ардуур нуугдангаа буудаж амжлаа. Нөгөө нь хоёр нь унаж нүүрс болон бутарлаа. Гэтэл Баррентийн хажууд байсан модон хана хэдэн хэсэг болон зад үсрэхийг хараад харцаа шилжүүлбэл модот гудамжны тэндээс бас нэг хүн буудаж байх нь тэр. Баррент хоёр угсран буудаад нөгөө хүнийг ч бас нам унагалаа.
Тэгээд бүх юм дууслаа. Мань хүн хэдхэн секундын дотор дөрвөн хүн цааш харуулж орхижээ.
Зиндаагаа ахиулах дуртай хүмүүст сайн сургамж боллоо доо гэж бодоод Баррент сэтгэл хангалуун үлдэв. Энэ явдлаас хойш цаадуул нь илүү хялбар хүмүүсийг онилоод мань хүнийг зүгээр орхих биз.
Дэлгүүртээ ирвэл Жо хүлээж байлаа. Зээлийн хулгайч намхан эр их л сэтгэлээр унасан харагдана.
-Өнөөдөр яаж бууддагийг чинь харлаа. Үнэхээр сайн юм.
-Баярлалаа гэж Баррент хэлэв.
-Ингээд байвал болно гэж бодож байна уу? Цаашдаа ч гэсэн хууль зөрчөөд байвал болно гэж бодоо юу.
-Одоо хүртэл болоод л байна даа.
-Тэр ч тийм л дээ. Гэхдээ чи тэгээд өөрийгөө хэр удаан тэснэ гэж бодож байгаа юм бэ?
-Хэр хэрэгтэй байна тэр хүртэл л тэснэ дээ.
Жо:
-Тэгэж чадахгүй. Шийтгэл хүлээлгүйгээр хуулийг зөрчөөд явах боломжгүй. Амных нь салиа нь арилаагүй юмнууд л өөрөөр боддог юм гэлээ.
Баррент зүүн туяат буугаа цэнэглэнгээ:
-Тэгвэл цаадуул чинь миний хойноос салаа цэрэг явуулах хэрэгтэй болно доо гэж гэж хариуллаа.
-Цаадуул чинь юу гэж тийм юм хийх вэ дээ гэж Жо хэллээ.
-Чамайг цааш нь харуулах үй түмэн арга бий шүү, надад итгээрэй Уилл. Хууль нэг л үйлчлэх хэрэгтэй гэж шийдсэн бол зогсоох арга байхгүй. Тэгээд ч чамд гэж хэлэхэд нөгөө найз хүүхнээ туслана гэж горьдолтгүй шүү.
-Чи цаадахаа мэддэг юм уу?гэж Баррент асуув.
-Надад мэдэхгүй хүн гэж байхгүй л дээ гэж Жо дүнсийн хэлэв.-Засгийн газарт таньдаг хүмүүс бий. Чамд их уурлаж байгаа гэдгийг сайн мэдэж байна. Уилл, аан гээч. Чи зовж үхмээр байгаа юм уу?
Баррент толгой сэгсрэв.
-Жо чи Моэраг олж чадах уу?
-Болох л юм. Хэрэг байна уу?
-Чи түүнд нэг юм дамжуулаад өгөөч. Намайг ялласан тэр аллагыг би үйлдээгүй юм байна гээд түүнд хэлчихээрэй.
Жо мань хүнийг таг гөлөрч орхилоо.
-Чи чинь солиороо юу?
-Үгүй ээ. Тэр аллагыг жинхэнэ хийсэн хүн болох Хоёрдугаар зэрэглэлийн иргэн Илларди гэгчийг би олсон.
-Тэгээд наадаахаа хүн амьтанд хэлж яах гээ вэ? гэж Жо гайхлаа.-Тэгэж хүмүүсийн хүндлэлийг алдах ямар ч хэрэггүй шүү дээ.
Гэвч Баррент:
-Би хүн алаагүй. Чи Моэрад дамжуулж хэлэх үү? гэж зөрүүдлэн дахин асуулаа.
-За за. Олж чадвал хэлье. Гэхдээ миний үгэнд орсон чинь дээр дээ. Байдлыг аргалах боломж бас байгаа ч юм билүү. Хар мөргөлд очоод үз...
-Яах вэ тэгэж бас болох л юм. Харин чи Моэрад заавал дамжуулна биз дээ?гэж Баррент хэллээ.
Жо ч:
-Тэгнэ гэж ам гарав. Ингэж хэлээд мань хүн хорын эсрэг ерөндөгийн дэлгүүрээс толгой сэгсэрсээр гарч одов.
15
Үүнээс гурван өдрийн дараагаар настайвтар бөгөөд хажуудаа зүүсэн ёслолын сэлэм шигээ ихэмсэг эрэгтэй хүн Баррентийн гэрт хүрэлцэн ирэх нь тэр. Төрийн том түшмэл байна гэдгийг нь Баррент өмссөн хувцсаар нь гадарлав.
-Омегагийн засгийн газар танд баяр хүргэж байна гэсээр нөгөө зочин нь үгээ эхлэв.-Намайг Норис Жей гэдэг. Би бол Их Тоглолтын дэд сайд хүн. Танд асар их аз тохиолоо гэдгийг өөрийн биеэр уламжлахын тулд хүрэлцэн ирээд байгаа минь энэ.
Баррент санаа зовсон байртай толгой тохиод зочноо гэртээ орохыг урив. Гэвч цаадах нь татгалзав.
-Жил бүр явагддаг Сугалааны тохирол өчигдөр явагдсан юм. Энэхүү сугалаагаар хожсон хүмүүсийн нэг бол иргэн Баррент та билээ. Танд баяр хүргэе гэж Жей ёслол төгөлдөр мэдэгдэх нь тэр.
Баррент Сугалааны тухай сонсож байсан ч юу байдаг талаар тун бүдэг төсөөлөлтэй.
-Энэ бол асар их нэр төр алдар хүнд. Нэрийг тань мөнхөлнө. Туулсан амьдралыг тань үр удамд тань зориулан хадгалан үлдээнэ. Цаашлаад танд улсын үйлдвэрийн зүүн туяат буу өгөх бөгөөд амиа алдасны тань дараагаар Мөнгөн тэмдэгээр шагнах болно.
-Амиа алдасны дараа гэнэ ээ?
-Мэдээж. Мөнгөн тэмдэгийг зөвхөн амиа алдсан хүмүүст л олгодог юм.
Баррент:
-За тийм байж гээд зөвшөөрлөө.-Өөр дагалдах юм бий юу?
-Сугалаагаар хожсон хүний хувьд та жил болгоны Их тоглолтыг эхлүүлж өгдөг Их ан авын бэлэгдлийн ёслолд оролцоно. Манай Омегагийн амьдралын хэв маягийн бэлгэдэл нь Ан ав байдаг гэдгийг та лав мэдэж байгаа байх. Энэхүү баяр нь хүн болгон өөрийн зиндааны хүрээнээс гарах боломжтой байдгийг бэлэгдсэн бүгдэд нээлттэй баяр болохоор пеонуудад хүртэл Ан авд оролцохыг нь зөвшөөрдөг юм шүү дээ.
-Хэрэв би таныг зөв ойлгосон бол ан болгож авлах болсон хүмүүсийн нэгээр нь намайг сонгосон юм байна, тийм үү ? гэж Баррент тодруулав.
-Тийм гэж Жей хариулав.
-Гэтэл та энэ ёслолыг бэлэгдлийн шинж чанартай гээд байна. Бэлгэдлийн юм бол хэнийг ч алахгүй гэсэн биш юм уу?
-Хаанаас даа, огт тийм биш гэж Жей уулга алдлаа. –Омега дээрх бэлгэдэл ба бэлгэдэж байгаа зүйл хоёр үнэн хэрэг дээрээ нэг зүйл байдаг юм. Би Ан авын ёслол гэж хэлэхдээ жинхэнэ анг хэлж байгаа юм шүү дээ. Үгүй байсан бол хоосон хэлбэрдэлт болж хувирах байлаа.
Баррент ямаршуу байдалд ороод байгаагаа эргэцүүлэн дуугаа хураав. Тийм ч сайнгүй байдалд оржээ. Дайсантайгаа нүүр тулсан энгийн халз тулаанд бол мань хүн ялах боломжтой. Гэтэл Тетрахидийн бүх оршин суугчид оролцсон Ан ав гэдэг бол...
-Намайг яаж сонгосон юм бэ?
-Цэвэр тохиолдлын журмаар. Омегагийн хэзээ ч үл гундах алдар нэрийн төлөө амиа өгч байгаа хүмүүст үүнээс өөр арга огтхон ч үл тохирох билээ.
-Намайг цэвэр тохиолдлын аргаар сонгосон гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна даа.
-Үнэхээр цэвэр тохиолдлын аргаар сонгосон юм шүү. Сонголтыг бол мэдээж тохирох хүмүүсийн жагсаалт дотроос хийнэ. Хэр баргийн хүн Ангийн дүрд тохирохгүй болохоор тэр шүү дээ. Их тоглолтын зохион байгуулах хороо нэрийг нь жагсаалтанд оруулахын тулд хүн маш их хүч, тууштай зан гаргах ёстой байдаг юм. Ан болно гэдэг асар их нэр төрийн хэрэг гэж Жейн тайлбарлаж өгөв.
-Тэр ч юу л бол. Зүгээр л та нар манайг албаар шахаанд оруулж байна л даа гэж Баррент бодсоноо хэлэв.
-Та тэгэж ярьж болохгүй шүү. Засгийн газрын дотор танд муу санасан хүн нэг ч үгүй гэдгийг би батлан хэлж чадна. Та хуулийг зөрчсөн нь үнэн ч гэлээ энэ чинь засгийн газарт огт хамаагүй. Энэ бол зөвхөн хууль та хоёрын хоорондын хэрэг.
Хууль гэж хэлэхэд энэхүү Жей гэгчийн хүйтэн цэнхэр нүд нь хилэнтэйгээр гялалзаад авлаа. Үүний дараа Жей нураагаа улам цэхлэн, хөмхийгээ зуулаа.
-Хууль юм бүгдээс дээгүүр. Хуулиас зайлсхийх боломжгүй бөгөөд хүний үйлдэл болгон эсвэл хуулийн дагуу, үгүй бол хуулийн эсрэг болж байдаг. Хууль гэдэг өөрийг нь хэрэгжүүлж байдаг бодгалиудын амьдралын төгсгөлөөс огт үл хамаарсан өөрийн гэсэн амьдралаар амьдарч байдаг гэж хэлсэн ч болно. Хууль бол хүний үйл хөдлөлийн бүх л илрэлийг удирдаж байдаг. Тиймээс хүмүүс хэдий хэмжээгээр хууль зүйд нийцсэн бодгаль болж чадаж байгаагаас хамаараад хууль өөрөө хүмүүнлэг болж байдаг. Улмаар хүмүүнлэг болж байгаагийн хувьд хууль нь өөрийн гэсэн сул талтай болж ирнэ. Хуулийг даган мөрддөг хүмүүсийн хувьд бол тэрээр огт үл анзаарагддаг, тэртээ хол байгаа зүйл болно. Харин хуулиас зайлсхийн бултаж, зөрчиж байгаа хүмүүсийг тэрээр маш идэвхтэйгээр мөрдөн мөшгидөг.
-Ийм болохоор л намайн Ангийн дүрд сонгосон юм биз дээ?
-Мэдээж шүү дээ. Таныг энэ удаад сонгоогүй бол нүдээ хэзээ ч үл цавчих, уйгагүй тууштай хууль өөр арга замыг олох л байсан гэж дэд сайд мэдэгдлээ.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Ан ав эхэлтэл надад хэр хугацаа байна? гэж Баррент лавлав.
-Ан ав бол үүр цайхад эхлээд маргааш өдрийнх нь анхны үүрийн туяагаар дуусдаг юм.
-Ингэхэд намайг алж чадахгүй бол яах вэ?
Норис Жей мушилзах төдий уруулаа хөдөлгөв.
-Тийм зүйл барагтай бол тохиолддоггүй л дээ Иргэн Баррент минь. Та энэ талаар санаа зовох илүү гэдэгт би итгэлтэй байна.
-Гэхдээ ямар ч байсан тохиолддог юм байна шүү дээ?
-Тийм ээ. Амьд үлдсэн хүмүүсийг шууд Их Тоглолтонд оролцуулдаг юм.
-Тэгвэл тэр Их тоглолтын чинь дараа амьд үлдвэл яах вэ?
-Мөрөөдөөд ч хэрэггүй гэж Жей найрсаг байдлаар зөвлөгөө өглөө.
-Яагаад тэр билээ?
-Иргэн та надад итгэ. Та амьд үлдэж чадахгүй.
-Гэхдээ амьд үлдвэл юу болох тухай мэдмээр байна шүү дээ.
-Тоглолтыг давж гарсан хүн хуулиас ангид хүн болж хувирна.
-Дажгүй сонсогдож байна шүү гэж Баррент хэлэв.
-Харин ч үгүй шүү. Хамгийн хүндээр гэсгээн шийтгэж байхдаа ч гэсэн хууль нь таны ашиг сонирхлыг хамгаалж байдаг юм шүү дээ. Танд өчүүхэн бага эрх байлаа ч түүнийг чинь эдлүүлэх талаар хууль заавал анхаарал тавьна. Жишээлэхэд би таныг яг одоо алчихаж чадах байсан ч хууль бус зүйл болох тул тэгэхгүй байна гээд Жей алгаа дэлгэн харуулахад дээр нь ганцхан сумтай өчүүхэн бага буу байгааг Баррент олж харлаа.-Хууль бол амьдралын дүрэм ба хязгаарыг тогтоож өгч байдаг юм. Энэ удаад хууль таныг үхэх ёстой гэж шийдлээ. Хүн болгон л үхдэг. Харин танд бол ядаж үхэх өдрийг чинь тогтоогоод өгчихөж байна. Хэрэв хууль байгаагүйсэн бол та хэзээ үхэхээ ч мэдэхгүй байсан шүү дээ.
-Тэгсэн ч гэлээ Их тоглолтыг даван амьд үлдэж, хуулиас ангид болвол юу болдгийг би мэдмээр байна гээд Баррент бууж өгсөнгүй.
-Зөвхөн Агуу их Харанхуй л хуулиас ангид байдаг юм гэж Жей хэлэв.-Хуулиас ангид болсон хүмүүс түүний мэдэлд очно. Гэхдээ Агуу их Харанхуйн гарт орж байснаас мянган удаа үхсэн нь дээр байдаг юм шүү.
Агуу их Харанхуйг тахин шүтнэ гэдэг нь хэнд ч хэрэггүй дэмий зүйл гэсэн дүгнэлтийг Баррент аль эрт хийчихсэн. Гэтэл Жейгийн итгэлтэй нь аргагүй ярихыг сонсоод эргэлзэж эхлэв. Муу ёр, нүгэл хилэнцэд мөргөн шүтэх ба тэр Муу ёр нүгэл хилэнц нь бодитоор оршин тогтнохын хооронд ялгаа байдаг байж ч магадгүй юм.
Жей гэвч үгээ үргэлжлүүлсээр:
-Гэхдээ аз таарвал таныг шууд л алах байх. Харин одоо хамгийн сүүлийн заавар өгье.
Жей буугүй гараа халаасандаа хийгээд улаан харандаа гаргаад ирэв. Тэгснээ дадал болсон шаламгай хөдлөөд Баррентийн хацар, духан дээр нь харандаагаар тэмдэг тавьж орхих нь тэр. Манай хүнийг ам ч ангайж амжаагүй байхад тэмдэг аль хэдийн тавигдаад дууссан байлаа.
-Таныг Ан мөн гэдгийг зааж тэмдэглэж байгаа юм гэж Жей хэлэв.-Тэмдэг нь арилдаггүй юм шүү. Харин энэ бол улсаас өгч байгаа зүүн туяат буу чинь гээд халааснаасаа нэг буу гаргаж ирээд ширээн дээр тавилаа.
-Ан үүрийн анхны туяагаар эхэлнэ гэдгийг би дээр хэлсэн. Таныг дурын хүн алах эрхтэй, та ч дурын хүнийг алж болно. Гэхдээ танд гэж хэлэхэд буун дуу, гэрлийн гялбаа нь маш олон хүнийг барьж өгч байсан болохоор алахдаа их болгоомжтой л байгаарай даа. Нуугдахаар болбол нуувчнаасаа гарах гарц бэлдэхээ мартуузай. Бусад хүмүүс Тетрахидийг танаас илүү мэддэг гэдгийг үргэлж санаж байгаарай. Туршлагатай анчид бүх л нууц газруудыг судалчихсан байдаг юм. Тэгэхээр Ан авын эхний цагуудад л Ангийн бодийг хөтөлчихдөг юм аа. Иргэн Баррент Танд амжилт хүсье.
Цааш явж байсан Жей дахин эргэж харснаа:
-Ан авын үеэр амь нас, эрх чөлөөгөө хамгаалах бас нэг боломж байдаг гэдгийг нэмж хэлэх ёстой. Гэхдээ тэр тухай ярих хориотой байдаг гэж Баррентэд хэллээ.
Үүний дараа Дэд сайд гуай мэхийн ёслоод явлаа.
Мань Баррент олон удаа оролдож үзсэний эцэст харандаагаар тавьсан тэмдэг үнэхээр арилдаггүй гэдэгт итгэлээ. Орой нь улсаас өгсөн бууг задалж үзэв. Үнэхээр ч мань хүний сэгжиглэж байсанчлан буу нь гэмтэлтэй байв.
Баррент хоол, ус, багцалсан олс, хутга зэргийг жижигхэн үүргэвчинд хийж бэлдсэн ч дараа нь Моэра, түүний байгууллага нь мань хүнийг сүүлийн мөчид аварна гэдэгт ямар ч үндэслэлгүй найдан хүлээж эхэллээ.
Аврал ирсэнгүй. Үүр цайхаас цагийн өмнө Баррент өөрийн дэлгүүрээ орхин гарлаа. Бусад Ан яадаг тухай тэрээр ямар ч төсөөлөлгүй байсан хэдий ч Анчдаас хаана нуугдахаа шийдчихсэн байлаа.
16
Асар хүчтэй стресс хүний зан байдалд нөлөөлөх нь мэдээж. Ан авыг хэрэв хийсвэр асуудал гэсэн байдлаар авч үзвэл ямар ч байсан хүнд хэрэг болохоор дүгнэлт хийж болох байлаа. Гэвч оюун ухааны түвшин нь ямар байгаагаас үл хамаараад Ан болсон дийлэнх хүн ухамсраа сэтгэл хөдлөлөөсөө салгаж чаддаггүй. Өөрийг нь авлаж байгаа болохоор аргагүй биз. Ингээд Ан болсон хүн сандарч, тэвдэж эхэлнэ. Аюулгүй байдал гэхээр нууцлагдсан, алслагдсан газар толгойд нь орж ирнэ. Дараа нь золиос болох хүн гэрээсээ аль болох хол явж, газар доогуур аль болох гүнд нуугдаж, хотын захын жижиг гудамжуудаар холхиж эхэлнэ. Гэрлээс зугтан харанхуйг, олноос зайлсхийн ганцаардлыг сонгодог.
Үүнийг Анчид мэдэхийн сайнаар мэддэг. Тийм ч болохоор тэд юуны өмнө газар доогуурх гарц, эзэнгүй орон байрыг шалгаж үздэг нь ойлгомжтой.
Тетрахидийн муу усны шугаманд орж нуугдах гэсэн анх төрсөн бодлоо Баррент орхиод Тоглолтын яамны том бөгөөд, тод гэрэлтүүлэгтэй байрыг зүглэн алхлаа.
Байранд бараг хүнгүй болжээ гэж хэлж болохоор болоход мань хүн дотогш хурдан ороод, өрөөний хаягуудыг уншаад шатаар гуравдугаар давхарт гарлаа. Хэд хэдэн хаалга өнгөрсний дараа хайж байсан халганыхаа хажууд зогсов. Хаалган дээр “Норрис Жей. Дэд сайд” гэжээ. Хаалганы цаадахыг хэсэг чих тавин чагнаж байгаад өрөөнд орлоо.
Хөгшин түшмэл тун ч муугүй самбаатай байв. Баррентийг босго давж амжаагүй шахуу байхад Жей нүүрэн дээрх тэмдгийг нь анзаарчихаад шургуулга руугаа гараа явуулав.
Баррентад өвгөнийг алах хүсэл байсангүй. Мань хүн урагш ухасхийгээд Жейгийн өөрийнх нь өгсөн буугаар духан дундуур нь байлгаад авав. Жей ч доош гулссаар шалан дээр гулзайлаа. Дэд сайдыг амьд гэдгийг шалгаж үзсэний дараа Баррент сайн баглан хүлж аваад ширээн доогуур чихэж орхив. Ширээний шургуулгуудыг онгичиж байгаад “Хуралтай. Орохыг хориглоно” гэсэн пайз олж, түүнээ хаалганы гадна өлгөж орхив. Ингээд өөрийнхөө бууг гарган, үйл явдал цаашаа яаж өрнөхийг хүлээн ширээний ард тухаллаа.
Үүр цайж хотын гудамжууд хүнээр хэрхэн дүүрч байгааг Баррент цонхоор харж байв. Хот тэр чигтээ баярын уур амьсгалтай болж, хөөрсөн олны нүргэлсэн уухайг хааяа нэг туяат бууны исгэрэх дуун л тасалдуулна.
Үд дунд болох үед мань Баррент баригдаагүй хэвээр. Цонхоор ахин нэг шагайхдаа дээвэр дээр гарах боломжтой байгааг хараад аргаа барсан үед зугтах гарцтай юм байна гэж сэтгэл хангалуун бодов.
Өдөр тийшээ нөгөөх Жей сэхээ орж эхлэв. Хүлээсээ тайлах гэж хэд тарвалзаж үзээд нэмэргүйг ойлгож ширээн доороо үргэлжлүүлэн тайван хэвтэв.
Үдэш болохыг даваан дээр нэг хүн хаалга тогшив.
-Ноён Жей, орж болох уу?
-Одоо завгүй байна гэж түшмэлийн хоолойг дуурайлган хэлэхдэ Баррент ер нь бол муугүй дуурайлаа шүү гэж бодоод амжив.
Хаалганы цаадах дуу:
-Ан авын статистикийг сонирхож магадгүй гэж бодоод гэв. –Одоогоор иргэд золиосны хорин гурван хүн алчихаад байна, ард нь 18 үлдсэн. Энэ бол өнгөрсөн жилийнхээс хавьгүй сайн үзүүлэлт шүү.
-Нээрээ тийм байна шүү гэж Баррент ч зөвшөөрөв.
-Муу усны шугам сүлжээнд нуугдах гэсэн хүмүүсийн тоо ердийнхөөрөө их байсан. Хэд хэдэн хүн гэртээ нуугдах гэж оролдсон. Бусдыг нь бид уламжлалт газруудаар хайж байгаа.
-Маш сайн байна гэж Баррент дэмжээд авав.
-Одоохондоо сэтлэн гарах гэсэн хүн гарсангүй гэж нөгөө хүн үргэлжлүүлэв.-Ан болсон хүмүүс ер нь энэ боломжийн тухай боддоггүй нь хачин шүү. Гэхдээ машин ашиглах хэрэг гарахгүй бидэнд л сайн хэрэг юм даа.
Энэ юун сэтлэлт яриад унав? Хаашаа сэтэлж гарч болдог юм бол? Тэр машинуудыг яаж ашигладаг болж таарах уу?
-Бид Их Тоглолтод оролцох хэд хэдэн хүнийг сонгож авсан юм аа. Та жагсаалтыг үзээд баталгаажуулаад өгөөч гэж нөгөө хүн нэмж хэлэв.
-Та өөрөө мэдээд шийдчих дээ гэж Баррент хариулав. Үүний дараагаар холдож байгаа хөлийн чимээ гараад намжив. Дэндүү удаан ярьчих шиг боллоо, их ярьдаг ч буруудлаа шүү гэж Баррент бодов. Ер нь байраа сольсон нь дээр юм шиг байна.
Ингэж бодож амжив уу үгүй юу хаалгыг маш хүчтэй балбах нь тэр.
-За?
-Эрлийн хороо байна гэсэн аргил дуу хадлаа.-Та наад хаалгаа онгойлгохгүй юу? Ан болсон хүн энд нуугдаж байна гэж бодох үндэслэл бидэнд байна.
-Шал дэмий юм ярих юм гэж Баррент хариуллаа.- Энэ бол төрийн албан газар. Орох хориотой байдаг юм.
-Орж болно оо гэж нөгөө аргил хоолой хэлэв.-Ан авын өдөр иргэд ямар ч байр, албан газар, байшинд орох эрхтэй байдаг юм. За алив онгойлгооч.
Хаалга цаанаас нь хүчтэй түлхэхийг арай ядан дааж тачигнан дуугарч эхлэхэд Баррент цаг хожихын тулд хаалга руу хоёр удаа буудчихаад цонхыг нээн дээвэр дээр гарав. Харин гарсан даруйдаа Тетрахидын байшингийн дээврүүдийг амиа аврахыг хүссэн хүмүүст зориулж барьсан гэмээр байдалтай байгааг шууд анзаарав. Яг ийм учраас дээвэр дээрээс бушуухан буух хэрэгтэй. Дээвэр дээр олон хүн байсан болохоор түүнийг хараад бүгд орилж, хашгирч эхлэв.
Баррент ч хөл мэдэн гүйлээ. Араас нь гүйцэж, хажуугаас нь бүсэлж харагдав. Хоёр байшингийн хоорондох таван фут хэртэй завсар дээгүүр харайлган цаад талд нь гарахдаа тэнцвэрээ алдалгүй тогтож чадлаа. Айдас нь мань хүнийг илүү эрч хүчтэй болгожээ . Энэ эрчээ алдалгүй арван минут хэртэй гүйж чадвал хөөж байгаа хүмүүсээс нэлээд хол тасрахаар байв. Тэгвэл ч доош бууж байгаад нуугдах газар олох цаг гарна.
Урд нь ахиад л байшин хоорондын таван фут хэртэй завсар. Баррент ямар ч эргэлзээгүй харайлаа. Цаад талд нь ч бууж чадлаа. Гэвч баруун хөл нь өмхөрсөн дээврийг цөмлөн гуяа хүртэл зоогдож орхих нь тэр. Налуу, гөлгөр дээвэр гараараа тулах боломж олгохгүй байсан болохор хөлөө сугалж чадсангүй.
-Нөгөөх чинь тэр байна.
Баррент дээврийн жижиг модон хаалтыг хоёр гараараа угз татав. Анчид буудаж болох зайнд ойртоод иржээ. Хөлөө сугалж гаргах үед мань хүнийг хялбархан онох нь мэдээж.
Анчид зэргэлдээ байшин дээр үзэгдэж эхлэхэд Баррент дээвэр дээр гурван фут хэртэй нүх гаргачихаад байсан ч өөр арга байхгүй байсан болохоор шууд доош үсэрлээ. Секунд хэртэй агаар дээр тогтоод ширээн дээр хоёр хөлөөрөө буухад ширээ ч зад үсэрч, шалан дээр өнхрөн унав. Хажууд нь хөгшин эмэгтэй сандал дээр байдгаараа чичирчихсэн сууж харагдав.
Дээвээр дээр Анчдын хөлчин чимээ түчигнээд ирэв. Баррент галын өрөө рүү гүйж ороод арын гарцаар гарав. Хоёр давхрын цонхоор нэг хүн түүнийг буудах нь тэр. Эргэн хараад дулааны буугаар өөрийг нь онилох гэж оролдох жаалыг олж харав. Аав нь гудамжинд ан хийхийг хориглосон бололтой.
Баррент ойролцоох гудамж руу эргээд танил харагдсан модот гудамж руу харайлгалаа. Мутантуудын хоорололд, Милагийн байшингаас холгүй яваагаа мань хүн ойлгов.
Хөөж яваа хүмүүсийн дуу ард нь гарав. Мань хүн Милагийн байшин руу ухасхийж, хаалгыг нь татвал онгорхой байх нь тэр.
Өрөөсөн нүдэт эр, халзан толгойтой хөгшин авгай, Мила гээд бүгд тэнд байв. Түүнийг орж ирэхийг хараад тэдний хэн нь ч гайхсангүй.
-Таныг сугалаагаар сонгожээ дээ гэж өвгөн ам нээв.-Бид ч тэгнэ байх гэж бодож байсан юм.
-Мила ус руу харж байхдаа хараа юу гэж Баррент асуув.
-Үгүй. Таныг ямаршуу хүн болохыг нь тооцоод үзвэл хэн ч гэсэн урьдчилан хэлэх байсан. Харин та бол өрөвдөх сэтгэлгүй хүн биш. Энэ бол Баррент таны сул тал юм гэж өвгөн хариулав.
Давуу эрхтэй иргэнтэй харьцахдаа гаргавал зохих хүндэтгэлийн хэлбэрийг өвгөн хэрэглэхгүй байсан бөгөөд яагаад гэдэг нь ч ойлгомжтой.
-Жил болгон л ийм юм болдог юм гэж өвгөн үргэлжлүүлэв.- Буу нь бүтэн тонн хүнд болсон аятай өргөж ч дийлэхгүй болтлоо цуцсан хичнээн олон сайхан залуу энэ өрөөнд амиа алдаж байсныг хэлбэл та л лав гайхна даа. Бүгд л биднээс тусламж хүсч байсан ч мутантууд таагүй зүйлтэй орооцолдохгүй байхыг хичээдэг юм шүү дээ.
-Дем чи дуугуй болж үз гэж хөгшин эмэгтэй яриаг нь таслав.
Өвгөн ер тоосон шинжгүй:
-Гэхдээ энэ удаад бид танд туслах ёстой боллоо. Мила тэгэж шийдсэн юм гэж хэлээд өрөвдөж бас доромжилсон янзтай мушилзав.-Би ээжтэй нь хамт бодлоо өөрчлөөч ээ гэж цаадахыг чинь ятгаад дийлсэнгүй, гөжчихсөн. Харин бидний дотроос тэр л ганцаараа скренндэж чаддаг болохоор хүссэнээр нь л хийх хэрэг болж.
Мила:
-Бид танд туслалаа ч гэсэн Ан авыг амьд давж гарна гэх боломж танд маш бага шүү гэв.
-Намайг алчихвал таны зөгнөн хэлсэн зүйл яах болж байна гэж Баррент сонирхов.-Намайг хэдэн хэсэг болон зад үсэрсэн өөрийнхөө цогцсыг харж байгаагаар харсан гэдгээ та санаж байгаа биз дээ?
-Санаж байна аа гэж Мила зөвшөөрөв.-Гэхдээ таны үхэл миний зөгнөн хэлсэн зүйлтэй ер зөрчилдөхгүй. Яагаад гэвэл таныг үхвэл миний хэлсэн зүйл таны дараагийн төрөлд чинь биеэллээ олно.
Ийм үг Баррентийг тайвшруулсангүй.
-Би тэгээд яах вэ?
Өвгөн хариуд нь түүнд тамтаг болсон ноорхой хувцас сарвайв.
-Үүнийг өмсчих, харин би царайг чинь өөрчилье. Тэгээд найз минь та мутанд болно доо.
Тун удалгүй хуучирч гундсан хувцасны тамтаг өмссөн Баррент гудамжинд гарав. Хувцсан доороо нэг гараараа буугаа чанга атгаж, нөгөө гартаа гуйлга гуйх аяга барьжээ. Хамар нь бараг л чихээ хүрэн далбалзаж, духан дээр нь аймшигтай гүн үрчлээ харагдана. Анчдын тавьсан тэмдийг далдалсан нь тэр.
Анчдын хэсэг хажуугаар нь хурдлан гарахдаа зэрвэс харц чулуудсан болоод өнгөрлөө. Мань Баррентийн сэтгэл нь бага зэрэг уужрах шиг болов. Усны толио шиг жирэлзэх нарны сүүлийн туяа тэнгэрийн хаяны цаагуур оров. Шөнө бүр ч илүү давуу талыг мань хүнд өгөх болохоор үүр цайтал тэсэх боломж байв. Дараа нь Их Тоглолт гэгч зүйл бас байсан ч Баррент түүнд оролцох хүсэл ер байсангүй. Нүүр хувиргалт нь түүнийг хотын оршин суугчдаас хамгаалж чадах л юм бол яаж баригдахгүй байхаа мань хүн сайн мэднэ.
Харин Их тоглолтыг дууссаны дараа ахиад олны дунд үзэгдэж болох юм. Ан авын дараа амьд үлдэж, Их тоглолтоос бултаж чадвал мань хүнийг тун ч онцгой шагнахгүй гэх газаргүй. Ийм нарийн аргаар, амжилттайгаар хууль зөрчсөн хүнийг заавал зохих ёсоор шагнах л ёстой доо.
Ахиад өөр хэсэг Анчид ойртож явааг Баррент олж харав. Таван хүний нэг нь Алуурчны шинэхэн дүрэмт хувцас нь тун их зохиж, бардам харагдах Тем Ренд байлаа.
Анчдын нэг нь:
-Хөөе, чи. Ан болсон хүмүүсийг олж хараагүй биз?гэж асуув.
Баррент буугаа ноорхой хувцсан доороо чанга атгаж байгаад ихэд хүндлэнгүй байдалтайгаар мэхийн ёслоод:
-Иргэн танд хэлэхэд би олж хараагүй гэв.
-Наадахдаа итгээд хэрэггүй ээ. Муусайн мутантууд дандаа худал ярьж байдаг юм.
Анчид цааш явж өнгөрсөн ч Тем Ренд хажууд нь үлджээ.
-Ан болсон хүнийг ер олж хараагүй гэдэгтээ чи итгэлтэй байна уу?
-Иргэн танд хариулахад үнэхээр итгэтэй байна гэж Баррент хариулах зуураа Ренд өөрийг нь таньсан эсэхийг мэдэхгүй л байлаа. Түүнийг алах хүсэл мань хүнд байсангүйн дээр Ренд итгэмээргүй хурдан хөдөлдөг болохоор алж чадна гэдэгтээ итгэлтэй байсангүй.
-Чи хэрэв Ан болсон хүнийг олж харвал мутант болж нүүрээ хувиргаад дэмий гээд хэлчихээрэй гэж Ренд хэлэв.
-Яагаад тэр билээ?
-Тийм аргаар удаан тэсдэггүй юм гэж Тем тайван аясаар хэлэв.-Их бодож л цаг болно. Дараа нь мэдээлэгч олоод мэдчихдэг юм. Хэрэв би Ан байсан бол мутантын дүрийг бас ашиглаж болох байсан ч зөвхөн Тетрахидээс гарах гэж ашиглах байсан даа.
-Тийм үү?
-Жил болгон цөөн тооны Золионы хүн уул руу зугтаж гардаг юм. Засгийн газар үүнийг мэддэг ч гэлээ хэлдэггүй болохоор дийлэнх иргэд ч мэддэггүй юм. Харин Алуурчдын мэргэжлийн холбоонд хэзээ нэгэн цагт ашиглаж байсан бүх л төрлийн ов мэхийн бүрэн бүртгэлтэй байдаг.
-Бодууштай л юм гэж Баррент хэллээ. Ренд өөрийг нь таньчихаж гэдгийг мань хүн ойлголоо. Тем сайн хөрш, тааруухан Алуурчин байжээ.
-Хотоос гарна гэдэг амаргүй нь мэдээж гэж Тем нэмж хэллээ.-Тэгээд ч хотоос гарлаа гээд аврагдлаа гэж бодох хэрэггүй. Анчдын тусгай эргүүл гэж бий. Бас түүнээс долоон доор нэг юм...
Тем гэнэт дуугаа хураав. Анчдын нөгөө бүлэг тэдэн рүү ойртож харагдлаа. Ренд толгой дохичихоод өөрийн бүлэгтээ нийлэхээр гүйв.
Анчдыг явж өнгөрсний дараагаар Баррент нуруу тэнийлгэн өндийв. Тем түүнд үнэхээр хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Омегагийн ууланд амьдарна гэдэг амаргүй ч үхлээс л ямар ч байсан дээр.
Эргүүл байж болох юм гэж мань хүн өөрөө ч таамаглаж байсан. Харин бүр таагүй зүйлийн тухай Ренд хэлсэн.
Тэр нь юу юм бол? Уулчин анчдын тусгай хэсэг юм бол уу? Омегагийн таахын аргагүй цаг агаар уу? Үхлийн аюултай амьтад, ургамал юм бол уу? Ренд үгээ дуусгаад хэлчихсэн ч болоосой.
17
Хаалганы хамгаалагчид элдэв түвэг удсангүй. Ууланд бүгж аврагдах гэсэн мутантууд маш олноороо хотыг орхин явж байсан тул мань Баррент нэг хэсэгт нь нийлээд авлаа.
Тетрахидээс нэг бээр хэртэй холдсоны дараагаар мутантуут зогсож, хоноглох болоход Баррент салж цааш явсаар шөнө дундын үед уулын асгат энгэр өөд мацаж эхэллээ. Өлсөж байсан ч уулын хүйтэн, цэнгэг агаар тамир өгч байв.
Дуу шуу ихтэй анчдын хэсгийг Баррент алсаас олж сонсоод харанхуйд ядах юмгүй бултан нуугдаж, дээш мацсаар. Удалгүй хад асган дунд салхины тасралтгүй улих чимээг эс тооцвол нам гүм болов. Үүр цайтал гурван цаг орчим үлджээ.
Үүр цайхын өмнөхөн бороо дусалж эхлээд удалгүй хүйтэн шаагиж эхэлсэн ч Омегагийн цаг агаар ийм л байдаг хойно тоосонгүй. Тэнгэр дуугарч цахилгаан цахилан, чөмөг царцам хүйтэн салхи үлээх ч нэгэнт дасал болчихож. Чийг хүйтэнд дагжин чичирсэн Баррент жижигхэн агуйн мухарт шигдээд уулын энгэрийг ажиглаж байлаа. Гэнэт цахих цахилгааны гэрэлд хөдлөн урагшилж байгаа нэг зүйл олж харах нь тэр.
Мань хүн буугаа буудахад бэлэн бариад босч харвал аянгын ээлжит гялбаан дунд улаан ногоон гэрэл анивчуулсан гялалзах төмөр их бие, чулуунаас дэгээдэх олон төмөр тэмтрүүлийг олж харлаа.
Шударга ёсны ордонд Баррент яг ийм машинтай тулалдаж байсан билээ. Ренд ямар аюулын тухай хэлэх гээд байсныг мань хүн одоо ойлголоо. Макс ч энэ удаад боломжийг тэнцүүлэхийн тулд аллагын зэмсэгээ тохиолдлын журмаар сонгохгүй, хүлээж сэхэл бас авахуулахгүй.
Буудаж үзвэл зүүн туяа нь машины хуягласан духнаас ойхыг хараад Баррент агуйгаасаа гарч бүр дээшээ мацаж эхэллээ.
Машин яг л анч нохой аятай мань хүнийг уйгагүй хөөнө. Янз нь нүүрэнд нь түрхсэн арилдаггүй будагны үнэрийг аваад байгаа болотой. Самбаачилж байгаад дээрээс нь чулуу нурааж үзсэн ч Макс өнхрөх чулуунаас ядах юмгүй бултаж орхив.
Баррент мацсаар авирах боломжгүй огцом хаданд тулах нь тэр. Цааш явах газаргүй болжээ. Машиныг өөрт нь бараг тулаад ирэх үед мань хүн буугаа онилон гохоо дарав.
Макс үл мэдэг ганхсан болоод бууг нь цохиж унаган тэмтрүүлээ чулуудаж, Баррентийн хоолойг ороогоод авав. Баррент нь ухаан алдаж эхэллээ. Ухаан алдах зуур мань хүн энэ тэмтрүүл нь хүзүүг нь хуга мушгих болов уу, эсвэл зүгээр боож алах юм бол уу гэж сонирхоод амжив.
Тэгтэл машин гэнэт зогтусан хойш ухрав. Үүр цайн нарын сааралтсан туяа машины ардаас татахыг Баррент олж харах нь тэр.
Мань хүн Ан авыг амьд давж чаджээ. Гэвч Макс түүнийг сулласангүй Анчдыг ирэх хүртэл хадны дэргэд барьж хүлээв.
Нөгөөдүүл нь Баррентыг Тетрахид руу авч очиход цугласан хүмүүс хар хүчээрээ алга ташин уухайлсаар баяр хүргэж байлаа. Баррент болон амьд үлдсэн өөр дөрвөн хүнийг хоёр цаг гаруй цугласан олны дундуур авч яван хүндлэл үзүүлсний дараагаар Шагналын хороон дээр аваачихад хорооны тэргүүлэгч эр тэдний гаргасан эр зориг, самбаа хүчийг магтсан хэдэн үг хэлэв. Тэд нарт Хажи нарын зэрэг олгоод зиндааг нь илэрхийсэн жижигхэн алтан ээмэг гардуулав.
Үүний дараагаар хорооны тэргүүлэгч эр шинэхэн Хажи нарт хандан Их тоглолтонд зоволгүй хурдан үхэхийг ерөөх нь тэр.
18
Харуулууд Баррентийг Шагналын хорооноос гарган хорих өрөөнд оруулаад тайван хүлээхийг зөвлөн үлдээв. Тоглолт нэгэнт эхэлчихсэн болохоор удахгүй ээлж нь ирэх аж.
Гурван хүний өрөөнд есөн хүн чихжээ. Ихэнх нь тавилантайгаа эвлэрч, дуугаа хураан гөлөрсөн чигтээ сууж, эсвэл хэвтэцгээнэ. Гэвч нэг ч хүнд сэтгэлээр унасан шинж ер алга байх юм. Тэр хүн зүтгэсээр Баррентийн хажууд ирэв.
-Жо юу даа.
Зээлийн хулгайч жижигхэн эр дүрээрээ инээмсэглэн зогсож байв.
-Уулзахад тийм ч таатай газар энэ лав биш дэг ээ Уилл минь.
-Чи энд юу хийж байдаг билээ?
-Улс төр гэдэг нь Омега дээр, ялангуяа Их тоглолтын үеэр тун ч ярвигтай зүйл байдаг юм байна гэж Жо хариулав.-Аюулгүй үлдэх талаар бодож байсан ч.. гээд тэр мөрөө хавчив.-Намайг өнөө өглөө сонгочихлоо.
-Эндээс мултрах боломж бий юу?
-Боломжгүй юм гэж байхгүй. Гэхдээ найдахгүй байсан нь дээр.
-Энэ Их тоглолт гэж ямаршуу юм байдаг юм бэ?гэж Баррент асуув.
-Ямаршуу байж болохоор байна яг тийм юм байгаа даа гэж Жо тайван хариуллаа.-Халз тулаан, араатнуудтай алалцах энэ тэр гээд...
-Эндээс хүн амьд гарвал хуулиас ангид болдог гэсэн үү? гэж Баррент асуув.
-Тэгдэг.
-Хуулиас ангид болно гэдэг чинь яана гэсэн үг вэ?
-Ёстой бүү мэд гэж Жо үнэнээ хэлэв.-Мэддэг хүн нэг ч байдаггүй юм шиг байна лээ. Амьд үлдсэн хүнийг Агуу их Харанхуй ирж авдаг гэдгийг л олж мэдсэн. Тэр ч ямар ч байсан сайхан зүйл биш дэг ээ.
-Тэр ч тийм байх шүү. Ер нь Омега дээр сайхан зүйл бага даа.
-Харин муугүй газар шүү дээ Уилл минь. Чамд энд байх сэтгэл...
Харуулын салааны дарга гарч ирээд түүний үгийг тасалж орхив. Өрөөнд хоригдсон хүмүүсийн Тоглолтын талбай дээр гарах цаг болсон нь тэр байв.
-Өршөөл байдаггүй дээ гэж Баррент хэлэв.
Жо:
-Одоо яая гэх вэ дээ гээд санаа алдлаа.
Талбай руу гаргадаг хаалгыг Хамгаалтын ахмад онгойлгохын өмнө гартаа барьсан цаасаараа далласан тарган, сайн хувцастай эр хонгилд гараад ирэв.
-Наадах чинь юу юм бэ гэж харуулын дарга асуулаа.
Нөгөө бүдүүн эр ахмадад цаасаа гардуулж, халааснаасаа нэмж баахан цаас гаргаж ирэх зуураа:
-Иргэний үнэмлэх. Харин энэ бол болиулах эрхийн бичиг, эдлэх эрхийн жагсаалт, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бичиг, орлогын мэдүүлэг.
Ахмад дуулгаа авч байгаад хавчиг духаа гайхсан байртай хэсэг маажив.
-Энэ чинь тэгээд юу гэсэн үг вэ?
Бүдүүн эр Жог хуруугаараа заан:
-Энэ хүн эрх чөлөөтэй болж байгаа юм гэж мэдэгдэв.
Ахмад олон цаасыг авч, гайхсан байртай эргүүлж тойруулан харснаа бүдүүн эрд буцааж өгөв.
-За за тийм бол аваад яв даа. Урьд нь ийм юм ер болж байгаагүй л юм даа. Их Тоглолтын уламжлалт явцад юу ч саад болдоггүй байсан.
Жо ялагчийн байдалтайгаар байдгаараа маасайн хамгаалагч нарын эгнээг нэвтлэн өмгөөлөгч эрд дөхөж очоод:
-Уилл Баррентийн нэр дээр бичиг баримт байхгүй биз гэж асуулаа.
-Алга гэж өмгөөлөгч хариулав.-Надад хэргийг нь өгөөгүй л дээ. Тоглолт дуусах хүртэл учрыг нь олж амжихгүй л болов уу гэж эмээж байна.
-Тэр болтол би ч үхчихэлгүй дээ гэж Баррент хэллээ.
-Үхэл таны хэргийг авч үзэх явцад огтхон ч нөлөөлөхгүй гэдгийг итгэлтэйгээр хэлье гэж өмгөөлөгч ир ихэмсэг байдлаар мэдэгдлээ.-Үхсэн, амьд ямар ч байлаа гэсэн та бүх эрхээ хадгалан үлдэнэ.
-За явах цаг боллоо гэж ахмад хэлэв.
Жо:
-Амжилт хүсье гэж хэлэхэд хоригдлуудын эгнээ төмөр хаалгаар орон хурц гэрэлд умбасан Их Тоглолтын талбай дээр гарч ирлээ.
Хоригдлуудын дөрөвний нэг нь амиа алдсан ирүүл тулааныг Баррент давж гарч чадлаа. Дараагаар нь тэднийг сэлмээр зэвсэглэж байгаад Омегагийн үхлийн аюултай амьтадтай тулалд гэж талбай дээр хөөн гаргав. Өрнөдийн уулсад амьдардаг саунс нэртэй нисдэг гүрвэлтэй Баррент тулах болов. Аймшигтай дүр төрхтэй хорт гүрвэл эхэндээ мань хүн рүү хүчтэй довтлов. Гэвч манай хүн саунусын хуягласан арьсыг нэвт хатгах гэх нь дэмий юм байна гэдгийг ойлгоод сүүлийг нь таслахад бүх анхаарлаа төвлөрүүллээ. Тэгсээр сүүлийг нь таслахад гүрвэл тэнцвэрээ алдан үзэгчдийн суудлыг тусгаарласан өндөр ханыг мөргөж, цорын ганц аймшигтай том нүдийг нь цоо хатгах эцсийн цохилт хийхэд нэг их сүртэй эсэргүүцэл үзүүлсэнгүй. Цугласан хүмүүс Баррентийн ялалтыг дэмжин уухайлан угтаж авлаа. Мань хүн нөөцийн хүн суудаг жижиг амбаарт ороод бусад тулааныг харж байв.
Талбайг удалгүй цэвэрлэж дууслаа. Дараа нь талбай дээр нь эвэрлэг хуяагтай матартай адил хоёр нутагтнууд мөлхөн гарч ирлээ. Хэдий удаан хөдөлгөөнтэй ч эдгээр араатнуудад бараг л ямар нэг эмзэг газар гэхээр юмгүйн дээр ойртож зүрхэлсэн хэнийг ч шөвөг шиг хурц үзүүртэй сүүл нь үхлийн аюулаар заналхийлэх аж. Өмнө нь гарсан дөрвөн хүнийг цааш нь харуулсан ийм нэгэн араатантай тулалдахаас өөр арга Баррентад үлдсэнгүй.
Өмнөх тулаануудыг харж байхдаа араатны хурц сүүл хүрдэггүй нэг газар байгааг Баррент олж мэджээ. Ингээд Баррент боломжийг анаж байгаад араатны өргөн нуруун дээр үсрэн гараад, эвэрлэг хуяг нь нээгдэн аймшигтай том ам нь нээгдэхэд тийшээ нь сэлмээ дүрж орхилоо.
Баррент ялжээ. Мань хүн цусанд будагдсан элсэн дээр ганцаар зогсоно. Их Тоглолтын бусад оролцогчид нэгэнт үхжээ. Их тоглолтын хороо дараагийн удаад ямар гээч шинэ дайсныг сонгохыг Баррент хүлээж байв.
Элсэн дээр нэг үр, дараа нь ахиад нэг үр унав. Ганцхан агшны дараа гэхэд Их тоглолтын талбай дээр шинэ шинэ мөчир ургуулж, үндсээ хаялж үхсэн амьд ямар ч амьтныг голыг нь тойрон баярлах ам болсон нүх рүүгээ чирэн оруулсан намхан, бүдүүн мод ургаад гараад ирэх нь тэр. Энэ бол маш ховор бөгөөд зөөж тээвэрлэхэд нэн хэцүү ургамал бөгөөд нэр нь каррион. Каррионыг дарь шиг пир хийн асч шатдаг гэлцдэг ч Баррентэд гал байсангүй.
Баррент сэлмээ хоёр гардан атгаж байгаад каррионы мөчрүүдийг баруун солгойгүй цавчиж байсан ч таслуусан даруйд оронд нь өөр нэг ургаж байлаа. Энэ модыг устгах боломжгүй юм гэж санагдмаар байв.
Найдвар төрүүлсэн цорын ганц зүйл бол ургамлын хөдөлгөөн удаан. Ямар ч л байсан хүний хурд самбаатай зүйрлэхээргүй удаан. Өөрийг нь ороон авсан мөчрийн дундаас Баррент мултран гараад, хориод футын цаана талдаа хүртэл элсэнд булуулчихсан хэвтэх өөр нэг сэлмийг авахаар ухасхийлээ. Сэлмийг шүүрэн авахдаа цугласан олон анхааруулан дуу алдахыг сонсоод харвал нэг мөчир хөлийг ороохоор урагшилж байв.
Баррент тэр мөчрийг тас цавчсан ч өөр нэг мөчир их биеэр нь ороогоод авав. Мань хүн оч гаргах санаатай хоёр гараа өргөж байгаад хоёр сэлмийг хооронд нь харшуулж үзэв. Гэтэл баруун гарт нь байсан сэлэм хугарч орхилоо.
Баррент бууж өгсөнгүй хугархайнуудыг хооронд нь харшуулсаар байв. Тэгсээр жингэнэн дуугарах илднүүдээс оч бут үсрэн гарах нь дэр. Очны нэг нь модны навчийг шүргэн унав.
Тэр даруй мод санаанд багтамгүй их хурдаар дүрсхийн асах нь тэр. Аймшигтай таван аманд галын дөл хүрэхэд байдгаараа ангалзаж байгаад үрчийн атирлаа.
Тоглолтын талбар бараг тэр аяараа мөчрөөр дүүрчихсэн байсан болохоор Баррент гарцаагүй шатаж үхэх байлаа. Гэвч түймэр модон хананд авалцаж магадгүй байсан болохоор галыг унтрааснаар үзэгчид болон Баррент аврагдлаа.
Хөл дээрээ арай ядан тогтох Баррент ээлжит дайснаа хүлээн Их Тоглолтын талбар дээр зогсож байлаа. Хугацаа өнгөрсөөр авч юу ч болсонгүй. Удалгүй үзэгчдийн суудлын дээгүүр дохио хангинан дуугарахад цугласан олон хар чадлаараа орилолдон уухайлж гарлаа.
Их Тоглолт дууссан нь тэр ажээ. Баррент амьд үлдэж чадав.
Гэвч цугласан олон тарах гэж яарсангүй. Хуулиас ангид болсон хүн яадгийг үзэгчид мэдэхийг хүсч байлаа.
Цугласан олон гэнэт уулга алдав. Тэр даруй Баррент эргэн хараад агаарт гэнэт бий болсон маш тод гэрлийн толбыг олж харав. Тэр толбо нүд сохлом хурц туяа цацруулж харсаар байтал томорч эхлэв. Үүнийг харсан Баррент нэгэн удаа Ингмар авга ахын хэлж байсныг санав: “Агуу их Харанхуй нь заримдаа гал агуулсан асар аймшигтай биеэ харуулан гарч ирж бидэнд урам хайрладаг. Нээрээ шүү Зээ минь. Түүнийг харах аз надад хоёр ч удаа таарч байсан юм. Хоёр жилийн өмнө Их тоглолтын үеэр гарч ирсэн, бас түүний урд жил гарч ирж байсан ...”.
Гэрэлт толбо нь газар бараг шүргэн алдан агаарт тогтох хориод фут орчим диаметртэй улбар шар өнгийн бөмбөлөг болон хувирчээ. Бөмбөлөг нь төв хэсгээрээ нарийсаж эхлэхтэйгээ зэрэгцэн үргэлжлүүлэн томорсоор. Дээд хэсэг нь хар өнгөтэй болов. Ингэсээр хоорондоо нарийхан бэлхүүсээр холбоотой нүд сохлом хурц гэрэлтэй нэг, тас харанхуй бас нэг гэсэн хоёр бөмбөлөг бий болов. Дээд талынх нь сунаж урагшилж эхэлснээр эврэн титэмтэй Агуу Их Харанхуйн толгой болж хувирав.
Баррент зугтах гэж оролдсон боловч аварга том хар толгойт дүрс түүнийг гүйцэн залгиж орхилоо. Гэрэл ба харанхуй хоорондоо холилдон манас хийв. Мань Баррент хар чадлаараа орилсноо ухаан алдаж орхих нь тэр.
19
Бүдэг гэрэлтэй өрөөнд Баррент ухаан орлоо. Тэрээр орон дээр хэвтэж байв. Хажууд нь харин хоёр хүн маргах дуу гарна.
-Бидэнд цаг байхгүй байна шүү дээ. Чи ямаршуу эгзэгтэй байдал үүсээд байгааг ойлгохгүй байна гэж нэг эрэгтэй хүн уурлана.
-Багаар бодож гурван хоног тайван байлгах хэрэгтэй гэж эмч хэлсэн гэх эмэгтэй хүний дуу гарахад тэр дуу нь Моэрагийн дуу болохыг Баррент гэнэт ойлголоо.
-Гурван хоног болох л юм.
-Сургалтын хугацаа яах бол?
-Чи өөрөө л наадахыгаа их ухаалаг, юм сурахдаа хурдан гэж хэлсэн шүү дээ.
-Цөөнгүй долоо хоног шаардлагатай болно.
-Тэгэх хугацаа байхгүй. Хөлөг зургаан өдрийн дараа бууна.
-Эйлан чи хэтэрхий яарч байна гэж Моэра хэлэв.-Энэ удаагийнхад бид амжихгүй. Харин дараагийн Газардалтын өдөр болоход бид хамаагүй илүү бэлтгэлтэй байх болно.
-Тэр үед байдал хэдийн хяналтаас гарна гэж эрэгтэй хүн зөрөв.-Бид Баррентийг нэн даруй ашиглах ёстой, үгүй бол ашиглах хэрэг ер гарахгүй.
Баррент наалдсан уруулаа хүчлэн салгав.
-Юуны тулд ашиглах гэж? Би хаана байна? Та юун хүн билээ?
Нөгөө эрэгтэй хүн ор руу эргэж суулаа. Өндөр туранхай, ахимаг насны хүн байгааг бүдэг гэрэлд Баррент олж харав.
-Ашгүй та ухаан орчихлоо. Намайг Свен Эйлан гэдэг. Би Бүлэг Хоёрын дарга байна гэж нөгөө хүн хэллээ.
-Бүлэг Хоёр гэж юу юм бэ? гэж Баррент асуув.-Намайг Их Тоглолтын талбараас яаж авч гарав? Та нар Агуу их Харанхуйн төлөөлөгчид үү?
Эйлан инээмсэглэв.
-Яг ч тийм биш л дээ. Бид бүгдийг тайлбарлаж өгнө өө. Гэхдээ эхлээд та жаал юм идэх хэрэгтэй байх гэж санагдаж байна.
Сувилагч хоол өрсөн тавиур авчирч өглөө. Баррентийг юм идэж байх хооронд Эйлан хажууд нь сандал дээр тухалж аваад Агуу их Харанхуйн тухай ярьж өглөө.
-Манай Бүлэг Агуу Их Харанхуйн шашны үндсийг тавьсан гэж хэлэхгүй. Гэхдээ энэ боломжийг ашиглахгүй бол нүгэл болох байлаа. Муу ёрыг шүтдэг хүмүүс авилгыг нааштайгаар хүлээж авдаг болохоор лам нар бидний саналыг их уриалгахан хүлэж авсан юм. Тиймээс хуурамч Агуу их Харанхуй гарч ирнэ гэдэг Омегагийн лам нарын хувьд нүгэл болохгүй. Харин ч эсрэгээрээ юм болж эгэл жирийн сүсэгтнүүдэд ийм дүр зураг маш хүчтэй нөлөө үзүүлдэг, ялангуяа чамайг залгидаг тэр аймшигтай том зүйл мэтийн юм.
-Та нар яаж тийм юм хийсэн юм бэ гэж Баррент сонирхлоо.
-Хүчний орон зай, чичиргээт гадаргуу ч билүү юу ч билээ. Инженерүүдээс л асуух хэрэгтэй байх.
-Намайг яагаад аврсан юм бэ?гэж Баррент асуув.
Эйлан Моэра руу харав. Бүсгүй харин шууд л мөрөө хавчихад Эйлан нэлээн ичингүйрсэн байртай үргэлжлүүлэв:
-Танд маш чухал ажил даалгах гэсэн юм. Гэхдээ та одоо бол манай байгууллагын тухай аль болох ихийг олж мэдэх гээд тэсэж ядаж байгаа байх, тийм үү?
-Тэгэхээр барах уу? гэж Баррент хэлэв.-Та нар тэгэхээр эрүүгийн элит юм шиг байна тийм үү?
-Бид элит мөн ч гэлээ өөрсдийгөө гэмт хэрэгтнүүд гэж боддогүй юм гэж Эйлан хариулав.-Омега руу хоёр тэс өөр төрлийн хүмүүсийг цөлдөг юм. Хүн амины хэрэг хийсэн, хүчирхийлэл үйлдсэн, зэвсэгт дээрэм, танхай хэрэгтэй жинхэнэ хэрэгтнүүд гэж байна. Бас улс төрийн сөрөг хүчинд хамаарагдсан, шинжлэх ухааны хэт хуучинсаг үзлийг сэргээсэн, шашингүйн үзэлтэй гэх мэт зүйлсээр буруутгагдаж яллагдсан өөр хүмүүс гэж байна. Яг ийм хүмүүс л манай байгууллагыг бүрдүүлдэг бөгөөд нууцлах зорилгоор бид Бүлэг Хоёр гэж нэрлэсэн юм. Бидний хийсэн хэрэг гэвэл Дэлхий дээр ноёрхож байдгаас өөр үзэл бодолтой байсан төдий. Бид нэгэнт тогтсон системд аюул учруулж болохуйц найдваргүй элементүүд байсан юм. Тэгээд л биднийг Омега руу цөлсөн хэрэг.
-Тэгээд энд ирээд өөрсдийгөө тусгаарласан гэж Баррент үгийг нь дуусгав.
-Тийм ээ, зайлшгүй шаардлагын улмаас. Бүлэг Нэгийн жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг хянах боломжгүй гэсэн нэг зүйл байна. Бид тэднийг уриалан дагуулж явж болохгүй. Бас бид тэднээр удирдуулж яав ч болохгүй. Гэхдээ хамгийн чухал нь бид үйл ажиллагаагаа нууцлан, далдалж байх ёстой. Хамгаалалтын сансрын хөлгүүд ажиглалтын ямар ч төхөөрөмжөөр тоноглогдсон юм билээ, бид мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор газар доор байрлах болсон. Моэра шиг улс төрийн гэмт хэрэгтнүүдийг элсүүлж байдаг тусгай ажилтнууд гадаргуутай холбоо барьж байдаг юм.
-Би бол та нарт тохироогүй тийм үү гэж Баррент хэлэв.
-Мэдээж тохироогүй. Та хүн амины хэрэгтэй байсан болохоор шууд л Бүлэг Нэгт багтсан. Гэвч таны зан байдал жирийн бус байсан болохоор бид танд хааяа нэг тусалж байсан. Гэхдээ бүрэн итгэлтэй болохоос нааш таныг хүлээн авч бас чадахгүй байлаа. Аллага хийхээс үндэслэлгүйгээр татгалздаг байдал чинь таныг нааштайгаар тодорхойлж өгсөн. Тэгээд бид Иллиардыг олж уулзаад таныг буруутгаж байсан тэр хэргийг үнэхээр үйлдсэн гэдэгт итгэсэн. Харин таныг авах болсон хамгийн том давуу тал бол амьд гарах асар өндөр чадвар чинь байсан юм. Тань шиг чадвартай хүн бидэнд маш их хэрэгтэй байгаа.
-Даалгавар чинь ямар утгатай юм бэ? гэж Баррент асуув.-Ямар зорилгод хүрэхийг хүсч байгаа юм бэ?
-Бид Дэлхий рүү эргэж очихыг хүсч байгаа юм гэж Эйлан хариулав.
-Наадах чинь боломжгүй.
-Энэ асуудлыг бид бүх талаас нь сайтар бодож үзээд хамгаалалтын сансрын хөлгийг үл харгалзан Дэлхий рүү эргэж очих боломжтой гэж тооцож байгаа. Янз нь зургаан өдрийн дараа бид ийм оролдлого хийж чадах юм шиг байна.
-Хагас жил хүлээсэн нь дээр дээ гэж Моэра саналаа хэлэв.
-Зургаан сар хүлээнэ гэдэг үхсэнтэй адил. Нийгэм болгон өөрийн зорилготой байдаг бол Омегагийн эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн хүн ам нь өөрсдийгөө устгахыг чармайж байна. Баррент та гайхсан харагдаж байх чинь?
-Би энэ талаар ер бодож байгаагүй юм байна гэж Баррент үнэнээ хэлэв.-Тэгээд ч би өөрөө тэр нийгмийн чинь нэг хэсэг байсан юм шүү дээ.
-За тэгвэл та бодоод үз. Бүх зүйл аллагыг тойрон эргэлдэж байна.Баяр ёслол нь олон хүн алах шалтаг төдий зүйл. Гэмт хэргийн гаралтыг зохицуулж байдаг хууль нь хүртэл гацаад эхэлсэн байгаа. Бид эмх замбараагүй, хөл толгой нь олдохгүй байдлын ирмэг дээр амьдарч байна. Хаана ч аюулгүй байх боломжгүй. Амьд явахыг хүсч байгаа бол хүн ал. Зиндаа ахих цорын ганц боломж бол хүн алах. Аль болох олон хүн алаад л алаад л байх нь цорын ганц аюулгүй зүйл.
-Чи арай хэтрүүлж байна шүү гэж Моэра хэлэв.
-Огтхон ч үгүй. Гэмт хэргийн тоог хязгаарлагч болоод байгаа зүйл нь хуурамч. Ёс төдий зүйлс. Ялзарч, сөнөж байгаа нийгэм болгон сүүлийн мөч хүртлээ ёс төртэй байдлын дүр эсгэж байдаг юм. Харин Омегагийн нийгмийн төгсгөл ойртсоор байна.
-Хэр тэсэх бол? гэж Баррент асуув.
-Хэдхэн сарын л хэрэг. Бүгдийг өөрчлөх цорын ганц арга бол өөр зам олох.
-Дэлхий гэж Баррент хэлэв.
-Дэлхий. Ийм учраас л бид нэн даруй оролдоод үзэх хэрэгтэй болчихоод байгаа юм.
-Ойлгохгүй олон зүйл надад байгаа ч гэлээ би та нарын талд байна, тэгээд ямар ч экспедицийн бүрэлдэхүүнд ороход бэлэн.
Эйланы царай ахиад хувираад ирэв.
-Би зарим зүйлсийг сайн тайлбарлаж чадаагүй бололтой гэж тэр хэллээ. Тэр экспедиц гэдэг чинь та юм шүү дээ Баррент. Та, зөвхөн та ганцаараа. Таныг айлгасан бол намайг өршөөгөөрэй.
20
Бүлэг Хоёрыг бүрдүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь харих тал руу болчихсон байсан нь хамгийн том сул тал нь байлаа. Байгууллагад мэдээж залуучууд байсан. Гэвч тэд хүчирхийллийн ертөнцтэй тун бага харьцдаг. Газар доорх хамгаалалтанд сууж байдаг болохоор тэд уур хилэнд автан зүүн туяат буугаар хэзээ ч буудаж байгаагүй, амьд гарахын тулд хэзээ ч зугтаж байгаагүй, амь өрссөн байдалд хэзээ ч орж байгаагүй. Ийм туршлагыг ямар ч эр зоригоор орлуулах боломжгүй юм. Тэд Дэлхий рүү хийх экспедицид дуртайяа орох байсан ч амжилтанд хүрэх боломж нь бараг л тэгтэй тэнцүү байв.
-Тэгвэл намай чадна гэж та бодож байгаа юм уу гэж Баррент асуув.
-Чадна байх гэж бодож байна. Таны нас залуу, хүчтэй, ухаалаг, олон талын мэдлэгтэй, зоригтой, сэргэлэн. Амжилтанд хүрч чадах хүн гэж байгаа л юм бол тэр нь та.
-Гэхдээ яагаад ганцаараа гэж?
-Яагаад гэвэл бүлэг илгээх нь утгагүй хэрэг. Илэрч баригдах магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг. Харин та нэвтэрч чадвал бидний дайсны тухай маш үнэ цэнэтэй мэдээлэл авчирна. Хэрэв та чадалгүй, бүтэлгүйтэж баригдвал таны оролдлогыг ганц хүний аз сорьсон хэрэг төдий зүйл гэж бодно. Харин бид энд Омега дээр олныг хамарсан бослого дэгдээх болно.
-Дэлхий рүү тэгээд би яаж очих болж байна гэж Баррент асуулаа.-Та нарт сансрын хөлөг бий юм уу?
-Харамсалтай нь байхгүй. Таныг шоронгийн хөлөгт нэвтрүүлэн хүргэхээр төлөвлөж байгаа.
-Тэгэх боломжгүй шүү дээ.
-Боломжтой. Бид хоригдлуудыг буулгах үйл явцыг сайн судалсан. Харуулууд хоригдлуудыг хөлгөөс гаргаад талбай дээр жагсааж, харин хөлөг хамгаалтын цэргүүдээр хүрээлэгдсэн байдаг ч эзэнгүй үлддэг. Танд хөлгийн дотогш нэвтрэх боломж олгохын тулд бид эмх замбараагүй байдал үүсгэн хамгаалтынхны анхаарлыг өөр тийш хандуулна.
-Тэгж чадлаа ч харуулууд эргэж ирсэн даруйдаа намайг бариад авна шүү дээ.
-Тэр ч юу л бол гэж Эйлан үгүйсгэв.-Шоронгийн хөлөг гэдэг бол маш олон нууц өрөө савтай асар том эд байдаг юм. Үүнээс гадна гэнэтийн хүчин зүйл гэгч юм таны талд байгаа. Энэ бол түүхэнд гарч байгаа хамгийн анхны зугатах оролдлого юм шүү.
-Тэвэл Дэлхий дээр нисэж очоод юу болох вэ?
-Та сансрын хөлгийн гишүүдтэй адил хувцас өмссөн байх болно гэж Эйлан хэлэв.-Хүнд суртлын систем болгонд зайлшгүй байдаг удаан хойрго байдал бидний талд ажиллаж байгаа гэдгийг санаж байх хэрэгтэй.
-Тэгэж л найдахаас гэж Баррент хэлэв.-За яах вэ, би Дэлхий дээр буугаад шаардлагатай мэдээллээ цуглууллаа гэж бодъё. Тэр мэдээллээ та нарт яаж дамжуулах болж байна?
-Шоронгийн дараагийн хөлгөөр явуулна даа гэж Эйлан хариулав.-Харин тэр хөлгийг чинь бид энд дайран эзлэх болно.
Баррент духаа үрлээ.
-Миний аялал, эсвэл Омега дээрх бослого гээд Дэлхий гэдэг тийм хүчирхэг байгууллагын эсрэг хийх гэж байгаа төлөвлөгөөнүүдийн ядаж нэг нь ч гэлээ амжилттай төгсөнө гэж та яагаад бодох болов?
-Бид оролдоод үзэх ёстой гэж Эйлан хэлэв.-Үзээд алдах, эсвэл цус асгаруулсан иргэний дайнд үхэх. Боломж тун өчүүхэн гэдгийг би ойлгож байна. Гэвч азаа сорих, эсвэл тулалдалгүйгээр бууж өгөх хоёр л үлдсэн. Үүнээс гадна Дэлхийн засгийн газар дарангуйлал дээр суурилсан гэдэг нь илт байгаа юм. Харин энэ бол эсэргүүцлийн нууц бүлэг байгаа гэсэн үг. Тийм бүлгүүдтэй холбоо тогтоох боломж байна. Энд бас тэнд, Дэлхий дээр зэрэг үймээн дэгдвэл засгийн газар нэгийг бодож л таараа.
-Нээрээ тийм байх шүү гэж Баррент зөвшөөрөв.
-Сайн сайханд найдах хэрэгтэй шүү гэж Эйлан хэллээ.-За тэгээд та бидэнтэй хамт уу?
-Яриа юу байх вэ гэж Баррент хариулав. –Би Дэлхий дээр үхэхийг дээрд бодож байгаа шүү.
-Шоронгийн хөлөг зургаан өдрийн дараа газардана. Тэр хүртэл бид Дэлхийн тухай мэдэж байгаа бүх мэдээллээ танд өгнө. Эдгээр мэдээллийн зарим нь сэргээсэн ой тогтоомж, зарим нь мунтантуудын унушсан зүйл, үлдсэн нь логик гаргалгаа байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бол дэлхийн амьдралын тухай нэлээд үнэн бодит дүр зураг гарч ирсэн гэж би бодоод байгаа юм.
-Хэзээ эхлэх вэ? гэж Баррент асуув.
-Яг одоо.
Дэлхийн бүтэц, газар зүй, томоохон суурин газруудтай Баррентийг ерөнхийд нь танилцуулав. Дараа нь Гүн Сансрын цэргийн ангийн хурандаа байсан Брэйтэй уулзуулахад цаадах нь Омегаг тойрон нисч байгаа харуулын хөлгүүдийн тооноос үндэслэн гаргасан Дэлхийн цэргийн боломжит хүчин чадал, техникийн хөгжлийн боломжит түвшний талаар ярьж өгөв. Тусгай зэвсэглэл ба тэдгээрийг хэрэглэх магадлал, тийм зэвсэгтэй болох дэлхийн жирийн иргэдийн боломжийн талаар лекцийг ахмад Каррел уншиж өглөө. Дэслэгч Дауд болохоор илрүүлэх төхөөрөмж ба тэдгээрээс хамгаалах аргын тухай ярьж өгөв. Дараа нь Эйлантай ахин уулзаж улс төрийн хичээлд суусан Баррент дарангуйлагч дэглэмийн хэрэглэдэг арга, түүний сул ба давуу талууд, нууц цагдаагийн газрын гүйцэтгэдэг үүрэг, алан хядлага, мэдээлэгч нарын тухай мэдээлэлтэй боллоо.
Эйланы хичээл зааж дууссаны дараа Баррентийг намхан нуруутай нэг хүнтэй уулзуулахад цаадах нь ой санамжийг арилгах машины талаарх мэдээлэл өгөв. Ой санамжийг арчих нь сөрөг хүчинтэй тэмцэх өргөн тархсан хэлбэр байх ёстой гэсэн таамгаас үндэслээд энэ хүн Дэлхий дээрх нууц сөрөг хүчний хөдөлгөөнд байж болох онцлог талуудыг тодорхойлж, сөрөг хүчний боломжийг үнэлээд холбоо тогтоох замуудыг зааж өгөв.
Ингэсээр эцэст нь Баррентийг хөлгийн дотогш нэвтрэн орох төлөвлөгөөтэй танилцуулав.
Газардалтын өдөр болоход Баррентийн сэтгэлээс нэг их том чулуу аваад хаячих шиг боллоо. Өдөр тутмын, олон цаг үргэлжилсэн хичээлээс залхаж гүйцсэн мань хүн ямар үр дагавартай нь хамаагүй, бодит зүйл хийхийг хүсч байлаа.
21
Асар том сансрын хөлөг аажмаар доошилсоор ямар ч дуу гаргалгүйгээр газар дээр буув. Сансрын хөлөг үд дундын нарны гэрэлд бүдэг туяа цацруулан гялалзах нь дэлхийн хүч чадал, зайлж үл болох шийтгэлийн томоос том нотолгоо болон харагдана. Хөлгийн хаалга онгойж, шат буухад хоригдлууд талбай руу бууж эхлэв.
Энэ зүйлийг харах гэж Тетрахидийн бараг бүх хүн сурсан зангаараа цугларчээ. Баррент цугласан хүмүүсийн дундуур урагшилсаар эгнэн жагссан хамгаалагчдын ард ирж зогсов. Бүлэг Хоёрын мэргэжилтнүүдийн угсарч өгсөн, мэдрэгчдийн илрүүлж болох ганц ч төмөр эд ангигүй зүүн туяат бүү түүний халаасанд байж байлаа. Бусад халааснууд ч мөн адил элдэв янзын төхөөрөмжөөр дүүрэн.
Чанга яригчаар хоригдлуудын дугаарыг дуудаж эхлэв. Баррент сонсох зуураа анхаарал сарниулсан зүйл болохыг хүлээнэ.
Хамгийн сүүлийн дугаарыг дуудаж дуусмагц тэнгэр өөд хар утаа ойлгойдож эхлэв. Бүлэг Хоёр талбай дээрх хоригдлуудын оромжийг шатаасан нь тэр аж. Тэр даруй хүчтэй дэлбэрэлт болж, хоёр эгнээ хоосон байшинг яйруулж орхилоо. Дэлбэрэлтээр агаарт шидэгдсэн хэлтэрхийнүүд газар унаж амжаагүй байхад шахуу Баррент байрнаасаа ухасхийн гүйв.
Мань хүнийг хөлгийн дотор орсны дараа хоёр дахь, гурав дахь дэлбэрэлтүүд явагдав. Баррент хувцсаа тайлж хаяад харуулын дүрэмт хувцастай үлдэв. Дөрөвдөх дэлбэрэлт болж түүнийг газар чулуудаж орхих нь тэр. Гэвч мань хүн тэр даруй үсрэн босоод гол хаалга руу харайлгалаа. Түүний зогсож байсан газарт хүмүүсийн орилох чимээ, хамгаалалтын ахмадын тушаал арай ядан сонсогдож байв. Хамгаалагчид зэрэгцэн жагсаад буугаа бэлэн барьсаар хөлөг рүү сандарч тэвдсэн зүйлгүй тайван ухарч харагдлаа.
Баррент баруун тийш эргээд урт нарийхан хонгилоор харайлгав. Тэртээ хол ард нь хүнд алхаа сонсдоно. Эгнэсэн олон хорих өрөөний эцэст нь “Хамгаалагчдын байр” гэсэн бичигтэй хаалга байв. Дээр нь асах ногоон гэрэл нь өрөөний агааржуулалтын систем асаалттайг зааж байв. Баррент зэргэлдээх хаалгыг түлхвэл түгжээгүй хаалга нээгдэж мань хүн юу нь мэдэгдэхгүй баахан төхөөрөмж өрсөн агуулах дотор орж орхилоо.
Харуулууд чанга дуугаар ярилцан хонгилоор явцгаах сонсдов.
-Сая юун дэлбэрэлт болоод өнгөрчихөв өө?
-Хэн мэдэх вэ? Эндхийнхэн бүгд галзуу амьтад.
-Дураар нь тавьж орхивол гарагаа ч тэр чигээр нь дэлбэлж мэдэх улс.
-Тэр ч үнэн шүү.
-Арван таван жилийн өмнө ийм нэг үймээн бас гарч байсан шүү. Чи санаж байна уу?
-Би тэгэхэд алба хаадаггүй байсан.
-Саяныхаас аймаар юм болсон. Манай хоёр хүн алагдаж, зуу шахам хоригдол үхсэн дээ.
-Гаж донтнууд. Биднийгээ дэлбэлэх гэж оролдох вий дээ.
-Харин тиймээ. Бушуухан гэртээ, Хяналтын цэг дээрээ очих юмсан.
-Хяналтын цэг дээр ч муугүй л дээ. Гэхдээ би бол Дэлхий дээр л амьдармаар байна.
Хамгаалагчдын сүүл нь өрөөнд орж хаалгаа хаалаа. Хэсэг хугацааны дараа хөлөг чичирхийлэн хөдлөв. Нислэг эхэлжээ.
Баррент сая чамлахааргүй чухал мэдээлэлтэй болоод авав. Ямар ч байсан бүх харуулууд Хяналтын цэг дээр буудаг юм байна. Тэгэхээр хөлөг дээр өөр хүмүүс гарч ирдэг гэсэн үг үү? Магадгүй л юм. Тэгвэл хөлгийг нэгжиж үзэх нь гарцаагүй. Одоо болтол нэг ч хоригдол зугтах гэж оролдоогүй болохоор үзлэг нь ёс төдий зүйл л байх болов уу. Тэгсэн ч гэлээ...
Гэвч тэр болтол зай байлаа. Харин одоо бол бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна.
Баррентийн толгой дүнгэнэж, их ядарчээ. Өрөө нь маш хурц, эвгүй үнэртэй юм. Баррент биеэ хүчлэн байж босоод агааржуулалтын торонд дөхөж очоод гараараа барьж үзэв. Агаар өгөгдөхгүй байв.
Мань хүн хаалгаа болгоомжтой онгойлгоод хонгил руу сэмхэн гарч ирэв. Хөлөг дээр бүгд бие биенийхээ царайг мэдэх нь гарцаагүй болохоор хэн нэгэнтэй таарна гэдэг шууд үхэлд хүргэж болзошгүй. Нуугдах газар олох хэрэгтэй. Бас агаар.
Хонгилууд ямар ч хүнгүй хоосон. Харуулуудын өрөөнөөс хүмүүс ярилцах бүдэг дуу гарна. Хаалган дээрх ногоон гэрэл тод асч харагдав.
Баррент хүчил төрөгчийн дутагдлын анхны шинж тэмдгийг мэдэрч эхэлсэн ч цааш явсаар байв.
Бүлэг болохоор агааржуулалтын систем нь хөлгийн бүх хэсэгт ажилладаг гэж таамаглаж байсан. Гэтэл нисгэгчид болон хамгаалтынхны байдаг өрөөг л агааржуулдаг болохыг Баррент сая ойлгов.
Толгой нь зад үсрэх нь үү гэлтэй өвдөж, хөл нь арай ядан хөдөлнө. Баррент цаашид яах ёстойгоо төлөвлөхийг хичээв. Нисэх багийн хэсэг л мань хүнд хамгийн их боломж олгож байлаа. Нисгэгчид зэвсэглэсэн байлаа ч гэнэтийн зүйлд бэлэн байх нь юу л бол. Офицерүүдийг онилоод авах боломж байна. Тэгвэл мань хүн хөлгийг эрхэндээ оруулж магадгүй.
Үзээд алдаж болох л юм. Үзээд алдах ёстой.
Хонгилын эцэст Баррентийн өмнө шат гараад ирлээ. Тэрээр ямар ч хүнгүй шатаар мацсаар “Хяналтын хэсэг” гэсэн чиг заагчийг олж харав.
Ухаан нь орж гаран, нүднийх нь өмнө хар толбо гүйнэ. Хананууд далбилзан хөдөлж, намхан адар дээрээс нь дарах шиг болоод ирлээ. Гэнэт сэхээ орвол “Хяналтын өрөө. Зөвхөн нисэх багийн офицерүүд орж болно” гэсэн бичигтэй хаалга руу мөлхөж яваагаа ойлгов.
Хонгил саарал манангаар дүүрчээ. Манан нэг бол сарниж, нэг бол өтгөрч байхыг харсан Баррент хараа нь доголдож байгааг ойлгов. Мань хүн өөрийгөө хүчлэн байж босч, буугаа бэлэн бариад хаалганы бариулыг дарав.
Гэтэл хаалган онгойх үед нүд нь харанхуйлаад ирэв. Гайхсан царайтай хүмүүс урд нь сүүмэлзэх шиг болж “Хараач ээ. Наадах чинь зэвсэгтэй байна” гэж орилох дуу сонсогдох шиг боллоо.
Дараа нь түнэр харанхуй мань хүнийг залгиж орхих нь тэр.
22
Баррент зовхио хүчлэн нээгээд хяналтын өрөөнд байгаагаа олж харлаа. Төмөр хаалга хаалттай, амьсгалахад түвэг алга. Багийн гишүүдээс нэг нь ч байсангүй бодвол мань хүнийг энэ чигтээ ухаангүй хэвтэж байна гэж бодоцгоогоод хамгаалалтынхныг дуудахаар явсан байх.
Өөрөө ч мэдэлгүй шалан дээрээс буугаа шүүрч аваад Баррент гуйвж дайвсаар бослоо. Мань хүн буугаа анхааралтай ширтсэнээ хөмсөг зангидав. Яагаад буу зэвсэг агссан хүнийг ганцааранг нь амин чухал өрөөнд үлдээдэг билээ?
Тэрээр унахынхаа өмнө харсан царайнуудыг санахыг хичээв. Гэвч сүнс чөтгөрийн гэмээр дуутай юу нь мэдэгдэхгүй бүдэг бадаг дүрс, ойлгомжгүй зүйлс л орж ирээд байх юм. Ингэхэд энд ер нь хүмүүс байсан юм бол уу?
Ингээд мань хүн энэ тухай бодох тусам тэр царайнуудыг унтарч байсан ухамсраасаа дуудан хий харжээ гэдэгтээ итгэлтэй болж байв. Энд хэн ч алга. Хөлгийн тархинд мань Баррент ганцаар байна.
Арван хэсэг болгон хуваасан удирдлагын самбар руу Баррент дөхөж очив. Хэсэг болгон өч төчнөөн төхөөрөмжүүдийн заагч, элдэв шатлал, улаан болон хар сум гялалзаж, унтраалга, залуур, бариул, реостатаар дүүрэн.
Олон гэрэл хэрхэн анивчихыг ажигласаар Баррент хэсгүүдийн дагуу удаан явжл байлаа. Хамгийн сүүлийн хэсэг л янз нь хяналтынх бололтой. “Удирдлага гар/автомат” гэсэн бичигтэй самбар дэлгэцэн дээрх далд гэрэл нь “автомат”гэсэн үгийг гэрэлтүүлж байлаа. Цаашаад яваад мань хүн программчлалын өрөөг олж, нислэгийн явцын талаарх илтгэл олж үзэв. Хяналтын цэг хүртэл 29 цаг 4 минут 51 секунд үлджээ. Дэлхий хүртэл 480 цаг.
Хөлгийн бүх механизм ном ёсны дагуу, элдэв доголдолгүйгээр ажиллаж байлаа. Төгс механизмуудаар өвч тоноглогдсон энэхүү машины ариун сүм шиг өрөөнд хүн орж ирнэ гэдэг бузар нүгэл үлдсэн хэрэг гэж Баррентад санагдаад явчихав.
Гэвч нислэгийн багийнхан хаана байна? Ийм асар том хөлгийн удирдлагыг гарцаагүй автоматжуулах ёстой. Ийм нарийн төмөр бие махбодь өөрөө өөрийгөө тохируулдаг ч байх ёстой. Гэвч энэ хөлгийг хүмүүс угсарч, хүмүүс удирдах программыг нь боловсруулсан. Гэтэл шаардлагатай үед тохиргоо хийх хүмүүс яагаад байдаггүй билээ? Харуулуудад Омега дээр саатах шаардлага гарлаа гэж бодъё. Эсвэл Хяналтын цэгийг алгасаад шууд Дэлхий рүү явах шаардлага гарлаа гэж бодъё? Эсвэл бүр нислэгийн чиглэлийг ер нь өөрчлөх шаардлага гарлаа гэж бодъё. Тэгвэл яах болж байна? Чиглэлийн тэр бүх өөрчлөлтүүдийг хэн оруулж, хөлгийг хэн удирдах юм бол?
Баррент хяналтын өрөөг үзэж дуусаад, шүүгээнээс олсон хүчил төрөгчийн багаа өмсөн хонгилд гарлаа. Удаан гэгч нь төөрч яваад “Багийн гишүүдийн өрөө” гэсэн бичигтэй хаалгатай таарав. Дотор нь цэвэрхэн бөгөөд хэн ч алга. Даавуу, хөнжилгүй давхар орнууд өөгүй тэгш эгнэн жагссан харагдана. Энд ч тэр, офицерүүд, ахмадын өрөөнд ч тэр Баррент хэсэг хугацааны өмнө хүн байсан гэх ямар ч ул мөр олсонгүй.
Тэрээр анх гарсан өрөөндөө эргэн ирлээ. Хөлөг дээр нислэгийн баг гэж байдаггүй нь ойлгомжтой болов. Дэлхийнхэн нэгэн хэвийн ягшмал ажлын дэг, тоног төхөөрмжийн найдвартай байдалд дэндүү их найддаг болохоор нислэгийн багийг илүү гэж үзсэн нь илэрхий. Болох л юм. Гэхдээ л энэ бүхэн Баррентад их л хачин санагдаж байлаа.
Тэрээр илүү их баримт цуглуулах хүртлээ яаран дүгнэлт хийхгүй байхаар шийдлээ. Одоохондоо өөртөө л илүү анхаарал тавих шаардлагатай байв. Халаасанд нь тэжээллэг бодисын өндөр агуулгатай хиймэл хоол байсан ч биедээ ус авч орж яагаад ч чадсангүй. Баг байдаггүй хөлөг дээр усны нөөц гэж байдаг бол уу? Дээр нь доод тавцан дээрх харуулуудын тухай, Хяналтын цэг рүү ойртож яваа тухай гээд олон зүйлийг санаж, анхаарах ёстой байлаа.
Өөрт байгаа нөөцөө идэх хэрэггүй болохыг Баррент олж мэдэв. Товчлуур дарах төдийд л машинууд янз бүрийн хоол, ундаа бэлдэж өгч байв. Тэр хоол нь нийлэг аргаар гаргасан, эсвэл жинхэнэ хоёрын аль нь болохыг Баррент мэдэхгүй байсан ч амтын хувьд бол ярих юмгүй байлаа.
Хөлгийн дээд түвшнүүдийг мань хүн судалж яваад хэд хэдэн удаа төөрсөн болохоор эцэст нь ахиж үзэх хэрэгтэй юм байна гэж шийдээд бүх л цагаа хяналтын өрөөнд өнгөрөөх болов. Гэхдээ хаалтыг сөхдөг механизмуудыг идэвжүүлж байгаад, гаднах зүйл харагддаг цонх олж авсан болохоор огторгуйн хязгааргүй уудамд гялалзах оддоор нүдээ баясгаж явлаа.
Хяналтын цэг рүү ойртохын хэрээр удирдлагын самбарын шинэ шинэ хэсгүүд амь орон сэрж, газардахын өмнө хөлгийг шалгаж эхлэв. Газардахаас гурван цаг хагасын өмнө Баррент нэгэн сонирхолтой нээлт хийх нь тэр. Мань хүн холбооны төв системийг олж, түүнээ хүлээн авах горимд асааж байгаад харуулуудын өрөөнд болж байгаа яриаг сонсож болж байлаа.
Гэхдээ чухал зүйл юу ч олж мэдсэнгүй. Харуулууд нь болгоомжлоод ч тэр юм уу, эсвэл мэдлэг дутуудаа ч тэр үү, улс төрийн талаар ганц үг ган хийсэнгүй. Хөлөг дээр өнгөрүүлдэг хэсэг хугацааг эс тооцвол тэдний бүх амьдрал нь Хяналтын цэг дөөр өнгөрдөг ажээ. Тэдний ярьж байгаа зүйлийн дотроос заримыг нь Баррент огт ойлгохгүй байв. Гэвч нэг ч үг алдахгүйг хичээн анхааралтай сонсож суулаа.
-Чи ер нь Флоридад сэлж үзсэн үү?
-Давстай усанд дургүй ээ.
-Харуулын албанд дуудагдахаасаа өмнө би Дейтонд болсон наадмын гуравдугаар байрын шагналыг хожиж байсан юм шүү.
-Чөлөөнд гарахаараа Антарктид дээр харш худалдаж авна даа.
-Чамд хэд үлдээд байгаа билээ?
-18 жил.
-Тийм дээ. Гэхдээ л ийм ажлыг хэн нэгэн нь хийх ёстой биз дээ...
-Гэхдээ яагаад би гэж? Яагаад Дэлхийнхэн хийж болдоггүй юм бэ?
-Гэмт хэрэг гэдэг чинь өвчин гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Харин өвчин бол халдвартай байдаг юм.
-Тэгээд юу гэж?
-Юу юу гэж. Гэмт хэрэгтнүүдтэй харьцдаг болохоор чи халдвар авч болзошгүй. Тэгээд Дэлхий дээрх өөр хэн нэгэнд өвчин халдаавал яана? Тэгээд ч Хяналтын цэг дээр тийм ч муу бас биш шүү...
-Хиймэл цэцэг, хиймэл агаар, хиймэл хоолонд дуртай бол ч тийм л дээ...
-Чи дэндүү их юм шаардаг юм аа. Гэр бүл чинь бас энд бий билүү?
-Тэд ч бас Дэлхий дээрээ буцаж очихыг хүсч байгаа.
-Таван жил Хяналтын цэг дээр болсны дараа дэлхий дээр амьдарч чадахгүй гэж эрдэмтэд ярих юм билээ. Татах хүч нь өөр байдаг юм байх аа..
Тэгсээр хөлөг ч газардаж, хөдөлгүүрүүд дуугүй болов.
Харуулууд өрөөнөөсөө гарч байгааг Баррент холбооны системээрээ чагнаж байв. Тэгээд тэднийг даган хонгилоор сэм явахдаа хамгийн сүүлийнх нь хөлгөөс гарч явах зуураа:
-За шалгалтынхан ирж байна даа. За залуусаа сонин юу байна даа? гэхийг сонсож амжив.
Хариу дуулдсанггүй, харуулууд гарч, дээш явж байгаа хүмүүсийн хүнд алхааны чимээ хонгилуудыг дүүргэх нь тэр.
Тэд их олуулаа болж таарлаа. Хөдөлгүүрийн хэсгээс эхлээд хаалга бүрийг нээж, булан тохой болгоныг шалган эмх цэгцтэйгээр дээшилнэ.
Баррент зүүн туяат буугаа хөлс нь чийхарсан гартаа атган нуугдах газар олох гэж тэвдэж байлаа. Нэгэнт шалгасан газар нуугдах нь цорын ганц зөв шийдвэр гэсэн бодол төрөв.
Мань хүн хүчил төрөгчийн багаа зүүж аваад хонгил руу гарав.
23
Хагас цагийн дараа ч Баррент шалгагч ажилтнуудаас яаж бултахаа мэдэхгүй хэвээр байлаа. Цаадуул нь доод түвшнүүдийг дуусгаад хяналтын өрөө байрлах тавцан руу чиглэн явж байлаа. Алхах чимээ нь цуурайтна.
Энэ хонгилын төгсгөлд шалгагдсан түвшин рүү орж болох шат байх ёстой байлаа. Баррент хөлгийн хийцийн талаарх бүдэг бадаг төсөөлөлтэй байсан болохоор зөв зүйл хийж, шат үнэхээр байдаг гэдэгт найдан яарч байв.
Хонгилын төгсгөлд хүрвэл шат үнэхээр байлаа. Ард нь гарах алхах чимээ улам бүр ойртсоор. Баррент шатаар доош гүйнгээ эргэж харж байгаад нэг хүний цээжийг мөргөх нь тэр.
Баррент агшин зуур холдон зай аваад дүүхэлзэх маш том дүрс рүү буудахад бэлдэв. Гэвч эцсийн мөчид буудалгүй биеэ барьж амжив.
Цээжин дээрээ “Шалгалтын баг. Андроид -В212” гэсэн бичигтэй хар өнгийн дүрэмт хувцас өмссөн долоон фут орчим өндөртэй робот зогсож байлаа. Сүүн ягаан өнгийн хуванцраар хийсэн нүүр нь хүнийхтэй төстэй байх бөгөөд нүд нь час улаан өнгөөр асах аж. Робот удаанаар урагшлан хөдөлнө. Зүүн туяат буу нь тус болно гэдэгт эргэлзсэн Баррент дэмий л ухрав.
Гэвч нөгөө андроид нь түүнийг тоож ч анхааралгүйгээр шатаар дээш өгсөж эхэлсэн болохоор буу нь үнэхээр тус болох нь уу үгүй юу гэдгийг шалгах хэрэг мань хүнд гарсангүй. Нуруун дээр нь “Ариутгал, ариун цэврийн шалгалт” гэсэн бичиг байлаа. Энэ робот зөвхөн хулгана, харх мэтийн зүйлсийг олж устгах программтай юм байна гэдгийг Баррент ойлголоо. Хөлөг дээр тасалбаргүй зорчигч байна уу үгүй юу түүнд падгүй. Бусад роботууд ч магадгүй тус тусын нарийвчлалтай байх.
Доод түвшний хоосон өрөөнд хүлээж байсан Баррент роботууд гарч явахыг сонсоод хяналтын өрөө рүүгээ яаран очлоо. Хөлөг яг хуваарийн дагуу хөөрөв. Очих газар нь Дэлхий.
Нислэгийн явцад онц юм юу ч тохиолдсонгүй. Мань Баррент идэж ууж, унтаад хөлгийг дэд орон зай руу орох хүртэл цонхоор оддыг харж явлаа. Улам бүр ойртсоор байгаа гарагийн талаар эргэн санах гэж оролдсон болов ч үр дүнд хүрсэнгүй. Ямар гээчийн хүмүүс нь ийм аварга том автомат хөлөг барьдаг юм бол? Яагаад тэд өөрийн хүн амын мэдэгдэхүйц хэсгийг цөлчихөөд цөлөгдсөн хүмүүсийн амьдралын нөхцлийг хянаад байж чаддаггүй юм бол? Яагаад хоригдлуудын ой санамжнаас Дэлхийн тухай бүх мэдээллийг арчин хаядаг юм бол?
Хяналтын өрөөн дэх цаг аяллын цаг минут бүрийг алдалгүй хянасаар. Хөлөг дэд орон зайгаас гарч хурдаа саахын тулд Баррентийн яахаа мэдэхгүй сэтгэл догдлон харж байгаа хөх ногоон дэлхийг тойрон нисч байлаа. Мань хүн ингээд эцсийн эцэст дэлхий дээрээ эргэж ирж байгаадаа итгэж ч чадахгүй байлаа.
24
Сансрын хөлгийг Хойд Америк тивийн нэгэн газар газардахад их сайхан нартай өдөр байлаа. Уг нь Баррент хөлөг дотор харанхуй болтол байхаар тооцож байсан ч “Зорчигчид ба нисэх багийн гишүүд нэн даруй гарна уу. Хөлөг дээр хорин минутын дараа бүрэн устгал, ариутгал явагдана” гэсэн бичиг дэлгэцэн дээр нь асах нь тэр.
Бүрэн ариутгал устгал гэж юу болохыг мань хүн мэдэхгүй байв. Гэвч хүмүүсийг гарахыг эрс байдлаар шаардаж байхыг бодвол хүчил төрөгчийн баг аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй бололтой.
Баррентийг Дэлхий дээр буусны дараа ямар хувцас өмсвөл зохих талаар Бүлэг Хоёрын гишүүд их удаан бодсон. Газардасны дараах анхны хэдхэн минут шийдвэрлэх үүрэгтэй. Бүдүүлэг алдаа гаргасан тохиолдолд дараа нь ямар ч заль гаргаад нэмэргүй. Ийм байтал төрөлх гараг дээрээ ямар хувцас өмсөж байснаа Бүлэг огт санахгүй байлаа. Тэгээд зарим нь тусгай загварын хувцас өмс гэх. Нөгөө нь харуулын дүрэмт хувцас Дэлхий дээр яг тохирно гэх. Цаг үеийн онцлог ямар ч байлаа гэсэн хамгийн бага өөрчлөгддөгөөр нь нэг цул даавуугаар хийсэн хувцас хамгийн тохиромжтой гэсэн гурав дахь байр суурийг Баррент өөрөө дэмжиж байв. Том хотуудад ийм хувцас хачин санагдаж магадгүй ч эхлээд газардалтын талбай дээр буух ёстой.
Мань хүн дүрэмт хувцсаа хурдхан шиг тайлж хаяад хөнгөхөн нөмрөгтэй үлдлээ. Бууны тухайд хэсэг тээнэгэлзэж байснаа хөлөг дээр үлдээхгүй байсан нь зөв гэж шийдлээ. Үлдээвэл шалгалт тэртэй тэргүй илрүүлнэ, харин биедээ авч явбал ядаж цагдаа нар барих гэвэл өөрийгөө хамгаалж болох юм даа.
Баррент амьсгаагаа гүн авч байгаад шатаар буулаа.
Харуул гэхээр хүн огт байсангүй, гаалийн ажилтнууд ч харагдсангүй, тусгай тасгууд сураггүй, арми болон цагдаагийн хэсгүүд ч алга. Ер нэг ч хүн алга байлаа. Асар том талбайн тэртээ эсрэг талд өөр хөлгүүд харагдах бөгөөд, яг урд талд нь цэлийтэл дэлгэгдсэн хашааны хаалга харагдана.
Баррент талбайг хурдан, гэхдээ тэвдэлгүйгээр туулж гарлаа. Яагаад бүгд ийм хялбар байгаа тухай ямар ч ойлголт мань хүнд байсангүй. Ямартай ч Дэлхийн нууц цагдаагийн алба илүү нарийн башир аргаар ажилладаг нь илэрхий.
Халзандуу толгойтой эр, арваад насны хүү хоёр мань хүнийг зориуд хүлээсэн аятай хаалганы хажууд зогсож харагдлаа. Ийм хүмүүс төрийн албан хаагч байна гэдэгт Баррент итгэж ядаж байсан ч энэ Дэлхийнхнийг хэн мэдлээ?
Гэтэл нөгөө хүн жаалхүүг гараас хөтлөнгөө:
-Уучлаарай, би таныг хөлгөөс гарч байгааг харлаа л даа. Хэдэн юм асуувал дургүйцэхгүй биз дээ гэсээр түүнд хандлаа.
Баррент буугаа хийсэн халаас руугаа гараа хийнгээ:
-Хаанаас даа гэж хэлэв. Халзан этгээд цагдаагийн мэдээлэгч гэдэгт мань хүн эргэлзэхээ байв. Хажуудаа хүүхэд дагуулж яваа нь бага зэрэг сонин санагдаж байсан ч тэр нь цагдаагийн академийн сурагч байхыг үгүй гэх газаргүй.
-Нөгөө юу л даа миний хүү Ронни од хооронд аялдаг сансрын хөлгүүдийн тухай зохион бичлэг бичих гэж байгаа юм аа гэсээр нөгөө эрэгтэй яриагаа эхэллээ.
-Тэгээд хөлгүүдийн нэгийг өөрийн нүдээр үзэхийг хүссэн юм гэж ухаалаг царайтай нөгөө жаал үг нэмэв.
-Яг тийм. Бүх зураг, хэрэгтэй мэдээлэл нэвтэрхий толь дээр байгаа юм чинь заавал үзэх гэх хэрэггүй ээ гэж хэлсэн юм л даа. Гэвч зааваал өөрөө үзнэ гээд.
-Тэгвэл илүү бодитой болно гэж Ронни үг хавчуулав.
Баррент зөвшөөрөн толгой дохингоо:
-Мэдээж тэгэлгүй яах вэ гэж хэлэв. Мань хүн одоо өмнө нь хийсэн дүгнэлтэндээ эргэлзэж эхэллээ. Нууц цагдаагийн газрын тагнуул гэхэд дэндүү ээдрээтэй арга сонгожээ.
-Та энэ хөлгүүд дээр ажилладаг уу гэж Ронни асуув.
-Тийм.
-Ямар хурдаар нисдэг юм бэ?
-Дээд орон зайд уу? гэж Баррент тодруулаад амжив.
-Энэ тодруулга жаалхүүг самгардуулж орхив бололтой. Доод уруулаа унжуулж байгаад:
-Өө, хөлгийг дээд орон зайд нисдэг гэдгийг ер мэдээгүй байсан шүү дээ гэж санаа алдаад бодолд автав.
-Тэгээд ч би ер нь дээд орон зай гэж юу байдгийг ч мэдэхгүй юм байна.
Баррент, хүүгийн эцэг хоёр нэгэн зэрэг инээмслэглээд авлаа.
-За, тийм байж тэгвэл хөлгүүд жирийн орон зайд ямар хурдаар нисдэг юм бэ? гэж Ронни үргэлжлүүллээ.
-Цагт зуун мянган бээр гээд Баррент толгойд нь хамгийн түрүүн орж ирсэн тоог хэлж орхих нь тэр.
Хүү ч ойлгон толгой дохиход аав нь бас даган толгой дохилоо.
-Их хурдан юм байна гэж аав ам нээв.
-Дээд орон зайд бол үүнээс мэдээж илүү хурдан л даа гэж Баррент хэлэв.
-Мэдээж. Их хурдан нисдэг байх. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Их хол зам туулдаг юм чинь. Тийм биз дээ эрхэм ээ? гэж хүүгийн аав тодруулав.
-Асар хол зам туулдаг гэж Баррент зөвшөөрөв.
-Тэгвэл эрчим хүчний эх үүсвэр нь юу юм бэ? гэж Ронни сонирхов.
-Ердийн. Өнгөрсөн жил бид гурвалсан хүчлүүр суулгасан ч тэднийг ер нь бол чадлын туслах эх үүсвэрт хамааруулсан нь дээр л дээ гэж Баррент жишим ч үгүй хариулаад авлаа.
-Наад гурвалсан хүчлүүрүүдийн чинь талаар би сонсож байсан юм байна. Их гайхалтай эд шүү гэж нөгөө эр хэлэв.
-Яах вэ, болоод л байдаг юм гэж Баррент хайнгадуу дуугаар хэллээ. Урд нь зогсож байгаа хүн бол хүүгээ сансрын хөлгийн буудал үзүүлэхээр дагуулж ирсэн сансрын аяллын талаар ямар ч ойлголтгүй жирийн л нэг иргэн гэдэгт мань хүн итгэлтэй болсон байлаа.
-Та нар агаар хаанаас авдаг юм бэ гэж Ронни асуув.
-Өөрсдөө үйлдвэрлэдэг юм гэж ирээд Баррент уриалгахан нь аргагүй тайлбарлаж гарлаа.
-Усыг чинь яагаа вэ шахаж болдоггүй болохоор жаахан хэцүү байдаг. Бас дээр нь дээд орон зайгаас хөлгийг гарах үеийн орон зайн байрлалаа тогтоохтой холбоотой бас нэг асуудал байдгийг хэлэх хэрэгтэй.
-Дээд орон зай гэж юу юм бэ?
-Орон зайн өөр нэг түвшин л байхгүй юу даа. Энэ тухай нэвтэрхий толь дээр бичсэн байгаа шүү дээ.
-Нээрээ чи өөрөө нэвтэрхий толь дээрээ уншсан нь дээр гэж хүүгийн эцэг сургангүй аясаар хэлэв.
-Хоёулаа одоо энэ нисгэгч ахыг нь ингээд саатуулаад байж болохгүй. Цаанаа олон чухал ажилтай хүн байгаа шүү дээ.
Баррент ч санал нийлж:
-Тийм ээ, би яарч явна. Гэхдээ та хоёр үүгээр явж юу дуртайгаа үзэж сонирхож болно шүү дээ. За Ронни, зохион бичлэгээ сайн бичээрэй.
Ингэж хэлээд Баррент цааш алхах зуур дотроо өөрийн эрхгүй араас нь дуудан орилж, эсвэл буудах чимээ гарах гэж байх гэж хүлээж байлаа. Гэвч тавин ярд холдосны дараа эргэж харвал аав хүү хоёр нэг том сансрын хөлгийг үнэхээр сонирхон үзэж байгааг харав. Одоохондоо ч ажил нь бүтэмжтэй л байна. Дэндүү сэжиг бүхий бүтэмжтэй.
Сансрын хөлгүүдийн буудлаас гарсан зам хэд хэдэн байшингийн хажуугаар явсаар ойн мод руу орлоо. Удалгүй Баррент замаас гарч өтгөн моддын гүнийг чиглэв. Дэлхий дээрх анхны өдөр гэхэд хүмүүстэй хангалттай их ярьчихсан байв. Цаашид азаа үзэх нь тэнэг хэрэг. Бүгдийг сайтар эргэцүүлэн бодож, ойд хоночихоод өглөө хот руу орсон нь дээр.
Гайхалтай засаж янзалсан үзэмжит царсан төглийн захад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Эрхэм жуулчид аа, тавтай морил” гэсэн заагч тэмдэг зоожээ.
Нар тэнгэрийн хаяны цаагуур далд орж, сэрүү ороод эхэлчихжээ. Баррент нэгэн аварга том царс модны доор боломжийн газар олж аваад унасан навчсыг бөөгнөрүүлж хэвтэрэрхүү юм хийж аваад элдэвийн түгшүүртэй бодолд дарагдан хэвтэж байв. Сансрын хөлгийн буудал шиг тийм чухал газар яагаад харуул хамгаалалт байдаггүй билээ? Тэгвэл дараа нь хот руу ороод ирэхээр хамгаалалт харуултай таарна гэсэн үг үү? Эсвэл аймаар нарийн хийцтэй тагнах системийн хяналтанд аль хэдийн орчихсон явна уу?
Гэнэт баруун чихэн дээр нь:
-Оройн мэнд гэх дуу гарах нь дэр.
Баррент татвасхийн цочоод гар нь буу руугаа явлаа.
Гэвч нөгөө дуу ажирсан янзгүй үргэлжлүүлэв:
-Өнөөдөр, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үнэхээрийн сайхан үдэш болж байна шүү. Агаарын температур Фаренгейтийн 71,2 градус, агаарын чийглэг 23%, агаарын даралт 9,9 байна. Урд нь ирж байсан жуулчид миний дуу хоолойг таньсан гэдэгт итгэлтэй байна. Салхинд гарах дуртай, шинээр ирсэн хүмүүст өөрийгөө танилцуулъя. Би бол Царсан төгөл, та бүхний хуучны найз, Өвгөн царс мод байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирсэн та нарыг мэндчилж байгаадаа баяртай байна.
Улам бүр нэмэгдэх харанхуйд сууж байсан Баррент эргэн тойрноо анхааралтай ширтлээ. Нөгөө дуу үнэхээр аварга том царс модноос гараад байх шиг байв.
Өвгөн царс харин:
-Байгаль дэлхийгээ харан бахдах боломж одоо цагт хүн болгонд байна. Та нийтийн тээврийн хэрэгслийн буудлаас ердөө арван минут алхах газар ирээд цор ганцаар сайхан амарч болно. Харин олуулаа амрах дуртай хүмүүст бид боломжийн үнээр хөтлөгч гарган өгч жуулчдын аяллын замаар явахыг санал болгож болж байна. Байгаль дэлхийдээ хайртай хэнийг ч бай баярлан угтаж авдаг зочломтгой үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талаар найз нөхөддөө ярьж өгөхөө мартуузай гэж үргэлжлүүлэн ярилаа.
Үүний дараа модонд жижигхэн хаалт нээгдээд дотор талаас нь эвхдэг ор, халуун сав, оройн хоолтой сав гараад ирлээ.
Өвгөн царс тайвшруулж, сэтгэл амраасан хоолойгоороо:
-Та үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Аяа, байгаль дэлхий минь. Гайхамшгийн орны сэтгэл баясгасан үзэмж минь. Харин одоо Оттер Краг удирдаачийн удирдсан Үндэсний симфони найрал хөгжим танд зориулан Эрнесто Нестричалын зохиол “Уулсын хөндий” аялгууг тоглож өгнө. Танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Хаана ч юм далдалсан чанга яригчуудаас хөгжмийн ая урсаж эхлэв. Харин Баррент дагзаа нэг маажиж үзсэнээ юмыг байгаа чигээр нь хүлээж авсан нь дээр юм байна гэж шийдээд оройн хоолыг цохиж, халуун савнаас кофе уучихаад эвхдэг орыг дэлгэж аваад тухаллаа.
Мань хүн нойронд дийлдэн ядаж байхдаа нийтийн тээврийн хэрэгслийн буудал хүртэл ердөө арван минут алхаад очих зайтай газар байрлах дуу хөгжимтэй, тав тухтай байдлаар төхөөрөмжлөгдсөн ойн тухай бодож байлаа. Өөрийн оршин суугчиддаа зориулж Дэлхий их юм хийжээ. Хийх ч дуртай бололтой. Эсвэл үгүй юм бол уу? Нарийн аргаар занганд оруулах гэж байгаа юм болов уу?
Хөгжим ч аажмаар навчсан дунд сэрчигнэх салхины шуугиантай нийлээд чимээгүй болоход Баррент нам унтаж байв.
25
Зочломтгой царс мод өглөө нь хоол, сахлын хэрэгсэл гаргаж өгөв. Баррент ч идэж ууж, сахал үсээ янзалж аваад ойролцоох хот руу явлаа. Хүн сонсоход үнэмшилтэй түүхтэй болж аваад, нууц байдалд байгаа сөрөг хүчнийхэнтэй холбоо тогтоох гэсэн ойлгомжтой зорилт өмнө тавьжээ. Үүний дараа нууц цагдаагийн газар, арми гэх мэт зүйлсийн талаар аль болох ихийг мэдэж авна.
Гудамжны хоёр талаар хоорондоо адилхан цагаан байшингууд эгнэжээ. Баррент анхандаа байшингуудыг ав адил юм байна гэж харж байсан. Гэхдээ удалгүй байшин болгонд өөрийн гэсэн хийц маягийн үл ялих онцлог байгааг ойлгосон ч тэр онцлогууд нь нэгэн хэвийн ягшмал байдлыг улам бүр тодотгоно. Хэдэн зуун коттежууд тун ч хичээнгүйлэн тайрч янзалсан зүлэгтэй өөр өөрийн өчүүхэн хэсэг газар дээр баригджээ. Тэдний хэтэрхий нэгэн хэвийн байдал нь мань хүнд их л дарамттай санагдана. Гэв гэнэт Омегагийн байшин барилгын онгирч сагсуурсан ч гэлээ давтагдашгүй онцлог байдлыг үгүйлж байгаагаа тэрээр мэдэрлээ.
Баррент худалдааны төв хүрэв. Дэлгүүрүүд ч мөн адил загвараар хийгджээ. Шилэн хоргоны цаадахыг их анхааралтай ширтэж байж л хүнсний дэлгүүр ба спортын барааны дэлгүүр хоёрыг ялгаж болох байлаа.”Нүгэл наминчлагч робот. Хоногийн 24 цаг нээлттэй” гэсэн бичиг бүхий жижигхэн байшингийн хажуугаар гарав. Сүм бас байдаг юм байх даа?
Нууц байдалд ажиллаж байгаа сөрөг хүчнийхнийг илрүүлэх маш энгийн төлөвлөгөөг Бүлэг Хоёрынхон гаргасан байлаа. Хувьсгалчид нь хүн амын хамгийн дарлагдаж, дорд үзэгдсэн элементүүдийн дунд төвлөрч байх ёстой гэж Баррентэд тэд сайн ойлгуулсан байв. Тэгэхээр тэднийг ядуусын хорооллоос хайх нь хамгийн зөв.
Энэ бол их сайхан онол байлаа. Даан ч Баррент ямар ч ядуусын хороолол олж чадахгүй байсан нь хамгийн харамсалтай зүйл байв. Дэлгүүр, жижиг байшингууд, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар гарч, бас ахиад л жижиг байшингууд, дэлгүүрүүдийн хажуугаар гарч байлаа. Нэг нь нөгөөгөөсөө сайн, эсвэл муу харагдаж байгаа янз ер алга.
Орой гэхэд ядарсандаа бараг мөлхөхөд бэлэн байсан ч чухал зүйл олж мэдэж ер чадсангүй. Дэлхийн амьдралын ээдрээг тайлж эхлэхийн өмнө нутгийн иргэдээс асууж лавлах шаардлагатай юм байна. Аюултай ч гэлээ хийхээс өөр аргагүй алхам.
Мань Баррент бүрэнхий дунд хувцасны дэлгүүрийн хажууд зогсчихсон, цаашид яах талаар бодож байлаа.
-Ази, эсвэл Европоос дөнгөж сая Хойд Америкт ирсэн хүний дүр эсгэе гэж мань хүн шийдлээ.
Хүрэн өнгийн костюм өмссөн, байдаг л нэг царай зүстэй таргандуу эрэгтэй мань хүн рүү ойртож харагдав. Баррент ч түүнийг дуудан зогсоов:
-Уучлаарай би дөнгөж сая Ром хотоос ирсэн харийн хүн байгаа юм аа...
-Тийм гэж үү? гэж нөгөө хүн их элдгээр лавлан асуув.
-Тийм ээ. Тэгээд би хаагуур яаж явах ёстойгоо сайн мэддэггүй гэж хэлээд Баррент санаа зовж, ичсэн байдалтай инээгээд авлаа.
-Би хямд буудал хайсан чинь ер олж чаддаггүй ээ. Хэрэв өөрөө надад туслаад заагаад өгвөл...
-Ингэхэд иргэн таны бие зүгээр биз дээ гэж нөгөө эрэгтэй асуулаа.
Ихэд гайхаж яахаа мэдэхгүй байгаа нь харваас илт.
-Би гадаадын хүн байнаа тэгээд буудал хайж байна гэж хэлээд байна шүү...
Гэвч нөгөө хүн яриаг нь таслалаа:
-Та боль доо. Өөр улс гэж одоо байхаа больсон гэдгийг та надаас дутахгүй сайн мэдэж байгаа шүү дээ.
-Тийм билүү?
-Мэдээж байхгүй. Би Ром хотод очиж үзсэн. Тэнд манай Вилмингтон дахьтай яг адил байдаг юм. Яг л эндэхтэй адил байшингууд, адилхан дэлгүүрүүд. Одоо хэн ч хаа ч явсан өөрийгөө өөр улсын, гадаадын хүн гэж мэдрэхээ байсан.
Баррент юу гэж хариулахаа мэдэхгүй байв. Сандарсан байртай инээмсэглэж нэг үзэв.
-Үүгээр ч зогсохгүй. Дэлхий дээр одоо хямд зочид буудал гэж байхаа больсон. Тийм буудлаар яах юм бэ? Хэнд тэнд буудаллах юм?
Энэ үгийг Баррент өлгөж аваад:
-Нээрээ тийм, хэн буудаллах вэ дээ? гэж хэлэв.
-Би хэтрүүлээд уучихсан бололтой.
-Одоо чинь уудаг хүн ч гэж байхаа больсон. Та ер нь яах гээд хүний янз үзээд байгаа хүн бэ?
Бүлэгт өөрт нь зааж байсан аргын дагуу мань хүн хариуд нь:
-Яах гээд таны янзыг үзээд байгаа юм бэ гэж үү гээд дахин асуугаад авлаа.
Нөгөө эр хөмсөг зангидан өөдөөс нь ширтэж байлаа.
-Би бараг мэдчих шиг боллоо. Та бол Санал асуугч байна.
Баррент хариуд нь:
-Мнхн гэсэн юу ч ойлгогдохгүй зүйл хэлж орхилоо.
-За тэр тэгж л таараа. Хүмүүсийн санаа бодлыг ухаж мэддэг хүмүүсийн нэг нь өөрөө юм байна тийм үү? гэж нөгөө хүн өөрийнхөө бодлыг бататгах гэв.
-Их ажигч гярхай таамаг байна шүү гэж Баррент санал нийлэв.
-Ядаад байх юм алга. Санал асуугчид чинь дандаа л янз бүрийн зүйлсэд хүмүүс хэрхэн хандаж байгааг мэдэх гэж явдаг улс. Санал асуугчийн дүрэмт хувцастай байсан бол өөрийг чинь шууд хараад л мэдэх байлаа.
Эрэгтэй хүн ахиад л хөмсгөө зангидаад эхэллээ.
-Та яагаад дүрэмт хувцсаа өмсөөгүй юм бэ?
-Шинээр ажилд орсон хүн гэмээр юм уу даа. Дүрэмт хувцас ч авч амжаагүй явна гэж Баррент тайлбарлав.
Нөгөө эрэгтэй хариуд нь:
-Яаралтай авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол иргэд таны нийгэм дэх зиндааг яаж тодорхойлох болж байна гэж их л сургамжлангуй аястай хэлэв.
-Эрхэм ээ, тусалсанд чинь талархаж байна. Ойрын хугацаанд танаас ахиад яриа авч саналыг чинь сонирхож магадгүй юм.
Нөгөө эр хариуд нь:
-Дуртай үедээ асуугаарай гэж хэлчихээд эелдгээр ёслоод яваад өгөв.
Баррент харин Санал асуугч гэдэг бол өөрт нь хамгийн тохиромжтой мэргэжил юм байна гэж шийдлээ. Мэргэжлийнхээ дагуу хүмүүстэй уулзаж, асуулт тавиад, Дэлхийн амьдралыг судлах эрхтэй. Гэхдээ хэтэрхий илэрхий зүйл асуугаад байлгүй, болгоомжтой байх хэрэгтэй нь мэдээж.
Харин одоо бол Санал асуугчийн дүрэмт хувцсыг авах хэрэгтэй. Ядаж байхад түүнд ямар ч мөнгө байсангүй. Мөнгө нь ямаршуу байдалтай юу байдгийг ч Бүлгийн хүмүүс санаж чадаагүй. Гэхдээ хэрэг гарвал ийм бэрхшээлийг давж гарах тодорхой эд зүйлсээр хангаж өгсөн. Ингээд Баррент ойролцоох дэлгүүрт хөл тавилаа.
Дэлгүүрийн эзэн цэнхэр нүдтэй намхан хүн Баррентийг эелдэг инээмсэглэлээр угтлаа.
-Би Санал асуугчийн дүрэмт хувцас авмаар байна. Дөнгөж саяхан сургалтаа төгсөөд.
-Тэгэлгүй яах вэ эрхэм ээ. Шууд наашаа ирсэн чинь зөв болж. Энэ дэлгүүрүүдээр ердөө л нэг муу... байдаг хэдэн мэргэжлийн дүрэмт хувцас л байдаг юм. Харин энд Жулий Уондорсоны компаниас Иргэний Зиндааны Жагсаалтанд багтсан үндсэн 520 мэргэжлийн дүрэмт хувцсыг санал болгож байгаа юм. Би бол Жулий Уондерсон л доо.
-Их сайн байна. Танайд надад таарах хувцас байна уу? гэж Баррент хэлэв.
-Мэдээж байлгүй яах вэ гэж Уондерсон уулга алдав.
-Та өдөр тутмынх хэрэгтэй юу эсвэл тусгай нь хэрэгтэй юу?
-Өдөр тутмынх нь болно доо.
-Шинээр Санал асуугч болж байгаа хүмүүсийн дийлэнх нь тусгай дүрэмт хувцас гээд л байдаг юм даа уг нь. Бага зэрэг илүү мөнгө төлөөд л илүү их хүндлэл хүртэнэ шүү дээ.
-Тэгвэл би тусгай дүрэмт хувцас авъя даа.
-Ойголоо эрхэм ээ. Хэрэв өөрт чинь хүлээх боломж байгаа бол хэдхэн өдрийн дараанаас үйлдвэрийн шинэ загвар ирэх юм л даа. Гэрийн аргаар нэхсэн давуугаар хийсэн, жинхэнэ цэвэр товчтой.
-Тэгвэл би ирж авна аа. Харин тэр болтол байгаа юмнаас чинь авмаар байна гэж Баррент хэлэв.
-Тэгэлэгүй яах вэ эрхэм ээ гэж Уондерсон хэлэв. Гэхдээ л нуухыг хичээж байсан ч сэтгэл нь гонсгор байгаа нь илт.
-Та ийшээ.
Хэд хэдэн хувцас сольж үзэсний дараагаар энгэр дээрээ нарийн цагаан судалтай ажил хэргийг хар костюмыг Баррент сонгон авлаа. Нүд нь дадаагүй болоод ч тэр үү банкны ажилтан, ногоочин, албан хаагч гээд бусад мэргэжлийн хүмүүст Уондерсоны санал болгож байгаагаас өөрийнх нь хувцас ямар ч ялгаагүй гэж санагдаад байлаа. Харин Уондерсоны хувьд нь ялгаа нь Омега дээрх зиндааны тэмдэг шиг л илэрхий зүйл байв.
-За яг таарч байна шүү эрхэм ээ. Их сайхан зохиж байна. Баталгаат хугацаатай. Ердөө гучин ес ерэн тав.
-Тэгэж байна шүү. Харин одоо мөнгөний тухай яриа байна гэж Баррент хэлэв.
-Би сонсож байна эрхэм ээ?
-Надад мөнгө байдаггүй.
-Үнэхээр байхгүй гэж үү, эрхэм ээ? Их хачирхалтай юм.
-Тэр ч үнэн шүү гэж Баррент зөвшөөрлөө.
-Гэхдээ надад зарим нэг үнэт зүйлс байна л даа гэж хэлээд Бүлэг Хоёрын өгсөн бадмаараг эрдэнэ бүхий хоёр бөгж гаргаж ирэв.
-Энэ бол жинхэнэ бадмаараг эрдэнэ гэдгийг эрдэнэсийн мэргэжилтэн ямар ч хүн батлаад өгч чадна. Намайг тооцоо хийх мөнгө олох хүртэл та нэгийг нь авч байж болно гэвэл...
-Гэхдээ эрхэм ээ, бадмаараг эрдэнэ чинь өөрийн гэсэн үнэ цэнэтэй байхаа болиод удаж байна шүү гэж Уондерсон ихэд гайхан хэлэв.
-Вон Блоныг дутагдлын концепцийг үгүйсгэсэн үндсэн бүтээлээ бичсэн хорин гурван оноос хойш....
Баррент юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан болохоор:
-Тэр ч тийм л дээ гэж бувтнахаас өөр юм хэлж чадсангүй.
Уондерсон бөгжнүүдийг сонирхож үзлээ.
-Таны хувьд их дурсамжтай эд байх л даа тийм үү?
-Хэлээд юу гэх вэ. Манай гэр бүлийнхэн удам дамжуулан үлдээсээр ирсэн түүхтэй...
-Тэгвэл би наадуулыг чинь танаас авч чадахгүй юм байна гэж Уондерсон хэллээ.
-Эрхэм ээ та битгий маргаарай. Таны гэр бүлийн чинь үнэт дурсгалыг булаагаад авчихвал шөнө унтаж чадахгүй юм болно.
-Гэхдээ төлбөрөө яадаг хэрэг вэ?
-Хэдийд боломжтой цагтаа ирж төлбөрөө хийгээрэй.
-Намайг огт танихгүй байж итгэж байна гэж хэлэх гээд байна уу?
-Мэдээж шүү дээ гэж хэлээд Уондерсон инээмсэглэлээ.
-Санал асуугч та намайг шалгаад байна уу даа? Манай соёл иргэншил итгэл үнэмшил дээр суурилдаг гэдгийг хүүхэд хүртэл мэднэ. Танихгүй хүн өөрийгөө шударга хүн биш гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр, бүрэн нотлон харуулахн хүртэл шударга хүнтэй адил хандаж харьцах ёстой байдаг. Энэ бол аксиом.
-Таныг хэзээ ч мэхэлж байгаагүй юу?
-Хэзээ ч. Орчин үед гэмт хэрэг гэж гарахаа байсан.
-Тэгвэл Омегаг юу гэх вэ?
-Өршөөгөөрэй юу гэнэ ээ?
-Гэмт хэрэгтэн хоригдлуудын амьдардаг гараг Омега. Та энэ гарагын тухай сонссон л байлгүй дээ.
-Магадгүй л юм гэж Уондерсон их болгоомжтой хэлэв.
-Тэгэхээр яг нарийндаа бол гэмт хэрэг барагтай бол гарахаа байсан гэвэл үнэн болох байх. Хоёр тэрбум хүний дотроос жилдээ 10-12 ихгүй цөөн тооны төрөлхийн гэмт хэрэгтэн хүмүүс яаж ийж байгаад л гараад ирнэ шүү дээ гэж хэлээд худалдагч эр маасайтал инээмсэглэлээ.
-Миний хувьд бол гэмт хэрэгтэнтэй таарна гэсэн магадлал бараг байхгүй гэмээр очүүхэн бага.
Дэлхий ба Омегагийн хооронд тогтмол аялдаг хөлгүүдийн талаарх Баррент бодлоо. Энэ Уондерсон ер нь ийм тоо хаанаас олж үзсэн юм бол доо? Ер нь ингэхэд тэр цагдаа нь хаагуур явна аа? Хөлгөөс буусан цагаасаа хойш дүрэмт хувцастай хүнтэй ер таараагүй явж байлаа.
-Танд их баярлалаа. Би мөнгөө аль болох хурдан өгөхийг хичээнээ.
Уондерсон хариуд нь:
-Тэгэлгүй яах вэ, тэгэлгүй яах вэ гэж хэлээд гарыг нь их халуун дотноор атган сэгсэрлээ.
-Та дуртай үедээ өгөөрэй эрхэм ээ. Яарах хэрэг ер байхгүй.
Баррент хариуд нь түүнд ахин талархал илэрхийлээд дэлгүүрээс гарлаа. Одоо бол мань хүн ямар ч байсан мэргэжилтэй гэж байгаа. Бас дээр нь хязгааргүй зээл тавих эрхтэй. Анх таарч байгаа хүнд бол шууд л диваажин гэж санагдахаар гараг дээр хүрээд ирчихжээ. Гэвч утопи, боломжгүй зүйлийг хүчээр болгосон юм болгонд байдаг зарим нэг зөрчлийг энэ нийгэм өөртөө тээж байлаа. Ойрын хэдэн өдөр тэр бүх зөрчлийнх нь талаар илүү ихийг олж мэднэ гэж мань хүн найдаж байлаа.
Ямар ч байсан эхний ээлжинд Баррент зочид буудал олоод, долоо хоногийн хугацаатайгаар зээлээр өрөө хөлслөөд авлаа.
26
Баррент өглөөгүүр номын сан зүглэлээ. Юу хайж, юу хүлээж болох тухай төсөөлөлтэй болохын тулд дэлхийн иргэншлийн түүхтэй танилцах шаардлагатай байв.
Түүхийн тухай номнууд хадгалагдаж байдаг нийтэд хаалттай хэсэгт орох боломжийг Санал асуугчийн дүрэмт хувцас нь олголоо. Гэтэл номнуудад нь дийлэнхдээ цөмийн зуунаас өмнөх үеийн тухай л өгүүлсэн байх тул мань хүний сэтгэл гонсойно. Номнуудыг эргүүлэн суух зуур бүдэг бадаг ой санамж нь бага багаар сэргэж байлаа. Уншиж байхдаа мань хүн Эртний Грекээс Ромын эзэнт гүрэн хүртэл, Дундад зуунаас Норманчуудын байлдан дагуулал, Гучин жилийн дайн хүртэл гүйлгэж хараад дараа нь шууд Наполеоны эрин үе рүү орсон ч ойлгож л байлаа. Дэлхийн дайнуудын тухай илүү анхааралтай уншиж үзэв. Гэвч харамсалтай нь номнууд яг ингээд дуусаад байв.
Баррент удаан гэгч нь хайж байж Артур Уитлерийн бичсэн “Дайны дараах үеийн сонголт хийх шаардлага. 1-р боть” гэсэн жижигхэн судалгааны ажлыг оллоо. Энэ бүтээл нь бусдын дуусдаг тэр газраас, Хирошима, Нагасаки дээр бөмбөг дэлбэрсэн тэр хэсгээс эхэлж байв. Баррент сууж аваад уншиж гарлаа.
Цөөн хэдэн тооны үндэстэн цөмийн ба халуун цөмийн зэвсэг эзэмшиж байсан 50-иад оны үеийн хүйтэн дайны тухай мань хүн олж мэдэв. Тэртээ дээр үед л олонхийг аялдан дагах үзлийн эхлэл нь тавигдсан гэж зохиогч нотолжээ. Америкийн нэгдсэн улс коммунизмыг бүх хүчээ дайчлан эсэргүүцнэ. Харин Орос Хятад хоёр капитализмыг хамаг хүчээ дайчлан эсэргүүцнэ. Дотоодын аюулгүй байдлыг хангах зорилгоор засгийн газрууд нь ухуулга, үзэл суртлын хамгийн сүүлийн үеийн аргачлалуудыг зэвсэглэлдээ авч эхэлсэн байна. Албан ёсны үзэл номлолыг үг дуугүй даган мөрдөхийг иргэдээсээ шаардана. Бие хүнд ирж байгаа дарамт улам бүр хүчтэй, улам бүр нарийн болж иржээ.
Тэгсээр дайны аюул өнгөрсөнд үлдэж. Дэлхийн олон олон улсууд нэгэн супер гүрэн болон нэгдэж эхэлсэн байна. Гэтэл бие хүнд ирэх дарамт нь багасахын оронд бүр ч ихээр нэмэгдэх болж. Хүн амын тоо хяналтгүй өсөлт, үндэстэн ба угсаатан хоорондын асуудал нь ингэж нэмэгдэх гол шалтгаан болсон байна. Улмаар хэтэрхий олон бүлэглэлүүд асар хүчтэй устөрөгчийн зэвсэгт хүрэх боломжтой болсон тул хоорондын санал зөрөлдөөн нь үхлийн аюул дагуулсан зүйл болж болох байлаа.
Ийм нөхцөлд тогтсон нэг хэм хэмжээнээс ялгаатай зан байдал нь тэвчиж болшгүй зүйл болон хувирчээ.
Ингэсээр бүгдийг нэг хэв, нэг хэмжээ, нэг маягт цутгах явц эцсийн бүлэгт амжилттай дууссан байна. Сансар огторгуйг эзэмших ажил ч үргэлжлэн явагдаж байжээ. Гэтэл дэлхийн олон тооны тогтолцоо, институцууд үргэлжлүүлэн хөгжиж, боловсронгуй болохоо больсон байна. Орчин үеийн иргэншил нь дундад зууныхаас илүүтэй хөшүүн, явцуу болж таарсан бөгөөд тогтсон заншил, зуршил, үзэл бодлоос ялгаатай бүхнийг нухчин дарж байлаа. Өөр үзэл бодолтой байхыг аллага, эсвэл санаатай гал тавихаас дутахааргүй хүнд гэмт хэрэг гэж үзнэ. Шийтгэл нь ч мөн адил. Нууц цагдаагийн газар, улс төрийн цагдаагийн газар, нууц мэдээлэгчид гээд хэрэглэж болох бүгдийг хэрэглэж байв. Аялдан дагалдагч хүнийг хүмүүжлэх гэсэн цорын ганц агуу зорилгод хүрэхийн төлөө хэрэглэж болох бүгдийг хэрэглэж эхэлжээ.
Зөрүүдлээд байгаа хүмүүсийг бол харин Омега руу.
Цаазаар авах ялыг аль эрт халсан болохоор шорон гэмт хэрэгтнүүдээр багтах газаргүй болтлоо дүүрчихээд байж. Тиймээс Франц улсаас Гвиней ба Шинэ Каледонид, Британиас Австрали ба Хойд Америкт ашигласан системийг хуулбарлаад гэмт хэрэгтнүүдийг тусдаа гараг руу ачиж байхаар шийдвэрийг эцэст нь гаргасан байна. Дэлхий дээрээс Омегаг удирдах боломжгүй, эрх баригчид удирдах гэж хичээж ч байсангүй. Зөвхөн гэмт хэрэгтнүүдийг тэндээс оргуулахгүй байх тал дээр л анхаарал тавьсан байна.
Эхний боть нь энэ хүрээд дуусч орхилоо. Хамгийн сүүлд нь хийсэн тайлбар дээр дараагийн боть нь орчин үеийг судлахад зориулагдсан гэжээ. Тэр боть нь “Зиндаархуу иргэншил” гэсэн нэртэй юм.
Хоёрдугаар ботийг номын сангаас хайгаад олсонгүй. Ботийг олон нийтийн аюулгүй байдлын төлөө устгасан болохыг номын санч эр Баррентэд хэлэх нь тэр.
Баррент жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд орж, дамнуур сандалд суугаад газар ширтэн байж бүгдийг сайтар тунгаан бодохыг хичээлээ.
Мань хүн Уитлерийн номон дээр дүрслэн бичсэн яг тэр байдлыг Дэлхий дээр олж харна гэж бодож байсан. Цагдаагийн дэглэмтэй улс, алхам бүрийг хянасан мөрдлөгө, хэрцгий хэлмэгдүүлэлт ба түүнийг эсэргүүцэх улам бүр хүчээ авч байгаа эсэргүүцэлд тэрээр бэлтэгдсэн байлаа. Гэтэл тэр бүхэн нь өнгөрсөнд үлдчихэж. Мань хүн одоо болтол ядаж харуулын цэрэг ч олж харсангүй. Таарсан хүмүүст хавчигдаж мөрдөгдсөн шинж огт үгүй. Харин ч яг эсрэгээрээ... Энэ бол тэс өөр ертөнц юм.
Гэхдээ жилээс жилд Дэлхийн тухай юу ч санахаа байсан хоригдлууд бөөн бөөнөөрөө тасралтгүй ирсээр байгааг эс тооцвол шүү дээ. Хэн тэднийг баривчилсан юм бол? Хэн шүүсэн болж таарах уу? Ямар нийгэм нь тэднийг төрүүлээ вэ?
Энэ бүхний хариултыг өөрөө л олж авах хэрэгтэй болжээ.
27
Баррент өглөө эртлэн мөрдлөгөө эхэллээ. Төлөвлөгөө нь тун энгийн байв. Айлын хаалга тогшоод асуулт тавина, гэхдээ, хөгжлийн ерөнхий хөгжлийг тодорхойлох зорилготой хачирхалтай, тэнэг асуултууд нь ердийн чухал асуултуудтай хослоно гэдгийг урьдчилан анхааруулна. Ийм аргаар Баррент сэжиг төрүүлэлгүйгээр дурын сэдвийг хөндөж болно.
Төрийн албан хаагч хэн нэгэн хүн таарвал баримт бичгээ үзүүлэхийг шаардаж болзошгүй гэсэн нэг аюул энд бас байлаа. Гэхдээ азаа үзэхээс өөр арга байсангүй.
Асуулгын үр дүн нь үнэхээр санаанд оромгүй хачин болж таарав.
( Иргэн А.Л.Готхрейд, эмэгтэй, 55 настай, эрхэлдэг ажил нь гэрийн эзэгтэй. Ихэмсэг ч гэлээ эелдэг хүн.)
-Та миний нийгмийн давхарга ба зиндааны тухай асуух гээд байгаа юм байна. Зөв үү?
-Тийм ээ, хатагтай.
-Санал асуугчид та нар ер нь дандаа л нийгмийн анги давхарга, зиндааны тухай асууцгаах юм аа. Залхдаггүй юм уу? За тэр ч яах вэ.... Бүгд адил тэгш болохоор зөвхөн ганц анги, давхарга гэж бий. Тэр нь дундаж. Дундаж давхаргын дээд, доод ба дунд гэсэн ямар хэсэгт тухайн хүн хамаарч байна вэ гэдэг л асуудлын гол нь юм.
-Тэгээд тэрийг нь яаж тодорхойлох уу?
-Биеэ авч явж байгаа байдлаар. Хоол яаж идэж, яаж хувцаслаж, олны өмнө ямаршуу авир маяг гаргаж байгаагаар нь. Дундажын дээд давхаргыг гэхэд л ямар ч үед хувцсаар алдаагүй таньж болно.
-Ойлголоо. Тэгвэл дундаж дунд давхаргыг?
-Яах вэ, юуны өмнө тэдний уран бүтээлч эрч бага. Бэлэн хувцас өмсдөг бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун явдаг. Орон байрандаа хандаж байгаа байдал нь ч бас илэрхий. Гэхдээ уран бүтээлийн онгодгүйгээр гоёж чимэхийг бол тооцохгүй төдийгүй ийм зан зөвхөн сагсуу юмнуудыг л зааж өгдөг юм шүү дээ. Дундын дээд давхаргын хүн ийм юмыг бол гэртээ хүлээж авах ч үгүй.
-Иргэн Готхрейд танд баярлалаа. Харин та өөрийнхөө зиндааг юу гэж тодорхойлох вэ?
-(Үл мэдэг эргэлзсэн байртайгаар) Юу л даа, би энэ талаар ер нь нэг их бодож байгаагүй юм байна. Дундажын дээд л болж таарах байх даа.
***
(Иргэн Дрейстэр, эрэгтэй, 43 настай, эрхэлдэг ажил нь гутлын худалдагч. Овор багатай царайтай, цэх нуруутай.)
-Тийм ээ, эрхэм ээ. Мира бид хоёр сургуулийн насны гурван хүүхэдтэй. Бүгд хүү.
-Тэдний боловсрол юунаас бүрдэж байдаг тухай та хэлж өгөхгүй юу?
-Тэд бичиж, уншиж, шударга иргэн байж суралцдаг бөгөөд одоо өөр өөрийн мэргэжилд суралцаад эхэлчихсэн байгаа. Том нь удмаа дагаад гутал зарна. Нөгөө хоёр нь эхнэрийн удмыг дагаад хүнсний бараа, бөөний худалдаагаар явна даа. Үүнээс гадна тэд хэрхэн зиндаанд хүрч, хүрснээ хадгалах ёстойд суралцдаг юм. Үүнийг нээлттэй ангиудад заадаг.
-Өөр ангиуд гэж бас байдаг юм уу?
-Хаалттай гэж байдаг нь мэдээж шүү дээ. Хүүхэд болгон хаалттай ангид хичээлд суудаг.
-Тэнд тэгээд юу үздэг юм бол?
-Мэдэхгүй юм.
-Хүүхдүүд энэ ангиудын тухай хэзээ ч ярьж байгаагүй гэж үү?
-Үгүй. Тэр ангиудаас бусад бүх зүйлийн тухай ярьдаг юм.
-Тэгвэл тэр ангиудад юу болж байдаг талаар танд төсөөлөл байна уу?
-Харамсалтай нь байхгүй. Магадгүй, энэ зөвхөн таамаг юм шүү, магадгүй тэнд шашны хичээл заадаг байж болох юм. Гэхдээ багшаас нь асуусан нь дээр л дээ.
-Баярлалаа танд, эрхэм ээ. Та өөрийнхөө зиндааг юу гэж тодорхойлох вэ?
-Мэдээж дундаж... дундажын.
***
(Иргэн Мариан Морган, эмэгтэй, 51 настай, эрхэлдэг ажил нь сургуулийн багш. Өндөр, ясархаг хүн.)
-Манай заавал үзэх ёстой хөтөлбөрийн тухайд бол ингээд л боллоо доо эрхэм ээ.
-Хаалттай ангиудаас бусад уу?
-Ойлгосонгүй?
-Та хаалттай ангиудыг дурдсангүй.
-Хэлж чадахгүй байх гэж эмээж байна.
-Яагаад тэр билээ Ирган Морган.
-Ам алдуулах гэсэн асуулт уу? Багш нарыг хаалттай ангиуд руу оруулдаггүй гэдгийг бүгд мэднэ.
-Тэгвэл хэнийг оруулдаг юм бэ?
-Хүүхдүүдийг л байхгүй юу.
-Тэгвэл хүүхдүүдэд хэн заадаг юм бэ?
-Энэ талаар засгийн газар анхаарал тавьдаг юм.
-Тэр ч ойлгомжтой. Гэхдээ яг хэн хичээл заадаг юм бол?
-Ёстой мэдэхгүй юм байна, эрхэм ээ. Надад ер хамаагүй. Хаалттай ангиуд бол олон жилийн түүхтэй, хүндлэл хүлээсэн байгууллага юм. Магадгүй шашин шүтлэгтэй холбоотой байж болох юм. Ямар ч байлаа гэсэн надад хамаагүй. Ер нь тэгээд өөрөө хэдий лут Санал асуугч байлаа ч гэсэн таны хэрэг бас биш юм шүү залуу минь.
-Танд баярлалаа.
***
(Иргэн Эдгар Ниф, эрэгтэй, нас 107, эрхэлдэг ажил нь халаандаа гарсан цэргийн хүн. Хүйтэн цэнхэр нүдтэй, өндөр, халзан хүн.)
-Та юу гэнэ ээ? Уучлаарай жаахан чанга ярихгүй юу.
-Зэвсэгт хүчний тухай. Юу асуусан бэ гэхээр...
-Одоо саналаа. Тийм ээ, залуу минь би Дэлхийн зэвсэгт хүчний байнгын нэгтгэлийн харьяа Хойд Америкийн Сансрын 21-р бүлэглэлийн хурандаа явсан.
-Та тэгээд халаандаа гараа юу?
-Үгүй ээ, алба минь намайг халсан юм?
-Эрхэм ээ, ойлгосонгүй?
-Сонссоныг чинь хэллээ. Энэ явдал жаран гурван жилийн өмнө болсон юм. Зэвсэгт хүчин татан буугдсан.
-Яагаад?
-Тулалдах хүн байхгүй болсон. Ямар ч байсан тэр үед бидэнд тэгэж тайлбарласан юм. Ёстой тэнэг. Дайсан хаанаас гарч ирэхийг хэзээ ч тааж хэлэх боломжгүй гэдгийг хашир цэргүүд бид сайн мэддэг юм шүү дээ. Одоо ч гэсэн дайсан гараад ирж магадгүй. Тэгвэл ер нь яах болж байна аа?
-Армийг ахин бүрдүүлж болох уу?
-Тэгвэл сайнсан. Гэхдээ одоо үеийнхэн алба хаана гэж юу байдгийг мэдэх биш дээ. Над шиг хөгшин төгцөгүүдийн эс тооцвол дарга нар ч үлдээгүй. Бодит чадалтай зэвсэгт хүчнийг бий болгохын тулд олон жил шаардагдана.
-Тэгвэл Дэлхий одоохондоо гадны дайралтын эсрэг яаж ч чадахгүй юм байна шүү дээ?
-Тийм. Цагдаагийн нэгтгэлүүд гэж байдаг ч буудалцаад эхэлбэл тэдний найдвартай байдлын талаар тун ч их эргэлзэж байна.
-Та цагдаагийн газрын тухай ярьж өгч чадахсан болов уу?
-Юу ч мэдэхгүй юм байна. Армийн бус асуудлуудыг би хэзээ ч сонирхож байгаагүй хүн.
***
(Иргэн Мартин Хоннерс, эрэгтэй, нас 31, эрхэлдэг ажил нь үгээр илэрхийлэгч. Жаахан хүүхдийн шударга царай, алтан шаргал үстэй туранхай, сулбагар хүн. )
-Иргэн Хоннерс та үгээр илэрхийлэгч үү?
-Тийм ээ, эрхэм ээ. Гэхдээ ер нь бол таныг зөвшөөрвөл “зохиогч” гэсэн үг илүү оновчтой л доо.
-Зөвшөөрөлгүй яах вэ. Иргэн Хоннерс та тогтмол хэвлэлүүдтэй хамтран ажилладаг уу?
-Хаанаас даа. Тэнд ч дундын доод давхаргын хачин тэнэг хүсэлд нийцүүлсэн юм бичдэг ямар ч чадваргүй, авьяасгүй юмнууд ажилласан дүр үзүүлдэг юм. Танд гэж хэлэхэд бүх өгүүллэгүүдийг чинь хорь бас хорин нэгдүгээр зууны нэртэй зохиолчдын зохиолоос нь мөр мөрөөр нь авч нийлүүлээд бүтээдэг юм байхгүй юу. Тэр муусайн цаас сараачигчид чинь зүгээр л үгийнх нь дарааллыг өөрчилдөг юм шүү дээ. Хааяадаа ганц нэг нь үйл үг, эсвэл бүр нэр үг зохиодог юм. Хааяа нэг гэж дахин хэлмээр байна.
-Та бол тийм ажил хийдэггүй юм уу?
-Огт хийдэггүй. Миний ажил бол ашиг хөөсөн ажил биш. Би бол Конрадын бүтээлийн Туурвигч Мэргэжилтэн хүн.
-Тайлбарлаад өгөхгүй юу?
-Дуртайяа. Би цөмийн эрин үеэс өмнө амьдарч байсан зохиолч Жозеф Конрадын бүтээлийг дахин туурвидаг юм.
-Та тэгээд тэр бүтээлүүдийг нь яаж дахин туурвидаг юм бэ, эрхэм ээ?
-Одоогоор бол би “Захирагч Жим” бүтээлийн тав дахь удаагийн дахин туурвил дээр ажиллаж байна. Эх бүтээлийн санааг аль болох гүн ухаж, нягтлан уншаад дараа нь Конрад өөрөө өнөөдөр амьдарч байсан бол яаж бичих байсан яг тэр байдлаар нь өөрчлөн бичдэг юм. Энэ бол хүнээс асар их хичээл зүтгэл, уран сайхны мэдрэмж шаардсан ажил. Конрадын ашигладаг үгсийн сан, хөнддөг сэдэв, зан ааш гээд бүгдийг төгс мэдэж байх шаардлагатай байдаг юм. Ингэж байж л зохиол нь зүгээр нэг хоосон дуурайлт төдий бус, харин өөр ямар нэг шинэ уур амьсгалтай болно.
-Таны уран бүтээлийн дараагийн төлөвлөгөө ямар байна?
-“Захирагч Жим”-ийг дахин туурвисныхаа дараа амрах санаатай байгаа. Тэгээд дараа нь Конрадын тийм ч их нэрд гараагүй бүтээл болох “Малатын газрын эзэн” бүтээлийг нь дахин туурвина даа.
-Ойлголоо. Дахин туурвилт нь урлагийн төрлүүдийн заавал дагадах дүрэм үү?
-Энэ бол ямар салбарыг сонгон авснаас үл хамаараад жинхэнэ уран бүтээлч хүн бүтээлээ туурвихдаа заавал хүрэх ёстой зорилго нь байдаг юм. Урлаг гэдэг бол тун ч харгис амраг юм шүү.
***
(Иргэн Уиллис Уэрка, 8 настай, хийдэг ажил нь сурагч. Баяр баясгалантай, хар үстэй жаал хүү.)
-Уучлаарай ноён Санал асуугчаа, аав ээж хоёр гэртээ байхгүй байна л даа.
-Зүгээр Уилли. Би чамаас хэдэн зүйл асуувал чи дургүйцэхгүй биз дээ?
-Мэдээж. Ноёоноон таны пиджакны цаанаас юу товойгоод байгаа юм бэ?
-Чи дургүйцэхгүй бол Уилли минь би асууя. Чи сургуульд явах дуртай юу?
-Яах вэ дээ.
-Тэнд юу заалгадаг юм бэ?
-Яах вэ дээ дандаа заадаг юмнуудыг. Унших, бичих, зиндаа тодорхойлолт, тэгээд бас урлагийн багц, хөгжим, уран барилга, утга зохиол, бүжгийн жүжиг, театр гээд л.
-Тэгнэ л дээ. Наадуул чинь нээлттэй ангиудынх уу?
-Мэдээж.
-Чи хаалттай ангид очдог уу?
-Өдөр болгон. Наад төвийгөөд байгаа юм чинь гар буу юу?
-Үгүй дээ, хувцас сайн таарч өгөхгүй байгаа юм. Ингэхэд хаалттай ангид юу хийдэг тухайгаа надад ярьж өгөхийг хүсч байна уу?
-Яагаад болохгүй гэж?
-Тэгээд тэнд юу болдог юм бэ?
-Би санахгүй байна аа.
-Уилли...
-Нээрээ ноён Санал асуугчаа. Бид бүгд ангид ороод хоёр цагийн дараа гарч ирдэг. Тэгээд л гүйцээ. Өөр юу ч санаж чадахгүй байна. Бусад хүүхдүүдтэй ярьж үзсэн. Тэд бас л мартчихдаг юм байна лээ.
***
(Иргэн Кучлан Дент, эрэгтэй, 37 настай, хийдэг ажил нь зохион бүтээгч. Наснаасаа эрт халзарсан, ёжтой харцтай хүн.)
-Тийм ээ, зөв. Би тоглоомон дээр мэргэшсэн. Өнгөрсөн жил “Трианглдахгүй бол чинь ...” гэдэг тоглоом зохион бүтээсэн л дээ. Харж байгаагүй юу? Их нэрд гарсан даа.
-Үгүй л болов уу.
-Уг нь бол ухаан шаардсан тоглоом л доо. Сансарт нисч байгаад орон зайн баримжаа алдаж байгаа нөхцөл байдлыг дуурайлгадаг юм. Тоглогчдын компьютерт дутуу мэдээлэл өгөөд, сайн тогловол нэмэлт мэдээлэл өгдөг. Аюултай байдалд орвол торгуультай. Баахан анивчсан гэрэл энэ тэртэй. Их сайн эд дээ.
-Иргэн Дент та өөр юу зохиосон бэ?
-Залуу байхдаа сайжруулсан хадагч зохиож байсан. Үр ашгаараа бол өмнөх загваруудаас гурван дахин илүү байсан байсан юм. Тэгэхээр нь зарж борлуулах бүрэн боломжтой юм байна гэж үнэхээр бодож байсан шүү, нээрээ.
-Зарж чадсан уу?
-Мэдээж үгүй. Патентийн товчоонд зөвхөн тоглоомын хэсэг гэж л байдгийг тэр үед мэдээгүй байсан юм.
-Сэтгэлээр унасан уу?
-Анхандаа ч тэгсэн. Гэхдээ дараа нь одоо байгаа загварууд хангалттай сайн юм гэдгийг ойлгосон. Илүү үр ашигтай, эсвэл энгийн төхөөрөмж зохион бүтээх шаардлага байхгүй. Бид одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байдаг. Тэгээд ч шинэ бүтээл ямар ч хэрэггүй. Дэлхий дээрх үхэл ба төрөлтийн түвшин тогтвортой болохоор бүх юм хангалттай хүрэлцээтэй. Шинэ төхөөрөмж үйлдвэрлэн гаргахын тулд бүхэл бүтэн үйлдвэрийг шинээр тоноглох шаардлагатай болно. Гэтэл бүх үйлдвэрүүд автомат ажиллагаатай, өөрөө өөрийгөө тохируулдаг болохоор ингэх бараг боломжгүй. Тийм ч учраас тоглоомын салбараас бусад бүх салбарт шинэ зүйл зохион бүтээхэд түр хориг тавьсан юм.
-Та тэгээд энэ талаар ямар бодолтой байна?
-Бодолсоод байх юу байх вэ? Нэгэнт л ийм юм болчихсон юм чинь.
-Та энэ байдлыг өөрчлөхыг хүсч байна уу?
-Хүссэн ч болно шүү дээ. Гэхдээ зохион бүтээгч болохоор би хүссэн хүсээгүй тогтворгүй элементүүдэд хамаардаг юм чинь.
***
(Иргэн Барн Трентен, нас 41, хийдэг ажил нь цөмийн инженер, сансрын хөлөг зохион бүтээх мэргэжилтэн. Гунигтай нүдтэй, бухимдсан сэтгэгч.)
-Ажил дээр юу хийдгийг минь мэдэх гээд байгаа юм уу? Юу ч хийдэггүй ээ. Ухаанаа зарчих юу ч алга, дэмий л нэг газраа ээрч явна. Дүрмийн дагуу бол автоматаар явагддаг нэг үйлдэл болгонд нэг хүн ноогддог. Тэгээд хийдэг юм гэвэл би зүгээр л байж байдаг юм.
-Иргэн Трентен та дургүй байх шиг санагдаад байна.
-Тийм ээ. Би цөмийн инженер болохыг хүссэн, түүний төлөө ч суралцсан. Гэтэл төгссөнийхөө дараа сурсан зүйл минь тавин жилийн өмнөх, хуучирсан, дээр нь хэнд ч хэрэггүй болохыг олж мэдсэн.
-Яагаад?
-Яагаад гэвэл бүх юм автоматчлагдсан. Хүн амын ихэнх нь үүнийг мэддэг эсэхийг мэдэхгүй ч тийм л байна. Түүхий эд олборлохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах хүртэлх бүх дамжлага автоматчлагдсан. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоог хянахын тулд л хүн хэрэгтэй. Гэтэл тэр тоог нь хүн амын тоо тодорхойлоод өгчихдөг. Тэгэхээр энд хүртэл хүний оролцоо хамгийн бага.
-Төхөөрөмжүүдийн зарим эвдэрвэл яах вэ?
-Засдаг роботууд гэж байдаг.
-Тэд нар нь бас эвдэрвэл яах уу?
-Тэр муусайн хараал идсэн төмөрнүүд чинь өөрсдийгөө засваралдаг юм. Би ойр хавьд нь зогсож байхаас өөр нэмэргүй.
-Та ажлаа сольвол яадаг юм бэ?
-Ямар ч нэмэргүй. Бусад газар ч яг ийм байдалтай, зүгээр л өөрсдөө ч ойлгохгүй автомат үйл явцын хажууд зогсохоос цаашгүй гэдгийг нь би шалгаж үзсэн. Дурын салбарыг нэрлэвэл эсвэл ажиглагч инженер, эсвэл хэн ч биш.
-Сансар судлал ч ийм байдалтай байгаа юу?
-Асуух юу байна. Сүүлийн тавин жилд нэг ч нисгэгч дэлхийгээс хөөрөөгүй. Удахгүй тэд сансрын хөлөг яаж жолооддогийг мартацгаана.
-Ойлгомжтой. Бүх зүйл автоматжлагдсан ... Тэгэвэл гэнэтийн, төлөвлөгдөөгүй зүйл болвол яах вэ?
-Хэлэхэд хэцүү л юм. Сансрын хөлөг программчлагдаагүй нөхцөл байдалд орвол ямар ч байсан түр хугацаанд ажиллагаагүй болно. Тэнд зохистой сонголт хийлтийн селекторууд байдаг байх гэж би бодож байгаа ч тэд нарыг шалгаж, туршиж үзсэн нь юу л бол. Тэгэхээр селекторууд нь их сайндаа удаан ажиллана, эвгүйтвэл бүр огт ажиллахгүй. Тэгвэл би болж л гэж хэлнэ. Уйдаж үхмээр нэгэн хэвийн үйлдлүүдийг өдрөөс өдөрт ажиглаж, машин тойрон дэмий сэлгүүцсээр бүр залхаж гүйцлээ. Мэргэжил нэгтнүүдийн маань дийлэнх нь надтай адил бодолтой яваа. Бид ажил, ямар ч хамаагүй ажил хийхийг хүсч байна.
-Олон зууны тэртээд хүнээр жолоодуулсан сансрын хөлөг нарны өөр аймгийн гарагуудыг судлаж байсан гэдгийг та мэдэх үү?
-Мэднэ.
-Тэгвэл яг наад чинь л одоо зайлшгүй шаардлагатай байгаа юм. Урагшлан хөдөлж, судлах, шинжлэх.
-Санал нийлж байна. Гэхдээ ний нуугүй хэлэхэд би би одоо айхаа больсон. Хүсээд байгаа бол Омега руу явуулж л байна биз. Эндэхээс дордоно гэж байхгүй.
-Та Омегагийн тухай мэддэг юм уу?
-Сансрын хөлөгтэй холбоотой хүн болгон мэддэг юм. Дэлхий- Омега бол цорын ганц үлдсэн чиглэл. Аймшигтай гараг шүү. Би л хувьдээ энэ бүхэнд шашныхныг буруутгаж байна.
-Шашныхан?
-Яг зөв. Муусайн хоёр нүүртэй юмнууд Хүмүүнлэг Чанарын бүрэлбаа болсон сүлд энэ тэр гэж элдэв зүйл бурахаас цаашгүй. Ийм юм сонсож байгаа хүн чинь нүгэл хилэнц рүү татагдах нь аргагүй шүү дээ...
***
(Иргэн ламтан Бойрен, 51 настай, хийдэг ажил нь санваартан. Цагаан сүлжмэл шаахай өмсөж, тод улбар шар өнгийн өмсгөл зүүсэн, махлаг эрэгтэй.)
-Тийм ээ, хүү минь. Би бол Хүмүүнлэгийн Бүрэлбаа болсон Сүлдний сүмийн нутгийн салбарын хамба. Сүм бол Дэлхийн засгийн газрын албан ёсны шашны илэрхийлэл нь байгаа юм. Манай шашин болбоос дэлхийн бүх үндэстнүүдний нэгдмэл ганц бөгөөд хуучин шашнуудын хамгийн шилдэг хэсгүүдийг нь бүгдийг тайлбарлагч нэг шүтлэг болгон гайхалтайгаар нэгтгэн бий болгосон юм.
-Иргэн хамбатан минь таны шашныг бүрдүүлж байдаг олон шашны үзэл бодлуудын хооронд зөрчил байхгүй гэж үү?
-Байсан. Гэвч бид зохицолдолд хүрэхийг хичээсэн болохоор нэгэн цагт хамгийн агуу байсан шашнуудаас хүмүүст танил болсон жижижг ч гэлээ хамгийн сэтгэлд хоногшсон хэсгүүдийг нь л хадгалан үлдсэн бөлгөө. Манай шашин бүгдийг багтаан тайлбарлаж байдаг болохоор дотоод зөрчил, урсгал гэж үгүй. Бие хүн болвоос Хүмүүнлэгийн Бүрэлбаагийн ариун Сүлдийг тээж л яваа бол юунд ч итгэж, сүсэглэж болно. Учир нь манай сүсэг бол Хүмүүнийг дээдэлдэг сүсэг юм. Сүлд ч мөн адил тэнгэрлэг ариун сайн сайхан, буяны сүлд байгаа юм.
-Иргэн хамба та “сайн” “буян” гэсэн тодорхойлтыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Тэгэлгүй яах вэ? Сайн сайхан, буян гэдэг бол хүмүүсийг найрсаг харьцаа, хамтын ажиллагаанд зоригжуулан чиглүүлж байдаг бидний доторх хүч юм. Сайн сайхныг дээдлэх шүтлэг бол өөрөө өөрийгөө тахин дээдэлсэн шүтлэг болохоор цорын ганц үнэн шүтлэг бөлгөө. Бидний дээдлэн тахиж байгаа бие хүн болбоос нийгмийн төгс бодгаль билээ. Энэ бие хүн болвоос урагшлан ахих дурын боломжийг алдалгүй ашиглахад бэлэн, нийгэмд байр сууриа эзэлсэн хүмүүнлэг утга агуулга болой. Сайн сайхан, буян гэдэг болвоос хайрлан тэтгэгч Хорвоо ертөнцийн бодит тусгал юм. Буяны бүх л илрэлүүд нь... Залуу минь таны царай нэг л биш болчих чинь?
-Өршөөгөөрэй. Би таны ярьсантай адил зүйл урд нь сонсож байсан юм шиг байна.
-Энэ болбоос ямагт үнэн болмой.
-Маргаангүй. Эрхэм ээ ахиад ганц асуулт. Та хүүхдүүдийн шашны хүмүүжлийн талаар надад ярьж өгч болохсон болов уу?
-Энэ үүргийг наминчлагч роботууд үүсгэлгүйгээр бий болсон фрейдизмийн онолын дагуу гүйцэтгэдэг. Наминчлагч робот нь хүүхдийг ч тэр насанд хүрсэн хүнийг ч тэр зөв замд нь хөтөлж байдаг юм. Робот болохоор наминчлагч нь ямар ч асуултанд яг оносон бөгөөд хоёрдмол утгагүй хариулт өгдөг юм. Энэ бол эртний улмжлалын дагуу хүмүүжил олгоход ихээхэн том тусламж юм.
-Тэгвэл санваартан хүмүүс юу хийдэг юм бэ?
-Наминчлагч роботуудыг хянадаг.
-Эдгээр роботууд чинь хаалттай ангиудад байдаг уу?
-Танд хариулж мэдэхгүй байна. Нээрээ шүү, би үнэхээр мэдэхгүй байна. Хаалттай ангиуд нь бусад бүх хүмүүсийн адилаар хамба ламуудад ч бас халттай байдаг юм.
-Хэний тушаалаар вэ?
-Нууц цагдаагийн газрын даргын тушаалаар.
-Ойлголоо. Иргэн хамба Бойрен танд баярлалаа.
***
(Иргэн Энайн Дравивиан, 43 настай, хийдэг ажил нь төрийн албан хаагч. Шөвгөрдүү царайтай, ядарсан, эрт өтөлсөн төрхтэй хүн.)
-Өдрийн мэнд эрхэм ээ. Та тэгэхээр төрийн албанд ажилладаг юм байна, тийм үү?
-Яг зөв.
-Удаж байна уу?
-Арван найман жил орчим.
-Ойлгомжтой. Та яг ямар хийж хийдгээ хэлж болох уу?
-Тэгэлэгүй яах вэ? Би Нууц цагдаагийн газрын дарга.
-Та юу? Ойлгомжтой эрхэм ээ. Их сонирхолтой юм. Би...
-Иргэн асан Баррент та зүүн туяат буугаа авах гэсний хэрэггүй шүү. Наад буу чинь энэ байрны орчим ажиллахгүй гэдэгт итгээрэй. Гаргах гэж оролдвол өөртөө л хор хүргэнэ.
-Яаж тэр билээ?
-Надад өөрийн гэсэн хамгаалах хэрэгслүүд байдаг юм.
-Та миний нэрийг яаж мэдсэн юм бэ?
-Таныг Дэлхий дээр хөл тавьсан мөчөөс эхлээд бүгдийг мэдэж байсан. Бид чинь бас зарим нэг юм чадахтайгаа шүү. Ингэхэд хоёулаа гэрт ороод ярилцъя даа.
-Би ярилцмааргүй л байна.
-Заавал ярих хэрэгтэй байх гэж эмээж байна. Ор ор Баррент минь. Би хазахгүй.
-Би баривчлагдсан уу?
-Мэдээж үгүй. Зүгээр л хоёулаа жаал жуул ярилцъя. Ийшээ, эрхэм ээ. Тухлаарай.
28
Хикори модоор доторлож, лаакдсан нүсэр тавилга бүхий өрөөнд Дравивиан мань хүнийг дагуулан орж ирлээ. Нэг ханыг нь дундад зууны үеийн ан авыг харуулсан зураглал бүхий гар хийцийн гандсан хэвс битүү бүрхэж.
-Танд таалагдаж байна уу гэж Дравивиан асуув.
-Энэ гэрт байгаа бүгдийг манай гэрийнхэн өөрсдийн гараар хийсэн юм. Гар хивсийг эхнэр маань “Метрополитен” музей дэх эхээс хуулбарлан өөрийн гараар сүлжсэн юм. Тавилгуудыг миний хоёр хүү хийсэн юм. Нэг тийм испани маягтай, хуучны юм хийхийг хүссэн юм. Гэхдээ илүү эвтэй тэгээд л зарим газраа хэлбэр нь өөр байгаа юм л даа. Би өөрөө барокко үеийн хөгжимөөр дагнадаг болохоор оруулсан хувь нэмрийг минь олж харах боломжгүй юм.
-Цагдаагийн газар ажиллахаас бусад үедээ юу? гэж Баррент асуув.
-Яг зөв.
Дравивиан эргэж хараад гар хийцийн хивсээ бодлогшронгуй ширтэв.
-Хоёулаа наад сэдвийг чинь аяндаа хөндөнө өө. Харин одоо эхлээд энэ өрөөний тухай юу гэж бодож байгаагаа хэлээч?
-Их гоё л юм гэж Баррент хэлэв.
-Тэгээд өөр?
-Тэгээд одоо... би ямар шүүгч биш дээ...
-Та шүүгч байх ёстой гэж Дравивиан нухацтай онцлов.
-Энэ өрөөн доторх бол Дэлхийн өнөөгийн соёл иргэншлийн багасгасан хувилбар юм шүү дээ. Тэгэхээр юу гэж бодож байгаагаа шууд хэлчих.
-Нэг л амьгүй санагдаад байна гэж Баррент хэлэв.
Дравивиан инээмсэглэлээ.
-Та их зөв үг олж хэллээ. Гэтэл өрөө бол өндөр зиндаатай хүмүүсийнх юм шүү дээ. Эртний хэв маягийг донжийг нь олж сайжруулах гэж хичнээн их ур ухаан зарсан гээ. Бусад айлууд маяа, эсвэл Хавайн түүхийн нэг хэсгийг амилуулан сэргээдэг шиг манайх энд испаний эртний үеийг энд сэргээсэн юм шүү дээ. Тэгсэн атлаа энд юу ч үгүй нь илэрхий. Манай автомат үйлдвэрүүд нэг л янзын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайд гарч байгаа бүх бүтээгдэхүүнүүд адилхан болохоор түүнийг нь өөрчлөх, сайжруулах, чимэглэх тэгээд ийм замаар бид өөрсдийгөө илэрхийлэх хэрэгтэй болох юм. Дэлхий дээр ийм л юм болоод байна даа Баррент минь.
Бидний эрч хүч, авьяас чадвар ялихгүй зүйлд үрэн таран болж байна. Бие хүн дотоод ертөнцдөө л амьдарч байна. Бид өөрийн зэрэг, зиндаанд зохицсон эртний тавилга урлаж суудаг, гэтэл судлагдаж амжаагүй гарагууд биднийг дэмий л хүлээсээр. Бид хөгжихөө болиод удаж байна. Тогтвортой байдал гээч зүйл зогсонги байдлыг авчирч, харин бид түүнд нь дагаар орсон.
-Нууц цагдаагийн газрын даргын амнаас ийм үг сонсоно гэж бодсонгүй шүү.
-Би ч жирийн хүн биш шүү дээ гэж хэлэхдээ Дравивиан нууцлаг инээмсэглэл нүүрэндээ тодрууллаа.
-Нууц цагдаагийн газар ч бас жирийн нэг байгууллага биш.
-Ямар ч байсан их үр дүнтэй ажилладаг юм байна. Та миний тухай яаж олж мэдэв?
-Наадах чинь их амархан. Тантай уулзаж байсан бүх хүн таныг шууд л харийн хүн байна гэж таньсан. Та бол олон хонины дунд орсон чоно шиг л онцгойрч байсан болохоор нэн даруй надад мэдэгдэж байсан юм.
-Ойлгомжтой гэж Баррент хэлэв.
-Тэгээд одоо яах вэ?
-Омегагийн тухай яриаг чинь сонсмоор байх юм.
Гэмт хэрэгтнүүдийн гараг дээрх туулсан амьдралаа Баррент Дравивианд ярьж өглөө.
Нууц цагдаагийн газрын дарга инээмсэглэгчээн аядаад:
-Тийм ч байх гэж бодож байсан юм аа гэлээ.
-Цагтаа бол яг наад шиг чинь зүйл Америк, Австралид болж байсан юм. Гэхдээ ялгаа гэж байлгүй яах вэ. Та нар эх орноосоо нэг мөр таслагдсан. Гэхдээ та нарт тэр үеийнх хүмүүстэй адил хилэнтэй эрч хүч, тэр үеийн хүмүүс шиг хэрцгий авир байгаа.
-Та тэгээд намайг яах гэж байна?
Дравивиан мөрөө хавчив:
-Наад чинь ямар хамаатай юм бэ? Яах вэ би таныг аллаа гэж бодъё. Гэтэл Омега дээрх танай Бүлгийг өөр тагнуулч илгээх, эсвэл шоронгийн хөлгүүдийг эзлэн авах гэхээс тогтоон барьж дийлэхгүй шүү дээ. Омегагийнхан нэг л хөдлөөд эхэлбэл бодит үнэнийг олж мэдэх нь гарцаагүй.
-Ямар бодит үнэн?
-Та одоо хүртэл сэтгээгүй л байна уу? Дэлхий дээр найман зуун жилийн турш дайн дажин гарсангүй. Бид яаж байлдахыг мэдэхгүй. Омегаг тойрон нисдэг харуулын хөлөг гэдэг ямар ч нэмэргүй, ор төдий л зүйл. Тэр хөлгүүд чинь хэдэн зуун жилийн өмнө байсан нөхцөл байдалд тохируулаад прогамчлагдсан, бүрэн автомат хөлгүүд. Ганц удаа шийдэмгий дайралт хийхэд л нэг сансрын хөлөг танайх болно, залгаад бүгд танайх болно. Үүний дараа бол Омегагийнхныг Дэлхий дээр ирэхэд саад болох юу ч байхгүй. Дэлхий тэдэнтэй тэмцэх чадваргүй. Тийм болохоор л хоригдлуудын ой санамжийг нь арчдаг юм шүү дээ. Дэлхийн сул дорой байдлыг нуух ёстой болохоор.
-Та нар тэгвэл энэ бүхнийг мэддэг юм бол удирдлагууд чинь яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ?
-Анхандаа бидэнд тийм санаа байсан, гэхдээ ганц санаа шүү. Бид нухацтай бодож үзэхээс зайлсхийхийг хичээсэн юм. Одоогийн тогтсон байдал үеийн үед байх юм шиг санагдаж байсан гэж Дравивиан хэлэв.
-Би ч бас ёс төдий л юм шүү дээ. Цагдаагийн газрын даргын албан тушаал гэдэг бол их хүндтэй нүд хууралт. Дэлхийд цагдаа хэрэггүй болоод бараг зуун жил болж байгаа.
-Омегачууд гэртээ эргэж ирэхээр албан тушаал чинь хэрэг болно доо гэж Баррент өлгөв.
-Тийм дээ. Ахиад үймээн самуун, гэмт хэрэг гарч эхэлнэ. Гэхдээ үр дүнд нь гарч ирэх хайлш их чанартай байна гэдэгт би итгэж байгаа. Омегагийнханд эрч хүч, сэтгэлийн тэнхээ, оддод хүрэх зориг байгаа. Харин дэлхий бол та нар тогтвортой, тайван байдлыг олгоно. Ер нь үр дүн нь ямар ч байлаа гэсэн нийлэх нь гарцаагүй болсон. Бид зүүдэн дунд хэтэрхий удаан амьдарч. Харин та нар биднийг сэрээнээ, тийм ч сайхан сэрэлт биш байг л дээ, хамаагүй.
Дравивиан бослоо:
-Харин одоо Дэлхийн бас Омегагийн хувь тавиланг шийдчихсэн болохоор ганц хоёр балга юм татчих уу?
29
Баррент цагдаагийн газрын даргын тусламжтайгаар бүх мэдээллийг ээлжит хөлгөөр Омега руу илгээв. Илгээмжинд дэлхий дээрх бодит байдлын тухай мэдээлээд нэн даруй хөдлөхийг шаардсан байлаа. Үүний дараагаар өөрийг нь матсан мэдээлэгч ба хийгээгүй гэмт хэргийнх нь төлөө шийтгэсэн шүүгчийг олох гэсэн өөрийнхөө зорилтыг хэрэгжүүлж эхлэв. Тэр хүмүүсийг олсон цагт алдагдсан ой тогтоол нь сэргэнэ гэдэгт мань хүн итгэлтэй байлаа.
Мань эр шөнийн хурдан галт тэргээр Янгерстаунд ирэв. Эмх цэгцтэй эгнэсэн жирийн байшингууд нь хаа сайгүй байдаг шиг санагдаж байвч Баррентийн хувьд бол сэтгэл шимшрүүлсэн, онцгой танил байлаа. Тэрээр өөрийн хотоо санаж байсан бөгөөд хотынх нь нэг хэвийн байдал нь илүү онцгой, утга санаагаар дүүрэн гэж санагдана. Мань эр энд төрж, өссөн.
Гротмейерийн дэлгүүр тэр байна, харин Хавннингийн байшин тэнд, замын эсрэг талд. Харин тэнд бол хамгийн сайн найз Билли Хавлок нь амьдардаг байсан. Одод хооронд аялагч болно гэж хамтдаа мөрөөддөг байж билээ.
Эндрю Теркалерийн байшин. Хажууд нь сургууль. Сургуулийг Баррент санаж байлаа. Өдөр болгон хаалттай ангид орж байснаа санаж байвч тэнд юу заадаг байсныг нь санаж чадсангүй.
Энд, аварга том хоёр бургасны хажууд аллага гарсан. Баррент тэр газар хүрч ирээд болсон зүйлийг бүгдийг саналаа. Мань эр гэртээ харьж явсан. Хойноос нь хаа нэгтэйгээс хүн орилох чимээ гарсан. Баррент эргэж хараад гудамжаар нэг хүн, Иллиарди гүйж явааг хартал тэр хүн түүн рүү нэг юм шидсэн. Баррент өөрийн мэдэлгүй тэр зүйлийг нь бариад автал хориотой буу барьж авснаа ойлгосон. Тэгээд хоёр алхаад үхсэн Эндрю Теркалертай тулсан.
Харин дараа нь? Сандарч, барьц алдсан. Гартаа буу барьчихаад үхдэлийн дээрээс өнгийгөөд зогсож байгааг нь нэг хүн ажиглаад байна гэсэн мэдрэмж. Гудамжны сүүлд, тэнд мань хүний нуугдсан оромж байсан шиг...
Баррент дөхөж очоод наминчлагч робот байдаг шовгорыг танилаа. Шовгорын дотогш шагайж үзэв. Жижигхэн өрөө харанхуй бас бүгчим юм. Олон гэрэл анивчих самбарын өмнө ганц сандал тавьж.
-Өглөөний мэнд Уилл.
Механик аястай, зөөлөн дууг сонссон даруйдаа Баррент гэнэт ямар ч тэнхэлгүй, арчаагүй болсноо мэдрэв. Мань хүн санав. Сэтгэл хөдлөлгүй энэ дуу хоолой бүгдийг мэддэг, бүгдийг ойлгодог бас юуг ч үл өршөөдөг билээ. Шүүгчийн дуу хоолой.
-Чи намайг санаж байна уу гэж Баррент асуув.
-Мэдээж гэж наминчлагч робот хариулав.
-Омега дээр очих хүртлээ чи надад ирж наминчилдаг хүмүүсийн нэг байсан юм шүү дээ.
-Чи тэгвэл намайг цөлсөн юм байна.
-Аллагын төлөө шүү.
-Би тэр аллагыг чинь үйлдээгүй гэж Баррент хашгирлаа.
-Чи үүнийг мэдэхгүй байна гэж байх ёсгүй.
-Мэдээж би мэдэж байсан гэж намчинлагч робот хариуллаа.
-Гэвч миний үүргийг маш хатуу зааглан тодорхойлсон байдаг юм. Би зөн совингийн дагуу биш харин гэрчийн мэдүүлгийн дагуу шийтгэдэг. Эргэлзээтэй зүйлсийг харин яллагчийн талд давуутайгаар тайлбарладаг.
-Миний эсрэг гэрчлэх мэдүүлэг байсан юм уу?
-Тийм.
-Хэн тэрийг чинь өгсөн юм бэ?
-Би нэрийг нь илчилж чадахгүй нь.
-Чи чадах ёстой гэж Баррент хэлэв.
-Дэлхий дээр өөр цаг үе ирж байна. Хоригдлууд эргэн ирж байгаа.
-Тийм юм болохыг би хүлээж байсан гэж наминчлагч робот хэллээ.
-Нэр гэж Баррент хашгираад халааснаасаа буугаа гаргаж ирэв.
-Чамд сайн санасандаа хэлэхгүй. Аюул дэндүү их байна. Уилл надад итгээрэй...
-Нэр.
-За яах вэ. Чи Мапп стрит гудамжны 35-аас мэдээлэгчийг олж болно. Гэхдээ тийшээ яваад хэрэггүй гэж чамд чин сэтгэлээсээ зөвлөмөөр байна. Чи амиа алдана шүү. Чи нэг зүйлийг ойлгохгүй...
Баррент гохоо дарахад нарийн туяа удирдлагын самбарыг зүсэн хаялаа. Самбар дээр гэрлүүд дүрсхийн ассанаа бүдгэрч эхлээд, саарал утаа савсаж гарав.
Баррент энэ гудамжинд ч бас урд нь ирж байжээ. Агч ба царс мод хоёр талаар нь тарьсан энэ гудамжийг тэрээр танилаа.Энэ гэрлийн шонгууд бол бүгд мань хүний хуучин танилууд, харин зам дээр гарсан тэр цууранхайг хар багаасаа санаж байсан. Байшингууд хагас мартагдсан жүжгийн сүүлийн үзэгдлийн үзэгчид мэт юу болохыг хүлээн зогстуссан мэт санагдана.
Заналтай анир чимээгүй 35-р байрны эргэн тойронд нүргэлнэ. Баррент өөрийгөө зоригжуулах гэж дэмий оролдохдоо халааснаасаа буугаа гаргаж бариад түгжээгүй хаалгыг түлхэн орлоо.
Тавилганы хэлбэр дүрс бүдэг бадаг харагдаж, хананд өлгөсөн зурагнууд манантан гялбана. Гартаа зүүн туяат буугаа атгасаар мань эр дараагийн өрөө рүү оров.
Тэгээд орсон даруйдаа мэдээлэгчтэй нүүр тулгарч орхих нь тэр.
Мэдээлэгчийн нүд рүү ширтэн зогсож байхдаа Баррент саналаа. Хаалттай анги руу орж байгаа жаахан жаал болох өөрийгөө үер мэт мэт урсан орж ирсэн ой санамжийн урсгал дундаас олж харав. Машинуудын нойр хүргэсэн жигд дүнгэнээг тэрээр ахин сонсоход, чихэнд нь сэмхэн аргадсан дуу хоолой юу ч юм ярина. Энэ дуу хоолойны зааж байгаа зүйл нь ухаан санаанд багтамгүй болохоор анхандаа аймшиг, айдас төрүүлнэ. Баррент харин хаалттай ангийн хамаг хачин сонинд дассантайгаа адилаар яваандаа дуу хоолойнд ч дасч эхэлсэн.
Хүний оюун ухааны хамгийн далд, дотоод ухамсрын түвшинд машинууд зааж, сургаж байлаа. Тэд зан байдлын тодорхой хэм хэмжээг зааж, итгүүлэн шингээчихээд ухамсрын дээд түвшнүүдийг түгжиж орхидог байж. Мань хүнд юу зааж байсан юм бэ?
Нийгмийн сайн сайхны төлөө чи өөрөө өөртөө гэрчийн этгээд бас цагдаа байх ёстой. Хийж чадах дурын гэмт хэргийнхээ төлөө чи хариуцлага хүлээх ёстой.
Баррентийн өөдөөс өнөөх мэдээлэгч нь, хананд өлгөсөн толинд туссан өөрийнх нь царай ямар ч хувиралгүйгээр ширтэж байх нь тэр.
Мань эр өөрөө өөрийгөө матсан байжээ. Тэр өдөр гартаа буу барьчихаад алагдсан хүнийг харан зогсож байх хооронд нь дотоод ухамсарт нь суулгасан өнөөх хэв маягууд бүгдийг дийлж. Гэмт хэрэг хийх магадлал нь хэтэрхий өндөр байсан болохоор магадлал нь өөрөө гэм болон хувирч. Баррент наминчлагч робот руу очоод өөрийнхөө эсрэг бүрэн дүүрэн бөгөөд үнэмшилтэй гэрчийн мэдүүлийг өөрөө өгсөн байжээ.
Наминчлагч робот ч шийтгэл гаргаж, сайтар сургагдсан Баррент ч Бодол санааг хянах төвийн хамгийн ойролцоох төв орохоор Трентон оржээ. Энэ үед нь хаалттай ангиудын хичээлээр заасан механизм үйлчилж эхлээд ой санамж хэсэгчлэн мартагдаад эхэлчихсэн байв.
Харин мартах явцыг дуусган ой санамжийн сүүлийн ул мөрийг арилгахаар туршлагатай андроид техникчид ажиллав. Ой санамжийг нь эргэж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд андроидууд аллагын энгийн бөгөөд ойлгомжтой хувилбарыг зохиож, Дэлхийн агуу хүчийг шүтэх сохор сүсгийг суулгаж орхисон байж.
Программчлагдсан Баррент тусгай тээврийн хэрэгслээр сансрын нислэгийн буудал орж, шоронгийн сансрын хөлөгт ороод, өрөөнийхөө хаалгыг өөрөө дотроос нь хааж. Тэгээд орж ирсэн хуягууд сэрээх хүртэл, Хяналтын цэг ортол унтсан байна.
Хаалттай ангийн хичээлүүд ямар ч тохиолдолд дотоод ухамсраас гарах ёсгүй. Гарч, ухамсарлагдан ойлгогдсон тохиолдолд хүн нэн даруй амиа егүүтгэх ёстой.
Хүн болгоны тархинд нь цагдааг нь бас гэсгээгчийг нь суулгаад өгчихсөн учраас л Дэлхийд аюулгүйн алба гэж хэрэггүй байжээ. Дэлхийн хүмүүнлэг энэрэнгүй соёлын гадаргуу доор ямар ч амьгүй, механик иргэншил нуугдаж байсан байна. Тэгээд энэ механик соёлын мөн чанарыг ойлгосон болгоныг алах ялаар шийтгэдэг.
Тиймээс яг одоо, яг энд Дэлхийн ирээдүйн төлөө жинхэнэ тулаан эхэлж байлаа.
Тархинд нь суулгачихсан хэв маягийн албадлагаар Баррент буугаа өргөөд толгой руугаа чиглүүлж орхилоо. Наминчлагч робот энэ тухай л анхааруулах гээд, мутант бүсгүй үүнийг нь харж байсан юм байна шүү дээ. Ямар ч ухамсаргүйгээр аялдан дагахаар программчлагдсан машин болсон урьдны Баррент өөрийгөө алахад бэлэн болж.
Омега дээр амьдралын сургуулийг туулсан, хат суусан Баррент энэ сохор хүслийг эсэргүүцэн бослоо.
Баррент Баррентийн эсрэг. Бууг мэдэлдээ авах, бие махбодийг удирдах эрх, ухамсар ба оюун санааг захирах эрхийн төлөө хоёр хүн тэмцэж байлаа.
Буу толгойноос нь ямхын зайтай хөшжээ. Овоо хараа нь чичигнэн хөдлөв. Тэгснээ Омегагийн хүн Баррент, Баррент-2 бууг ажмаар холдуулан зайлуулав.
Гэвч ялалт нь түр зуурынх байж. Хаалттай ангид заасан зүйлс нь Баррент-2-ыг өршөөхийг үл мэдэгч, үхлийг хүсэгч Баррент -1-тэй амь өрссөн тулаан руу түлхэн оруулах нь тэр.
30
Амьдралын урсгал хатаж, үхэл хажууд нь хүлээж байдаг, амиа хөнөөхийг тэмүүлэх хүсэл төрж тогтсон өнгөрсөн үеийн тэр эгзэгтэй мөч рүү хоёр Баррент субъектив цаг хугацааг даван шидэгджээ. Энэ бүх агшнуудыг Баррент-2 ахин шинээр мэдэрч байлаа. Гэвч энэ удаад Баррент-1 гэсэн өрийгөө хөнөөх гэсэн бие хүнийх нь нэг тал аюулыг нэмэгдүүлнэ.
Гартаа илд атгасан Баррент-2 цусаар будагдсан Тоглолтын талбар дээр нүд сохлом хурц гэрлийн доор зогсож байлаа. Өөдөөс нь Баррент-1-ийн ёжтой мушилзсан царайтай хуягласан гүрвэл, саунс өөдөөс нь дайрна.
Мань эр аймшигт араатны сүүлийг нь тас цавчтал нөгөөх нь гурван ширхэг аварга том харх, Баррентан хархнууд болон хувирах нь тэр. Хоёр хархыг нь цааш нь харуултал гурав дахь нь шүдээ ярзайлган дайраад зүүн гарыг нь ясанд нь тултал цоо хазлаа. Тэрээр хархыг сэлмээрээ нэвт сүлбэн алаад Баррент-1-ийн цус элсэн дээр яаж урсан гарч байгааг харж зогслоо...
...гэтэл хааш яаж хувцасласан өрвийсөн гурван эрэгтэй вандан сандал дээр инээд алдан суух бөгөөд нэг бүсгүй харин мань хүнд буу сарвайж байх юм. “Амжилт хүсье. Таныг наадахаа яаж ашигладгийг мэддэг гэж найдъя”. Баррент талархсан үг бувтнасан болоод хартал өмнө нь Моэра бус харин үхлийг нь зөгнөсөн мутант бүсгүй байгааг гэнэт олж харлаа. Тэгээд мань хүн гудамжинд гарч гурван Хажитай нүүр тулах нь тэр.
Хоёр нь огт танихгүй царайтай. Гурав дахь нь болох Баррент-1 урагшлан гарч ирээд гар буу гаргаад ирэв. Баррент-2 газар сунан унаад бууныхаа гохыг дартал буу нь гарт нь чичигнэхийг мэдэрлээ. Баррент-1-ийн мөр, толгой харлаж ирснээ задран алга болов. Бууг нь гарнаас нь аймшигтай хүчтэйгээр угз татан алдуулсан болохоор мань эр буугаа дахин хараалах гээд амжсангүй. Баррент-1-ийн үхэхээсээ өмнө хийсэн буудалт бууных нь голыг оножээ.
Мань эр бууныхаа араас хамаг хүчээ шавхан ухасхийн өнхөрч, урагш өнхөрч байхдаа бас л Баррент-ийн царайтай хоёр дахь Хажи өөрийг нь онилж байгааг анзаарлаа. Өмнө нь араатанд цоо хазуулсан гар нь часхийн өвдөхийг Баррент мэдэрсэн ч буудаж амжаад гурав дахьтай нь нүүр тулан үлдлээ. Гэмтсэн мэдрэлийнхээ тамын гэлтэй галд шатаж байх зуураа мань эр гохоо дарж амжлаа:
“Чи тэдний зохиосон тоглоомыг зохиогоод байна шүү дээ гэж Баррент хоёр өөрөө өөртөө хэлж байлаа.-Цаадуул чинь чамайг ядрааж байгаад адагт нь алж орхино. Эндээс мултрах хэрэгтэй. Энэ бүхэн чинь зөвхөн чиний ой төсөөлөлд харагдаж байгаа юм, энэ бүхэн огт байхгүй зүйл юм шүү дээ...”
Даанч бодох завдал алга. Мань эр Хууль зүйн департаментийн дугуй байшинд дотор зогсож байх юм. Өөдөөс нь дөрвөн фут орчим өндөртэй төмөр машин хар гялбаа татуулсаар ирж харагдлаа. Олон өнгийн гэрлээр гялалзах төмөр гадаргаас нь Баррент-1-ийн зэвүүн царай ширтэж байв.
Дайсан нь одоо бол Максын дүрд хувилжээ. Дэлхийн тухай зүүд шиг нь хуурмаг бөгөөд мөлгөр. Баррент-1 үзүүртээ хутгатай олон үет тэмтрүүлээ урагш шидэв. Баррент-2 бултаж, хутга ч чулуу зөрөөд өнгөрлөө.
“Наадах чинь машин биш, харин Омега дээр биш байна шүү дээ гэж Баррент -2 өөртөө хэлнэ. –Чи өөрийнхөө нэг талтай тулалдаж байна, энэ бол гарцаагүй үхэлд хүргэх зүүд”.
Гэвч тэр итгэж чадсангүй. Машин дүртэй Баррент ахиад л өөдөөс нь дайрах бөгөөд дээр нь ногоон өнгийн бодисын дусал бөнжигнөхийг Баррент-2 харангуутаа хүрэх төдийд алдаг үхлийн хор болохыг нь таньлаа. Үхэлд хүргэсэн шүргэлтээс зайлсхийхийн тулд тэрээр хажуу тийш ухасхийн үсрэв.
Саармагжуулагч төмөр гадаргыг угааж орхилоо. Машин асар хурдан хурд авснаа бултаж амжаагүй байсан Баррентийг аймшигтай хүчтэй мөргөх нь тэр. Хавирга нь тачигнан хугарахыг мань эр мэдэрлээ.
“Энэ бүхэн чинь жинхэнэ биш шүү дээ. Чи Омега дээр биш байна. Чи дэлхий дээр , өөрийнхөө гэрт, толинд хараад байж байна!”
Тэгсэн атал нэлээн хүнд байрын төмөр муна мөр рүү нь цохих нь зүүд гэж хэлэхээргүй мэдрэгдэж байх юм. Баррент гэнэт айдаст автлаа, гэхдээ үхлээс айх нийтлэг айдас бус ухамсрынх нь гүнд нуугдсан хамгийн гол аюулын тухай омегачуудыг анхааруулж чадаагүй болохоор дэндүү ойртон ирсэн үхлээс айж байлаа. Амьд л гарч чаддаг юм бол уу....
Баррент эцсийн хүчээ шавхлаа. Бүхэл бүтэн нийгмийн өмнөөс хар багаасаа л хариуцлага хүлээж сурсан тэрээр мэдлэг нь Омегад хэрэгтэй ийм үед зүгээр үхчихэж чадахгүй байлаа.
Баррент-1 байгууламжийн алсын үзүүрээс бултах боломжгүй хар өнгийн хагас бөмбөрцөг болон давшлаж эхлэхэд тэрээр “Энэ бол жинхэнэ машин биш” гэж өөртөө итгүүлэхийг хичээж байлаа. Машины цаагуур өнгийн хараад энэ аймшигтай мангасыг бий болгосон ангийн хичээлийг олж харахыг хичээв. “Энэ бол машин биш”
Мань хүн итгэлээ.
Тэгээд төмөр дээр ойсон зэвүүн царай руу нударгаараа байлгаж орхилоо. Тэр даруй нүдэнд нь оч үсэргэсэн аймшигтай өвдөлт үүсч, мань хүн хэсэг зуур ухаан алдаж орхив. Ухаан ороод харвал дэлхий дээр, өөрийнхөө гэрт байгаагаа олж харлаа. Гар мөр хоёр нь дүнгэнэн өвдөөд, хэдэн хавирга нь хугарсан бололтой юм. Зүүн гаран дээрх хазсан оромноос нь цус гоожно.
Гэсэн хэдий ч мань эр зүсэгдсэн, шархадсан баруун гараараа толийг хага цохиж чаджээ. Толийг бас Баррент-1-ийг эргэлт буцалтгүй, нэг мөр.
ТӨГСӨВ.
Платоны тодорхойлсон хүн
Экспедицийн гишүүд Регул-V гараг дээр хөлгөө амжилттай газардуулж, отогоо байгуулаад Макс гэж нэр өгсөн ХСР-22-0134 загварын хил сахигч роботоо асаав. Энэ робот нь экспедицийн явцад хаа нэгтээ харь гарагийн хүнтэй тулбал тэднийг отогт нэвтрэхээс хамгаалах зориулалттай хоёр хөл бүхий механизм бөгөөд хүний яриаг ойлгон ажилладаг. Уг нь Макс анхандаа бол зааврын дагуу ган саарал өнгөтэй байсан ч эцэс төгсгөлгүй урт нислэгийн үеэр өнгийг нь цагаан цэнхэр болгоод будчихсан байлаа. Макс метр хорин санти өндөртэй байсан болохоор экспедицийн гишүүд түүнийг ухаалаг, сайхан сэтгэлтэй төмөр хүн, “Маргад эрдэнэ хотын илбэчин”-ий Төмөр Түлээчний жижигхэн хувилбар, төмөр одой гээд бүр итгэчихсэн байв.
Мэдээж тэд төөрөлдөж байсан юм. Тэдний робот нь өөрт нь бодож олсон тэр олон чанаруудаас нэгийг нь ч агуулаагүй байв. ХСР-22-0134 бол хадагч машинаас илүүгүй ухамсартай, боловсруулагч шугамнаас илүүгүй сайхан сэтгэлтэй байлаа. Ёс суртахууны хувьд түүнийг эргэгч гол, эсвэл радио хүлээн авагчтай харьцуулж болно уу гэхээс хүнтэй бол яагаад ч болохгүй.
Улаан нүдтэй, зөөлөн цайвар цэнхэр өнгөтэй Макс бүх л электрон мэдрэмжүүдээ хамгийн дээд чадлаар нь ажиллуулан нүдэнд үл үзэгдэгч хилийн дагуу тасралтгүй тойрон явж харагдана. Тийрэлтэт нисдэг тэргээр гарагийг судлахаар ниссэн ахмад Битти, дэслэгч Жеймс хоёр долоо хоног орчим отогтоо ирэхгүй байв. Дэслэгч Холлорен үлдсэн төхөөрөмжүүдээ сахихаар отогтоо үлдсэн байлаа.
Холлорен бол торх шиг цээж, майга хөлтэй, намхан пагдгар эр. Тэрээр хөгжилтэй, сэвхтэй, хал үзсэн, сэргэлэн эр бөгөөд нүүр улаймаар үг хэлэх дуртай нэгэн. Мань эр өглөөний хоолоо идчихээд нисдэг тэрэгтэй хуваарь ёсоор холбоо барьсны дараа эвхдэг сандал дэлгээд байгалийн сайхныг бахдахаар тухаллаа.
Юу ч үгүй хоосон цөлд дуртай хүнд бол Регул-V үнэхээр сайхан газар. Отогийг тойроод хаашаа л харна элс, царцсан лав, хад асганаас бүрдсэн аймшигтай халсан тал газар. Хаая нэг болжмортой төстэй шувууд нисэж, заримдаа цөөвөр чонотой төстэй амьтад гүйж харагдана. Хад асганы завсраар энд тэнд хорчгор кактусууд ёрдойно.
Холлорен эвхдэг сандал дээрээсээ бослоо:
-Макс, би энэ хавиар явж байгаад ирье. Намайг байхгүй үед чи отогийн даргаар үлдэнэ шүү.
Робот отогийг тойрон явахаа зогсоов.
-Мэдлээ эрхэм ээ. Би даргаар үлдэнэ.
-Харь гарагийн хүмүүсийг ийш нь оруулж болохгүй шүү, ялангуяа хоёр толгойтой, өвдөг нь арагшаа нугардгийг нь.
Харь гарагийнхны тухай яриад эхлэхээр Макс хошигнол мэдрэх чадвараа алдчихдаг болохоор:
-Би таны тушаалыг анхаарлдаа авна аа, эрхэм ээ гэлээ.-Та нууц үгээ мэдэж байгаа юу ноён Холлорен.
-Мэдэж байгаа Макс минь. Харин чи?
-Би нууц үгийг мэднэ, эрхэм ээ.
-Сайн байна. За, удахгүй уулзана аа.
Ингэж хэлээд Холлорен отогийн хилийг даван явлаа.
***
Холлорен отогийн эргэн тойрны үзэмжит сайхан газраар хэсэг тэнэж байгаад сонирхолтой юм олж хараагүй болохоор цагийн дараа отог руугаа буцав. Түүнд ХСР-22-0134-ийг отогийн хилийг даган эцэс төгсгөлгүй тойрон явсан хэвээр байгааг харахад сайхан сэтгэгдэл төрлөө. Энэ бол бүх зүйл хэвийн гэсэн үг.
-Хөөе Макс минь гэж тэр орилов.-Надад захидал ирээгүй биз?
-Зогс гэж робот гэнэт тушаах нь тэр.-Нууц үгээ хэл.
-Битгий тэнэгтээд бай Макс. Нууц үгтэй манатай...
Ингэж хэлээд Холлорен отогийн хилийг давах гэтэл нь
-Зогс гэж робот заналтай тушаав.
Холлорен тэр даруй гацаж орхилоо. Максын фото цахилгаан нүд нь асаж, чад пад хийх нэг их чанга биш дуу хоёронтоо гарч бага оврын зэвсгээ байлдааны бэлэн байдалд оруулсан гэдгийг нь мэдэгдэв. Холлорен болгоомжтой хөдлөхөөр шийдэв.
-Би зогсож л байна шүү дээ. Миний овог Холлорен. За одоо бүх зүйл хэвийн биз дээ Макс?
-Та нууц үгээ хэлнэ үү?
-“Хонх” гэж Холлорен хариулав. –Харин одоо чамайг зөвшөөрвөл...
-Хилийг битгий нэвтрээрэй гэж робот анхаарууллаа. –Нууц үг буруу байна.
-Мөн тийм байх даа. Энэ нууц үгийг би өөрөө чамд өгсөн шүү дээ.
-Энэ бол хуучин нууц үг.
-Хуучин гэнэ ээ? Чиний электрон ухаан чинь солиорчээ гэж Холлорен уурлав. –Цорын ганц жинхэнэ нууц үг бол “Хонх”, өөр ямар ч нууц үг чамд байх ёсгүй. Яахав нөгөө...
Энэхүү яахав нөгөө гэсэн таагүй зүйлийн талаар Холлорен эргэцүүлэн бодоод чанга хэлэх хүртэл нь робот тэвчээртэй хүлээж байлаа.
-Яахав нөгөө ахмад Битти нисэхээсээ өмнө чамд өөр нууц өгсөн байж болох юм. Тэгсэн үү?
-Тийм гэж робот хариуллаа.
-Ийм юм болж магадгүй гэж сэтгэх хэрэгтэй байсан юм аа гэж Холлорен инээмсэглэн хэлсэн боловч дотроо бухимдаж байв. Иймэрхүү алдаа урьд нь гарч байсан ч гэлээ байдлыг засахад туслах ядаж нэг хүн отог дотор үргэлж байж таарсан билээ.
Гэхдээ одоо ч гэсэн түгшүүр зарлах үндэслэл алга. Хэрэв сайн бодоод үзвэл нэлээн марзан байдал үүссэн хэрэг. Тэгэхээр шийдэхэд ч ядаад байх юм алга. Гол нь бага зэрэг толгойгоо ажиллуулах хэрэгтэй.
Холлорен болохоор ХСР-22-0134-ийг ядаж бага ч гэлээ сэтгэн бодож чаддаг гэсэн үүднээс хандаж байсан нь мэдээж.
-Макс гэсээр Холлорен яриагаа эхэллээ. –Би юу болсныг ойлгож байна аа. Ахмат Битти чамд шинэ нууц үг өгчихөөд надад тэр тухайгаа хэлэхээ мартаж. Дараа нь би отогийн хилийг орхин гарахаас өмнө нууц үгээ шалгалгүйгээр түүний гаргасан алдааг улам лавшруулсан байна.
Робот юу ч хэлээгүй болохоор Холлорен үргэлжлүүлж:
-Ямар ч байлаа гэсэн энэ алдааг хялбар засаж болно гэв.
-Тийм гэдэгт үнэхээр найдаж байна гэж робот хариулав.
-Мэдээж шүү дээ гэж Холлорен хэлсэн ч дууных нь өнгө урдын адил итгэлтэй биш болсон байв.-Ахмад ч тэр, би ч тэр чамд шинэ нууц үг өгөхдөө ямагт тодорхой дүрмийг дагадаг. Чамд нууц үг хэлчихээд ахмад тэр даруй нууц үгээ надад амаар хэлээд, дараа нь одоо болоод байгаа шиг гэнэтийн зүйл тохиолдож магадгүй гэсний үндсэн дээр бичиж үлдээдэг.
-Тийм гэж үү? гэж робот асуув.
-Тийм тийм гэж Холлорен хариуллаа. –Үргэлж тэгдэг юм. Заавал. Тэгэхээр энэ удаад ч гэсэн бичиж үлдээсэн гэсэн үг. Чи ардаа байгаа майхныг харж байна уу?
Робот нэг нүдээ Холлореноос салгалгүйгээр нөгөө нүдээ майхан руу чиглүүлэв.
-Тийм ээ, би харж байна.
-Сайн байна. Майхан дотор ширээ байгаа. Ширээн дээр саарал өнгөтэй төмөр хавчаар бий.
-Тийм байна гэж Макс хэлэв.
-Маш сайн. Хавчаар дотор хуудас цаас байгаа. Дээр нь аваарын дохио өгдөг давтамж г.м. хамгийн чухал өгөгдлүүдийг бичээстэй байгаа. Цаасны дээд буланд улаанаар тойруулаад зурчихсан одоогийн нууц үг бий.
Робот нүдээ урагш сунган фокусыг нь тохируулж хараад буцааснаа Холлоренд:
-Таны хэлсэн бүхэн яг зөв байгаа ч энд үүсээд байгаа зүйлтэй ямар ч холбогдолгүй байна. Миний хувьд нууц үг хаана бичигдсэн байгаа нь бус харин таныг нууц үг мэдэж байгаа эсэх нь чухал. Хэрэв та нууц үгийг хэлж чадвал би таныг отог руу нэвтрүүлнэ. Хэрэв та нууц үгийг хэлж чадахгүй бол би таныг отог руу нэвтрүүлэх ёсгүй.
-Энэ чинь шал тэнэг юм гэж Холлорен хашхирав. –Дүрэм дагах донтой хөлдүү Макс минь ээ. Энэ чинь би л байна шүү дээ, Холлорен байна. Тийм гэдгийг чи мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Чамайг асаасан өдрөөс эхлээд хоёулаа байнга л хамт явж байгаа шүү дээ. Тийм болохоор гүүрэн дээрх Гораций болж жүжиглэхээ болиод намай отог руу оруулаад орхи.
-Та ноён Холлорентэй үнэхээр гайхалтай адилхан юм гэж робот хүлээн зөвшөөрлөө. –Гэхдээ таны хэн болохыг адилтган таних багаж ч тэр, эрх ч тэр надад байхгүй бөгөөд үүнээс гадна намайг зөвхөн өөрийн мэдрэхүйг үндэслэн ажиллахыг зөвшөөрдөггүй. Миний хувьд хүлээн зөвшөөрч болох цорын ганц нотолгоо бол нууц үг.
Холлорен аяндаа буцлаад ирсэн уураа дараад ердийн хоолойгоор:
-Макс хөгшин минь чи намайг янз нь харь гарагийн хүн гэж хэлэх гээд байгаа бололтой юм аа гэж хэлэв.
-Та нууц үгийг хэлэхгүй байгаа болохоор би энэ таамгаас үүдэн тантай харьцах ёстой.
Холлорен урагш алхангаа
-Макс аа гэж орилоод- Бурханы нэрийг барьж гуйя.
-Хил рүү бүү ойртоорой гэж робот хэлэв. Нүд нь ассан харагдана.-Та хэн ч байсан, юу ч байсан буцаад ухарна уу.
-За за би ухарлаа гэж Холлорен яаран хариулав.-Битгий нервтээд бай.
Ингэж хэлээд мань эр хилээс холдоод роботын нүдний гэрэл унтартал хүлээв. Дараа нь чулуун дээр суулаа. Тун ч нухацтай бодох хэрэгтэй болжээ.
***
Мянган цаг үргэлжилдэг Регул гарагийн нэг хоногийн үд дунд бараг болчихсон байв. Бүдэг цагаан өнгөтэй тэнгэр дээрх хоёр цагаан толбо болох хоёр наран хамгийн өндөр цэгтээ хүрсэн харагдана. Хоёр нар туяа нь хүрсэн юм болгоныг шатаан гантигийн гадаргуу шиг газар дээгүүр удаан хөвнө.
Халуу шатсан хуурай тэнгэрт хааяа нэг шувуу ядарсан байртай ниснэ. Жижиг амьтад нэг сүүдрээс нөгөө сүүдрийн хооронд хурдан гэгч нь шургалан гүйлдэнэ. Нохой зээхтэй төстэй амьтан майхныг гадсыг хэмлэн зогсох ч жижигхэн цэнхэр робот маань түүнийг огтхон ч анхаарахгүй байв. Харин хүн чулуун дээр суугаад роботыг ширтэнэ.
Цангаж эхэлсэн Холлорен бий болсон нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодоод гарц олохыг оролдож байлаа.
Юм уумаар байлаа. Удахгүй ус хамгийн чухал зүйл болж хувирна. Дараа нь ус дутагдан үхнэ.
Отогоос өөр газар ууж болох ус байхгүй.
Отогт ус зөндөө бий ч гэлээ роботыг давалгүйгээр түүнд хүрч чадахгүй.
Хуваарийн дагуу бол Битти Жеймс хоёр гурван өдрийн дараа холбоо барина. Гэхдээ мань хүн хариу өгөхгүй байлаа ч тэр хоёр хар авах нь юу л бол. Яагаад гэвэл богино долгион гээч зүйл Дэлхий дээр ч гэсэн элдэв янз болж байдаг. Тэгээд оройдоо ахиад нэг удаа холбоо барих гэж үзнэ. Тэр үед хариу авахгүй бол л тэр хоёр отог дээр эргэж ирнэ.
Тэгэхээр, дэлхийн дөрвөн өдөр шаардлагатай гэсэн үг. Харин мань эр усгүйгээр хэр удаан тэсэх бол?
Асуултын хариу нь түүний бие махбодийн усаа алдаж байгаа хурднаас хамаарч байгаа. Шингэний алдагдал нийтдээ биеийн жингийнх нь 10-15 хувь болох үед тэр шоконд орно. Аюултай богино хугацаанд шоконд орж ч магадгүй. Нүүдэлчин бедуинууд усгүй үлдчихээд ердөө ганц хоногийн дараа үхэж байсан тохиолдлууд ч байдаг. Америкийн Баруун Өмнөд нутагт осолд орсон жолооч нар Бейкер, эсвэл Мохаве цөлөөс явган гарах гэж явахдаа 12 цаг ч тэсэлгүй үхсэн тохиолдлууд бий.
Харин Регул-V бол Калахари шиг бөгчим халуун, чийглэг нь Үхлийн хөндийнхөөс ч бага. Регул-V-ын нэг хоног нь дэлхийн бараг мянган цагийн турш үргэлжилдэг. Одоо үд дунд гэхээр сүүдэрт нуугдах боломжгүйгээр тасралтгүй үргэлжлэх халуун дунд өнгөрүүлэх 500 цаг мань хүнийг хүлээж байлаа.
Ер нь хэр удаан тэсэх бол? Дэлхийн нэг өдөр л байх. Хамгийн өөдрөх тооцоогоор хоёроос хэтрэхгүй.
Тиймээс Битти Жеймс хоёрыг мартах хэрэгтэй. Мань хүн отог руу нэвтрэн ус олох зайлшгүй шаардлагатай, аль болох хурдан.
Тэгэхээр роботыг аргалан отог руу орох арга бодож олох хэрэгтэй.
Мань хүн логикийг ашиглахаар шийдэв.
***
-Чи намайг Холлорен гэдгийг мэдэж байх ёстой бас Холлорен намайг отогийг орхин яваад цагийн дараа эргэж ирсэн гэдгийг мэдэж байх ёстой бас Холлорен намайг чиний өмнө нууц үгээ мэдэхгүй зогсож байгааг мэдэж байх ёстой.
-Таны баталгаа үнэн гэх магадлал нэлээд өндөр байна гэж робот хүлээн зөвшөөрлөө.
-Гүй тэгвэл...
-Гэхдээ би магадлал, эсвэл бүр бүрэн итгэлтэй байдлаас үүдсэн арга хэмжээ авч чадахгүй. Тэгээд ч ер нь намайг харь гарагийн хүнтэй уулзах магадлал хэдий бага байсан ч гэлээ тэдэнтэй уулзан учрыг нь олох зориулалтаар бүтээсэн юм.
-Тэгвэл надад ядаж устай канистр аваад ирж чадах уу?
-Үгүй. Тэгвэл тушаал зөрчсөн хэрэг болно.
-Хэзээ байтлаасаа чамд усны талаар тушаал өгдөг байсан юм бэ?
-Шууд утгаар бол өгч байгаагүй. Гэхдээ надад суулгасан үндсэн заавраас ийм гаргалгаа үүдэн гарч байгаа юм. Би харь гарагийн хүнд туслалцаа, дэмжлэг үзүүлэх хориотой.
Энэ үгийг сонссоны дараа Холлорен маш чанга дуугаар, маш хурднаар маш олон үг хэлэв. Тэдгээр үгс нь зөвхөн дэлхий дээр хэрэглэгддэг өвөрмөц хэллэг байсан ч бүгд хэтэрхий нэг талыг дөвийлгөсөн, утгагүй байсан болохоор Макс тоосонгүй.
Хэсэг хугацааны дараагаар өөрийгөө Холлорен гэж нэрлэсэн харь гарагийн хүн овоолсон чулууны араар орон алга болох нь тэр.
Хэдэн минутын дараагаар нөгөө хэсэг чулууны араас нэгэн бодгаль исгэрсээр гараад ирлээ.
-Сайн уу Макс гэж нөгөө бодгаль хэлэв.
-Сайн уу ноён Холлорен гэж робот хариулав.
Холлорен хилээс арван алхамын цаана зогсов.
-Би энэ хавиар хэсэг явж үзлээ гэж тэр хэлэв.-Сонирхолтой юм энд юу ч алга. Намайг байхгүйд энд элдэв юм болоогүй биз?
-Болсон эрхэм ээ гэж Макс хариуллаа.-Отог руу харь гарагийн хүн орохыг оролдсон.
Холлорен хөмсгөө өргөв.
-Үгүй байлгүй дээ?
-Тэгсэн эрхэм ээ.
-Тэгээд тэр харь гарагийн хүн ч ямаршуу төрхтэй юм бэ дээ?
-Тантай их төстэй байсан ноён Холлорен.
-Ээ бурхан тэнгэр минь гэж Холлорен уулга алдав.-Тэгээд тэрийг намайг биш гэдгийг чи яаж мэдэв?
-Тэр нууц үг хэлэлгүйгээр отог руу орохыг завдсан. Жинхэнэ ноён Холлорен тийм юм мэдээж хийхгүй байсан.
-Мэдээж гэж Холлорен хэлэв.-Маш сайн байна Макси. Тэр хачин амьтан ахиад гарч ирэх эсэхийг хоёулаа сайн ажиглах хэрэгтэй боллоо шүү.
-Мэдлээ эрхэм ээ. Танд баярлалаа эрхэм ээ.
Холлорен хайнгадуу толгой дохив. Мань эр дотроо их л додигор байлаа. Макс өөрийн хийцийн онцлогоос болоод уулзалт болгоныг бусад бүх уулзалтаас зуун хувь салангид авч үзээд, зөвхөн уулзалт болох үеийн нөхцөл байдлаас хамааран арга хэмжээ авах болно гэдгийг мань хүн сэтгэчихсэн байв. Максад өмнөх туршлага дээрээ тулгуурлан бодох хориотой байсан болохоор өөрөөр байх ч боломжгүй юм.
Максын ухамсарт нь тодорхой урьдчилсан нөхцлүүдийг оруулан программчилсан байгаа. Макс дэлхийн хүн нууц үгийг ямагт мэдэж байдаг гэдгээс үүдэн бодож байлаа. Харь гарагийн хүн нууц үгийг хэзээ ч мэддэггүй болов ч ямагт отог руу нэвтрэхийг оролдоно гэдгээс үүдэн бодож байсан юм. Тиймээс отог руу орох гэж оролдохгүй байгаа бодгаль бол харь гарагийн хүний отог руу заавал нэвтрэх гэсэн ядаргаатай хүслээс ангид гэсэн үг болохоор дэлхийн хүн биш гэдгийг нь нотлох хүртэл түүнийг дэлхийн хүн гэж авч үзэж болно.
Нэлээд хэдэн хувь шингэнээ алдчихсан бие махбодитой хүн гэхэд энэ бол тун муугүй логик байгууламж мөн гэж Холлорен шийдсэн болохоор төлөвлөгөөнийх нь үлдсэн хэсэг ч адилхан амжилттай болно гэдэгт найдаж болж байлаа.
-Макс би орчин тойрноо судлах явцдаа тун ч таагүй нэг зүйлийг олж мэдлээ гэж мань хүн хэлэв.
-Яг юуг вэ эрхэм ээ?
-Энэ гарагийн газрын гадаргуун хагарлын ирмэг дээр отогоо байгуулсныг илрүүллээ. Энэ бол гарцаагүй үнэн.
-Таагүй мэдээ байна эрхэм ээ. Эрсдэл нь хэр их юм бэ?
-Ихээр барах уу. Эрсдэл их байх тусам ажил их байдаг. Тэгэхээр Максаа хоёулаа отогийг өрнө зүгт хоёр миль газар шилжүүлэх хэрэгтэй боллоо. Тиймээс устай канистраа аваад намайг дагаад яв.
-Гүйцэтгэе эрхэм ээ гэж Макс хариулав.-Та миний энэ даалгаврыг болиулангуут явъя.
-За за тэгвэл болиуллаа гэж Холлорен хариулав.-Хурдалж үз.
-Чадахгүй нь гэж робот хэлэв.-Та нууц үг хэлж, энэ үүрэгт ажлыг зогсоолоо гэж хэлээд өөр даалгавар өгөх ёстой. Тэгвэл би энэхүү өгөгдсөн хилийг хамгаалахаа больно.
-Тэгэж маяглаж байх цаг алга байна гэж Холлорен шүд зуун хэлэв.-Шинэ нууц үг “Загас”. Бушуулаач дээ Максаа. Би хөрсний чичиргээн мэдэрч байна.
-Би юу ч мэдрэхгүй байна.
-Мэдээж мэдрэхгүй шүү дээ гэж Холлорен уурлав.-Чи бол ердөө нэг муу ХС робот болохоос тусгайлан бэлтгэгдэж, нарийн тохиргоо хийсэн мэдрэгч аппарат бүхий дэлхийн хүн биш шүү дээ. Ээ, чөтгөр ав гэж ахиад чичирч байна. Энэ удаад чи чичиргээг мэдрээ байлгүй дээ?
-Тэглээ, мэдрэх шиг боллоо.
-Тэгвэл юу хийгээд байгаа юм ажилдаа ор.
- Ноён Холлорен би чадахгүй нь. Миний энэ ажлыг зогсоохоос нааш би постоо орхиж явъя гэсэн ч чадахгүй. Эрхэмээ миний өмнөх даалгаврыг зогсооно уу, танаас гуйя.
-Чи минь битгий ингэтлээ сандар л даа гэж Холлорен хэлэв.-Ер нь хоёулаа отогоо зөөх хэрэггүй юм байна.
-Гэхдээ газар хөдлөлт...
-Би дөнгөж сая шинэ тооцоо хийчихлээ. Миний анхлан таамаглаж байснаас хавьгүй их цаг бидэнд байна. Би яваад ахиад ажиглалт хийчихээд ирье.
Холлорен роботын нүдэнд харагдахааргүй хадны ардуур орж нуугдлаа. Зүрх нь хурдан цохилж, цус нь судсаар нь арай гэж урсаж байгаа мэт санагдана. Нүднийх нь урд солонгон толбонууд үсчинэ. Мань хүн өөртөө хөнгөн зэргийн дулааны цохилт гэсэн онош тавиад хадны доорх жижигхэн дугуй сүүдэрт хөдөлгөөнгүй суув.
***
Эцэс төгсгөлгүй урт өдрийн цаг зунгааралдан цуварна. Давхар нарны хэлбэр дүрсгүй цагаан толбо тэнгэрийн хаяа руу нэг ямх хайзайлаа. ХСР-0134 отогийн хилийг чандлан сахиж байлаа.
Салхи дэгдэв. Салхи эрчээ авсаар шуурга болж Максын үл анивчигч нүд рүү элсээ шидэлж эхэллээ. Робот ядрахыг үл мэдэн отогийг тойрон явсан хэвээр. Салхи намдахад Максаас 20 ярдын зайтай хадан дундаас нэгэн дүрс гараад ирлээ. Хэн нэгэн нь түүнийг ажиглаж байлаа. Холлорен уу, эсвэл харь гарагийн хүн үү? Макс энэ талаар бодохыг хүсэхгүй байв. Мань робот өөрийн хилээ сахин хамгаалж байлаа.
Цөөвөр чонотой төстэй жижиг амьтан хадны ардаас хар эрчээрээ давхин гарч ирээд ийш тийш бултсаар Максыг хөлийг бараг шүргэн харайлгав. Том шувуу нөгөө амьтны дээрээс шунган дайрав. Час хийсэн гийнах дуу гараад цусны дусал майхнуудын нэг дээр унав. Шувуу татагнасан амьтныг хумсандаа атган далавчаа хүнд гэгч нь дэвсээр тэнгэрт цойлов.
Макс энэ бүхнийг огтхон ч анхаарсангүй. Хадны тэндээс өөр рүү нь гуйвалзан ойртох хүнтэй төстэй бодгалийг мань робот ажиглаж байв. Нөгөө бодгаль зогслоо.
Макс тэр даруйд:
-Өдрийн мэнд ноён Холлорен гэв.-Усгүйжилтийн тод шинж тэмдэг танд илэрсэн байгааг хэлэх хэрэгтэй ёстой болов уу гэж эмээж байна. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол усгүйжилт нь шоконд оруулан ухаан алдуулж, улмаар үхэлд хүргэдэг.
-Амаа тат гэж Холлорен сөнгө хоолойгоор хэлэв.
-Гүйцэтгэе ноён Холлорен.
-Тэгээд бас намайг ноён Холлорен гэж дуудахаа боль.
-Яагаад тэр билээ эрхэм ээ?
-Яагаад гэвэл би Холлорен биш харин харь гарагийн хүн байна.
-Үгүй байлгүй дээ гэж робот хэлэв.
-Тэгвэл чи намайг үнэн хэлсэн гэдэгт эргэлзэж байна уу?
-Ямар ч нотолгоо байхгүй таны мэдэгдлээс үзвэл...
-Тэр яах вэ. Би чамд нотолгоо үзүүлнэ. Би нууц үг мэдэхгүй. Дуулав уу? Чамд өөр ямар нотолгоо хэрэгтэй юм бэ?
Робот эргэлзсэн хэвээр байсан болохоор Холлорен:
-Ноён Холлорен надад чиний дагаж мөрдөн ажлаа хийж байдаг өөрийн чинь үндсэн ойлголтуудыг сануулахыг тушаасан юм. Үүнд: дэлхийн хүн бол нууц үг мэддэг ухаант бодгаль. Харь гарагийн хүн бол нууц үг мэддэггүй ухаант бодгаль.
-Тийм гэж робот нэлээд эргэлзсэн байртай зөвшөөрөв. –Миний хувьд бүх зүйл нууц үг мэдэж байгаа эсэхээр тодорхойлогдоно. Тэглээ ч гэсэн энд нэг л биш байгааг би мэдэрч байна.
-Хэрэв би худлаа ярьж байгаа юм бол би нууц үг мэддэг дэлхийн хүн гэсэн үг гэж Холлорен тайлбарлав.-Тийм болохоор отогт ямар ч аюул учраагүй. Дэлхийн ямар ч хүн нууц үгийн талаар ярих болохоор худлаа хэлдэггүй гэдгийг чи мэдэж байгаа болохоор намайг худал хэлээгүй гэдгийг мэдэж байгаа.
-Би ийм урьдчилсан нөхцлөөс үүдэн дүгнэлт хийж болно гэж үү?
-Бололгүй яах юм бэ? Дэлхийн нэг ч хүн харь гарагийн хүн болж харагдахыг хүсэхгүй, тийм биз дээ?
-Мэдээж хүсэхгүй.
-Харин нууц үг бол хүн ба харь гарагийн хүн хоорондын цорын ганц илэрхий ялгаа мөн үү?
-Мөн.
-Тэгвэл энэ учрыг нотолсонд тооцож болно.
-Тэгсэн ч гэлээ би итгэлтэй биш байна гэж Максыг хэлэхэд мань робот харь гарагийн хүн ердөө л өөрийгөө харь гарагийн хүн мөн гэдгийг батлах гэж оролдож байсан ч итгэхгүй байх ёстой гэж бодож байгааг Холлорен ойлголоо.
Холлорен хэсэг хүлээзнэвэл минутын дараа Макс:
-За яах ва таныг харь гарагийн хүн гэдэгтэй би санал нийллээ. Тийм болохоор таныг отог руу оруулахаас татгалзаж байна.
-Тийшээ намайг оруулаачээ гэж би ч гэсэн гуйгаагүй байна. Асуудлын гол нь юу вэ гэхээр би бол Холлорены олзны хүн байгаа юм. Харин энэ юу гэсэн үг болохыг чи мэдэж байгаа.
Роботын фото цахилгаан нүднүүд нь хурдан хурдан анивчаад ирлээ.
-Энэ юу гэсэн үг болохыг би мэдэхгүй.
-Энэ бол миний талаар өгсөн Холлорений бүх тушаалуудыг чи биелүүлэх ёстой гэсэн үг юм гэж Холлорен мэдэгдэв.-Харин Холлорен болохоор намайг отогийн дотор саатуулаад, өөр тушаал өгөх хүртэл тэндээс гаргахгүй байхыг тушааж байна.
-Гэхдээ би таныг отог руу оруулахгүй байж магадгүй гэдгийг ноён Холлорен мэдэж байгаа шүү дээ гэж Макс уулга алдав.
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ Холлорен намайг отогийн дотор хорионд оруулахыг тушааж байгаа юм. Энэ бол өөр шүү.
-Тийм гэж үү?
-Мэдээж. Отог руу нь дайрч орох гэсэн харь гарагийнхныг дэлхийн хүмүүс ямагт цагдан хорьдог гэдгийг чи мэдэж байх ёстой.
-Нээрээ энэ тухай зарим нэг юм сонсож байсан юм шиг ээ гэж Макс хэлэв.-Гэхдээ л таныг отог руу оруулж чадахгүй нь. Харин яг энд, отогийн өмнө таныг сахиж бол чадна шүү.
-Тэгээд нэмэргүй л дээ гэж Холлорен дүнсийн хэлэв.
-Тун харамсалтай байв ч үүнээс өөр зүйл санал болгож чадахгүй нь.
-За, тэгвэл яая гэх вэ гэж Холлорен хариулаад элсэн дээр суулаа.-Тэгэхээр би одоо чиний олзны хүн боллоо.
-Тийм.
-Тэгвэл надад уух ус өг.
-Надад ийм зүйл хийх хориотой...
-Чөтгөр ав гэж. Олзны харь гарагийн хүнтэй зэрэг дэвийнх нь дагуу эелдэг харьцаж Женевийн конвенц болон олон улсын бусад тохиролцооны дагуу амьд явахад нь шаардлагатай бүх зүйлээр хангах ёстой гэдгийг чи гарцаагүй мэдэж байгаа.
-Тийм ээ, би энэ тухай сонсож байсан гэж Макс хэлэв.-Та ямар зэрэгтэй вэ?
-Ахлах шатлалын жемисдар. Миний цувралын дугаар: арван хоёр сая хоёр зуун далан няман мянга тэг гучин нэг бөгөөд усгүй үхэх болохоор надад нэн даруй ус шаардлагатай байна.
Макс агшин төдийд бодоод дараа нь:
-Би танд ус өгнө. Гэхдээ эхлээд ноён Холлоренийг ус уусны дараа.
Холлорен аль болох эелдгээр инээхийг хичээн:
-Гэхдээ тэр ус чинь бид хоёрт хоёуланд хүрэлцэх байлгүй дээ? гэлээ.
-Үүнийг ноён Холлорен шийдэх ёстой гэж Макс хатуу хариулав.
Холлорен босоод:
-За тэгвэл яая гэх вэ гэж хэллээ.
-Байзаарай. Зогс. Та хаашаа явж байна?
-Тэр хадны ардуур орлоо гэж Холлорен хариулав.-Үд дунд цор ганцаар байж байгаад хийх ёстой мөргөлийн минь цаг болсон байна.
-Гэхдээ та зугтчихвал яах вэ?
Холлорен цааш алхах зуураа
-Яах гэж? гэж хариуллаа. – Цаад Холлорен чинь намайг ахиад л бариад авчихана.
-Нээрээ тийм шүү. Цаад хүн чинь жинхэнэ суут ухаантан байгаа юм гэж робот амандаа бувтнах дуулдав.
Үүний дараа ердөө хэдхэн минут өнгөрөөд байлаа. Холлорен хадны цаанаас гэнэт гарч ирэв.
-Ноён Холлорен уу? гэж Макс асуув.
-Тийм ээ, би мөн байна гэж Холлорен хөгжилтэй нь аргагүй хариулав.-Миний олзны хүн ийшээ эсэн мэнд ирсэн биз?
-Тэгсэн эрхэм ээ. Одоо тэр хаднуудын ард байж байгаа. Залбирч байгаа.
-Залбирч л байг гэж Холлорен хариулав.-Тэгэхээр ийм байна Макс аа. Цаадахыгаа тэндээс гарч ирэхээр нь заавал ус өгөөрэй.
-Дуртайяа. Гэхдээ таныг ус уусны дараа эрхэм ээ.
-Чөтгөр гэж би ус ерөөсөө уумаргүй байна. Тэр хөөрхий харь гарагийн хүнд заавал ус өгч уулгах ёстойг анхааралдаа аваарай.
-Таныг ханатлаа уусан гэдгийг харахаас нааш би өгч чадахгүй. Миний түрүүн хэлсэн усгүйжилтийн байдал мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Та хэдийд л бол хэдийд ухаан алдаж мэдэхээр болж. Би таныг ус уугаач гэж шаардаж, бас гуйж байна.
-За за үглэхээ больж үз. Яваад надад канистр аваад ир.
-Яанаа эрхэм ээ?
-Бас яасан бэ?
-Энэ бол зааварчилгааг зөрчсөн хэрэг болно. Үүнээс гадна тэр хадны цаана харь гарагийн хүн байгаа.
-Би чиний өмнөөс цаадахыг чинь манаж байя. Харин чи ухаантай зан гаргаад ус аваад ир.
-Та тун эелдэг юм эрхэмэ ээ. Гэхдээ би танаар тийм ажил хийлгэж чадахгуй нь. Би бол тусгайлан отогийг сахин хамгаалах зориулалттайгаар зохион бүтээгдсэн ХС робот шүү дээ. Өөрийнхөө хийх ёстой ажлыг нууц үг хэлж, даалгаврыг минь зогсоохоос нааш дэлхийн хүнд ч тэр, өөр ХС роботод ч тэр даатгаж чадахгүй.
-Мэднэ ээ мэднэ гэж Холлорен бувтналаа.-Яаж ч үзээд нэмэргүй эд юм даа.
Хөлөө арай гэж чирсээр мань эр хад руу сажиллаа.
-Яасан бэ? гэж робот асуув.-Би буруу юм хэлчихсэн үү?
Хариу гарсангүй.
-Ноён Холлорен? Жемисдар чинь харь гарагийн хүн үү?
Урьдын адил хариу алга. Макс отогийн хилийг үргэлжлүүлэн хамгаалж байлаа.
Холлорен тэнхээгээ баржээ. Тэнэг роботой шал дэмий ярьснаас болж хоолой нь хатаж, хоёр нарны тоо томшгүй олон цохилтоос болоод хамаг бие нь хөндүүр. Холлорен наранд зүгээр нэг түлэгдсэнгүй харлаж шатаад шарсан цацагт хяруул болчихожээ. Уур уцаараас бусад бүх мэдрэмжийг нь өвдөлт, цангалт, ядаргаа нэгэнт үгүй болгож.
Ийм тэнэг байдалд орчихоод, өөрийгөө үхлээс аварч чадаагүйдээ мань хүн өөртөө уурлаж байлаа.( Холлорен уу? Нээрээ хөөрхий амьтан нууц үгээ мэдэж аваагүйгээс болоод ус, майхнаасаа зуухан алхмын зайтай үхсэн гэсэн. Өрөвдмөөр тэнэг үхэл...)
Одоо бол зөвхөн уур бухимдал нь л түүнд эрч хүч өгч байлаа. Зөвхөн уур л түүнээр бий болсон байдлыг бүх талаас нь авч үзэн отог руу орох боломж хайлгуулж байлаа.
Мань эр эхлээд өөрийгөө дэлхийн хүн гэдэгт роботыг итгүүлсэн. Дараа нь өөрийгөө харь гарагийн хүн гэдэгт роботыг итгүүлсэн. Даан ч аль аль нь отог руу ороход тус болсонгүй.
Өөр юу хийж болохоор байна?
Холлорен дээш харан эргэж хэвтээд халуу шатах цагаан тэнгэрийг гөлөрлөө. Дотор нь хар цэгүүд хөвж байх юм. Хий юм хараад эхэлж байгаа юм байх даа? Биш ээ, тэр бол шувууд. Цаадуул нь ердийн ангаа мартчихаад мань хүнийг туйлдаа хүртэл тамирдахыг хүлээжээ. Тэр цагт ч харин ч нэг найрлана даа.
Мань эр өөрийгөө албадаж байгаад өндийн суув. Харин одоо чи маш сайн бодож байгаад гарах гарц олно шүү гэж өөртөө хэлэв.
Максын хувьд бол нууц үг мэддэг, ухаант бодгаль болгон дэлхийн хүмүүс. Харин нууц үг мэддэггүй, ухаант бодгаль болгон харь гарагийнхан.
Тэгэхээр зэрэг...
Тэрхэн агшинд Холлорен оньсогоны тайлалыг олоод авсан мэт санагдлаа. Гэвч анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байв. Шувууд улам бүр доошилсоор. Хадны цаанаас цөөвөр чоно гарч ирээд гутлыг нь үнэрлэв.
Наад бүхнээ март. Анхаарлаа төвлөрүүл. Логик дараалалтай сэтгэдэг автомат төхөөрөмж болж хувир.
Эцсийн эцэст бол Макс тэнэг. Маш явцуу хүрээг эс тооцвол түүнийг худалчыг илчлэх гэж зохион бүтээгээгүй. Түүний шалгуурууд нь эрт дээр үеийнх, яг л хүнийг өдгүй хоёр хөлтэй бодгаль гэж Платоныг хэлэхэд нь Диоген тахианы өдийг зулгааж зумлаад хэлсэн тодорхойлтонд нь яг тохирч байна гэж мэдэгдэхэд Платон хариуд нь хүн бол өдгүй, хавтгай хумстай хоёр хөлт бодгаль гэсэн нэмэлт тодорхойлолт оруулсан гэдэг онигоо шиг дээр үеийнх.
Гэвч энэ бүхэн Макстай ямар хамаатай билээ?
Холлорен анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдон толгойгоо хилэнтэйгээр сэгсэрлээ. Гэвч зургаан футын өндөртэй бие дээрээ нэг ч өдгүй, маш навтгар хумстай азарган тахиа гэсэн Платоны тодорхойлсон хүн нүдэнд харагдсан хэвээр.
Макс сул талтай. Түүнд заавал сул тал байх ёстой. Макс бол өөрийн тодорхойлтууддаа нэмэлт нарийвчлал оруулж чаддаггүйгээр Платоноос ялгаатай. Тэр нэгэнт гаргасан тодорхойлт, түүнээс үүдэн гарах үр дагавараас зайлж, өөрчилж чадахгүй.
-Чөтгөр аваасай гэж Холлорен чанга хэлэв.-Би ч арга олчих шиг боллоо шүү.
Олсон аргаа илүү нарийвчлан боловсруулах гэсэн болов ч тэгэх чадалгүй болсноо ойлгов. Тэгэхээр юу л болвол болог гээд шууд туршиж үзэх гэсэн ганц л зам үлдэж.
-Макс минь гэж мань эр шивнэж эхэллээ.-За ингээд өдөө зумлуулсан, бишээ өдөө зумлуулаагүй тахиа очиж явна шүү. Энэ тахиаг өөрийнхөө ертөнцийг үзэх үзэлдээ хийж байгаад сайн гэгч нь зажлаарай.
Мань хүн яг юу хэлэх гээд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байсан ч юу хийх гэж байгаагаа сайн мэдэж байлаа.
***
Ахмад Битти, дэслэгч Жеймс хоёр дэлхийн хугацаагаар бол гурав дахь өдрийн сүүлээр отогтоо эргэн ирээд ухаангүй хэвтэх Холлоренийг олжээ. Ихээхэн хэмжээний шингэн алдаж, наранд цохиулснаас болоод ийм байдалд орсон байлаа. Холлорен дэмийрч байхдаа Платон өөрийг нь отог руу оруулахгүй гэхээр нь хавтгай хумсгүй зургаан футын өндөртэй азарган тахиа болон хувираад гүн ухаантан эрдэмтэн ба түүний найз роботыг давж гарсан гэж хашгичиж байв.
Макс түүнд ус өгөөд нойтон давуунд ороогоод давхарласан пластикаар гэрэл үл нэвтрэх хаалт босгож өгөв. Хоёр хоногийн дараа гэхэд Холлорен аяндаа зөв зүгээр болох ёстой.
Холлорен гэхдээ ухаан алдахынхаа өмнө цаасан дээр “Нууц үггүйгээр дотогш орж чадаагүй. ХС роботуудад ослын үеийн онцгой горим суулгаж өг гэж үйлдвэрт мэдэгдээрэй” гэж бичиж амжсан байлаа.
***
Битти яаж ч асуугаад Холлореноос тоймтой юм олж мэдэж чадаагүй болохоор Максаас асууж эхлэв. Тэгээд Холлорен хэрхэн орчин тойрноо тандахаас явсан, Холлорентой яг адилхан харагддаг олон тооны харь гарагийн хүмүүсийн тухай, тэгээд тэд юу гэж ярьж байсан, бас Холлорен юу гэж ярьж байсан тухай маш дэлгэрэнгүй олж мэджээ. Холлорен отог руу орох аргыг хамаг хүчээ шавхан хайж байсан болохоор бүгдийг нь ойлгож болж байлаа.
-Тэгээд дараа нь юу болсон бэ? гэж Битти асуулаа.-Тэр яаж отог руу нэвтэрсэн юм бэ?
-Тэр нэвтрээгүй гэж Макс хариулав.-Зүгээр л нэг мэдсэн чинь ороод ирчихсэн байж байсан.
-Тэгвэл чиний хажуугаар яаж орж ирсэн юм бол?
-Миний хажуугаар орж ирээгүй. Тэгэх боломжгүй. Зүгээр л ноён Холлорен отогийн дотор ороод ирчихсэн байж байсан.
-Ер ойлгохгүй юм гэж Битти хэллээ.
-Ний нуугүй хэлэхэд эрхэмэ ээ би ч бас юу ч ойлгохгүй байна. Таны асуултанд ноён Холлорен өөрөө хариулж чадах байх гэж бодож байна.
- Холлорен ярьж эхлэх хүртэл өдий байна гэж Битти хэлэв.-Гэхдээ мань хүн нэг арга сэдэж олсон юм чинь би ч гэсэн олж чадах л ёстой доо.
Битти, Жеймс хоёр тэр аргыг бодож олох гэж удаан гэгч нь тархиа гашилгасан ч чадсангүй. Үүний тулд тэр хоёр хангалттай уурлаагүй, хангалттай гарцаагүй байдалд ороогүй байсан болохоор бодол санаа нь огт өөр замаар тэнээд байсан хэрэг. Холлорен ямар аргаар отогт орж чадсаныг ойлгохын тулд үйл явдлын шийдвэрлэх хэсгийг Максын нүдээр харах хэрэгтэй байлаа.
***
Аагим халуун, шувууд, хад асга, элс, нар. Би хөндлөнгийн бүхнийг үл анхаарна. Би отогийн хилийг харь гарагийн хүмүүсээс хамгаалан сахиж байна.
Цөлөөс, хадны тэндээс над руу нэг зүйл ойртож явна. Том биетэй амьтан байна, үс нь унжийж, дөрвөн хөллөн гүйж явна.
Би түүнд зогсохыг тушаалаа. Тэр амьтан над руу архирч байна. Би ахиад илүү чанга дуугаар зогсохыг тушаагаад буугаа асаалаа. Би түүнд заналхийллээ. Амьтан архираад отог руу мөлхсөөр л.
Дараагийн авах арга хэмжээгээ төлөвлөхийн тулд би заавруудыг эргэн саналаа.
Сэтгэн бодох чадвартайгаараа онцлог ухаант хоёр амьтан бол хүмүүс ба харь гарагийн хүмүүс болохоор тэд өөрийн бодлоо үг яриагаар илэрхийлэх чадвартай байх ёстой гэсэн үг. Намайг зогсох тушаал өгөхөд энэхүү чадвараа заавал ашиглаж эхэлдэг.
Нууц үг асуухад хүмүүс ямагт зөв хариулдаг.
Харь гарагийн хүмүүсээс нууц үг асуухад ямагт буруу хариулдаг.
Хүмүүсээс ч тэр, харь гарагийн хүмүүсээс ч тэр нууц үг асуухад эсвэл зөв, эсвэл буруу хариулдаг.
Энэ ямагт үнэн байдаг байдаг болохоор надад хариу хэлэхгүй байгаа дурын амьтан огт хариулах чадваргүй гэсэн дүгнэлт би хийлээ. Тэгэхээр тийм амьтдыг анхаарахгүй байж болно.
Шувуу, хэвлээр явагчдыг анхаарахгүй орхиж болно. Миний хажуугаар мөлхөж байгаа энэ том амьтныг мөн адил анхаарахгүй орхиж болно. Би энэ амьтныг анхаарахгүй орхиж байгаа ч ноён Холлорен цөлийн хаа нэгтээ явж байгаагийн дээр тэнд Жемисдар гэдэг харь гарагийн хүн залбирч байгаа болохоор би өөрийн мэдрэх эрхтэнүүдийг хамгийн дээд чадлаар нь ажиллуулж байна.
Гэтэл энэ юу билээ? Ноён Холлорен гайхамшигтай аргаар буцаад отог дотор ороод ирчихсэн, усгүйжилт наранд цохиулснаас болоод шаналан орилж байна.
Миний хажуугаар мөлхөн орсон амьтан ор мөргүй алга болж, Жемисдар харин хадны дунд залбирсан хэвээр байгаа бололтой.
Төгсөв.
Ан агнуурын бэрхшээл
Скаутуудын их наадмын өмнөх сүүлчийн цугларалт байсан болохоор бүх багууд хүрэлцэн иржээ. “Халигч шонхор” нэртэй 22-р баг сүүдэрт хөндийд байрлачихсан толгойн харуулын үүргийг гүйцэтгэж байлаа. “Зоригт бизонууд” нэртэй 31-р багийнхан жижигхэн голын эргээр эргүүл хийж байв. “Бизонууд” зүгээр ч нэг харуул хийсэнгүй шингэн уух чадвараа сайжруулах дасгал хийн уух үед төрөх хачин мэдрэмжийг амтлан баясалдан хөхрөлдөцгөөнө.
“Мирашийн ангуучид” нэртэй 19-р бага харин сурсан зангаараа хоцорч байгаа Дрог нэртэй скаутаа хүлээж байв.
Дрог арван мянган футын өндрөөс салхи исгэрүүлсээр бууж ирээд хатуу биед шилжин скаутуудын бүлэгт яаран нийлэв.
-Пүү гэж тэр ам нээв.-Намайг уучлаарай, эхлээгүй юм байх л гэж бодоод...
Багийн ахлагч түүн рүү хилэнтэй харц чулуудна.
-Дрог, чи дүрэм ёсоор хувцаслаагүй байна.
-Уучлаарай эрхэм ээ гэж хэлээд Дрог гаргахаа мартчихсан байсан тэмтрүүлээ гаргаж ирэв.
Бусад нь үүнийг хараад жигтэй нь аргагүй хөхрөлдөв. Дрог харин минчийтлээ улайгаад ичсэндээ газрын гаваар ороход ч бэлэн байлаа. Даанч яг одоо бол тэгэж гаваар ороход тохиромжгүй үе байлаа.
Багийн ахлагч:
-Энэ цугларалтыг би Скаутын тангаргаар эхлэхийг хүсч байна гэж хэлээд хоолойгоо засаад ийн үргэлжлүүлэв.-Элбонай гарагийн залуу скаутууд бид энэ нутгийг анх нээсэн өвөг дээдсийн өв их туршлага мэдлэгийг мөнхөд хадгална хэмээн тангараглаж байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид өвөг дээдсийнхээ дүр төрхөд хувилан орж, Элбонайн онгон уудам нутгийг эзэмшиж байхдаа тэд ямар байсан яг тийм болцгооно. Зөвхөн нэр төртэй шударга...
Скаут Дрог ахлагчийнхаа нам дууг сайн тусган авахын тулд сонсголынхоо мэдрэгчүүдийг илүү сайн тохируулаад авлаа. Энэ тангаргыг сонсох болгонд бие нь зарсхийдэг юм. Тэртээ дээр үед өвөг дээдэс нь гарагаас уяатай юм шиг байсан гэдэгт итгэж ядна. Одоо үеийн элбонайчууд биеийн жингийнхээ хамгийн бага хувийг авч үлдээд хорин мянган футын өндөрт нисч, сансрын туяагаар хооллодог болсон бөгөөд зайлшгүй шаардлага гарсан үед болон Их наадамд бэлдэх үед л доош бууж ирдэг болчихсон.
-... тэмцэл явуулна гэж бид тангараглаж байна гэсээр ахлагч үргэлжлүүлэв.-Мөн бид өвөг дээдсийнхээ адил ус ууж, хатуу хоол идэн, тэдний мэдлэг, ашигтай дадлуудыг аль болох гүн эзэмшинэ гэж тангараглаж байна.
Тангараг ч дуусч скаутууд ч тал тал тийш бутарцгаалаа. Багийн ахлагч Дрогод ойртов.
-Энэ бол Их наадмын өмнөх сүүлийн цугларалт шүү дээ гэж тэр хэллээ.
Дрог толгой дохиод:
-Би мэдэж байгаа гэв.
-Гэтэл чи өнөөг хүртэл Мирашийн ангуучдын ердөө л хоёрдугаар зэрэглэлийн скаут байж байдаг. Бусад чинь аль хэдийн нэгдүгээр зэрэглэл авах нь аваад, чадаагүй нь ядаж л залуу анхлан нээгчийн цол авчихсан явна. Манай баг муу хэлэгдвэл яана?
Дрог ичсэн байртай хавчигналаа.
-Үүнд би ганцаараа буруутай биш шүү гэж тэр тайлбарлалаа.-Усанд сэлэлт, бөмбөг бэлтгэлийг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй нь үнэн л дээ. Гэхдээ би заавал бүгдийг хийж чаддаг байх албагүй. Анхлан нээгчдийн дотор ч зөвхөн өөрийн нарийн мэргэжлээр дагнасан...
Ахлагч түүний үгийг таслаад:
-Тэгвэл чиний хамгийн сайн чаддаг юм чинь юу юм? гэв.
-Уул, ой хөвч гэж Дрог уухайн тас хариулав. –Би мөр хөөх, ан хийх бүрэн курсийг дүүргэсэн л дээ.
Ахлагч хэсэг зуур түүнийг сонжин ширтлээ. Дараа нь үгээ удаан зөөж:
-Дрог хэрэв чамд нэгдүгээр зэрэглэл аваад зогсохгүй дээр нь Хүндэт тэмдэгээр шагнуулах сүүлчийн боломж өгвөл чи яах вэ?гэх нь тэр.
-Би бэлэн гэж Дрог хар чадлаараа хариулав.
-Сайн байна гэж ахлагч хэллээ. –Манай баг ямар нэртэй билээ?
-“Мирашийн ангуучид” эрхэм ээ.
-Мираш гэж юуг хэлдэг юм бэ?
-Мираш бол бие томтой догшин араатан гэж Дрог дуржигнуулав.-Эрт дээр үед мирашууд Элбонайн арвин их газрыг эзлэн амьдардаг байсан бөгөөд манай өвөг дээдэс тэдэнтэй хатуу ширүүн тэмцдэг байсан. Тэд одоо үхэж үгүй болсон.
-Яг ч тийм биш л дээ гэж Ахлагч түүнийг засав.-Өмнөд өргөргийн 233 градус, өрнөд уртрагийн 482 градусын байршилтай эндээс хойд зүгт байдаг ойд тандалт хийгээд гурван тоо толгой бүхийн мирашийн сүргийг илрүүлсэн байна. Бүгд эрэгчин болохоор тэднийг агнаж болно. Тэгэхээр байна аа, Дрог чи тэднийг мөшгөж олох хэрэгтэй. Бас дээр нь анхлан нээгчдийн аргуудыг ашиглан ядаж ганц ч гэсэн мирашийн арьсыг нь олж авах хэрэгтэй байна. Чадах уу?
-Чадна, эрхэм ээ.
-Тэгвэл яг одоо замд гар гэж ахлагч хэллээ. –Тэгээд мирашийн арьсыг бид багийнхаа туганд зүүнэ гэдгийг сайн тогтоож аваарай. Ингэж чадвал биднийг Их наадмын үеэр онцлох нь гарцаагүй.
-Мэдлээ гүйцэтгэе, эрхэм ээ гэчихээд Дрог хамаг хэрэгсэлээ яаран цуглуулж, дашмагаа шингэнээр дүүргэн, хатуу хоол бүхий өглөөний хоолоо аваад замд гарлаа.
Ердөө хэдхэн минутын дараа гэхэд л Дрог маань ахлагчийн заасан газрын дээгүүр эргэлдэн нисч байв. Доор нь цасан оройтой уулзс, хачин хэлбэр дүрстэй хад асга, уулын хөндийгөөр битүү ургасан давжаа мод, бут сөөг гээд ер нь их зэрлэг, романтик газар харагдана. Мань Дрог тэвдсэн байртай эргэн тойрноо харан ниснэ.
Тэрээр багийн ахлагчийн өмнө бага зэрэг залчихсан болохоор арга ч үгүй юм.
Яг үнэнийг хэлэхэд мань Дрог мөр мөшгөх, ан хийхдээ тийм ч сайн биш байлаа. Юу хамгийн сайн чаддаг вэ гэхээр таван мянган футын өндөрт мөрөөдөлд умбан бодолд дарагдан үүлсийн дунд хөвөхийг л хамгийн сайн чаддаг.
Гэтэл нөгөө мирашуудыг олж чадахгүй бол яанаа? Эсвэл бүр нөгөө мирашууд нь түүнийг эхлээд анзаарчихвал яанаа? Гэвч сүүлийн бодлоо тэр даруй таягдан хаяв. Аргаа барлаа гэхэд тэр гестибулдчих юм чинь. Хэн ч юу ч мэдэхгүй.
Мирашийн сулавтар үнэрийг авлаа. Тэр даруйд өөрөөс нь хориод ярдын газар Т хэлбэртэй хачин хадны дэргэд юм хөдлөхийг мэдрэв.
Ийм амархан байсан юм уу гэж Дрог бодлоо. Би ч азтай юм аа. Тэрээр өнгөлөн далдлалтыг зохих ёсоор нь хийж аваад урагшилж эхэллээ.
***
Уулын жим улам огцом болж эхэллээ. Нар ч хайр найргүй шарж байв. Пакстон агааржуулалттай комбинзон өмссөн мөртлөө л хөлсөндөө хутгалдаж явлаа. Тийм ч болохоор цаашид дуулгавартай залуугийн дүрд тоглож чадахааргүй болжээ.
-Хэдүүлээ эндээс хэзээ арилах юм гэж тэр асуув.
Хариуд нь Эррера мөрөн дээр нь алгадаж тайвшруулаад:
-Чи чинь баяжихийг хүсэхгүй байгаа юм уу даа гэв.
Пакстон:
-Бид аль хэдийн баяжчихаад байна шүү дээ.
Эррера:
-Тэгсэн. Гэхдээ хангалтгүй гээд инээмсэглэхэд нь нь зууван бор царай нь үрчлээсээр дүүрэв.
Хайгуулын багажаа дааж ядан уухилсаар Стилмен дөхөөд ирэв. Ачаагаа жим дээр болгоомжтой буулгачихаад хажууд нь суугаад авлаа.
-Ингэхэд жентельменүүдээ, бага зэрэг амарвал яаж байна аа?
Эррера:
-Бололгүй дээ. Би бол насан туршдаа амарсан ч бэлэн байна гэчихээд Т хэлбэртэй хадыг налан суув.
Стилмен гаансаа нэрж, Эррера комбинзоныхоо халаасны цахилгааныг нээж байгаад навчин тамхи гаргаад ирэв. Пакстон тэр хоёрыг хэсэг зуур харж суулаа. Тэгснээ нөгөө асуултаа давтан хэлэв.
-Энэ гарагаас хэзээ зайлах юм бэ? Эсвэл та хоёр энд үлдсэн амьдралаа өнгөрөөхөөр шийдээ юу?
Эррера инээмсэглэснээ чүдэнз зуран тамхиа асаав.
-Хөөе чи муу миний хэлээд байгааг сонсохгүй байна уу? гэж Пакстон хашгичив.
-Зүгээр байлдаа чи гэж Стилмен хэлэв.-Чи ганцаараа шийдчихдэг юм уу. Энэ аялалд бүгд адил тэгш эрхтэй хамтрагчид шүү.
Хариуд нь Пакстон:
-Тэгсэн ч гэлээ миний мөнгөөр зохион байгуулсан биз дээ гэж сануулаад авлаа.
-Тэр ч тийм. Тийм болохоор л чамайг хамтрагчаа болгосон байхгүй юу. Эррера бол хамгийн туршлагатай алт хайгч. Би онолын мэдлэгтэй, дээр нь пуужин жолоодож чадна. Харин чи бол мөнгөтэй.
-Тэгээд яагаав ээ. Хөлгөө зайгүй дүүргэчихээ биз дээ гэж Пакстон түүнийг үгийг таслав.-Ачааны хэсэг зүү орох газаргүй болтлоо дүүрчихсэн. Одоо тэгээд арай илүү соёлтой газар очиж байгаад тансаглаж болдоггүй юм уу, айн?
-Эррера бид хоёр чам шиг үрэлгэн хүмүүс биш л дээ гэж Стилмен тэвчээртэй хэлэв.-Бид хоёр болохоор хөлгийнхөө өнцөг булан, нүх сүв болгоныг эрдэнсээр дүүргэх гэсэн гэмгүй цагаан бодолтой хүмүүс. Бид хоёр түлшнийхээ савыг алтаар, хоолны шуудайгаа номин эрдэнээр дүүргэж, шалаа алмас эрдэнээр бүрхэхийг л хүсч байна. Тэгээд ч тоолж баршгүй их эрдэнэс энэ гараг дээр намайг аваачээ гэж байгаа юм шиг хаа сайгүй хөглөрч байгаа биз дээ. Бид хоёр зүүдэнд ч оромгүй баян болохыг хүсч байгаа юм шүү дээ Пакстон минь, бүр бөөлжис цутгамаар баян. Ойлгож байна уу?
Пакстон яриаг нь сонссон шинж алга. Мань эр жим явсаар тахийсан хэсэгт юуг ч юм бэ нэг зүйлийг анхааралтай ширтэж байснаа:
-Тэр дөнгөж сая байрнаасаа хөдөлчихлөө гэв.
Эррера тас тас хийтэл инээд алдлаа.
-Яасан мангас явж байна уу?
-Тайван байна шүү хөө гэж Стилмен хэллээ. –Жаал минь аан гээд сонсож бай. Би нас тогтож, жин нэмсэн хүн. Тэгэхээр намайг тийм ч амархан айлгачихгүй шүү. Бидэнд өчүүхэн төдий аюул заналхийлж байсан бол энд ингээд сууж байна гэж бодоо юу?
-Тэр хараач. Нөгөөх чинь ахиад хөдөлж байна.
-Хэдүүлээ энэ гарагийг гурван сарын өмнө нэгд нэгэнгүй судалсан биз дээ гэж Стилмен учирлав. –Тэгэхэд ухаантай амьтад байдаг гэх ямар ч ул мөр, ямар ч аюултай араатан, хортой ургамал олоогүй. Энд зөвхөн ой, уулс, нуур, гол мөрөн бас хаа сайгүй хөглөрөх номин эрдэнэ, алмаз эрдэнэ, алтан гулдмай л байгаа. Үгүй байсан бол бид хэд рүү аль эрт ямар нэгэн амьтан дайрчихсан байгаа.
-Хөдөлж байхыг нь яах аргагүй харсан гэж хэлээд байхад чинь дээ гэж Пакстон зөрүүдлэв.
Эррера босоод:
-Энэ мод мөн үү? гэж асуув.
-Мөн. Чи өөрөө хар л даа. Бусад модтой адилгүй байгаа биз дээ. Хэлбэр нь шал өөр...
Эррера яах ийхийн зуургүй бластераа хуйнаас нь сугалан гаргаж ирээд мод руу гурван удаа буудах нь тэр. Агшин зуурын дараа нөгөө мод байсан газар ч тэр эргэн тойрны арван ярдын газар зөвхөн харлаж нүүрс болсон ёзоорууд л ёрдойж байв.
-За, ингээд л гүйцээ гэж Эррера хэлэв.
Пакстон эрүүгээ маажлаа.
-Чамайг буудаж байхад тэр мод дуу алдахыг би сонссон шүү.
-Мэдээж шүү дээ. Гэхдээ би одоо тэр модыг чинь буудчихлаа гэж Эррера аргандгуй хэлэв.-Хэрэв өөр ямар нэг юм хөдөлж эхэлбэл шууд хэлээрэй. Би дор нь учрыг нь олоод өгнө. Харин одоо бол явж номин эрдэнээ түүцгээе.
Пакстон Стилмен хоёр цүнхээ аваад Эррераг даган жимээр дээш өгслөө.
Пакстон Эррерагийн араас дохиод:
-Мундаг залуу байгаа биз дээ, тийм үү? гэж аяархан хэлэв.
***
Дрог бага багаар ухаан оров. Мирашийн галт зэвсэг түүнийг гэнэдүүлчихэж. Яаж яваад оногдсоноо ч одоо хүртэл ойлгож ядна. Уг нь бол цаадуул нь түүнийг урьдчилан үнэрлэж байгаад дараа нь чихээ хулмайлган архирах ёстой байтал тэгсэнгүй шууд л дайрчихдаг байгаа. Мирашийн эрэгчин урд нь дайсан байна уу, найз байна уу гэдгийг тодруулах ч гэсэнгүй шууд яах ийхийн зуургүй буудчихлаа.
Ямар гээчийн аймшигтай араатантай учирснаа Дрог одоо л сайн ойлгож авлаа. Мирашуудын алхах чимээ намжтал хэсэг хүлээж байгаад Дрог өвдөлтөө тэвчин байж харааныхаа мэдрэгчдийн ажиллагааг хэвийн болгох гэж оролдов. Болдоггүй шүү. Дрог айдаст автлаа. Мэдрэлийнх нь систем гэмтчихсэн бол сөнөлөө л гэсэн үг шүү дээ.
Тэрээр ахин нэг удаа хамаг хүчээ шавхан оролдтол хараа нь сэргэсэн болохоор санаа нь амарч санаа алдлаа. Гэрэл гялс хийх үед тэрээр төрөлхийн совингоороо квонддож амжсан тулдаа л амьд үлджээ.
Мирашуудыг мөшгөх ямар ч хүсэлгүй байгаагаа Дрог мэдрэв. Ингэхэд ер нь тэр тэнэг арьсгүй зүгээр буцаад очвол яадаг юм бэ? Багийн ахлагчид болохоор мирашууд бүгд эмэгчин байна гээд л хэлчихье. Эмэгчинг агнах хориотой юм чинь. Скаутын үгэнд хэн ч эргэлздэггүй болохоор хэн ч түүнийг шалгаж, байцаахгүй. Гэхдээ л Дрог хэзээ ч ийм зүйл хийхгүй байлаа. Ер нь ийм юм яаж бодож чаддаг байна аа?
Тэгвэл яах вэ, скаутаа больдог юм билүү гэж Дрог бодож үзэв. Ядаргаатай түүдэг гал, дуу, тоглоом, үерхэл нөхөрлөл энэ тэрийг нэг мөр дуусгах уу.
Тэгэж ч ярихгүй шүү гэж тэр хатуу шийдэв. Өөрийгөө дайчлах хэрэгтэй. Урд нь мирашуудыг ухамсартай амьтан гэж бодоод ан хийсэн. Гэтэл мирашууд бол ухамсарт амьтад биш. Тэмтрүүлгүй амьтад ухамсартай байдаггүй. Энэ бол Этлибийн хууль, харин Этлибийн хууль бол маргашгүй үнэн. Ухамсар ба араатны араншин хоёрын тэмцэлд ухамсар ямагт ялан дийлдэг. Өөрөөр байх ч аргагүй. Тэгэхээр шинэ арга сэдэх л үлдэж байна.
Дрог мирашуудын үнэрийг авч байгаад ахин мөшгөж эхэллээ. Ямар зэвсэг хэрэглэдэг юм билээ гэж тэр бодож байв. Жижигхэн цөмийн бөмбөг яах бол? Үгүй ээ, арьсыг нь баллаад хаячихана.
Дрог гэнэт зогстусаад тас тас хийтэл хөхөрч гарлаа. Ийм амархан юм байсаар байтал урд нь сэтгэж байхгүй дээ. Мирашуудтай шууд тулж амь өрсөх хэрэг юу байна аа. Толгойгоо ажиллуулж байгаад амьтдын сэтгэл зүйн талаарх мэдлэгээ, өгөөштэй хавх тавих чадвараа ашигладаг хэрэг.
Ингээд Дрог маань мирашуудыг мөшгөхийн оронд шууд л оромжийг нь чиглэв.
Тэнд нь очиж байгаад урхи тавина даа.
***
Агуйг отог болгон сонгосон байв. Мань гурав бүр нар жаргаж байхад отог дээрээ ирлээ. Хадан цохио хачин сонин сүүдэр хаялжээ. Хөлөг нь отгоос таван бээрийн цаана, уулын хөндийд байсан бөгөөд гадаргуу нь мөнгөлөг улаан туяа цацруулан гялалзаж харагдана. Эрдэнэсийн эрэлчин гурван эрийн цүнхэнд нэг их том биш ч гэлээ гайхалтай өнгөтэй арав гаруй номин эрдэнэ байлаа.
Яг ийм үед Пакстон тэртээ Огайо дахь жижигхэн хотын цайвар үст бүсгүйн тухай мөрөөдөх дуртай байлаа. Эррера болохоор ухаан сууж фермер болохоосоо өмнө сая сая долларыг яаж үрэн таран хийнээ төсөөлөн инээмсэглэнэ. Харин Стилмен харь гарагийн эрдэсийн орд газрын талаарх ирээдүйн цол хамгаалах ажлаа бодолдоо бичин бувтнана.
Мань гурвын сэтгэл санаа гэж хачин сайхан. Түрүүхэн болж өнгөрсөн дарамттай явдлаас хойш Пакстон аль хэдийн сэхэл авчихсан байсан болохоор одоо гэв гэнэт хагас нүцгэн сайхан хүүхнийг хөөсөн аймшигтай ногоон мангас гараад ирвэл баярлана уу гэхээс айхгүй болсон байлаа.
Гурвуул агуйн үүдэнд дөхөж ирэхэд Стилмен:
-За ингээд гэртээ ирлээ дээ гэж хэлэв. –Ингэхэд оройн хоолон дээрээ бифштекс идвэл яаж байна.
Өнөөдөр мань эрийн тогоо барих ээлж.
-Сонгинотой шүү гэж Пакстон хэлчихээд агуй руу алхалснаа тэр даруй буцаад огил үсрэв.-Юу гээчийн чөтгөрийн юм бэ энэ чинь?
Агуйн амнаас хэдхэн футын наана утаа савсуулсан жижигхэн бифштекстэй таваг, лонх виски бас дөрвөн ширхэг том алмаз байж байх нь тэр.
-Хачин юм даа гэж Стилмен ам нээв.-Тун ч таагүй бодол төрөөд эхэлж байна шүү.
Алмазуудыг сайн харахаар Пакстоныг тонгойтол Эррера түүнийг түлхээд холдуулчихав.
-Доор нь тэсрэх бөмбөг хийчихсэн ч юм билүү.
-Тэгвэл энд чинь ямар ч утас харагдахгүй байна шүү дээ гэж Пакстон зөрлөө.
Бифштекс, алмаз, вискийг Эррера нэг хэсэгт тас ширтэв. Харц нь тун ч ёозгүй.
-Энэ нэг л бишээ гэж мань эр ам нээв.
-Энэ гараг дээр нутгийн оршин суугчид байдаг юм биш байгаа даа гэж Стилмен таамаг дэвшүүлэв. –Их аймхай бүрэг оршин суугчид. Тэгээд сайн санааны тэмдэг болгож энэ бэлгийг явуулсан байх.
-Яг шүү дээ гэж Эррера түүнийг явуулав.-Тэгээд бидний төлөө ганц лонх “Олд Спейс Рейнжэр” авчрах гээд дэлхий рүү харайлгачихаад ирсэн байна, тийм ээ?
-Тэгээд одоо яах вэ? гэж Пакстон асуув.
-Чи бага зэрэг холдож бай даа гэж Эррераа тушаалаа. Дараа нь хажуудах модноос урт гэгч нь мөчир хугалан авч байгаад алмазуудыг чичиж үзэв.
-За тэр, яах ч үгүй л байгаа биз дээ гэж Пакстон хэллээ.
Гэтэл Эррерагийн гишгэлж байсан урт өвс гэнэт шагайгаар нь ороогоод авах нь тэр. Хөрс 15 фут орчим голчтой, зээрэнцэг хэлбэртэй болон сөрдийж байгаад өвс ургамлыг үндсээр нь суга татан эргэлдэж агаарт хөөрч эхэллээ. Эррера үсрэх гэсэн боловч өвснүүд мянга мянган ногоон тэмтрүүл шиг л зуурчихаад тавьсангүй.
-Тэсээрэй хөө гэж Пакстон эмэгтэй хүний хоолойгоор орилонгоо үсэрч зээрэнцэгний ирмэгээс бариад авлаа. Зээрэнцэг огцом хазайж агшин зуур зогссоноо ахиад л дээшилж эхллээ. Эррера харин энэ зуур ангийн хутгаа гаргаж амжаад өвсөн чөдрүүдийг огтолж эхэллээ. Стильмен ч сэхээ авч дээш өлгөгдөн хөөрч эхэлсэн Пакстоны хөлнөөс нь зуурснаар зээрэнцгийн эрчимтэй хөөрөлтийг хэсэг зуур зогсоож дөнгөв. Энэ хооронд Эррера нэг шагайгаа арай хийж суллаж аваад булчинлаг лагс биеэрээ зээрэнцгээс мултран унжиж орхив. Нөгөө хөлийг нь ороож байсан өвснүүд биеийнх нь хүндийг нэг их удаан барьж дийлсэнгүй. Эррера толгойгоороо доош унаж явах зуураа хамгийн эцсийн мөчид биеэ чангалан эргээд мөрөөрөө газардаж чадлаа. Пакстон ч зээрэнцэгээс зуурч байсан гараа тавиад Стилмений яг гэдсэн дээр унав. Харин өвсөн зээрэнцэг бифштекс, алмаз, лонх вискийн хамт өндөрт хөөрөөд удалгүй бараа нь тасрав.
Нар жаргачихлаа. Мань гурав бластеруудаа бэлэн барьсаар чив чимээгүй агуйн дотогш орцгоов. Агуйн аман дээр түүдэг асааж, өөрсдөө гүн рүү явлаа.
-Ээлжлэн манаанд гарцгаана шүү гэж Эррера хэлэв.
Пакстон Стилмен хоёр зөвшөөрч толгой дохилоо.
-Чиний зөв байжээ Пакстон минь гэж Эррера яриагаа үргэлжлүүлэв.-Бид энд хангалттай удсан бололтой.
-Бүр дэндүү удсан гээч гэж Пакстон яриаг нь засав.
Эррера мөрөө хавчаад:
-Үүр цаймагц хөлөг рүүгээ буцаж очоод эндээс арилаад өгцгөөе.
-Хөлөг дээрээ очих тавилантай бол шүү дээ гэж Стилмен ёрлов.
***
Дрог бүр яахаа ч мэдэхээ байчихсан байв. Хавх яаж ажиллаж, мирашууд хэрхэн тэмцэж, баригдалгүй үлдэж байгааг тэрээр амьсгал даран харж байсан билээ. Уг нь ч хачин сайхан мираш байсан шүү. Тэр гурвын хамгийн том нь.
Юун дээр алдаа гаргаснаа Дрог одоо сайн ойлгож байлаа. Хамгийн сайн үр дүнд хүрэх гэж хэт улайрснаас болоод өгөөшийг хэтрүүлчихэж. Мирашуудын аймаар дуртай эрдэсүүд дангаараа байхад л хангалттай байсан юм. Гэтэл анхлан нээгчдийн аргыг сайжруулдаг мундаг амьтан болох гээд хүнсний цочроогч нэмчихдэг. Мирашууд хар авсанд гайхах зүйл ер алга.
Одоо бол тэд уурлачихсан, их болгоомжтой болчихсон болохоор маш аюултай.
Харин уурласан мираш гэдэг бол Галактикийн хамгийн аюултай амьтдын нэг байдаг.
Элбонайн хоёр саран өрнө зүгт мандахад Дрог үнэхээр ганцаардаж байгаагаа мэдэрлээ. Агуйн аман дээр мирашуудын асаасан түүдгийг, агуйн гүнд буугаа барих нуугдсан мирашуудыг ч харж байлаа.
Нэг муу мирашийн арьсны төлөө ингэж зовох хэрэг байна уу даа? Яг одоо үүлсээр хачин чамин дүрс хийж, мөрөөдөлдөө умбангаа таван мянган футын өндөрт нисч байвал сайхан байхгүй гэж Дрог бодлоо. Энэ муу балиар хатуу хүнсийг идэж байхын оронд сансрын туяаг дуртайяа шимэн илчийг нь авахсан. Ингэхэд ер нь ингэж мөрдөж мөшгөн ан хийх ямар утга байна? Түүний ард түмэнд бол ямар ч хэрэггүй чадварууд шүү дээ.
Энэ бодолдоо өөрийгөө бараг итгүүлчихээд байтал гэнэт мэргэн арга гялсхийн орж ирэв.
Амьдралын төлөөх тэмцэл, энэ тэмцэлтэй холбоотой бүх аюул осол бол Элбонайн иргэншлийн хувьд аль хэдийн өнгөрсөнд үлдсэн зүйл билээ. Гэвч сансар огторгуй уудам, аюул ослоор дүүрэн. Элбонайчууд ямар шинэ аюул осолтой таарахыг хэн тааж мэдэх билээ? Тэгээд энэ бүх ан хийх дадал, туршлага мартагдчихсан байхад тийм аюул нүүрлэвэл яах болж байна?
Үгүй ээ, өвөг дээсийнхээ мэдлэгийг мартаж болохгүй. Дээдсийн маань өв бол дайсагнасан сансар огторгуй дахь эвийг эрхэмлэсэн ухамсарт амьдрал ямар эмзэг, хэврэг байдгийг байнга сануулсан санамж, жишээ болж байх ёстой.
Дрог одоо нэг бол мирашийн арьсыг хуулна, үгүй бол өөрөө үхнэ. Хамгийн гол нь тэднийг агуйгаас нь холдуулах хэрэгтэй. Дрогийг анчны зөн совин нь эргэн сэргэжээ. Мань Дрог дууныхаа холбоосыг маш хурдан бөгөөд чадварлагаар мирашуудын дуутай адил өнгөөр тохируулан өөрчлөв.
***
-Тэр сонсов уу гэж Пакстон асуув.
-Харин тийм гэж Стилмен хариулав.
Харанхуйгаас гарах чимээг бүгд чих тавин сонслоо.
Нөгөө чимээ ахиад гарав. Хэн нь мэдэгдэхгүй нэг хүн:
-Туслаарай. Туслаарай гэж орилж байлаа.
-Энэ чинь бүсгүй хүний дуу байна гэсээр Пакстон огло харайн босов.
-Энэ бол эмэгтэй хүний дуутай төстэй юм гэж Стилмен тодруулав.
-Туслаарай, гуйж байна. Би тэвчихгүй нь ээ. Хүн байвал туслаач ээ.
Пакстоны цөс нь хөөрөөд эхлэв. Жуулчны эвдэрсэн хөлгийнхөө дэргэд (яаж тэнэгтэхээрээ ийм хөлгөөр аялдаг юм бол бүү мэд) сэжиг хүрэм ногоон, нялцгай араатнуудад бүслэгдчихсэн зогсож байгаа туяхан, хөөрхөн бүсгүйг мань эр агшин төдийд дүрслэн бодлоо.
Дараа нь Пакстон нэмэлт бластераа гаргаж ирээд тун ч тайвнаар:
-Би тийшээ очлоо гэж хэлэв.
-Мал минь наанаа сууж бай гэж Эррера тушаав.
-Бүсгүйн орилж байгааг чи...
-Энэ чинь эмэгтэй хүн байх ямар ч үндэсгүй гэж Эррера хэлэв.-Энэ гараг дээр хаанаасаа хүүхэн гараад ирдэг билээ?
Пакстон хоёрын хоёр бластераа сүрдмээр савчуулж байгаад:
-Харин наадахыг чинь би очиж тодруулах гээд байна гэж Пакстон шийдэмгий хэллээ.
-Суу гэж байна гэж байнаа чамайг гэж Эррера зандарлаа.
-Нээрээ тийм шүү гэж Стилмен ярианд орж Пакстоныг сэнхрүүлэхийг оролдов. –Тэнд үнэхээр эмэгтэй хүн байлаа гэж бодоход бид хэд очоод туслаж чадна гэдэг тун ч эргэлзээтэй шүү.
Нөгөө дуу тасалдсангүй.
-Туслаарай, авраарай. Нөгөө амьтан чинь намайг хөөгөөд барьлаа шүү дээ.
-Алив замаас зайл гэж байна шүү гэж Пакстон заналтай хашгирлаа.
-Чи үнэхээр тийшээ явах гээд байгаа юм уу гэж Эррера үл итгэсэн байртай лавлан асуув.
-Тийм ээ. Надад саад болох гэж оролдоод үзээрэй чи.
-За за тэгвэл явж үз гээд Эррера агуйн амны зүг гараараа дохив.
Стилмен айдаст автсан дуугаар:
-Надахаа явуулж болохгүй шүү дээ гэвэл Эррера:
-Би биш наад чинь үхэх юм чинь гэж залхсан байртай хариулав.
-Та хоёр санаа бүү зов гэж Пакстон аргадав.-Ердөө арван таван минутын дараа би эргээд ирнэ. Бүсгүйн хамт шүү.
Ингэж хэлчихээд мань эр өсгийн дээрээ эргэн агуйгаас гарахаар алхав. Эррера харин үл мэдэг урагш тонгойн тайрдсаар дагзан дундуур нь маш оновчтой байлгаад авах нь тэр. Гулзайн унах Пактсоныг Стилмен арай л гэж барьж амжлаа.
Хоёул нийлж байгаад Пакстоныг агуйн гүн рүү чирч оруулчихаад байрандаа эргэн ирлээ.
Хөөрхий азгүй хатагтай ахиад уртаас урт таван цагийн турш тусламж гуйн орилж хашгирлаа..
***
Бороотой бүүдгэр өглөө болоход Дрог агуйгаас зуун ярдын зайнд байж байв. Мирашууд агуйгаас гарч буугаа бэлэн бариад эргэн тойрноо маш анхааралтай ширтэн мөр мөрөө нийлүүлэн урагшилж эхлэхийг сайн харж байлаа.
Яагаад энэ удаад ч гэсэн бүтэлгүйтчихдэг байна аа? Мирашийн эрэгчинг өдөөн гаргаж ирэх хамгийн найдвартай арга гээд скаутын сурах бичиг дээр биччихсэн байсан шүү дээ. Орооных нь үе эхлээгүй байсан юм болов уу?
Мирашуудын чиглэж байгаа өндөг хэлбэртэй төмөр сав бол сансраар нисэхэд зориулагдсан бүдүүлэг төхөөрөмж мөн болохыг Дрог танилаа. Загвар нь хэдий бүдүүлэг ч гэлээ мирашууд дотор нь ороод авбал яаж ч чадахгүй болно.
Уг нь бол Дрог тэднийг шууд тревэстлэж чадах байсан ч арай л харгис арга юм даа.
Залуу скаут маань бүх зүйл дээр эртний Элбонайчуудтай адил байхыг чармайх бөгөөд тэд нар нь харин дайсандаа ямагт өгөөмөр сэтгэл гаргадаг байсан билээ.
Тэгэхээр ан хийх хамгийн эртний аргуудын нэг болох илтроци л үлдэж. Харин энэ аргыг ашиглахын тулд Дрог мирашуудад тулж очих ёстой байдаг. Гэхдээ түүнд бол алдаад байх юм үгүй чинь.
Тэгээд ч цаг уурын байдал ч яг таарамжтай болчихож.
***
Эхэндээ агаарт тунгалаг, хөнгөхөн утаа хөшиглөж байсан юм. Гэвч усархаг наран саарал тэнгэрт мандаж эхлэхэд манан өтгөрч эхэллээ.
Эррера хараал урсгав.
-Энэ л дутаад байж гэнэ дээ. Мөр мөрөө нийлүүлээрэй. Нэгнээсээ ер холдож болохгүй шүүү.
Одоо бол мань гурав нэг гартаа бластераа барьчихаад нөгөө гараараа нэг нэгнийхээ мөрнөөс барин алхаж эхэллээ.
-Эррера?
-Яав?
-Зөв явж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Мэдээж. Энэ хараал идсэн мананг буухаас өмнө би луужингаараа чиг авчихсан.
-Луужин чинь эвдэрчихвэл яах уу?
-Тэр талаар бодоод ч хэрэггүй шүү.
Хадан хясааны хэлтэрхий дундуур мань гурав болгоомжтой нь аргагүй зам гарган урагшилсаар.
-Би хөлгөө харах шиг боллоо гэж Пакстон хэлэв.
-Бишээ, арай л болоогүй байгаа гэж Эррера хариулав.
Тэгтэл Стилмен чулуунд тэглээд бүдрэхдээ бластераа унагчихав. Бластераа газраас аваад мананд дунд тэмтэчсээр Эррерагийн мөрийг олоод цааш үргэлжлүүлэн явлаа.
-Одоо ойртож байна шүү гэж Эррера хэлэв.
-Тэгмээр дээ гэж Пакстон хариуллаа. –Би бүр залхаж байна шүү.
-Нөгөө хөөрхөн бүсгүй чинь хөлөг дээр хүлээж байгаа гэж бодоо юу?
-Нэг юмаа байн байн ярихаас залхахгүй байна уу чи?
-За за болилоо гэж Эррера хэлэв.-Хөөе Стилмен чи миний мөрөн дээрээс барьсан чинь дээр шүү. Төөрчихвөл баларна шүү.
-Би чиний мөрөн дээрээс бариад л явж байна шүү дээ.
-Бариагүй л байна даа.
-Барьж байна гээд хэлээд байхад.
-Миний мөрөн дээрээс хүн барьж байна уу үгүй юу гэдгийг ялгахтайгаа байна шүү.
-Тэгвэл Пакстон энэ чиний мөр үү?
-Үгүй ээ.
-За баларлаа даа гэж Стилмен үгээ зөөж ядан хэллээ. –Баларлаа.
-Яахаараа балардаг юм?
-Яагаад гэвэл би хэний ч юм бүү мэд мөрнөөс бариад яваад байна за юу.
-Хэвтээд гэж Эррера хар чадлаараа орилоо. –Хурдан хэвтээрэй. Би буудлаа шүү.
Гэвч нэгэнт оройтжээ. Исгэлэн үнэр агаараар тархаад ирэв. Стилмен Пакстон хоёр түүгээр ганц амьсгалаад л цохиулсан юм шиг нураад уначихав. Эррера амьсгалахгүй байхыг хичээн урагшаа сохроор харайлгатал бүдрээд хадны хэлтэрхий дээр унаад босох гэтэл...
Нүд нь харанхуйлаад явчихлаа.
Гэнэт манан сарнин алга болов. Маасайтал инээмсэглэчихсэн Дрог гав ганцаар зогсож байлаа. Тэгээд урт гэгч нь хутга гаргаж ирээд хамгийн ойр байгаа мирашийн дээрээс тонгойлоо...
***
Ганцхан хормын дотор бүх хөдөлгүүрээ шатааж мэдэх тийм аймшигтай хурдаар хөлөг дэлхийг чиглэн нисч байлаа. Эррера удирдлагын самбартай ноцолдож харагдана. Тэгсээр арай хийж айдсаа даран ердийн тайван, зоригтой хэвээр болж аваад хурдыг хэвийн болгож өөрчиллөө. Мань эрийн гар нь салгалж, хөрслөг бор царай нь үнсэн саарал өнгөтэй хэвээр байв.
Цаад талын өрөөнөөс Стилмен гуйвсаар гарч ирээд хоёр дахь нисгэгчийн суудал дээр унаад өгөв.
-Пакстон яаж байна гэж Эррера асуулаа.
-Дрон-3-ыг тарьчихлаа гэж Стилмен хариулав.-Одоо зүгээрээ.
-Уг нь сайн залуу шүү.
-Байдаг л нэг шоконд орсон байх гэж бодож байна. Сэхээ орохоор нь алмаз тоолуулаад суулгачихъя. Үүнээс илүү эм гэж юу байх билээ.
Эррера мушилзан инээмсэглэж царай нь ахиад яагаараад ирэв.
-Ингээд бүх зүйл нэгэнт өнгөрчихсөн болохоор би ч гэсэн алмаз тоолмоор болж байх чинь гэж хэлснээ мань эрийн царай гэнэт чухал болж өөрчлөгдлөө.-Ямар гээч амьтан яах гэж тийм юм хийснийг би ер ойлгож чадахгүй юм. Ална гэсэн ч ойлгохгүй байна.
***
Скаутуудын их наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. “Халигч шонхор” нэртэй 22-р баг Элбонайг байлдан дагуулж байгааг харуулсан бяцхан үггүй жүжиг үзүүлэв. “Зоригт бизонууд” нэртэй 31-р баг анхлан нээгчдийн байлдааны хувцас өмсөж гайхуулав.
Харин “Мирашийн ангуучид” багийн тэргүүнд Дрог алхаж явлаа. Нэгдүгээр зэрэглэлийн скаут болсон түүний энгэрт Хүндэт тэмдэг гялалзаж харагдана. Мань Дрог багийнхаа тугийг барьж явлаа. Харин тугч хийнэ гэдэг хамгийн эрхэм дээд хүндэтгэл болохоор бүгд түүнийг уухайлан мэндчилж байлаа.
Яагаад гэвэл тугийн гөхөл дээр жинхэнэ насанд хүрсэн мирашийн арьс хамаг л цахилгаан, хармаа, товч, бууны хуйгаа нарны гэрэлд хөгжилтэй нь аргагүй тодоор гялалзуулан санжигнаж байсан юм.
Төгсөв
Хувалзууд сөнөтүгэй
Ричард Грегор, Фрэнк Арнольд хоёр гараг хоорондын цэвэрлэгээний алба “АСЕ” компаний өрөөнд суучихсан үйлчлүүлэгч орж ирэхийг хүлээх урт удаан бөгөөд шаналгаатай хүлээлтийг тус тусдаа аргалж байлаа. Өндөр туранхай, сентименталь зантай Грегор хөзөр эвлүүлнэ. Булцгар, намхан нуруутай, канар бялзуухай шиг тод шар өнгийн үс, цэнхэр нүдтэй Арнольд болохоор жижигхэн зурагтаар Фред Астерийн тоглосон хуучны кино үзэж сууна. Гэтэл гэнэт гайхамшиг болж үйлчлүүлэгч ороод ирэх нь тэр.
Энэ удаад Саркан II гарагийн булга шиг толгойтой саркан хүн иржээ. Тэрээр цагаан костюм өмсөж, гартаа үнэтэй цүнх барьсан харагдана.
Саркан хүн орж ирэв үү үгүй шууд л:
-Шимэгчид, хувалзуудыг нь устган цэвэрлэх хэрэгтэй нэг гараг надад байна гэж мэдэгдлээ.
-Та зөв газраа хандлаа гэж Арнольд түүнд хэлэв.-Тэгээд юу танд саад болж байгаа юм бол?
-Миигууд. Үүрнээсээ гардаггүй байхад нь бид яах вэ гээд тэсээд байдаг байсан. Гэтэл одоо миигууд манай сауника руу дайрдаг болоод эхэлсэн болохоор учрыг нь олохгүй бол болохоо байлаа.
-Миигууд гэдэг чинь юу юм бэ? гэж Грегор лавлав.
-Жижигхэн эрэмдэг царайтай, урт хумс, салбарсан үс ноостой бараг тархи гэхээр юмгүй амьтад байдаг юм.
-Тэгвэл сауника нь?
-Сауника гэдэг нь дэлхийн байцаатай төстэй, ногоон навч бүхий хүнсний ногоо юм л даа. Сарканчууд зөвхөн сауника иддэг юм.
-Тэгсэн чинь одоо миигууд сауника идээд эхэлсэн үү?
-Үгүй ээ. Цаадуул чинь сауника иддэггүй, харин хумсаараа зад таталж, их муухай бүдүүлгээр устгадаг.
-Яаж байгаа юм бол?
-Миигуудын хийж байгаа юмыг ухаалгаар тайлбарлах боломжгүй л дээ.
-Нээрээ ч тийм дээ гэсээр Арнольд инээд алдав.-Яах аргагүй тийм шүү. За за бид танд туслаж чадах байх гэж бодож байна эрхэм ээ. Гэхдээ нэг асуудал байна аа.
Грегор хамтрагч руугаа түгшүүртэй харц чулуудав.
-Ямар асуудал вэ гэхээр гэсээр Арнольд үргэлжлүүлэв.-Ажлын хуваарьт цаг зав гаргаж болох нь уу гэж.
Ингэж хэлээд яг ийм үед ашиглах зорилгоор өөрөө зохиож бичсэн баахан нэр, огноо бүхий олон хуудастай захиалгын дэвтрээ мань эр нээж үзэв.
-Та их азтай байна шүү гэж мань хүн мэдэгдэв.-Яг энэ амралтын өдрүүдэд бид завтай болох юм байна. Тэгэхээр одоо төлбөр дээрээ тохиролцчихвол бид танай гараг руу нислээ. Энэ бол стандарт гэрээ байгаа юм. Танилцана уу.
Харин саркан хүн цүнхээ нээн бичиг гаргаж ирээд:
-Би өөрийнхөө гэрээг аваад ирсэн гэж хэлээд Арнольдод сарвайлаа.-Гэрээнд тун ч их хэмжээтэй төлбөрийг санал болгосон байгааг та харж байгаа биз дээ.
-Харалгүй яах вэ гэж Арнольд хэлээд гарын үсгээ таталган зурж орхилоо.
Грегор харин гэрээг авч анхааралтай уншиж үзэв.
-Энд чинь гэрээний нөхцлийг зөрчвөл төлбөрөөсөө хоёр дахин өндөр торгууль төлнө гээд биччихсэн байна шүү дээ гэв.
-Яг тийм учраас л бид танайд тэгэж их мөнгө төлөх гээд байгаа юм шүү дээ гэж саркан хүн тайлбарлав.-Ургац хураах улирал дуусахаас өмнө үр дүн нь маш хурдан гарах ёстой шүү.
Энэ байдал Грегорт таалагдаагүй ч хийгдээгүй төлбөр, хугацаа нь хэтэрсэн банкны зээлийг сануулсан баргар харцыг хамтрагч нь түүн рүү чулуудахад хэсэг эргэлзэснээ гарын үсгээ сараачив.
****
Дөрвөн өдрийн дараа мань хоёрын хөлөг Сарканы улаан одой одноос холгүйхэн дэд орон зайнаас шумбан гарч ирлээ. Үүнээс нэлээн хэдэн цагийн дараа тэд сарканчууд болон шимэгч хувалз миигуудын гараг Саркан II дээр газардах нь тэр.
Сарканы хамгийн том хот болох Баргар нэртэй хотод тэднийг хэн ч угтсангүй. Хотын оршин суугчид бүгд амралтын улирлаараа Бага Аарцаг нэртэй амралтын хот руу, бүлгээрээ амарч байгаа хүмүүс хөнгөлөлт үзүүлж байсан ч багагүй мөнгө заран байж нүүж очоод өнгө алагласан оромжууддаа суун гарагийг нь шимэгчдээс цэвэрлэхийг хүлээж байсан хэрэг.
Манай хоёр Баргар хотоор зугаалж үзсэн боловч шавар тагзнууд нь сайхан сэтгэгдэл төрүүлсэнгүй. Тэр хоёр хотын гадна, сауника суулгасан талбайн захад отогоо зоохдоо их олон сауникаг зулгаалж, суга татаж, хэдэн хэсэг тасар татан талбайгаар шидэлсэн байхыг хараад саркан хүн дэмий юманд санаа зовоогүйг нь ойлголоо.
Хамтрагч хоёр ажлаа өглөөнөөс эхэллээ. Папайя буюу хулууны модонд агуулагддаг папаин нэртэй фермент нь миигуудэд аюултай нөлөө үзүүлдэг болохыг Арнольд лавлахаас олж уншсан байжээ. Ердөө саяд хорь гэсэн харьцаатай папаины уусмалаар шүршихэд л миигүүд комд ордог бөгөөд нэн даруй хүйтэн жин тавьж байж л аврах боломжтой. Галактикд үүнээс ч илүү таагүй алж устгах олон арга зохиогдсон байдаг гэдгийг санавал тун ч муугүй арга шүү. Хамтрагчид маань хэд хэдэн гараг дээрх миигуудыг устгахад хүрэлцэх хэмжээний хатаасан, хөлдөөсөн, нөөшилсөн, шинэ папайя авчирсан байлаа.
Мань хоёр майхнаа зоочихоод түүдэг асаан эвхдэг сандал дээр тухалж, Сарканы улаан наран үдэш хэвийх тэнгэрийн хачин чамин уран баримал шиг үүлс рүү жарган орохыг харж нүдээ баясгаж байлаа.
Хурц сүмстэй нөөшилсөн шошоор хийсэн оройн хоолоо дөнгөж идээд дуустал нь ойролцоох бутан дунд сэрчигнэх чимээ гарч, тод бор арьстайг нь эс тооцвол мууртай их адилхан жижигхэн амьтан болгоомжтой нь аргагүй гарч ирэх нь тэр.
Грег:
-Энэ чинь нөгөө мииг нь арай биш биз дээ? гэж Арнольдоос асуув.
-Тэгэлгүй яах вэ, би мииг байна гэж нөгөө амьтан батлан хэлэв.-Харин та хоёр Гараг хоорондын цэвэрлэгээний алба “Асе”-гийн ноёд уу?
-Яг зөв гэж Грегор хариулав.
-Сайн байна. Тэгвэл та хоёр сарканчуудын учрыг олохоор ирсэн юм байна.
-Яг ч тийм биш л дээ гэж Арнольд үгүйсгэв.
-Та хоёр бидний бичсэн захидлыг аваагүй гэж хэлэх гээд байна уу даа? Захидлыг сансрын экспресс шуудангаар явуулах хэрэгтэй байсан гэж мэдээд байсан юм аа... Тэгвэл та хоёр яах гэж энд ирсэн болж байна?
-Хм, би яаж хэлэхээ сайн мэдэхгүй байна л даа гэж Грегор үнэнээ хэлэв.-Миигууд та нарыг англиар ярьдаг гэдгийг бид мэдсэнгүй.
-Мэдээж бүгд ярьдаггүй л дээ. Гэхдээ би л гэхэд Корнеллийн их сургуулийг дүүргэсэн юм.
-Аан гээч гэж Грегор хэлэв.-Яасан бэ гэхээр хэдэн өдрийн өмнө нэг саркан хүн бидэнд дээр ирээд гарагийг шимэгч хувалзнуудаас цэвэрлээд өг гээд төлбөрөө хийчихсэн юм аа.
-Шимэгч хувалз гэнэ ээ? Тэгээд хэнийг шимэгч хувалз гэсэн юм бол?
-Та нарыг гэж Арнольд хэлэв.
-Намайг уу? Биднийг үү? Тэр саркан тэгээд биднийг тэгэж хэлсэн юм уу? Бидний хооронд зарим нэг санал зөрөлдөөн байдаг ч энэ арай дэндэж байна аа. Тэгээд биднийг устгуулахаар мөнгө төлсөн хэрэг үү? Та нар харин мөнгийг нь авчихсан юм уу?
-Ний нуугүй хэлэхэд бид миигуудийг арай тийм... бүдүүлэг амьтад гэж төсөөлж байсан юм л даа гэж Арнольд бувтналаа. –Ердийн нэг хортон амьтан гэдгийг та нар мэддэг бол тийм амьтан гэж төсөөлж байсан юм.
-Ёстой утгагүй юм гэж мииг уулга алдав.-Үнэндээ бол тэд нар чинь жинхэнэ хортон, шимэгч хувалзууд байгаа юм. Харин бид бол соёлжиж иргэншсэн амьтад юм шүү.
-Үүнд чинь харин би эргэлзэж байна шүү гэж Грегор мэдэгдэв.-Үнэхээр л тийм юм бол та нар яах гэж сауникийн бөөрөнхийг сүйтгээд байдаг юм бэ?
-Би л таны оронд байсан бол харь нутгийн шашны зан үйлийн талаар ингэж бүдүүлэг дүгнэлт хийхгүй байсан юм даа.
-Бөөрөнхийг тасар таталж хаяхад зан үйлсээд байх юу байдаг юм бэ гэж Арнольд тургив.
-Мөн чанар нь үйлдэлдээ бус харин үйлдэлтэй салшгүй холбоотой утганд нь байдаг юм шүү дээ мииг тайлбарлалаа.- Сауникийн бөөрөнхийг тасар татах ердийн үйлдэл нь ухаан санааг ер бусын их гэгээрүүлдэг болохыг бидний Агуу их Мигуй гэж дууддаг Гх'тан нэртэй мииг нээсэн цагаас хойш түүнийг дагагч бид жил болгон энэхүү ёслолыг үйлддэг болсон юм.
-Гэхдээ та нар чинь сарканчуудын ургацыг сүйдлэж байна шүү дээ гэж Грегор зүй ёсны тодруулга хийв.-Наад ёслолоо хийх сауникаа өөрсдөө тарьж ургуулж яагаад болохгүй гэж?
-Сарканчууд өөрсдийнхөө тэнэг шашны ёсыг дагаад бидэнд сауник ургуулахыг зөвшөөрөхгүй байгаа юм. Мэдээж бид өөрсдийнхөө сауникийг тасар татахыг хүсэлгүй яах вэ? Бидний оронд хэн ч байсан өөр зүйл хүснэ гэж үү?
-Саркан хүн энэ тухай юу ч яриагүй шүү дээ гэж Арнольд хэлэв.
-Тэгвэл одоо хэрэг явдал тэс өөрөөр харагдаж байгаа биз дээ, тийм үү?
-Тэглээ гээд сарканчуудтай бид хоёрын гэрээ байгуулсан явдал өөрчлөгдөхгүй.
-Тэр чинь аллага хийх гэрээ шүү дээ.
-Би танд ямаршуу байгааг ойлгож бас та нар надаа их таалагдаж байгааг хэлмээр байна гэж Арнольд хэлэв.-Гэхдээ бид гэрээг зөрчвөл манай компани дампуурах гээд байгаа юм л даа. Харин дампуурна гэдэг үхэлтэй бас нэг талаар адилхан зүйл юм шүү дээ.
-Тэгвэл миигууд бид та хоёрт шинэ гэрээ санал болговол яаж байна?
-Гэхдээ сарканчууд түрүүлээд бид хоёртой байгуулчихсан шүү дээ гэж Арнольд эсэргүүцэв.-Тэгэхээр та нарын гэрээ хууль зүйн хувьд хүчингүй болж таарна.
-Миигуудын ямар ч шүүх энэ гэрээг хууль зүйн хувьд 100 хувь хучинтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж мииг хэлэв.-Миигуудын хууль зүйн үндсэнд сарканчуудтай хийсэн бүх гэрээ нь ямар ч үүрэг, хариуцлага дагуулахгүй гэсэн зарчмыг суулгаж өгсөн байдаг юм.
-Хамтрагчтайгаа сайн бодох шаардлагатай байна гэж Арнольд мэдэгдлээ.-Бид нэлээд ээдрээтэй байдалд орчихоод байна л даа...
-Би та хоёрын хичээл зүтгэлийг үнэлж байгаа болохоор бүгдийг эргэцүүлэн бодох боломж олгоё гэж мииг хэллээ.-Сарканчууд үхэх нүгэлтэй амьтад болохоор зөвшөөрсөн тохиолдолд та хоёр ихээхэн хэмжээний мөнгөтэй болох төдийгүй ухаант бөгөөд миний бодлоор тун ч дажгүй муурын үндэстний үүрдийн талархлыг хүлээн авах болно гэдгийг бүү мартаарай.
Миигийг дөнгөж явав уу үгүй юу Грегор:
-Хоёулаа эндээс зугатвал яасан юм бэ? гэж санал болгов. –Ийм бизнес надад таалагдахгүй байна.
-Гэхдээ хоёулаа зүгээр л шууд нисээд алга болчихож болохгүй шүү дээ гэж Арнольд эсэргүүцэв. –Гэрээг биелүүлэхгүй байна гэдэг тун ноцтой зүйл. Тэгэхээр бид эсвэл нэг үндэстнийг, үгүй бол нөгөө үндэстнийг устгах хэрэг болж.
-Би л биш шүү.
-Чи ямар аюултай, хууль зүйн хувьд аюултай байдалд орчихоод байгааг ойлгохгүй байгаа юм шиг байна гэж ирээд Арнольд тайлбарлаж эхэллээ.-Хэрэв бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу миигуудыг устгахгүй бол ямар ч шүүх биднийг будаа болгоод хаяна. Харин сарканчуудыг устгачихвал ядаж л анхааралгүйгээс болоод андуурсан болж жүжиглэж болж байна.
-Тэгвэл ёс суртахууны ээдрээ гараад ирнэ. Би тийм ээдрээнд хамгийн дургүй.
-Ээдрээ чинь дөнгөж эхэлж байна гэж мэд гэсэн хэн нэгний дуу ард нь гарлаа.
Арнольд гүйдэлтэй цахилгааны нүцгэн утсан дээр суучихсан мэт огло харайн босоход Грегор хамаг биеэ чангалан хөшиж орхив.
-Би энд байна аа гэж нөгөө дуу гарлаа.
Хамтрагчид ийш тийш харвал отогийнх нь ойролцоо ганцаар ёрдойх сауникийн бөөрөнхийнөөс өөр зүйл олж харсангүй. Хэдий хачин санагдаж болох ч энэ бөөрөнхий нь мань хоёрын энд таарсан амьтдаас хамгийн ухамсартай юм шиг санагджээ. Гэхдээ энэ чинь одоо ярьж чаддаг юм байх даа?
-Тэгэлгүй яах вэ гэж нөгөө бөөрөнхий бодлыг нь батлав.-Би ярьсан юм аа. Ногоо, би ногоонд хамаардагтаа ихэд бахархдаг юм шүү, ногоо бид ярианы эрхтэнгүй болохоор шууд бодлоор дамжуулан хэлсэн юм.
-Гэхдээ хүнсний ногоо чинь бодлоор дамжуулан харьцаж чадахгүй шүү дээ гэж Арнольд гайхлаа.-Ногоонд чинь бодлоо дамжуулахад шаардлагатай тархи, эсвэл нэг тиймэрхүү эрхтэн байхгүй. Гэхдээ, уучлаарай би өөрийг чинь гомдооё гэж бодоогүй юм шүү.
-Бидэнд ямар ч эрхтэн мэрхтэн шаардлагагүй гэж нөгөө бөөрөнхий мэдэгдлээ.-Хангалттай өндөр зэрэглэлийн зохион байгуулалт бүхий дурын матери нь ухамсартай байдаг гэдгийг та нар мэддэггүй юм гэж үү? Харин ухамсраас зайлшгүй урган гарч ирдэг зүйл бол бусадтай харьцах чадвар байдаг юм. Зөвхөн бидэнтэй адил дээд ногоонууд л бодлоороо харьцах чадвартай. Сауникийн ухамсрыг танай Гарвардын их сургуульд судалж байсан юм шүү. Үүнээс гадна бидэнд Нэгдсэн гарагуудын зөвлөлийн дэргэдэх ажиглагчийн статус хүртэл олгосон байдаг юм даа. Тэгэхээр үүсэн бий болсон нөхцөл байдлын хүрээнд энэ гараг дээрх яг хэнийг нь устгах талаар бид хоорондоо сайтар хэлэлцэн ярилцах ёстой гэж надад санагдаж байна.
-Тийм шүү, тэгвэл шударга болно гэж Грегор зөвшөөрлөө.-Явж явж миигууд болох сарканчууд та нараас болоод л хоорондоо дайсраад байгаа.
-Илүү тодорхой хэлбэл биднийг эрэмдэглэж, тасар татаж, устгах онцгой эрх авахын төлөө тэд тэмцэж байгаа юм. Эсвэл би зарим нэг зүйлийг хэт дөвийлгөөд байна уу?
-Үгүй ээ. Гол утгыг нь маш зөв тодорхойлж хэллээ гэж Грегор батлав.-Тэгээд та энэ хоёрын хэнээс нь ангижрахыг хүсэж байгаа юм бол доо?
-Аль аль нь надад таалагддаггүй гэдэг нь ойлгомжтой. Энэ хоёр үндэстэн бол хоёулаа бузар шимэгч, хувалзнууд. Би огт өөр шийдлийг санал болгож байна.
-Наадахаас чинь л айж байсан юм гэж Арнольд санаа алдлаа.-Тэгээд та яг юу хүсэж байгаа юм бэ?
-Тун энгийн зүйл. Миний гарагийг миигууд болон сарканчуудаас ангижруулж өгөх нөхцөлтэй гэрээг надтай байгуулан гарын үсэг зурцгаачих.
-Өө, үгүй ээ гэж Грегор гаслав.
-Тэгж яривал бид араатан амьтдыг үүсэхээс өмнө, үлднүүдийн дараа үүсэн бий болсон энэ гарагийн хамгийн эртний оршин суугчид. Бид бол хариас ирсэн бүдүүлэг зэрлэгүүдийн аюул заналхийлж байгаа энхийг сахигч уугуул оршин суугчид юм шүү. Үүнээс үүдэн та хоёрын хүлээх ёс суртахууны үүрэг хариуцлага тов тодорхой болж ирж байна.
-Ёс суртахуун ч мэдээж их сайхан зүйл л дээ гэж Арнольд санаа алдлаа.-Гэхдээ эгэл бор амьдралын бодит байдлыг тооцож үзэх хэрэгтэй.
-Би наадахыг чинь маш сайн ойлгож байгаа. Та хоёр сайн үйл хийснийхээ төлөө сэтгэлийн таашаал авахын дээр бид та хоёртой гэрээ байгуулж тэдний санал болгосноос хоёр дахин илүүг төлөхөд бэлэн байна.
-Ингэхэд байнаа шүү гэж Арнольд гайхлаа.-Хүнсний ногоог банкинд данстай байна гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна даа.
-Ухамсарт бодгаль нь ямар хэлбэртэй байгаагаасаа үл хамаараад мөнгө олох чадвартай байдаг юм шүү. Бид “Сауникийн зугаатай модаль байдал” нэртэй өөрийн холдингоороо дамжуулан өөрсдийн ном, бичлэгийг худалдаанд гаргаж, янз бүрийн сэдвийн өгөгдлийн санг бүрдүүлж байдаг юм. Бид өөрсдийн мэдлэгээ Дэлхий дээрх зохиогчдын тархинд суулгаад, зохиогчийн эрхийн ноогдол болгож тун ч муугүй мөнгө төлдөг. Зөвхөн хүнсний ногоо л цэцэрлэгжилтийн талаарх жинхэнэ мэргэжилтэнд байж чаддаг болохоор хөдөө аж ахуйн талаарх нийтлэлүүд бидэнд хамгийн их ашиг оруулж байдаг юм. Та хоёр манай санхүүтэй танилцвал үнэхээр гайхамшигтай байгааг нь олж харна гэж бодож байна.
****
Хамтрагчдад зөвлөлдөх боломж олгохын тулд сауникийн бөөрөнхий талбайн алсын зах руу өнхөрлөө. Ингээд бөөрөнхийг бодлоо дамжуулах зайнаас гарч 50 ярд орчим газар холдосны дараа Арнольд:
-Энэ байцаа надад нэг л таалагдахгүй байна шүү гэв.-Арай л хэтэрчихсэн их ухаантай юм. Миний юу хэлэх гээд байгаа чи ойлгож байгаа биз дээ?
-Харин тийм ээ. Надад ч бас энэ сауника ямар нэг зүйл нотлох гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн шүү гэж Грегор санал нийлэв.-Бас тэр мииг ч гэсэн дээ... Нэг л заль гаргаад байгаа юм шиг чамд санагдаагүй юу?
Арнольд толгой дохилоо:
-Бид хоёрыг энэ будиланд хутгаж орхисон тэр саркан нөхөр ч гэсэндээ яаж ч мэдэх этгээд шиг санагдсан.
-Ийм товч байдлаар танилцсаны дараа аль үндэстнийг нь устгахаа сонгоно гэдэг маш хэцүү юм. Тэдний талаар ийм бага зүйл мэдэж байгаа нь харамсалтай юм даа.
-Ингэхэд байна аа, хэнийг нь ч хамаагүй устгаж хаяад ажлаа бушуу дуусгая л даа. Гэхдээ хэнийг нь вэ гэж?
-Зоос шидэж үзье. Тэгвэл хэн ч бид хоёрыг аль нэгнийх нь талд орсон гэж буруутгаж чадахгүй.
-Гэхдээ гурваас нэгийг нь сонгох ёстой шүү дээ.
-Тэгвэл дэрс сугалж үзье. Өөр арга байхгүй.
Түүнийг дөнгөж хэлж дуустал ойрхон харагдаж байсан уулсын зүгээс аянга буух аймшигтай чанга дуун хадлаа. Гүн хөх тэнгэр мууг ёрлон харанхуйлаад ирэх нь тэр. Тэнгэрийн хаяагаар аадар борооны нүсэр үүлс гараад ирсэн харагдана. Үүлс хурдан ойртож айсуй. Гэнэт тэнгэрээс:
-Энэ бүхнээс бүр залхайж гүйцлээ гэх нүрэглэн цуурайтах дуу гарах нь тэр.
-Ээ, бурхан минь гэж бид хоёр ахиад нэг амьтныг гомдоосон бололтой гэж Грегор уулга алдав.
Арнольд толгойгоо гэдийлгэж байгаад:
-Бид хэнтэй яриад байна гэж асуув.
-Та нарын Саркан гэж нэрлэдэг гарагийн дуу хоолой байна.
-Гарагийг ярьж чаддаг гэж хэзээ ч сонсож байгаагүй юм байна шүү гэж Грегор амандаа бувтнасан боловч хэн болох, юу болох нь мэдэгдэхгүй нөгөөх нь түүний үгсийг сонсчихож.
-Ер нь гараг эрхэс бид дээрээ тарвалзаж байдаг муу сайн шавьжнуудтай харьцаж доошоо ордоггүй юм гэсээр нөгөө дуу тайлбарлаж эхэллээ.-Бидэнд өөрсдийн бодол, хоорондын харьцаа л байхад хангалттай. Хаа нэгтээ тэнэмэл сүүлт од алс газрын шинэ сонинг хүргэж ирдэг нь бидэндээ болоод байдаг юм. Бид гадаргуу дээрээ болж байгаа элдэв хэрэггүй зүйлд анхаарал хандуулахгүй байхыг хичээдэг ч бидний тэвчээр заримдаа дуусдаг. Миний дээр амьдардаг зэрлэг балмад сарканчууд, миигууд, сауникуудын авир хэрээс хэтэрч байгаа болохоор би цаашдаа тэвчихээ болихоор шидсэн. Эртнээс бүрэлдээд байсан эрс шийдэмгий арга хэмжээг би авах гэж байна.
-Тэгээд та юу хийх гэж байгаа юм бэ гэж Арнольд асуув.
-Хуурай газрыг арав гаруй метрийн гүн усанд живүүлээд сарканчууд, миигууд, сауникуудаас нэг мөр ангижирна. Мэдээж ингэхэд ямар ч буруугүй өөр хэд хэдэн зүйлийн амьтад хохирно гэдгийг мэдэж байгаа ч амьдрал өөрөө эцсийн эцэст ийм л байдаг хойно яая гэх вэ. Та хоёрт эндээс зайлах ганцхан цаг л байна. Цагийн дараа харин та хоёрын аюулгүй байдлыг хариуцаж чадахгүй шүү.
Хамтрагч хоёр хамаг юмаа бушуухан хурааж аваад хөлөгтөө орлоо.
Ингээд хөөрөхийнхөө өмнө Грегор:
-Анхааруулсанд баярлалаа гэж хэлэв.
-Намайг та нарыг бусдаасаа дээр мэтээр бодож байна гэж баярлах хэрэггүй шүү. Миний л мэдэж байгаагаар бол та нар миний оршин суугчдын адил шимэгч хувалзнууд. Гэхдээ өөр гарагийн хувалзнууд. Тиймээс намайг та хоёрыг сөнөөсөн гэдгийг мэдчихвэл танай төрлийн өөр амьтад цөмийн бөмбөг, лазерийн их буу чирж ирээд намайг тэнэмэл гараг шиг л сөнөөчихнө. Тийм болохоор намайг сайхан зантай байгаа дээр эндээс арилж үз.
Хэдэн цагийн дараа Арнольд Грегор хоёр гарагийн амьтдын аймшигтай хувь тавиланг сансраас өөрсдийн нүдээр харж байлаа. Бүх зүйл дууссаны дараа Грегор хөлгийн жолоог Дэлхийн зүг залав.
-За ингээд манай компани дампуурлаа даа гэж тэрээр Арнольдод хэлэв.-Бид хоёр гэрээний нөхцлийг биелүүлж чадсангүй. Цаад сарканчуудын өмгөөлөгчид чинь бид хоёрыг будаа болгож хаяна даа.
Гэрээг анхааралтай уншиж дууссан Арнольд харин Грегор руу хараад:
-Тэгэж чадахгүй гэх нь тэр.-Хэдий хачирхалтай ч бид хоёр өндөг шиг өөгүй хүмүүс. Чи энэ сүүлийн догол мөрийг унш даа.
Грегор уншиж үзээд толгойгоо маажив.
-Чиний юу гэх гээд байгаа ойлголоо. Тэгээд шүүгчид үүнд итгэнэ гэж бодож байна уу?
-Мэдээж. Үерийг хэзээнээс нааш л байгалийн гамшиг, бурханы цээрлэл гэж тооцсоор ирсэн. Тэгэхээр хэрэв бид хоёр хэлэхгүй, тэр гараг ам алдчихгүй л бол үнэн хэрэг дээрээ юу болсныг хэн ч олж мэдэхгүй.
Төгсөв.
Үнэгүй юм
Хүний дуу гарав уу даа сая? Эсвэл хий юм сонссон юм болов уу? Жо Коллинз ингэж бодсон шигээ заваан шар өнгөтэй дээврийг нь аалзны тор мэт хэрсэн цуурхайнаас нь борооны ус гунигтай нь аргагүй удаанаар бөнжигнөн хуримтлагдсаар дуслахыг ширтэн толгойгоо ажиллуулахыг хичээн хэвтэж байлаа. Ядаж байхад усан шалханаг болтол норсон гуталтай хөлөө хөнжил дороосоо гаргах тэнхэл ч мань хүнд алга.
Яг тэр эгшинд л нөгөө зүйл болсон юм шиг байгаа юм. Юу вэ гэхээр нүднийх нь буланд гэнэт хачин гялалзсан төмөр шиг гадаргуйтай зүйл харагдах шиг болох нь тэр. Мань хүн өндийгөөд орон дээрээ суулаа. Харвал шалан дээр нь нэг тийм хачин төхөөрөмж байх юм. Уг нь ямар ч төхөөрөмж мөхөөрөмж байгаагүй шүү дээ.
Ингэж бодсон шигээ Коллинз алмайрчихсан нөгөө төхөөрөмжийг ширтэн сууж байх зуур нь “За, хөөрхий, ингээд баларлаа даа” гэх огт танихгүй дуу хаанаас ч юм бэ бүү мэд дуулдах нь тэр.
Гэхдээ мань хүнд хий юм сонсогдсон байж ч болохыг үгүйсгэх аргагүй. Харин хачирхалтай нь гэвэл нөгөө төхөөрөмж алга болчихолгүй, өмнө нь шалан дээр нь хэвтсээр.
Коллинз орноосоо гулган буусаар сөхрөн суулаа. Нөгөө төхөөрөмжтэй сайн танилцах гэж хичээж байгаа нь тэр. Төхөөрөмж нь хааш хаашаа метр орчим хэмжээтэй шөө дөрвөлжин хэлбэртэй юм. Зүгээр ч үгүй, дүнгэнсэн дуу гаргана. Сааралдуу бэржгэр гэхээс өөр ямар ч өөгүй гадаргуйнх нь нэг буланд час улаан өнгөөтэй товчлуур, төв хэсэгт нь хүрэл шошго наалттай. Нөгөө шошго дээр нь «А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч, серийн дугаар АА-1256432» гэчихсэн. Доор нь болохоор «Энэ төхөөрөмжийг зөвхөн А зэрэглээр ашиглахыг зөвшөөрнө» гэсэн бичигтэй.
Өөр юу ч үгүй.
Ядаж байхад Коллинзын бодлоор машин, төхөөрөмж болгонд байх ёстой унтраалга мунтраалга, араа мараа гэх мэтийн элдэв зүйлсийн нэг нь ч алга. Байгаагаас нэг муу хүрэл шошго, улаан товчлуур, хаанаас нь ч юм бэ бүү мэд гарах тасралтгүй дүнгэнсэн дуу.
-Чи чинь одоо хаанаас гараад ирэв ээ гэсээр Коллинз дуу орлоо.
А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч харин тасралтгүй дүнгэнэн дуу гаргахаас өөрөөр хариу өгсөнгүй. Колллинз өөрөө ч ямар нэг хариу сонсоно гэж хүлээгээгүй байсан болохоор үүнд нь гайхсангүй. Үүнийхээ дараа хариу хүлээгээгүй хүн маань орныхоо зах дээр суугаад «Хаягдал боловсруулагч»- ийг бодлогошрон ширтэж эхлэв. Энэ нэг хачин юмыг чинь одоо яадаг билээ гэсэн ганц бодол толгойд нь эргэлдэнэ.
Гэв гэнэт үүсээд гараад ирдэг төхөөрөмжүүдтэй ажиллах туршлага огт байхгүй гэдгээ сайн мэдэж байсан ч Коллинз зүрх гарган нөгөө улаан товчлуурт хуруугаа болгоомжтой нь аргагүй хүргэлээ. Дарчихвал яадаг бол? Шал цөмөрч алах юм биш байгаа? Эсвэл бүр харь гаригынхан таазнаас бөнжингнөөд ороод ирвэл ч баларлаа шүү?
Гэхдээ, үхсэн хойноо алдах юмтай хүн би л лав биш. Ингэж бодоод мань эр товчлуурыг дарлаа.
Юу ч болсонгүй.
Юу ч болоогүйд нь Коллинз нэлээд сэтгэлээр унаад авлаа. Тэгээд итгэл алдарсан өнгөөр:
-За алив ээ, юу ч хамаагүй хийчихээч дээ чи минь? гэж хэлэв.
Хаягдал боловсруулагч харин урьдын адил битүү дүнгэнэн дуугарахаас өөр хариу өгсөнгүй.
За яах вэ. Ямартаа ч төхөөрөмж л юм чинь хаа нэгтээ барьцаанд тавьчихаж болох биз. Аргаа барахад л Шударга Чарлид төмөр гэж тушаагаад доод тал нь нэг доллар олно. Ингэж бодоод Коллинз Хаягдал боловсруулагчийг өргөх гэлээ. Дийлддэггүй шүү. Хамаг хүчээ шавхаж байгаад ахиад хүчилсэнд нэг булан нь дөнгөж ямх төдий хөндийрлөө. Хаягдал боловсруулагчийг буцаан тавиад байдгаараа амьсгаадсаар орон дээрээ суув. Овоо эд үү үгүй юу.
Коллинз нь хаягдал боловсруулагчийг харангаа:
-Тав гурван бяртай залуусыг олж ирэхгүй бол чинь ч барахгүй нь дээ гэж хэллээ. Тэгтэл Хаягдал боловсруулагч гаргах дүнгэнэх чимээ чангарч, удалгүй чичигнэж эхлэх нь тэр.
Коллинз юу болохыг нь тэвчээртэй нь аргагүй хүлээсэн ч юу ч болсонгүй. Тэгтэл яагаад ч юм бэ бүү мэд хуруу нь бараг хар аяндаа сунаснааа нөгөө улаан товчлуурыг дарчихлаа.
Тэр даруйд ажлын хувцастай, булчинлаг хоёр залуу өмнө нь гараад ирэх нь тэр. Гэнэт бий болсон хоёр эр Хаягдал боловсруулагч руу цэгнэсэн харц чулуудав. Тэгснээ нэг нь:
-Бурханы авралаар гайгүй жижиг загвар нь юм байна. Томууд нь ч ёстой нэг лайтай шүү гэлээ.
Нөгөөх нь өлгөж аваад:
-Харин тийм хөө гэснээ- Тэгэхдээ л уурхай дээр гантиг малтаж байснаас дээр л дээ гэв.
Тэгснээ өөдөөс нь мэлэрсэн чигтээ гацсан Коллинз руу хоёул харлаа. Дараа нь хамгийн эхэнд дуу гарсан нь залуу нь:
-Яасан бэ хөгшөөн? Ингээд мэлрээд байх зав алга. Хаягдал боловсруулагчаа хааш нь хүргүүлэх юм бэ ?гэх нь тэр.
Хариуд нь Коллинз нь:
-Та нар чинь юу вэ? гэх сөөнгөтсөн хоолойгоор арай гэж хяхтнав.
-Ачигч нар байн аа. Яаж ч харсан эгч дүү Ванзаггитай адилгүй байгаа биз дээ.
-Тэр ч тийм л байна. Гэхдээ та хоёр хаанаас гараад ирэв ээ?
-Ачиж буулгаах «Поуха Минайл» компаний ажилчид байна гэж нэг нь хариуллаа. –Та өөрөө ачигч нар шаардсан болохоор л бид хоёр гараад ирлээ. За тэгээд энэ нэг юмаа хааш нь хүргүүлэх юм бэ?
-Та хоёр явж бай. Дараа ахиад дуудъя гэхээс өөр хариу Коллинзд орж ирсэнгүй.
Ачигч хоёр залуу мөрөө хавчаад алга болчихлоо. Алга болсон хоёрын зогсож байсан газрыг Коллинз нэг хэсэг дуугуй ширтэн суув. Дараа нь А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч руу харлаа. Хаягдал боловсруулагчийн дуу нь одоо бол буцаад хэвийн, нам болчихожээ.
Хаягдал боловсруулагч гэл үү? Мань хүн бол энэ төхөөрөмжинд илүү сонсголонтой нэр олоод өгчих байсан. Хамгийн наад зах нь Хүслийг биелүүлэгч гэчихэд болж байна шүү дээ.
Гэхдээ энэ бүхэнд Коллинзыг нэг их балмагдсан гэвэл худал болно. Ямар нэг ер бусын зүйл тохиолдоход зөвхөн хөлдүү, оюун ухааны сааталтай хүмүүс л хүлээж авч чаддаггүй юм. Харин Коллинз бол тийм хүмүүсийн нэг яав ч биш байлаа. Гайхамшгийг хүлээн авах зуун хуувийн бэлтгэлтэй гэсэн ч болно.
Бараг л бүх амьдралынхаа туршид ямар нэгэн ер бусын зүйл тохиолдоосой гэж залбирч, мөргөж, мөрөөдсөөр ирсэн болохоор өөр яах ч билээ. Жишээлэхэд, арван жилд сурч байхдаа ч нэг сайхан өглөө босоход нь бүх хичээлүүд нь өөрсдөө аяндаа сурагдчихаад, хичээл давтах, сурах лайтай шаардлага алга болчихсон байгаасай гэж үргэлж мөрөөддөг байсан юм. Цэрэгт байхдаа бэрд, эсвэл илбэчин хүүхэн ч юм уу тиймэрхүү нөхдүүд гарч ирээд, өмнөөс нь хамаг ажлыг нь амжуулдаг болоод, өөрөө жагсаалаар алхахын оронд үргэлж казармдаа жижүүр хийсэн шигээ бие амар сууж байх юмсан гэж мөрөөддөг байлаа.
Цэргээс халагдасныхаа дараа мань Коллинз нь өөрийгөө ажил хийхэд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй гэдэгтээ бүрэн итгэлгүй байсан болохоор нэг хэсэгтээ ажилгүй “гонзгойров». Ингээд салхины аясаар хамхуул шиг хийсч явах зуураа хамаг хөрөнгөө өвлөж үлдээгээд нас барчихдаг тэрбумтан гэнэт гараад ирдэггүй юм байхдаа гэж мөрөөдөж байлаа. Гэхдээ энэ мэтийн гайхамшиг үнэхээр болно гэж мань хүн үнэхээр итгэдэг, хүлээдэг байсан уу гэвэл мэдээж үгүй. Ямартаа ч нөгөө гайхамшиг нь үнэхээр тохиолдох үед мань хүн бэлтгэлтэй болчихсон байлаа.
Коллинз эмээсэн аясаар:
-Би жижиг дэвсгэртээр, хаана ч бүртгэгдээгүй серийн дугаартай мянган доллартай болмоор бай гэж хэлэв. Ингэж хэлснийхээ дараа төхөөрөмжний дүнгэнэх чимээ чангарах үед нь улаан товчлуурыг дарчихлаа. Тэр даруйд үнгэгдэж, хиртсэн тавт, аравтын дэвсгэртийн том овоо өмнө нь гараа ирэх нь тэр. Цоо шинэ, шаржигнасан дэвсгэртүүд биш ч гэлээ яах аргагүй мөнгө бол мөн байлаа.
Коллинз мөнгөнөөс атгаж авч байгаад дээш нь шидээд, дэвсгэртүүд агаарт гоё эргэлдсээр эргэн унахыг нь тухлан харж нэг үзлээ. Дараа нь эргэн орон дээрээ тухлан хэвтэж байгаад төлөвлөгөө боловсруулж эхлэв.
Ямар ч байсан эхлээд хөршүүд ядаргаатаад байхааргүй нам гүм газар очих хэрэгтэй. Нью-Йоркоос хол, мужийн хойд нутагт бол болж л байна. Юм нэгэнт ингэж эргэнэ гэдэг чинь ашиг орлогын татварын асуудал гэсэн тун ч ээдрээтэй асуудалтай тулгарч болзошгүй юм даа. Гэхдээ яах вэ, тэгэж байгаад учир нь олдоод ирэхээр төвийн мужууд руу нүүж болох юм. Эсвэл бүр...
Юу вэ? Өрөөнд нь сэжиг бүхий дуу сонстов.
Хананд нь нүх бий болж, тэндээс нь нэг хүн түчигнэж пижигнэсээр гарч ирж байх нь тэр. Коллинз огил харайн бослоо.
-Хөөе, юу болоод байн аа? Би чамаас юу ч гуйгагүй байгаа шүү гэж Коллинз нөгөө төхөөрөмж рүү ориллоо.
Ханан дахь нүх улам томорч эхлэв. Тэгсээр нэлээд уурласан байртай улаан царайтай махлаг эрэгтэй хүн чихсээр хананаас бараг талдаа хүртэл цухуйгаад гараад ирэв.
Энэ төхөөрөмж ч бусад бүх төхөөрөмжүүдийн адил эзэнтэй байж таараа гэсэн бодол Коллинзын тархинд гэнэт харван орж ирэв. Хүслийг хэрэгжүүлэгч төхөөрөмж нь алга болчихвол эзэн нь уурлах нь мэдээж. Уурласан эзэн нь төхөөрөмжөө эргүүлэн авахын тулд юу ч хийхэд бэлэн байх нь ойлгомжтой.
Ийнгэж бодоод Коллинз:
-Намайг авраарай гэж орилоод Хаягдал боловсруулагчийн улаан товчлуур дээр дарж орхив.
Унтлагын хувцас өмссөн, намхан халзан нөхөр эвшээсээр гараад ирэв. Нойрмоглож байгаа нь илт.
Тэгээд нүдээ нухсан чигээрээ:
-Цаг хугацааны хана хамгаалах «Саниса Лиик» алба гэж мэдэгдэв.- Намайг Лиик гэдэг юм. Танд юугаар туслах вэ?
-Энэ хүнийг зайлуулаарай гэж Коллинз хоолойгоо шахан орилов.
-Энэ зуур нөгөө улаан царайтай нөхөр тэнхээ мэдэн савчсаар, хананаас бараг бүхлээрээ гараад ирчихсэн харагдлаа.
Лиик унтлагын хувцасныхаа хармаанаас гялалзсан дөрвөлжин төмөр гаргаад ирлээ. Гэтэл ууртай улаан царайтай хоолой мэдэн орилж эхэллээ:
-Чи хөөе, намайг сонс л доо. Чи буруу ойлгоод байна шүү дээ. Наад намхан хүн чинь байна аа...
Лиик дөрвөлжин төмрөө улаан царайт руу чиглүүлэв. Тэр даруйд улаан царайт эр нэг муухай орилж өгөөд алга болчихлоо. Хананд гараад байсан нүх ч алга болчихов.
-Та цаадахаа алчихсан уу? гэж Коллинз асуув.
Лиик нөгөө жижиг төмрөө халааслах зуураа:
-Мэдээж үгүй гэж хариулав. –Зүгээр л тэнхлэгийнх нь дагуу эргүүлчихсэн юм. Одоо бол үүгээр ахиж орж ирж чадахгүй.
-Орж ирэх өөр арга зам хайна гэж хэлэх гээд байна даа, тийм үү? гэж Коллинз асуулаа.
-Магадгүй л юм гэж Лиик хариулав. –Бичил трансформац, эсвэл бүр амь оруулалтыг ашиглахыг үгүй гэх газаргүй гэж үргэлжлүүлэн ярьснаа Коллинз руу ихэд сонжсон байртай анхааралтай ширтлээ.-Энэ хаягдал боловсруулагч таных уу?
-Мэдээж шүү дээ гэж хариулах зуур нь Коллинзын хүйтэн хөлс чийхарах нь тэр.
-Тэгвэл та А зэрэглэлээр үү?
-Өөр ямар зэрэглэл байх вэ дээ гэж Коллинз хариуллаа.- Үгүй байсан бол би төхөөрөмжөөр юугаа хийхэв дээ.
-Нээрээ тийм дээ гэж Лиик нойрмог дуугаар хэлж байна. –Та битгий уурлаарай. Би зүгээр л сайн санасандаа л лавласан юм гэж хэлээд Лиик толгойгоо залхсан байртай удаан сэгсрээд- Танай А зэрэглэлийнхэн ч ёстой нэг сайн тэнэх юм аа. Ийшээ яах гэж буцаж ирсэн юм бэ? Аягүй бол түүхэн роман ч юмуу нэг тийм юм бичиж байгаа байх. Тийм биз?
Хариуд нь Коллинз учир битүүлэг инээмсэглэл нүүрэнд тодрууллаа.
-За за, би явахгүй бол горигүй нь гэж Лиик хэлээд ам мэдэн эвшээлгэв. – Унтах ч завгүй ажиллаж байна даа. Чулууны газар ч илүү амар байж дээ.
Ингэж хэлээд Лиик эвшээлгэхээр амаа ангайлгасан чигтээ алга болж орхив.
Гадаа бороо орсон хэвээр, дээврээс ч дусаал дуссан хэвээр. Агааржуулалтын хоолойноос хэний ч юм бэ тухтай хурхирах дуу сонсогдоно. Коллинз өөрийнхөө төхөөрөмжтэй ганцаар үлджээ. Гэхдээ орь ганцаар биш шалаар нэг хөглөрсөн жижиг дэвсгэртээр авсан мянган доллар нь бас байлаа. Мань эр Хаягдал боловсруулагчаа сэтгэл хангалуун байдлаар зөөлөн цохиж үзлээ. Сая яриад байсан А зэрэглэлийнхэн ч гайгүй юм сэдсэн байна шүү. Хүслээ хэлээд л товчлуур дарчихад л гүйцээ. Жинхэнэ эзэн нь төхөөрөмжөө санах нь аргагүй л дээ.
Улаан царайтай эр өөр аргаар төхөөрөмжөө эргүүлж авах гэнэ гэж Лиик хэлсэн. Ямар арга хэрэглэх юм бол доо?
Аан лүд гэж, ер нь ямар ялгаа байна аа? Ингэж бодоод Коллинз исгэрсэн шигээ хөглөрсөн мөнгөө түүж эхэллээ. Энэ төхөөрөмж байсан цагт тийм ч амар буугаад өгчихгүй шүү.
Ингээд дараагийн хэдэн өдрийн дотор Коллинзын амьдралд эрс өөрчлөлтүүд гарлаа. «Поуха Минайл» компаний ачигч нарын тусламжтайгаар Хаягдал боловсруулагчаа хойд нутаг руу зөөгөөд авчруулчихав. Тэгээд тэндээ, Аднрондакийн уулсын дундаас хүн амьтангүй зэлүүд хэсэгт нь байрлах нэг их том биш уул худалдан авав. Ингээд эрхийнхээ бичгийг халааслан аваад их замаас нэлээд хэдэн бээрийн зайтай байх эдлэн газартаа хөл тавьлаа. Хоёр ачигч эр хар хөлсөө урсган Хаягдал боловсруулагчийг нь өргөн араас нь алхах зуураа, мод бутан дундуур гарах тоолондоо хэдхэн хараалын үгийг маань адил давтана.
-За за, наадахаа энд тавьчихаад арилж үз гэж Коллинз тушаав. Ер нь энэ хэдэн өдрийн дотор Коллинзын өөртөө итгэх итгэл нь огцом нэмэгдсэн нь энэ.
Ачигч нар ядарсан байртай санаа алдаад уусан алга болцгоов. Коллинз эргэн тойрноо ширтэв. Эргэн тойронд нь хараа хүрэх газар болгонд нь нарс, хусан ой. Агаар нь чийглэг анхилуун. Шувуудын хөгжилтэй шулагнах дуу хадна. Хаа нэг хэрэм мөчир дамжин дүүлж харагдана.
Байгаль аа гэж. Коллинз байгальд үргэлж хайртай явсан хүн. Усан сан, теннисны талбай, бас дэргэдээ жижигхэн нисэх буудал дагалдсан асар том бөгөөд уужуу байшин барихад хамгийн тохиромжтой газар мөнөөс мөн.
-Би байртай болмоор байна гэж Коллинз итгэл төгс өнгөөр чанга хэлээд улаан товчлуурыг дарав.
Хавчаар шилтэй, тун ч донжтой саарал өнгийн костюмтэй хүн гараад ирэв.
-Тэгэлгүй яах вэ, эрхэм ээ гэж хэлэх зуураа эцэс төгөсгөлгүй үргэлжлэх ойн модыг хялайн хараад авлаа. –Гэхдээ та яг юу хүсээд байгаагаа илүүтэй дэлгэрэнгүй тайлбарлавал сайн байна. Бунгало, ранчо, зуслангийн байшин, ордон, харш гэх мэт сонгомол шийдэлтэй зүйл хэрэгтэй юу? Эсвэл урц, өвсөн овоохой гэх мэт эгэл зүйл хүсч байна уу? Та А зэрэглэлийнх юм чинь хэсэгчилсэн нүүрэн талтай ч байшин ч юм уу, Эсэргүүцэл багатай орон зайны маягаар хийсэн оромж ч юмуу, эсвэл бүр Бичил агуу хэлбэртэй ордон гэх мэтийн супер орчин үеийн байгууламж захиалж болно шүү дээ.
-Юу юу гэнэ ээ гэж Коллинз дахин асуув. –Ёстой мэдэхгүй юм байна. Таныхаар бол юу ч зүгээр вэ?
Нөгөө хүн эгшин төдий ч эргэлзэлгүйгээр :
-Нэг их том биш зуслангийн хаус гэж шууд хэллээ. –Цаадуул чинь гол төлөв дандаа л ийм байшингаас эхэлдэг юм.
-Үгүй байлгүй дээ.
-Нээрээ. Тэгэж байгаад дараа нь илүү урин дулаан уур амьсгалтай нутаг руу шилжиж, тэндээ ордон бариулдаг юм.
Коллинз ахиад нэг юмны талаар асуух гэснээ больчихов. Ёстой л нэг санааны зоргоор юм болж байна даа. Хөөрхий амьтад мань хүнийг Хаягдал боловсруулагчийн жинхэнэ эзэн, А зэрэглэлд багтдаг хүн гэж бодоод байна. Сайн л биз. Бодлыг өөрчлөх шаардлага алга.
-За тэгвэл бүгдийг ном журмынх нь дагуу сайн хийнэ шүү гэж Коллинз хэлэв.
Нөгөө хүн:
-Тэгэлгүй яах вэ эрхэм ээ гэж хариуллаа.- Тэр бол миний үүрэг шүү дээ.
Ингээд Коллинз мөстэй ундаа ууж, эвхэдэг орон дээр тухласан шигээ «Максиме олф» барилгын конторынхон хэрхэн шаардлагатай эд материалаа үүсгэн байшин барьж байгааг харж хэвтсээр өдрийг дуусгалаа.
Хорин өрөөтэй уртаа гэгч нь лагс барилга баригдаад дууссан ч хүч чадлаа мэдэрсэн Коллинзын хувьд бол арай дэндүү даруухан юм бариулчихав уу гэж санагдана. Дегмагийн алдартай Мига гэгчийн төслөөр хамгийн чанартай эд материал ашиглан барьж, дотоод заслыг нь Тоуиж гүйцэтгэжээ. Гаднаа мулын усан сан, Виерины загварын дагуу хийсэн англи маягийн цэцэрлэгтэй гэж байгаа.
Үдэш болоход барилгын ажил дуусч, цөөн хүнтэй барилгын бригдынхан багаж зэмсгээ хурааж аваад ууршин алга боллоо.
Коллинз гуай хувийн тогоочдоо хөнгөхөн шиг оройн зоог хийх тушаал буулгачихаад навчин тамхи баагиулсаар томоо гэгч нь зочдынхоо өрөөнд сүүлийн хэдэн өдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар эргэцүүлэн сууж байв. Хаягдал боловсруулагч нь чихнээ сонсголонтой дүнгэнэсэн шигээ өмнө нь торойно.
Ингээд юуны өмнө Коллинз гуай болж өнгөрсөн зүйлсийг ид шид гэх мэтийн ер бусын зүйл гэсэн бодлыг шууд арчин хаялаа. Бурхан мурхан гэх мэт зүйлс энд ямар ч хамаагүй нь ойлгомжтой. Эгэл хүмүүсийн адил хараал, ерөөл урсгасан байдаг л нэг жирийн хүмүүс байрыг нь барьж өгсөн юм чинь. Тэгэхээр Хаягдал боловсруулагч нь тун ч их ухаан зарж хийсэн шинжлэх ухааны бүтээл гэсэн үг. Яаж ажилладагийг нь мань хүн мэдэхгүй, мэдэх шаардлага ч алга.
Хаягдал боловсруулагч нь харь гарагийн бүтээл юм болов уу? Арай л биш юм. Харь гарагийнхан мань хүнд үйлчлэх гээд англи хэл сураад явах нь юу л бол.
Тэгэхээр Хаягдал боловсруулагч нь ирээдүйгээс ирсэн болж таарлаа. Гол нь яаж ирсэн юм бол?
Коллинз навчин тамхиа баагиулсаар буйдан дээрээ налайлаа. Ер нь яаж ирсэн нь ямар хамаа байна гэж мань эр өөртөө хэлэв. Зүгээр л өнгөрсөн үе рүү унаад өгсөн байж яагаад болохгүй гэж. Тэртээ тэргүй өөрөө оргүй хоосноос юу ч хамаагүй бүтээж чаддаг эд шүү дээ.
Тэр ирээдүй ч ёстой нэг гайхамшигтай цаг үе байж таараа Коллинз бодно. Хүсэл биелүүлэгч төхөөрөмж бүтээчихсэн байна шүү дээ. Соёл иргэншил ч ёстой нэг туйлдаа хүртэл хөгжсөн байж таараа. Мөрөөдлөө хэлээд л гүйцээ. Май ав. Гайхамшигтай. Аягүй бол яваандаа улаан товчлуургүй төхөөрөмж гарч ирэх биз. Тэгвэл хуруугаа ч хөдөлгөлгүйгээр бүгдийг хийдэг болно доо.
Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй шүү. Төхөөрөмжний жинхэнэ эзэн, А зэрэглэлд багтдаг хүмүүс гэж бодитоор оршин байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэд нар төхөөрөмжийг нь булаах гэж оролдох нь гарцаагүй. Удам дамжсан дурсгалт зүйл нь байсан байж ч болох шүү дээ. Тэгвэл ч ...
Мань эр нүднийхээ булангаар үл мэдэг хөдөлгөөнийг мэдрэв. Хаягдал боловсруулагч нь салхинд сэрчигнэх хуурай навч шиг дэржигнэн чичигнэж байх нь тэр.
Коллинз царайгаа бараалган, хөмсөө зангидсаар төхөөрөмжид ойртов. Хаягдал боловсруулагч нь үл мэдэг утаа мананд бүрхэгдчихэжээ. Хэт халаад байгаа юм шиг байна.
Хэт их ачаалал өгчихсөн юм биш байгаа? Хүйтэн ус асгаад үзвэл яах бол?
Тэгтэл Хаягдал боловсруулагчийнх нь овор хэмжээ нь илэрхий багасчихсан байгааг анзаарлаа. Хаягдал боловсруулагчийн хэмжээ нь 60 см орчим болоод багасчихсан төдийгүй үргэлжлүүлэн багасч байв.
Юу болоод байна? Жинхэнэ эзэн нь юм болов уу? Эсвэл нөгөө А зэрэглэлийнх нь хүмүүс юм болов уу? Нөгөө Лиикийн яриад байсан бичил трансформац гэгч нь болж байгаа юм байна л даа. Яг одоо яаралтай арга хэмжээ авахгүй л юм бол Хүсэл биелүүлэгч төхөөрөмж нь тун удахгүй үзэгдэхээ байгаад алга болно гэдгийг Коллинз ойлгов.
Коллинз:
--«Лиик» хамгаалалтын алба гэж орилоод товчлуурыг дарав. Төхөөрөмж нэлээд халчихаж.
Урт оймс, спортын цамц, цохиур барьчихсан Лиик өрөөний буланд гараа ирэв.
-Арай гэж нэг тоглох гэхээр л ...
Коллинз Хаягдал боловсруулагч руу заагаад
-Нэг юм хийгээдэх гэж хашхирав. Төхөөрөмж багассаар 30 см орчим хэмжээтэй болж, улайсчихсан байв.
-Би бол яаж ч чадахгүй юм байна гэж Лиик хэлснээ, –Надад зөвхөн цаг хугацааны хана байгуулах зөвшөөрөл байдаг. Та бичил хяналт руу хандах хэрэгтэй гэчихээд цохиураараа дохичиод алга болоод өгөв.
-Бичил хяналт гэж Коллинз хоолой мэдэн орилоод улаан товчлуур руу гараа явууллаа. Гэвч тэр даруй гараа угз татав. Хаягдал боловсруулагчийн хэмжээ нь төө хэртэй болж багасчихаж. Өнгө нь хүрэн улаан болж, бүхлээрээ гэрэлтэж байв. Улаан товчлуур нь чүдэнзний толгойны дайтай болж багасаад, ялгаж харахад ч бэрх болчихсон байх нь тэр.
Тэр даруйд Коллинз эргээд дэр шүүрэн авснаа төхөөрөмж дээрээс дарж байгаад товчлуурыг олж дарлаа.
Тэмдэглэлийн дэвтэр, түүндээ шургуулсан харандаатай, эвэрлэг хүрээтэй нүдний шилтэй бүсгүй гараад ирэв. Бүсгүй юу ч болоогүй мэт тайван өнгөөр:
-Та яг хэнтэй уулзмаар байна гэж асуух нь тэр.
Хаягдал боловсруулагч нэртэй нандин эрдэнэ нь улам бүр багасч байгааг айдас тодорсон нүдээрээ ширтсэн Коллинз:
-Надад бушуухан туслаач ээ гэж хоолой мэдэн ориллоо.
Бүсгүй хариуд нь харандааныхаа бөгсийг хазангаа
-Ноён Вергон үүдийн хоолондоо орж байгаа болохоор байхгүй байгаа гэж бодлогошрон өгүүллээ. – Дуудлага авахгүй гээд зарлачихсан байдаг. Тэгэхээр цаадахыг чинь дуудаж чадахгүй нь дээ.
-Тэгвэл хэнийг дуудаж чадах юм бэ?
Бүсгүй тэмдэглэлийнхээ дэвтрийг шагайв.
-За байз, ноён Вис яг одоо Давхардсан өнгөрсөн үед яваа. Ноён Илгис болохоор Палеолитийн үеийн Европт цайз босгоод завгүй. Тэгэхээр та үнэхээр яарч байгаа бол Транзит хяналт руу хандсан нь дээр юм байна. Жижигхэн компани л даа. Гэхдээ яахав...
-За за арилж үз. Транзит хяналт гэж Коллинз хэлээд анхаарлаа Хаягдал боловсруулагч дээрээ төвлөрүүлж байгаад уугиад эхэлчихсэн дэрээрээ дарлаа. Хаягдал боловсруулагч нь 3-4 см хүрэхтэй үгүйтэй жижигхэн болчихоод байсан болохоор дэрний цаанаас бараг харагдахгүй шахуу болсон товчлуурыг олж дарж чадахгүй нь гэдгээ ойлгов.
Ер нь энэ хаягдал боловсруулагчтай ингэж зууралдах хэрэг байна уу гэсэн бодол мань эрийн толгойд гялсхийн орж ирлээ. Одоо болсон юм бишүү. Байшин, газраа зарвал хөөрхөн мөнгөтэй болчихно шүү дээ.
Үгүй ээ. Үнэхээр хэрэгтэй зүйлээ хүсч амжаагүй байгаа. Тэгэхээр тэр зүйлээ хүсэх боломжийг зүгээр нэг тавиад өгчихгүй шүү.
Хаягдал боловсруулагчийн гэрэл нь нүдийг нь гялбуулж байсан ч Коллинз нүдээ жартайлгахгүй байхыг хичээн мод шиг хөшсөн долоовор хуруугаараа цайвар болтлоо улайссан товчлуурыг дарж орхив.
Үрчийж өнгийсөн хувцастай туранхай өвгөн гараад ирэв. Элдэв янзаар чимэж будсан Улаан өндөгний баярын өндөгтэй төстэй зүйл барьчихаж. Өндөг шиг зүйл нь хоёр хуваагдан задрахад дотроос нь улбар шар өнгөтэй утаа дуу татуулан гараад ирсэнд нь Хаягдал боловсруулагч нь утааг тэр даруй сорон авлаа. Үүнийх нь дараа өтгөн утаа май дээш цацрахад Коллинз золтой л хахаах үхчихээгүй ч Хаягдл боловсруулагч нь эргээд хэвийн овор хэмжээтэй болж эхэллээ. Тун удалгүй Хаягдал боловсруулагч нь огт багасч байгаагүй аятай хэвийн хэмжээндээ хүрчихсэн байв.
Өвгөн толгой дохиод:
-Бид хуучны аргаар ажилладаг ч чанартай хийдэг юм шүү гэчихээд ахин нэг толгой дохичихоод алга болоод өгөв.
Тэр мөчид Коллинзод нэг хүний уурлан уулга алдах дууг сонсох шиг боллоо.
Ядарч туйлдсан Коллинз төхөөрөмжийнхөө өмнө сөхрөн суув. Түлэгдсэн хуруу нь хорсон таталдах аж.
Мань эр:
-Намайг эмчлээрэй хөө гэж хатсан уруулаа арайхийн эвлүүлж хэлээд эрүүл гараараа товчлуурыг дарав.
Хаягдал боловсруулагч нь бүр хүчтэй дүнгэнэж байснаа удалгүй бүр таг болчихлоо. Хуруу нь ч өвдөхөө байв. Коллинз хуруугаа харвал өчүүхэн жижиг сорви ч үлдэлгүй эдгэчихэж.
Коллинз шарзнаасаа сайн гэгч нь татаж аваад орон дээрээ унаад өгөв. Шөнө аймаар том А үсгэнд хөөгдөж байна гэж хар дарсан боловч сэрснийхээ дараа зүүдээ мартаж орхилоо.
Долоо хоногийн дараа ойд байшин барьсан нь тун ч бодлогогүй алхам байсныг Коллинз ойлголоо. Хийх юмаа олж ядсан тэнүүлчдээс болж бүхэл бүтэн салаа цэрэг хөлсөлж авахаас өөр аргагүй болсны дээр ойд нь ан хийх гэсэн анчид заавал англи маягийн цэцэрлэгт хүрээлэнд нь буух гээд үйлийг нь үзнэ.
Ядаж байхад нь Төрийн татварын албаныхан ашиг орлогыг нь илэрхий сонирхоод эхэллээ.
Гэхдээ хамгийн гол нь гэвэл Коллинз байгальд тийм ч их хайртай биш юм байна гэдгээ олж мэдсэн байлаа. Шувуу мувуу, хэрэм зэрмийг харсан шигээ суух сайхан ч гэлээ тэд нартай юм ярих боломжгүй. Моддыг ширтээд суух зүгээр ч гэлээ аяга тагш юм хуваагаад уучихаж болохгүй.
Ингээд сэтгэлийнхээ гүнд өөрийгөө жинхэнэ хотын хүн юм байна гэж Коллинз бодлоо. Тиймээс «Поуха минайл» компаний ачигч, «Максиме олф» компаний барилгачид, Агшин зуурын аяллын «Ягтон» нэртэй товчоо болон хэрэгтэй хүмүүст атгуулсан ахиухан мөнгөний тусламжтайгаар Коллинз нь Төв Америк орчмын жижигхэн улсын иргэн болчихлоо. Энэ улсынх нь цаг агаар нь илүү урин дулаан, ашиг орлогын татвар гээч зүйл огт үгүй тул мань эр морьны жүчээ, зарц, засварчид, харуул, хөгжимчид, балетийн бүжигчид, тогос гэх мэтийн элдэв зүйлээр өвч бүрэн тоноглогдсон баярхуу тансаг ордон бариулаад авав. Тэгээд шинэ байртайгаа бүрэн танилцах гэж бүхэл бүтэн хоёр долоо хоног зарцуулав.
Тэгээд нэг хэсэгтээ л санаа амар амьдарлаа.
Ингээд нэг өглөө спорт загварын машин, эсвэл сайн үүлдрийн азарга адуу хоёрын алийг нь хүсдэг юм билээ гэж бодсон шигээ Хайгдал боловсруулагч руугаа дөхлөө. Саарал өнгөтэй төхөөрөмж рүүгээ тонгойн улаан товчлуур руу нь гараа явуултал...
Явуултал нөгөөх нь гэнэт огил үсрэн бултах нь тэр.
Тэрхэн эгшинд мань Коллинз өөрийгөө хий юм хардаг болж байгаа юм байна гэж санаад өглөөний хоолны өмнө оргилуун дарс уудгаа болих тухай бодоод амжив. Тэгээд урагш нэг алхан улаан товчлуурыг дарахаар ахиад л гараа сарвайлаа. Гэтэл Хаягдал боловсруулагч нь хэзээ язааны аятай аятайхан бултаж зайлчихаад өрөөнөөс хар гүйхээрээ гарчихдаг байгаа.
Коллинз ч мөчөөгөө өгсөнгүй дотроо жинхэнэ эзнийг нь А зэрэглэлийнхэнтэй нь хамт хараан зүхсээр араас нь жирийлгэлээ. Нөгөө Лиикийн яриад байсан амь оруулах гээч нь болж таарлаа. Тэгэхээр жинхэн эзэн нь нэг арга хэрэглээд төхөөрөмжинд амь оруулчихаж. Ямар арга гэдгийг нь бодох сөхөө байсангүй. Төхөөрөмжөө аль болох хурдан гүйцэж очоод улаан товчлуурыг нь дарж Амь оруулалтыг хянах албаны залуусыг дуудах хэрэгтэй.
Ингээд Хаягдал боловсруулагч нь өрөөг нэвтлэн харайлгаж Коллинз араас нь таваргалаа. Өрөөнийх нь хаалгын цэвэр алтаар цутгасан бариулыг арчиж зогссон туслах бойдоо нь мань хоёрыг хараад амаа ангайлган гацчихлаа.
-Наадахаа зогсоогооч гэж Коллинз ориллоо.
Туслах бойдаа нь Хаягдал боловсруулагчийг замыг нь хаах гэж байгаа бололтой урагш нэг алхахчаан болов. Харин төхөөрөмж нь тун ч эвсэлтэйгээр бултан бойдоо тойрч гараад гол үүд рүү харайлгах нь тэр.
Энэ зуур Коллинз нь үүд хаагчийг амжиж дарвал үүд нь ч тасхийтэл хаагдлаа.
Хариин Хаягдал боловсруулагч нь зогосохын оронд улам ч хурд аваад хаалттай үүдийг нэвт цохиод гарах нь тэр. Гадаа гарсан даруйдаа усалгааны уян хоолойнд бүдэрсэн болов ч тэр даруй тэнцвэрээ олж аваад гадагш гарахаар хашаан дундуур харайлгалаа.
Коллинз ч араас нь тэнхээ мэдэн давхиж байлаа. Нэг ойртоод авдаг юм бол....
Тэгтэл Хаягдал цэвэрлэгч нь гэнэт дээшээ огил харайн үсрэв. Тэгснээ хэдэн секунд агаарт тогтож байгаад уначихав. Коллинз ч улаан товчлуур руу зүтгэв. Хаягдал боловсруулагч ээлжит удаагаа бултчихаад хурдаа авч байгаад ахин үсрэв. Агаарт 6 метр орчим өндөрт гараад хэсэг тогтоод авав. Дараа ахин чанх дээшээ бүр ч өндөрт гарснаа гэнэт зогтусаад галзуурсан мэт эргэлдэнгээ уначихав.
Энэ бүхнийг харсан Коллинзын дотор нь палхийлээ. Гурав дахь удаа үсэрвэл Хаягдал боловсруулагч нь эргэж ирэхээргүй өндөрт гараад алга болоод өгөх вий гэж айсан нь тэр. Тийм болохоор Хаягдал боловсруулагчийг газардахь үед Коллинз бүрэн бэлтгэлтэй хүлээж байлаа. Мань худлаа дохиж мэхлэнгүүтээс самбаачлан улаан товчлуурыг дарж чадлаа. Мэхэнд нь орсон Хаягдал боловсруулагч бултаж амжсангүй.
Тэгээд Коллинз:
-Амь оролтыг хянах алба? гэж бах нь ханасан байртай чанга дуугаар захиалгаа өглөө.
Юм тэсэрч байгаа мэт сулавтар чимээ гартал Хаягдал боловсруулагч нь дуулгавартай нь аргагүй хөшчихэв. Амь оролт нь сураггүй.
Коллинз духныхаа хөлсийг шударчихаад төхөөрөмжин дээрээ тухлан суулаа. Дайснууд ч улам л ойртоод байна даа. Боломж байгаа дээр нь бүр ч илүү сүртэй, гайхалтай зүйл захиалаад авах нь л хамгийн зөв.
Ингээд таван сая доллар, өвч тоноглогдсон нефтийн цооног гурвыг, кино студи нэгийг, хэзээ ч өвдөхгүй төгс эрүүл мэнд, бүжигчин хүүхэн хориын тавыг, үхэлгүй мөнхийн амьдрал, спорт загварын машин, сайн үүлдрийн азарга адуу зэргийг ар араас нь дагуулан нүд ирмэхийн зуур захиалаад авдаа.
Тэр агшинд хаа нэгтээ хүн жогтой инээх чимээ гарах шиг боллоо. Мань хүн эргэн тойрноо анхааралтай ажиглав. Хэн ч алга.
Тэгээд эргээд хартал Хаягдал боловсруулагч нь алга болчихсон байх нь тэр. Коллинз нүдээ байдгаар нь бүлтийлгэн хайлаа. Гэвч дараагийн агшинд өөрөө алга болж орхилоо.
Сэхээ ороод нүдээ нээтэл хэдийний танил болсон улаан царайтай эр нэг ширээний өмнө суучихсан, өөрөө өмнө нь зогсож байгааг олж харав. Гэхдээ нөгөө эрийн царайнд уурлаж, уцаарласан зүйл харагдсангүй. Харин ч нэг тийм тайвширсан, эсвэл бүр залхаад уйдсан гэмээр төрхтэй болчихож.
Жинхэнэ эзэн, А зэрэглэлийнхэн нь мань хүнийг эцсийн эцэст барьчихлаа даа. Сайхан зүйл нь ингээд нэг мөр дуусч байгаад Коллинз харамсан минут хэртэй дуугүй зогсов. Гэхдээ сайхан л байсан юм чинь яадаг юм.
-За тэгээд гэсээр Коллинз ам нээлээ. –Та нар төхөөрөмжөө буцаагаад авчихлаа. Одоо надаар яах гээд байгаа юм бэ?
Улаан царайт эр гайхсан байртай өөдөөс нь ширтэнгээ:
-Төхөөрөмжөө гэнэ ээ? Эрхэм ээ, энэ чинь миний төхөөрөмж биш шүү дээ гэж хэлэх нь тэр. –Огтхон ч биш.
Коллинз мэл гайхан өөдөөс нь ширтэв.
-Намайг мэхлэх гэсний хэрэггүй шүү, ноёнтон гуай. Та бол А зэрэглэлийнх, тийм ч болохоороо энэ төхөөрөмжөө дангаар эзэмших гээд байгаа биз дээ?
Үүний дараа улаан царайт эр үзэж суусан цаасаа хойш тавив. Тэгээд:
-Ноён Коллинз, намайг Флайн гэдэг юм. Би бол иргэдийг хамгаалах холбооны төлөөлөгч гэж хатуухан хэлэв.- Манайх бол ямар нэгэн арилжааны ашиг хонжоо хөөдөггүй байгууллага юм. Тантай адил хүмүүсийн амьдралынх нь замд тулгарч болзошгүй төөрөгдлөөс хамгаалах гэсэн цорын ганцхан зорилготой.
-Та янз нь өөрийгөө А зэрэглэлд багтдаггүй гэж хэлэх гээд байн аа даа, тийм үү?
-Эрхэмээ та тун ч гүн төөрөгдөлд автсан байна гэж Флайн тайван бөгөөд ихэмсэг аясаар хариулав.-А зэрэглэл гэдэг чинь таны бодоод байгаа шиг нийгэм олон нийтийн зэрэг дэв огт биш юм. Энэ бол зүгээр л зээлийн нэг хэлбэр төдий зүйл юм.
-Юуны хэлбэрээ гэнэ ээ гэж Коллинз гайхан асуув.
-Зээлийн хэлбэр ээ гэчихээд Флайн цагаа харав.-Цаг бага байгаа болохоор би товчхон тайлбарлая. Бид болохоор анти төвлөрөлтийн эрин зуун амьдардаг хүмүүс юм. Манай үйлдвэрлэл, худалдаа, засаг захиргааны байгууллагууд нь хоороондоо орон зай болон цаг хугацааны нэлээд алслагдаж тусгаарлагдсан байдаг юм. Харин “Хаягдал боловсруулагч” гэдэг хувьцаат нийгэмлэг нь энэ бүхнийг хооронд нь холбох маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Өөрөөр хэлбэл энэ байгууллага нь соёл иргэншлийн бий болгосон бүтээгдэхүүнүүдийг нэг газраас нөгөө газар руу шилжүүлэн хөдөлгөх гэх мэтийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. Одоо ойлгомжтой юу?\
Коллинз толгой дохилоо.
-Төлбөрийн зээлийг мэдээж хэрэг шууд олгоно. Харин олгогдсон зээлийг эрт ороогүй заавал эргүүлэн төлж дуусгах ёстой.
Нэг л биш болоод явчихлаа. Заавал төлж дуусгах ёстой гэнэ үү? Ямар ч байсан мань хүний бодоод явсан шиг тийм ч өндөр иргэншсэн нийгэм биш бололтой дог шүү. Төлбөрийн талаар ганц удаа ган хийгээгүй шүү дээ. Юу болчихоод гэнэт одоо яриад унав аа?
Коллинз гайхаш алдарсан дуугаар:
-Тэгвэл яагаад хэн ч намайг зогс, боль гэж хэлээгүй юм бэ? гэлээ. –Цаад хүмүүс чинь намайг төлбөрийг чадваргүй гэдгийг мэдэж байх ёстой биз дээ?
Флайн толгой сэгсэрлээ.
-Төлбөрийн чадварыг хуулиар тогтоодоггүй юм. Иргэншсэн нийгэмд нь хүн болгонд өөрөө бие даан шийдвэр гаргах эрхийг нь өгчихсөн байдаг. Тэгэхээр төлбөрийн чадвар гэдэг зуун хувь тухайн хүний сайн дурын хэрэг. Эрхэм ээ, надад тун харамсалтай байна гэж хэлснээ Флайн цагаа ахин нэг хараад нөгөө үзээд байсан цаасаа сарвайлаа.-Та энэ тооцоотой танилцаад, үнэн зөв эсэхийг магдална уу.
Коллинз цаасыг анхааралтай уншлаа.
-Бүрэн тоноглолтой ордон - 450000000 төлбөрийн нэгж.
“Поуха минайл” болон “Максимо олф” компаний ажилчид, ачигчдын хөлс нийлээд – 111000 төлбөрийн нэгж
122 бүжигчин хүүхнүүд – 122000000 төлбөрийн нэгж.
Хэзээ ч өвдөхгүй, өөгүй төгс эрүүл мэнд- 888234031 төлбрийн нэгж.
Гэсээр Коллинз бүгдийг нь гүйлгэн уншиж дуусав. Нийлбэр дүн нь 18 биллион төлбөрийн нэгжээс үл мэдэг давж гарч байх юм.
-Энэ чинь одоо юу болоод байна вэ? гэж Коллинз уулга алдлаа.-Надаас ийм их мөнгө нэхэх эрх та нарт байхгүй. Танай тэр Хаягдал боловсруулагч чинь хаанаас ч юм бэ бүү мэд өөрөө алдаа гаргаад унаад ирсэн шүү дээ.
-Би яг наад байдалд чинь таныг анхаарлыг хандуулмаар байна гэж Флайн хэлэв.- Юмыг яаж мэдэх вэ? Цаашдаа цаадуул чинь илүү болгоомжтой байх ч юм билүү. Ямар ч байсан хичээнэ. Үүнээс илүү дордоно гэж л лав байхгүй дэг.
Коллинз нүд нь манантан бүрэлзээд эхлэв. Флайны царай ч уусан болж эхэллээ.
-За, цаг дууслаа гэж Флайн хэлэв.-Танд амжилт хүсье.
Коллинз нүдээ анив.
Эргээд нүдээ нээхэд нь огцом өндөр хадан хясаа бүхий уулсаар битүү бүслэгдсэн уйдаж үхэм төрхтэй хөндий өмнө налайж байх нь тэр. Тэнгэрийн өнгө зэвхий саарал бөгөөд чөмөг царцаам салхи үлээх тоолондоо царайг нь хайр найргүй алгадана.
Хаанаас ч юм бүү мэд гараад ирсэн ноорхой хувцастай хүн дэргэд зогсож байх юм.
Нөгөө хүн нь:
-Май гэж хэлээд Коллинзд зээтүү өгч байх юм.
-Наадах чинь юу юм бэ?
-Зээтүү гэж нөгөө хүн тэвчээртэй нь аргагүй тайлбарлав.-Харин тэнд чулуу олборлох газар бий. Хоёулаа бусадтайгаа нийлж байгаад тэндээс гантиг чулуу олборлоно доо хөө.
-Гантиг ий?
-Өөр юу байх вэ. Гантигаар ордон барих гэсэн усан хаа сайгүй байдаг юм гэж нөгөө хүн мушилзан хэлэв.-Намайг Янг гэдэг. Нэг хэсэгтээ л хоёулаа хамт ажиллана даа.
Коллинз дүйнгэтсэн харцаар Янг руу ширтээд:
-Нэг хэсэгтээ гэж хэр удаан?
-Энд сардаа таваас арван төлбөрийн нэгжийн хөлс авна. Төлбөрөө бүрэн хийж дуусах хүртэл чинь түүнийг чинь суутгаад байна гэж мэд. Тэгээд өөрөө тооцоод үзэхгүй юу.
Коллинз өөрийн эрхгүй зээтүүгээ алдчихав.
Арай ч дээ. Ийм юм байж болохгүй шүү дээ. “Хаягдал боловсруулагч” хувьцаат нийгэмлэг алдаа гаргаж байгаагаа заавал ойлгох ёстой. Тэр төхөөрөмж нь Өнгөрсөн үе рүү унаад ирсэн нь өөрсдийнх нь буруу шүү дээ. Иймхэн юмыг мэдэхгүй байна гэж байхгүй.
-Энэ чинь бүгд эндүүрэл шүү дээ гэхээс өөр үг Коллинзд олдсонгүй.
-Ямар юмных нь эндүүрэл байх вэ дээ гэж Янг үг сөрөв.- Цаадуул чинь ажлын хүчний дутагдалд орчихсон байгаа. Тэгээд л хаа таарсан газраасаа хүн олзолдог болчихсон юм. За, гаръя даа, ажилдаа. Зүгээр дээ хөө, эхний мянган жилдээ л хэцүү байдаг юм. Тэгээд яваандаа дасчихдаг юм шүү дээ.
Коллинз өөрийн мэдэлгүй Янгын даган хоёр гурав алхалснаа зогтусав.
-Юу? Эхний мянган жил ээ? Би тийм удаан амьдрахгүй шүү дээ.
-Амьдрахаар барах уу гэж Янг эсэргүүцэх боломжгүй аясаар өгүүллээ. –Чи чинь үхэшгүй мөнхий амьдрал гуйж авснаа мартчихаа юу?
-Төхөөрөмжөө яг буцаан авч байхад нь хэлсэн болохоор тооцоогүй ч юм билүү? Эсвэл бүр буцаан авсан хойноо надаас асуулгүй өгчихсөн байж болно шүү дээ.
Гэнэт Коллинзын нэг зүйлийг зурвасхийн харах шиг боллоо. Нээрээ, Флайны үзүүлсэн тооцооноы хуудсан дээр үхэшгүй мөнхий амьдрал гэсэн төлбөр огт байгаагүй юм байна шүү дээ.
-Би сая саналаа. Надаас үхэшгүй мөнхийн амьдрал гэж төлбөр огт нэхээгүй юм байна шүү дээ.
Янг мань эрийг хараад инээд алдав.
-Хөгшин минь битгий гэнэн царай гаргаад бай. Наад бөндгөрөө ажиллуулаач гэж хэлээд Янг мань эрийг араас нь ёвров.- Наад юмыг чинь л цаадуул чинь үнэгүй өгдөг илэрхий байгаа биз дээ.
Төгсөв. Үнэгүй юм
Хүний дуу гарав уу даа сая? Эсвэл хий юм сонссон юм болов уу? Жо Коллинз ингэж бодсон шигээ заваан шар өнгөтэй дээврийг нь аалзны тор мэт хэрсэн цуурхайнаас нь борооны ус гунигтай нь аргагүй удаанаар бөнжигнөн хуримтлагдсаар дуслахыг ширтэн толгойгоо ажиллуулахыг хичээн хэвтэж байлаа. Ядаж байхад усан шалханаг болтол норсон гуталтай хөлөө хөнжил дороосоо гаргах тэнхэл ч мань хүнд алга.
Яг тэр эгшинд л нөгөө зүйл болсон юм шиг байгаа юм. Юу вэ гэхээр нүднийх нь буланд гэнэт хачин гялалзсан төмөр шиг гадаргуйтай зүйл харагдах шиг болох нь тэр. Мань хүн өндийгөөд орон дээрээ суулаа. Харвал шалан дээр нь нэг тийм хачин төхөөрөмж байх юм. Уг нь ямар ч төхөөрөмж мөхөөрөмж байгаагүй шүү дээ.
Ингэж бодсон шигээ Коллинз алмайрчихсан нөгөө төхөөрөмжийг ширтэн сууж байх зуур нь “За, хөөрхий, ингээд баларлаа даа” гэх огт танихгүй дуу хаанаас ч юм бэ бүү мэд дуулдах нь тэр.
Гэхдээ мань хүнд хий юм сонсогдсон байж ч болохыг үгүйсгэх аргагүй. Харин хачирхалтай нь гэвэл нөгөө төхөөрөмж алга болчихолгүй, өмнө нь шалан дээр нь хэвтсээр.
Коллинз орноосоо гулган буусаар сөхрөн суулаа. Нөгөө төхөөрөмжтэй сайн танилцах гэж хичээж байгаа нь тэр. Төхөөрөмж нь хааш хаашаа метр орчим хэмжээтэй шөө дөрвөлжин хэлбэртэй юм. Зүгээр ч үгүй, дүнгэнсэн дуу гаргана. Сааралдуу бэржгэр гэхээс өөр ямар ч өөгүй гадаргуйнх нь нэг буланд час улаан өнгөөтэй товчлуур, төв хэсэгт нь хүрэл шошго наалттай. Нөгөө шошго дээр нь «А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч, серийн дугаар АА-1256432» гэчихсэн. Доор нь болохоор «Энэ төхөөрөмжийг зөвхөн А зэрэглээр ашиглахыг зөвшөөрнө» гэсэн бичигтэй.
Өөр юу ч үгүй.
Ядаж байхад Коллинзын бодлоор машин, төхөөрөмж болгонд байх ёстой унтраалга мунтраалга, араа мараа гэх мэтийн элдэв зүйлсийн нэг нь ч алга. Байгаагаас нэг муу хүрэл шошго, улаан товчлуур, хаанаас нь ч юм бэ бүү мэд гарах тасралтгүй дүнгэнсэн дуу.
-Чи чинь одоо хаанаас гараад ирэв ээ гэсээр Коллинз дуу орлоо.
А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч харин тасралтгүй дүнгэнэн дуу гаргахаас өөрөөр хариу өгсөнгүй. Колллинз өөрөө ч ямар нэг хариу сонсоно гэж хүлээгээгүй байсан болохоор үүнд нь гайхсангүй. Үүнийхээ дараа хариу хүлээгээгүй хүн маань орныхоо зах дээр суугаад «Хаягдал боловсруулагч»- ийг бодлогошрон ширтэж эхлэв. Энэ нэг хачин юмыг чинь одоо яадаг билээ гэсэн ганц бодол толгойд нь эргэлдэнэ.
Гэв гэнэт үүсээд гараад ирдэг төхөөрөмжүүдтэй ажиллах туршлага огт байхгүй гэдгээ сайн мэдэж байсан ч Коллинз зүрх гарган нөгөө улаан товчлуурт хуруугаа болгоомжтой нь аргагүй хүргэлээ. Дарчихвал яадаг бол? Шал цөмөрч алах юм биш байгаа? Эсвэл бүр харь гаригынхан таазнаас бөнжингнөөд ороод ирвэл ч баларлаа шүү?
Гэхдээ, үхсэн хойноо алдах юмтай хүн би л лав биш. Ингэж бодоод мань эр товчлуурыг дарлаа.
Юу ч болсонгүй.
Юу ч болоогүйд нь Коллинз нэлээд сэтгэлээр унаад авлаа. Тэгээд итгэл алдарсан өнгөөр:
-За алив ээ, юу ч хамаагүй хийчихээч дээ чи минь? гэж хэлэв.
Хаягдал боловсруулагч харин урьдын адил битүү дүнгэнэн дуугарахаас өөр хариу өгсөнгүй.
За яах вэ. Ямартаа ч төхөөрөмж л юм чинь хаа нэгтээ барьцаанд тавьчихаж болох биз. Аргаа барахад л Шударга Чарлид төмөр гэж тушаагаад доод тал нь нэг доллар олно. Ингэж бодоод Коллинз Хаягдал боловсруулагчийг өргөх гэлээ. Дийлддэггүй шүү. Хамаг хүчээ шавхаж байгаад ахиад хүчилсэнд нэг булан нь дөнгөж ямх төдий хөндийрлөө. Хаягдал боловсруулагчийг буцаан тавиад байдгаараа амьсгаадсаар орон дээрээ суув. Овоо эд үү үгүй юу.
Коллинз нь хаягдал боловсруулагчийг харангаа:
-Тав гурван бяртай залуусыг олж ирэхгүй бол чинь ч барахгүй нь дээ гэж хэллээ. Тэгтэл Хаягдал боловсруулагч гаргах дүнгэнэх чимээ чангарч, удалгүй чичигнэж эхлэх нь тэр.
Коллинз юу болохыг нь тэвчээртэй нь аргагүй хүлээсэн ч юу ч болсонгүй. Тэгтэл яагаад ч юм бэ бүү мэд хуруу нь бараг хар аяндаа сунаснааа нөгөө улаан товчлуурыг дарчихлаа.
Тэр даруйд ажлын хувцастай, булчинлаг хоёр залуу өмнө нь гараад ирэх нь тэр. Гэнэт бий болсон хоёр эр Хаягдал боловсруулагч руу цэгнэсэн харц чулуудав. Тэгснээ нэг нь:
-Бурханы авралаар гайгүй жижиг загвар нь юм байна. Томууд нь ч ёстой нэг лайтай шүү гэлээ.
Нөгөөх нь өлгөж аваад:
-Харин тийм хөө гэснээ- Тэгэхдээ л уурхай дээр гантиг малтаж байснаас дээр л дээ гэв.
Тэгснээ өөдөөс нь мэлэрсэн чигтээ гацсан Коллинз руу хоёул харлаа. Дараа нь хамгийн эхэнд дуу гарсан нь залуу нь:
-Яасан бэ хөгшөөн? Ингээд мэлрээд байх зав алга. Хаягдал боловсруулагчаа хааш нь хүргүүлэх юм бэ ?гэх нь тэр.
Хариуд нь Коллинз нь:
-Та нар чинь юу вэ? гэх сөөнгөтсөн хоолойгоор арай гэж хяхтнав.
-Ачигч нар байн аа. Яаж ч харсан эгч дүү Ванзаггитай адилгүй байгаа биз дээ.
-Тэр ч тийм л байна. Гэхдээ та хоёр хаанаас гараад ирэв ээ?
-Ачиж буулгаах «Поуха Минайл» компаний ажилчид байна гэж нэг нь хариуллаа. –Та өөрөө ачигч нар шаардсан болохоор л бид хоёр гараад ирлээ. За тэгээд энэ нэг юмаа хааш нь хүргүүлэх юм бэ?
-Та хоёр явж бай. Дараа ахиад дуудъя гэхээс өөр хариу Коллинзд орж ирсэнгүй.
Ачигч хоёр залуу мөрөө хавчаад алга болчихлоо. Алга болсон хоёрын зогсож байсан газрыг Коллинз нэг хэсэг дуугуй ширтэн суув. Дараа нь А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч руу харлаа. Хаягдал боловсруулагчийн дуу нь одоо бол буцаад хэвийн, нам болчихожээ.
Хаягдал боловсруулагч гэл үү? Мань хүн бол энэ төхөөрөмжинд илүү сонсголонтой нэр олоод өгчих байсан. Хамгийн наад зах нь Хүслийг биелүүлэгч гэчихэд болж байна шүү дээ.
Гэхдээ энэ бүхэнд Коллинзыг нэг их балмагдсан гэвэл худал болно. Ямар нэг ер бусын зүйл тохиолдоход зөвхөн хөлдүү, оюун ухааны сааталтай хүмүүс л хүлээж авч чаддаггүй юм. Харин Коллинз бол тийм хүмүүсийн нэг яав ч биш байлаа. Гайхамшгийг хүлээн авах зуун хуувийн бэлтгэлтэй гэсэн ч болно.
Бараг л бүх амьдралынхаа туршид ямар нэгэн ер бусын зүйл тохиолдоосой гэж залбирч, мөргөж, мөрөөдсөөр ирсэн болохоор өөр яах ч билээ. Жишээлэхэд, арван жилд сурч байхдаа ч нэг сайхан өглөө босоход нь бүх хичээлүүд нь өөрсдөө аяндаа сурагдчихаад, хичээл давтах, сурах лайтай шаардлага алга болчихсон байгаасай гэж үргэлж мөрөөддөг байсан юм. Цэрэгт байхдаа бэрд, эсвэл илбэчин хүүхэн ч юм уу тиймэрхүү нөхдүүд гарч ирээд, өмнөөс нь хамаг ажлыг нь амжуулдаг болоод, өөрөө жагсаалаар алхахын оронд үргэлж казармдаа жижүүр хийсэн шигээ бие амар сууж байх юмсан гэж мөрөөддөг байлаа.
Цэргээс халагдасныхаа дараа мань Коллинз нь өөрийгөө ажил хийхэд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй гэдэгтээ бүрэн итгэлгүй байсан болохоор нэг хэсэгтээ ажилгүй “гонзгойров». Ингээд салхины аясаар хамхуул шиг хийсч явах зуураа хамаг хөрөнгөө өвлөж үлдээгээд нас барчихдаг тэрбумтан гэнэт гараад ирдэггүй юм байхдаа гэж мөрөөдөж байлаа. Гэхдээ энэ мэтийн гайхамшиг үнэхээр болно гэж мань хүн үнэхээр итгэдэг, хүлээдэг байсан уу гэвэл мэдээж үгүй. Ямартаа ч нөгөө гайхамшиг нь үнэхээр тохиолдох үед мань хүн бэлтгэлтэй болчихсон байлаа.
Коллинз эмээсэн аясаар:
-Би жижиг дэвсгэртээр, хаана ч бүртгэгдээгүй серийн дугаартай мянган доллартай болмоор бай гэж хэлэв. Ингэж хэлснийхээ дараа төхөөрөмжний дүнгэнэх чимээ чангарах үед нь улаан товчлуурыг дарчихлаа. Тэр даруйд үнгэгдэж, хиртсэн тавт, аравтын дэвсгэртийн том овоо өмнө нь гараа ирэх нь тэр. Цоо шинэ, шаржигнасан дэвсгэртүүд биш ч гэлээ яах аргагүй мөнгө бол мөн байлаа.
Коллинз мөнгөнөөс атгаж авч байгаад дээш нь шидээд, дэвсгэртүүд агаарт гоё эргэлдсээр эргэн унахыг нь тухлан харж нэг үзлээ. Дараа нь эргэн орон дээрээ тухлан хэвтэж байгаад төлөвлөгөө боловсруулж эхлэв.
Ямар ч байсан эхлээд хөршүүд ядаргаатаад байхааргүй нам гүм газар очих хэрэгтэй. Нью-Йоркоос хол, мужийн хойд нутагт бол болж л байна. Юм нэгэнт ингэж эргэнэ гэдэг чинь ашиг орлогын татварын асуудал гэсэн тун ч ээдрээтэй асуудалтай тулгарч болзошгүй юм даа. Гэхдээ яах вэ, тэгэж байгаад учир нь олдоод ирэхээр төвийн мужууд руу нүүж болох юм. Эсвэл бүр...
Юу вэ? Өрөөнд нь сэжиг бүхий дуу сонстов.
Хананд нь нүх бий болж, тэндээс нь нэг хүн түчигнэж пижигнэсээр гарч ирж байх нь тэр. Коллинз огил харайн бослоо.
-Хөөе, юу болоод байн аа? Би чамаас юу ч гуйгагүй байгаа шүү гэж Коллинз нөгөө төхөөрөмж рүү ориллоо.
Ханан дахь нүх улам томорч эхлэв. Тэгсээр нэлээд уурласан байртай улаан царайтай махлаг эрэгтэй хүн чихсээр хананаас бараг талдаа хүртэл цухуйгаад гараад ирэв.
Энэ төхөөрөмж ч бусад бүх төхөөрөмжүүдийн адил эзэнтэй байж таараа гэсэн бодол Коллинзын тархинд гэнэт харван орж ирэв. Хүслийг хэрэгжүүлэгч төхөөрөмж нь алга болчихвол эзэн нь уурлах нь мэдээж. Уурласан эзэн нь төхөөрөмжөө эргүүлэн авахын тулд юу ч хийхэд бэлэн байх нь ойлгомжтой.
Ийнгэж бодоод Коллинз:
-Намайг авраарай гэж орилоод Хаягдал боловсруулагчийн улаан товчлуур дээр дарж орхив.
Унтлагын хувцас өмссөн, намхан халзан нөхөр эвшээсээр гараад ирэв. Нойрмоглож байгаа нь илт.
Тэгээд нүдээ нухсан чигээрээ:
-Цаг хугацааны хана хамгаалах «Саниса Лиик» алба гэж мэдэгдэв.- Намайг Лиик гэдэг юм. Танд юугаар туслах вэ?
-Энэ хүнийг зайлуулаарай гэж Коллинз хоолойгоо шахан орилов.
-Энэ зуур нөгөө улаан царайтай нөхөр тэнхээ мэдэн савчсаар, хананаас бараг бүхлээрээ гараад ирчихсэн харагдлаа.
Лиик унтлагын хувцасныхаа хармаанаас гялалзсан дөрвөлжин төмөр гаргаад ирлээ. Гэтэл ууртай улаан царайтай хоолой мэдэн орилж эхэллээ:
-Чи хөөе, намайг сонс л доо. Чи буруу ойлгоод байна шүү дээ. Наад намхан хүн чинь байна аа...
Лиик дөрвөлжин төмрөө улаан царайт руу чиглүүлэв. Тэр даруйд улаан царайт эр нэг муухай орилж өгөөд алга болчихлоо. Хананд гараад байсан нүх ч алга болчихов.
-Та цаадахаа алчихсан уу? гэж Коллинз асуув.
Лиик нөгөө жижиг төмрөө халааслах зуураа:
-Мэдээж үгүй гэж хариулав. –Зүгээр л тэнхлэгийнх нь дагуу эргүүлчихсэн юм. Одоо бол үүгээр ахиж орж ирж чадахгүй.
-Орж ирэх өөр арга зам хайна гэж хэлэх гээд байна даа, тийм үү? гэж Коллинз асуулаа.
-Магадгүй л юм гэж Лиик хариулав. –Бичил трансформац, эсвэл бүр амь оруулалтыг ашиглахыг үгүй гэх газаргүй гэж үргэлжлүүлэн ярьснаа Коллинз руу ихэд сонжсон байртай анхааралтай ширтлээ.-Энэ хаягдал боловсруулагч таных уу?
-Мэдээж шүү дээ гэж хариулах зуур нь Коллинзын хүйтэн хөлс чийхарах нь тэр.
-Тэгвэл та А зэрэглэлээр үү?
-Өөр ямар зэрэглэл байх вэ дээ гэж Коллинз хариуллаа.- Үгүй байсан бол би төхөөрөмжөөр юугаа хийхэв дээ.
-Нээрээ тийм дээ гэж Лиик нойрмог дуугаар хэлж байна. –Та битгий уурлаарай. Би зүгээр л сайн санасандаа л лавласан юм гэж хэлээд Лиик толгойгоо залхсан байртай удаан сэгсрээд- Танай А зэрэглэлийнхэн ч ёстой нэг сайн тэнэх юм аа. Ийшээ яах гэж буцаж ирсэн юм бэ? Аягүй бол түүхэн роман ч юмуу нэг тийм юм бичиж байгаа байх. Тийм биз?
Хариуд нь Коллинз учир битүүлэг инээмсэглэл нүүрэнд тодрууллаа.
-За за, би явахгүй бол горигүй нь гэж Лиик хэлээд ам мэдэн эвшээлгэв. – Унтах ч завгүй ажиллаж байна даа. Чулууны газар ч илүү амар байж дээ.
Ингэж хэлээд Лиик эвшээлгэхээр амаа ангайлгасан чигтээ алга болж орхив.
Гадаа бороо орсон хэвээр, дээврээс ч дусаал дуссан хэвээр. Агааржуулалтын хоолойноос хэний ч юм бэ тухтай хурхирах дуу сонсогдоно. Коллинз өөрийнхөө төхөөрөмжтэй ганцаар үлджээ. Гэхдээ орь ганцаар биш шалаар нэг хөглөрсөн жижиг дэвсгэртээр авсан мянган доллар нь бас байлаа. Мань эр Хаягдал боловсруулагчаа сэтгэл хангалуун байдлаар зөөлөн цохиж үзлээ. Сая яриад байсан А зэрэглэлийнхэн ч гайгүй юм сэдсэн байна шүү. Хүслээ хэлээд л товчлуур дарчихад л гүйцээ. Жинхэнэ эзэн нь төхөөрөмжөө санах нь аргагүй л дээ.
Улаан царайтай эр өөр аргаар төхөөрөмжөө эргүүлж авах гэнэ гэж Лиик хэлсэн. Ямар арга хэрэглэх юм бол доо?
Аан лүд гэж, ер нь ямар ялгаа байна аа? Ингэж бодоод Коллинз исгэрсэн шигээ хөглөрсөн мөнгөө түүж эхэллээ. Энэ төхөөрөмж байсан цагт тийм ч амар буугаад өгчихгүй шүү.
Ингээд дараагийн хэдэн өдрийн дотор Коллинзын амьдралд эрс өөрчлөлтүүд гарлаа. «Поуха Минайл» компаний ачигч нарын тусламжтайгаар Хаягдал боловсруулагчаа хойд нутаг руу зөөгөөд авчруулчихав. Тэгээд тэндээ, Аднрондакийн уулсын дундаас хүн амьтангүй зэлүүд хэсэгт нь байрлах нэг их том биш уул худалдан авав. Ингээд эрхийнхээ бичгийг халааслан аваад их замаас нэлээд хэдэн бээрийн зайтай байх эдлэн газартаа хөл тавьлаа. Хоёр ачигч эр хар хөлсөө урсган Хаягдал боловсруулагчийг нь өргөн араас нь алхах зуураа, мод бутан дундуур гарах тоолондоо хэдхэн хараалын үгийг маань адил давтана.
-За за, наадахаа энд тавьчихаад арилж үз гэж Коллинз тушаав. Ер нь энэ хэдэн өдрийн дотор Коллинзын өөртөө итгэх итгэл нь огцом нэмэгдсэн нь энэ.
Ачигч нар ядарсан байртай санаа алдаад уусан алга болцгоов. Коллинз эргэн тойрноо ширтэв. Эргэн тойронд нь хараа хүрэх газар болгонд нь нарс, хусан ой. Агаар нь чийглэг анхилуун. Шувуудын хөгжилтэй шулагнах дуу хадна. Хаа нэг хэрэм мөчир дамжин дүүлж харагдана.
Байгаль аа гэж. Коллинз байгальд үргэлж хайртай явсан хүн. Усан сан, теннисны талбай, бас дэргэдээ жижигхэн нисэх буудал дагалдсан асар том бөгөөд уужуу байшин барихад хамгийн тохиромжтой газар мөнөөс мөн.
-Би байртай болмоор байна гэж Коллинз итгэл төгс өнгөөр чанга хэлээд улаан товчлуурыг дарав.
Хавчаар шилтэй, тун ч донжтой саарал өнгийн костюмтэй хүн гараад ирэв.
-Тэгэлгүй яах вэ, эрхэм ээ гэж хэлэх зуураа эцэс төгөсгөлгүй үргэлжлэх ойн модыг хялайн хараад авлаа. –Гэхдээ та яг юу хүсээд байгаагаа илүүтэй дэлгэрэнгүй тайлбарлавал сайн байна. Бунгало, ранчо, зуслангийн байшин, ордон, харш гэх мэт сонгомол шийдэлтэй зүйл хэрэгтэй юу? Эсвэл урц, өвсөн овоохой гэх мэт эгэл зүйл хүсч байна уу? Та А зэрэглэлийнх юм чинь хэсэгчилсэн нүүрэн талтай ч байшин ч юм уу, Эсэргүүцэл багатай орон зайны маягаар хийсэн оромж ч юмуу, эсвэл бүр Бичил агуу хэлбэртэй ордон гэх мэтийн супер орчин үеийн байгууламж захиалж болно шүү дээ.
-Юу юу гэнэ ээ гэж Коллинз дахин асуув. –Ёстой мэдэхгүй юм байна. Таныхаар бол юу ч зүгээр вэ?
Нөгөө хүн эгшин төдий ч эргэлзэлгүйгээр :
-Нэг их том биш зуслангийн хаус гэж шууд хэллээ. –Цаадуул чинь гол төлөв дандаа л ийм байшингаас эхэлдэг юм.
-Үгүй байлгүй дээ.
-Нээрээ. Тэгэж байгаад дараа нь илүү урин дулаан уур амьсгалтай нутаг руу шилжиж, тэндээ ордон бариулдаг юм.
Коллинз ахиад нэг юмны талаар асуух гэснээ больчихов. Ёстой л нэг санааны зоргоор юм болж байна даа. Хөөрхий амьтад мань хүнийг Хаягдал боловсруулагчийн жинхэнэ эзэн, А зэрэглэлд багтдаг хүн гэж бодоод байна. Сайн л биз. Бодлыг өөрчлөх шаардлага алга.
-За тэгвэл бүгдийг ном журмынх нь дагуу сайн хийнэ шүү гэж Коллинз хэлэв.
Нөгөө хүн:
-Тэгэлгүй яах вэ эрхэм ээ гэж хариуллаа.- Тэр бол миний үүрэг шүү дээ.
Ингээд Коллинз мөстэй ундаа ууж, эвхэдэг орон дээр тухласан шигээ «Максиме олф» барилгын конторынхон хэрхэн шаардлагатай эд материалаа үүсгэн байшин барьж байгааг харж хэвтсээр өдрийг дуусгалаа.
Хорин өрөөтэй уртаа гэгч нь лагс барилга баригдаад дууссан ч хүч чадлаа мэдэрсэн Коллинзын хувьд бол арай дэндүү даруухан юм бариулчихав уу гэж санагдана. Дегмагийн алдартай Мига гэгчийн төслөөр хамгийн чанартай эд материал ашиглан барьж, дотоод заслыг нь Тоуиж гүйцэтгэжээ. Гаднаа мулын усан сан, Виерины загварын дагуу хийсэн англи маягийн цэцэрлэгтэй гэж байгаа.
Үдэш болоход барилгын ажил дуусч, цөөн хүнтэй барилгын бригдынхан багаж зэмсгээ хурааж аваад ууршин алга боллоо.
Коллинз гуай хувийн тогоочдоо хөнгөхөн шиг оройн зоог хийх тушаал буулгачихаад навчин тамхи баагиулсаар томоо гэгч нь зочдынхоо өрөөнд сүүлийн хэдэн өдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар эргэцүүлэн сууж байв. Хаягдал боловсруулагч нь чихнээ сонсголонтой дүнгэнэсэн шигээ өмнө нь торойно.
Ингээд юуны өмнө Коллинз гуай болж өнгөрсөн зүйлсийг ид шид гэх мэтийн ер бусын зүйл гэсэн бодлыг шууд арчин хаялаа. Бурхан мурхан гэх мэт зүйлс энд ямар ч хамаагүй нь ойлгомжтой. Эгэл хүмүүсийн адил хараал, ерөөл урсгасан байдаг л нэг жирийн хүмүүс байрыг нь барьж өгсөн юм чинь. Тэгэхээр Хаягдал боловсруулагч нь тун ч их ухаан зарж хийсэн шинжлэх ухааны бүтээл гэсэн үг. Яаж ажилладагийг нь мань хүн мэдэхгүй, мэдэх шаардлага ч алга.
Хаягдал боловсруулагч нь харь гарагийн бүтээл юм болов уу? Арай л биш юм. Харь гарагийнхан мань хүнд үйлчлэх гээд англи хэл сураад явах нь юу л бол.
Тэгэхээр Хаягдал боловсруулагч нь ирээдүйгээс ирсэн болж таарлаа. Гол нь яаж ирсэн юм бол?
Коллинз навчин тамхиа баагиулсаар буйдан дээрээ налайлаа. Ер нь яаж ирсэн нь ямар хамаа байна гэж мань эр өөртөө хэлэв. Зүгээр л өнгөрсөн үе рүү унаад өгсөн байж яагаад болохгүй гэж. Тэртээ тэргүй өөрөө оргүй хоосноос юу ч хамаагүй бүтээж чаддаг эд шүү дээ.
Тэр ирээдүй ч ёстой нэг гайхамшигтай цаг үе байж таараа Коллинз бодно. Хүсэл биелүүлэгч төхөөрөмж бүтээчихсэн байна шүү дээ. Соёл иргэншил ч ёстой нэг туйлдаа хүртэл хөгжсөн байж таараа. Мөрөөдлөө хэлээд л гүйцээ. Май ав. Гайхамшигтай. Аягүй бол яваандаа улаан товчлуургүй төхөөрөмж гарч ирэх биз. Тэгвэл хуруугаа ч хөдөлгөлгүйгээр бүгдийг хийдэг болно доо.
Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй шүү. Төхөөрөмжний жинхэнэ эзэн, А зэрэглэлд багтдаг хүмүүс гэж бодитоор оршин байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэд нар төхөөрөмжийг нь булаах гэж оролдох нь гарцаагүй. Удам дамжсан дурсгалт зүйл нь байсан байж ч болох шүү дээ. Тэгвэл ч ...
Мань эр нүднийхээ булангаар үл мэдэг хөдөлгөөнийг мэдрэв. Хаягдал боловсруулагч нь салхинд сэрчигнэх хуурай навч шиг дэржигнэн чичигнэж байх нь тэр.
Коллинз царайгаа бараалган, хөмсөө зангидсаар төхөөрөмжид ойртов. Хаягдал боловсруулагч нь үл мэдэг утаа мананд бүрхэгдчихэжээ. Хэт халаад байгаа юм шиг байна.
Хэт их ачаалал өгчихсөн юм биш байгаа? Хүйтэн ус асгаад үзвэл яах бол?
Тэгтэл Хаягдал боловсруулагчийнх нь овор хэмжээ нь илэрхий багасчихсан байгааг анзаарлаа. Хаягдал боловсруулагчийн хэмжээ нь 60 см орчим болоод багасчихсан төдийгүй үргэлжлүүлэн багасч байв.
Юу болоод байна? Жинхэнэ эзэн нь юм болов уу? Эсвэл нөгөө А зэрэглэлийнх нь хүмүүс юм болов уу? Нөгөө Лиикийн яриад байсан бичил трансформац гэгч нь болж байгаа юм байна л даа. Яг одоо яаралтай арга хэмжээ авахгүй л юм бол Хүсэл биелүүлэгч төхөөрөмж нь тун удахгүй үзэгдэхээ байгаад алга болно гэдгийг Коллинз ойлгов.
Коллинз:
--«Лиик» хамгаалалтын алба гэж орилоод товчлуурыг дарав. Төхөөрөмж нэлээд халчихаж.
Урт оймс, спортын цамц, цохиур барьчихсан Лиик өрөөний буланд гараа ирэв.
-Арай гэж нэг тоглох гэхээр л ...
Коллинз Хаягдал боловсруулагч руу заагаад
-Нэг юм хийгээдэх гэж хашхирав. Төхөөрөмж багассаар 30 см орчим хэмжээтэй болж, улайсчихсан байв.
-Би бол яаж ч чадахгүй юм байна гэж Лиик хэлснээ, –Надад зөвхөн цаг хугацааны хана байгуулах зөвшөөрөл байдаг. Та бичил хяналт руу хандах хэрэгтэй гэчихээд цохиураараа дохичиод алга болоод өгөв.
-Бичил хяналт гэж Коллинз хоолой мэдэн орилоод улаан товчлуур руу гараа явууллаа. Гэвч тэр даруй гараа угз татав. Хаягдал боловсруулагчийн хэмжээ нь төө хэртэй болж багасчихаж. Өнгө нь хүрэн улаан болж, бүхлээрээ гэрэлтэж байв. Улаан товчлуур нь чүдэнзний толгойны дайтай болж багасаад, ялгаж харахад ч бэрх болчихсон байх нь тэр.
Тэр даруйд Коллинз эргээд дэр шүүрэн авснаа төхөөрөмж дээрээс дарж байгаад товчлуурыг олж дарлаа.
Тэмдэглэлийн дэвтэр, түүндээ шургуулсан харандаатай, эвэрлэг хүрээтэй нүдний шилтэй бүсгүй гараад ирэв. Бүсгүй юу ч болоогүй мэт тайван өнгөөр:
-Та яг хэнтэй уулзмаар байна гэж асуух нь тэр.
Хаягдал боловсруулагч нэртэй нандин эрдэнэ нь улам бүр багасч байгааг айдас тодорсон нүдээрээ ширтсэн Коллинз:
-Надад бушуухан туслаач ээ гэж хоолой мэдэн ориллоо.
Бүсгүй хариуд нь харандааныхаа бөгсийг хазангаа
-Ноён Вергон үүдийн хоолондоо орж байгаа болохоор байхгүй байгаа гэж бодлогошрон өгүүллээ. – Дуудлага авахгүй гээд зарлачихсан байдаг. Тэгэхээр цаадахыг чинь дуудаж чадахгүй нь дээ.
-Тэгвэл хэнийг дуудаж чадах юм бэ?
Бүсгүй тэмдэглэлийнхээ дэвтрийг шагайв.
-За байз, ноён Вис яг одоо Давхардсан өнгөрсөн үед яваа. Ноён Илгис болохоор Палеолитийн үеийн Европт цайз босгоод завгүй. Тэгэхээр та үнэхээр яарч байгаа бол Транзит хяналт руу хандсан нь дээр юм байна. Жижигхэн компани л даа. Гэхдээ яахав...
-За за арилж үз. Транзит хяналт гэж Коллинз хэлээд анхаарлаа Хаягдал боловсруулагч дээрээ төвлөрүүлж байгаад уугиад эхэлчихсэн дэрээрээ дарлаа. Хаягдал боловсруулагч нь 3-4 см хүрэхтэй үгүйтэй жижигхэн болчихоод байсан болохоор дэрний цаанаас бараг харагдахгүй шахуу болсон товчлуурыг олж дарж чадахгүй нь гэдгээ ойлгов.
Ер нь энэ хаягдал боловсруулагчтай ингэж зууралдах хэрэг байна уу гэсэн бодол мань эрийн толгойд гялсхийн орж ирлээ. Одоо болсон юм бишүү. Байшин, газраа зарвал хөөрхөн мөнгөтэй болчихно шүү дээ.
Үгүй ээ. Үнэхээр хэрэгтэй зүйлээ хүсч амжаагүй байгаа. Тэгэхээр тэр зүйлээ хүсэх боломжийг зүгээр нэг тавиад өгчихгүй шүү.
Хаягдал боловсруулагчийн гэрэл нь нүдийг нь гялбуулж байсан ч Коллинз нүдээ жартайлгахгүй байхыг хичээн мод шиг хөшсөн долоовор хуруугаараа цайвар болтлоо улайссан товчлуурыг дарж орхив.
Үрчийж өнгийсөн хувцастай туранхай өвгөн гараад ирэв. Элдэв янзаар чимэж будсан Улаан өндөгний баярын өндөгтэй төстэй зүйл барьчихаж. Өндөг шиг зүйл нь хоёр хуваагдан задрахад дотроос нь улбар шар өнгөтэй утаа дуу татуулан гараад ирсэнд нь Хаягдал боловсруулагч нь утааг тэр даруй сорон авлаа. Үүнийх нь дараа өтгөн утаа май дээш цацрахад Коллинз золтой л хахаах үхчихээгүй ч Хаягдл боловсруулагч нь эргээд хэвийн овор хэмжээтэй болж эхэллээ. Тун удалгүй Хаягдал боловсруулагч нь огт багасч байгаагүй аятай хэвийн хэмжээндээ хүрчихсэн байв.
Өвгөн толгой дохиод:
-Бид хуучны аргаар ажилладаг ч чанартай хийдэг юм шүү гэчихээд ахин нэг толгой дохичихоод алга болоод өгөв.
Тэр мөчид Коллинзод нэг хүний уурлан уулга алдах дууг сонсох шиг боллоо.
Ядарч туйлдсан Коллинз төхөөрөмжийнхөө өмнө сөхрөн суув. Түлэгдсэн хуруу нь хорсон таталдах аж.
Мань эр:
-Намайг эмчлээрэй хөө гэж хатсан уруулаа арайхийн эвлүүлж хэлээд эрүүл гараараа товчлуурыг дарав.
Хаягдал боловсруулагч нь бүр хүчтэй дүнгэнэж байснаа удалгүй бүр таг болчихлоо. Хуруу нь ч өвдөхөө байв. Коллинз хуруугаа харвал өчүүхэн жижиг сорви ч үлдэлгүй эдгэчихэж.
Коллинз шарзнаасаа сайн гэгч нь татаж аваад орон дээрээ унаад өгөв. Шөнө аймаар том А үсгэнд хөөгдөж байна гэж хар дарсан боловч сэрснийхээ дараа зүүдээ мартаж орхилоо.
Долоо хоногийн дараа ойд байшин барьсан нь тун ч бодлогогүй алхам байсныг Коллинз ойлголоо. Хийх юмаа олж ядсан тэнүүлчдээс болж бүхэл бүтэн салаа цэрэг хөлсөлж авахаас өөр аргагүй болсны дээр ойд нь ан хийх гэсэн анчид заавал англи маягийн цэцэрлэгт хүрээлэнд нь буух гээд үйлийг нь үзнэ.
Ядаж байхад нь Төрийн татварын албаныхан ашиг орлогыг нь илэрхий сонирхоод эхэллээ.
Гэхдээ хамгийн гол нь гэвэл Коллинз байгальд тийм ч их хайртай биш юм байна гэдгээ олж мэдсэн байлаа. Шувуу мувуу, хэрэм зэрмийг харсан шигээ суух сайхан ч гэлээ тэд нартай юм ярих боломжгүй. Моддыг ширтээд суух зүгээр ч гэлээ аяга тагш юм хуваагаад уучихаж болохгүй.
Ингээд сэтгэлийнхээ гүнд өөрийгөө жинхэнэ хотын хүн юм байна гэж Коллинз бодлоо. Тиймээс «Поуха минайл» компаний ачигч, «Максиме олф» компаний барилгачид, Агшин зуурын аяллын «Ягтон» нэртэй товчоо болон хэрэгтэй хүмүүст атгуулсан ахиухан мөнгөний тусламжтайгаар Коллинз нь Төв Америк орчмын жижигхэн улсын иргэн болчихлоо. Энэ улсынх нь цаг агаар нь илүү урин дулаан, ашиг орлогын татвар гээч зүйл огт үгүй тул мань эр морьны жүчээ, зарц, засварчид, харуул, хөгжимчид, балетийн бүжигчид, тогос гэх мэтийн элдэв зүйлээр өвч бүрэн тоноглогдсон баярхуу тансаг ордон бариулаад авав. Тэгээд шинэ байртайгаа бүрэн танилцах гэж бүхэл бүтэн хоёр долоо хоног зарцуулав.
Тэгээд нэг хэсэгтээ л санаа амар амьдарлаа.
Ингээд нэг өглөө спорт загварын машин, эсвэл сайн үүлдрийн азарга адуу хоёрын алийг нь хүсдэг юм билээ гэж бодсон шигээ Хайгдал боловсруулагч руугаа дөхлөө. Саарал өнгөтэй төхөөрөмж рүүгээ тонгойн улаан товчлуур руу нь гараа явуултал...
Явуултал нөгөөх нь гэнэт огил үсрэн бултах нь тэр.
Тэрхэн эгшинд мань Коллинз өөрийгөө хий юм хардаг болж байгаа юм байна гэж санаад өглөөний хоолны өмнө оргилуун дарс уудгаа болих тухай бодоод амжив. Тэгээд урагш нэг алхан улаан товчлуурыг дарахаар ахиад л гараа сарвайлаа. Гэтэл Хаягдал боловсруулагч нь хэзээ язааны аятай аятайхан бултаж зайлчихаад өрөөнөөс хар гүйхээрээ гарчихдаг байгаа.
Коллинз ч мөчөөгөө өгсөнгүй дотроо жинхэнэ эзнийг нь А зэрэглэлийнхэнтэй нь хамт хараан зүхсээр араас нь жирийлгэлээ. Нөгөө Лиикийн яриад байсан амь оруулах гээч нь болж таарлаа. Тэгэхээр жинхэн эзэн нь нэг арга хэрэглээд төхөөрөмжинд амь оруулчихаж. Ямар арга гэдгийг нь бодох сөхөө байсангүй. Төхөөрөмжөө аль болох хурдан гүйцэж очоод улаан товчлуурыг нь дарж Амь оруулалтыг хянах албаны залуусыг дуудах хэрэгтэй.
Ингээд Хаягдал боловсруулагч нь өрөөг нэвтлэн харайлгаж Коллинз араас нь таваргалаа. Өрөөнийх нь хаалгын цэвэр алтаар цутгасан бариулыг арчиж зогссон туслах бойдоо нь мань хоёрыг хараад амаа ангайлган гацчихлаа.
-Наадахаа зогсоогооч гэж Коллинз ориллоо.
Туслах бойдаа нь Хаягдал боловсруулагчийг замыг нь хаах гэж байгаа бололтой урагш нэг алхахчаан болов. Харин төхөөрөмж нь тун ч эвсэлтэйгээр бултан бойдоо тойрч гараад гол үүд рүү харайлгах нь тэр.
Энэ зуур Коллинз нь үүд хаагчийг амжиж дарвал үүд нь ч тасхийтэл хаагдлаа.
Хариин Хаягдал боловсруулагч нь зогосохын оронд улам ч хурд аваад хаалттай үүдийг нэвт цохиод гарах нь тэр. Гадаа гарсан даруйдаа усалгааны уян хоолойнд бүдэрсэн болов ч тэр даруй тэнцвэрээ олж аваад гадагш гарахаар хашаан дундуур харайлгалаа.
Коллинз ч араас нь тэнхээ мэдэн давхиж байлаа. Нэг ойртоод авдаг юм бол....
Тэгтэл Хаягдал цэвэрлэгч нь гэнэт дээшээ огил харайн үсрэв. Тэгснээ хэдэн секунд агаарт тогтож байгаад уначихав. Коллинз ч улаан товчлуур руу зүтгэв. Хаягдал боловсруулагч ээлжит удаагаа бултчихаад хурдаа авч байгаад ахин үсрэв. Агаарт 6 метр орчим өндөрт гараад хэсэг тогтоод авав. Дараа ахин чанх дээшээ бүр ч өндөрт гарснаа гэнэт зогтусаад галзуурсан мэт эргэлдэнгээ уначихав.
Энэ бүхнийг харсан Коллинзын дотор нь палхийлээ. Гурав дахь удаа үсэрвэл Хаягдал боловсруулагч нь эргэж ирэхээргүй өндөрт гараад алга болоод өгөх вий гэж айсан нь тэр. Тийм болохоор Хаягдал боловсруулагчийг газардахь үед Коллинз бүрэн бэлтгэлтэй хүлээж байлаа. Мань худлаа дохиж мэхлэнгүүтээс самбаачлан улаан товчлуурыг дарж чадлаа. Мэхэнд нь орсон Хаягдал боловсруулагч бултаж амжсангүй.
Тэгээд Коллинз:
-Амь оролтыг хянах алба? гэж бах нь ханасан байртай чанга дуугаар захиалгаа өглөө.
Юм тэсэрч байгаа мэт сулавтар чимээ гартал Хаягдал боловсруулагч нь дуулгавартай нь аргагүй хөшчихэв. Амь оролт нь сураггүй.
Коллинз духныхаа хөлсийг шударчихаад төхөөрөмжин дээрээ тухлан суулаа. Дайснууд ч улам л ойртоод байна даа. Боломж байгаа дээр нь бүр ч илүү сүртэй, гайхалтай зүйл захиалаад авах нь л хамгийн зөв.
Ингээд таван сая доллар, өвч тоноглогдсон нефтийн цооног гурвыг, кино студи нэгийг, хэзээ ч өвдөхгүй төгс эрүүл мэнд, бүжигчин хүүхэн хориын тавыг, үхэлгүй мөнхийн амьдрал, спорт загварын машин, сайн үүлдрийн азарга адуу зэргийг ар араас нь дагуулан нүд ирмэхийн зуур захиалаад авдаа.
Тэр агшинд хаа нэгтээ хүн жогтой инээх чимээ гарах шиг боллоо. Мань хүн эргэн тойрноо анхааралтай ажиглав. Хэн ч алга.
Тэгээд эргээд хартал Хаягдал боловсруулагч нь алга болчихсон байх нь тэр. Коллинз нүдээ байдгаар нь бүлтийлгэн хайлаа. Гэвч дараагийн агшинд өөрөө алга болж орхилоо.
Сэхээ ороод нүдээ нээтэл хэдийний танил болсон улаан царайтай эр нэг ширээний өмнө суучихсан, өөрөө өмнө нь зогсож байгааг олж харав. Гэхдээ нөгөө эрийн царайнд уурлаж, уцаарласан зүйл харагдсангүй. Харин ч нэг тийм тайвширсан, эсвэл бүр залхаад уйдсан гэмээр төрхтэй болчихож.
Жинхэнэ эзэн, А зэрэглэлийнхэн нь мань хүнийг эцсийн эцэст барьчихлаа даа. Сайхан зүйл нь ингээд нэг мөр дуусч байгаад Коллинз харамсан минут хэртэй дуугүй зогсов. Гэхдээ сайхан л байсан юм чинь яадаг юм.
-За тэгээд гэсээр Коллинз ам нээлээ. –Та нар төхөөрөмжөө буцаагаад авчихлаа. Одоо надаар яах гээд байгаа юм бэ?
Улаан царайт эр гайхсан байртай өөдөөс нь ширтэнгээ:
-Төхөөрөмжөө гэнэ ээ? Эрхэм ээ, энэ чинь миний төхөөрөмж биш шүү дээ гэж хэлэх нь тэр. –Огтхон ч биш.
Коллинз мэл гайхан өөдөөс нь ширтэв.
-Намайг мэхлэх гэсний хэрэггүй шүү, ноёнтон гуай. Та бол А зэрэглэлийнх, тийм ч болохоороо энэ төхөөрөмжөө дангаар эзэмших гээд байгаа биз дээ?
Үүний дараа улаан царайт эр үзэж суусан цаасаа хойш тавив. Тэгээд:
-Ноён Коллинз, намайг Флайн гэдэг юм. Би бол иргэдийг хамгаалах холбооны төлөөлөгч гэж хатуухан хэлэв.- Манайх бол ямар нэгэн арилжааны ашиг хонжоо хөөдөггүй байгууллага юм. Тантай адил хүмүүсийн амьдралынх нь замд тулгарч болзошгүй төөрөгдлөөс хамгаалах гэсэн цорын ганцхан зорилготой.
-Та янз нь өөрийгөө А зэрэглэлд багтдаггүй гэж хэлэх гээд байн аа даа, тийм үү?
-Эрхэмээ та тун ч гүн төөрөгдөлд автсан байна гэж Флайн тайван бөгөөд ихэмсэг аясаар хариулав.-А зэрэглэл гэдэг чинь таны бодоод байгаа шиг нийгэм олон нийтийн зэрэг дэв огт биш юм. Энэ бол зүгээр л зээлийн нэг хэлбэр төдий зүйл юм.
-Юуны хэлбэрээ гэнэ ээ гэж Коллинз гайхан асуув.
-Зээлийн хэлбэр ээ гэчихээд Флайн цагаа харав.-Цаг бага байгаа болохоор би товчхон тайлбарлая. Бид болохоор анти төвлөрөлтийн эрин зуун амьдардаг хүмүүс юм. Манай үйлдвэрлэл, худалдаа, засаг захиргааны байгууллагууд нь хоороондоо орон зай болон цаг хугацааны нэлээд алслагдаж тусгаарлагдсан байдаг юм. Харин “Хаягдал боловсруулагч” гэдэг хувьцаат нийгэмлэг нь энэ бүхнийг хооронд нь холбох маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Өөрөөр хэлбэл энэ байгууллага нь соёл иргэншлийн бий болгосон бүтээгдэхүүнүүдийг нэг газраас нөгөө газар руу шилжүүлэн хөдөлгөх гэх мэтийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. Одоо ойлгомжтой юу?\
Коллинз толгой дохилоо.
-Төлбөрийн зээлийг мэдээж хэрэг шууд олгоно. Харин олгогдсон зээлийг эрт ороогүй заавал эргүүлэн төлж дуусгах ёстой.
Нэг л биш болоод явчихлаа. Заавал төлж дуусгах ёстой гэнэ үү? Ямар ч байсан мань хүний бодоод явсан шиг тийм ч өндөр иргэншсэн нийгэм биш бололтой дог шүү. Төлбөрийн талаар ганц удаа ган хийгээгүй шүү дээ. Юу болчихоод гэнэт одоо яриад унав аа?
Коллинз гайхаш алдарсан дуугаар:
-Тэгвэл яагаад хэн ч намайг зогс, боль гэж хэлээгүй юм бэ? гэлээ. –Цаад хүмүүс чинь намайг төлбөрийг чадваргүй гэдгийг мэдэж байх ёстой биз дээ?
Флайн толгой сэгсэрлээ.
-Төлбөрийн чадварыг хуулиар тогтоодоггүй юм. Иргэншсэн нийгэмд нь хүн болгонд өөрөө бие даан шийдвэр гаргах эрхийг нь өгчихсөн байдаг. Тэгэхээр төлбөрийн чадвар гэдэг зуун хувь тухайн хүний сайн дурын хэрэг. Эрхэм ээ, надад тун харамсалтай байна гэж хэлснээ Флайн цагаа ахин нэг хараад нөгөө үзээд байсан цаасаа сарвайлаа.-Та энэ тооцоотой танилцаад, үнэн зөв эсэхийг магдална уу.
Коллинз цаасыг анхааралтай уншлаа.
-Бүрэн тоноглолтой ордон - 450000000 төлбөрийн нэгж.
“Поуха минайл” болон “Максимо олф” компаний ажилчид, ачигчдын хөлс нийлээд – 111000 төлбөрийн нэгж
122 бүжигчин хүүхнүүд – 122000000 төлбөрийн нэгж.
Хэзээ ч өвдөхгүй, өөгүй төгс эрүүл мэнд- 888234031 төлбрийн нэгж.
Гэсээр Коллинз бүгдийг нь гүйлгэн уншиж дуусав. Нийлбэр дүн нь 18 биллион төлбөрийн нэгжээс үл мэдэг давж гарч байх юм.
-Энэ чинь одоо юу болоод байна вэ? гэж Коллинз уулга алдлаа.-Надаас ийм их мөнгө нэхэх эрх та нарт байхгүй. Танай тэр Хаягдал боловсруулагч чинь хаанаас ч юм бэ бүү мэд өөрөө алдаа гаргаад унаад ирсэн шүү дээ.
-Би яг наад байдалд чинь таныг анхаарлыг хандуулмаар байна гэж Флайн хэлэв.- Юмыг яаж мэдэх вэ? Цаашдаа цаадуул чинь илүү болгоомжтой байх ч юм билүү. Ямар ч байсан хичээнэ. Үүнээс илүү дордоно гэж л лав байхгүй дэг.
Коллинз нүд нь манантан бүрэлзээд эхлэв. Флайны царай ч уусан болж эхэллээ.
-За, цаг дууслаа гэж Флайн хэлэв.-Танд амжилт хүсье.
Коллинз нүдээ анив.
Эргээд нүдээ нээхэд нь огцом өндөр хадан хясаа бүхий уулсаар битүү бүслэгдсэн уйдаж үхэм төрхтэй хөндий өмнө налайж байх нь тэр. Тэнгэрийн өнгө зэвхий саарал бөгөөд чөмөг царцаам салхи үлээх тоолондоо царайг нь хайр найргүй алгадана.
Хаанаас ч юм бүү мэд гараад ирсэн ноорхой хувцастай хүн дэргэд зогсож байх юм.
Нөгөө хүн нь:
-Май гэж хэлээд Коллинзд зээтүү өгч байх юм.
-Наадах чинь юу юм бэ?
-Зээтүү гэж нөгөө хүн тэвчээртэй нь аргагүй тайлбарлав.-Харин тэнд чулуу олборлох газар бий. Хоёулаа бусадтайгаа нийлж байгаад тэндээс гантиг чулуу олборлоно доо хөө.
-Гантиг ий?
-Өөр юу байх вэ. Гантигаар ордон барих гэсэн усан хаа сайгүй байдаг юм гэж нөгөө хүн мушилзан хэлэв.-Намайг Янг гэдэг. Нэг хэсэгтээ л хоёулаа хамт ажиллана даа.
Коллинз дүйнгэтсэн харцаар Янг руу ширтээд:
-Нэг хэсэгтээ гэж хэр удаан?
-Энд сардаа таваас арван төлбөрийн нэгжийн хөлс авна. Төлбөрөө бүрэн хийж дуусах хүртэл чинь түүнийг чинь суутгаад байна гэж мэд. Тэгээд өөрөө тооцоод үзэхгүй юу.
Коллинз өөрийн эрхгүй зээтүүгээ алдчихав.
Арай ч дээ. Ийм юм байж болохгүй шүү дээ. “Хаягдал боловсруулагч” хувьцаат нийгэмлэг алдаа гаргаж байгаагаа заавал ойлгох ёстой. Тэр төхөөрөмж нь Өнгөрсөн үе рүү унаад ирсэн нь өөрсдийнх нь буруу шүү дээ. Иймхэн юмыг мэдэхгүй байна гэж байхгүй.
-Энэ чинь бүгд эндүүрэл шүү дээ гэхээс өөр үг Коллинзд олдсонгүй.
-Ямар юмных нь эндүүрэл байх вэ дээ гэж Янг үг сөрөв.- Цаадуул чинь ажлын хүчний дутагдалд орчихсон байгаа. Тэгээд л хаа таарсан газраасаа хүн олзолдог болчихсон юм. За, гаръя даа, ажилдаа. Зүгээр дээ хөө, эхний мянган жилдээ л хэцүү байдаг юм. Тэгээд яваандаа дасчихдаг юм шүү дээ.
Коллинз өөрийн мэдэлгүй Янгын даган хоёр гурав алхалснаа зогтусав.
-Юу? Эхний мянган жил ээ? Би тийм удаан амьдрахгүй шүү дээ.
-Амьдрахаар барах уу гэж Янг эсэргүүцэх боломжгүй аясаар өгүүллээ. –Чи чинь үхэшгүй мөнхий амьдрал гуйж авснаа мартчихаа юу?
-Төхөөрөмжөө яг буцаан авч байхад нь хэлсэн болохоор тооцоогүй ч юм билүү? Эсвэл бүр буцаан авсан хойноо надаас асуулгүй өгчихсөн байж болно шүү дээ.
Гэнэт Коллинзын нэг зүйлийг зурвасхийн харах шиг боллоо. Нээрээ, Флайны үзүүлсэн тооцооноы хуудсан дээр үхэшгүй мөнхий амьдрал гэсэн төлбөр огт байгаагүй юм байна шүү дээ.
-Би сая саналаа. Надаас үхэшгүй мөнхийн амьдрал гэж төлбөр огт нэхээгүй юм байна шүү дээ.
Янг мань эрийг хараад инээд алдав.
-Хөгшин минь битгий гэнэн царай гаргаад бай. Наад бөндгөрөө ажиллуулаач гэж хэлээд Янг мань эрийг араас нь ёвров.- Наад юмыг чинь л цаадуул чинь үнэгүй өгдөг илэрхий байгаа биз дээ.
Төгсөв.
Хааны хүсэл
Боб Грейнжер хоёр цагийн турш сав суулга эгнүүлсэн лангууны доор явган суусны эцэст хөл нь ирвэгнэж эхлэхийг мэдрэв. Мань эр бага зэрэг холхиж байрлалаа солих гээд хөдөлтөл гольфийн хүнд цохиур тар няр хийсээр өвдгөн дээрээс нь газар унаж орхилоо.
Жейн:
-Чшш гэж шивнэлээ. Жейн болохоор төмөр бороохойг алдахааргүй сайн атгажээ.
-Тэр муу ч орж ирэхгүй л байх даа гэж Боб хэлэв.
Жейн түнэр харанхуй руу нүд салгалгүй ширтсэн чигтээ:
-Хонгор минь, чимээгүй л дээ гэж ахиад шивнэлээ.
Хулгайч орж ирэх янз ер нь алга. Гэхдээ тэр муу хулгайч хоёр долоо хоногийн турш шөнө болгон айлчилж хөргөгч, цахилгаан үүсгүүр, агааржуулагч энэ тэрийг тун ч ер бусын байдлаар хулгайлсаар өнөөдрийг хүрсэн. Яагаад ер бусын бэ гэхээр тэр хулгайч цоож цуурга эвдэхгүй, цонхны шилийг зүсэхгүйн дээр хөлийн мөр огт үлдээдэггүй. Тэгсэн атлаа л гайхамшигтай аргаар дэлгүүрт нь нэвтрээд гарах болгондоо энэ хоёрын өмчийг гамгүй цөлмөөд байгаа.
-Бид хоёрын арга ч бүтэхгүй л байх даа гэж Боб шивнэв.-Хоёр гурван зуун фунтын жинтэй цахилгаан үүсгүүрийг үүрээд явчихаж байгаа хүн чинь яаж ч бодсон бид...
Жейн:
-Зүгээрээ, дөнгөнө гэж итгэлтэй нь аргагүй хариулав. Жейн цагтаа энэ итгэлийнхээ хүчинд эмэгтэйчүүдийн явган цэргийн моторжуулсан ангийн ахлах түрүүч цол авч байсан бүсгүй билээ.- Тэгээд ч энэ муу хулгайчаас болоод бид хоёрын хурим хойшлоод байгаа болохоор яаж ийж байгаад аргалахаас өөр аргагүй.
Боб толгой дохив. Армид алба хаахдаа цуглуулсан мөнгөөрөө Жейнис тэр хоёр төрөлх жижигхэн хотдоо дэлгүүр нээж, гайгүй мөнгөтэй болоод ирэхээрээ хуримаа хийх санаатай байсан юм. Гэтэл одоо ингээд хөргөгч, агааржуулагч энэ тэр нь алга болоод эхэлсэн болохоор...
Жейнис:
-Нэг чимээ гарах шиг боллоо гэж хэлээд бороохойгоо бүр сайн атга авав.
Дэлгүүрийн хаа нэгтээ чүү чамай сонсогдох чимээ гарч байлаа. Мань хоёр хоёул амьсгаагаа дарав. Тун удалгүй хулдаасан дээгүүр яваа хүний битүүхэн алхах чимээ гарах нь тэр.
Жейнис:
-Тэнхимийн голд хүрэхээр нь гэрлээ асаагаарай гэж шивнэв.
Ингэж байтал харанхуй танхимын голд нэг тийм хар толбо тодрохыг хоёул олж харлаа. Боб ч гэрлээ асаагаад “Бүү хөдөл!” гэж орилов.
Жейнис:
-Энэ чинь юу вэ гэж уулга алдахдаа бороохойгоо золтой л алдчихсангүй. Боб эргэж хараад тэр даруй татганан амаа ангалзуулав..
Гурван метр шахам өндөртэй аварга амьтан мань хоёрын өмнө зогсож байх нь тэр. Духан дээр нь яалт ч үгүй хоёр жижиг эвэр товойж, нуруун дээр нь хоёр жижиг далавч дэрвэж байлаа. Тэр амьтан энэтхэгт хийсэн бололтой зузаан даавуугаар хийсэн хүлхэгэр өмд, цээжин дээрээ “Чөтгөрийн хаан Иблисийн нэрэмжит политехникийн сургууль” гэсэн цусан улаан бичигтэй спорт загварын хүзүүтэй носоон цамцтай. Аймшигтай том хөлөндөө бугын арьсан нармийсан цагаан гутал өшиглөж, цайвар үсээ спорт загвараар засуулсан харагдана.
Нөгөө амьтан Боб Жейнис хоёрыг олж хараад:
-Хараал ид гэж гэж бувтнав. –Коллежид үл үзэгдэх эрдмийн хичээлд суусан нь дээр байсан гэж мэдээд байсан юм аа.
Ингэж хэлчихээд нөгөө амьтан элгээ тэвэрч байгаад хацраа төвийлгэн үлээлээ. Тэр даруй хөл нь алга болох нь тэр. Аварга амьтан хамаг хүчээрээ үргэлжлүүлэн үлээхэд гэдэс нь алга болсон ч цаашаа гацчихлаа.
-Тээр ингээд чаддаггүй юм аа гэж нөгөө амьтан гэмшсэн байртай хэлээд агаараа хүчтэй гаргав.Тэр даруй хөл, гэдэс нь буцаад гараад ирлээ. –Нэг л эв дутаад байгаа юм. Хараал ид гэж.
Жейнис метр хагас өндөртэй биеэ хамаг байдгаар нь цэхлэн айдас төрүүлмээр байдалтай зогсоод:
-Чамд юу хэрэгтэй юм гэж асуулаа.
-Юу хэрэгтэй юм бэ гэж үү? За байз юу билээ дээ. Нээрээ тийм, сэнс.
Ингэж хэлчихээд нөгөө амьтан цааш алхалж очоод их том сэрүүцүүлэгч сэнсийг шалнаас сэв хийтэл өргөв.
Боб:
-Байзаарай хөөе гэж хашгирав. Тэгээд гольфийн цохиураа далайсан чигтээ үлэмж биет рүү ойртон очив. Жейнис араас нь толгойгоо цухуйлган харна. –Чи наадахаа аваад хаа хүрэх нь вэ?
-Алериан хааныд очно гэж аварга биет хариулав. –Цаадах чинь сэрүүцүүлэгч сэнстэй болохыг үнэхээр их хүссэн юм байхгүй юу.
-Аан за за, үнэхээр их хүссэн юм уу, тийм үү гэж Жейнис заналтай хэлэв.-Одоохон наад сэнс буцааж тавь.
Жейнис бороохойгоо далайлаа.
Залуу үлэмж биет хариуд нь далавчаа тэвдсэн байртай татвагнуулан байж:
-Тэгээд би өөр яах юм бэ гэж учирлалаа. –Наадахыг чинь хаан хүссэн юм шүү дээ.
-Хохь чинь шүү гэж Жейн шүд зуун сүрдүүлэв.
Жейнис хэдий намхан нуруутай ч армид алба хааж байхдаа жийпний мотор засч байсан шөрмөслөг бүсгүй юм. Тэгээд аварга биетийг бороохойгоороо байлгаад авах нь тэр. Цайвар үс нь хэдэн тийшээ арзайн шидэгдлээ.
-Ээ гэж Жейнис уулга алдав.
Бороохой хачин амьтны толгойг цохин буцан ойхдоо бүсгүйг золтой ч унагачихсангүй. Тэр даруй Боб аварга биетийн хавиргыг хугалах санаатай цохиураараа савах нь тэр.
Гэтэл цохиур аварга биетийн нэвт гарч, буцаад ойхдоо мултраад уначихав. Үлэмж биет:
-Ферра нарт биеийн хүч үйлчилдэггүй юм аа гэж уучлалт гуйсан аясаар мэдэгдлээ.
Боб:
-Юунд гэнэ ээ? гэж лавлав.
-Ферра нарт л байхгүй юу. Бид ч бирдүүдийн цусан төрөл, эхийн талаасаа тийрэнгийн садан юм шүү дээ гэж хэлчихээд аварга биет сэнсийг лут том сарвуугаараа атгасан чигтээ тэнхимийн төвийг чиглэн явлаа. –За ингээд би ч ...
Жейнис гайхсандаа амаа ангайчихаж.
-Энэ чинь чөтгөр юм уу?
Мань Жейнисийг бага байхад аав ээж хоёр нь хий үзэгдэл, чөтгөр шулмын тухай үлгэр сонсохыг нь хориглодог байсан болохоор эрүүл саруул сэтгэлгээтэй, материалист үзэлтэй бүсгүй болж өссөн билээ. Тэрээр ямар ч төхөөрөмжийг тун чадварлаг засдаг байсан болохоор хамтарсан бизнест засварыг хариуцсан байсан юм. Засвараас илүү хачин гайхалтай юм болгоныг мань бүсгүй Бобд даатгадаг.
Берроуз, “Номин эрдэнэ хотын илбэчин” зэргийг замбараагүй уншиж хүмүүжсэн Боб харин харж байгаа зүйлдээ илүү хурдан итгэжээ.
-Та тэгвэл өөрийгөө “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ээс гарч ирсэн гэж хэлэх гээд байна уу? гэж тэрээр асуув.
Ферра:
-Хаанаас даа гэж хэлээд ярвайв.-Арабын бирдүүд чинь манай эцгийн талын хамаатнууд байхгүй. Бүх чөтгөрүүд хоорондоо төрөл садангийн холбоотой. Харин би бол феррагийн удмын ферра байхгүй юу.
-Тэгвэл цахилгаан үүсгүүр, хөргөгч, агааржуулагч танд ямар хэрэг болсныг хэлж болгооно уу гэж Боб зочноосоо эелдгээр лавлав.
-Бололгүй яахав, дуртайяа хэлье гэж Ферра хариулаад сэнсийг шалан дээр тавьлаа.
Агаар дээрээс нэг хий юм хайж гараа хөдөлгөж байснаа хайсан юм олоод, оргүй хоосон зүйл дээр тухлан суух нь тэр. Дараа нь хөлөө завилж байгаад нэг гутлынхаа үдээсийг чангалаад авав.
-Гурван долоо хоногийн өмнө би Чөтгөрийн хаан Иблисийн нэрэмжит политехникийн коллежийг дүүргэсэн юм байхгүй юу гэсээр мань ферра түүхээ хүүрнэж эхэллээ.-Тэгээд яах вэ, тэр даруй л иргэний хэрэг хариуцсан төрийн албанд орох хүсэлтээ гаргасан. Манайхан чинь эрт дээр үеэс эхлээд удмаараа төрийн албан хаагч хийсээр ирсэн түүхтэй юм аа. Тэгээд минийхтэй адил хүсэлт түм бум байсан болохоор би...
-Иргэний хэрэг хариуцсан төрийн алба ий? гэж Боб лавлав.
-Харин тийм. Бүгд л төрийн албанд зүтгэдэг. Алладины шидэт дэнлүүний бирд чинь хүртэл засгийн газрын албан тушаалтан байсан юм шүү. Тэгээд тусгай сорилт давах хэрэгтэй байдаг юм. Ямар сорилт гэхэээр...
-Тэр яах вэ гэж Боб залруулав.
-Тэгээд яасан бэ гэхээр... Та хоёр энэ тухай өөр хэнд ч хэлэхгүй гэж амлацгаа. Би арын хаалгаар ажилд орчихсон юм аа гэж хэлээд зочин улас хийхэд, хацар нь улбар шар өнгөтэй болчихов.- Тамын зөвлөлийн гишүүн хийдэг аав маань хамаг байдаг нэр нөлөөгөө ашиглаад. Тэгээд намайг эрдмийн зэрэгтэй 4000 ферраг давуулаад Хааны цомын феррагаар томилсон юм. Их нэр төртэй ажил юм шүү дээ.
Бүгд хэсэг зуур дуугүй суусны дараа ферра яриагаа үргэлжлүүлэв.
-Яг үнэнийг хэлэхэд би хангалттай бэлтгэлтэй байгаагүй юм гэж мань ферра гунигтай хэлэв.-Цомын ферра нь дэв чөтгөр судлалын бүх салбарт гаргууд байх ёстой юм. Гэтэл би дөнгөж сургууль төгссөн, төгсөх төгсөхдөө тааруухан дүнтэй төгссөн ферра байдаг. Гэхдээ мэдээж би өөрийгөө юуг л бол юуг чадна гэж бодож байсан.
Ферра хэсэг зуур дуугаа хураагаад агаар дээрх судлаа засаад авав. Тэгснээ
-За за ийм юм ярьж та хоёрыг зовоогоод яах вэ гэсээр сэхээ орж, агаар дээрээс үсрэн буугаад:-Та хоёроос дахин хүлцэл өчье...гэж хэлээд шалан дээр тавьсан сэнсийг авав.
-Байзаарай гэж Жейнис хэллээ.-Тэгвэл тэр хаан чинь яг манай сэнсийг аваад ир гэж тушаасан болж байна уу?
Ферра ахин улбар шар өнгөтэй болсноо:
-Яг ч бас биш л дээ гэв.
-Ингэхэд тэр хаан чинь баян уу? гэж Жейнис сонирхов. Жейнис ямар ч байсан одоохондоо далд ертөнцийн энэ амьтантай хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцахаар шийдсэн байлаа.
-Ер нь их баян хаан шүү.
-Тийм л юм бол авсан юмныхаа төлбөрийг яагаад хийхгүй байгаа юм бэ гэж Жейнис лавлав.-Яагаад заавал хулгайн юм авах гээд байгаа юм?
-Яахав дээ гэж ферра бувтнав.-Цаадахад чинь ийм юм худалдаж авах газар байхгүй л байхгүй юу.
“Азийн нэг ядуу улс л юм байх даа” гэж Жейнис бодоод:
-Цахилгаан барааг гадаадаас оруулж ирж болно шүү дээ. Ямар ч компани дуртайяа нийлүүлнэ дээ гэж хэлэв.
-Тэгнэ гэдэг чинь бөөн ядаргаа гэж ферра шууд хариултаас бултаад нэг гутлаараа нөгөө гутлаа оролдов. –Үл үзэгдэгч болж чаддаг ч байсан болоосой.
-Шууд л үнэнээ хэлчих гээд Боб шалав.
-Тэгэж л их мэдэхийг хүсээд байгаа юм бол Алериан хаантан та нарын хэлдгээр бол танай тооллын өмнөх хоёр мянган онд амьдардаг юм байхгүй гэж ферра дүнсийн хариуллаа.
-Тэгвэл ийшээ яаж...
-Би бүгдийг тайлбарлая. Хүлээж бай л даа гэж залуу ферра ууртай хэлээд хөлөрсөн алгаа цагаан цамцандаа арчаад авав.-Би Хааны цомын феррагийн албан тушаалтай болсон гэж түрүүн хэлсэн шүү дээ. Хааныг эрдэнийн чулуу, сайхан хүүхэн л хүсэх биз гэж бодож байсан юм. Энэ хоёрын аль нь ч байсан би түвэггүй олоод өгчихөж чадна. Гэтэл хаанд эрдэнийн чулуу хангалттай олон, сайхан хүүхнүүд яахаа ч мэдэхээ байтлаа олон байсан. Тэгээд надад юу гэж тушаасан гэж бодно? “Ферра, миний ордон зундаа их халуун. Ордныг сэрүүцүүлдэг нэг тийм юм хийгээдэх дээ” гэдэг байгаа.
Баларсан гэдгээ ч би шууд л ойлгосон. Ферра нар зөвхөн тусгай семинар дээр л цаг агаар өөрчилж сурдаг юм. Би харин гүйлтээр хичээллэхэд дэндүү их цагаа үрсэн бололтой. Тэгээд яахав байдалд орсон л доо.
Шууд л Ид шидийн их толь барьж аваад “Цаг агаар” гэсэн нийтэлийг нь уншсан. Шившлэгүүд нь надад хэтэдсэн хүнд болж таарсан. Тусламж хүсэх талаар бол бодоод ч хэрэгүй. Тусламж гуйх нь өөрийгөө ямар ч чадваргүйг харуулсан хэрэг болно. Гэхдээ би хорьдугаар зуунд цаг агаарын зохиомол зохицуулалт байдаг гэдгийг олж уншсан юм. Тэгээд нарийн жим дамжин явж ирээдүй рүү нэвтрээд танай агааржуулагчдаас нэгийг авсан хэрэг. Дараа нь болохоор хаантан хоол ундыг нь мууддаггүй болго гэхээр нь би эргэж ирээд хөргөгч авсан. Тэгээд..
Энэ бүхний техникийн талыг илүү сонирхож байсан Жейнис:
-Тэгээд чи бүгдийг нь цахилгаан үүсгүүрт холбосон уу гэж асуув.
-Тэгсэн. Шившлэгэндээ муу байж болох ч техникийг бол гадарлачихдаг л даа.
“Яалт ч үгүй үнэн яриад байна даа” гэж Боб бодов. Нээрээ л манай тооллын өмнөх 2000 онд ордонд сэрүү татуулж чаддаг хүн гэж юу байх билээ? Дэлхийн хамаг эрдэнэсийг амлаад ч агааржуулагчаас үлээх сэрүүн агаар, хоол муутгадаггүй хөргөгчийг авч чадахгүй. Гэхдээ хаанахын дэв, чөтгөр нь энэ юм бол гэсэн бодол Бобд амар заяа үзүүлэхгүй байв. Ассирийнхтай төсгүй юм. Египетийнх биш гэдэг нь ойлгомжтой.
-Юу ч ойлгосонгүй гэж Жейнис гайхав.-Өнгөрсөн үед гэсэн үү? Чи тэгээд цаг хугацааны аяллыг яриад байна уу?
Ферра:
-Яг зөв гээд жаахан хүүгийн биеэ тоосон инээмслэглэлээр инээж -Коллежид байхдаа би цаг хугацааны аяллыг тусгайлан судалж байсан юм гэв.
Боб харин энэ хооронд “Ацтекуудынх юм болов уу. Гэхдээ арай л биш юм...” гэсээр бодлоо үргэлжлүүлж байв.
-За за тэгвэл чи өөр газар ханд л даа гэж Жейнис зөвлөв. –Нийслэлийн том супермаркетаас хулгай хийж яагаад болохгүй гэж?
-Цаг хугацааны жим зөвхөн танай дэлгүүрт л хүргэдэг юм аа гэж ферра тайлбарлав.
Ферра сэнсээ ахиад авав.
-Надад нээрээ их эвгүй байна л даа. Гэхдээ би Алериан хаанд сайн алба хашиж чадахгүй бол ахиад өөр албан тушаалд сууж чадахгүй болно. Миний нэр үүрд арчигдана.
Ингэж хэлчихээд мань ферра алга болох нь тэр.
Хагас цагийн дараа Боб Жейнис хоёр хорин дөрвөн цаг ажилладаг кафений булангийн өрөөнд сууж байв. Хар кофе уунгаа, нам дуугаар ярилцаж сууна.
Материалист үзэл нь ахиад сэргэчихсэн Жейнис:
-Ганц ч үгэнд нь итгэхгүй байна гэсээр байдгаараа урлаж байв. –Чөтгөр, дэв ч гэх шиг! Ферра ч гэх шиг!
Хариуд нь Боб ядарсан байртай:
-Итгэхээс өөр аргагүй болж дээ. Чи хоёр нүдээрээ харсан шүү дээ.
-Харсан болгондоо итгэх хэрэггүй гээд Жейнис бууж өгсөнгүй. Гэвч тэр даруй алдагдсан бараа, үгүй болсон орлого, улам бүр хойшлох хуримынхаа тухай санаад.-За яая гэхэв гэлээ. -Яанаа хонгор минь хоёулаа тэгээд яах вэ?
-Ид шидтэй ид шидийн аргаар л тэмцэх хэрэгтэй гэж Боб сургамжтай үг айлдав.-Цаадах чинь маргааш шөнө эргээд ирнэ. Тэгэхэд нь харин яаж угтахаа харин ч нэг мэдчихье байз.
-Би ч бас тэгж бодож байна гэж Жейнис түүнийг дэмжив. -Винчестэр түр зээлэх газар би мэднэ.
Боб толгой сэгсэрлээ.
-Сум цаадахаас чинь ойгоод яах ч үгүй, эсвэл гэмтээхгүй нэвтэлж гараад байна. Бид хоёрт юу хэрэгтэй вэ гэхээр он цагийн шалгуур давсан ид шидийн арга хэрэгтэй. Бузрыг бузраар.
-Яг ямар ид шид юм бэ гэж Жейнис асуув.
-Баталгаатай үр дүнд хүрэхийн тулд хоёулаа байдаг бүх л ид шидийг хэрэглэнэ дээ хөө гэж Боб хариуллаа.-Цаадахыг чинь ямар гарал үүсэлтэйг нь мэддэггүй харамсалтай юм. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ид шид гэдэг чинь ...
-Ахиад кофе авах уу гэсээр хаанаас ч юм гэнэт гараад ирсэн зөөгч яриаг нь тасалж орхилоо.
Хариуд нь Боб гэмшсэн байртай өөдөөс нь ширтэж, Жейнис улайв.
-Хоёулаа эндээс явъя гэж Жейнис хэлэв. -Аягүй бол нэг нь сонсчихвол хүмүүсийн элэг доог болж, хотоос зугтах юм болж магадгүй.
Маргааш орой нь мань хоёр дэлгүүртээ уулзацгаалаа. Боб материал цуглуулан өдөржин номын санд суусан байлаа. Үүний үр дүнд хоёр талд нь хааш яаш сараачсан бичигтэй 25 хуудас цаастай болжээ.
Дэлгүүрийн төмөр эдлэлийн тасгаас домкрат чирж ирсэн Жейнис:
-Буутай байсан бол аятай байхгүй юу гэж санаа алдлаа.
23.45-д ферра гарч ирэв.
-Сайн уу гэж тэр мэнд мэдлээ. –Танай цахилгаан ил зуухнууд хаана байдаг юм бэ? Өвөл хэрэг болчихоор юм хаан хүсээд. Ил гал гаргасаар байгаад залхчихсан гэнэ. Нэвт үлээгээд байгаа юм байх аа.
-Христийн нэрээр чамайг тонил гэж байна гэсээр Боб сүрлэг ёслолоо эхлэн феррад загалмай үзүүлэв.
-Намайг өршөөгөөрэй гэж зочин нь ихэд эелдгээр хэлэв. -Ферра нар христийн шашинтай ямар ч хамааралгүй юм шүү дээ.
Жагсаалтынх нь эхэнд Мисир нутаг байсан болохоор Боб:
-Намтару ба Тиаматын нэрийн өмнөөс чамайг тониол гэж байна гэсээр үргэлжлүүлэв.-Цөлийн тэнгэр Шамашийн нэрийн өмнөөс, Телаль ба Энилилийн...
Энэ хооронд ферра:
-Энд байх шивдээ гэсэн шиг амандаа бувтнаж байв.-Би яахаараа дандаа эвгүй юманд орооцолддог юм бол? Энэ хийн биш цахилгаан загвар мөн биз дээ? Хэрэглэж байсан эд бололтойдог оо.
Боб харин Полинез нутаг руу шилжин:
-Завь бүтээгч Ратуг дуудаж байна гэсээр дуулж эхлэв.- Өвсөн хормогчны ивээгч тэнгэр Хинуг дуудаж байна...
Худалдагчийн араншин нь гэнэт хөдөлсөн Жейнис харин:
-Хэрэглэж байсан гэнэ шүү. Мөн ярив аа гэж уурлалаа. –Жилийн баталгаатай. Ямар ч үед буцааж болно.
Полинез үйлчлэхгүй байсан болохоор Боб:
-Тэнгэрийн Чоныг дуудаж байна гээд Хятад руу шилжлээ. -Шан Ди дээд тэнгэрийн үүдийг сахигч чоныг дуудаж байна. Аянгын бурхан Ли Куныг дуудаж байна...
-Байзаарай энэ чинь хэт туяаны шарах шүүгээ байна шүү гэсээр ферра юу ч болсон янзгүй үргэлжлүүлнэ.-Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Бас нээрээ ванн хэрэгтэй. Танай ваннууд чинь хаана байдаг юм бэ?
-Ваал, Буэр, Форкия, Мархоци, Астартааг дуудаж байна...
-Ваннууд чинь энд байдаг, тийм ээ? гэж ферра Жейнисээс асуухад бүсгүй өөрийн мэдэлгүй толгой дохичихов.-Хамгийн томыг нь авна аа. Хаантан ч ер нь их биерхүү хүн шүү.
-Зулайндаа эвэрт азарга, Фетид, Асмодей, Инкубыг дуудаж байна гэсээр Боб уншлагаа дуусгав.
Ферра мань хүн рүү хүндэлсэн янзтай харц чулуудлаа.
Боб харин персүүдийн цагаан тэнгэр Ормуздыг дуудаад, залгуулж аммонуудын бурхан Молох, эртний филистимлянчуудын бурхан Дагоныг ууртай нь аргагүй үргэлжлүүлэн дуудна.
-Үүнээс илүүг ч авч явж дийлэхгүй бололтой гэж ферра өөрөө өөртөйгөө ярина.
Боб Дамбалаг дуудчихаад арабын хойгийн бурхадад залбирлаа. Фессал нутгийн ид шид, Бага Азийн шившлэгийг туршиж үзэв. Тэгээд Африк, Мадагаскар, Энэтхэг, Ирланд, Малай, Скандинав ба Японы бурхадыг тулаанд оруулах гэж үзлээ.
-Үнэхээр сүртэй байна шүү гэж ферра хүлээн зөвшөөрөв.-Гэхдээ яагаад ч нэмэргүй дээ гэж хэлчихээд тэрээр ванн, шарах шүгээ, ил зуухаа үүрэв.
Хамаг тэнхээгээ барчихаад байсан Боб гайхсандаа:
-Яагаад тэр билээ гэж амьсгаадан асуув.
-Яагаад гэвэл феррудэд зөвхөн төрөлх нутгийнх нь шившлэг үйлчилдэг юм байхгүй юу. Үүнтэй яг адилаар бирдүүд нь зөвхөн Арабын хойгийн ид шидэнд захирагдана. Дээр нь чи миний нэрийг мэдэхгүй шүү дээ. Харин чамд л гэж хэлэхэд нэрийг нь мэдэхгүй байгаа чөтгөрийг хөөх гэж шивших бараг нэмэргүй байдаг юм.
Боб духан дээрх хөлсөө арчаад:
-Тэгвэл чи аль нутгийнх юм бэ? гэж асуугаад авлаа.
-Тэгэж ч гэнэдэхгүй шүү гэж ферра гүрийв.-Нутгийг минь мэдчихвэл миний эсрэг найдвартай шившлэг олчихож мэднэ. Харин надад тэгсэн тэгээгүй ажил зөндөө байна.
Жейнис:
-Чи аан гээч гэсээр ярианд оролцов. –Хаан чинь үнэхээр л тийм баян юм бол биднээс худалдаад авчихаж чадахгүй гэж үү?
-Хаан зүгээр авч болох юмны төлөө хэзээ ч мөнгө төлдөггүй гэж ферра хариулах нь тэр.-Тийм ч болохоор баян байдаг юм.
Хурим нь тодорхойгүй болсон ирээдүй рүү урсан одож байгааг ойлгосон Боб Жейнис хоёр ферра руу хилэнт харц чулуудлаа.
Ферра харин найрсгаар гараа өргөн:
-За, маргааш шөнө хүртэл баяртай гэчихээд алга болж орхив.
Ферраг алга болсны дараа Жейнис:
-Ёстой нээрээ гэж уулга алдлаа.-Одоо тэгээд яах болж байна аа? Чамд өөр мэргэн санаа байна уу?
Боб шатан дээр лаг хийн суугаад:
-Ер алга гэв.
-Ид шидийг чинь ахиад оролдоод үзэх юм уу гэж Жейнис тун үл ялиг ёжилсон аясаар лавлав.
-Тэр бүтэхгүй гэж Боб эрс татгалзлаа.-“Ферра”, “Алериан хаан” гэсэн үгсийг би ямар ч нэвтэрхий толиноос хайгаад олоогүй. Цаадах чинь энэ хавьд сураг нь ч дуулдаагүй газраас ирсэн бололтой. Аягүй бол Энэтхэгт байдаг хумсын чинээ нэг вант улсынх байгаа даа.
Жейнис ёжилсон аясаа таягдан хаяад:
-Юу гээчийн гай вэ гэж гомдоллов. –Одоо тэгээд яах юм бэ? Дараагийн удаа тоос сорогч, түүний дараа магнитофон хэрэг болох байх даа.
Ингэж хэлчихээд Жейнис нүдээ аниад бодож эхэллээ.
Боб:
-Цаадах чинь албан тушаал ахих гээд бүр үхэх нь ээ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.
Жейнис нүдээ нээгээд:
-Би нэг арга олох шиг боллоо гэв.
-Ямар арга?
-Бид хоёрын хувьд бизнес, хурим хоёр хамгийн чухал. Зөв үү?
-Зөв гэж Боб хэлэв.
-Тэгвэл ингэнэ ээ. Би шидэт шившлэгэд сайн хүн биш л дээ гэж Жейнис ханцуй шамлан дүгнэв.-Харин техникийг бол сайн мэднэ шүү. За, ажилдаа орцгооё.
Маргааш орой нь арван нэгт арван тав дутуу байхад ферра мориллоо. Зочин мааньурьдын цагаан ноосон цамцтайгаа байсан ч бугын арьсан маажгий гутлаа зөөлөн ултай шар хүрэн гутлаар сольчихсон байв.
-Хаантан энэ удаад надад аймаар яаралтай тушаал өгсөн гэж мань ферра мэдэгдэв.-Шинэ эхнэр нь барьж идэх шахаад байгаа юм байх. Яагаад гэхээр хувцас нь ганц угаагаад л сарампай болоод байгаа гэнэ. Зарц нар нь чулуу балбаж угаагаад тэр шүү дээ.
-Ойлгомжтой гэж Боб өрөвдөнгүй хэлэв.
-Нэрэлхэх юу байхав, ав л даа гэж гэж Жейнис санал болгов.
-Та хоёр аймаар эелдэг юм гэж ферра талархангуй хэллээ.-Би үүнийг чинь үнэлж чадна шүү. Нээрээ гэж хэлээд тэр угаалгын машинаа сонгож авлаа.-За, хатан хаан хүлээж байгаа.
Ферра алга болов.
Боб тамхи гарган Жейнист өгөв. Тэгээд хоёул сандал дээр тухлаад хүлээж эхлэв. Ферра хагас цагийн дараа ахиад гараад ирэх нь тэр.
-Та хоёр юу хийчихсэн юм бэ? гэж тэр асуув.
-Яасан бэ? гэж Жейнис гэмгүй царайлан лавлав.
-Угаалгын машин. Хатан хаан угаалгын машиныг асаатал өөдөөс нь өмхий утаа савсаад. Тэгээд дараа нь хачин дуу гарснаа ажиллахгүй зогсчихлоо.
Жейнис утаагаараа цагираг үлээгээд:
-Наадахыг чинь манай хэлээр бол “нууцтай машин” гэдэг юм шүү дээ гэж тайлбарлав.
-Нууц ий?
-Нууцтай, гэнэтийн бэлэгтэй. Эвдрэлтэй. Манай дэлгүүрт байгаа бусад бүх зүйлсийн адил.
-Та хоёр ингэх ёсгүй гэж ферра уулга алдлаа.-Энэ чинь шударга биш байна.
-Чи чинь гадарладаг гээ биз дээ. Тэгээд янзлаад аваач гэж Жейнис доогтой хариулав.
Ферра:
-Би худлаа онгирсон юм аа гэж хүлцэнгүй аясаар хариулав.-Уг нь бол би спортдоо илүү авьяастай байхгүй юу.
Жейнис инээмслэчихээд эвшээлгээд авав.
-Ингэх хэрэггүй л дээ гэж ферра гуйхад далавч нь сандарсан байртай чичигнэж харагдлаа.
-Тун харамсалтай байна. Гэхдээ би юугаар ч тусалж чадахгүй нь дээ гэж Боб хэлэв.
-Та хоёр намайг аймаар байдалд оруулж байна шүү гэсээр ферра үргэлжүүлэн шалж гарлаа. –Намайг одоо албан тушаал бууруулна. Тэгээд төрийн албанаас хөөнө шүү дээ.
-Тэгвэл бид хоёр ч гэсэн дампуурч болохгүй биз дээ? Зөв үү? гэж Жейнис асуув.
Боб хэсэг зуур бодолд автлаа. Тэгснээ:
-Ингэхэд байна аа, чи маш хүчтэй эсэргүүцэх ид шидтэй тулгарлаа гэж хаандаа айлтгаж болохгүй гэж үү? Тэгээд тэр бараа хэрэгтэй байгаа юм бол тамын чөтгөрүүдэд татвар төлөх хэрэгтэй болсон гээд хэлчих гэж Боб арга зааж өгөв.
-Цаадахад чинь таалагдахгүй л дээ гэж ферра эргэлзэн хэлэв.
-Гэхдээ чи оролдоод үз л дээ гэж Боб хэлэв.
Ферра:
-Оролдоод л үзье гэчихэд алга болчихов.
-Ингэхэд хэр их юм нэхэж болох бол гэсээр Жейнис хэсэг зуурын чимээгүйг эвдлээ.
-Яах вэ жижиглэнгийн стандарт үнээр л бодчихъё л доо. Бид хоёр чинь шударга худалдаа хийнэ гэж дэлгүүр нээгээ биз дээ. Хэнийг ч хавчиж боохыг хүсээгүй. Гэхдээ л цаадахыг чинь аль нутгийнх гэдгийг мэдчих юмсан.
-Хаантан ч их баян байгаа даа гэж Жейнис мөрөөдөлд автан хэлэв.-Тэгэхээр ер нь яагаад...
-Байзаарай гэж Боб уулга алдан орилов. –Болохгүй юм байна шүү дээ. Манай эриний өмнөх 2000 онд хөргөгч байна гэдэг байж болох юм гэж үү? Агааржуулагч ч ялгаагүй.
-Чи юу хэлэх гээд байна?
-Энэ чинь түүхийг тэр чигээр нь орвонгоор нь эргүүлнэ шүү дээ гээд Боб тайлбарлаж гарлаа.-Сийрэг ухаантай нэг нөхөр тэр бүхнийг харчихаад яаж ажилладагийг нь ойлгочихоно. Тэгвэл түүхийн явц бүхэлдээ өөрчлөгдөнө.
Өнөөдөртөө илүү санаа зовж явдаг Жейнис:
-Тэгээд юу гэж гэлээ.
-Юу юу гэж? Шинжлэх ухааны хөгжил өөр замаар явна. Тэгээд одоо цаг өөрчлөгдөнө.
-Чи тэгээд энэ бүхнийг боломжгүй гэж хэлэх гээд байна уу?
-Тийм.
-Би ч гэсэн түрүүнээс хойш наадахыг чинь л хэлээд байсан биз дээ гэж Жейнис ёжлов.
-За боль л доо гэж Боб гомдов.-Энэ тухай эрт бодох ёстой байсан юм. Энэ ферра аль нутгийнх байхаас үл хамаараад энэ бүхэн ирээдүйд заавал нөлөөлнө. Бид парадокс үүсгэх эрхгүй.
Жейнис:
-Яагаад гэж асуусан боловч хариу сонсож амжаагүй байхад нь ферра гараад ирэв.
-Хаан зөвшөөрч байгаагаа айлтгасан гэж тэр мэдэгдэв.-Танайхаас авсан бүхний төлөөсөнд энэ хүрэх үү гээд ферра жижиг уут сарвайлаа.
Боб уутны доторхийг асгавал хорин хэдэн том номин эрдэнэ, алмас эрдэнэ байв.
-Бид үүнийг чинь авч чадахгүй нь дээ гэж Боб мэдэгдэв.-Бид хоёр чамтай наймаа хийж чадахгүй.
Хурим нь ахиад л замхарч эхэлж байгааг харсан Жейнис:
-Битгий мухар сүсэгт автаад бай л даа гэж хашгирав.
Ферра харин:
-Ингэхэд яагаад тэр билээ гэж асуув.
-Орчин үеийн эд зүйлсийг өнгөрсөн үе рүү явуулж болохгүй гэсээр Боб тайлбарлаж эхлэв.-Явуулбал одоо үе өөрчлөгдөнө. Эсвэл дэлхий орвонгоороо эргэнэ, эсвэл бүр долоон дор юм болно.
-Чи энэ талаар санаа зовоод хэрэггүй ээ гэж ферра эвлэрэнгүй учирлав.-Яах ч үгүй. Би баталж байна.
-Юмыг яаж мэдэх вэ? Гэнэт чи Эртний Ром руу угаалгын машин зөөгөөд авааччихсан бол юу болох вэ гэхээр...
-Харамсалтай нь гэж ферра үгийг нь таслав.-Алериан хааны улсад ямар ч ирээдүй байхгүй.
-Олигтойхон тайлбарлаж чадахгүй юу?
-Үүн шиг амархан юм алга гээд ферра агаар дээр өлгөгдөн тухлав.-Гурван жилийн дараа Алериан хаан ба түүний хаант улс нь байгалийн гамшигт өртөн газрын хөрснөөс арчигдана. Нэг ч хүн амьд үлдэхгүй. Шавар аяганы хэлтэрхий ч үлдэхгүй.
Жейн эрдэнийн чулууг гэрэлд өргөж харангаа:
-Үнэхээр гайхалтай гэж дүгнэв.-Наадахыг чинь наймаа хийж байгаа дээр хоёулаа бараагаа шахсан нь дээр байхаа
Дэлгүүр нь аврагдаж, хуримаа хүсвэл маргааш ч хийж болохоор болжээ.
-Тэгвэл ч өөр хэрэг байх шүү гэж Боб хэлээд-Ингэхэд чи яах юм бэ? гэж феррагаас асуув.
-Яах вэ дээ, би энэ ажлаа тун ч муугүй хийж чадсан гэж ферра хариулав.-Удалгүй гадаад руу томилолтоор явах хүсэлт гаргана даа. Арабын ид шид маш их ирээдүйтэй болж байгаа гэж дуулсан.
Ингэж хэлээд ферра спорт загвараар зассан цайвар үсээ сэтгэл хангалуун иллээ.
-Би танайхаар орж гарч байна шүү гэчихээд ферра алга болж эхлэв.
-Хөөе байзаарай гэсээр Боб огло харайн бослоо.- Чи ямар гээч улсаас ирснээ хэлэхгүй юм уу? Алериан хаан чинь ямар улсын хаан юм бэ?
Толгойн нь харагдах төдий болчихоод байсан ферра:
-Тэр бололгүй яах вэ гэв.-Та хоёрыг мэдчихсэн юм байх л гэж бодож байсан юм. Ферра нар бол Атлантидын чөтгөрүүд байхгүй юу.
Ингэж хэлчихээд мань ферра алга болох нь тэр.
Төгсөв. Хааны хүсэл
Боб Грейнжер хоёр цагийн турш сав суулга эгнүүлсэн лангууны доор явган суусны эцэст хөл нь ирвэгнэж эхлэхийг мэдрэв. Мань эр бага зэрэг холхиж байрлалаа солих гээд хөдөлтөл гольфийн хүнд цохиур тар няр хийсээр өвдгөн дээрээс нь газар унаж орхилоо.
Жейн:
-Чшш гэж шивнэлээ. Жейн болохоор төмөр бороохойг алдахааргүй сайн атгажээ.
-Тэр муу ч орж ирэхгүй л байх даа гэж Боб хэлэв.
Жейн түнэр харанхуй руу нүд салгалгүй ширтсэн чигтээ:
-Хонгор минь, чимээгүй л дээ гэж ахиад шивнэлээ.
Хулгайч орж ирэх янз ер нь алга. Гэхдээ тэр муу хулгайч хоёр долоо хоногийн турш шөнө болгон айлчилж хөргөгч, цахилгаан үүсгүүр, агааржуулагч энэ тэрийг тун ч ер бусын байдлаар хулгайлсаар өнөөдрийг хүрсэн. Яагаад ер бусын бэ гэхээр тэр хулгайч цоож цуурга эвдэхгүй, цонхны шилийг зүсэхгүйн дээр хөлийн мөр огт үлдээдэггүй. Тэгсэн атлаа л гайхамшигтай аргаар дэлгүүрт нь нэвтрээд гарах болгондоо энэ хоёрын өмчийг гамгүй цөлмөөд байгаа.
-Бид хоёрын арга ч бүтэхгүй л байх даа гэж Боб шивнэв.-Хоёр гурван зуун фунтын жинтэй цахилгаан үүсгүүрийг үүрээд явчихаж байгаа хүн чинь яаж ч бодсон бид...
Жейн:
-Зүгээрээ, дөнгөнө гэж итгэлтэй нь аргагүй хариулав. Жейн цагтаа энэ итгэлийнхээ хүчинд эмэгтэйчүүдийн явган цэргийн моторжуулсан ангийн ахлах түрүүч цол авч байсан бүсгүй билээ.- Тэгээд ч энэ муу хулгайчаас болоод бид хоёрын хурим хойшлоод байгаа болохоор яаж ийж байгаад аргалахаас өөр аргагүй.
Боб толгой дохив. Армид алба хаахдаа цуглуулсан мөнгөөрөө Жейнис тэр хоёр төрөлх жижигхэн хотдоо дэлгүүр нээж, гайгүй мөнгөтэй болоод ирэхээрээ хуримаа хийх санаатай байсан юм. Гэтэл одоо ингээд хөргөгч, агааржуулагч энэ тэр нь алга болоод эхэлсэн болохоор...
Жейнис:
-Нэг чимээ гарах шиг боллоо гэж хэлээд бороохойгоо бүр сайн атга авав.
Дэлгүүрийн хаа нэгтээ чүү чамай сонсогдох чимээ гарч байлаа. Мань хоёр хоёул амьсгаагаа дарав. Тун удалгүй хулдаасан дээгүүр яваа хүний битүүхэн алхах чимээ гарах нь тэр.
Жейнис:
-Тэнхимийн голд хүрэхээр нь гэрлээ асаагаарай гэж шивнэв.
Ингэж байтал харанхуй танхимын голд нэг тийм хар толбо тодрохыг хоёул олж харлаа. Боб ч гэрлээ асаагаад “Бүү хөдөл!” гэж орилов.
Жейнис:
-Энэ чинь юу вэ гэж уулга алдахдаа бороохойгоо золтой л алдчихсангүй. Боб эргэж хараад тэр даруй татганан амаа ангалзуулав..
Гурван метр шахам өндөртэй аварга амьтан мань хоёрын өмнө зогсож байх нь тэр. Духан дээр нь яалт ч үгүй хоёр жижиг эвэр товойж, нуруун дээр нь хоёр жижиг далавч дэрвэж байлаа. Тэр амьтан энэтхэгт хийсэн бололтой зузаан даавуугаар хийсэн хүлхэгэр өмд, цээжин дээрээ “Чөтгөрийн хаан Иблисийн нэрэмжит политехникийн сургууль” гэсэн цусан улаан бичигтэй спорт загварын хүзүүтэй носоон цамцтай. Аймшигтай том хөлөндөө бугын арьсан нармийсан цагаан гутал өшиглөж, цайвар үсээ спорт загвараар засуулсан харагдана.
Нөгөө амьтан Боб Жейнис хоёрыг олж хараад:
-Хараал ид гэж гэж бувтнав. –Коллежид үл үзэгдэх эрдмийн хичээлд суусан нь дээр байсан гэж мэдээд байсан юм аа.
Ингэж хэлчихээд нөгөө амьтан элгээ тэвэрч байгаад хацраа төвийлгэн үлээлээ. Тэр даруй хөл нь алга болох нь тэр. Аварга амьтан хамаг хүчээрээ үргэлжлүүлэн үлээхэд гэдэс нь алга болсон ч цаашаа гацчихлаа.
-Тээр ингээд чаддаггүй юм аа гэж нөгөө амьтан гэмшсэн байртай хэлээд агаараа хүчтэй гаргав.Тэр даруй хөл, гэдэс нь буцаад гараад ирлээ. –Нэг л эв дутаад байгаа юм. Хараал ид гэж.
Жейнис метр хагас өндөртэй биеэ хамаг байдгаар нь цэхлэн айдас төрүүлмээр байдалтай зогсоод:
-Чамд юу хэрэгтэй юм гэж асуулаа.
-Юу хэрэгтэй юм бэ гэж үү? За байз юу билээ дээ. Нээрээ тийм, сэнс.
Ингэж хэлчихээд нөгөө амьтан цааш алхалж очоод их том сэрүүцүүлэгч сэнсийг шалнаас сэв хийтэл өргөв.
Боб:
-Байзаарай хөөе гэж хашгирав. Тэгээд гольфийн цохиураа далайсан чигтээ үлэмж биет рүү ойртон очив. Жейнис араас нь толгойгоо цухуйлган харна. –Чи наадахаа аваад хаа хүрэх нь вэ?
-Алериан хааныд очно гэж аварга биет хариулав. –Цаадах чинь сэрүүцүүлэгч сэнстэй болохыг үнэхээр их хүссэн юм байхгүй юу.
-Аан за за, үнэхээр их хүссэн юм уу, тийм үү гэж Жейнис заналтай хэлэв.-Одоохон наад сэнс буцааж тавь.
Жейнис бороохойгоо далайлаа.
Залуу үлэмж биет хариуд нь далавчаа тэвдсэн байртай татвагнуулан байж:
-Тэгээд би өөр яах юм бэ гэж учирлалаа. –Наадахыг чинь хаан хүссэн юм шүү дээ.
-Хохь чинь шүү гэж Жейн шүд зуун сүрдүүлэв.
Жейнис хэдий намхан нуруутай ч армид алба хааж байхдаа жийпний мотор засч байсан шөрмөслөг бүсгүй юм. Тэгээд аварга биетийг бороохойгоороо байлгаад авах нь тэр. Цайвар үс нь хэдэн тийшээ арзайн шидэгдлээ.
-Ээ гэж Жейнис уулга алдав.
Бороохой хачин амьтны толгойг цохин буцан ойхдоо бүсгүйг золтой ч унагачихсангүй. Тэр даруй Боб аварга биетийн хавиргыг хугалах санаатай цохиураараа савах нь тэр.
Гэтэл цохиур аварга биетийн нэвт гарч, буцаад ойхдоо мултраад уначихав. Үлэмж биет:
-Ферра нарт биеийн хүч үйлчилдэггүй юм аа гэж уучлалт гуйсан аясаар мэдэгдлээ.
Боб:
-Юунд гэнэ ээ? гэж лавлав.
-Ферра нарт л байхгүй юу. Бид ч бирдүүдийн цусан төрөл, эхийн талаасаа тийрэнгийн садан юм шүү дээ гэж хэлчихээд аварга биет сэнсийг лут том сарвуугаараа атгасан чигтээ тэнхимийн төвийг чиглэн явлаа. –За ингээд би ч ...
Жейнис гайхсандаа амаа ангайчихаж.
-Энэ чинь чөтгөр юм уу?
Мань Жейнисийг бага байхад аав ээж хоёр нь хий үзэгдэл, чөтгөр шулмын тухай үлгэр сонсохыг нь хориглодог байсан болохоор эрүүл саруул сэтгэлгээтэй, материалист үзэлтэй бүсгүй болж өссөн билээ. Тэрээр ямар ч төхөөрөмжийг тун чадварлаг засдаг байсан болохоор хамтарсан бизнест засварыг хариуцсан байсан юм. Засвараас илүү хачин гайхалтай юм болгоныг мань бүсгүй Бобд даатгадаг.
Берроуз, “Номин эрдэнэ хотын илбэчин” зэргийг замбараагүй уншиж хүмүүжсэн Боб харин харж байгаа зүйлдээ илүү хурдан итгэжээ.
-Та тэгвэл өөрийгөө “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ээс гарч ирсэн гэж хэлэх гээд байна уу? гэж тэрээр асуув.
Ферра:
-Хаанаас даа гэж хэлээд ярвайв.-Арабын бирдүүд чинь манай эцгийн талын хамаатнууд байхгүй. Бүх чөтгөрүүд хоорондоо төрөл садангийн холбоотой. Харин би бол феррагийн удмын ферра байхгүй юу.
-Тэгвэл цахилгаан үүсгүүр, хөргөгч, агааржуулагч танд ямар хэрэг болсныг хэлж болгооно уу гэж Боб зочноосоо эелдгээр лавлав.
-Бололгүй яахав, дуртайяа хэлье гэж Ферра хариулаад сэнсийг шалан дээр тавьлаа.
Агаар дээрээс нэг хий юм хайж гараа хөдөлгөж байснаа хайсан юм олоод, оргүй хоосон зүйл дээр тухлан суух нь тэр. Дараа нь хөлөө завилж байгаад нэг гутлынхаа үдээсийг чангалаад авав.
-Гурван долоо хоногийн өмнө би Чөтгөрийн хаан Иблисийн нэрэмжит политехникийн коллежийг дүүргэсэн юм байхгүй юу гэсээр мань ферра түүхээ хүүрнэж эхэллээ.-Тэгээд яах вэ, тэр даруй л иргэний хэрэг хариуцсан төрийн албанд орох хүсэлтээ гаргасан. Манайхан чинь эрт дээр үеэс эхлээд удмаараа төрийн албан хаагч хийсээр ирсэн түүхтэй юм аа. Тэгээд минийхтэй адил хүсэлт түм бум байсан болохоор би...
-Иргэний хэрэг хариуцсан төрийн алба ий? гэж Боб лавлав.
-Харин тийм. Бүгд л төрийн албанд зүтгэдэг. Алладины шидэт дэнлүүний бирд чинь хүртэл засгийн газрын албан тушаалтан байсан юм шүү. Тэгээд тусгай сорилт давах хэрэгтэй байдаг юм. Ямар сорилт гэхэээр...
-Тэр яах вэ гэж Боб залруулав.
-Тэгээд яасан бэ гэхээр... Та хоёр энэ тухай өөр хэнд ч хэлэхгүй гэж амлацгаа. Би арын хаалгаар ажилд орчихсон юм аа гэж хэлээд зочин улас хийхэд, хацар нь улбар шар өнгөтэй болчихов.- Тамын зөвлөлийн гишүүн хийдэг аав маань хамаг байдаг нэр нөлөөгөө ашиглаад. Тэгээд намайг эрдмийн зэрэгтэй 4000 ферраг давуулаад Хааны цомын феррагаар томилсон юм. Их нэр төртэй ажил юм шүү дээ.
Бүгд хэсэг зуур дуугүй суусны дараа ферра яриагаа үргэлжлүүлэв.
-Яг үнэнийг хэлэхэд би хангалттай бэлтгэлтэй байгаагүй юм гэж мань ферра гунигтай хэлэв.-Цомын ферра нь дэв чөтгөр судлалын бүх салбарт гаргууд байх ёстой юм. Гэтэл би дөнгөж сургууль төгссөн, төгсөх төгсөхдөө тааруухан дүнтэй төгссөн ферра байдаг. Гэхдээ мэдээж би өөрийгөө юуг л бол юуг чадна гэж бодож байсан.
Ферра хэсэг зуур дуугаа хураагаад агаар дээрх судлаа засаад авав. Тэгснээ
-За за ийм юм ярьж та хоёрыг зовоогоод яах вэ гэсээр сэхээ орж, агаар дээрээс үсрэн буугаад:-Та хоёроос дахин хүлцэл өчье...гэж хэлээд шалан дээр тавьсан сэнсийг авав.
-Байзаарай гэж Жейнис хэллээ.-Тэгвэл тэр хаан чинь яг манай сэнсийг аваад ир гэж тушаасан болж байна уу?
Ферра ахин улбар шар өнгөтэй болсноо:
-Яг ч бас биш л дээ гэв.
-Ингэхэд тэр хаан чинь баян уу? гэж Жейнис сонирхов. Жейнис ямар ч байсан одоохондоо далд ертөнцийн энэ амьтантай хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцахаар шийдсэн байлаа.
-Ер нь их баян хаан шүү.
-Тийм л юм бол авсан юмныхаа төлбөрийг яагаад хийхгүй байгаа юм бэ гэж Жейнис лавлав.-Яагаад заавал хулгайн юм авах гээд байгаа юм?
-Яахав дээ гэж ферра бувтнав.-Цаадахад чинь ийм юм худалдаж авах газар байхгүй л байхгүй юу.
“Азийн нэг ядуу улс л юм байх даа” гэж Жейнис бодоод:
-Цахилгаан барааг гадаадаас оруулж ирж болно шүү дээ. Ямар ч компани дуртайяа нийлүүлнэ дээ гэж хэлэв.
-Тэгнэ гэдэг чинь бөөн ядаргаа гэж ферра шууд хариултаас бултаад нэг гутлаараа нөгөө гутлаа оролдов. –Үл үзэгдэгч болж чаддаг ч байсан болоосой.
-Шууд л үнэнээ хэлчих гээд Боб шалав.
-Тэгэж л их мэдэхийг хүсээд байгаа юм бол Алериан хаантан та нарын хэлдгээр бол танай тооллын өмнөх хоёр мянган онд амьдардаг юм байхгүй гэж ферра дүнсийн хариуллаа.
-Тэгвэл ийшээ яаж...
-Би бүгдийг тайлбарлая. Хүлээж бай л даа гэж залуу ферра ууртай хэлээд хөлөрсөн алгаа цагаан цамцандаа арчаад авав.-Би Хааны цомын феррагийн албан тушаалтай болсон гэж түрүүн хэлсэн шүү дээ. Хааныг эрдэнийн чулуу, сайхан хүүхэн л хүсэх биз гэж бодож байсан юм. Энэ хоёрын аль нь ч байсан би түвэггүй олоод өгчихөж чадна. Гэтэл хаанд эрдэнийн чулуу хангалттай олон, сайхан хүүхнүүд яахаа ч мэдэхээ байтлаа олон байсан. Тэгээд надад юу гэж тушаасан гэж бодно? “Ферра, миний ордон зундаа их халуун. Ордныг сэрүүцүүлдэг нэг тийм юм хийгээдэх дээ” гэдэг байгаа.
Баларсан гэдгээ ч би шууд л ойлгосон. Ферра нар зөвхөн тусгай семинар дээр л цаг агаар өөрчилж сурдаг юм. Би харин гүйлтээр хичээллэхэд дэндүү их цагаа үрсэн бололтой. Тэгээд яахав байдалд орсон л доо.
Шууд л Ид шидийн их толь барьж аваад “Цаг агаар” гэсэн нийтэлийг нь уншсан. Шившлэгүүд нь надад хэтэдсэн хүнд болж таарсан. Тусламж хүсэх талаар бол бодоод ч хэрэгүй. Тусламж гуйх нь өөрийгөө ямар ч чадваргүйг харуулсан хэрэг болно. Гэхдээ би хорьдугаар зуунд цаг агаарын зохиомол зохицуулалт байдаг гэдгийг олж уншсан юм. Тэгээд нарийн жим дамжин явж ирээдүй рүү нэвтрээд танай агааржуулагчдаас нэгийг авсан хэрэг. Дараа нь болохоор хаантан хоол ундыг нь мууддаггүй болго гэхээр нь би эргэж ирээд хөргөгч авсан. Тэгээд..
Энэ бүхний техникийн талыг илүү сонирхож байсан Жейнис:
-Тэгээд чи бүгдийг нь цахилгаан үүсгүүрт холбосон уу гэж асуув.
-Тэгсэн. Шившлэгэндээ муу байж болох ч техникийг бол гадарлачихдаг л даа.
“Яалт ч үгүй үнэн яриад байна даа” гэж Боб бодов. Нээрээ л манай тооллын өмнөх 2000 онд ордонд сэрүү татуулж чаддаг хүн гэж юу байх билээ? Дэлхийн хамаг эрдэнэсийг амлаад ч агааржуулагчаас үлээх сэрүүн агаар, хоол муутгадаггүй хөргөгчийг авч чадахгүй. Гэхдээ хаанахын дэв, чөтгөр нь энэ юм бол гэсэн бодол Бобд амар заяа үзүүлэхгүй байв. Ассирийнхтай төсгүй юм. Египетийнх биш гэдэг нь ойлгомжтой.
-Юу ч ойлгосонгүй гэж Жейнис гайхав.-Өнгөрсөн үед гэсэн үү? Чи тэгээд цаг хугацааны аяллыг яриад байна уу?
Ферра:
-Яг зөв гээд жаахан хүүгийн биеэ тоосон инээмслэглэлээр инээж -Коллежид байхдаа би цаг хугацааны аяллыг тусгайлан судалж байсан юм гэв.
Боб харин энэ хооронд “Ацтекуудынх юм болов уу. Гэхдээ арай л биш юм...” гэсээр бодлоо үргэлжлүүлж байв.
-За за тэгвэл чи өөр газар ханд л даа гэж Жейнис зөвлөв. –Нийслэлийн том супермаркетаас хулгай хийж яагаад болохгүй гэж?
-Цаг хугацааны жим зөвхөн танай дэлгүүрт л хүргэдэг юм аа гэж ферра тайлбарлав.
Ферра сэнсээ ахиад авав.
-Надад нээрээ их эвгүй байна л даа. Гэхдээ би Алериан хаанд сайн алба хашиж чадахгүй бол ахиад өөр албан тушаалд сууж чадахгүй болно. Миний нэр үүрд арчигдана.
Ингэж хэлчихээд мань ферра алга болох нь тэр.
Хагас цагийн дараа Боб Жейнис хоёр хорин дөрвөн цаг ажилладаг кафений булангийн өрөөнд сууж байв. Хар кофе уунгаа, нам дуугаар ярилцаж сууна.
Материалист үзэл нь ахиад сэргэчихсэн Жейнис:
-Ганц ч үгэнд нь итгэхгүй байна гэсээр байдгаараа урлаж байв. –Чөтгөр, дэв ч гэх шиг! Ферра ч гэх шиг!
Хариуд нь Боб ядарсан байртай:
-Итгэхээс өөр аргагүй болж дээ. Чи хоёр нүдээрээ харсан шүү дээ.
-Харсан болгондоо итгэх хэрэггүй гээд Жейнис бууж өгсөнгүй. Гэвч тэр даруй алдагдсан бараа, үгүй болсон орлого, улам бүр хойшлох хуримынхаа тухай санаад.-За яая гэхэв гэлээ. -Яанаа хонгор минь хоёулаа тэгээд яах вэ?
-Ид шидтэй ид шидийн аргаар л тэмцэх хэрэгтэй гэж Боб сургамжтай үг айлдав.-Цаадах чинь маргааш шөнө эргээд ирнэ. Тэгэхэд нь харин яаж угтахаа харин ч нэг мэдчихье байз.
-Би ч бас тэгж бодож байна гэж Жейнис түүнийг дэмжив. -Винчестэр түр зээлэх газар би мэднэ.
Боб толгой сэгсэрлээ.
-Сум цаадахаас чинь ойгоод яах ч үгүй, эсвэл гэмтээхгүй нэвтэлж гараад байна. Бид хоёрт юу хэрэгтэй вэ гэхээр он цагийн шалгуур давсан ид шидийн арга хэрэгтэй. Бузрыг бузраар.
-Яг ямар ид шид юм бэ гэж Жейнис асуув.
-Баталгаатай үр дүнд хүрэхийн тулд хоёулаа байдаг бүх л ид шидийг хэрэглэнэ дээ хөө гэж Боб хариуллаа.-Цаадахыг чинь ямар гарал үүсэлтэйг нь мэддэггүй харамсалтай юм. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ид шид гэдэг чинь ...
-Ахиад кофе авах уу гэсээр хаанаас ч юм гэнэт гараад ирсэн зөөгч яриаг нь тасалж орхилоо.
Хариуд нь Боб гэмшсэн байртай өөдөөс нь ширтэж, Жейнис улайв.
-Хоёулаа эндээс явъя гэж Жейнис хэлэв. -Аягүй бол нэг нь сонсчихвол хүмүүсийн элэг доог болж, хотоос зугтах юм болж магадгүй.
Маргааш орой нь мань хоёр дэлгүүртээ уулзацгаалаа. Боб материал цуглуулан өдөржин номын санд суусан байлаа. Үүний үр дүнд хоёр талд нь хааш яаш сараачсан бичигтэй 25 хуудас цаастай болжээ.
Дэлгүүрийн төмөр эдлэлийн тасгаас домкрат чирж ирсэн Жейнис:
-Буутай байсан бол аятай байхгүй юу гэж санаа алдлаа.
23.45-д ферра гарч ирэв.
-Сайн уу гэж тэр мэнд мэдлээ. –Танай цахилгаан ил зуухнууд хаана байдаг юм бэ? Өвөл хэрэг болчихоор юм хаан хүсээд. Ил гал гаргасаар байгаад залхчихсан гэнэ. Нэвт үлээгээд байгаа юм байх аа.
-Христийн нэрээр чамайг тонил гэж байна гэсээр Боб сүрлэг ёслолоо эхлэн феррад загалмай үзүүлэв.
-Намайг өршөөгөөрэй гэж зочин нь ихэд эелдгээр хэлэв. -Ферра нар христийн шашинтай ямар ч хамааралгүй юм шүү дээ.
Жагсаалтынх нь эхэнд Мисир нутаг байсан болохоор Боб:
-Намтару ба Тиаматын нэрийн өмнөөс чамайг тониол гэж байна гэсээр үргэлжлүүлэв.-Цөлийн тэнгэр Шамашийн нэрийн өмнөөс, Телаль ба Энилилийн...
Энэ хооронд ферра:
-Энд байх шивдээ гэсэн шиг амандаа бувтнаж байв.-Би яахаараа дандаа эвгүй юманд орооцолддог юм бол? Энэ хийн биш цахилгаан загвар мөн биз дээ? Хэрэглэж байсан эд бололтойдог оо.
Боб харин Полинез нутаг руу шилжин:
-Завь бүтээгч Ратуг дуудаж байна гэсээр дуулж эхлэв.- Өвсөн хормогчны ивээгч тэнгэр Хинуг дуудаж байна...
Худалдагчийн араншин нь гэнэт хөдөлсөн Жейнис харин:
-Хэрэглэж байсан гэнэ шүү. Мөн ярив аа гэж уурлалаа. –Жилийн баталгаатай. Ямар ч үед буцааж болно.
Полинез үйлчлэхгүй байсан болохоор Боб:
-Тэнгэрийн Чоныг дуудаж байна гээд Хятад руу шилжлээ. -Шан Ди дээд тэнгэрийн үүдийг сахигч чоныг дуудаж байна. Аянгын бурхан Ли Куныг дуудаж байна...
-Байзаарай энэ чинь хэт туяаны шарах шүүгээ байна шүү гэсээр ферра юу ч болсон янзгүй үргэлжлүүлнэ.-Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Бас нээрээ ванн хэрэгтэй. Танай ваннууд чинь хаана байдаг юм бэ?
-Ваал, Буэр, Форкия, Мархоци, Астартааг дуудаж байна...
-Ваннууд чинь энд байдаг, тийм ээ? гэж ферра Жейнисээс асуухад бүсгүй өөрийн мэдэлгүй толгой дохичихов.-Хамгийн томыг нь авна аа. Хаантан ч ер нь их биерхүү хүн шүү.
-Зулайндаа эвэрт азарга, Фетид, Асмодей, Инкубыг дуудаж байна гэсээр Боб уншлагаа дуусгав.
Ферра мань хүн рүү хүндэлсэн янзтай харц чулуудлаа.
Боб харин персүүдийн цагаан тэнгэр Ормуздыг дуудаад, залгуулж аммонуудын бурхан Молох, эртний филистимлянчуудын бурхан Дагоныг ууртай нь аргагүй үргэлжлүүлэн дуудна.
-Үүнээс илүүг ч авч явж дийлэхгүй бололтой гэж ферра өөрөө өөртөйгөө ярина.
Боб Дамбалаг дуудчихаад арабын хойгийн бурхадад залбирлаа. Фессал нутгийн ид шид, Бага Азийн шившлэгийг туршиж үзэв. Тэгээд Африк, Мадагаскар, Энэтхэг, Ирланд, Малай, Скандинав ба Японы бурхадыг тулаанд оруулах гэж үзлээ.
-Үнэхээр сүртэй байна шүү гэж ферра хүлээн зөвшөөрөв.-Гэхдээ яагаад ч нэмэргүй дээ гэж хэлчихээд тэрээр ванн, шарах шүгээ, ил зуухаа үүрэв.
Хамаг тэнхээгээ барчихаад байсан Боб гайхсандаа:
-Яагаад тэр билээ гэж амьсгаадан асуув.
-Яагаад гэвэл феррудэд зөвхөн төрөлх нутгийнх нь шившлэг үйлчилдэг юм байхгүй юу. Үүнтэй яг адилаар бирдүүд нь зөвхөн Арабын хойгийн ид шидэнд захирагдана. Дээр нь чи миний нэрийг мэдэхгүй шүү дээ. Харин чамд л гэж хэлэхэд нэрийг нь мэдэхгүй байгаа чөтгөрийг хөөх гэж шивших бараг нэмэргүй байдаг юм.
Боб духан дээрх хөлсөө арчаад:
-Тэгвэл чи аль нутгийнх юм бэ? гэж асуугаад авлаа.
-Тэгэж ч гэнэдэхгүй шүү гэж ферра гүрийв.-Нутгийг минь мэдчихвэл миний эсрэг найдвартай шившлэг олчихож мэднэ. Харин надад тэгсэн тэгээгүй ажил зөндөө байна.
Жейнис:
-Чи аан гээч гэсээр ярианд оролцов. –Хаан чинь үнэхээр л тийм баян юм бол биднээс худалдаад авчихаж чадахгүй гэж үү?
-Хаан зүгээр авч болох юмны төлөө хэзээ ч мөнгө төлдөггүй гэж ферра хариулах нь тэр.-Тийм ч болохоор баян байдаг юм.
Хурим нь тодорхойгүй болсон ирээдүй рүү урсан одож байгааг ойлгосон Боб Жейнис хоёр ферра руу хилэнт харц чулуудлаа.
Ферра харин найрсгаар гараа өргөн:
-За, маргааш шөнө хүртэл баяртай гэчихээд алга болж орхив.
Ферраг алга болсны дараа Жейнис:
-Ёстой нээрээ гэж уулга алдлаа.-Одоо тэгээд яах болж байна аа? Чамд өөр мэргэн санаа байна уу?
Боб шатан дээр лаг хийн суугаад:
-Ер алга гэв.
-Ид шидийг чинь ахиад оролдоод үзэх юм уу гэж Жейнис тун үл ялиг ёжилсон аясаар лавлав.
-Тэр бүтэхгүй гэж Боб эрс татгалзлаа.-“Ферра”, “Алериан хаан” гэсэн үгсийг би ямар ч нэвтэрхий толиноос хайгаад олоогүй. Цаадах чинь энэ хавьд сураг нь ч дуулдаагүй газраас ирсэн бололтой. Аягүй бол Энэтхэгт байдаг хумсын чинээ нэг вант улсынх байгаа даа.
Жейнис ёжилсон аясаа таягдан хаяад:
-Юу гээчийн гай вэ гэж гомдоллов. –Одоо тэгээд яах юм бэ? Дараагийн удаа тоос сорогч, түүний дараа магнитофон хэрэг болох байх даа.
Ингэж хэлчихээд Жейнис нүдээ аниад бодож эхэллээ.
Боб:
-Цаадах чинь албан тушаал ахих гээд бүр үхэх нь ээ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.
Жейнис нүдээ нээгээд:
-Би нэг арга олох шиг боллоо гэв.
-Ямар арга?
-Бид хоёрын хувьд бизнес, хурим хоёр хамгийн чухал. Зөв үү?
-Зөв гэж Боб хэлэв.
-Тэгвэл ингэнэ ээ. Би шидэт шившлэгэд сайн хүн биш л дээ гэж Жейнис ханцуй шамлан дүгнэв.-Харин техникийг бол сайн мэднэ шүү. За, ажилдаа орцгооё.
Маргааш орой нь арван нэгт арван тав дутуу байхад ферра мориллоо. Зочин мааньурьдын цагаан ноосон цамцтайгаа байсан ч бугын арьсан маажгий гутлаа зөөлөн ултай шар хүрэн гутлаар сольчихсон байв.
-Хаантан энэ удаад надад аймаар яаралтай тушаал өгсөн гэж мань ферра мэдэгдэв.-Шинэ эхнэр нь барьж идэх шахаад байгаа юм байх. Яагаад гэхээр хувцас нь ганц угаагаад л сарампай болоод байгаа гэнэ. Зарц нар нь чулуу балбаж угаагаад тэр шүү дээ.
-Ойлгомжтой гэж Боб өрөвдөнгүй хэлэв.
-Нэрэлхэх юу байхав, ав л даа гэж гэж Жейнис санал болгов.
-Та хоёр аймаар эелдэг юм гэж ферра талархангуй хэллээ.-Би үүнийг чинь үнэлж чадна шүү. Нээрээ гэж хэлээд тэр угаалгын машинаа сонгож авлаа.-За, хатан хаан хүлээж байгаа.
Ферра алга болов.
Боб тамхи гарган Жейнист өгөв. Тэгээд хоёул сандал дээр тухлаад хүлээж эхлэв. Ферра хагас цагийн дараа ахиад гараад ирэх нь тэр.
-Та хоёр юу хийчихсэн юм бэ? гэж тэр асуув.
-Яасан бэ? гэж Жейнис гэмгүй царайлан лавлав.
-Угаалгын машин. Хатан хаан угаалгын машиныг асаатал өөдөөс нь өмхий утаа савсаад. Тэгээд дараа нь хачин дуу гарснаа ажиллахгүй зогсчихлоо.
Жейнис утаагаараа цагираг үлээгээд:
-Наадахыг чинь манай хэлээр бол “нууцтай машин” гэдэг юм шүү дээ гэж тайлбарлав.
-Нууц ий?
-Нууцтай, гэнэтийн бэлэгтэй. Эвдрэлтэй. Манай дэлгүүрт байгаа бусад бүх зүйлсийн адил.
-Та хоёр ингэх ёсгүй гэж ферра уулга алдлаа.-Энэ чинь шударга биш байна.
-Чи чинь гадарладаг гээ биз дээ. Тэгээд янзлаад аваач гэж Жейнис доогтой хариулав.
Ферра:
-Би худлаа онгирсон юм аа гэж хүлцэнгүй аясаар хариулав.-Уг нь бол би спортдоо илүү авьяастай байхгүй юу.
Жейнис инээмслэчихээд эвшээлгээд авав.
-Ингэх хэрэггүй л дээ гэж ферра гуйхад далавч нь сандарсан байртай чичигнэж харагдлаа.
-Тун харамсалтай байна. Гэхдээ би юугаар ч тусалж чадахгүй нь дээ гэж Боб хэлэв.
-Та хоёр намайг аймаар байдалд оруулж байна шүү гэсээр ферра үргэлжүүлэн шалж гарлаа. –Намайг одоо албан тушаал бууруулна. Тэгээд төрийн албанаас хөөнө шүү дээ.
-Тэгвэл бид хоёр ч гэсэн дампуурч болохгүй биз дээ? Зөв үү? гэж Жейнис асуув.
Боб хэсэг зуур бодолд автлаа. Тэгснээ:
-Ингэхэд байна аа, чи маш хүчтэй эсэргүүцэх ид шидтэй тулгарлаа гэж хаандаа айлтгаж болохгүй гэж үү? Тэгээд тэр бараа хэрэгтэй байгаа юм бол тамын чөтгөрүүдэд татвар төлөх хэрэгтэй болсон гээд хэлчих гэж Боб арга зааж өгөв.
-Цаадахад чинь таалагдахгүй л дээ гэж ферра эргэлзэн хэлэв.
-Гэхдээ чи оролдоод үз л дээ гэж Боб хэлэв.
Ферра:
-Оролдоод л үзье гэчихэд алга болчихов.
-Ингэхэд хэр их юм нэхэж болох бол гэсээр Жейнис хэсэг зуурын чимээгүйг эвдлээ.
-Яах вэ жижиглэнгийн стандарт үнээр л бодчихъё л доо. Бид хоёр чинь шударга худалдаа хийнэ гэж дэлгүүр нээгээ биз дээ. Хэнийг ч хавчиж боохыг хүсээгүй. Гэхдээ л цаадахыг чинь аль нутгийнх гэдгийг мэдчих юмсан.
-Хаантан ч их баян байгаа даа гэж Жейнис мөрөөдөлд автан хэлэв.-Тэгэхээр ер нь яагаад...
-Байзаарай гэж Боб уулга алдан орилов. –Болохгүй юм байна шүү дээ. Манай эриний өмнөх 2000 онд хөргөгч байна гэдэг байж болох юм гэж үү? Агааржуулагч ч ялгаагүй.
-Чи юу хэлэх гээд байна?
-Энэ чинь түүхийг тэр чигээр нь орвонгоор нь эргүүлнэ шүү дээ гээд Боб тайлбарлаж гарлаа.-Сийрэг ухаантай нэг нөхөр тэр бүхнийг харчихаад яаж ажилладагийг нь ойлгочихоно. Тэгвэл түүхийн явц бүхэлдээ өөрчлөгдөнө.
Өнөөдөртөө илүү санаа зовж явдаг Жейнис:
-Тэгээд юу гэж гэлээ.
-Юу юу гэж? Шинжлэх ухааны хөгжил өөр замаар явна. Тэгээд одоо цаг өөрчлөгдөнө.
-Чи тэгээд энэ бүхнийг боломжгүй гэж хэлэх гээд байна уу?
-Тийм.
-Би ч гэсэн түрүүнээс хойш наадахыг чинь л хэлээд байсан биз дээ гэж Жейнис ёжлов.
-За боль л доо гэж Боб гомдов.-Энэ тухай эрт бодох ёстой байсан юм. Энэ ферра аль нутгийнх байхаас үл хамаараад энэ бүхэн ирээдүйд заавал нөлөөлнө. Бид парадокс үүсгэх эрхгүй.
Жейнис:
-Яагаад гэж асуусан боловч хариу сонсож амжаагүй байхад нь ферра гараад ирэв.
-Хаан зөвшөөрч байгаагаа айлтгасан гэж тэр мэдэгдэв.-Танайхаас авсан бүхний төлөөсөнд энэ хүрэх үү гээд ферра жижиг уут сарвайлаа.
Боб уутны доторхийг асгавал хорин хэдэн том номин эрдэнэ, алмас эрдэнэ байв.
-Бид үүнийг чинь авч чадахгүй нь дээ гэж Боб мэдэгдэв.-Бид хоёр чамтай наймаа хийж чадахгүй.
Хурим нь ахиад л замхарч эхэлж байгааг харсан Жейнис:
-Битгий мухар сүсэгт автаад бай л даа гэж хашгирав.
Ферра харин:
-Ингэхэд яагаад тэр билээ гэж асуув.
-Орчин үеийн эд зүйлсийг өнгөрсөн үе рүү явуулж болохгүй гэсээр Боб тайлбарлаж эхлэв.-Явуулбал одоо үе өөрчлөгдөнө. Эсвэл дэлхий орвонгоороо эргэнэ, эсвэл бүр долоон дор юм болно.
-Чи энэ талаар санаа зовоод хэрэггүй ээ гэж ферра эвлэрэнгүй учирлав.-Яах ч үгүй. Би баталж байна.
-Юмыг яаж мэдэх вэ? Гэнэт чи Эртний Ром руу угаалгын машин зөөгөөд авааччихсан бол юу болох вэ гэхээр...
-Харамсалтай нь гэж ферра үгийг нь таслав.-Алериан хааны улсад ямар ч ирээдүй байхгүй.
-Олигтойхон тайлбарлаж чадахгүй юу?
-Үүн шиг амархан юм алга гээд ферра агаар дээр өлгөгдөн тухлав.-Гурван жилийн дараа Алериан хаан ба түүний хаант улс нь байгалийн гамшигт өртөн газрын хөрснөөс арчигдана. Нэг ч хүн амьд үлдэхгүй. Шавар аяганы хэлтэрхий ч үлдэхгүй.
Жейн эрдэнийн чулууг гэрэлд өргөж харангаа:
-Үнэхээр гайхалтай гэж дүгнэв.-Наадахыг чинь наймаа хийж байгаа дээр хоёулаа бараагаа шахсан нь дээр байхаа
Дэлгүүр нь аврагдаж, хуримаа хүсвэл маргааш ч хийж болохоор болжээ.
-Тэгвэл ч өөр хэрэг байх шүү гэж Боб хэлээд-Ингэхэд чи яах юм бэ? гэж феррагаас асуув.
-Яах вэ дээ, би энэ ажлаа тун ч муугүй хийж чадсан гэж ферра хариулав.-Удалгүй гадаад руу томилолтоор явах хүсэлт гаргана даа. Арабын ид шид маш их ирээдүйтэй болж байгаа гэж дуулсан.
Ингэж хэлээд ферра спорт загвараар зассан цайвар үсээ сэтгэл хангалуун иллээ.
-Би танайхаар орж гарч байна шүү гэчихээд ферра алга болж эхлэв.
-Хөөе байзаарай гэсээр Боб огло харайн бослоо.- Чи ямар гээч улсаас ирснээ хэлэхгүй юм уу? Алериан хаан чинь ямар улсын хаан юм бэ?
Толгойн нь харагдах төдий болчихоод байсан ферра:
-Тэр бололгүй яах вэ гэв.-Та хоёрыг мэдчихсэн юм байх л гэж бодож байсан юм. Ферра нар бол Атлантидын чөтгөрүүд байхгүй юу.
Ингэж хэлчихээд мань ферра алга болох нь тэр.
Төгсөв.
Юу ч битгий оролд
Масс мэдрэгч эхлээд ягаан дараа нь улаан гэрэл цацруулан анивчиж гарлаа. Удирдлагын дэргэд зүүрмэглэж байсан Эйжи сэртэсхийв. Тэгснээ хэлтэрхийд цөм цохиулсан хөлгийн их биеэс асар чангаар исгэрэн гараах агаарын дууг давахыг хичээн:
-Нэг гараг руу ойртож байна шүү гэж ориллоо.
Ахмад Барнетт “Индэвэр”-ийн их биенд ээлжит нөхөөсийг гагнангаа толгой дохилоо. Исгэрэх чимээ мэдэгдэхүйц багассан ч бүрэн арилсангүй. Ер нь хэзээ ч арилж байгаагүй юм л даа.
Нөгөө гараг нь нэг их томгүй хэмжээтэй хүрэн улаан нарны цаанаас цухуйж харагдав.Тас харанхуй орон зайн наана бүдэг ногооноор гялалзах түүний гэрлийг хараад мань хоёр сансрын нисгэгч яг адил зүйл бодлоо.
Барнет бодолд дарагдсан аясаар:
-Үнэ хүрчихээр юм олддог л байгаа даа гэв.
Эйжи буурал суусан хөмсгөө итгэл тээсэн янзтай өргөв.
“Индэвэр” хөлөг Өмнөд галактикийн замаар нисч байсан бол ч тэд шинэ гараг олж чадах нь юу л байсан бол. Гэтэл түүгээр холбооны цагдаагийн дэндүү олон хөлөг эргүүл хийдэг, тэднээс холхон байх тун ноцтой шалтгаан Барнетад байлаа.
“Индэвэр” хэдийгээр худалдааны хөлөг гэгддэг ч бүх ачаа нь гэвэл сейф онгойлгох зориулалттай асар хүчтэй хүчил бүхий хэдэн лонх, гурван ширхэг бага оврын цөмийн бөмбөг. Эрх баригчид энэ мэтийн бараанд тун таагүй ханддагийн дээр багийн гишүүдийг Саран дээрх аллага, Омега дээрх дээрэм, Сами дээрх сейф эвдэлсэн хэрэг гэх мэт хуучин хэргийнх нь төлөө хариуцлагад татах гэж тун хичээж байсан юм.
Ядаж байхад цагдаагийн шинэ хөлгүүд нь “Индэвэр”-ээс илүү хурдан, илүү жолоодлоготой болохоор “Индэвэр” аргагүйн эрхэнд тойруу замаар явахаас өөр аргагүй болсон нь энэ. Ийнхүү тойруу замаар яваа хөлөг ураны асар их баялагтай орд нээгдсэн Шинэ Атенийг зорьж явлаа.
Эйжи багажнуудын заалтыг харснаа
-За даа бараг байхгүй шахуу юм байна гэж ярвайн хэлэв.
Барнет хариуд нь толгой дохиод
-Суухгүй байсан ч болох юм байна гэлээ.
Багажны заалт мань хоёрыг гонсойлгож байлаа. Хаа ч бүртгэгдээгүй тэр гараг Дэлхийгээс ч бага бөгөөд хүчил төрөгчтэй агаар мандлыг нь эс тооцвол арилжааны ямар ч үнэ цэнэгүй юм.
Гэнэт хүнд металлын мэдрэгч амь орох нь тэр.
Эйжи багажны заалтуудыг гялс манас тайлан уншаад
-Тэнд нэг юм байна шүү. Их цэвэр металл юм гээч. Яг гадаргуу дээр нь ил байна гэв.
Барнет толгой дохиж, хөлөг ч газардахаар доошиллоо.
Халзан толгой дээрээ ноосон малгай тавьсан Виктор арын хэсгээс гарч ирээд Барнетийн мөрийг давуулан хөлгийн дугуй цонхоор харав. “Индэвэр”-ийг гарагийн гадаргаас хагас милийн өндөрт тогтон хөвөхөд хүнд металлын орд газар гэж бодсон зүйл нь юу болохыг бүгд олж харлаа.
Ойн цорхойд сансрын хөлөг зогсож байх нь тэр.
Барнет:
-Ингэвэл ч харин сонирхолтой шүү гэж хэлээд Эйжи рүү толгой дохив.
Эйжи ч тун чадварлаг газардлаа. Насаар бол тэтгэвэртээ аль хэдийн гарах болчихсон байсан ч түүний нисгэгчийнх нь ур чадварт насны намар огтхон ч нөлөөлсөнгүй. Эйжийг ажилгүй, халаасандаа сохор ч зоосгүй явж байхад нь Барнет олж аваад өгөөмөр сэтгэлээр ажил санал болгосон юм. Мань ахмад ихээхэн ашиг олж болохоор юман дээр тун өгөөмөр болж чаддаг хүн байв.
Харь гарагийн хөлөг “Индэвэр”-ээс том, гаднаас харахад цоо шинэ харагдаж байсан ч хийц, дээрх таних тэмдэг нь ахмадыг гайхуулж орхилоо.
Барнет:
-Өөрөө урд нь ийм юм харж байсан уу? гэж лавлав.
Эйжи арвин их ой санамжаа ухаж эхлэв.
-Цефейд хийгсдэнтэй төстэй ч гэлээ, тэдний хөлөг илүү шөвгөр байдаг. Гэхдээ бид нэлээд холуур тэнэж яваа болохоор манай холбооны хөлөг биш ч байж болох юм.
Виктор гайхсан харцаа хөлөгнөөс салгаж чадахгүй ширтэнгээ:
-Ёстой сайхан амьтан байна даа. Хэдүүлээ ийм нэг юмтай болчих юмсан гээд чангаар санаа алдав.
Гантиг дээр ан цав гэнэт үүсдэгтэй адилаар Барнетийн царайг инээмсэглэл хага зүслээ.
-Гэнэн ч гэлээ яг оноод хэлчихлээ. Би ч бас яг тэгэж бодож байсан юм гэж тэр хэлэв.-Явж энэ хөлгийн ахмадтай нь уулзацгаая.
Виктор гадагш гарахын өмнө хөлдөөгч бластерууд нь цэнэгтэй эсэхийг шалгаад авлаа.
Гарагын агаар нь үнэхээр амьсгалахад тохиромжтой байв.
Агаарын температур Фаренгейтийн 72 градус байлаа. Сансрын нисгэгчид маань сансрын хөлгийн зүг амар мэнд мэдсэн дохио явуулсан ч хариу ирэхгүй байсанд бластеруудаа хантаазан доороо нуун нүүрэндээ жижүүрийн инээмслэглэл тодруулсаар урагш алхлаа.
Хөлгийг ойроос харахад үнэхээр сүрдмээр. Гялалзсан мөнгөлөг их биеийг нь солирууд бараг л гэмтээгээгүй байв. Цахилгааны үүсгүүрүүдээ цэнэглэж байгаа бололтой нээлттэй хаалганаас нь нэгэн хэмийн дүнгэнэх чимээ дуулдана.
Виктор:
-Энд амьд амьтан байна уу гэж орилов. Дуу нь хөлөг дотуур цуурай татуулсаар цаашлав. Үүсгүүрүүдийн дүнгэнээн, өвс салхинд сэрчигнэхээс өөр хариу дуулдсангүй.
-Хаашаа алга болчихдог байна аа гэж Эйжи гайхав. Барнет:
-Цэвэр агаар амьсгалах гээд явсан юм байлгүй дээ. Зочид ирнэ гэж яаж мэдэх вэ дээ гэж таамаглалаа.
Виктор өвсөн дээр сууж, Барнет Эйжи хоёр хөлгийн ер бусын хийцийг нь сонирхон тойрж үзлээ.
-Учрыг нь олж дөнгөх үү гэж Барнет асуув.
-Дөнгөх юм шиг байна гэж Эйжи хариулав.- Сонгодог загвараар баригдсан эд байна. Автомат удирдлагад бол санаа зоволтгүй. Хүчил төрөгчөөр амьсгалдаг бүх амьтад нэг хэлбэрийн удирдлагын систем ашигладаг. Учрыг нь олох гэж удахгүй байх гэж найдаж байна.
-Нэг амьтан ирж явна аа гэж Виктор ориллоо.
Гурван зуугаад метрийн цаана харагдах ойгоос тэр гэхийн тэмдэггүй хачин дүрс гарч ирээд хөлгийг чиглэн хөдөлж эхлэх нь тэр.
Эйжи, Виктор хоёр ч тэр даруй бластерүүдээ гаргаад ирэв.
Өндрөөрөө 70, өргөнөөрөө 30, зузаанаараа 70 сантиметр орчим тэгш өнцөг хэлбэртэй хачин амьтныг Барнет дурангаараа олж харав. Харь гарагийн амьтанд толгой гэхээр зүйл байсангүй. Ахмад урд нь ийм юм ер харж байгаагүй болохоор хөмсгөө зангидав.
Барнет дурангаа сайн тохируулж харвал нөгөө танихгүй этгээдэд хүнтэй төстэй зүйл огт байсангүй. Урагш хөдөлгөх хоёр, эгц дээшээ гозойх хоёр гээд осолтгүй л дөрвөн мөчтэй юм шиг байв. Тэгш өнцөгтийн тэхий дунд нь хоёр жижигхэн нүд, бас нэг ам гэхээр юм байв. Харин хувцас гэхээр зүйл харь гарагийн амьтанд ер алга.
Эйжи бластерынхаа овоо харааг байрлуулангаа:
-Ёстой хачин амьтан байна даа. Ганцаараа ирсэн байгаасай л гэж найдахаас гэлээ.
Хариуд нь Барнет өөрийн бластерээ гаргаж ирэнгээ
-Тийм байгаасай гэж найдъя гэв.
Эйжи бластерээ онилоод
-Зай 180 метр гэж хэлснээ ахмад өөд харав.-Нэг бол өөрөө цаадахдаа нэрийн хуудсаа өгөх гээд байгаа юм уу?
-Тэгэж ч давруулахгүй ээ гэж хэлээд Барнет ёозгүй мушилзав.-Ойртуулаад үзье. Хүлээзнэе.
Харийн этгээдийг онилсон чигтээ Эйжи толгой дохилоо.
***
Мань Кален энэ газрын мухрын гараг дээр мабогчуудын асар өндөр үнэлдэг эрол нэртэй чулуулгаас ганц хоёр тонныг ч болов уу олж авах горьдлого тээн ирсэн билээ. Гэвч аз нь таараагүй болохоор ашиглахаар авчирсан тетнитийн бөмбөг нь керлийн самартай халаасанд нь тэр чигээрээ хэвтэж байлаа. Тэгэхээр эролын оронд Мабог руу ямар ч хэрэггүй хүндрүүлэгч хог чирч очихоос өөр арга алга.
“Дараагийн гараг дээр аз таарч юуны магад” гэж бодсоор Кален ойгоос гарч явлаа.
Гэтэл түүний хөлгөөс холгүйхэн хачин жигтэй хийц бүхий сансрын хөлөг зогсож байгааг хараад зогтусч орхив.
Хөлгийнх нь нээлттэй хаалганы дэргэд зогсож байгаа ухсамартай амьтадтай ийм хол, газрын мухарт таарна чинээ мань Кален төсөөлж ч байсангүй. Үл мэдэгдэх амьтдад мабогчуудтай төстэй гэхээр зүйл бараг л байсангүй. Үнэндээ бол Мабогийн холбооны нэг гараг дээр эд нартай төстэй амьтад байдаг ч гэлээ тэд сансрын хөлгөө огт өөрөөр барьдаг. Дам яриагаар бол Галактикийн хязгаарт байдаг гэгддэг аугаа их соёл иргэншлийн төлөөлөгчидтэй таарсан байж магадгүй юм.
Ийм их аз таарсанд баярласан Кален тэдний өмнөөс яаран ойртлоо.
Гэвч харийнхан яагаад ч юм бэ байрнаасаа огт хөдөлсөнгүйн дээр өөрийг нь анзаарсан нь илт байтал мэндчилгээ сонссонгүй. Мань Кален эдгээр үл мэдэгдэгч бодгалиудтай хэл амаа бушуухан ололцохыг хүсч алхаагаа хурдасгах зуур танилцах ёслолыг нэг их битгий удаасай гэж найдаж байв. Тийм ч найрсаг бус энэ гараг дээр өнгөрүүлсэн ганцхан цаг түүнийг бүр туйлдуулж гүйцжээ. Маш их өлсөж байсан төдийгүй шүршүүрт яаралтай орох ёстой болчихоод байлаа.
Гэнэт хорсгосон, нэг тийм хачин хүйтэн зүйл түүнийг арагш нь хүчтэй түлхэж орхив.
Энэ гараг түүнд бас ямар гэнэтийн бэлэг барих гээд байна гэж бодсоор Кален эргэх тойрноо түгшүүртэйгээр харав. Тэгээд цаашаа жаахан урагшлах гэв үү үгүй юу түүний биенд ахин нэг юм зоогдож, гадна давхаргыг нь бүхэлд нь хөлдөөж орхилоо.
Хэрэг бишдэж эхэллээ. Мабогчуудыг амьдралын хамгийн бат бэх хэлбэрүүдийн нэг гэж үздэг ч тэдэнд ч бас эмзэг газрууд гэж байдаг юм. Кален өөрт нь аюул учруулж байгаа эх үүсвэрийг хайн эргэн тойрноо харав.
Харийнхан түүн рүү буудаж байлаа.
Алмайрч хоцорсон Кален үүнд итгэж ядав. Аллага гэж юу байдгийг тэрээр мэддэг, мэдэх мэдэхдээ зүгээр нэг сонссон төдий бус харин хөгжил дорой амьтадын төрлийн дунд энэхүү байж боломгүй гаж завхрал гарч байгааг хэд хэдэн удаа айдаст автан харж байсан билээ. Мөн Мабогийн түүхэнд гарч байсан санаатай аллагын бүх түүхийг нарийвчлан буулгасан сэтгэцийн эмгэгийн талаарх түүхийг ч уншиж байсан юм.
Гэхдээ тэр бүхэн энд, өөртэй нь тохиолдоно гэдэг байж боломгүй юм. Кален өөртөө ч итгэхгүй байв.
Ээлжит сум биеийг нь оноод авав. Энэ бүхэн зүгээр санагдаж байгаа төдий зүйл гэж өөртөө итгүүлэх гэсэн Кален хөдөлсөн ч үгүй. Сансрын хөлөг барих хэмжээнд очсон ухамсартай бодгалиуд аллага хийж чаддаг юм гэж үү?
Ядаж байхад эд нар түүний хэн болохыг ч мэдэхгүй шүү дээ.
Тэгсээр аюулыг гүйцэд ухамсарласан Кален эргэж хараад ой руу харайлгалаа. Танихгүй гурван этгээд гурвуул буудаж эхлэхэд хөлдсөн өвс хөлөн доор нь чанга дуугаар тачигнан хугарч байв. Калений гадуурх давхарга бүрэн хөлдөчихөж. Мабогчуудын арьс хасах температурт зохицоогүй болохоор айдас төрүүлсэн хүйтэн бага багаар бүх дотрыг нь царцааж байгааг Кален мэдэрнэ.
Ийм юм болж байхад ч Кален болж байгаа зүйлийг бодит гэдэгт өөрийгөө итгүүлж чадахгүй л байлаа.
Түүнийг модны захад бараг хүрдгийн даваан дээр нуруу руу нь хөлдөөгч хоёр ч сум оночихов. Цаашид бие махбодийнхоо дулааныг тогтоон барьж дийлэхээ байсан Кален хөлдөж цантсан хөрсөн дээр нэвсийн унаад ухаан алдав.
***
Эйжи бластераа хуйнд нь хийнгээ:
-Муу тэнэг гэж бувтнав.
-Гэхдээ ёстой гайхмаар тэсвэртэй юм гээч гэж Барнет хэллээ.-Хүчил төрөгчөөр амьсгалдаг нэг ч амьтан үүний ард гарч дийлэхгүй дээ гэчихээд мань эр бластераа харснаа сансрын хөлгийн мөнгөлөг хуягийг алгадан –Хэдүүлээ энэ хөлгийг “Индэвэр-2” гэж нэрлэнээ гэлээ.
-Ахмад мандтугай гэж Виктор орилов.
-Наад дуугаа аяд гэчихээд Барнет тэнгэр өөд ширтэв. -Дөрвөн цагийн дараа бүрэнхий болж эхэлнэ. Виктор чи яваад хоол хүнс, хүчил төрөгч, багажаа “Индэвэр-2” руу зөө. Нээрээ хуучин ямбийгийнхаа аккумуляторуудыг цэнэггүй болгочихоорой. Тэгэж байгаад эндээс авч явна аа. Харин одоо бол харанхуй болохоос өмнө эндээс арилах нь хамгийн чухал.
Виктор тушаал биелүүлэхээр харайлгаж, Барнет Эйжи хоёр харь гарагийн амьтаны хөлөг рүү орлоо.
“Индэвэр-2”-ийн сүүлний хэсэгт үүсгүүрүүд, хөдөлгүүрүүд, эрчим хүчний хувиргагчид, түлшний сав байрлаж байв. Хөлгийн бараг тэн хагасыг эзэлсэн дараагийн хэсэг болохоор 5 см-аас эхлээд 40 см хүртэл том есөн шидийн өнгөтэй хачин самраар дүүргээстэй байлаа. Энэ хэсгийг залгаад хошууны хоёр хэсэг байрлаж байв.
Эхнийх нь янз нь багийн гишүүдэд зориулсан бололтой ч хов хоосон юм. Ор, сандал, ширээний ор ч үгүй, дан гөлгөр металл шал. Тааз, хананд нь ямар зориулалттай нь мэдэгдэхгүй жижиг нүх, сүвүүд гаргасан харагдана.
Хөлгийн хошуунд нь нэг хүн арай ядан багтаж болох нисгэгчийн хэсэг байрлаж байв. Хяналтын дэлгэцийн өмнөх удирдлагын самбар янз бүрийн багажаар дүүрчээ.
-За энэ бүхэн одоо ингээд биднийх боллоо гэж Барнет хэлэв.-Сайн судалж учрыг нь олно шүү.
Эйжи толгой дохичихоод удирдлагын самбарын өмнө явган суугаад багажуудыг сонирхож эхэллээ.
Виктор нэлээд хэдэн цаг болж байж бүх эд зүйлээ “Индэвэр-2” руу зөөж дуусав. Эйжи энэ зуур юунд ч гар хүрсэнгүй. Мань эр багажны хэмжээ, өнгө, хэлбэр болон байрлалаар нь ямар зориулалттай болохыг нь таах гэж оролдож байлаа. Сэтгэлгээний хэлбэр ойролцоо байлаа ч энэ бол тун амаргүй ажил билээ. Наад зах нь хөөрөлтийн туслах системийн даруулыг баруун биш зүүн тийш эргүүлэхэд асдаг байгаа бол Эйжи бүгдийг шинээр сурч, тогтоож авах хэрэгтэй болно. Улаан өнгө нь аюулыг заадаг юм болов уу? Хэрэв тийм бол энэ улаан товчлуур ослын тормозыг асаадаг байгаа. Гэтэл улаан өнгө нь температур г.м. огт өөр зүйл заадаг байж ч магадгүй.
Нисгэгчийн хэсэг рүү Барнет шагайлаа. Ард нь Виктор сүүтгэнэж харагдав.
-За болж байна уу?
Эйжи:
-Болох л юм шиг байна гэж хэлээд нэг товчлуур дээр хүрэв. -Энэ дээр дарвал хаалга гарцуудыг хааж түгжих ёстой.
Ингэж хэлээд мань эр товчлуурыг дарлаа. Виктор Барнет хоёр амьсгаа даран юу болохыг нь хүлээв.
Хөлгийн хаалга дуу чимээ гаргалгүй хаагдах нь тэр.
Эйжи сэтгэл хангалуун мушилзаж харагдав.
-Харин энэ бол агаар өгөх систем гэж мань хүн тунхаглаад жижигхэн арааг түлхэж орхив.
Таазан дээрх жижигхэн нүхнүүдээс шаравтар өнгөтэй утаа цутгаад эхэллээ.
Эйжи сандран:
-Системд эвдрэл гарчихаж гэв
Виктор ханиалгаж эхлэв.
-Унтраагаач ээ гэж Барнет ориллоо.
Утаа багширан оргилсоор яах ийхийн зуургүй хошууны хоёр хэсгийг дүүргэчих нь тэр.
-Унтраагаач ээ, чөтгөр ав гэж.
-Удирдлагын самбар харагдахгүй байна шүү дээ гэчихээд Эйжи гартаа таарсан нэг унтраалга дээр дарж орхив. Тэр даруй үүсгүүрүүд уухилан асч, удирдлагын самбар цэнхэр очоор шал руу тургилаа.
Эйжи хойш шидэгдэж, Виктор ачааны хэсгийн хаалга руу харайлган очоод хар хүчээрээ балбаж гарав. Барнет хамаг юм дайвалзаад ирэхийг мэдэрсэн ч амаа дарж байгаад удирдлагын самбар руу ухасхийлээ.
Виктор гадагш гарах аргаа барсан бололтой шалан дээр суучихсан хаалгыг хумсаараа маажиж харагдана.
Барнет гараараа тэмтэрч таарсан араа болгоноо ийш тийш нь хөдөлгөж эхлэв.
Тэгтэл үүсгүүрийн орилох чимээ гэнэт чимээгүй болж ахмадын царай руу цэвэр агаа сэвэлзэн үлээх нь тэр. Нулимс цувсан нүдээ арччихаад мань ахмад дээш харав. Сохор азаар шар хийний өгөлтийг зогсоож, агаарын хавхлагыг онгойлгочихжээ. Шар хий яах ийхийн зуургүй хөөгдөн арилж, нисгэгчийн хэсэг гарагийн үдшийн цэнгэг агаараар дүүрэв. Амьсгалахад ч хялбар болчихож.
Виктор арай хийж хөл дээр боссон бол Эйжи хүний урманд ядаж татганан хөдөлсөн ч үгүй. Барнет хөгшин нисгэгчийн дээрээс тонгойсноо нам дуугаар хараалын үг урсган хиймэл амьсгаа хийж эхлэв. Тэгэж тэгэж Эйжигийн зовхи нь чичигнэн хөдлөөд төд удалгүй ухаан орох нь тэр.
-Энэ утаа хаанаас гараад ирэв ээ? гэж Виктор гаслав.
-Нөгөө тэгш өнцөгт хэлбэртэй найз маань энэ заваан юмаар амьсгалдаг байсан байх гэж Барнет таамгалалаа.
Эйжи толгой сэгсэрлээ:
-Тэр ч юу л бол ахмад аа. Гарагийн агаар мандал нь хүчилтөрөгчөөр баяжсан байтал цаад чинь ямар ч баггүй бас...
-Ямаршуу юм харагдаж байсныг нь сана л даа гэж Барнет яриаг нь таслав. –Тэгээд ч амьтан болгоны хүчил төрөгчийн хэрэгцээ адилгүй.
-Тэгвэл ч баларлаа шүү гэж Эйжи бувтнав.
Гэнэт сансрын нисгэгчид бие бие рүүгээ харц шидэлцэв. Тэрхэн зуурын анир чимээгүйг нэг их чанга биш хяхтнасан, зурсан чимээ эвдлээ.
Айж цочсон Виктор:
-Энэ юу вэ? гэж уулга алдаад бластераа гаргаад ирэв.
-Чимээгүй гэж Барнет тушаав.
Гурвуул чих тавин сонслоо. Нөгөө чимээ дахин гарах нь тэр. Төмрөөр ямар нэгэн хатуу, металл биш зүйл дээр балбаж байгаа мэт санагдана. Дагзан дээрх үс нь босоод ирэхийг Барнет мэдрэв.
Дэлхийн гурав хяналтын дэлгэц рүү ширтэж эхлэв. Жаргаж байгаа нарны бүдэг туяа “Индэвэр-1”-ийн нээлттэй хаалгыг гэрэлтүүлж харагдана. Хяхтнах чимээ тэндээс гарч байв.
-Байж боломгүй юм гэж Эйжи уулга алдлаа. –Манай бластерууд...
-Түүнийг алаагүй байна гэж Барнет баргар дуугаар өгүүлбэрийг дуусгав.
-Энэ ч харин муу шүү гэж Эйжи амандаа бувтнана. –Маш муу.
Виктор бластераа барьсан хэвээр зогтусчээ.
-Ахмадаа гэж мань эр Барнетэд хандлаа.-Би гараад... тэгээд нөгөө...
Барнет толгой сэгсрэв:
-Цаад чинь чамайг гурван алхам ч ойртуулахгүй. Үгүй ээ, сайн бодох хэрэгтэй. Наад чинь нэг юм сэдэж байгаа. Виктор, ингэхэд хөлөг дээр юу юу үлдлээ? Аккумуляторууд үлдсэн, тийм ээ?
-Цэнэггүй болгочихсон. Холбогч хэлхээс нь надад бий.
-Сайн байна. Тэгэхээр зөвхөн хүчил л ...
-Тэр чинь харин аймаар хүчтэй эд шүү гэж Эйжи ярианд оролцов.-Гэхдээ цаад нэг юм чинь яаж ашиглахыг мэддэг гэж бодохгүй л байна шүү.
-Тийм байх шүү гэж Барнет зөвшөөрөв.-Тэгсэн ч гэлээ хэдүүлээ эндээс бушуухан арилахгүй бол болохгүй.
Эйжи удирдлагын самбар руу харлаа. Хагас цагийн өмнө бол мань хүн самбарын учрыг олчихсон гэж бодож байсан. Харин одоо бол ямар ч барьцгүй, магадгүй алж ч мэдэх занга л харагдана.
Гэхдээ энд ямар ч хорон муу санаа байсангүй. Сансрын хөлгөөр зөвхөн аялаад байдаггүй, дотор нь бас амьдардаг. Тэгэхээр багажнууд харь гарагийн амьтанд амьдрах нөхцлийг нь бүрдүүлж, хэрэгцээг нь хангадаг байх л ёстой. Харин дэлхийнхний хувьд энэ бүхэн эмгэнэлтэйгээр дуусч болзошгүй.
-Аль гарагаас ирснийг нь мэддэг ч болоосой гэж Эйжи санаа алдлаа. –Тэгвэл ядаж энэ хөлгөөс өөр ямар гэнэтийн бэлэг гарч ирэхийг багцаалахгүй юу.
Гэтэл мань гурав харийн этгээд хортой шар хийгээр амьсгалдаг гэдгийг л мэдэж байдаг.
-Зүгээр ээ. Бүх юм сайхан болно гэж Барнет нэг ч их итгэлгүй хэлэв.-Хөөрөх системийг олоод өөр юуг ч оролдож болохгүй шүү.
Эйжи багаж төхөөрөмж судлах ажилдаа буцан орж, харин Барнет хуучин хөлгийнхөө бүүдгэр гадаргыг ширтэн харь гарагийн амьтны бодлыг таах гэж хичээнгээ учир битүүлэг чимээг түгшүүртэйгээр чих тавин чагнаж байлаа.
***
Кален ухаан ороод одоо хүртэл амьд байгаадаа ихэв гайхав.
Гэхдээ “Мабогийнхан нэг бол шууд үхнэ, үгүй бол хэзээ ч үхдэггүй” гэсэн үг дэмий нэг гараагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тийм ч болохоор мань Кален ч үхээгүй байв. Одоохондоо шүү. Кален арай ядан өндийж суугаад мод наллаа. Час улаан наран тэнгэрийн хаяаны цаагуур далд ороод эхэлчихсэн, үхлийн хортой хүчил төрөгчөөр баяжсан агаар мэдэгдэхүйц цэнгэг болоод иржээ. Кален санаа алдаад уушиг нь амьдрал тээгч шар хийгээр дүүрэн чигтээ одоо хүртэл ажиллаж байгааг мэдрээд дотор нь уужирлаа.
Сая болж өнгөрсөн зүйл ердөө зүүд юм байжээ гэж Кален бодож эхэлтэл нөгөө танихгүй амьтадын нэг нь хүнд ачаа тахийтлаа үүрчихсэн хөлөг рүү орж байгааг гэнэт олж харах нь тэр. Хэсэг хугацааны дараа хөлгийн хаалга хаагдчихав.
Тэгэхээр энэ бүх аймшиг жинхнээсээ болсон болж таарлаа. Хатуу ч гэлээ үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Хоол, агаарын хэрэгцээ нэн хурц болсныг Кален мэдэрнэ. Гаднах давхарга нь таг хатаад цуурчихсан болохоор тэжээлийн цэвэрлэгээ заавал хийх шаардлагатай байдаг. Гэтэл өөрт нь цорын ганц улаан керлийн самар бас тетнитийн бөмбөгнөөс өөр юу ч алга.
“Хэрэв самарыг хагалж дөнгөвөл нэлээн удаан аргацаачих байх шүү” гэж Кален бодлоо. “Хамгийн гол нь яаж хагалах вэ?”
Өөрийгөө ийм арчаагүй байдалд ороод байгаадаа Кален итгэж ядна. Хөлөг дээр бол автоматаар хийгддэг байсан өдөр тутмын ийм энгийн зүйлийг өөрөө яаж хийх талаар анх удаа бодож байгаа нь энэ.
Харь гарагийнхан өөрсдийн хөлгөө эзгүй орхисон байгааг мань Кален анзаараад авав. Яагаад гэдэг нь чухал биш, гол нь өглөө болтол агаарт ил байвал үхэх болохоор тийшээ явах л хэрэгтэй.
Өөрийнхөө хөлөгөнөөс нүд салгалгүй ширтсэн чигтээ харийн хөлөг рүү дотор нь муухай оргихыг тэвчин, удаанаар мөлхөж эхлэв. Хэрэв дайсагнасан амьтад харчихвал бүх юм дуусна. Гэвч түүнийг анзаарсангүй. Кален нээлттэй хаалгаар дамжин харийн хөлгийн дотогш эсэн мэнд орж чадлаа.
Бүрэнхий байсан ч гэлээ хөлөг бүр хуучраад элэгдсэн болохыг мань Кален анзаарлаа. Нимгэн хана нь энд тэндгүй нөхөөстэй. Харийнхан яагаад хөлгийг нь булааж авсан нь ойлгомжтой болоод ирлээ.
Ахиад л дотор нь муухай оргиод эхлэв. Юуны өмнө юм идэх хэрэгтэй гэж бодоод Кален мабогчуудын үндсэн хүнс болсон керлийн самрыг халааснаасаа гаргаж ирлээ. Самар асар их илчлэгэтэйн дээр 5 см орчим зузаан, хуяг шиг бат бэх хальсныхаа ачаар олон жилийн турш мууддаггүй юм.
Самраа газар тавьж байгаад Кален хүнд төмөр саваа аваад хар хүчээрээ дээрээс нь байлгаад авлаа. Гэвч саваа самарын ясан дээр Калений урманд ядаж ор ч гаргалгүйгээр чанга гэгч нь хяхтнах дуу татуулан буцан ойх нь тэр.
Кален энэ чимээ өөрийг нь баригдуулж магадгүй гэж айсан болов ч аргагүй их өлсөж байсан болохоор бүгдийг мартан самарыг нүдэж эхлэв.
15 минутын дараа туйлдаа хүртэл ядарсан Кален үр дүнгүй оролдлогуудаа зогсоов. Ган саваа дундаараа бараг нугаларчихсан байхад самар харин бүрэн бүтэн, яагаа ч үгүй байв. Мабогчуудын хөлөг дээр заавал байх ёстой стандарт багаж болох хагалагч л керлийн самрыг хагалж чадах бөгөөд харамсалтай нь өөр аргыг өнөөдрийг хүртэл хэн ч зохиогоогүй байдаг.
Одоо яадаг юм билээ? Кален төмөр савааг ахин шүүрч авсан ч үе мөч нь хөдлөх чадвараа алдаж эхэлж байгаа мэдрэв. Савааг хаячихаад бодож эхэллээ.
Гадна давхарга хөдлөхөд саад болж, арьс нь аажмаар хатаж, эвэрлэг хуяг болон хувирч байлаа. Бүрэн хатаж гүйцэхээр нь Кален хөдлөх чадвараа алдаад бүтэж үхнэ.
Барьц алдан тэвдэх хүслээ даван байж Кален толгойгоо ажиллуулах тушаалыг өөртөө өглөө. Хоол яахав ээ, тэвчиж болно, арьсаа юуны түрүүнд аврах хэрэгтэй. Өөрийн хөлөг дээр бол арьс зөөлрүүлдэг тусгай шингэнтэй шүршүүрт орох байсан ч харь гарагийнханд тийм шингэн байж таарах нь юу л бол. Тэгэхээр гаднах давхаргыг хуулж авах гэсэн ганцхан арга л үлдлээ. Яахав дараа нь дотор талын эмзэг арьсыг хатууртал хэдэн хоног хүлээх хэрэгтэй ч ямар ч байсан хөдлөх чадвартай болохоос хойш дүүрч.
Кален нугаларахаа байсан хөлөө хөдөлгөн хувцас солигч хайж эхэлсэн ч тийм, хамгийн энгийн төхөөрөмж ч харийн хөлөг дээр байхгүйг гунигтайгаар мэдэж авлаа.
Кален ган савааг шалан дээрээс авч дэгээ шиг махийлгаад арьсныхаа нугачааг гогдон хар хүчээрээ дээш нь угзарч орхив.
Хатуурсан давхарга дийлдсэнгүй.
Хэд хэдэн удаа ямар ч үр дүнгүй оролдосны эцэст ямар ч нэмэргүй савааг хөсөр шидэх зуур тетнитийн бөмбөгтэй гэдгээ гэнэт саналаа.
Хэрэв харийнхны булаан авсан хөлгийн доор тетнитийн бөмбөгийг сэм байрлуулчихвал хөнгөн дэлбэрэлт хөлөгт ямар ч гэмтэл учруулахгүй, зүгээр л арваад метрийн өндөрт шидэж орхино.
Харин харь гарагийнхан үхэх нь гарцаагүй.
Кален өөрийгөө ийм юм бодож байгаадаа гэнэт маш ихээр айлаа. Яаж бодохоороо ийм юм бодож олдог байна аа? Мабогийн ёсонд ямарваа нэг аллага хийх хориотой шүү дээ.
Гэвч дотор хүн нь “Ингэхээс өөр аргагүй биш гэж үү? Эдгээр харийхан бол муу амьтад. Тэднийг устгаснаар чи Ертөнцөд асар их буян үйлдэхийн сацуу далиманд нь өөртөө ч тус болно. Үүнийг аллага биш харин бузар муухайг цэвэрлэх арга хэмжээ гэж тооц” гэж сэм ятгана.
Сэтгэлийн хамаг тэнхээгээ дайчлан албадаж байж Кален тэр талаар бодохоо болив. “Үгүй шүү”. Арай ядан захирагдах хөлөө чирэн байж амийг нь аврах гэнэтийн зүйл олдож магад гэж найдсаар хөлгийг онгичиж эхэллээ.
***
Байдгаараа атийчихсан Эйжи нисгэгчийн хэсэгт баахан залгагч, товчлуурууд дээр арилдаггүй харандаагаар ядарсан байртай тэмдэг тавьж харагдана. Мань эр шөнөжин нүд аниагүйн дээр уушиг нь хөндүүрлэнэ. Үүр цайгаад эхэлчихэж. “Индэвэр-2”-ын дотор нэлээд сэрүүн байсан ч Эйжи дулаан тохируулагчийг оролдож зүрхэлсэнгүй.
Өргөж яваа хайрцагныхаа хүндийн доор тахийчихсан Виктор орж ирэв.
-Ахмад хаана байна? гэж Эйжи асуув.
-Одоо хүрээд ирнэ ээ.
Шаардлагатай юмаа хайхад цагаа дэмий үрэхгүйн тулд Барнет шаардлагатай гэсэн бүхнээ хошууны хэсгүүдэд төвлөрүүлэхээр шийджээ. Багийн гишүүдэд зориулсан хэсэг бараг л дүүрчихээд байв. Виктор өргөж явсан хайрцгаа тавих газар ололгүй эргэн тойрноо харвал хажуугийн хананд хаалга байгааг олж харлаа. Бариулан дээр нь дарвал хаалга дээш гулган нээгдэж, хариугүй жижигхэн хоосон зай гараад ирснийг Виктор юм хадгалахад хамгийн тохиромжтой газар байна гэж бодлоо. Ингээд мань эр хүнд ачаагаа самрын улаан ясаар дүүрсэн шалан дээр тавьж орхив.
Тэр даруйд тааз доошилж эхлэх нь тэр.
Виктор аймшигтай муухайгаар орилоод огцом өндийтөл толгойгоороо тааз мөргөн ухаан алдан уначихав.
Эйжи нисгэгчийн хэсгээс үсрэн гарч ирэхдээ орилох чимээнээр гүйж ирсэн Барнеттай мөргөлдөж орхилоо. Ахмад Викторыг хөлнөөс татаж гаргах гэсэн боловч гөлгөр төмөр шалан дээр гулгаад болж өгсөнгүй. Харин Эйжи бишэрмээр сийрэг ухаан гаргаж хайрцгийг өргөн бөгсөөр нь босгож тавьснаар гэнэт доошилсон дээврийг хэсэг зуур тогтоож дөнгөв. Энэ зуур тэр хоёр Викторыг байдаг хурдаараа чирэн гаргасан агшинд хайрцаг тас няс хийн дуугарч хэдэн хэсэг болон зад үсэрлээ. Тааз харин бяцалчихсан болохоор болоо гэж байгаа аятай чимээгүй дээшилж эхэллээ.
Виктор ухаан ороод цохьсон газраа илж үзэв.
-Ахмад аа гэж мань эр уйлан дуугарлаа.- Хэдүүлээ “Индэвэр” рүүгээ буцвал яасан юм бэ?
-Викторын хэлдэг зөв шүү. Ёстой нэг муу шид шингэчихсэн хөлөг гэж үүнийг л хэлэх байх гэж Эйжи хэлээд гараа савчив.
-Та хоёр тэгээд хөлгөөс ийм амархан татгалзаж байгаа хэрэг үү гэж Барнет лавлалаа.
Эйжи эв хавгүй хавчигнаснаа толгой дохилоо. Тэгээд Барнетээс харц буруулан байж:
-Энэ хөлөг ахиад ямар маяг гаргахыг хэн мэдлээ. Хэтэрхий эрсдэлтэй байна шүү дээ, ахмад аа.
-“Эрсдэлтэй байна шүү дээ”... гэж Барнет түүнийг егөөдөв. –Та хоёр юунаас татгалзах гэж байгаагаа ойлгож байна уу? Дан их биеийг нь зарахад л насаараа идэх хоолтой болно. Тэр хөдөлгүүр бол бүр ч дэндүү. Урд нь та хоёр ийм юм харж байсан уу? Энэ хөлөг чинь бүхэл бүтэн гарагийг нэвт өрөмдөөд нөгөө талаар нь гаднаа ганц ч зураасгүй гараад ирнэ гэж мэд.
Гэвч Эйжи бууж өгсөнгүй:
-Гэхдээ үхдэлүүд шагшин магтаж чаддаггүй болохоор наадахыг чинь бид хоёр үнэлж чадахгүй байх гэж зөрүүдлэхэд Виктор ч толгой дохилон дагалдаж харагдав.
-Гүйцээ, чалчихаа больж үз гэж Барнет тас хийтэл хэлэв. –Хөлгийг орхихгүй. Хамгийн гол нь аюулгүй газарт очих хүртлээ юунд ч хүрч болохгүй. Ойлгомжтой юу? Тийм бол ажилдаа орцгоо.
Хариуд нь Эйжи өөрийн дураар гэнэт няцлагч пресс болдог өрөөний талаар сануулах гэсэн боловч Барнетийн ширүүн харцтай тулгараад ам нээхгүй байсан нь дээр гэдгийг ойлголоо.
-Чи удирдлагын самбар дээр тэмдэглэгээ хийчихсэн үү гэж Барнет тайван өнгөөр асуув.
-Одоо тун жаахан үлдсэн байгаа гэж хөгшин нисгэгч хариулав.
-Сайн байна. Илүү дутуу юманд хүрч огт болохгүй шүү. Юу ч оролдоогүй цагт бид яах ч үгүй.
Ахмад хөлстэй духаа арччихаад хана налан хантаазаа тайллаа.
Яг тэр агшинд ханан дэх нүхнээс хоёр ган дэгээ үсрэн гарч ирээд ахмадыг бэлхүүсээр нь баглаад бүсэлчих нь тэр. Барнет хар хүчээрээ угзарсан ч дэгээ дийлдсэнгүй. Тас няс хийх хачин чимээ гарснаа хананаас нарийхан төмөр утсан тэмтрүүл гараад ирэв. Тэмтрүүл хийсэн эдийнх нь чанарыг шалгах мэт Барнетийн хантаазыг тэмтэрч үзсэнээ ахмадад бол сэтгэл хангалуун хоолой засах шиг болсноо буцаад хана руу орчихлоо.
Эйжи Виктор хоёр амаа ангайсан чигтээ хөшч орхижээ.
-Энэ нэг юмыг унтраагаач ээ гэж Барнет хоолойгоо хяхтнуулан дуугарлаа.
Эйжи удирдлагын самбар руу ухасхийв. Яг тэр агшинд 7-8 см урттай хурц хутга барьсан ган гар хананаас гараад ирэх нь тэр.
Барнет:
-Үүнийг зайлуулаач ээ гэж амь тэвчин ориллоо.
Виктор амь орж нөгөө аймшигт гарыг барьж авах гэтэл нөгөөх нь огцом бултаад мань эрийг эсрэг талын булан руу чулуудчихав. Дараа нь нөгөө гар туршлагатай мэс засалч шиг эв дүйтэй нь аргагүйгээр Барнетийн хантаазыг дээрээс нь доош хүртэл зүсчихээд юу ч болоогүйг юм шиг хана руу буцаад орчихов.
Эйжи гартаа таарсан араа, товчлуур болгоныг сандачин дарж түлхэж, нааш цааш нь болгож үүсгүүрүүдийг орилуулж чарлуулан, хавхлаг сэнснүүдийг нээж хаан, хөдөлгүүрүүдийг асааж унтраан, гэрлүүдийг анивчуулж үзсэн ч ахмадыг олзолсон бүс тавигдсангүй.
Нарийхан төмөр тэмтрүүл ахиад гараад ирэв. Тэгээд Барнетийн цамцанд хүрснээ яахаа шийдэж байгаа аятай хэсэг зуур зогтуслаа. Доторх эд анги нь түгшүүртэй хүрчигнэнэ. Дараа нь тэмтрүүл цамцанд ахин нэг хүрч үзээд ахиад л яахаа мэдэхгүй зогтуслаа.
-Би яаж ч чадахгүй байна аа гэж тэндээс Эйжи орилов.-Наад чинь автомат ажиллагаатай юм байна.
Тэмтрүүл хана руу буцан орж, тэр даруйд ган гар гараад ирэв. Виктор том түлхүүрээр иртэй хутга руу хар хүчээр байлгаад авахдаа Барнетийн гавлыг золтой л зад татчихсангүй.
Гэвч хутга хүний урманд доргисон ч үгүй. Шууд л цамцыг итгэлтэй нь аргагүй хоёр хэсэг болгож үхтлээ айсан Барнет ахмадыг бүсэлхий хүртэл нь нүцэглэж орхиод алга боллоо. Дараа нь ахмадын мөөрөх төдий орилох дуунаар тэмтрүүл ахин гарч ирэхэд Викторын дотор муухайрч, Эйжи нүдээ тас анилаа. Тэмтрүүл олзны хүний цээжний зөөлөн дулаан арьсанд дөнгөж хүрээд сэтгэл хангалуун тургив. Бүс тэр даруй тайларч ямар ч тэнхэлгүй болсон Барнет шуудай шиг л шалан дээр гулзайн тарлаа.
Хэсэг зуур анир чимээгүй болов. Бүгд ойлгомжтой байсан болохоор үг илүү байлаа.
Амьд биеийг мэдэрчихээд тэмтрүүл яагаад зогссоныг ойлгох гэж Эйжи хичээнэ. Харь гарагийнхан ийм маягаар хувцсаа сольдог байсан юм бол уу? Үгүй ээ, хэрэв тийм бол энэ солиорол. Гэтэл няцалдаг өрөө ч бас солиорол биш гэж үү?
Хөгшин нисгэгч болж өнгөрсөн зүйлд сэтгэлийнхээ гүнд баярлаж байлаа. Энэ муу зөрүүд илжиг Барнет сайхан сургамж авлаа даа. Одоо ч энэ чөтгөрийн хөлгийг орхиод өөрийнхөө хөлөг рүү яаж буцахаа сэдэхээс өөр арга үгүй болсон.
-Юугаа зогсоод байгаа юм бэ? Алив хувцаслахад туслаадхаач гэж ахмад архирав. Виктор хурдан гэгч нь шинэ цамц авчирч өгөхөд Барнет хананаас холхон шиг зогсож байгаад хааш яаш өмссөн болов.
-Хэдий хугацааны дараа хөөрч чадах вэ? гэж тэр Эйжигээс асуулаа.
-Юу?
-Дүлийрчихсэн юм биш биз?
-Үгүй, гэхдээ сая болсон...
-Хэдийд хөөрч чадах вэ? гэж ахмад дуугаа өндөрсгөв.
-Ойролцоогоор цагийн дараа гэж Эйжи хариулсан болоод үзэн ядаж байгаа нисгэгчийн хэсэг рүү сажиллаа.
Барнет хоолойтой ноосон цамц, дээрээс нь пальто өмсөөд авав. Хөлөг дээр хүйтэн байсан болохоор мань эр үнэхээр их даарчихаж.
***
Кален хамаг тэнхээгээ барчихаад хэвтэж байв. Хатсан гадаргыг хуулах гээд хамаг хүчээ шал дэмий зүйлд үрсэн нь тэнэг хэрэг болж. Одоо бол чүү чамай л хөдөлж чадаж байв.
Толгойд нь хар багынх нь дүр зураг гялалзан өнгөрнө. Цайз шиг шөвгөр үзүүртэй Мабогийн хадан хясаа, Кантанопегийн аварга том сансрын зогсоол бас жаргаж байгаа хоёр нарыг харан бахдан зогсох өөрийнх нь, бяцхан Калений дүр. Хоёр нарны нэг нь хөх, нөгөөх нь шар өнгөтэй. Гэхдээ хоёулаа яагаад өмнө зүгт жаргадаг юм бол? Ааваас асуух хэрэгтэй юм байна шүү.
Кален бодлоо үлдэн хөөлөө. Удахгүй өглөө болох нь. Мабогийн сансрын нисгэгч ингэж гутамшигтайгаар үхэж болохгүй, тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй.
Мань Кален хагас цаг гаруй үйлээ үзэн хайсны эцэст хөлгийн сүүлний хэсэгт лацадсан төмөр хайрцагтай таарлаа. Тагийг нь цохиж унагавал завсар нь зөөлөн даавуу, үртэс хийж жийрэглэсэн тус бүртээ ороолттой том лонхнууд байж байв. Нэг лонхыг гаргаж сонирхлоо. Дээр нь хачин цагаан тэмдэг дүрслэгдсэн байсан нь Календ нэг л танил санагдав. Ой тогтоолоо дайчлаад таньлаа. Тэр бол хүн төст бодгалиудын гавлын яс байв. Мабогийн холбооонд хүн төст бодгалиудын нэг иргэншил ордог бөгөөд ийм гавлын ясны дуураймлуудыг Кален музейд харж байсан байжээ. Гэхдээ ийм тэмдгийг лонхон дээр зурдаг нь яаж байгаа юм бол?
Лонхыг нээн үнэрлэж үзэв. Үнэр нь их таатай яг л... яг л сул ч гэлээ арьс цэвэрлэдэг тэжээлийн шингэний үнэртэй төстэй байлаа.
Кален лонхон дахийг дээрээсээ асгачихаад юу болохыг нь амьсгал дараан хүлээж эхлэв. Арьсаа л сэргээчихдэг юм бол уу...
Бодсоноор нь ч болж шингэн ч сулавтар цэвэрлэгч мөн болж таарав. Мань Кален ахин нэг лонхыг дээрээсээ асгаж байхдаа амь оруулагч уусмалыг гадарга нь хэрхэн шингээн авч байгааг мэдэрч байлаа.
Шингэн эвэрлэг хуяганд нь шимэгдэн зөөллөхийг хүлээж Кален хэсэг зуур дээш харан тайвшран хэвтлээ. Удалгүй арьс нь уян хатан чанараа бүрэн сэргээхэд Кален ч эрч хүч нь гайхалтай нэмэгдэхийг мэдрэв.
Ямар ч байсан тэр амьдрах болно.
Эмчилгээний шингэнд орсны дараа Кален нислэгийг удирдах хэрэгслүүдийг судлав. Үнэхээр тэнэг хийгджээ. Хөлгийн бусад хэсгүүдийг татлцлын эсрэг үйлчилгээтэй өрөө болгочихож ч чадаагүй байна шүү дээ. Гэхдээ нөгөө талаас авч үзвэл тийм хэмжээний шингэн хадгалах сав багтаах зай ч бас алга.
Зүгээрээ гэж Кален бодооо. Ийм зэргийн бэрхшээлийг тэр яаж ийж байгаад л давж чадна. Гэвч хөдөлгүүрийг судлах явцдаа аккумуляторын зайнуудын зайлшгүй хэрэгтэй нэг эд анги байхгүй байгааг анзаарав. Аккумуляторуудыг санаатайгаар ажиллагаагүй болгочихож.
Өөрийн хөлгөө эргүүлж авах гэсэн ганцхан арга л одоо үлдэж дээ.
Гэвч яаж вэ? Мабогийн хуулиуд бүх төрлийн аллага үйлдэхийг хориглодог. Ямар ч тохиолдолд, өөрийн амь насыг аврахын төлөө ч гэсэн тэр мабогчууд амьтны аминд хүрэх эрхгүй байв. Энэ мэргэн хуулийн ачаар мабогчууд өдийг хүртэл гурван мянган жилийн турш дайнгүй амьдарч, мабогийн соёл иргэншил хамгийн өндөр дээд хөгжилдээ хүрсэн билээ.
Тэгээд одоо яах болж байна? Үхэх үү?
Мань Кален хөл доорхоо харав. Түүний асгасан шингэн нь шалан дээр маш том нүх гарган цоолоод идчихсэн байгааг хараад ихэд гайхлаа. Өчүүхэн муу сул цэвэрлэгч хүртэл идчихдэг яасан найдваргүй хөлөг вэ дээ. Янз нь харь гарагийнхан ч маш сул дорой амьтад бололтой.
Тетнитийн ганцхан бөмбөг байхад л хангалттай.
Тэгээд... тэгээд Мабог дээр хэн ч энэ тухай олж мэдэхгүй.
***
-За, яасан? Болж байна уу? гэж Барнет тэвчиж ядсан байртай асуув. Эйжи харандаагаар тэмдэглэсэн удирдлагын самбарыг хараад:
-Тийм л юм шиг байна гэж хариулав.
-Сайн байна. Виктор бид хоёр багийн гишүүдийн өрөөнд үлдэнэ. Хамгийн бага хурдатгалтайгаар хөөрөөрэй.
Эйжи арван секундын бэлэн байдал зарлаад товчлуур дээр дарахад түүнийг багийн гишүүдийн хэсгээс тусгаарласан хаалга хаагдлаа. Түүнийг ахиад нэг товчлуур дээр дарахад аккумуляторууд ажиллаж эхэллээ. Одоохондоо бол ч бүх зүйл хэвийн явж байлаа.
Тосорхог шингэн шалан дээгүүр нарийхан жим татуулсаар урсаад гараад ирэв. Эйжи түүнийг хараад дамжуулагч нарын нэг нь тос алдаад байгаа юм байна гэж сурсан зангаараа бодчихоод бодсон даруйдаа мартаж орхилоо. Автомат чиглүүлэгчид шаардлагатай чигийг оруулаад хөдөлгүүрийг асаатал хөлд нь сонин юм хүрэх шиг болохыг мэдрээд харвал өтгөн, эвгүй үнэртэй шингэн төө хэртэй зузаанаар шалыг бүхэлд нь дүүргэчихсэн байх нь тэр. Тос алдалтын шалтгааныг тогтоох гэж Эйжи хамгаалалтын бүсээ тайллаа. Удалгүй шингэнийг лугшилтаар цацан гаргаж байгаа дөрвөн нүхийг олов. Тэгээд хаалгыг удирддаг товчлуур дээр дарсан ч хаалга нээгдсэнгүй. Аль болох сандрахгүй байхыг хичээн мань эр хаалгыг маш анхааралтай үзэв.
Хаалга яах аргагүй л онгойх ёстой байлаа.
Гэвч онгойсонгүй.
Эйжи удирдлагын самбар руу буцаж очив. Хөлөг рүү орж байхад ямар ч шингэн олж хараагүй. Тэгэхээр буцаж урсдаг хоолой байгаа юм байна.
Шингэн гадагшилдаг хоолойг олох үед өмхий үнэртэй шингэн бэлхүүсээр нь татчихаад байв. Эйжи арааг нь өөр рүүгээ татахад шингэн дороо алга болчихов. Дараа нь хаалга ч нээгдлээ.
-Юу болоод байна гэж Барнет асуув.
Болсон зүйлийг Эйжи ярьж өглөө.
-Тэгвэл ойлгомжтой гэж Барнет тайван хэллээ. –Тэгш өнцөгт хэлбэртэй найз мань хөөрөх үеийн хурдатгалыг яаж тэсвэрлэдэг юм бол доо гээд бодоод байсан юм. Бид хөлгийн дотор цаадахыг чинь бүсэлчихэж болох юу ч олоогүй шүү дээ. Тэгэхээр цаад чинь хөлөг хөөрөхөд бэлэн болох үед нисгэгчийн хэсгийг автоматаар дүүргэдэг тосон дотор хөвж байдаг юм байна.
-Тийм юм бол хаалга яагаад онгойхгүй байсан юм бол?
Барнет:
-Ойлгомжтой биш байна гэж үү гэж хэлээд жаахан хүүхэд аргадаж байгаа мэт инээмсэглэв.-Хөлгийг тэр чигээр нь тосонд хутгах шаардлага байхгүй шүү дээ.Тэгээд ч санамсаргүй тос алдагдахаас давхар хамгаалж байгаа хэрэг.
-Тэгвэл бид хөөрч чадахгүй юм байна.
-Яахаараа тэгдэг билээ?
-Би тосон дотор амьсгалж чаддаггүй. Гэтэл намайг хөдөлгүүр асаамагц л тос дүүрээд ирнэ.
-Чи тэгвэл буцаж урсгах хоолойг нээгээд буцаж хаалгахгүйн тулд тохируулагчийн арааг холбоод уячихдаг байхгүй юу. Тэгэхээр тос дүүрч байгаа хурдаараа буцаж урсах болно.
Эйжи:
-За за тэгвэл үзээд л алдахаас гэж ямар ч баясгалангүй дуугаар зөвшөөрлөө.
Ахмадын зөвлөгөө үнэхээр зөв болж таараад шингэний түвшин 5 см хэртэйгээс хэтэрсэнгүй. Хурдатгалын тохируулагчийг хамгийн бага дээр нь тааруулж байгаад Эйжи хөөрөх товчлуур дээр дарлаа.
***
Газраас тасран хөөрч яваа хөлгөө Кален гунигтай харцаар үдлээ. Тэр бөмбөг тавьж зүрхэлсэнгүй. Хэдэн зууны турш мөрдөгдөж байгаа хуулийг хэдхэн цагийн дотор зөрчинө гэдэг амаргүй.
Гэвч Кален барьц алдан сандарсангүй. Бууж өгөхгүй болоогүй байна шүү. Эцсийн амьсгал хүртлээ амьдралаас зууралдаж, гараг дээр өөр хөлөг нисч ирнэ гэсэн саяд ганцхан боломж байсан ч найдсаар байх болно.
Цэвэрлэгч шингэнээс агаар орлуулагчийг хялбархан хийж болно гэдгийг сая л Кален сэтгэв. Ямар ч байсан хэд хоног амьсгалах агаартайгаа. Болдогсон бол дээр нь нэмээд керлийн самараа хагалчихвал ч...
***
Муурч унахынхаа өмнө хурдатгалыг хоёр дахин багасгаж амжсан байснаа Эйжи ухаан ороод ойлголоо. Ингэсэн тулдаа л амьд байгаа болж таарав.
Гэсэн хэдий ч хөлгийн шатлалаар бол бараг тэгтэй тэнцүү байгаа хурдатгалыг тэсч давахын аргагүй хэвээр. Эйжи хаалгыг нээгээд өөрийнхөө хэсгээс мөлхөн гарав.
Барнет Виктор хоёрыг бэхэлсэн бүс нь хөөрөх үед зад үсэрчихэж. Виктор дөнгөж ухаан орсон бололтой, харин Барнет юу ч үгүй шалчийсан хайрцагнууд дотроос арай хийн гарч харагдана.
-Юун тэнэг наргиан бэ? гэж Барнет үгүйээ зөөж ядан хэлэв.-Хамгийн бага хурдатгалтгайгаар гэж би хүний хэлээр хэлсэн биз дээ.
-Би хамгийн багаас хоёр дахин бага хурдатгалтай хөөрсөн гэж Эйжи хариулав.-Өөрөө очоод харахгүй юу.
Барнет нисгэгчийн хэсэг рүү ороод, удалгүй буцаад ирэв.
-Хэрэг ч бишдлээ дээ гэж нөгөө хоёртоо хэлэв.-Энэ хөлөг чинь манайхаас гурав дахин илүү хурдатгал авахаар тооцологдсон юм байна. Тэр тэнэг гараг нь хэтэрхий их хүндийн хүчтэй болохоор хөөрөхийн тулд аймшигтай хурд авах шаардлагатай байдаг бололтой.
Ханан дотор нэг юм тас няс хийв.
Сэхээ орсон Виктор:
-Нэг л дулаан болоод байгаа юм шигээ гэж болгоомжтой хэлэв.
-Даралт ч бас нэмэгдээд эхэллээ гэж Эйжи хэлчихээд удирдлагын самбар руу зүтгэлээ.
Барнет Виктор хоёр түгшүүр дүүрэн харцаар хөгшин нисгэгчийн араас ширтэн үлдэв.
Эйжи минчийж улайсан нүүрнийхээ хөлсийг арчин:
-Би яаж ч чадахгүй юм байна аа. Хөлгийн доторх дулаан, даралтыг автоматаар тохируулдаг юм байна. Янз нь нислэгийн явцад “хэвийн” гэсэн түвшин хүртэл өөрчлөгддөг бололтой.
-Тэгвэл яаж ийж байгаад унтраагаач дээ, чөтгөр ав гэж Барнет хашгирлаа.-Эсвэл чи биднийг шарж алах гээ юу?
-Дулаан тохируулагч тэртээ тэргүй тэг дээрээ байгаа гэж Эйжи хариулав. –Илүү багасгах ямар ч аргагүй.
-Тэр муу хараал идсэн харь гарагийн амьтны хэвийн дулаан нь хэд юм бол доо?
-Бодохоос ч аймаар гэж Эйжи хариулав. –Хөлгийг санаанд оромгүй их дулаан даах чадвартай эдээр хийж. Бас дэлхийн хөлгүүдээс арав дахин өндөр даралтыг даах чадвартай юм. Энэ хоёр өгөгдлийг харьцуулж байгаад өөрөө бодоод үз дээ...
Төмөр шал бараг улайсчихаж. Барнет тэсгэл алдан:
-Гэхдээ наадуул чинь ер нь унтардаг юм байгаа биз дээ гэж уурлалаа.
-Наадахаа унтраа л даа гэж Виктор дуу мэдэн чарлав.
-Би ямар энэ хөлгийг угсраа юу гэж ирээд Эйжи өөрийгөө зөвтгөж эхлэв.-Би яаж мэдэх юм...Намайг зүгээр байлга гээд Эйжи бластераа шүүрэв. Тэгтэл гэнэт толгойд нь мэргэн санаа гялсхийж, мань эр хөдөлгүүрүүдийг унтрааж орхив.
Ханан дотор тас няс хийх чимээ гарахаа байж хөлгийн доторх хөрж эхлэв.
-Юу болсон бэ? гэх дууг нь сонсвол Виктор шууд тайвширчихаж.
-Хөдөлгүүр ажиллаагүй үед дулаан, даралт хоёр унадаг юм байна гэж Эйжи хариуллаа. –Хөдөлгүүр асаагүй цагт бид аюулгүй.
Хэсэг зуурын анир чимээгүй Барнет эвдлээ:
-За тэгэхээр хэдүүлээ заваан юманд орооцолдож дээ, тийм үү?
-Тэгэж ээ гэж Эйжи батлав.-Инерцээрээ урагшлаад байвал хамгийн наад зах нь гурван жил болж байж том гарагт хүрнэ.
-Тэгвэл одоо яая гэх вэ, өөрсдийнхөө хөлөг рүү л буцахаас даа.
Эйжигийн дотор нь онгойсон ч гаднаа мэдэгдэлгүйгээр автомат чиг баригчид шинэ чиг орууллаа.
-Нөгөө амьтан чинь хөлгийг маань эргүүлж өгөх болов уу гэж Виктор асуув.
-Мэдээж гэж Барнет итгэлтэй нь аргагүй хариулав.-Өөрийнхөө хөлгийг ямар ч үнээр хамаагүй буцааж авахыг хүсч байгаа. Тэгэхээр манай хөлгийг орхиж л таарна.
-Тийм л дээ. Гэхдээ цаадах чинь..
-Бид автомат удирдлагыг нь эвдэлнэ. Засах гэсээр нэлээд удах биз гэж Барнет хэллээ.
-Нэг их удах нь юу л бол гэж Эйжи бодлоо хэлэв.-Дараа нь тэртээ тэргүй биднийг гүйцээд авна.
-Тэр ч юу л бол гэж Барнет мушилзав.-Хамгийн гол нь хэдүүлээ түрүүлээд хөөрөөд авах хэрэгтэй. Энэ хөлгийн их бие хэдий бат бөх ч гэлээ гурвын гурван цөмийн дэлбэрэлтийг даах нь юу бол.
Эйжигийн царай нь цонхийж орхив:
-Энэ талаар харин бодоогүй юм байна шүү.
Барнет өөдрөг хоолойгоор:
-Тэгээд хэдүүлээ хэзээ нэгэн цагт эргэж ирнэ. Энэ хөлгийг хийсэн металл үнэ хүрэх нь гарцаагүй гэж үгээ дуусгав.
Эйжи хөдөлгүүрүүдийг асаан “Индэвэр-2”-ыг гараг руу эргүүллээ. Автоматууд ажиллаж хөлгийн дулаан яах ийхийн зуургүй нэмэгдээд ирлээ. Автомат чиглүүлч шаардлагатай чигт нисч байгаа эсэхийг магадласны дараагаар Эйжи хөдөлгүүрүүдийг унтраахаад, хөлөг цаашаа инерцийн хүчээрээ нисч эхлэв.
Тэд автоматуудыг эвдэлж амжсангүй. Учир нь газардахын өмнө Эйжи хөдөлгүүрүүдийг дахин асаахаас өөр аргагүй болсон болохоор “Индэвэр-2”-ыг газардасны дараа манай гуравт арай хийж гадагш гарах тэнхээ л үлдсэн байсан юм.Тэдний хамаг бие нь түлэнхийн цэврүүгээр дүүрч, гутлынх нь ул нэвт шатсан байв.
Манай гурав ойд нуугдаад хүлээж байлаа.
Хэсэг хугацааны дараа харь гарагийн амьтан тэдний хөлгөөс гараад өөрийнх рүүгээ оров. Ороод агшин төдий л удсан байх хаалганууд нь хаагдаад авлаа.
Барнет:
-За тэр харав уу гэж хэлээд бослоо. –Одоо харин яаралтай хөөрөх хэрэгтэй шүү. Эйжи чи шууд л удирдлагын самбар руу яв. Би аккумуляторуудыг холбоно, харин Виктор хаалгыг татаж хаана. Урагшаа.
***
Кален нөөц савыг нээхэд хөлөг анхилуун сайхан үнэртэй, цэнгэг шар хийгээр дүүрлээ. Кален хэсэг зуур тамшаалан байж амьсгаллаа.
Дараа нь хамгийн том гурван ширхэг керлийн самарыг сонгож аваад няцлагч няцалж дуусахыг нь тэвчээртэй хүлээлээ.
Цадаж авсныхаа дараа Калений бие хавьгүй дээрдээд ирэв. Хувцас солигчоор чулуу шиг болсон гадна давхаргаа хуулууллаа. Иртэй хутга дээд талын хоёр давхаргыг тун чамбай зүсээд амьд, зөөлөн арьсанд нь хүрэлгүй зогсов.
Харь гарагийн амьтадын ухаан нь самуурсан байх гэж Кален бодов. Буцаж ирээд хөлгийг нь буцааж өгснийг өөр юугаар тайлбарлах билээ?
Эрх баригчдад энэ гарагийн байршлыг заавал хэлж байгаад эндээс авахуулж, эмчлүүлэх юм шүү.
Кален аз жаргалтай байлаа. Мабогийн ёс зүйн хуулийг зөрчөөгүй болохоор арга ч үгүй. Гэтэл хэрэв хүссэн бол харийн хөлөг дээр тетнитийн бөмбөг тавьчихаад хөдөлгүүрийг нь ажилгаагүй болгочихаж чадах л байсан.
Гэхдээ тийм юм хийсэнгүй.
Өөрийнхөө амьд явах нөхцлийг хангах хэдэн энгийн төхөөрөмж л угсарсан төдий.
Кален төхөөрөмжүүдээ шалгавал бүгд зүв зүгээр.
Нэгэнт зүгээрээс хойш Кален аккумуляторуудаа асаачихаад нисгэгчийн хэсгийг хүндийн хүчний эсрэг шингэнээр дүүрэхийг хүлээлээ.
***
Виктор хаалганд хамгийн түрүүнд гүйж хүрсэн ч хүрсэн даруйдаа буцаад шидэгдэх нь тэр. Барнет гүйцэж ирээд:
-Юу болсон бэ? гэв.
-Намайг нэг юм цохиод авлаа.
Гурвуулаа хөлгийн дотогш болгоомжтой шагайлаа.
Тун чамбай холбосон утаснуудыг аккумуляторуудаас хана хүртэл татсан харагдана. Хэрэв Виктор хананд хүрсэн л бол тэр даруйдаа гүйдэлд цохиулан үхэх байж.
Үхэл агуулсан хэлхээг холбож орхиод мань гурав дотогш орлоо.
Хөлгийн дотор хөл толгой нь мэдэгдэхгүй болжээ. Шалаар дүүрэн хаа хамаагүй шидэлсэн зүйлс хөглөрнө. Тэхий дундуураа гулзайсан ган саваа буланд хэвтэж харагдав. Энэ бүхний дээр “Индэвэр”-ийн үжирсэн их биеийг хүчил хэд хэдэн газар цоо түлчихэж.
Сүүлний хэсэгт бас нэгэн урхи тэднийг хүлээж байв. Хүнд хаалгыг хэмжээ жижигтэй асаачгтай туйлын хорон санаатайгаар холбочихож. Ганцхан удаа л болгоомжгүй хөдлөхөд орох гэж оролдсон хүн гамбир болох байлаа.
Сансрын нисгэгчдийн хэнийх нь ч тайлж мэдэхгүй өөр бусад төхөрөөмжүүд бас байв.
-Хэдүүлээ энэ бүхнийг засч чадах болов уу? гэж Барнет асуув.
-Манай бараг бүх багаж “Индэвэр-2” дээр үлдсэн. Жил хэртэй ноцолдвол зарим нэг юмаа засч чадах ч их бие засварыг даана гэж баттай хэлж чадахгүй л юм гэж Эйжи хэлээд мөрөө хавчив.
Мань гурав гадагш гарлаа. “Индэвэр-2” тэнгэр өөд цойлон хөрч байв.
Барнет хүчилд идэгдсэн хөлгийн их биеийг хараад:
-Өөдгүй новш юм даа гээд байдгаараа уурлан хараал урсгав.
-Харь гарагийн амьтан ямар хэрэг тарихыг тааж мэдэх ч хэцүү юм даа гэж Эйжи гүн гүнзгий дүгнэлт хийв.
-Харь гарагийн сайн амьтан гэвэл харь гарагийн үхсэн амьтныг л хэлэх байх даа гэж Виктор хэлэв.
“Индэвэр-1” одоо “Индэвэр-2”-той адил нууцлаг, аюултай хөлөг болон хувирч. Харин “Индэвэр-2” аль хэдийн сураггүй болсон байлаа.
ТӨГСӨВ.
+ comments + 4 comments
Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com}
Нэгдмэл байдал, дэлхий даяар гэрэлтэх агуу дараалалаас мэнд хүргэе. Энэ бол гэрэлтсэн ахан дүүстэйгээ нэгдэх боломжийг танд олгож байгаа бөгөөд таны алдагдсан мөрөөдлийг сэргээж чадах баялаг, аз жаргалын гэрлийг харж болно. ямар ч цусыг золиослохгүй. Мөн бид 550,000 ам.долларыг бүх шинэ гишүүдэд урьж оролцуулахын зэрэгцээ тэдний сонголт, байршилд хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалт хийснээр энэ боломжийг олгоно.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ГЭРЭЭГТЭЙ ГЭРЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ ҮНЭТГЭЛТЭЙ.
1. Бэлэн мөнгөний шагнал $ 550,000 ам.доллар.
2. Шинэ Sleek Dream Dream машин нь 150,000 ам.доллараар үнэлэгдсэн
3. Таны мөрөөдлийн орондоо худалдаж авсан мөрөөдлийн байшин.
Дэлхий дээр хамгийн сайн 5-тэй болзох болзол хангасан сар.
Удирдагчид болон дэлхийн хамгийн алдартай таван алдартнууд. Хэрэв та сонирхож байвал өмнөх и-мэйл хаягтай холбоо барина уу = greatilluminate99@gmail.com
ТАЙЛБАР: Энэтхэг, Турк, Африк, АНУ, Малайз зэрэг улсуудаас та бүхэнд нэгдэж болох Illuminati -
Дубай, Кувейт, Их Британи, Австри, Герман, Европ. Ази, Австрали,
Мэндчилгээ ГЭРЭЛ ЗУРГИЙГ ТОГТВОРТОЙ БАЙГУУЛЛАГА
Та бөөрийг 800,000 ам.доллараар зарахыг хүсч байна уу? Энэ чи
Бөөрийг зарах боломжийг хайж олох
Санхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байна
Үүнийг хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол Doctor UMAR
Би бол UMAR Clinic-д нефрологич юм. Манай клиник
Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид бас эмчилдэг
Бөөрний худалдан авах, шилжүүлэн суулгах
Холбогдох хандивлагч
Бид Энэтхэг, Турк, Франц, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт улсад байрладаг
Хэрэв та бөөрийг худалдах, худалдан авах сонирхолтой бол бүү хий
И-мэйлээр бидэнтэй холбоо бариарай.
Имэйл: doctorumarclinic@gmail.com
анхааралтай байх
DR UMAR.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариарай. Dr.louisclinic@gmail.com -ээр дамжуулан бид танд Бөөрнийхээ сайн дүнг санал болгож байна. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл +918704214690 or dr.louisclinic@gmail.com
WhatsApp: +15172342545
Үнэ: $450,000usd
Post a Comment