/ТАЛАРХАЛ
Гайхалтай гэрийн эзэгтэй Алекс, хөөрхөн охид Лилли-Элла, Лекси болон цаг үргэлж надад санаа тавьдаг хайрт аав Пол, ээж Жюли, шүтээн минь болсон ах Пол нартаа энэ номоо зориуллаа. Мөн сайн найз, итгэлтэй агент Струан Маршалл, түүний туслах Катрин Тэйлор нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлье.
“Ливерпуль” багт тоглох боломжийг олгон мөрөөдлийг минь биелүүлсэн хүн бүрт маш их талархаж явдаг. Би хэзээ ч ганцаараа алхахгүй гэдгээ мэднэ. Миний амьдралын түүхийг сонсож, сэтгэлд нийцтэл бичсэн “Дэйли Телеграф” сонины сэтгүүлч Хенри Винтер, “Дэйли Экспресс”-ийн Пол Жойс нарт баярлалаа. Мөн Даг Янг эрхлэгчтэй “Transworld” хэвлэлийн газрынхныг бахдая. Туслах Эмма Масгреив, редактор Даниэль Баладо-Лопес, хавтасны загварыг зохиосон Стив Малкэхи, хэвлэгч Билл Скотт-Керр, Элисон Бэрроу нарт маш их баярлалаа. Мөн миний “Ливерпуль” болон Английн шигшээд хийсэн тоглолтуудын статистикийг олж, нэгтгэж өгсөн Жед Ри, Дейв Бол нарт талархал илэрхийлье.
ӨМНӨХ ҮГ
Би “Энфильд” рүү орохоор “Шэнкли Гэйт”-ээр өнгөрөх бүртээ өөрийн эрхгүй хурдаа саадаг. Тэнд Хиллсборогийн эмгэнэлт явдлын дурсгалд зориулан босгосон хөшөө байдаг юм. 1989 оны “FA Cup”-ын хагас шигшээд хайртай багаа дэмжихээр яваад эргэж ирээгүй “Ливерпуль”-ийн 96 хөгжөөн дэмжигчийн бунхан тийнхүү хүндэтгэлтэйгээр дүнхийх бөлгөө. Цэнгэлдэхэд ирсэн хөгжөөн дэмжигчдийн гүн хүндэтгэлийн илэрхийлэл болгонүлдээсэн ороолт, мөн тэрхүү эмгэнэлт ослоор гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхноо алдаж, сэтгэлийн эдгэршгүй шархтай үлдсэн хүмүүсийн тавьсан цэцгийн баглаа хөшөөний ойр тойронд нь харагдана. Өмнө талд нь тэрхүү 96 хөгжөөн дэмжигчийг хэзээ ч мартаж болохгүйг сануулах мөнхийн гал бадамлан асна.
Би “Leppings Lane End”-ээс унаад дахин босч ирээгүй тэдний нэрийг бичсэн бунханд уншиж болохуйц ойртож очоод нэг нэрийг тогтож харав. Тэр бол Шеффильдээс эргэж ирээгүй хөгжөөн дэмжигчдийн хамгийн бага нь болох арван настай Жон-Пол Жилхули байлаа. Хайртай багаа дэмжихээр яваад эргэж ирээгүй бяцхан хөгжөөн дэмжигч. Амьдрал нь дөнгөж эхэлж байхад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүү. Суудлын тооноос давсанүзэгч цэнгэлдэхэд цугласан нь үхлийн шалтгаан байлаа. Би Жон-Полыг мэднэ. Тэр бол миний үеэл юм. Нуруугаар хүйт дааж, бие маань чичивхийлэх шиг болов. Бунханд ёслоод хурдаа нэмлээ.
Машинаа зогсоолд тавьчихаад “Энфильд” рүү Жон-Полын тухай, түүний эцэг, эхийн талаар, өөрийгөө ямар азтай вэ хэмээн бодсоор алхав. Хиллсборогийн аймшигт явдал болж, Жон-Пол өнгөрөхөд би есөн настай байсан. Бид хоёр нэг насны зөрүүтэй ба хөлбөмбөгт өгсөн сонирхлоороо нэгддэг байв. Жон-Пол бол “Ливерпуль”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч. Үйлдэл бүхнээрээ үүнийгээ илэрхийлэх тэрбээр надад нөлөөлж, нэг л мэдэхэд би улаан цамцнаас салахаа больсон байж билээ. Ойрхон газар амьдардаг, адил сонирхолтой гээд биднийг ойртон дотносуулах зүйл бишгүй. Жон-Пол “Ливерпуль”- ийн хувцас өмсөөд бидний амьдардаг Ливерпулийн захад орших Хюитон дүүргийн хэдэн гудамжаар бөмбөг өшиглөн өдөржингөө тэнэдэгсэн. Тиймээс “Ливерпуль“ клуб Жон- Полын ертөнцийн илэрхийлэл байсан юм.
1989 оны дөрөвдүгээр сарын 15-ны бямба гариг Мерсисайдын бүх хүний ой тойнд шингэсний адил миний санаанаас гардаггүй. Би “Ливерпуль” гэдэг “шашин”-тай гэрт өсч хүмүүжсэн. Тэр үдэш тоглолтын үеэр ямар нэг таагүй зүйл болсныг дуулсан манайхан агшин зуур зурагтынхаа өмнө цуглан мэдээ үзлээ. Аав, ээж, ах бид бүгдээрээ нүдэндээ итгэмээргүй зураглалыг харж, балмагдан сууж байв. Аймшигт мэдээ үргэлжлэн сонсогдоно. Яг юу болоод байгааг ойлгох хүн бидний дунд байсангүй. Яагаад? Яаж? Хэн? гэхчилэн өчнөөн асуулт араасаа хөвөрнө. Тэр орой манай гэрийнхэн бүгд л уруу царайлан гунигтай байв. Бүгдээрээ “Бурхан минь, бидний таньдаг хүмүүсээс л тэнд битгий байгаасай” гэсэн үгийг байн байн бувтнацгаана. Шөнө болсон тул би унтахаар явлаа. Шатаар өгсөж өрөөндөө ороод орон дээрээ тэрийн унаж, элдэв бодлоо хөөн унтахыг хичээв. Гэвч нойр минь хулжжээ. Хиллсборогийн зураглалууд нүдэнд үзэгдсээр. Тэгж хэвтсээр үүрээр багахан зүүрмэглэсэн байв.
Маргааш өглөө нь 08.30 цагийн орчимд хаалга тогших чимээ сонсогдов. Би шатаар гүйн бууж хаалгаа онгойлголоо. Тони өвөө иржээ. Тэр юу ч хэлсэнгүй шууд үүдний өрөөнд орлоо. Манай гэрийнхэн ч тэнд цуглан өвөөгийн ярихыг хүлээж түгшин зогсоцгоов. Ямар нэг муу юм болжээ гэдэг нь илт. Өвөө гудамжны нөгөө үзүүрт амьдардаг тул ийм эрт ирсэнд нь бид гайхаж зогслоо. Бид манайхнаас Хиллсборо руу хэн ч яваагүй гэж бодож байсан. Гэвч өвөөгийн царайнаас ямар нэг муу юм тохиолджээ гэдэг нь харагдаад байлаа.
“Би муу мэдээтэй ирлээ” гэж тэр хэлэв. “Жон-Пол нас баржээ”.
Манай гэрийнхэн бүгдээрээ уйлж, халаглан мэгшиж эхэллээ. Бид Жон-Полыг тоглолтүзэхээр явсныг нь мэдээгүй юм. Тэр “Энфильд”-д болдог тоглолтуудыг өнжилгүйүздэг. Харин “FA Cup”-ын хагас шигшээ өөр хотод болсон билээ. Өвөө болсон явдлыг тайлбарлалаа. Жон-Полын ээж Жеки хүүдээ тасалбар авч өгсөн аж. Хайртай баг нь энэчухал тоглолтод хэрхэхийг газар дээр нь үзэх явдал хүүд нь ямар том бэлэг болохыг мэдсэн хэрэг. Тоглолт эндээс ердөө 70 миль (112 км) зайд орших Шеффильдэд болсон. Тиймээс л тэр явахыг хүсчээ. Эцэг, эхийнх нь найз Жон-Полыг авч явсан байна. Тэд бямба гаригийн өглөө баяр хөөр болсоор Ливерпулиэс хөдөлсөн ч Жон-Пол эргэж ирсэнгүй. Өөрөөр хэлбэл тоглолт үзэхээр яваад эргэж ирээгүй. Энэ үг мөнхөд миний цээжинд хадагдах болно.
Хиллсборогийн явдлын дараа энэ аймшигт хэргийг мартах амаргүй байв. Би хичээлтэй байсан учраас Жон-Полыг оршуулах ёслолд очиж чадсангүй. Гэхдээ энэ бол зүгээр л шалтаг байсан юм. Үнэндээ аав минь намайг тэнд очуулахыг хүсэхгүйг би мэдэж байсан. Эцэг, эх минь намайг зүрхшээж, няцахаас сэргийлснийг би сүүлд ойлгосон. Би бага байсан болохоор үеэл маань бидний дэмждэг багийн төлөө амиа өгсөн гэж бодож байв.
Би “Ливерпуль”-ийн Бэлтгэлийн төвд хичээллээд удаагүй байтал Хиллсборогийн хэрэг тохиож, хэсэг хугацаанд бэлтгэл завсарласан. Тэгээд бид бэлтгэлдээ дахин цуглах үед би багш нарын царайг хараад тэрхүү аймшигт явдал клуб, хотынхонд бүгдэд нь хүндээр туссаныг ойлгосон. Хиллсборогийн хэргийн талаар манай гэрийнхэн бүтэн сарын турш ярьж гашуудацгаасан юм. Тэр явдлаас хойш хэдийнэ 17 жил өнгөрсөн ч бид яг л тэр үеийнхээ мэдрэмжээр үүнийг хүлээж авдаг.
Би нэгэнтээ “Энфильд”-д өсвөрийн хөлбөмбөгчдийн бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдаж байхдаа Жон-Полын эцэг, эхэд тэр явдал надад тэмүүлэл өгдгийг хэлсэн. “Ливерпуль”- ийн төлөө анхны тоглолтоо хийхийн өмнө тэд над дээр ирээд “Жон-Пол чамаар маш их бахархах байсан даа” гэж байв. Жон-Пол тэр дээрээс намайг хараад бидний мөрөөдөл биелсэнд баярлаж байгаа мэт мэдрэмж тэр тоглолтын туршид төрж байж билээ. Би ялалтын баяр хөөрт умбаж байх үедээ үргэлж Жон-Полын тухай бодож, “Ливерпуль”-ийн хожил түүнд ямар их баяр баясгалан өгдөг байсныг мэдэрдэг. Ингэхдээ Жон-Пол дахиж хэзээ ч дэргэд минь байхгүй гэхээс зүрх зүсэгдэх шиг болдог юм.
“Ливерпуль” клуб Жон-Полын гэр бүлийнхний хувьд шүтээн нь байсан. Тэд Хиллсбород ойр дотныхноо алдагсдын нэгэн адил одоо ч энэ багт хайртай хэвээр байдаг юм. “Ливерпуль”-ийн төлөө гэх сэтгэл үе уламжлан үлдэж, улам бүр өргөжин тэлж байдаг билээ. Нэг удаа Жеки (Жон-Полын ээж) аавд маань “Ливерпуль” клуб уй гашууг нь нимгэлдэг гэж хэлж байсныг би ер мартдаггүй. Хиллсборогийн эмгэнэлт явдал болсон жил бүрийн тэр өдөр клубээс “Энфильд”-д дурсгалын үйл ажиллагаа явуулдаг. Үүнд багийн бүх тоглогч оролцох үүрэгтэй. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Тоглогчид тэрхүү 96 хөгжөөн дэмжигчид хүндэтгэл үзүүлэх ёстой. 2005 оны яг энэ үед би ханиад хүрээд хүндхэн байсан ч “Энфильд” рүү явсан. Надад Хиллсборогийн эмгэнэлт явдлын дурсгалын үйл ажиллагааг таслах, өнжих эрх байхгүй. Энэ бол миний амьдралын салшгүй хэсэг.
Тоглогчид эхлээд “Мелвүд” дэх бэлтгэлийн бааздаа цуглаад багийн автобусаар “Энфильд” рүү явдаг. Чухам юунд явж байгаагаа ойлгохгүй гадаадын тоглогчдод би энэ үйл ажиллагааны тухай тайлбарлаж өгнө. “Бид хаашаа явж байгаа юм бэ? Юу хийх вэ?” гэхчилэн тэд асууцгаана. Магадгүй тэд Хиллсборогийн хэргийн талаар сонссон байж болох ч бүрэн түүхийг нь мэдэхгүй билээ. Би болсон явдлын талаар ярихад тэд гайхан дуугүй сууцгаадаг. Мөн Хиллсборогийн хэргийн талаар худал, оргүй мэдээллийг хамгийн их түгээсэн “Sun” сонин яагаад “Мелвүд” бэлтгэлийн бааз, “Энфильд” цэнгэлдэх хүрээлэн, мөн манай гэрт байдаггүйг тайлбарлаж өгнө. “Ливерпуль”-ийн бүх хөгжөөн дэмжигч “Sun” сонинг уншдаггүй. Би “Ливерпуль”-ийн дэмжигч, тиймээс багийн үзэл санааг хүндэтгэнэ.Тэгээд ч би Хиллсборогийн хэрэгт гэр бүлийн гишүүнээ алдагсдын нэг учир тэр сонинг хэзээ ч уншихгүй. Энэ бүхнийг сонссоны дараа легионеруудын царайд хүндэтгэл, бишрэл тод харагддаг. Би багийнхны маань нэг нь ч хүндлэлийнхээ хариуг нэхсэнийг санахгүй байна. Легионерууд энэ үйл ажиллагааг таслалгүй оролцдог. Энэ нь тэдний багийн өмнө хүлээсэн үүрэг байхын зэрэгцээ шинэ тоглогчдод багтайгаа гүн гүнзгий танилцах боломжийг олгодог юм.
Богино боловч энэ аялал надад ер бусын байдаг. Багийнхантайгаа аялсаар “Энфильд”-д орж ирэн тэнд байгаа гэрийнхнийгээ харангуут Жон-Полын тухай бодол дахин намайг нөмрөн авна. Миний хувьд энэ үйл ажиллагаанд оролцож буй нь багийн тоглогчийн зүгээс биш, хувийн үүрэг минь юм. Би мөн багийн ахлагчийн хувиар эмгэнэн гашууддаг билээ. Дурсгалын ёслолын өдөр “Ливерпуль” баг хөгжөөн дэмжигчдэдээ зориулан суудлын хоорондох тусгаарлах хашлагыг буулгадаг. Учир нь тэр бямба гаригийн үдэш Хиллсбород хангалттай зай байгаагүйгээс эмгэнэлт явдал болсныг ийн сануулдаг юм. Дурсгалын үйл ажиллагаа хэдэн цаг үргэлжилнэ. Бид сүлд дуугаа дуулж, 96-гийн төлөө гашуудацгаадаг.
2006 онд би олны өмнө үг хэлэхдээ маш их сэтгэл хөдөлж билээ. Би нэг удаагийн ёслол дээр “Ливерпуль”-ийн нөөц хаалгач байсан Пол Харрисонтой үг сольсон юм. Полын аав нь Хиллсбород үрэгдэгсдийн нэг байсан. Аймшигтай юм. Би эцэг, эхийнхээ хэн нэг нь байхгүй гэж төсөөлж ч чадахгүй нь.
Эндхийн хүмүүс бие биеэ сайн ойлгож, тусалж дэмжицгээдэг. Ливерпульд та хэзээ ч ганцаараа алхахгүй. Манай багийн дууны үг, гайхамшигт аялгуу нь хүмүүсийг холбон дотносуулах хүчтэй. Бид сайхан цагт хамтдаа баярлаж, хүнд үед зовлонгоо хуваалцаж чаддаг хүмүүс. “Хиллсбород гэр бүлийнхнийгээ алдагсдын нийгэмлэг” нь олныг татах увдистай, мөн ийм хүндлэлийг хүлээх ёстой. Тэд шударга үнэнийг тогтоож, үүнийг олон нийтэд мэдэгдэхийг хүсдэг. Хэн ч суудаггүй сандал, хүн ордоггүй өрөөтэй айл Ливерпульд олон. Тэд шударга үнэнийг нэхэх эрхтэй. Би өөрөө үүний нэг хэсэг нь учир тэдний үйл ажиллагааг бүрэн дэмждэг. Бид Хиллсбород чухам юу болсон, үүнд хэн буруутай вэ гэдгийг мэдэх ёстой. Хэн ч гэм зэмгүй 96 хөгжөөн дэмжигчийн нэр хүндэд халдах эрхгүй юм. Миний үеэл Хиллсбород цаг бусаар таалал төгссөн. “Энфильд”-д халаалт хийж байхад “96-гийн төлөө шударга ёсыг тогтооё” гэсэн уриа намирахыг хараад түүнийг нь дэмжин толгой дохидог. Засгийн газар шаардлагатай бүх судалгаа, мөрдөн байцаах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тэгж байж л амь үрэгдсэн 96-гийн гэр бүлийнхэн чухам юу болсон талаар шударга үнэнийг мэдэх боломжтой. Тэгж байж л тэд ойр дотныхныхоо булшин дээр гашуудан зогсохдоо аймшигт явдлын үнэн мөнийг хайж шаналахгүй. Үнэндээ тэр эмгэнэлт явдал болохгүй байж болох л байсан шүү дээ.
Хиллсборогийн эмгэнэлт явдал дахин давтагдах учиргүй. Хөлбөмбөгөөс болж хэн нэгэн дахиж амиа алдах ёсгүй. “Шэнкли Гэйт”-ийн дэргэдэх хүйтэн гантиг чулуун дээрээс Жон- Полын нэрийг унших бүртээ би уй гашууд автаж, бас уур хилэн хүрэх шиг болдог юм. Урьд нь дуулаагүй нэгэн нь мэдээж аваарай, би Жон-Полын төлөө хөлбөмбөг тоглодог.
УЛААНЫ ТӨЛӨӨ ЗАЯАГДСАН
Миний судсыг нээж харвал яг л “Ливерпуль”-ийнх шиг улаан цус оргилох болно. Би энэ багт зүрхний угаас хайртай учраас тэр. “Энфильд”-д тоглох хүсэл, мөрөөдөл минь Жон-Полыг өнгөрөхөд улам бүр хүчтэй болж билээ. Дунд сургуульд байхдаа хүнд гэмтэл авч шаналж хэвтэхдээ энэ хүсэл маань туйлдаа хүрсэн юм. Миний хөлбөмбөгчний замнал эхлээ ч үгүй байхдаа сүйрчихэж болох байлаа. “Ливерпуль” болон Английн шигшээд тоглон Европын цомыг толгой дээрээ өргөж, ДАШТ-д од болон гялалзах мөрөөдөл минь биелэх боломжтой үлдэх эсэхийг мэс засалчийн ур чадварт есхөн настайдаа даатгаж байж билээ.
“Энфильд” бол миний анхны хайр, хоёр дахь гэр минь юм. Ирээдүй минь эмнэлэгт өнгөрөх вий гэсэн айдаст автсан тэр үед би “Вернон Сангстер” спорт сургалтын төвд Майкл Оуэнтэй хамт хичээллэдэг байлаа. Одоо ч Мерсисайдын Хюитон дүүрэг дэх гэрийнхээ ойролцоо тэр хэсэг зүлгэн дээр болсон явдлыг эргэж санахаар бие минь зарсхийх шиг болдог. Тэр бол бутаар хүрээлэгдсэн хог хөглөрсөн жижиг талбай байлаа. Хүмүүс хогоо тэнд зүгээр л хаячихдаг байсан. Гэхдээ үүнийг бид хайхарсангүй. Энэ талбай бол найзуудтайгаа хөлбөмбөг тоглоход яг тохирсон газар. Бид өвөл зунгүй, өдөр шөнийг ялгалгүй энд л өнждөг байсан. Тэр хог новшинд дарагдсан жижиг талбай бидний хувьд “Энфильд”, “Гудисон Парк”, “Уэмбли” мэт санагддаг, энэ дэлхий дээрх хамгийн эрхэм газар маань байлаа. Нэгэн хагас сайны өглөө манай гэрийн ойролцоо байдаг Марк Ханнан гэдэг хүү бөмбөг өшиглөе гэж дуудав. Бид төдөлгүй талбай дээрээ очлоо. Энэ “Бернабеу” биш ч бидний гэр. Найз маань ням гаригийн лигт тоглодог багаасаа хэсэг тор авснаа хүзүүндээ тохжээ. Бид түүнийг нь хоёр хувааж хаалга хийгээд талдаа долоон гоолоор тоглохоор болов. Гайхалтай.
Тэгээд Марк, бид хоёр орчин тойрноо анхаарах сөхөөгүй тоглолоо. Гэтэл бөмбөг маань хэсэг халгайн дунд өнхрөөд орчихов. Тэвдэх юм алга, гараараа татаад л гаргачихна. “Миний гар хүрэхгүй байна аа. Би халгайнд түлэгдчих гээд байна” гэж Маркад хэлэв. Бөмбөг огт харагдахгүй байлаа. Халгай дэндүү шигүү ургажээ. Би “Өшиглөөд гаргачихъя” гээд оймсоо дээш нь татаад халгайн дунд яваад орлоо. Олддоггүй ээ. Хөлд маань нэг юм тэмтрэгдэв. Түүнийг маш хүчтэй өшиглөлөө. Баруун хөл бол миний цохилт хийж, дамжуулалт өгдөг гол зэвсэг билээ.
Аймшигтай юм, аймаар өвдөлт мэдрэгдэв. Би ямар нэг юм өшиглөчих шиг боллоо. Бурхан минь, ямар аймшигтай өвдөлт вэ? Шууд л зүрх минь зогсох гэж байгаа мэт болов. Би газар унан тусламж гуйн хашгирлаа. Би өдгөөг хүртэл хүнд, хөнгөн гэмтэл олон удаа авч байсан ч яг үүн шиг ийм аймшигтай өвдөлтийг дахиж мэдрээгүй. Зүүгээр ясыг маань хатгаж байгаа мэт байв. Марк гүйн ирлээ. Би “Марк, би яачихав аа? Би хөлөө халгайн дундаас гаргаж чадахгүй нь” гэж хэллээ. Марк анхааралтай ажиглаж байснаа түүний бүх цус юүлэгдсэн мэт царай нь хувхай цайчихав. Тэр агшинд надад “Тэр бөөлжих гэж байгаа юм биш биз дээ?” гэж бодогдсон. “Яачихсан байна?” гэж асуугаад хөл рүүгээ харахдаа нүдэндээ ч итгэсэнгүй. Өвсний тармуур миний эрхий хуруунд зоогдчихож. Хэн нэг нь хэрэглэхээ больсон тармуураа халгайн дунд шидчихжээ. Ишгүй, зэвэрсэн төмөр шүдтэй тэр тармуурыг би яг оноод өшиглөчихсөн байв. Сэрээний шүд ясанд минь тулахыг мэдэрч байлаа.
“Явж хэн нэгнийг дуудаач” гэж намайг хашгирахад Марк манайхыг зүглэн гүйв. Хөрш айлын Нейл Уэстон миний хашгирахыг сонсоод гүйн ирлээ. Тэр намайг халгайн дундаас татан гаргав. Хөл рүүгээ хартал тармуур яг л биеийн минь нэг хэсэг, миний нэг хуруу шиг ёрдойж байлаа. Хөрш маань “Би үүнийг сугалчих уу?” гэж асуув. Би “Та чадахгүй ээ, хэрэггүй” гэж хашгирлаа. Тэр “Юу ч гэсэн би оролдоод үзье” гээд өмнө минь суув. Сэрээ сугарах янзгүй байлаа. Тэр “Би түргэн тусламж дуудъя” гээд гүйн одов.
Би зүлгэн дээр хэвтсээр. Нулимс хацар даган урсаж, бодол санааг минь айдас эзэлжээ. Би дахиж хөлбөмбөг тоглож чадах болов уу? Чөтгөр ав гэж.
Ээж, аав хоёр гүйн ирлээ. Аав харангуутаа л байдал хүнд буйг ойлгов бололтой. “Хүү маань хөлгүй ч болж мэднэ” гэж түүнийг ээжид шивнэн хэлэхийг сонсов. Хөлөө тайруулах гэж үү? Бурхан минь, үгүй ээ. Би “Ливерпуль”-д тоглох хүсэл, мөрөөдлөө энэ хэсэг халгайн дунд булшилж орхилоо гэж үү?
Ашгүй Элдер Хейгийн түргэн тусламжийн машин ирлээ. Энэ бүх зүйл арван минутад л болсон ч надад арван цаг үргэлжилсэн мэт санагдаж билээ. Эмч нар эхний үзлэгээ хийгээд тармуурыг энд сугалж авч болохгүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Тэдний нэг нь “Бид эмнэлэгт очиж байж сэрээг авахгүй бол болохгүй. Бохир орж мэднэ” гэж хэллээ. Дөрвөн хүн намайг өргөн машинд оруулахад түргэн тусламжийн машин гэрлээ асааж, дохиогоо хангинуулан Элдер Хейгийн зүг уралдаж буй мэт хурдан давхилаа. Эмнэлэгт очих хүртэл үнэхээр аймшигтай байсан. Би Ливерпулийн зам ийм их донсолгоотой гэдгийг ер мэдээгүй юм байна. Зогсолтгүй сэгсчүүлэн давхиж буйд нь уурлан би жолооч руу хашгирч байв. Намайг хөдлөх тоолонд сэрээ ясанд минь улам гүн орж байгаа мэт санагдан, асар хүнд чулуугаар хурууг маань тахийлгаж буй юм шиг мэдрэмж төрж байлаа. Хөдлөх тусам нулимс асгарсаар. Би чичирч байв. Эмч нарын нэг нь хуруунд зоогдсон сэрээг савлуулахгүйг хичээнэ. Өвдөлт улам бүр хүчтэй болсоор. Би жолооч руу хашгирсан хэвээр. Ээж, аав маань “Энэ түүний буруу биш шүү дээ” хэмээн намайг тайвшруулахыг хичээнэ. Би зүгээр л өвдөлтөө намдаахыг хүссэн юм. “Зогсооч, зогсооч, гуйя”. Гудамжууд жирэлзэн өнгөрнө. Эмч нар надад хиймэл амьсгаа хийж явлаа. Элдер Хей эмнэлэгт хүрээд намайг шууд эрчимт эмчилгээний тасагт аваачив. Хэн ч байсан хараад л ямар хүнд болсныг ойлгохоор байлаа. Чимээ шуугианыг нь сонссон ч тэр. Ээж цурхиран уйлж, би эмнэлгийг нураах шахан хашгирч байв.
Өвчин намдаах тариа хийсний дараа л би ёолохоо болив. Тариа бүрэн үйлчлээгүй ч бие тайвширч байлаа. “Энэ тармуур дэндүү бохир юм. Тиймээс цусанд нь бохир орж мэднэ. Бид үхжилийг тархахаас өмнө хурууг нь тайрахыг хичээе” гэж хэлэх нь бүүр түүр- хэн сонсогдов. Аав эмчийн яриаг таслан “Стивен хөлбөмбөг тоглодог. Та ямар нэгэн мэс ажилбар хийх гэж байгаа бол эхлээд “Ливерпуль”-ийн хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Тэд хэрхэхийг шийдэх болно” гэж хэлэв. Аав “Ливерпуль”-ийн Академийн захирал Стив Хейвэйтэй холбогдон хэлэхэд тэр маш хурдан иржээ. Стив тун шийдэмгий ярилцаж, хяналтыг гартаа оруулав. Тэр “Та нар түүний хурууг тайрч хэрхэвч болохгүй” гэж эмч нарт хэллээ. Эмч “Бид мэс засал хийх болно. Шийдвэрийг мэс засалч гаргадаг юм” гэж хариулав. Стив зөрүүдэлсээр. “Үгүй ээ. Яасан ч тайрч, тасдах юм хийж болохгүй”.
Энэ маргаанд Стив яллаа. Бурхан минь, түүнд маш их баярлалаа. Эмч хөлийг мэдээ алдуулж, тармуурыг хуруунаас минь салгав. 20 фунтын зоос орчихмоор том нүх гарчээ. Энэ маш хүнд гэмтэл байсан ч мэс засалчид эрхий хурууг минь, хөлбөмбөгийн ирээдүйг маань хамгаалж чадлаа. Стив “Залуу минь, чи азтай, дэндүү азтай юм аа” хэмээв. Эмч нар ч түүнтэй санал нэг байлаа. Тэд “Бид урьд нь чамд тохиолдсон шиг ийм зүйлийг харж байсангүй” гэж хэллээ. Дандаа л миний уурыг хүргэж, надтай зөрчилдөж явдаг ах Пол маань их санаа зовсон байдалтай харагдав.
Энэ явдлаас болж би гурван долоо хоног сургуульдаа явсангүй. Эмч нар хэсэг хугацаанд тайван амрахыг зөвлөсөн юм. Багш нар надад гэрийн даалгавар явуулсан ч би огт хийгээгүй. Би гэмтлээ эдгээх гээд тун завгүй байлаа. Гэрийнхэн маань намайг их бөөцийлнө. Би буйдан дээр хэвтээд хөлийн боолтыг солихыг хүлээн “Ливерпуль”-ийн тоглолтуудыг үзэн хэвтдэг байлаа. Гайхамшигтай. Жон Барнес, Кенни Далглиш, Иан Раш гээд миний шүтээн болсон тоглогчид ур чадвараараа гайхуулах нь дэлгэцнээ харагдана. Энэ нь миний хурдан эдгэх хүслийг дэврээх нэг арга байжээ. Асрагч өдөр бүр ирж шарханд бохир орохоос сэргийлэн цэвэрлэгээ хийж, спирттэй хөвөнгөөр оёдлын эргэн тойронд нямбайлан арчина. Тэгээд өвдөг хүртэл боолт хийдэг байв. Шарх аниад эдгэхэд хөвөнгүй боолт хийдэг болов. Удалгүй би суга таягтай хичээлдээ явдаг болсон. Гэхдээ л ногоон талбайд гарахад эрт хэвээр байлаа. “Вернон Сангстер” лүү явж, багтайгаа бэлтгэл хийж чадахгүй байв.
Энэхүү осол, эмчилгээ хийлгэж байсан өдрүүд хөлбөмбөг миний амьдралд ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгуулсан юм. Би энэ үеэс хойш телевизээр хөлбөмбөг үзэхдээ арай өөр нүдээр, илүү хянуур хардаг болсон. Би буйдан дээр суугаад толгойгоороо, мөн зүүн хөлөөрөө бөмбөг жонглёрддог байв. Бөмбөгөө гайгүй эзэмшдэг болж, тоглох итгэл минь ч лавширсан. Ирээдүй минь бөмбөггүйгээр төсөөлөгдөхөө больсон байлаа. Гэмтлээ эдгээж таван долоо хоног болсны эцэст чөлөөтэй өшиглөж чадахаар болсон. Бурхандаа маш их баярлалаа. Хөлбөмбөггүйгээр миний амьдрал хоосон, утга учиргүй ажээ. Бөмбөггүй байна гэдэг ганцаардал юм гэдгийг би хэзээ ч мартахгүй.
Элдер Хейгийн эмч нар сургуулиас чөлөөлөх зөвшөөрөл олгосны зэрэгцээ бас нэгэн зөвлөгөө өгсөн юм. Намайг зэвтэй тармуураас салгаж өгсөн мэс засалч “Энэ арын цэцэрлэгт хаяж болохгүй л зүйл байна даа” хэмээсэн. Тэгээд ээж, аав хоёр тэр тармуурыг дасгалжуулагчид харуулаад улмаар өмгөөлөгчид үзүүлэн, эцэст нь зарга үүсгэхээр шийдсэн юм. Тэр хогтой талбай Дүүргийн зөвлөлд хамаарах учир бид тэдэнд хандан нэхэмжлэх хүргүүлэв. Танд ийм зүйл тохиолдсон бол бас ингэх л байсан байх. Би амьдралдаа хоёр л удаа нөхөн төлбөр авч байсан. Такситай явж байгаад осолд ороод 800 фунтын нөхөн төлбөр хийлгэсэн бол хөлөө тармуурт гэмтээсний төлөөсөнд 1200 фунт авсан. Энэ муу зүйл биш. Нөхөн төлбөр авсны дараа ээж намайг дэлгүүр лүү дагуулж яваад тоглолтын болон бэлтгэлийн шинэ хувцас, цүнх авч өгөв. Ээж “Энэ бүхэн чиний өвдөж, шаналж байсантай харьцуулахад шалихгүй зүйл. Гэхдээ энэ бүх мөнгийг чамд л зарцуулах ёстой” гэж билээ.
Тэрхүү явдлын тухай эргээд бодох бүрт цахилгаанаар цохиулж буй мэт яг тэр үеийн өвдөлтөө дахин мэдрэх шиг болдог. Би хуруунд зоогдсон тармуурыг эргэн төсөөлөх бүрт тэр сэрээ ясанд минь тулан чахран дуугарч байгаа юм шиг санагдан эвгүйцдэг. Болсон явдлын талаар аавтайгаа ганц, хоёр удаа ярьж үзсэн. Тэр Стив Хейвэй шиг тийм зоримог, шийдэмгий байгаагүй. Аав маань хэзээ ч “Хурууг чинь тайрахгүй гэдэгт би итгэлтэй байсан” гэж сагсуурч байгаагүй. Харин зүгээр л “Стивен, миний хүү хувьтай хүн шүү” гэж хэлж байсан. Хэрэв тэр хогтой талбайд хэвтэж байсан тармуур хурууг минь нэвт хатгаад эмч нар баруун хөлийн эрхий хурууг тайрсан бол надад Английн шигшээ болон “Ливерпуль”-д тоглох ямар ч боломж үлдэхгүй байсныг бид бүгдээрээ сайн ойлгодог.
Удалгүй тэр талбайд зуны жижиг байшингууд баригдаж, халгай, хогийн ургамал ч үгүй болсон. Бас хатуу хучилттай зам тавигдаж, машин холхих нь ихсэв. Миний өссөн Блюбэл хорооллын мухар гудамж бараг тэр чигтээ зогсоол мэт болж, замын хоёр талаар машин эгнэн ярайна. Харин манай гэр, Айронсайдын 10 дугаар байшингийн өмнө талын цардмал талбай л чөлөөтэй байдаг. Гадаа цаг агаар ямар байхаас үл шалтгаалан бид энд өнждөгсөн. Би гэрээсээ хар хурдаараа гүйж гараад л шууд тоглох боломжтой. Үнэхээр гайхалтай сайхан. Хэн нэг нь надад зориулж энэ талбайг хийсэн гэж би өөртөө итгүүлдэг байлаа. Хэн нэгэн “Чиний амьдрал бол хөлбөмбөг” гэж өмнөх замыг минь зааж байгаа юм шиг. Гайхалтай тохиолдол. Тэр үнэхээр миний талбай байсан. Намайг гэрээсээ гарахад тэнд тоглож байсан хүүхдүүд талбайг чөлөөлөн явдаг байв. Би найзуудтайгаа тав, арав, 12-оороо баг болж хуваагдан өрсөлдөх, тойрч зогсоод бие биедээ дамжуулах, цохилт хийх, хөөцөлдөх гэх мэтээр тоглодог байлаа. Хамгийн сонирхолтой нь “бөгс гаргах” (Bare Arse) гэдэг тоглоом. Хэн нэг тоглогч чамайг хуурч гараад гоол оруулбал торгуульд нь чи өмдөө шувтлах ёстой. Харин бүх тоглогч бөгс рүү чинь бөмбөг өшиглөнө. Ийм тоглоомыг “бөгс гаргах” гэж хэлдэг. Энэ нь скоусчуудын (Ливерпуль орчимд амьдардаг хүмүүсийг Scouse хэмээдэг) сайн хаалгач, оновчтой цо- хилттой тоглогчийг бэлтгэх уламжлалт арга юм. Манай багт Питер Крауч ирснээр би энэ тоглоомыг дахин сэргээн наадаж билээ. Нэг удаа би бэлтгэлийн өмдөө доошлуулан, Краучи миний бөгсийг онохоор бөмбөг өшиглөж байлаа. Энэ үед хэн нэг нь сэм харж бид хоё- рын зургийг аваад сонинд гаргачихсан байлаа. Гэхдээ тэдгээрт биднийг зүгээр л “Bare Arse” тоглож байсныг тайлбарлаж бичээгүй юм. Айронсайдад наадаж байсан энэхүү тоглоомоо би амьдралынхаа туршид мартахгүй.
Айронсайдыг хүмүүс “Happy street” гэдгээр нь сайн мэднэ. Би 1980 оны тавдугаар сарын 30-нд Уистоны эмнэлэгт төрж, “Happy street”-ийн хөлбөмбөгийн хэнээт нэгэн гэр бүлийн шинэ гишүүн нь болж байлаа. Блюбэл хэмээх энэ том хороололд хулганын нүх шиг сүлжилдсэн замуудыг даган “Хун”, “Хөх хонх”, “Сарнай”, “Царс мод” гэсэн дөрвөн уушийн газар бий. Айронсайдаас инээдмийн жүжигчин Фредди Старр, Стэн Бордмэн, ахмад жүжигчин Рекс Харрисон нарын олон алдартан төрөн гарсан. “Sex and the City”-д тоглосон Ким Кэттрол одоо ч энд амьдарч байгаа. Мөн түүнчлэн “The La’s”, “Space and Cast” зэрэг олон хамтлаг Хюитон дүүргээс гарсан. Энэ хорооллын өнцөг тохой бүр өөрийн онцлогтой.
Би Блюбэлийн амьдралд хайртай. Энэ бол миний вант улс, тоглож өссөн газар. Бид Алт голын эргээр хөөцөлдөж тоглон өдрийн ихэнхийг гадаа өнгөрөөдөг байлаа. Ингэж тоглосноороо бидний хурд сайжирсан гэж боддог. Пол ах, бид хоёр орой шавар шавхайнд хутгалдсан халтар юмнууд харьдаг байв. Ээж уурлаж загнан, аав инээмсэглэсээр угтдаг байж билээ. Айронсайдад амьдрал ёстой л буцалж байдаг байсан. Зуны цагт хүмүүс гэр бүлээрээ гадаа сууж, шар айраг ууцгаан, хүүхдүүд нь эргэн тойронд нь тоглодог. Манай
10 дугаар байшингийн эсрэг талд надтай чацуу Лиза, Кэролин гэдэг хоёр охин амьдардаг байв. Би охидод татагдаж, тэдэнтэй тоглохсон гэж үргэлж хүснэ. Би эгч, эмэгтэй дүүгүй болохоор ингэж боддог байсан ч байж болох юм. Тэдэнтэй тааралдвал би заавал ярианы сэдэв гаргаж ирдэг. Харамсалтай нь Лиза, Кэролин нарт нэг том дутагдал байсан. Тэд хөлбөмбөг тоглож чаддаггүй байсан юм.
Уг нь энэ асуудал болгоод байх зүйл биш л дээ. Гэхдээ би аливаа зүйлийг хөлбөмбөгөөс ангид төсөөлж байсангүй. Блюбэл хороолол хөлбөмбөгийн хэнээтэй хүүхэд, залуусаар дүүрэн байсан. Хюитон дүүргээс Стив Макмахон, Жои Бартон, Ли Трундл, Питер Рейд, Тони Хибберт, Крэйг Хигнетт, Дэвид Нюжент нарын олон авъяаслаг мэргэжлийн хөлбөмбөгчин төрөн гарсан. Хотынхон бараг тэр чигтээ бүтэн сайны лигт тоглодог байлаа. Хөлбөмбөг бол Ливерпульд шашин мэт хүчтэй тархсан юм. Блюбэлд би өөрийнхөө үеийн 7-8 хүүхэдтэй нийлж баг болоод ээж нарыгаа дуудах хүртэл нь тоглодог байв. Гэхдээ тэдэнтэй тоглоход надад нэгэн хүндрэл байсан. Найзуудын маань ур чадвар, арга барил надад гологддог байсан юм. Гурван насаар ах Полтой тоглож өссөний минь нөлөө биз. Пол арваад найзтай, тэдэнтэй нийлээд тоглохоор үнэхээр үзүүштэй. Зургаатайгаасаа би Полтой нийлж, найзууд дунд нь орж тоглох болов. Ахын найз нарын ихэнх нь намайг багтаа авахыг хүснэ. Би тэдэнтэй тоглохдоо жинхэнэ таашаал авдаг байсан. Полын найзууд их авъяаслаг. Пол өөрөө “Болтон Уондерерс”-т орох шахаж байсан. Дэнни Уолкер гэдэг нэг хүү хожим “Транмер Роверс”-ын өсвөрийн багт орсон. Тэд “Толгейт” гэдэг нэртэй баг байгуулж, Хюитоноос хоёр автобус дамжиж хүрдэг газар 10 хүртэлх насныхны лигт тоглодог байв. Нэг удаа би Полыг дагаж тоглолт үзэхээр яваад тэмцээнийг зохион байгуулагчдаас өөрийгөө тоглож болох эсэхийг асуув.
Тэд “Чи хэдтэй юм бэ?” гэхэд нь би “Долоо” гэж хариуллаа. “Дэндүү жаахан байна аа. Тоглуулахгүй” гэв.
Би уйлж эхэллээ. Тэгээд тэдэнд хандан “Тэр ямар хамаатай юм бэ? Би тоглож чадна” гэж хашгирлаа. Гэвч нэмэр болсонгүй. Тэр үед би хүнд гологдохын, татгалзсан хариу сонсохын таагүйг анх мэдэрч билээ.
Айронсайдад, гэрийн минь өмнө байдаг цардмал талбай тоглогчдыг тэмцэлтэй болгож сургасан. Бөмбөг авч, түүнийгээ булаалгахгүй, дээр нь унахгүй тэнцвэртэй хурдан гүйх чадварыг бид маш хурдан эзэмшсэн. Полын найзуудтай тоглоход тэд намайг хүчтэй хамгаалдаггүй байв. Учир нь би тэднээс гурван насаар дүү, биеэр хамаагүй жижиг.
Хүчтэй цохилт. Бөмбөг намайг онолоо. Аймшигтай өвдөлт. Гэхдээ ингэлээ гээд би шантраагүй, яагаад гэвэл би үүнд дуртай. Ийм зүйл олон тохиолдоно. Хатуу газар унаж, бөмбөгөнд баахан цохиулсан би гэртээ ихэвчлэн хазганаж, доголсон хүн очдог байлаа. Би нэг удаа бөмбөгний төлөө тэмцэлдэж байгаад хайс мөргөөд нүүрээ шалбалчихав. Хашааны төмөр нүүрэнд минь овоо ором үлдээжээ. Гэвч би үүнийг тоогоогүй. Айронсайдын 35 дугаар байшинд байдаг Тони өвөө дээр гүйж очив. Өвөө нүүрэнд минь шархны наалт нямбайлан тавилаа. Ингээд л боллоо, би тоглолт руу яаран буцав. Ахын найзууд “Хурдлаарай” гэж хашгирна. Хүчтэй цохилт. Би тулаанд эргэн орлоо.
Айронсайдын 10 болон 35 дугаар байшинд одоо ч манай гэр бүлийнхэн байдаг. Пол ах 10 дугаар байшинд амьдарч байна. Жеррардууд үргэлж Айронсайдад байх болно.
Тони өвөө бол аавын минь аав. Харин ээжийн аав Сидни Салливэн өвөө намайг сургуульд сурах хугацаанд буюу найман жил манайд амьдарсан. Тэр хүнд өвчтэй байсан юм. Түүнийг анх цус харвахад нь бид эмч нараас итгэмээргүй нэгэн мэдээг сонсож билээ. Энэ нь хэрэв өвөөд дахин ийм зүйл тохиолдвол эмнэлэг хүлээж авахгүй, гэрээрээ эмчилгээ хийлгэ гэсэн дэндүү харгис, хатуу мэдэгдэл байсан. Миний асрагч хэдэн хорооллын цаана амьдардаг байсан тул түүний хувьд өвөөг бүрэн хариуцах боломжгүй байсан. Хэрэв асрагч гадагшаа гарах шаардлага гарвал өвөө ганцаараа үлдэж чадахгүй байв. Ээж “Аав маань гэртээ байж чадахгүй” гэж эмч нарт учирласан ч эцсийн эцэст тэр бидэнтэй амьдрахаар боллоо. Бид байрныхаа нэг өрөөг өвөө бие дааж байхад тохиромжтойгоор тохижуулав. Сидни өвөө өрөөнөөсөө бараг гардаггүй байсан. Хааяа л бидэнтэй хамт зурагт үзэхээр үүдний өрөөнд орж ирдэг байлаа.
Сидни өвөө дөрвөн удаагийн харвалтыг давж гарсан. Цус харвалт бүрийн дараа түүнийг улам л тамир тэнхээгээ алдаж буйг нь хараад миний уур хүрдэг байв. Анхны харвалтынх нь дараа Пол ах, бид хоёр өвөөтэй чөлөөтэй ярьдаг байсан. Түүний ухаан сав саруул байсан юм. Харин дараа дараагийн харвалтуудаас бидний харилцаа улам бүр хүндрэлтэй болж билээ. Түүний өвчин шаналал биднийг маш их бухимдуулдаг байсан. Гэхдээ тэр хүн бүрийн хайрыг татдаг байлаа. Хэдий тэр хүнд өвчтэй ч үргэлж инээмсэглэн, бидэнтэй ярилцдаг байсныг одоо ч дурсан санах сайхан байдаг. Өвөөгөө хараарай гэж сануулахад нь жаахан ч гэсэн анхаарал сарниулахад л ах, бид хоёрыг ээж ширүүн зэмлэнэ. “Алив өвөөгийнхөө цайг нь дөхүүлж өгөөрэй, явж өвөөтэйгөө хамт цай уу” гэхчилэн захидагсан.
Сидни өвөө ах, бид хоёрт амин голоосоо хайртай. Бидний хүссэн бүхнийг авч өгөхөд тэр бэлэн. Ээжид “Хүүхдүүдэд хөлбөмбөгийн хувцас хэрэглэл авах мөнгө өг” гэж ээжид хэлнэ. Ээж “Үгүй” гэж хариулахад нь “Үүнийг ав даа” гээд бидэнд мөнгө өгдөг байв. Тэр үнэхээр өглөгч хүн байсан. Хэдий баян, мөнгөтэй байгаагүй ч “Хөвгүүдэд хэрэгтэй зүйлийг нь авч өгөөрэй” гээд л мөнгө өгдөг байлаа. Тэтгэврийн, бас эрүүл мэндийн даатгалаас авсан хэдэн фунтээ тэр ингэж бидэнд зарцуулдаг байсан юм. Тэр бүх л насаараа Тэнгисийн цэрэгт алба хашсан юм билээ. Өвөөг өнгөрсний дараа ээж хэсэг хугацаанд тамхи татав. Энэ мэтчилэн өвөөгөөс болж түүнд багагүй өөрчлөлт илэрсэн. Бид маш дотно гэр бүл байсан ч Сидни өвөө биднийг бүр илүү холбодог гинж нь байсныг бид энэ үед ойлгосон.
Би аавынхаа ажиллаж байх үеийг төдийлэн мэддэггүй. Түүнийг ажлын цагийг бүрэн ашиглаж, маш үр бүтээлтэй ажилладаг байсан гэхийг би олонтаа сонссон. Аав маань ээжийг дэлгүүр лүү юм уу, ах, бид хоёрыг сургуулиас авахаар явсан хойгуур Сидни өвөөг асрахын зэрэгцээ гэрийн орчин тойрноо тохижуулж, цэвэрлэдэг байв. Аав зүгээр л энгийн нэг ажилчин байсан. Түүний найзууд оройн цагаар уушийн газар суудаг байсан бол аав илүү цагийн ажил хийж, амьдралдаа дэм болохыг эрхэмлэдэг байв.
Пол бол миний хамгийн сайн найз. Үргэлж ийм байсан, цаашид ч хэвээр байх болно. Тэр Айронсайдад минийхээс том унтлагын өрөөтэй байсан. Бас түүний өрөөнд уурын халаагуур, том ор гэхчилэн бүх юмтай. Гэхдээ би түүнтэй барьцаж, маргаан үүсгэж байсангүй. Пол бол миний шүтээн байсан юм. Надад Пол болон түүний найзуудтай хамт байх нь жаргал байлаа. Харин Пол дандаа л “харь, яв” гэж намайг хөөдөг. Тэр намайг найзуудтай нь хамт хөлбөмбөг тоглож, ярианд нь оролцохыг хүсдэггүй байсан. Хааяа бид хоёр үүнээс болоод нударга зөрүүлнэ. Нүүр, бие рүү минь нударч түлхэхэд нь дургүй хүрч “Чамайг үзэн ядаж байна, чамайг ална даа” гэж орилно. Төд удалгүй уур гарч, дахиад л тэдэнтэй нийлээд явдаг байв. Хааяа нуугдаад сэмхэн алга болж, найзуудтайгаа тоглож байгаад ирэхдээ Пол “Стиви, компьютер тоглох уу?” гэж асуудаг. Хэрхэн тооцоо бодохоо тооцоолж суусан би бүхнийг мартаж “Тэгье” гэж урамтай гэгч нь хашгирдагсан. Полын ертөнцөд дахин нэвтрэх боломж олдсон нь надад сайхан завшаан юм. Тэгээд бид уйдталаа компьютер тоглодог. Би ахыгаа үнэхээр бишрэн дээдэлдэг байсан. Одоо харин Пол яг л миний дүү шиг харагддаг.
Пол хөлбөмбөгт тун авъяастай байсан ч тоглогч болохыг төдийлэн сонирхоогүй юм. Тэр зүгээр л найзуудтайгаа хөгжилдөх гэж хөлбөмбөг тоглодог байсан. Аав түүнд “Чи арай идэвхтэй байж, хөлбөмбөгөөр хичээллээч” гэж хэлнэ. Харин ах “Яах юм бэ, гадаа хүйтэн байна шүү дээ. Гэртээ байсан нь дээр” гэж шалтаг тоочдог байв. Гэхдээ Пол хөлбөмбөгийн тактик мэддэг, тоглогчийг танихдаа сайн. Би тоглолт бүрийн дараа ахтайгаа алдаа, оноогоо дүгнэн ярилцдаг. Бид бие биеэ харцаараа л ойлгодог.
Аав, ээжийн найзууд нь аавыг сайн тоглогч байсныг ярьдаг. “Үнэхээр тийм гэж үү?” хэмээн намайг асуухад аав “Чиний энэ авъяас хэнээс өвлөгдсөн болохыг одоо ойлгов уу, Стивен” гээд инээж байлаа. Тэр “Астротурф” гэдэг багт тоглож байгаад өвдгөндөө гэмтэл авснаар хөлбөмбөгийг орхисон юм билээ. Аавын ах Тони бас авъяаслаг хөлбөмбөгчин. Тэр “Хюитон Бойз” гэдэг багт тоглодог байсан аж. Ахлах сургуульд байхдаа л мэргэжлийн хөлбөмбөгч болох чадвартай байсан гэдэг. Манай гэр бүлд хөлбөмбөг маш том байр суурь эзэлдэг. Миний үеэлүүдийн олонх нь Айронсайдад хөлбөмбөг тоглож өссөн. Тэдний нэг Энтони Жеррард “Эвертон”-д тоглож байгаад “Гудисон Парк”-ын баг түүнийг “Уолсол”-д зарсан. Бүтэн сайны лиг болоход тэнд энэ мэтчилэн миний үеэл, хамаатнуудаар дүүрдэг байв.
Амралтын өдрүүдэд “Энфильд” болон “Гудисон Парк” их хөлийн газар болдог. Энэ өдрүүдэд манай хамаатнууд болон надтай холбоотой хэний ч гэрээр орсон хөлбөмбөгөөр амьсгалж байх болно. Цэнгэлдэх рүү яваагүй нь зурагтынхаа өмнөөс салахгүй. Буйдан дээрээ тухлаад ганц, хоёр лонх шар айраг шимэн тоглолт үзэх үнэхээр сайхан. Бямба гаригт аав уушийн газарт очих нь олон ч ВВС-гийн “Match of the Day” нэвтрүүлгээс өмнө заавал эргэж ирдэг. Ах, бид хоёр ч гэсэн тоглоомоо орхин гэртээ гүйж ирээд аавтайгаа буйдан дээр чихэлдэн сууж уг нэвтрүүлгийг хамт үздэг байлаа. Жеррардууд хэзээ ч “Match of the Day”-г алгасаж байсангүй. Огт үгүй. Энэ бол долоо хоногийн оргил мөч юм.
Айронсайдын 10 дугаар байшинд хөлбөмбөгийн дүрэм үйлчилдэг. Хөлбөмбөг гарч байхад “Coronation Street”, “EastEnders”-ийн орон зай байхгүй. Хэрэв ээж маань савангийн дуурь үзэхийг хүсвэл аав тэр хоёрын дунд чамгүй хурц зөрчил үүсдэг байв. Хааяа аав ах, бид хоёрыг дагуулан том дэлгэцээр хөлбөмбөг үзэх юм уу, дартс тоглохоор явдаг. Харамсалтай нь энэ маш хурдан болоод өнгөрдөг байв. Оройны 6.00 цаг гэхэд бидний бүх хөгжөөн, наргиан өндөрлөж бид гэрийн зүг гэлдэрдэг. Маргааш өглөө нь сургууль яг л нартай өдөр гэнэт бараан үүл нөмөрч байгаа мэт санагдан, сүүмэлзэн харагддаг байлаа.
Би ням гаригийн оройд үнэхээр дургүй. Амралтын өдрүүдийн тэр сайхан мөчүүд, гайхалтай дурсамжаа таягдан хаяж сургуульдаа явах бэлтгэлээ хангах нь миний хувьд асар хүнд эрүүдэн шүүлт байсан. Хүмүүс амралтын өдрийг долоо хоногийн сүүлчийн хоёр өдөр гэдгийг сайн мэднэ. Харин Айронсайдын 10 дугаар байшинд бол ийм ойлголт байгаагүй. Энэ дүрмийг ээж маань гаргасан. Түүнийхээр бол амралтын өдрийн үргэлжлэх хугацаа нь нэг хоног хагас л байна. Ээж маань ах, бид хоёрыг ням гаригийн орой 6.00 цаг гэхэд гэртээ ирж, усанд орж маргааш өглөөнийхөө хичээлийн бэлтгэлийг хангахыг шаарддаг байлаа. Биднийг тогтсон хугацаанд гэртээ ирэхэд толийтол индүүдсэн сурагчийн дүрэмт хувцас хэдийнэ бэлэн болсон байдаг. Дүрэмт хувцсаа хараад миний дур гутдаг. Амралтын өдрүүдийн эрх чөлөөт цаг өндөрлөж буйг сануулах тэр форм надад яг л шоронгийн хувцас шиг санагддаг байж билээ. Би сургуульдаа явахыг тэгж их үзэн яддаг байсан хэрэг биш, зүгээр л хагас, бүтэн сайнд Блюбэл орчимд хэсэх дуртай байв. Ээж Пол ахаас илүүтэй миний хичээлд анхаарна. Тэр биднийг ямар ч толбогүй, үрчлээгүй хувцсаар гангалдаг байсан. Гутлыг маань нүүрнийхээ хувирлыг харж болохоор гялалзтал тосолчихно. Муухай ээж! Тэр үргэлжид ийм байсан. Би гэрээсээ цэвэр хувцастай гараад заавал бохир, заваан болж ирдэг байлаа. Шаварт хутгалдан бохирдсон гуталтай гэртээ орно. Ээж ташаагаа тулан ууртай угтдагсан.
Миний сургуульдаа явах замд онц сонин зүйл үгүй. Сургуульдаа хүрэх үед харин тоглолтын талбайд залгуулаад байшин барьсан юм шиг л харагддаг байж билээ. Хэдий гэртэй минь ойрхон ч гэсэн ээж намайг үргэлж сургуульд хүргэж өгч, авдаг байв. Би багадаа хэн нэгэнд хор хөнөөл учруулахгүй ч бас ч үгүй сахилгагүй хүүхэд байсан.
Үүнээсээ ч болж багш нараас шийтгэл хүлээн, хана руу харж зогсдог байв.
Хичээл орох үед бие минь ангид байвч санаа сэтгэл маань хэдийнэ биеийн тамирын талбайд оччихсон тоглож байдаг байлаа. Чамгүй удаан үргэлжлэх үдийн цайны цагт би дуртай. Үнэт цагаас минь хороох учир энэ үед халуун хоолоос татгалздаг байв. Бага сага хуурай идэх юм авахаар дугаарлаж зогсохдоо “Алив талбай дээр хурдан цуглаарай, тоглоцгооё” гэж бусдыгаа уриална. Үүнээсээ болоод орой болгон ээждээ “Халуун хоол идэх ёстой шүү” гээд үглүүлдэг байв. “Хэрвээ сургуулийн хоолонд дургүй юм бол гэртээ гүйгээд ир л дээ” гэж ээж хэлнэ. Сүүлдээ ээж хавчуургатай талх, шоколад, уух юм савлан явуулдаг болов. Дээр нь багахан жимс хийдэг. Гэвч би жимсээ огт идэлгүй гэртээ буцаагаад аваачна. Алим, гадил, жүрж юу ч байсан адил. Цөцгийгөө ч мөн л тэр хэвээр нь гэртээ авчирна. Авч явсан юмаа хурдхан идээд тоглохоор яардаг учир тэр бүгдийг нямбайлан зооглох нь надад тохиромжгүй байсан. Ээж “Стиви, чи дахиад л цөцгийгөө идэлгүй үлдээжээ. Чи шоколад л идээд байгаа юм уу?” гэж асууна. Ээж надад үдийн хоолыг маш бага хугацаанд амжуулах ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгодоггүй юм. Би их завсарлагаа болонгуут ангиас гараад талбай руу ээжийн савласан зуушийг үмхлэн гүйдэг байв. Айронсайдад найзууд маань тоглож байвал хөршийнхөө нохойнд хоолоо шидэж өгчихөөд л тоглодог байж билээ. Харин орой бол өлбөрч үхэх гэж байгаа амьтан гэртээ орж ирээд гарт тааралдсанаа үмхлэн иддэг байв.
Хичээл дээр би дэвтэртээ их л хичээнгүйлэн юм бичиж сууна. Багш нар хараад хичээлдээ их анхаарч байна даа гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Гэвч огт тийм байгаагүй. Би зүгээр л их завсарлагааныг хүлээн цаг нөхцөөн тэгж суудаг байв. Дэвтэрийнхээ ар талд цайны цагаар болох тоглолтон дээр хэнийг хаана тоглуулахаа тооцоолон тэгж нямбай бичиж суудаг байсан хэрэг. Хонх дуугарангуут үсэрч гараад хөвгүүдийг цуглуулан тоглолт зохион байгуулж, охидыг харин талбайг чөлөөлөхийг гуйна. Охидод хандан “Та нар талбайг чөлөөлнө үү, гэхдээ тоглолтыг үзэж болно шүү” гэж эелдгээр хүсдэг байлаа. Тэгээд цүнхээрээ талбайн хязгаар, хаалгаа тэмдэглээд тоглож гарна даа. “Уэмбли”-д болдог FA Cup-ын финалаас ч сонирхолтой тоглолт тэнд өрнөдөг байлаа. Бид бөмбөгний төлөө тэмцэлдэн, унасны улмаас нүүрэндээ шарх, сорвитой үлдэх нь цөөнгүй. Хожигдол гэдэг миний хувьд байж болшгүй зүйл. Энэ тоглолтод ялагчид бахархалтайгаар сүү ууцгаан, харин хожигдогсод хоосон лаазаа бариад анги руу явдаг байв.
Бэрри Банчик, бид хоёр Сент Микийн сургуулийн урдаа барих тоглогчид нь байв. Харин сургууль дээрээ тоглоход бид үргэлж өрсөлдөгчид болно. Бид хоёр багийн тоглогчдоо ээлжилж сонгоод хүч шавхсан тоглолт хийдэг байлаа. Бэрри бол маш авъяаслаг тоглогч. Тэр “Денберн”-ий 13 хүртэлх насны багт тоглодог байсан. Тус багт түүнээс гадна Майкл Бранч, Тони Хибберт нарын сайн тоглогч багтдаг байв. Миний хувьд “Ливерпуль”-д орох хүртлээ “Денберн”-ий багт багахан хугацаанд тоглож, “Эжхиллийн хүүхдийн лиг”-т түрүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байлаа. Бэрри, бид хоёр сургуулийнхаа шигшээгийн түлхүүр тоглогчид байлаа. Нэг жил бид Сент Микийн сургуулийн багийг орон нутгийн нэгэн тэмцээнд түрүүлүүлснээр манай баг “Уэмбли”-д тоглох эрхээр шагнуулсан. Үнэхээр гайхалтай шагнал. “Уэмбли”. Эртний түүхт энэ хуучин цэнгэлдэх хүрээлэнд тоглох эрх авчихаад бид тэнд болох мөчүүдийг хэдийнэ төсөөлөөд эхэлсэн байв. “Уэмбли”.
Үнэхээр мөрөөдөл минь биеллээ гэж үү? Нэг удаагийн тоглолт дээр би байнга хийдэг хамгаалалтаа хийн гулсан уналаа. Гэтэл ундааны бөглөөнд өвдгөө урчихлаа. Ердөө таван оёо тавиулсан ч энэ шарх “Уэмбли” рүү явах багийн бүрэлдэхүүнээс хасахад хангалттай байжээ. Нулимс өөрийн эрхгүй асгарав. Найзууд маань “Уэмбли”-д хөл тавихад би эмнэлгээс гарч байв. Өвдөг дээрх тэр сорви ямар ч зовиургүй болсон ч “Уэмбли” явах хүслийг минь боомилсныг үргэлж сануулдаг.
Сент Микийг орхих цаг ирлээ. Бага сургуулиас дунд сургуульд орно гэдэг хүндхэн сонголт хүлээж байлаа. Манай ангийнхны ихэнх нь Боурингийн ерөнхий боловсролын болон Ноусли ахлах сургууль руу явлаа. Пол Боурингт байсан учир би тийшээ явахыг хүссэн. Ахтайгаа хамт байх гэж тэр. Гэхдээ энэ хоёр сургуульд хөлбөмбөгийг чухалчилдаггүй нь миний хувьд асуудал байсан. Хүн болгон намайг хөлбөмбөгийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүйг мэднэ. Дээр нь тоглогчийн ур чадвараа ахиулах нь ямар сургуульд орохоос ихээхэн шалтгаалах байв. Сент Мик сургуулийн маань багш, хатагтай Чадвик надад Кардинал Хинэнд очихыг зөвлөсөн. Тэр “Тэнд очвол чи хөлбөмбөгтэйгөө илүү ойр байх болно” гэж хэлсэн.
“Кардинал Хинэн” католик шашинтны ахлах сургуулийг би сайн мэднэ. Энэ бол орон нутагтаа шилдэгт тооцогдох хүчтэй багтай сургууль. Хатагтай Чадвикийн нөхөр Эрик Кардинал Хинэнд биеийн тамирын хичээлийн багшаар ажилладаг байсан. Тэгээд эхнэртээ “Стивен Жеррардыг манайд ир гэж ятга. Тэр Кардинал Хинэний төлөө ихийг хийх болно” гэж хэлсэн юм билээ. Гэхдээ тэр сургуульд явах нь зарим нэгэнд хүндээр тусах байв. Блюбэл хорооллынхон тэр чигээрээ католик шашинтан биш. Гэхдээ энэ хэнд хамаатай юм бэ? Эцсийн эцэст хөлбөмбөг яллаа. Кардинал Хинэн намайг элсүүлэхийг хүссэн. Хөлбөмбөгийн ур чадварынхаа нөлөөгөөр, хатагтай Чадвикийн зөвлөгөөгөөр би Кардинал Хинэнд орлоо. Хөлбөмбөг намайг хааш нь хөтөлнө, би тийшээ л явах ёстой. Кардинал Хинэнд сурах нь “Ноусли Бойз”-д байхаас илүүгээр “Ливерпуль Бойз”-д орох замыг минь дөтлөх учиртай байв. “Ливерпуль Бойз” орон нутагтаа хамгийн шилдэг нь. “Ливерпуль”, “Эвертон”-ы скаутууд “Ливерпуль Бойз”-ын тоглолтыг алгасалгүй үздэг.
Үүнд хүрэх цорын ганц зам нь Кардинал Хинэн байсан.
Хөлбөмбөгтэй холбоотойгоор дунд сургуулиа сонгосон би тэнд хичээлдээ шамдахгүй бол болохгүй байлаа. Кардинал Хинэнд 1300 гаруй хөвгүүн суралцдаг. Тэнд хөлбөмбөгтэй мэдлэг эн зэрэгцэх ёстой гэсэн зарчим үйлчилнэ. Энэ зарчимд нийцүүлэхийн тулд шөнө болгон хичээлээ давтдаг байв. Үүндээ шантраад бүр уйлна. Эндээс шилжихсэн гэсэн хүсэл цөөнгүй удаа төрж байлаа. Кардинал Хинэн манайхаас гурван милийн зайд оршдог. Хол байна гэж шалтаглаж үзсэн ч ээж, аав маань хөлбөмбөгийн замналд энэ хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж ятгаж чадсан. Би дуртай дургүй явна.
Дунд сургуульд орсноос хойш гурав дахь жилээс энэ бүхэнд даслаа. Блюбэлээс сургууль руу явахдаа автобусны ард суучихаад хөвгүүдтэй хөгжилдөн явах нь миний аз жаргалтай мөчүүдийн нэг. Тэгэхэд анх удаа ээж намайг сургууль руу ганцааранг минь явуулдаг болсон. Би 13 настай ч том хүн болсон мэт санагдаж билээ. Би өсч өндийж том болж буйгаа мэдэрч байв. Халаасан дахь автобусны болон хоолны мөнгө шажигнах нь сэтгэл баясгаж, Блюбэлийн гудамжаар яг л хаан болсон юм шиг сэтгэгдэл тээн алхдагсан. Автобусны буудал хүрэх замдаа Терри Смит, Шон Диллон нарын гэрээр дайрч хамт явдаг байсан. Шон их орой унтдаг болохоор дандаа хоцорно. Терри, бид хоёр есөн цагт 15 минут дутуу байхад тэдний гэрийн гадна очоод өрөөнийх нь цонх руу чулуу шиддэг. Хааяа бид чулуугаа хэт чанга шидсэнээс цонхыг нь хагалчих шахна. Тэгж тэгж Шон гэрээсээ гарч ирэхээр бид автобуснаасаа хоцрохгүйн тулд хар хурдаараа буудал руу гүйнэ. Бидний хөл жирэлзэн, нуруунд цүнх маань савчина. Шон одоо ханын зуух хийдэг ажилтай болсон. Территэй бол ойр ойрхон уулзана. Тэр “Эвертон”-ы үнэнч хөгжөөн дэмжигч юм.
Шон, Терри, бид гурав Кардинал Хинэнд хүрэхэд талдаа 25 минутаар тоглоход хангалттай бүтэн цагийн их завсарлагааны тухай бодол миний толгойд орж ирдэг. Өдрийн турш хөлбөмбөг тоглох тухай л бодно. Би ноён Чадвикийн ордог биеийн тамирын хичээлд маш дуртай. Гэхдээ биеийн тамирын хичээлээр ердөө хөлбөмбөг ордоггүй байсан. Регби, гимнастик, крикетийг түлхүү заадаг байв. Би зааланд ч тэр, гадаа талбайд ч ялгаагүй хөлбөмбөг тоглохыг л хүснэ. Эсвэл талбайн теннис. Би теннист их дуртай. Кардинал Хинэнд бид жижиг талбайд модон цохиураар тоглоно. Бид цохиуран дээрээ “Nike”-ийн хээ, эсвэл “Adidas”-ын гурван судлыг зураад бахдалтайгаар тоглодог байв. Гэхдээ миний хамгаас эрхэмлэх зүйл хөлбөмбөг хэвээрээ байсан.
Кардинал Хинэнд байр сууриа эзлэх амар байгаагүй. “Азарган тахиа” гэгддэг том биетэй банди нартай хэдэн удаа тулж байж талбайд тоглох эрхтэй болсон. Замбараагүй бужигнасан зодоон дунд өөрийнхөө хүнийг цохичихгүйг хичээн нүдэлцэнэ. Эцэст нь бид талбайн эзэд боллоо. Насаар ах, биеэр том хэн ч байсан бид ялна. Хааяа хэн нэгний нударганаас зайлж амжилгүй уруулаа сэт цохиулж, дүрэмт хувцас маань энд тэндээ цусанд будагдана. Үүнийгээ хөлбөмбөг тоглож завааруулсан юм шиг шавхайгаар өнгөлөн далдалдаг байж билээ. Их завсарлагаа бол жинхэнэ оргил цаг. Харин хичээл бол тоглолтын хоорондох чимээгүй ертөнц байсан.
Хичээлдээ би сайнгүй байсан. Кардинал Хинэнд дундаж сурлагатайд нь тооцогддог байв. Хичээл бүрт л ямар нэг ойлгохгүй зүйл заавал гарна. Ялангуяа математикийн хичээлд суух, давтах маш дургүй. Гэхдээ англи хэлний хичээлд гайхалтай сайн заадаг багшийнхаа ачаар сайчуулын нэг нь болж чадсан. Би зохион бичлэг хийх их дуртай. Нэгэнтээ “Би хэзээ нэгэн цагт дэлхийн аварга болно” гэж бичиж байв. Энэ мэтчилэн үг холбон бичих нь миний хобби байсан. Бас ном унших дуртай. Миний хамгийн дуртай ном “Of Mice and Men”. Энэ бол гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн эмгэнэлт зохиол юм. Би энэ номыг урагдаж салбайтал нь олон удаа уншсан. Ой ухаандаа яг л кино үзэж байгаа юм шиг төсөөлөн боддог байв. Дунд сургуулийн улсын шалгалт өгөхөд би англи хэлэндээ С авч, зургаан хичээл дээр D, хоёр хичээл дээр Е авч байлаа.
Миний энэ бүх зүтгэл, хөдөлмөр нэг л зүйлд чиглэгдсэн байсан. Энэ бол миний цорын ганц мөрөөдөл, зорилго хөлбөмбөг юм.
УХААЖИН ТОМООЖСОН ӨСВӨР НАС МИНЬ
Би хичээлээ тасалж огт үзээгүй. Манай гэрийнхэн ч үүнийг байж болшгүй зүйл гэж үздэг. Хичээлээс завсардах нь тамхинд татагдах, мөнгөө буруу зүйлд үр ашиггүй үрэх зэрэг сөрөг талтай билээ. Намайг хааяа нэг болчимгүй зүйл хийхэд аав маань чих зөөлөн мушгихаас хэтэрдэггүй байв. Тэр хэзээ ч намайг зодож, цохиж байсангүй. Аавын үзэл, бодлоо илэрхийлэх арга нь бусдаас өөр. Түүний харц нь хамаг биеийг минь нэвт сүлбэх мэт болдог байж билээ. Би ямар нэгэн буруу зүйл хийгээд ингэж зогсохдоо бидний дотно харилцаа үүгээр тасалбар болох вий гэдэгт хамгаас илүү эмээдэг байлаа. Аав маань Пол ах, бид хоёрт хэзээ ч хүч хэрэглэж, чанга дуугаар загнадаггүй. Бидний гэм буруугаас Айронсайдад цагдаа, хууль сахиулагч ирэхийг тэр тэвчихгүй. Цөөнгүй хүн ах, бид хоёрыг цонхыг нь хагалсан гэж ховлохоор манай хаалгыг нүдэж байсан. Харин бид цагдаа, сэргийлэхэд хүрэхээр хэрэг тарьж байгаагүй юм.
Би нэг удаа маш том алдаа гаргасан. Ганцхан удаа л. Би хулгай хийгээд баригдчихсан юм. Би нэг найзтайгаа Ливерпулийн төвөөр хэсүүчлэн яваад “Woolies” их дэлгүүрт тэр хэрэгт орооцолдсон. Тэгэхэд бид хоёр 11 настай байж билээ. Уг нь бид хоёр Лайм Стрит орж түргэн хоолны газарт хооллоод буцахад хүрэлцэхүйц хангалттай мөнгөтэй байсан. Гэхдээ би тэр мөнгөөр хүснэгттэй цаас, үзэг зэрэг хичээлийн хэрэгсэл авах ёстой байв. Бид “Woolies”-т очихоор шийдлээ. Дэлгүүрт ороод бүх тасгаар нь тэнэж, эцэст нь хэдэн үзэг авч халаасандаа хийгээд цаасаа хувцсан дотроо нуув. Тэгээд шууд л хаалга руу зүглэлээ. Ажиллагаа төлөвлөгөөний дагуу болж байв. Гайхалтай. Лайм Стритэд гамбургер идэж, кока-кола уух мөнгө халаасанд мэдрэгдэнэ. Дэлгүүрээс гарч явган хүний замд хүрлээ. Гүйцээ, одоо гүйцгээе.
Гэвч араас хэн нэгэн хашгирлаа. “Хөөе” гэхийг сонсоод хамаг цус хөлдчих шиг болов. “Зогсоцгоо!”. Чөтгөр аваг, “Woolies”-ийн хамгаалалтын ажилтан байна. Бид айснаасаа болоод байрнаасаа ч хөдөлж чадахгүй зогсоно. Хамгаалагч биднийг шууд л заамдан чирлээ. Энэ бол миний амьдралд тохиосон хамгийн таагүй өдөр. Миний зүрх түжигнэн цохилж, толгойд есөн шидийн бодол эргэлдэнэ. “Миний хөлбөмбөгчин болох хөг өнгөрлөө. “Ливерпуль” одоо намайг хөөх байх даа. Аав ч гэсэн. Чөтгөр, яах гэж би үүнийг хийв ээ?” гэж бодон явав.
Хамгаалагч биднийг дэлгүүр лүү авч ороод өрөөндөө оруулан хулгайлсан хичээлийн хэрэгслүүдийг нэгжин авав. Тэр маш ширүүн харьцаж байлаа. “Аль сургуулийнх вэ, та хоёр?” гэж хашгирав. “Гэр чинь хаана байдаг вэ? Алив утасны дугаараа өг” гэж загналаа. Толгой эргэж, юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байв. Өөрийн мэдэлгүй “Манайд утас байхгүй” гэж худлаа хэллээ. Хамгаалагч улам уурлан царай нь минчийн улайв. “Тэгвэл гэрийнхээ хаягийг хэл” гэж тэр шаардлаа. Би Айронсайдын талаар дурсмааргүй байв. Аавыг мэдчихвий гэхээс яс хавталзана. Яах вэ гэж эргэлзэн бодсоор. Хамгаалагч дахин гэрийн хаяг шалгаахад нь нагац эгчийнхийгээ заагаад өгчихөв. Тэр миний хэлснийг тэмдэглэж аваад биднийг “Woolies”-ээс хөөн гаргалаа.
Элдвийг бодон Лайм Стрит рүү гүйв. “Дэлгүүрээс сургууль руу утасдаж, тэгээд аавд хэлнэ. Одоо би шоронд орж, насаараа хөлбөмбөг тоглож чадахгүй нь. Новш гэж”. Би Хюитонд хүрч галт тэрэгнээс буусан ч Айронсайдыг зүглэж чадсангүй. “Аав намайг хулгай хийсэн гэж гарцаагүй алах болно” гэж бодов. Гэртээ шууд харихаас зүрхшээн нагац эгч Линнийд очлоо. Линн эгч намайг гэртээ оруулаад болсон явдлын талаар сонсов. Би ярьж дуусаад “Хамт манайд очъё” гэж түүнээс гуйлаа.
Линн эгч надтай хамт манайд очиж, надад ямар хэцүү байгааг аавд тайлбарлав. Гэвч оройтжээ. Аав миний дэлгүүрт тарьсан хэргийг хэдийнэ мэдчихэж. Муу мэдээ ч хурдан тархах юм аа. Яг л бодож байснаар “Woolies” дэлгүүрээс Сент Мик сургууль руу ярьж, тэндээс аавд хэлсэн байна. Аав их уурлажээ. Намайг угзчин гэрт оруулав. Би “Одоо ч алж өгөх байх даа” гэж бодов. Тэр намайг цоо ширтэн хэсэг зогслоо. “Чи яах гэж ийм юм хийв?” гэж асуув. “Яагаад хулгай хийж байгаа юм бэ? Яагаад мөнгийг нь төлөөгүй юм? Тэр зүйл чинь тийм хэрэгтэй байсан юм бол яагаад ээж, бид хоёроосоо мөнгө аваагүй юм? Яагаад, яагаад?”. Асуултаа ар араас нь тавьсаар. “Гэрт минь хулгайч байхыг би тэвчихгүй. Сургууль чинь ч чамайг хүлээж авахгүй байх. Тэд чамайг яагаад юм хумсалсныг мэдмээр байна гэсэн”. Болдогсон бол цаг хугацааг ухрааж Лайм Стритэд буцаж очоод тэр мөчийг залруулахсан. Гэвч бүх зүйл болоод өнгөрсөн. “Аав”. Би тайлбарлахыг хичээв. “Аав, хэрвээ сургуулиас намайг “Яагаад ингэсэн бэ?” гэвэл би “Гэрийн даалгавраа хийх гээд” гэж хэлчихье. Би амттан биш, хичээлийн хэрэгсэл авсан шүү дээ. Хүснэгттэй цаас авсан” гэлээ. Аав над руу харснаа “Тэр чинь надад хамаагүй” хэмээв. Энэ үг надад том цохилт боллоо. Энэ байдлаас гарахад надад юу ч тус болохоос өнгөрчээ. Аавын дараагийн үг бүр хүчтэй, аймшигтай байв. “Хэрвээ болсон явдлын талаар “Ливерпуль” мэдвэл чиний асуудал бүр хэцүүднэ дээ, Стивен”. Тэр “Стив Хейвэй чамайг яаж үнэлдэг билээ? Чи “Ливерпуль” дэх бүх зүйлээ үгүй хийлээ дээ. Тэд одоо чамайг багаасаа хөөх нь гарцаагүй” гэж үргэлжлүүлэн хэлэв. Эдгээр үг миний сэтгэл дэх хүсэл мөрөөдлийн бөмбөгийг хагалах мэт боллоо. Би яг тэгж мэдэрсэн. Би аавдаа хайртай. Харин ингэж хэлснийх нь төлөө би түүнийг үзэн ядаж байв. Би “Ливерпуль”-д үнэн голоосоо хайртай. Баг маань намайг хөөнө гэдэг аймшигтай зүйл. Хөлбөмбөг гэдэг бол миний хүсэл, мөрөөдлийн оргил билээ. “Би яах гэж хулгай хийв ээ? Бурхан минь, юу болчихов?” Хулгай гэдэг байж болохгүй зүйл. Надад мөнгө байсан. Хэрэв мөнгөгүй бол яах байсан бол? Эцэг, эх маань ах бид хоёрт “Та нар хулгай хийж болохгүй. Хэрэв та нарт ямар нэг зүйл хэрэгтэй бол худал, хуурмагаар түүндээ хүрч хэрхэвч болохгүй” гэж үргэлж захидаг байсан. Усан тэнэг би аав, ээжийнхээ үгийг үл хэрэгсэн хулгай хийгээд үр уршгийг нь ингээд биеэрээ амсаж байна.
Аав намайг загнаж байхад ээж үүдэнд зогсон аавын хэлэхийг сонсон намайг ажиглаж байв. Ээж аавын хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрч, түүний талд байсан ч надад ямар хүнд байгааг мэдэрч, аавд ойлгуулахыг хүсч байлаа. Ах, бид хоёр ээжийн хайртай хөвгүүд. Тэр биднийг үргэлж өмгөөлдөг. Би ээждээ дандаа эрхэлнэ. Хэрэв ээж намайг загнавал “Аан, ээж яагаад загнаад байгаа юм бэ?” гээд нялхарна. Тэгэхээр ээжийн нүүрэнд инээмсэглэл тодорч тэвэрдэгсэн. Гэхдээ ээж бидний алдааг өөгшүүлдэггүй. Тэр “Woolies”-т болсон явдалд ааваас дутахгүй уурласан нь тодорхой. Гэвч тэр аавтай зэрэгцэн загнаагүй. Ихэнх хүүхэд хулгай хийх, тамхи татах зэрэг болчимгүй зүйл хийснийхээ төлөө аавдаа суран бүсээр ороолгуулдаг байх. “Woolies” дэлгүүрт надтай хамт очсон найз маань л лав хэдэн өдөр гэрээсээ гарахааргүй болж байсан. Харин миний аав, ээж хоёр бидэнд огт өөрөөр ойлгуулдаг. Тэгэхэд аав намайг өрөөнд маань түгжээд гурван хоног гаргаагүй. Энэ нь надад яг л хагас жил шиг удаан санагдаж билээ.
Пол намайг өрөвдөх нь битгий хэл тохуурхаж байв. Түүний өрөө минийхтэй харалдаа. Ах өрөөндөө хоригдсоныг минь тавлан инээнэ. Хаалгыг маань аяархан тогшоод “Стиви, би гадагшаа гарлаа. Тэнд ч гоё байна даа. Чи гарахгүй юм уу?” гэж шивнэнэ. Намайг яаж ч чадахгүй болохоор уурыг минь хүргэж байгаа нь тэр. “Компьютер шатны хажууд байгаа шүү. Гоё тоглоом тогломоор байгаа биз дээ?” гэж хаалганы цаанаас хэлээд гүйн одно. Өрөөнөөсөө гарч чадахгүйг минь мэдсээр байж Пол ийн тавлана. Түүний үг намайг хэсэг хэсгээр нь огтолж байгаа мэт аймшигтай байлаа. Пол гадаа гарч, хөлбөмбөг тоглох нь сонсогдоно. Тэр “Хөвгүүд ээ, гараад ир. Хөлбөмбөг тоглоё” хэмээн Айронсайдын хүүхдүүдийг уриалан хашгирна. Энэ нь надад маш хүнд эрүүдэн шүүлт байсан. Хүүхдүүдийн хашгиралдаан, гоол хийж, хожсоны дараа баярлан хөөрч буй чимээг сонсоод уйлчихдаг байж билээ. Миний өрөө яг талбай руу харсан цонхтой. Найзууд маань “Стиви, Стиви, энэ үнэхээр гоё тоглолт болж байна. Чи үүнд оролцож чадахгүй нь тун харамсалтай” хэмээн хашгирцгаана. Энэ үгийнх нь араас даажин хийсэн инээд сонсогдоно. “Миний найзууд, төрсөн ах маань. Тэд намайг сонсож байгааг мэдэж л байгаа. Энэ нь надад ямар хэцүү болохыг ч мэднэ. Гэтэл ингэж байдаг” гэсэн гоморхсон бодол төрнө. Тэд намайг дуудахаа болиход нь би цонхоор сэмхэн тоглолт харж, атаархан зогсдогсон. Би хийсэн хэргийнхээ төлөө ингэж хоригдон ганцаардаж байв.
Үнэндээ энэ явдлаас хойш би хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийгөө хэвийн авч явж чаддаг болсон. Найзууд маань дэлгүүр болон агуулахаас амттан, ундаа хулгайлахад нь би харж л байсан. Би тэдэнтэй хамт байсан ч тэр хэрэгт нь хуруугаа ч дүрдэггүй байв. Сургууль дээр хөлбөмбөг тоглож байхад найзууд маань халааснаасаа тамхи гаргаж ирнэ. Тэгээд хүмүүсийн нүдэн дээр тоосон янзгүй асаагаад л баагиулцгаана. Томчуулаас санаа зовно гэж байхгүй. Зарим нэг нь гудамжаар сэлгүүцэх санал гаргахад би эндээ юм ярьж суусан нь дээр гэнэ. Хэрэн тэнэх нь муу зүйлд татагдах магадлалыг ихэсгэж буй хэрэг билээ. Аав маань намайг зөв замд хөтөлсөн нь завшаантай. Түүний заавар, зөвлөгөөгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан.
Айронсайдын 10 дугаар байшингийн эзэн нь мэдээж аав. Энэ гэрт аавын үг хууль ч тэр хэзээ ч дарангуйлагч байгаагүй. Пол, бид хоёр хэзээ ч эцэг, эхээсээ айн зүрхшээж байгаагүй юм. Заримдаа бид тэдэнд илүү их эрхлэхийг хүсч нялхардагсан. Пол, бид хоёр эцэг, эхээ маш их хүндэтгэн дээдэлдэг. Манайх гэдэг маш дотно, нягт гэр бүл. Өглөөний цайгаа хамт ууж, орой бүр хамт суун зурагт үзэх юм уу, чалчицгаана. Ах, бид хоёр эцэг, эхээсээ илүү их хайр, энэрлийг нэхэх эрхгүй билээ. Ээж маань тун зарчимч эмэгтэй. Хэзээ ч Айронсайдын
10 дугаар байшинд өлсгөлөн нүүрлэдэггүй байсан. Жеррардынхан үргэлж ширээ дүүрэн суудаг байв. Хааяа ах, бид хоёр ээжээс мөнгө гуйхад тэр татгалздаг. “Аяга дүүрэн, гэдэс цатгалан байхын тулд л ингэж байгаа хэрэг шүү. Эн тэргүүнд тавигдах ёстой асуудал энэ биз дээ” гэж тэр хэлдэг байв. Бид ширээ тойрч суугаад бие биедээ жигнэмэг, ундыг нь дөхүүлэн цайлдагсан. Ээж “Та нар өмнөө байгаа зүйлээ идэж дуусахаас нааш хаашаа ч явахгүй шүү” гэж анхааруулна.
Тэр үед мөнгөний үнэ цэнэ их байсан. Баярын өдрүүд дэндүү хол зайтай мэт санагдан, хурдхан баяр болоосой гэж мөрөөддөг байв. Бид жил бүр баяраар Скегнесс дэх Батлин руу юм уу, Девоны соёл, амралтын хүрээлэнд очно. Тэнд манай авга, нагац нар хүүхдүүдээ дагуулан очиж, асрагч эх, өвөө хоёр ч хааяа хамт явдаг. Бүх л гэр бүлээрээ баяр тэмдэглэдэг байв. Үнэхээр гайхалтай аялал. Энэхүү аяллын тухай бодол олон сарын турш толгойд минь хадаастай байдаг байв. Ээж маань энэ амралтыг эртнээс төлөвлөн, өвлийн турш мөнгөө хуримтлуулдаг байсан. Тэр энэ аялал манай гэр бүлд, ялангуяа Пол, бид хоёрт ямар чухал зүйл нь вэ гэдгийг мэддэг. Хааяа ах, бид хоёрын аз таарвал зарим найзаа дагуулж явна. Би тэр азтай зочныг сонгоход нь Полд тусалдаг байв. Надад бол өөрөөсөө ах хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож хөгжилдөх нь л чухал. Скегнесст үнэхээр гайхалтай амралт болдог байсан.
Нэгэн удаа аав Линкольнширийн эрэг рүү явж байх замдаа надаас “Хүү минь, чи хөлбөмбөгийн сургуульд ормоор байна уу?” гэж асуулаа. Ямар хүсэл зорилготой буйг минь магадлаж байгаа нь тэр. Батлинд очоод эрэг дээр шаварт хутгалдан гүйж, бөмбөгөөр харилцаж тоглон, усан гулгуураар нисэх мэт хурдтай уруудаж байхад “Хэзээ би хөлбөмбөгийн сургуульд орж болох бол?” гэсэн бодол л толгойд эргэлдэж байв. Картингийн машин жолоодоод Полыг нэхэж байхад хүртэл хөлбөмбөгийн сургуулийн тухай бодсоор байсан. Тэгээд аав дээр очоод “Одоо явж болох болов уу?” гэж асуув. “Хүү минь, чи л шийднэ шүү дээ. Явж бололгүй яах вэ” гэлээ. Скегнесс дэх амралт үнэхээр зугаатай байлаа. Үдэш болоход бид нэгэн клубт очиж хамтлаг, дуучдын тоглолтыг сонирхоод караокед орж дуулцгаав. Маргааш өглөө нь би эрт сэрээд “Би хэзээнээс хөлбөмбөгийн сургуульд явж эхлэх вэ?” гэж аав, ээжээсээ асуув. Одоо бол Скегнесст байхад нөгөө ертөнцөд буй мэт мэдрэмж төрөх болжээ.
Аав, Пол, бид гурав үргэлж л хөлбөмбөгийн тухай ярилцана. Аав “Ливерпуль”-ийн тухай маш сайн мэддэг, энэ багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Тэр надад “Ливерпуль”- ийн тоглолтын бичлэг авч өгөн, бид хамт үздэг байв. Нижигнэсэн алга ташилтын дор цэнгэлдэхэд орж ирэх Грэм Соунесс, эсрэг багийнхныгаа тоомжиргүйхэн харах Алан Хансен, довтолгооны шугамд гялалзах Кенни Далглиш нар бичлэгт гарна. Нэг өдөр аав Далглишийн маш том зурагт хуудас авчирлаа. Тэрбээр шатаар өгсөн миний өрөөнд орж ирээд “Кенни Далглиш бол “Ливерпуль”-ийн бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогч” гээд надад тэр зургийг өгөв. “Тэр бол жинхэнэ эр хүн шүү. Алив, зургийг нь хананд чинь наагаад өгье” хэмээн нэмж хэллээ. Далглишийн зураг миний өрөөнд хэдэн жилийн турш өлгөөтэй байж билээ. Яг л бурхан шүтээн шиг байдагсан. Зургаа, долоон настай байхдаа “Хаан” Кенниг “Энфильд”-д амьдаар нь харах боломж олдож байв. Одоо бол түүний тоглолтын хувцас миний шагналын өрөөнд хүндтэй байр эзлэн байдаг. Би Кенни болон Иан Раш, Жон Барнес, Стив Макмахон нарт илбэдүүлсэн юм шиг л өрнөж буй тоглолтод бүрэн уусан шингэдэг байв. Тэд бол үнэхээр агуу тоглогчид. Сэтгэлд хамгийн тодоор үлдсэн дурсамжаасаа хуваалцъя. 1989 онд “Арсенал”-ын Майкл Томас сүүлчийн минутад манай хаалганд гоол хийхэд, “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн зүрхэнд хутга шаах мэт болсон тэр мөчид би “Энфильд”-д байсан. Тэр гоолоос болж бид лигийн түрүүг авч чадаагүй юм. Харин дараа жил нь Хансен аваргын цомыг өргөөд зогсож байхад нь би мөн л тэнд үзсэн. Аваргын цомыг “Энфильд”-д буцаан авчирсан Хансеныг маш их бишрэн шүтэж байсан юм. Тэр бол үнэхээр гайхалтай мөч.
Би дөнгөж наймтай байхдаа л “Ливерпуль”-д бэлтгэл хийж эхэлсэн. Ингэснээр би жинхэнэ “Коп” болсон юм. Үүнээс өмнө бол би хэнийг дэмжихээ мэддэггүй байлаа. Нэг долоо хоногт нь “Гудисон Парк”-т очиж, дараагийнхад “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчидтэй мөр зэрэгцэн зогсдог байв. Энэ үед би зөвхөн хөлбөмбөг үзэхийн төлөө л явдаг байсан. Бусад хүмүүсийн хувьд бол тийм биш. Аав л гэхэд “Улаанууд”-ын төлөө үхэхээс буцахгүй нэгэн. Тэр яг шашны дуу дуулж байгаа юм шиг “Ливерпуль, Ливерпуль, Ливерпуль” хэмээн уянгалуулж, бөмбөрддөг байв. Мерсисайдын маш олон гэр бүл дотроо өөр өөр багийг дэмждэг гишүүдтэй. Жишээ нь, ээжийн ах Лесли “Эвертон”-ы дэмжигч. Тэр тус багийн тоглолтын тасалбарыг улирлаар нь худалдан авч, хувцас, ороолт, туг гээд иж бүрэн хэрэглэлээр гангарна. Лесли намайг “Цэнхэрүүд”-ийг дэмжигч болгохын тулд тоглолтоос буцаж ирэх бүртээ надад “Эвертон”-ы хувцас авчирдаг байж билээ.
Интернэтээр миний балчир үеийн зургийг хайвал “Эвертон”-ы хувцсаар гангарсан фото олдоно. Цэнхэр цамц, богино өмд, оймстой. Намайг “Ливерпуль”-тэй гэрээ байгуулах үед “Эвертон”-ы дэмжигчид тэр зургийг минь хаанаас ч юм олж аваад хэвлэн тарааж байлаа. Энэхүү үйлдэлд нь би талархаж явдаг юм. Намайг “Ливерпуль”-д алдаршиж эхлэхэд “Миррор” сонин тэр зургийг нүүрэндээ гаргаж байв. Үүнээс болж чамгүй том асуудал үүссэн билээ. Энэ зураг жинхэнэ үү, үгүй юу гээд л. Олон хүн үүнийг эвлүүлэг гэж бодсон байх. Гэхдээ энэ жинхэнэ зураг байсан. Энэ бол 1987 онд авахуулсан зураг юм.
“Эвертон”-ы дэмжигч мэт гарсан уг зураг дээр би энэ багийг шүтэж биширсэндээ тэр хувцсыг өмсөөгүй. Лесли намайг зургаатай байхад тэр хувцсыг авч өгсөн бөгөөд намайг хааяа “Гудисон Парк” руу дагуулж явдаг байсан. Би нэг удаа сугалаанд хожиж, лигийн аваргын болон “Charity Shield”-ийн цомны дэргэд зургаа авахуулах боломж олдсон. Үүнд Лесли нагац маш их баярлаж байв. Тэр үүгээрээ ааваас минь давж гаран, намайг урвуулна гэж бодсон байх. “Гудисон Парк”-ын шагналын өрөөнд “Эвертон”-ы хувцас өмсөөд баяр хөөртэй зогсох хүүгийнхээ зургийг хараад аав маш их уурласан. Аав Лесли нагацад хандан “Дахиж хүүгээ чамтай явуулахгүй” гэж хэлэв. Тэгээд над руу харан “Чи дахиж тийшээ явахгүй шүү” гэж зандарлаа. Гэхдээ бүх зүйл болоод өнгөрсөн шүү дээ. Би тэр үед дөнгөж долоотой байсан бөгөөд хөлбөмбөгт л ухаангүй дуртай байснаас “Эвертон”, “Ливерпуль”-ийн хооронд тийм өрсөлдөөн өрнөдгийг мэдээгүй юм. Тухайн үедээ ямар алдаа гаргаснаа би ойлгоогүй. Лесли Айронсайдад ирэхдээ “Эвертон”-ы шинэ хувцас заавал авчирна. Үүнд нь сэтгэл хөдөлж, баярлан аавыг эзгүйчлэн Леслиг дагаж яваад дараа нь дандаа загнуулдаг байв. Аав миний энэ үйлдэлд үнэхээр дургүй. Лесли намайг “Гудисон Парк”-ын шагналын өрөө рүү дагуулан очиж, зурагчин хөтөлж авчраад тэр зургийг авахуулсан юм. Бүх л зүрх сэтгэл минь “Ливерпуль”-ийн төлөө чиглэх болсон энэ цаг үед тэрхүү мөчийг эргэн дурсахад би ямар дэмий зүйл хийснээ ойлгодог. Энэ бол гэнэн багын хэрэг. Бид бүгдээрээ л алдаа хийдэг шүү дээ.
Одоо “Эвертон”, “Ливерпуль”-ийн аль нь ч бай, өөр багийнх ч байсан хамаагүй, хөлбөмбөгийн хувцас л олдвол тэр миний баяр баясгалан. Тоглолтын хувцас цуглуулах нь миний хобби болсон. Би зул сарын баяр, төрсөн өдрөөрөө олон хувцастай болдог. Хэрэв өөрт минь байхгүй хувцас бэлгэнд ирвэл маш их баярлан хөөрнө. Аав, ээж маань надад ямар клубийн хувцас байгаа, ямар байхгүйг сайн мэддэг. Миний цуглуулга мэдээж “Ливерпуль”, “Эвертон”-ыхоор эхэлсэн. Дараа нь “Тоттенхэм”, “Манчестер Сити”-гийн хувцастай болж байлаа.
Онцлох тэмдэг бүхий номын хуудас бүрийг нь нямбайлан үзнэ. Хуудас бүрийг нь шалгаад бүх хувцсыг өмсөж үздэг байв. Тэгээд “Ээж ээ, би “Тоттенхэм”-ийн шинэ хувцсыг авмаар байна” гээд гуйна. Спорт барааны дэлгүүрийн каталог ном миний хүслээ гүйцэлдүүлэх ганц арга байгаагүй. “Match of the Day”-г үзээд нүдэнд туссан хувцсанд мөн санаархана. Цуглуулгаа арвижуулах гэсэн бодол толгойноос салахгүй. Хэрэв бүтэн сайны орой “Тоттенхэм”-“Эвертон”-ы тоглолт зурагтаар гарвал дууссаных нь дараа аль нь ч хожсон байсан хүүхдүүдэд би энэ тоглолтыг үзсэн шүү гэдгээ мэдрүүлэхийн тулд “Спэрс”-ийн хувцсыг өмсөөд гудамжинд гардаг байв. Зурагтаар үзсэн оддын нэр миний нуруун дээр байхад би маш дуртай.
Би “Эвертон”-ы хаалгач Невилл Саутхолын хувцсанд хамгийн дуртай. Би Саутхолын үйлдэл бүрийг дууриана. Оймсоо доош нь шуугаад шилбэний хамгаалалтаа ил гаргачихна. “Том” Нев маш гоё пүүз өмсдөг тул би ээж, ааваасаа яг тиймийг авч өгөхийг шалдаг байв. Би Саутхолын үнэнч дэмжигч нь байсан. Хааяа гудамжинд тоглохдоо түүний хаалгачийн хувцсыг өмсөөд яг л Невилл Саутхол болсон мэт санагдан, зоригтой, гайхамшигт хаалтуудыг нь хийхийг хичээн зүлгэн дээр унадаг байв. Миний хөлбөмбөгт дурлаж, энэ замаар замнасанд түүний нөлөө багагүй бий. “Панини”1-гийн наалтан дундаас Невилл Саутхолын зургийг олчихоод яг л цом өргөж яваа мэт толгой дээрээ барин Айронсайдаар алхаж байснаа би мартдаггүй.
Хөлбөмбөгчдийн зургийн наалт, хувцас, тоглолт үзэхээр явах, энэ бүхэн миний хөлбөмбөгийн амьдралын салшгүй хэсэг. Гэхдээ би “Ливерпуль”-д л хамгаас илүү хайртай.
МӨРӨӨДӨЛДӨӨ ХӨВСӨН МӨЧҮҮД
“Ливерпуль”-д анх орсон тэр мөчид энэ багтай ер бусын нэгэн сэжмээр холбогдож, бид нэг нэгнээсээ хэзээ ч салахгүй мэт санагдаж байлаа. “Энфильд”-д та хэзээ ч ганцаараа алхахгүй гэдэг ямар үнэн үг вэ? Мэдээж би өөр ямар нэгэн шилдэг багт очиж болох байсан. “Манчестер Юнайтед”, “Вест Хэм”, “Эвертон”, “Тоттенхэм” гээд олон клуб миний араас хөөцөлдөж байв. Намайг багт нь ямар хэрэгтэй вэ, би тэдний харьяалалд очсоноор ямар таатай хангамж, нөхцөлтэй болох вэ гэдгийг тайлбарласан захидлууд миний шуудангийн хайрцагт бөөн бөөнөөр ирнэ. Тэнд “Бид чамайг суу алдарт хүргэнэ, хүссэн бүхнээр чинь хангана” гэх мэт ятгалгын үгс бичээстэй байдаг. Гэвч ямар ч сайхан зүйл амлаад би хаашаа ч явахгүй. Аав минь ч эндээ байхыг надаас шаарддаг. Түүний үзэл бодлыг өөрчлөх тун амаргүй. “Энфильд”-д агуу дасгалжуулагчид ажиллаж ирсэн. Энд итгэлцэл, харилцан хүндлэл нэрийн хуудас болдог. “Ливерпуль”-ийн хүүхдийн сургууль энэ зарчмынхаа үндсэн дээр олон шилдэг хөлбөмбөгчнийг төрүүлэн гаргаж, хожим алдартай Академи болон Киркбайд суурьшсан. Стив Хейвэй, Дейв Шэннон, Хьюи Макаули нартай анх уулзах мөчид л би тэдэнд өөрийгөө даатгаж болно гэдгийг мэдэрсэн. Би найман настайдаа “Ливерпуль”-ийн Академид орж байлаа. Стив, Дейв, Хьюи нар анх гар барьж, мэнд мэдэлцэхээсээ эхлээд л надад урам хайрлаж, ирээдүйд минь итгэл төрүүлсэн. Стив бол 1970-аад онд гялалзаж явсан “Ливерпуль”-ийн домог болсон хөлбөмбөгч. Харин Дейв миний тоглодог “Уистон Жуниорс” хэмээх бүтэн сайны лигийн багийн менежер Бен Макинтайртай сайн найз. Энэ нь ч намайг тэндээс “Энфильд”-д очиход нөлөөлсөн. Би “Уистон”-д анхны олон улсын түвшний тэмцээнд оролцож, 12 хүртэлх насныхантай өрсөлдөж байлаа. Гэхдээ миний гол зорилго “Ливерпуль” байсан.
Би сургалт эхлэхийг тэсч ядан хүлээдэг байв. “Алив, надад бөмбөг өгөөч. Надад хурдхан хөлбөмбөгийн эрдмийг заа. Юу хийж чадах нөөцийг минь харуулаад өг”. Өсч дэвжихсэн гэсэн хүсэлдээ байж яддаг байв. Хейвэй, Шэннон, Макаули нар “Вернон Сангстер” спорт сургалтын төвд долоо хоногийн мягмар, пүрэв гариг бүрт тэрхүү гайхалтай сургалтаа явуулдаг байсан. Энэ бол миний хувьд долоо хоногийн онцгой өдрүүд. Тэр танхимд очиж хичээллэх өдрийг би цаг, мөч, хормоор нь тоолох шахан хүлээдэгсэн. Тэр танхим бидний хувьд “Энфильд”, “Уэмбли” байсан. Би Сургалтын төвд олон сайн найзтай болсон. Майкл Оуэн, Жейсон Кумас гэсэн үеийн хөвгүүдтэйгээ тун хурдан дотносож, тэр хэрээр бие биеэ сайн ойлгодог болсон. Биднийг авъяас чадвар, дур сонирхол нэгтгэдэг байлаа.
Бид гурав нэг их удалгүй “Вернон Сангстер”-ийн шилдэг сурагчид нь болов. Бид бөмбөг эзэмшилт, хууралт, ур чадварын бэлтгэлийг бүтэн цагийн турш амсхийлгүй хийнэ. Өдөр өдрөөр бидний ур чадвар өсч байсан. Дейв Шэннон “Тэд “Ливерпуль”- ийн ирээдүй” хэмээн биднээр бахархаж, “Энэ гурав нийлсэн байхад хөвгүүдэд хэзээ ч хожигдохгүй” хэмээн хөөрөгдөнө. Сургалтад ирсэн хүүхдүүд янз бүрийн хувцас өмссөн байдаг. Харин бид гурав урьдчилан тохироод ижил цамцтай ирдэг байсан. Тэгээд тав, таваараа хуваагдан тоглоход энэ давуу байдлаа ашиглан үргэлж нэг баг болно. Майкл “Ирэх долоо хоногт “Ливерпуль”-ийн хоёрдугаар хувцсыг өмсөнө шүү” гэхэд Жейсон, бид хоёр түүний саналыг дуртайяа дэмждэг. Хэрвээ сонголт ихтэй тоглолтын цамцны цуглуулгад маань тэдний санал болгосон хувцас байхгүй бол машины арын суудалд суучихаад гэртээ харих замын турш аав, ээжээсээ тэр хувцсыг авч өгөхийг шалан гуйдаг байв. “Ээж ээ, аав, би заавал тэр хувцсыг өмсөх ёстой. Хэрэв тэгэхгүй бол Майкл, Жейсон хоёртой би нэг баг болж чадахгүй” гэхэд эцэг, эх маань нүүр өгөхгүй явцгаана. Гэвч би үргэлжлүүлэн шалсаар. Тэдэнтэй нэг баг болж тоглохын ач холбогдол, хэрэв би найзуудтайгаа ижил хувцастай байхгүй бол ямар ичгүүртэй байдалд орохыг зогсолтгүй тайлбарлан ярина. Аав, ээж хоёр миний ятгалганд орж зөөлрөв. Бурхан минь, баярлалаа. Майкл, Жейсон хоёр намайг ийм байдалд мөн ч олон удаа оруулсан даа.
Жейсон маш сайн тоглогч байсан. Тэр үргэлж мэргэжлийн хөлбөмбөгчдөөс дутахааргүй үйлдэл, хөдөлгөөн хийдэг байв. Майкл ч гэсэн үеийнхнээсээ эрс ялгардаг. Тэр наймтайдаа л ирээдүйд од болох нь илт мэдэгддэг байсан. Бүгд үүнийг хүлээн зөвшөөрнө. Майкл хэдийнэ хаалгачдын аранга болжээ. “Вернон Сангстер”-т очоод хамгийн эхний тоглолт дээр л би Майклын авьяасыг биширсэн. Тэр сургуулийнхаа багийн хамт Мерси орчмын бүх л тэмцээнд тоглож, энэ хавьд хэдийнэ алдаршаад байлаа. Майклыг “Вернон Сангстер”-т орох гэж байна гэсэн яриа яг л хар салхи шиг хүчтэй тарж билээ. Түүний хаалгачийн эсрэг гараад бөмбөгт хүрэх байдал, алхаа гишгээгээрээ хууран гоол хийхийг нь харахад бишрэхгүй байхын аргагүй. Майклын авъяасын тухай хүмүүс зүгээр ч нэг ярьдаггүй, бүр домог хүүрнэх мэт шагшицгаадаг байв. Би түүнийг анх хараад л гоол хийхийн төлөө төрсөн гэдгийг нь ойлгосон. Байгалиас заяасан авъяас гэдэг энэ. Майкл ч гэсэн намайг сайн дамжуулалт өгдгийг мэдээд тэр даруй нэг баг болсон. Хүмүүс биднийг сайн найзууд учраас хамт ярьж хөөрч байх гэж нэг баг болсон гэж ярихыг би сонссон. Шал утгагүй яриа. Майкл, бид хоёр үргэлж ялагч байхыг л хүссэн. Хожихын төлөө эцсээ хүртэл тэмцдэг чанар бид хоёрт байсан. Хожигдол гэдгийг бид үнэн голоосоо үзэн яддаг. Мэдээж бид хоёр тоглолтын дараа чалчдаг. Гэхдээ биднийг холбогч гол зүйл хөлбөмбөг байсан. Би Майклын хаалгачид хамгийн их аюул учруулж болох тийм газар очсон мөчид дамжуулалт өгнө. Бид хоёр “Ливерпуль”-ийн 12 хүртэлх насны багт хамт тоглодог байхдаа мөн ч олон багийг бут ниргэсэн. Майкл “Стиви бөмбөг авахаараа л над руу дамжуулах юм аа” гэхэд нь би “Миний өгсөн дамжуулалтыг Майкл дандаа гоол болгох юм” гээд инээлддэгсэн.
Тэр өдрүүдэд “Ливерпуль”-ийн үндсэн багт орно гэдэг хаа холын мөрөөдөл мэт санагддаг байлаа. Тэр үед Стив болон Дейвийн удирдлагад ур чадвараа ахиулахад л хамаг анхаарлаа хандуулан хичээллэдэг байв. Би бэлтгэл дээр жаахан тааруу байвал дараа нь амнаас үг гарахаа байчихдаг байж билээ. “Вернон Сангстер” луу хүргүүлэхээр аавын машинд суугаад явж байхад аав надад сахилга баттай байхыг сануулан зөвлөгөө өгнө. Тэр “Бэлтгэл эхэлсний дараа чи хэнтэй ч ярьж болохгүй шүү. Бэлтгэлдээ л бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэнэ. Аав минь намайг бүх талаар дэмждэг байсан. Тэр намайг сургалтын төвд явдаг болсноос хойш “Ливерпуль”-ийн нэгдүгээр багийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Тэр зөвхөн миний тоглолт болон бэлтгэлд бүх анхаарлаа хандуулдаг байсан. Нэг орой бие маань тавгүйрхээд хөдлөхөөс дургүй хүрч бэлтгэлдээ явмааргүй санагдав. Аав намайг үүдний өрөөний буйдан дээр суулгаад “Хүү минь, чи яагаад бэлтгэлдээ явахгүй байгаа юм бэ?” гэж асуув. Надад хэлэх үг олдсонгүй. Аав “Хэрэв чи бэлтгэлээ тасламаар байгаа бол аав нь Стив Хейвэй рүү утасдаад чамайг даалгавраа хийж дуусгахгүй бол болохгүй гээд хэлчих үү?” гэв. Аав намайг хэзээ ч шахаж, хүчилж байгаагүй. Түүний хүмүүжүүлэх гол арга нь хэлж ойлгуулж, урам хайрлах байсан. “Стивен, чи бэлтгэлдээ яв даа. Чи үүнд дуртай. Тиймээс ямар нэгэн хүндрэл байхгүй гэж бодож байна”. Аав надад болон дасгалжуулагч Стив, Дейв нарт маш их итгэдэг. “Хэрвээ чи багш нарынхаа хэлсэн бүхнийг хийгээд байвал тэд чамайг маш сайн тоглогч болгож чадна” гэж аав учирлав. “Чи бэлтгэлээ таслах юм бол бусад хүүхэд чамаас илүү болно. Би чамайг шахаж шаардахгүй. Миний хүү бэлтгэлээ хийх тусам л сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй”. Ингээд би бэлтгэлдээ явж билээ.
Эцэг, эх маань “Ливерпуль” тоглогчдодоо ямар шаардлага тавьдгийг мэднэ. Нэг өдөр би “Стив Хейвэй, Дейв Шэннон хоёр Стивений “Ливерпуль”-ийн төлөө тоглох цаг удахгүй ирнэ гэж байна” гэж аав ээжид хэлэхийг сонссон. “Ливерпуль”-д тоглох түвшинд хүртэл маш их хичээх хэрэгтэй. Аав, ээж маань багтай нягт харилцаатай байж, намайг бэлтгэлдээ хир толбогүй хувцас, гэрэлтсэн царайтай явахад анхаардаг байлаа. Заримдаа би Айронсайд дахь талбайд тоглохдоо өмсдөг хоншоор нь халцархай гутлаа бэлтгэлдээ авч явахыг хүсдэг юм. Үүгээрээ би тулааны амтыг хангалттай мэдэрсэн гэдгээ харуулахыг зорьсон хэрэг. Тэр хуучин гутал миний нандин эрхэм зүйлийн нэг. Гэвч аав “Чи ийм юм өмсөөд бэлтгэлдээ явж болохгүй ээ. Би шинийг авч өгье” гэнэ. Мөн ээж бэлтгэлийн хувцсыг маань индүүдэж өгнө. Хувцсан дээрх нугалаа, үрчлээг индүүгээрээ даран толийлгохыг нь харахад сонин байж билээ. Цэвэрхэн, нугалаасгүй тэр цамц ээжийн минь надад тавих шаардлагын илэрхийлэл болж, намайг үргэлж цэмцгэр харагдуулдаг байсан. Бэлтгэл дээр надаас өөр индүүдсэн хувцастай очдог хүүхэд байгаагүй. Би “Ливерпуль”- ийн цамцыг богино өмдтэй нь хэзээ ч хослуулж байгаагүй. “Тоттенхэм” ч юм уу, өөр ямар нэг багийн богино өмдийг өмсдөг байв. Ээж “Чи үйл хөдлөл бүрээрээ багаа хүндэтгэж буйгаа илэрхийлэх ёстой шүү” гэнэ. Эцэг, эх маань хүү нь энэ багтай холбогдсонд туйлын баяртай байдаг. Тэд намайг оргил мөчөө энэ багт тоглож байхдаа гаргаасай гэж хүсдэг юм. Би хэзээ ч өөр багт очих тухай бодож, энэ талаар ам нээж байсангүй.
Стив, Дейв нарын удирдлага дор миний ур чадварын түвшин тогтмол ахиж ирсэн. Улирал бүрийн эхэнд би “Стив намайг үргэлжлүүлэн хичээллүүлэх болов уу” гэж санаа зовдог байв. Намайг сургуульдаа үлдэхийг батламжилсан захидал “Ливерпуль”- ээс ирэхийг тэсч ядан хүлээдэгсэн. Хейвэй үргэлж л “Стивенд битгий санаа зов гэж хэлээрэй. Тэр энэ сургуульд ямагт байх болно. Түүний хос пүүз энд байгаа” гэж аавд хэлнэ. Би хичээл зүтгэлийнхээ үр дүнд өөрийн байр сууриа олоод байв. Нэг өдөр Стив Майкл Оуэн, Стефен Райт, Нейл Мерфи, бид дөрвийг өрөөндөө дуудлаа. Тэгэхэд бид 14- тэй байсан. Райт бол “Сандерлэнд”-д очих хүртлээ “Ливерпуль”-д зүтгэсэн хөлбөмбөгч. Харин Мерфи баруун жигүүрийн хамгаалалтад тун найдвартай нэгэн байв. Тэр багийн нөөц тоглогчоор тоглож байгаад одоо Академийн дасгалжуулагч болсон. Стив бидэнд тун таатай мэдээ дуулгав. “Та нарыг “Лильшол”-ын сорилгод урьжээ” гэв.
“Лильшол”! Энэ бол Үндэсний сургууль. Үүнд итгэж чадахгүй нь. “Лильшол” бол жинхэнэ хөлбөмбөгчдийг бэлтгэн гаргадаг газар. Тэнд зөвхөн шилдгүүд цугладаг юм. “Лильшол”-д очно гэдэг амжилтад хүрэх том хөшүүрэг байдаг. Энэ сургуульд орох сорилго маш өрсөлдөөнтэй болдгийг би мэднэ. Уригдсан хүн болгон л Үндэсний сургуульд орохыг хүснэ. Эхний шатанд Английн өнцөг, булан бүрээс ирсэн хэдэн зуун хүүхэд орно. Даваа ахих тусам хүүхдүүдийн тоо цөөрсөөр. Удалгүй тэнд ердөө 50 хүүхэд үлдэж, тэгээд гуч, дараа нь 24 нь сонгогддог. Үнэхээр хатуу сорилт. Тэр олон хүүхдээс одоо ийм цөөхөн үлджээ. Би шат бүрийг давсаар. Айронсайд дахь гэрийн хаалганы завсраар “Баяр хүргэе. Та дараагийн шалгаруулалтад үлдлээ” гэсэн захидал ирсээр. “Лильшол”-д орох мөч ойртож, би баярлан хөөрч байв.
Шалгаруулалт маш өндөр түвшинд явагдаж, тоглогчдод өндөр шаардлага тавьдаг. Тэнд надаас гадна Майкл Оуэн болон хожим “Эвертон”-д зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглож байгаад “Рейнжерс”-т очсон Майкл Бол, “Крью Александра”-д хар багаасаа л гялалзсан Кенни Лант нарын сайн тоглогчид үлдээд байв. Би “Лильшол”-ын сүүлийн бүрэлдэхүүнд багтана гэдэгтээ итгэлтэй байсан. Сорилгын явцад би талбайд байгаа хөвгүүдийг сонжин харж, надтай өрсөлдөгч болох хагас хамгаалагчдыг шинжинэ. Надаас илүү нэг ч тоглогч байсангүй. Үнэхээр би тэднээс хамаагүй сайн байлаа. Би сорилго дээр биеэ огт нөөдөггүй байв. Байраа зөв эзэлж, хатуу чанга хамгаалалт хийн, хэрэгтэй дамжуулалтыг нь өгөх гээд бүх талаар санасандаа хүртэл тоглож байсан. Энэ зүтгэлийг маань “Лильшол”-ын мэргэжилтнүүд ямар ч байсан анзаарсан байх. Би ур чадвараа хангалттай харуулсан. Надаас сайн дамжуулалт өгч байгаа тоглогч ер харагдсангүй. Намайг өсгөж хүмүүжүүлсэн “Ливерпуль” баг зөвхөн шилдгүүдийг төрүүлдэг билээ. Тэгэхээр “Лильшол” ямар ч эргэлзээгүй намайг сонгох ёстой. Миний бодлоор намайг өөлөх ганц дутагдал намхан нуруу байсан. Би өрсөлдөгчдийнхөө дэргэд дэндүү жижигхэн байлаа. Майкл Оуэн бас л жижиг тоглогч. Тэр том том биетэй хүүхдүүдтэй тулахдаа ур чадвараараа тэднийг ёстой л хогийн тантан болгодогсон. Гэхдээ талбайн дунд тоглох өөр хэрэг.
Би сүүлийн шалгаруулалтад үлдэж, сорилтод орсныхоо дараа “Лильшол”-ын урилгын авна гэдэгтээ бүр итгэлтэй болсон. Тэнд суралцах хоёр жилд улам илүү ихийг мэдэж, сайн тоглогч болон, алдар нэртэй болохыг төсөөлөн бодно. Тэгээд өглөө бүр гэрийнхээ гадаа суугаад шууданчийг хүлээдэгсэн. “Энэ хаанаас ирсэн бэ? “Лильшол”-оос явуулсан захидал хаана байна?” гэж шууданчийг шалгаана. Сүүлийн сорилго явагдаад удаагүй ч гэлээ захидал ирэх хугацаа болсныг би мэдэж байлаа. Гэрийнхэн маань ч юу юунаас илүүтэй тэр захидалд хамаг анхаарлаа хандуулан хүлээж байв. Нэг өглөө шуудангийн хайрцганд дугтуй хийх нь сонсогдов. Би өрөөнийхөө үүдэнд, шатан дээр зогсож байсан юм. Аав хайрцганд түрүүлж очлоо. Дугтуйг аваад задалж байгаа харагдав. Би Үндэсний сургуулиас хариу ирүүлснийг мэдээд юу гэснийг нь сонсохоор гүйн очлоо. Аав довжоон дээгүүр хөлөө чирэн алхах сонсогдож, удалгүй орж ирэв. Түүний гарт дугтуй харагдана. Нам гүм байдал намайг галзууруулах шахаж байв. “Яагаад юу ч дуугарахгүй байна вэ? Арай муу мэдээ ирсэн юм биш биз дээ. Тэгж таарлаа. Хэрэв зөвшөөрсөн хариу байсан бол аав маань хэдийнэ орилж, хашгирч байгаа”. Аав зүгээр л “Энэ чамд хаягласан захидал байна” гээд надад дугтуйг өгөв. Яг л оршуулгын ёслолын үеэр дуугардаг сүмийн хонхны чимээ шиг чичигнэх түүний хоолойны өнгөнөөс урам хугарсан нь илт мэдрэгдэнэ. Энэ бүхнээс би бүгдийг ойлголоо. “Лильшол” намайг хүлээж авсангүй.
Өрөөндөө орохоор шатаар өгсөх үед өөрийн эрхгүй нулимс асгарч байлаа. Бурхан минь, би биеэ барихыг хичнээн хичээвч нулимсаа тогтоож дийлэхгүй байв. Яг ертөнцийн төгсгөл болж буй мэт мэдрэмж төрж билээ, тэгэхэд. Аав миний араас өрөөнд орж ирлээ. Тэр надад ямар хүнд байгааг, сэтгэл санааны хямралд орсныг сайн мэдэж байгаа. “Лильшол”-д очих нь надад ямар чухал вэ гэдгийг аав минь маш сайн ойлгосон. Аавыг өрөөнд орж ирэхэд би нүүрэн дээрээ дэр тавьчихаад хэвтэж байв. Ёстой л нулимсан далайд живчихсэн хэвтэж байсан даа. Миний амьдрал, хөлбөмбөгийн мөрөөдөл маань үүгээр сүйрсэн мэт санагдсан юм. Би тэр сорилтод тийм хангалтгүй байсан гэж үү? “Ливерпуль”-ийн өсвөрийн багийн ахлагч нь тэдний сонголтын гадна ингээд үлдчихлээ гэж үү? Намайг “Манчестер Юнайтед” гэх мэт том багууд өөрийн болгох гэж хөөцөлддөг шүү дээ. Хэрэв энэ шийдвэрийг гаргасан “Лильшол”-ын тэр хүмүүс энэ өрөөнд байсан бол би тэднийг алахад ч бэлэн байлаа. Тэд намайг багтаа авахгүй байж яаж чадаж байна аа? Би өөрийнхөө түвшинг сайн мэднэ. Урьд нь хэн ч надад “Чи муу тоглож байна” гэж хэлж байгаагүй. Хэзээ ч шүү. Миний хөлбөмбөгийн амьдралд тохиосон анхны бүтэмжгүй хэрэг намайг яг тамд аваачих мэт болж билээ. Энэ мэдээг “Ливерпуль”-ийнхэн сонсох вий гэхээс би эмээж байлаа. Майкл Оуэн “Лильшол”-д очих нь тодорхой. Мөн тэнд Жейми Каррагер, Жейми Кассиди нарын “Ливерпуль”-ийн хөвгүүд суралцаж байгаа. Бас манай багийн хагас хамгаалагч Томми Кулшоу “Лильшол”-ын гишүүн болсон. Би зүгээр л тэдэнтэйгээ нийлэхийг хүссэн билээ.
Аав намайг тайвшруулахыг хичээж байв. Би толгой дээрх дэрээ авч аав руугаа нулимс гүйлгэнэсэн нүдээр хараад “Би одоо үргэлжлүүлж тоглож чадахгүй. Миний хөлбөмбөг тоглох үүгээр дуусч байна” гэж хэлэв. Аав нулимсыг минь арчиж, толгойг маань илэн “Хүү минь сонс. Чи өөрийнхөө ямар тоглодгийг мэдэх үү?” гэж хэлээд миний хажууд суулаа. “Би сорилтын бүх шатыг үзсэн. Тэнд чамаас илүү нэг ч тоглогч байгаагүй. “Лильшол”- ынхон чамайг нуруу намхан гээд л хассан байх. Эсвэл сургууль руу чинь яриад хоёр жил гэрээсээ хол байж чадахгүй гэж бодож л дээ. “Лильшол” чамайг сонгоогүй нь чи муу хөлбөмбөгч гэсэн үг биш. Стиви, чи бол үнэхээр сайн тоглогч. Үүнийг би мэднэ, чи өөрөө ч мэдэж байгаа. Хамгийн гол нь “Ливерпуль”-ийнхэн чамайг үнэлдэг”. Намайг нөмөрсөн хар үүлийг аавын минь үг үлдэн хөөх шиг болов. “Лильшол”-ынхон захидалдаа тун ойлгомжгүй тайлбар бичсэн байж билээ. “Чи бол хэн ч маргахгүй маш сайн тоглогч. Гэхдээ бид тоглогчдын одоогийн ур чадварыг биш, ирээдүйд гаргах амжилтыг нь урьдчилан харж сонголтоо хийдэг. Чамайг гадна үлдээсэн өөр шалтгаан ч бий”. Үүнийг нь уншаад би юу ч ойлгосонгүй.
Дараа нь зарим нэг цуу сонссон. Тухайлбал, Үндэсний сургуулийнханд Хюитон дүүрэг, тэндхийн оршин суугчид таагүй санагддаг гэх мэт. “Лильшол”-ынхонд би тэр сайхан сургуулийнх нь нэр хүндийг унагаах юм шиг санагдсан юм байх даа? Яаж ч бодсон тийм сэтгэгдэл төрүүлэхээр байгаагүй. Сонгон шалгаруулалт дээр би даруу, томоотой байсан. Би тэнд хийх ёстой зүйлээ л хийсэн. Сорилго руу явахын өмнө Стив Хейвэй надад “Лильшол”-ын мэргэжилтнүүд биднийг яаж хоол ундаа идэхийг хүртэл ажиглаж, дүгнэлтээ гаргадаг гэж анхааруулж байв. Тиймээс ч тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлэх гэж байдгаараа л хичээсэн.
Тэдний “өөр шалтгаан” гэдэг нь юу юм бол оо? “Лильшол”-ынхон сорилгын явцад аав, ээжтэй уулзаж, миний талаар ярилцсан гэсэн. “Стивен юунд дуртай вэ? Тэр хичээлдээ хэр вэ? Тэр гэрээсээ хол байж чадах уу?” гэхчилэн асуухад ээж, аав маань мэдээж миний хүссэн хариултыг өгсөн. Би ч үүнд итгэлтэй байсан. Тэд хүүгээ 100 хувь өмгөөлөн хамгаалах хүмүүс. Магадгүй “Лильшол”-ын хүмүүс намайг гэр бүлийнхнийхээ дэмжлэггүйгээр байж чадахгүй гэж бодсон байх. Мэдээж би гэрээсээ хол явах дургүй байсан л даа. Одоо ч гэсэн тийм. Би яавал “Лильшол”-д орох байсныг бодоод бодоод олоогүй. Хюитоны тухай яриа, гэрээсээ хол амьдарч чадахгүй гэх зэрэг шалтгаанаас илүү нуруу минь намхан байснаас “Лильшол”-ынхон намайг багтаа аваагүй гэж би өөртөө итгүүлж байлаа.
Уул нь би ийм шаналлыг мэдрэх ёсгүй. “Лильшол”-ынхонд ундууцах сэтгэл минь огт арилахгүй байлаа. Тэрхүү доромжлолыг оюун санаанаасаа авч хаях үнэхээр хэцүү байв. Мэдээж үүнээс болж би хөлбөмбөгийг орхихгүй. Аав ч гэсэн намайг ингээд тоглохоо больчих вий гэж надад их анхаарал тавьж, заавар зөвлөгөө өгсөн. Аав минь “Амьдралд хүнд хэцүү зүйл их тохиолддог. Түүний өмнө шантарч сөхрөлгүй сэтгэлийн хүчээр давж гардаг байх хэрэгтэй” гэж сургадагсан. “Миний хүү, тэд хэнийг алдсанаа хараг. Чи тэдний буруу байсныг өөрийн амжилтаараа үзүүл” гэж аав намайг зоригжуулж байв.
Би “Ливерпуль”-дээ сэтгэл дундуур буцаж очин бэлтгэлээ хийж эхлэв. Стив Хейвэй тэнд намайг хүлээж байлаа. Тэр намайг өрөөндөө дагуулан орж ширээнийхээ хажууд суулгав. Тэгээд “Стиви, чамайг “Лильшол”-д очоогүйд би маш их баяртай байна. Би ингээсэй гэж маш их хүсч байлаа. Тэдэнд ч үүнийгээ хэлсэн” гэлээ. Би маш их гайхав. “Тэр юу хэлчихэв ээ?” хэмээн хачирхан бодов.
“Би чамайг битгий сонгогдоосой гэж маш их хүсч байсан. Оуэныг ч адил. Энэ амин хувиа бодсон хэрэг байж болно. Би чамайг “Ливерпуль”-д л байгаасай гэж боддог. Стиви, энэ бүхнийг сонсоод толгой чинь самуурч буйг мэдэж байна. Гэхдээ чи надад итгээрэй, би “Лильшол”-ынхноос илүү чамайг сайн тоглогч болгож чадна”. Гэвч тэр мөчид би түүнд итгээгүй.
Майкл Английн хамгийн сайн сургалттай, урдаа барьдаг дасгалжуулагчид ажилладаг Үндэсний сургууль “Лильшол” руу явахаар ачаа тээшээ баглаж байв. Майкл ингэх гавъяатай. Найздаа амжилт хүсье. Тэр надтай салах ёс гүйцэтгэхээр ирэхэд нь “Над руу ярьж байгаарай, би ч гэсэн залгана аа” гэж захив. Үнэндээ надад үүнээс өөр хэлэх үг олдсонгүй. Би “Лильшол” руу явж, Майклтай мөр зэрэгцэн тоглохыг маш их хүсч байлаа. Хувцас солих өрөөнд орох бүртээ түүний хоосон шүүгээг харж, энэ тухай дандаа боддог. Гологдох үнэхээр муухай юм аа. Хэрэв Стив намайг сонгохгүй байхыг “Лильшол”- ын хүмүүсээс хүсээгүйсэн бол би Үндэсний сургуульд орж болох байж ээ. Гэхдээ Стив намайг тоглох хүслээ бүү орхиосой гэсэндээ ингэж ярьсан байх гэж би боддог байв.
“Лильшол” намайг авахаас татгалзсан нь миний шигшээд тоглох боломжийг багасгасан.
Үндэсний сургуулийн хөлбөмбөгчид шууд өсвөрийн шигшээд дуудагддаг бичигдээгүй хууль бий. Ямар ч шалгуур байхгүй ингэж шийддэг нь үнэхээр шударга бус зүйл. Энэ намайг бухимдуулдаг байв. “Арсенал”-ын Кенни Лунт, Жейми Дэй, “Скарборо”-гийн Ричард Келлер нар надаас илүү гэж үнэлэгдэн “Лильшол”-д очсон хагас хамгаалагчид. Тэд ямар ч өрсөлдөгчгүйгээр 15 хүртэлх насныхны шигшээ багт мөн дуудагдан тоглодог. “Алив залуу минь үзүүлээд өг, тэр бол чиний өмсөх ёстой шигшээгийн хувцас”. Би ийнхүү уурлаж бухимдан боддог байлаа. Би Айронсайд дахь гэрийнхээ үүдэнд “Тэр хөвгүүд зүгээр л “Лильшол”-ын сайхан зүлгэн дээр тоглож, сайн дасгалжуулагчийн удирдлагад хичээллэдэг болохоороо л өсвөрийн шигшээ багт дуудагддаг” гэж бодон суудаг байв. Шигшээ багийн тоглолтууд “Sky” сувгаар тогтмол гардаг. Англи даяар цацагдаж буй тэр тоглолтыг үзэх нь надад жинхэнэ эрүүдэн шүүлт байсан. Зурагтынхаа өмнө аавтайгаа хамт суугаад хагас хамгаалагчийн байрлалд тоглох хүүхдүүдийг анхааралтай харна. Тэд яавч надтай эн зэрэгцэх тоглогчид биш ажээ. Тэдний алдаа гаргах бүрт нь би зурагт руугаа хашгирна. Мөн тайлбарлагч гурван арслантай хувцас өмссөн хагас хамгаалагчдыг магтан ярихад нь багтрах шахдаг байж билээ. Ийм юм үзэж өөрийгөө зовоож байснаас зүгээр л гараад явчихаж болно л доо. Гэхдээ би Майклын тоглохыг харах гэж л өсвөрийн шигшээгийн тоглолтыг үздэг байсан.
Хэзээ нэгэн цагт “Лильшол”-ын дасгалжуулагчид гаргасан алдаагаа ухаарна гэдэгт би найдаж байсан. “Чөтгөр аваг, бид “Ливерпуль”-ийн тэр гайхалтай хүүг авалгүй өнгөрчээ. Түүнийг хэн гэдэг гэнэ ээ? Жеррард гэсэн үү? Хурдхан түүнийг авчир”. “Лильшол”-д ийм яриа өрнөж, тэдний уучлал гуйж, сургуульд нь ирэхийг хүссэн захиаг шууданч авчирна хэмээн мөрөөднө. Харин Үндэсний сургууль “Арсенал”-ын хөвгүүдийг хассанаар надад бяцхан боломж гарч ирлээ. Майкл над руу утасдаж “Энд зарим нэг хүүхдүүдийг хасч, оронд нь тоглогч авах тухай яригдаж байна” гэж хэлсэн. Тэр шөнө би цурам ч хийж чадсангүй. Орон дээрээ Майклын хэлснийг бодсоор өглөө болгосон байлаа. Бодолдоо хэдийнэ “Лильшол” руу явахаар ачаа тээшээ бэлтгэчихсэн байв. Тэд намайг дуудах ёстой. Гэвч тэгсэнгүй. Ямар ч дуудлага ирсэнгүй. Дахиад хүсэл мөрөөдөл минь бүтэлгүйтлээ.
Түүнээс долоон сарын дараа “Лильшол”-ынхонд хүрсэн уур, бухимдлаа намжаах боломж гарлаа. Үндэсний сургуулийнхан “Мелвүд”-д ирж, Хейвэйгийн удирдлагад хичээллэдэг бидэнтэй нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Өөрийгөө тэднээс илүү гэдгийг харуулах боломжийг олгосон бурхандаа маш их баярлалаа. Би энэ тулаанд бэлтгэж эхлэв. Уг тоглолтыг би хэн хүнээс илүү тэсч ядан хүлээх болов. Тоглолтын өмнөх орой “Лильшол”-ын хөвгүүдэд зориулан шаахайгаа, бүх товрууг нь гялалзтал зүлгэлээ. Намайг яаж догдолж буйг аав минь маш сайн ойлгож байлаа. Тэр “Чи Үндэсний сургуулийн хөвгүүдээс бүх талаараа илүү байх болно. Би үүнийг сайн мэдэж байна” гэж урам өгөв. “Тэр “Лильшол”-ын хүүхдүүд чамаас илүү гарна гэж үү?” гэхэд нь би “Тийм ээ, таны зөв” хэмээн итгэл төгс хариулж билээ. Тэгэхэд миний дотор ёстой л буцалж байсан юм. Тэгээд шөнө унтсангүй. Хэрэв дугхийчих юм бол миний доторх тэр их уур хилэн намдчихаж магадгүй гэж айсан хэрэг. Өглөө нь гомдлоо барьж ядан “Мелвүд” рүү очиход Стив нүдийг минь хараад л бүхнийг ойлгожээ.
“Стиви, болгоомжтой байгаарай. Хамаагүй ширүүн тоглож байж гэмтчихэв!” гэж тэр анхааруулав. Би “Тэд нар л харин магадгүй дээ” гэж хариуллаа. “Би “Лильшол”-ынхонд хэн нь илүү вэ гэдгийг харуулна аа. Бүгдэд нь” гэж хэлэв.
Стив намайг тайвшруулах гэж, тоглолтын учир шалтгааныг тайлбарлах гэж хичээнэ. Гэвч би хэдийнэ “галт тэргэндээ суучихсан” байлаа. Шигшээгийн хувцас өмссөн “Лильшол”-ын хөвгүүд нүүр дүүрэн инээмсэглэж, эелдэг царайлан “Мелвүд” рүү алхан орж байхыг хараад миний уур хилэн бүр эцэстээ хүрч байв. Одоо эргээд бодоход талбай руу гарах хоолойд тэднийг барьж аваад зодолдчихолгүй яаж биеэ барьж чадаж байж вэ гэж санагддаг юм. “Үзүүлээд өгөх цаг боллоо. Та нарын наад толбогүй хувцас, худлаа инээмсэглэсэн царай чинь хэдэн хормын дараа ямар болох бол оо. Хэн нь шилдгээ үзье л дээ” гэж бодон зогсож байв. Бурхан минь, би тоглолт эхлэхийг хүлээж тэсэхгүй нь ээ.
Бүгд талбай руу гүйн гарлаа. Бид энэ талбайд тоглож, бэлтгэлээ хийдэг. “Ливерпуль” бол миний баяр баясгалан, бахархал билээ. Бид ихэвчлэн хоёрдугаар багийн талбайд бэлтгэл хийдэг ч “Лильшол” манайд айлчилж буйтай холбоотойгоор үндсэн багийн талбайд гаргалаа. Энэ нь зүлгэн гадаргуугаараа “Энфильд”-тэй яг адил юм. Манай клубийнхний ихэнх нь энэ тоглолт надад ямар их ач холбогдолтой вэ гэдгийг гадарлаж байлаа. Би тоглолтын өмнөх бие халаалтын цаг хурдан дуусаасай гэж бодон байн байн шүүгч рүү хяламхийн харж байв.
Тоглолтыг эхлүүлсэн шүглийн дуу надад яг л боксын тулааны хонх мэт санагдаж билээ. Шүүгч гараараа тоглолт эхэлснийг заан дохив. Тэр тоглолтод би “Лильшол”-ын хагас хамгаалагчдыг ёстой л хэсэг хэсгээр нь хэрчиж хаясан даа. Үнэхээр тэднээр юу ч хийлгээгүй. Үндэсний сургуульд намайг тэнцүүлээгүйгийнх нь төлөө тэр хөвгүүдийг хайр найргүй жийн унагаж, бөмбөгийг нь булаан авч байсан юм. Сонгож авсан тоглогчид нь юу ч хийж чадахгүй байгааг харан аргаа барж ядан зогсох “Лильшол”-ын дасгалжуулагчдын царайг хараад бах минь ханаж билээ. “Намайг сонгоогүйн төлөө” гэж бодон дахин нэг тоглогчийн хөлнөөс бөмбөгийг нь булаан авав. “Энэ бүхэн тэднийг том алдаа хийснийг нь ойлгуулах болно” хэмээн өөртөө хэлж дахин нэг тоглогчийг нь унагаана. Шүүгч “Тайван тогло, бусдыгаа гэмтээлээ” гэж хэлэв. Гэвч би бусдыг хайхрахаасаа нэгэнт өнгөрсөн байлаа. Тэнд намайг зогсоох юу ч байсангүй. Намайг ямар их шаналж байсныг тэр шүүгч ойлгохгүй шүү дээ.
“Лильшол”-д Майкл Бол, Уэс Браун, мэдээж миний найз Майкл Оуэн зэрэг цөөн хэдэн сайн тоглогч байсан. Оуэн тэр тоглолтод ээлжит хет-трикээ хийлээ. “Лильшол” 4:3-аар хожсон ч би хувийн үзүүлэлтээ илүүд тавьж байв. Тоглолтын дараа тэдний бүх тоглогч над дээр гүйн ирж гар барьж байсан юм. Би тэдний эсрэг маш хатуу ширүүн тоглосон ч надад хүндэтгэлээ илэрхийлж байв. Сайхан юм аа. Үүнийх нь төлөө би тэднээр бахархсан. Талбайгаас гарч явахдаа Майкл надад “Чи “Лильшол”-д яагаад орж чадаагүйгээ мэдэв үү? Эд нар эелдэг байгаа биз” гэснээ “Гэхдээ энэ тоглоом шүү” гэв. Тэгээд “Чи энэ тоглолтын баатар нь байлаа” хэмээлээ. Өсвөрийн шигшээ багийн албаныхан над дээр ирж баяр хүргэв. Хэдий хүссэнээрээ тоглосон ч дотор минь онгойсонгүй. Тэгж их өшиглүүлчихээд эелдгээр гар барих тэр хөвгүүдийн араншин зүрхийг минь зүсэх шиг болсон.
Одоо ч гэсэн энэ тухай эргээд бодоход миний уур хүрдэг. Би ямар ч бэрхшээл, саадыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгж сайн тоглосны дараа миний бодсон шиг өсвөрийн шигшээгийн дасгалжуулагч Жон Оуэнс намайг багтаа дуудаагүй. Одоо тэр “Ливерпуль”- ийн Академид дасгалжуулагчаар ажилладаг. Би түүнтэй таарахаараа хажуугаар нь үл анзаарсан байдалтай өнгөрөх дуртай. Үнэн шүү. Түүнийг өөдөөс ирж явааг нь харахад тэр үеийн тухай бодол намайг нөмрөн авдаг боловч “Энэ бүхэн чинь өнгөрсөн зүйл шүү дээ” хэмээн өөртөө хэлж тайвшруулан хажуугаар нь өнгөрдөг. Оуэнс намайг өсвөрийн шигшээ багийн тухай аль эрт мартсан гэж боддог байж болох юм. Хэзээ ч билээ нэг удаа бид хоёр санамсаргүй байдлаар хууч хөөрсөн. Тэгэхэд би маш их уур хүрч, багтарч үхэх гэж байсан боловч худлаа эелдэг, найрсаг дүр эсгэн сууж билээ. Ингэж суухдаа би оюун санаандаа хэдийнэ түүнийг заамдаж аваад хананд шахчихсан зогсож байсан юм. “Намайг яагаад шигшээд дуудаагүй юм бэ? Энэ чинь таны маш том алдаа шүү. Яг одоо миний нүд рүү харж байгаад тэр хөгийн үгтэй захиаг явуулах болсон, мөн шигшээд аваагүй шалтгаанаа хэлээд орхи. Миний өндөр хангалтгүй байсан гэж үнэн үү? Тэгвэл тэр надаас өндөр, хүчтэй хагас хамгаалагчдаас чинь надаас илүү сайн тоглодог хүн байна уу? Нэг ч байхгүй шүү дээ” гэж түүн рүү хашгирмаар байв. Чөтгөр аваг.
Ер нь Хейвэйгийн зөв байсан. Би Үндэсний сургууль руу явсан бол тэр хоёр жилд Стивийн хоёр улирал заасан шиг юм сурах байсан болов уу? Стив болон түүний удирдлагад ажилладаг дасгалжуулагчид надад хичээл заах дуртай, би ч тэдний үгийг сонсох дуртай байсан. Тэр он жилүүд үнэхээр гайхамшигтай. Стив болон Дейв Шэннон нар миний олонд танигдсан чанарууд болох бөмбөг эзэмшилт, дамжуулалт, цохилтын чадварыг эзэмшүүлсэн юм. Бид тоглолт бүрийг ДАШТ-ий шувтаргын тоглолт мэт чухалчилж, байдгаараа мэрийцгээдэгсэн. Хэрэв чи ямар нэг алдаа гаргавал Стив, Дейв нар эцэж ядартал чинь суниалгаж, талбайг бөмбөг туулган хэд тойруулна. Би энэ шийтгэлийг чадах чинээгээрээ хурдан гүйцэтгээд тоглолтдоо эргэн ордог байлаа. Би ялалт байгуулж, түүгээрээ олонд гайхагдахыг хүсдэг. Энэ бол миний амьдрал. “Ливерпуль”- ийн бэлтгэл үнэхээр гайхалтай болдог. Кардинал Хинэнд сургуулийнхантайгаа юм уу, Айронсайдад найзуудтайгаа тоглож байгаад Академид ирэхэд огт өөр ертөнцөд орсон юм шиг санагддаг байж билээ. “Ливерпуль”-ийн андууд маань надтай удаан хугацаанд бэлтгэл хийсэн, ур чадвар ч ойролцоо болохоор маш сайн ойлголцдог байсан. Харин найзуудтайгаа Кардинал Хинэнд тоглоход хэн нэг нь байрлалаа буруу эзэлж, дамжуулалт авч чадахгүй, мөн бөмбөгөө бусдад алдах гэх мэт алдаа гаргахад нь багтарч үхэх шахдаг байв. Кардинал Хинэний багш нар “Тэд яаж чам шиг тоглож чадах юм бэ? Найзууддаа битгий уурла. Зүгээр л тэдэнтэй хөгжилд” гэж хэлдэгсэн. Харин “Ливерпуль”-д ийм явдал гарахгүй. Тэд надтай түвшин ижил, мөн бид бие биеэ нүдээрээ л ойлгодог.
“Лильшол” намайг авахаас татгалзсан нь миний “Ливерпуль”-ийг гэх сэтгэлийг улам хүчтэй болгосон. “Ливерпуль” ч намайг үлдээхийг хүссэн. Би багтаа сайн тоглож, ямар алдаа хийснийг нь “Лильшол”-ынхонд харуулахыг хүсдэг байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам ямар азаар Үндэсний сургуульд очоогүй юм бэ гэж бодох болсон. Миний бодлоор “Лильшол”-ын дасгалжуулагчид Стив Хейвэй шиг намайг хөгжүүлж чадахгүй байсан. Стив зөвхөн хөлбөмбөг гэлгүй, манай гэрт ирж, мөн утсаар ярин бидний амьдрал ахуй хэр байгааг мэддэг байв. Бас хааяа аав, ээжийг Академид дуудан аваачиж ярилцана. Стив заримдаа надад бусдаас нуун тоглолтын гутал өгдөг байв. Үргэлж л “Танай гэрийнхэн ямар байна даа?” гэж асуун “Дутагдаж гачигдах зүйл юу байна? Гайгүй мөнгөтэй байна уу?” хэмээн санаа тавина. Тэр манайхыг хангалуун амьдралтай айл биш гэдгийг мэддэг. Тиймээс үргэлж бидэнд туслахыг хичээдэг байв. Стив сурагчдынхаа гэр бүлтэй нарийн холбоо харилцаатай, бат бөх барилдлагатай байж, хүмүүст туслахыг хүсдэг. Тэр үнэхээр сайн хүн, жинхэнэ эр хүн. “Ливерпуль”-ийн зүгээс тоглогчдыг багтаа барихын төлөө ингэж санаа тавихыг түүнд үүрэгдсэн байх. Гэхдээ Стив зөвхөн ажил үүргийн үүднээс ингэж ханддаггүй байсан юм. Би хэзээ ч “Ливерпуль”, мөн Стивт их мөнгө олох хэрэгсэл шиг байгаагүй. Би энэ багийн салшгүй нэг хэсэг нь болж, хүсэл мөрөөдөл, зорилго минь “Ливерпуль”-тэй л холбоотой байж ирсэн. Стив надад яг л төрсөн хүү шигээ ханддаг юм. Стив Хейвэй надад жинхэнэ эр хүн, мөн сайн хөлбөмбөгчин ямар байх ёстойг сурган энэ төлөвшлийг суулгасныг нь ямагт санаж явах болно. Надад “Ливерпуль” байхад тэр “Лильшол” хэрэггүй юм байна.
Стив тэнэг хүн биш. Намайг авахаар маш олон клуб хөөцөлдөж буйг тэр мэдэж байгаа. “Лильшол” тийнхүү том алдаа хийсэн ч энэ нь ямар нэг нөлөө үзүүлсэнгүй. Намайг үнэлж, өөрийн болгох гэсэн багуудын тоо харин ч нэмэгдсэн билээ. “Манчестер Юнайтед”-аас гоё, сайхан зүйл амласан захидлууд ирсээр байв. Мөн “Кристал Пэлас”, “Манчестер Сити”, “Эвертон”, “Тоттенхэм”-ийн захидлуудыг шууданч бараг л өдөр алгасахгүй авчирч өгнө. Энэ бүхэнд тэвчээр алдсан аав минь нэг өдөр Стив дээр очоод “Стивенд ямар их санал ирж байгааг харав уу? Би түүнийг ирээдүйд энд л тоглоосой гэж хүсч байна” гэж хэлсэн. Тэгэхэд Стив зориудаар үл тоосон, тайван байдал гаргасан байж болох юм. Тэр “Хэрэв Стивенд тэр саналууд нь таалагдаад “Манчестер Юнайтед” ч юм уу, ямар нэг баг руу явах бол зөнд нь орхи. “Тоттенхэм”, “Манчестер Сити”-гийн тавьсан нөхцөл нь илүү бол яая гэх вэ. Бид Стивений замд нь хөндөлсөж болохгүй шүү дээ” гэж хэлсэн гэсэн.
Үнэхээр ч надад эндээс явах сонирхол байгаагүй. “Эвертон” намайг багтаа авах гэж удаа дараа санал тавьсан. Би “Транмер Роверс”-ын шинэ тоглогч элсүүлэх сорилгод тоглож байв. Мөн “Вест Хэм” “Кэмбриж Юнайтед”-ыг 6:2-оор бут ниргэхэд Лондонгийн багийн улаан хүрэн-цэнхэр өнгийн хувцсыг өмсөж байлаа. 14 настайдаа “Манчестер Юнайтед”-ын улаан цамцыг өмсөн хоёр ч сорилгод оролцсон. Тэр шалгаруулалтын дараа “Юнайтед”-ынхан надад гурван жилийн мэргэжлийн гэрээ санал болгож байв. Мөн тэдний домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсонтой уулзсан. Сорилгод оролцогчид Фергюсонтой үдийн зоог барихад би мөн тэнд байсан юм. Майкл Оуэн, Майкл Бол нар ч хамт байлаа. Бид ширээ тойрон сууж ноён Фергюсоны яриаг сонсоно. Тэр бол үнэхээр шилдэг дасгалжуулагч. Мэдээж би түүний тухай ихийг мэддэг байсан. Тэр “Юнайтед”-д дахин сэргэлтийг авчирсан билээ. Фергюсон шууд л намайг өөрийнх нь багт тоглохыг хүссэн. Тэр биднийг “Олд Траффорд”-д ирвэл ямар их ирээдүй хүлээж буйг хэлээд өөр олон сайн залуу тоглогч байгааг өгүүлсэн. Тэнд Райан Гиггз, Дэвид Бекхэм нарын шинэ үеийнхэн тэсрэлт хийхэд бэлэн болоод байлаа. Би тэр зоогонд очиж, ноён Фергюсоны яриаг сонссон ч “Юнайтед”-тай гэрээ байгуулаагүй. Хэзээ ч байгуулахгүй. Надад санал тавьсан багуудын гэрээг сонирхон тийнхүү хэсэг зугаацсаны эцэст “Ливерпуль”-ээс намайг Залуучуудын бэлтгэлийн хөтөлбөрт хамруулж билээ.
Тэр тоглолтуудаас буцаж ирээд Стив Хейвэйтэй ярилцлаа. “Би тэр багуудын аль нэгэнд тоглохыг хүсч байна” хэмээн инээмсэглэн хэлэв. Түүнээс хойш удалгүй тэр хөтөлбөрийн саналыг хүлээн авч билээ. 16 хүртэлх насныхны лигийн улирал дуусах дөхсөн үед энэ багт тоглодог бүх хүүхэд “Мелвүд” дэх Стив Хейвэйгийн өрөөнд нэг нэгээрээ очиж, “Ливерпуль”-д үргэлжлүүлэн хичээллэх үү, үгүй юу гэсэн шийдээ сонссон. Харин би тийшээ очоогүй. Учир нь би хариултыг нь хэдийнэ мэдсэн байлаа. Стивтэй хийх гэрээ тодорхой байсан. Харин нэмж мэдсэн зүйл гэвэл долоо хоногт 50 фунтын цалин байлаа. Майкл Оуэн ч ийм гэрээг байгуулсан.
Стив бидэнд анхаарал, халамж их тавьдгийг би хэлсэн. Тэр надаар зогсохгүй Пол ах болон миний найзуудад “Энфильд”-д тоглолт үзэх тасалбар өгдөг байв. Тэр намайг “FA Cup” болон “Лигийн цом”-ын финалыг үзүүлэхээр гурван удаа “Уэмбли” рүү дагуулж явсан. Стив, Хьюи, Дейв болон тэдний гэргий нартай Ливерпулиэс өмнөдийг зорин галт тэргээр явахад тэд намайг яг л хүү шигээ халамжилдаг байв. Бид 1992 онд “FA Cup”- ын финалд “Ливерпуль” “Сандерлэнд”-ийг 2:0-ээр хожихыг, мөн үүнээс гурван жилийн дараа Стив Макманаманы гайхалтай тоглолтын ачаар “Болтон Уондерерс”-ийг 2:1-ээр буулган авсан “Лигийн цом”-ын шувтаргын тоглолтыг үзсэн. Оуэн ч мөн “Уэмбли” рүү явсан аяллын багт ордог байв. Майкл “Ливерпуль”-ийн залуучуудын багт байгуулсан гавъяагаараа “Уэмбли” дэх тоглолтыг үзэх эрхээр шагнуулж байсан. Үүнээс үүдэн тэд намайг цаашид хийх зүйлийн минь төлөө энэ эрхийг олгосон байх гэж би боддог юм.
Стив надад хэн хүнээс илүү ханддаг байсан. 1996 оны тавдугаар сарын нэгэн өглөө эрт түүнийг над руу залгасныг нь ер мартдаггүй.Кардинал Хинэн сургууль руугаа явах автобуснаас хоцорчихгүй юмсан гэж бодон гэрээсээ гарах гэж байхад утас дуугарлаа. Тэр “Стивен, манайх хоёр хоногийн дараа “FA Cup”-ын залуучуудын тэмцээний шувтаргад “Вест Хэм”-тэй тоглохыг чи мэдэж байгаа. Үндсэн багаас хоёр тоглогч гэмтэлтэй байна. Тиймээс чамайг дуудаж магадгүй, бэлэн байгаарай” гэж хэллээ. Би Кардинал Хинэн хүртэлх замын турш яг л үүлэнд хөвөх мэт баярлаж хөөрөн явав. Залуучуудын багийнхнаас хүн гэмтэж, бэртэх нь таагүй зүйл боловч тэднийг намайг сонирхоно гэж бодоо ч үгүй байсан болохоор энэ мэдээ сэтгэлийг минь хөдөлгөсөн юм. Яг үнэндээ тэр багт би тийм
ч хэрэгтэй байгаагүй юм. “Ливерпуль”-ийн залуучуудын багт Дэвид Томпсон, Жейми Каррагер, тэгээд мэдээж Майкл Оуэн гэсэн ирээдүйн одод тоглож байсан юм. Тэд Рио Фердинанд, Фрэнк Лампард нарыг багтаасан “Вест Хэм”-ийг 4:1-ээр илт давуу хожиж билээ. Хэдий залуучуудын багт би ороогүй ч намайг анхаарсанд нь Стивд баярлаж байлаа.
Тэрбээр ахлах сургуульд заавал хийх ёстой байдаг ажлын дадлагыг “Ливерпуль”-д хийх боломжийг надад олгосон. Би ангийнхныхаа хаана, хэрхэн дадлага хийх гэж буйг нь сонсоно. Тэдэн шиг “Asda”, “Kwiksave”-д ачаа зөөх нь надад тохирох ажил биш байв. Дээд ангийнхнаас маань цөөн хэдэн хүүхэд “Мелвүд”-д дадлага хийж байсан. Энэ л миний сонирхлыг татаж байлаа. Бусад шиг хүнсний дэлгүүрт ажиллах нь ой тойнд минь огт буухгүй. Тэгээд Стив Хейвэйгийн өрөөнд гүйн очлоо. “Би хоёр долоо хоног энд ажлын дадлага хиймээр байна. Би таны хүссэнээр шал угааж, тоглогчдын гутлыг цэвэрлэж чадна” гэж түүнд хэлэв.Стив ч дуртайяа зөвшөөрч, Кардинал Хинэнтэй тохиролцлоо. Энэ мэтчилэн багийн зүгээс надад тавих халамжийг тоочоод баршгүй. Тийнхүү хоёр долоо хоног “Ливерпуль”-ийн нэгдүгээр багтай хамт байж билээ. Энэхүү аз завшаантай явдалдаа дадлага эхэлсэн хойноо ч итгэхгүй байлаа. Манай ангийнхан ч миний ярьсанд итгэхгүй. Кардинал Хинэний бараг бүх сурагч надад атаархаж байлаа.
“Мелвүд”-д дадлага хийж байсан хөвгүүд зөвхөн бэлтгэлийн үеэр ажиллаж байсан. Харин надад дадлага хийгээд зогсохгүй Жон Барнес, Ян Молби нартай хамт бэлтгэл хийх завшаан олдож билээ. Үнэндээ надад тэднийг ойроос харах боломж л олддог байсан юм. Бэлтгэлийн талбайн хажууд зогсоод тэдний гайхалтай ур чадварыг хараад хий л амаа ангайлган зогсдог байв. Би шал угаах, гутал цэвэрлэх, бөмбөг хийлэх, бэлтгэлийн дараа бөмбөг цуглуулах зэрэг ажил хийдэг байсан. Нэг удаа тэр үед дасгалжуулагчаар ажиллаж байсан Рой Эванс тав, таваараа баг болж тоглоход намайг орохыг хүсэв. 16 настай би Жон Барнес, Ян Молби нартай мөр зэрэгцэн тоглолоо. Тэд намайг өөрсдийн хэмжээнд хүлээн авч, над руу бөмбөг дамжуулж байж билээ. Намайг Диего Марадона шиг хэмээн хөөрөгдөн онгироож байсансан.
Миний хөлбөмбөгийг сонирхох сонирхол тэр хоёр долоо хоногт улам нэмэгдэж, “Ливерпуль”-д тоглох хүсэл бүр ч хүчтэй болсон. Тэр хугацаанд би нэгдүгээр багийн бэлтгэлийг нэг ч өнжөөгүй. Жейми Каррагер, Жейми Кассиди, Дэвид Томпсон, Гарет Робертс нарын залуучуудын багийн гишүүд ч надад атаархмаар байсан.
Гайхалтай, дурсамжтай хоёр долоо хоног шувтрахад би энгийн амьдралдаа эргэн орлоо. Энэ сайхан мөч тийм ч удаан байсангүй.
Кардинал Хинэний төгсөлтийн улсын шалгалт хоёр цаг үргэлжиллээ. Шалгалтын танхимд асуултуудаа бөглөж дуусаад цаг дуусахыг тэсэн ядан хүлээж байв. Энэ хооронд ирээдүйд өмсөх хувцасныхаа тухай бодон суусан. Шалгалтын цаг дуусангуут би танхимаас гүйн гарав. Тэгэхэд би автобусны буудал руу хэзээ ч хурдалж байгаагүйгээрээ гүйж билээ. Би Айронсайдад хурдхан буцаж очоод дүрэмт хувцсаа тайлж, тоглолтын хувцсаа авахыг хүсч байсан юм. Тэр өдөр мөн зуны зургаан долоо хоногийн хөлбөмбөгийн сургалт эхэлсэн.
Гэрт ороход ээж “Шалгалт чинь яав?” гэж асуув. “Дажгүй ээ” гэж хариулаад дүрэмт хувцсаа тайлан ээжид өгөөд “Энэ маань одоо хэрэггүй болсон” гэлээ. Кардинал Хинэний дүрэмт хувцсаа “Ливерпуль”-ийн өмсгөлөөр солих цаг иржээ.
ХҮҮХЭД НАС, ХӨЛБӨМБӨГ
Ийнхүү миний “Ливерпуль”-д суралцах хоёр жил эхэллээ. Найзуудтайгаа хөгжилдөж, хувцас солих өрөөнд бужигнацгаан, гайхамшигт ялалтын амтыг мэдэрч эхэлсэн энэ жилүүд миний амьдралын хамгийн баяр баясгалан, аз жаргалтай мөчүүдийн нэг билээ. Энэ үед үргэлжийн баяр хөөр, инээд намайг дагадаг байв. Хахир хатуугаараа алдартай Кардинал Хинэн сургуулийн дүрэмт хувцсыг “Ливерпуль”-ийн тод улаан өмсгөлөөр сольсон тэр мөчид миний бие хүн, зан араншин ч өөрчлөгдсөн гэж болно. Сурагч ахуйдаа би биеэ барьсан бүрэг нэгэн байж. Кардинал Хинэнд байхдаа ямар нэгэн асуудалд орохоос ямагт зайлсхийж биеэ цэгнэдэг байсан. Юунаас ч юм болоод ангиас хөөгдөн гарах, эсвэл гэрээс эцэг, эхээ дуудуулах зэрэгт би маш дургүй. Би шийтгэл нэртэй загнаж, зүхэх болон өчүүхэн төдий биед гар хүрэх үйлдлийг тэвчдэггүй байсан. Тиймээс ч би сургуулийнхаа хамгийн даруу хүүхдүүдийн нэг байв. Харин “Мелвүд”-д хөл тавьсан тэр мөчид миний дотор нуугдаж байсан томоогүй, дүрсгүй зан маань гарч ирсэн билээ.
Кардинал Хинэнд би тийм ч олон найзтай байгаагүй. Харин “Ливерпуль”-д бол өөр. Би тэнд байгаа бүх хүнтэй үерхэнэ. Бид хөлбөмбөгийн талаарх хүсэл, мөрөөдлөөрөө нэгддэг байлаа. Бид бие биеэ Богго, Грегго, Райти, Баво, Касс гэсэн товч нэр, хочоороо дуудна. Жон Богган надаас нэг насаар дүү. Хэдий тэр насаар бага ч тууштай, хичээнгүй байдлаараа удалгүй бидэнтэй нэг түвшинд ирсэн. Богго маш хөгжилтэй, үгний өө анддаггүй нэгэн. Тэр одоо “Аккрингтон Стэнли”-д харьяалагдаж байгаа. Нейл Грегсон мөн хөгжилтэй хүүхэд байсан. Тэр Стефен Райт, Мэтти Касс нартай нийлээд үргэлж л бие биеэ өдөн хөгжилддөгсөн. Касс үг хэлээрээ хэний ч дор ордоггүй байж билээ. Ноусли сургуулийн сурагч Иан Дунбавин мөн л бидний нэг. Баво “Аккрингтон Стэнли”-д хаалгачаар тоглодог бөгөөд одоо ч миний хамгийн сайн найзуудын нэг хэвээр. Тэгээд мэдээж манай багийн орлуулшгүй тоглогч, авьяасын цуглуулга болсон Майкл Оуэн байна. Бид бүгд өөрсдийн ирээдүйдээ итгэлтэй, сайхан мөрөөдөлтэй хүүхдүүд байсан. Сургуулийн уйтгартай амьдралаас салж, хөлбөмбөгөөр л амьсгалах гайхамшигт үеийн эхэнд зогсож байгаа залуус. Тэгэхэд бид тийм хангалуун байгаагүй. Би “Ливерпуль”- ийн үндсэн сурагч болоод долоо хоногт ердөө тавин фунтын цалин авдаг байв. Тэгэхэд ээж сард дор хаяж 160 фунтыг миний хөлбөмбөгийн сургалтад зориулна. Тэр үеийг одоогийнхтойгоо харьцуулахад өчүүхэн бага зүйл мэт боловч би өдөр бүрийг баяр хөөртэй, аз жаргалтай угтдаг байсан. Нар зөвхөн миний дээр тусч байгаа мэт тийм л мэдрэмж төрдөг байж.
Академи Киркбай руу шилжээд хараахан ашиглалтад ороогүй учир бид тэнд хоёр дахь жилээс хичээллэсэн. Харин эхний 12 сард “Мелвүд”-д бэлтгэл хийдэг байв. Тэнд бүх л оддыг харж болно. Бэлтгэлийн баазын хувцас солих өрөөнд бид нэгдүгээр багийнхны яриаг сонсон зогсож, дараа нь тэдний үйл хөдлөл бүрийг нь дууриахыг хичээдэг байж билээ. Энэ нь ч биднийг жинхэнэ “Ливерпуль”-ийн хүн болгосон гэж боддог. Бид бэлтгэл сургуулилтаа ягштал хийж, тоглолтод эцсийн мөч хүртэл зүтгэн, бие биетэйгээ хатуу ширүүн тоглоно. Сахилгагүйтэж дүрсгүйтсэнийхээ төлөө “Ливерпуль”-ийн штабынханд би цөөнгүй удаа донгодуулж байв. Гэхдээ энэ нь сургуульд байхдаа багшдаа юм уу, аавд шийтгүүлэхээс огт өөр л дөө. Би өөртөө дүгнэлт хийж, улирлаас улиралд алдаагаа засч чадсан.
Бидний хувцас солих өрөөнд ёстой л солиорол гэгч нь болдог байв. Өрөөнд оронгуут хөл толгой нь мэдэгдэхгүй их бужигнаан болно. Эхлээд хэн нэг нь өрөөний гэрэл унтраадаг. Энэ нь “дайн” эхлэх дохио юм. Тэгээд Грегго, Баво, Райти, Касс, Майкл гээд манай багийнхан бүгдээрээ алчуураараа цохилцож гарна. Энд тэндгүй л харанхуйд тэмтчиж, эсвэл хэн нэгнийг отсон хүмүүс.
Тэнд бид нарын Дон гэж дууддаг дөч гаруй настай мөртлөө насандаа баймгүй чийрэг нэгэн эр манаачаар ажилладаг байв. Дон зааланд үргэлж л туухай өргөж байгаа харагддагсан. Тэр гар барилдаанаар хэнд ч дийлддэггүй байв. Хувцас солих өрөөнд түүнийг орж ирэхэд бид бүгд бүчин авцгаана. Тэгээд ширээний хоёр талд гараад Доны баруун гарыг нугалах гэж хүчирдэггүй байлаа. Тэр үнэхээр хүчирхэг хүн байсан. Түүний эсрэг бүгд тэмцээд ч тэр дийлдэхгүй. Хааяа Доныг өрөөнд орж ирэхэд нь манайхан бие бие рүүгээ сэм дохино. Тэгээд гэнэт гэрлээ унтраагаад түүн рүү дайрцгаадаг. Бид түүний хөлөнд нь зүүгдэн унагаах юм уу, алчуураа, эсвэл пүүзээ түүн рүү шиднэ. Нэг өдөр Греггогийн шидсэн “Reebok” яг товруугаараа Доны толгойг оночихсон. Дон “Гэрлээ асаа” гэж муухай хашгирав. Хэн нэг нь тэр агшинд унтраалга дарлаа. Бурхан минь, Доны царай үнэхээр аймшигтай харагдаж байв. Нүднийх нь дээхэн талд язарчихсан, дээр нь уурлаж бачимдсандаа сүрдмээр царайтай болсон байлаа. “Хэн шидсэн бэ? Та нарыг ална даа” гэж орилов. Тэр бидний аав байхаар настай хүн. Магадгүй энэ нь биднийг түүний нударганы амтнаас аварсан байх. Дон хаалга саван гарч одлоо. Би найзууддаа хандан “Одоо хэдүүлээ яавал дээр вэ? Тэр шууд л Рой Эванст хэлэх байх даа” гэв. Гэвч тэгсэнгүй. Харин эмч дээр очиж шархандаа лент наалгаад эргэж ирэв. Тэр эргэж өрөөнд орж ирэхдээ яг л галзуу, солиотой хүн шиг харагдаж байлаа. Би Райтид “Тэр намайг цохих байх даа” гэж шивнэн хэлэв. Би Доны хараанд хамгийн түрүүнд өртдөг, муугаар хэлбэл араанд нь зуугдсан тийм хүүхэд байсан. “Тэр намайг нүцгэн гараараа нүдэх нь. Райти, хэрэв тэр над руу ирэх юм бол чи надад тусална биз дээ” гэлээ. Азаар Дон зүгээр л биднийг айлгаж уураа гаргахыг хүсчээ. Хамаг юм ард үлдлээ.
Бэлтгэлийн баазын манаачийг ийнхүү гэмтээсэн таагүй явдлын дараа багийнхан хувцас солих өрөөнд арай өөрөөр тоглодог болсон. Бас л гэрэл унтрааснаар бүх юм эхэлнэ. Гэхдээ урьдынх шиг гүйж харайлгүйгээр үг яриагаар нааддаг тоглоом юм. Бид үүнийг “Хятадын шивнээ” гэж нэрлэдэг байсан. Бид өрөөндөө тойрч суугаад гэрэл унтраангуут бие биедээ үг дамжуулж эхэлдэг. Би хажуудаа суусан хүнээс өөр хүнд сонсгохгүйг хичээн аяархнаар “Грегго муухай хувцас өмссөн байна” гэж шивнэв. Энэ тоглоомонд хамгийн шилдэг нь би байсан. Эхний хүний дамжуулсан үг сүүлчийн хүнд хүрсний дараа гэрлээ асаагаад бүгдээс нь юу гэж сонссоныг нь асууна. Утга нь алдагдаж, нэр нь солигдоод элэг хөшөөх шахдаг байж билээ. Би “Хятад шивнээ”-г тоглох үнэхээр дуртай байсан.
Ер нь энд байнга анхаарал болгоомжтой явахгүй бол болохгүй. Хэн ч хэний ч шоглолтонд өртөж болзошгүй. Дасгалжуулагчаас шинэ пүүз аваад ирэхэд бусад чинь түүнийг дор нь “янзалж” орхино. Шүршүүрт ороод гарах хооронд үдээсийг нь хайчлах юм уу, тайлахын аргагүй зангидчихдаг. Нэг удаа надад ийм явдал тохиолдоход пүүзээ өмсөх гэж оролдсоор байгаад бэлтгэлээсээ бүтэн цагаар хоцорч билээ. Бас нэгэнтээ хувцас солих өрөөнд гутал, оймсоо тайлж орхиод гараад ирэх хооронд оймсыг минь тайрчихсан байсан. Намайг хувцас солих өрөөнд ороод пүүзээ тайлж байхад бусад маань нэг л доогтой харж, жуумалзацгаагаад байв. Харин юу төлөвлөснийг нь сүүлд мэдсэн дээ.
Энэ мэтээр чадуулсан хүн болгон дараа нь хэрхэн хариугаа авах вэ гэж бодно. Би бусдын адил энэ торон сүлжээнд орсон байлаа. Чадуулна, даагаа нэхнэ, эргээд л над дээр нэг юм бууна. Заримдаа энэ бүхэн савнаасаа хальж, тоглоом нь шоглоом болох нь бий. Алдаатай хамгаалалт хийж, бөмбөгний төлөө тэмцэхдээ бие биенээ нудралцан хэрэлдэх нь энүүхэнд болцгоодог. Хувцас солих өрөөнд ч ялгаагүй. Энд хэн нэг нь хорон үг хэлэх, санаандгүй наргиан хийх зэргээс болж нударга зөрүүлэхээс наахнуур салдаг байлаа.
Дайсагнал, нөхөрлөл хосолсон энэ байдал миний амьдралын нэг хэсэг. Хэрэв би хэн нэгний хатгалгад автаж хариу үйлдэл үзүүлбэл дасгалжуулагчаас зэмлэл сонсоно. Энэ нь тэдний бэлтгэлийн төлөвлөгөөг алдагдуулдаг аж. Бидний энэ эцэс төгсгөлгүй тоглоом, наргианд ундууцсан дасгалжуулагч миний шилэн хүзүүн дээрээс бариад хэнд хэлж байгаа нь мэдэгдэхгүй “Та нар одоо болих болоогүй юу?” гэж хашгирна. Өндөр хэмнэлтэй бэлтгэл үргэлжилж, бид бүгд л ядарч сульдан унах шахан гүйцгээнэ. Хэдий ингэсэн ч хувцас солих өрөөнд ороод хөгжилдөх тэнхээ үлдсэн байдаг. Тоглоом нь шоглоом болох явдал олонтаа ч би хэзээ ч, хэнд ч хүч хэрэглэж үзээгүй билээ.
Бид ямар ч өрөөнд орсон тоглох нэг сэжүүр гаргаж ирнэ. Заримдаа хувцас солих өрөө яг л саун шиг болдог байв. Нэг оймсоо нөгөө рүү нь чихээд бөмбөг шиг хэлбэртэй болгон шидэлцэнэ. Майкл бид хоёр үргэлж ингэж тоглодог. Сэмхэн хэн нэгэн рүү шидээд онох нь бидний зорилго байв. Нэг удаа Майкл хоёр оймсоо бөөрөнхийлөөд нэгийг нь надад өгөв. Бидний бай Рой Нэйлор байлаа. Майкл гэнэт үсрээд оймсон бөмбөгөө шидээд тэр дороо эргээд суув. Гэвч тэр байгаа оносонгүй. Бөмбөг Ройд биш, манай багийн хаалгачдын нэг Адриано Риголиосогийн ар дагзанд туслаа. Майкл гэмгүй царайлан чимээгүй сууна. Адриано огцом эргэж харахад түүний царай уурласандаа минчийн хүрэнтсэн байлаа. Мэтти Касс тэсэлгүй инээд алдчихав. Гэтэл Адриано шууд түүн дээр очоод зодолдож гарлаа. Энд тэндгүй цус үсчинэ. Майкл юу хийхээ мэдэлгүй гайхан “Би юу хийчих вэ?” хэмээн өөрийгөө харааж байв. Би Майклд “Чи очиж болиул л даа. Адриано Кассыг алах нь” гэв. Маргааш нь Майкл Адриано дээр очин хэргээ хүлээхэд харин Адриано бүх бурууг өөртөө үүрээд уучлал гуйсан билээ.
“Ливерпуль”-ийн залуучуудын хөгжлийн хөтөлбөрийнхний хувцас солих өрөөнд энэ мэтчилэн элдвийн юм болно. Гэхдээ энэ өрөөнд болсон зүйл гадагшаа ер гардаггүй. Бидний дунд юу ч болсон хэн нэгэн багийн удирдлагуудад гомдол гаргаж, хов мэдүүлж байгаагүй юм. Хэрэв энд зодоон болвол хөвгүүд муудалцсан хоёрыг тойроод “Гар барь, тэгээд болно” гэж шахдаг. Хэдий ямар нэг шалтгаанаар ингэж гар зөрүүлэх тохиолдол манайхны дунд цөөнгүй гардаг ч бид бие биеэ хүндэлдэг. Майклыг “Лильшол”-д хоёр жил сураад ирэхэд хүн бүр түүнийг бишрэн хардаг болсон байв. Үнэхээр ч тэр ур чадвараар үеийнхнээсээ хамаагүй илүү байсан юм. Мөн тэр өөрийн ивээн тэтгэгчтэй болсон тул удаа ч үгүй машин авсан. Хөтөлбөрийн сурагчид бүгд “Ливерпуль”-ийн үндсэн багт орохоос нааш түүн шиг болохгүй гэдгийг мэдэж байсан. Ингэж Майкл од хөлбөмбөгчний зэрэглэлд хүрч, хангамж нь биднээс эрс зөрүүтэй болсон ч тэр биднээс холдож хөндийрч биеэ тоогоогүй. Тэр цаг ямагт бидний нэг л байсан. Магадгүй Майклаас өөр хүн бол хамраа сөхчихөөд “Та нартай юу ярих юм бэ” гээд явах байсан биз. Харин Майклаас ийм авир ер гарч байгаагүй. Английн өсвөрийн шигшээ багийн од түүнээс ихэмсэг байдал биш бидний л адил сахилгагүй томоогүй зан араншин гарна. Бие биеэ шоолж гоочлох юм уу, наргиж хөгжилдөх ямар ч үед тэр бидний дунд байдаг. Тэр маш авъяаслаг тоглогч байсан ч үүндээ сэтгэл ханалгүй өөрийгөө улам хөгжүүлэх гэж уйгагүй хөдөлмөрлөдөг байсан билээ.
Грегго, Богго хоёр их нийлнэ. Тэд үргэлж л ямар нэг хэрэг тарьж явдаг байсан бөгөөд үүнээсээ болж багийн удирдлагуудад дандаа л загнуулж, сануулга авдаг. Тэгсэн атлаа алдаа дутагдлаа засна гэж байхгүй. Үнэхээр тэнэг хүүхдүүд байж дээ. Грегго, Богго хоёр бэлтгэлийн дараа ихэвчлэн бооцоот тоглоомын газар очих юм уу, дэлгүүр хэсдэг байсан. Би тэр хоёртой хамт явж, цаг нөхцөөх дуртай байв. Бид снукер тоглож, дэлгүүр хэсдэг. Харин тэднийг мөрийтэй тоглоход нь би хамт явдаг ч мөнгөө тас атгачихаад зүгээр л тэдний хэрхэн тоглохыг нь хардаг байлаа.
Нэг өдөр багийн удирдлагаас манай хөтөлбөрийнхнийг Ливерпулийн их сургуулийн талбайд бэлтгэлээ хийх болсныг хэллээ. Киркбайд нүүж очсон Академийг бүрэн ашиглалтад орсны дараа бид тэнд очих аж. Ийнхүү биднийг “Мелвүд”-ээс явуулсан нь хүн болгонд л таалагдахгүй байлаа. “Мелвүд”-д бэлтгэл хийх маш сайхан. Гэвч удирдлагын зүгээс Хөтөлбөрийн залуучууд болон мэргэжлийн гэрээ байгуулаад эхний жилдээ тоглогчдыг үндсэн багаас тусдаа байх нь зүйтэй гэж үзжээ. Хараал ид, би “Мелвүд”-д цонхоор талбай руу харж зогсох багийн удирдлагуудад өөрийгөө таниулах гэж хичээж тоглодог байсан юм. “Мелвүд” бол “Энфильд”-д очих гүүр. Гэтэл бид нэг их сургуулийн талбай руу ингээд цөлөгдчихөв. Тэнд анхны бэлтгэлээ хийчихээд гэртээ ирэхэд аав шууд л шинэ газар ямар байсныг асуулаа. “Хөгийн” гэж хариулав. “Тэндхийн зүлэг нь, ер нь бүх юм онцгүй” гэлээ. Киркбай дахь Академи нээгдэх хүртэл буюу зургаан сар бид энд бэлтгэл хийх ёстой ч энэ нь надад яг л яст мэлхий уначихаад долоон уул давах гэж байгаа мэт хол санагдаж байж билээ.
Их сургуулийн байрны эцэс төгсгөлгүй мэт урт коридорт хувцас солих өрөөнүүд өөд өөдөөсөө харан байдаг байв. Тэдний нэгийг нь удалгүй үзлэг, эмчилгээний өрөө болгосон. Долоо хоногт нэгээс хоёр удаа Жереми гэдэг хөгжилтэй эмч ирж, тэнд ажлаа явуулдаг. Тэр их намуун дуугаар ярина. Жереми ягаан өнгөнд дуртай нэгэн. Би тэднийд очиж байлаа. Тэдний байшин, хаалга, дотогшоо ороход хивс нь хүртэл ягаан байж билээ. Жеремигийн ягаан байшинг хараад би их гайхсан. Нэг удаа тэр их сургууль дээр ягаан машинтай ирсэн төдийгүй хөлнөөс толгой хүртлээ бас л тийм өнгийн хувцастай байж билээ. Үнэхээр сонин хүн шүү. Тэр өөрөө хувийн эмнэлэгт ажилладаг байсан ч “Ливерпуль” гайгүй санал тавьснаар энд ирсэн гэсэн. Жереми бидэнд үзлэг эмчилгээ хийнгээ элдэв юм ярин чалчих дуртай байсан.
Нэг өдөр хөвгүүд түүнээр даажигнахаар шийдэж, өрөөнд нь түгжчихье гэж тохиролцов. Гэхдээ энэ нь хүсээгүй үр дүнд хүрнэ гэж бид төсөөлөөгүй юм. Тэр эмчилгээний өрөөндөө хэн нэгний хөлд жижиг мэс засал хийж байсан бөгөөд ажилдаа улайран юу ч анхаарах сөхөөгүй сууж байв. “Тэр өрөөнд байна. Ийм аймаар нүд өвтгөм ягаан хувцас өмссөнийхөө төлөө тэр бүтэн өдөр өрөөнд түгжигдэх ёстой” гэж би хөвгүүдэд хэллээ.
Үүнийг биелүүлэх тун амархан байсан. Тэр байрны бүх өрөө гаднаасаа түгжигддэг байсан юм. Тэгээд түүний эмчлүүлэгчийг өрөөнөөс гарсны дараа бид сэмхэн очоод түгжээг түлхэнгүүтээ гадагшаа гүйн гарлаа. Жеремигийн “Туслаарай” гэх нь сонсогдож байлаа.
Тэр өдрийн бэлтгэл олигтой болсонгүй. Бүгд Жеремигийн тухай бодон, бие биенээ харан инээсээр байгаад дууссан. Бэлтгэл эхэлсэн хойно бол Жереми хичнээн хашгираад нэмэргүй. Биднийг талбай дээр гарахад багш нар хэдийнэ тэнд очоод биднийг хүлээж байсан. Бэлтгэл дуусаад байр луу ороход би хамгийн түрүүнд Жеремигийн өрөөний үүдэнд гүйн очиж, хаалганы дээрх жижиг завсраар харав. Тэр дотор бодол болон сууж байлаа. Би тэсгэлгүй инээчихэв. Манайхан ч дагаад хөхрөлдөж эхлэв. Үдийн хоолоо идэхээр цайны газарт очсон хойно ч бид биеэ барьж чадахгүй инээлдсээр байсан юм. “Одоо хэн нэгэн хаалгыг онгойлгоод тэр бидэн дээр үсрээд ирнэ дээ” гэж нэг нь хэллээ. Харин тэр шууд багш нарын өрөөнд очсон байв. Стив Хейвэй, Хьюи Макаули, Дейв Шэннон нар түүнийг гайхан харна. Жереми “Танай тэр хөгийн хүүхдүүд чинь намайг гурван цагийн турш өрөөнд минь түгжлээ. Та нар яагаад намайг гаргаж авсангүй вэ?” гэж хашгирав. Хьюи, Дейв нар гэнэтийн энэ явдалд балмагдан амандаа ус балгасан мэт чимээгүй зогсож байхад Стив “Уучлаарай Жереми. Бид чамайг 10.00 цагт явсан байх гэж бодсон шүү дээ” хэмээв. Жереми уурласан хэвээр. Хэн нэгэн түүн шиг тийм түрэмгий авир гаргахыг би амьдралдаа хараагүй. Түүний царай нь яг хувцас шигээ ягаан болсон байв. Тэр хувцас солих өрөөнд орж ирээд шууд л над руу чиглэн алхав. Энэ хэргийн гол буруутан нь намайг гэдгийг тэр гадарлажээ. Эсвэл багийн ахлагч нь болохоор надад хандсан ч байж магадгүй юм. “Та нар миний ажлыг алдуулсныхаа төлөө мөнгө төлөх ёстой. Би энэ гурван цагт зургаа, долоон хүнд үйлчлэх байсан юм. Мөнгөө та нараас авах уу, эсвэл удирдлагуудад чинь хэлж төлүүлэх үү?” гэж тэр хашгирав. Тэр өрөөнд нааш цааш холхин алхах бөгөөд царай нь яг л галзуу хүнийх шиг болжээ. Тэгээд Жереми буцаад Стивийн өрөө рүү орлоо. “Танай тоглогчид намайг түгжиж, цаг алдуулсны хохирлыг клубээс төлөх ёстой” гэлээ. Энэ удаа Хьюи, Дейв нар биеэ барьж чадалгүй инээж орхив. Түүнээс хойш Жереми дахиж ирээгүй. Удалгүй бид шинэ эмчтэй болсон. Тэр явдлын төлөө Стив биднийг шийтгэсэн. Тэгээд манай багийн бэлтгэлийн өмнө тэр бэлтгэлийн үеийн дэг журам, их сургуулийн байранд баримтлах жаяг гэхчилэн баахан дүрэмддэг болов. Стивийг сургаалаа айлдаж эхлэхэд түүний ард Хьюи тэрүүхэндээ нуг нуг хийн инээж зогсдогсон. Бидний өдөр тутмын амьдрал энэ мэтчилэн баяр, хөөр дунд умбадаг байлаа. Багийн удирдлагын зүгээс бидэнд янз бүрийн заавар өгч, дэг журам сахихыг анхааруулах боловч зарим нэгэн дэггүйтэл тэднийг бас хөгжөөдөг байсан юм.
Жереми бидэн дээр дахиж ирээгүй ч тэр хөлбөмбөгөөс тэр чигтээ холдчихоогүй юм билээ. “Эвертон” түүнийг багтаа авсан байсан. “Ливерпуль” Боггог өөр тийш нь явуулах нь тодорхой болсон үед “Эвертон”-ы Фрэнсис Жефферс түүнийг багийнхаа сорилтод авч очсон. Тэгэхэд Богго “Эвертон”-ы бэлтгэлийн бааз “Беллфильд”-д очоод Жеремитэй тааралдсан гэсэн. Богго сувилгааны өрөөнд ороод Жеремиг харангуутаа түүн дээр танимхайран очиж, “ноён Ягаан”-тай хууч хөөрөхийг оролдон яриа өдсөн юм билээ. Энэ өрөөнд чимээ гаргаж болохгүй байсан бөгөөд үүнийг нь Богго мэдээгүй гэсэн. Тэр “Ливерпуль”-д чанга дуугаа хадаан орилж явдаг байсан юм. Жереми Боггогийн гараас шүүрч аваад нэг газар чирж аваачин суулгав. Тэгээд “Чи дуугаа намсгаж, тоглоом наадмаа татаарай. Энд чиний урьдны газар шиг биш шүү” гэж хэллээ. Гэвч Богго тэдний хүссэнээр томоотой болоогүй. Тэр “Эвертон”-ы үндсэн багт орж Жеремигийн яс махыг улам их зулгаах болсон. Одоо Жереми “Эвертон”-ы бүх тоглогчийг хариуцдаг болсон юм шиг байна лээ.
Бүх л багт энэ мэт наргиан наадам, тоглоом тохуу байдаг ч би олон хүний амнаас “Ливерпуль”-ийнх бусдаас онцгой гэхийг сонссон. Боггогийн жишгээр ирж, явах тохиолдол олон гарах ч шинэ хүмүүс дороо л бидний нэг болж, үймээний дунд бужигнаж явдаг. Энэ оймсон бөмбөг, “хятад шивнээ”, алчуураар цохилцох зэрэг нь үл үзэгдэх гинжин холбоогоор дараагийн үеийнхэнд өвлөгдөн үлдэнэ. Магадгүй энэ манай л өмч байх. Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам ямар нэгэн юм заавал гээгдэж үлддэг бололтой. Одоо Залуучуудын бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа хөвгүүдийг Академиасаа “Мелвүд”-д ирэхэд нь би сайн ажигладаг. Тэд дуугүй бүрэг, ичимхий талдаа хүүхдүүд байх юм. Бие биеэ хөнгөн шоглох, тоглож наргих нь ер харагдахгүй. Энэ бол зүгээр нэг сахилгагүйтэх нэр биш, баг хамтдаа цуг байгааг илтгэх чанар билээ. Бидний хөтөлбөр дэх анхны жил “Мелвүд”-д, үндсэн багийн дэргэд өнгөрөхөд бид ингэж биеэ барьж байгаагүй юм.
Тэр үеийн “Ливерпуль”-ийн нэгдүгээр багийг хүмүүс “Spice Boys”-оор сайн мэдэх байх. Хүмүүс Жейми Реднапп, Робби Фаулер, Стив Макманаман, Жейсон Макатир, Дэвид Жеймс нарын гадаад төрх, хувцаслалтыг гоочлон ингэж нэрлэсэн. Гэхдээ миний хувьд хэзээ ч тэдний хочийг ийн таагүй утгаар нь хүлээж авч байгаагүй. Би өөрөө бас нэгэн “Spice Boy” болох ёстой гэсэн үзлээр ханддаг байсан юм. “Намайг багтаа оруулаач, би та нарын найз болъё”. Дотроо үргэлж ингэж хэлнэ. Тэгээд өдөр болгон л Реднапп, Фаулер, Макманаман, Макатир, Жамо нартай адилхан болох гэж толины өмнө үсээ янз бүр болгон суудаг байв. Мөн тэдэнтэй таарах болгондоо “Удахгүй та нартай хамт явдаг болноо. Бид нэг л өдөр ур чадвараараа нэг түвшнийх болно” гэж өөртөө хэлдэг байлаа.
“ Ливерпуль”-ийн “Spice Boys”
Би “Spice Boys” шиг гял цал хувцасладаггүй, загварын хойноос хөөцөлддөггүй хэдий ч тэднийг хүндлэн дээдэлж, бага боловч даган дууриахыг хүсдэг байсан. “Spice Boys” гэдэг бол хэвлэлийнхний гаргаж ирсэн нэр. Гэхдээ тэд эергээр дүрсэлдэггүй, доромж үг маягаар хэрэглэдэг байсан. Харин Жамо, Макманаман гээд манай залуус үүнийг нь ер тоодоггүй юм. 1996 оны “FA Cup”-ын шигшээ тоглолтод “Spice Boys” яг л зайрмагны худалдаачин шиг харагдахаар хувцасласан байж билээ. “Мелвүд”-д дадлага хийж байхдаа, мөн хожим хөтөлбөрийн гишүүн болоод би “Spice Boys”-той хамт бэлтгэл хийж, “Ливерпуль”-ийн нэг, хоёрдугаар багийнхантай баг болон тоглодог байсан. Тэгэхэд тэдний хөдөлмөрч, шаргуу байдлыг мэдэрсэн. Бэлтгэлийг оромдох, таслах явдал тэдний хэнээс ч гарч байгаагүй билээ.
Рой Эвансыг сайн дасгалжуулагч биш гэх хүн олон байдаг юм билээ. Харин би үүнтэй санал нийлдэггүй. Рой болон түүний туслах Ронни Моран нар багийнхантайгаа зөвхөн дасгалжуулагч, тоглогчийн харилцаагаар хязгаарлахгүй дотно байсан. Рой, Ронни нар зарим хүн шиг тийм хатуу чанга биш ч бэлтгэлийг ягштал хийлгэнэ. “Малтагч” хочтой Жон Барнес бэлтгэл дээр жинхэнэ ноёлогч нь байдаг. Би түүнээс бөмбөгийг нь салгаж ер чаддаггүй байж билээ. Тэр бөмбөг хүлээж авсан л бол яг л хөлдөө цавуудчихсан юм шиг хамгаалагчдыг хуураад гардаг. Реднапп ч мөн адил. Залуучуудын бэлтгэлийн хөтөлбөрт байхдаа би нэг бус удаа томчуудын бэлтгэлд уригдсан. Гэвч би тэдний хэнтэй нь ч тэмцэлдэхэд ур чадвар дутдаг байв. Намайг бөмбөгөө булаалгах бүрт Ронни, Рой хоёрын нэг нь ирээд “Эцсээ хүртэл тэмцээч, алив араас нь яв” гэж хэлнэ. Бөмбөгөө барьж, эзэмшиж тоглох нь “Ливерпуль”-ийн зарчим. “Spice Boys” бүгдээрээ бөмбөгтэй яг л найз шигээ харьцана. Тиймээс ч түүнийгээ тийм амар бусдад өгдөггүй байв. Тэдэнтэй бөмбөгний төлөө тэмцэлдэх нь ямар ч хүнд шийтгэлээс хэцүү. “Мелвүд”-д Макманаман юм уу, “Малтагч”-ийг нэхэж, бөмбөгийг нь салгах гэж явахдаа “Бурхан минь, үүнээс илүү хэцүү зүйл гэж байна уу?” гэж өөрөөсөө асуудаг байв. Үүнийг би оюун санаандаа л биелүүлж чадахаар байсан. “Spice Boys”-ын нэгийг дагаад бөмбөгийг нь булаахаар оролдох намайг харахад яг алиа салбадай шиг байсан байх даа. Тэд дэндүү авъяаслаг, ур чадвартай тоглогчид байж билээ. Би бэлтгэлийн дараа хувцас солих өрөөнд урам хугарч “Хэзээ тэдэнтэй адил болох бол доо?” гэж гонсойн суудагсан. “Тэд дэндүү мундаг юм аа” хэмээн бодно. Богго, Грегго, Райти, Касс бид хэд өөрсдийн бэлтгэлээ дуусгаад нэгдүгээр багийн бэлтгэлийг харан тэдний цохилт, комбинацийн дасгалуудыг бишрэн харж суудаг байв. “Spice Boys” үнэхээр авъяаслаг тоглогчид.
Фаулер, Макманаман хоёр миний шүтээн. Залуучуудын бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдагч нь бэлтгэл хийхээс гадна нэгдүгээр багийнхны хувцас солих өрөөний үүдэнд жижүүрлэн зогсох, мөн тоглолтын хувцас, бөмбөг, зурган дээр тэднээр гарын үсэг зуруулах үүрэгтэй байв. Үүнийг нь эмнэлэг, сургууль руу явуулах юм уу, буяны дуудлага худалдаанд оруулдаг юм. Энэ ажлыг хийхээр нэгдүгээр багийнхантай байнга уулзах бөгөөд би Фаулер, Макманаман хоёрыг харахаараа сүрдсэндээ дуугарч чадахаа больчихдог байж билээ. Тэд бол Ливерпулийнхний баатар, шүтээн тоглогчид нь байсан. Манай хөтөлбөрийн залуучууд болон нэгдүгээр багийнхан хааяа тоглож хөгжилдөнө. Энэ үед би ямар нэг буруу, муу юм хийчих вий гэж биеэ цэгнэдэг байлаа. Фаулер, Макманаман хоёрыг маш их хүндэтгэдэг болохоор тэр. Би өөрийгөө тэдэнтэй харьцуулж голдог байсан юм. Хэрэв тэд өөрсдөө эхэлж өдвөл биеэ барих маань үгүй болж, ёстой үзүүлж өгдөг байв. Тэр үед тэд намайг Стивен Жеррард гэдэг өөрсдийг нь дууриах гэж оролддог дуугүй хүү гэж боддог байсан байх.
Пол Инс бол Фаулер, Макманаман хоёртой харьцуулахад тэс өөр зантай хүн байсан. Тэр үргэлж л “Тэг, ингэ” гэж захиргаадсан, ааш муутай нэгэн байв. Бид түүнд дургүй ч үгнээс нь зөрж зүрхэлдэггүй байсан. Нэг өглөө “Мелвүд”-ийн хүчний бэлтгэлийн танхимын гадаа шатан дээр Райти, Касс, Баво бид хэд дэмий яриад сууж байлаа. Бид нар ямар бие биенээсээ салах биш. Нэгдүгээр багийнхан бэлтгэлдээ ирж, бид зарим нэгээс нь гарын үсэг зуруулж авав. Энэ үед Инс өөрийнхөө том “Ауди”-гаар “Мелвүд”-д орж ирлээ. Инс машинаасаа буун утсаар юу ч юм ярьсаар танхим руу чиглэн алхав. Би “Тэр торгууль хүлээх байх даа” гэж бусдадаа хэллээ. “Мелвүд”-д гар утас барих нь хориотой байсан юм. Гэвч тэр шийтгүүлээгүй. Инс давуу эрх эдэлдэг цөөн тоглогчийн нэг байсан юм. Рой Эванс ч хатуурхаж, чангалаад байдаггүй дасгалжуулагч байсан.
Инс бидний хажуугаар өнгөрснөө эргэж хараад “Та нарын хэн нэг нь машин барьж чадах уу?” гэж асуув. Бидний хэн нь ч чаддаггүй. Би жолооны хичээлд ганцхан удаа суусан. Тэгээд ч 17-той учир жолоодох эрхийн үнэмлэх авах болоогүй байв. Гэхдээ нөгөө хэдийгээ бодвол туршлагатай. Райти, Касс, Баво гурав “Стиви чадна” гэж өмнөөс минь хариулав. Инс бидэн рүү нэг цаас сарвайн “Алив дэлгүүр лүү яваад ир. Тэгээд наанаа бичсэн юмнуудаас гадна арван ширхэг тамхи аваарай. Захисан юм бүгдийг нь авна шүү. Хэрэв нэг юм орхивол дэмий шүү. Тэгээд машинд нэг л зураас гарвал уу, та дөрвийг болгож орхино гэж мэдээрэй” хэмээн захирангуй хэллээ. Түлхүүрийг нь итгэл муутай барьж зогсох намайг анзаарсан тэрбээр “Ингэхэд чи жолооны шалгалт өгсөн үү? гэж асуув. Найзууд маань бас л миний өмнөөс хариулан “Тэгэлгүй яах вэ. Тэр машин барьдаг” гэлээ. Санаа зовсондоо нүүр минь халуу дүүгэж байлаа. “Одоо яана даа? Новш” хэмээн дотроо бодож, “Ауди”-гийн түлхүүрийг чанга атгав. Инс цаашаа алхсанаа “Залуус аа, арван минутад амжуулаарай” гэж яарууллаа.
Райти, Касс, Баво гурав “За алив, бидэнд аравхан минут байна. Машиндаа очицгооё” гээд гүйн одов. Тэдний араас би дуртай дургүй даган явлаа. Инсийн “Ауди”-д суугаад жолооных нь дээгүүр түгшин харав. Нөгөө хэд маань суудлын бүсээ хийхийг сануулах гэх зэргээр энд тэндээс зааварласаар намайг бүр сандаргаж орхив. Инс миний сууж ч үзээгүй, хүчтэй мотортой машин хөлөглөдөг ажээ. Зааварлагч багшийн удирдлага дор ганцхан цагийн дадлага хийсэн би ийнхүү жолооны үнэмлэх ч үгүй байж машин барих боллоо. Одоо ухрах зам үгүй. Дэлгүүр булан тойроод л байгаа шүү дээ гэж өөрийгөө зоригжуулав. “Алив түлхүүрээ түлхэе. Болж байна аа. Юунаас нь айдаг юм. Дажгүй шүү”.
Өөртөө ингэж хэлсээр хөдөллөө.
“За хөдөлцгөөе” гэхэд нөгөө гурав маань “Тэгээд яваач. Юуг нь хүлээсэн юм” хэмээн тэсч ядсан байдалтай хэлэв. “Мелвүд” дэх зогсоол машинаар дүүрэн учир эндээс гарах нь хамгийн хэцүү байлаа. Зогсоолоос гарч явахдаа тэр үнэтэй машинуудыг битгий мөргөчихөөсэй гэж залбирч явав.
Зам руу гарах үед “Мелвүд”-ийн манаач ирээд “Та нар хаачих гэж байгаа юм бэ?” гэж асуув. Би “Инс биднийг дэлгүүр лүү явуулсан юм” гэж хэлэв. Манаач толгой дохиод эргээд алхлаа. Би өөрийгөө хараасаар явав. Хэрэв энэ “Ауди”-тай явж байгаад осолдох юм уу, цагдаад баригдвал намайг хашраах хүн тоймгүй их. Мэдээж эхлээд Инс байх нь дамжиггүй. Тэгээд аав, араас нь Стив Хейвэй гээд үргэлжилнэ. Рой Эванс бол бүр “Ливерпуль”-ээс хөөх байх. Энэ бүх дарамтын дор би ердөө 20 км/цагийн хурдтай л явж байлаа. Аажмаар байдалдаа дасав. Би аав, ээжээсээ машиныг нь барья гэж үргэлж гуйдаг байсан. Хүсэл минь өөрөөр биелсэнд баярлаж эхлэв. Бид Инсийн “Ауди” дотор чангаар дуулж, хашгирч явлаа. Бид цонхоо буулган, FM-ийг хамгийн чанга дээр нь тавин орилуулж байсан юм. Тэгээд Элдер Хей, Уэст Дерби гээд тэр хавиар нэлээн сэлгүүцэв.
Ёстой л харсан зүгтээ жолоогоо мушгиж дураараа дургин явсан. Ийнхүү хагас цаг орчим яваад эргэн ирэв.
Бид буцаж очоод Инсэд түүний тамхи болон хариултыг нь өгөхөд “Та нар хаашаа яваад ирж байгаа юм бэ?” хэмээн ууртай асуув. Би “Хажуугийн дэлгүүр хаалттай болохоор нь өөрийг хайж явсан юм” гэж худлаа хэллээ. “Тэгээд 30 минут боллоо гэж үү?” хэмээн тэр уурсав. Азаар тэр километрийн заалтаа ер хянадаггүй байж билээ.
Манай ахлагч Жон Барнес бол Пол Инстэй харьцуулашгүй дөлгөөн, тайван хүн байсан. Шигшээ багт тоглодог, оны шилдэг хөлбөмбөгчнөөр хоёр удаа шалгарсан гээд түүнийг тодотгох зүйл их. “Малтагч”-ийн тухай ярианд би өөрийн эрхгүй сүрддэг байлаа. “Мелвүд”-д хувцас солих өрөөнд ороход маань “Малтагч” тэнд байвал би бушуухан гарахын түүс болдог байж билээ. Нэг удаа би зүрх зориг гарган түүнтэй ярилцаж үзэхэд тэр бодсон шиг минь биш, тун найрсаг нэгэн байсан. Надтай ярихдаа мөр лүү минь алгадаж, чин сэтгэлийн зөвлөгөө өгөх зэргээр миний төсөөлөө ч үгүй үйлдлийг тэр хийж байлаа. Хожим бид дотно сайн найзууд болж, байнга л бокс тоглож байгаа юм шиг дүр үзүүлэн бие биеэ хий цохих юм уу, барилдаж тоглодог байсан. Түүнтэй хамт байсан мөч бүхэн мартагдашгүй, дурсамжтай байжээ. Би ийнхүү үндсэн багийнхантай ойртож эхлэв. Миний “Ливерпуль”-д тоглох мөрөөдөл хаа холын зүйл биш гэдгийг мэдрэх болсон, энэ үед.
Би “Ливерпуль”-ийнхэнд бүгдэд нь өөрийгөө таниулахыг хичээн тоглодог байв. Гэхдээ Жейми Реднапп шиг том од тоглогч нэг өдөр бэлтгэлийн дараа өөрөө над дээр ирээд миний талаар ярина гэж бодож байсангүй. Тэр “Чи сайн тоглогч юм аа. Чиний дамжуулалт өгч, цохилт гүйцэтгэж байгаа чинь үнэхээр сайн байна. Үүнийгээ хадгалж, улам хөгжүүлээд яваарай” гэж хэлэв. Тэр өдөр би бөөн баяр хөөрт умбан гэртээ харьж билээ. Английн шигшээгийн тоглогч Жейми Реднапп надтай ярилаа шүү дээ. Зүгээр ч нэг ярьсангүй, Реднапп намайг үнэлсэн. Тэр надтай цөөхөн хоромд үг сольж, хэдхэн үг хэлсэн ч энэ бол гайхамшигтай зүйл байв. Тэр бол над шиг хүүхэд, залуучуудын үлгэрлэн дууриах дуртай шилдэг тоглогч юм. Үнэхээр итгэмээргүй зүйл боллоо. Тэр ийнхүү урам хайрласан үг хэлснээсээ хойш надад үргэлж зөвлөгөө өгдөг болсон. “Ливерпуль”-ийн үндсэн багт ороход минь Жейми Реднапп маш том түлхэц өгснийг би хэзээ ч мартахгүй. Тэр гэмтлээсээ буцаж ирээд формдоо ортлоо үндсэн болон нөөц багт ээлжлэн тоглож байв. Ингэснээр би зарим тохиолдолд түүнтэй мөр зэрэгцэн тоглож байсан бөгөөд энэ нь миний хувьд том завшаан байсан. Жейми Реднапптай нэг багт орж тоглох нь миний хувьд яг л хаанаар өргөмжлөгдсөн мэт мэдрэмжийг төрүүлж байв. Тэр надтай улам их зүйл ярьж, заавар зөвлөгөө өгсөөр. Хэрхэн зөв байрлал авч, ямар үед гүйх вэ гэх мэтээр. “Ливерпуль”-ийн Академийн суралцагч би үндсэн багийн од хөлбөмбөгчнөөр хичээл заалгаж байлаа. Гайхалтай хичээл. Тэр хувцас солих өрөөнд байх-даа ихэвчлэн намайг дуудна. Тэгээд “За, Стиви өнөөдөр ямар байв даа?” гээд яриа өддөг. Жейми Реднапп миний нэрийг мэддэг болсон байлаа. Үндсэн багт түүнтэй хамт тоглосон таван жилийн турш тэр надтай ийнхүү ярилцдаг байсан. Миний хувьд түүнтэй нэг өрөөнд байх нь л нэр төрийн хэрэг билээ. Гэтэл тэр намайг онцлон, заримдаа өрөөндөө хоёулхнаа үлдээд ярилцдаг байв. Магадгүй би түүнтэй ижил байрлалд тоглодог болохоор туршлагаасаа хуваалцдаг байсан байж болох юм. Эсвэл зүгээр л найрсаг, нийтэч залуу болохоороо ингэж бусдад анхаарал тавьдаг байсан байж магадгүй.
Нэг өдөр Жейми “Хөөе Стиви, чи хэдэн размерын гутал өмсдөг вэ?” гэж асуув. Би “Тантай адилхан” гэж хариуллаа. Би Жеймигийн пүүзийг цэвэрлэж байсан болохоор хэмжээг нь мэддэг юм. Тэр надаас үл ялиг том өмсдөг ч би бүх зүйлээрээ түүнтэй адилхан болохыг хүсдэг байсан учир тийн хэлсэн. “Тэгвэл эндээс өөртөө тааруулаад аваарай” гээд тэр хэдэн тоглолтын гутал шидлээ. Агаарт нисэн ирж буй тэр цоо шинэ гутлууд яг л зул сарын баяраар чарга хөлөглөн давхидаг Санта Клаус шиг санагдаж билээ. Товруу нь гялалзаж, арьс нь чахран дуугарах тэр гутлууд тухайн үед нэрд гарч байсан “Мизүно” фирмийнх байлаа.
Нэгдүгээр багт тоглодог британи залуучууд ийм эелдэг, найрсаг хүмүүс байсан. Манай хөтөлбөрийн хүүхдүүд бүгдээрээ Реднапп, Макманаман, Фаулер нарт хайртай, тэднийг дэмждэг байв. Бид бэлтгэлийн дараа тэр одод бидэнд ямар нөлөө үзүүлж, юу өгснийг ам уралдан ярьцгаана. Нэг өдөр бид “Мелвүд”-ээс гарч явахад Касс “Робби үнэхээр сайн хүн юм аа. Тэр надад шинэ пүүз өгсөн. Би хайрцагнаас нь ч гаргаагүй байгаа” гэв. Англид аль ч багийн хүүхдийн сургуулийн сурагч энэ мэтээр томчуудаасаа бэлэг авдаг байх. Гэхдээ “Ливерпуль”-ийнх шиг бүрэн хувцаслахуйц бэлэг авч байгаагүй болов уу. Шотландын шигшээгийн хамгаалагч Дом Маттео бол сайн тоглогч. Нэг үе би түүний гутлыг цэвэрлэх ажилтай байлаа. Харин тэр надад маш том бэлэг барьж билээ. Нэг жил зул сарын баярын өмнөхөн юм. Тэр миний хажуугаар өнгөрснөө эргэж хараад “Стиви, нааш ир” гээд намайг дуудлаа. Тэгээд гараа халаасандаа хийн жижигхэн нугалсан цаас гаргаж ирэн надад өгөөд цааш явав. Би цаасыг дэлгэж үзээд нүдэндээ итгэсэнгүй. Тэнд 200 фунт байв. Зул сарын баяраар ийм их цайны мөнгө өгчээ. Би Дом, Жейми хоёрын төлөө хичээн ажилладаг байсан. Хэрэв тэдний гутал нь хэрэгтэй үед зохих ёсоороо байхгүй бол Дом, Жейми нар намайг сургаад өгөх биз. Би заримдаа бэлтгэлийн дараа туйлдаж ядарсан амьтан хувцас солих өрөөнд ороод “Өө арван цаг болчихсон байна шүү дээ. Гэтэл Домын гутлыг цэвэрлээгүй байдаг” гээд ажилдаа шуурхайлан ордог байв. Би тэдний тоглолтын гутлыг угааж, сойздоод тослоно. Би ямар гуталтай тоглох дуртай байдаг, яг тийм болгохыг хүсдэг байв. Дом, Жейми хоёр ч надад гомдол гаргаж байсангүй. Тэдний тэр том бэлэг болон ач тустай зөвлөгөө нь надад ажиллах эрч, урам нэмдэг байсан юм.
Нэгдүгээр багт тоглодог, тухайлбал Ойвинд Лунхардсен нарын гадаадынхан залуучуудтай тэр бүр харьцдаггүй байв. Тэдэнд гутал нь толбогүй л байвал хэн ийм болгосон нь хамаагүй тоглохоо л бодно. Норвег хамгаалагч Стиг Инге Бьорнибиэ бусдаасаа арай өөр. Тэр “Ливерпуль”-д олон жил тоглосон болохоороо хөтөлбөрийнхнийг мэддэг болсон байж болох юм. Стиг нэг удаа надад гутал бэлэглэсэн. Тэр хөгжилтэй, яриа хөөрөөтэй залуу биш, гэхдээ ихэмсэг, хамраа сөхсөн зан ч байхгүй. Тэр зүгээр л энгийн нэгэн байсан. Тэр ямартай ч хүндэтгэлээ илэрхийлж чаддаг. Харин бусад нь тийм байгаагүй. Энэ байдал намайг цухалдуулна. Бид тэдэн шиг мэргэжлийн сайн хөлбөмбөгчин болохоор чармайн бэлтгэл хийхийн зэрэгцээ тэдний пүүзийг угаах зэргээр “Мелвүд”-д хар бор ажил хийцгээдэг. Харин зарим гадаад тоглогч энэ байдлаар биднийг дүгнэн таагүй харилцдагт нь миний уур хүрдэг байв. Патрик Бергер хөтөлбөрийнхөнтэй үл тоомсорлосон байдалтай харьцдаг тоглогчдын нэг. Гадаадынхан яагаад ихэмсэг байдгийг би ер ойлгодоггүй байв. Тэгээд “Хэрвээ би өөр улсад тогловол тэдэнтэй адил хүүхдүүдийг төвөгшөөх болов уу?” гэж өөрөөсөө асуун гайхан бодно. Фаулер, Макманаман, Реднапп нартай бид дотно харилцаатай байсан. Карра, Майкл Оуэн нар ч хожим тэдэн шиг болсныг би мэднэ. Би ч мөн тийм байхыг хичээдэг.
Англи тоглогчид бидэнтэй дотно сайхан харилцаатай байсныг өмнө дурдсан. Харин Дэвид Жеймс тааварлахын аргагүй зантай нэгэн байв. Нэг удаа хувцас солих өрөөнд ортол Жамо намайг цохиод авлаа. Зохимжгүй, эсвэл түүнд таалагдахааргүй хувцас өмсөх юм уу, үсний засалт таашаагдахгүй бол тэр шууд ингэдэг. Жамо “Чи хаанаас энэ хувцсыг авсан юм бэ?” гэж асуув. Тэгээд “Яасан, хямдрал зарлахаар нь авчихсан уу? Ийм хачин хувцас хийсэн оёдолчныг цагдаад барьж өгвөл таарна” хэмээн үргэлжлүүлэн хэллээ. Тэр үед Жамо “Армани”-гийн хувцасны сурталчилгаанд тоглодог байсан бөгөөд үүнээсээ ч болдог юм уу, хэн хүний хувцаслалтыг шүүмжилж, өө эрдэг зантай байж билээ. Академийн сурагчдын дунд “Жамогийн асуултад бүү хариул” гэсэн үг яригддаг. Энэ бол бичигдээгүй хууль юм. Үүнийг зөрчсөн нэгэн хэрхэн шийтгүүлдгийг бид бие биедээ хэлэн анхааруулдаг байлаа.
Грегго, Богго хоёр Крокстетэд амьдардаг байв. Нэг өдөр тэд хувцас солих өрөөг цэвэрлэхээр явлаа. Тэд шалыг толбогүй болтол арчаад тоглогчдын хувцсыг байр байранд нь өлгөх ёстой байсан юм. Би үндсэн багийн хувцас солих өрөөний хажуугаар явж байгаад нэгэн явдлын гэрч болсон. Жон Барнес, Робби, Макка (Макманаман) гээд нэгдүгээр багийнхан бүгд тэнд байв. Тэд ямар нэг зүйлийг хараад нулимсаа гоожтол инээх аж. Нүдийг нь дагуулж харвал өрөөний буланд байх хогийн сав руу чиглэжээ. Гэтэл тэнд Греггог бөгсөөр нь суулгаад хийсэн байв. Харахад хэн нэгэн түүнийг зориудаар чихчихсэн бололтой.
Би Боггогоос “Юу болоо вэ? Грегго яачихсан юм бэ?” гэж асуув. Тэр “Жамогийн асуултад хариулчихсан юм аа” хэмээлээ. Тэгээд “Жамо Греггог шууд өргөж аваад хогийн саванд хийсэн” гэв.
Тоглогчид Греггог шоолон инээхээ больсон үед буюу бараг арван минутын дараа түүнийг хогийн савнаас сугалж гаргалаа. Грегго алхаж чадахгүй байв. Тэр яг л хөгшин хүн шиг хөлөө зөөж ядан явна. Энэ бол Жамогийн тааварлашгүй араншингийн нэг илрэл юм. Түүнийг юу ч асуусан бай, хэн ч хэзээ ч хариу хэлэх хэрэггүй. Өндөр, том, хүчирхэг Жамо Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн цөөнгүй сурагчийг хогийн саванд чихсэн дээ.
Академийн сурагч байх үед надад учирсан хамгийн том бэрхшээл бол гэмтэл байлаа. Ялангуяа эхний жил гэмтэл намайг их зовоосон. Овоо гайгүй тоглож байгаад шөрмөсөө сунгах гэх мэтээр янз бүрийн гэмтэл авч, зарим тоглолтод хазганаад л гүйдэг байв. Шагай маань үргэлж л хөндүүрлэж өвдөнө. Сургуулиа төгсөх үеэс энэ өвчин надад мэдрэгдэж эхэлсэн. Долоо хоногт 2-3 тоглолтод оролцчихоор нуруу бараг л нугарахаа больчихдог байж билээ. Миний энэ өвчний эмнэлгийн нэр томъёог Осгуд-Шлаттерын өвчин гэдэг гэсэн. Энэ нь огцом өсөлтийн улмаас ясанд өвдөлт мэдрэгдэхийг хэлдэг юм билээ.
Үнэхээр ч 15 насандаа би Майкл Оуэнтай чацуу байснаа богино хугацаанд зургаан фут (182 см) болтлоо өсч, гулжгар өндөр болсон. Нуруугаар хатгаж, өвдөг хөндүүрлээд их хэцүү байсан даа. Намайг үзсэн эмч болгон “Зүгээр дээ хүү минь, энэ чиний өсөлтөөс болж байгаа хэрэг” гэж хэлнэ. Би өндөр болохыг хүсч байсан ч ингэж өвчин, шаналалтай тулгарна гэж санасангүй.
Азаар “Ливерпуль”-ийн дасгалжуулагч Рой Эванс миний энэ байдлыг мэддэг байсан. Одоо тэр өдрүүдийг эргээд бодох бүртээ миний хөлбөмбөгчин болохоор мэрийж, зүтгэж байсан үед тийм сайн хүн таарсанд өөртөө баярлаж, миний асран хамгаалагч шиг байсанд Ройд талархдаг юм. Нэг өдөр Рой намайг өрөөндөө дуудлаа. Түүний туслах Даг Ливермор, Ронни Моран нар тэнд байв. Намайг өрөөнд нь ороход Рой “За сонин сайхан юу байна даа, Стиви” хэмээн ихэд дотночлон асуув. “Бэртэл, гэмтэл гайгүй биз дээ?” гэлээ. Би “Энэ л намайг зовоож байна, дасгалжуулагч аа” гэж хариулав.
Рой намайг сэтгэл дундуур байгааг мэджээ. Тэр “Стивен, толгойгоо бүү гудайлга” гээд “Бид тааруухан байгааг чинь ажигласан. Гэхдээ Стив Хейвэй чамайг өндрөөр үнэлдэг. Тэр чамайг гарцаагүй нэгдүгээр багт орох хүн гэдэг юм. Тэгэхээр чи гэмтлээ илааршуулаад өөрийгөө хөгжүүлэхэд анхаар. Муу юм бодож өөрийгөө шаналгах хэрэггүй.
Чиний ирээдүй энд байгаа гэж бид боддог. Удахгүй чамайг зохих түвшиндээ хүрэхээр мэргэжлийн гэрээ байгуулах болно” хэмээв. Би Ройд маш их баярлаж байв. Энэ бол “Ливерпуль”-ийн клубээ бэхжүүлэх ажлынх нь нэг хэсэг билээ. Тэд тоглогчдоо сайн мэднэ. Бид нэг бүлийнхэн учраас аргагүй биз.
Гэвч миний зогсонги байдал үргэлжилсээр. Би 17-той байхдаа бугуйны гэмтлээ эдгээгээд ирснийхээ дараахан бэлтгэл дээр гулсаж унан бөмбөг авах гэж байгаад шагайндаа бэртэл авч орхив. Энэ мэтээр хэвийн байдалдаа орж чадахгүй удлаа. Энэ үед багийнхаа дасгалжуулагчдаас тайтгаруулсан үгийг хэдэн мянган удаа сонссон байх. Харин нэг удаа Ронни Моран намайг багийнхнаас маань зайдуу аваачаад “Стивен, багийн удирдлагууд чамайг бэлтгэл дээр хэтэрхий хамгаалалтдаа улайраад өөрийгөө ч, өрөөлийг ч гэмтээх гээд байна гэж хэллээ. Бэлтгэл дээр ингэж ширүүн тоглохоо боль, энэ чиний найзууд шүү дээ. Тайвшраад энэ бүхнээ тоглолтод гарга, биеэ нөө” гэж хэллээ. Гэвч би ийм зөвлөгөөг хүлээж авахааргүй байв. Энэ бол миний тоглолтын арга барил. Галт тэрэг хэдийнэ хөдөлсөн, одоо ухрах зам байхгүй. Дасгалжуулагчдын нүдэнд өртөх гэж ингэдэг байсан нь үнэн ч миний тоглолтын барил энэ юм. Би бэлтгэлдээ орохдоо “Өнөөдөр жаахан зөөлөн тоглоё. Жийж унах хамгаалалтыг ер хийхгүй” гэж бодож байсангүй. Миний энэ байдал олон хүнд таалагдахгүй байв. Тиймээс Дейв Шэннон, Хьюи Макаули нараас байнга анхааруулга сонсоно. Гэхдээ Хьюи үүнд дуртай байсан юм билээ. Хэрэв сайн хамгаалалт хийж чадаж байвал чи Хьюигийн үгийг сайн сонссон гэсэн үг. Тэр ийм л хүмүүсийг “Манчестер Юнайтед”, “Эвертон” зэрэг онцгой өрсөлдөгчдийн эсрэг гаргадаг. Надад эдгээр багуудтай тоглоход яг л халз тулааны спортод орж байгаа юм шиг санагддаг байж билээ. Хөвгүүд яг л том эр хүн шиг нудралцан түлхэлцэнэ. Шүүгчийн сүүлчийн шүглийн дууны дараа хамаг бие янгинан өвдөх нь мэдрэгдэж, тулаанаа арайхийн дуусгасан боксчин шиг санагддаг байв. Заримдаа энд тэнд цус болчихсон байх нь ч бий.
Тэрхүү “МЮ”, “Эвертон” зэрэг багуудтай хийх хатуу ширүүн тоглолтуудын аяыг даах гэж би шүд зуун зүтгэнэ. Гэвч заримдаа гэмтэл маань санаагаа биелүүлэхэд саад болдог байв. Ийн явсаар мэргэжлийн гэрээ байгуулах насанд хүрсэн ч хүссэн зүйл маань ирэхгүй л байлаа. Гэтэл надаас дүү хүүхдүүд Ройгийн өрөөнд очоод гэрээ байгуулчихаад ирнэ. Миний өмнө хамгийн хэцүү даваа хөндөлсөж буй ажээ. Рой надад мэргэжлийн гэрээ байгуулна гэж амласан боловч тухайн үед би гэмтлээс бүрэн салахгүй байсан учир санал тавихгүй байв. Багийн зүгээс намайг гэрээний санал гар дээрээ тавихаасаа өмнө хэвийн байдалдаа орохыг хүсч буй нь тодорхой. Багт санхүүгийн эрх ашиг эн тэргүүнд тавигддагийг би тэр явдлаас мэдэрсэн. Юу ч хийж чадахгүй хүнтэй гурван жилийн гэрээ байгуулахгүй нь мэдээж л дээ. Ийнхүү тэд гэрээ хийх хугацаагаа алгуурлан байв. Удах тусам миний санаа зовнин түгших нь нэмэгдсээр байлаа. “Багийн хэтийн төлөвлөгөөнд чи байгаа” гэж Рой надад хэлсэн ч өдөр хоног өнгөрөх тусам миний эргэлзээ улам лавширч байв. Шөнө орондоо хэвтэж байхад “Намайг хэзээ ч эдгэхгүй гэж бодсон юм байх даа?” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Гэмтэл маань эргэлзээг улам лавшруулж, миний хөлбөмбөгчин болох гэсэн хүсэл мөрөөдөл хутганы ирэн дээр ирснийг мэдрүүлж байв. Миний мөрөөдөл бол “Ливерпуль”-ийн төлөө хүчин зүтгэх. “Тэд үнэхээр намайг нэмэргүй, сул дорой амьтан гэж бодоод байгаа юм байх даа?” Элдэв юм бодсоор толгой задрах нь ээ.
Нэг өдөр би хангалттай түвшинд ирснээ мэдрэв. Тиймээс бэлтгэл тарангуут гэртээ яаран очив. Тэгээд “Аав, та Стив, Рой хоёртой ярилцаж үзээч. Би энэ ойлгомжгүй байдалд удаан тэсэхгүй нь. Тэдэнд би үнэхээр хэрэгтэй юм болов уу?” гэж хэллээ. Аав “Битгий санаа зов доо, Стивен. Тэд чамайг үнэлдгийг чи, бид хоёр мэднэ шүү дээ” хэмээн тайвнаар өгүүлэв. Энэ үг намайг бага боловч тайвшруулсан. Гэвч ятгалгаа зогсоосонгүй “Аав, та зүгээр л намайг мэргэжлийн гэрээ байгуулмаар байгааг тэдэнд ойлгуулаад өгчих. Надаас дүү хүүхдүүд хэдийнэ гэрээгээ хийчихээд байхад надад алга шүү дээ” гэж үргэлжлүүлэн хэллээ. Аав миний санааг ойлгов бололтой.
Тэр Стивтэй уулзахаар явав. Аав “Сонсооч, Стивен бүр шаналж гүйцэж. Тэр гэрээ байгуулмаар байна гэсэн. Багтаа үлдэхгүй байх вий гээд санаа зовж байгаа нь илт” хэмээн түүнд хэлжээ. Стив надад гэрээ байгуулах нь ямар чухал байгааг одоо л нэг ойлгов. Удсан ч үгүй бид гэрээгээ байгууллаа. Гурван жилийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд эхний жил долоо хоногт 700 фунт авах ба дараагийнхад нь 800, 900 гээд өсөөд явах аж. Академийн сурагч байхдаа долоо хоногт 50 фунт авдаг байсантай харьцуулахад энэ нь том үсрэлт байв. Надад яг л лоттонд хожчихсон юм шиг мэдрэмж төрж байлаа. Ийм аз тохиосонд итгэж өгөхгүй л байв. Стив надтай гэрээ байгуулахдаа Рой дээр очоод “Би Жеррардад ийм мөнгө өгөх саналтай байна” гэж хэлсэн гэсэн. Үүгээрээ тэр намайг багтаа хэрэгтэй хүн гэдгийг ойлгуулах гэсэн юм билээ. Гэхдээ “Энфильд” миний боломжийг үнэлсэн нь мөнгөнөөс илүү чухал юм. Рой, Стив хоёрт бүгдийг ойлгуулж, энэ бүхнийг зохих байранд нь оруулж цэгцэлсэн аавдаа маш их баярлаж байлаа. Тэр үед яг л харанхуй хонгилоос гарч ирж байгаа юм шиг санагдаж байв. Одоо би урагшаа харж, ирээдүйгээ өнгөлгөөр төсөөлж чадахаар боллоо. “Ливерпуль”-ийн үндсэн багт орох цаг минь ойрхон иржээ.
“ЛИВЕРПУЛЬ”-МИНИЙ ДИВААЖИН
Миний өдий зэрэгтэй явааг Жерар Ульед бүгдийг нь хамааруулж болохгүй ч тэр намайг гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачтан юм. Тэр намайг жирийн нэг хүүхдээс жинхэнэ хөлбөмбөгч болгож төлөвшүүлсэн юм. Хэрэв Жерар “Ливерпуль”-д ирээгүй бол миний энэ багтай салшгүй холбоотой байна гэсэн итгэл найдвар тийм ч бат бөх байхгүй байсан биз. Дунд сургуульд байхад зургаан жилийн гэрээ байгуулж, улмаар Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт хамруулан, дараа нь мэргэжлийн гурван жилийн гэрээг үзэглэсэн гээд Жерарыг ирэхээс өмнө “Ливерпуль”-ийн зүгээс надад хангалттай санал тавьж байсан ч гагцхүү Улье л намайг Академиас сугалан авсан юм. Түүний тавьсан шаардлага нь Стив Хейвэй, Дейв Шэннон, Хьюи Макаули нарын Академийн дасгалжуулагчдыг үл ойшоож байв. Үнэндээ энэ гурван хүн намайг бага байхаас минь л тордож хөгжүүлж ирсэн билээ. Тэд “Вернон Сангстер”-т хөл тавьсан бяцхан намайг тоглогчийн дөртэй болгосон. Ялангуяа Стив надад хамгийн их нөлөөлсөн хүн. Одоо ч тийм хэвээр байгаа. Бид зав л гарвал миний тоглолтын алдаа, дутагдлын талаар ярилцдаг юм. Жерарын тухай өгүүлэхэд тэр намайг Академиас шууд авсан нь Стивийг үл хүндэтгэсэн хэрэг болжээ. Энэ тухай Жерар “Стивен Жеррард Академид юу хийх юм бэ? Тэндхийн хүмүүсийн хэн нь ч түүнийг сайн байна, үндсэн багт орох цаг нь болсон гэж хэлээгүй. Харин би түүнийг байх ёстой газарт нь авчирлаа” хэмээн ярьж байв. Энэ бол үнэн. Жерар намайг мэддэг болохоороо үндсэн багт дуудсан юм.
“Би Жеррардыг нөөц багт хадагдахаас аварсан” гэж Ульегийн ярих нь Ройгийн хувьд шударга бус хэрэг байсан. Жерарыг 1998 оны зун “Энфильд”-д ирэхээс өмнө Рой намайг мэддэг, багтаа авна хэмээдэг байсан юм. Гэхдээ франц эрхэм “Ливерпуль”-д ирснээсээ хойш миний төлөө хэлсэн шигээ ихийг хийсэн. Үүнд нь ч би маш их талархдаг. Тэр намайг ивээлдээ авснаас хойш бэлтгэл, тоглолт бүр дээр онцгой анхааран, өөг минь засдаг байв. Гэхдээ шигшээ багт тоглох түвшинд хүрэхэд минь “Энфильд” дэх хүн бүр л тусалсан. Стив Хейвэй, Жерар Улье, мөн түүний туслах Фил Томпсон, Сэмми Ли гээд. Би тэдэнтэй бүгдтэй нь сайн харилцаатай байдаг. Хэн нэгнийг нь муулах, дутуу гэж хэлэх эрх надад байхгүй. Жерар миний хувьд онцгой өөрчлөлтийг авчирсан хүн мөн боловч түүнгүйгээр энэ бүхэнд хүрэхгүй гэх яриа байж болохгүй юм. Би түүний бүтээл биш шүү дээ. Миний амжилтад өөрийн минь хичээл зүтгэл, оролцоо байж л таараа. Академид сайн дасгалжуулагчдын удирдлагад хичээллэж, эцэг, эхийнхээ хэзээ ч хувирахгүй дэмжлэг, хайрыг мэдэрч өссөн хүн, би. Харин Жерар надад нэгдүгээр багт тоглох үүдийг нээж өгсөн, үүний хариуд би зөвлөгөөг нь дагаж байсан.
“Ногоон”-оороо амьтан “Энфильд”-д хөл тавих нь үнэхээр хүнд байсан. Жерарын заавар, зөвлөгөө Академид сурснаас минь дандаа зөрнө. Улье намайг багтаа авахаас өмнө би Английн 18 хүртэлх насны шигшээгийн ахлагч байв. “Ливерпуль”-ийн гүйцэтгэх захирал байсан Питер Робинсон франц эрхэмд ажлын санал тавихад Улье шууд л намайг онцлон, “Залуу сайн тоглогчидтой танай багт их ирээдүй бий” хэмээсэн гэдэг. Питерийн ажлыг авсан Рик Пэрри ч мөн адил Жерараас миний талаарх магтаалыг их сонссон гэнэ лээ. Гэхдээ намайг шууд л ийм түвшинд авчирсан гэх түүний яриа намайг цухалдуулдаг. Түүний өмнөх дасгалжуулагч Рой Эванс намайг “Ливерпуль”-ийн ирээдүй гэж үзээд үүнийг гурван жилийн гэрээгээрээ хангалттай баталсан. Би Ульег ирэхээс өмнө “Ливерпуль”- ийн нас насны багаар дамжин өсч явсан хөлбөмбөгч.
“Мелвүд”, “Энфильд” гээд энд тэндгүй л миний тухай ярилцаж байв. Премьер лигийн багууд намайг авахаар хөөцөлдөнө. 1998 оны наймдугаар сард “Тоттенхэм Хотспур”- ын эсрэг “Ливерпуль”-ийн 19 хүртэлх насныхны багт анхны тоглолтоо хийхэд “Спэрс”- ийнхэн хэдийнэ миний тухай мэддэг болсон байв. Тоглолт Эссекс1-ийн Чигуэл хотхоны “Спэрс”-ийн бэлтгэлийн талбайд болсон. Богго, Райти гээд манай багийнхан бүгд энэ тоглолтод оролцох болсондоо баярлаж, жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөгч болчихсон мэт хөөрөн тоглолтын хувцсаа бахдалтайгаар өмсч байлаа. Бид тоглолт болохын өмнөх орой нь яг л нэгдүгээр багийнхан шиг галт тэргээр өмнөдийг зорин хөдөлсөн. Энэ аялал бүхэлдээ гайхалтай байлаа. Тохилог галт тэрэг, тансаг зочид буудал гээд л. Би Райтитай нэг өрөөнд орсон бөгөөд бид хоёр энэ баг дахь анхны тоглолт маань ямар байх талаар шөнөжингөө ярилцсаар унтаагүй юм. Би шинэ содон юм бүхнийг сониучирхан байж билээ. Тоглолтын өмнө бид шарсан тахиа, гоймон идэж, сүү уугаад яг л үндсэн багийнхан шиг наргина. “Тоттенхэм” Чигуэлд тун сайн баг авчирсан байлаа. Хожим Английн шигшээд тоглосон Питер Крауч, Люк Янг нарын тоглогчид тус багт байв. Одоо бол Крауч шигшээд ч тэр, клубт ч гэсэн надтай мөр зэрэгцэн тоглож байгаа. Энэ тоглолт үнэхээр ширүүн, өрсөлдөөнтэй болсон. “Тоттенхэм”-ийн босс Алан Шүгар гэх мэт нэлээн олон хүн тоглолтыг үзжээ. Би энэ өдөр тун гайгүй тоглож, алсын цохилтоор нэг гоол хийсэн. Тоглолт 1:1- ээр өндөрлөлөө. Би талбайгаас гарч явахдаа Шүгар Стив Хейвэйтэй ярилцаж зогсохыг анзаарсан. Шүгар гараа зогсоо зайгүй савчиж, Стивийн мөрийг алгадан ярилцах аж. Хувцас солих өрөөнд ороход Богго “Тэд чиний тухай ярьж байсан” гэлээ. “Чи яаж мэдсэн юм бэ?” гэхэд Богго “Чиний нэрийг хэлэхийг сонссон юм. Яг юу гэж ярьсныг мэдэхгүй ч Алан Шүгар чиний тухай л яриад байх шиг байна лээ” хэмээлээ.
Гэхдээ би энэ тухай нэг их юм бодсонгүй. Шүршүүрт орж, хувцсаа солиод автобусандаа суун Ливерпуль рүү хөдлөв. Харин долоо хоногийн дараа Шүгар намайг авахыг хүссэнийг мэдсэн. Хоёр сая фунт төлье гэсэн гэнэ. Над шиг “ногоон”-оороо байгаа амьтанд дажгүй л мөнгө. Гэхдээ манай баг “Спэрс”-ийн саналыг хүлээж аваагүй. Стив Алан Шүгарт “Битгий инээдтэй юм яриад бай. Дахиж ийм санал тавих хэрэггүй” гэсэн гэнэ лээ. Тэд намайг үнэхээр гайгүй үнэлжээ.
“Тоттенхэм”-тэй хийсэн тэр тоглолтоос хойш нэг бил үү, хоёр сарын дараа би Дейв Шэннонд торгууллаа. Хоолоо идсэнийхээ дараа тавгаа байранд нь тавиагүй гэх ялихгүй юмны төлөө тэр надад торгууль тавив. Уул нь байдаг л зүйл. Торгуулийн мөнгө нь ч гэсэн шалихгүй, таван фунт. Гэхдээ би буруугүй байсан болохоор түүний шийтгэлийг хүлээж авахыг хүссэнгүй. Дейвтэй уулзахаар очлоо. Хаалгыг чанга саван өрөөнд нь оров.
“Яасан гэж намайг торгож байгаа юм бэ?” гэж ууртай, чанга дуугаар асуухад Дейв “Чи хоолоо идчихээд тавгаа ер хураадаггүй” хэмээв. “Би зохих ёсоор нь байранд нь тавьдаг шүү дээ” гэж тайлбар тавилаа. Би худлаа яриагүй. Яах вэ, зарим нэг залхуу хөвгүүдтэй хамт сууж хооллоод тэд тавгаа үлдээгээд явсан тохиолдол бий. Би л лав хэзээ ч тэгдэггүй. Эцэг, эх минь ч намайг ингэж хүмүүжүүлсэн. Би энэ бүгдийг хичнээн тайлбарлавч Дейв итгэсэнгүй. Тайлбар хийж цөхөөд “Та надаас таван фунт авна гэж байхгүй шүү” гэв. Дейв тоосон шинжгүй сууна. “Залуу минь, чи буруугаа хүлээж сур. Торгуулийн мөнгөө тав дахь гэхэд өгөөрэй” гэлээ. Би энэ маргаанд ялагджээ. “За яах вэ, тэр торгуулийг чинь би төлнө. Гэхдээ энэ таны алдаа байсан шүү, Дейв” гэлээ.
Ер нь хүн болгон л Дейвтэй үг сөрж байдаг. Тэр үл ойлгогдох ааштай нэгэн байсан ч багийн өнгийг тодорхойлдог нөлөөтэй хүн юм. Тийнхүү тэр намайг таван фунтээр торгосны дараа бидний маргаан шууд л хөлбөмбөгийн тухай яриагаар солигдож билээ. “Дейв, та биднийг дэмжиж, аль болох олон тоглолтын хуваарь гаргаж өгөөч” гэж би гуйлаа. “Манайхан ч гэсэн намайг үүнийг дамжуулж хэлэхийг хүссэн”.
Дейв над руу харснаа учир битүүлэг инээмсэглэв. Тэгээд “Чи одоо үүнийг хөөцөлдөж явах хэрэггүй байх аа. Харин энэ чамд хэрэгтэй” гэснээ цүнхнээсээ нэгдүгээр багийн тоглолтын хуваарийг өгөв.
Намайг нэгдүгээр багт тоглуулах гэж байгаа хэрэг үү? Би энэ сайхан мэдээнд цочирдсондоо дүлийрчихсэн мэт болж, орчноос тасрах шиг санагдаж билээ. Дейвийн өрөөнөөс гарч явахдаа “Тэр бусад дасгалжуулагчтай зөвлөлгүйгээр надад энэ жагсаалтыг өгөхгүй дээ” гэж бодов. Энэ надад маш их урам хайрласан юм. Утгагүй зүйлийн төлөө шийтгүүлж, таван фунтээ алдах нь гэж уурлаж байсан би тэр агшинд л тайвширч, эсрэгээр баяр хөөрт умбасан юм.
Жерар нэг орой их сургуулийн талбай дахь бэлтгэл дээр ирж намайг харсан гэж хэлж байсан. Гэхдээ тэр тэнд очоогүй юм. Харин түүний хоёрдугаар туслах Патрис Берге байсныг нь сайн санаж байна. Тэр Жерараас өмнө намайг анзаарч харсан.
Би тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Өглөө нь Стив Хейвэй намайг өрөөндөө дуудлаа. “Стивен, өнөөдөр бидний хувьд онцгой өдөр болох нь. Жерар Улье, Фил Томпсон, Сэмми Ли, Патрис Берге нар орой “Мелвүд”-д ирж, чамайг хэр тоглохыг харах юм гэнэ” хэмээн тэр хэлэв. Стив үүнээс өөр юм ярьсангүй. Илүү үг хэлэхийг ч хүсээгүй биз. Тэр орой миний нэгдүгээр багт орох эсэх шалтгаалах нь гэдгийг би тийнхүү мэдсэн.
Бэлтгэлийн өмнө хувцас солих өрөөнд тоглогчид “Үндсэн багийн хоёр дасгалжуулагч “Мелвүд”-д иржээ” хэмээн энд тэнд ярилцана. Дөрөв биш хоёр нь ирсэн юм байжээ. Гэхдээ хэдэн хүн ирэх нь ямар хамаатай юм бэ. Гол нь тэдний санаанд нийцэхээр тоглох нь чухал. Би энэ боломжийг алдаж болохгүй. Би бэлтгэл бүр дээр шаргуу дайчин байдаг ч энэ удаагийнх үндсэн багт орох “тасалбар”-ыг олгох гэдгээрээ онцгой байсан. Би бушуухан л бэлтгэл эхлээсэй гэж тэсч ядан байлаа. Тэгээд хар хурдаараа гүйн талбайд гараад эргэн тойрноо харахад хэн ч байсангүй. Чөтгөр аваг, тэд ирэх хугацаагаа хойшлуулжээ. Аягүй бол намайг үндсэн багт тоглох цаг нь болоогүй гэж үзсэн байх. Ингээд урам муутайхан бэлтгэлдээ орлоо.
Талбайг тойрон бие халаалт хийж яваад хүсээд байсан хүмүүсээ санамсаргүй олж харлаа. Патрис, Самми хоёр ирсэн байв. Жолоогоо суллах цаг минь болжээ. Бид нэг цаг 45 минутын турш бөмбөг эзэмшилт, тактикийн гэх мэт бэлтгэл хийгээд тоглох боллоо. Энд би бараг бүх үүргийг гүйцэтгэв. Бөмбөгт байнга хүрч, өрсөлдөгч багийн довтлогчийн хөлд жийж суун, хамаг хүчээрээ цохих гэх мэтээр. Энэ бол нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд орох сорилт тоглолт гэж бодохоор л хүч орох шиг болно. Дасгалжуулагчид над руу анхааралтай харах нь мэдрэгдэж байлаа. Самми жижигхэн тэмдэглэлийн дэвтэр бариад ямар нэг юм бичих аж. Харин Патрис “Одоо тэг, ингэ” гэж хашгиран зүгээр л сууж байв.
Бэлтгэл дууссаны дараа Стив Самми, Патрис хоёрыг бидэнд танилцуулав. Бид бүгдээрээ Саммиг танина. Тэр залуучуудтай сайн ажилладгаараа олонд танигдсан хүн. Бүгд л түүнд хайртай байдаг. Тэр над руу дөхөн ирснээ “Чи гайгүй тоглолоо” гэв. Би энэ л үгийг сонсох гэж тэсч ядаж байсан билээ. Стив бидэнд бэлтгэлээ дуусгахыг зөвшөөрөн, залуучууд тарахад Патрис шууд над руу чиглэн алхав. Би түүнтэй урьд нь нэг ч удаа уулзаж байгаагүй. Манай багийнхан ч ялгаагүй. Жерар туслахаараа Патрисийг авчээ гэхийг л сонсож байв. Патрис “Чи маш сайн байлаа” гээд гарыг минь атгав. Энэ бол үнэхээр онцгой мөч. Тэр ингэж хэлээд л буцаад явсан. Харин би нэгдүгээр багийн дасгалжуулагчдаас сонссон үгэндээ урамшин тэнгэрт хөвөх мэт хөөрөн баяссаар үлдэж билээ.
Гэвч үндсэн багт ороход ганц энэ бэлтгэлийн үзүүлэлт хангалтгүй байжээ. Түүнээс хойш Жерарын сураг ч сонсогдохгүй нэлээн удав. Патрис болон Самми нар ирж бэлтгэл тандсан тэр өдрөөс хойш нэлээн хэдэн долоо хоногийн дараа 19 хүртэлх насныхны тэмцээнд “Манчестер Юнайтед”-ын эсрэг тоглолтод л Улье нэг юм биднийг шинжих хувь тохиолоо. Арваннэгдүгээр сарын тэр нэгэн бямба гаригт би амьдралынхаа хамгийн сүүлчийн тоглолтод оролцож байгаа юм шиг л өөрийгөө дайчилж билээ. 19 хүртэлх насныхны багт ороод удаагүй нь ингэх нэг шалтгаан ч эндээс шууд үндсэн багт дэвших боломж байсан учир ийнхүү дайчин тоглосон юм. Бас өрсөлдөгч маань “Юнайтед” байсан. Би энэ л багийн хаалганд гоол хийх хамгаас дуртай, цаашид ч тийм хэвээр байх болно. Түүнчлэн хэсэг хугацаанд гэмтэлтэй байсны дараа хийсэн анхны тоглолт энэ байв. Шууны яс цуурсан бөгөөд энэ тоглолтод гарахдаа шохойгоо авахуулаагүй байлаа. Гэмтэлтэй үедээ залуучуудын багт орон үндсэн багийн эсрэг бэлтгэлийн тоглолт хийхийг маш их хүсч байсан боловч эмч надад хориг тавьж байсан юм. Эмч үзлэг хийснийхээ дараа “Чи тоглолтод оролцох арай л болоогүй байна даа” гээд шохойгоо авалгүй явчихна. Үүнийх нь дараа амьдрал маань ингээд дуусч байгаа юм шиг л мэдрэмж төрөн уйтгарладаг байв. Азаар “Ман Ю”-тай тулах тэр өдөр бэртэл хамаагүй дээр болсон юм. Би тэр тоглолтыг тэсэн ядан хүлээсэн билээ.
Богго, Грегго гээд миний найзууд энэ багт орсон. Талбайд 200 гаруй үзэгч цугласан нь залуучуудын багийн тоглолт гэхэд гайгүй тоо юм. Аав маань ч мөн тэнд байлаа. Стив, Дейв гээд манай академийн удирдлага болон дасгалжуулагчид үүргийн дагуу хүрэлцэн иржээ. Би тэдний ойролцоо Жерарыг сууж байхыг олж харлаа. Харин тэр манай багийн жигүүрийн хагас хамгаалагч ирланд залуу Ричи Партриж-ийг ажиглаад байх шиг санагдсан. Би Жерарыг зөвхөн миний тоглолтыг үзэхээр ирсэн байх гэж таамагласан юм. Ингээд би санаачилгыг гартаа авахаар шийдлээ. Тоглолтын эхнээс төгсгөл хүртэл би тэр талбайд ноёлж, өрсөлдөгч багийнхаа төвийн болон жигүүрийн бүх л хагас хамгаалагчийг няцааж байв. Хэт улайрснаасаа болоод улаан хуудас ч авч болохуйц ширүүн хамгаалалтыг хийж байлаа. Шүүгч “Дахиад нэг ингэх юм бол хөөчихнө шүү” гэж анхааруулна. Мөн тэндээс Стив “Стивен, жаахан зөөлөн. Аягүй бол бидэнтэй зэрэгцээд тоглолтын үзэгч л болох нь байна шүү” хэмээнэ. Гэхдээ би тэдний хэн хэнийх нь үгийг тусгаж авсангүй. “Манчестер Юнайтед”-ын залуучуудыг хэдэн хэсэг тасдан хаях нь миний зорилго байлаа. Надад “Лильшол”-ын хөвгүүдийг “Мелвүд”-д болгож өгсөн тэр л өдрийнх шиг мэдрэмж төрж байсан юм. Жон О’Ши болон түүний дайны сайн тоглогчдыг багтаасан шилдэг баг иржээ. Би нэг гоол хийж, тоглолт 1:1-ээр өндөрлөлөө. Өөрийгөө сайн тоглосон гэдгийг мэдрэн, талбайгаас гарахдаа яг л хаан мэт эрхэмсэг алхаж байв. Тэгээд Жерар ямархуу байгааг харахаар түүний суудал руу сэм хяламхийхэд тэр байсангүй. Чөтгөр аваг, тэр явчихаж. Гэхдээ тэр намайг анзаарсан л байх ёстой доо гэж өөрийгөө тайвшруулаад гэр лүүгээ явлаа. Аав хэдийнэ гэртээ иржээ.
Аав “Сая Жерар Улье тоглолт үзсэнийг чи мэдсэн үү?” гэж асуув. “Тийм ээ, би түүнийг харсан” гэж хариуллаа. Аавын дараагийн үг нь надад маш их урам өгсөн. Тэр “Стивен, чи энэ тоглолтод ямар ч алдаа гаргасангүй” хэмээв. Аав маань намайг хий хоосон магтаагүй нь лавтай. Би өрөөндөө ороод мөрөөдлийнхөө оргилд хүрсэн мэт баяр хөөрт умбан орон дээрээ тэрийн унав.
Бүтэн сайн маш удаан өнгөрлөө. Даваа гариг хурдан болоосой гэж тэсч ядан хүлээж байсан болохоор арга ч үгүй биз. Би бэлтгэл дээр очоод Жерараас ямар ч хамаагүй нэг үг сонсохыг хүсч байсан юм. Гэвч даваа гаригт юу ч болсонгүй. Маргааш нь ч ялгаагүй. Харин лхагва гаригт Академийн шатаар уруудаж яваад Жерар, Рой Эванс хоёртой тааралдлаа. Рой арваннэгдүгээр сарын 12-ны тэр өдөр нэгэн цагт хамтран зүтгэж явсан хүмүүстэйгээ салах ёс хийхээр иржээ. Ажлаас гарах, халагдахын алин боловч ийнхүү ёс төртэй салах ёс гүйцэтгэдэг нь “Ливерпуль”-ийн заншил билээ. Тэдэнтэй зөрөх гэтэл Рой намайг зогсоолоо. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Манай багийн ерөнхий дасгалжуулагч байсан Рой Эванс өөрийнхөө халааг авах, миний нэг ч удаа уулзаж байгаагүй хүнтэй хамт зогсож буй нь тийнхүү сандрах хангалттай шалтгаан билээ. Тэр мөчид цус маань царцах мэт болсонсон.
Рой “За Стивен, сайн уу? Сонин сайхан юу байна даа?” хэмээн элэгсгээр мэндчилэв. Тэгээд “Залуу минь эрчээ алдалгүй явна шүү. Чамд их боломж, сайхан ирээдүй байгаа” гэж үргэлжлүүлэн хэллээ. Жерар түүний яриаг таслан дундуур орж “Тийм шүү, чамд үнэхээр сайхан боломж бий” хэмээв. Энэ мөчид дараагийн жилүүдэд надад дасал, танил болох тэрхүү царайг анх удаа тогтон харсан. Тэр “Чи өөрийн энэ арга барилаа алдалгүй, улам хөгжүүлээрэй” хэмээн нэмж хэлээд “Өнгөрсөн долоо хоногт “Манчестер Юнайтед”- ын эсрэг тоглохыг чинь харсан. Чи маш сайн байсан шүү” гэв.
Би түүний магтсанд талархлаа илэрхийлээд Ройд хандан “Таны учир байдлыг мэдээгүйд уучлаарай” гэлээ. Рой “Битгий санаа зов доо Стивен, би зүгээр. Чи харин өөрийн зорьсон зүйлийнхээ төлөө тууштай яваарай” хэмээв.
Би Ройгийн өмнө буруутай мэт санагдаж байлаа. Хүссэнээр болдог бол түүнийг ажилдаа үлдээсэй гэж бодож байв. Тэр надтай яг өөртэйгөө эн тэнцүү харилцдаг байсан бөгөөд намайг үндсэн багт тоглуулахыг хүсдэг байсныг нь ч би мэднэ. Түүнийг тоглогчдодоо “Та нар гэмтлээс л ангид байвал үргэлж надтай хамт байх юм шүү” гэж хэлж байхыг би нэгэн удаа сонсож билээ. Харин франц дасгалжуулагч манай багт ирээд хэрхэх бол? Жерар намайг өөрийн багтаа авахыг үнэхээр хүсч байгаа болов уу? Тэр намайг чухам хэн байсныг мэдэхгүй шүү дээ. Харин Рой бол намайг 12-той байхаас л мэдэх билээ. Тэр багаа орхиж буй нь миний хувьд маш хүнд цохилт болсон. “Мелвүд” дэх хүмүүсийн амнаас франц дасгалжуулагч шинэ дэглэм тогтоосноос бэлтгэл дээр өчүүхэн ч инээд наргиан байхаа больсныг сонссон. Жерар үнэхээр хатуу чанга хүн байсан. Тиймээс ч эхэндээ сэлгээний тоглогчдын зүгээс цөөнгүй гомдол гардаг байв. Анхны сэтгэгдлээр бол Жерар тун элэгсэг, сайн хүн мэт харагдсан. Гэвч би түүнтэй хүссэн хэмжээндээ харилцаж чадахгүй байх вий гэхээс айж байлаа. Түүнийг англиар хэр сайн ярьдгийг би мэдэхгүй юм. Түүнээс хүн болгон эмээнэ. Арга ч үгүй юм. Өөрийг нь авч үлдэх, өшиглөөд хаях эсэхээ шийдэх эрх мэдэлтэй ерөнхий дасгалжуулагч шүү дээ, тэр. Франц дасгалжуулагчийн багаа хэрхэн бүрдүүлэхийг нь хүн бүр анхааралтай ажиглаж байв. Миний хувьд бүх зүйл надад ойлгогдохоор болж, хүмүүс англи хэлээр харилцдаг байгаасай гэж хүснэ. Ройг ерөнхий дасгалжуулагч байхад би үндсэн багт орох нь тодорхой байсан. Тэр миний хөгжих үүдийг нээж өгсөн хүн. Хэрэв тэр үед ийм байгаагүй бол би энэ түвшинд хүрэх байсан болов уу? Жерарыг ирсний дараа би өөрийгөө яг л харийн лигт тоглож байгаа легионер мэт санах болж билээ.
Хоёр хоногийн дараа, баасан гаригт Стив Хейвэй намайг дуудлаа. Өрөөнд нь яваад очтол Райти тэнд байв. Дейв Шэннон ч иржээ. Стив “За залуучууд аа, та нарт дуулгах тун чухал мэдээтэй. Жерар, Фил нар та хоёрыг “Мелвүд”-д ирэхийг хүссэн” гэсээр угтав. Райти, бид хоёр баярласандаа хий л өөд өөдөөсөө харан инээмсэглэлээ. Гайхалтай, энэ бол бидний хүсэн хүлээсэн мэдээ юм. Стив “Та нар даваа гаригаас эхлэн тэнд хичээллэх болно” хэмээн нэмж хэллээ. Тэгээд үргэлжлүүлэн “Жерар та нарыг хөтөлбөртөө багтааж, үндсэн багт хичээллүүлэхийг хүслээ. Алив залуучууд минь, биднийг ардаа орхих том боломж гарлаа шүү” хэмээв. Тэгээд хэсэг дуугүй зогссоноо бидэнд маш үнэтэй хэдэн зөвлөгөөг өгсөн. Бидний Академид суралцах өдөр үүгээр дуусч буйг тэр мэдэж байлаа. Райти, бид хоёрт хандан “Та нар хаанаас хаана очсоноо хэзээ ч битгий мартаарай” гэв. “Бид та нарын төлөө юу хийснийг, мөн та нарын хойчийг залгах хөвгүүдийг бэлтгэхээр энд үргэлжлүүлэн ажиллаж байгааг мартаж болохгүй. Орчин өөрчлөгдсөн ч хүн нь хэвээрээ байх ёстой юм шүү. Нэр хүндтэй багийн хувцсыг өмсөж чухал тоглолтуудад оролцох болно, та нар. Гэхдээ энд сайн найзууд чинь үлдсэнийг санаж, төрсөн газраа эргэж тойрч байгаарай” хэмээлээ. Үндсэн багт дуудагдах нь сайхан мэдээ боловч ингэлээ гээд би Академиас гүйж гараагүй. Тэгэхэд ахиж ирэхгүй юм шиг л сургуулиа, орчин тойрныг нь анхааралтай ажиглаж байж билээ. Би өөрийн угсаа гарлаа сайн мэднэ. Стив Хейвэй, Дейв Шэннон, Хьюи Макаули нар үндсэн багт орох замыг минь тавьж өгсөн ачтанууд юм.
Айронсайдад очиж, зогсоолд машинаа тавьчихаад гудамжинд тоглох хөвгүүдийн хамт бөмбөг өшиглөх хүсэлтэд нь эелдгээр татгалзаад гэртээ оров. Энд том мөрөөдөл тээн бөмбөг хөөж явсан надад одоогийн энэ байдал маань итгэхэд бэрх санагдаж байлаа. Дэлхий хурдан эргээд байгаа ч шиг. Гэртээ ороход аав үүдний өрөөндөө сонин гарчиглаад сууж байв. Тэр над руу харангуутаа л ямар нэг зүйл болсныг мэдлээ. “Юу болоов?” хэмээн асуухад нь “Би одоо “Мелвүд”-д бэлтгэл хийх болсон” гэв. Аав минь надаас дутуугүй баярлан “Тэгээд хэзээнээс эхлэх юм бэ?” хэмээн уулга алдан босч билээ.
Сайхан мэдээнд хэт баярласандаа амралтын өдрүүдээр дэн дун л явсан даа. Даваа гаригт “Мелвүд”-д очих тухай л бодно. Бүтэн сайны шөнө цагийн зүүний урагш хөдлөх чимээ бүрийг зүрхээ даран сонсох шахам хүлээсэн билээ. Тэр шөнө Райти манайд хонов. Бид хоёрын хувьд бэлтгэл, сургуулилтын бусад үед ч гэсэн ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг дотно найзууд юм. Хэн хэн маань маш их догдолж байсан болохоор тийм ч амархан унтчихсангүй, шөнөжингөө элдвийг ярилцан үүр цайлгасан. Жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөгчин болох гэж буйгаа мэдэрч байлаа. Өглөө нь хөлбөмбөгийн замналынхаа шинэ шатанд гарахаар явах гэж байхад минь аав “Хүү минь энэ зөвхөн эхлэл гэдгийг санаарай. Чиний очих газар англи тоглогчид ч байгаа, харь хэлтнүүд ч бий. Стивен, одоогоор чи зорилгынхоо хаана нь ч хүрээгүй. Гэхдээ чи очих газраа мэднэ, боломжоо битгий алдаарай” гэж хэлсэн. Аавын минь үг надад яг л сэрүүлэгтэй цагны хонх шиг санагдаж билээ.
“Мелвүд”-д очсон тэр өдөр би маш их тэвдэж сандран, биеэ сайн хянаж чадахгүй байгаадаа өөрийгөө хараан явж байв. Райти, бид хоёр бэлтгэлийн баазад хамаагүй эрт оччихов. Том төмөр дааман хаалгаар хашаанд ороход цөөн хэдэн машин л харагдаж байлаа. Орчин тойрноо ажиглан гол байрыг чиглэн алхав. Тэнд хувцас солих өрөө байдгийг мэдэх ч орж зүрхлэхгүй гадаа нь хэдэн минут суув. Эцэст нь зориглон хаалганы бариулаас атгалаа. Өрөөнд хэн ч байсангүй. Хувцас бэлтгэгч хэдийнэ ирээд явсан бололтой, тоглогчдын бэлтгэлийн хэрэглэлүүд байрандаа бэлэн болсон байв. Райти, бид хоёр өлгүүрийг дагуулан харж, бидэнд хувцас бэлтгэсэн эсэхийг нягталлаа. Гэвч илүү хувцас байсангүй. “Чөтгөр аваг, Райти. Биднийг энд ирнэ гэдгийг эндхийнхэн мэдээгүй юм шиг байна” гэж би хэлэв. Райти үүний хариуд зүгээр л “Чөтгөр” гэлээ. Бид өөрсдийгөө найранд ирсэн урилгагүй зочид мэт төсөөлж байв. Би Райтид “Одоо нэгдүгээр багийнхан ирээд “Та нар энд юугаа хийж яваа юм бэ?” гэж тохуурхах байх даа” гэж хэллээ. Ингэж тээнэгэлзэн зогсож байтал үүд нээгдэн томчуудын багийн одод орж ирлээ. Эхлээд Робби, Макка, Жейми гурав орж ирэв. Ашгүй таньдаг хүмүүс байна. Тэд бидний үеийнхэнтэй тун найрсаг харилцдаг тоглогчид юм.
Жейми “Та нар бидний нэг болоо юу? Дажгүй ээ” гэхэд Макка инээмсэглэн “Хэцүү үе ирлээ дээ” хэмээв. Тэгэхэд Робби “Алзахгүй ээ, залуучууд аа” гэж урам хайрлав. Элдэв юм бодон шаналж байсан Райти бид хоёр тайвширлаа. Жейми “За, энд суугаад хурдан хувцсаа сольцгоо” хэмээн яаруулав. Бурхан минь, Английн хамгийн алдартай хөлбөмбөгчидтэй ингээд мөр зэрэгцэн суугаадаа итгэж ядан байлаа. Гэтэл дасгалжуулагчдын нэг нь орж ирээд Райти, бид хоёрыг хамаагүй дээгүүр залрахгүй байхыг анхааруулж, захдуу суу гэж хэлэв. Бидний суусан газарт өлгүүр байсангүй. Хувцсаа солиод урт вандан сандал дээр эвхээд тавилаа. Хувцас солих өрөө санаснаас минь давчуу ажээ. Гэхдээ би энд ямар бэлтгэл хийх биш дээ. Ийнхүү үндсэн багт бэлтгэл хийх цаг минь боллоо.
Бэлтгэлийн талбайд очиход Жерар бүх тоглогчдыг цуглуулаад тойрог болгон зогсоов. Тэгээд өөрөө дунд нь зогсоод Райти, бид хоёрыг дуудан гаргаж ирэв. “Өнөөдрөөс энэ хөвгүүд бидэнтэй хамт бэлтгэл хийнэ. Тэднийг Академиас авчирсан юм” гэж тэр хэллээ. Ингээд танилцуулга өндөрлөв. Бүгд бэлтгэлдээ орлоо.
Жерарын удирдлага дор бэлтгэл хэрхэн явагдах бол гэсэн айдас маань аажим аажмаар арилж, биеэ барихаа болилоо. Миний бодож байсан шиг тийм ч хатуу чанга биш ажээ. Тактикийн бэлтгэл нь тун сонирхолтой юм. Бэлтгэлийн тоглолт ч тун гайхалтай боллоо. Бэлтгэл дууссаны дараа Жейми, Макка гээд бүх л тоглогч хоорондоо элдвийг ярин инээлдсээр бэлтгэлийн өрөөг зүглэв. Харин дасгалжуулагч Райти, бид хоёрыг дуудан үлдээлээ. Бид хоёрын хэн нь ч түүнтэй нүүр тулан уулзаж байсангүй. Тэр “Та хоёр одоо эндхийн хүн болж байна” гээд тэр яриагаа эхэллээ. “Энэ бол эхлэл. Та хоёрын яг одоогийн байгаа байдал миний сэтгэлд хүрэхгүй байна. Илүү хүчтэй, том болох хэрэгтэй. Та нар дэндүү туранхай байна. Бэлтгэлийн өрөөнд очоод нэгдүгээр багийн бусад тоглогчдыг хараарай, бүгд л та хоёроос биерхүү, том байгаа. Тиймээс тэдний түвшинд хүрэхэд чинь бид та хоёроор арай өөр бэлтгэл хийлгэх болно. Шантарч, элдэв шалтаг, гомдол тоочих хэрэггүй шүү. Хэрэв Академидаа буцаж очмоор байвал эртхэн хэлээрэй. Бидний ид гэснийг идэж, уу гэснийг уу. Бие бялдрын хөгжлөөр нэгдүгээр багийнхны түвшинд хүрэхэд чинь бид тусална. Гэхдээ бидний хүссэн хэмжээнд хүрэхэд тийм ч хол биш байгаа шүү”.
Түүний хэлсэн бүх зүйл тун хурдан хэрэгжиж эхэллээ. Хоолны дэглэм сахиулагч бидэн рүү ярьж, юу идэж, уудгийг асуугаад түргэн хоолноос аль болох татгалзаж байхыг санал болгов. Миний хоолны зуршил тийм муу биш ч хөлбөмбөгч хүнд тохирохооргүй байжээ. “Дахиж хавчуургатай талх идэхгүй шүү” гэсэн сануулга авсан би “Тамирчны амьдралаар амьдар” гэсэн уриатай боллоо. Фитнессийн дасгалжуулагч Райти, бид хоёрыг долоо хоногийн дөрвөн өдөрт нь хоёр цагаар жин нэмэх тал дээр анхаарсан бэлтгэл хийлгэнэ. Хичнээн их хөлс гаргана, төдий чинээ үндсэн багт тоглох хугацаа ойртоно гэсэн бодлоор би өөрийгөө хурцлан чармайдаг байв. “Ливерпуль”-ийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийх өдрийг наашлуулах гэж адгахдаа туухайныхаа жинг улам нэмэн шахдаг байж билээ. “This is Anfield” гэсэн бичигт хүрэн, үзэгчдийн уухайн дунд талбайд гүйн гарч байна хэмээн төсөөлөн боддог байв. Энэ их хүлээлт нь намайг бэлтгэлээс илүү шаналгаж байлаа.
Бидний бэлтгэлийн явц ямар байгааг харахаар Жерар хааяа чийрэгжүүлэлтийн танхимд ирдэг байв. Нэг өдөр бэлтгэлийн дараа Жерар намайг өрөөндөө дуудлаа. Тэр “Стивен, бэлтгэлийн үр дүн тун тодорхой харагдаж байна. Чамд үндсэн багт орох боломж ойрхон байгааг хэлэх гэсэн юм” гэв. Жерар миний өсөлт, хөгжилтөд үнэхээр анхаарч байгаа бололтой. “Би эцэг, эхтэй чинь хооллож болох болов уу?” гэж асуув. Тэгээд бид Аллертон Рөүд дэх нэгэн тохилог уушийн газарт зоог барилаа. Жерар хөлбөмбөгийн тухай төдийлэн ярьсангүй, бидэнтэй бүх л сэдвээр хууч хөөрөв. Тэр миний ард ямар гэр бүл байдгийг мэдэх гэсэн бололтой. “Ливерпуль”-ийн дасгалжуулагч хүүг нь онцлон, ирээдүйтэй хэмээн үнэлж урьсан энэ уулзалтад аав, ээж маань их ач холбогдол өгч ирсэн билээ.
Ийнхүү гэнэтхэн л хөлбөмбөг миний амьдралын цаг мөчүүдийн дийлэнхийг эзлэх болж, мэргэжлийн гэх тодотголд зохицох хэмжээнд хүрлээ. Академид байсан зугаатай мөчүүд ард үлджээ. Нэгдүгээр багийнхантай хувцас солих өрөөнд ойр зуурын юм ярилцдаг болов. Гэхдээ хүндэтгэдэг хүмүүсээсээ эмээх сэтгэл хэвээр байгаа учир тоглоом наргианд нь зүрхлэн оролцдоггүй байлаа. Робби, Жамо болон бусад бядтай тоглогчидтой ширүүхэн тогловол аяыг нь даахгүй байсан биз, тэр үед. Ах нарыг хөгжилдөж байхыг хараад тэдний зэрэгт хүрээгүйдээ атаархан, өөрийгөө голж суудаг байв. Энэ үедээ бага ярьж, их хий гэсэн уриаг өөрийн мөрдлөг болгож, дасгал сургуулилтдаа анхаарлаа хандуулна. Жерар тоймгүй олон дүрэм, журам танилцуулж, би түүнийг нь өөрийн болгох гэж үргэлж л ямар нэг юм хийж байдаг байв. Энэ нь ч үр өгөөжөө өгсөн билээ. Бэлтгэлээс хоцрох юм уу, буруу хувцас өмссөнөөсөө болж би цөөнгүй удаа шийтгүүлсэн. Би нэгдүгээр багт ирсэн эхний өдрөө л франц дасгалжуулагчийн бэлтгэл амар биш байна гэдгийг мэдсэн. Тогтоосон дүрэм, журмыг нь мөрдөөгүй нэгэн шууд жагсаалаас гарна гэсэн баримтлалтай хүн, тэр. Үүнийгээ ч хэрэгжүүлж байв. Рой Эвансын удирдлага дор давуу эрх эдлэн, бие амар байсан зарим тоглогч Жерарын хэмнэлд идээшихгүй л байлаа. Маккаг “Реал Мадрид” руу үнэгүй явуулсны дараа гэрээ нь дуусах дөхсөн Фил Бабб бэлтгэлдээ урьд урьдынхаасаа илүү эрчимтэй анхаарах болж билээ. Энэ бүгдээс Жерарыг үл тоомсорлох хэрэггүй гэдгийг бүгд ойлгосон.
Удаан хугацаанд догдлол минь арилаагүй ч би бага багаар Жерарын хайрыг татаж, дэмжлэгийг нь хүлээх болов. Арваннэгдүгээр сарын 23-нд “Ливерпуль” UEFA-гийн цомын гуравдугаар шатанд “Сельта Виго”-гийн эсрэг хийх тоглолтод оролцохоор Испани руу нислээ. Тэр онгоцонд суусан багт Райти, бид хоёр ч багтсан. “Мелвүд”-д ирээд сар ч болоогүй байж Испани руу нисэх нэгдүгээр багийнхан, дасгалжуулагч, захирлуудтай ингээд хамт явж байгаа нь итгэмээргүй санагдаж байв. Райти, бид хоёр онгоцонд зэрэгцэн суулаа. Би түүнд “Бид тэнд очоод тэдний хувцас хэрэглэлийг зөөхөд л туслах байх даа” гэхэд тэр миний хэлснийг зөвшөөрч толгой дохив. Гэхдээ бидэнд ямар нэгэн дарамт, шахалт байхгүй, сайхан аялал болсон. Нэгдүгээр багийнхантай хамт хооллож, орой гэрэлтүүлэгтэй цэнгэлдэхэд хамт бэлтгэл хийн, зочид буудлын өрөөнүүдээр сүлжилдэцгээгээд сэтгэл хөдлөм байлаа. Академиас дөнгөж ирсэн би ДАШТ-д оролцсон тоглогчдоос элдвийг шалгаагаад, ярианд нь сүрдэн суудаг байсансан.
Тоглогчдын өрөөг хуваарилахад Жерар Райти, бид хоёрыг тус тусад нь оруулчихав. Намайг Жеймитэй нэг өрөөнд орууллаа. Тэгээд “Чи түүний биеэ хэрхэн авч явж байгааг сайн хараарай. Юу идэж уун, бэлтгэлээ хэрхэн хийж, яаж тоглож байна гээд бүгдийг нь. Түүнээс суралцах юм их бий шүү” гэж хэллээ. Жеймигийн байж байгаа нь л цаанаа нэг эрхэмсэг нэгэн. Тэр хэнийг ч үл ялган ижил харилцана. Жейми олон жил хамт тоглосон Жейсон Макатир, Фил Бабб зэрэг тоглогчидтой ярьдаг шигээ намайг үл голон бүх л зүйлийн талаар санал солилцдог байлаа.
Би талбайд сэлгээний тоглогчдын суудлаас цааш илүү ойртож чадахгүй гэж бодсон хэвээр байв. Харин бэлтгэлийн өрөөнд очоод нэр маань бичээстэй 28 гэсэн дугаар бүхий тоглолтын хувцас олж харлаа. Миний хувцас байна гэж үү? Нүдэндээ итгэсэнгүй. Одоо би “Ливерпуль” клубийн нэгэн хэсэг нь болжээ. Яг энэ мөчид би өмнөө байсан өндөр босгыг давж, өөр гайхамшигт ертөнцөд хөл тавьснаа мэдэрсэн. Жерар Улье мэдүүлэгтээ Райти, бид хоёрыг сэлгээний тоглогчоор бичжээ. Европын тэмцээнд сэлгээнд долоон тоглогчийг нэрлэдэг бөгөөд Райти, бид хоёрт ийнхүү том боломж гарч ирлээ.
Бид тэр үдэш “Ливерпуль”-ийнхэн талбайн эздээр “хичээл заалгасан” тэр тоглолтыг дэргэдээс нь үзэв. “Сельта”-гийн бүрэлдэхүүнд хожим “Реал Мадрид”, “Челси”-д хүчин зүтгэж өөрийн хэмжээгээ харуулсан Клод Макелеле, Оросын авъяаслаг тоглогч Валерий Карпин, Александр Мостовой нарын шилдгүүд багтсан байлаа. “Сельта” маш сайн тоглож, манайх 1:3-аар хожигдож билээ. Райти, бид хоёр сэлгээний сандлаас ховхорсонгүй. Гэхдээ энэ бидний санааг зовоох зүйл биш юм. Цэнгэлдэхэд 24600 үзэгчийн уухайн дор суун, Европын том тоглолтыг бага боловч мэдэрч, гайхалтай нэгэн үдшийг өнгөрүүлсэн. Сар хүрэхгүй хугацааны өмнө Ливерпулийн их сургуулийн талбайд 200 үзэгчийн өмнө 19 хүртэлх насныхны багт тоглож байснаас минь хавьгүй өөр юм.
Англид эргэж ирснээсээ хойш тоглолтын өдрийн мэдүүлэгт тогтмол багтахын тулд өмнөхөөсөө илүү хичээж бэлтгэл хийдэг боллоо. Вигогоос буцаж ирсний дараах эхний бэлтгэл дээр би Пол Инсээс хамаагүй илүү тоглосон. Яагаад ч юм тэр өдөр Инс их сул байж билээ. Түүний хувьд бэлтгэлд төдийлэн идэвхтэй оролцолгүй тоглолтод л гол анхаарлаа хандуулдаг дадалтай ч тэгэхэд тэр миний эсрэг өөрийн хүссэн зүйлээ хийж чадахгүй байлаа. Инс “Интер Милан”-аас “Ливерпуль”-д ирснийхээ дараа бэлтгэл дээр тийм ч сайнгүй байснаа тоглолтод гайхмаар ур чадвар гаргасныг олон хүн ярьдаг. Би ч бас энэ байдлыг нь тодорхой хэмжээгээр мэдэрсэн. Инс, Жерар хоёрын дунд ямар нэг үл ойлголцол байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Инс “Ливерпуль”-ийн түлхүүр тоглогчдын нэг гэдгийг би хувцас солих өрөөн дэх уур амьсгалаас мэдэж авч байлаа. Бүгд үүнийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Инс ч өөртөө маш итгэлтэй, хараа дээгүүр нэгэн байв. “Мелвүд”-д мөрдөгддөг нэгдүгээр дүрэм: Инсийн эсрэг багт битгий ор. Гэхдээ би үүнийг тэр бэлтгэл дээр эвдэж чадсан. Би өөрийгөө бусдад харуулж таниулахын тулд бэлтгэлийн эхнээс дуустал хүчээ шавхан тоглосон. Энд хүчээ нөөгөөд гаргадаггүй гэх Инс сургуулилтын төгсгөл орчимд надтай нэгийгээ үзье гэсэн бололтой мэдэгдэхүйц ширүүн болж эхэлсэн ч санасандаа хүрч чадаагүй. Тоглогчид түүнийг харьж байгаа юм уу гэхчилэн шарыг нь малтаж байв. Фаулер “Инси, чиний төгсгөл ирж дээ” хэмээн даапаалж инээхэд Инс “Амаа тат” гээд ууртай хариулж байлаа. Энэ бүхэн ингэж эхэлсэн. Реднапп “Арай ч дээ, Инси” гээд зогсолтгүй хөхрөн өрсөлдөгчийн маань уурыг хүргэнэ. Миний хувьд бол зүгээр л өөрийгөө харуулахыг зорьсон. Бүгдийг зохих ёсоор нь зөв зүйтэй хийе гэсэн бодол маань бэлтгэлийн төгсгөлд “Би Инсийн байрыг эзлэх ёстой. Үүнийг хурдан гүйцэлдүүлэх хэрэгтэй” хэмээн өөрчлөгдөж билээ.
Жерар энэ байдлыг анзаарчээ. Арваннэгдүгээр сарын 29-нд “Блэкберн Роверс”-ын эсрэг хийх Премьер лигийн тоглолтод оролцох “Ливерпуль”-ийн 18 тоглогчийн жагсаалтдаа тэр намайг оруулсан байв. Энэ жагсаалтад Райти байгаагүйд би сэтгэл дундуур байсан ч харин найз маань миний өмнөөс бөөн баяр хөөр болчихсон явж байж билээ. Би “Сэлгээнд багтахаас боломж эхэлнэ” хэмээн өөртөө хэлж урам өгч байв. Дасгалжуулагч багаа бүрдүүлэн, тоглогчдыг нэрлэхдээ хоёр суудал үлдсэн үед намайг дуудсан. Тэр сэлгээний тоглогчдодоо ямар ямар байрлалд тоглож болохыг нь зааварлахад намайг төвийн болон баруун жигүүрийн хагас хамгаалагч, мөн баруун хамгаалагчаар гарч болно хэмээн үнэлэв. Би “Дасгалжуулагч л миний тоглох зөв байрлалыг мэдэх хэрэг” гэж бодсон.
“Энфильд”-д болсон тэр тоглолтыг би өчигдрийнх юм шиг тод санаж байна. Хувцас солих өрөөнөөс гарч, хоолойгоор явсаар талбайд хүрэхийн өмнөхөн байдаг “This is Anfield” гэсэн тэмдэгт хүрцгээсэн. Тийм ээ, энэ бол “Энфильд”, бид 41753 үзэгчийн чих дөжрөм их уухайн дор талбайд гарч ирлээ. Тоглолтын явцад Жерар талбайд гаргаж магадгүй гэсэн сэлгээний тоглогчдоо бие халаалт хийлгэхээр босгов. Үзэгчид талбайн хажуугийн шугам даган гүйж, бие халаалтын дасгал хийх тоглогчдыг алга ташин хүлээж авах аж. Дасгалжуулагч намайг бэлтгэ хэмээн босголоо. Энэ үед би “Намайг тэнд очиход үзэгчид алга таших болов уу?” хэмээн бодож байв. Гэвч тэд тэгсэнгүй. Биеийн минь эд, эс бүхэн сандарч тэвдэж байгаа бололтой. Нааш цаашаа гүйж байхдаа над руу эргэлзэнгүй харах үзэгчдийн царай нүдэнд минь тод үзэгдэнэ. Мөн тэдний “Энэ юун чөрийсөн амьтан гараад ирэв ээ? Энэ хэн юм бол оо? Арай энийг талбайд гаргах гэж байгаа юм биш биз дээ” гэхчилэн хоорондоо ярилцах нь тод сонсогдож байв. Энэ бүхнээс болж би газар шагайн өөрийгөө хараасаар гүйж байлаа.
Тоглолт өндөрлөхөд таван минут үлдлээ. Энэ үед би өөртөө “За залуу минь тайвшир. Одоо чи талбайд гарна гэж байхгүй” хэмээн хэлж, сандарч тэвдсэн байдлаа дарах гэж оролдож байв. Инс, Оуэн нар тус бүр нэг гоол хийж, “Ливерпуль” 2:0-ээр тэргүүлж байлаа. Айлын хаалгыг мялаасан хоёр сэлгээгээр суужээ. Одоо ганцхан сэлгээ хийнэ, би гарна гэж байхгүй. Гэтэл Фил Томпсон ирээд “Чи гарна шүү” гэж хэлэв. Энэ үед би өөрийгөө жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөгчин гэдгээ мэдрэн, бие халаалтаа идэвхжүүлж, ядаж хоёр минут үлдсэн байгаасай хэмээн залбирч байлаа. Би үзэгчдийн нүүрний эгнээний суудлаас зургаахан ярдын зайтай сунгалт хийн, Филийг дуудахыг хүлээн зогсож байв. Би арагшаа үзэгчид рүү эргэж харахгүйг хичээж байлаа. Гэхдээ тонгойхдоо тэсгэлгүй үзэгчдийн суудлын зүг хяламхийнэ. Фил босоод над руу зангав. “Энфильд”-ийн талбайн хажуугийн шугам руу гүйн очлоо. Тоглогчидтой зэрэгцэн суух Самми Ли “Амжилт хүсье” хэмээн хашгирав. Түүний царайг харахад намайг ийнхүү үндсэн багийн нэгэн гишүүн болж, бүр тоглолтод оролцож байгаад баярласан нь илт. Өөрөө Ливерпулийн унаган хүн, тэгээд энэ багт тоглож, улмаар дасгалжуулагч болсон болохоор ингэж баярлах нь аргагүй. Тэр энэ мөч надад ямар гайхалтай байгааг ойлгосон нь лавтай.
Ингээд “Ливерпуль”-ийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийх цаг ирлээ. Талбайн цагаан шугамд хүрэхэд байдгаараа мэрийн бэлтгэл хийж байсан мөчүүд, том том юм мөрөөдөн хэвтэж байсан тэр үе, гэмтэж бэртээд багтаа эргэн орж байсан минь толгойд зурсхийн орж ирэв. Мөн хөлгүй ч болж магадгүй байсан айдаст үеэ эргэн саналаа. Айронсайдад дүрсгүйтэж явсан мөчүүд нүднээ харагдана. Би зорилгынхоо эхэнд хүрлээ. Би “Ливерпуль”- ийн төлөө анхны тоглолтоо хийхээр зогсож байна.
Баруун жигүүрийн хамгаалагчаар тоглодог норвег тоглогч Вегард Хеггем ирж байгаа харагдав. Тэр надтай зөрөх агшиндаа “Бөмбөгөө сайн барьж тоглоно” шүү гэлээ. Жерар надад байрлалаа алдахгүй, бөмбөгийг өөрийн хаалганд аль болох ойртуулахгүй тоглохыг сануулсан билээ. Зүрхний минь цохилт бөмбөрийн нүргээн мэт нүжинэж, би өөрийгөө тайвшруулахыг хичээж байв. “За алив, ажлаа хийгээрэй” гэж өөртөө хэлээд талбайд гүйн орлоо. Хэдий их сандарсан ч ганц удаа болов бөмбөгт хүрэхийг хичээж байлаа. Хүссэнээр минь над дээр бөмбөг ирэв. Бөмбөгийг туун гүйж, эргэн тойрноо хараад өөр нэгэн улаан хувцастан руу дамжууллаа. Ямар ч илүү үйлдэл, эрсдэлтэй хөдөлгөөн хийсэнгүй. Анхны тоглолтдоо алдаа гаргаагүйдээ бурханд талархав. Нэгэнт хүссэн зүйлээ хийсэн болохоор дахиж бөмбөгтэй зууралдахыг хүссэнгүй. Тэгээд шүүгч рүү харахад тэр тоглолт дууссаныг зарлан шүглээ үлээлээ.
Манай баг ялалт байгуулсан болохоор тоглолтын дараа хувцас солих өрөөнд бүгд баяртай байцгаана. Хүн болгон л надад баяр хүргэн гар барьж, элэгсгээр толгойд минь хүрч байлаа. Райти над дээр ирэн “За найз минь, ингээд чи “Ливерпуль”-ийн төлөө тоглоод үзчихлээ шүү дээ” хэмээн баяртайгаар хэлэв. Түүнийг тоглолтын бүрэлдэхүүнд багтаагүйдээ дурамжхан байгаа болов уу гэж бодож байтал миний хувьд чухал энэ үйл явдалд тэр надаас дутуугүй баярлажээ. Би тоглолтын хувцсаа солихоос өмнө гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хүслээ. Тэд цэнгэлдэхэд тоглогчдын амралтын өрөөнд намайг хүлээж байлаа. Намайг тэдэн дээр очиход аав, ээж, Пол ах гурав бусад тоглогчдын гэр бүлийнхэнтэй ярилцан сууж байв. Ливерпулийн их сургуулийн арын талбайд бэлтгэл хийж байсан тэртээх мөчүүдэд энэ зэрэгт хүрэх их л хол мэт санагдаж байж билээ.
Дараагийн тоглолт удалгүй боллоо. Арванхоёрдугаар сарын 5-ны баасан гаригт бид “Мелвүд”-ээс “Уайт Харт Лейн”-ийг зорин хөдөлсөн юм. Энэ чухал тоглолтод би үндсэн бүрэлдэхүүнд багтан гарах горьдлоготой байлаа. Тэр өдөр Карра орон нутгийн сонины сурвалжлагч, одоо “Daily Express”-т ажилладаг Пол Жойст ярилцлага өгөн миний хажуугаар өнгөрсөн. Тэгээд тэр эргэж ирснээ “Залуу минь чи ганцхан тоглолтод оролцоод л ярилцлага өгөх гэж байгаа юм уу? Багийнхаа тухай юу ч мэдэхгүй гэж битгий хэлээрэй” хэмээн шоолох аястай өгүүллээ. Миний хувьд Жерар намайг “Тоттенхэм”-ийн эсрэг гаргах болов уу, яах бол гэж байснаас Каррагийн хэлсэн шиг зүйлийг ер бодоогүй.
“Ливерпуль”-иэс нэг бус тоглогч гэмтэл болон торгуулийн улмаас энэ тоглолтод оролцож чадахгүй байсан учир надад талбайд гарах боломж бий гэж найдаж байлаа. Лондонд очоод хотын захад байх зочид буудалдаа оройн хоол идсэний дараа Жерар намайг өрөөндөө дуудав. Тэр “Стивен, чи гарааны бүрэлдэхүүнд орсон шүү” гэлээ. Баярласандаа юу гэж хэлэхээ мэдэхгүй болсон би өрөөндөө хурдлан очиж, унтахаар хэвтсэн ч сэтгэл хөдлөлөөсөө болоод цурам ч хийсэнгүй. Өрөөнд хамт орсон Райтид “Би их сандарч байна. Маргааш би Аллан Нильсений эсрэг тоглох нь байна шүү дээ. Тэр үнэхээр мундаг хөлбөмбөгч” гэж хэллээ. Хагас хамгаалагчаар гарвал талбайн голд заавал түүнтэй нүүр тулах билээ.
Маргааш өглөө нь Жерар 3-5-2-оор тоглоно хэмээгээд намайг баруун жигүүрт тавьснаа хэлэв. Тоглолтын үүргээ сонссоныхоо дараа “Тэгэхээр Давид Жинолатай халз үзэх нь ээ” хэмээн бодлоо. Уулзалтын өрөөнөөс гарахад тоглогчид бүгд л “Жинола хамгийн шилдэг нь” хэмээн өөр хоорондоо ярилцаж байлаа. Би ч гэсэн түүний сайн хөлбөмбөгч гэдгийг мэднэ. Телевизээр тоглолтыг нь цөөнгүй удаа үзсэн. Гэхдээ миний хувьд тэр тоглогчдын яриад байгаа шиг тийм сайн гэж боддоггүй. “Спэрс”-ийн хөгжөөн дэмжигчдийн шүтээн нь болсон франц хагас хамгаалагч тэр улиралд Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо болон хөлбөмбөгийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн санал асуулгаар Английн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг давхар гардсан билээ. Өрсөлдөгч хэн байх нь хамаагүй, юу чаддагаа үзүүлээд өгье гэсэн бодол төрж, тулаанд өөрийгөө бэлтгэв. Гарааны 11 тоглогчийн нэрийг дахин нэг нягтлан хараад Инси багтсаныг анзаарлаа. Жинолагийн эсрэг эхнээсээ л гайгүй тоглохгүй бол Инс тоглолтын турш намайг зовооно гэсэн бодол энэ үед төрсөн.
Хувцас солих өрөөнөөс гарахын өмнө Жерар намайг дуудаад “Алив хүү минь, тэр Жинолад үзүүлээд өгөөрэй. Түүнийг хөдөлгөж болохгүй шүү” гэлээ. Жерар хэн нэгнийг хараан зүхэж байхыг би ер хараагүй ч тэгэхэд надаар Жинолаг даруулахыг маш их хүссэнийг нь мэдэрсэн. Тэр хоёрын хооронд бас асуудал байдаг бололтой. Жерар Францын шигшээгийн дасгалжуулагчийн албанаас халагдсаны дараа тэдний харилцаа муудсан гэдэг. Жинолагийн алдаанаас болж 1994 онд АНУ-д болсон ДАШТ-д францчууд шалгарч чадаагүй гэж Улье үздэг юм билээ. Тиймээс Жинолаг энд хэн болохыг нь мэдрүүлэхийг тэр хүсч байлаа.
Гэвч Жинолагийн онгод нь оржээ. Тэр өдөр би юу ч хийж чадсангүй. Талбай дээр надтай зэрэгцэн зогссон үедээ тэр “Харьж ээжийнхээ мээмийг хөх, нялзрай амьтан минь. Дараа миний эсрэг тоглох хэмжээнд хүрсэн хойноо эргэж ирээрэй” хэмээн үг хаяна. Талбай дээр хар дарсан зүүд, аймшигтай мөчүүд үргэлжилж байлаа. Жинола тавхан минутын дотор долоон удаа довтолгоо эхлүүлж, зургаан удаа хаалганы өмнө талд хөндлөн дамжуулалт өгөв. Стефен Иверсен, Крис Армстронг нарт тэр бөмбөгийг дураараа дамжуулж байлаа. Надад бөмбөг ойрхон ирэхэд би тэвдэж сандран гүйнэ. Нэлээн хэдэн дамжуулалт алдсаны дараа Инс тэсэлгүй “Битгий сандраад байгаач. Тайвшраад талбайгаа харж тогло” хэмээн над руу хашгирав. Би өөрийнхөө яагаад ийм байдалтай байгаагаа үл ойлгоно. “Би үүнээс илүү тоглож чадахгүй гэж үү? Инси намайг үзэн ядаж байх шиг байна. Ядахад энэ Жинола надаар тохуурхаад байх юм. Байрлалаа хэд хэдэн удаа алдлаа. Бушуухан л талбайгаас гарах юмсан”.
Эхний хагаст манайхан санаачилгыг илүү авч тоглосон. Надад гоол оруулах муугүй боломж гарсан ч би ашиглаж чадсангүй. Миний хувьд аймшигтай 45 минут өнгөрлөө. Ийм сайн хамтрагчидтай нэг багт тоглуулсанд бурханд талархаж байв. Фаулер тоглолтын турш надад тус дэм болж байсан. Жейми “Дажгүй байна, Стиви. Одоо хичээгээд айлд бөмбөг алдахгүйн төлөө тоглоорой” гэв. Инси яг миний ард тоглож байсан мөртлөө “Тэр Жинолаг сайн бариад өгөөч. Бөмбөгийг нь салгаад авч чадахгүй байна уу” хэмээн зандчив. Бүх бурууг надад тохож буйд нь уур хүрч, “Амаа тат” гээд арай л хэлчихсэнгүй. Би Инстэй халз үзэхсэн гэж ямар их хүсдэг байв аа, тэр үед. Тэр яахаараа дандаа намайг гоочилж байдаг юм бэ? Тоглолтоос тоглолтод түүний үглэх нь гайгүй болж байсан бөгөөд зогсолтгүй гонгинож байдаг нь бусад тоглогчтой ойлголцох түүний арга аж. Уг нь миний бодож байсан шиг намайг доош нь хийж, муулж гоочлох санаа Инсэд огт байгаагүй юм билээ. Түүний зүгээс надад туслах хамгийн зөв зүйл нь алдаа, дутагдлыг нь хэлэх байсан гэсэн. Хэрэв одоо Инс талбай дээр надад сайхан үг хэлэх юм бол “Бодож байгаа зүйл чинь энэ биш биз дээ” гэж хариулах байлаа. Хожим би түүний энэ занг мэддэг болсон. Тэр үргэлж л ямар нэг зүйл шаардаж, үүнийгээ түрэмгий байдлаар илэрхийлдэг байсан.
Энэ нь тэрбээр үеийнхнээсээ хожуу тоглохоо больсны нэг шалтгаан байх.
Эхний үед би дасгалжуулагч болон нөөц тоглогчдын суудлын нөгөө жигүүрт тоглосон учир Жерар, Фил Томпсон, Самми Ли нараас заавар, зөвлөгөө сонсох боломжгүй байв. Бараг энэ нь ч дээр байсан биз. Өөрсдөөс нь хол байсан болохоор миний олиггүй тоглолтын талаар юм хэлсэн ч тэр үг нь надад хүрэхээргүй байсан. Хором, мөч бүрт би үүнээс арай дээр тоглох юмсан гэж бодож байлаа. Жерарын царайг хараад “Жеррард, чи үнэхээр муу байна. Олигтойхон тоглоод өгөөч” гэсэн бодлыг нь унших шиг болов. Хичнээн эрт сэлгээгээр суулгалаа гээд би түүнд дургүйцэхгүй байсан. “Тоттенхэм”-ийн бүх тоглогч энэ өдөр одтой байсан бөгөөд Жинола гол дүр нь боллоо. Иверсен, Армстронг нартай бөмбөгний төлөө тэмцэхэд тэд бие, чадлаараа аагархаж байв.
“Ливерпуль”-ийн гарааны 11-д багтан гарсан анхны тоглолтдоо 1:2-оор хожигдон, би өөрөө басамжлан гоочлуулснаар өндөрлөв. Харин тоглолтын дараа бүх хүн надад эелдэг хандаж байлаа. Жерар “Чи дажгүй тоглолоо” гэсэн бол Томпсон “Муугүй шүү” хэмээв. Багийнхан маань намайг сайн тоглосон гэж магтсан ч би өөрийгөө тэдний хэлсэн шиг байгаагүйг мэдэж байлаа. Аавын минь “Олдсон боломжийг ашигла” гэсэн үг толгойд эргэлдэнэ. Би тэгж чадсангүй.
Ливерпуль руу буцах зам их урт мэт санагдав. Би Райтитай зэрэгцэн суусан ч юу ч ярьсангүй. Гэрийнхэн болон найзууд маань утасдаж “Тоглолт ямар болов? Чи хэр удаан тоглосон бэ?” гэж асуухад нарийн тодорхой юм хэлсэнгүй. “Match of the Day”-г үзээд мэдэхээс хойш. Аав залгаж байна. Миний хамгийн сайн ойлголцож, сэтгэлээ нээн ярьдаг хүн бол аав минь юм. “Их хэцүү тоглолт боллоо. Аав аа, би дахиад үндсэн багт тоглож чадахгүй байх аа” гэж хэлэв. Надад ямар хүнд байгааг Самми Ли ойлгосон бололтой. Тэр миний хажууд ирж суугаад сэтгэлийг минь сэргээхийг хичээж байв. Гэвч Саммигийн хэлсэн сайхан үгс миний уйтгар гунигийг дарж чадсангүй. Автобус маань Ливерпульд ирэхэд буулгүй, тэндээ үлдчихмээр санагдаж байлаа. Одоо “Хангалтгүй” гэсэн үнэлэлт өгөөд 19 хүртэлх насныхны багт буцаах байх даа гэж бодогдоно.
Гэвч бодсоноор минь болсонгүй. Арванхоёрдугаар сарын 8-нд “Сельта Виго”-той хийх хариу тоглолт “Энфильд”-д болсон ба эхний тоглолтод манайх хожигдсон билээ. Хойд Лондонд болсон тоглолтод Жинолад элдвээр хэлүүлж, тэдний зэрэгт хүрэх болоогүй гэдэгтээ итгэчихсэн байсан үед намайг энэ өдөр гарааны бүрэлдэхүүнд багтаасан нь миний гайхашралыг төрүүлсний зэрэгцээ өөрийгөө нээн харуулах боломж гарсанд баяртай байлаа. Инс “Валенси”-тай хийсэн тоглолтод улаан хуудас авсан учир энэ тоглолтыг өнжив. Тиймээс Жерар түүний байранд намайг тавьжээ. Би өөрийн тоглоход тохиромжтой байраа оллоо. Би талбайн төвд тоглож, байрлалдаа тун хурдан дасав. Хэд хэдэн удаа өрсөлдөгч багийнхаа хаалга руу аюултай цохилт хийн, үзүүштэй довтолгоог эхлүүлснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, биеэ барихаа болилоо. Ийм л байж шүү дээ. Би хатуу ширүүн хамгаалалт, хүчтэй цохилт гээд өөрийн хийж чадах бүхнээ харуулав. Айронсайдад гэрийнхээ өмнөх цардмал талбайд бөмбөг өшиглөөд гүйж байхдаа би ийм л зүйлийг мөрөөдсөн билээ. Хөгжөөн дэмжигчдийн уриа дуу надад улам их хүч өгч байв. “Ливерпуль”-ийн дэмжигчид хотынхоо уугуул тоглогчдыг илүү их дэмждэг. Энэ нь намайг бөмбөгт хүрэх бүрт алга ташилт, уухайн дуу нэмэгдсэнээр мэдрэгдэж байсан. Энэ өдөр би санасандаа хүртэл тоглож, уг тулааны шилдэг тоглогчоор шалгарлаа.
Испанид манайх хэрхэн тоглосныг бүгд мэдэх учир энэ өдөр бидний зорилго тодорхой байсан. Гэвч хэн ч биднийг тэг, ингэ гэж шахаж шаардаагүй нь ямар нэгэн дарамтгүй, санаснаараа тоглох боломжийг олгосон. Энэ тоглолтод Инсийн адилаар Реднапп, Хеггем, Макманаман гээд түлхүүр тоглогчид гэмтэл болон торгуулийн улмаас оролцож чадахгүй болсон нь маш том гарз юм. Тиймээс ч тухайн үед хүн бүр манай хамгаалалтын шугамд илүү санаа зовж байв. Ийм байдалтайгаар биднийг “Сельта”-г хожно гэдэгт итгэх хүн бараг байгаагүй болов уу. Испаничууд ч гэсэн тун цэгцтэй, сайн тоглосон билээ. Испанийн багийн израиль тоглогч Хаим Ревиво Дэнни Мерфи, бид хоёрыг хуураад гоол хийсэн нь биднийг бүр хүнд байдалд оруулсан. Бид яг л сургуулийн хүүхэд шиг хууртаад үлдэж байв. Гэвч тоглолтын дараа хувцас солих өрөөнд хэн ч энэ алдааны тухай дурссангүй. Харин хүн болгон намайг сайн тоглолоо хэмээн баяр хүргэсэн. Жерар ч гэсэн магтаалын үгээ харамласангүй. Манай баг 0:1-ээр хожигдсон боловч миний тоглолт дасгалжуулагчийн санаанд хүрснийг түүний нүднээс харж болохоор байв. Багийн штабын ажилтнууд болон тоглогчид “Талбайдаа хийсэн анхны тоглолт чинь маш сайн байлаа” хэмээцгээнэ. Хувцас солих өрөөнд орохдоо “Жинолатай хийсэн дуэлийн дараа би сайн тоглож чадах болов уу” хэмээн шаналан бодож байсан бол өрөөг орхин гарахдаа ялагч шиг маадгар алхаж байв. “Тийм ээ, би хүссэндээ хүрч чадна” хэмээн бодсоор “Энфильд”-ээс хөдөллөө.
Маргааш өглөө нь би 100 метрийн рекорд эвдэх шахам хурдлан хэвлэлийн борлуулалтын цэгт хүрлээ. Тэгээд миний тухай бичиж үү гэдгийг үзэхээр бүх сонинг худалдан авав. Эхлээд тоглогчдын рейтингийн оноог харав. Би арваас 9.0 оноо авчээ. Чөтгөр ав, миний зураг хаана байна аа? Бүх нүүрийг үзэв. Гэтэл хамгийн арын хуудсанд хүссэн зүйл минь байгааг олж харлаа. Цаашаа гудамжаар уруудан алхахад тааралдсан хүмүүс гарын үсгийг минь авахыг хүсч, улам сэтгэл хөдлөв. Алдар нэр гэдэг надад шинэ зүйл билээ. Сонин дээр миний тухай “Шижигнэсэн авъяастай шинэ хүү” хэмээн бичжээ. Би ийм л мөчийг хүсч, мөрөөдөж ирсэн болохоор биеэ тоож, хамраа сөхөх ёсгүй билээ. Гудамжинд хүмүүс намайг онцлон харж, сонинд миний тухай бичнэ гэдэг талбай дээр сайн тоглосны үр дүнгээр болж байгаа учир би үүнийг баяртайгаар хүлээн авдаг.
Магтаалын үгсийг би онцолдоггүй. Намайг сайн хүмүүс тойрон хүрээлдэгт би олзуурхаж явдаг. Аав маань миний нэр хүнд өсч, олонд танил болоход энэ байдалд хөл алдаж, бэлтгэл сургуулилтаа завсардуулж болохгүйг анхааруулж байв. Намайг буйдан дээр сонин гарчиглаж суухыг минь харчихаад аав “Чамд үүнийг бүгдийг нь унших шаардлага байхгүй. Маргааш бэлтгэлтэй биз дээ. Гурав, дөрвөн тоглолтод дараалан гарахад ч бэлэн болохоор биеэ бэлтгэх хэрэгтэй” хэмээн хэлдэг байв. Аавын хэлсэн нэг зөвлөгөөг би үргэлж санаж явдаг. “Дөнгөж гараагаа эхэлж байгаа чиний хувьд аль хэдийнэ 300 тоглолтод оролцчихсон хүмүүсийг даган дууриах хэрэггүй. Цаашдаа ч гэсэн тоглолт бүрийг, бэлтгэл болгон дээр анхных мэт хүлээн авч хичээж бай. ДАШТ-ий шувтаргын тоглолтод оролцож байна гэж төсөөлөн өөрийгөө дайчил. Эрчээ хэзээ ч битгий сулруулаарай” хэмээн тэр хэлж байв. Инс, Реднапп, Фаулер нарын хашир тоглогчид ийм байдаггүй билээ. Хэрэв Академиас дөнгөж ирсэн шинэ хүү өөрийн байх ёстой түвшнээсээ дээгүүр араншин гаргаад байвал Инс ч юм уу, хэн нэгэн нь хатуу сануулга өгөх байсан биз ээ.
Орон нутгийн хэвлэлүүд намайг урьд урьдынхаас илүү анхаарах болж, “Нутгийн хүү “Ливерпуль”-ийн зүрх боллоо”, “Хюитоны баатар” гэх мэт нийтлэл гарав. Ийнхүү нэр алдартай болж эхэлсэн энэ үед Жейми, Робби, Фаулер нар сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулах талаар зөвлөгөө өгөх зэргээр надад тусалдаг байсан. Үүн дээр хүртэл бусдаас суралцах шаардлагатай гэж үү хэмээн бодож, тэдний яриаг цухалдангуй сонсоно. Жерар улирлын үлдсэн хугацаанд намайг Стив Стаунтоны мэдэлд өглөө. Тэр мэргэжлийн хөлбөмбөгч болоход миний суралцах шаардлагатай бүхнийг мэдэх юм. Бид түүнийг Стэн гэж дуудна. Учир нь тэр яг Стэн Лаурел шиг харагддаг байлаа. Стэн бэлтгэл дээр ч, тоглолтын үед ч ялгаагүй миний халамжлан хүмүүжүүлэгчийн үүргээ ягштал биелүүлдэг байв. Тэр зочид буудлын үйлчлэгчдэд хэрхэн хандахаас эхлээд хөгжөөн дэмжигчидтэй яаж харилцах хүртэл юм бүхнийг чухалчлан заадаг байсан. Стэн өөрөө биеэ зөв авч явдаг, тоглолтод ч элдэв алдаа гаргадаггүй залуу байсан юм. Над шиг дөнгөж мэргэжлийн хөлбөмбөгч болж байгаа залуус буруу үйлдэл хийх нь олонтаа. Харин Стэн намайг зөв зүгт чиглүүлдэг байлаа.
“Энфильд”-ийнхэн бүгд надад тусална. Инс хүртэл шүү. Би түүнтэй хоёулхнаа байхдаа цөөнгүй удаа ярилцаж үзсэн. Ингэсний дараа түүний тухай үзэл маань өөрчлөгдөж билээ. Инсийг үзэн яддаг байсан би түүний үйл хөдлөл, ааш авирт дуртай болж эхэллээ. Академид байх үеийн таагүй дурсамжуудыг түүний тухай сайхан төсөөлөл бодлоос минь үлдэн гаргаж билээ. Тэр ч гэсэн миний талаарх бодлоо өөрчилсөн. “Энфильд”-д “Сельта”-г хүлээж авснаас хойш хэдэн тоглолтын дараа Инси намайг Академиас дөнгөж ирсэн туранхай хүүхэд гэж хүлээж авахаа больсон. Зохих жиндээ хүрэхэд надад хугацаа л хэрэгтэй байсан. Инстэй ийнхүү ярилцах бүрт би сэтгэлээр улам өөдрөг болдог байлаа. Төсөөлж байна уу, би Инстэй дотно яриа өрнүүлж байна шүү дээ. Миний сурагч ахуйдаа шүтэж байсан Английн оддын нэг бол тэр.
Ийнхүү “Ливерпуль” дэх амьдрал минь өдрөөс өдөрт сайжирсаар. Хувцас солих өрөөний уур амьсгал улам таатай болж байв. Залуучууд хоорондоо бүх л зүйлийн тухай ярилцаж, би түүнийг нь шимтэн сонсоно. Тэд Зул сарын баярын үдэшлэгийн тухай ярилцахыг нь сонсоод тэмдэглэлт тэр өдрийг хоног тоолон хүлээдэг болов. Багт наадмын хувцас өмсөж, янз бүрийн зохиолын гол дүрд хувирдаг учир “Ливерпуль”-ийнхний Зул сарын баярын үдэшлэг тун тансаг болдог хэмээн би сонссон. Би үүний нэг хэсэг нь болохыг маш их хүсч байв. Өөрийнхөө шинэ найзууд болох “Ливерпуль”-ийн ододтой жаахан ууж, багахан наргиад л. Тэрхүү баярын үдшийг би тэсч ядан хүлээж байв. Бэлтгэлийн өмнө болон хойно хувцас солих өрөөнд бөөнөөрөө суухдаа Зул сарын баярын үдэшлэгийн талаарх яриа голдуу өрнүүлцгээнэ. Яриандаа хөөрсөн бид талбайд юу хийх гэж байгаагаа мартсан шахуу л гардагсан. Тоглогчид тэр өдөр ямар хувцас өмсөхөө бүгд шийджээ. Майкл Харри Энфильдийн хөтөлдөг “The Scousers” хөтөлбөрийн гол дүрд хувилахаар болжээ. Харин би өөрөө юу өмсөхөө шийдэж чадахгүй байв. Над шиг багийн шинэ гишүүд болон залуу хөвгүүдэд тэр үдэш юу тохиолдох бол гэсэн айдас намайг улам мунгинуулна. Робби, Макка, Жейми гурав над дээр ирээд “Залуу минь, чи үдэшлэг дээр дуулах уу? Хүн болгон сонсчихоор аятайхан дуу сонгох хэрэгтэй шүү. Санаа бүү зов доо, тэнд ямар ч дарамт шахалт байхгүй. Чамд микрофон өгчихнө. Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Зүгээр л сэтгэл зүрхнийхээ угаас багийн анд нартаа зориулаад нэг ая өргөчихнө биз” хэмээсэн нь намайг бүр тээнэгэлзүүлж орхив. Тэд ингэж хэлээд инээлдсэнээ яваад өглөө. Бурхан минь, намайг юу хүлээж байгаа бол оо? Ахмад тоглогчид ямар нэг юм сэдсэн нь нүүрэн дээр нь илэрч, зальжин инээмсэглэх нь хэнд ч анзаарагдахаар байлаа. Толгой дээрээс шар айраг асгах уу, эсвэл хоолоор шидүүлэх юм болов уу?
Гэтэл миний эртнээс бодсон төлөвлөгөөг менежер гэнэтхэн өөрчилж орхив. Үдэшлэг болохоос долоо хоногийн өмнө Жерар намайг “Мелвүд” дэх ажлын өрөөндөө дуудлаа. Тэр “Стивен, чи Зул сарын баярын үдэшлэгт очихгүй шүү” хэмээв. Түүний шийдвэрт дургүйцэн өрөөн доторхийг түйвээчихмээр байсан ч өөрийн урам хугарсан байдлаа дасгалжуулагчид мэдэгдэхгүйг хичээж байлаа. Жерар “Хэрэв үдэшлэгт очвол чамайг торгоно шүү. Зүгээр л гэртээ амар. Энэ үдэшлэг чамд зохицохгүй” хэмээн нэмж хэлэв. Райти ч мөн адил ийм үг сонсчээ.
Харин хожим бид тэр үдэшлэгт оролцоогүйдээ дасгалжуулагчид талархах болсон. Баярын тэр орой тийм ч сайхан байгаагүй бололтой. Манайхан нэгэн зочид буудлын зоогийн газарт баяраа эхэлж, жаахан наргиад шөнийн клубт очиж үргэлжлүүлэн ууцгаажээ. Ингэх замд нь зарим хүний найзууд нь нэгдэж, баяр хяналтгүй болсон аж. Бүгд л хэтэртлээ ууж согтсон байна. Бүр тайчигч хүүхнүүд дуудан баяраа бусниулжээ. Яаж байгаад авчихсан юм, тэдний зураг бүхий нийтлэлтэй сонинууд маргааш нь худалдаанд гарлаа. Зурган дээр манайхан мэдээж аятайхан гараагүй. Маргааш нь тоглогчид цуглахад бүгд л уруу царайлцгаасан байлаа. Үдийн хоолонд орохоор ширээ тойрон сууцгаахад хүн болгон толгойгоо сэгсрэн харамсангуй байж билээ. Танхимд нэг л жихүүцэм уур амьсгалтай болсон байлаа. Энэ байдал хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн. Багийн бүх гишүүн алдаа хийснээ ойлгоцгоосон.
Жерар биднийг хувцас солих өрөөнд сууж байхад шуугин орж ирээд галзууртлаа уурлав. Би түүнийг ингэж хилэгнэж байхыг хэзээ ч хараагүй. Тэр “Ливерпуль” гэсэн хүн бүхний ой тойнд сайхнаар дурсагддаг аугаа нэрийг уландаа гишгэлээ хэмээж байлаа. Үнэхээр ч түүний зөв юм. Тоглогчид багийн нэр хүндийг унагаасан. Ямар ч асуулт, уучлал гуйлт хэрэггүй. Жерар тоглогчид руу уурлан хашгичиж байснаа Райти, бид хоёрт хандан “Та хоёрыг явуулаагүйн шалтгаан энэ байсан юм. Та хоёр энэ хэрэгт буруугүй. Гэхдээ бусдынхаа алдаанаас суралцан, ийм явдлыг давтахгүй шүү” хэмээв. Би үдэшлэгт оролцоогүй боловч бусад тоглогчдын адил тэр таагүй үеийн мэдрэмжийг ойлгож байлаа. Үүнээс хойш нэг ч үдэшлэг, баярын арга хэмжээ болохгүй гэсэн лүндэнг Жерар буулгалаа.
“Ливерпуль”-ийн нэр хүнд унаж, эсвэл ялгуусан алдраа бадраах үеийн алинд ч би энэ бүхний нэг хэсэг болж яваа нь миний хувьд том завшаан билээ. Пол Гаскойн гэх мэт хүүхэд ахуй насны баатруудтай халз өрсөлдөнө гэдэг хэдэн жилийн өмнө бол мөрөөдөл минь байсан. 1999 оны хоёрдугаар сард “Миддлсбро” “Энфильд”-д айлчлахад би анх Газзатай мөргөлдөж байв. Яг үнэндээ бол тэр намайг мөргөсөн л дөө. Тоглолт эхлээд ердөө 36 секунд өнгөрөхөд Газза намайг тохойлдож орхисон. Түүний хүчтэй цохилт яг зүүн нүдэнд туссан юм. Бөмбөггүй байхад шүү. Ямар ч мөргөлдөж, шөргөөцөлдөх шалтгаан байхгүй. Миний шүтээн Газзагаас надад барьсан “бэлэг”. Баярлалаа, түүнд. Газза яагаад ийм үйлдэл хийдгийг нь мэдэх болохоор би үүнийг нь талархан хүлээж авсан. Магадгүй тэр намайг ирээдүйтэй, Английн шигшээд хэрэг болох жаал гэдгийг сонсоод намайг зохих түвшиндээ хүрэхэд хатуу ширүүн юу ч тохиолдож болно гэдгийг мэдрүүлсэн байж болох юм. Тэрхүү тохойдолт намайг том алхам хийхэд түлхэц болсон байж ч мэднэ. Дахиад нэг ёвролт. Нүдний эргэн тойрон өвдсөндөө хүчтэй лугшиж байлаа. Гэтэл би одоо болтол нэг ч удаа бөмбөгт хүрээгүй байдаг. Дэндүү шударга бус тоглож байна гэсэн бодол төрөв. Газза “За, жаал минь. Энэ чамд ямар санагдаж байна?” гэж тохуурхав.
Нэг удаа Газза бөмбөг хүлээж авахад нь би яг л улангассан бух шиг гүйн очлоо. Олон удаа ёвруулсандаа шаралхаж, хийстэл нь жийхийг хүссэн юм. Гэвч хүссэндээ хүрсэнгүй. Би түүний энд хүрэх болоогүй ажээ. Тэр яг л бух сургагч мэт тэрүүхэн дороо огцом эргээд миний дээгүүр харайж бөмбөгөө туун одов. Газзатай хөөцөлдөнө гэдэг сүнс барихтай адил бүтэшгүй зүйл юм. Удалгүй дахин нэг тийм тохиолдол болоход би бөмбөгийг булааж чадлаа. Газза мөн надаас бөмбөг авах гэж оролдоход нь хуураад өнгөрсөн. Энэ мэтчилэн тоглолтын турш бид хоёрын өрсөлдөөн өрнөв. Газза маш огцом, тэсрэлттэй хурдаар гэнэтхэн гулсаад ороод ирнэ. Хатуу ширүүн энэ тоглолт яг тамд байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байв. Английн шигшээгийн түүхэнд хамгийн авъяастайд тооцогдох хагас хамгаалагчтай тулж байгаа болохоор арга ч үгүй биз. Би бүр ухаанаа алдчихсан байлаа. Газза надтай яаж тоглоно, би хариуг нь давуулан барина. Тэр сүүлдээ тэсвэр алдан “Аятайхан тоглооч, нусгай минь. Чи өөрийгөө өчүүхэн амьтан гэдгээ мэдэж ав” хэмээн над руу хашгирав. Ингэснээр тэр намайг шатааж, өөрийн тоглолтдоо оруулна гэж бодсон биз. Тоглолтын дараа Газза шууд над руу гүйн ирснээ толгойд минь эв хавгүй хүрч, элэгсгээр мөр алгадав. Тэгээд “Чи ч дажгүй тоглодог нусгай байна шүү. Энэ эрчээ алдалгүй яваарай” гэлээ. Итгэмээргүй юм. Миний хувьд тухайн үед Академиас ирээд удаагүй, гурав дахь сонголтоор талбайд гардаг хэн ч биш нэгэн байсан. Гэтэл Газза намайг сайн тоглолоо гэж магтлаа шүү дээ.
Тохойлдсоных нь хариуг барьсан миний үйлдэл түүнд таалагдсан байх нь. Би хатуу, чанга тоглолоо гэж гомдол гаргаагүй. Зүгээр л өөртэй нь ижил тоглоё гэж бодсон.
Гэхдээ би түүний түвшинд хүрэх хол билээ. Хувцас солих өрөөнд очоод Газзатай хэрхэн мөчөөрхсөнөө бусад тоглогчдод ярив. Гэвч тэд шүүгчийн нэгэн адилаар тохойлдуулсныг минь хараагүй байлаа. Жейми “Санаа бүү зов доо. Газза тоглолтын өмнө төлөвлөсөн зүйлээ чиний “ачаар” бүгдийг нь хийж чадаагүй нь лавтай. Чи түүнээс хамаагүй илүү байсан” гэв.
Би энэ өдрийн тоглолтын дараа яг л дайнд ялсан баатар шиг нүд минь гялалзан, баяр хөөртэй явсан. Хэдий Газзатай тоглоход хүнд байсан ч энэ нь түүний тухай ихийг мэдэх боломжийг олгосон. Тэмдэглэлт энэ өдрийг дурсаж явахыг хүсэн Газзагийн тоглолтын хувцсыг авах санаатай байсан ч эмээгээд хэлж чадсангүй. Тоглолтын турш бид хоёр хоорондоо чамгүй нудралцсан болохоор ингэж хэлбэл тэр “Битгий донгос” гэх байж гэж бодсон юм. Тоглолтын 90 минутад өрсөлдөгчөө хэдэн хэсэг хуваахыг хүсч байсан минь зүгээр л Газзад илүү ойртох гэсэн санаархал байлаа. Би түүнийг шүтэж өссөн. Шигшээгийн хувцсыг нь худалдан авч, бичсэн номыг нь уншиж байв. Мөн миний ах Пол Газзатай тун төстэй. Тарган бие, цулцгар хацар гээд л. Хааяа ахыгаа “Хөөе, Газза” гэж дуудна. Ах ч үүнд дуртай. Тэр надтай адил Газзагийн шүтэн бишрэгч юм. “Гаскойны суу алдар” гэдэг видео бичлэг миний хамгийн үнэ цэнэтэй өмчийн нэг. Үүнийг би бараг сая удаа үзсэн байх аа.
Үзэх тоолондоо ур чадварыг нь гайхан дуу алдана. Гайхамшигтай тоглолт үзүүлж явсан үеийг нь буулгасан энэхүү дүрс бичлэгийг олж авсан нь том завшаан. 1990 оны Италид болсон ДАШТ-д Газза дэлхий дахиныг шуугиулсан. Хэн хүнд заяахгүй авъяас, шийдэмгий байдал, этгээд инээмсэглэл. Энэ бүхэн хөлбөмбөг сонирхогчид түүний хувцсыг өмсөх дуртай болох шалтгаан юм. Миний хөлбөмбөгт дурлаж, сонирхож эхэлж байх үед тэр энэ сонирхлыг минь улам идэвхжүүлэн, энэ ертөнцөд эргэлт буцалтгүй ороход түлхэц өгсөн. Газза бол өөрийнхөө цаг үеийн Дэвид Бекхэм байсан билээ. “Ливерпуль”-д дөнгөж хөл тавьж байх үед хүмүүс намайг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байранд тохирно гэдэг байв. Харин миний хувьд тоглолтын хэв маягаа Газзагийнхтай төстэй болгох гэж хичээнэ. Одоо ч гэсэн би эхлэн суралцагч байсан үеийнх шигээ Газзаг дууриахыг хүсдэг хэвээр байгаа. Ур чадвараар би түүний хаана нь ч хүрэхгүй. Харин надад байдаг нэг чанар түүнд харагддаггүйг би баттай хэлж чадна. Энэ бол тэсвэр хатуужил.
“Энфильд”-д тийнхүү тоглосны дараа Газза харьж байгаа юм байна даа гэсэн бодол төрсөн. Мэдээж энэ бол хэнийг ч тойролгүй дайрдаг зүйл билээ. Гэхдээ тийм үед Газза мууджээ гэж бодохын оронд түүний мандан бадарч явсан үеийг эргэн санах хэрэгтэй. Эрүү мултрах шахам гайхашруулдаг түүний гоолууд, үзүүштэй хууралт гээд сайн сайхан бүхнийг дурсъя. 1991 онд “Уэмбли”-д болсон FA Cup-ын хагас шигшээд чөлөөт цохилтоос өшиглөсөн бөмбөг нь пуужин мэт шунгинан хаалганд орж байв. Мөн “Евро-96”-д Шотландын эсрэг тоглолтод гайхалтай хууралт хийсээр гоол оруулсан. Газза бол үнэхээр авъяаслаг хөлбөмбөгч. Хүн болгон түүнийг дүрсгүй, саваагүй хэмээдэг. Миний хувьд түүнийг шүтэн биширдэг болохоор муулж, гоочилсон яриаг нь хүлээн зөвшөөрдөггүй. байсан. Сүүлд түүнийг “Эвертон”-д ирэхэд нь нүүр тулан ярилцах завшаан гарч байлаа. Бидний гэр ч ойролцоо байсан. Энэ үед түүнийг дээд түвшний хүн гэдгийг сайн ойлгосон. Энгийн үед бид ийн сайхан харилцаатай байдаг ч тэр талбайд гарахаараа хүний нүд хариулсхийн хавирга руу хатгаж, дарамтлахыг оролдоно. Тоглолтын бус үед бол тэр надад үргэлж л урам хайрладаг юм. Тоглолтыг минь магтаж, биеийн болон бэлтгэлийн байдал ямар байгааг асууж санаа тавина. Харин би хариуд нь “Та өөрийнхөө тухай яриач” гээд шалдаг. 1990 оны Италийн ДАШТ, “Лацио”, “Тоттенхэм”-д тоглож явсан үе гээд бүгдийг нь яриулахыг хүснэ. Багадаа зөвхөн Газзагийн гарын үсгийг л авахыг бүхнээс илүү хүсдэг байлаа. Тэр бол миний баатар.
ШИГШЭЭГИЙН ДУУДЛАГА
Би бага балчир цагаасаа л Английн шигшээд тоглохыг мөрөөддөг байв. Айронсайд хавиар Газзагийн хувцсыг өмсөн тэнүүчилж, Хьютоны найзуудтайгаа хамт хогийн саваар хаалга хийн тоглодог байв. Энэ тоглолтод гоол хийхдээ ДАШТ-ий шувтаргын тоглолтод хожлын бөмбөг оруулсан мэт хөөрч баярладаг байлаа. Тэгээд Английн шигшээгийн хөгжөөн дэмжигчид гараа өргөн дороо үсрэн баярлаж, “Жеррард, Жеррард” хэмээн миний нэрийг уухайлан хашгирч байна гэж төсөөлнө. Мөн шигшээгийн хамтрагчид маань Алтан цомыг эх орондоо авчрах гоолыг оруулсан миний араас гүйн ирээд дээр минь овоорч байгаа нь нүдэнд харагдана. Зүрхэн тушаа улаан загалмайтай “Гурван арслан”- гийн цагаан хувцас сүр жавхлантай харагдах бөлгөө. Бүхэл Англи даяар миний тухай ярилцаж байгааг мэдрэн цэнгэлдэх хүрээлэнгээс гарна. Сэтгэлийн хөөрөл, их дуу чимээ, суу алдар. Энэ бүгдийг би хүсэн мөрөөдөж, дотроо төсөөлөн боддог байлаа.
Томчуудын шигшээ багт дуудагдах хүртэл надад олон саад бэрхшээл тохиолдсон. Тэр бүх саадыг давж би одоогийн байр суурьтаа хүрсэн. Эхнийх нь “Лильшол”-ын усан толгойтнууд намайг багийнхаа гадна үлдээсэн явдал. “Мелвүд”-д Үндэсний сургуулийнхныг тасар татан хаяхад шигшээ багийн дасгалжуулагчид тэдний алдаа хийснийг нь ойлгосон. Улирал өндөрлөсний дараа шигшээгийн цугларалт болоход би шууд л тэнд очсон. 1996 оны хоёрдугаар сарын 3-нд Данийг 4:0-ээр бут ниргэхэд би шигшээгийн бүрэлдэхүүнд анх багтсан ба тэр тоглолтыг сэлгээний сандлаас үзэж билээ. Энэ бол миний шигшээгийн үндсэн тоглогч болох эхний алхам байлаа. Данийг тийнхүү бут ниргэснээс 17 хоногийн дараа 16 хүртэлх насныхны шигшээд анхны тоглолтоо хийсэн тэр өдөр миний санаанаас гардаггүй. Надаас бусад нь “Лильшол”-ынхон байсан. Бидний өрсөлдөгч өдгөө “Ман Сити”-д тоглодог шилдэг хамгаалагч Дэвид Данн, “Лидс”-т нэрээ цуурайтуулсан Стефен Макфейл нарын ирээдүйн оддыг багтаасан Ирландын шигшээ баг байлаа. Английн шигшээ ч гарааны бүрэлдэхүүндээ олон сайн тоглогчийг гаргасан. Хамгаалалтад Уэс Браун, Майкл Бол нар зогсож байв. Харин миний тоглодог хагас хамгаалагчийн байр хүндхэн байсан. Би өөрөө тэр үед дэндүү жижиг биетэй байсан билээ.
Би Макфейлтэй халз туллаа. Английн шигшээ эхний гоолыг оруулсан ч би талбайд сайнгүй байв. Макфейл тэр өдөр маш гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Фил Жевонс хоёр дахь гоолыг оруулж, манай баг 2:1-ээр хожлоо. Миний шигшээ багтаа хийсэн анхны тоглолт ийнхүү хожлоор өндөрлөв. Би “ЕВРО-96”-г Газза, Алан Ширер, Тедди Шерингем нарыг дэмжин гэртээ үзсэн. “Хөлбөмбөг эх нутагтаа эргэн ирлээ” гэсэн уриа намирч, хөгжөөн дэмжигчид ч энэ л үгийг уухайлан хашгирах “Уэмбли” мөрөөдлийн ертөнц мэт санагдаж байв. Шигшээ баг маань ч үлгэрийн мэт тоглолтыг үзүүлэн хөгжөөн дэмжигчдээ баярлуулна. Тухайлбал, Голландын хүчирхэг багийг 4:1-ээр бут ниргэж байлаа. Би тэдний нэг болон энэхүү ялалтад хувь нэмрээ оруулахсан гэхээс байж ядна. Энэ үед би дөнгөж 16 нас хүрч байсан билээ. Би Английн нас насны шигшээ багаар дамжин, тэр хэрээр бие бялдар болон ур чадвараар хөгжиж байсан. “Франц-98” болоход миний дотны анд Майкл дэлхий нийтийг бишрүүлэхийг гэртээ зурагтынхаа өмнө нүд цавчилгүй үзэж байсан. “Алив, Майкл үзүүлээд өг” гээд хашгиран сууна. Ямар гайхалтай тоглож байна аа. ДАШТ-д Майкл гайхалтай цохилтоор гоол оруулж, богино хугацаанд нэр алдарт хүрсэн билээ. Глен Ходдл Английн шигшээгийн дасгалжуулагч болонгуутаа Франц руу явах багийн бүрэлдэхүүнд Майклыг оруулсан нь их шуугиан дэгдээж байсан. Хэвлэлийн хуудсанд түүний нэр олонтаа үзэгдэх болж, зурагтаар мэдээ нь гарна. Майклыг шигшээд багтан ДАШТ-д оролцох болсонд би маш их баяртай байв.
Дөрөвдүгээр сарын үед би түүнтэй ярилцаж байхдаа Ходдл түүнийг ДАШТ- ий багт дуудах боломжийн тухай хэлж байсан. Майкл “Би үүнийг зорилгоо болгон хичээж байна. Би шигшээд багтахын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн надад хэлж билээ. Тэр хэд хэдэн удаа шигшээгийн тоглолтод оролцлоо. ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн нэг тоглолтыг Касабланкад Мароккогийн шигшээгийн эсрэг хийхэд тэр нэг гоол оруулав. Бүгд л түүний гайхалтай эхлэлийн тухай ярилцаж байлаа. Түүнийг ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтаасай хэмээн би битүүхэндээ залбирч байсан. Зөвхөн найз минь болохоор тэгээгүй, миний хүсэл биелэхэд түүний нөлөө бий тул ингэж хүссэн. Би Майклтай мөр зэрэгцэн олон жил тоглосон. Хэрэв тэр Английн шигшээгийн үндсэн тоглогч болвол миний энэ багт орох боломж нэмэгдэх билээ.
“Франц-98” ДАШТ-ий турш буйдангаасаа бараг ховхроогүй аав маань “Майкл ямар гайхалтай тоглож байгааг хараач. Хүү минь, дараагийн ДАШТ-д оролцох боломж чамд байна шүү” хэмээж байлаа. ДАШТ-ий тоглолттой тэр үдшүүд үнэхээр сайхан байсан. Тэр дундаа Майкл Колумбийн шигшээгийн эсрэг тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд багтан гарч, Аргентинтэй хийсэн тоглолтод гоол оруулсан мөчүүд мартагдашгүй. Багахан зууш гартаа бариад буйдан дээр зурагтынхаа өмнө тухлан сууна. Тоглолт эхлэх цагийг тэсч ядан хүлээдэг байж билээ. Сент-Этьенд Аргентинтай хийсэн тоглолт тун гайхалтай өрнөсөн. Майкл бөмбөг хүлээн аваад Карлос Роагийн зүг хурдлахад манай гэрийнхэн бүгд хашгиралдаж эхлэв. Би “Яваад байгаарай” гэхэд аав “Алив Майкл, нэгийн эсрэг нэг болоход ойрхон байна шүү, чи түүхийг бүтээх нь” хэмээн хашгирна. Аргентиний хамгаалагчид Майклыг тогтоохоосоо нэгэнт өнгөрчээ. Хосе Шамот, Роберто Айяла нар дэндүү удаан юм. Майкл тэднийг ардаа орхин, нийт англичуудыг хөгжөөж, түүхийн номонд нэрээ бичүүлэхээр хурдаллаа. Гоол!!!
Би дороо цовхчин, аав болон Пол ахтай тэврэлдэн хашгирлаа. Майклыг нэрийг дуудан хашгирсаар хоолой сөөнгө болсон байв. Майкл гайхамшигт нэгэн гоолыг оруулав. Энэ гоолыг давтан харуулах үед аав “Майклыг цохихын өмнөхөн Пол Скоулз Майкл руу “Алдвал чамайг даа” гэсэн янзтай харж байна шүү” хэмээн хэлэв. “Майклд дамжуулах ямар ч боломж байгаагүй шүү дээ” гэлээ. Би эргэн суудалдаа тухлахад Майкл өөрийгөө хэрхэн дэлхий дахинд таниулсан тэр мөч санаанаас гарахгүй байв. Аав руу харахад түүний царайнд инээмсэглэл тодорсон хэвээр байлаа. Тэр Майклыг үнэлдэг, хүндэлдэг. Ер нь бүгд тийм байдаг билээ. “Майкл яаж үүнийг хийв ээ?” хэмээн уулга алдав. Телевизийн дуран түүн дээр тусахад тэр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай гоолуудын нэгийг оруулсандаа баярлаж хөөрсөн нь анзаарагдахгүй, харин тоглолтдоо төвлөрсөн нь ажиглагдаж байлаа. Би “Тэр орчиндоо хурдан дасч байна шүү” хэмээн инээв. “Энэхэн хоромд түүний амьдрал өөрчлөгдлөө. Тэр юу хийхээ мэддэг болжээ. Нутагтаа эргэж ирэхэд нь ямар байхыг төсөөлөхөд бэрх. Нисэх онгоцны буудалд хөл тавихад нь хэвлэлийнхэн түүнийг бүчин авах болно”. Энэ мэтчилэн найзынхаа тухай элдвийг бодон, түүний гайхалтай тоглолтынх нь төлөө баярлан сууж байв. Майклын энэ амжилт намайг хөгжиж, дэвжихэд их урам, итгэл хайрласан.
Миний шигшээд багтах зорилго, хүслийг Ховард Уилкинсон ойртуулж өгсөн. Тэр Английн хөлбөмбөгийн холбоонд Техникийн албаны захирлаар ажиллаж байхдаа намайг 18 болон 21 хүртэлх насныхны шигшээд дуудаж байв. Уилкинсон бол нэр хүндтэй, алдартай хүн. Тэр менежерийн авъяасаараа олонд үнэлэгдсэн нэгэн. Энэ албанд хүчин зүтгэсэн олон жилийн туршлагаараа тэр багуудын урвуулахыг хүсдэг дасгалжуулагч болсон. Заримдаа түүнийг яаж ийм их амжилт гаргасныг нь гайхахаар байдаг. Тэр залуу тоглогчдод яг л сургуулийн багш шиг хандан сургадаг. Уилкинсон намайг үнэлдэг болохоор би түүнд дуртай. Тэр надтай санал бодлоо чөлөөтэй солилцож, тоглолтын ур чадвараа хэрхэн ахиулах талаар зөвлөгөө өгөн, багийнхаа бүрэлдэхүүнд дандаа оруулдаг. Түүнчлэн намайг 18 хүртэлх насныхны шигшээгийн ахлагчаар томилсон нь миний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Энэ үйл явдлыг манай гэрийнхэн маш их ач холбогдол өгч хүлээн авсан. Би Ховард миний төлөө хийсэн бүхэнд талархдаг. Түүнийг 21 хүртэлх насныхны багийг хариуцах болсон гэдгийг нь дуулсан даруйдаа тун удахгүй би тэр багт дуудагдана гэсэн бодол төрж билээ.
1999 оны турш хийсэн тоглолтоороо би “Ливерпуль”-ийн үндсэн бүрэлдэхүүнд баттай ороод байв. Зун шувтрах дөхсөн нэг өдөр Английн хөлбөмбөгийн холбооноос надад хаяглагдсан нэгэн захидал ирлээ. Дугтуйг яаран задлах тэр үед сэтгэл хөдөлсөндөө гар минь чичирч байлаа. Есдүгээр сарын 3-нд Люксембургийн эсрэг хийх залуучуудын шигшээ багийн тоглолтод урьсан бичиг. Дахин нэг шат алхлаа. Уилкинсон намайг үнэлдэг хэвээр гэдгээ харуулж үндсэн бүрэлдэхүүнд гаргав. Түүний итгэлийг би 12 дахь минутад гоол хийж хариулсан. Манай баг энэ тоглолтод 5:0-ээр хожиж, бид баярлан хөөрч билээ. Шинэ улирал эхлэхэд бүх л англи тоглогч “Евро-2000”-д тоглохын тулд хичээж байлаа. Ялангуяа залуу тоглогчид Английн шигшээгийн дасгалжуулагч Кевин Киганы хараанд өртөж, өөрсдөдөө шинэ алхам хийхээр мэрийцгээнэ. Премьер лигийн тоглолтыг үзэхээр Киганыг ирэхэд англи тоглогчид өөрийн давуу талаа менежерт мэдрүүлэх гэж, анхаарлыг нь татах гэдэг байлаа. Би өөрийгөө түүний анхааралд өртсөн гэдгээ мэдэрч байв. Зул сарын баярын өмнөх долоо хоногт манай баг “Ковентри Сити”-г 2:0-ээр хожиход Киган ирж, миний тоглолтыг харсан. Залуучуудын шигшээ баг Данитай тоглоход тэр мөн л ирж энэ тоглолтыг үзлээ. Энэ бүхнийг Ховард надад мэдээлдэг болохоор би тухай бүрт нь мэддэг байв. Тэр “Кевин чамайг анхаарч байгаа, сайн тоглоорой. Шигшээд дуудагдах цаг ойрхон байна шүү” гэнэ. Данитай хийсэн тэр тоглолтод би зогсолтгүй гүйж билээ. 1999-2000 оны улиралд би “Ливерпуль”-ийн төлөө тун дажгүй тоглолтыг үзүүлсэн. “Шеффильд Уэнсдэй”-гийн эсрэг тоглолтод гоол оруулж, талбайн бүх хэсэгт үүрэг гүйцэтгэлээ. Хоёр жигүүрийн хамгаалалтад оролцож, төвийн болон жигүүрийн хагас хамгаалагчийн байранд шилжин тоглоход надад асуудал байсангүй. Тоглолтоос тоглолтод хүмүүсийн намайг үнэлэх үнэлэмж нэмэгдсээр байв. Хоёрдугаар сарын 5-нд “Лидс”-ийг 3:1-ээр хожиход би тэдний жигүүрийн авъяаслаг хагас хамгаалагч Харри Кьюэллтэй халз өрсөлдсөн. Үүнээс долоо хоногийн дараа “Хайбери”-д Тити Камаратай өрсөлдөж давамгайлав. “Арсенал” бол байнга гоол оруулж байдаг Фредди Юнгберг тэргүүтэй олон оддыг багтаасан сайн баг. Тэр үе үе манай хаалгач Сандер Вестерфельдийг сандаргана. Түүний цөөнгүй аюултай довтолгоог би хаалганы өмнө зогсоож билээ. Энэ тоглолтод ялалт миний хувьд өндөр үнээр ирсэн. Би цавиндаа гэмтэл авч, мөс тавин талбайгаас гарсан. Үүнээс бараг долоо хоногийн дараа аав над руу утасдаад сандарч түгдчин “Стивен! Стив Хейвэй, Жерар Улье хоёр луу хурдан залга, тэдэнд чамд хэлэх юм байна гэнэ” хэмээлээ.
Яасан юм бол оо? Би шууд Стив рүү залгав. Тэр надад маш сайхан мэдээ дуулгасан. Стив “Аргентинтай хийх тоглолтын өмнөх шигшээгийн бэлтгэлд чамайг ирж оролцооч гэж Кевин Киган хэлүүллээ” хэмээв. Би чихэндээ итгэсэнгүй. Английн шигшээ багт бэлтгэл хийх гэж үү? Жерар мөн энэ мэдээг батлан ярив. Шигшээ багт намайг дууджээ. Жерар “Стивен, чи шигшээ багийн бэлтгэлд оролцох гэж байгаа багийн бүрэлдэхүүнд хараахан багтаагүй шүү” хэмээн сануулав. Тэр ямар хамаатай юм бэ, бэлтгэлд дуудагдана гэдэг надад шигшээгийн нэг гишүүн болсон мэт санагдаж байлаа. Энэ бол миний шигшээ багийн тоглогч болох том боломж билээ. Би бэлтгэл дээр хоёрдугаар сарын 23-нд Аргентинтай хийх нөхөрсөг тоглолтод Киган намайг багт оруултал тоглохыг хичээх болно. “Уэмбли”, энэ бол гайхамшигт ертөнц. Аргентин, тэд хүчтэй өрсөлдөгч. Майкл тэдний эсрэг гайхалтай тоглолтыг үзүүлж, нэрээ мандуулсан байхад би яагаад болохгүй гэж? Багийн албан ёсны мэдүүлэгт орох эсэх нь хамаагүй, юутай ч Бишам Эбби дэх шигшээгийн бэлтгэлийн баазад очъё гэж шийдлээ.
Английн хөлбөмбөгийн холбооноос намайг Бишамаас хэдэн км-ийн зайд орших Бернхэм Бичс дэх багийн зочид буудалд унаа гарган хүргэж өгөхийг “Ливерпуль”-д даалгасан байв. Гэвч аав өөрийнхөө “Хонда”-г надад өгснөөр би өмнөдийг зорин жолоогоо мушгилаа. Замын турш би өөрийгөө голон явсан. Эхлээд өөрөө машин жолоодож очих нь буруутдаг болов уу гэж бодлоо. Зорьсон газартаа дөхөх тусам өөртөө итгэх итгэл минь суларч, буцаад давхичихмаар санагдах болов. Би үнэхээр хангалттай сайн байж чадах болов уу? Ерөөсөө л буцъя, Стив Хейвэй Киган руу утасдаад учир шалтгааныг хэлчих байлгүй. “Жеррард үүнд бэлэн биш байна. Тэр маш их сандраад…” гээд. Энэ нь намайг бэлтгэл дээр хангалтгүй байж, бусдын элэг доог болохоос сэргийлнэ. Хэдий ингэж бодсон ч би чигээрээ явсаар байлаа. Шинэ ертөнцөд хөл тавих гэж буйдаа сандран цочирдсон байв. Явсаар Бернхэм Бичст орж ирлээ. Тансаг дэгжин машинуудыг мөргөж сэвтээхгүйг хичээн “Хонда”-гаа зогсоолд тавиад зочид буудлын хүлээн авагч дээр очив. Тэр өрөөг минь зааж өглөө.
Шигшээ багт дуудагдсандаа одоо л нэг итгэж эхлэв. Зочид буудлын өрөөний орны ирмэг дээр суун зоогийн танхимд байгаа Киганд ирснээ мэдэгдэж илтгэх ёстой хэмээн бодож суулаа. Бүх тоглогч мөн тэнд бий. Би юу хийх вэ? Миний шүтэн биширдэг хөлбөмбөгчдөөр дүүрэн тэр танхимд би зүрхлэн орж чадахгүй байв. Алан Ширер, Тони Адамс, Дэвид Бекхэм гээд дэлхий даяараа мэддэг болсон нэрс. “Ливерпуль”-ийн үндсэн багтаа дөнгөж орсон би Английн шигшээ багийн хооллож буй тэр өрөөнд ороод өрөөний голд очин ирснээ хэлээд Бекхэмийн хажууд сууж болох болов уу? Хараал идэг, би дахиад л сандарч эхэллээ. Тэгээд Жейми Реднапп руу залгаж, энэ хүнд байдлаас минь гаргахыг хүслээ. “Жейми” хэмээн царайчлан аргадсан өнгөөр хэлээд “Би дээд давхарт байна. Намайг ирээд аваач гэж гуйя” гэв. Жейми тусч, сайхан сэтгэлтэй залуу. Тэр хоолны танхимаас сэмхэн гараад манай өрөөнд яаран хүрч ирэв. Жейми ирээд “За алив залуу минь, Киган чамайг хангалттай сайн гэж үнэлээгүй бол чи энд байх ёсгүй шүү дээ. Явцгаая” хэмээн тайвшрууллаа. “Ливерпуль”-ийн бусад залуус мөн гарч ирээд намайг хүлээж байлаа. Жейми, Робби, Макка, Майкл нарын дэмжлэггүйгээр би шигшээгийнхний хооллож байсан тэр танхимд зүрхлэн орохгүй байсан биз ээ. Тухайн үед гэртээ л байвал сайхан санагдаж байсан учир үүдэн дээрээс нь буцаад умардыг зорин явж байж магадгүй юм. Клубийн тоглогчидтойгоо нийлснээр тэр зоогийн танхимд орох тэнхээг олж авлаа.
Тэр өрөөний босгыг давна гэдэг миний амьдралдаа хийхээс хамгийн их зүрхшээсэн зүйлүүдийн нэг байлаа. Өрөөнд ороод амьсгаагаа даран тойруулан харав. Гарын үсэг цуглуулагчдын хувьд диваажин нь гэмээр шилдэг тоглогчид нэг дор цуглажээ. “Би энд юу хийх юм бол оо? Өрөө рүүгээ буцаад явсан нь дээр юм байна даа” хэмээн бодов. Нэг л мэдэхэд шигшээ багийн албаны хүмүүсийн суусан ширээний өмнө очсон байв. Кевин Киган над руу хараад инээмсэглэн “Сайн уу, Стивен. Шигшээ багт тавтай морил” хэмээлээ. Тэгээд угтан ирж гарыг минь атгав.
Хэдий тэр надад ийн элэгсэг хандсан ч энэ мөчид тэр өрөө там мэт санагдаж байлаа. Киган “Залуус аа, зоогоо түр завсарлаж, анхаарлаа нааш нь хандуулна уу” хэмээв. Тэгээд над руу заагаад “Танилц, энэ бол Стивен Жеррард. Энэ жаал бидэнтэй бэлтгэл хийх болно. Түүнийг бүү голоорой, тэр сайн тоглогч. Маш богино хугацаанд эрчтэй гарч ирж байгаа залуу даа” гэлээ. Магтаал сонссондоо самгардан хоёр хөлөө ойр ойрхон солбин зогсох миний нүүр яг л “Ливерпуль”-ийн өмсгөл шиг улайв.
“Кевин олон юм ярилгүй, тэдний хоолыг нь идүүлээсэй. Заавал ингэж олны анхаарлыг татах шаардлага юу байна” гэж бодогдоно. Энэ супер ододтой намайг харьцуулалтгүй шүү дээ. Тэд ДАШТ-д тоосоо өргөсөн, мэргэжлийн хөлбөмбөгч болоод хэдэн зуун тоглолтод оролцсон архагууд гэдгийг би мэднэ. Гэтэл Кевин Киган тэдэнд миний тухай ийм юм ярьж байдаг. Шигшээгийн бүх тоглогч над руу цоо ширтэх мэт мэдрэмж төрж, хамаг бие халуу дүүгэн байлаа.
Ашгүй Киган яриагаа зогсоов. Би “Ливерпуль”-ийн хамтран зүтгэгчдийнхээ сууж буй ширээнд очиж нэгдлээ. Ширээн дээр тансаг амттан дүүрэн байвч хоол хоолой давсангүй. Багахан цөцгий идээд цадчихав. Олон юм бодож сандарч мэгдсэндээ тэр байх. Тэр өрөөнөөс л бушуухан гармаар санагдаж байлаа. Гэхдээ “Ливерпуль”-ийнхэн маань тойроод сууж байгаа болохоор байдал арай дээрджээ. Миний урьд нь сонсож, уншиж байсанчлан шигшээгийн тоглогчид клуб, клубээрээ ялгаран суусан байв. Хоолны өрөөнд ч баг хоорондын өрсөлдөөн ийнхүү тод харагддаг ажээ.
“Ливерпуль”-ийн залуус намайг дагуулан ширээ ширээнд очин, шигшээгийн бусад тоглогчдод танилцууллаа. Дэвид Симэн дээр очоод “Дэвид, энэ бол Стиви”, Сол Кэмпбеллд хандан “Сол, Стивитэй танилц” хэмээсээр явав. Хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Английн шигшээгийн аугаа тоглогчидтой ийнхүү гар барьж, мэнд мэдэлцэн яваадаа хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Сандарч тэвдсэндээ тоглосноос дутуугүй хөлс гарчээ. Хамгийн сүүлд “Манчестер Юнайтед”-ынхны ширээн дээр очлоо. Фил Невилл, Дэвид Бекхэм, Энди Коул, Пол Скоулз нар намайг хараад инээмсэглэн угтав. Яг энэ мөчид хамаг биеэр цахилгаан гүйх шиг боллоо. Тэд бол миний дайсан гэж тооцдог хүмүүс билээ. Би “Ливерпуль”-ийн тоглогч, тэд бол “Юнайтед”-ынх. Бид талбай дээр бие бие рүүгээ хэзээ ч аятайхан харц чулуудаж байсангүй. Энэ хоёр багийн тоглолтод жинхэнэ гал гардаг билээ. Би Хюитон дүүрэгт “Манчестер Юнайтед” баг, тэдний хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагч, онцлох тэмдэг, нэрийн барааны дэлгүүр гээд “Олд Траффорд”-той холбоотой бүхнийг үзэн ядаж, үл зөвшөөрөх үзлээр хүмүүжсэн юм. Бараг 20 жил миний дотор битүү бугшсан “Ман Ю”-г үзэн ядах энэ үзэл тэр өдөр Бернхэм Бичст гэнэтхэн дүрэлзэв. Бекхэм, Скоулз нартай гар барихдаа “Нүүрэн дээрээ инээж байгаа ч та нар цаанаа надад дургүй л байгаа даа. Би ч ялгаагүй та нарыг үзэн яддаг” хэмээн бодож байв. Гэвч тэд миний бодсон шиг хүмүүс биш юм билээ. Шигшээ багт анх дуудагдсан надтай алхам бүртээ элэгсгээр хандан, заавар зөвлөгөө өгч байлаа. “Юнайтед”-ынхан надтай үүнээс илүү сайхан харьцана гэж юу байх вэ. Энэ үед чухам яагаад бидний хооронд ийм удаан хугацааны өс хонзон үргэлжилсэн юм бол гэсэн бодол төрж билээ.
Бернхэмд ирэхийн өмнө найз Богготойгоо “Юнайтед”-ын тоглогчидтой нүүр тулаад хэрхэхээ ярилцаж байв. “Тэд намайг өдөх нь гарцаагүй. Жийж унагах, өшиглөх бол энүүхэнд биз. Манчестерчууд скоузчуудад дургүй нь тодорхой. Тиймээс би тэдэнд хариуг нь жинтэй барина” хэмээж байлаа. Скоулз, Бекхэм гээд “Юнайтед”-ын залуусыг хэрхэн чадахаа дотроо тооцоолно. Гэвч тэдний чин сэтгэлээсээ найрсаг хандаж буй байдал тэр даруй энэ буруу ойлголт, төсөөллийг үлдэн хөөсөн.
Бишамд очсоныхоо маргааш нь анхны бэлтгэлдээ гарлаа. Энд тэнд ямар нэгэн отолт хүлээж байх вий хэмээн болгоомжлон алхав. Энд “Ливерпуль”-”Юнайтед”-ын өрсөлдөөн болох нь дамжиггүй гэж бодож байв. Гэвч тэгсэнгүй. “Юнайтед”-ын залуус нөгөө л найрсаг зангаараа мэндэлж байна. Тэр орой би Богго руу залгаж энэ тухай ярьсан. “Бекс, Скоулзи нар үнэхээр гайхалтай залуус юм аа” гэхэд минь Богго гайхан дуу алдаж байж билээ.
Гари Невиллтэй “Юнайтед”-”Ливерпуль”-ийн хоорондох мөнхийн өрсөлдөөний талаар ярилцаж үзлээ. Тэгэхэд Гари миний урмыг бодсон уу, “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийг магтсан. Үнэндээ миний хэлсэн үгийг гуйвуулсан хэрэг. Тэрбээр “Би Ливерпулийнхныг үзэн яддаг тийм орчинд өссөн” гэв. Үүнтэй адилаар “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид манчестеруудыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Сонин хэвлэлүүдэд ч үүнийг ил тод бичдэг. Гари үүнийг ойлгуулах гэж дээрх үгийг надад хэлсэн эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч тэр скоуз хүнтэй нүүр тулан ярилцаж сууна.
“Юнайтед”-ынхан гээд Киганы удирдлагад тоглодог бүх хүн надтай эелдэг харилцаж байлаа. Хэдий тийм ч Аргентинтай хийх нөхөрсөг тоглолтод бүрэлдэхүүнд багтан талбайд гарахын төлөө өрсөлдөөнд намайг оролцуулж байв. Тэд шинэ тоглогч намайг үнэлжээ. Бэлтгэлийн дараа хоолонд ороод өрөөндөө очин зурагт үзэн хэвтэв. Арав орчим минутын дараа хэн нэгэн манай өрөөний хаалгыг тогшив. “Арсенал”-ын төвийн хагас хамгаалагч Мартин Кеоун зогсож байлаа. Мартин “Би чиний хажуугийн өрөөнд байгаа шүү. Чамайг “Ливерпуль”-ийнхэнтэйгээ нийлэхийг бодно гэдгийг мэдэж байна. Гэхдээ уйдвал зэргэлдээ өрөөнд очоорой” гэв. Премьер лигт түрүүлж, том тэмцээнүүдэд оролцож үзсэн Английн шилдэг хөлбөмбөгчдийн нэг энэ хүн шинэ тоглогчид хэрхэн хандахаа мэддэг ажээ. Би шууд л түүний саналыг хүлээн авсан. Миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн хөгжилтэй нь гарцаагүй Мартин юм.
Киган орой чөлөөт цагаа хүссэнээрээ өнгөрүүлэх зөвшөөрлийг бидэнд олголоо. Мартин над дээр ирээд “Лондонгоор хэдэн цаг явж, ганц нэг дэлгүүрээр орох уу?” хэмээв. Манай “Ливерпуль”-ийн залуус зочид буудалдаа үлдэж, бичлэг үзнэ гэсэн ч би Мартины саналыг илүүд үзэж, багахан мөнгө хармаалан гарлаа. Тэр надад яагаад ийм санал тавьсан юм бол? Ганцаардаж, уйдсан юм болов уу? Эсвэл дөнгөж ирсэн намайг өрөвдсөн байх. Юутай ч Английн шигшээгийн төвийн хагас хамгаалагчаар тоглодог Мартин Кеоунтай Лондонгоор явж байгаадаа би туйлын баяртай байв. Тэр үргэлж л хөгжилтэй зүйл ярьж, би зогсолтгүй инээсээр явлаа. Хэнтэй ч хэл амаа ололцож чаддаг гайхалтай залуу юм аа, тэр. Тийм ч учраас шигшээгийн бүх л хүн түүнтэй хамт байх дуртай юм билээ. Нэг удаа бэлтгэлийн талбай руу явахаар автобусанд суухад тоглогчдын нэг нь надад “Хэрэв Мартин ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлээд ухаанаа алдчихвал зайгаа аваарай. Хэдий тэр хөгжилтэй ч бас болгоомжлохгүй бол болохгүй хүн” хэмээн анхаарууллаа. Мартин бэлтгэлийн хором бүрт ДАШТ-ий шувтаргын тоглолтын сүүлчийн минут мэт хандан, маш эрчимтэй хийдэг аж. Бишам дахь нэгэн удаагийн бэлтгэл дээр тэр намайг нэлээн хэдэн удаа товруугаараа “тамгалж” орхив. Тоглогчид “Хөөе Мартин, чи шинэ хүнтэй зөөлөн харьцаач” хэмээн хашгирцгаана. Мартин зөөлөн, аядуу тоглоно гэдгийг мэддэггүй нэгэн байсан юм. Тэр өдөр бүхний бэлтгэлийг онцгойлон эрчтэй хийдэг. Урт товруутай улаан “Puma”-гаараа бусдад ямар нэг хор хөнөөл учруулчих вий гэхээс огтхон ч үл айна. Нэг удаа Мартин, Майкл Оуэн хоёрын дунд жинхэнэ гал гарсан тэмцэл өрнөсөн. Шилдэг төвийн хагас хамгаалагч гайхалтай авъяаслаг довтлогчийн эсрэг сонгодог тулаан. Тэд хоёр талаас нисэн ирж, яг л шивээсчин шиг бие биенийхээ хөлд том мөр үлдээж байв. Тэдний хайр найргүй мөргөлдөх нь дэргэдээс харах бусад тоглогчдод бол тааламжтай байсан. Ёстой л тоосоо гөвөлцөнө гэдэг нь боллоо.
Би тэр долоо хоногт Бишамд ирсэн цорын ганц шинэ тоглогч биш байлаа. “Лидс Юнайтед”-д тун дажгүй тоглолтыг үзүүлж буй залуухан төвийн хагас хамгаалагч Жонатан Вудгейтийг Киган мөн дууджээ. Вудгейт Бишам руу ирэх замдаа мөн л миний адилаар сандарч, айж явсан гэдэг. Бидний хэн хэн нь өөрсдийн шүтээн болсон тоглогчидтойгоо бэлтгэлийн талбайд гарсан хойноо л Киганы шигшээ багт дуудсанд итгэсэн. Бишам руу автобусаар явж байхад Киган биднийг бусад тоглогчдод магтан ярина. Миний тухай ярьж эхлэхэд нь манай “Ливерпуль”-ийн залуус “Түүний яаж тоглохыг нь харж байж бол л доо. Бид түүнтэй өдөр болгон бэлтгэл хийдэг шүү дээ” хэмээн яриаг нь тасалж байв. Биднийг Бишамд хүрэхэд Киган Вудгейт, бид хоёрт багийнхаа хамгийн шилдэг тоглогчидтой харилцаж байгаа мэт ярьсаар. Бидний хувьд ичмээр санагдаж байв. Бэлтгэлийн талбайд очоод Бекхэм, Ширер нартай бөмбөг газар буулгахгүй харилцаж байгаад хэвлэлийнхэн ирж, бичлэг хийж буйг анзаарав. Өөр дээр ирэх бөмбөгийг өшиглөхийн зэрэгцээ камер хаана байгааг сэмхэн харж, биднийг хальсандаа буулгаж буй эсэхийг нягтална. Тэдний дуранд нь өртчихсөн гэсэн хүсэл их байлаа. Кеоуныг бөмбөг эзэмших дасгал хийж эхлэхэд бүгд түүнийг дагав. Энэ үед би “Одоо л “Ливерпуль” болон “Юнайтед”-ынхны хооронд жинхэнэ өрсөлдөөн гарах байх даа” хэмээн бодсон ч тоглогчид хэн нэгнийг үл онцлон, бүгд тойрон тоглох аж. Аргентин гэсэн хүчирхэг багийн эсрэг хийх нөхөрсөг тоглолтын өмнө хүн болгон л өөрийгөө харуулахыг хичээж байв.
Энэ бэлтгэл дэндүү өндөр хэмнэлтэй болж байлаа. “Ливерпуль”-ийнхээс хамаагүй хурдан юм. Би яаж ч хичээгээд хэний ч энд хүрэхгүй байв. “Бөмбөгөө сайн хар, хөлдөө тогтоо” хэмээн өөртөө хэлж тайвшрахыг хичээнэ. Нэг удаа хэн нэгэн тоглогчид тулж очоод хуураад гарч явахыг харсан Киган энэ үйлдлийг шагшин магтав. Тэр “Хөөх, та нар түүний юу хийснийг харав уу? Тэр тун удахгүй та нарын байрыг эзлэх нь байна шүү, хичээгээрэй” хэмээн хүн бүхэнд сонсогдохоор чанга хэлсэн. Үнэндээ иймэрхүү үйлдлийг тоглогч болгон л хийж байлаа. Миний хийсэн хууралтад онцлох зүйл байгаагүй тул ур чадвараар гэхээсээ аз таараад хийснийг дурдъя. Гэхдээ яах вэ, дажгүй шүү. Миний өнөөг хүртэл хуримтлуулсан туршлага, эзэмшсэн ур чадвар шигшээ багийн тоглогчидтой харьцуулшгүй ажээ. Намайг бөмбөг алдах юм уу булаалгах болгонд “Наадхаа олигтойхон аваад явчихаж чадахгүй байна уу” гэх дуу сонсогдоно.
Бэлтгэлийн дараа гэр лүүгээ залгалаа. “Аав аа, би шигшээ багийн түвшинд хүрэх болоогүй юм байна аа” гэхэд аав “Хүү минь, шантралгүй хичээ. Чи чадна” хэмээв. “Надад шигшээ багт тоглох боломж байхгүй гэдгийг ойлголоо. Тэдний хийсэн үйл хөдлөл бүр нь өөр юм. Шигшээд үнэхээр шилдгүүд цугладаг юм байна. Би бол тэдний дэргэд зүгээр л сонирхогч. Гэхдээ надад энд байх сайхан байна. Дараагийн бэлтгэлийг тэсч ядан хүлээж байна” хэмээн би үргэлжлүүлэн ярилаа.
Аавдаа хэлсэн зүйл бүгд үнэн. Хэдий би өөрийгөө голсон ч энд байх хугацаандаа энэ шилдэг тоглогчдын хийж байгаа зүйлийг бага ч болов сурахыг хичээж байв. Бэлтгэл бүрээс өөртөө ямар нэг юм үлдээхийг эрмэлзэнэ. Дараагийн өдрийн бэлтгэл бүр ч сонирхолтой болов. Тэр өдөр хөндлөн дамжуулалт өгч хаалганд цохих дамжуулалт-гүйцэтгэл гэсэн бэлтгэл хийсэн. Тэгэхэд би нүдэндээ итгэмгүй олон зүйлийг харсан. Ширерийн бөмбөгт хүрч байгаа нь үнэхээр гайхалтай. Тэр ирсэн бөмбөг болгоныг шахам хаалгачид барих ямар ч боломж олголгүй дээд буланд цохих юм. Цохилт, гоол. Ер нь бүгд л ийнхүү ур чадвараараа гайхуулж байв. Мөн Бекхэмийн довтлогчдын яг хөлд нь өгөх дамжуулалтыг биширлээ. Гайхсандаа Майклд “Тэр дамжуулалтаа яаж ингэж өгч чадаж байна аа?” хэмээн хэлж билээ. Миний цохих ээлж боллоо. Хаалга руу гүйж явахдаа Бекхэмийн өгсөн дамжуулалтыг хараад бөмбөгт хөлөө хүргэхээсээ өмнө “Энэ гоол болно” гэдгийг мэдэрсэн.
Үнэхээр биширмээр юм аа, маш нарийн өгч байна шүү. Бекхэмийн дамжуулалтууд яг хэрэгтэй газартаа очиж байв. Ийм дамжуулалтыг аваад алдаж цохивол ч… Бэлтгэлийн дараа хоёр хуваагдан тоглолоо. Бекхэм энэ удаа ч гайхамшгаа үргэлжлүүлсээр. Тэр энэ өдрийн бэлтгэлийн шилдэг нь байлаа.
Нэлээн хэдэн долоо хоногийн өмнө “Мелвүд”-д Майклтай ярилцаж суухад тэр надад “Чи Бишамд очоод Пол Скоулзыг сайн хараарай. Тэр маш сайн тоглогч” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Би Скоулзын тоглохыг зөндөө харсан. Түүний сайн тоглогч гэдгийг мэднэ шүү дээ” гэхэд Майкл хариуд нь зүгээр л инээмсэглэж билээ. Бишамд очсон хойноо нэг өдрийн бэлтгэл дээр Майклын чухам юу гэснийг нь ойлгосон. Скоулз авъяаслаг, хурдтай, хүчтэй тоглогч төдийгүй маш ухаалаг юм. Тэр гоол оруулахад бүх л үүргийг гүйцэтгэх аж. Дамжуулалт өгнө, эвтэйхэн хатгачихна, бөмбөгийг газар буулгалгүй маш хүчтэй цохино, мөн хамгаалагчид тогтоож барихад хэцүү хурдан, огцом хөдөлнө. Би Майклд “Үнэхээр авъяаслаг тоглогч юм аа. Яаж түүн шиг болно доо” хэмээн хэлсэн. “Манчестер Юнайтед”- ын тоглогчид ур чадвараар хэнийг ч дагуулахааргүй юм аа. Тангараглая, би тэднийг үнэхээр биширсэн. Киган надад хандан “Залуу минь, “Ман Ю”-гийн тоглогчдыг сайн хараарай. Тэднээс сурах юм их бий шүү” хэмээв. Ширер тэргүүтэй шилдэг тоглогчид Бишамд оволзож байв. Гэхдээ тэдний дундаас Бекхэм, Скоулз нар онцгой байлаа.
Бэлтгэл дуусаад Бернхэм рүү буцахдаа Бишамд очин дараагийн бэлтгэл хийх мөчийг цаг, минут тоолон хүлээдэг байлаа. Хэдэн бэлтгэлийн дараа нуруугаар бага зэрэг хатгах мэт мэдрэмж төрдөг болов. Бернхэм рүү автобусаар явж байхад хүрсэн газар болгон хөндүүрлэж, нуруу нугарахгүй хөшсөн мэт санагдаж байв. Хэрэв Ливерпульдээ байсан бол хэн нэг илээч дээр очоод энэ бүх зовиураа хэлэх байсан биз. Гэвч энэ удаа бол шигшээгийн эмнэлгийн албаныханд хандан “Миний нуруу юунаас болж өвдөөд байна?” гэж асууж зүрхлэхгүй байсан юм. Английн шигшээгийн ерөнхий эмч Гари Левин бол тусч, сайн залуу. Гэхдээ би түүнд өөрт тулгараад байгаа асуудлаа дэлгэсэнгүй. Киганд ч гэсэн хэлэхгүй байсан нь дээр гэж үзлээ. Автобусанд ийн өвдөлтдөө шаналан явахдаа өөрийгөө тайвшруулан “Өрөөндөө очоод өвчин намдаах эм уучихъя” хэмээн бодов. Тэгээд хоёрыг уулаа. Бэлтгэл дээр очоод дахиад нэгийг залгилаа. Тэр бэлтгэл дээр бие гайгүй байсан ч дараа нь зовиур улам нэмэгдсэнийг анзаарав. Тэгээд аав руу залган яах ёстойгоо асуув. Аав “Тэдэн дээр очоод өөрийн нөхцөл байдлаа нэгд нэгэнгүй хэл” гэхэд нь би “Чадахгүй ээ, хэрэв тэгвэл тэд намайг гэрт минь буцаачихна шүү дээ” гэж эсэргүүцлээ.
Би өрөөндөө хэсэг уйлж суув. Тэгээд эмч дээр очихоор шийдлээ. Левинд үзүүлсний дараа тэр Кевинийг дуудаад миний биеийн байдлыг танилцуулав. Киган “Стивен, чи анхааралтай сонс. Бид чамд анхаарал, халамж тавих ёстой. Хэрэв чи үргэлжлүүлж бэлтгэл хийвэл байдал бүр ч дордож магадгүй. Хэрэв ингэх аваас “Ливерпуль”, бидний харьцаа хүндрэх болно. Юутай ч дараагийн бэлтгэлийг өнжөөд эмчид сайн үзүүл, бие чинь яг ямар байгааг бид мэдэх хэрэгтэй” хэмээлээ. Кевин эмнэлгийн өрөөнөөс гараад Жерар Ульетэй ярьжээ. Жерар “Түүнийг буцаа” гэсэн байна.
Киган миний өрөөнд ирж надтай ярилцав. Юутай ч шигшээ багт тоглох мөрөөдөл минь биелэхээсээ өнгөрөөгүй гэдгийг түүний ярианаас ойлголоо. Тэр “Чамайг заавал буцаа гэж багийнхнаас чинь шаардаж байна” гээд “Чи энэ өдрүүдэд сайн байсан шүү. Одоогийн энэ эрчээ алдалгүй, улам хичээж бэлтгэлээ хийгээрэй. Би чамайг үргэлж харж байх болно. Дараагийн удаа шигшээ багийн үндсэн гишүүн болоод эргэж ирнэ гэдэгт чинь найдаж байгаа” хэмээв. Киганыг өрөөнөөс гарангуут нулимс сад тавив. Ертөнцийн төгсгөл болсон мэт мэдрэмж намайг эзэмдэж байлаа. Би “Энфильд”-д нурууны өвчин, сэтгэлийн зовиуртай эргэн очиход тэр даруй эмнэлгийн бүрэн шинжилгээнд оруулсан. Миний нуруу үнэхээр хүнд бэртсэн байлаа. Одоо бол би бэлтгэлийн үеэр ямар нэг зовиур мэдрэгдэх л юм бол шууд эмчид ханддаг. Ямар нэг эрсдэлтэй алхам хийхийг хүсдэггүй юм. Аргентинтай хийх тоглолтыг өнжсөндөө сэтгэл санаагаар унаж байхад минь хэвлэлийнхэн гэмтлээс болоод ингэлээ хэмээн бичиж байв. Зарим нэг сонинд миний хөлбөмбөгчний замнал үүгээр дуусгавар болж байгаа байх гэж хүртэл бичсэн. Азаар тийм зүйл болоогүй билээ.
Өвчин зовиур арилж эдгэрэхэд би тоглолтдоо эргэн орохын тулд өөрийгөө бэлтгэх болов. Английн шигшээд тоглох нь миний мөрөөдөл хэвээр. “Евро-2000” ч эхлэх дөхсөн байв. Тэр улирлын 21 хүртэлх насныхны хамгийн том тоглолт гуравдугаар сарын 29-нд Барселонад Югославын эсрэг болох байв. Энэ нь Европын залуучуудын АШТ-д шалгарч оролцох эсэхээ шийдэх чухал тоглолт байсан. Английн шигшээ энэ тоглолтод заавал хожих ёстой. Харин сонингуудад “Тэнцвэл их юм” хэмээн бичнэ. U-21 нь томчуудын шигшээд орох дамжлага болох учир Уилкинсоны багт багтахыг бүгд л хичээцгээж байв. Би ч гэсэн хувьдаа Югославын эсрэг тоглолтод оролцохсон гэж хүсч байлаа. Хамгийн хурдан дэвших боломж энэ болохоор би залуучуудын шигшээд дуудагдахыг тэсч ядан хүлээсэн. Киган тэр зун Голланд, Бельгид болох Европын АШТ-д оролцох багаа бүрдүүлэхийн тулд Барселонад болох тэр тоглолтыг үзнэ хэмээн мэдэгдсэн нь залуучуудад урам өгч, хөгжөөсөн.
Хүссэнээр минь Уилкинсон намайг багтаа сонголоо. Багийн бүрэлдэхүүн бичсэн жагсаалт ирэхэд “Энэ чинь залуучуудын баг мөн гэж үү” гэж өөрийн эрхгүй бодсон. Премьер лигийн маш олон тоглолтод оролцож, хүмүүст танигдсан Рио Фердинанд, Жейми Каррагер нар багтсан байв. Энэ багт дуудагдсан хүн бүр цаашид Киганы удирдлагад тоглоно гэсэн бодолтой байсан нь дамжиггүй. Залуучуудын шигшээ багийнхан Испани руу нисэхдээ энэ 90 минут “Евро-2000”-ын сонгон шалгаруулалтын нэг хэсэг нь гэсэн бодолтой явсан. Барселонагийн нэгэн зочид буудалд төвхнөөд тоглолтын өмнөх сүүлчийн бэлтгэлдээ орлоо. Энэ өдөр бүх тоглогч сайн байв. Оройн зоогоо барихаар ширээ тойрон суухад Ли Хедри, Киерон Дайер, Фрэнк Лампард, Рио Фердинанд нартай би зэрэгцжээ. Хэдий үеийнхэн минь боловч би тэдэнтэй ямар нэгэн юм ярихаас эмээж байв. Тэд бол шилдэг тоглогчид. Өөрийгөө тэдэнтэй харьцуулаад Академид дөнгөж орсон хүүхэд мэт саналаа. “Ливерпуль”-ийн үндсэн багт хэдэн удаа гарч, залуучуудын шигшээд ганц хоёр удаа тоглосноос өөр өндөр зэрэглэлийн тоглолтын туршлага надад хомс байсан. Тиймээс өөртөө “Амаа хамхиад зүгээр л яриаг нь сонсоод суу” гэж хэлж байв. “Вест Хэм”-ийн ихэмсэг залуус Лампард, Фердинанд нарыг харахад сүрдмээр. Миний энэ бүрэг, ичимхий байдал залуучуудын шигшээгийнхэн нэгдэж, уусахад саад болж байсан. Миний хувьд Каррагаас өөр хүнтэй бараг харилцахгүй. Ер нь нэг клубийнхэн энд тэнд бүлэг болон байдаг аж. Би бэлтгэлээ тараад шууд л өрөөндөө очихыг хүснэ.
Өдгөө Английн шигшээ багийн түлхүүр тоглогч болсон Стивен Жеррард, Рио Фердинанд нар залуучуудын багт байхаасаа “Гурван арслан”-гийн төлөө мөр зэрэгцэн хүчин зүтгэж явна
Цаг хугацаа өнгөрөх тусам уур амьсгал дээрдэж, би элдэв бодлоосоо салж эхэллээ. Хөвгүүдийн ярианд бага багаар оролцдог болж, гэмгүй шоглоом хийж байв. Английн шигшээд дуудагдсан гэсэн бодол, хүлээснээсээ саллаа. Би Люксембургийн эсрэг тоглоход гоол хийж, Польш, Данийг хожиход залуучуудын шигшээд хүчин зүтгэсэн билээ. Гэхдээ энэ удаагийн Югославтай хийх тоглолт тэр бүгдээс өөр юм. Бүгд л энэ тухай ярьцгаана. Би үндсэн бүрэлдэхүүнд гарна гэдэгтээ найдахгүй байлаа. Харин оройн хоолны дараа Уилкинсон тоглолтын бүрэлдэхүүнийг зарлахад би үнэхээр цочирдон гайхсан. Миний нэр гарааны 11 тоглогчийн дунд байв.
Оройн хоолны дараа Ховард надтай хэд гурван үг солилцож, маргааш болох тоглолтын талаар ярилцлаа. Тэр “Маргааш чиний хувьд маш чухал тоглолт болно. Чиний цаашдын амьдралд нөлөөлөх эрх мэдэл бүхий олон хүн чамайг хэрхэн тоглохыг чинь харахаар ирнэ. Тиймээс чи үүнд хичээх хэрэгтэй шүү. Киганы анхааралд өртсөн хөвгүүдийн нэг нь чамайг гэдгийг би мэднэ. Урьд нь ч гэсэн чамд санаа тавьж байсан шүү дээ. “Евро-2000”-д өрсөлдөх, шигшээ багт багтах боломж байна шүү, бүү алдаарай” хэмээв. Бельги, Голландад болох Европын АШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд орох боломж байгаа гэсэн сайхан мэдээ намайг хэмжээлшгүй ихээр баярлууллаа. Гэтэл Уилкинсон үгээ дуусгаагүй байв. Тэрбээр “Гэхдээ маргааш л сайн тоглоод хангалттай гэж бодож болохгүй шүү. Премьер лигийн дараа, дараагийн тоглолтуудад ямар байхыг чинь Кевин Киган болон шигшээгийн скаутууд байнга харж, анзаарч байх болно. Тэгэхээр алхаа, гишгээ бүрээ цэнэх хэрэгтэй байх нь шүү. За тэгээд чиний өөрийн чинь хичээл зүтгэл мэдэх хэрэг дээ” хэмээн үргэлжлүүлэн хэлэв.
Өрөөндөө буцаж очоод орон дээр хэвтэн миний өмнө ирсэн энэ том шалгуурыг хэрхэн давах тухайгаа төсөөлөн бодлоо. Гар утас жингэнэн дуугарав. Аав маань ярьж байна. Тэрбээр миний тоглолтод амжилт хүсэхийн зэрэгцээ гарч ирж буй боломжийг алдаж болохгүй гэдгийг санууллаа. “Аав аа, би маргааш үндсэн бүрэлдэхүүнд гарах болно” гэхэд “За тэгвэл Стивен, орох газрын чинь үүдийг улам бүр том дэлгээд өгч байгаа юм байна шүү дээ” хэмээлээ. Энэ нь надад сэрэмжлүүлэг мэт сонсогдож байв. Энэ зүгээр нэг тоглолт биш, цаана нь гарах үр дүн маш чухал байлаа. “Sky” суваг шууд дамжуулах нь дамжиггүй. Киган тоглолт үзээд өөрт хэрэгтэй тоглогчдоо онцолж тэмдэглэн авах болно. Би түүний анхаарлыг татаж чадах болов уу? Тэгээд аавынхаа “Шилдэг тоглогчид өөрсдийн шинэ түүхийг бичих чухал тоглолтод оролцохоор ирсэн” гэснийг санав. Би энэ тоглолтыг өөрийн болгохыг хүсч байлаа. Энэ тухай бодон инээмсэглэн хэвтэв. Цэнгэлдэхэд очих тэр мөчийг тэсч ядан хүлээнэ.
Санасныг бодоход цаг хурдан өнгөрч, тоглолт болох мөч ирлээ. “Камп Ноу”-гийн зэргэлдээ орших “Барселона”-гийн хоёрдугаар багийн талбайд тоглолт болох ажээ. Уилкинсон 3-5-2 системээр маш сайн багийг талбайд гаргасан ба хаалган дээр Ричард Райт зогсож байсан юм. Тухайн үед Райт “Ипсвич Таун”-д тун гайхалтай тоглож байсан бөгөөд хүн болгоны амнаас түүнийг магтсан үг гардаг байв. Тэр бол шинээр гарч ирж буй залуу хаалгачдын хамгийн шилдэг нь байсан. Хүн болгон л түүнийг Дэвид Симэнийг залгамжлан Английн шигшээгийн хаалгыг олон жил манах байх гэцгээнэ. Намайг анх залуучуудын шигшээгийн цугларалтад гарахад Карра Райтыг магтан ярьж байж билээ. Гайхалтай мэдрэмж, ур чадвартай, ямар ч цохилтыг хааж чадна гээд л. Тэр ийнхүү ярианы сэдэв болж, олны анхаарлын төвд явсан ч хөлбөмбөгчний замнал нь тэр хэрээр сайн яваагүй нь харамсалтай.
Хувцас солих өрөөнд орчин тойрноо сэм тойруулан харахад хэн ч атаархам авьяаслаг тоглогчид бүхий баг бүрдсэн нь илт. Олонд танигдсан шилдэг хамгаалагч Карра, Рио нар тулаандаа бэлтгэн шилбэний хамгаалалтаа зүүцгээнэ. Цаад буланд тоглолт эхлэхийг тэсч ядан хүлээх Киерон Дайер дороо бөмбөг өшиглөн суух нь харагдана. Бэлтгэл дээр тэр маш сайн байсан юм. Миний тоглох хагас хамгаалагчийн байрлалд Лампард, Ли Хендри нар мөр зэрэгцэн зогсох болно. Бид бүгд Лампардыг ямар сайн тоглогч вэ гэдгийг мэднэ. Тэрбээр тухайн үед “Вест Хэм”-д гялалзаж байсан билээ. Харин Хендригийн хувьд тэр үедээ шинээр гарч ирж буй хагас хамгаалагчдаас хамгийн шилдэгт нь тооцогдож байсан. Тэр бэлтгэлд хамгийн хөдөлмөрч, уйгагүй нь байлаа. Өмнө талд хурдаараа гайхуулах Энди Кэмпбелл тоглох болно. Би түүнийг хамаагүй өндөр түвшинд тоглож, дээд зэрэглэлд өрсөлдөж явах ёстой байсан гэж боддог юм. Харамсалтай нь тэр “Мидлсбро”-д өөрийн нөөц бололцоогоо харуулж чадахгүй байсаар дундаж зэрэглэлийн багууд руу явсан. Түүнчлэн Югославын хөгжөөн дэмжигчид арьсны өнгөөр нь гоочлоход биеэ барьж чадалгүй тоглолтоос хөөгдсөн Эмиль Хески манайд байлаа. Тэрхүү усан тэнэгүүд, сармагчингуудын хийсэн үйлдэл харин ч биднийг өдөөж, өөрсдийнх нь багт илүү хүнд цохилтыг өгсөн билээ. Уг тоглолтод манайх 3:0-ээр хожиход би тун дажгүй тоглов. Сүүлд аав “Sky”-д тайлбарлагч хийсэн Рэй Уилкинс намайг маш их магтсан гэж хэлсэн. Уилкинс 1970-80-аад онд Английн шигшээд хагас хамгаалагчаар тоглож байсан юм. Сонин, хэвлэлийнхэн ч миний талаар чихэнд чимэгтэй мэдээллүүдийг гаргаж байлаа. Тэр тоглолтоос хойш миний хөлбөмбөгчний замнал тун хурдан өөрчлөгдөх болж билээ. Киган намайг урьд урьдынхаас илүү анхаарах болов. Тавдугаар сарын дундуур аавтайгаа Ливерпулийн төвөөр алхаж явлаа. Энэ үед гар утсанд маань нууцлагдсан дугаараас дуудлага ирлээ. Утсаа авахад “Стивен үү? Кевин Киган байнаа” гэх сонсогдов. Бурхан минь, итгэмээргүй юм аа. “Тийм байна” гэхэд “Чамд сайхан мэдээ дуулгая. Чамайг шигшээ багт дуудаж байна” хэмээлээ. Энэ үед гэнэтхэн найзуудын маань нэг надаар даажигнаж байна уу гэх бодол төрөв. Хамгийн түрүүнд сэжиглэсэн хүн нь мэдээж Богго. Утасны цаадах хүн үргэлжлүүлэн ярьсаар байв. Бурхан минь, энэ Киган биш бол яана? Гэхдээ ярианы өнгө, аялга нь мөн л юм шиг байна даа. Би хариуд нь юу гэж хэлэх ёстой вэ?
“Чамайг Украинтай хийх тоглолтод оролцуулахыг хүсч байна” гэх нь сонсогдов. Миний хувьд шигшээ багт дуудагдах нь боломжгүй зүйл биш билээ. “Ливерпуль”-дээ гайгүй тоглолтыг үзүүлж байна. Кевинтэй хамгийн сүүлд уулзахад “Шигшээд орох цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна” гэж хэлснийг нь ч санав. Тэгээд энэ хар сэжгийг нэг тийш нь болгож, үнэн мөнийг олохоор шийдлээ. Аав надад юу тохиолдсон юм бол гэж гайхаж буй нь харцнаас нь илт харагдана. Түүнээс хэдэн алхам холдлоо. Хэрэв энэ тоглоом наргиан байсан бол ичгүүртэй явдлыг аавдаа мэдэгдэхгүй гэж бодсон юм.
Хоёр минут орчим ярилцсаны дараа Киган мөн байна гэдэгт нь итгэж эхлэв. Энэ яавч доог тохуу хийсэн хэрэг байж таарахгүй. Энэ залуу шигшээ багийн бүрэлдэхүүн, Хөлбөмбөгийн холбооны талаар дэндүү ихийг мэдэж байна. Тэгэхээр энэ Кевин л байж таараа. Утасны цаадах хүн “За Бишамд уулзацгаая” хэмээгээд тасаллаа. Би шигшээгийн дасгалжуулагч над руу залгасан гэдэгт 100 хувь итгэхгүй хэвээр байв. Харин хэдэн цагийн дараа хэн нэгэн “Мелвүд”-ээс над руу залгаж дээрх яриаг батлан, Хөлбөмбөгийн холбооноос факс ирснийг хэллээ. Үүнийг хүртэл би найзуудынхаа нэгнээс дуудлага ирэн утасны цаанаас доогтой инээхийг нь хүлээж байлаа. “Ха ха, энэ наргиан байсан юм. Итгэчихсэн үү?” гээд л. Маргааш нь шигшээ багийн зохицуулагч Мишель Фаррераас цугларалт, бэлтгэлийн нарийвчилсан төлөвлөгөө зааврыг хүлээн авав. Киган ч шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлалаа. Тэрхүү дуудлага миний бодсон шиг хэн нэгний тоглоом наргиан байсангүй, жинхэнэ шигшээгийн дуудлага байжээ.
Сонинуудаар тавдугаар сарын 31-нд Украинтай хийх тоглолтод намайг үндсэн бүрэлдэхүүнд гарч магадгүй гэсэн таамаг бичигдэх болов. Аав “Үүнийг битгий тоо. Сонины мэдээнд итгэх хэрэггүй. Зүгээр л бэлтгэл дээр яах ёстойгоо л хий” хэмээн надад анхааруулна. Тэрхүү тоглолт болохоос хоёр хоногийн өмнө даваа гаригт Киган намайг Бишамд дуудлаа. Тэр өдөр бид тактикийн бэлтгэл хийж, довтолгооны хувилбаруудыг давтсан. Киган “Чи гурав дахиад ийм юм хийж болохгүй, ингэх хэрэгтэй” гэхчилэн заавар өгнө. Түүний энэ үг намайг гайхшруулж байлаа. Түүний үгнээс би тоглолтод гарч магадгүй нь гэсэн хандлагыг мэдэрсэн. Сонссон бүхэндээ итгэхэд бэрх байв. Би Английн шигшээгийн үндсэн бүрэлдэхүүнд гарах гэж үү? Ингээд бодохоор биелэх боломж тун бага мэт харагдана.
Бернхэмд өрөөндөө оронгуутаа аав руугаа залгалаа. “Аав аа, би Английн шигшээгийн төлөө тоглож магадгүй нь байна шүү. Дасгалжуулагч надад лхагва гаригт намайг хэрхэн тоглохыг хармаар байна гэсэн” гэлээ. Аав үүнд маш их баярласан ч “Хүү минь, дасгалжуулагчийн үгийг тэгж их ноцтой хүлээж авах хэрэггүй шүү. Киган зүгээр л чиний урам зоригийг сэргээх гэж ингэж хэлсэн байж болно шүү” хэмээв.
Дараагийн өдөр бэлтгэл дээр байдгаараа хичээлээ. Өглөө нь бид Бернхэмд бяцхан баяр тэмдэглэсэн. Энэ өдөр миний төрсөн өдөр тохиож, би 20 нас хүрсэн юм. Шигшээгийн залуус баяр хүргэн, элэгсэн дотно хандацгаана. Өдөр ийнхүү аятайхан эхлэв. Бернхэмийн тогооч надад зориулан бялуу хийжээ. Би түүнээс бялууг аваад дээрх лааг нь үлээхэд намайг тойрон зогссон шигшээгийнхэн “Үг хэл” хэмээн шуугилдав. Би ичсэндээ час улаан болоод суудалдаа хурдан эргэн очсон. Бяцхан баяр маань тун сайхан болж өнгөрлөө. Тэндээс бид шууд Бишам руу явсан юм.
Автобусанд суух үедээ өрөөгөө түгжсэн эсэхдээ эргэлзсэнээ шууд явлаа. Шигшээгийн бэлтгэлийн үеэр өөрийн зочид буудалдаа байрладаг болохоор хэн нэгэн хулгай хийчихвий гэж санаа зоволтгүй байдаг. Тэр өдөр бэлтгэлээс буцаж ирээд өрөөндөө ороод ухаан алдах шахав. Хэдэн арван хүүхэд төрсөн өдрийн галзуу үдэшлэг хийвэл л тийм болохоор орвонгоороо эргэсэн байв. Толь, ор, ширээ гээд л энд тэндгүй оо нялсан байлаа. Ханан дээр “Чиний зөөлөн өгзөг хорвоод мэндэлсний баярын мэнд хүргэе” хэмээн оогоор бичжээ. Үүнийг уншаад Робби Фаулер, Майкл Оуэн нар л ингэж дүрсгүйтсэн байх гэж бодов. Цүнх маань бас байсангүй. Чөтгөр аваг, ямар аймаар болгоо вэ. Ванны өрөөнд ороход хоосон цүнх шалан дээр хэвтэж, харин дотор нь байсан хувцаснуудыг бүгдийг нь онгоцонд хийн цорго нээн орхисон харагдав. Онгоцонд ус дүүрэн халих шахаж байлаа. Уур хүрч, цус маань буцлах мэт болж байв. Болсон энэ явдалд итгэж ядан нойтон хувцаснуудаа онгоцноос гаргалаа. Бүгдээрээ шинэ, үнэтэй хувцас юмсан. Шигшээ багт ирээд дажгүй харагдахын тулд бэлтгэлийн хувцас, цамц, өмд, дотуур хувцас гээд бүгдийг нь шинээр худалдан авсан билээ. Гэтэл өмсөж ч амжаагүй байсан тэр бүхэн маань шал нойтон болчихоод байж байдаг. “Тэнэг амьтан, яах гэж өрөөгөө онгорхой орхиж явав аа” гэж өөрийгөө хараан зүхэж байв. Ёстой хөгийн төрсөн өдөр. Энэ Фаулераас гарцаагүй.
Гэхдээ багийнхныхаа дүрсгүй загнаж, хэдэн арван “Колгейт”-оор өрөөг минь “чимэглэснийг” би Кевин Киганд хэлж зүрхэлсэнгүй. Өрөөгөө өөрөө цэвэрлэхээс өөр сонголт надад байсангүй. Бэлтгэлийн хувцас, гутлаа цонхны ойролцоо тавив. Энэ хоёр хоногийн дараа гэртээ харихад л хатах байх. Тэгээд энд тэнд нялсан оог арчин, ванны өрөөний шалыг зүлгэв. Үдийн цайны цаг дөхсөн тул байдгаараа яаравчилж байлаа. Гэнэт бэлтгэлээс өмсч ирсэн хувцаснаас өөр мөрөн дээр тохчих зүйл байхгүйгээ мэдэв. Бас гутал. Тэгээд шигшээгийн хувцас хариуцсан хүн рүү утасдлаа. Би түүнтэй урьд нь нэг, хоёр удаа л уулзаж байсан байх. Бага зэрэг бэргэсхийн “Уучлаарай, надад өмсөх юу ч байдаггүй ээ. Та өрөөнд ирж нүдээрээ харсан хойноо яагаад ийм байдалтай буйг минь ойлгох байх” хэмээн учирлан гуйв. Удалгүй тэр ирж “Umbro”-гийн хос сандаал өгөөд инээдээ барьж ядан хонгилоор алхан одлоо.
Өрөөгөө цэвэрлэж, хувцсаа янзалсаар үдийн цайндаа хоцрон орлоо. Уурандаа багтарч ядан, нөхдөдөө урам хугаран хоолны өрөөнд очив. Тэгээд “Бусдад муугаа үзүүлэх хэрэггүй. Ердийнхөөрөө л байя” гэж өөртөө хэлэн алхлаа. Хоолоо аваад алхаж явахдаа гэмтнийг хайн тойруулан харж байв. Гэвч “Шерлок Холмс”-т сэжигтэй хүн анзаарагдсангүй. Бүгд л хоолоо идэж байгаад над руу харж толгой дохиод дахин өмнөө байгаа тавагтай зүйлд анхаарлаа хандуулах аж. Гэхдээ тэд бүгд дотроо намайг шоолон инээцгээж байгаа мэт санагдан дотроо уурлаж байлаа. Хөлстэй бэлтгэлийн хувцсаа солиогүй мөртлөө хоолондоо хоцорч ирсэн учрыг тэд мэдэж байгаа байх. Хэн ч надаас учир байдлыг лавласангүй. Хүн болгоны царайг ажиглан өө сэв хайж байлаа. Эдний хэн нэг нь энэ хэрэгт заавал холбоотой байж таараа. Харин тэр гэмтэн нь ажлаа хийж сурсан бололтой өчүүхэн ч сэжиг, гогцоо гаргахгүй байна даа.
Фаулер л буруутан байх ёстой. Тэр үргэлж хэн нэгнийг чадаж явдаг билээ. Хэрвээ би бооцоо тавибал Фаулерыг энэ хэргийн гол хүнээр нэрлэж, Макманаманыг хамсаатан нь байх ёстой гэж мөрийцөх байсан. Миний өрөөнд болсон явдлын тухай хэвлэлийнхэн мэдчихээд хамгийн түрүүнд мөн Фаулерыг буруутан байж болох хүнээр нэрлэсэн. Харамсалтай нь сонингууд дээр миний бэлтгэлийн хувцсыг хайчилсныг нь л бичиж байлаа. Уул нь тэд миний өрөөг харсан бол ч. Нэгэнтээ Фаулер энэ хэргийг хийгээгүй гэдгээ охидынхоо нэрийг барин тангарагласан. Гэхдээ тухайн үед тэр ямар ч хүүхэдгүй байсан билээ. Би гарцаагүй Фаулер л миний өрөөг сүйтгэсэн гэдэгт итгэлтэй хэвээр байгаа. Орвонгоороо эргэсэн өрөө минь түүний л бүтээл байх ёстой. Нэг өдөр тэр үүнийгээ ухамсарлаж ойлгоод хэргээ хүлээх байх аа.
Тэр орой бэлтгэл рүү явах автобусанд ороод урд хэсэгт нь зогсон “Миний өрөөг хэн сүйтгэснийг хэн нэгэн мэдэж байна уу?” гэж асуув. Манай багийнхан сонин унших юм уу, утсаар ярин миний хэлснийг сонсоогүй дүр үзүүлэн сууцгаана. Би Ширерийн хажууд очин суулаа. Түүнээс “Алан, та энэ талаар ямар нэг юм мэдэх үү?” гэж асуухад тэр над руу тоомжиргүй харав. Түүний харцнаас бодлыг нь уншиж болохоор байлаа. Ширер “Амаа тат нусгай минь. Би чамд хэргийн эзнийг олж өгөх гээд явж байх уу. Усан тэнэг минь явж үз” гэх мэт санагдаж билээ. Тэр амнаасаа нэг ч үг унагаасангүй. Тэр намайг үл ойшоон харсан хэвээр байлаа. Тэр энэ явдлын тухай гарцаагүй мэдэж байгаа. Тэгэхээр эд нар бүгдээрээ үүнд оролцжээ. Би Фаулерыг буланд шахаад үнэнийг хэлүүлмээр л байсан. Гэвч би тэгж чадахгүй. Би энэ багт дөнгөж орсон хүн. Бараг хүүхэлдэй л гэсэн үг. Одоог хүртэл би хэн миний өрөөг сүйдэлснийг мэдэхгүй л байна. Миний хувцаснуудыг дахиж ашиглахын аргагүй болгосон учир буруутныг олохыг маш их хүсдэг. Хайртай бэлтгэлийн хувцсаа хогийн саванд хаях үнэхээр харамсалтай байсан. Би Фаулерыг хэзээ ч уучлахгүй дээ.
Миний 20 насны төрсөн өдөр хэзээ ч мартагдашгүй болж өнгөрсөн. Бэлтгэлийн дараа Киган миний мөрийг алгадаад “Чи маргааш оройны тоглолтын талаар ямар бодолтой байна?” гэхэд нь “Хурдхан тоглолтын цаг болоосой гэж тэсч ядан хүлээж байна” хэмээлээ. Тэр миний нүд рүү эгцлэн хараад “Залуу минь чи үндсэн бүрэлдэхүүнд гарах болно” гэв. Би ухаан алдах шахав. Энэ бол миний хамгаас илүү сонсохыг хүсч мөрөөдөж байсан үг шүү дээ. Английн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглох цаг ирлээ гэж үү? “Баярлалаа дасгалжуулагч аа, би таны итгэлийг алдахгүй ээ”.
Киган хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр явав. Тэр даруй намайг харах гэсэн сурвалжлагчид Бернхэмийн гадна талд шавлаа. Английн шигшээ багт тоглох шинэ хүүгийн талаарх мэдээлэл хэн бүхэнд сонин байсан нь мэдээж. Би тэдний хараанаас мултарч чадсангүй. Олны анхааралд өртөх тусам айдас нэмэгдэж байв. Тэдэнтэй нүүр тулан, ярилцлага өгнө гэхэд зүрх амаар гарах гэж байгаа мэт санагдана. “Ливерпуль”-д сэтгүүлчидтэй цөөнгүй удаа уулзаж байсан л даа. Гэхдээ тэнд бол бид бие биеэ мэддэг болчихсон байдаг. Үндэсний хэмжээний сонины сурвалжлагч очлоо гэхэд тэд нэг хүнийг онцлолгүй, клубийн хэмжээнд ажлаа хийдэг юм. Харин Английн шигшээ багт орно гэдэг бүх зүйл нь өөр билээ. Бернхэм Биичсийн гадна талд хэвлэлийн том арми ажлаа хийхэд бэлэн болсон нь харагдана. Би зочид буудлын үүдний танхимд ороход тэнд сууж байсан шигшээгийн хэдэн залуу “Амжилт хүсье” хэмээн намайг сурвалжлагчид руу үдэв. Бурхан минь, сандарч тэвдэхээр гэдэс мушгирах шиг санагдах юм. Би хэвлэлийнхний асар луу яг л цаазын тогтоол уншуулсан ялтан шиг гэлдэрч байлаа. Ярилцлага өгнө гэдэг миний айдаг зүйлийн нэг. Одоо хашир, туршлагатай тоглогчид тооцогдох болсон ч гэсэн сэтгүүлчдийн өмнө би 100 хувь сэтгэл амар байж чаддаггүй. Үнэндээ би нийт олонд хандаж юм хэлэх дургүй. Ичсэндээ түгдчин байсан тэр үе минь хааяа бодогддог юм.
Тэр өдөр миний хувьд Бернхэм яг л там мэт санагдаж байв. Хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Адриан Бевингтон надтай уулзаад олон микрофон, дуран хараад сандрах хэрэггүй гэж зөвлөлөө. “Юу ярих вэ гэж санаа зоволтгүй. Тэд өөрсдөө чамайг аваад явчихна” хэмээн тэр хэлэв. Бурхан минь, тэнд намайг хүлээж суусан сэтгүүлчдийг хараад нүдэндээ итгэсэнгүй. Би тэдэнтэй нүүр тулгарахыг хүсээгүй учир толгойгоо бараг өндийлгөөгүй ч бараг зуу гаруй хүн байгааг анзаарсан. Биеэ барьснаа мэдэгдэхгүйг хичээн тэдний асуултад хариулж эхлэв.
Хэн нэгэн “Чиний давуу тал юу вэ?” гэж асуув. Би “Аль байрлалд тэр билээ?” гэж өөдөөс нь асуулаа.
Ийм зүйлтэй анх удаа нүүр тулгарсан ч би өөртөө итгэлтэй байгаа мэт сууж байв. Зарим асуултад Киган миний өмнөөс хариулан, намайг биеэ тоосондоо дуугарч ядаад байгаа биш шүү гэж тайлбар тавилаа. “Тэр авъяастай, ур чадвартай болохоороо ийм итгэлтэй байгаа юм шүү” гэж тэр хэлэв. Хэвлэлийнхэнтэй уулзахад дэргэд минь байж, тэдний зүгээс ирэх дарамтыг хөнгөлж өгсөн Киганд маш их талархаж байлаа. Ингэж сэтгүүлчидтэй нүүр тулан уулзах нь миний хувьд анх удаа байсан.
Хэвлэлийн бага хурал дууссаны дараа даруйхан тэндээс холдох гэсэн авч өөр нэг зүйлд баригдчихав. Энэ удаа гэрэл зурагчид намайг бүчин авлаа. Бевингтоны зөвлөснөөр Киган, бид хоёр Английн шигшээгийн малгай барин зургаа авахуулав.
Миний шигшээгийн анхны тоглолт. Тиймээс би зураг авахуулахад энгийн биш байх ёстойд суралцсан. Тэр малгай нь 1970-аад оноос Английн шигшээд янз бүрийн алба хашиж ирсэн Пол Мадлигийнх байсан. Тухайн үед Мадлигийн малгайг өмсөхөд хэмжээ нь надад таарсны зэрэгцээ утга агуулгын хувьд ч тун нийцтэй байсан билээ. Хүн бүрт, ялангуяа Кевинд Английн шигшээгийн төлөө бүхнийг хийх болно гэдгээ харуулахыг хичээсэн юм.
Хэвлэлийнхнээс холдож, өрөөндөө буцаж очиход дотор минь уужирлаа. Би тэнд арав орчим минут болоход утсанд маань арван дуудлага, олон арван мессеж ирсэн байв. Миний шигшээдээ тоглох болсныг хүмүүс хэдийнэ мэдчихжээ. Үндсэн бүрэлдэхүүнд гарна гэсэн баяр хөөр маань гэр бүлийнхэн, найз нөхдөдөө тасалбар олж өгөх хүслээр солигдов. Маш олон хүн “Уэмбли”-д ирэхийг хүсч байлаа. Би тэдний хэнд нь ч тасалбар байхгүй гэж хэлж чадахгүй. “Дараа өөр тоглолтод урих боломж гарна биз дээ” гэж өөрийгөө тайвшруулав. Тиймээс тасалбар олъё гэж төдийлэн хичээсэнгүй. Мөн Хөлбөмбөгийн холбооныхноос тийм олон тасалбар гуйхаасаа санаа зовж байлаа. Хэрэв тэдэн дээр очвол “Дарийн утаа ч үнэрлэж үзээгүй энэ хүүгийн нэхсэн тасалбарын тоог та нар таа даа” гэж шоолох байх гэж төсөөлнө. Миний хувьд Холбооноос ганц, нэг урилга л авах боломжтой. Харин өөрөөр бол заавал худалдаж авах ёстой. Зарим нэг тоглогч өөрийнхөө мэдлийн тасалбарыг зарж магадгүй байсан ч тэднээс үүнийг нь асуухаас эмээж байв. Шинээр ирсэн тоглогч Английн шигшээгийн одод дөхөн очоод “Та өөрийнхөө тасалбарыг хэрэглэх үү?” гэж асууж байна гээд төсөөлөөд үз дээ, та бүхэн.
Украинтай хийх тоглолт үдэш болох байв. Уг тоглолтын өмнө багийн ихэнх тоглогч Бернхэм дэх буудлын өрөө өрөөндөө унтаж байлаа. Энэ нь намайг гайхашруулж орхив. Английн шигшээгийн төлөө тоглох гэж байж яаж ийм амар амгалан унтаж чаддаг байна аа? Би өрөөндөө ийш тийшээ залган цаг нөгцөөхийг хичээнэ. Арай гэж бидний “Уэмбли” рүү хөдлөх цаг боллоо. Автобусанд суух үед хүмүүс эрхий хуруугаа гозойлгон, амжилт хүссэн үг хашгирна. Энэ уг нь зүгээр л нөхөрсөг тоглолт шүү дээ. Гэтэл яг ДАШТ-ий тоглолтод оролцох гэж буй мэт уур амьсгал үүсчээ. Тоглолт эхлэхэд хоёр цаг дутуу байгаа ч хэдэн арван мянган хөгжөөн дэмжигч “Уэмбли”-г зорин алхаж байв. Найз нөхдөөрөө, гэр бүлээрээ яваа дэмжигчид. Бүгд л “Англи” хэмээн уянгуулан уухайлах ажээ. Нүүрэндээ Английн далбааг зуруулсан залуусын нүд шигшээ багийнхаа гайхамшигт тоглолтыг харахыг хүсэн гялалзах бөлгөө. Хөгжөөн дэмжигчдийн энэ байдал миний сэтгэл хөдлөлийг улам бадраалаа. Манай өрсөлдөгч даруухан Украин, дээр нь энэ тоглолт ердөө л нөхөрсөг байсан ч хөгжөөн дэмжигчдийн зүгээс маш гайхалтай мэдрэмжийг төрүүлж байв. Би шигшээ багаа зүрх сэтгэлийнхээ угаас дэмжиж ирсэн шиг автобусны цонхоор харагдах хөгжөөн дэмжигчдийн царайнаас Английн шигшээ баг нийт үндэстний маань эв нэгдлийн илэрхийлэл болохыг ойлгосон.
Энд ирэхээс долоо хоногийн өмнө Майкл надад “Чи хувцас солих өрөөнд ороод ямар нэг юм хийхийг урьтал болголгүй бусдыг ажиглаж, хүмүүсийн юу ярихыг нь сайн сонсоорой. Энэ маш гайхалтай, сонирхолтой байх болно” гэж зөвлөж байв. Тухайн үедээ би түүний юу гэх гэснийг нь сайн ойлгоогүй учир хэлсэн үгийг нь төдийлэн анхаарсангүй. Харин “Уэмбли”-д эзэн багийн хувцас солих өрөөний босгыг алхах мөчдөө Майклын хэлснийг эрхгүй эргэн саналаа. Эндхийн уур амьсгалыг мэдэх боломж ч надад байгаагүй билээ. Миний хувьд “Ливерпуль”-ийнхээ хувцас солих өрөөнд ороод жолооноосоо алдуурсан морь шиг аашилж, хамаг сэтгэлийн хөдөлгөөнөө нуулгүй илэрхийлдэг байсан. Гэвч шигшээ багийнхны дунд орох үнэхээр өөр юм аа, бурхан минь. Энд “Энфильд” дэх хөл толгойгүй үймээнээс хэд дахин илүү шуугиантай байх аж. Кевин Киганы дуудсан тоглогчдоос Сол Кэмпбелл гээд цөөн хэд нь тоглолтын өмнөх сэтгэлзүйн бэлтгэл хийн дороо чимээгүй сууна. Харин Робби, Макка гээд бусад нь клубийн төвшний энгийн нэг тоглолтод оролцох гэж байгаа мэт аашилцгааж байв. Кевин Киганы туслах Дерек Фазакерли, Артур Кокс нар анхааруулсны дараа энэ байдал түр намжив. Гэвч талбайд гарах цаг болсныг мэдэгдэхэд тоглогчдын ярилцах чимээ бага багаар нэмэгдсээр дахиад л энэ өрөөний дуу чимээ дээд цэгтээ хүрлээ. Тоглогчид энд тэндээс цугласан гэдгийг илтгэх шинж энд ердөө алга. Хүн болгон л нэгнээсээ давах гэж чангаар хашгиран ярина. Тийм ээ, энэ бол Англи, миний, бидний эх орон-Английн шигшээ билээ. Сая сая хүн биднийг харж байгаа. Тэдний урмыг хугалж болохгүй. Өрсөлдөгч багийн довтлогчид хууртаж, бөмбөгөө алдах эрх бидэнд байхгүй. Ямар нэг алдаа гаргах юм бол энэ олон нүднээс мултрах аргагүй билээ.
Хувцас солих өрөөнд ийм их чимээтэй байсанд итгэмээргүй байв. Өрөөний голд Алан Ширер, Тони Адамс хоёр зогсчихсон, багийнхныгаа хөгжөөн чанга, чанга хашгирах аж.
Хувцас солих өрөөнд тоглогчид чанга, өндөр дуугаар ярилцаж л байдаг. Харин Ширер, Адамс хоёр ер бусын чангаар хашгирцгаана. Хүн болгонд хандаж юм хэлэх Ширер их тулааны өмнө цэрэг эрсээ зоригжуулан зогсох хүлэг баатар мэт сүртэй харагдаж байв. Адамс болохоор хана даган суусан тоглогчид дээр ээлж дараалан очоод нүүрээ тулган, нүдийг нь харж байгаад “Чи тэдэнд үзүүлээд өгөхөд бэлэн байна уу?” хэмээн чанга дуугаар асууна. Тэр над руу дөхөн ирж өмнө минь зогсоод “Залуу минь, чи бэлэн үү?” хэмээн орилов. Аймхай, зүрх муутай нэгэн болон түүнийг ингэж хашгирахад нь бараг цус нь царцаж, шингэн алдах байсан биз. Би хариуд нь түүнийг эгцлэн нүд цавчилгүй ширтээд “Намайг бэлэн гэдэгт мөрий тавьсан ч болно шүү” гэж хэллээ. Би үнэхээр ч тийм байсан. Адамс миний дэргэдээс сэтгэл хангалуун холдлоо. Түүний ардаас Ширер ирж бүр чангаар “Тэдэнд өчүүхэн ч боломж олголгүй үзүүлээд өгдөг юм шүү” гэв. Киган тоглолтын талаар бидэнд хандан хэдэн үг хэлсэн ч Ширер, Адамс хоёр жинхэнэ зоригжуулах дуудлагыг нь ийнхүү хийлээ. Энэ нь намайг бүр гайхшруулж орхисон. Сэтгэл маш их хөдөлж догдолсондоо би үдээсээ ч үдэж чадахгүй салгалж байсан юм. Бушуухан л тэр украинчуудтай нүүр тулах юмсан. Тэд хаана байна аа?
Украинчууд манай өрөөнд болсон зүйлийг сонссон нь гарцаагүй. Эндхийн их дуу чимээ хонгилд төдийгүй Киевт ч сонсогдохоор чанга байсан билээ. Тоглогчдыг сэргээж, удахгүй болох тоглолтод бэлтгэн хашгирах тэдний дуу пуужин хөөрөх чимээнд ч дарагдахааргүй байсан биз ээ. Гарет Саутгейт мөн тэнд хоолойныхоо чадлыг мэдрүүлж байлаа. Саутгейт, Адамс, Ширер гээд ах тоглогчдодоо хандах хүндэтгэл минь тэр өдөр хоёр дахин нэмэгдсэн. Тэднийг сайн тоглогч гэдгийг би мэднэ. Харин тэд өөрсдийн нь үнэ цэнэ яагаад тийм өндөр байдгийг надад мэдрүүлж чадсан. Бүх тоглогчтой нүүр тулан ярилцаж, “заавал хожно” гэсэн амлалтыг нь авснаар багийн урам зоригийг үлэмж нэмж байв. Адамс, Ширер, Саутгейт нар энэ чанараараа бусдаас ялгарч, тэргүүлэгч гэдгээ харуулсан. Мартин Кеоун тэр өдөр тоглоогүй ч хувцас солих өрөөнд хамгийн идэвхтэй хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний үг бүр нь үнэтэй зөвлөгөө болж байсан юм.
Тоглолтын шүүгч Лубош Михел биднийг гарах хоолойны хэсэгт цуглахыг мэдэгдэн шүглээ үлээлээ. Хоолойны нөгөө үзүүрт гэрэл цацрах нь харагдаж, тэндээс галзуурах шахсан хөгжөөн дэмжигчдийн дуу сонсогдоно. “Энэ их дуу чимээнд хана ч нурна даа” гэсэн бодол талбайд гарах үед өөрийн эрхгүй бодогдсон. “Уэмбли” бол миний урьд өмнө тоглож байсан цэнгэлдэх хүрээлэнгүүдээс хамгийн шилдэг нь. Ихэр цамхаг гэх мэт дурсгалт, тэмдэглэлт байгууламжуудын адилаар энэ цэнгэлдэх хүрээлэн нураад шинээр дахин боссон. Түүхэнд хосгүй энэ газарт шинэ цэнгэлдэх баригдсан хэдий ч тэр нь хэзээ ямагт алдартнуудыг төрүүлэн гаргадаг, зөвхөн шилдгүүд л хүчээ үздэг “Уэмбли” хэвээр байх болно. Би энэ цэнгэлдэх хүрээлэнд болсон маш олон шувтаргын тоглолтыг зурагтаар үзэж, мөн өөрөө цөөнгүй тоглолтыг энд хийж байв. Хюитоноос ирсэн залуу тоглогч миний хувьд энэ цэнгэлдэхэд тоглоно гэдэг ирээдүйд амжилт гаргах их итгэлийг төрүүлсэн юм. “Ливерпуль” болон Английн шигшээгийн төлөө “Уэмбли”-д тоглоно гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай билээ. Төрийн дууллаа сонсохоор багийнхантайгаа зэрэгцэн зогсох үедээ цэнгэлдэх дэх хөгжөөн дэмжигчдийг тойруулан хараад өөрийн эрхгүй сүрдэв. Английн шигшээ багийнхантай анх удаа мөр зэрэгцэн зогсоод төрийн дуулал “Хатан хааныг минь бурхан ивээг”-ийг хамт дуулахад маш бахдалтай байлаа.
Михел тоглолтыг эхлүүлэхэд би “Премьер лиг”-ийн түвшнээс шигшээ багийн тоглолтын зэрэглэлд ур чадвараа ахиулах нэг алхмыг хийсэн. Киган 3-5-2 хувилбарыг сонгосон бөгөөд би хагас хамгаалалтад Макка, Скоулз хоёртой зэрэгцэн тоглов. Бурхан минь, украинчууд санаснаас хамаагүй ур чадвартай юм. Надад амьсгаагаа дарах өчүүхэн ч боломж гарахгүй байлаа. Тэдний довтлогч Андрей Шевченко, Сергей Ребров нар тухайн үед дэлхийн хамгийн шилдэг довтолгооны хослолын нэгд тооцогддог байсан билээ. Тоглолт болохоос өмнө Украины тоглолтын бичлэгийг үзэхэд Киган тэднийг хамгийн их аюул учруулж болох хүнээр нэрлэж байсан юм. Саутгейт, Адамс, Кэмпбелл нарыг тэд үе үе сандаргаж байв. Ялангуяа Шевченко бөмбөг авахаараа алдах нь бараг үгүй аж.
Тэднийг надад дөхөн ирэх үед би анхаарлаа дээд зэрэгт төвлөрүүлэн алдаа гаргахаас болгоомжилж байлаа. Бөмбөгт хүрч байгаа байдал, туугаад гүйх зэрэг нь маш гайхалтай бөгөөд өчүүхэн алдаа гаргахад л хэдийнэ хуурч гараад гүйж одох бөлгөө. Гэхдээ би бүх зүйлийг санаснаараа гүйцэтгэж чадаж байсан. Тэгэх бүрийд өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж байв. Украинчуудаас бөмбөгийг нь эвлэгхэн салгах бүрт үзэгчид алга ташилтаар урам хайрлана. Нэгдүгээр үеийн дунд хэсэгт би Саутгейтэд хөндлөн дамжуулалт өглөө. Тэгээд Юрий Дмитрулинтэй урд хойноо орон гүйхэд Гарет бөмбөгийг надад буцаан дамжуулав. Энэ үед Бекхэм бөмбөг авахад тун тохиромжтой газар зогсож буйг анзааран, түүнд дамжуулаад украинчуудын болзошгүй сөрөг довтолгооноос болгоомжлон буцаад байраа эзлэв. Дэвид Бекхэм тэргүүтэй дэлхийн том ододтой мөр зэрэгцэн, шилдэг довтлогч Шевченкогийн хөлөөс бөмбөгийг нь булаан “Уэмбли”-д тоглох нь үнэхээр гайхалтай мэдрэмжийг төрүүлж байлаа. Робби тоглолтын эхний бөмбөгийг оруулаад Тони дахин нэгийг хийсний дараа миний урам зориг бүр нэмэгдсэн.
Ялалт бидний талд ирэх нь тодорхой боллоо. Тоглолт дуусахаас найман минутын өмнө Киган намайг Киерон Дайертай сэлгэв. Би талбайгаас гарахаар алхаж явахдаа эргээд харахад Шевченко надтай ойрхон зогсож байсныг хамгаас тод санадаг. Би агуу Шевченкотой нэг талбайд тоглолоо шүү дээ. Энэ бол миний мөрөөдлийн нэг хэсэг юм. Энэ тухай бодоод солиорч байгаа юм биш биз гээд өөрийгөө чимхэж хүртэл үзсэн. Тоглолтын дараа манай хувцас солих өрөөнд Украины шигшээгийн шалба норсон хувцаснууд ирлээ. Би тэднээс “Арсенал”-д баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан Олег Лужныйгийн хувцсыг сонгон авсан. Би түүнийг аавдаа өгсөн юм. Би украинчуудад зориулан мөн тоглолтын хувцсаа явуулж, бас өөр нэгийг өөртөө авч үлдсэн. Английн шигшээд анхны тоглолтоо хийснээ дурсах гэж авсан тэр хувцсаа жаазлан, гэртээ шатны дэргэд хадсан юм.
Тоглолтын дараа шууд л гэр бүлийнхэн болоод найзуудтайгаа ярихаар утас шүүрэн авлаа. Би хувцас солих өрөөнд тоглолтын өмнө болдог үйл явдлын тухай онцлон ярихыг хүссэн. Гэвч энэ гайхалтай мөчийн дараа олон зүйл толгойд зэрэг орж ирээд олигтой ч юм ярьж чадсангүй. Тавдугаар сарын тэр нэгэн үдэш би хөл хөөрцөг болсоор “Уэмбли”- гээс гарч билээ. Манай баг 2:0-ээр хожсоны зэрэгцээ Английн хөгжөөн дэмжигчид миний тоглолтод алга ташин баяр хүргэснийг аав, ээж маань зурагтаар үзэж, сонссон байх гэж бодон бахархалтайгаар алхаж байв. Гэхдээ үүнээс хүнд хэцүү тулаанууд намайг хүлээж байсан юм.
Тэр тоглолт бол жирэлзээд л өнгөрсөн. Оюун санаа болон биеийн хүчний хувьд би тэр өдөр тун сайн байсан. Тэсвэр хатуужил, талбайг бүхэлд нь харах байдлаараа би өндөр үнэлгээ авсан. Киган үүнийг онцгойлон анзаарсныг нь ч мэдэрч байв. Энэ өдөр ингэж тоглосноороо “Евро-2000”-д оролцох үүдээ нээсэн билээ.
СПА ДАХЬ БАЯР БАЯСГАЛАН ХИЙГЭЭД УЙТГАР ГУНИГ
“Евро-2000”-ын туршид би гэрээ санаж, уйтгарласан доожоогүй хүн байлаа. Англиас мордох үед нутагтаа хоргодох сэтгэл багахан төрсөн. Харин Мальтад буудаллахад энэ маань бүр хүчтэй болсон. Бид зургадугаар сарын 3-нд “Евро-2000”-ын өмнөх бэлтгэлээ хангах нөхөрсөг тоглолтыг энд хийсэн юм. Валетта хот байгалийн үзэсгэлэн цогцолсон, тааламжтай цаг уур бүхий гайхамшигт газар боловч энэ байдал намайг тайвшруулахгүй байв. Гэрээ хэт санагалзах энэ байдал миний бие махбодид эсрэгээр нөлөөлж, “Евро-2000”-ын тоглолтуудад үндсэн бүрэлдэхүүнд гарах боломжгүй болгож байлаа. Тухайн үед би өөрийнхөө яагаад байгаа учрыг ойлгохгүй байв. Гагцхүү бэлтгэлийн үеэр л сэтгэл минь бага зэрэг сэргэдэг байсан.
Бельгийн Спагийн ойролцоох Английн шигшээ багийн буусан зочид буудалд төвхнөөд бушуухан бэлтгэлийн цаг болоосой гэж тэсч ядан хүлээв. Энэ том тэмцээнд оролцохоор ирсэндээ сэтгэл минь догдолж байсан ч өөрийнхөө зогсонги байдалд орсныг ойлгохгүй хэвээр л байлаа. “Надад юу тохиолдоод ийм сонин байдалд орчихов оо?” гэж өөрөөсөө асууна. Хөлбөмбөг тоглодог хүн бүрийн мөрөөдөл болсон Европын АШТ-д оролцохоор болж, тивийнхээ шилдэг тоглогчидтой нүүр тулан өрсөлдөх болсондоо баяртай байв. Тьерри Анри, Алессандро дель Пьеро гээд Европын шилдгүүд энд цуглажээ. “Евро-2000” миний хувьд өөрийгөө нээн олон түмэнд таниулах, энэ шилдгүүдийн эсрэг хэрхэн тоглож чадах вэ гэдгээ тандах сайхан боломж гарч байгаа ч Хюитон дүүргийн Айронсайдын 10 дугаар байшиндаа очихыг хамгаас илүү хүсч байв. Би гэртээ л сэтгэл амар байдаг билээ. Энэ тэмцээн миний хувьд гэрээсээ удаан хугацаагаар хол байсан анхны тохиолдол юм. Урьд нь ямар нэг тэмдэглэлт баяр юм уу, хөлбөмбөгийн айлчлан тоглолтоор дээд тал нь долоо хоногоор гэрээсээ хол байдаг байлаа. Долоо хоног гэрийнхнээсээ тусдаа байхад цаг хугацааг төдийлэн мэдрэлгүй өнгөрөөдөг байсан бол “Евро-2000” огт өөр сэтгэгдэл төрүүлж байсан. Хэдий энэ сайхан үйл явдал ч таван долоо хоног гэртээ очихгүй байна гэдэг миний хувьд шоронд хоригдох ял сонссон мэт бэрх байсан юм.
Ийн сэтгэл тавгүйтэхийн зэрэгцээ гэдэс хямраад хэцүү байлаа. Би Англид, Ливерпульдээ буцан очоод, аав, ээж, Пол ахтай байхыг, гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн суухыг маш их хүсч байв. Найзууд, хөршүүд гээд ойр дотныхонтойгоо уулзмаар санагдана. Ээжийнхээ чанасан цайг ууж, аав, ах хоёртойгоо ярилцмаар байлаа. Гэрээсээ хол байхад би үнэхээр дургүй. Гэртээ, дасал болсон дөрвөн хананыхаа дунд би сэтгэл амар, тайван байдаг юм. Спад өрөөндөө цонхоор харагдах өтгөн шигүү ойг гунигтайгаар ширтэн буйдан дээр суухдаа хэн нэгнээс тусламж эрэн хашгирмаар санагдана.
Орой бүр гэрийнхэнтэйгээ утсаар ярьдаг ч өөрт тохиолдсон зүйлийнхээ тухай аав, ээждээ хэлж зүрхэлдэггүй байлаа. Үнэндээ гэрээ санасан гэж хэлэхээс ичсэн хэрэг. “Энд бүх зүйл сайхан байна, та нар санаа зоволтгүй дээ” гэнэ. Бага биш цалин авдаг мэргэжлийн хөлбөмбөгч болоод улмаар эх орноо төлөөлөн шигшээ багт уригдаад байна. Энд хөгжилтэй, найрсаг залуус цуглажээ. Арваад жил үерхсэн Майкл Оуэнээс эхлээд бүгдтэй нь л ойр дотно харилцаж, тоглож наргиж байв. Кевин Киган ч надад тун элэгсэг дотно ханддаг байлаа. Кевиний хувьд “Евро-2000” гэсэн энэ том тэмцээнд туршлага нимгэн намайг багтаа сонгосон нь аз туршсан хэрэг байсан гэж би боддог. Энэ багт багтсан нь миний хувьд том аз завшаан билээ. Өчүүхэн төдий алдаа гаргахад намайг орлон ирэх хүн Англид зөндөө бий. Тиймээс би гэрээ санаж, тавгүй байгаагаа аргацаахыг, бусдадаа мэдэгдэхгүйг хичээдэг байв.
Нэг орой би тэсэлгүй ээждээ бүх үнэнээ хэллээ. “Ээж ээ, би энд баймааргүй байна. Таны дэргэд очмоор санагдаад унтаж ч чадахгүй юм” гэв. Ингэж хэлэхэд мэдээж эцэг, эх маань надад санаа зовсон. Тэд Пол ах, бид хоёрт маш их анхаарал тавьдаг. Гэвч тэд миний хэлснийг сонсоод яаран болчимгүй зүйл хийхийг хүссэнгүй. Аав харилцуурыг аваад надад “Стивен, хүү минь, чи энд юугаа ч орхиогүй. Тиймээс наашаа ирэх гэсний хэрэггүй. Хэрэв чи гэртээ ирвэл хоёр, гурав хоносны дараа дахиад л Спа руу явмаар санагдах болно. Тиймээс шигшээ багтаа бүх анхаарлаа хандуулаад хичээ” хэмээв. Би “Аав аа, би бэлтгэлээ сайн хийж байгаа. Энд байх ч сайхан байна. Гэхдээ энэ бүхнээс илүү гэртээ харимаар санагдах юм. Энэ бүхэн хэр удаан үргэлжлэх юм бүү мэд, хурдхан л харимаар байна” гэлээ. Аав “Чи тэгээд энэ тухай дасгалжуулагчдаа хэлсэн үү?” гэж асуухад нь “Үгүй ээ, би тэгж чадахгүй” гэж хариулсан. Би яаж ингэж хэлж зүрхлэх билээ? Шигшээ багтаа ганцхан тоглолт хийсэн байж Кевин дээр очоод “Дасгалжуулагч аа, би гэрээ санаад байна” гэж хэлэх нь ичгэвтэр хэрэг. Хэрэв тэгвэл тэр намайг багаасаа шууд хасах байсан биз. “Евро-2000” хараахан эхлээгүй учир Кевинд намайг хэн нэгнээр солих эрх бий. Эцсийн дүнд энэ байдлаас гарах ганц зам нь тэмцээндээ бүх анхаарлаа хандуулах байсан.
Гэрээ санана гэдэг надаас салахгүй нэг дутагдал бололтой. Одоо ч гэсэн би гэрээсээ хол байхдаа ийм зүйлийг мэдэрдэг. Португалд болсон “Евро-2004”-т ч гэсэн би дээрхийн адил хүнд өдрүүдийг өнгөрүүлсэн. Би үнэхээр гэр амьтай хүн юм аа. Хэрвээ би хөлбөмбөгч биш байсан бол ингэж хоёр сарын турш гэрээсээ хол байж чадахгүй байсан биз ээ. Би энэ дутагдлаа үзэн яддаг. Хэрэв гэрийнхэнтэйгээ хамт шигшээ багийн буудалд байрлавал өөр хэрэг. Хичнээн удаан явсан ч ажрахгүй байх. Гэхдээ гэртээ ганцаараа байхад мөн дургүй. Ийм тохиолдолд нэг цаг болоод л уйдсандаа утсаа шүүрч аван хэн нэгэн рүү залгадаг. Тэгэхээр би гэртээ биш, гэрийнхэнтэйгээ байх дуртай юм.
Европын АШТ-ий үеэр гэрээ санаж уйтгарлахын зэрэгцээ энэ том тэмцээнд оролцох болсондоо баяртай байсан. Найзууд маань над руу утасдаж Английн шигшээгийн тоглогч болсонд бахархаж байгаагаа хэлэн, намайг азтай хэмээж байв. Тэдний ингэж ярих бүрт намайг нөмөрсөн уйтгар гунигийн хар үүл агшин зуур арилж, сэтгэл минь баяр хөөрөөр цэлмэдэг байлаа. Дэлхийн хамгийн олон хүн үзэж сонирхдог энэ арга хэмжээнд оролцож байна шүү дээ, би.
Биднийг Англиас мордохоос өмнө улс орон даяар Европын АШТ-ийг тэсч ядан хүлээж буй нь мэдрэгдэж байсан. Байшин бүрийн гадна Английн далбаа намирч, автобус, галт тэрэгний бөөрөн дээр шигшээ багаа дэмжсэн уриа харагдана. Сонингууд ч энэ үйл явдалд зориулан хуудасны тоогоо нэмжээ. Би энэ бүхний нэг хэсэг нь болохыг маш их хүсч байлаа. Тавдугаар сарын 31-нд Украинтай хийсэн нөхөрсөг тоглолтын дараахан Киган эцсийн бүрэлдэхүүнээ зарлахад би түүнд нь багтсан. Би өөрийгөө бусадтай харьцуулахад туршлага багатай, ганцхан тоглолтод оролцсон гэж голж байв. Гэвч Киган миний нэрийг Алан Ширер, Дэвид Бекхэм, Тони Адамс, Пол Скоулз нарын ододтой хамт дуудлаа. Английн шигшээ багийн төлөө ердөө 81 минут тоглосон би Голланд, Бельгид болох Европын АШТ-д оролцох багт ийнхүү багтав.
Английн хөлбөмбөгийн холбоо болон Кевин Спад тоглогчдынхоо тав тухыг хангахад бүрэн анхаарчээ. Усан сан, ширээний теннис, тулааны төрлүүд голчлон орсон компьютер тоглоом, 18 нүхтэй гольфын талбай гээд хүн болгоны сонирхдог зүйлийг цогцлоосон байв. Бидэнд дутагдах зүйл юу ч байсангүй. FA-гээс огтхон ч гар таталгүй бидэнд анхаарал тавьсан. Тэмцээний өмнө тоглогчдын сэтгэлийг сэргээхээр олон арга хэмжээг зохион байгуулж байв. Тоглогчид өөрсдөө санаачлан шөнийн уралдаан зохион байгуулахад Макка, Робби нар ялж, Эйнтригийн тойруулгад1 түрүүлсэн мэт бардам алхаж байлаа. Кевин ч гэсэн бидэнтэй нийлээд бужигнана. Зочид буудлын зарим өрөөнд хөзөрчдийн цуглаан болно. Хэн, хаана тоглож байгааг олоход тун амархан. Хөзөр тоглож байгаа газар маш их дуу чимээтэй байдаг юм. Миний хувьд хөзөр тоглох дургүй ч бусдынхаа хэрхэн хөгжилдөхийг харж, сонсох сайхан байдаг. Хэвлэлийнхэн Кевинийг энэ тал дээр их шүүмжилж байсан. Түүний энэ нөхөрсөг, нийтэч байдал багийг улам нягт, дотно болгоход түлхэц болж байв. Сонинд бичсэн шиг багийн амжилтыг доош нь татсан зүйл байгаагүйг онцлон хэлье. Кевинийг ийнхүү нээлттэй байхад тоглогчдын хэн нь ч юугаа ч нуулгүй, илэн далангүй ханддаг байсан. Миний хувьд хүйтэн, хөндий, сүрдмээр албаны царайлсан дасгалжуулагчдаас Кевинийг илүүд үзнэ. Тэр “Евро-2000”-ын турш надтай яг эцэг шиг минь харилцдаг байсан.
Кевиний энэхүү нээлттэй, нийтэч зан миний биеэ барьсан байдлыг эвдэж, би аажим аажмаар шигшээгийн нэг хэсэг нь болж байлаа. Үнэндээ бид тал талаас цугласан болохоор хүн болгон л ийм байсан. Нэг удаа хонгилд Гэри Невиллтэй таарахад тэр “Ливерпуль”, “Юнайтед”-аар хуваагдан, усан поло, бильярдын тэмцээн хийх санал гаргаж билээ. Европын АШТ-ий үеэр би бүх тоглогчтой ярилцаж, харилцаагаа гүнзгийрүүлж байв. Деннис Уайс-тай ойлголцоход хамгийн хүнд байсан. Гэхдээ би түүнтэй сайн найз болж чадсан. Над шиг шинээр ирсэн тоглогчтой ахархаж, ёс бус харилцсан хүн гараагүйд би баярлаж байлаа.
Би ийн шигшээгийнхэнтэй бүгдтэй нь энгийн харилцдаг болсон ч Ширерээс айж, эмээдэг хэвээр л байв. Хэрэв хоолны өрөөнд очиход Английн шигшээгийн ахлагч ширээгээ эзэлсэн байвал би аль болох түүний дэргэд суухгүйг хичээнэ. Академид суралцаж байх үед хүн болгон л Ширер, Фаулерын тухай итгэхэд бэрх зүйл ярьдаг байсан билээ. Азаар гэх үү, “Ливерпуль”-д Роббитой хамт тоглодог болохоор би түүнтэй хүссэнээрээ харилцаж чаддаг. Ширерийн хувьд өөр хэрэг. Тэр бол миний шүтээн. Тэр бусдаас онцгой, эрхэмсэг нэгэн. Ширерийг өрөөнд орж ирэхэд хүн болгон хийж байгаа зүйлээ орхин түүнийг хардаг. Тэр зөвхөн гадаад төрхөөрөө ийн бусдын анхаарлыг татдаггүй. “Евро-2000”-ын үеэр би түүнийг шилдэг төвийн довтлогчийн зэрэгцээ эрхэмсэг, ихэмсэг нэгэн болохыг нь мэдэж авсан. Гэхдээ энэ бол их зантай гэсэн үг биш. Түүнийг биеэ, “би” гэж байхыг нь мэдэхгүй юм. Нээлттэй, нийтэч, нөхөрсөг зан бол геордичуудын3 нийтлэг төрх билээ. Тэр намайг шинэ хүн гэж үл тоомсорлолгүй дуудан ярилцдаг байсан. Аажмаар би энэ агуу хүнтэй эмээлгүй ярилцдаг боллоо. Тэр “Залуу минь, дажгүй байгаа биз?” гэж санаа тавина. “Аялал хэр байна даа? “Ливерпуль”-д ямар байдаг вэ?” гээд яриа өднө. Талбай дээр уйгагүй тэмцэгчийн төрхтэй тэрбээр энгийн үед санаснаас дуу цөөтэй, даруухан юм билээ. Зурагтаар харахад их догшин, ширүүн төрхтэй санагдсан түүнтэй анх ярилцаж үзээд л тийм бишийг нь мэдэж гайхаж байлаа. Ширер надтай юу ч хамаагүй ярьж, гэрээсээ хол байж үзээгүй миний гэрээ санасан сэтгэлийг мартуулахыг хичээдэг байв.
Ийнхүү Ширертэй элдвийг ярьж, Гари Невиллтэй бильярд тоглон, хөзөрчдийн хөгжилдөөнийг хөндлөнгөөс сонсон баясах нь маш таатай байлаа. Спад очоод эхэндээ тамд байгаа юм шиг санагдаж байсан бол ингэж багийнхантайгаа ойр болж чадсанаар диваажинд очсон мэт болж билээ. Гэхдээ супер оддоор хүрээлүүлсэн ийм нөхцөлд дотор минь гэрээ санах сэтгэл хургасаар байсан юм. Өчнөөн олон тэмцээнд оролцож, түрүүлсэн тэдэнтэй адил түвшинд харилцаж, тоглоомд урьж хараахан төвдөхгүй байсан.
Азаар “Астон Вилла”-гийн Гарет Бэрри мөн надтай адил шигшээд шинээр иржээ. Бүх тоглогч тусдаа өрөөнд орсон бол бид хоёрын өрөө дундаа нэг зочдын танхимтай байлаа. Тоглогчид бүгдээрээ үүдэндээ ийм илүү өрөөтэй байхыг хүссэн ч Кевин тэрийг нь шинэ хөвгүүдэд хуваарилсан юм. Бидний өрөө яг өөд өөдөөсөө харсан байв. “Евро-2000”- ын үеэр би Гареттай тун сайн найз болж, одоо ч дотно нөхөрлөсөөр яваа. Миний адил Гарет Английн шигшээгийн цуутай тоглогчдын дунд анх ороод бэргэсхийн явдаг байж. Би түүнтэй сэтгэлээ нээн ярилцсанаар хөгжилтэй, яриа хөөрөөтэй залуу болохыг нь мэдэж авсан. Бид бильярд, ширээний теннис тоглож, хоолонд орохдоо ч хамт явдаг байв. Яг л гэрлэсэн хосууд шиг бие биенээсээ бараг холддоггүй байж билээ. Гаретыг сайн тоглогч гэдгийг хүн бүр мэддэг. Нэг удаагийн бэлтгэл дээр тэр зүүн жигүүрээс хэд хэдэн удаа гайхалтай хөндлөн дамжуулалт өгөхөд шигшээгийн том ах нар түүнийг шагшин ярилцаж байсныг нь тод санаж байна. Киган ч биднийг тоглолтод гарахад бэлэн болсон эсэхийг шалган, үргэлж анхаарал тавьдаг байв.
Кевиний туслах Артур Кокс надад хэн хүнээс илүү дотно ханддаг байлаа. Мөн Киган ажилдаа туслуулахаар бэлтгэлийн баазад Найжел Спэкмэн, Питер Бэрдсли, Кенни Свэйн нарыг дууджээ. Тэр гурав Гарет, бид хоёр шиг шинэ тоглогчдыг хэрхэн бухимдлаас ангижруулахаа мэддэг ажээ. Найжел, Питер, Кенни гуравгүйгээр би гэрийнхнийгээ санаж шаналахаа болино гэдэг худлаа байсан байх аа. Тэд дасгалжуулагчдын багийн албан ёсны гишүүн биш ч бидэнтэй чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байсан. Энэ байдлаараа тэд миний хамгийн итгэлт хүмүүсийн нэг болсон. Найжел “Залуу минь, толгой гудайхгүй шүү” гэхэд Питер “Өөдрөг, сэргэлэн байх хэрэгтэй” хэмээн, Кенни “Ямар нэг хөгжилтэй тоглоом тоглоё л доо” гэж үг нэмнэ. Тэд яг л миний төрсөн ах мэт намайг асарч, тойлж байсан. Тоглолтыг нь харж, биширч дууриаж явсан хүмүүс маань надтай ингэж харьцахаар урам зориг орж, тоглолтдоо бүх анхаарлаа хандуулъя гэсэн бодол төрдөг юм билээ. Спад байсан тэр богино хугацаанд Найжел, Питер, Кенни гурав намайг хувь хүн болоод тоглогчийн хувиар түвшнийг минь шат ахиулсан гэж боддог. Тэдний миний төлөө хийсэн бүхэнд нь би талархаж явдаг.
Гэхдээ Киганы багийн зарим хүн, тодруулбал хоёр дасгалжуулагч миний урам, зоригийг үргэлж хугалдаг байсан. Одоо ч гэсэн би Лес Рид, Дерек Фазакерли нарын тааварлашгүй аашийг нь ойлгодоггүй. Би урьд нь гэрээсээ олон хоногоор хол явж үзээгүй залуу хөлбөмбөгч. Тийм ч учраас Рид, Фазакерли нарыг арай дээр хандана гэж найддаг байлаа. Гэтэл тэд үргэлж намайг гоочилж, миний хийснийг үгүйсгэнэ. Дасал болсон гэрийнхнээсээ холдож, онгоцоор аялж, зочид буудалд байрлахад хүн болгон л бие биедээ санаа тавин, харилцан тусалдаг. Харин тэр залуус тийм байгаагүй. Тэднийг харахаар, тэдэнтэй ойр байхаараа би тэнд очсондоо харамсдаг байсан.
Гэвч би ийм хүнд, бэрхшээл тохиолдсон үед ямар нэг аргаар уйтгарлахгүйг хичээдэг байлаа. Зөвхөн бэлтгэл, тоглолтдоо анхаарлаа бүрэн хандуулахыг эрмэлзэнэ. Шигшээгийн гарааны 11 тоглогчийн нэг нь болохын төлөө хамаг хүчээ дайчлан хичээж байв. Нэг удаагийн бэлтгэл дээр Гарет Саутгейт, бид хоёр бөмбөгний төлөө тэмцэлдсэнийг хүмүүс саяхныг болтол ярьсан. Гарет миний баруун гар талаас эзэнгүй үлдсэн ганц бөмбөгийг авахаар ирж байв. Тэр бол өрсөлдөгчдөө ямар нэг хор уршиг, гэмтэл бэртэл учруулалгүй бөмбөгийг нь цэвэрхэн булаагаад авчихдаг шилдэг хамгаалагч гэдгээрээ олонд танигдсан нэгэн билээ. Би бөмбөгт хүрэхээр дөхтөл Саутгейт намайг ёврон холдуулаад, хөл доороос бөмбөгийг эвлэгхэн өнхрүүлж аваад цааш эргэв. Надад сонголт байсангүй, би түүний хөлд суун оров. Бэлтгэл дээр ингэж бөмбөг алдана гэдэг миний хувьд тоглолт дээр булаалгаснаас ялгаагүй. Гэтэл Саутгейт тэрий хадан унаж, ингэхэд нь төсөөлөмгүй чанга дуу гарав. Энэ бараг Бельгийн ой даяар цуурайтсан байх аа. Бэлтгэлийн байдлыг сонирхож байсан хэвлэлийнхэн, мөн манай багийнхан бүгд хийж байгаа зүйлээ орхин бидэн рүү харав. Тэгэхэд яг буун дуу шиг чимээ гарч билээ. Сүүлд Киган энэ тухай жаахан хэтрүүлээд ярьчихсан юм шиг санагддаг. Тэр “Бөмбөгнөөс болж нэгнийгээ дамнуурган дээр хэвтүүлэх шахлаа” гэж хэлсэн. Миний хувьд энэ бол энгийн л нэг tackle байсан. Тухайн үед Саутгейтээс ингэж бөмбөгийг нь булааж авчихаад дотроо битүүхэн инээмсэглэн холдож байв. Киган болон багийнхан маань намайг “Евро-2000”-ын төлөө шатаж буйг ойлгосон байх аа.
Бэлтгэлийнхээ багцаагаар би зургадугаар сарын 12-ны даваа гаригт Эйндховенд болох Английн шигшээгийн “Евро-2000”-ын эхний тоглолт Португалын эсрэг хийх тулаанд гарах боломжгүй гэдгээ мэдэрсэн. Манай багийн талбайн дунд хэсгийн түшиг болох хүн нь Пол Инс байв. Тэр Украинтай хийсэн нөхөрсөг тоглолтод шилбэндээ бага зэрэг бэртэл авсан бөгөөд тэр нь гайгүй эдгэжээ. Ер нь тэр “гурван арслан”-гийн хувцас өмсөхөөрөө “Ливерпуль”-д байдгаасаа илүү болчихдог. “Ливерпуль” болон Английн шигшээгийн төлөө тоглохдоо хийхийг хүсдэг хатуу ширүүн хамгаалалт, ашигтай дамжуулалт, хүчтэй цохилтыг тэр төгс гүйцэтгэдэг билээ. Тиймээс ч би түүнийг анхааран ажиглаж, хийснийг нь дууриахыг хичээдэг байв. Хэдийгээр бэлтгэл дээр би заримдаа Инсээс илүү тоглож, Киган ч үүнийг ил тод хэлдэг байсан ч эхний тоглолтод гарах итгэл огтхон ч төрөхгүй байсан. Луиш Фигу, Руй Кошта, Жоао Пинту нарын шилдгүүдийн өмнөөс над шиг туршлагагүй нэгнийг тавих тэнэг хүн тэр биш.
Эхний тоглолт эхлэхийн өмнө манай багийнхан талбайд бие халаалт хийж байв. “ПСВ”- гийн цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрчээ. Хэдий хэдэн арван мянган хүн тэнд цугласан ч тэр олон хүн дотор аав маань байхыг зэрвэсхэн хараад мэдлээ. Английн хөлбөмбөгийн холбооны хөтөлбөрөөр шигшээ багийнхны гэр бүл болон найз нөхөд хөнгөлөлттэй үнээр Европын АШТ-ийг газар дээр нь үзэх боломж тийнхүү гарсан юм билээ. Киган болон бусад дасгалжуулагчдын нүдийг хариулж байгаад үзэгчдийн дундаас аавыгаа хайн олоод хар хурдаараа гүйн очиж тэврэн авсан. Аав гарыг минь атган “Амжилт хүсье” гэж хэлээд буцаав. Гэхдээ би талбайд гарахгүй гэдгээ мэдэж байлаа.
Би нөөц тоглогчдын суудалд суугаад тоглолт үзлээ. Скоулз, Макка хоёр гоол хийж, 20 дахь минут гэхэд манайх 2:0-ээр хошуучилж эхлэв. Английн шигшээ баг яг л нутагтаа тоглож байгаа юм шиг итгэлтэй байсан. Оддоор дүүрэн португалчуудыг манайх байрлал бүрт илүүрхэж байлаа. Би багийнхныхаа тоглолтод сэтгэл баясан Макка, Инси, Майкл нарыг дэмжиж, суудалдаа тогтож ядан байв. “За алив залуус аа, гурав дахийг нь хийгээд өг. Тэднийг бут ниргэ” гэж амандаа бувтнана. Тоглолтын дараа хувцас солих өрөөнд хүн болгонтой тэврэлдэн, “Евро-2000”-ын аваргын цом ойрхон байна гэж ярилцана гэж төсөөлөн суув. Спа руу буцахдаа автобусан дотор хэрхэн хөгжилдөж, буудалдаа очоод гайхамшигт ялалтынхаа талаар ярилцан суух тухай бодож байв. Аав маань гэр лүүгээ утасдаад Англид шигшээ багийнхаа ялгуусан ялалтыг хүмүүс хэрхэн тэмдэглэж буйг хэлэхийг нь тэсч ядан хүлээнэ.
Гэвч бүх юм эсрэгээр эргэлээ. Яг уралдааныг тэргүүлж явсан гүйгч гэнэтхэн их элстэй тулгарч хөл нь шигдэн урагшлахаа болих мэт. Англичуудын идэвх суларч эхэллээ. Яагаад ч юм манайхан португалчуудын дамжуулалт, довтолгоог тасалж чадахаа болив. Фигу үнэхээр гайхалтай тоглосон. Тэр жинхэнэ лидер, шилдэг тоглогч юм аа. Тэдний эхлүүлсэн довтолгоо ямагт хаалган дээр очиж дуусч байв. Гэнэтийн энэ өөрчлөлт итгэмээргүй санагдана. Манайд Ширер, Оуэн, Бекхэм гээд шилдэг тоглогчид байгаа. Тэднийг энэ байдлыг арилгана гэсэн найдлага хором мөч өнгөрөх тусам багассаар. Английн шигшээгийн ар талыг олон жил хад, чулуу мэт хамгаалсан Тони Адамс хүртэл алдаа гаргах юм. Энэ нь Английн шигшээг яг л гүрээний судсаа огтлуулсан амьтан мэт болгож байлаа. Завсарлагаан болохоос өмнө Фигу, Жоао Пинту нар тоог 2:2 болгож тэнцүүлсэн. Хоёрдугаар үед үүнээс илүү хэцүү байна гэдэг бодол хүн бүрийн толгойд хадаастай байлаа. Киганы хөвгүүдийн зориг нь мохжээ. Нуну Гомеш Португалын хожлын гоолыг оруулж, сүүлчийн шүглийн дуу дуугарсны дараа тэд ялалтаа тэмдэглэн баярлах нь бидэнд яг л авсны таг нээх мэт шаналалтай сонсогдож байлаа. Хар дарсан зүүд гэдэг энэ байх.
Тоглогчид хувцас солих өрөө рүү толгой гудайн, хөлөө зөөж ядан алхацгаана. Киган ч гэсэн хүнд цохилтод оржээ. Тэр “Та нар тэдэнд хожигдохгүй байж болох байсан, хамгаалалтдаа дэндүү их алдаа гаргалаа” гэж үглэнэ. “Гэхдээ тэмцээн дуусаагүй байна. Бид алдсанаа нөхөж чадна” хэмээн үргэлжлүүлэн хэллээ. Кевин олон юм ярьж чадахгүй байв. Ер нь хэн ч гэсэн тийм байсан даа. Тоглогч, дасгалжуулагч, сэлгээнийхэн гээд бүгд л дуу нь гарахаа байчихжээ. Хэн нэгэн ярилаа ч түүнийг нь анзаарч сонсох хүн байгаагүй биз ээ. Би өрөөний буланд бусдаас зайдуухан суугаад “энэ тоглолтод гараагүй нь онож” хэмээн өөртөө хэлж байлаа. Энэ тулаан надад үнэхээр ахадсан талбар байв. Португал зэрэг хүчирхэг багууд эрчээ аваад эхэлбэл тогтоож барихад бэрх ажээ. “Би ийм түвшинд тоглож чадах болов уу?” гэсэн эрт цагийн бодол маань эргэн төрж эхэллээ. Миний долоо хоног бүр Премьер лигийн тоглолтод ур чадварыг нь бахдан хардаг одод маань хөдөлгөөнгүй сууцгааж байв. Өрөөнд хэн ч байхгүй мэт санагдана. Фигу, Жоао Пинту нар тэдний хамаг тамир тэнхээг барж орхижээ. Киган үгээ товчхон хэлж дууссаны дараа өрөөнд тоглогчид хүнд хүнд амьсгалан, хааяа хэн нэг нь санаа алдах сонсогдож байлаа. Миний хүндэлж дээдэлж явдаг хөлбөмбөгчид маань толгой гудайн чимээгүй сууцгааж, хааяа нэг ус балгахаас өөр хөдөлгөөн үл хийх аж. Энэ хувцас солих өрөө биш, яг шарил хадгалах хонгил мэт санагдана.
Хэсэг хугацааны дараа өрөө аажмаар хөдөлгөөнд орж эхэллээ. Хожигдлыг нь сануулах шавар, шавхайнаасаа салах гэж зарим нь шүршүүр лүү явлаа. Киганы туслах Кокс, Фазакерли нар тоглогч нэг бүр дээр очин чимээгүй ярилцаж байв. Одоо сургаал айлдаж суух цаг биш болохоор хэн юун дээр алдсан, яаж тогловол дээр байсныг нь товчхон хэлж өгч байлаа. Илээч эмч Гари Левин тоглогчдын хөл, гарыг үзэн, зовиур байгаа эсэхийг шалган явж байв. Биеийн зовиур тэгсхийгээд намдаж болох ч тухайн үед Португалд хожигдсон шаналлыг дарах шидтэй юм юу ч байсангүй. Би хэнтэй ч юм ярихыг хүсэлгүй буланд шигдэн суусаар байлаа. “Ливерпуль”-ийнхээ залуусыг тайвшруулъя гэсэн бодол ч төрсөнгүй.
“Эйндховен”-ий цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөн дэх тэрхүү уур бухимдал, гуниг гутралыг би нүдээрээ харснаар хөлбөмбөгийн утга учрыг улам бүр ухан ойлгож билээ. Тэр үед би олон тоглолтод оролцоогүй, туршлага нимгэн нэгэн байлаа. Хөлбөмбөг миний хувьд зүгээр л наргиан, хөгжөөн төдий зүйл байсан. Хожигдсон ч энэ өдрийнх шиг ингэж хүндээр тусган авч байсангүй. Харин Английн шигшээ багийн энэ хожигдол надад нэгийг бодогдуулсан. Ялагдал гэдэг спортын ертөнц дэх үхэл ажээ.
Цэнгэлдэхийг орхих цаг болжээ. Багийнхан толгой гудайлган дасгалжуулагчийн араас алхах нь яг л хоригдлууд шиг харагдаж байлаа. Автобус Спаг зорин хөдөлсний дараа Киган Гарет Бэрри, бид хоёрын дэргэд ирж суун цөөн хором ярилцав. Тэр “Би та хоёрыг энэ тоглолтоос их юм ойлгосон гэж найдаж байна. Энэ тэмцээний аль нэг тоглолтод та хоёр гарах болно шүү” хэмээлээ. Би хариу хэлээгүй ч дотроо “Тийм ээ. Хэрэв тэгвэл энэ өдрийнх шиг алдаа гаргахгүйг хичээнэ” хэмээн бодсон. Английн шигшээ багийн төлөө энэ том тэмцээнд ганц минут ч болов тогловол тэр миний баяр баясгалан юм. Бидний дараагийн учраа эвлэршгүй өрсөлдөгч Германы шигшээ баг байх болно. Би Киганыг надад боломж олгоосой хэмээн залбирч байлаа.
Зургадугаар сарын 17-нд Шарлеруад Германтай хийх тоглолтод бидэнд хожихоос өөр сонголт байгаагүй. Зочид буудалд тоглогчид хэсэг хэсгээрээ нийлэн ярилцах ба гол сэдэв нь бидний хувь заяаг шийдэх тэр өдрийн тухай байсан. Бүгд л “Бид энэ тоглолтод хожиж, түүхийн шинэ хуудсыг нээх ёстой” хэмээнэ. Тэр хэрээр бидэнд сэтгэлзүйн их дарамттай болж, дасгалжуулагч, тоглогчид бүгдээрээ бухимдуу байцгаалаа. Бид бүгдээрээ “Евро-2000”-д өөрсдийн түвшинд, хүмүүсийн хүсээд байгаа тэр хэмжээнд тоглох ёстой гэдгээ мэдэж байсан. Хэрэв бид Германд хожигдвол Англи даяар, хүн бүр гуньж гутрах болно.
Германчуудад хожигдоод нутагтаа очиход хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол надад айдас төрүүлж байлаа. Түүхэнд бид хэд хэдэн түүхэн тулаан хийж байсан билээ.
1966, 1970 оны ДАШТ-д дараалан таарч, “Итали-90” ДАШТ болон “Евро-96”-д нүүр тулан учирч байв. Энэ бол энгийн нэг тоглолт биш, яг дербигийн өрсөлдөөн мэт ширүүн тулаан болох учиртай. “Германчуудад хожигдож болохгүй” гэсэн үг бидний уриа болж байв. Англи хөлбөмбөгч бүрээс германчуудын эсрэг тоглоход бүх хүчээ дайчлах эрмэлзэл гарах болно. Би ч мөн ялгаагүй. Би Германы шигшээ багийн хагас хамгаалагчидтай халз тулан, шилбэний хамгаалалтынх нь чанарыг шалгахсан гэхээс тэсч ядаж байлаа.
Гэхдээ би Киган Шарлеруад намайг талбайд гаргаж аз туршихгүй гэж бодож байв. Энэ бол маш өндөр зэрэглэлийн тоглолт билээ. Зайлшгүй хожих ёстой Герман мэтийн эвлэршгүй өрсөлдөгчдийн эсрэг тоглолтод нусгай жаалд зай гарахгүй нь тодорхой. Киган намайг дахиад л сэлгээнд үлдээлээ. Тоглолт эхлэхийн өмнө “Ливерпуль”-ийн хамтран зүтгэгч Дитмар Хаманнтай хэдэн үг сольсон. Тэр Германы шигшээгийн үндсэн бүрэлдэхүүнд гарах ч надад урмын үг хайрлаж байлаа. Тэр надаас “Чамд талбайд гарах боломж байгаа биз дээ?” гэж асуухад нь “Үгүй” хэмээн эрс шулуун хариулж байв.
Би багийнхан дээрээ очоод тоглолтод анхаарлаа хандууллаа. Талбайд гарна гэж найдаагүй ч эхний үе болон завсарлагааны турш бие халаалт хийв. Хоёрдугаар үе эхлээд найман минутын дараа Ширер гоол орууллаа. Манайхны нүдэнд итгэл, найдварын оч гялалзаж эхэлжээ. Английн шигшээ баг тоглолтод ноёлж байв. Гэвч бид энэ давуу байдлаа тоглолт дуустал хадгалж чадах болов уу? Герман бол амар бууж өгөх баг биш билээ. Кевин туслах Фазакерлигаа дуудан ямар нэг юм шивнэж хэлэхэд тэр над руу эргэж хараад “Гарахад бэлтгэж, биеэ халаа” гэлээ. Надаас өөр тоглогч халаалтын зурвас дээр очсонгүй. Тэгэхээр би үнэхээр талбайд гарах нь ээ. Киган Спад миний Саутгейтээс бөмбөг салгаж авч байсныг эргэж санаад германчуудын эсрэг тэрийг хийлгэхийг хүссэн байх.
Киган талбайн захад зогсон тоглогчдодоо давуу байдлаа хадгалахыг сануулан хашгирна. Түүний хүсэл биелэхэд 30 минут л үлджээ. Энэ хугацааг эсэн мэнд даван туулбал Эйндховен дахь таагүй хожигдлын гуниг гутрал эргэн тойрноос ирэх магтаал, ерөөлөөр солигдох байлаа.
Би тоглолтод бүрэн бэлэн болж, бүх булчин, шөрмөсөө халаахын тулд галзуу хүн шиг л хоёр тийш гүйж байв. Ингээд намайг талбайд гаргах цаг ирлээ. Талбайгаас гарах тоглогчийн дугаарыг өргөхөд нь харвал Майклынх байлаа. Дасгалжуулагч их эрсдэлтэй, зоригтой шийдвэр гаргажээ. Майкл үлдсэн хугацаанд гоол оруулах магадлалтай ч Киган 1:0 гэсэн тэргүүллээ хадгалахыг хүсчээ. Хажуугийн шүүгч миний гуталны товрууг шалгав. Киган миний төлөө, ердөө ганц тоглолтод, тэр тусмаа нөхөрсөг тоглолтод оролцсон намайг ийм чухал мөчид талбайд гаргах гэж буйд нь багагүй сандарч байлаа. “Би ийм зүйл хүсээгүй шүү дээ” гэж дотроо бодож байв. Миний энэ байдлыг Кевин анзаарсан бололтой дэргэд ирж зогсоод “Стивен, чи зүгээр л “Ливерпуль”-ийн төлөө юу хийдэг, тэрийгээ гүйцэтгэ. Бөмбөгөө өөрсдөдөө барьж тоглохыг хичээ. Германчуудын довтолгоог аюул учруулахаас нь өмнө няцаа. Германчууд одоо л хамаг юмаа гаргаж эхэлнэ шүү” гэв. Тэгээд хэсэг дуугүй зогссоноо “Стивен, чи үүнийг хийж чадна, би чамд итгэж байна. Чи зүгээр л хүссэнээ хийж зугаац” хэмээлээ. Би түүний энэ үгийг огт мартдаггүй юм. Англичуудын хамгийн их үзэн яддаг, хүчирхэг багийн эсрэг гарах гэж байгаа надад энэ нь зүгээр л цэцэрлэгт хүрээлэнд салхилаад ир гэж хэлж байгаа мэт санагдав. Итгэмээргүй юм. Кевиний тоглолтыг удирдах ухааныг тааварлашгүй юм аа. Сандарч тэвдсэн залуу тоглогчид ингэж хэлснээр тэр маш их урам хайрласан.
Ширүүн тулаанд хүч сорихоор цагаан шугамыг даван алхахад толгойд янз бүрийн юм бодогдож байлаа. Би төвийн хагас хамгаалагчаар тоглох ба Ширер яг өмнө талд минь байраа эзлэн зогсчээ. Германы эсрэг үхлийн хэмээгдсэн энэ тоглолтод ийнхүү гар, биеэрээ оролцох боллоо. Английн хөгжөөн дэмжигчид хоолой мэдэн хашгирч, уухайлан дуулах ажээ. Би германчуудыг ардаа алдаж болохгүй, энэ тухай бодон тоглолтдоо анхаарав.
Германы шигшээ бол арын шугамнаасаа довтолгоо хүртэл байрлал бүртээ шилдгүүдийг багтаасан шилдэг баг. Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн агуу хаалгачдын нэгд тооцогдох Оливер Кан тэдний хаалгыг манаж буй. Хамгаалалтад Маркус Баббел, Иенс Новотны, Кристиан Циге нар зогсоно. Мөн домогт Лотар Маттеус тэдэнтэй мөр зэрэгцэн тоглож байлаа. Хүчтэй цохилтоороо гайхагддаг Карстен Янкер, багийн найруулагч Мехмет Шоль нарын нэрийг сонссон хэн ч уулга алдах биз ээ. Кевин “Чи наад Шольдоо хэн болохоо харуул. Түүнийг бөмбөгт хүргэж болохгүй шүү” гэж хашгирна. Би Мюнхены “Бавари”-д тоглодог түүнийг сайн мэднэ. Хэдийгээр түүнтэй тоглолт дээр учирч байгаагүй ч өмнө нь Германы шигшээ багийн тоглолтын бичлэгийг үзээд бидэнд хамгийн их хор хохирол учруулж болох хүн нь тэр юм гэдгийг мэдэж авсан. Шигшээ багийн уулзалтын үеэр Германы шигшээ багийн эсрэг тактик боловсруулан ярилцаж байхад би дотроо Шольтой хэрхэн тэмцэлдэх талаар төсөөлөн бодож суусан. Тэгвэл одоо санаж, бодсоноо хэрэгжүүлэх цаг иржээ. Тоглолт үргэлжиллээ. Шолийг бөмбөг авсан даруйд би түүний хөлд жийн орж салган авав. Энэ мэтчилэн хэд хэдэн удаа түүнийг довтолгоо зохион байгуулж, аюул учруулахаас нь өмнө зогсоож чадлаа.
Гэхдээ Германы шигшээгийн тоглолт ганц түүн дээр тулгуурладаг гэвэл өрөөсгөл болох билээ. Германы шигшээгийн талбайн дунд хэсэгт Диди (Дитмар Хаманн) мөн тоглож байгаа. Диди тийм ч амар бууж өгөх хүн биш гэдгийг би сайн мэднэ. Тэр талбайн хаана ч хамаагүй очиж, багтаа бүх л үүргийг гүйцэтгэдэг нэгэн. Дидиг “Ливерпуль”-д ирэхэд манай багийн тоглолтын хэмнэл эрс өөрчлөгдсөнийг би тод санадаг. Энэ агуу тоглогчоос би өдөр бүр шинэ зүйлийг олж харан суралцдаг байлаа. Дидигийн үйлдэл бүрийг жижиг гэлтгүй анзааран харж, түүнийг нь дагаж дууриасаар би өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлсэн. Түүнийг 2006 онд “Ливерпуль”-ийг орхин явахад нь би маш их харамссан. Тэр бол маш сайн хамгаалан тоглохын зэрэгцээ пуужин мэт цохилтоороо довтлогчдод тусалдаг олон талт тоглогч юм. Түүнийг бишрэн хүндлэх сэтгэл маань Шарлеруагийн талбайд өнгөрүүлсэн 29 минутад бүр нэмэгдсэн. Хэд хэдэн оновчтой дамжуулалт өгсний дараа тэр миний хажуугаар гүйн өнгөрөхдөө “Болж байна залуу минь, эрчээ алдахгүй шүү” гэв. Итгэмээргүй юм аа. Би бүр гайхаж, мэгдэж орхив. Дэлхийн хүмүүсийн бараг тэн хагас нь онцгойлон анхаарч үзсэн хөлбөмбөгийн хүчирхэг хоёр гүрний үхэх сэхэхээ шийдэх энэ чухал тоглолтод тэр надад, өрсөлдөгч багийнхаа тоглогчид ийнхүү урам хайрласан үг хэллээ гэж үү? Талбайд гарсан хоёр багийн аль алинд нь хожил маш чухал байсан. Германчууд “Евро-2000”-ын эхний тоглолтдоо Румынтай тэнцсэн билээ. Энэ шийдвэрлэх тоглолтод том тэмцээний утаа үнэрлээгүй намайг гарч ирэхэд Диди клубийнхээ залуу хамтран зүтгэгчийг зүрх нь үхэх вий гэсэндээ ингэж хэлсэн байх. Түүний хөлөрсөн царайнаас сандарч, тэвдсэн нь мэдэгдэж байлаа. Бөмбөг талбайгаас гарч, тоглолт бага боловч зогсоход би түүн рүү очин “Найз минь, би их сандарч байна. Өөрийгөө энэ тоглолтод гарч ирэх ёсгүй юм шиг санагдаад” гэхэд Диди “Стиви, тайвшир даа. Чи энгийн үед юу хийдгээ л хий” гэж билээ. Диди тэр үдэш өрсөлдөгчдөө хэрхэн элэгсэг хандаж, шударга тоглодгоо харуулсан. Би амьдралынхаа туршид Шарлеруад сонссон энэ үгсийг үргэлж санаж явах болно.
Гэхдээ би түүний багийг бут ниргэхсэн гэсэн хүслээр дүүрэн байлаа. Хэдийгээр Диди надад урмын үг хайрласан ч ингэлээ гээд зөөлөн, намдуу тоглоно гэсэн үг биш юм. Түүнтэй ийнхүү цөөн үг солилцсоноос хэдхэн минутын дараа Диди миний хажуугаар бөмбөг туун өнгөрлөө. Би “Мелвүд”-д ч ингэж алдаа гаргаж байсангүй. Тоог тэнцүүлэх боломж гарсанд догдолсон Кайзер суудлаасаа босч байгаа харагдав. Алдаагаа даруйхан засахгүй бол болохгүй нь. “Би Дидиг алдчихлаа. Түүнээс бөмбөгийг салгах хэрэгтэй” гэж бодов. Диди бөмбөгтэйгөө итгэлтэй урагшилж явав. Би араас нь гүйцэж очоод зоригтойгоор хөлд нь гулсан орлоо. Дахиж намайг давж гарна гэж байхгүй шүү. Диди германаар ямар нэг юм хэлж хашгирлаа. Тэр миний үйлдэлд таатай байгаагүй болохоор би хэлснийг нь ойлгох гэж хичээсэнгүй. Тэр ёолон газар хөрвөөж байв. Би түүн дээр очоод “Босооч, Диди. Би чамд хүрээгүй шүү дээ. Ингэж жүжиглээд байвал шүүгч шар хуудас өгчихөж магадгүй. Аягүй бол дараагийн тоглолтод дахиад шар хуудас авбал шөвгийн наймын тоглолтод оролцож чадахгүй болно” гэлээ. Гэхдээ энэ миний алдаа байгаагүй.
Тоглолтын дараа хэвлэлийн бага хурал дээр би “Диди яг охин шиг гоншигнож байсан” гэж хэлсэн. Залуу, гэнэн тоглогчийн энэ үг огт шаардлагагүй, хэлэх хэрэггүй зүйл байсан. Ийм зүйл ярьсандаа би дараа нь маш их харамсч байлаа. Шүүгчийн сүүлчийн шүглийн дуу цангинасны дараа Английн шигшээ багийн хожилд миний хамгаалалт багагүй үүрэг гүйцэтгэсэн гэсэн бодол төрж, тархи руу нэг юм зурсхийж билээ. Тэгээд л хөөрч догдлон ухаанаа алдаад Дидигийн тухай тийм юм ярьсан хэрэг. Би Дидиг их хүндэтгэдэг. Энэ чухал тоглолтод гараад сандарч байхад тэр намайг тайвшруулж, хэвийн болоход тусалсан. Түүний үг надад хэрхэн нөлөөлснийг тэр өөрөө мэдэрсэн байх. Гэхдээ Диди өөрийнх нь тухай тийм утгагүй зүйл ярилаа гэж гомдол нэхэж байгаагүй. Би өдийг хүртэл түүнээс уучлал гуйж байсангүй, боломж ч гараагүй юм. Уучлаарай Диди, чи бол жинхэнэ эр хүн шүү.
Тоглолтын дараа Диди надад хувцсаа дурсгасан ба би түүнийг нь гэртээ нандигнан хадгалдаг юм. Шатны дэргэд жаазлан өлгөсөн түүний хувцсыг харах бүрт Шарлеруа дахь тэр нэгэн үдшийн тухай бодол намайг нөмрөн авдаг. Их сэтгэл хөдлөл, сандарч тэвдэн гүйж байсан инээдтэй төрх, германчуудын бөмбөгийг булаан авч байсан, эцэст нь манай баг гурван оноотой үлдэж чадсан гээд. Тэр надад хувцсаа дурсгахдаа “Дараагийн тоглолтод чинь амжилт хүсье” гэж хэлээд толгой гудайн хувцас солих өрөө рүүгээ явж билээ. Диди Хаманнтай ийнхүү учирсан тэр өдөр миний амьдралд том эргэлтийг авчирсан гэж би боддог.
Дидиг явсны дараа хүмүүс намайг бүчин авсан. Тэд намайг сайн тоглосныг тэмдэглэн хэлж баяр хүргэж байв. Сэтгэл нь хөдөлсөн Киган нүдэнд нь нулимс гүйчихсэн хүрч ирээд тэврэн авлаа. Манай багийн хувцас солих өрөөнд дасгалжуулагч, тоглогчид бүгдээрээ баярлаж хөөрөн дэвхцэж байлаа. Тэд бүгд намайг онцолсонд нь би маш их баярласан. Киган өрөөний голд зогсоод “Залуус аа, одоо бидэнд хэсгээсээ шалгарах сайхан боломж гарлаа” хэмээн чанга хэлэв. Би германчуудыг хожсонд баярлан шигшээгийнхэнтэйгээ бүгдтэй нь гар барилаа. Энэ үед “Би үнэхээр Английн багт гавъяа байгуулж, баатар нь боллоо гэж үү?” хэмээн итгэж ядан бодож байв. Хэдий болоод өнгөрсөн ч энэ боломжгүй зүйл мэт санагдана. Цэнгэлдэхийг орхин гарахдаа л Английн шигшээгийн багийн хожилд миний хамгаалалт тодорхой хувь нэмрээ оруулжээ гэсэн бодол төрж, бодит байдлыг мэдэрсэн билээ. Английн шигшээгийн түүхэн энэ ялалтад гар бие оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
Автобусанд суухаар алхаж явахдаа ялалтын баяр хөөрөө гэрийнхэн, ойр дотны хүмүүстэйгээ хуваалцмаар санагдаж, аав руу залгалаа. Аав намайг магтаж хөөргөөгүй ч түүний дууны өнгө нь миний тоглолтод сэтгэл хангалуун буйг илтгэж байв. Энэ өдөр Аавуудын баярын өдөр байсан бөгөөд утасны цаанаас “Стивен, чи өнөөдрийн тоглолтоороо надад маш том бэлэг барилаа” гэх сонсогдож билээ. Аавын тэр үгийг хэлэх үеийн бахархал шингэсэн дууны өнгө нийт англичуудын, Английн шигшээ багийг дэмжигчдийн баяр хөөрийн илрэл байсан.
Зочид буудалдаа эргэн очиход орчин тойрныхон бүгд нүүрэнд нь инээмсэглэл тодрон явах нь анзаарагдав. Ширерийн хийсэн гоол энд хургасан дүнсгэр байдлыг арилгажээ. Тэр орой би өрөөнөөсөө гарч, хүмүүстэй цуг байхыг маш их хүссэн. Бүгд л ийм бодолтой байсан байх. Тав хоногийн өмнө Португалд хожигдсоны дараа хоолны цаг болоход хүн болгон ширээн дээрхээ бушуухан идчихээд өрөө рүүгээ явахаар яарч байсан. Гарет Бэрри над дээр ирээд “Стиви, чи сайн тоглолоо шүү, маш гайхалтай” хэмээн баяр хүргэв. Түүнтэй хэсэг ярилцаж суугаад гэнэт ядарснаа мэдрэн өрөө рүүгээ явлаа.
Хаалгаа хаагаад орон дээрээ тэрийн унах тэр мөчид Германы шигшээ багийг хожсон их баяр хөөр маань мартагдан, гэрээ санан уйтгарлаж эхлэв. Өрөөндөө ганцаараа хэвтэхэд том харанхуй нүхэнд уначихсан мэт санагдаж байлаа. Тэр даруй ачаагаа баглаад Англи руу нисмээр байв. Бурхан минь, би Айронсайдад, гэртээ очихыг маш их хүсч байна. Маргааш өглөө нь сэрэнгүүтээ гэр лүүгээ ярилаа. Эцэг, эхийнхээ дууг сонсож тайвшрах гэсэн хэрэг. Би Английн сонингууд тоглолтын тухай юу гэж бичсэнийг нь асуув. (Спад хэвлэлүүд ихэвчлэн нэг өдрөөр хоцорч ирдэг байсан-С.Ж) Аав сонины гарчгийг нь л уншиж өглөө. “Англид шинэ од мэндэллээ: Стивийг давах хүн байсангүй”, “Инсийг залгамжлагч Жеррард” гэхийг сонсоод маш их баярлав. Хүн бүр нэрийг минь мэддэг боллоо гэх бодол төрж, энэ бүхэн итгэмээргүй мэт санагдлаа. Зочид буудалд сонин ирэхэд өөрийнхөө тухай бичсэн зүйлийг хайн урчих шахан хуудсыг нь эргүүлж байв. Жаахан уншиж байгаад “Английн ирээдүй” гэсэн үгийг олж хараад цааш нь унших хэрэггүй гэж бодлоо. Аав “Сонинд бичсэнийг битгий тоо, анхаарах хэрэггүй” гэж шаарддаг билээ. Тэр “Үүнд итгэх хэрэггүй шүү. Харин дараагийнхаа тоглолтод үүнээс илүү байхыг хичээ” гэж хэлдэг. Аавын минь зөвлөгөө үнэхээр үнэ цэнэтэй. Гэхдээ би тэр сониноос нүд салгаж чадсангүй. Өөрийнхөө тухай сонин дээрээс унших гайхалтай юм аа. Сүүлд Жерар Ульетэй ярилцаж байхад тэр “Сонин, хэвлэлийнхэн дандаа л дэгсдүүлж, хэтрүүлж байдаг юм. Тоох хэрэггүй шүү” гэж хэлсэн. Стив Хейвэй ч мөн үүнтэй адил зүйлийг надад сургаж байв. Бөмбөгтөө л анхаарлаа хандуул, бусад зүйлийг битгий тоо гэнэ. Киган ч гэсэн тэдэнтэй нэг байр суурьтай байсан ч “Стивен Жеррард бол Английн ирээдүй” гэсэн үгийг энд тэнд явахдаа харамгүй хэлдэг байсан. Диди ч мөн адил сэтгүүлчидтэй уулзахдаа намайг магтсан. Тэр “Стиви нэг л өдөр Английн шигшээ багийн ахлагч болно. Германд түүн шиг тоглогч олон болоосой” гэж ярьсан байж билээ.
Английн шигшээ багийн ялалтын их баярыг Шарлеруад манай хөгжөөн дэмжигчдийн дэгдээсэн үймээний тухай мэдээ бууруулав. Спад байхдаа бид үүнийг сонссон. Зурагтаар тун таагүй дүр зураг харагдаж байлаа. Хотын том талбайд ялалтын баяраа хэтрүүлэн дарвисан хөгжөөн дэмжигчдийг асар хүчтэй усан шахуургаар шүршин тараахыг харахад итгэмээргүй санагдаж байв. Дундад зууны үеийн дайнд л ийм байдаг байх гэмээр. Английн хөгжөөн дэмжигчдийн цагдаа нартай тэмцэлдэх нь намайг гайхашруулав. Нийт Англи даяар хөлбөмбөгийн багаа ер бусын гэмээр үнэнч дэмждэг ч тэдний энэ үйлдэл ичгүүртэй хэрэг байлаа. Энэхүү танхайрал багт сөрөг нөлөөтэй гэдгийг манайхан бүгд мэдэж байсан. UEFA Английн шигшээг тэмцээнээс хасч магадгүй гэсэн яриа хүртэл сонсогдов. “Бурхан минь, ийм зүйл байж таарахгүй. Хэрэв биднийг тэмцээнээс хасвал шударга бус зүйл болно” гэсэн бодол төрж байлаа. Бид Германы эсрэг 90 минутын турш хүнд хэцүү тэмцлийг хийж байж хэсгээсээ шалгарах боломжийг олж авсан. Гэтэл хэдэн галзуу хүнээс болж энэ бүхэн маань үр дүнгүй болох аюул учраад байна.
Бидний байрласан буудалд энэ тухай яриа гол сэдэв болов. Хэрэв Английн хөгжөөн дэмжигчид дахин ийм хүчирхийлэл гаргавал бид цүнх, саваа баглаад нутгийн зүг явж магадгүй болсон талаар тоглогчид өөр хоорондоо ярилцана. UEFA-гаас ийм анхааруулга өгсөн билээ. Английн хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид Спад ирж, тоглогчидтой уулзав. Тэд бүгд ийм зохисгүй үйлдэл гаргаж, шигшээ багаа хүнд байдалд оруулсан гэмтнүүдийг зүхэн буруушааж байв. FA-гийн албаны төлөөлөгч Дэвид Дэвис хөгжөөн дэмжигчдэд хандан үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбарлаж, дахин эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх уриалга гаргажээ. Тэрбээр бидэнд “Та нар ярилцлага өгөхдөө үргэлж энэ тухай хөндөж, ийм алдаа гаргаж болохгүй тухай хөгжөөн дэмжигчдэд сануулж байх хэрэгтэй. Тэд энэ үйлдлээрээ дэмждэг багаа, эх орноо гутааж буйг нь ойлгуул. Бид үнэхээр хөөгдөх дээрээ тулаад байна шүү дээ” хэмээн зөвлөсөн. Бүх тоглогч байдал тэгж эцэстээ тултал муудахгүй байгаасай хэмээн дор бүртээ залбирч байлаа. Азаар дахиж тийм явдал гарсангүй.
Бид хөгжөөн дэмжигчдээ дэгэнд орохыг хүссэн ч бүр номхон, дөлгөөн болчихоосой гэж бодоогүй. Английн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд бусдаас ямагт онцгойрдог билээ. Тэд хуруу хумсаа хугалан байж зовж олсон мөнгөө шигшээ багийг даган дэлхий тойроход харамгүй зарцуулдаг. Энэ бол үнэхээр итгэхэд бэрх гайхамшигт дэмжлэг билээ. Үнэндээ Английн шигшээ хөгжөөн дэмжигчдийнхээ тус дэмгүйгээр өдий зэргийн амжилт гаргахгүй. Харь улсад, таньж мэдэхгүй газар, цэнгэлдэх хүрээлэнгийнх нь хувцас солих өрөөнд бээрч жихүүцэн суухад манай хөгжөөн дэмжигчдийн “Англи, Англи” гэж хашгирах дуун дотрыг минь бүлээцүүлэх шиг болдог. Хүн болгон хүйтэн харцаар төөнөж, сэтгэлзүйн дарамт үзүүлэх гэсэн хонгилоор алхсаар талбайд гарахад энд тэндгүй улаан загалмай бүхий Английн далбаа намирах нь бидэнд урам өгч, хүч хайрладаг. Биднийг уруудан доройтох үед хөгжөөн дэмжигчид маань л эргүүлэн сэргээдэг билээ. Тиймээс бид, Английн шигшээ баг тэдэнд өртэй юм шиг тоглож, ялалтаар бэлэг барьж байх ёстой. Цөөн хэдэн хүний өдүүлсэн болчимгүй явдал нийт англичуудын илэрхийлэл байж таарахгүй.
Бид энэ явдлын талаар мартаж, гурав хоногийн дараа болох “А” хэсгийн сүүлчийн тоглолтдоо бэлтгэж эхэллээ. Энд ганцхан оноо авбал хэсгээсээ шалгарах Румыний шигшээ баг биднийг хүлээж байв. Бэлтгэл төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилнэ. Би энэ өдрүүдэд тун өнгөлөг байлаа. Сонинууд дугаар алгасахгүй миний тухай бичиж, хүн болгоны амнаас миний нэр гарч байв. Нэг удаа бэлтгэлийн талбай руу Майклтай хамт алхлаа. Бид юм болгоны тухай ярилцан хөгжилдөж байлаа. Гэнэт миний багын найз эргэн харснаа “Нээрээ чи Германы эсрэг маш сайн тоглосон шүү. Румынтай хийх тоглолтод дахиад талбайд гарах байх аа” гэв. Робби, Макка нар ч түүнтэй адил зүйлийг өгүүлж, надад урам өгсөн.
Үнэхээр тухайн үед төвийн хагас хамгаалагчийн байрлалд нэг сул зай гарч болохоор байсан. Скоулзи бэлтгэл дээр ч, тоглолтод тун сайн байгаа учир тэр нэгийг нь эзлэх нь тодорхой. Деннис Вайс тэнд тоглож болох ч Кевин түүнийг жигүүрт түлхүү тоглуулдаг. Мөн хэвлэлийнхэн Пол Инс тэмцээний эхний хоёр тоглолтод маш их ядарсан учир Румыний эсрэг гарахгүй байж магадгүй хэмээн бичнэ. Миний хувьд Инсигийн, хэн нэгний байрыг булаахыг хүсээгүй, зүгээр л бэлтгэл дээр юу чаддагаа харуулъя гэж бодсон. Шийдвэрийг Кевин л гаргана шүү дээ.
Энэ тоглолт л миний амьдрал, цаашдын ирээдүйд нөлөөлөх юм шиг би хамаг хүч, чадлаа дайчлан бэлтгэж байлаа. Румыний эсрэг тоглолтын өмнөх өдөр Кевиний анхаарлыг татах сүүлчийн боломжоо ашиглахаар автобуснаас буунгуутаа л талбай руу хар хурдаараа гүйн очив. Энэ өдөр хэрхэх тухай бараг шөнөжин зүүдэлж, бэлтгэлийн цаг хүртэл бодсон. Гэвч дөнгөж ганц, хоёр удаа бөмбөг цохиод байтал шилбэнд өвдөлт мэдрэгдэв. Чөтгөр аваг, бие халаалт хийгээгүйгээс л боллоо.
Цөөнгүй тоглогч намайг магтан, зарим хэвлэлүүдэд “Румыний эсрэг тоглолтод Жеррард үндсэн бүрэлдэхүүнд гарах боломж өндөр байна” гэж бичиж байв. Тиймээс шилбэнийхээ талаар хэнд ч хэлсэнгүй. Эмчид, тэгээд мэдээж Кевинд мэдэгдэхгүйг хичээнэ. Өвдөлт улам нэмэгдвэл гарцаагүй тэр тоглолтыг өнжих болно. Эмчид үзүүлээгүй болохоор энэ гэмтэл хэр ноцтой болохыг гадарлахгүй байв. Шүдээ зуун гүйж байхдаа “Өрөөндөө буцаж очоод өвчин намдаагч тариад зүгээр болчихно. Дараа нь халуун ваннанд ороод иллэг хийчихье. Өвчнөө сэдрээхгүйн тулд тоглолт эхлэх хүртэл ширүүн хөдөлгөөн хийхгүй байя” хэмээн бодож байлаа. Тэр шөнөдөө бага боловч зовиур нь арилна гэж найдсан хэрэг. Бурхан минь, намайг Румыний эсрэг тоглолтыг өнжүүлж болохгүй шүү!
Германтай хийсэн тоглолтын дараа бий болсон асар их итгэл, урам зориг маань агшин зуур алга боллоо. Бие халаалтын цаг эхлэхэд л өөрийгөө юу ч хийж чадахгүй болохыг мэдрэв. Талбайг тойрон амьсгаадан гүйж байхдаа ямар болчимгүй зүйл хийснээ бодон, өөрийгөө хараан зүхэж байв. “Өрөөндөө буцаж очих хүртлээ тэсчих л дээ. Тэгвэл энэ байдлаас гарах гарц олдоно” хэмээн өөртөө хэлэн гүйж явлаа. Зүрх маань хүчтэй цохилж, Киганы төлөвлөгөөнд миний нэр багтсан хэвээр байгаа болов уу гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Тэр бэлтгэл дээр тактик, хувилбар юу ч давтаагүй учир Румыний эсрэг хэн хэнийг гаргах нь мэдэгдэхгүй байв. Магадгүй тэр зочид буудалдаа оройны уулзалтын үеэр гарааны 11 тоглогчийн нэрийг зарлах байх.
Өрөөндөө очоод ийш тийш алхаж үзэхэд өөрийн эрхгүй хазганаж байлаа. Өвдөлт нь улам нэмэгдсэн юм шиг санагдана. Энэ нэлээн хүндэрсэн бололтой. “Би тоглож чадахгүй нь дээ, гэхдээ би заавал, ямар нэг аргаар тоглох ёстой” гэж бодно.
Доголж явахыг минь хэн нэгэн харчихвий гэсэндээ оройн хоолны цаг болохоос хамаагүй өмнө өрөөнөөсөө гарлаа. Удалгүй бусад залуус хоолны танхимд ирж зэрэгцэн сууцгаав. Тэд Румынтэй хийх тоглолтын тухай л ярилцах аж. Залуусын ихэнх нь намайг энэ тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд гарна хэмээж байв. Робби “Стиви, чи маргааш талбайд гарах нь гарцаагүй байх аа” гэхэд өөдөөс нь сулхан инээмсэглэж билээ.
Оройн зоогийн дараа эмч Гари Левиний өрөө лүү явлаа. Тэр гэмтлийг минь үзээд ямар нэг зовиургүй болгох гайхамшгийг бүтээнэ гэж итгэсэн хэрэг. Эмчийн өрөөний үүдийг нээхэд тэнд Алан Ширер, Тони Адамс нар Гаритай ярилцаад зогсож байв. Чөтгөр аваг. Шууд 180 градус эргэн өрөө лүүгээ хурдан хурдан алхлаа. Шигшээгийн хоёр тоглогчийн дэргэд Гарид гэмтлийнхээ талаар яривал тоглолтын тухай саналтгүй болно хэмээн айсан юм. Өрөөндөө буцаж очоод яавал дээр вэ гэж хэсэг бодон суув. Ийм хэцүү зүйл тохиолдсон үеийн зөнгөөрөө нэг мэдэхэд л гэр лүүгээ залгасан байв. Аав харилцуураа авч байна.
“Аав аа, би бэлтгэл дээр шилбээ гэмтээчихлээ” гээд л ээрч түгдчив. Тэр даруй л нүдэнд минь нулимс гүйлгэнэлээ. “Аав, Киган намайг Румыний эсрэг тоглох багийн бүрэлдэхүүнд зайлшгүй багтаана гэж бодож байна. Бид нэг цагийн дараа уулзалт хийгээд үүнийг шийдэх юм. Би үндсэн бүрэлдэхүүнд орно гэдэгтээ итгэлтэй байна, гэвч шилбэ маань дэндүү их өвдөж байна. Надад тоглох ямар ч арга алга” хэмээн бараг нэг амьсгаагаар хэлсэн.
Ийнхүү аавтай ярьж байх үед хаалга тогших нь сонсогдов. “Өрөө цэвэрлэхээр цагаа олж ирэв ээ” гэж бодоод “Дараа ирээрэй” хэмээн хашгирлаа. Үйлчлэгчид тоглогчдын өрөөг борви бохисхийлгүй цэвэрлэдэг байсныг би мэднэ. Аягаа алдаад хагалчихвал тэд яг SAS-ынхан шиг л нисэх мэт орж ирээд маш хурдан цэвэрлэдэг. Үүдэн дэх хүн яваагүй бололтой, дахиад тогших чимээ сонсогдов. Энэ үед уур гэнэт дүрсхийж “Зайлаач” гэж хашгирах шахлаа. Би ямар ч тохиолдолд хүмүүстэй эелдэг харилцахыг хичээдэг. Би хэн нэгнийг харааж зүхэн доромжилж байсангүй. Гэвч тэр өвчин шаналлаасаа болоод бүр ухаанаа алдчихсан байлаа. Хаалга үргэлжлүүлэн тогшсон хэвээр. Намайг тайван байлгахгүй нь ээ? “Аав аа, утсаа барьж байгаарай. Би өрөөний үйлчлэгчийг явуулчихаад эргээд ирье” гээд үүд рүү очлоо.
Хаалгаа нээтэл шигшээгийн дасгалжуулагч зогсож байв. “Өө дасгалжуулагч уу, та орооч” гээд эргэн утсан дээр очин харилцуураа аваад “Аав, дасгалжуулагч ирсэн байна, би дараа нь залгая” хэмээлээ. Аав ямар нэг юм хэлэх гэж байсан боловч би шууд тасалж орхисон. Тухайн үед тархинд маань Киган, шилбэ, Румын гэсэн гурван үг л эргэлдэж байв.
Киган “Стивен, чи ямархуу байна даа?” хэмээн яриагаа эхлэв. “Зүгээр ээ, дажгүй, дасгалжуулагч аа”
“Стивен, суу. Чамд хэлэх юм байна”
Тэгээд бид намхан ширээний хоёр талд суулаа. Дасгалжуулагч гэмтсэн шилбэндээ санаа зовон зүрх нь түжигнэх хүүгийн өөдөөс харан инээмсэглэн суув. Тэгээд тэр “Залуу минь, чи маргааш үндсэн бүрэлдэхүүнд гарах болно” хэмээлээ.
Үгүй ээ, надад ийм юм битгий яриач. Тоглох итгэл минь улам бүр суларч байгаа энэ үед ийнхүү хэлсэн нь намайг цочирдууллаа. Киган Европын АШТ-д эх орноо төлөөлөн шигшээ багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглоно гэдгийг л хэлэх гэж иржээ. Түүнийг явсны дараа хэсэг суугаад түүнд бүх үнэнээ хэлэхээр хазганан гарлаа. Түүний өрөөний хаалгыг зөөлөн тогшиж зогсоход бие маань хөнгөрч байгаа нь мэдрэгдэв. Киган надтай үргэлж эелдэг, дотно хандаж ирсэн. Тэгэхэд би түүнийг хуурч болохгүй. Хэрэв тэгэх аваас түүний болон шигшээ багийнхаа өмнө маш том алдаа хийх болно. Хаалга нээгдлээ.
“Дасгалжуулагч аа, би танд талархлаа илэрхийлэх гэсэн юм. Гэхдээ надад өөр хэлэх юм байна”
Киганы царайг хараад бүр сандарч орхилоо. “Юу хэлэх гэсэн юм бэ, Стиви?”
Би юу гэж эхлэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогслоо. Кигантай ярилцана гэдэг миний хувьд шинэ зүйл юм. Урьд нь түүний ярих, хэлэхийг л сонсож байсан билээ.
“Стивен, ор л доо. Юу ярих гэсэн юм бэ дээ?”
Арайхийн амаа хөдөлгөж, өөрт тохиолдсон зүйлийнхээ тухай ярьж эхэллээ. “Дасгалжуулагч аа, намайг уучлаарай. Би танд үүнийг хэлэхгүй бол болохгүй. Би танаас нэг зүйл нууж байсан юм аа. Би шилбээ гэмтээчихсэн”
Яг энэ мөчид цаг хугацаа зогсоод, дэлхий эргэхээ больчихсон мэт санагдаж байв. Анир чимээгүй байдал үүрд үргэлжлэх юм шиг мэдрэмж төрж байлаа.
Дасгалжуулагч хэлсэнд маань үл итгэх өнгө илэрч, хоолой нь цахиртан “Юу? Яагаад энэ тухайгаа урьд нь хэлээгүй юм бэ?” хэмээлээ.
“Уучлаарай, би зүгээр л тоглох гэсэн юм. Уул нь би эмчийн өрөөнд очсон ч тэр байгаагүй”.
Мэдээж Гари өрөөндөө байсан. Английн шигшээ багийн дасгалжуулагч миний талаар буруу, сөрөг ойлголттой болчих вий гэсэндээ ийнхүү худлаа хэллээ.
Тэр “Үнэхээр гэмтчихсэн үү, зүгээр л шөрмөс чинь татсан байж болно шүү дээ” гэв. “Би маргааш тоглож чадна гэж бодохгүй байна” гэж хариуллаа. “Би дөнгөж бэлтгэл эхэлж байхад зовиур мэдэрсэн. Гэхдээ маргаашийн тоглолтод гарахын тулд үүнийгээ тоогоогүй юм. Хэрэв эмч үзээд танд хэлчихвэл намайг талбайд гаргахаа больчихно гэж айгаад. Тэгээд өрөөндөө эргэж ирсэн хойноо л гэмтэл маань ноцтой болохыг мэдсэн. Зүгээр алхахад хүртэл зовиур мэдрэгдэж байна” хэмээв.
Хамаг юмаа ярьсны дараа хоолой минь зангирч байлаа. Яаж энэ бүхнийг хэлж чадав аа? Киган мөрөн дээр минь алгадаад “Үнэнээ хэлсэнд баярлалаа. Би чамайг ойлгож байна” гэв. Үнэхээр тэр миний сэтгэл санаа тавгүй буйг мэдэж байсан.
Би дахин түүнээс уучлал гуйв. Киган “Битгий санаа зов доо. Ирээдүй өмнө чинь байна. Дараа дараагийн тоглолтод бэлтгэхээ бод. Толгой дахь муу бодлоо авч хая. Хэрэв шийтгэх хэрэгтэй гэвэл тэр нь надад оногдох ёстой. Би Гарид чиний ярьсныг хэлээд гэмтэл чинь хэр байгааг үзүүлэхээр явуулъя” гэлээ.
Үнэхээр ч Кевин бүх бурууг өөртөө хүлээн авсан. Хэрвээ би арай ахимаг, туршлагатай нэгэн байсан бол тэр намайг шууд л цохих байсан биз. Тэр эмчтэй хамт намайг чирж гаргаад олны өмнө хэлсэн зүйлийн минь талаар ярьж болох байсан. Гэвч тэр тэгээгүй. Киган тоглогчдодоо бусдаас онцгой дотно ханддаг дасгалжуулагч билээ.
Киган намайг дагуулан эмчийн өрөөнд очоод Гари Левинд үзүүлэв. Эмч “Тоглох найдвар алга” гэлээ. Ингээд албан ёсоор тоглолтод оролцох эрхгүй боллоо.
Энэ тухай яриа бэлтгэлийн баазад маш хурдан таржээ. Намайг талбайд гарах боломжгүй болсныг сонссон хүмүүс бүгд надад найрсаг хандаж байсан. Тэд Румынийг хожихоо амлан, дараа нь шөвгийн наймын тоглолтод оролцох боломж байгаа хэмээн тайвшруулж байв. Нээрээ надад бүх хүн ингэж сайхан хандаагүй юм байна. Миний гэмтлийн тухай сонсоод Фазакерли ичгүүргүй авирлаж байсан. Үргэлж л гэрээ санадаг нусгай гэж намайг гоочилдог тэрбээр миний урд хөндөлдөн зогсоод “Дахиад л гэмтчихээ юу? Бие халаалтаа дутуу хийснээс тэр дээ” хэмээн доогтой хэлсэн. Энэ үед түүнийг цохиод авмаар санагдаж байлаа. “Евро-2000”-ын үеэр ийм бодол нэг бус удаа төрж байсан. Түүний үйлдэл бүхэн миний эсрэг юм шиг санагддаг. Тэр намайг хөгжүүлэхийн тулд санаагаа ийм сөрөг байдлаар илэрхийлдэг байсан байж болох. Фазакерли надаас зөвхөн өө, алдаа л хайдаг байсан. Хэн нэгэн хүйтэн зүрхтэн намайг хүнд хэцүү үед улам бүр дарах нь мэдээж тааламжтай байхгүй. Тэр надад ямар хэцүү байгааг ойлгохыг ер хүсээгүй.
Би багтаа тус дэм үзүүлэхээсээ өнгөрсөн үед ч Киган надад санаа тавьсаар байсан. Тэр намайг талбайд гарах боломжтой болж магадгүй гэсэндээ бус, хэвлэлийнхэн гэмтлийн талаар мэдчих вий гэж сэлгээнийхэнтэй цуг суулгав. Хэрэв тэгвэл сонингуудад миний талаар залуугаараа “хэмхэрч” дууслаа гэсэн утгатай нийтлэлүүд гарна гэдгийг тэр мэдэж байсан. Кевин тэр өдөр Румыний эсрэг тоглох багаа зохион байгуулахын зэрэгцээ надад ийнхүү санаа тавихаа мартаагүй юм. Түүний энэ их хайр ивээлийг би үргэлж санаж явдаг. Хэдий ийн нуухыг хичээсэн ч хэвлэлийнхэн миний гэмтлийн талаар мэдчихсэн байв. Гэхдээ тэд миний гэмтлийг тийм ноцтой гэж бодоогүй ба Кевинийг хэт хаширлаад намайг сэлгээнд үлдээсэн гэж бичиж байсан.
Румыний эсрэг тоглолтыг сэлгээний тоглогчдын суудлаас үзэж суухдаа хэрвээ би энд гарсан бол хэрхэх байсан бэ хэмээн бодож, төсөөлж байв. Хоёр баг ээлжлэн давамгайлж, урд хойноо орсон энэ тоглолтод Английн шигшээ баг 2:3-аар хожигдлоо. Сүүлчийн минутад Фил Невилл Румыний Виорел Молдованыг 16 метрийн талбайдаа унагаснаар торгуулийн цохилт алдсан билээ. Тоглолтын дараа уурсаж хашгичсан тоглогчид хувцас солих өрөөнд галзуурсан мэт байв. Инс, Адамс, Кеоун нарын царайг харахад уурласандаа сүрдмээр болсон байлаа. Бидний хувьд “Евро-2000” ингээд дууссанд бухимдсан тэд элдэв хараалын үг хашгичин сууна. Гэхдээ манай багийнхан ийм догшин, ширүүн авиртай байсан ч нэг нэгэндээ үүнийг хэлээгүй билээ. Зарим нэг нь Фил Невилл дээр очин тайтгаруулж байв. Түүнийг буруутгаж, зэмлэх нэг ч хүн байгаагүй. Харин ярихыг хүсээгүй зарим нь толгой дээгүүрээ алчуур тавин сууцгаажээ. Киган ч мөн сэтгэлээр унасан байлаа. “Евро-96”, “Франц-98”-д үзүүлсэн амжилтаас үүдэн хүмүүс бидэнд их итгэл хүлээлгэж байсан. Манай баг хөгжөөн дэмжигчдийнхээ энэ итгэлийг дааж чадсангүй. Биднийг ийнхүү “Евро-2000”-ын эхний нислэгээр л нутаг руугаа буцна гэж хэн ч санаагүй биз.
Удалгүй бидний тааруу тоглосонтой холбоотой таагүй зүйлүүд өрнөж эхлэв. Хүмүүс Киганд хандан үнэмшмээргүй дэмий зүйл хэлж, гоочилж байлаа. Майклыг Киганд таагүй ханддаг байсныг би мэднэ. “Евро-2000”-ын хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь Оуэн сэлгээгээр суусан ба тэрбээр үүндээ тун дурамжхан байсан. Тоглолт бүр дээр сэлгээгээр гаргахыг тэр доромжлол гэж хүлээж авч байв. Тоглолтын дөрөв дэх шүүгч захын шугам дээр ирээд дугаарыг нь өргөхөд баярлан гүйж ирэх тоглогч байхгүй нь тодорхой. Үргэлжлүүлэн тоглохыг хүссэн тоглогч сэлгээний дуудлагыг таатай хүлээж авдаггүй. Миний хувьд ч гэсэн ийм үед хамаг бие сулрах шиг болдог. “Евро-2000”-ын үеэр Майкл Киганы бэлтгэлийн дэглэмийг үл ойшоон, хичээж оролцдоггүй байсныг нь ойлгодоггүй юм. Майкл тактикийн бэлтгэл болон жижиг талбайд тоглохыг чухалчилдаг байсан. Тэгээд дандаа л Киганы зохион байгуулалтыг шүүмжилж байдаг. Энэ бүхэн Майкл, Киган хоёрын хоорондын харилцаанд том ангал үүсгэсэн болов уу.
Кеоун мөн Киганы талаар шүүмжилж, гэнэн тактик баримтлан тоглодог хэмээж байв. Энэхүү мэдэгдлийн дараа хүн болгон энэ үгийг өлгөн авч шуугицгаасан билээ. Гэхдээ тэд гомдол гаргагчдын ихэнх нь үндсэн 11-д багтдаггүй тоглогч болохыг анзаараагүй. Үндсэн бүрэлдэхүүнд гаргаагүйд нь шаралхсандаа элдвээр хэлэх явдал байж болно л доо. Одоо үед хөлбөмбөг гэдэг улам л багийн шинжээ олж, байнгын эргэлт, сэлгэлт хийхийг шаардах болсон. Харин Киганы шүүмжлэлийн бай болсон ганц зүйл нь “Евро-2000”-д багаа бүрэн ашиглаж чадаагүй явдал. Үүнээс нь болоод баг хоёр хуваагдсан байсан. Гарааны 11 болон сэлгээнийхэн гэж. Хүн болгон л талбайд үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглохыг хүснэ. Хэрэв 11 тоглогчийн гадна үлдээвэл үүнийг маш том доромжлол гэж хүлээн авдаг. Энэ бол Английн шигшээд эртнээс байсаар ирсэн зүйл билээ. Хүн болгон үндсэн бүрэлдэхүүнд гарахыг хүсдэг, гарсан хойноо ч тэр хэмжээндээ тоглож чаддаг.
Кеоун Мартины ярьсан зүйлийн дараа түүнд нь хариу өгч, өөрийгөө өмгөөлөх юм хэлээгүй учир Кевиний нэр хүнд маш их унасан. Миний хувьд Кевиний талаар шүүмжлэгчдээс эрс өөр байр суурьтай байдаг. Голланд, Бельгиэс буцаж ирэхдээ би түүнийг бусдаас онцгой, жинхэнэ эр хүн, шилдэг дасгалжуулагч болохыг улам сайн мэддэг болсон билээ. Киган Пелетэй яаж харьцах байсан, яг түүн шигээ л надад ханддаг нь таалагддаг. Тэр намайг дэлхийн шилдэг тоглогчдын нэг мөн, тэр хэмжээнд байж чадна гэдгийг ойлгуулж ухааруулсан. Тэр намайг шинэ түвшинд гаргаж ирэн, байр суурийг минь бэхжүүлсэн ачтан юм. Би түүний ачийг үргэлж санаж, Кевин Киганыг амьдралын эцсийн мөч хүртлээ хүндэтгэн биширч явах болно.
НЭГ УЛИРАЛД ГУРВАН ТҮРҮҮ
Мерсисайдад хөл тавингуут л гэрээ санасан шаналал маань ор мөргүй арилсан. Гэвч төрөлх хотод маань өөр нэгэн бэрхшээл намайг хүлээж байлаа. Гэрэл зурагчид болон сурвалжлагчид гэрийн орчмоор эргэлдэх болжээ. Энэ нь миний хувьд шинэ зүйл байсан. Эртний өрсөлдөгч Германы эсрэг шигшээ багтаа 29 минут үр дүнтэй тоглосны нөлөөгөөр энэ байх. Хэвлэлийнхэн намайг Английн шигшээг Голланд, Бельгид үлдээх магадлалтай тоглогчдын нэг байсан хэмээн үнэлж байлаа.
Эхэндээ таатай мэт санагдаж байсан ч зогсоо зайгүй мөшгих тэдний энэ байдал намайг бүр залхааж орхисон. Найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ явж байхад гэнэт бүчээд авдаг. Бүр урьдчилан тохиролцсон мэт бөөнөөрөө дайрахыг нь яана. Тэдний энэ “халдлага” Германы эсрэг хийсэн тоглолтын маргааш өглөөнөөс л эхэлсэн билээ. Сурвалжлагчид надтай хамаатай хүмүүсийн гэрт нь очиж, дуу хураагуураа аманд нь чихчих шахан “Стиви Жи бол Английн баатар, ирээдүй” гэж хэлүүлэхийг оролдож байсан гэдэг. Би энэ тухай сонсоод Спад байж ядаж байлаа. Гэрийнхнийг минь л тайван байлгаасай гэж бодож байсан. Манайхан сэтгүүлчдийн асуултад янз бүрийн хариулт өгнө. Зарим нэг нь “Энэ талаар юу ч ярих вэ дээ?” гэж амыг нь тагласан байхад нөгөө хэсэг нь “Бид Стивений өмнөөс маш их баяртай байхын зэрэгцээ түүгээр бахархаж байгаа” хэмээсэн байв. Ямартай ч сурвалжлагчид хүссэн хариултаа олж авч чадаагүй. Тэгээд тэд миний талаар сонирхолтой түүх, баримт олохоор Мерсисайд даяар сүлжилдсэн байлаа. Кардинал Хинэн болон Сент Микэд хүртэл очжээ. Намайг гэртээ эргэн ирэхэд миний талаар дурсамжаа хуваалцсан багш нарын минь зурагтай сонингууд энд тэндгүй байж билээ. Хэвлэлийнхэн миний бага наснаас эхлээд одоог хүртэлх янз бүрийн зургийг хаанаас ч юм олоод авчихаж. Сургуульд, орон нутгийн клубт гээд л. Папарацци намайг мөрдөх боллоо. Ийнхүү Германы эсрэг хийсэн тоглолт амьдралыг минь эрс өөрчилсөн юм. Саяхан л “Ливерпуль”-ийн томчуудын багт анх хөл тавьж байсан бол одоо улс даяараа намайг мэддэг болжээ. Шинэ орчинд ийн тэвдэж явахад нэг мэдэхэд л шинэ улирал эхлэх болсон байлаа. Удахгүй эхлэх улиралд бэлтгэж байхад “Германы эсрэг тоглолтод хийсэн бүхнээ дахин харуулж чадах болов уу?” гэсэн түгшүүр төрж эхлэв. Хүн болгон л намайг харж байгаа. Гэтэл би үүлэн чөлөөний нар шиг ганцхан тоглолтод гялалзсан байвал яана.
2000-01 оны улирал эхлэхийн өмнөхөн Брайан Робсон намайг багтаа авахаар хөөцөлдөж буй талаар сонслоо. Түүний удирддаг “Мидлсбро”-гоос миний төлөө 5 сая фунт стерлинг төлөх санал тавьжээ. Над шиг туршлага нимгэн, залуу тоглогчид зарлагадах гэж байгаа гэхэд энэ чамгүй их мөнгө билээ. “Ливерпуль”-ийн зүгээс Робсоны саналыг хүлээж авахгүй гэдгээ эрс шулуун илэрхийлсэн. Багаасаа явах талаар бодож байгаагүй ч Робсон намайг ингэж өндрөөр үнэлсэнд би маш их баярлаж билээ. Европын АШТ-ий дараа тэр өгсөн ярилцлага бүртээ намайг магтаж байсан гэдэг. Сониноос түүний ярилцлагыг олж уншаад тэр хэсгийг нь хайчилж аван жаазалж ханандаа хадмаар санагдаж байв. Английн домог болсон Брайан Робсон намайг магтсанд итгэж ядан байсан.
Хүүхэд ахуйдаа ардаа Робсон гэсэн бичигтэй “7” дугаар бүхий “Манчестер Юнайтед”- ын цамцыг нэг удаа өмсч билээ. “Юнайтед”-ын хувцсыг өмсөх нь битгий хэл барихаасаа ч жигшин зэвүүцдэг миний хувьд энэ цамц огт өөр сэтгэгдэл төрүүлж байлаа. Найзад маань Робсоны нэртэй тэр цэнхэр цамц байсан юм. Нэг удаа түүнтэй хамт Айронсайдад тоглохдоо Робсоны цамцаа түр өмсүүлэхийг гуйсан. Тэгээд “Ливерпуль”-ийн улаан цамцаараа солилоо. Робсоны цамцыг өмсөөд үсэрч очин бөмбөг булаан, үзүүштэй гоё гоол хийх гээд яг түүн шиг байхыг хичээн цаг шахам тоглосон. Тэр хувцсан дээр Робсоны нэр байсан учраас “Юнайтед”-ыг үл тэвчих үзэл маань бүр мартагдсан байв. Тэр бол Английн амьд домог, шүтээн нь болсон хүн учир “Юнайтед”-ын тэр цамцыг өмслөө гээд “Ливерпуль”-ээс урван тэрсэлсэн мэт харагдахгүй билээ.
Харамсалтай нь бидний тоглож байхыг аав цонхоороо хараад пуужин шиг хурдан үсрэн гарч ирээд гайхалтай мөчийг минь тасалдуулсан. Тэр “Стиви, бушуухан гэртээ ор” хэмээн ууртайгаар хашгирав. Би эмээсхийн босгоороо давангуутаа л толгойгоо эргэтэл загнуулсан. Аав өндөр дуугаар “Чи яахаараа “Манчестер Юнайтед”-ын хувцсыг өмссөн байдаг билээ?” хэмээн асуув. Би “Үгүй ээ, аав аа, энэ чинь Робсоных шүү дээ” гэж ээрч түгдчин хариулав. Гэвч аав миний тайлбарыг сонсохыг хүссэнгүй. “Илүү сайн ойлгуулаад өгье л дөө” гээд дуу нь улам чангарч байлаа.
Хөвгүүдийнх нь хэн нэг “Юнайтед”-ын хувцас өмсөөд Хюйтонд алхаж явна гэдэг аавын хувьд гутамшиг байсан. Аав “Чиний энэ байгааг хөршүүд харчихвал юу гэж бодох бол доо?” хэмээн загнав. Азаар би гэрээсээ хол яваагүй юм. Бага байсан болохоор аав минь намайг тэр хэртэй загнаад өнгөрсөн байх. Хэрэв ахлах сургуульд орсон хойноо ингэсэн бол аав гэрээсээ өшиглөөд гаргачихаж ч мэдэх билээ.
Тэр өдрөөс хойш би “Юнайтед”-ын хувцсыг өмссөн алдаагаа давтаагүй. Гэхдээ Робсоныг хүндэтгэн дээдлэх сэтгэл минь хувираагүй юм. Ийм хүндлэлт хүн маань надад итгэл хүлээлгэж үнэлсэнд би маш их баярласан. Робсоны намайг авах гэсэн санаархал надад урам зориг өгч, удахгүй эхлэх шинэ улиралд улам бүр эрчтэй бэлтгэж эхэллээ. Oлон түмэнд өөрийгөө таниулах цаг минь иржээ. Одоо эргээд бодоход тэр улиралд би төсөөлснөөсөө илүү амжилт үзүүлсэн. Нэг тэмцээнд түрүүлэх нь гайгүй үзүүлэлт. Гэтэл хоёр цомтой болоход итгэмээргүй санагдаж байв. Гэвч энэ сүүлчийнх биш байсан. Гурав дахийг нь аваад зогсож байхад зүүдэлж буй мэт байж билээ. Ливерпулийнхэн нэг улиралд ийнхүү гурван тэмцээнд түрүүлэхийг “Mickey Mouse Treble” гэж хэлдэг. Энэ бол маш том амжилт юм.
Тэр жил “Ливерпуль”-д маш сайн баг бүрэлдсэн байлаа. Жерар Улье багт хэрэгтэй хүмүүсийг цуглуулж чадсан юм. Гэхдээ өөлөх зүйл бий. Би хаалгач Сандер Вестерфельдийг сайн, найдвартай гэж хэлж чадахгүй. Голланд хаалгачийн бөмбөгийг тоглолтод оруулах, цохилт хаах, тоглогчидтой харилцах чадвар сайн ч хөндлөн дамжуулалт таслах, бөмбөг барих тал дээр маш муу. Карра, Майкл, бид гурав видео бичлэг үзэн тоглолтдоо дүн шинжилгээ хийж байх үед бөмбөгөө Сандерийг давуулан өшиглөхөд тун амархан санагдаж билээ. Гэхдээ би энэ талаар түрүүлж ам нээхийг хүсээгүй. Дөнгөж 20 настай болохоор бусдыг шүүмжлэх биш өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарахыг хичээж байсан.
Азаар Сандер маш хүчирхэг хамгаалагчдаар дэмжүүлж байв. Баруун жигүүрийн хамгаалалтад даруухан герман эр Маркус Баббел тоглож байлаа. “Энфильд”-д түүний нэр ховорхон сонсогдож, хөгжөөн дэмжигчид төдийлэн анзаардаггүй ч хувцас солих өрөөнд бол тэр багийнхныхаа талархал, магтаалын үгэнд булуулж байдаг. Маркус гурван түрүү авсан тэр улиралд их гавъяа байгуулсан ч нэр нь дурсагдаагүй баатар билээ. Тэр бэлтгэлийг ягштал хийдэг хөдөлмөрч хөлбөмбөгч байсан. Үүнийхээ үр дүнд найдвартай хамгаалагч болсон биз ээ. Мюнхены “Бавари”-тай байгуулсан гэрээ нь дууссаныг Жерар овжин анзаарч, түүнийг огт зарлага гаргалгүй “Ливерпуль”-д авчирсан бөгөөд төвийн хагас хамгаалагчаар тоглодог байсан Баббелийг хамгаалагч болгосон нь зөв шийдвэр болсон. Баббел ирснээр “Ливерпуль” тун гайхалтай нэг улирлыг үдсэн билээ. Харамсалтай нь дараа жил нь тэр Жулиан Барын синдром гэдэг хачин өвчний халдвар авч, нэг ч тоглолтод оролцоогүй юм. Тэр өвчин хүний мэдрэлийн системд нөлөөлж, бүр суумгай болгодог юм билээ. Нэг өдөр “Ливерпуль”-ийн эмч Марк Уоллер бидэн дээр ирээд хэсэг хугацаанд Маркус бидэнтэй хамт байж чадахгүй болсныг хэлсэн. Эмч “Тэр эргэж ирэх болно. Гэхдээ яг урьдынх шигээ болно гэдгийг 100 хувь итгэлтэй хэлж чадахгүй” хэмээсэн. Багийнхаа андад, шилдэг тоглогчид тохиолдсон гэнэтийн явдалд цочирдсон бид Маркус яг ямар өвчин тусаад ямар байдалтай буйг асуусан ч тодорхой хариулт авч чадаагүй. Маркусын өвчин нь эхлээд яг ханиад шиг шинж илэрч байснаа аажим аажмаар бие нь мэдээгүй болсон юм билээ. Тэр бол бие бялдар сайтай, маш сайн тэмцэгч хамгаалагч байсан. Тэр “Мелвүд”-д бүтэн сар ирсэнгүй. Хүн болгон л “Маркус хаана байна аа, тэр яасан юм бэ?” гэж асууцгаана. Бүгд л түүнийг хурдан эргэж ирэхийг хүсч байв. Эцэст нь тэр Германаас эргэн ирлээ. Гэвч тэргэнцэртэй байсан нь хүн бүрийг алмайруулж орхисон. Би тэр тэргэнцэртэй хүн Маркус мөн гэдэгт итгэсэнгүй. Царайд нь улаа бутран эрүүл саруул гүйж явсан тэр хүн цонхийж цайгаад, дээрээс нь сахлаа юу ч үгүй хуссан болохоор аймаар харагдаж байв. Түүнтэй мэндлэхэд яг сүнстэй гар барьж байгаа юм шиг санагдаж билээ. Маркус маш их турж, цонхийгоод зэгэл саарал харагдаж байв. Түүний нэрийн хуудас болсон эелдэг инээмсэглэлээр нь л Баббел мөн гэдгийг таньсан. Гурван түрүү авахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн маань нэг ингээд гэнэтхэн тэргэнцэр хэрэглэхдээ хүрсэн нь тун харамсалтай.
Маркус эдгэрээд талбайдаа эргэн ирсэн ч урьдынх шигээ гайхалтай тоглохоо больсон байлаа. Төвийн хамгаалагчийн орон зайг Сами Хююпя эзэгнэж эхэлсэн тул тэр баруун жигүүрт шилжсэн. “Ливерпуль” Хююпяг авсан нь тун санаандгүй зүйл болсон. 1999 онд түүнийг Голландын “Виллем-II”-оос 2.5 сая фунт стерлингээр худалдан авсан нь одоо эргээд бодоход хожоотой наймаа байжээ. Сами “Ливерпуль”-д хэрэгтэй байсан “хоёрдугаар давхар”-ын хамгаалалтад дадмаг нэгэн билээ. Сүүлийн хэдэн улиралд манайх “агаарын тулаан”-д дутмаг байсан. “Ливерпуль” ямар ч багтай тоглоход захаас хөөргөж өгсөн дамжуулалт бүхэн аюултай болдог байлаа. Нэг удаа “Ман Ю”-гийн эсрэг тоглоход Дэвид Бекхэмийн гурав, дөрвөн удаагийн хөндлөн дамжуулалт болон булангийн цохилт нь биднийг сандаргасан. Тиймээс хамгаалалтын энэ согог Жерарын хувьд хойшлуулалгүй шийдэх асуудлын нэг байлаа.
Хююпяг анх “Мелвүд”-д ирснийг нь тод санаж байна. Нарийхан өндөр скандинав залуу бэлтгэл дээр ирээд үсэрч, цовхорч эхлэхэд нь би багийнхантайгаа “Энэ амьтан хаанаасаа гараад ирэв ээ?” гэж шивнэлдэж байв. Гэвч биднээс Хююпягийн тухай мэдэх нэг ч хүн байгаагүй. Бид манай багийн гэмтэлтэй болон торгуультай төвийн хамгаалагчдын байрыг нөхөхийн тулд түүнийг авчирсан гэж таамаглаж байлаа. Харин тэр хөөргөж өгсөн бөмбөгийг төвөггүй зайлуулж, довтлогчдоос эвлэгхэн бөмбөг салган, талбайн төв рүү оновчтой дамжуулалт өгөх зэргээр эхний бэлтгэл дээр л өөрийгөө таниулж чадсан. Баруун, зүүн аль ч хөлөөрөө тоглодог ажээ. Харин түүний ганц дутагдал нь хурд байв. Сами Рио Фердинанд болон Италийн Алессандро Неста нар шиг хурдалж, бөмбөг эзэмшдэггүй. Гэхдээ энэ нь түүнд асуудал биш юм. Тэр талбайг бүхэлд нь харах чадвараараа хэнийг ч дагуулахгүй. “Ливерпуль”-д тоглосон эхний жилүүдэд түүнийг давж гарах тун хүнд байлаа. Тэр хоёр улиралд дэлхийн хаана ч Хююпягийн энд хүрэх тоглолтыг үзүүлсэн хамгаалагч байгаагүй.
“Блэкберн”-ээс ирсэн хамгаалагч Стефан Аншотой Сами тун хурдан ойлголцож, ар талд хоршин тоглох болсон. Стефан бол хатуу чанга бие бялдраараа гайхагдсан шилдэг хамгаалагч билээ. Сами, тэр хоёр “Ливерпуль”-ийн хамгаалалтад хад чулуу мэт зогсдог байсан. Өрсөлдөгч багийн довтолгоо тэдэн дээр хүрээд зогсохын зэрэгцээ дахиж дайрах биеийн болоод оюун санааны хүчгүй болсон байдаг байлаа. Сами, Стефаны хослол манай багт гурван цом авчирсан гэхэд хилсдэхгүй. Даван гарахад тэдний баруун талд Баббел, зүүн жигүүрт Жейми Каррагер тоглодог байсан.
Би Каррад хайртай. Мөн бүх дасгалжуулагч түүнийг үнэлдэг. Тэр хамгаалалтын бүх л байрлалд үр дүнтэй тоглодог билээ. Карра төвийн хамгаалалтад маш сайн тоглодог ч гурван түрүү авсан тэр улиралд Жерар түүнийг зүүн жигүүр лүү шидэхэд нь нэг ч удаа гомдоллож байсангүй. Тэр маш их хөдөлмөрч хүн. Жерар түүнийг зүүн жигүүрт тоглуулах болсны дараа Карра зүүн хөлөөрөө бөмбөг сайн эзэмшдэг болохын тулд илүү цагаар бэлтгэл хийдэг байлаа. Үндсэн багийн бэлтгэлээс гадна Академийн хүүхдүүдтэй очиж тоглодог байсан. Ингэсээр байгаад түүний зүүн гутлынх нь хоншоор бараг цоорох шахан цайрчихсан байж билээ. Ийнхүү өглөөнөөс үдэш болтол бэлтгэл хийсээр Карра хоёр хөлөөрөө төгс тоглодог хамгаалагч болсон.
Карра бол хөлбөмбөгийн жинхэнэ хэнээтэн. Тэр үргэлж л хөлбөмбөгийн тухай ном уншиж, энэ тухай ярьж байдаг. Каррагийн ярьж байгаа зүйлийнх нь 90 хувийг хөлбөмбөг эзлэх байх. Хэрэв та Каррагаас хөлбөмбөгийн тухай ямар нэг зүйл асуувал үгээ хэлж дуусаагүй байхад чинь хариултыг нь хэлэх болно. Тэр өмнөх болон өнөө үеийн хөлбөмбөгчдийн намтар, тэдний статистик, төрсөн он, сар, өдөр, газар, уугуул нутаг, клубүүдийн түүх, амжилт, давуу болон сул тал, бүр зарим хүний хообий, дуртай баяр гээд бүхнийг мэддэг. Хөлбөмбөгийн асуулт, хариултын уралдаан болвол Каррагийн өмнө орох хүн байхгүй л болов уу. Ямар ч хүнд хэцүү асуулт тавьсан тэр зөв хариултыг нь өгөх болно.
Би Карраг сайн хөлбөмбөгчнөөс нь гадна манлайлагчийнх нь хувьд хүндэлж явдаг. Түүний үйл хөдлөл бүхэн ахлагч шиг байдаг билээ. Хэдий тийм ч тэр хэзээ ч багийн ахлагч болохын төлөө зусардаж байсангүй. Гурван түрүү авсан тэр жил би хэн нэгнээс зөвлөгөө авах шаардлагатай бол шууд л Карра дээр очдог байлаа. Ямар нэг зүйлд уурлаж бухимдан, биеэ барьж чадахгүй болсон үед Жерар, Карра хоёр л намайг тайвшруулдаг. Тэр телевизэд ярилцлага өгөх үедээ яавал зохистой, юу гэж хэлбэл дээр вэ гэхээс эхлээд юм бүрийг надад зааж зөвлөдөг байсан.
“Ливерпуль”-ийн өөр нэг ухаантан Гари Макаллистерийг анх энэ багт ирэхэд би “Жерар ямар наймаа хийчих нь энэ вэ?” гэж гайхаж байлаа. Жерарын энэ наймааг хүн бүр хачирхаж байв. Гари Шотландын шигшээ баг болон “Лидс Юнайтед”-д шуугиулж явсан шилдэг хагас хамгаалагч боловч одоо 35 нас хүрч, оргил үеэ ардаа орхисон тоглогч билээ. Түүний ирсэн нь надад хамгаас илүү сонин байв. Тэр миний талбайд гарах боломжийг хязгаарлах болов уу? Жерарын байхгүйд багийнхнаасаа “Ямар хачирхалтай наймаа вэ? Макаллистер харьж яваа хүн биз дээ” хэмээн асуухад хариу хэлэх нэг ч хүн байсангүй. Би түүнийг сүүлийн жилүүдэд “Ковентри”-д тоглож байхыг харсан. Тэр тэнд дажгүй байсан ч манай багт ямар хэрэгтэй юм бол оо? Би Макаллистерийн тухай надаас илүү мэдээлэлтэй буй байх гээд өөрийн төлөөлөгч Струан Маршал руу залгалаа.
“Стру, чи энэ талаар ямар бодолтой байна?” гэхэд “Санаа бүү зов доо, Стиви. Гари Мак “Ливерпуль”-ийн төлөө сайн тоглож, тус болж чадах хүн. Харин чи түүнээс сайн суралцаарай” хэмээлээ.
Би “Битгий дэмий юм яриад бай, Стру. Макалистер надад юугаа заадаг юм бэ?” гэж уурлан хэлж байлаа.
Гэвч энэ миний буруу байсан. Энэ ухаалаг шотланд эртэй цуг байсан тэр үе миний хөлбөмбөгчний амьдрал дахь онцгой мөч юм. Хөлбөмбөгч, хагас хамгаалагч, эр хүний хувьд Гари Мак онцгой нэгэн. Тэр “Мелвүд”-д анх ирэхдээ хувцас солих өрөөнд ороод бүх тоглогчтой мэндлэн, өөрийгөө танилцуулж байв. Бид Гари Макийг таньдаг, үүнийг ч тэр мэдэж байгаа ч ийнхүү шинэ багийнхандаа хүндэтгэлтэй хандаж буй нь түүний даруу зангийн илэрхийлэл билээ. Тэр маш олон тоглолтод оролцож, гавъяа шагнал олныг хүртсэн ч үүнээсээ илүү зан байдал, бусадтай харилцах чадвараараа ийнхүү хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг. Гари Мак тулаанд армиа оролцуулж байгаа генерал шиг л бидний тоглолтыг зөв тийш нь удирдан чиглүүлдэг байлаа.
Ямар гайхалтай тоглогч вэ? Мөн гайхалтай сурган хүмүүжүүлэгч. Айлчлан тоглолтоор явах үед би автобусанд Макаллистерийн хажууд суугаад түүний яриа, зөвлөгөө, сургаалыг нь сонсон, замын уртыг ажирдаггүй байв. Ийм аялал надад хичээлдээ явахаар сургуулийн автобусанд суугаад багшийнхаа яриаг сонсож байгаа мэт санагддаг байлаа. Гари Макийн үг бүр нь надад үнэтэй зөвлөгөө болдог.
Би хааяа богино дамжуулалт өгөх боломжтой үед бөмбөгөө хол цөлчихдөг байлаа. Жерар, Томмо нар миний энэ дутагдлыг засах гэж оролдон үргэлж л үглэнэ. Тэд “Дамжуулалтаа аятайхан өг л дөө. Энд илүү боломжтой хүн байхад яагаад өөр тийш нь дамжуулаад байгаа юм бэ?” гэцгээнэ. Тэд бүр энэ тухайгаа хэвлэлийнхэнд ярьчихсан байж билээ. Тэгээд нэг удаа айлчлан тоглолтоор явахад би зөвлөгөө авахын тулд Гаригийн хажууд суусан. Автобусанд ороод дасгалжуулагчид миний дамжуулалтын согогийн талаар ярьсан сонинг эргүүлэн уншлаа.
Гари “Залуу минь, чи зүгээр үү?” гэхэд “Дажгүй ээ” хэмээн хариулав. Автобус хөдөлсний дараа түүнд хэлэхийг хүссэн зүйлээ ярилаа.
“Макка, би богино дамжуулалт өгөх боломжтой үед тэр хүнийг харалгүй алсын дамжуулалт хийгээд байх юм. Зөв хувилбараа сонгож чадахгүй байгаа энэ алдаагаа яаж засах вэ?”
“Энэ санаа зовох зүйл биш ээ, Стиви. Чи залуу байна. Тоглолтыг удирдах, харах чадвар нэг мэдэхэд чамд суух болно. Чиний өөрийн хичээл, оролдлого л хэрэгтэй” хэмээн тэр хэлсэн.
Тоглолтын үеэр хэн нэгэн байрлалаа алдвал Макка “Дараагийнх нь нөхөөрэй” гээд хашгирна. Тэр тоглолтыг удирдаж, зохион байгуулах тал дээр авъяастай, үүгээрээ хүн бүрт үнэлэгдсэн тоглогч. Заримдаа түүний хэн нэг тоглогчид өгөх зөвлөгөөг ойр байгаа бусад тоглогч, бүр дасгалжуулагчид хүртэл чих тавин сонсдог байлаа. Гаригийн бэлтгэлийг харж, даган дууриаснаар надад их ахиц гарсан гэж боддог.
Гари хөлбөмбөгийн талбайд ийн үлгэрлэн дагуулагч байхын зэрэгцээ гадаад төрх, хувцаслалтаар мөн олны анхаарлын төвд байдаг нэгэн. Тэр үргэлж сонгодог загварыг сонгох ба хувцас, гутал нь ямар ч толбогүй гялалзаж байдаг билээ. Тэр “Ливерпуль”-ийн жинхэнэ од нь байсан. Одоо ч гэсэн би түүнтэй утсаар хөлбөмбөг болон бусад зүйлийн талаар ярилцдаг. Тэр өөртэй нь харилцаж байгаа хүнд юу хэрэгтэй вэ гэдгийг маш сайн мэдэрч чаддаг хүн. Тиймээс би Гарид гэр бүлийнхэндээ итгэдэг шигээ хүндэтгэлтэй ханддаг. Хэрвээ би ямар нэг таагүй зүйлтэй учран, сэтгэл санаа тавгүй байвал Гари үнэтэй зөвлөгөөгөөрөө сэтгэлийг минь сэргээж, урам зоригийг минь бадраадаг. Тиймээс би өөрийгөө түүнд их өртэй гэж бодож явдаг юм.
Гари Мак 2000/01 оны улиралд Премьер лигийн 21 тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд гарч, гурван цом авахад үнэтэй хувь нэмэр оруулан “Ливерпуль”-ийн төлөө агшин зуур гялалзаад өнгөрсөн од юм. Гари төвийн хагас хамгаалагчийн байранд Дидитэй мөр зэрэгцэн гайхамшигт тоглолтыг үзүүлж, би баруун жигүүр лүү шахагдаж байв. Нэг үе дасгалжуулагчийн энэ шийдвэрт сэтгэл дундуур явдаг байлаа. Жерар тэр жил намайг баруун жигүүрээс өөр байранд ер тавиагүй. Маккаг ирсний дараа ийнхүү шахагдаад, улмаар баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалаа алдчихгүйн тулд Данни Мерфи, Дэвид Томпсон нартай далд тэмцэл өрнүүлэх болсон. Данни, Томмо, бид гурав өөрсдийн энэ байрлалыг “Оршуулгын газар” хэмээн нэрлэдэг байж билээ. Тоглолтын өмнө Жерар гарааны бүрэлдэхүүнийг танилцуулахаар ирэхэд бид гурав “Өнөөдөр хэн нь оршуулгын газар очих бол доо?” гээд инээлддэгсэн. Тэр улиралд баруун жигүүрт тоглохоор гарсан хүн бүтэн 90 минутыг талбайд өнгөрүүлсэн нь ховор. Данни, Томмо, бид гурвын хэн нь үндсэн бүрэлдэхүүн гарлаа гэхэд тоглолтын 50 дахь минутын орчимд нөгөөгөөр нь сэлгэдэг байв. Үүнээс үүдэн “50 минут, тэгээд чи үхнэ” гэсэн шог яриа гарчихсан байж билээ.
Бид гурав өөр өөрийн онцлогтой хөлбөмбөгчид. Томмо эцэж цуцахыг мэдэхгүй гүйж, бөмбөгний төлөө эцсээ хүртэл тэмцдэг дайчин тоглолттой шилдэг хагас хамгаалагч. Харин Данни түүнээс өөр. Тэр уран гоё техник үзүүлж, арга эвээр тоглодог. Бид багаараа аялж, байрлахад би ихэвчлэн Даннитай нэг өрөөнд орно. Бид хоёрын яриа ч сайхан нийлж, бие биеэ сайн ойлгодог болсон. Данниг наргиан, наадмын хаан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэр хөгжилтэй, нийтэч, хамт олныг зангидагч хүн билээ. Хэдэн жил мөр зэрэгцэн тоглосон бид өдгөө өөр багт хүчин зүтгэж байгаа ч нөхөрлөлд маань өчүүхэн ч ан цав суугаагүй. Бид үргэлж л хөгжилдөж, бие биеэ шоглон, бас магтаж хөөргөдөг найзууд. Миний амьдралд бишгүй саад бэрхшээл тохиолдож байсан. Тэр үед Данни үнэт зөвлөгөөгөөрөө намайг зөв замд чиглүүлдэг юм. Би Данни “Ливерпуль”-ийг орхин явсанд одоо болтол харамсдаг. Үнэндээ түүнийг багаасаа явах гэж байгааг сонссон тэр өдөр би яг л амьсгал хураах гэж буй мэт дотор давчдан, байж суух газраа олж ядан байж билээ. Тэр одоо эргээд ирэхэд “Ливерпуль”-ийн үндсэн бүрэлдэхүүнд гарах чадал, чадвартай хөлбөмбөгч. Талбайд гараад түүнийг ямар их үгүйлдгийг минь бурхан ч гадарлахгүй байх даа. Данниг “Чарльтон” руу, тэгээд дараа нь “Тоттенхэм” рүү явахад дотрыг минь урах мэт болж байлаа. Би түүнийг “Энфильд”-ээс өөр газар тоглохыг хүсээгүй. Хүмүүс Данниг хүч, бяд муутай гэж шүүмжилдэг. “Ливерпуль”-ийн удирдлагууд магадгүй энэ дэмий ярианд “ховсдуулсан” байж мэдэх юм. Өөрийг нь зарах гэж буй тухай мэдээ түүнд том цохилт болсон нь лавтай. Данни “Ливерпуль”-д сэтгэлийн угаас хайртай байсан. Сүүлд түүнийг залуу тоглогчдод таагүй ханддаг гэх яриаг сонсоод “Ливерпуль”-ийн удирдлагууд Данниг зарахаар шийдсэн гэж сонссон. Хаанаас гарсан нь мэдэгдэхгүй энэ утгагүй яриаг хараал идээсэй. Залуучууд Даннигийн үнэтэй зөвлөгөө, тус дэмд талархаж, баярладаг байсныг тэр үеийнхэн бүгд л мэднэ. Тэр надтай элэгсэг дотно, илэн далангүй яриа өрнүүлдэг шигээ хүн бүрт таатай сэтгэгдэл төрүүлдэг жинхэнэ жентельмэн юм.
“Ливерпуль”-ийн талбайн дунд хэсгийн авъяастнууд ингээд дуусахгүй. Олон удаа гэмтдэг байсныг нь эс тооцвол Патрик Бергер багтаа маш том үүрэгтэй хүн билээ. Патрик талбайд гараад зүүн хөлийн хүчтэй цохилтоороо олныг алмайруулдагсан. Тэр амьсгаа авч, гаргахдаа хүмүүс ямар ч хүч зардаггүйтэй адил бөмбөгтэй хүссэнээрээ харьцдаг байсан. Хувь хүнийхээ хувьд ч тэр жинхэнэ эр хүн. Патрик “Ливерпуль”-ийн өөр нэг чех тоглогч Владимир Шмицертэй тун сайн хоршдог байж билээ. Влади бол голдуу сэлгээгээр гардаг, талбайд гарсан хойноо тоглолтыг эргүүлж чаддаг авъяаслаг довтлогч. Францын “Ланс”- аас 4 сая орчим фунтээр түүнийг худалдан авсны дараа Шмицер эхний бэлтгэл дээр л сайн довтлогч гэдгээ мэдрүүлсэн. Бөмбөгт эвлэг, хөнгөн хүрч, хамгаалагчдыг амархан хуурч байв. Гэхдээ “Мелвүд”-д тоглох нэг хэрэг, “Энфильд”-д гарна гэдэг огт өөр зүйл билээ. Шмицер маш богино хугацаанд бэлтгэлийн талбайгаас тоглолтод гарахад бэлэн гэдгээ харуулсан. Харамсалтай нь тэр гэмтэлд өртөмтгий тоглогч байсан. Тиймээс ч Жерар хэрэгтэй үедээ л түүнийг талбайд гаргадаг байв.
Талбайн дунд хэсэгт Ник Бармби хэмээх шилдэг тоглогч мөн манайд байлаа. Тэрбээр 2000 оны зун “Эвертон”-оос манай багт ирж Английг шуугиулсан. Тийнхүү шууд Стэнли Парк-ыг даван шилжилт хийнэ гэдэг тоглогчоос их зориг, зүрх шаардах хэрэг билээ. Тухайн үед Бармби “Эвертон”-ы гол тоглогч нь болоод байлаа. Хэрвээ та “Ливерпуль”, “Эвертон”-ы аль нэгд тоглодог байгаад нөгөөгөөс нь наймааны санал ирвэл энэ байж болшгүй зүйл мэт санадаг. Тиймээс ч Бармбигийн шилжилтийн талаарx яриа өрнөж эхлэнгүүт л зохисгүй үйлдэл гэх мэт шүүмжлэл гарч байлаа. Эцэст нь Бармби илүү амжилтад хүрэхийн төлөө “Гудисон Парк”-аас “Энфильд Рөүд”-ийг зорьсон.
Бармби, Гари Мак, Диди болон бусад хагас хамгаалагчид бидний үүрэг довтолгоонд хүчин зүтгэж буй Майкл, Робби, Эмиль Хески нарыг бөмбөгөөр, хэрэгтэй дамжуулалтаар нь хангах байсан. Майклын ур чадварыг, гоол оруулах авъяасыг хүн бүр мэддэг. Робби тэр хоёрын тоглолтын арга барил төстэй. Харин Эмиль тэднээс тэс өөр довтлогч байлаа. 2000 оны гуравдугаар сард жижиг клуб “Лестер”-ийг орхин, том зорилго өвөрлөн “Энфильд”-д хөл тавьсан тэрбээр анх хагас хамгаалагчийн байрлалд бэлтгэгдэж байсан. Бөмбөгтэй хурдлахдаа гарамгай Эмиль ойр ойрхон алхаж, огцом чиглэлээ өөрчилж чаддагаараа онцлогтой. Мөн сул байгаа тоглогчийг гярхай ажиглаж, хэрэгтэй дамжуулалтыг өгдөг. Хаалганаас хичнээн ч хол байсан хаалгач тийм амархан барьж авч чадахааргүй хүчтэй цохино. Энэ гайхалтай ур чадвараараа тэр “Ливерпуль” дэх эхний улиралдаа 22 гоол оруулсан билээ. Үүнээс хойш хүн болгон л түүнд улиралд дор хаяж 20 гоол оруулах ёстой, тийм чадвартай хэмээн шахалт үзүүлэх болсон. Түүний ганц дутагдал нь сэтгэл санааны байдлаас тоглолт нь шууд хамааралтай байдаг. Эмилийг сайн тоглуулъя гэвэл түүнд урмын үг хэлж, сэтгэлийг нь хөөргөх хэрэгтэй. Хэрэв тэр ийм байх аваас тоглолтод нисэх мэт дүүлдэг. “Ливерпуль”-д бүтэн улирал тоглосон эхний жилд нь түүнийг зогсоох хүн үнэндээ байгаагүй. Эмиль Майклын яг ард нь тоглох дуртай байсан. Энэ байрлал ч тэдний тоглолтод зэгсэн зохицдог. Хааяа Жерар Эмилийг жигүүрт тавихад тоглолт нь нэг л явцгүй болчихдог билээ. Яг л эхлэн суралцагч шиг харагддаг.
2001 оны нэгдүгээр сард “Ливерпуль”-ийн довтолгооны хүч улам бэхэжсэн. Яри Литманенийг анх “Мелвүд”-д харахдаа би яг л илбэдүүлчихсэн мэт болж билээ. Авъяаслаг фин залуу жижиг талбайд бэлтгэлийн тоглолт хийх үеэр бөмбөгт хүрэх, хамгаалагчдыг хуурах, ухаалаг дамжуулалтаараа гайхагдсан. Надад Яри олон нүүдлийн цаадхыг харах шатрын их мастер мэт санагдаж байлаа. Тэр бэлтгэл дээр надтай маш хурдан ойлголцдог болов. Миний хааш нь бөмбөг дамжуулах гэж байгааг хэдийнэ мэдчихсэн гүйж явна. Ингэж хэдэнтээ довтолгоонд хамтран оролцсоны дараа “Аякс”, “Барселона”-д хэдэн жил одтой тоглосон финланд мөн болохыг таньсан. Яри бөмбөгийг хэрхэн хүлээн авч, яаж дамжуулдгийг маш сайн мэддэг, мэдэрдэг хөлбөмбөгч юм. Тухайн үед түүний оргил үе нь өнгөрч, харих тийшээгээ хандсан байсан ч ямар ч багт гологдохооргүй чадвартай байсан билээ. Жерар том багуудтай хийх тоглолтод түүнийг гаргах дуртай. “Аякс”-т хүмүүжиж, “Камп Ноу”-д тоглож явсан тэрбээр ямар ч тоглолтод биеэ барьж тэвдэхээргүй туршлага суусан нэгэн юм.
Литманены хувьд бид Лигийн цомыг бараг гартаа оруулаад байх үед “Ливерпуль”-д ирсэн. Энэ тэмцээн тухайн үед “Уортингтон Кап” нэртэй байв. Би гэмтлийн улмаас Лигийн цомын эхний хоёр тоглолтод оролцоогүй. Манайх эхлээд гуравдугаар тойрогт “Челси”-тэй таарч, нэмэлт цагт 2:1-ээр хожсон. Шөвгийн 16-д манай залуус надгүйгээр “Сток Сити”-г
8:0-ээр бут ниргэж байлаа. Энэ тоглолтыг би гэртээ сэтгэл хангалуун, тааламжтай үзсэн.
Үнэндээ “Сток”-ынхон тэгэхэд юу хийхээ мэдэхээ больж, балмагдчихсан байв. Тэдний алдаа гаргаж, бөмбөгөө алдахад манайхан даажигнах мэт хамгаалагчдынх нь дундуур сүлжилдэн дураараа гоол хийхэд нулимсаа гоожтол инээж билээ. Бүр хаалгач Пегги Арфексад хүртэл хаалгаа орхин довтолгоонд оролцон цохилт хийхэд бөмбөг шон онож байв. Пегги тэр бүр талбайд гардаггүй ч тоглох үедээ өөртөө бөмбөгийг аль болох удаан барихыг эрмэлздэг онцлогтой хаалгач байлаа.
Арванхоёрдугаар сарын 13-нд болсон Лигийн цомын тавдугаар тойрогт “Фулхэм”-ийн эсрэг тоглолтод би багтаа эргэн ирсэн. Энэ тоглолтод бид нэмэлт цагт 3:0-ээр хожсон. Хагас шигшээд Лондонгийн өөр нэг баг хүлээж байсан нь “Кристал Пэлас”. Энэ баг бол тухайн үед байрлал бүрт сайн тоглогчтой муугүй өрсөлдөгч байлаа. Гэхдээ төвийн довтлогч Клинтон Моррисон нь өөрийгөө хэр хэмжээнээсээ илүү үнэлж байв. Хагас шигшээгийн эхний тоглолт болохын өмнө тэр өөрийгөө маш сайн байгаа, манай хаалганд хэдэн бөмбөг оруулахаа тооцож буй хэмээн хэвлэлийнхэнд ярьж байсан. Биднийг “Селхерст Парк”-т очиход түүний хэлсэн үг олны ярианы сэдэв болж, бидний чихэнд хүрсэн. Клинтоны том амлалтуудыг сонсож, сониноос уншихад сүрдмээр ч юм шиг санагдаж билээ. Магадгүй түүний амлалт олны анхаарлыг татсан байх, тэр тоглолтыг олон телевиз шууд дамжуулан үзүүлсэн. Бид “Пэлас”-ынхнаас бүх талаар илүүрхэж байлаа. Хэрвээ энэ боксын тулаан байсан бол шүүгч тоглолтыг цаг дуусахаас өмнө зогсоохоор болсон. Гэвч манайхан, тэр дундаа Майкл тун азгүй байв. Хэрэв тэр олдсон боломжуудаа ашигласан бол манайх дор хаяж 7:2-оор хожих байсан. Харамсалтай нь “Пэлас” 2:1-ээр хожлоо.
Бид Лондонгоос буцаж явахдаа энэ шударга бус үр дүнд шаралхан, тэднийг “Энфильд”-д бут ниргэхсэн гэхээс байж ядан байсан. “Пэлас”-ын ямар хэмжээтэй баг болохыг нь харуулж, Клинтоныг зохих түвшинд нь аваачихсан гэж бодогдоно. Хүссэн хариу тоглолт болоход нэг хоног үлдэхэд тэр шөнө маш урт санагдсан. Гэтэл өнөөх Клинтон дахиад л баахан юм чалчсан байв. Түүний сонины сурвалжлагчдад ярьсан зүйлийг уншаад бид нүдэндээ итгээгүй. Тэр “Би Оуэнээс илүү. Энэ тоглолтод үүнийгээ баталж, гоолын боломж олон гарган багаа хожуулна” хэмээсэн байлаа. Үүнийг уншаад Майкл мөрөө хавчин “Тоглолт дээр л харъя” хэмээгээд инээмсэглэж билээ. Сент-Этьенд гавъяа байгуулж, Английн баатар болсон манай довтлогч хоёрдугаар зэрэглэлийн тоглогчийн саваагүй үгэнд санаа зовох хүн биш юм. Харин би Майклын өмнөөс маш их уур хүрч байв. Клинтон хэн нэгнийг хүндэтгэнэ гэдгийг мэддэггүй бололтой. Хэрвээ та тэр хоёрын гоолын үзүүлэлт, амжилтыг харьцуулаад үзвэл инээд чинь хүрнэ дээ. Европын оны шилдэг хөлбөмбөгчин Ноён “алтан дундаж”-ийн эсрэг. Хэрэв тэр тэгж том дуугарах дуртай юм бол “Энфильд”-д гоол хийснийхээ дараа ярих хэрэгтэй байж дээ. Түүний хэлсэн, ярьснаас нь үүдэн хүн болгон Клинтоныг анхааралтай ажиглаж байлаа. Гэхдээ “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид түүнийг зүгээр хараад сууна гэж байхгүй, тоглолтын турш эсэргүүцэн шүгэлдэнэ.
Биднийг хувцас солих өрөөнд ороход ханаар дүүрэн Моррисоны доромж үг бүхий нийтлэлүүдийг наасан байлаа. “Би “Энфильд”-д хөгжөөн дэмжигчдийнх нь нүдэн дээр “Ливерпуль”-ийн хаалгыг мялаах болно” хэмээн аугаа Клинт ярьжээ. Бид Клинтоны сагсуурлын хариуд үнэн мөнийг хар цагаанаар ялгаад өгье гэцгээлээ. Фил Томпсон самбар дээр “Хэн ч, хэзээ ч “Ливерпуль”-ийг дахин ингэж хэлэхээргүй болгоод өг” гэж бичжээ. Ийм зүйл хэлснээр манай багийнхныг яаж өдөөснөө Клинтон хувцас солих өрөөнөөс талбай руу гарах хонгил руу алхаж явахдаа гадарласан болов уу?
“Пэлас”-ынхан бидний эсрэг юу ч хийж чадсангүй. Манайхан эхний 20 минутад л 3:0 болгов. Тоглолт өндөрлөхөд тоо 5:0 болсон байлаа. Ийм л байдаг юм даа, Клинтон. Тоглолтын турш манай хөгжөөн дэмжигчид түүн рүү шүгэлдэж, хашгичиж байлаа. Клинтоны хувьд хавханд орсон чоно шиг юу ч хийж чадсангүй. Магадгүй тэр шөнө Клинтон хар дарж зүүдэлсэн байх. Нэг удаа тэр хөөргөж өгсөн дамжуулалтыг мөргөх гэж үсрээд буухдаа хөл дээрээ тогтож чадалгүй нуруугаа хугалах шахан унахад нь “Энфильд” даяар нирхийтэл инээж билээ. Шүүгч сүүлчийн шүглээ үлээхэд Клинтон бороонд норж, ноос нь шалчийсан хонь шиг тогтож ядан алхсаар талбайгаас гарч байсан нь одоо ч нүднээ тод харагдаж байна. Хэмжээгээ мэдэхгүй яах гэж тийм тэнэг юм ярьдаг байна аа. Хичээлээ сайн давтаад шалгалтдаа ам гарах хэрэгтэй шүү, ноён Клинтон.
Клинтон ба түүний нөхдийг гэрт нь үдээд бид “Милленниум Стадион”-д болох шигшээ тоглолтод анхаарлаа хандуулав. Өрсөлдөгч маань өндөр хэмнэлтэй, хурдтай тоглодог, авъяаслаг олон тоглогч бүхий “Бирмингем” байлаа. Сүүлийн зургаан жилд түрүү аваагүй болохоор хөгжөөн дэмжигчид хоёрдугаар сарын 25-нд Кардиффт болох тоглолтод ач холбогдол өгөн эртнээс бэлтгэсэн. Хүн болгон л Кардиффт очихыг хүсч байв. Тоглогчид ч гэсэн “Бирмингем”-ийн эсрэг гарахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Миний хувьд бага зэрэг гэмтэлтэй байсан учир энэ чухал тоглолтыг өнжих вий гэхээс эмээж байв. Энэ байдлыг гадарласан Жерар финалын өмнөх орой намайг дуудан уулзлаа.
“Чи дажгүй юу?” хэмээн тэр асуув. Би “Тийм” гэж худлаа хэллээ. Надад үүнээс өөр хариулт олдоогүй юм. Цомын тэмцээний шувтаргын тоглолтод гарч, дурсамж дүүрэн үдшийг талбайд өнгөрүүлэх хүсэл минь дийллээ. Тоглолт дууссаны дараа тусгайлан зассан тавцанд гарч медаль зүүн, үзэгчид рүү харан цомоо өргөн хашгирахыг хөлбөмбөгч болгон л хүсч мөрөөддөг шүү дээ. Би шувтаргын тоглолтод гарах, ийм өндөр даваанд тоглохыг үргэлж мөрөөдөж, төсөөлдөг байсан. Тиймээс би “Милленниум”-д болох тоглолтыг хажуугаас үзэхийг хүсээгүй юм.
Жерар “Хэрвээ ямар нэг зовиур байхгүй бол чи талбайд гарна” гэв. “Би чадна” хэмээн итгэлтэйгээр хэллээ. Гэхдээ надад бүрэн хүчээ дайчлан тоглох боломж байгаагүй.
Тоглолтын эхэнд гэмтлийн нөлөө мэдрэгдэхгүй гайгүй байлаа. Харин “Бирмингем”- ийн төвийн хагас хамгаалагч Майкл Жонсон өвдөгний орчмоор өшиглөөд гэмтлийг минь хөндчихөв. Гүйж ч чадахгүй болсон намайг Жерар 78 дахь минутад Гари Макаар сольсон. Гэхдээ манай баг 1:0-ээр илүүрхэж, тоглолтоор ч давамгайлж байсан болохоор ялалт ойрхон байсан юм.
Жерар энэ тоглолтод Майклын оронд Роббиг талбайд гаргаж, Эмильтэй хослон тоглуулсан. Түүний шийдвэр зөв байсныг Фаулер баталж, эхний хагаст гайхалтай гоол оруулсан билээ. Эхэндээ Майклыг сэлгээний суудалд үлдэхийг харахад бидэнд эвгүй байсан. Жерар “Би энэ гурваас хоёрыг нь л талбайд гаргана шүү дээ” хэмээн тайлбарлахыг оролдоно. Үнэхээр ч түүнд Английн шигшээгийн гурван довтлогчийг талбайд зохицуулан гаргана гэдэг хүнд байсан биз ээ. Хэдийгээр Майкл дасгалжуулагчийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авсан ч дотроо бол тааламжгүй байсан нь тодорхой. Ийм чухал тоглолтыг Майкл шиг хөлбөмбөгч хажуугаас үзнэ гэдэг хүсэх зүйл биш юм. Жерар Робби-Майкл гэсэн хослолыг яагаад талбайд гаргадаггүй байсныг би ер ойлгодоггүй. Хурдтай, техниктэй энэ хоёр хөлбөмбөгч бие биеэ нөхөөд явчихмаар юм шиг надад санагддаг. Майкл баруун хөлөөрөө тоглодог, харин Робби солгой. Робби 16 метрийн талбайд гайхалтай тоглож, төгсгөлийг сайн гүйцэтгэдэг бол Майкл холын оновчтой цохилтоороо гайхагддаг. Үнэхээр гайхалтай хослол бүрдэхээр байгаа биз. Гэвч Жерар тэднийг нэг дор бараг тоглуулдаггүй байсан. Хачирхалтай хэрэг шүү.
Кардиффт “Бирмингем”-ийн Даррен Пюрс 90 дэх минутад торгуулийн цохилт хийх хүртэл Жерарын төлөвлөсөн бүхэн ном журмынхаа дагуу явж байлаа. Пюрс өөрт оногдсон боломжоо сайн ашиглаж, цаг дуусах мөчид ийнхүү тоог тэнцүүлсэн юм. Ингэснээр аваргын хувь заяа 11 метрийн цохилтоор шийдэгдэхээр болов. Жерар цохилт хийх тоглогчдыг нэрлэхэд тав дахь буюу хамгийн сүүлчийнхийг Карра гүйцэтгэхээр болжээ. Би үүнийг сонсонгуутаа “Үгүй дээ, ямар оновчгүй сонголт хийдэг юм бэ?” хэмээн дотроо хашгирч билээ. Энэ чацархаг төвийн хамгаалагчаар цомын тэмцээний шувтаргын тоглолтод ийм их дарамт үзүүлэх сүүлчийн цохилтыг хийлгэнэ гэж үү? Каррагер “Ливерпуль”-д тоглох болсноосоо хойш хоёрхон гоол л оруулсан байх. Харин гурван автогоол хийсэн шиг санагдаж байна. Тиймээс ч бид түүнийг “хасах нэг гоолтой” хэмээн шоглодог байсан билээ. Би “Бурхан минь, эхний дөрвөн хүнийхээ нэгээр тав дахь цохилтыг хийлгэхгүй дээ” гэж халаглан бодож суулаа.
Цохилтыг “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн суусан талын хаалган дээр хийхээр боллоо. “Бирмингем”- ийн Мартин Грэйнжер, манай Диди нар бөмбөгөө алдлаа. Ингээд сүүлчийн цохилтыг гүйцэтгэх Карра 11 метрийн хэмжээс цэг дээр очин бөмбөгөө байрлуулав. Бөмбөгөө их л нямбайлан тавьчихаад эргэж харан алхлаа. Тэр зогсолгүй явсаар нэлээн хол очив. Тэгээд бөмбөг рүүгээ гүйхэд яг л 100 метрийн зайд уралдаж байгаа мэт хол санагдаж билээ. Миний дотны анд багийн ялалт, ялагдлын хувь заяаг шийдэх энэ бөмбөгийг үзэгчдийн суудал руу цөлчих вий гэсэндээ цохихыг нь харж чадахгүй байлаа.
Гэхдээ л өөрийгөө хүчлэн байж талбай руу анхаарлаа хандуулсан. Өөрийн эрхгүй “Карра, юу хийж байгаа чинь энэ вэ?” хэмээн дуу алдав. Тэр оймсоо шагайгаа хүртэл буулгасан нь Йохан Круиффыг санагдуулж байлаа. Гэхдээ түүний гүйх нь тэр агуу хөлбөмбөгчин шиг гэхээсээ зээр, бүр анааш шиг харагдсан. Тэр ийн гүйсээр цэгтээ хүрэн асар хүчтэй цохиход бөмбөг дээд буланд оров. Маш гайхалтай гоол. Нөгөө багаас хамгийн сүүлд гарсан Энди Жонсон цохилтоо алдахад манай багийнхан талбай руу галзуу мэт гүйлдэн, Карраг бүчин авсан. Тэр үнэхээр мартагдашгүй, гайхалтай ялалтыг бидэнд бэлэглэсэн билээ. Карра-пенальтийн хаан, ингэж хэлэхэд итгэмээргүй юм. Карра бэлтгэл дээр торгуулийн цохилтыг сайн гүйцэтгэдэг ч энэ өдөр би түүнд итгэж чадаагүй. Дараа нь тэр “Би хэзээ ч пенальти алдаж байгаагүй. “Ливерпуль”-ийн түүхэнд торгуулийн цохилтын үзүүлэлтээр хамгийн шилдэг нь би болох байх шүү” хэмээсэн.
Тэр өдөр Карраг юу ч зогсоож чадахгүй байсан биз ээ. Тэр талбай дээр шилдэг нь байсан бол бид зочид буудалдаа эргэн очоод баяраа тэмдэглэхэд Карра мөн л манлайлагч байв. Тэр хамгийн түрүүнд микрофонд хүрч, бүжгийн талбайд бүхний эхэнд гарна. Ялалтын баяр хөөрөөсөө болоод тэр биеэ барьж чадахгүй байсан. Карра зүлгэн дээрхээс илүү бүжгийн талбайд авъяастай болохоо тэр өдөр нээсэн байх аа. Миний хувьд хүмүүсийн караокед захиалсан дууг бэлэн болгох төдий ажил хийсэн. Би бүжиглэж чаддаггүй, дээр нь хоолой муутай. Тиймээс би зүгээр л багийнхан болон манай багийн ялалтыг тэмдэглэх хөгжөөн дэмжигчдийг харан сууж байлаа. Би ийм мөчийн гэрч болохдоо тун баяртай байдаг. “Ливерпуль” бол хожвол хамт баяраа тэмдэглэж, хожигдвол уй гашуугаа хамт хуваалцдаг үнэнч дэмжигчидтэй клуб. Энэхүү хүчтэй, хайр энэрлээр дүүрэн дэмжлэгтэй орчинд байгаа бид хамаг хүчээ шавхан тоглодог. Англид “Энфильд” дэх шиг ийм хамтач, нийтэч уур амьсгалтай клуб байхгүй гэдгийг би итгэлтэй хэлж чадна.
Манайхан “Уортингтоны цом”-д ингэж сайн тоглосон шигээ FA Cup-ын талбарт ч өнгөлөг байлаа. Бид гуравдугаар шатанд “Ротерхэм”-ийг “Энфильд”-д хүлээж авснаар FA Cup-ыг эхлүүлсэн. Энэ тоглолтод Эмиль хоёр гоол оруулан, Диди бас нэгийг хийснээр “Ливерпуль” 3:0-ээр хожив. Дараагийн шатанд “Лидс Юнайтед”-ын талбайд айлчилж тоглохоор таарсан нь тухайн үедээ хатуу оноолтод тооцогдож байлаа. “Лидс”-т Вудгейт, Фердинанд нар хамгаалалтад зогсч, Бойер, Бэтти нар талбайн дунд тоглон, Видука, Кин нар довтлогчоор тоглодог байсан. Үнэхээр дажгүй баг. Дээр нь Алан Смит тэдэнд хүч нэмсэн. Тоглолт ширүүн өрнөж, хоёр багийн аль нь ч бөмбөг оруулж чадахгүй байв. “Лидс”-ийн хөгжөөн дэмжигчид хоолой нийлүүлэн багаа хожуулахын төлөө уухайлна. Гэвч Бармби, Эмиль нар сүүлийн гурван минутад хоёр гоол оруулснаар “Лидс” тун харамсалтайгаар хасагдаж байлаа.
Би тавдугаар тойрогт “Манчестер Сити”-гийн эсрэг хийсэн тоглолтыг өнжөөд гуравдугаар сарын 11-нд “Транмере Роверс”-ын талбайд нь очсон тоглолтод оролцов. Мерси орчмын багууд учир энэ тоглолт дербигийн өрсөлдөөнтэй тулаан болох нь тодорхой байсан. Тэд бүх хүчээ дайчлан онцгой эсэргүүцэл үзүүлнэ гэдгийг мэдэж байсан тул бид бэлтгэлтэй байлаа. “Транмере” бол энэ бүс нутагт “Ливерпуль”-ийн сүүдэрт дарагдсаар ирсэн баг билээ. “Роверс”-ын хувьд “том ах” нь ийнхүү айлчлан очиж буй нь нармайг нь нээгээд өгөх олон жилийн мөрөөдлөө биелүүлэх ховорхон боломж гарч буй явдал юм. Хэдхэн километр яваад орох ойрхон орших өрсөлдөгч багийнхаа эзэмшил рүү нэвтрэх үеэс эхлэн энэ аялал хэдэн арван бээр үргэлжилж буй мэт санагдаж байлаа. “Прентон Парк”-д ороход үүнээс ч хүнд байх болно. “Роверс”-ын дасгалжуулагч Жон Алдриж баг нь энэ тоглолтод бэлэн болсон тухай сонин, хэвлэлийнхэнд ярьжээ. Алдо болон түүний тоглогчид бидний эсрэг ямар ч “гэнэтийн бэлэг” барьж болох юм. Алдо бол нэгэн үе “Ливерпуль”-ийн төлөө тоглож, энэ багт домог болон яригдах ул мөрөө үлдээсэн хүн. Тэр хуучин багийнхаа эсрэг ийн тоглох болсонд баярласан байх. Мэдээж тэр хоёр багийн түвшин, зөрүүг мэдэж л байсан. Гэхдээ л тэд “Ливерпуль”-тэй эн тэнцүү тоглож мэдэх баг. Биднийг хувцас солих өрөөнөөс гарах үед Жерар “Тэд энэ тоглолтыг цомын тэмцээний шувтарга мэт хүлээн авч байгаа. Тиймээс биднийг хүнд, хэцүү тоглолт хүлээж байна” хэмээн анхааруулаад “Гэхдээ “Ливерпуль” бол Английн шилдэг клуб. Та нарт хожигдох эрх байхгүй” гэж билээ.
“Транмере” “Ливерпуль”-ийг талбайдаа хүлээн авсан хөршүүдийн энэ тоглолтод Жерар Майкл, Карра, Робби, Данни, Райти, намайг гэхчлэн бүх уугуул тоглогчийг талбайд гаргалаа. Биднийг хэдэн хэсэг хэрчээд хаяхад ч бэлэн эвлэршгүй өрсөлдөгчийн эсрэг “Прентон Парк” гэх мэт зочломтгой бусаар угтан авах цэнгэлдэх хүрээлэнд хийх тоглолтод Патрик Бергер нарын легионеруудад багтах зай байхгүй билээ. Англи залуус бол ийм тоглолтод юу хүлээж буйг мэднэ. Майкл, Карра, бид нар багаасаа л үүнийг мэдэрч, дурлаж өссөн. Тиймээс бид энэ тоглолтод яавч хожигдож болохгүйг эд, эс бүхнээрээ ойлгодог. Хэрэв манай баг энэ тоглолтод хожигдвол улс орон даяар шуугих болно. Майкл, Карра, бид гурав “Залуус аа, тэдэнд боломж олголгүй хиаруулаад өгье” хэмээн бие биедээ хэлээд талбайд гарсан.
Алдогийн хөөрөгдсөн үг болон хөгжөөн дэмжигчдийнхээ уухайнд урам орсон “Роверс”- ын тоглогчид эрчтэй байгаа нь илт. Сонин хэвлэлийнхэн, тоймчид бүгдээрээ “Ливерпуль” хожно хэмээж байсан ч “Транмере”-ийнханд урам хугарсан шинж огт алга. Тоглолт эхлэхийн өмнө өөд өөдөөсөө харан зогсох үед Алдогийн хөвгүүдийн нүдэнд “Ливерпуль”-ийг хожих хүслийн оч гялалзаж байгаа нь анзаарагдсан. Хэн зоригтой байна, түүнд ялалт ирнэ гэсэн үг байдаг шүү дээ. Англи тоглогчдыг талбайд гаргасан Жерарын шийдвэр үнэхээр оновчтой байжээ. Данни, Майкл, Робби, бид дөрөв тус бүр нэг гоол оруулан 4:2-оор яллаа. Энэ байдлаас өнгөц дүгнэхэд хэрэв энэ тоглолт “Энфильд”-д болсон бол 6:0-ээр төгсөх байх гэж санагдсан. Тоглолт дундаа ороход Алдогийн тоглогчид, “Транмере”-гийн хөгжөөн дэмжигчдийн өнөөх их эрч хүч хэдийнэ алга болсон байсан. “Транмере”-гийн дэмжигчид “Эвертон”-ыхоос эцсийн мөч хүртэл бууж өгдөггүй чанараар дутмаг болох нь энд ийн харагдав. Бид ч тэднээс хамаагүй илүү гэдгээ хангалттай нотолсон.
Энэ тоглолтод би урьд “Вернон Сангстер”-ын сургалтын төвд хамт суралцаж байсан Жейсон Кумастай халз өрсөлдсөн. Түүнийг “Ливерпуль”-ээс явсан тэр өдөр миний таагүй мөчүүдийн нэг байсан. Ач холбогдол багатай тоглолтод гаргах юм уу, нөөц багийнханд оруулах болсонд нь тэрбээр Стив Хейвэй, Хьюи Макаули нарт дурамжхан явсан юм. Төвийн хагас хамгаалагчаар тоглох Жейсоны хүсэл нь “Ливерпуль”-д биелэх боломж тун бага болсон тул тэр “Транмере Роверс”-ыг зорьсон билээ. Жейсон шинэ багтаа тун сайн тоглох болсныг мэдэх тул ийнхүү нүүр тулан учирсандаа би баяртай байлаа. Хэдий багын минь найз ч би түүний эсрэг зөөлөн, аядуу тоглоогүй. Энэ тоглолтод би бүх талаар түүнийг илүүрхсэн. Жейсон тоглолт эхлээд удаагүй байхад ядарч, төдий л идэвхтэй тоглохоо больсон юм.
Хагас шигшээгийн оноолт биднийг баярлууллаа. “Арсенал”, “Тоттенхэм” хоёр нөгөө талд тоглохоор болж, бид II дивизионы “Уайкомби Уондерерс”-тэй учраа таарав. Тоглолт болох хүртэл хэвлэлийнхний элдэв хэтрүүлэгтэй мэдээлэл гарсангүй. Гэтэл тоглолтын өмнөхөн “Уайкомби”-гийнхон манай багт гай учруулж магадгүй талаар яриа олны дунд түглээ. 1988 оны FA Cup-ын финалд “Уимблдон” “Ливерпуль”-ийг 1:0-ээр хожиход мөргөж гоол оруулсан Лоури Санчес “Уайкомби”-гийн дасгалжуулагч болсон учир ийм яриа гарчээ.
Шөвгийн наймд Алдо өөрсдийн боломжийг хөөргөн ярьж байсан шиг Санчес багийнхнаа магтаж эхлэв. Хагас шигшээгийн энэ тоглолт “Вилла Парк” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд бид байрлал бүрт “Уайкомби”-г илүүрхсэн. Тэд 78 дахь минут хүртэл гоол алдалгүй тэсч чадсан. Харин Эмиль тэдний хаалгыг мялааж, бараг тоглолт өндөрлөх дөхсөн энэ үед хөдөлмөрийг нь үгүй хийсэн юм. Үүнээс таван минутын дараа бид гоол оруулах магадлал өндөр газраас хаалттай цохилт хийх эрхтэй болов. 16 метрийн талбайн шугам дээр манай таван тоглогч бөмбөгийг тойрон зогслоо. Харин цохилтыг Гари Мак гүйцэтгэхээр болсон.
Гари Мак “Би энэ цохилтыг хийе” гэхэд нь би “За” гээд холдсон бол Робби “Тэг дээ, Макка” хэмээж байв. Бид Маккагийн цохилтын ур чадварыг биширдэг. Тиймээс ч түүнд энэ боломжийг найр тавин өгсөн юм. Гэвч Роббид өөр санаа байсан бололтой. Тэр гэнэтхэн бөмбөгт хүрч, дээд буланд оновчтой цохилоо. Гоол!
Макка “Робби, чи там руу тонилоосой” гэж хашгирахад Робби “Орчихлоо шүү дээ” хэмээн инээгээд гүйн одож билээ. Түүний араас гүйх Маккаг хүмүүс гоол оруулсанд нь баяр хүргэх гэж байна гэж бодсон байх. Харин Макка Роббид хууртсандаа шаралхан нударганыхаа амтыг үзүүлэхийг хичээж байсан юм. Тун удалгүй “Уайкомби” тооны зөрүүг багасгасан ч энэ нь дэндүү оройтсон байлаа. “Ливерпуль” FA Cup-ын шувтаргын тоглолтод шалгарав.
Би шигшээ тоглолтын дараах баярыг тэсч ядан хүлээх болов. Хагас шигшээ тоглолтын дараа гэртээ очиход хот даяар “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид бужигналдаж, “Милленниум” цэнгэлдэхэд болох тоглолтод бэлтгэж эхэлсэн байлаа. Шигшээ тоглолтод “Арсенал”-тай үлдсэн нь бүр ч илүүтэйгээр анхаарлын төвд оруулсан. Хүүхэд ахуйдаа FA Cup-ын шувтаргын тоглолтыг шимтэн үздэг байж билээ. Энэ өндөрлөгт хүртэл шалгаран гарсан хоёр багийн тоглогчдод атаархдаг байв. Харин одоо би өөрөө цомд хүрэхэд нэг алхам л үлджээ.
Тавдугаар сарын 12-нд болох тоглолтод бэлтгэсээр өдөр хоног харвасан сум мэт хурдан өнгөрлөө. Үнэхээр би шувтаргын тоглолтод гарах гэж байгаа гэж үү, хүүхэд насны мөрөөдөл минь ингээд биелэхэд ойртсон гэж үү хэмээн итгэж ядна. Тэр мөчийн төлөө бэлтгэл сургуулилтаа базаахын зэрэгцээ бурхандаа залбирахгүй байж чадсангүй. Аваргын төлөө тоглолтод зориулсан тусгай хувцас, эргэн тойронд бүчин авах сэтгүүлчид, клубийнхэн болон хотын оршин суугчдаас хүлээлгэж буй итгэл гээд бүх зүйл таатай санагдана. Телевизээр шувтаргын тоглолтод зориулсан мэдээллүүд завсаргүй гарч, хоёр баг гарааны бүрэлдэхүүнээ яаж сонгох вэ хэмээн таамаг тавьцгааж байлаа. Мөн бидний байрласан зочид буудлын эргэн тойронд дуран авай агссан сэтгүүлчид сүлжилдэнэ. Ингэж их онцгой анхаарал тавих нь үүнээс өөр тоглолт болдоггүй мэт сэтгэгдэл, мэдрэмж төрүүлж байлаа. “Ливерпуль”-ийн хэдэн арван мянган хөгжөөн дэмжигч Кардифф руу цуварч байв. Машиндаа клубийнхээ сүлд дууг чангаар дуулж, цонхоор нь туг, ороолт намирах нь сүртэй харагдана. “Улаан арми” дайралтдаа оржээ. Англи тоглогчид легионерууддаа хандан энэхүү “Holy Grail” цом нь ямар их ач холбогдолтой болохыг замын турш тайлбарлан явсан. Бидэнд бол аавууд маань тавдугаар сарын тэр нэгэн гайхалтай бямба гаригийн үдшийн талаар нас биед хүртэл хэлж, заасан билээ. Гадаадын тоглогчдын хувьд цомын тэмцээний ач холбогдол бага мэт байж болох юм. Тэдний эх оронд цомын тэмцээн гэдэг лигийнх нь хажуугаар болдог нэгэн шоу мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байдаг. Харин Англид бол тийм биш. Тиймээс бид FA Cup-ын тухай тэдэнд тайлбарлаж, ярьж өгдөг. Дидид бол энэ түүхийг дурдах нь илүүц биз. Тэр Английн хөлбөмбөгийг үзэж өссөн гэдэг. Магадгүй түүний хамгийн түрүүнд сурсан англи үг нь “cup” (цом) байх аа.
Аваргын төлөөх тоглолтыг маш ихээр хүсч хүлээсэн болохоор сэтгэл хөдөлж, догдолсондоо баасан гаригийн шөнө цурам ч хийж чадсангүй. “Милленниум” цэнгэлдэх хүрээлэнд ороход хөгжөөн дэмжигчдийнхээ дуулж, уухайлж, хөөрч баярлаж байхыг хараад тоглолт хэдийнэ дууссан мэт санагдаж билээ. Мөнгөн цом нүд гялбуулан гялалзаж байна хэмээн бодолдоо төсөөлнө. Бүх л өдрийн турш цомыг толгой дээрээ өргөн зогсох тэр л мөчийг хүлээж байсан юм. Магадгүй бидний энэ их хүсэл, эрмэлзэл “Арсенал”-ын зайлшгүй хүртэх ёстой ялалтыг азаар булааж авсан байх, бид 2:1-ээр хожлоо. Кардиффт болсон энэ тоглолтод “Арсенал”-ынхан биднийг 83 минутын турш бөмбөгдсөн. Тэд аваргын алдрыг зүй ёсоор хүртэхүйц тоглолтыг үзүүлсэн. Ямар ч маргаангүй. “Арсенал” тоглолтын турш бөмбөг эзэмшиж, бид тэдний сүүдэр мэт араас нэхэн дагаж байлаа. Хамгаалалтад Тони Адамс, Эшли Коул, довтолгоонд Тьерри Анри, Робер Пирес нарын шилдгүүд хүчин зүтгэсэн “Арсенал” үнэхээр хүчтэй баг бүрдүүлсэн байв. Мөн төвийн хагас хамгаалагчаар нь Патрик Виейра тоглосон. Бид өөр хоорондоо олон таарч байсан ч Виейра тэр өдрийнх шиг тийм сайн тоглосон нь үгүй юм. Тэр манайхнаас бөмбөгийг нь булааж, талбайгаар хөндлөн гулд гүйн аюултай довтолгооны эхлэлийг тавьж байлаа. Патрик тоглолтын турш санаачилгыг гартаа авч, талбай дээр ганцаараа мэт ноёрхсон.
Үүнээс үүдэн миний толгойд хожил, цом биш, тоглолтын дараа түүнтэй цамцаа солилцохсон гэсэн бодол эргэлдэж байлаа.
Фредди Юнгбергийг гоол оруулахад нь болох ёстой зүйл боллоо гэж бодсон. Ингээд тоглолт дуусч, мөрөөдөл минь биелэхээсээ өнгөрнө гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрчихөөд байв. Виейрад баяр хүргэчихээд гэрийн зүг гэлдэрнэ гэж бодно. Дараа л энэ цомын төлөө тоглохоос. “Арсенал” бидний эсрэг үнэхээр сайн тоглосон. Харин ч одоог хүртэл тэд яагаад ганц Юнгбергийн гоолоос өөр бөмбөг оруулж чадаагүй байгаа билээ гэсэн гайхсан сэтгэл төрсөн. Үнэхээр ингэж бодогдохоор хүч тэнцвэргүй тоглолт болсон юм. Стефан Аншо нэг удаа хаалгач Сандерын хийх ёстой үйлдлийг биечлэн гүйцэтгэж, гараараа бөмбөгийг хаалаа. Бидний аз болоход шүүгч Стив Данн үүнийг анзаарсангүй. Хэрэв Данн торгуулийн цохилт зааж, “Арсенал”-ынхан тэр олон боломжийнхоо нэгийг ашигласан бол эхний хагас өндөрлөхөд тоо дор хаяж 0:2 байх байв.
Тоглолтын завсарлага болоход хүн бүр “Арсенал”-ынхан биднийг хялбархан бут ниргэх юм байна гэж бодсон байх. Үнэхээр ч тэд хамаагүй илүү тоглосон. Гэвч энэ давуу байдлаа ашиглаж чадахгүй байгаа нь бидний давуу тал болсон. Фредди гоол оруулсны дараа тэд өөрсдийн хожилдоо бүрэн итгэсэн биз. Гэвч бид бол “Ливерпуль”-ийнхэн. Бид хэзээ ч алчуур шидэж, цагаан тугаа өргөхгүй. Манай хөгжөөн дэмжигчид эцсийн мөч хүртэл багийнхаа төлөө уухайлж, бид ч сүүлчийн хором болтол зүтгэнэ. Тоглолт өндөрлөхөд долоон минут дутуу байх үед манайх довтолгоо зохион байгуулж, “Арсенал”-ын 16 метрийн талбайд орлоо. Бөмбөг хөөрөн ирэхэд би цохихоор бэлтгэн зогссон ч хүрч чадсангүй. Хажуугаар өнгөрчихөв үү гэж бодтол өмнө минь байсан Майкл бөмбөгийг буулгалгүй гайхалтай цохиж, Дэвид Симэний хаалганд гоол оруулжээ. Тоо 1:1 болж тэнцлээ. Бөмбөг над дээр ирэхээс өмнө ингэж таслан бөмбөг оруулсанд нь Майклд маш их баярласан. Хэрэв Майкл тэр дамжуулалтыг авалгүй өнгөрөөчихсөн бол би хөндлөвчийн дээгүүр цөлчих байсан биз. Майкл багийнхаа хөгжөөн дэмжигчид рүү гүйн одоход толгойд минь “хэрэв би цохисон бол алдах байсан даа” гэсэн бодол төрж билээ. Робби, Эмиль бид нар түүнийг бүчин авч баяр хөөртөө галзуурсан мэт байлаа. “Арсенал”-тай ийнхүү тэнцсэнд би итгэж чадахгүй байв.
Одоо “Арсенал” улам ширүүн довтлох болно. Тиймээс тэнцүү байдлаа хадгалах хэрэгтэй. Нэмэлт цаг бидний аврал мэт харагдаж байлаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн цаг 88 дахь минутыг заах үед Майкл боломжгүй мэт санагдаж байсан зүйлийг биелүүлж, багтаа хожлын гоолыг авчирсан. Тэр Мартин Кеоун, Ли Диксон хоёрын дундуур сум шиг шурган гарч, хойноос өгсөн алсын дамжуулалтыг хүлээж аван хаалга руу цохив. Майкл ийм боломж гарсан арван тохиолдлын есөд нь баруун хөлөөрөө цохилт хийдэг байх. Тиймээс тэр бэлтгэл дээр зүүн хөлөөр төгсгөл хийх дасгалыг түлхүү хийдэг юм. Энэ удаа тэр солгой хөлөөрөө гайхалтай цохиж, тоог 2:1 болголоо. Цахилгаан хоёр удаа л цахилж, Симэн, “Арсенал” түүнд ниргүүлэв. Ямар гайхамшигтай эргэлт вэ? Одоог хүртэл бид 2001 оны FA Cup-ын тоглолтод “Арсенал” Оуэны эсрэг тоглосон гэж наргин ярьдаг юм. Биднийг аз ивээсэн гэдэгтэй би маргахгүй ч манайд Оуэн байсан болохоор энэ ялалтад гайхах зүйл байхгүй билээ.
Шүглийн сүүлчийн дуу их л гоё уянгалаг сонсогдож байлаа. Шүүгч шүглээ үлээсний дараа “Арсенал”-ын тоглогчид автомашины осолд орсон хохирогч шиг энд тэндгүй гулдайн тэрийн унацгаасан байсан. Би Виейраг хайн талбайгаар алхахдаа бүгдтэй нь мэндчилэн гар барьсан. Патрикийг олоход тэр намайг тэврэн баяр хүргэлээ. Бие биеэ хэмхчихээс наагуур тэмцэлдэж байсан тоглогчид тоглолтын дараа ийнхүү элэгсгээр гар барьж, тэврэлдэх нь харилцан хүндлэлийг улам гүнзгийрүүлдэг. Энэ л спортын утга учир нь билээ. Гэвч “Арсенал”-ын зарим хүн хожигдолдоо уурсан зүй бус авир гаргасан. Тухайлбал, Арсен Венгер болон Юнгберг нар тоглолтын дараа сэтгүүлчид ярилцлага авахад “Бид аварга болох ёстой. “Ливерпуль” энэ цомыг хүртэх эрхгүй. Ялагчийн медалийг бидний хүзүүнд зүүх хэрэгтэй” гэх зэргээр хашгичиж байсан юм. Тэд Аншогийн гараараа бөмбөг хаасныг нь гомдоллон тоочиж байлаа. “Ливерпуль” тоглолтын турш илүүрхээд тэнцээ ч үгүй өндөрлөсөн олон тоглолтод би оролцсон. Хэдий тийм үед санаагаар унаж, сэтгэл тавгүй байдаг ч тэдэн шиг ингэж аашилсан нь үгүй. Энэ бол хөлбөмбөг шүү дээ, залуус аа. Харамсалтай нь FA Cup-ын финалд “Арсенал”-ыг азын тэнгэр ивээсэнгүй дээ. Гэхдээ энэ бүхэн надад ямар хамаа байх вэ? Би тэдний ингэж аашлахыг үл тоон Виейрагийн цамц, аваргын медалиа аваад зочид буудалдаа эргэж очин баяраа тэмдэглэхийг л хүсч байв.
Урьдын адил Жерар биднийг баяраа хэтрүүлэн тэмдэглэхгүй байхыг хүсч, улирал хараахан өндөрлөөгүй буйг анхаарууллаа. Дөрөвхөн хоногийн дараа UEFA-гийн цомын финал биднийг хүлээж байсан юм. Тэр “Хүн бүр хоёр шил шар айраг л ууж болно” гэсэн зөвшөөрөл өгөв. Бид түүний тушаалыг дагахыг хичээсэн ч биелүүлж чадаагүй. FA Cup-ын цомыг авсан энэ мөчид бидэнд хоёр шил шар айраг хангалтгүй байлаа. Манай багийнхан бүгдээрээ л дасгалжуулагчийн зөвшөөрсөн хэмжээг хэд дахин хэтрүүлсэн байх. Бидэнд одоо “Энфильд”-д аваачих гэж буй FA Cup-ын тухай л бодогдохоос удахгүй болох UEFA-гийн цомын төлөөх тоглолт ер толгойд орохгүй байсан. Би тойрон суусан багийн анд нөхдөө хараад маш их бахархах сэтгэл төрж байлаа. Тэд энэ мөчийн тухай бүх амьдралынхаа туршид дурсан ярих болно. Бид Майклд баяр хүргэн, түүний төлөө лонхоо тулгацгаана. UEFA-гийн цомын шувтаргын тоглолт ойрхон ирсэн ч бид одоо олоод буй амжилтынхаа төлөө бүхнийг умартан шөнөжин наргисан. Гурван түрүү авсан энэ улирлын хамгийн оргил мөч нь миний хувьд тэр үдэш тохиосон. Учир нь FA Cup надад юу юунаас илүү үнэ цэнэтэй тэмцээн юм.
Харин Жерарын хувьд өөр бодолтой байсан. Тэр UEFA Cup-т FA Cup-аас илүү ач холбогдол өгч байлаа. “Ливерпуль”-ийн хувцас солих өрөө FA Cup-ыг толгой дээрээ өргөх хүсэлдээ шатсан англи тоглогчид, UEFA-гийн цомыг авахыг хүссэн легионерууд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг байв. Жерар “Та нар FA Cup-ыг авлаа. Одоо харин үүнээс илүү нэр хүндтэй тэмцээн та бүхнийг хүлээж байна” хэмээн биднийг сэнхрүүлнэ. Тэр энэ тэмцээний түүх, ач холбогдлын талаар бидэнд учирлан тайлбарлана. Гэхдээ л FA Cup-ыг авах хүсэл, энэ цомын төлөөх мөрөөдлийн орон зайг минь UEFA-гийн цом хэзээ ч эзлэхгүй.
Тэр улиралд бид UEFA-гийн цомын эхний шатанд Румыний “Рапид Бухарест”, Чехийн “Слован Либерец” багуудыг буулган авсан. Либерецэд болсон тоглолтыг би Каррагийн бие эвгүйрхэн, тавгүй байснаар тод санадаг. Нэгдүгээр үе өндөрлөн бүгд хувцас солих өрөөнд цуглахад Жерар Каррагаас “Хүү минь, чи зүгээр үү? Сэлгээний тоглогч оруулах уу?” хэмээн шалж байсан билээ. Тэгээд тэр сэлгээнд сууж, бид ээлжит хожлоо аван гуравдугаар шатанд шалгараад “Олимпиакос”-той таарч байв. Биднийг арваннэгдүгээр сарын сүүлчээр Афинд очиход итгэмээргүй дүр зураг угтсан. Цэнгэлдэхэд ороход 50 мянга гаруй хөгжөөн дэмжигч энд тэндгүй утаат гал асааж, асар том туг намируулан биднийг эвлэршгүй өстөн дайсан мэт шүгэлдэн, хараан хүлээн авсан. Азаар талбайн захаар хөнгөн атлетикийн тойрог зам байсан учир хөгжөөн дэмжигчид биднээс хол байлаа. Гари Макийн булангийн цохилтоос хөөргөн өгсөн бөмбөгийг би мөргөн оруулахад грекүүд улам галзуурах мэт болж билээ.
Дөрөвдүгээр тойрогт “Рома”-гийн эсрэг хийх тоглолтыг би гэмтлийн улмаас өнжсөн.
Өөрийн хайртай хөлбөмбөгчдийн нэг Тоттигийн эсрэг тоглох боломжийг алдсандаа би сэтгэл дундуур байлаа. Тотти бол хөлбөмбөгийн гладиатор. Гэвч Тотти ч гэсэн тэр тоглолтод гэмтэлтэй гээд гарсангүй. Миний хүсч хүлээж байсан дуэль ийнхүү талаар өнгөрлөө. Габриэль Батистута, Кафу зэрэг шилдэг тоглогчидтой “Рома”-г манай залуус “Олимпийн цэнгэлдэх”-д нь 2:0-ээр хожсон тэр үед бид UEFA-гийн цомыг авах ойрхон байна гэсэн итгэл төрсөн.
Шөвгийн наймд биднийг “Порту” хүлээж байлаа. Тухайн үед “Порту” хамгаалалтаараа шагшигдаж байсан. Деку, Капучо нарын шилдгүүд тэр багт хүчин зүтгэнэ. Гуравдугаар сарын эхээр “Стадио дас Антас”-т болсон эхний тоглолтод бид хүссэнээрээ гоол алдахгүй байж чадлаа. Долоо хоногийн дараа “Энфильд”-д бид төлөвлөснөөрөө тоглон тэднийг Цомын тэмцээнээс хассан. Энэ тоглолтод би “Порту”-гийн хаалгач Эспиньягийн хаалганд гайхалтай нэг гоолыг хийсэн.
Ийнхүү бид UEFA-гийн цомын хагас шигшээд харьцангуй хялбархан шалгарав. Шөвгийн дөрөвт хүчирхэг “Барселона”-гийн эсрэг тоглохоор боллоо. “Камп Ноу” бол дэлхий дээрх хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэн. Тэнд тоглохыг би тэсч ядан хүлээж байлаа. Эхний тоглолт болохын өмнөх орой тэнд бэлтгэл хийхэд би ер төвлөрч чадаагүй. Хөлбөмбөгч биш, жуулчин шиг л тэр гайхалтай байгууламжийг сониучирхан тойруулан харсаар байсан юм. Карра бид хоёр бие бие рүүгээ харан инээмсэглэнэ. Би өөрийн эрхгүй “Дэндүү гоё цэнгэлдэх байна шүү” хэмээн дуу алдаж билээ. Айронсайдад найзуудтайгаа бөмбөг хөөж явахдаа “Камп Ноу”-д тоглолоо гэж төсөөлж байсан ч ийм гайхалтай гэж бодоогүй. Маргааш орой болох тоглолтын тухай надад бодогдох юм юу ч байсангүй. Харин “Камп Ноу”-д цугласан 90 мянган галзуу хөгжөөн дэмжигчийн нүргээн дор болох тэр тоглолтод намайг талбайд гаргаасай гэж хүсч байв. Хожих, хожигдох нь хамаагүй, би энэ тоглолтын нэг хэсэг байхыг л хүссэн.
“Барселона” бол маш сайн баг. Одоо “Ливерпуль”-д хүчин зүтгэж буй Пепе Рейна тухайн үед “Барса”-гийн хаалгыг итгэл төгс манаж байсан. Довтолгоонд нь Ривалдо, Клюйверт нар тоглож, биднийг багагүй сандаргасан. Гэхдээ тэд цэвэр довтлогчоор тоглоогүй. Жигүүрт гарах юм уу, нэлээн хойшоо татаж, Луис Энрике, Марк Овермарс гэсэн хагас хамгаалагчидтайгаа бараг зэрэгцэх шахан тоглож байлаа. Би төвийн хагас хамгаалагчаар талбайд гарсан бөгөөд өрсөлдөгчдийнхөө олон хувилбар довтолгоог няцаах гэсээр яагаа ч үгүй эрт бие болон оюунаараа цуцсан. “Барселона” арын хагас хамгаалагчаар Пеп Гвардьола, Филип Коку нарыг тоглуулсан. “Барса”-гийнхан тэр тоглолтод бидэнд дамжуулалт, довтолгооны хувилбар гээд бүх талаар хичээл заасан гэж болно. Уул нь “Ливерпуль” бол Англидаа бөмбөг эзэмшилт, довтолгоогоороо тэргүүлдэг баг билээ. Энэ тоглолтын статистикт бөмбөг эзэмшилтийн үзүүлэлт магадгүй 70-30 харьцаатай гарсан байх. Хоёрдугаар үед Робби сэлгээгээр орж ирээд Франк де Бураас “Бөмбөгөө зээлүүлээч” хэмээн хошигнон асууж байсныг нь сонссон. Бид хэд хэдэн удаа “Барселона”-гийн довтолгоог таслан өөрийн талбайгаасаа гаргахад манай нөөцийнхний суудлаас “Болж байна, ингээд тоглоод байгаарай” гэх нь сонсогдож билээ. 0:0 гэдэг бидний хувьд хүрч болох хамгийн өндөр амжилт бололтой. Тоглолт өндөрлөнгүүт би Клюйверт рүү гүйн очиж цамцаа солилцов. Би хааяа тэр цамцыг харахаар Каталонд заалгасан хөлбөмбөгийн “хичээл”-ээ эрхгүй эргэн санадаг.
Бид “Камп Ноу”-д ийнхүү гоолгүй тэнцээ хийсэн нь дажгүй үзүүлэлт. Гэвч энэ тоглолтын дараа биднийг муулж, шүүмжлэх явдал их гарсан. “Хашир нь дэндсэн” гэх үгийг бидэнд хаяглаж, сонины нэгдүгээр нүүрэн дээр “Ливерпуль” гэсэн үгийн хамт бичиж байлаа. Шал утгагүй юм. Тэр тоглолтод “Барселона”-гийн эсрэг хамаг байдгаа гарган дайчлаад үзсэн бол амиа хорлосонтой ялгаагүй зүйл болох байлаа. Бидний эхний тоглолтдоо хэрэглэсэн тактикаас үүдэн Испанийн голдуу хэвлэлүүд “Ливерпуль”-ийг уйтгартай, нойр хүрмээр гэх зэргээр гоочилж байсан. Гэхдээ энэ бидэнд ямар хамаа байх вэ, медалийн цуглуулгаа арвижуулахдаа л гол анхаарлаа хандуулцгаая. Хэрэв тэр улиралд Жерар биднийг тэгж удирдан жолоодоогүй бол арай бага олз омогтой байх байсан болов уу. Манайх хүчирхэг хамгаалалтыг бүрдүүлж, сөрөг довтолгоогоор өрсөлдөгчийнхөө зүрхэнд онодог тактикийг баримталсан. “Энфильд”-д болсон хариу тоглолтод Гари Мак торгуулийн цохилтоос гоол оруулж, хоёрдугаар үед нэг сөрөг довтолгоогоо амжилттай болгосноор “Ливерпуль” Европын тавцанд сүүлийн 16 жилд анх удаа аваргын төлөө шалгаран үлдлээ.
Тавдугаар сарын 16-нд Дортмундад болсон финалыг тодорхойлбол уйтгар гуниг гэсэн утгатай үгст ямар ч эзлэх зай байгаагүй. Бид FA Cup-ыг дөнгөж авчихаад байсан үе тул бүгд сэтгэл өөдрөг байлаа. “Алавес”-ынхан ямар байсан эсэхийг мэдэхгүй юм, харин бид амжилтаар дүүрэн улиралдаа дахин нэг цом нэмэхээр цээж тэнэгэр Германд газардсан. Миний хувьд урьдынх шиг сандарч тэвдсэнгүй, шөнө болгон яг л нялх хүүхэд шиг бат бөх унтаж байлаа. Шувтаргын тоглолт болох өглөө би сэрээд хотыг тэр аяар нь улаанаар будсан мэт бужигнах гайхалтай хөгжөөн дэмжигчдээ бахдан харсан. Зочид буудлаас цэнгэлдэх хүрээлэн хүрэх хооронд “Ливерпуль”-ийн хэдэн мянган хөгжөөн дэмжигч замын хоёр талаар зайгүй зогсож, бидэнд амжилт хүсэн хашгирч байлаа. Ийн олноороо ирсэн тэд Дортмундад замын түгжрэл үүсэх гол шалтгаан байв. Бидний суусан автобус л гэхэд зогсоолдоо очих гэж хагас цаг гэлдэрсэн. Хөгжөөн дэмжигчид орой болох тоглолтод амжилт хүсэхийн зэрэгцээ хэдхэн хоногийн өмнө Кардиффт байгуулсан ялалтад баяр хүргэн мэндчилж байсан. Автобусны цонхоор хөгжөөн дэмжигчдийг харахад тэдний ихэнх нь “2001 оны FA Cup-ын аваргууд”, “Гурван түрүү” гэх зэрэг бичиг бүхий цамц өмсчээ. Тэдний энэ хүслийг биелүүлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Гэвч хэн ч “Алавес”-аас ямар гэнэтийн бэлэг барихыг төсөөлөөгүй юм.
Бид Лигийн цом болон FA Cup-т түрүүлчихсэн байсан учир сандарч тэвдэх зүйл байсангүй. Магадгүй “Арсенал”-д хожигдсон бол бид энэ тоглолтод хэт их анхаарч, “Алавес”-ыг талбайд нь барьж тоглохыг хичээн сөрөг довтолгоо олныг алдах байсан биз. Тоглолт эхлээд удаагүй байхад Гари Мак баруун жигүүрээс хөөргөсөн дамжуулалтыг өгч, хаалганы өмнө зогсож байсан Маркус Баббелийн мөрөнд бөмбөг ойн гоол оров. Тэр улиралд Гари Мак онцгой сайн байсан учир Жерар түүнээр хаалттай, булангийн, торгуулийн гэх зэрэг бүх стандарт цохилтыг хийлгүүлж, харин намайг баруун жигүүрт тоглуулж байсан. Гари Мак залуу тоглогчийг “оршуулгын газар” хэмээн нэрлэгдсэн баруун жигүүрт тавих нь буруу гэх санал гаргасан ч Жерар түүний үгийг сонсоогүй. Удсан ч үгүй би гоол оруулж, тоог 2:0 болголоо. Оновчтой дамжуулалт өгсөн Оуэнд талархая.
Энэ үеэс хойш “Алавес”-ын довтолгоо мэдэгдэхүйц ширүүссэн. Тэдний олон довтолгооны нэг амжилттай болж, Иван Алонсо тоог багасгасан ч Гари Мак торгуулийн цохилтоос 3:1 болгов.
Завсарлагаанаар хувцас солих өрөөнд ороход би ялалт гарт орлоо хэмээн бодож байлаа. “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид ч гурав дахь цомоо авах нь гэцгээж байсан нь дамжиггүй. Дасгалжуулагч хоёрдугаар үед давамгай байдлаа хадгалахыг үүрэг болгов. Зарим нэг тоглогч өөр хоорондоо “Бид хожчихлоо” гэж шивнэлдэж байв. “Ливерпуль”- ийн хувцас солих өрөөнд “Ялалт бидний гарт” гэж бодож байгаа нь ганц би биш юм байна. “Алавес” эхний хагаст бидний эсрэг тийм ч ноцтой эсэргүүцэл үзүүлээгүй. Магадгүй энэ нь биднийг эхний үед тоглосон шигээ эрчтэй тоглоход саад болсон байх. Хоёрдугаар хагас эхлэнгүүт “Алавес”-ын Хави Морено манай хаалгыг хоёронтаа мялаав. Давуу байдлаа хэдхэн хоромд ингээд алдчихсан гэхэд итгэмээргүй санагдаж байлаа. Жерар Роббиг сэлгээгээр оруулж, тэр талбайд гарснаасаа долоон минутын дараа л гоол орууллаа. Ингээд “Алавес”-ын хичээл зүтгэл талаар болов. Гэвч манай багт нэг дутагдал байсан нь хаалгач Сандер юм. Тэр улирлын дундуур хэд хэдэн удаа уучилж болшгүй алдаа гаргаж байснаа энд давтлаа. Тэрбээр өрсөлдөгч багийн хөндлөн дамжуулалтыг таслах гээд зөрж, бөмбөг шууд хаалганд орсон. Урьд нь “Манчестер Юнайтед”-д тоглож байсан Хорди Круифф цаг дуусах мөчид ингэж 4:4 болгож тэнцүүллээ.
Нэмэлт цагт Жерар намайг баруун жигүүрийн хамгаалалтад татлаа. Ингэхэд нь би шууд л торгуулийн цохилтын талаар бодож эхэлсэн. “Хэрэв Жерар надаас асуувал би хамгийн эхэнд цохьё гэж хэлнэ” хэмээн бодов. Гари Мак чөлөөт цохилт гүйцэтгэж, “Алавес”- ын Дельфи Гели өөрийнхөө хаалганд мөргөж автогоол оруулах хүртэл би пенальтийн талаар бодсоор явсан. Жерар нэмэлт цагийн өмнө алтан гоолын тухай ярьж байсан ч би дасгалжуулагчийн зөвлөгөөг сайн сонсоогүй юм. Гоол орсны дараа тоглолт яагаад дууссаныг нэг хэсэгтээ ойлгоогүй. Тоогоор давамгай болсон баяр хөөрөө багийнхантайгаа хуваалцчихаад байраа эзэлтэл нэг нь ч ирсэнгүй. Гайхаж хэсэг зогссоноо тоглолт өндөрлөснийг гэнэт ойлгон дахиад л баярлан хөөрч цовхчин гүйсэнсэн. Аваргын төлөөх тоглолт ямар хачирхалтай төгсгөл вэ? Ийм нээлттэй тоглолт болсон учир торгуулийн цохилтоос өмнө ялагч шийдэгдэх нь зүйн хэрэг билээ.
Ингээд “гурван түрүү” гэсэн зорилго, даалгавар биеллээ. Хөгжөөн дэмжигчид “Улье, Улье” хэмээн хашгирна. Түүнийг анх “Энфильд”-д ирэхэд хүн бүр л олон жил хараагүй аваргын цомыг тэр авчирч чадна гэж итгэж байсан. Энэ итгэлийг Жерар биелүүлж чадлаа. Хэдийгээр тэр багаа хамгийн гол талбар Премьер лигт түрүүлүүлж чадаагүй ч ийнхүү нэг улиралд гурвын гурван цом авсан билээ. Тэр UEFA-гийн цом авсан тэр орой биднийг наргихыг дахиад л хориглов. Учир нь гурав хоногийн дараа бид “Чарльтон Атлетик”-ийн эсрэг хийх Премьер лигийн тоглолттой байсан. Гурав дахь цомоо авсан нь сайшаалтай хэрэг боловч бид “Чарльтон”-ыг хожиж байж “Аваргуудын лиг”-т оролцох эрхээ авах тул тэр тоглолтын ач холбогдол өндөр байсан. Ингэвэл “Ливерпуль”-ийн хувьд санхүүгийн асуудалд ч том ахиц гарах байсан юм.
Улирлын турш бид хүнд хэцүү олон тоглолтыг хийн сүүлийн арван жилд анх удаа “Олд Траффорд”-д ялалт байгуулснаар эхний гуравт багтах боломж гарсан. 2000 оны арванхоёрдугаар сарын 17-нд болсон тэр тоглолтын талаарх дурсамж миний хувьд хэзээ ч мартагдашгүй юм. Тоглолтын өмнө хэвлэлийнхэн Рой Кин, бид хоёрын дуэль болно хэмээн хөөргөдөж байлаа. Хүмүүс “Чи айж байна уу?” хэмээн асууна. Орчны энэ нөлөөллөөс болоод би тоглолт болох өдрийг тэсч ядан хүлээж эхлэв. Тухайн үед Кин өв тэгш тоглолттой шилдэг хагас хамгаалагчдын нэг байсан билээ. Би “Манчестер Юнайтед”-ыг үзэн яддаг ч Рой Киний тоглолтыг үзэх дуртай байсан. Талбайд хэрэгтэй газраа мэдрэн очиж, хатуу ширүүн хамгаалалт хийн ашигтай дамжуулалтыг өгдөг түүний ур чадварыг би бишрэн шүтдэг. Тэр зурагтаар туниа муутай юм шиг харагддаг ч яг биеэрээ тулахаар хүчтэй нэгэн. “Манчестер Юнайтед”-тай хийх тоглолтын өмнөх орой Киний тухай бодол толгойноос салахгүй, түүний тоглолтын бичлэгийг үзэн удаан хэвтсэн. Тэгэхэд түүнийг давж гарна гэдэг тун бэрх санагдсан.
Өглөөний цай уух зуураа хэдэн сонин гарчиглалаа. Бүгд л “Манчестер Юнайтед”-”Ливерпуль”-ийн тоглолтыг онцолжээ. Нэг сонин дээр Фергюсон миний тухай ярьсан байх нь харагдав. “Юнайтед”-ын дасгалжуулагч мэдээж тал зассан үг хэлсэн байх гээд гүйцэд уншаад нүдэндээ итгэсэнгүй. Ферги “Жеррард бол бие бялдар, ур чадварын хувьд онцгой, эцэж цуцалгүй тоглож, талбайг бүхэлд нь харж, тоглолтыг зөв уншин оновчтой зөв дамжуулалтыг өгдөг. Манай эртний өрсөлдөгч “Ливерпуль” Рой Кин шиг ийм сайн тоглогчтой байгаа нь санаа зовох гол асуудал” гэжээ. Кин бол “Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчдийн шүтээн болсон шилдэг тоглогч, Фергюсоны тактикийн түлхүүр гэдгийг би мэднэ. Гэтэл Фергюсон ахлагчтайгаа намайг зүйрлэж магтсан байх юм. Гэхдээ түүний намайг үнэлдэг гэдгийг би мэднэ. “Юнайтед”-д алба хашдаг Английн шигшээгийн тоглогчид энэ тухай надад хэлж байсан. Энэ бүхнийг уншсаны дараа би түүний энэ үнэлэлт ташаа зүйл биш гэдгийг, “Ливерпуль”-д үнэхээр түүний хэлсэн шиг Рой Кинтэй дүйх тоглогч байгааг харуулах итгэл төрсөн.
“Олд Траффорд”-д очиход урьдын адил таагүй байдлаар угтаж авлаа. Цэнгэлдэхэд рүү автобусаар орох үед үзэн ядалт илт илрэх догшин царайтай хөгжөөн дэмжигчид цонх руу үсчин хашгичиж байв. Тэд баг нь хожихыг илтгэн долоовор болон дунд хуруугаараа “V” үсгийг дүрслэн харуулж, “Та нарыг алаад хаяхсан” хэмээн хахирган хоолойгоор хашгичицгаана. Мөн “Ливерпуль бол нийгмийн хог шаар цугласан газар…” гэхчилэн сонсохын аргагүй үгтэй дуу дуулах аж. “Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчдийн зүгээс ирэх энэ дарамт хэзээ ч зогсохгүйг би мэднэ. Хараал идэг, тэд биднийг үнэн голоосоо жигших юм аа. Хөгжөөн дэмжигчдийн дундаас хэн нэгэн тоосго шидсэн нь яг миний хажууд тусч, цонх цуурав. Энэ бүхний эцэст дахиж энд ирмээргүй санагдаж байлаа. Бид автобуснаасаа буун хувцас солих өрөө рүү уралдан гүйцгээж билээ.
Академид сурч байх үед л “Ливерпуль”-”Манчестер Юнайтед”-ын тоглолт болох үед ийм зүйл тохиолддогийг мэдсэн. Уэс Браун болон одоо “Олдхэм”-д хүчин зүтгэдэг Ричи Уэлленс нарын эсрэг хүүхэд ахуйдаа тоглож байлаа. Тэр хоёртой нохой уралцаж байгаа юм шиг л ана мана өрсөлддөг байж билээ. Тоглолтын 90 минутын турш миний зүрх “Юнайтед”-ыг үзэн ядах үзлээр буцалж, хүчээ шавхан тоглодог. “Юнайтед”-ыг ийн жигшдэг шиг би өөр багт ийм үзлээр ханддаггүй. “Эвертон”-ы хөгжөөн дэмжигчид бага байхаас л намайг үзэн ядаж, багийнх нь хаалганд гоол оруулахад хараан зүхдэг ч тоглогчийн хувьд хүндэтгэдэг юм билээ. Харин “Олд Траффорд”-д өөр ажээ. Тэд намайг Жеррард гэдэг утгаар биш, “Ливерпуль”-ийн тоглогч гэдгээр нь хүлээн авч, үзэн ядалтаа янз бүрээр илэрхийлдэг. Энд “Юнайтед”-ын дэмжигчдийн биднийг эсэргүүцэн хашгирах дуун дор шүглийн дуу ч бараг сонсогддоггүй юм. 2000 оны өвлийн тэр нэгэн өдөр тоглолт эхлэхэд “Миний цаг эхэллээ. Та нарт үзүүлээд өгье өө” хэмээн бодсон.
Эхний арван минутын турш “Юнайтед”-ынхан өөр хоорондоо бөмбөг дамжуулсаар өнгөрөв. Фергигийн тоглогчид бүгд өнгөлөг, өөртөө итгэлтэй харагдаж байлаа. Тоглолтын өмнө хувцас солих өрөөнд Жерар, Томмо нар “Та нар бөмбөгөө алдаж болохгүй. Хүн бүрийг нь барьж тогло. Хамгаалалтдаа нягт бай. Тэд нар бөмбөгөө эзэмшиж байхад булаах гэж яарах хэрэггүй, зүгээр л урагш нь алхуулахгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл Кин та нарын өчүүхэн алдааг өршөөхгүй” хэмээн зөвлөсөн. Эзэн багт бөмбөг байх нь бидний “Олд Траффорд”-д хожил авах нэг хөшүүрэг юм. Би тоглолтын эхэнд хэд хэдэн дамжуулалтаа алдаж, Кинтэй хийсэн халз тулаанд цөөнгүй дийлдлээ. Цэнгэлдэхэд цугласан “Юнайтед”- ын 60 мянган хөгжөөн дэмжигчид нэгэн дуугаар намайг шоолон инээж байв. Гайхалтай хөл нийлсэн тоглолт, галзуу мэт хашгиралдах хөгжөөн дэмжигчдээрээ “Юнайтед” зочдынхоо зүрхийг үхүүлж чаддаг баг.
Дэнни хаалттай цохилтоос гоол оруулахад бид цомын тэмцээний шувтаргын тоглолтод хожсон мэт баярлаж билээ. “Олд Траффорд”-д “Ливерпуль”-ийн цөөн хэдэн мянган дэмжигч орсон ч яг энэ мөчид тэдний дуу “Юнайтед”-ын фэнүүдийнхээс давж гарсан. Киний эсрэг 90 минутын турш тоглосон нь миний хувьд үнэтэй хичээл болж, ур чадвараа ахиулахад үлэмж нөлөөлсөн гэж боддог. Тэр над дээр ирж “Дажгүй тоглолоо, залуу минь” хэмээн гарыг минь атгасан. Би тэр даруй түүнд цамцаа солилцохыг санал болгов. Надад Киний Ирландын шигшээгийн өмсгөл нь байдаг. Харин манай гэрт “Юнайтед”-ын хувцас багтах зай үгүй учир авч байсангүй.
Энэ ялалт бидэнд “Аваргуудын лиг”-т орох боломжийг нэмэгдүүлсэн ч дөрөвдүгээр сарын 16-нд “Гудисон Парк”-т “Эвертон”-ыг 3:2-оор буулган авч бүр баталгаажуулсан юм. Тэр тоглолтод Макка 30 гаруй метрээс чөлөөт цохилт хийн хожлын гоол оруулсан. Заавал хожих ёстой Премьер лигийн сүүлчийн тойрогт бид “Чарльтон”-ыг 4:0-ээр бут ниргэсэн. Бид тэр улирлын бүх финал болон сүүлчийн тоглолтуудад ийнхүү хожил авсан юм.
“Ливерпуль”-ийн нэг улиралд гурван түрүү авсан тэр амжилтад миний оруулсан хувь нэмрийг багийн зүгээс үнэлэн гэрээг минь шинэчилж сунгалаа. Миний агент Струан Маршалл “Ливерпуль”-ийн гүйцэтгэх захирал Рик Пэрритэй уулзахдаа надтай утсаар байнга холбогдон санаа бодлоо солилцож байв. Багийн удирдлагууд намайг энэ багт олон жил тоглоосой гэж үнэн голоосоо хүсч буй нь илт. Би тэр улиралд арван гоол оруулж, Английн шигшээд ч дажгүй тоглосон. Рик Пэрри Струанд “Бид Стивид зургаан жилийн гэрээ байгуулах санал тавина” хэмээв. Струан надад “Зургаан жил гэдэг дэндүү урт хугацаа. Дөрөв бол яг тохиромжтой тоо. Дараа нь өөр тийшээ явах хэрэг ч гарч магадгүй шүү дээ” гэлээ. Би агентынхаа хэлснийг хүлээн зөвшөөрөв. Струан миний санхүүгийн асуудалд байнга санаа тавьж, үнэнч зөвлөх минь болдог. Гэрээ байгуулах ажил тун хурдацтай явагдаж байлаа. Магадгүй “Ливерпуль”-ийн удирдлагын зүгээс миний санаа өөр тийшээ эргэчихэж мэднэ гэж айсан байх. Рик агентын маань хэлсэн дөрвөн жилийн гэрээг хүлээн авч долоо хоногт 50 мянган фунт өгөхийг санал болгов. Энэ бол миний хувьд санхүүгийн том үсрэлт байсан.
Гэрээнд гарын үсэг зурсны дараа Рик, Жерар, Томмо нар надтай ирээдүйн минь талаар ярилцсан. Жерар надад “Бид чамд маш их итгэдэг учир ийм том гэрээг байгууллаа. Чамайг хэн нэгэнтэй солих, өөр ямар нэг багт өгөх талаар ямар ч бодол бидэнд байхгүй. Тэгэхээр багийнхаа төлөө бэлтгэлээ сайн хийгээд хичээх хэрэгтэй дээ. Чиний одоогийн амжилт, үзүүлэлтэд бид сэтгэл хангалуун байгаа. Чи харин санаагаа битгий өөрчлөөрэй” хэмээн хэлсэн.
Тэд намайг ийн өндрөөр үнэлсэнд би маш их баяртай байлаа. Өмнө нь “Ливерпуль”- ээс авсан цалингаараа амьдрал, ахуйгаа боломжийн төвхнүүлээд байх энэ үед авах мөнгөний хэмжээг эрс нэмсэн шинэ гэрээг байгуулав. Хюитоны 20 дөнгөж хүрсэн залуу би өөрийн гэсэн байртай болж, аав, ээждээ бас цалингаасаа илүүчилдэг болсон байсан юм. Гэхдээ үүнд мөнгө чухал биш. “Ливерпуль”-дээ үлдэж, төрөлх багтаа үргэлжлүүлэн тоглох болсон нь миний хувьд хамгаас илүү аз жаргал билээ.
ХАМГААЛАЛТ ДАХЬ БЭРХШЭЭЛ
Би Английн хөлбөмбөгт маш их дуртай. Дэлхийн өөр хаанаас ч ийм эрчтэй, өндөр хэмнэлтэй тоглолтыг үзүүлдэг лиг болон цомын тэмцээнийг олж чадахгүй. Премьер лигийн онцлог, биеийн хүчний шалгуур нь надад зэгсэн зохицсон гэж би боддог. Алхам бүрт хатуу ширүүн хамгаалалттай учирна, өөрөө ч тийм хамгаалалтыг хийнэ. Өнхөрч унан гэмтсэн мэт худлаа дүр үзүүлэн баашлах хэрэггүй, энэ бол Англи. Хэрэв хэн нэгэн үүнд зохицон тоглож чадахгүй бол цамцнаас багахан татах, ширүүхэн гулсаад ороход шүгэл үлээчихдэг Испани юм уу, Италийн лигт очих хэрэгтэй. Миний хувьд Премьер лиг болон Аваргуудын лигт тоглоно гэдэг өөр хэлээр ярьж байгаа мэт ялгаатай санагддаг. Тиймээс Европын тэмцээнд тааруулан тоглох гэж би илүү цагаар хичээллэн бэлтгэлээ хийдэг юм. Тивийн хэмжээний тоглолтод гарахаараа хэн нэгэнд аюул учруулахааргүй боловч хамгаалалтаа хэрээс хэтрүүлчихгүйг хичээн их л анхааралтай тоглоно. Ингэж хүссэнээрээ тоглож чадахгүйдээ бухимдах үе бишгүй. Хүчээ бүрэн шавхахгүй, өөрийгөө дайчлахгүй бол үзэгчид ч тэр тоглолтыг сонирхохгүй нь лавтай. Миний хувьд бага зэрэг чийглэг зүлгэн дээр эсрэг багийнхаа довтолж буй тоглогчийн хөлд гулсан сууж, бөмбөгийг нь булаах маш дуртай. Үзэгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ “Болгоод өг” гэх уухайг сонсохоос илүү сэтгэлийн хөг, дэм гэж үгүй. Энэ бол миний нэрийн хуудас билээ. Хэзээ нэгэн цагт хөлбөмбөгийн талбайгаа орхиход хүмүүс намайг ширүүн, гэхдээ цэвэр тоглолттой гэж дурсаасай хэмээн би хүсдэг.
Ихэнх хөлбөмбөгч хөлд жийж суух нь тоглогчийн зайлшгүй хийх ёстой үйлдлийн нэг хэмээн боддог байх. Харин миний хувьд бол өөрийгөө хөгжөөж, зоригжуулах нэг алхам гэж үздэг. Ийнхүү бөмбөгний төлөө харилцан халз өрсөлдөж, үүндээ ялалт байгуулна гэдэг бол ашигтай довтолгоо эхлүүлэхийн нэг үндэс юм. Өрсөлдөгч маань ямар баг байхаас шалтгаалж тоглолтод оролцох идэвх, хэмнэл янз бүр байдаг. Хэрэв “Эвертон”, “Манчестер Юнайтед”, “Арсенал”, “Челси”-гийн эсрэг гарвал бөмбөгийг тэдэнд аль болох өгөхгүйн төлөө улайран зүтгэнэ. Бөмбөг надад, бидэнд байх ёстой гээд л дайрчихдаг. Энэхүү хатуу ширүүн хамгаалалтын дүнд хулчгарууд бөмбөгт хүрэхээс зүрхшээн, тоглолтоос бүр мөсөн гардаг юм.
Хөлбөмбөг тоглох эхний жилүүддээ би энэ үзэл бодлоосоо болж таагүй байдалд орсон нь цөөнгүй. Академид суралцаж, “Ливерпуль”-ийн нөөц багт тоглож байх үедээ хамгаалалтаа нэрийн хуудас болгох гэж хичээдэг байж. Эсрэг багийнхнаас хэн нэгэн бөмбөгт хүрэх л юм бол үсэрч очоод хөлд нь гулсан ордог. Бөмбөгийг нь булаачихаад гүйж явахад нөгөөх маань ард ёолсоор хэвтэн үлддэг байж билээ. Ямартай ч би ямар нэг хорон санаа агуулан өрсөлдөгчөө дэгээддэггүй. Зүгээр л өрсөлдөгч маань бөмбөг эзэмшин гүйж явбал түүнийг нь төгсгөл болгохыг хүсдэг. “Ливерпуль”-ийн дасгалжуулагчид надад энэ талаар үргэлж анхааруулга өгдөг байлаа. Хараал идэг, биеэ барьж, хүчээ хязгаарлана гэдэг нь миний үгийн санд байхгүй, ойлгохыг хүсдэггүй тийм үг байжээ, тэр үед. Нэг удаагийн бэлтгэл дээр манай дасгалжуулагч Стив Хейвэй жигүүрээр довтолж байв. Би ч сурсан зангаараа гүйж очоод бөмбөг салган авлаа. Харин гэнэтийн энэ дайралтад гэнэдэн унахдаа тэр эгээтэй л газар цөмлөчихсөнгүй. Стив “Хөөе, чи юугаа хийгээд байгаа юм бэ?” хэмээн ууртай босч ирээд “Чи наад хамгаалалтаа жаахан аяд. Хийх, хийхгүй үе гэж бий шүү” гэж хашгирлаа. Бусад дасгалжуулагч ч гэсэн над дээр ирж баахан сургаал айлдсан.
Гэхдээ “Ливерпуль”-ийн удирдлагууд, дасгалжуулагчид тоглогчдоо ийн хүчээ шавхан дайчлан тоглоход таатай байдаг юм. Тэд биднийг одоо байгаагаас нь илүү болгохын төлөө ажилладаг билээ. Академид бэлтгэл дээр тав, таваараа хуваагдан жижиг талбайд тоглоход томчуудын багийн Стив Харкнесс, Эдди Туркингтон нар бидэнтэй өрсөлддөг байв. Тэд биеийн хүчний давуу байдлаа ашиглан биднийг ханатай нялчих шахан тоглоно. Харкнесс бөмбөгтэй хүн бүр дээр гүйж очин өшиглөж, тохойлдоод их л бохир тоглолт гаргадаг байлаа. Үүнд уурсан цус минь буцлах мэт болдог байж билээ. Нэгэн удаагийн бэлтгэл дээр Харкнесс эсрэг багт гарч буйг хараад “Тэр намайг дэгээдэж чадахгүй. Ирээд бөмбөгийг минь авах гээд үзэг л дээ” хэмээн өөртэйгөө ярьж байв. Би түүнтэй халз тулаан хийхэд бэлэн боллоо. Стив Харкнесс тухайн үедээ олонд үнэлэгдсэн сайн тоглогч байлаа. Харин тэр бэлтгэл дээр би бүх талаар түүнийг илүүрхсэн. Бөмбөг аван довтлоход Стив шуугиад л ороод ирнэ. Харин би үүнд нь бэлтгэлтэй байсан болохоор хуураад гарч байлаа. Мөн түүнийг бөмбөг авахад хөлд нь гулсан орж, ширүүн боловч цэвэрхэн булаачихаад цааш довтолж байв.
Энэ бүхний эцэст Хейвэй аавыг маань Академи дээр дуудлаа. Хейвэй “Стивен яачихаад байгаа юм бэ? Гэрт нь ямар нэг асуудал гараагүй биз. Тэр их л ууртай хүн ирэх юм, бэлтгэл дээр бусдыгаа алчих гээд” хэмээн ааваас асуусан. Одоогийн энэ байдал маш ноцтой зүйл болохыг аавд ойлгуулах гэсэн мэт ширүүн харцаар цоргих мэт ширтэж байв. Тэгээд үргэлжлүүлэн “Гэхдээ Стивений энэ түрэмгий, дайчин байдлыг нь арилгахыг бид хүсэхгүй. Энэ бол түүний давуу тал, онцлог юм. Харин түүнд ширүүн хамгаалалт хийж, бөмбөг булаан авахдаа бусдыгаа гэмтээчихгүй байхыг ойлгуулах хэрэгтэй. Та энэ талаар түүнтэй ярилцаарай” гэлээ. Гэртээ хариад аав надтай их удаан ярилцсан. Байсхийгээд л “Чи жаахан тайван тоглож бай л даа” хэмээнэ. Нэгдүгээр багт ажиллаж байсан Ронни Моран ажлаа түр завсарлан надад хамгаалалтын талаар тусгайлан зөвлөгөө өглөө. Тэр “Өрсөлдөгчөөсөө заавал жийж бөмбөгийг нь салгах хэрэггүй. Эхний ээлжинд тэднийг зогсоож сур” хэмээн сургасан.
16 настайдаа би “Миддлсбро”-д Стив Макларентай олон жил хамтран, мөн “Ман Ю”-гийн залуучуудтай ажиллаж байснаараа олонд танигдсан спортын сэтгэлзүйч Билл Бесвиктэй уулзаж, энэ талаар заавар зөвлөгөө авч байлаа. Английн 18 хүртэлх насныхны шигшээ багт дуудагдахад Ховард Уилкинсон намайг Биллтэй танилцуулсан юм. Ховард “Энэ хүү бол маш сайн тоглогч. Харин түүнд чамаас сонсож суралцах ёстой нэг зүйл байна” хэмээн хэлж байлаа. Билл надтай хамгаалалтдаа хүчээ хэрхэн хуваарилах талаар надад их зүйлийг хэлж өгсөн. Тэр “Чи замын хөдөлгөөн зохицуулдаг гэрлэн дохио байна гэж төсөөл дөө” хэмээн яриагаа эхэлж байв. Түүний энэ үгийн гол утга нь хэзээ бөмбөгний төлөө тэмцэж, ямар үед харин зогсох вэ гэдгийг ойлгуулахад байлаа. Билл надад тоглолтод хэрхэн хандаж, өөрийгөө хэрхэн тэнцвэртэй барьж байх талаар зөвлөсөн. Түүний үзэл баримтлалаа болгон хэлэх дуртай үг нь “Зүрхэнд чинь гал шатаж байхад тархинд чинь мөс байх хэрэгтэй” гэсэн сургаал. Тэрбээр энэ үгээ хэлсний дараа “Стивен, чи энэ үгийг мөрдлөг болгох аваас төгс тоглолтыг үзүүлнэ. Чиний дайчин, түрэмгий байдлыг намжаахыг бид хүсэхгүй байна. Гэхдээ үүнээсээ болоод талбайгаас хөөгдөх нь байж болохгүй зүйл. Миний энэ үгийг ойлгож, хэрэгжүүлбэл баг болгон л чамайг өөрийн болгохын төлөө тэмцэнэ” гэж билээ. Надтай ийнхүү тусгайлан уулзсаныхаа дараахан Билл “Мелвүд”-д ирэн, “Ливерпуль”-ийн залуучуудтай уулзаж байлаа. Тэр үед миний Биллийн үгэнд итгэх итгэл улам бүр нэмэгдсэн. Хойшид би түүнээс заавар, зөвлөгөө аваагүй ч тоглолтын ур чадвараа ахиулахад минь үлэмж хувь нэмэр оруулсныг нь мэдэрдэг. Хэдий Билл, Стив, Ронни болон ааваасаа энэ мэтчилэн багагүй зөвлөгөө авсан ч би залуучуудын багийн тоглогчоос гарахааргүй ширүүн тоглолтыг үзүүлсээр байсан. Тиймээс ч би өөрийгөө “Ливерпуль”-ийн үндсэн багт орох цаг болсон хэмээн тоож байв. Өсч буй залуу тоглогчдод өөрийн ур чадвараа дасгалжуулагчдад харуулах нь толгойны өвчин нь болдог.
1999 оны есдүгээр сарын 27-нд бид мөнхийн өрсөлдөгч “Эвертон”-той “Энфильд”-д тоглолоо. Би энэ тоглолтод гарахыг маш их хүсч байв. Тоглолтын өмнө Жерар Улье “Эвертон”-ы эсрэг гарах үндсэн 11 тоглогчийн нэрийг зарлалаа. “Сандер, хамгаалагчаар Веггард, Сами, Карра, Стэн, хагас хамгаалагчаар Влади, Диди, Жейми, Патрик, довтлогчоор Майкл, Робби хоёр”. Ийнхүү гарааны бүрэлдэхүүнийг уншиж дуусахад нэр минь гараагүйд маш их гутрав. Хоолой дээр нэг том юм тээглэчихсэн мэт болж, их л хэцүү байлаа. Би өөрийгөө зүй ёсоор үндсэн бүрэлдэхүүнд гарах ёстой гэж бодож байсан. Энэхүү шударга бус явдалд уурсан сэлгээний тоглогчдын сандал дээр нэг л дүнсгэр амьтан сууж байж билээ.
Тоглолт эхлээд удаагүй байхад Фрэнни Жефферс, Сандер Вестерфельд нар сөргөөцөлдөж, улмаар хоёулаа хөөгдчихөв. Энэ бүхнийг харан суухдаа “Эвертон”-ыхныг няц дарах хүсэлдээ багтрах шахан, чимээгүйхэн өөртэйгөө ярин суусан. “Би л талбайд гарах ёстой байсан юм. Тэгсэн бол энэ муусайнуудыг нялгадаад өгөхгүй юу? Хэрэв намайг гаргадаг юм бол Жерарт намайг дахин дербигийн тулааныг өнжүүлж болохгүй гэдгийг ойлгуулаад өгнө дөө” хэмээн бодож байв. Удалгүй Жерар намайг талбайд гаргасан. Тэр үед бодлоо биелүүлэхийг улам хүсч, тоглолт үргэлжлэхийг тэсч ядан байлаа. Тэгээд бөмбөг авсан Кевин Кэмпбелл дээр гүйн очоод жийн орлоо. Гэвч би хоцорчээ. Шүүгч ямар ч эргэлзээгүйгээр улаан хуудас өргөв. Би талбайг байж болох хамгийн богино хугацаанд орхилоо. Хонгилоор хувцас солих өрөө рүү алхаж явахад Фрэнни тааралдаад “Баярлалаа, Стиви. Чи миний нуруун дээрх ачааг авч хаялаа” хэмээн хоёр том чихээ далбалзуулан доогтой инээж билээ.
Шүршүүрт биеэ усаар шавшин зогсож байхдаа “Амиа хичээсэн муу бэртэгчин” хэмээн өөрийгөө зогсоо зайгүй харааж байв. Миний энэ үйлдэлд багийнхан маань бүгд дурамжхан байх нь мэдээж. Манайх 0:1-ээр хожигдож явсан бөгөөд би улаан хуудас авч хөөгдсөнөөр дерби тоглолтод хожих найдлага үгүй болсон юм. Уг нь тооны энэ зөрүүг арилгахад нөлөөтэй гэж итгэл хүлээгээд талбайд гарсансан.
Утсаа асаахад хамгийн эхний мессеж ааваас ирлээ. “Чи юугаа хийгээд байгаа юм бэ? Өөрийгөө захирч чадахаа байчихаа юу?” гэсэн мессеж байв. Аавын юу гэх гэснийг нь би сайн ойлгосон. Галзуу хүн мэт бөмбөг рүү дайрч, гурван тоглолтын торгууль авах нь “Ливерпуль”-ийн үндсэн бүрэлдэхүүнд гарцаагүй багтах ёстой гэдгээ олонд харуулах сайн арга биш юм.
Маргааш нь “Мелвүд”-д очиход Жерар намайг өрөөндөө дуудлаа. Тэр маш их уурласан байв. Жерар “Чамайг үндсэн бүрэлдэхүүнд гарахгүй гэж хэлсэн тэр мөчид толгой чинь нэг л биш болсон байх. Бид чиний ууртай байгааг анзаарах ёстой байж л дээ. Гэхдээ ямар нэг зүйлд дургүйцэж, уурласан бол 10 секундын дараа үүнийгээ мартаж сурах хэрэгтэй” хэмээв. Тэгээд “Чи өөрийгөө бодохоос өмнө багийнхаа эрх ашгийн талаар анхаарал тавь, Стивен. Бид чамайг талбайд гаргах хүсэл их байдаг. Тиймээс энэ ширүүн, аюултай хамгаалалт хийхээ больж үз. Тоглолтын хэмнэлийг өөрчилж, багаа аврах болов уу гэж л чамайг гаргасан, гэтэл чи итгэлийг минь хөсөрдүүллээ” гэж үргэлжлүүлэн загналаа.
Энэ хүртэл хүлцэнгүй сонсож зогссон миний тэвчээр барагдаж, гэнэтхэн зөрүүдэлмээр санагдав. “Би тоглолтын эхнээс талбайд гарна гэж найдаж байсан. Гэтэл та намайг дерби тоглолтын гадна үлдээсэн” хэмээн хариуллаа. Хэрэв намайг үндсэн бүрэлдэхүүнд гаргасан бол тоо 0:1 ч болохгүй байсан гэсэн санааг Жерарт хэлэхийг хүссэн ч түүний ард уурласандаа галзуу хүн мэт догшин харцтай болон зогсох Фил Томпсоныг хараад болив. Хэрэв би тэр үгийг хэлсэн бол Томмо үсэрч ирээд намайг нүдчих байсан биз. “За ингээд больё” хэмээн бодлоо. Утгагүй маргаан үүсгэх нь дэмий хэрэг.
Тэр өдөр “Мелвүд”-ээс гэр лүүгээ хөдлөхдөө гарын үсгийг минь авах гэсэн хөгжөөн дэмжигчдийн хүсэлтийн улмаас цөөнгүй удаа зогсов. Тэд цаас, үзгээ барин зүтгэж байхдаа “Чиний зөв шүү, Стивен. Дараа сайн тоглоорой” хэмээж байлаа. Гэхдээ тэдний хэлснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би тийм зүйлийг хийх ёсгүй байсан юм.
Хэдэн долоо хоногийн дараа бид Алберт Док дахь “Эст Эст Эст”-д хоол идээд сууж байлаа. Тэгтэл хэн нэгэн надад зэргэлдээх “Blue Bar”-т Сами Хююпя байна гэж хэллээ. Би даруй түүн дээр очин нэлээн уулаа. Би ариун цэврийн өрөөнд очин бие засч зогсоод хажуу дахь хүнээ санамсаргүй хартал хэн байсан гэж санана? Кевин Кэмпбелл. Би хамгийн сүүлд түүнийг “Энфильд”-ийн зүлгэн дээр “Эвертон”-ы эмч нараар хүрээлүүлээд хэвтэж байхыг харсан билээ.
Кэмпбелл “Залуу минь, дажгүй биз дээ?” хэмээн мэндчилэв. Энэ мөчид би ичсэндээ нүүр хийх газаргүй болсон. “Кев, тэгж жийж орсонд уучлаарай. Тэгэхэд би ухаанаа алдчихсан байж” гэж сандрахдаа түгдчин хэлэв. Кэмпбелл инээн “Үүнийг март даа, Стиви. Гэхдээ би гуян дээрээ товрууны хэдэн оромтой үлдсэн дээ” хэмээлээ.
Хэдийгээр тэр намайг ийн уучилсан ч тоглолт дээр хэрхэн алдаа гаргасан минь нүдэнд харагдаад болсонгүй. Кевин хүнд жингийн боксчин шиг бахим биетэй булчинлаг залуу. Тиймээс тэр санаагаа гэнэтхэн өөрчилж, өшиглүүлснийхээ хариуг “Blue Bar”-ын ариун цэврийн өрөөнд авах вий гэж айсандаа хурдхан тэндээс гарсан.
Үүнээс бараг нэг жилийн дараа 2000 оны аравдугаар сарын 1-нд манайх “Стэмфорд Бриж”-д очоод “Челси”-д жинтэйхэн хожигдлоо. Хожигдсондоо шаралхсан би Деннис Уайсын хажуугаар гарахдаа мөрлөж орхив. Деннис араас ирж, хүзүүгээр тэврэн тэрүүхэндээ бид хоёр нударга зөрүүлээд авлаа. Нэг их ноцтой зүйл болоогүй гэж бодож байсан учир үүнийг хүмүүс амархан мартана гэж найдсан. Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа Английн шигшээ баг хуучин “Уэмбли” дэх сүүлийн тоглолтоо ДАШТ-ий урьдчилсан шатанд Германы эсрэг хийхээр Бернхэм Бичст тоглогчдоо дуудав. Уайси шигшээд багтжээ. Би ч мөн орсон. Робби Фаулер, Стив Макманаман хоёр Уистон дахь миний шинэ гэрээс намайг аваад гурвуулаа Бернхэмийг зорив. Макка, Робби хоёр замын турш намайг явуулж, янзыг минь үзэж байлаа.
Макка “Уайси чамайг очиход тийм ч дуртай биш байна даа” хэмээн шоолон инээв. “Тэр ч манай залуугаас хавьгүй чанга эр дээ” гэж Фаулер хачир нэмнэ. Би тэсэлгүй “Яалаа гэж. Би түүнд үзүүлээд өгнө” хэмээн хариулсан.
Уайси үнэхээр надтай халз өрсөлдөх болов уу? Бид хоёр дахиад л нудралцвал Английн шигшээгийн бусад тоглогч юу гэж бодох бол? Би Уайсигаас айгаагүй. Гагцхүү бид хоёрын хэн хэн нь шигшээд дуудагдаад удаагүй болохоор хүмүүст таагүй сэтгэгдэл үлдээх вий хэмээн эмээсэн.
Бернхэм рүү орох үед Робби “За Стиви, болгоомжтой л байгаарай. Уайси чамайг хүлээж байгаа шүү” хэмээн анхааруулав. Зочид буудлын босгыг давах үед “Челси”-гийн жижигхэн залуу хаана намайг отож байгаа бол гэхээс зүрх түжигнэж байлаа. Уайси хаанаас ч юм гэнэтхэн үсэрч гарч ирээд “Хөөе, Жеррард. Чи энд юугаа хийж яваа юм бэ?” гэж хашгирах байх гэж бодож байв. Хэрэв тэгвэл би хариуг нь барих бэлтгэлтэй байсан. Гэвч Уайси үүдний хэсэгт огт харагдсангүй. Робби “Магадгүй тэр хоолны танхимд чамайг хүлээж байгаа биз” хэмээв. Би сандарч тэвдсээр тийшээ орлоо. Уайси тэнд маасайтлаа инээчихсэн сууж байлаа. Тэр намайг харангуутаа шууд над руу алхав. “За ингээд л эхэлдэг юм байж дээ” хэмээн бодож нударгаа зангидан хүлээв. Уайси өмнө минь ирээд баруун гараа сунгалаа. Тэр зүгээр л гар барихыг хүсчээ. “Аялал ямар байв даа?” хэмээн тэр мэндчилээд нөхөрсгөөр мөрийг минь алгадав. Робби, Макка нарын анхааруулаад байсан шиг “дайн” өрнөсөнгүй. Уайси үнэхээр эелдэг, сайн залуу юм аа.
2001 оны дөрөвдүгээр сарын 13-нд хүснэгтийн дээгүүр бичигдсэн “Лидс Юнайтед”-тай “Энфильд”-д тоглолоо. Энэ тоглолт эхлээд удаагүй байхад би Алан Смитийг дэгээдээд шар хуудас авчихав. Уг нь тийм ч ноцтой зүйл болоогүй юм. Дараа нь Дэвид Бэттигийн хөлнөөс бөмбөгийг нь салган авлаа. Гэтэл би түүнд хүрээ ч үгүй байхад тэр сүртэй гэгч нь унаад хэвтчихэв. Энэ үед шүүгч дахин хуудас өгөх вий гэсэн бодол толгойд орж ирэв. Ямар ч алдаа гаргаагүй хоёр үйлдлээс болж талбайгаас хөөгдөх гэж үү? Хөгийн юм. Бэтти босч ирээд “Шүүгч ээ, түүнийг хөөх хэрэггүй” хэмээн намайг өмгөөлөхийг оролдов. Гэвч шүүгч санаагаа өөрчилсөнгүй, улаан хуудас өргөлөө. Бэтти тэнд найзын дүр эсгэх гэж оролдсон ч цаанаа бол намайг тоглолтоос гаргах санаа нь биелж баяртай байсан биз. Тэр яаж тийм үнэмшилтэй унадаг байна аа.
Миний санаанаас гардаггүй өөр нэгэн тоглолт бол 2001 оны есдүгээр сарын 8-нд “Энфильд”-д “Астон Вилла”-гийн эсрэг хийсэн тулаан. Энэ тоглолтод хоёр багийнхан маш ширүүн тэмцэлдлээ. Хоёрдугаар хагас эхлэнгүүт би тоог 1:1 болгож тэнцүүлсэн ч үүний дараачаас хар дарсан зүүд эхэлсэн. “Астон Вилла”-гийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Жорж Боатенг намайг удаа, дараа хүчээрээ аархан давж гарч байлаа. Нэг удаа тэр бөмбөг туун яг өөдөөс минь чиглэн ирэв. Би нүдээ аниад хөлд нь суучихав.
Үнэндээ олон удаа түлхүүлээд айсандаа ингэсэн хэрэг. Түүний нэг хөлийг гуя хавиар нь онов бололтой, пид хийх чимээ гарлаа. Боатенг өнхөрч унаад нэг хэсэг боссонгүй. Энэ бол миний хамгийн их харамсаж, эргээд засахсан гэж боддог үйлдэл юм. Телевизээр үүнийг давтан харуулах бүрт өөрийн эрхгүй дотор минь арзасхийдэг. Мэргэжлийн хөлбөмбөгч гэсэн нэр зүүсэн би бусдыгаа ийм харгисаар гэмтээж болно гэж үү? Шүүгч ямар ч эргэлзээгүйгээр улаан хуудас өглөө. Хэн ч гэсэн ийм л шийд гаргах байсан. Багийнхан маань миний үйлдэлд дурамжсан байв. Гари Макалистер “Хөгийн амьтан” хэмээхэд бусад нь ч гэсэн намайг шүүмжилсэн. Би хариуд нь “Уучлаарай” гэж байлаа. Өөр юу ч гэж хэлэх билээ дээ. Удалгүй Жерар хувцас солих өрөөнд ууртай орж ирээд намайг баахан загнав. Хийсэн үйлдэлдээ гэмшсэн бодол, багийнхны зогсоо зайгүй шүүмжлэхээс нь болоод толгой маань задрах шахаж байлаа. Аав залгаад яг Гари Макийн хэлсэн шиг загнав. Дараа нь миний агент Струан Маршалл утасдан “Одоо хариад толгойгоо амраа. Маргааш чамтай уулзаж, ярилцах хэрэгтэй байна” гэлээ.
Гэртээ ороход дотор уужирч тайвширсан ч унтаж чадсангүй. Орон дээрээ хэвтэн “Боатенгийн хөлийг нь хугалах шахлаа шүү дээ” хэмээн бодсоор хэвтсэн. Азаар Жорж хүчирхэг, бахим биетэй нэгэн юм. Өглөө сонин авч үзэхэд бараг бүгд дээр нь намайг харгис, хэрцгий хэмээн шүүмжилжээ. Миний гулсан жийж байгаа зураг тавьсан байв. Струан залгаж “Чи хамгаалах арга барилаа өөрчлөх хэрэгтэй байна даа. Чи уул нь сайн тоглогч. Гэвч иймэрхүү алдаанаас болоод хожим зодоонч нохой шиг л дурсагдах болно. Идэвх чармайлтаа бууруулах хэрэггүй. Харин техникээ сайжруулахад анхаар. Санаагаар битгий унаарай” хэмээлээ. Струаны үг хатуу боловч үнэн юм.
“Чи надад Боатенгийн утасны дугаарыг олж өгч чадах уу?” хэмээн Струанаас асуухад тэр “Хэдэн минут хүлээ” гээд харилцуураа тавив. Түүнийг дахин залгаж, Боатенгийн гар утасны дугаарыг өгөх хүртэл нь “Вилла”-гийн Гарет Бэрригээр дамжуулан Жоржтой холбогдож болох юм хэмээн бодож байлаа. Боатенгийн утас руу залгаж байхдаа “Дахиж хэзээ ч ийм байдалд орохгүй шүү” хэмээн өөртөө анхааруулж байв.
Боатенг утсаа авлаа. “Жорж, Би Стивен Жеррард байна. Би чамаас уучлал гуйх гэсэн юм. Дэндүү бүдүүлэг алдаа хийсэндээ гэмшиж байна”. Ингээд амьсгаагаа даран хариу хүлээв. Түүнийг өөдөөс минь ууртайгаар хашгична хэмээн бодож байлаа. Гэтэл тэр “Сонс залуу минь. Чи бол үнэхээр сайн тоглогч. Чи иймэрхүү алдаа л гаргахгүй байвал төгс болно. Би зүгээр ээ. Чиний аз болоход чи намайг гэмтээж дөнгөхгүй л дээ. Би чамд гомдоогүй” гэв. Түүнтэй ярьсандаа санаа минь амарч утасныхаа улаан товчийг дарлаа.
Би гурван тоглолтод оролцох эрхээ хасууллаа. Зохих шийтгэл учир гомдох зүйл байсангүй. Магадгүй үүнээс ч урт хугацаагаар торгож болох байсан. Гари Мак миний энэ дутагдлын талаар Струантай ярилцаад дараа нь надтай нүүр тулан уулзав. Гари “Чи жаахан аядуухан, хараатай тоглож сурах хэрэгтэй. Хүн алах гэж байгаа юм шиг л дэгээдэж унагаах юм. Дахиж ийм алдаа гаргаж болохгүй. Би чам шиг маанагуудаас болж цөөнгүй удаа гэмтсэн. Хүний хөлд сууж бөмбөг булаана гэдэг тэр хүнийгээ унагаахдаа гол нь биш, үүнийг урлаг мэт эзэмшиж болно шүү дээ. Хэзээ, хэрхэн хамгаалах талаар суралц” хэмээн надад сургалаа. Би “Ливерпуль”-ийн гишүүн болсон цагаасаа өөрийн хүндэтгэж явдаг Фаулер, Реднапп, Стаунтон, Макалистер, Каррагер, Майкл нарын тоглогчдоосоо суралцсаар ирсэн. Гари Мак надад хамгаалах арга барилаа хэрхэн өөрчлөх талаар зөвлөн, ингэхэд багагүй хугацаа орохыг сануулав. Түүний лекц дуусахад “Би ямагт ийм хамгаалалт хийсээр байх болно. Хүнээс бөмбөг булаана гэдэг миний тоглолтын салшгүй нэг хэсэг нь” хэмээн зөрүүдлэн бодож байж билээ.
Дараагийн улирал “Арсенал”-тай “Community Shield”-ийн төлөө өрсөлдсөнөөр эхэллээ. Наймдугаар сард болсон энэ тоглолт маш ширүүн өрнөсөн. Талбайн дунд Патрик Виейра бид хоёр тэмцэлдсэн нь энэ өрсөлдөөний нэг хэсэг нь байлаа. Патрик Кардиффт болсон 2001 оны FA Cup-ын финалд ур чадвараа олонд гайхуулсан билээ. Энэ тоглолтын санаачилгыг гартаа авах зорилгоор эхний шүгэл дуугарснаас таван минутын дараа түүнийг чангахан шиг дэгээдэн унагаав. Виейра өнхрөн унаад ёолон хөрвөөж эхлэв. Үүнд нь дургүйцэн “Би чамайг яагаа ч үгүй шүү дээ. Амаа татаад эр хүн шиг бай л даа” хэмээн дотроо бодсон. Харамсалтай нь шүүгч надад шар хуудас өргөлөө. Манай багийнхан “Арсенал” болон тэдний тоглогчдоос сүрдээгүй гэдгээ харуулахыг хүсч байсан учир миний энэ үйлдэлд дургүйцсэнгүй.
Энэ тоглолтод манайх 0:1-ээр хожигдсон. Үүнээс илүүтэй тоглолтын дараа “Арсенал”- ынхны гаргасан авир таашаахааргүй байсан.
Ялангуяа Арсен Венгер хэвлэлийнхэнд намайг онцлон муулж байв. Тэрбээр “Жеррард бол өрсөлдөгч багийнхаа хэн нэгнийг жагсаалаас гаргах зорилготой, зүгээр л “хөлсний алуурчин”. Үйлдэл бүр нь хөл хугалахын төлөө байдаг. Тэр гарцаагүй улаан хуудас хүртэх ёстой байсан юм” хэмээсэн. Виейраг унагасны дараачаас тоглолт дуустал тэр над руу хашгирч байв. Гэтэл Патрик жаахан ёолж хэвтэж байгаад зүв зүгээр гүйгээд эхэлсэн. Ер нь “Арсенал”-ынхан баашлахдаа бусад багаас илүү юм шиг санагддаг. Тиймэрхүү хамгаалалтыг бол хүн бүр л хийдэг шүү дээ. Патрик ч гэсэн намайг унагаж л байсан.
Деннис Бергкампаас тохойлдох, өвдөглөх гээд юу ч ирж мэднэ. Гэхдээ би “Арсенал”-ынхантай өөрийгөө харьцуулах гэсэнгүй.
Бас нэгэн таагүй явдал 2002 оны арванхоёрдугаар сарын 22-нд “Энфильд”-д болсон дерби дээр тохиолоо. “Эвертон”-той тоглох үед маргаан, зөрчлөөс зайлсхийнэ гэдэг амар биш. Дерби тоглолтод гарахад хожлын төлөө эд, эс бүхнээ зориулмаар санагддаг. Тэр тоглолтод би “Эвертон”-ы төвийн хамгаалагч Гари Нейсмиттэй халз өрсөлдсөн. Нэгэн удаа хөөргөж өгсөн дамжуулалтыг хүлээж авах гэж байхад тэр дэргэд ирээд биеэрээ шахаж эхлэв. Нейсмит түрүүлж үсрэхэд нь хоёр хөл дээрээ зогсож байсан би түүнийг үл ялиг түлхсэн. Тэгээд бөмбөг рүү гүйхдээ газар унасан Нейсмитийн хөл дээр санамсаргүй гишгэчихлээ. Гутлын маань товруу түүний гуяыг зүсч, цагаан шортон дээр нь цус үсэрчээ.
Үүнээс болж хоёр багийн тоглогчид нэг хэсэг маргасан. Нүдний буланд хэн нэгэн таарсан болгоноо зад мөргөхөөр улангассан бух мэт хурдтай ирж яваа харагдав. Тэр өдөр манайхны хувьд толгойны өвчин нь болсон Уэйн Руни гүйж байлаа. Тэр тулж ирээд намайг түлхэн хүзүүгээр тэврээд авав. Толгойг минь бараг таслаад хаячих шахлаа. Тийм ээ, тэр бол өнөө цагийн шилдэг довтлогч Уэйн Руни. “Эвертон”-ы тэр авъяаслаг хүүд ямар ч танилцуулга шаардлагагүй. FA Cup-ын залуучуудын тэмцээнд тоглож байхыг нь хараад би Рунигийн авъяасыг биширсэн. 2002 оны тэр өдөр Руни хуй салхи шиг л манайхныг сандаргаж билээ. Тэрхүү маргааны дараахан Руни манай хаалгач Крис Кирклэндийг давуулан хүчтэй цохисон нь хөндлөвч оносон. Бие халаалтын үеэс л хөгжөөн дэмжигчид “Руни аюул тарина” гэх зэргээр уухайлан хашгирч байсан юм. Вазза (Руни) бид хоёр хааяа уулзахдаа тэр өдрийн талаар дурсан хөгжилддөг. Бид хоёрыг түрэмгий араншин нэгтгэдэг. Энэ бол Хюитон болон Крокстет дүүргийнхний онцлог билээ. Тэр өдөр Руни над руу халдсан нь зөв юм. Тэр Нейсмитийг л өмөөрсөн хэрэг.
Над руу дайрах Рунигээс илүү “Эвертон”-ы ахмад тоглогч Дэвид Вейр, Алан Стаббс нарын үйлдэл миний уурыг хүргэж байлаа. Тэд шүүгчийг хаана явна, дагаж очоод намайг хөөхийг ятгана. Ер нь тэд үргэлж л иймэрхүү юм хийдэг. Нэг удаа Майкл Оуэныг хүртэл хөөлгөх гэж оролдсон. Вейрийг ийм зантайг нь мэдэх тул тоглолтын турш ажиглав.
Өчүүхэн юм болоход тэр шүүгч рүү гүйн очиж улаан хуудас өргөхийг ятгаж байлаа. Стаббс “Сандерлэнд”-д очоод ч энэ зуршлаасаа салаагүй. 2005-06 оны улиралд бид “Сандерлэнд”-ийн эсрэг тоглоход тэр дахиад л намайг хөөлгөх гэж оролдож билээ.
Азаар Грэм Полл Стаббс, Вейр хоёрын ятгалгад автаагүй. Би Нейсмитийг түлхэх үед шүүгч өөр тийшээ харж байсан юм. Полл ямар нэг алдаа болсныг ойлгосон ч яг өөрөө хараагүй болохоор хэнд ямар шийтгэл өгөх вэ гэдэгт эргэлзсэн. Би шууд Полл дээр очоод “Уучлаарай, би түүнийг унагачихлаа. Гэхдээ гэмтээе гэж бодоогүй шүү” хэмээн хэргээ хүлээв.
Тоглолт 0:0-ээр өндөрлөлөө. Шүгэл дуугарангуут би Нейсмитээс уучлал гуйхаар явав. Хувцас солих өрөөний дэргэд “Эвертон”-ы дасгалжуулагч Дэвид Мойес “Sky”-д ярилцлага өгч байхтай таарлаа. Ярилцлага дууссаны дараа түүн дээр очоод “Уучлаарай. Би маш муухай хамгаалалт хийснээ мэдэж байна. Гэхдээ түүнийг тэгж гэмтээчихнэ гэж санасангүй. Би Гаритай уулзаж уучлал гуйх гэсэн юм” гэхэд Дэвид “Үгийг чинь дамжуулъя” хэмээгээд цааш эргэв. Тэр намайг багийнхаа хувцас солих өрөөнд оруулахыг хүсэхгүй байгаа бололтой.
Полл миний гаргасан алдааг бичлэгээс үзээд хөлбөмбөгийн холбоонд өргөдөл хүргүүлжээ. FA-гаас “Болтон Уондерерс”-ийн “Reebok” цэнгэлдэхэд явуулах “хүмүүжүүлэх” гэсэн нэртэй хуралд намайг дуудав. Би ч тэгэх нь зүйн хэрэг гэж бодоод дуулгавартай очлоо. FA-гийн төлөөлөгч дүрэм тоочиж, сургаал айлдана. “Өрсөлдөгч чинь үсэрсэн үед түлхэж болохгүй”. Энэ ч тодорхой, гэхдээ би алдаа гаргасан. “Гэхдээ чиний урьд өмнөх аюултай хамгаалалтуудын талаар зарим тоглогч гомдол мэдүүлсэн учир тэр талаар ярилцана”. Ингээд тэд Боатенгийн эсрэг гаргасан алдааг хэлэлцсэний эцэст Нейсмитийг гэмтээсний төлөө гурван тоглолтоор торгов. Нэг хэргийн төлөө дуудчихаад ийм олон асуудлыг эргэж сөхөн, улмаар ийм хүнд шийтгэл оноосонд би сэтгэл дундуур үлдсэн.
Улирал өндөрлөсний дараа би Португал руу нислээ. Тэнд нэг жижиг байшин худалдаж авсан юм. Нислэгийн цагаа тулган онгоцны буудал дээр очиход чанга яригчаар “Зорчигч Жеррард зургадугаар хаалган дээр очиж, Фару1 руу нисэх онгоцондоо яаралтай сууна уу” гэсээр угтав. Би онгоцондоо амжиж ороод суудлаа хайлаа. Фару руу нисэх онгоцны тасалбар бүгд зарагдсан тул ганцхан суудал л сул байх ёстой. Хүмүүс “Онгоцны нислэгийн цагийг хойшлуулаад ямар бүдүүлэг амьтан бэ?” гэсэн янзтай тоомжиргүй харцгаана. Нэг хоосон суудал байгааг олж харан очоод хамаг бие тогонд цохиулах мэт болов. Гари Нейсмит болон түүний эхнэр энэ онгоцонд байсан бөгөөд сул суудал тэдний цаана харагдаж байлаа. Тэднийг харангуутаа зугтчихмаар санагдсан. Зориглон байж “Сайн уу, Гари” хэмээн мэндчиллээ. Сандарч байгаагаа нуухыг оролдон суудал руугаа чиглэв. “Дажгүй ээ, Стивен. Чи сайн уу” хэмээн тэр хариу мэндлэв. Тэдний урдуур багтаж ядан өөрийн суудал руу алхах үед эхнэр нь Гариг тохойгоороо нударч буй нь нүдний буланд зэрвэс харагдсан. Гайхалтай нь Гари аяллын туршид миний хийсэн тэр айхтар хамгаалалтын тухай дурссангүй. Бид Фару хүртэл ам хуурай байгаагүй ч түүнээс гомдол мэдүүлсэн үг огт гараагүй.
Болчимгүй үйлдлийн минь золиос болсон өөр нэгэн тоглогч бол Грэм Ле Со. 2003 оны тавдугаар сарын 11-нд бид “Стэмфорд Бриж”-д “Аваргуудын лиг”-т өрсөлдөх сүүлчийн суудлын төлөө “Челси”-гийн эсрэг тоглосон. Энэ тоглолтод маш их бооцоо тавьж буй мэдээ цацагдана. Хүмүүс хайртай клубийнхээ төлөө их багаар дэнчин тавьж байлаа. Гэхдээ энэ нь мөнгөө арвижуулах гэсэн санаа биш, багаа хожоосой гэсэн сэтгэлээр тавьсан бооцоо юм. Тоглогчдын хувьд “Аваргуудын лиг”-т өрсөлдөнө гэдэг нэр хүндийн хэрэг билээ. Хүчирхэг баг, цуутай тоглогчдын өрсөлдөөн тэнд болдог. Тиймээс ч тэр үдэш хоёр багийн бүх тоглогч эцсийн хүчээ шавхан тоглосон. Харамсалтай нь “Челси”- гийнхэн дэндүү сайн байлаа. Тоглолтын өмнө зүрхшээж байсан бүхэнтэй нүүр учирч, таагүй үр дүн бидэнд ирэв. Ер нь бидний “Стэмфорд Бриж” дэх үзүүлэлт тийм сайн байдаггүй. “Челси”-гийн гарааны бүрэлдэхүүнд Фрэнк Лампард, Эйдур Гудьонссен зэрэг өндөр зэрэглэлийн тоглогчид байсны зэрэгцээ Жанфранко Зола сэлгээгээр орж ирсэн. Тоглолтын эхэнд Сами Хююпя мөргөж гоол оруулсан ч Марсель Десайи тоог тэнцүүлж, Йеспер Гронкьяер сүүлийн бөмбөгийг хийлээ. “Челси”-гийн хөгжөөн дэмжигчид баг нь “Аваргуудын лиг”-т тоглох эрх авсанд бахдан дуулж байхад манайх UEFA-гийн цомд өрсөлдөх болсондоо сэтгэл дундуур алхацгааж байлаа. Улирлын турш энэ байрын төлөө хичээн зүтгэсэн бидний хөдөлмөр талаар болж, мөрөөдөл маань салхинд хийсэв.
Цаг дуусахад нэг минут үлдсэн үед “Ингээд хожигдчихлоо гэж үү?” хэмээн бодогдож, уурандаа бие минь ухаан бодолдоо захирагдахаа болив. Тэгээд хамгийн ойрхон байснаар нь “Челси”-гийн төвийн хамгаалагч дээр очин хэрэлдлээ. Зарим хүмүүс биднийг хувийн асуудалтай байсан гэж бодсон байх. Ле Со бол сайн залуу, би ч түүнд муу санаж явсангүй. Английн шигшээд дуудагдан цугларалтад гараад байх үедээ миний хамгийн дотно яриа өрнүүлдэг хүмүүсийн нэг нь тэр юм. Харин хожигдсондоо шаралхан өөрийн мэдэлгүй хамгийн ойр байсан түүн дээр очиж, хараал хэлэн түлхэж орхисон. Шүүгч шууд л хоёр дахь шар хуудсыг өргөн би хөөгдлөө.
Хувцас солих өрөөнд бухимдан суухдаа улирал ингээд дуусч байгаа хэмээн өөрийгөө тайвшруулахыг оролдоно. Тоглолт дуусч, багийнхан маань ирж байгаа бололтой. Жерар “Хэрэв бид дахиад арван Стивен Жеррардтай болчихвол “Аваргуудын лиг”-т амархан шалгарна” хэмээн ярих нь сонсогдоно. Тэр намайг тайвшруулах гэж зориуд надад дуулдахаар ийм юм ярьсан байж магадгүй. Гэвч дотор минь ер уужирсангүй. “Аваргуудын лиг”-т тоглох боломжоо алдсан гэхээс л зүрх минь дэлбэрэх шахаж байлаа. UEFA-гийн цом бол тоглолтын хэмнэл, уур амьсгал, түвшин гээд бүхий л талаар “Аваргуудын лиг”- ээс хамаагүй бага юм.
Наймдугаар сарын 3-нд бид “Амстердам Арена”-д “Галатасарай”-тай нөхөрсөг тоглолт хийлээ. Хэдий нөхөрсөг нэртэй ч энэ тоглолт тун ширүүн өрнөсөн. Англи, Туркийн багууд шигшээ болон клубийн түвшинд ширүүн тулсаар ирсэн уламжлалтай. Хэдхэн сарын өмнө “Евро-2004”-ийн урьдчилсан шатны тоглолтод бид Сандерлэндийн “Stadium of Light” цэнгэлдэхэд Туркийг 2:0-ээр хожоод байсан юм. Харин Амстердам дахь тоглолтоос хоёр сарын дараа Английн шигшээ Стамбулд очих хуваарьтай байлаа. Тиймээс ч “Ливерпуль”- "Галатасарай”-гийн тоглолтод хүмүүс ач холбогдол өгч, анхааралтай ажиглаж байсан. Амстердамд “Галатасарай”-гийнхны гол бай нь манай шигшээгийн тоглогчид байв. Тэд тэвчихэд бэрх бохир, бүдүүлэг тоглолт гаргана. Би сэлгээний сандал дээрээс турк тоглогчид байсгээд л манай Майкл, Эмиль нарыг дэгээдээд унагахыг нь уурсан харж суусан. Тэгээд тэднийг өөрсдийг нь хэмхлээд хаяхсан хэмээн хүсч, Жерар луу “Намайг гаргачих л даа” хэмээн үглэн сууж байлаа.
Хоёрдугаар үе эхлээд 15 минут өнгөрөх үед дасгалжуулагч миний хүсэлтийг биелүүлэв. Харри Кьюэлл сууж, би талбайд гарсан бөгөөд туркүүдийн болчимгүй үйлдлийн хариуг барихаар хар хурдаараа гүйн гарч байлаа. Зэрлэг Өрнөдийн тухай өгүүлэх киноны хэсгийг үүнтэй адилтгамаар байна. Үлдсэн хугацаанд тоглолтыг эргүүлэхсэн гэхээс байж ядаж байлаа. “Галатасарай”-гийнхан биднийг бүдүүлгээр жийн унагааж, цамцнаас татаж зууран зогсоо зайгүй хараал хэлцгээнэ. Хакан Шукюр энэ бүхний гол дүрд тоглосон. Түүнчлэн Хакан Унсал, Юмит гээд шигшээдээ багтдаг тоглогчид нь бүгдээрээ биднийг гэмтээх зорилготой байгаа бололтой. Бөмбөг аваад гүйж явтал хэн нэг нь миний нүүрэн дундуур тохойлдож орхилоо. Нүднээс нулимс гоожин уруул тэр дороо хавдлаа. Арайхийн эргэн тойрноо харахад Шукюр, Унсал хоёр надтай хамгийн ойр байв. Тэгээд тэднээс хариугаа авахаар нэхлээ. Унсалыг гүйцэж очоод бөмбөгийг салгаж авахдаа нудраад амжив. Гэвч голланд шүүгч Рене Темминк үүнийг харчихжээ. Тэр намайг шар хуудсаар торголоо. Гэтэл удалгүй туркүүдийн хэн нэг нь дахиад л намайг тохойлдчихов. Толгой дүйрч, эргээд би яг л нокдаунд орсон боксчин шиг болсон. Хоёр багийнхан шаван маргалдаж байв. Үүний дараахан манай залуу довтлогч Нейл Меллор “Галатасарай”-гийн румын хагас хамгаалагч Габриэл Тамашийн хөлнөөс бөмбөгийг цэвэрхэн салгаж авсан боловч Темминк түүнийг хөөж орхив. Шүүгчийн энэ үйлдэлд дургүй хүрч, уур хилэн улам бадран турк тоглогчдод яг адил хариу барив. Туркүүд тэр дороо намайг бүчин авлаа. Тэд нүүр лүү шүлсээ үсчүүлэн хашгичих аж. Би нүүрээ арчаад тэднээс холдохыг хичээв. Гэвч Шукюр намайг чимхчихэв. Энэ бол туркүүдийн өрсөлдөгчөө уурлуулж, хөөлгөх гэсэн уламжлалт арга нь билээ. Би ч тэдний арганд орж, Темминкийн гаргасан шийдвэрт бухимдсандаа “Чи бол сохор бүдүүн новш” гээд хэлчихэв. Шүүгч “Юу гэнэ ээ? Нааш ир дээ” гээд надад хоёр дахь шар хуудсыг өргөн тоглолтоос хөөчихлөө. Туркүүд өөрсдийнх нь башир арга биеллээ олсонд баярлан маасайтлаа инээсээр үлдсэн. Тэгээд тэд 2:1-ээр хожсон.
Темминк англи хүн биш болохоор хэлснийг нь минь ойлгоно чинээ санасангүй. Тоглолт эхлэхийн өмнө хонгилд тэр гадаадаар ярьж байхыг би сонссон. Гэхдээ тэр англи хэл мэддэг байж болох юм. Эсвэл яг өөр лүү нь харж байгаад хэлсэн болохоор дууны өнгөөр харааж байна гэдгийг ойлгосон байх. Жерар над дээр ирээд “Чиний энэ үйлдэл улирлын тоглолтод нөлөөлж магадгүйг чи мэдэх үү?” хэмээв. Шүүгчтэй зүй бусаар харьцсанаар UEFA-гийн цомын тоглолтыг өнжиж магадгүй болжээ. Жерарын араас манай хаалгачдын дасгалжуулагч Жо Корриган, түүний дараа Томмо ирж намайг загналаа. Тэдний хэлсэн зүйлийг бодон Темминкэд яах гэж тэгж хэлэв ээ хэмээн амаа барив. Жерар миний гаргасан алдааг уучилж, дээд байгууллагадаа мэдэгдэхгүй байхыг гуйхаар шүүгч рүү явлаа. Удалгүй тэр “Темминк тайландаа чиний тухай оруулахгүй гэсэн” хэмээсээр инээд алдан орж ирсэн.
Хэдий Темминкийн өршөөгөөд өнгөрсөн ч тэр өдрийн таагүй дурсамж ой тойноос минь арилахгүй. Улаан хуудас авна гэдэг тухайн хүний хувьд ичгүүртэй хэрэг билээ. Хэн ч байхгүй хувцас солих өрөөнд ганцаараа суун багийнхан чинь чамгүйгээр хэцүүдэж байгааг хөгжөөн дэмжигчдийн уухайгаар таамаглан сууна гэдэг хүсэх зүйл биш. Багийн маань хэн нэгэн талбайгаас хөөгдсөн үед тоглохын хүндийг би биеэрээ цөөнгүй удаа амссан. Ийм тохиолдолд өмнөхөөсөө илүү хүч зарж, хоосон орон зайг нөхөхийг хичээдэг. Би багийнхнаа ийм байдалд олон удаа оруулсан тул өөрийгөө “Ливерпуль”-ийн өмнө өртэйд тооцон Струан, Гари Мак зэрэг хүмүүсийн зөвлөгөөг тусгаж, хамгаалах арга барилаа өөрчлөхөөр чармайж эхэллээ. Хоёр хөлөөрөө биш, нэгээр нь жийж суух техникийг сурахад багагүй цагийг зарцуулах болов.
Гэвч гол өрсөлдөгчидтэйгөө тоглоход, ялангуяа дербидээ тулахад улаан хуудас авдаг байдал үргэлжилсээр. 2005-06 оны улиралд “Эвертон”-ы талбайд зочлоход шүүгчийн шүглийн дараа бөмбөг өшиглөж шар хуудас аваад дараахан нь Кевин Килбейн дээр алдаа гарган хөөгдсөн. Ийнхүү миний хамгаалалтдаа гаргадаг алдаа ор мөргүй алга болохгүй л байна. Довтлогчийн хөлд гулсаж ороод бөмбөгийг нь цэвэрхэн тасалж авахад нүүр тулсан тоглогчийн пид хийн унах нь миний сонсох дуртай чимээний нэг. Ингэхэд үзэх дуртай спортын нэг регбигийн тоглолт шиг санагддаг. Хүчний, хатуу тоглолт бол миний үзэл баримтлал юм.
Би өөрөө ч ширүүн хамгаалалттай бишгүй учирч явсан. Эдгээрээс 2004 оны нэгдүгээр сарын 21-нд “Молинекс” цэнгэлдэхэд “Волвес”-тэй хийсэн тоглолтод Виорел Ганеуд дэгээдүүлсэн минь хамгийн аймшигтай санагддаг. Гурван тоглолт өнжөөд талбайд эргэн гарсан тэр тоглолтод солиотой румын намайг санаатайгаар гэмтээх гэсэн байх. Яах ийхийн зуургүй гулсаж орж ирээд оймсыг маань шагайнаас өвдөг хүртэл урчихав. Бүр булчинг маань хүү татчихсан. Гэхдээ түүний энэ алдаанаас илүүтэй шүүгч румын тоглогчийг торгоогүй нь миний уурыг хүргэсэн. Тэр үнэндээ хөлийг минь хугалах шахсан. Тоглолтын дараа “Волвес”-ын дасгалжуулагч Дейв Жонсын хажуугаар хазганан өнгөрөхдөө “Танай Ганеу чинь намайг хөлгүй болгох нь” гэхэд тэр толгой дохиод “Тийм ээ, дэндүү болчимгүй алдаа гаргалаа. Шүүгч яагаад түүнийг хөөгөөгүйг ойлгосонгүй” гэж билээ. Тоглогчоо өмөөрөөгүйд нь би Дейвт талархсан.
Урьд нь “Ливерпуль”-д хамт хүчин зүтгэж явсан Пол Инс тэр өдөр “Волвес”-ын бүрэлдэхүүнд талбайн дунд тоглож байлаа. Би түүний эсрэг тоглохоор маргаан, зөрчилгүй өнгөрөх нь ховор. Ялангуяа түүнийг “Миддлсбро”-д байсан жилүүдэд. Инси үнэхээр тааварлашгүй араншинтай нэгэн. Тоглолтын турш бие биеэ түлхэж нударч, харааж зүхэн байснаа шүүгчийн сүүлчийн шүгэл дуугарангуут огт тийм юм болоогүй мэт алхдагсан. Талбай дээр “Стиви, чамайг там руу тонилгоод өгье” гээд шүд зуун гүйж явсан Инси шүршүүрт орж, хувцсаа сольчихоод гараад ирэхэд тааралдахдаа “Гэрийнхэн чинь сайн биз дээ?” хэмээдэг.
Премьер лигийн тоглогчдын ихэнх нь Инси шиг байдгийг би хожим анзаарсан. Тоглолтын үеэр болсон бүхэн талбайдаа л үлдэнэ гэсэн үзэл энд үйлчилдэг билээ. 90 минутын турш бие биеэ урж, тасдахаас наахнуур өрсөлдөж байсан хоёр багийнхан шүүгч тоглолт өндөрлөснийг зарлан шүглээ уртаар үлээхэд элэгсгээр гар барьцгааж, илэрхий хатуу алдаа гаргасан зарим нь нөгөөгөөсөө уучлал гуйн хонгилыг чиглэн алхах нь Премьер лигийн онцлог юм. Английн хөлбөмбөг дэлхийд яагаад хамгийн хүчтэй, сонирхолтой байдгийн нэг шалтгаан энэ бөлгөө.
Гэхдээ дандаа ийм байдаггүй нь тодорхой. Тоглолтын үеэр худлаа жүжиглэх, эсвэл хэт бүдүүлэг алдаа гаргах зэргээс болон дээр дурдсан шиг найрсаг харилцаагаар тоглолт өндөрлөхгүй байх тохиолдол олон. Та “Астон Вилла”-гийн ямар ч хөгжөөн дэмжигчээс асуухад тэд намайг үзэн яддагаа хэлэх болно. Намайг Боатенг дээр уучилшгүй том алдаа гаргаснаас хойш “Вилла Парк”-т очих бүрт “Стивен Жеррард бол илжиг…” гэх мэтээр хоолой мэдэн уухайлсаар угтдаг. Мөн “Вилла”-гийн дэмжигчдийн намайг үзэн ядах бас нэгэн шалтгаан бий. 2001 онд болсон нэгэн тоглолтод Яри Литманен бид хоёр довтолсоор “Вилла”-гийн 16 метрийн талбайд орж ирсэн. Тэдний хамгаалагчдын нэг нь надад үл ялиг хүрэхэд нь би үсрээд өгөв. Би цаашаа гүйж болохоор байсан ч пенальти авах гээд зориуд уналаа. Шүүгч ч торгуулийн цохилт заав. Үнэндээ энэ нь пенальти өгөхөөр алдаа байгаагүй л дээ. Тоглолт дууссаны дараа би ийм юм хийсэн нь зөв байв уу, буруу байсан уу гэж эргэлзэн удаан хугацаанд толгойгоо гашилган явсан. Тэгээд би бол жүжигчин биш гэсэн шийдэлд хүрч, дараа ийм байдал дахин гаргахгүй хэмээн өөртөө амлаж байв.
Багийнхаа ахлагч болсноор би улам төлөвшсөн. Боатенг, Нейсмит нарыг бүдүүлгээр унагааснаасаа хойш алдаагаа давтахгүйг хичээн өөртөө өндөр шаардлага тавьдаг байв. Хожим “Ливерпуль”-д хөл тавих залуу тоглогчдыг зөв замд нь хөтлөхийн тулд би багийн ахлагчийн хувиар биечлэн үлгэрлэх ёстой билээ. Үүний нэг нь шүүгчдэд хүндэтгэлтэй хандах. Инси тоглолтын үеэр шүүгчдийг харааж зүхэн доромжилдог байсан. Одоо тэдэнд хандан ам нээх л юм бол зөрөөд шар хуудас хүртэх болно. Бекс, Вазза нар ийм байдлыг олонтаа харуулсан. Намайг анх “Ливерпуль”-д орж байхад шүүгчид торгох хүртлээ тоглогчидтой хэрэлдээд л гүйдэг байв. Би ч тэдний шийдвэрийг эсэргүүцэн цөөнгүй удаа ам мурийж байлаа. Харин багийн ахлагч болсноосоо хойш тоглогчдоо төлөөлөн шүүгчидтэй уулзаж, болсон зүйлийг зөвөөр ойлгуулахыг хичээдэг болсон. Марк Клаттенберг, Грэм Полл нар багийн ахлагчидтай ойлголцохдоо сайн шүүгчид. Тэд тоглолтын явцад хоёр багийнхантай ярилцаж, заримдаа бүр тоглоом наргиан хийчихсэн гүйж байдаг. Полл бол шүгэл үлээх, чалчихыг хослуулдаг шүүгч. Хэдий тийм ч тэд өөрсдийн гаргасан шийдвэртээ итгэл төгс зогсдог. Хэн бүхэнтэй илэн далангүй нээлттэй харилцдаг болохоор тоглогчид тэднийг хүндэтгэж, шийдвэрийг нь дуулгавартай хүлээн авдаг юм. Би тэдний хэрхэн шүүж буйг зурагтаар олон харсан. Тэд хэний ч нөлөөнд авталгүй өөрсдийнхөө шийдвэрт үнэнч зогсдог нь олноос талархал хүлээдэг билээ. Премьер лигийн шүүгчдийн жишиг болсон өөр нэгэн хүн бол Пол Даркин. Түүнийг шүүгчийн ажлаасаа буусан тэр мөчид Англи даяар нэгэн сайн хөлбөмбөгч нь зодог тайлж буй мэтээр хүлээн авч байлаа.
Багийн ахлагчийн шүүгчтэй хэрхэн харилцах нь багийн тоглолтын хэмнэлд үлэмж нөлөө үзүүлдэг. Энэ бол багийн хожих, хожигдохыг шийдэх нэгэн хөшүүрэг. Магадгүй тоглолтын турш шүүгчтэй эелдэг харилцаад явбал 90 дэх минутад гаргасан алдааг минь тэд өршөөж болох юм. Бид чинь нэгэн заяанд төрсөн хүмүүс шүү дээ. Шүүгчид намайг торгоход шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй уурсан хэрэлддэг байсан бол ахлагчийн туузыг гардан авснаасаа хойш өөрийн минь энэ байдал багийн тоглолтын уур амьсгалд нөлөөлж болохыг ойлгон сэтгэлийн хөдөлгөөнөө тэвчдэг болсон. Мөн багийн ахлагч гэдэг шүүгчийн ажилд тусалж байх ёстой хүн гэж боддог. Танай багийн амжилтыг доош татаж, бууруулах гол шалтгаан бол сайн өрсөлдөгчийн зэрэгцээ шүүгч. Тиймээс ийм зүйл гаргахгүйн тулд шүүгчийг өөрсдөдөө эерэг ханддаг болгох нь зүйн хэрэг. Орчин үеийн хөлбөмбөгт шүүлтийн арга барилаар англичууд онцгойрдгийг би бардам хэлж чадна.
Уулын мод урттай, богинотой гэдгийн адилаар ур чадвар тааруу шүүгчид байдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Уриа Ренни, Ниль Бэрри гээд тоочвол энэ жагсаалт бас ч богино биш. Шүүгч Жефф Винтерийн тэтгэвэрт гарч буй мэдээ миний чихэнд тийм ч наалдацтай байгаагүй. Тэр бол жинхэнэ бялдууч. Тэр хэний ч үгийг үл сонсон харцаа буруулаад хямсганан гүйдэг байж билээ. Алдаа гаргадаггүй шүүгч гэж байхгүй ч дэлхий дээрх хамгийн муу шүүгчийг ол гэвэл би шууд л Винтерийг заана. Би Майк Райлиг хүндэтгэдэг байсан ч 2005 онд “Энфильд”-д “Челси” ирсэн тоглолтыг шүүснээс нь хойш үзэн ядах болсон. Тэр тоглолтод Тьягу гараараа хөлбөмбөгийн түүхэнд бичигдэхээр гоол оруулсан. Диего Марадонагийн “Бурханы гар”-ыг ч түүнтэй харьцуулашгүй. Гэтэл Райли үүнийг огт хараагүй дүр эсгэж байв. Тэр өдөр “Ливерпуль” Тьягу, Райли хоёрын тэнэгтлээс болж хожигдсон. Бид Райлиг энэ гоолыг тооцохгүй байхыг ятган бүчицгээж байж билээ. Сүүлд нь нэгэнт шийдвэр өөрчлөгдөхгүйг ойлгосны дараа Карра “Чи наад шүглээ амандаа чих” хэмээн хашгирч байв.
Хамгийн шилдэг шүүгч гэвэл Пьерлуижи Коллина. Премьер лигийн шүүгчдээс гадныхан эрс тэс ялгаатай байдаг. Тэдний өчүүхэн зүйлийг өнгөрөөлгүй үлээх нь залхмаар. Харин Коллина бол тэднээс ялгаатай. Энэ итали эрийн шийдвэрийг хэн ч эсэргүүцэж чадахгүй биз ээ. Би түүнээс зүрхшээдэг байв. Намайг алдаа гаргасны дараа тэр “Жеррард” хэмээн хашгираад өөр лүү нь харангуут урт, ясан хуруугаараа шар хуудас өргөж байсныг нь би мартдаггүй. Аяганаас гарах гэж байгаа мэт түүний бүлтгэр нүд нь айдас хүрмээр.
Тэр тийнхүү торгочихоод “Миний нүднээс мултарна гэж байхгүй шүү” гээд ширүүн харцаараа цоргитол харж байсан. Коллина зодог тайлсан нь дэлхийн хөлбөмбөгт маш том гарз болсон. Хэрвээ тэр Премьер лигт шүүсэн бол од болон гялалзах байлаа. Учир нь тэр хөлд сууж бөмбөг авахад алдаа гаргасан эсэхийг оновчтой харж чаддаг юм.
ГУРВАН АРСЛАН, ХОЁР ШАР АЙРАГ, НЭГ ШВЕД
2000 оны аравдугаар сарын 7-ны бямба гариг бол миний амьдрал дахь хамгийн таагүй өдрүүдийн нэг. ДАШТ-ий урьдчилсан шатанд Германы шигшээг “Уэмбли”-д хүлээж аваад 0:1-ээр хожигдсоны дараа Киган Английг дахин удирдахгүй гэдгээ мэдэгдсэн нь намайг цочирдуулсан. Тэр Английн шигшээ, эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ хичээн ажилласан. Харин эртний өрсөлдөгч Германд хожигдсон нь ийнхүү гэнэтийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх. Миний хувьд цавиндаа гэмтэлтэй байсан учир энэ тоглолтод гараагүй юм. Уул нь би алхаж л чадаж байвал Английн төлөө хүчин зүтгэхэд бэлэн гэсэн уриаг баримталдаг. Үүнийгээ ч харуулдаг.
Шигшээ багт дуудагдан зочид буудалдаа очиход Киган “Цавь чинь хэр байна даа?” гэсээр угтав. Хэвийн биш гэдгээ илэрхийлэн “Муугүй ээ” хэмээн хариуллаа. Хэвлэлийнхэн гарааны бүрэлдэхүүний талаар өгүүлэхдээ намайг орж магадгүй гэж дурдсан байсан. Инси гэмтэлтэй байсан учир түүний байранд намайг тоглуулах магадлал өндөр юм. Хэрэв тэгвэл би Дидигийн эсрэг дахиад л өрсөлдөнө. Тиймээс цавинд мэдрэгдэх зовиур намдаасай хэмээн залбирч байв.
Баасан гаригийн бэлтгэл дээр би гэмтлээ сэдрээчихвий гэж алгуурхан дасгал хийж, фитнессийн дасгалжуулагч Гари Левинтэй жаахан ажиллалаа. Кевин бидэн рүү гүйн ирээд “Стивен, чи маргааш тоглох болно шүү. Бие чинь яаж байна?” хэмээн асуув. Би хариуд нь “Тийм ч сайнгүй байна аа” гэж урамгүй хэллээ. Кевин “За яах вэ, байдлыг чинь харж байя. Чи хичээгээрэй” гээд багийнхан руу гүйн одсон. Түүнийг явсны дараа Гаритай огцом эргэх, бөмбөг туух дасгал хийсэн ч төдий л сайн болсонгүй. Маргааш Германы эсрэг тоглолтод талбайд гарна гэдэг бүтэхгүй нь.
Үдээс хойш гэхэд “Уэмбли” олны хөлд дарагдаж эхлэв. Нэгэнт би талбайд гарч чадахгүй нь тодорхой болсон тул Кевин талбайн төвд Гарет Саутгейтийг тоглуулахаар болжээ. Би үзэгчдийн суудалд багийнхандаа тусалж чадахгүйдээ гутран сууж байв. Тоглолт хүссэнээс эсрэгээр өрнөж буйд унтууцан дэмий л цаг агаарыг зүхэн байсан. Тэр тоглолтод Диди хожлын бөмбөгийг оруулсан нь хуучин “Уэмбли” дэх сүүлийн гоол болсон.
Германчууд баярлан хашгирч байхад Английн хөгжөөн дэмжигчид уурандаа багтрах шахан минчийн алхацгаана. Би багийнхантайгаа уулзахаар хувцас солих өрөө лүү явлаа.
Хэдийгээр сэтгэл засах үг хэлье гэсэн ч амнаас гарахгүй боловч ямар ч үед цуг байдгаа харуулах нь чухал билээ. Хувцас солих өрөөний орчимд очиход хонгилд сэтгүүлчид болон хөлбөмбөгийн холбооны албаны хүмүүс бужигнацгааж байв. Тэгээд өөр хоорондоо “Тэр ажлаа өгч гэнэ” хэмээн шивнэлдэх аж. Би “Хэн явсан гэж? Тоглолтын үр дүн сэтгэлд нь нийцээгүй хэн нэг тоглогч шигшээгээсээ зодог тайлсан юм байх даа” гэж бодон өрөө рүү яаран орлоо. Миний хамтран зүтгэгчид, найз нөхөд маань толгой гудайлган чимээгүй сууж байлаа. Ийм үед багийнхандаа урам зориг хайрлаж, сэтгэлийг нь сэргээж явдаг Кевин харагдсангүй.
“Кевин хаана байгаа юм бэ?” гэж асуухад хэн нэг нь “Хэвлэлийнхэнтэй уулзаж байгаа байх аа” хэмээн амандаа бувтнав. Удалгүй Киган өрөөнд орж ирлээ. Түүний нүднээс энэ ялагдал хичнээн хүндээр туссан нь илт харагдана. Тэр “Миний ажлаа өгөх цаг болжээ. Одоо шигшээ багийг өөр хэн нэгэн удирдах хэрэгтэй байх” гэв.
Киган огцорсон юм байжээ. Толгой өндийхгүй сууж байсан тоглогчид гэнэтхэн амь орох мэт сандран босч, Киганыг ятгахыг хичээж байлаа. Тони Адамс Кевиний өмнө очоод “Дэндүү түргэн шийдвэр гаргаж байгаа юм биш үү. Битгий ингэ л дээ” хэмээн царайчлан зогслоо. Гэвч Кевиний шийдвэрийг өөрчлөхөд оройтжээ. Тэр хэдийнэ эцсийн шийдээ гаргасан байв. Кевин “Миний удирдлагад хамтран ажилласан та бүхэнд маш их баярлалаа. Та нар бол агуу тоглогчид шүү. Би та нартай ахархан ч гэсэн энэ хугацаанд хамтран ажилласнаараа бахархаж байна. Гэвч энэ миний хийх ажил биш юм байна” хэмээн хэллээ. Тэр энэ үгээ өрөөний гадна зогсох хэвлэлийнхэнд хэдийнэ хэлчихсэн аж. Хувцас солих өрөөнд сууж буй тоглогчдыг тойруулан харж байснаа түүний харц над дээр тогтон “Стивен, дажгүй юу?” хэмээн асуув. Балмагдан цочирдсон би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. “Сайн байгаа, дасгалжуулагч аа” хэмээн амандаа чимээгүйхэн бувтнав. Гэтэл “Энэ тоглолтын талаар ямар бодолтой байна вэ?” гэж асуулаа. Намайг онцолж ийн яриа өрнүүлэх нь миний хувьд таатай хэрэг ч одоо энэ тухай ярилцах цаг биш билээ. Ярья гэсэн ч ам эвлэхгүй байлаа. Кевин надаас хариулт хүлээж хэсэг зогсоод миний байдлыг ойлгосон бололтой чимээгүйхэн инээмсэглээд өрөөнөөс гарч одлоо. Юу ч хэлж чадалгүй түүнийг явуулчихсандаа би өөрийгөө хараан зүхэж байв. Түүний араас дуудаад хэлэх зүйл надад бишгүй л байсан. Тэр намайг шигшээ багт анх дуудсан, мөн надад их итгэл хүлээлгэдэг. Кевинд юу ч хэлж чадалгүй явуулсандаа би их харамсдаг. Гэхдээ миний энэ номыг уншаад түүнийг эр хүн болоод дасгалжуулагчийнх нь үүднээс ямар их хүндэлж биширч явдгийг минь ойлгоно гэж найдаж байна.
Английн шигшээ дасгалжуулагчгүй болсон тэр мөчид би итгэлт зөвлөхөө, хайртай багшаа алдсан юм. Киган намайг үнэлж, Английн шигшээгийн төвийн хагас хамгаалагчийн байрлалд өрсөлдөгчгүйгээр шууд дууддаг байсан. Гэтэл одоо би бүхнийг шинээр эхлэх болж байна. Шинэ хүнд өөрийгөө таниулахын тулд тоглолтоос гадна сахилга бат, ааш авираараа ч үлгэр жишээ байх хэрэгтэй. Би дасгалжуулагчийн албанд хэн томилогдох бол гэсэн сураг ажиг сонирхон өдөр бүр сонин эргүүлдэг байлаа. Гадаад хүн шигшээг удирдаж магадгүй гэсэн мэдээ чих дэлсэх болов. Үүнийг сонсоод англи хүн л ерөнхий дасгалжуулагч болоосой хэмээн битүүхэн залбирч байлаа. Английн хэн нь ч байсан миний чадвар, нөөц бололцоог мэднэ. Надад гадаад дасгалжуулагчаас зүрхшээх хэдэн шалтгаан байлаа. Тэд намайг мэддэг эсэх, бодит байдлаар үнэлж чадах уу гээд битүүхэн айдастай байсан. Хэвлэлийнхэн, хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ч Английн шигшээ баг гадаад дасгалжуулагч авах нь зүйд нийцэхгүй хэмээцгээнэ.
Английн хөлбөмбөгийн холбоо швед дасгалжуулагчтай гэрээ байгуулахад сэрэмжлэл улам гүнзгийрлээ. Харин Свен-Горан Эрикссон 2001 оны хоёрдугаар сарын 28-нд “Вилла Парк”-т Испанийн шигшээгийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод намайг дуудахад миний айдас сарнин алга болсон. Эрикссон ч ярилцлагадаа намайг магтаж байв. Энэ тоглолтод бас л гэмтлийн улмаас оролцож чадахааргүй байсан ч би Гари Левинд үзүүлэхээр Астон Виллад очлоо.
Гаритай уулзаад хүлгийн жолоог умард зүгт залан гэр лүүгээ буцах гэж байхад шигшээ багийн зохицуулагч Мишель утасдан “Стивен, одоохондоо хариад хэрэггүй. Дасгалжуулагч туслах Торд Гриптэйгээ хамт чамтай бэлтгэл дээр уулзъя гэсэн” хэмээв. Би бэлтгэлийн талбайд очоод Свен, Торд хоёртой уулзлаа.
Свен гар барин мэндчилээд “Чамайг би үнэлж байгаа шүү. Торд “Ливерпуль”-ийн тоглолт дээр очиж чамайг харсан. Гэмтлээ эдгээгээд шигшээ багийнхаа төлөө тоглохыг чинь хүсэн хүлээж байна. Чамд ямар нэг зүйл хэрэгтэй бол санаа зоволгүй хэлээрэй, бид чадахаараа туслах болно. “Ливерпуль”-ийн эмнэлгийн албаныхнаас чиний байдлыг асууж байгаа. Би Жерар Улье, Кевин Киган нартай ярихад чамайг их магтаж байна лээ. Одоо чи гэмтлээ анагаахдаа л анхаар, тэгсэн цагт шигшээ багийн хаалга нээлттэй шүү” хэмээв.
Бурхан минь, Свен намайг шигшээгийн бэлтгэлд ч гарч үзээгүй байхад ийн итгэл хүлээлгэв. Торд намайг тандахаар Ливерпульд очсоныг би мэдээгүй. Киган шигшээг орхисонд нь сэтгэл дундуур явсан би ийнхүү сайн цагтай дахин золголоо. Хэдий гэмтэлтэй ч шигшээгийн бэлтгэл дээр нүүрэндээ инээмсэглэлтэй алхаж явлаа. “Гэмтлээ анагаахдаа л анхаар, тэгсэн цагт шигшээ багийн хаалга нээлттэй шүү” хэмээх үг харих хүртэл чихэнд минь хадаатай явсан. Швед дасгалжуулагчийн энэ элэгсэг дотно хандлагыг би сайн тоглолтоор хариулах ёстой билээ.
Эрикссон англи хэлэндээ тун сайн аж. Би гадаад хүмүүстэй харилцахдаа тэдэнд үгээ бүрэн ойлгуулахын тулд удаан ярьдаг. Миний хувьд Ливерпуль орчмынхны аялга тод учир ийн хичээдэг юм. Эрикссоныг би тийм сайн мэдэхгүй ч “Лацио”-г “Сери-А”-д түрүүлүүлж, гайхамшигтай амжилт үзүүлснийг нь дуулсан.
Эрикссон шигшээг авсан даруйдаа эерэгээр нөлөөлж эхэлсэн. Тоглогчдын өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хожлын төлөө санаа нэгдэн зүтгэдэг боллоо. 2001 оны есдүгээр сарын 1-нд ДАШТ-ий урьдчилсан шатанд Германы эсрэг тоглохоор Мюнхенд очиход манайхан “Уэмбли”-гийн хожигдлын хариугаа авахаар байж ядаж байв. Энэ тоглолтод л хожихгүй бол ДАШТ-д оролцох тухай бодоход хэцүү байсан. Шигшээгийн зарим тоглогч Киганы төлөө Германыг хожих хэрэгтэй гэсэн саналыг гаргасан. Би тэдний нэг байсан нь тодорхой. Германы эсрэг хийсэн тоглолт ач холбогдлоороо ДАШТ-ий шувтаргынх мэт өндөр байлаа.
Эрикссон Мюнхенд очоод биднийг хотын төвийн зочид буудалд буулгасан нь олныг гайхашруулав. Үүгээрээ тэр өөрийн бодлоо илэрхийлсэн. Англи, Германы хөгжөөн дэмжигчдийн өмнө үйлдэл бүхэн нь ил тод энэ байдал түүний өрсөлдөгчөө хожих итгэл дүүрэн байгаагийн илэрхийлэл болсон. Германчуудад “Бид шигшээ багийг чинь бут ниргэхээр хотын төвд байна” гэж анхааруулах мэт. Зочид буудалд байхад герман, англи фанатуудын уухайлан дуулах нь тод сонсогдоно. Энэ тоглолт хичнээн чухал болохыг тээр дороос цуурайтах хөгжөөн дэмжигчдийн уухай бидэнд сануулж байв. Ийм их шуугиан дор унтаж амрахад хүнд байсан. “Уэмбли”-д болсон тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун бус үлдсэн олон мянган англичууд Мюнхенд ирсэн. Бид тэднийг баярлуулах өртэй билээ.
Телевизийн суваг бүрээр энэ тоглолтын тухай мэдээлэл гарч, хоёр багийн бэлтгэлийн зураг, бичлэг хөврөн мэргэжилтнүүд таавар, таамгаа дэвшүүлж байв. Англи, Германы хүн болгон бараг үүнээс өөр ярих зүйлгүй болоод байлаа. Германы шигшээгийн тоглогчид ярилцлагадаа манай багийг хожно хэмээн амлацгаана. Ялангуяа хаалгач Оливер Кан Английн шигшээ багийнхан өөрт нь төдийлэн төвөг удахгүй гэж байв. Том тулааны өмнө зарим гол тоглогчдын эсрэг багийнхандаа чиглэсэн зориудын ийм дайралт сэтгэлзүйн хувьд их дарамт болдог юм. Герман, Английн шигшээ багуудын тоглолт хэзээнээсээ хурц, ширүүн, өрсөлдөөнтэй болж ирсэн. Клубийн түвшинд ч ялгаагүй. Тэр жил Монакод болсон UEFA-гийн Супер цомд манайх Кан тэргүүтэй Мюнхены “Бавари”-г хожсон билээ. Тиймээс Майкл, Эмиль нарын “Ливерпуль”-ийн залуус Монакогийн түүхийг шигшээдээ давтах итгэл төгс байсан.
Тэр тоглолтын өмнөх шигшээ багийн сүүлчийн уулзалт тун гайхалтай болсон. Өрөөн доторхийг тойруулан харахад Бекс, Скоулзи, Майкл гээд нөхөд маань яг миний бодож байгааг сэтгэн суугаа болов уу гэмээр байв. Германчуудыг бут ниргэе гэсэн бодол. Хүн бүр бид хожих ёстой, бид хожно гэсэн итгэл дүүрэн сууж байлаа. Эрикссон ч тоглогчдоо хурцлахдаа сайн юм билээ. Олимпийн цэнгэлдэх хүрээлэн рүү явах замд манай багийнхан тоглолтын тухай ярилцаж, бие биеэсээ давах гэж дуу нь чангарсаар сүүлдээ бүр хашгирах шахаж байсан. Хувцас солих өрөөнд ихэнх тоглогч дуу шуутай хөгжилтэй байлаа. Харин Эрикссон бараг юм ярьсангүй. Клубт бол газар газраас цугласан өөр өөр хэлтэй тоглогчид байдаг тул ингэж хүссэнээрээ санал солилцох нь ховор юм. “Ливерпуль”-д нэг, хоёр тоглогч л хоорондоо ярьдаг. Харин тэр орой Английн шигшээ багийн хувцас солих өрөөнд чих дөжрөм чимээтэй байсан. “Алив залуус аа, үзүүлээд өгье” хэмээн Гари Невилл хашгирахад Рио, Сол нар дуу нэмнэ. Германчууд биднийг ингэж хөөрч, догдолж тулаанд бэлтгэж байгааг мэдээгүй л байх даа. Эшли Коул тийм чанга биш ч тун эмх цэгцтэй яриагаараа өөрийгөө бусдад ойлгуулна. Германы эсрэг хийх энэ тоглолтоос бид гурван оноотой буцах нь ус, агаар мэт хэрэгтэй байлаа.
Хонгилд гарахад германчууд ч гэсэн чанга, чанга ярин алхаж байв. Тэд ч бас биднийг бут ниргэх хүсэлтэй байгаа нь тодорхой. Нэг багийн хамтран зүтгэгч, анд нөхөр, харин тэр орой дайсан минь болох Дидиг олж харлаа. Одоо бие биедээ эелдэг үг хэлж байх цаг биш учир толгой дохиод л өнгөрөв. Диди намайг өөрийг нь хэр их хүндэтгэдгийг мэднэ. Мөн Английн шигшээ баг “Уэмбли” дэх шиг тоглохгүй гэдгийг ч тэр сайн мэдэж байсан.
Эхний арван минутад германчууд бүх талаар илүүрхэв. Дөнгөж зургаа дахь минутад Карстен Янкер манай хаалганд гоол хийлээ. Себастьян Дайслер бас нэгийг хийх боломжоо алдав. Эзэн баг талбар бүрт илүүрхэж, бидний хувьд германчуудыг хожно гэдэг бүтэшгүй зүйл мэт санагдаж байлаа. Янкерыг агаарт давах хүн байсангүй. Мөн Баллак алсын цохилтоор үе үе сандаргана. Тэднийг яаж ч хичээгээд зогсоож дийлэхгүй байлаа. Германы хөгжөөн дэмжигчид “Оле, оле, оле” хэмээн уухайлаад эхлэв. Бид Дейвт л баярлахаас өөрийг хийж чадахгүй байсан. Тэр чадварлаг хаалтаараа багаа аварч байв. Хэрэв манайх нэмж нэг гоол алдаад тоо 2:0 болчихсон бол нөхөх аргагүй болох байсан биз ээ. Ийм хүнд үед би багийнхандаа тоог тэнцүүлнэ гэж итгэж байсан. Ялангуяа Майклд.
Үнэхээр ч Майкл тоог тэнцүүлснээр тоглолтын хэмнэл бүрэн эргэсэн. Эрикссоны тактик энэ гоолоос эхлэн хэрэгжив. Тэр 4-4-2 хувилбарыг сонгосон бөгөөд Эмиль, Майкл хоёр тэргүүн шугамд гарсан. Эрикссон бэлтгэл дээр жигүүр сэлгэсэн дамжуулалтыг их хийлгэсэн. Тэр дагуу тоглохоор Германы захын хамгаалагчид багагүй тэвдэж байв. Эмиль ийм дамжуулалт хүлээж аваад хаалга руу хүчтэй цохиод Майкл нэмнэ. Бидний тоглолт сэргэж хоёр довтлогчдоо дамжуулалтаар хангаад эхэлсэн. Баруун жигүүрийн хагас хамгаалагчаар Бекс, нөгөө жигүүрт Ник Бармби тун үр бүтээлтэй тоглож байв. Мөн төвд Скоулзи надтай мөр зэрэгцэн тоглосон. Гэхдээ бид хоёр хамгаалалтад түлхүү анхаарч байв. Эрикссоны энэ тактик тун оновчтой шийдэл болсон. Хэрэв би довтолгоог дэмжинэ гээд явсан бол германчуудад дайралт хийх боломж гаргах байсан болов уу.
Санаачилгыг гартаа авсан бид нэгдүгээр үеийн цаг дуусахын өмнөхөн булангийн цохилт хийх эрхтэй боллоо. Эндээс хоёр дахь гоолоо оруулаад хувцас солих өрөө рүү явахад германчууд яг л гашуудлын цуваанд алхаж байгаа мэт толгой гудайн гэлдэрч байж билээ. Бекхэмийн хөндлөн дамжуулалт, булангийн цохилтууд Германы хамгаалагчдын хувьд шүдний өвчин нь болж байсан. Өмнөх өдрийн цугларалт дээр Эрикссон намайг 16 метрийн талбайн гадна зогсоож байгаад хаалга руу шууд цохих бэлтгэл хийлгэсэн. Тухайн үед болж өгөхгүй байсан зүйл нэгдүгээр үеийн цаг дуусахын өмнөхөн биеллээ олж, би тоог илүү гаргасан юм. Булангаас хөөрөн ирсэн бөмбөгийг таслахаар германчууд үсэрцгээнэ. Намайг хамгаалах хүн байгаагүй. Бекхэм хажуугаас дамжуулалт өгөхөд өмнөө байсан Риод хандан “Над руу” гэж хашгирав. Рио ч үгийг минь сонссон бололтой яг өмнө минь мөргөн өглөө. Би хаалганы зүүн доод буланд цохиход Кан үсрээд хүрсэнгүй. Тоглолтын өмнө ярьсан бүхнийг нь санан түүний хаалганд гоол хийсэндээ баяртай, бахтай байлаа.
Завсарлагааны үеэр манай багийнхан миний оновчтой цохилтын тухай ярин хөгжилдөж байв. Гэхдээ би яг тэнд цохино гэж бодоогүй, зүгээр л хамаг хүчээрээ өшиглөсөн. Миний шигшээ багтаа хийсэн анхны гоол энэ. Английн хөгжөөн дэмжигчид буланд байхыг хараад тийшээ хар хурдаараа гүйн очлоо. Энэ сайхан дурсгалт мөчөө, баяраа тэдэнтэй хуваалцмаар санагдсан юм. Гүйж байгаад булангийн туганд дөхөж очоод элгээрээ гулсаж унан байдаг чадлаараа хашгирч билээ. Хөгжөөн дэмжигчид ч галзуурсан мэт хашгирцгааж байсан. Тэдний дунд аав минь байсан юм. Тэгээд үзэгчдийн суудал руу хараад дотроо “Аав аа, энэ мөчийг хүртэл дэмжиж байсан танд баярлалаа” хэмээн бодсон. Олон жил хөлсөө урсгаж, хөдөлмөрлөсний минь үр шим гарч шигшээ багтаа анхны гоолоо хийв.
Завсарлагаа болж, хонгилоор алхаж явахдаа хувцас солих өрөөнд юу болохыг төсөөлж байв. Энэ гоолын дараачаас бид Германыг бут ниргэж чадна гэсэн итгэлтэй болсон. Анхны гоолоо хийсэн надад багийнхан маань баяр хүргэн мөр алгадна. Гэтэл зарим нь Бармбид баяр хүргээд байв. “Бармби, чи Стивигийн дамжуулалтаар гоё гоол хийлээ шүү” гэх сонсогдоно. Робби над дээр ирээд “Стиви, энэ чиний гоол биш байсан гэдэгт мөрийцсөн ч болно шүү” гэв. Би гайхан “Яагаад?” гэхэд “Бармби сая “Sky”-гийн сурвалжлагчтай уулзахдаа тэгж байна лээ” хэмээлээ. Гэнэт уур дүрсхийн “Яалаа гэж, би тэр бөмбөгийг цохио биз дээ” гэж хашгирлаа. Гэтэл багийнхан маань доогтой инээж байна. Эхлээд Фаулер писхийтэл инээд алдаж, Никки гээд бусад нь даган мушилзацгаасан. Бармби тэр гоолыг өөрийнхийгөө гэсэн нь Каныг хөдөлгөөнөөрөө хуурснаа хэлсэн аж. Мөн намайг шоглох гэсэн санаа ч байсан биз.
Эрикссон завсарлагаанаар нэг их юм ярьсангүй. Тэр “Та нар сүүлийн 25 минутад гайхалтай тоглолоо. Үүнийгээ л хадгалаад яваарай. Дахиад гоол хийх хэрэгтэй шүү. Дахиад нэгийг хийчихвэл хожил бидний гарт бат орно” хэмээснээс өөр зүйл хэлээгүй юм. Тэгээд тоглогчдыг тайвширч, амарч авахыг зөвлөж байлаа.
Бид хоёрдугаар үед Эрикссоны зөвлөснөөр тоглосон. Гайхалтай нь германчуудын хүч шавхагдаа юу гэлтэй сул дорой болсон байлаа. Зүрх нь үхэж, хөл нь хөдлөхөө больжээ. Яг л хүнд цохилтод орсон боксчин шиг санагдсан, тэд. Германы жигүүрийн хамгаалагчид нь сайн тоглож байсан ч төвийн хамгаалагч болон талбайн дунд хэсгийнхэн хэт муу байлаа. Майкл энэ хоосон зайг ашиглаж, Каны хаалганд төвөггүй хүрч байв. Бекс, Скоулзи, Майкл гурав нүдээрээ л ойлголцон богино дамжуулалтаараа Германы сул дорой хамгаалалтыг улам бүр сарниаж байсан. Майкл Мюнхенд гурван гоол хийсэн билээ. Энэ өдөр Майкл, Англи хоёрыг зогсоошгүй байсан юм. Гурван гоол хийсэн Майклд баярлалаа, auf wiedersehen, Munich (Германаар баяртай гэсэн үг). Нэг удаа Майкл, бид харилцан хэд дамжуулаад гүйхэд Диди над руу гүйж ирээд гулсан суулаа. Би бөмбөгөө алдахгүйг хичээн эргэтэл яах ийхийн зуургүй дэгээдчихсэн. Хөл эвгүй болж, цааш тоглоход хэцүү байсан учир дасгалжуулагч руу сэлгээ хийхийг хүсэн зангав. Тэгээд Эрикссон Оуэн Харгривзийг талбайд гаргаж намайг сэлгээнд суулгасан. Тоглолтын үлдсэн хормуудад би Майклын германчуудыг хэрхэн түйвээхийг харан инээж суусан билээ.
Тоглолтын дараа хувцас солих өрөөнд манай багийнхан баяр хөөрөөр дүүрэн байлаа. Бие биедээ баяр хүргэн гар барьж, чанга дуугаар хашгиран инээлдэцгээнэ. Эрикссон олон юм ярилгүй дуугүйхэн инээмсэглэн суух аж. “Алив, хөгшин швед эр минь, явж ялалтаа тэмдэглэе” хэмээхэд харин Эрикссон зөвшөөрсөнгүй. Хэдий хүчтэй өрсөлдөгчөө даацтай хожсон ч баяр хөөр, бахархал хийрхлээ цээжиндээ л хадгалах ёстой хэмээн тэр үзжээ. Ямартай ч бид Английн шигшээ баг эрэлхэг зоригтой, эрэмбэ чадалтай гэдгийг дэлхий дахинд харуулж чадсан. Ямар ч хамгаалалтыг нурааж бут ниргэх чадалтай авьяаслаг довтлогч Майкл Оуэн манайд байсан нь завшаан. Мюнхен дэх гайхамшигт тэр ялалтын дараа бид хэзээ ч, хаана ч, ямар ч нөхцөлд Английн шигшээ багийн түүхэн уламжлалыг хадгалан авч явж чадна гэдэгтээ бат итгэх болсон.
Англичуудад Япон, БНСУ-ыг зориход тийм ч хялбар байгаагүй. Германыг Мюнхенд хожсоноос сарын дараа грекүүд “Олд Траффорд”-д зочиллоо. Бид хэсгийн тэргүүн байраа хадгалах эсэх нь Грекийн эсрэг хэрхэн тоглохоос гадна Герман-Финландын тоглолтын р дүнгээс хамаарах байв. Энэ чухал тоглолтыг хэн хүнгүй тэсэн ядан хүлээж байлаа. Аравдугаар сарын 6-ны бямба гаригт Грекийн эсрэг хийх тоглолтод би урьд урьдынхаас илүү эрч хүчтэй бэлтгэсэн.
Тоглолтоос долоо хоногийн өмнөх ням гаригийн үдэш миний хэдэн найз Саутпорт дахь гэрт маань ирээд гадагшаа гарч наргих санал тавилаа. Би тэдэнд “Сайхан санал байна, залуус аа. Гэхдээ би өнөө орой унтаж амарсан нь дээр байх аа” гэж хэлсэн ч Эрикссон Манчестерийн ойролцоох “Уорсли Мэрриотт”-д даваа гаригт ир хэмээсэн болохоор яагаад жаахан наргиж болохгүй гэж гэсэн бодол төрөв. Цөөн хэдэн шил шар айраг уухад юу нь болохгүй гэж. Зургаан хоногийн дараа Грекийн эсрэг тоглох юм чинь надад биеэ бэлдэх хугацаа хангалттай байна.
Ингээд найзуудтайгаа хамт гэрийнхээ ойролцоох нэгэн уушийн газарт орлоо. Тэнд “Эвертон”-ы нэг хөгжөөн дэмжигч тааралдах хүртэл бид сайхан хөгжилдөж, наргиж байсан. Тэр миний хажуугаар өнгөрөхдөө “Чи бол хөгийн новш” гэв. Гэнэтийн энэ дайралтад цочирдон “Юу гэнэ ээ?” хэмээн асуухад тэр “Чи хэдхэн тоглолтод оролцчихоод ямар гавъяа байгуулсан гэж ийм гоё машинтай байдаг юм бэ?” хэмээлээ. Би тэр үед дажгүй “Мерседес” унадаг байсан юм. Маргаан үүсгэж, асуудлыг ноцтой болгохыг хүсээгүй учир “Чи энэ талаар ямар бодолтой байгаа түүгээрээ л бол доо. Ер нь гайгүй машинтай болсонд надад юуных нь буруу байх вэ?” гэж аргацаахыг хичээв. Гэтэл тэр “Чи юу хийсэн гэж ийм машин авдаг юм бэ?” гээд салах шинж алга. Тэр усан тэнэгийн хэлж, ярьж байгаад уур минь хичнээн хүрсэн ч биеэ барин “За за одоо хангалттай” гээд найзуудынхаа зүг эргэсэн. Түүнээс ингэж салснаараа энэ хэрэг дуусгавар боллоо гэтэл эндүүрэл байжээ. Болж өнгөрсөн бүхнийг мартан маргааш өглөө нь Уорслиг зорилоо. Гэтэл Струан над руу утасдав. Тэр “Стиви, маргааш гарах “Daily Mirror”-т чиний тухай нийтлэгдэх бололтой” гэлээ. “Юу гэж?” хэмээн асуухад “Английн шигшээгийн чухал тоглолт ойрхон ирчихээд байхад чамайг цэнгээний газраар наргиж явсан гэж нэг жаал хэлсэн юм шиг байна” гэв.
Чөтгөр аваг. “Эвертон”-ы хэрүүлч хөгжөөн дэмжигчийн хийсэн хэрэг байх нь ээ.
Би зочид буудалдаа зүрхшээн очоод өрөөнийхөө дугаарыг аван дараа нь бэлтгэлийн талбай руу явлаа. Тэгээд хэвлэлийнхэнтэй уулзахаар бэлтгэв. Одоогоор “Daily Mail”- ийнхэн л мэдэж байгаа “Эвертон”-ы дэмжигчийн яриаг сурвалжлагчид сонсчихсон болов уу гэхээс яс хавталзана.
Маргааш өглөө нь эртлэн босоод сонин гарчиглахаар доош буув. Гэтэл нэг сонины арын нүүрэн дээр “Английн шигшээгийн од хөлчүүрхжээ” гэсэн гарчиг нүднээ туслаа. Дөнгөж 21 настай би ингэж ч бичүүлж байх гэж дээ. Гэтэл доторхийг нь уншаад нүдэндээ итгэсэнгүй. Тэнд намайг үүрийн таван цаг хүртэл ногоортлоо ууж согтсон гэж бичжээ. Яг үнэндээ би хоёр шил шар айраг, нэлээн хэдэн кока-кола уугаад 12.30 гэхэд гэртээ харьсан юм. Эхнэргүй ганц бие залуучуудын хувьд энэ байдаг л нэг зугаа, амралтаа өнгөрүүлэх хэлбэр билээ. Маргааш нь үдийн 12.30 цагт Уорслид бэлэн байх ёстой тул эртлэн харьсан минь тэр. Ямар ч баримтгүйгээр ингэж барин тавин худлаа бичиж болдог л юм байх даа. Грекийн эсрэг хийх тоглолтын өмнө дөрөв хоногийн бэлтгэл үлдээд байх энэ үед сонины мэдээ таагүй уур амьсгалыг бүрдүүлэх нь тодорхой.
Ийнхүү бүх зүйл миний эсрэг эргэж болохоор нөхцөл бүрдлээ. Хэвлэлийнхэн алхам тутамд намайг бүчин элдэв асуултаар булах болов. Шигшээ багт байр сууриа олох гэж яваа миний хувьд сахилга батын энэ асуудал тун хүнд хэрэг юм. Тухайн үед Эрикссон Фрэнк Лампардыг Америкт болсон есдүгээр сарын 11-ний гэнэтийн халдлагын талаар зохисгүй зүйл ярьсных нь төлөө шигшээгээс түр хасч байв. Хөлбөмбөгчид урьд байгаагүйгээр олон нийтийн анхаарлын төвд орох болжээ. Миний хувьд болж буй явдлыг үл анзаарсан дүр үзүүлэн бэлтгэлээ чухалчлахыг хичээнэ. Струан над руу дахин залгаж, үүсээд буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдлөө. Би “Миний хувьд дасгалжуулагчтай уулзаад яг юу болсон талаар хэлэхийг хүсч байна” гэхэд Страун дэмжив. Эрикссон дээр очин болсон явдлын талаар өгүүлэхэд тэр “Алдаан дээрээсээ суралц” гээд “Чи бол залуу хүн. Тиймээс хүмүүс чамайг ингэж явалгүй, гэртээ л лам шиг бясалгаад суухыг хүсч байгаа. Энэ явдалд санаа зовох хэрэггүй, ирж буй тоглолтдоо л анхаарлаа хандуул” хэмээлээ. Түүнийг ингэж хэлснийх нь дараа санаа амарч тайвширсан. Эрикссоныг надад ингэж хандсанд нь би туйлын баяртай байлаа. Тэр загнаж хараахыг урьтал болголгүй, зөвлөгөө өгсөн нь надад таалагдсан. “Баярлалаа дасгалжуулагч аа, болж өнгөрсөн бүхний төлөө би танаас уучлал гуйх ёстой” хэмээгээд би Свений өрөөнөөс гарлаа.
Английн хөлбөмбөгийн холбооноос намайг хийсэн хэргийнхээ төлөө хүлцэл өчсөн хэмээн нийтэд зарлалаа. Би ямар ч хор хөнөөлтэй, буруу зүйл хийгээгүй ч уучлал гуйсан.
Үнэн хэрэгтээ би шөнө дунд болоогүй байхад амрахаар харьсан билээ. Энэ бол тэгж дайрч давшлаад байхаар зүйл ч биш. Хэвлэлийнхний ийнхүү ул шагайж яваад нь би туйлын сэтгэл тааламжгүй байсан.
Свений адилаар багийн маань бусад тоглогч намайг тайвшруулах гэж эелдэг, найрсаг харилцаж байлаа. Робби “Макка бид хоёр гадуур тэнэж, шөнөжингөө шар айраг уусан” гэхэд Макка зөвшөөрөн толгой дохив. “Азаар бид хоёрын тэгж явааг хэн ч мэдээгүй, таниагүй” хэмээлээ. Тэд үүгээрээ наргиж цэнгэнэ гэдэг хэнд ч байх асуудал гэдгийг надад ойлгуулан сэтгэл санааг минь сэргээх гэсэн байх. Гэвч олны дунд тархсан шуугианы тухай бодол толгойноос минь салахгүй байлаа. Макка “Чи энэ тухай битгий бод. Чи хэнд ч хор хөнөөл учруулах зүйл хийгээгүй” хэмээн тайвшруулахыг хичээнэ. Гэвч утга учиргүй гүтгэлгэд автсандаа уурлан, тархи минь задрах шахаж байсан. Бекс багийн ахлагчийн зэрэгцээ найз нөхрийн хувиар надад зөвлөгөө өгөн боломжийнхоо хэрээр тусалсан. Тэр “Чи хэн нэгэнтэй ярилцах хэрэг гарвал намайг дуудаарай. Ямар ч буруу хэрэг хийгээгүй байхад худлаа мэдээлэл цацдаг энэ сонин хэвлэлийнхний нэг золиос нь би болохоор чамайг сайн ойлгож байна. Ийм зүйл бидний хэнд нь ч тохиолдож болно. Тиймээс үүнд ач холбогдол өгөх хэрэггүй” хэмээн өгүүлсэн. Мөн аав минь утасдаж загналаа. “Стивен, дараа ийм зүйл дуулгахгүй шүү” хэмээн анхааруулах аав маань “Чиний толгойд зөвхөн хөлбөмбөгийн тухай бодол л байх ёстой. Бямба гаригт болох тоглолтод сайн бэлтгээрэй” гэсэн тушаал буулгасан.
Миний эргэн тойронд намайг гэсэн сэтгэлтэй хүмүүс байх үнэхээр сайхан юм аа. Жерар намайг дуудаж, би түүнд бүх үнэнийг ярив. Тэр “Битгий санаа зов доо, Стиви. Энэ бол чиний насан дээр байдаг л асуудал. Гэхдээ чи олны анхаарлын төвд байнга явдаг шилдэг хөлбөмбөгч болсон тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Гадагшаа гарч, наргих тоондоо хязгаар, хяналт тавь. Хэрэв үнэхээр наргиж цэнгэхийг хүсвэл зөв газраа сонго. Чиний хөлбөмбөг тоглох хугацаа төсөөлснөөс чинь богино гэдгийг бодоорой, Стивен. Чи их авьяастай, нөөц бололцоотой залуу, үүнийгээ зөв зүйлд зарцуулах хэрэгтэй” гэж ярилаа. “Ливерпуль”-ийн залуу тоглогчдын хувьд аав нь мэт санагдах Жерар Улье надад үнэхээр үнэтэй зөвлөгөө өгөв. Тэр “Та нар очихыг хүсээд байгаа уушийн газартаа хөлбөмбөгчний замналаа өндөрлөсөн хойноо хичнээн ч удаа наргиж болно шүү дээ” гэж хэлэх дуртай байсан. Тун ончтой, ухаалаг үг шүү. Свен, Жерар нар намайг зөв замаар яваасай гэсэндээ л ингэж сургасан биз ээ.
Би 21 нас хүрсэн хүн. Тиймээс найзуудтайгаа хөгжилдөж, бага зэрэг шар айраг шимж суух эрхтэй. Үеийнхээ залуучуудыг, анд нөхдөө харахад ихэвчлэн хэтрүүлэн уусан байдаг. Тэд надад амралт ямар хэрэгтэй болохыг, өөрсөд шиг нь хүссэн цагтаа уушийн газарт зочлоод байж чадахгүй гэдгийг ойлгодоггүй байлаа. Хэдий ганц бие, эцэг эхээсээ тусдаа гарсан залуу ч “Ливерпуль”-ийн нэгдүгээр багийн гишүүн болохоор наргиан хөгжөөнийг урьтал болгож болохгүй юм. “Ливерпуль” хожил авсны дараа найзуудтайгаа хэдэн хором ч болов ялалтаа тэмдэглэн ярилцаж суухыг их хүсдэг. Гэвч гэртээ очоод хоолны жорны номон дээрээс харж хийсэн гоймонгоо идээд зурагт үзэж суухаас өөр сонголт надад байгаагүй. Хааяа найзуудыгаа утасдахад өөрийгөө хүчлэн хүслээ даран байж “Уучлаарай найз минь, би амрах хэрэгтэй байна” гэж хэлнэ. “Ливерпуль”-д анх хөл тавьснаас хойш зургаан сарын турш би гашуун ундаа үнэртээ ч үгүй. Ер нь өнөөг хүртэл долоо хоногт хоёр удаа наргисан тохиолдол огт байхгүй. Тийнхүү сонинд ташаа бичсэн тэр үед бол сард 2-3 удаа л шар айраг уудаг байсан байх. Эрикссоны хэлсэн шиг яг л лам, гэлэн мэт байлаа. Одоо бол найзууд маань миний ажлын шаардлагыг ойлгодог болсон. Бид хааяа уулзахдаа цай, кофе, ус уун зүгээр л ярилцаж суудаг юм. Гэхдээ хааяа нэг шөнө дөлөөр гаралгүй л яах вэ. Би хаана очихыг хүснэ, тийшээгээ явах эрхтэй. Хөлбөмбөгчдийн ихэнх нь дараагийн долоо хоногт нь тоглолт байхгүй бол тоглолтын дараа цөөн хэдэн шил шар айраг ууж наргидаг тогтсон уламжлалтай. Саутпорт дахь явдлын тухайд бол цагаа ололгүй буруу газарт очсон нь миний алдаа байсан. Үүнийг хэвлэлийнхэн өлгөж аваад шуугиан дэгдээсэн нь тэр. Тэд “Бас нэг солиотой хөлбөмбөгч” гэхчилэн муулаад л бичиж байв. Тэр хүмүүс бараг миний мэдэхгүйг мэдэх аж. Би ямар ч шалтгаангүй халдсан тэр хүнтэй нударга зөрүүлж болох л байсан, гэхдээ ийм байдал үүсгэхээс зайлсхийсэн. Гэвч хэвлэлийнхэн юу болсныг ухаж ойлгохоосоо өмнө шуугиан дэгдээхийг урьтал болгодог юм билээ. Тиймээс алдаагаа давтахгүй байхыг би өөртөө үүрэг болгосон.
Майкл Ливерпулийг дуулиан, шуугианы хот хэмээн тодорхойлсон байдаг. Ганцхан шил шар айраг уусныхаа төлөө элдвээр хэлүүлэх нь энүүхэнд. Намайг шүтэн биширдэг, хүндэтгэдэг хүмүүсийн хүрээлэл энд байдаг ч бүгд тийм эерэг, сайхан санаатай байдаггүй юм билээ. Намайг унаж тусч явахыг харахыг хүсдэг, миний талаарх таагүй түүхийг сонсох дуртай, хэрэв тийм түүхийг мэдчихвэл хэвлэлийнхэнд үнэрхэн зарахаас буцахгүй хүн Ливерпульд олон. Иймэрхүү атаач, шунахай хүмүүсийг би үзэн яддаг. Миний хувьд хөлбөмбөг тоглох нь аз жаргал болохоос мөнгөнд шунаж бөмбөг өшиглөж байсангүй. Би атаархал гэдгийг ойлгодоггүй юм. Фаулерыг гоол оруулахад нь өөрөө хийчихсэн юм шиг л үзэгчдийн суудлын өмнө очоод баяраа хуваалцдаг. Майкл сайхан боломжийг ашиглаж чадалгүй бөмбөгөө тэнгэр лүү цөлчихөд нь дахиж ийм алдаа гаргуулахгүйн тулд туслахыг хичээнэ. Уэйн Руни гэх мэт авъяаслаг залуу хөлбөмбөгчид цахиур хагалан цойлон гарч ирэхэд би баяртайгаар хүлээн авдаг.
Саутпорт дахь тэр нэг үдшийн талаарх шуугиан миний тоглолтод шууд нөлөөлсөн. Тэр уушийн газарт хүч чадал, тамир тэнхээгээ тасартал уусан гэдгийг батлах гэж хэвлэл мэдээллийнхэн ямар нэг алдаа гаргахыг минь нүд тавин ажиглаж буйг мэдсэн болохоор “Олд Траффорд”-д би өөрийн хүч чадлаасаа давсан тоглолтыг үзүүлэхийг зорьсон. Тиймээс энгийн үеийнхээсээ илүү сандарч тэвдэж байлаа. Намайг чиглэн өнхрөн ирж буй бөмбөг тэсрэх бөмбөг мэт санагдана. Энэ бүх айдас, сандралаас болоод бие хөшөөд санаснаараа хөдөлж чадахгүй байлаа. Элдэв бодол толгойд эргэлдэж, үүний улмаас тоглолтод анхаарлаа төвлөрүүлж үл чадна. Грекийн эсрэг тэрхүү тоглолтод бид сүүлчийн минут гэхэд 1:2-оор хожигдож байв. Тоглолт ингээд өндөрлөвөл бидний ДАШТ-д оролцох ирээдүй тун бүрхэг болох юм. Хэсэгтээ хоёрдугаар байр эзэлбэл нэмэлт тоглолт хийх билээ. Хэрэв ийм байдалд орвол бүх буруу надад оногдоно гэдгийг би мэдэж байсан. Тоглолтын сүүлчийн хоромд талбайд гүйж явахад “Мунхаг Стиви” гэхчилэн намайг занаж, муулсан сонины гарчгууд нүдэнд харагдаж байв. Сэтгүүлчид үзгээрээ хатгачих шахан өмнө минь овоорч дайрч байна хэмээн төсөөлнө. Английн шигшээ баг хожигдвол надад зугтах газар байхгүй юм.
“Олд Траффорд”-д хуран цугласан үзэгчид баг нь талбай дээрээ хожигдож буйд дургүйцэн галзуурах шахан орилцгооно. Тоглолтын сүүлийн минутад манайх хаалттай цохилт хийх эрхтэй боллоо. Грекийн торгуулийн талбайн гадна талд Бекс, Тедди Шерингем хоёр зэрэгцэн зогсож байв. Тедди цохилтыг хийхийг хүсчээ. Бекс тоглолтын турш зургаан цохилт амжилтгүй гүйцэтгэсэн болохоор тэр байх. Тэдний хоорондын хэлэлцээр тоглолтын үр дүнд нөлөөлөх чухал шийдвэр болох байлаа. Тэдний хэн нэг нь 25 ярдын зайд байх хаалганд бөмбөг оруулж чадвал Английн шигшээ баг дэлхийн нөгөө
өнцөг рүү аялах эрхтэй болох билээ. Хэн нь цохилтыг хийх вэ? Бекс Теддид хандан “Би цохьё” хэмээн итгэлтэйгээр хэлэв. Тэр өөрийн ур чадварт итгэлтэй байсны дээр багийн ахлагчийн давуу эрхээ эдэлсэн нь тэр. Бекс ур чадвартаа эргэлзэлгүй зоримог тоглодог ч яг энэ мөч бол туйлын хариуцлагатай, тэр хэрээр дарамттай байсан. Миний хувьд Бексийг цохиосой гэж бодож байлаа. Өмнөх зургаан чөлөөт цохилтыг алдсан ч энэ удаа тэр боломжийг ашиглана гэдэгт би итгэсэн. Би бэлтгэл дээр түүний хаалттай цохилт хийхийг олон харсан. Тэр арав цохиход 2-3-ыг, тэр тусмаа дээд буланд хийдэг юм.
“Олд Траффорд”-д нам гүм боллоо. Бараг л чанга чанга цохилох зүрхнийхээ чимээг сонсож болохоор байлаа. Харин Бекхэмийн цохисон бөмбөг хаалганд ороход дэргэдэх хүнийгээ ч сонсохооргүй их чимээтэй болсон. Бекс гайхалтай гоол оруулав. Ер нь Бекс тэр үдэш маш сайн тоглосон. Английн шигшээгийн бусад тоглогч тийм ч сайн байгаагүй бол Дэвид хаана л бол хаана очиж, багаа бараг ганцаараа чирсээр ДАШТ-д шалгаруулсан юм. Тэр энэ тоглолтын баатраар гарцаагүй тодорно.
Бексийн эрч хүчтэй тоглолт бүхнийг гайхашрууллаа. Гэхдээ намайг биш. Би түүнийг ийм гэдгийг мэдэх болохоор цочирдон гайхаагүй юм. Довтолгооны эхлэлийг тавин гүйж явсан тэр бөмбөг таслагдан өрсөлдөгч баг сөрөг дайралтад ороход хэдийнэ хамгаалалтад байж байдаг билээ. Тоглолтын турш эцэж цуцалгүй хамгаалалт, довтолгоонд тэгш оролцдог нь түүний давуу тал юм. “Юнайтед”-ын эсрэг тоглох бүртээ түүний энэ чанарыг мэдэрдэг байлаа. Бекс “Реал Мадрид”-д очсон хойноо ч өөрчлөгдөөгүй. Шигшээдээ ч мөн баруун жигүүрийг бүхэлд нь эзэгнэж чаддаг. Тэр хэрээр хүмүүс түүнд асар их итгэл хүлээлгэдэг юм. Гэхдээ хэнд ч уналтын үе гэж байдаг. Нэгэнт Супермэн, төмөр хүн бишээс хойш долоо хоног бүр өндөр түвшний тоглолтыг гаргаж чадахгүй билээ. Өрсөлдөгч багийнхан ч гэсэн Бекхэмийн эсрэг тактик бэлтгэж, бидний энэ эрчийг хэрхэн сулруулах талаар тооцоолдог. Хэрэв би тоглолтын үнэлэмжээр 8.0 оноо авбал баярлана. Харин Бекс 9.0 оноогоор үнэлүүлбэл дурамжхан үлдэх байх. Тэрбээр Грекийн эсрэг тоглолтод 10.0 онооноос бүр 11.0-ийг авахаар сайн тоглосон билээ.
Бекхэмийн гайхалтай цохилтоос хойш тун удалгүй голланд шүүгч Дик Иол тоглолтын сүүлийн шүглээ үлээхэд сэтгэл амарч, бие тайвширсан мэдрэмж төрж байв. Хэрэв бид хожигдоод Английн шигшээ ДАШТ-д шалгарч чадаагүй бол Саутпортод болсон хэргийн талаарх яриа улам хүчээ авч, надад асар их дарамт ирнэ хэмээсэн аминчхан бодол байсан учир тэгсэн биз. Намайг хүнд байдлаас аварч, багаа ДАШТ-д шалгаруулсанд нь Бекст талархъя. Өмнөд Солонгос, Японд болох ДАШТ-д оролцохсон гэсэн хүсэл минь ийнхүү биеллээ олов. Урьд өмнө ДАШТ-д гялалзсан тоглолтыг үзүүлж, алдар цуугаа мандуулж явсан тоглогчдын тухай бодон тэдний түүхийг давтахыг мөрөөдөв. 1966 оны ДАШТ-ийг эргэн санаж, эх орондоо аваргын цомыг авчрах ямар сайхан болохыг төсөөлөн суулаа. Толгойноос салахгүй байсан Саутпортын уушийн газарт болсон явдлын талаарх таагүй бодол минь одоо алс Дорнодод алдраа мандуулах хүслээр солигджээ.
Нар над дээр ийнхүү таатайгаар төөнөж эхлэх энэ мөчид бас нэгэн хар үүл тэнгэрийг бүрхэв. Дахиад л гэмтэл. Өсвөр наснаас минь эхлээд надаас салахгүй дагаж буй энэ зүйлийг би туйлын ихээр үзэн яддаг. Тэр улирлын турш би гэмтлээс салахгүй шаналж, цавинд үргэлж л өвчин мэдрэгддэг байсан. Хэдий энэ хэвээр талбайд гарах боломжтой ч гурван тоглолтод оролцоод нэгийг өнжих шаардлагатай болдог хар тойргийг эвдэхийг хүссэн. Надад тохиолдсон таагүй байдлыг багийн андууд маань сайн ойлгож байлаа. Нэг өдөр Диди намайг дуудаад “Стиви, чи Германд байдаг миний танил нэг мэс засалчтай уулзсан нь дээр байх аа. Тэр энэ салбарт хамгийн шилдэг нь. Чиний асуудлыг амархан шийдчих байх” гэв. Диди Ханс-Мюллер Вольфарт гэдэг эмчийн тухай надад ярьж өгсөн. Гэмтлээс салахгүй шаналж, сэтгэлээр унасан намайг сэргээх гэсэн Дидигийн санаа тавьж, халамжлах нь намайг баярлуулсан. Харин Робби “хайчин гарт” Эдуард-д бүх юмаа даатгачих хэмээн тохуурхаж байлаа. Би одоогийн байдлынхаа талаар Жерарт хэлж, зөвлөгөө авав. Тэр Вольфарт эмчийг сайн мэддэг аж. Тэр эмч Майклын шөрмөсний гэмтлийг эдгээж байсан юм билээ. Дасгалжуулагч “Юутай ч Вольфарт эмч дээр очоод юу гэхийг нь сонс. Эргэж ирэхээр чинь хэрхэхийг бид шийдье” хэмээлээ.
Ингээд “Ливерпуль”-ийн эмч Марк Уоллер, фитнессийн дасгалжуулагч Дейв Галли нарын хамтаар Мюнхен руу нислээ. Айдас, эргэлзээ толгойд эргэлдсээр байв. Хөлбөмбөгч хүнд бие эрүүл саруул байх нь хамгаас чухал. Онгоцонд өөрийгөө тайвшруулахыг хичээн нүдээ анин сууж байгаад гэнэт Элдер Хейгийн эмнэлэгт болсон явдлын талаар эргэн саналаа. Зэвэрсэн сэрээ хөлөнд минь зоогдчихсон байх тэр мөчид Стив Хейвэй эмчийн шийдвэрийг эрс зөрөн, миний хөлбөмбөгчин болох ирээдүйг тууштай хамгаалсан билээ. Тэр үед бүх л мөрөөдөл минь салхинд хийсч, амьдрал өнөөдрөөр дуусч байгаа мэт санагдаж байсан.
Онгоц газардан донслох мөчид бодлоосоо ангижран, энэ цаг үедээ эргэж ирсэн. Тэгээд өөрийгөө зоригжуулж, Мюнхений талаарх сүүлчийн дурсамжаа эргэн санахыг хичээв. Германы шигшээг бид энд бут ниргэсэн билээ. Цэнгэлдэх хүрээлэн гэдэг миний хоёр дахь гэр. Харин эмнэлэг гэсэн үгийг сонсоод л зүрхний минь цохилт асар хурдан болдог.
Доктор Вольфарт намайг хөлөөс минь толгойг хүртэл нямбайлан үзээд “Эхний үзлэгээр чамд дөрвөн хагалгаа хийх хэрэгтэй гэж оношиллоо” хэмээв. Би үүнийг сонсоод итгэсэнгүй. “Юу? Дөрөв гэнэ ээ? Та итгэлтэй байна уу?” гэж асуулаа. Вольфарт эмч “Тийм ээ. Өвдөг, шагайнд чинь тус бүр нэг, тэгээд ивэрхий авахад хоёр мэс ажилбар хэрэгтэй” гэв. Бурхан минь, энэ эмч намайг хэсэгхэн хугацаанд үзчихээд биеийг минь бараг бүхэлд нь солих хэрэгтэй гэв үү? Мюнхенд ирсэн энэ аялал эмчийн оношоо хэлсэн энэ мөчид хар дарсан зүүд мэт боллоо.
Вольфарт эмч “Гэхдээ би дахин үзэж нягтлах хэрэгтэй” гээд нарийн мэргэжлийн эмчийг дуудлаа. Тэр эмч бүсгүй үзлэгээ хийж дуусаад ноён Вольфартын оношийг хүлээн зөвшөөрч буй бололтой түүн рүү толгой дохиж харагдав. Вольфарт эмч над руу эргээд “Тийм ээ, миний хэлсэн батлагдлаа. Хоёр түнхэнд чинь мэс засал хийх хэрэгтэй юм байна” гэлээ. Энэ мөчид шагай, өвдөг, түнхэнд хүрэх мэс заслын хутганы тухай надад ер бодогдоогүй. Харин ийм олон тооны мэс ажилбар хийх шаардлагатай болсон тухай сонсоход зүрхэнд минь хутга зоосон мэт санагдаж байв. Хамт ирсэн Уоллер эмч рүү айдас дүүрэн нүдээр харахад тэр ноён Вольфартад хандан “Бид эргээд холбогдъё” хэмээгээд тэр даруй нисэх буудлыг зорилоо.
Ливерпуль рүү нисч явахдаа хэрэв энэ бүх мэс ажилбарыг хийлгэвэл бүхнийг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох нь хэмээн бодож явлаа. Магадгүй миний хөлбөмбөгчний амьдрал төгсгөл болж ч болох юм. “Мелвүд”-д очиход багийнхан цуглаж, халуухан хурал хийлээ. Жерар, фитнессийн дасгалжуулагч, Уоллер эмч бид нар хэрхэх нь зүйтэй талаар удтал хэлэлцэв. Уоллер эмч “Дөрвийн дөрвөн хагалгаа хийлгэнэ гэж байхгүй” хэмээн эсэргүүцэж байлаа. Би түүнд амьдралынхаа туршлагаар маш их итгэдэг ч Германы талынхан энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс учир онош нь алдаагүй гэж бодож байв. Ноён Вольфартын эмнэлгийн хана нь диплом, гэрчилгээгээр дүүрсэн нь өөрийн эрхгүй нүдэнд тусч байсан билээ. Диди түүнийг сайн мэддэг. Майкл ч түүний ачаар өвчин зовиураасаа салсан. Юрген Клинсманн, Борис Беккер гээд Германы цуутай одод түүгээр үйлчлүүлдэг. Доктор Вольфарт гэдэг нэр спортын анагаах ухааны салбарт цуутай билээ. Харин Уоллер эмч түүний оношийг эсэргүүцсээр. Тэр “Вольфартын ачаар гэмтлээсээ ангижирсан олон хүн байгаа ч түүнд мэс засал хийлгэсэн ч үргэлжлүүлэн спортоороо явах аргагүй болсон хүн бас бий гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж байв. Миний хувьд Вольфартын ачаар урьдын хэвэндээ орж, спортын амжилтаа үргэлжлүүлсэн хүмүүсийг л мэдэх юм. Надад герман мэргэжилтний зөвлөгөөг хүлээн авах уу, “Ливерпуль”-ийн эмчийн зөн совинг дагах уу гэсэн хоёр сонголт байлаа. Би Уоллертэй удаан хугацаанд хамтран ажиллаж байна. Миний гэр бүлийнхэн, найз нөхөд ч түүнийг сайн мэддэг. Уоллер эмчийн хэлсэн бүхэн миний төлөө, цаашдын амжилтын төлөө байх болно. Тиймээс түүнд итгэх нь зүйтэй биз ээ. Би Уоллер эмчид хандан “Таны үгийг дагая” гэв. Ингээд Уоллер эмч намайг дагуулан өөр мэргэжилтнүүд дээр очлоо. Дөрвөн газарт очиход өөр өөр онош тавьсан. Гэхдээ тэдний хэн нь ч Вольфарт эмч шиг дөрвөн мэс ажилбар хийнэ гэсэнгүй. Гэвч бараг бүгдээрээ шахуу хоёр хагалгаа хийх шаардлагатай хэмээж байлаа.
Жерар надад санаа зовсоор. Хэдийгээр дөрвөн хагалгаа хийнэ гэснээ бодоход хоёр гэдэг гайгүй сонсогдож байгаа ч Жерар надад аль болох хутга хүргэхгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг хүсч байсан юм. Мэс ажилбар хийлгэнэ гэдэг эхний ээлжинд удаан хугацаанд талбайд гарахгүй, цаашлаад урьдын хэвэндээ эргэж орох магадлагаа муутай, тун эрсдэлтэй алхам билээ. Жерар нэг өдөр намайг дуудаад “Парист очиж Филипп Бойшелд үзүүлээд ир. Тэр л чамд тусалж чадах байх” гэв.
Дахиад л паспортоо атган айдас тээсээр хилийн чанадыг зорив. Парист очоод Бойшелтой уулзахад тэр сэтгэл хөдлөлөө ил гаргасан нээлттэй хүн байсан. Тэр Францын шигшээ багт мөн ажилладаг аж. “Хэрэв тэр Патрик Виейраг хөл дээр нь босгож чадсан бол намайг ч анагаах байх” гэж бодов. Бойшел үзлэгээ дууссаны дараа надаар хэсэг хугацаанд сунгалтын дасгал хийлгэлээ. Тэгээд “Чамд ямар ч мэс засал хийх шаардлага алга” гэснээ хэсэг бодолхийлэн зогсоод “Чи зүгээр л булчин, мөн үений холбоосоо чангаруулах хэрэгтэй юм байна. Чи мэс засал хийлгэж болно л доо. Гэхдээ бодсон шиг чинь үр дүнд хүрэхгүй л болов уу” хэмээв. Бурхан минь, түүний энэ үг надад ямар их гэрэл гэгээг авчрав аа. Уоллер эмч, Жерар ч үүнийг баяртайгаар хүлээн авсан. Ингээд өөрийн ирээдүйгээ Бойшелийн гарт даатгахаар шийдэв. Тэр “Эхний ээлжинд долоо хоногт нэг удаа над дээр ир. Цаашдаа сайжрахаар чинь хоёр долоо хоногт нэг гэхчилэн хугацаа нь холдох болно” гэлээ. Бойшел эмч эхний ээлжинд миний нурууны асуудлыг шийдэхээр болов. Энэ нь миний бүхий л гэмтлийн үндэс болж байсан аж. Бойшел эмч “Нурууг чинь хэвийн болгосноор бусад бүх булчинд эергээр нөлөөлөх болно. Шагай, өвдөг, гуя, түнх зэрэг бол аяндаа шийдэгдчих асуудал байна” гэлээ.
Түүнтэй уулзаж, оношийг нь сонссоны дараа би яг л цаазын ялаас хэлтэрсэн мэт мэдрэмж төрж билээ. Мэс засал хийх шаардлагатай эсэхийг цаг хугацаа л харуулна. Улирал дуусах ойртсон тул Английн шигшээд тоглоход биеэ бэлтгэн “Ливерпуль”-ийн төлөө цөөн боловч тоглолтод оролцох нь чухал байлаа. Уул нь клубээсээ чөлөөлөгдөн биеэ нөөж болно л доо. Гэхдээ би энэ тухай “ДАШТ-д сайн тоглохын тулд гурван сар биеэ эмчлүүлэх хэрэгтэй байна. “Ливерпуль”-д улирал дуустал тоглож чадахгүй болсонд уучлаарай. “Аваргуудын лиг”-ийн эрх авахгүй байсан ч UEFA-гийн цом бас сонирхолтой шүү дээ” гээд хөгжөөн дэмжигчдэдээ тайлбарлан хэлж байна гээд та төсөөл дөө. Би хувийн эрх ашгийн үүднээс “Ливерпуль”-ээс нүүр буруулж чадахгүй.
Ингээд хоёр тоглолтын завсраар Парис руу нисч Бойшелд үзүүлэх боллоо. Бие маань эрүүлжиж, хөнгөрөн байгаа нь мэдэгдэхүйц анзаарагдах болов. Долоо хоногт хоёр тоглолтод оролцоход ч боломжийн санагдаж байлаа. Бидний чармайлт, зүтгэлийн үр дүнд “Ливерпуль” “Аваргуудын лиг”-ийн эрхийн бүст орж ирэв. Хэрэв бид энэ тэмцээнд шалгарч чадвал багийн санхүүд ч том ахиц гарах юм.
2001-02 оны улирлын сүүлчийн өдөр тавдугаар сарын 11-нд “Ипсвич Таун” “Энфильд”-д ирлээ. Энэ тоглолтод хожиж байж бид Европын шилдэг клубүүдийн эсрэг тоглох эрх авах байлаа. Улирлын сүүлчийн тоглолтыг сэтгэл хангалуун үдэж, багтаа “Аваргуудын лиг”-ийн эрхийг авчрахад хувь нэмрээ оруулахаар талбай руу эрч хүчтэй гүйн гарав.
30 дахь минутын орчимд “Ипсвич”-ийн 16 метрийн талбайд бөмбөг туун ороод хүчтэй цохилоо. Гэтэл булчин маань урагдаж байгаа юм шиг мэдрэмж төрөв. Унаад хэвтэж байхдаа “Үгүй ээ, дахиад гэмтчихлээ гэж үү?” хэмээн бодож байлаа. Дахиад л эмнэлгийн ширээн дээр эмчийн хэлэх зөвлөгөөг сонсон хэвтэх болох нь ээ. Үүнээс илүүтэй ДАШТ-д тоглож чадахгүй байна гэдэг харамсалтай байлаа.
Маргааш өглөө нь Жерар намайг “Мелвүд” дэх өрөөндөө дуудлаа. Намайг тэнд очиход хүн болгон л “Аваргуудын лиг”-ийн эрх авсан баяраа тэмдэглэн энд тэнд чанга чангаар ярин сууж байв. Манайх “Ипсвич”-ийг 5:0-ээр бут ниргэсэн билээ. Дараагийн улирал ч сонирхолтой, сайхан болох нь дээ. Гэвч надад бусад шигээ баяр тэмдэглэх хүсэл төрөхгүй байв. Гэмтсэндээ болоод хэнтэй ч ярилцахыг хүсэхгүй байлаа. Жерарын өрөө рүү явж байхдаа яг л галзуурсан хүн хачин харцтай болчихсон, орчин тойрныхныгоо анзаарахгүй явж байсан гэдэг. Шатаар өгсөн Жерарын өрөөнд ороод дасгалжуулагч болон эмчийн зөвлөгөөг сонсов. Жерар “Стивен, бид чамайг аль болох хурдан эмчилж эдгээгээд Япон руу явуулмаар байна. Гэвч бүрэн эдгээд талбайд гарах болоход хэдийнэ ДАШТ-ий хагас шигшээ эхэлсэн байх нь. Энэ чиний сонсохыг хүссэн зүйл биш гэдгийг мэдэж байна. Гэхдээ яг одоо чиний хамгийн сайн оновчтой сонголт бол гэртээ үлдээд дараагийн улиралд бэлтгэх” хэмээлээ.
Түүний энэ үг яг л улаан нүүрэнд минь нударга буулгах мэт байсан. Мэдээж энэ миний сонсохыг хүссэн зүйл биш. Свен ч гэсэн Жерарын хэлснийг сонсвол таатай хүлээж авахгүй. Жерар намайг “Ипсвич”-ийн эсрэг тоглолтод гэмтсэний дараа “Энэ нь “Ливерпуль”-д завшаантай хэрэг боллоо. Жеррард зун сайхан амарч, эмчлүүлж аваад шинэ улиралд эрчтэй тоглоно” хэмээсэн нь Английн шигшээ багийнхны дургүйцлийг хүргэсэн. Би гэмтсэндээ Жерарыг буруутгахгүй. Үнэндээ “Ливерпуль” намайг тэрэгний морь шиг бүх тоглолтод оролцуулж байгаагүй. Зарим нэг тоглолтод намайг сэлгээнд суулган нөөнө. Хэрэв “Ипсвич”-ийн эсрэг намайг гаргаагүй бол би Жерарын өрөөнд давхин орж, хамаг юмыг нь шидлэхэд бэлэн байсан. Нөөцөнд үлдэнэ гэдэг миний хамгаас үзэн яддаг зүйлийн нэг юм. Хөлбөмбөг тоглохгүй байна гэдэг миний хувьд агаараар дутагдаж байгаа юм шиг л санагддаг. Би тоглолтоор амьсгалж, амьдардаг. Тоглолтын нэг минутыг л талбайд мэдрэхгүй өнгөрөөх нь надад үхэл лугаа байдаг билээ.
Ер нь шигшээ баг, клубийн хоорондын харилцаа ямагт нарийн, төвөгтэй байдаг. “Ливерпуль”-ийн хувьд тоглогчдод нь гурван арслангийн өмсгөл хичнээн чухал болохыг мэднэ. Английн шигшээд тоглоно гэдэг тоглогчдын хувийн амжилт, нэр хүндэд асар их нөлөөтэй байдаг билээ. Гэхдээ клубүүд юуны өмнө өөрсдийн эрх ашгаа боддог. Учир нь тэд тоглогчдод мөнгө төлж, цалин олгодог. Клубийн удирдлагууд тоглогчдоо шигшээ багтаа тоглож байгаад гэмтчихвий гэж эмээдэг нь тодорхой. Жерар ч гэсэн ийм үзэл баримтлалтай, үүнийгээ ч ил тод хэлдэг байсан. Тэр “Хамгийн гол нь “Ливерпуль” хожиж, “Аваргуудын лиг”-т орж байх нь чухал” гэж хэлдэг. Жерарын хувьд Английн шигшээ баг хэрхэх нь огт хамаагүй. Энэ тохиолдолд тэр намайг ирэх улиралд бэлэн байгаасай гэж хүссэн хэрэг.
“Ирэх даваа гаригт чамайг өөр нэг эмчид үзүүлнэ. Свенд чамайг Япон руу явж чадахгүй болсон гэдгийг хэлчихье. Ийм шийдвэр гаргаж буйд уучлаарай, Стивен”.
Дахиад л нэг эмчийг зорьсон аялал. Эмч миний гэмтлийг үзээд хоёр мэс засал хийх хэрэгтэй гэв. Тэр “Гэхдээ чиний хэлсэн шиг түнхний үенд асуудал алга. Зүгээр л хоёр хөлний булчинг чинь чөлөөлж өгөх хэрэгтэй юм байна” гэлээ. Ингээд миний 2002 оны ДАШТ-д оролцох мөрөөдөл мэс заслын ширээн дээр замхарлаа.
Сэтгэл зүрхнээсээ гадна бие махбодиороо Японд ойрхон очихын тулд Дубайд амарлаа. Найз бүсгүй Алексыгаа дагуулан Арабыг зорьсон. “Бүх Англи даяар шигшээ багаа дэмжин ДАШТ-ийг үзэж байхад би энд байж чадахгүй нь. Хоёулаа гадагшаа явж амаръя” гэхэд Алекс дуртай зөвшөөрсөн. Хамаг уур хилэн, сэтгэлийн хямралаа далайн эргийн элсэнд булан үлдээхийг хүссэн юм. Энэ талаар Жерартай зөвлөлдөхөд “Чиний зөв. Эмчилгээ хийлгэхийн өмнө сэтгэл санаагаа сэргээгээд ир. Чамд завсарлагаа хэрэгтэй” гэсэн.
Алекс бид Дубай руу нисэх гэж байхдаа онгоцны буудал дээр шигшээ багийнхан Япон руу явах гэж буйтай таарсан. Далайд сэлэх нь тун таатай байсан ч яаж ч хичээгээд бухимдлаа тайлж чадахгүй байв. ДАШТ-ийг өнжсөн гутралаа мартах гэж Английн шигшээ багийн богино өмд өмсөн эргээр холхино. Мэдээж тоглолт болохоор зурагтын өмнө очоод суудаг байв. Майкл, Бекс, Скоулзи гээд найзууд маань Японы зүлгэн дээр гялалзсан тоглолтыг үзүүлж байлаа. Аргентиний эсрэг тоглолтыг том дэлгэцтэй уушийн газарт очин үзэхээр төлөвлөв. Далайн эргээр алхаж явахад зарим нэг хөлбөмбөгийн хорхойтон над дээр ирж гарын үсгийг минь авахыг хүсдэг байв. Надад таагүй буйг тэд сайн ойлгож байсан болохоор гарын үсгээ өгөнгүүт чимээгүйхэн холдоод явна.
Фил Томпсоныг Дубайд ирсэн байхтай таарлаа. Энд ер нь хөлбөмбөгчид их ирдэг ажээ. Түүнтэй хамт шар айраг ууж, хөлбөмбөгийн талаар ярилцав. Томмогийн үг бүр нь намайг тайвшруулахыг хичээж байсанд би баярласан.
Хонгилд зогсох гарааны бүрэлдэхүүнийг харангуутаа дахиад толгойд элдэв бодол эргэлдэж эхэллээ. Ямар нэг шалтгаанаар чухал тоглолтыг өнжөөд гэртээ сууж буй хэн ч ингэх биз. Английн шигшээ баг Аргентиний эсрэг. Бурхны гар, Сент-Этьений дуэль гээд сүүлийн арваад жилд ДАШТ-д таарч байгаа багууд. Багийнхаа залуусыг тоглолтод бэлтгэн зогсохыг хараад битүүхэндээ атаархаж билээ. Хэдэн зуун бээрийн алсад байгаа ч тэдний аргентинчуудыг нухчин дарах хүсэл нь миний сэтгэл зүрхэнд мэдрэгдэж байлаа. Миний байранд тоглох Никки Баттыг тогтон харлаа. Тэр бүх анхаарлаа төвлөрүүлэн тоглолтод бэлтгэж байгаа бололтой. Би “Алив залуус аа, үзүүлээд өг. Батти сайн тоглоорой” хэмээн амандаа шивнэн суулаа. Түүнийг сайн тоглоно гэдэгт итгэж, ямар нэг алдаа бүү гаргаасай хэмээн залбирч суув.
Шүүгч шүглээ үлээсэн мөчөөс л би Батти, Бекс, Скоулзи нартай хамт бөмбөг өшиглөж байлаа. Оюун санаандаа Диего Симеоне, Хуан Себастьян Верон нарын хөлд жийн сууж байна гэж төсөөлнө. Бид хожих ёстой, залуус аа. Английн шигшээ баг торгуулийн цохилт хийх эрхтэй болов. Бидний энэ тоглолтыг үзэж суусан уушийн газар дахь хүмүүсийн сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ хүрчээ. Бекс 11 метрийг тэмдэглэсэн цэг рүү алхан очлоо. Түүнийг цохих үед Симеоне анхаарлыг нь сарниулахыг хичээж буй бололтой. Харин Бекс тэр новшийн үйлдлийг үл анзааран гоол орууллаа. Уушийн газарт хөл толгой нь мэдэгдэхгүй их шуугиан болов. Гэмтсэндээ гунихран суусан би энэ мөчид хөлбөмбөгчин биш, Английн шигшээгийн дэмжигч болон хувирсан. Уриа дуу аялан, баярлан үсэрч, хүмүүстэй нийлэн бүжиглээд л.
Маргааш нь Дубайд зарагддаг бараг бүх сонинг худалдан авлаа. Тоглолтын талаарх нийтлэлийг үг гээлгүй уншиж, зургийг нь анхааралтай ажиглав. Нэг сонинд Пеле “Дэлхийн шилдэг тоглогчдын нэг Жеррард ДАШТ-д оролцоогүй нь тоогүй” хэмээн ярьжээ. Тэр “Английн шигшээгийн дунд хэсэгт Жеррардын орон зай үгүйлэгдэж байна” гэсэн байв. Цуутай тоглогчийн магтаалд талархмаар байсан ч тэнд миний орон зай үгүйлэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Батти аргентинчуудын эсрэг маш сайн тоглосон билээ.
Миний амралтын хугацаа дуусч буцах өдөр боллоо. Англид намайг мэс заслын хутга хүлээж байв. Мэс заслын дараа Саутпорт дахь гэртээ ДАШТ-ий үлдсэн тоглолтуудыг үзсэн. Хэдэн найз маань шөвгийн наймын Бразилийн эсрэг тоглолтыг хамт үзэхийг урив. Гэхдээ би үүнийг ганцаараа үзэхээр шийдлээ. Роналдиньо, Роналдо нарын эсрэг миний найзууд хэрхэн тоглохыг харахдаа хэн нэгэн хажууд минь байхыг хүсээгүй. Тиймээс хаалгаа түгжиж, утсаа унтраагаад зурагтынхаа өмнө тухлан суулаа. Дахиад гурав л хожиход дэлхийн аварга болох учир шигшээ багийнхаа төлөө залбиран байв. Аварга болох хамгийн өндөр магадлалтай гэх Бразилийг буулган авахад хагас шигшээд үлдэж, цаашлаад цомд хүрэх үүд нээгдэх юм. Майкл, Бекс гээд миний найзууд ДАШТ-ий медальгүй байна гэдэг төсөөлөшгүй зүйл. Хамгийн дотнын анд Майклд “Амжилт хүсье” гэсэн мессеж бичив.
Тоглолт сонирхолтой, мөн таагүй болж өнгөрлөө. Майкл эхний гоолыг оруулж, бразилчууд хариу барьсан. Гэтэл Роналдиньогийн гоол бүхнийг эргүүллээ. Симэн нулимсаа барьж чадахгүй байв. Халуун өдөр, хурц нарны дор тоглох нь бразилчуудад давуу тал олгожээ. Шүүгч тоглолт өндөрлөснийг зарлан шүглээ үлээхэд манай тоглогчид талбайгаар нэг гулдайн унацгаав. Би ч болж өнгөрсөн бүхэнд итгэж өгөхгүй чимээгүйхэн сууж байлаа. Би Майкл, Бекс хоёрыг Роналдиньо, Роналдо нараас илүүтэй ДАШТ-ий медаль зүүх хувьтай байсан гэж боддог. Шагналын өрөөгөө медаль, цомоор дүүргэх хүсэлтэй би Английн шигшээ багийг Японоос ганзага хоосон ирнэ гэж төсөөлөөгүй. Алтан цомыг Англид авчрахсан гэсэн хүсэл маань манай залуучууд Бразилд хожигдсон тэр мөчид улам нэмэгдэж, 2006 онд Германд үзүүлээд өгнө дөө гэж бодож байж билээ.
САЙН ЗАЛУУС, СААР НАЙМААНУУД
Хэдийгээр ДАШТ-ийг өнжсөндөө сэтгэл дундуур байсан ч миний Жерарыг хүндэтгэх нь урьдын хэвээр үлдсэн. Тэр “Ливерпуль”-ийн эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг. Клубийнхээ төлөө ажилласаар өөрийн эрүүл мэндийг огоорч, нөгөө ертөнцөд одох дөхсөнийг нь би мартдаггүй.
2001 оны аравдугаар сарын 13-нд “Лидс Юнайтед” “Энфильд”-д ирсэн. Энэ тоглолтын өмнө бидэнд заавар, зөвлөгөө өгч байхдаа Жерар ямар ч өвчин зовиургүй, эрүүл саруул харагдаж байлаа. Эхний хагаст хаалгандаа нэг гоол алдсан үзүүлэлттэй хувцас солих өрөөнд очиход Жерарын оронд Томмо биднийг угтав. Дасгалжуулагчаа хайн өрөөн доторхийг тойруулан харах бидэнд Томмо “Жерарын бие тавгүйрхээд. Тэр тэгээд эмнэлэгт үзүүлэхээр явчихлаа” гэж тайлбарлалаа. Манай штабынхан гаднаа энэ байдалд тэвдээгүй дүр үзүүлэх аж. Томмо болон түүний хамтрагчид бидний анхаарлыг өөр зүйлд хандуулахгүйн тулд тэгсэн биз. Бидний хувьд дасгалжуулагчийнхаа төлөө санаа зовохоос илүүг хийж чадахгүй билээ. Эмнэлэг рүү явахдаа хүрснийг бодохоор Жерар тийм ч сайн биш байгаа бололтой. Хоёрдугаар хагаст Дэнни Мерфи тоог тэнцүүлсэн ба бид тоглолт өндөрлөнгүүт дасгалжуулагчийнхаа сургийг сонсохоор талбайгаас гүйн гарцгааж байв. Жераргүй болсон энэ тоглолт бидний хувьд тун хүнд өнгөрсөн. “Манчестер Юнайтед”- ынхан Сэр Алекс Фергюсонгүйгээр тоглож байна гээд төсөөлөөд үз дээ. Би гэртээ харингуутаа дасгалжуулагч руу “Таныг эрүүл саруул байгаа гэдэгт итгэж байна” гэсэн мессеж бичлээ. Гэвч хариу байдаггүй. Намайг мессеж бичихэд Жерар тэр даруй хариу явуулах юм уу, залгадаг. Тиймээс дасгалжуулагч маань яасан бол гэсэн түгшүүр улам нэмэгдсээр.
Маргааш нь Уоллер эмч “Мелвүд”-д тоглогчдыг дуудан уулзалт хийлээ. Тэр “Жерар зүрхний хагалгаа хийлгэлээ. Энэ нь бараг 11 цаг үргэлжилсэн. Зүрхний гол судасны цусан хангамж дутагдсан бололтой” гэв. Эмнэлгийн нэр томъёо дүүрэн түүний ярианаас яг юу болж өнгөрснийг бараг ойлгоогүй ч царайных нь хувирлаас дасгалжуулагчийн бие базаахгүй буйг таамаглаж байлаа. Уоллер эмч “Хэсэг хугацаанд тэр бидэнтэй хамт байж чадахгүй. Дараагийн тоглолтыг удирдаж чадахгүйгээ хэлээд та нарт амжилт хүссэн” хэмээв.
Эмчийг ингэж хэлэхэд “Дасгалжуулагчийн үг ч мөн шүү. Тэр өөрөөсөө илүү багаа боддог хүн дээ” хэмээн бодов. Хором бүрт “Ливерпуль”-ийн төлөө санаа зовнисоор эрүүл мэнд нь ингэж муудсан байхвий гэхээс би айж байлаа. Ямартай ч тэр урьд нь ингэж өвдөж байгаагүй юм. Одоо Жерар үхлийн ирмэг дээр ирээд байна. Гагцхүү мэс засалчийн ур чадвар л манай дасгалжуулагчийн амьд үлдэх эсэхийг шийдэх юм.
Томмо “Жерар удахгүй эргэж ирнэ ээ. Түүнийг ажлаа авах хүртэл би багаа удирдах болно. Бид хамтдаа хичээн дасгалжуулагчийг эргэж ирэхэд өндөр амжилтаар угтах ёстой. Тэр хэдий бие нь хүнд байгаа ч зүрх нь ямагт та нарын төлөө цохилж буй. Та нар дээр эргэж ирэхийн төлөө Жерар өвчинтэйгөө тэмцэж байгаа. Бидний түүнд тусалж чадах зүйл бол хожил, хожил” хэмээлээ.
Бид маргааш нь “Аваргуудын лиг”-ийн тоглолтод оролцохоор Киевийг зорин нислээ. Украин хүртэлх урт зам маш уйтгартай, төгсөшгүй мэт байсан. “Динамо” цэнгэлдэх хүрээлэнд очиход Томмо хувцас солих өрөөний самбар дээр “Жерарын төлөө хамтдаа ялцгаая” хэмээн бичсэн байлаа. Бид үүнийг биелүүлж чадсан. Миний хувьд албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа дасгалжуулагчийнхаа төлөө хичээн тоглож, 2:1-ээр давамгайлахад хожлын гоолыг оруулсан.
Жерар Улье бол баг хамт олныхоо хайрыг татсан, хүн чанараараа гайхагдсан дасгалжуулагч билээ. Томмо ч гэсэн Жерарын адилаар “Ливерпуль”-ийн төлөө бүхнээ зориулсан нэгэн. Тэр бол над шиг Ливерпулийн унаган хүн. Томмо тоглогч ахуйдаа багтайгаа хамт Европын цомын тэмцээнд түрүүлж байсан удаатай. Энэ хотын уугуул хүмүүс болохоор ч тэр үү, Томмо надтай бусдаас илүү дотно элэгсэг ханддаг. Хааяа бэлтгэлээ таслах, өнжих юм уу, хангалтгүй тоглолт үзүүлсний дараа надад чин сэтгэлийн зөвлөгөө өгнө. Тэр үнэхээр сайн халамжлан хүмүүжүүлэгч билээ.
Гэхдээ бидэнд үл ойлголцох явдал бишгүй тохиолдоно. Томмогийн омголон ааш авирыг дарах тун хүнд байдаг байж билээ. Томмог багийн сахилга бат хариуцагч болохын өмнөхөн бид нэгэн удаагийн UEFA-гийн тоглолтоос буцахдаа Манчестерийн нисэх онгоцны буудалд газардлаа. Тэр үед Гари Мак Манчестерт багийнхнаасаа тусдаа үлдэж, дараа нь автобусаар “Мелвүд” рүү явъя хэмээн Томмогоос хүссэн. Томмогийн “Тэг дээ, Макка” гэхийг нь би санамсаргүй сонсчихлоо. Ингэнгүүт эмнэлэгт байгаа асрагч эхийгээ эргэх тухай бодол толгойд зурсхийн орж ирэв. Би Томмо дээр очоод “Би нисэх буудлаас шууд эмнэлэг рүү явах гэсэн юм” хэмээн асуулаа. Багийнхан маань бөөн асуудал үүсгэчихэж магадгүй гэж бодон асрагч эхийнхээ тухай хэнд ч хэлээгүй байсан юм. Томмо Гари Макийг явуулсан юм чинь надад зөвшөөрөл олгож л таараа хэмээн бодож чөлөө хүссэн. Томмо ч “Болно оо, болно Стиви. Болгоомжтой яваарай” хэмээн хэллээ.
Манчестерийн нисэх буудалд багийнхнаасаа салан яваад найз Бавогоо аван эмнэлгийг зорив. Тэгээд утсаа машинд үлдээгээд эмнэлэг рүү гүйн орлоо. Намайг эмнэлэгт байх хооронд утсанд дуудлага ирэхэд Баво авчээ.
Бавог “Байна уу?” гэхэд утасны цаанаас “Чи хэн бэ? Наад утсаа Стивенд өг. Түүнийг чиний дэргэд байгаа гэдгийг мэдэж байна шүү” хэмээн уурссан дуу гарлаа. Энэ Томмо байжээ. Баво айсандаа чичирсэн хоолойгоор “Үгүй ээ, Томмо. Энд Стиви байхгүй байна” гэж хариуллаа.
“Муу худалч”
“Би худлаа яриагүй ээ. Стиви энд байхгүй”
“Түүнд над дээр аль болох хурдан ирсэн чинь дээр шүү гээд дамжуулчих. Хэн түүнд нисэх буудлаас явах зөвшөөрөл өгсөн юм”
Намайг машин дээр эргэж ирэхэд Баво байдгаараа чичирчихсэн, царай нь улайгаад цочирдсон байдалтай сууж байв. “Юу болсон бэ?” хэмээн асуухад тэр “Фил Томпсон намайг алах нь. Тэр чамайг зөвшөөрөл өгөөгүй байхад нисэх буудлаас явлаа, тэгээд шууд харьсангүй гэж уурлаж байна” гэв.
Тэр намайг найзуудтайгаа нийлэн зугаа цэнгэл хөөж, сэлгүүцэн хэслээ гэж бодсон байх. Би утсаа шүүрэн аваад Томмогийн дугаар луу залгалаа. Би юу болсныг тайлбарлахаас өмнө тэр шууд л хашгичин загнаж эхлэв. Ичмээр юм. Би эхлээд түүнд юу болсон талаар тайлбарлахыг хүссэн авч Томмо огт сонссонгүй. Гэнэт миний уур дүрсхийн түүнийг энэ дэлхий дээр байдаг бараг бүх хараалын үгээр булсан. “Найз руу минь битгий давшлаад бай. Энэ түүнтэй ямар ч хамаа байхгүй. Нисэх буудлаас шууд хариагүй нь би учраас надад л хэлэх юм байвал хэл” хэмээн Томмо руу хашгичив.
“Стивен, чи яагаад багийнхантай хамт явж, бусадтай адил байж болдоггүй юм бэ?” “Энэ өөрт чинь огтхон ч хамаагүй хэрэг. Амаа тат”
Уурласан хоёр хүн утасны цаанаас хэрэлдсээр. Эцэст нь Томмо “За за Стиви, маргааш уулзъя. Чамайг юу хүлээж буйг чи таахгүй дээ” гээд утсаа тасалчихав. Бид хоёрын яриа ийн өндөрлөснөөс хойш хоёр минут ч бололгүй Жерар над руу залгалаа. Тэр шууд “Стивен юу болоод байгаа юм бэ? Маргааш чи торгуулах гэж байна шүү дээ” гэлээ.
“За би ойлголоо. Би торгуулиа төлөх болно. Гэхдээ юу болж өнгөрснийг тайлбарлах эрхтэй биз дээ”
“Үгүй ээ, чи зөвхөн сонсоно. Фил чамайг утсаа шидээд өөртэй нь үл хүндэтгэсэн байдалтай харилцсан гэж хэллээ. Тиймээс чамайг 5 мянган фунтээр торгоно. Энэ тухай маргааш чамайг тайвширсан хойно ярилцъя”
Жерар Улье, Фил Томпсон нар
Тайвшрах аа? Би юу? Би одоо ч гэсэн тэдэнтэй ярилцаж ойлголцох ухаантай байна. Дасгалжуулагчийн үгээ гүйцэд хэлээгүй байхад нь утсаа тасалж орхилоо. Хөгийн Томмо намайг шууд дасгалжуулагчид матаж орхижээ. Ийнхүү бүх зүйл буруугаар эргэж, миний эсрэг өрнөж байгаад уурсан Струан руу залгалаа. “Стру, чи миний хэлэх гэж байгаа зүйлд итгэхгүй дээ. Би зүгээр л эмнэлэгт хэвтэж байгаа асрагч эхийгээ эргэсний төлөө таван мянган фунтээр торгуулчихлаа. Томмо, Жерар хоёр намайг барьж идэх шахлаа” гэхэд тэр “Стиви, юуны өмнө эхлээд тайвшир. Маргааш өглөө тэдэнтэй уулзаад үнэнээ хэлэхгүй юу. Тэд ойлгох байх аа” хэмээв. Томмо надтай зүгээр яриад зогсоно гэдэгт би итгэхгүй байсан.
Маргааш нь “Мелвүд”-д очиход Жерар нүүр дүүрэн инээмсэглэлтэй угтан авав. Струан түүнд бүх үнэнийг хэлсэн аж. Томмо Жерарын ар талд зогсож байлаа. Найз руу минь дайрч давшилсан болохоор түүнд уур хүрсэн хэвээр. Тэгээд шууд л Томмод хандан “Найзыг минь худалчаар нь дуудах хэрэггүй. Тэгээд өөрийн чинь хэлсэн шиг би зугаа цэнгэл хөөж явсан минь батлагдвал би өмнө чинь өвдөг сөхрөн уучлал гуйхад бэлэн” гэж хэллээ. Томмо ч тэр даруй “Уучлаарай, Стиви. Би чамайг буруугаар ойлгосон байна лээ” хэмээн уучлал эрлээ.
Ийнхүү бид учир зүйгээ ололцсон ч би торгуулсан. Би таван мянган фунттэй фунтгүй урьдын адил амьдраад л явна. Үнэндээ өмнө нь, хожим ч гэсэн би бишгүй л торгуулсан. Бэлтгэлээс хоцрох, “Мелвүд”-д гар утсаа хэрэглэх, багийнхаа хэн нэгнийг усан сан руу түлхэх зэргээс болон торгуулж байлаа. Багийн зүгээс энэ бүх мөнгийг хуримтлуулж байгаад улирлын төгсгөлд тоглогчид, штабын ажилтнууд болон тэдний гэргий, найз охидыг цуглуулсан тансаг хүлээн авалт хийж, зоог барьдаг уламжлалтай. Тиймээс нэгэнт буруу хэрэг хийсэн бол хожим эргээд бидний нэг өдрийн амралтад зарцуулагдах учир мөнгөндөө харамсах зүйл үгүй. Гэхдээ би энэ удаагийн хэрэг явдлаас харилцан итгэлцэл гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгож авсан. Энэ удаагийн үл ойлголцол Фил бид хоёрын харилцааг улам дотно, гүнзгий болгосныг хэлэх хэрэгтэй. Хэн хэн маань “Ливерпуль”-ийн төлөө бүх хүч чадлаа зориулах хүсэл эрмэлзэлтэй байдаг учир энэ чанар биднийг нэгтгэдэг юм.
Бэлтгэл дээр Томмотой муудалцах явдал нэг биш удаа гарч байсан. Гэхдээ бэлтгэлийн цаг өндөрлөхөд л бид тэр зөрчлийг мартаж орхидог. Харин зарим нэг тоглогч Томмогоос заавал уучлал хүссэн үг сонсохыг хүсдэг юм билээ. Робби нэг удаа бэлтгэл дээр Томмотой ам мурийсан. Тэгэхэд тэр хоёрын хэрүүл хэрээс хэтэрч, сүүлдээ галзуу солиотой хүн шиг л болцгоосон. Жерар бидэнд дасгалын дундуур бөмбөгтэй харьцахыг хориглодог. Хэрэв тэгвэл “Чи бидний юу хийж байгаад нэг удаа анхаарлаа хандуулчихаач” гээд хашгирна. “Сунгалтын дасгал хий гэсэн болохоос бөмбөг өшиглө гээгүй биз дээ” гээд уурладаг. Би түүний хүсэл, шаардлагыг биелүүлэхийг хичээдэг ч хөлбөмбөгчдийн хувьд хажууд нь бөмбөг байхад хараад зүгээр зогсохгүй нь тодорхой билээ. Бэлтгэлийн үеэр талбай дээр бөмбөг хэвтэж байвал би хэр хол цөлж чадахаа үзэн хамаг чадлаараа өшиглөчихдөг. Энэ нь миний бэлтгэл сайн байгаа эсэхийг бас харуулдаг юм. Гэвч дасгалжуулагчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэд үргэлж л янз бүрийн хувилбар давтуулж, тактикийн бэлтгэл хийлгэдэг. Бэлтгэлийн зарчмыг зөрчсөн тоглогчдод оноох шийтгэл нь талбайгаар нэг тарсан бөмбөгийг цуглуулах байдаг.
Тэр нэг бэлтгэл дээр бид дараагийн дасгалдаа бэлтгэн амарч байх зуур Томмо хаалганд тор өлгөж байлаа. Гэтэл Робби бөмбөг аван торгуулийн цохилтын цэг дээр тавиад дээд буланд оруулна хэмээв. Тэгээд цохитол яг Томмогийн толгойны хажууд хөндлөвч оночихсон. Робби амаа барин зогсоход тойрч зогссон бид инээлдэж байв. Тэгтэл санаатайгаар ингэж цохисон гэж бодсон Томмо “Робби” хэмээн ууртайгаар хашгирсаар гүйн ирэв. Тэгээд хоёр талаасаа тулан заамдалцан авлаа. Би тэдний дундуур орон салгахыг хичээсэн ч улайрсан хоёрыг болиулах хэцүү байв. Томмо “Чи ямар хэрэгт орооцолдсоноо мэдэж байна уу?” хэмээн хашгирна. Нэгэнт тэднийг салгаж хүчрэхгүй гэдгээ мэдсэн учир маргаан нь шувтрахыг хүлээн холдлоо.
Томмо “Чи бол дандаа хүн хорлож явдаг хөгийн муу санаатай новш” хэмээн хараахад Робби “Яадаг юм” хэмээн өөдөөс нь хэдэрлэв.
Тэр хоёрын хэн хэнд нь буруу байсан. Робби өөрийг нь санаатайгаар онох гэж өшиглөөгүй учир Фил тэгж хүлээж авах хэрэггүй байсан юм. Хэдийгээр тэдний маргаан тэгсхийгээд өндөрлөсөн ч хэдэн долоо хоногийн турш таагүй харилцаа нь үргэлжилсэн.
Жерарын эмчлүүлж байх хооронд түүний үүргийг Томмо гүйцэтгэсэн бөгөөд энэ нь бидний хувьд тун хүнд үе байлаа. Тэр гэнэтийн өвчнөөс болж биднийг орхин явснаасаа таван сарын дараа 2002 оны гуравдугаар сард “Мелвүд”-д эргэн ирсэн. “Аваргуудын лиг”-т “Рома”-гийн эсрэг тоглолтод бэлтгэж байсан бидний хувьд дасгалжуулагч маань эргэн ирсэнд туйлын баяртай байлаа. Гэхдээ цонхийж ядарсан царай нь биднийг цочролд оруулж гайхашруулсан. Тэр нэлээн турсан байх бөгөөд алхаа гишгээнээс нь ядрангуй байгаа нь харагдана. Гэтэл тэр бидний бүхий л тоглолтын үр дүнг, ямар алдаа, ололттой байсныг нарийн нягт мэдэж байлаа. Зовж зүдэрч явахдаа ч “Ливерпуль”-ийн төлөө санаа зовнисоор байсан нь “Мелвүд” дэх бүх хүнийг уярааж билээ. Тэр “Маргааш би багтайгаа гармаар байна. Гэхдээ эмч зөвшөөрвөл шүү” гэлээ. Түүний энэ үг бидэнд бэлтгэлээ улам эрчтэй хийх хүчийг өгсөн. Бүгд л эргэн ирсэн дасгалжуулагч өөрийг нь харж байгаа гэж бодон дор бүртээ хичээж байсан юм. “Энфильд”-д “Аваргуудын лиг”-ийн тоглолт болоход тун гайхалтай байдаг. Тэр үдэш бол бүр мартагдашгүй. Жерар эргэн иржээ гэсэн үг Ливерпуль даяар түймэр шиг л тархан “Энфильд”-д ирсэн Копууд түүний нэрийг уухайлан дуулж байлаа. Бид энэ тоглолтод дор хаяж 2:0-ээр хожих шаардлагатай байсан ба үүнийгээ ч биелүүлж чадсан.
Жерар эргэн ирснээр бид илүү том зорилго тавьж, Премьер лиг болон Европын тавцанд давхар цохилт хийх итгэл дүүрэн болсон. Дөрөвдүгээр сарын 9-нд “Байер Леверкузен”- ий эсрэг “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймын хариу тоглолт хийхийн өмнөхөн Жерар “Манай баг суу алдраа мандуулж, аугаа ялалтыг байгуулахад аравхан тоглолт үлджээ” хэмээн мэдэгдсэн. Хүн бүр түүний энэ үгийг өлгөн авч, “Ливерпуль” Премьер лиг болон Европт түрүүлж чадах уу гэсэн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Миний хувьд энэ бүхнийг төдий л анхааралгүй, “Леверкузен”-тэй хийх тоглолтоо л бодож байлаа. Өрсөлдөгч маань Михаэль Баллак тэргүүт шилдэг тоглогчидтой сайн баг. Хүн болгон Английн шигшээгийн Мюнхен дэх шуугиант ялалтыг эргэн дурсана. Бид долоо хоногийн өмнө “Энфильд”-д болсон тоглолтод “Байер”-ыг 1:0-ээр хожоод байсан юм. Тиймээс энэ шатыг давна гэсэн итгэл дүүрэн Германыг зорьсон.
16 метрийн талбайн шугам дээр би Баллакийн хөдөлгөөнд хууртан үсрээд түүнийг хажуугаараа алдаж тоо 0:1 болов. Жерар миний гаргасан энэ алдаанд уурсан босч ирээд гараа занган хашгирч байгаа харагдана. Баллак тэр тоглолтод үнэхээр одтой байсан. Хоёрдугаар үед тэр булангаас ирсэн бөмбөгийг хаалганы дээд буланд мөргөөд дахин нэг гоол оруулсан. Тоо 2:3 болсны дараа бол өрсөлдөгч багийн талбайд оруулсан гоолын дүрмээр бид хагас шигшээд шалгарах боломжтой байлаа. Германчууд хэрэгтэй гоолоо хийхийн төлөө уйгагүй дайрч байсан бол бид энэ үр дүнг хадгалахын төлөө үхэн хатан зүтгэж байв. Яг ийм үед Жерар Дидиг сэлгээнд суулгалаа. Хожим энэ шийдвэртээ тэр маш их харамссан. Диди талбайн дунд хэсэгт багийнхаа довтолгоо, хамгаалалтын цөм нь болж байсан бөгөөд түүнийг сэлгээнд суунгуут бид хяналтаа алдсан. “Байер”-ын бразил хамгаалагч Лусио манай довтлогчдын хувьд хар дарсан зүүд шиг л байсан. Талбайн эзэд шийдвэрлэх гоолоо оруулсны дараачаас “Леверкузен”-ы хөгжөөн дэмжигчид “Хөлбөмбөг гэртээ эргэн ирлээ” хэмээн уухайлан дуулж эхэлсэн. Үүнийг Мюнхений хожигдлын хариугаа авсны төлөө дуулж байна гэж би бодсон. Бид тэр өдөр үнэхээр унхиагүй тоглолтыг үзүүлж, “Аваргуудын лиг”-ийн их шөвөгт үлдэх боломжоо сүүлчийн мөчид тавиад туучихсан билээ.
Том зорилго тавин зүтгэж байсан бид “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд үлдэж, дотооддоо аман хүзүүдсэн амжилтаар улирлыг өндөрлөлөө. “Арсенал” Премьер лигийн аварга боллоо. Бид 80 оноо цуглуулсан ч “Арсенал” манайхаас хүчтэй байлаа. Өөр улиралд ийм оноо авсан бол шууд л цом өргөх байсан. Гурван цом авсны дараагийн улиралд ийнхүү дотоодын лигтээ хоёрдугаарт орсон нь аваргын алдар бидэнд ойрхон буйг харуулж байлаа. “Ливерпуль”-ийн зүгээс энэ зун хэрэгтэй байрлалдаа сайн тоглогч авч хүчирхэгжих аваас Премьер лигт түрүүлэх хүсэл мөрөөдөл минь 2002-03 оны улиралд биеллээ олох боломжтой.
Улирал бүрийн өмнө Жерар тоглогчдоо тойруулан суулгаад бүгдэд нь цаас өгөн тухайн жилийн зорилгыг нь бичүүлдэг. Жерарыг цааш эргэх хооронд зарим тоглогч “Ингэлээ гээд бидэнд ямар тустай юм бэ? Шал дэмий зүйл хийлгэх юм” хэмээн өөр хоорондоо ярилцана. Премьер лигт дэд байр эзэлсэн 2002 оны улирлын дараа залуучуудын нэг нь “Эхний зургаад багтах” хэмээн бичсэн байлаа. Ямар ядруу зорилт вэ? Үүнийг уншсан Жерар тун их урам нь хугарсан харагдсан. Тэр үүгээрээ бидний хэр итгэлтэй байгааг сонждог аж. Би Жерарын сонжоонд ихэвчлэн “Лигт эзэлсэн байраа ахиулж, цом авах” гэж бичдэг. Харин 2002 оны наймдугаар сард “Лигийн аварга болно” гэж байлаа.
Тэр зун Жерар Эль-Хажи Диуф, Салиф Диао, Бруно Шейроу гэсэн гурван тоглогчийг худалдан авахад 18 сая фунт зарцууллаа. Энэ гурван тоглогчтой гэрээ байгуулсан нь “Ливерпуль”-ийг дараагийн шатанд аваачиж, Премьер лиг, Аваргуудын лигийн түрүү авахын илэрхийлэл болсон. Гэхдээ энэ бол төлөвлөгөө юм. Харамсалтай нь итгэл, найдлага тээсэн шинэ улирал эхлэхэд манай баг хүссэн түвшиндээ тоглож чадахгүй нь тодорхой харагдсан.
Би Жерарыг “Ливерпуль”-ийн төлөө хийсэн бүхнийх нь төлөө маш их хүндэтгэдэг. Тэр “Энфильд”-д ажиллах хугацаандаа бидэнд зургаан цом авчирсан билээ. Гэвч тэр 2002 оны зун хийсэн энэхүү наймаануудаар өөрийн нэр хүндийг үлэмж унагаасан. Үнэндээ дүйхээргүй дэндүү муу наймаа болсон. Салифийг ирээд долоо хоноход л би түүнийг голсон. Улирлын өмнө хүн болгон л хэн сайн байна, шинэ тоглогчид ямар бол хэмээн бэлтгэлд анхаарлаа хандуулдаг. Учир нь хэн ч гэсэн бэлтгэл дээр хамаг бүхнээ ил гаргадаг билээ. Би сониноос Диаогийн тухай “Шинэ Патрик Виейра” гэсэн нийтлэлийг уншиж байсан. Мөн ДАШТ-д Сенегалын шигшээд сайн тоглохыг нь ч харсан. Тэр маргаангүй сайн тоглогч. Гэвч “Ливерпуль”-ийн түвшинд яавч хүрэхээргүй юм билээ. Түүний төлөө 4 сая фунт зарлагадсан. Түүнээс үл ялиг илүү үнээр Францын шилдэг тоглогч Шейроуг авч байв. Гэвч тэр гэмтлийн улмаас бидэнд төдийлэн нэмэр болоогүй. Хүнд гэмтэл нь эдгэсэн хойноо тэр өөрийн дадсан төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож чадахгүй сэлгээнд удаан суусан. Учир нь Диди, бид хоёр хэдийнэ энд байр сууриа олоод байсан юм. Намайг эндээс ховхлоно гэдэг бүтэхгүй зүйл. Зун хийлгэсэн мэс заслын дараа би улам идэвх, чармайлттай тоглох болсон. Диди бол ямагт эхний сонголтоор талбайд гардаг тоглогч. Шейроу биднийг орлох түвшний тоглогч биш байсан.
Диуфыг авах хэлэлцээр хамгийн удаан сунжирч, тэр их найдвар тээн “Энфильд”-д ирсэн. Улирал эхлэхэд Жерар түүнийг баруун жигүүрт тоглуулах болов. Үүгээрээ тэр маш муу наймаа хийсэн гэдгээ харуулсан юм. Сенегалын шигшээ багийн төвийн довтлогчийг “Ливерпуль”-ийн төлөө олон гоол оруулна хэмээн итгэж найдаж байсан хүн олон. Түүнийг жигүүр лүү шилжүүлснээрээ Жерар юу хийх гэсэн юм бол? Энэ асуултын хариултыг олох хэцүү. Уул нь төгс төвийн довтлогч гэгддэг Николя Анелкаг авах төлөвлөгөөтэй байсан ч яагаад ч юм шийдвэрээ өөрчилчихөж билээ. Улирлын өмнө Жерар Карра, Майкл, Диди, Сами, бид хэдийг дуудаж уулзаад “Бид Анелкаг авч үлдэх төлөвлөгөөгөө цуцаллаа. Харин түүний оронд Эль-Хажи Диуфыг авчрахаар болсон. Дасгалжуулагчид ярилцаад түүнийг илүү ирээдүйтэй, бидэнд хэрэг болох тоглогч гэж шийдсэн. Анелкаг зээлээр авч тоглуулах хугацааны үзүүлэлт нь хангалтгүй санагдсан” хэмээв. Түүний ийн хэлсэнд нь би мэл гайхсан. Миний хувьд Анелкаг үлдээсэй гэж бодож байсан. Бусад тоглогч ч ялгаагүй тэгж бодсон байх. Гэхдээ бид Жерарт юу ч хэлж чадаагүй. Тэр уулзалтаас гарахдаа би сэтгэл дундуур алхаж байлаа. Энэ Диуф гэгч хаанаас гараад ирэв ээ? Анелка “Ливерпуль”-д зэгсэн зохицох тоглогч юм. Тэр олон ааштай, тогтворгүй зантайгаараа муулуулдаг ч би түүнтэй хамт байхдаа дуртай. Анелка тухайн үедээ жинхэнэ од байсан. Би өөрийгөө түүнтэй жишин зүйрлэхэд ичмээр. Түүнийг “Энфильд”-д зээлээр ирэх болсон мэдээ намайг маш их баярлуулсан. “Экспресс”-ийн сурвалжлагч Пол Жойс “Танайх Анелкаг авсан байна” гэсэн мессеж явуулахад би энэ мэдээг анх сонссон. Гоол оруулах үүргийг Майкл дан ганцаараа гүйцэтгэж байсан энэ үед улирал дундуурх наймааны цонхоор тэр манай багт ирсэн нь их тус дэм болсон. “Ньюкасл”-ын эсрэг нэгэн тоглолтод тэр “шаазгайнууд”-ыг ёстой болгож тавьсан даа. “Ливерпуль”-ийнхэн төдийгүй бусад багийнхан ч манайхыг Анелкаг авч үлдэнэ гэж тооцоолж байв. Харин үүнийг гүйцэтгэх ёстой Жерар Улье тэгээгүй. Бид 2002 онд Анелкатай хамт лигтээ хоёрдугаар байр эзлээд 2003 онд Диуфтайгаар тавдугаарт орж байв. Та зөвхөн үүнийг хараад л дүгнэлт хийгээрэй.
Би Эль-Хажи Диуфын дотоод сэтгэлийг таньж мэдсэн. “Мелвүд”, “Энфильд” дэх ямар тоглогч “Ливерпуль”-ийн төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж, хэн нь хувийн эрх ашгийнхаа төлөө гүйж явдгийг би мэднэ. Минийхээр бол Диуф зөвхөн өөрийнхөө төлөө л тоглож байсан. Энэ нь түүний үйлдэл бүрээс илэрдэг байв. Тэр хотоос нэлээн зайдуу байр авч, бэлтгэл, тоглолтод ирэхдээ хамаг цаг, энергиэ барна. Ямартай ч бидэн шиг багийнхаа амжилтыг өөд нь татъя гэсэн сэтгэл түүнд лав байгаагүй. Тэгээд “Би бол дэлхийн хамгийн шилдэг тоглогч” гэж хэлэх гээд байгаа юм уу, гаж сонин загварын хувцас өмсөн бусдаас онцгойрохыг хичээнэ. Гэвч тэр тийм түвшинд хүрэхэд сая бээр хол байсан. Диуф ДАШТ-д их авъяаслаг, махруу тоглогч шиг харагдаж байсан бол “Ливерпуль”-д үүнийгээ тун ховорхон харуулсан. Тэр Сенегалд байхдаа угсруулан хийдэг гоолоороо “Цуврал алуурчин” гэдэг хоч авсан юм билээ. Гэтэл тэр “Ливерпуль”-д тоглосон эхний улиралдаа ердөө гуравхан гоол оруулсан. Жерар түүнийг ДАШТ-д тоглосон шигээ гялалзана гэж бодоод л авсан байх. Ямарваа клуб хэн нэг тоглогчийн төлөө 10 сая давсан фунт зарлагадан авах гэж байгаа бол түүний бүтэн жил үзүүлсэн амжилт, талбай дээрхээс гадна тоглолтоос бусад үеийн байдлыг нь судлах хэрэгтэй. 2001 оныг хүртэл “Ливерпуль”-д туслах дасгалжуулагчаар ажилласан Патрик Берги тэр үед “Ланс”-д байсан болохоор Жерартай Диуфын талаар ярилцсан байх. Тэгээд л Жерар хуучин хамтрагчийнхаа зөвлөгөөнд 100 хувь итгээд сенегал довтлогчийг авсан биз ээ. Жерар Диуфыг авч “Ливерпуль”-ийн амжилтыг доош нь татъя гэж бодоогүй нь лав, харин Диуф Жерарын итгэлийг даагаагүй юм. Тэр “Паркхэд”-д болсон “Селтик”-ийн эсрэг UEFA-гийн цомын тоглолтод хөгжөөн дэмжигчтэй хэрэлдэж байлаа. Тэгээд тэр залуугийн улаан нүүр лүү шүлсээ нулимчихсан. Бид хэдий нэг баг боловч “Ливерпуль”-ийн залуус бүгдээрээ түүний үйлдлийг эсэргүүцэн уурсаж байв. Шүлсээ нулимах гэдэг жигшмээр зүйл. Англид хэн ч ийм зүй бус үйлдэл гаргадаггүй.
Манайх Диуфыг “Болтон” руу үдэхийн өмнөхөн 2003 оны гуравдугаар сарын 2-нд болсон “Уортингтоны цом”-ын финалд “Манчестер Юнайтед”-ыг хожиход тэр харин тун дажгүй тоглолтыг үзүүлсэн. Ер нь тэр “Юнайтед”-ын эсрэг сайн тоглодог. Магадгүй том багийн эсрэг сайн тоглох нь өөрийнх нь нэр хүндэд сайн гэж үзээд хүчээ дайчилдаг байсан байж магадгүй. “Милленниум” цэнгэлдэх хүрээлэнд болсон тэр тоглолтод Диуф Микаэль Сильвестрегийн хувьд жинхэнэ хар дарсан зүүд нь байсан. Диуфт бөмбөг очиход Сильвестре чичрээд эхэлнэ. Тэр баруун жигүүрийг эзэгнэсэн. Уг нь ийм тоглолтыг улирлын турш үзүүлсэн бол ч. Миний цохисон бөмбөг Бексийг оноод чиглэлээ өөрчлөн Фабьен Бартезийн хаалганд орж, тоо 1:0 боллоо. Хэдийгээр азын гэж хэлж болох ч эртний өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн гоол болохоор маш их баярласан. Хоёрдугаар хагаст Майкл дахин нэг бөмбөг оруулаад манайх энэ тоглолтод 2:0-ээр хожлоо. Лигийн цом гэдэг дэлхийд байтугай Англид төдийлэн өндрөөр үнэлэгддэггүй ч Ферги удирдаж, Кин, Хуан Себастьян Верон нарыг багтаасан “Юнайтед”-ыг хожно гэдэг нэр төрийн хэрэг билээ. Тэр өдөр Жерзи Дудек маш сайн тоглосон. Улирлын эхэнд тэр байж боломгүй алдаа гаргасны улмаас Форлан манай хаалгыг мялааж бид хожигдож байв. Хөлбөмбөг тоглоход хэзээ нэгэн цагт алдаагаа залруулах боломж олддог. Кардиффт Жерзи Форланы эсрэг гаргасан алдаагаа цайруулж чадсан.
Гэвч улирлын оргил хэсэгт биднийг гутрал, гунирхал хүлээж байлаа. Тавдугаар байр гэдэг там гэсэн үгтэй адил сонсогдож байв. Үүний дараа Жерарт асар их дарамт ирж эхэлсэн. Хэвлэлийнхэн түүний араас мөшгиж, утсанд нь чагнах төхөөрөмж тавин тагнаж байв. “Ливерпуль” яг энэ мөчид гарах аргагүй мухардалд ороод байлаа. Би өөрийнхөө ирээдүйн талаар бодож эхэлсэн. Тэгээд өөрийн агент Струан руу утасдаж “Стру би одоогийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байна. “Аваргуудын лиг”-т тоглоно гэдэг шигшээ багт тоглох дамжлага байдаг. Свен дандаа л “Аваргуудын лиг”-ийг үздэг. UEFA- гийн цомыг тоох хүн ховор шүү дээ” гэж хэллээ. Хэдийгээр тэр улиралд өөр аль нэг багт очоод “Аваргуудын лиг”-т тоглож болох ч дараа, дараагийн улиралд хэрхэхээ тооцоолох нь чухал байсан. Удалгүй Струан нэлээн хэдэн клубийн саналыг надад танилцууллаа. “Барселона”, “Рома”, “Интер Милан” зэрэг шилдэг клубүүд миний багтайгаа байгуулсан гэрээний нөхцлийг агентаас минь асуусан байв. Мөн “Реал Мадрид” намайг авахын төлөө хөөцөлдөж буй тухай хэд хэдэн сониноос уншлаа. Гэвч клубээ гэсэн сэтгэл, олон учир шалтгааны улмаас би “Ливерпуль”-ийг орхиж төвдөөгүй.
Post a Comment