Сүүлд нэмэгдсэн :
Home » » Бенжамин Баттоны хачирхалтай түүх - Скотт Фицжеральд

Бенжамин Баттоны хачирхалтай түүх - Скотт Фицжеральд

Бенжамин Баттоны хачирхалтай түүх -  Скотт Фицжеральд
/1

Эртний үеийн нэгэн адил 1860 онд гэртээ хүүхдээ төрүүлэх нь жирийн үзэгдэл байлаа. Өнөө үед анагаах ухааны хандлагын дагуу хүүхдийн анхны уйлах дуу мэдээ алдуулагчийн үнэр ханхалсан эмнэлэгийн өрөөнд сонсогдох ёстой болсон ба болж өгвөл тусгай өрөөнд төрөхийг илүүд үзэцгээх болжээ.

Энэхүү хэв маяг дэлгэрэхээс даруй тавин жилийн өмнө буюу 1860 оны зуны нэг өдөр залуу ноён болон хатагтай Баттон нарын шийдсэнээр тэдний анхны хүүхэд эмнэлэгт төрөх ёстой байлаа.Дээрх үйл явдал одоо миний бичиж тэмдэглэн цаасан дээр буулгах гэж буй хэний ч мэдэхгүй гайхалтай түүхтэй холбоотой юм.Би танд юу тохиолдсоныг ярих болно, харин та бүхэн өөрсдөө шүүгээрэй.
Рожер Баттоныхан Балтиморт санхүүгийн хувьд болон олон нийтийн дунд атаархмаар сайхан байр суурийг олж авчээ. Тэдний гэр бүлийнхэн өмнө зүгийн бүх хүмүүсийн мэдэх “This Family and That Family” компанитай холбоотой бөгөөд энэ нь тэдэнд дээдсийн хүрээлэнгийн гишүүнд багтах эрхийг олгодог байв. Ноён Баттоны сэтгэл тун их хөөрсөн байлаа. Тэр шинээр мэндлэх гэж буй хүүхэд нь эрэгтэй хүүхэд байна гэдэгт найдаж байсан бөгөөд хүүгээ өөрийнх нь сурч байх дөрвөн жилийн хугацаанд Кафф хэмээх хоч нэрээр нь хүмүүс дууддаг байсан Коннектикутын Иел Коллежид явуулна гэж төлөвлөж байв.
Есөн сарын тэр өглөө Ноён Баттон 6 цагт эртлэн босч хувцаслан, үнэт цааснуудаа цэгцлээд, өнгөрсөн шөнө нэгэн шинэ амьдрал төрсөн эсэхийг шалгахаар Балтиморын гудамжаар эмнэлэг рүү яаран явав.Тэр Хатагтай ба Ноёдод зориулсан Мэрилэнд хувийн эмнэлэгээс бараг зуун яардын зайд байхдаа л мэргэжлийнхээ бичигдээгүй ёс зүйн дагуу хоёр гараа арчиж цэвэрлэсээр шатаар доош уруудан бууж ирж байгаа гэр бүлийн эмч Кийнийг олж харав.
“Roger Button & Wholesale Hardware” компаний ерөнхийлөгч ноён Рожер Баттон Өмнө зүгийн жентельмэн хүнээс гарамгүй намбагүй хөдөлгөөнөөр Кийнэ эмчийн зүг яаран гүйж эхлэв.

“Кийнэ эмчээ!” гэж тэр дуудав. “Кийнэ эмчээ!”

Эмч түүнийг сонсоод эргэн харж, түр хүлээн зогсохдоо дэргэд нь ойртон ирж байгаа ноён Баттоныг хараад нүүрэнд нь хачирхалтай илрэл тодров.

“Юу болсон бэ?” гэж яарсандаа амьсгаа нь давхцсан ноён Баттон асуув. “Юу болсон бэ? Миний эхнэр ямар байна? Хүү төрсөн үү?”

“Ухаалаг бай!” гэж Кийнэ эмч ширүүнээр хэлэв. Ямар нэг зүйл түүнийг уурлуулсан мэт харагдах аж.

“Хүүхэд төрсөн үү?” гэж ноён Баттон царайчлан асуув.

Кийнэ эмч хөмсгөө зангидав. “Яагаад гэвэл, тэгэхээр... тиймээ,” . Эмч ахиад л ноён Баттон руу тун хачнаар хяламхийн харав.

“Миний эхнэр зүгээр үү?”

“Зүгээр ээ”

“Хүү үү? Охин уу?”

“Одоохон!” гэж Кийнэ эмч бухимдан хашгирав. “Чи өөрөө очоод, хар. Гайхаш төрүүлэм зүйл!”. Тэр сүүлийн үгээ бараг нэг үетэйгээр маш түргэн хэлэв, дараа нь нүүрээ бууруулан аман дотроо бувтнав:

“Үүн шиг тохиолдол миний мэргэжлийн нэр хүндэд яаж нөлөөлөхийг чи төсөөлж байна уу? Энэ бүхэн намайг сүйрүүлэх болно”

“Юу тохиолдоо вэ?” гэж ноён Баттон хирдхийн өгүүлэв. “Гурван ихэр юм уу?”

“Үгүй ээ, гурван ихэр биш” гэж эмч ширүүнээр хариулав. “Чи өөрөө очоод, хар. Тэгээд өөр эмчид ханд. Залуу эр минь, би дөчин жилийн турш танай гэр бүлийн эмч байсаар ирсэн, гэвч одоо чамаас харилцаагаа тасалж байна! Би чамайг болон танай хамаатнуудыг чинь ахиж харахыг хүсэхгүй байна! Баяртай! ” Тэгээд тэр ахин ганц ч үг хэлэлгүй огцом эргээд, гудамжинд өрөөстэй чулуун хавтангуудын дэргэд байсан машиндаа суугаад, ширүүнээр цааш хөдлөв.

Ноён Баттон явган хүний зам дээр айж гайхширсаар хоцров. Ямар таагүй золгүй явдал тохиолдсон юм бол? Түүний Хатагтай ба Ноёдод зориулсан Мэрилэнд хувийн эмнэлэг рүү орох хүсэл гэнэт алга болсон байлаа. Үүнийг хийх нь түүнд маш хэцүү санагдаж байв, гэвч тэр хэдэн хормын дараа эмнэлэгийн үүдний хаалгыг чиглэсэн шатаар дээш өгсөхийг өөртөө ятгав.

Нэг сувилагч бүрэнхий үүдний өрөөнд ширээний ард сууж байлаа. Ноён Баттон сэтгэлээ барихыг хичээн сувилагчид ойртон очлоо.

“Өглөөний мэнд” гэж сувилагч түүн рүү хараад эелдгээр мэндлэв.

“Өглөөний мэнд. Би... Би ноён Баттон байна”

Эмэгтэйн царайнд маш их айсан шинж тодров. Тэр хөл дээрээ босч зогсоод, үүдний өрөөнөөс гүйн гарахыг маш их хүсч байвч өөрийгөө арайхийн барьж байгаа мэт харагдана.

“Би хүүхдээ хармаар байна” гэж ноён Баттон хэлэв.

Сувилагч дуу алдаад “Өө...мэдээж тэгэлгүй яахав!” гэж солиотой мэт хашгиран хэлэв. “Дээд давхарт. Яг дээд талын давхарт. Дээшээ яв!”

Сувилагч гараараа заахад хүйтэн хөлс нь цувсан ноён Баттон гуйван эргэж, хоёрдахь давхар луу өгсөж эхлэв. Дээд давхарын хонгилд түүнийг чиглэн ирж буй гартаа түмпэн барьсан өөр нэг сувилагчид хандан “Би ноён Баттон байна” гэж тодхон хэлэв. “Би өөрийнхөө хүүхдийг харахыг...”

Жингэнэх дуу гарав! Түмпэн шалан дээр тачигнан унаад, шатаар доош өнхөрлөө.

“Би хүүхдээ хармаар байна!” гэж ноён Баттон бараг л орилов. Тэр ухаан алдаж унахын даваан дээр байлаа.

Ахиад л жингэнэх дуу! Түмпэн өнхөрсөөр нэг давхарын шалан дээр ойчжээ. Сувилагч буцаж тайван байдалдаа ороод, ноён Баттоныг жигшсэн харцаар харав.

“Бололгүй яахав, ноён Баттон” гэж тэр учир битүүлэг хоолойгоор хэлэв. “Маш сайн байна! Гэвч өнөө өглөө бидэнд юу тохиолдсоныг та мэдэх юм бол ч! Энэ маш гайхаш төрүүлэм, зэвүүцмээр зүйл. Энэ бүхний дараа эмнэлэгийн нэр хүнд...”

“Хурдалж үз!” гэж ноён Баттон сөөнгө хоолойгоор хашгирав. “Би хүлээж чадахгүй нь!”

“Намайг дагаад яв, ноён Баттон”

Ноён Баттон сувилагчийн араас гэлдрэв. Тэд явсаар урт хонгилын төгсгөлд байрлах, олон төрлийн уйлалдах дуу дотроос нь сонстож байгаа өрөөнд хүрэв. Тэд дотогш орлоо.

“Тэгэхээр” гэж ноён Баттон гүн амьсгаа аван хэлээд “аль нь минийх юм бэ?”

“Тэнд!” гэж сувилагч хариулав.

Ноён Баттон харцаа түүний заасан зүг рүү чиглүүлж, юу байгааг олж харлаа. Хүүхдийн орнуудын нэгэн дээр том цагаан өнгийн хөнжил нөмөрсөн дал орчим насны нэгэн хөгшин эр сууж байлаа.

Түүний сийрэг үс нь бараг бүхэлдээ бууралтан цагаан өнгөтэй болж, эрүүн дэхь урт саарал өнгийн сахал нь цонхоор үлээх сэвшээ салхинд ийш тийш утга учиргүй намиран хийснэ.

“Би галзуу юм уу?” гэж ноён Баттон эгдүүцэн хашгирав. “Энэ эмнэлэгийнхэн надаар даажигнаж байна?”

“Энэ бидэнд тоглоом тохуу гэж санагдахгүй байна” гэж сувилагч ширүүнээр хариулав. “Би таныг галзуу эсвэл эрүүл гэдгийг хэлж чадахгүй, гэхдээ энэ бол таны хүүхэд гэдэг нь гарцаагүй үнэн”

Ноён Баттоны духнаас хүйтэн хөлс цувна. Тэр нүдээ аниад, ахин нээв. Ямар ч эндүүрэл байсангүй.

Энэ агшинд хөгшин эр гэнэт амаа нээж маш эртний хоолойгоор дуугарав. “Та миний аав уу?”. Ноён Баттон, сувилагч хоёр сандран, дуу алдацгаав.

“Хэрэв та мөн бол” гэж хөгшин эр гүвтнэн хэлээд “Та намайг энэ газраас авч яваасай гэж би хүсч байна”

“Бурхны нэрийг бодож хаанаас ирснээ хэлээч? Чи хэн юм бэ?” гэж галзуурах шахсан ноён Баттон өгүүлэв.

“Би танд хэн гэдгээ хэлж чадахгүй. Учир нь би хэдхэн цагийн өмнө төрсөн. Гэвч миний овог зайлшгүй Баттон гэдгийг л мэдэж байна”

“Худалч! Чи бол хууран мэхлэгч!”

Хөгшин эр сувилагч руу эргэж хараад “Шинэ төрсөн хүүхдийг ингэж угтаж авч байгаа юм уу?” гэж сул дуугаар өгүүлэв. “Түүний буруу гэдгийг та түүнд яагаад хэлэхгүй байгаа юм бэ?”

“Таны буруу. Ноён Баттон” гэж сувилагч хэлэв. “Энэ бол таны хүүхэд. Та хүүхэддээ сайнаар хандах хэрэгтэй. Боломжтой бол өнөөдөртөө багтаад та түүнийг гэртээ аваачихгүй юу гэж бид танаас асуух гэж байсан юм”

“Гэртээ гэнээ?” гэж ноён Баттон чангаар хашгирав.

“Тиймээ, бид түүнийг энд байлгаж чадахгүй. Үнэхээр чадахгүй”

“Намайг эндээс авч явбал би их баярлах болно” гэж хөгшин эр уйлагнан хэлэв. “Энэ уйлалдаж, орилолдох чимээнээс болоод би огтхон ч цурамхийж чадахгүй байна. Бас надад ямар нэг идэх юм өгөөч. Тэд надад лонхтой сүү л авчирч өгсөн!”

Ноён Баттон ойрхон байсан нэг сандлын доогуур мөлхөж ороод, гараараа нүүрээ дарлаа. “Бурхан минь” гэж тэр маш их айснаасаа болж шивнэн хэлээд “Хүмүүс юу гэж ярицгаах бол? Би одоо яах ёстой вэ?”

“Та түүнийг гэртээ аваачих ёстой” гэж сувилагч шаардав. “Даруйхан!”

Ноён Баттон хөл үймээн бужигнасан хотын гудамжаар энэ айдас төрүүлэм хөгшин эрийг дагуулаад явж байгаагаар өөрийгөө төсөөлөв.

“Би чадахгүй, би яасан ч чадахгүй” гэж тэр гонгинон хэлэв.

Гудамжинд таарсан хүмүүс түүнтэй ярихаар зогсоно, харин тэр хүмүүст юу гэж хэлэх болж байна? Тэр тэдэнд “Энэ миний хүү, өнөө өглөө төрсөн юм” гэж тайлбарлах болж байна уу?

“Яв! Түүнтэй хамт яв” гэж сувилагч тушаав.

“Энийг хар” гэж хөгшин эр гэнэт дуугарав. “Хэрэв та намайг гэр лүүгээ энэ хөнжилтэй явна гэж бодож байвал эндүүрэл шүү”

“Хүүхдүүд үргэлж хөнжилтэй байдаг” гэж сувилагч ёсорхогоор хэлэв.

“Тэгэхээр” гэж хөгшин эр хэлээд “Энэ хөнжил загатнуулаад байна. Тэд ядаж надад орны даавуу өгч болно шүү дээ”

“Түр байзаарай!” гэж ноён Баттон яаран хэлэв. Тэр сувилагч руу эргэж хараад “Би юу хийх вэ?”

“Хотоор явж, хүүдээ хувцас худалдаж ав”

Түүнийг доод давхарын үүдний өрөөнд хүрэхэд хүүгийнх нь хоолой араас нь сонстов. “Бас таяг, ааваа. Надад таяг хэрэгтэй”

Ноён Баттон гаднах хаалгыг маш хүчтэй саван гадагш гарлаа...
2

“Өглөөний мэнд” гэж ноён Баттон санаа зовсон шинжтэйгээр дэлгүүрийн худалдагчид хандан хэлэв. “Би хүүхэддээ хэдэн хувцас авах гэсэн юм”

“Эрхэм ээ, танай хүүхэд чинь хэдэн настай вэ?”

“Ойролцоогоор зургаан цагийн настай” гэж ноён Баттон бодолгүйгээр хариулав.

“Нярай хүүхдийн тасаг дэлгүүрийн хойд хэсэгт байгаа”

“Би чухам юу авахыг хүсч байгаагаа сайн мэдэхгүй байна л даа. Тэр бол ердийнхөөс том хэмжээтэй хүүхэд. Ер бусын том”

“Тэнд хамгийн том биетэй хүүхдэд ч таарах хувцаснууд байгаа”

“Эрэгтэй хүүхдийн тасаг хаана байгаа вэ?” гэж ноён Баттон цөхөрсөн шинжтэй асуув. Дэлгүүрийн худалдагч түүний ичгүүртэй нууцыг гадарлаасай гэж тэр хүсэхгүй байв.

“Яг энд байна”

“Тэгэхээр...” гэж ноён Баттон түгдрэн хэлэв. Хүү нь насанд хүрсэн эрэгтэй хүний хувцас өмсчихсөн зогсож байна гэсэн төсөөлөл нь түүнийг тэвчих аргагүй болгожээ. Хэрэв хамгийн том хэмжээтэй эрэгтэй хүүхдийн хослол олж аваад, хүүгийнхээ урт муухай сахлыг тайрч, цагаан үсийг нь бор өнгөөр будаж, зарим зүйлсийг нууж чадвал өөрийгөө хүндэтгэх үзэл болон Балтимор дахь нийгмийн байр сууриа хэвээр хадгалж болох юм гэж ноён Баттон бодов.

Гэвч маш их яарч тэвдэн эрэгтэй хүүхдийн хувцасны тасгийг бүхэлд шалгасан боловч шинэ төрсөн хүүхдэд нь таарах хослол олж чадсангүй. Тэр энэ явдалд дэлгүүрийг буруутгав.

“Таны хүүхэд хэдэн настай гэж та хэлсэн билээ?” гэж худалдагч сониучаар асуув.

“Тэр арван зургаатай”

“Өө, намайг уучлаарай. Би таныг зургаан цагийн настай гэж хэлсэн гэж бодсон юмсан. Залуучуудын тасаг хажуугийн жигүүрт байгаа”

Ноён Баттон өрөвдөлтэйгээр эргэж алхав. Дараа нь гэнэт зогсоод баярласан шинжтэйгээр дэлгүүрийн цонхны үзүүлэнд тавьсан хиймэл хүний хувцас руу хуруугаараа заав. “Тэнд!” гэж тэр уулга алдав. “Би тэр хослолыг авья, хиймэл хүнд өмсгөчихсөн байгаа”

Худалдагч гайхан харав. “Яагаад” гэж тэр эсэргүүцэн хэлээд “Энэ хүүхдийн хослол биш. Нэмээд хэлэхэд энэ бол багт наадмын хослол. Энэ хувцсыг та өөрөө өмсч болно”

“Бушуухан баглаад өг” гэж үйлчлүүлэгч нь ууртайгаар шаардав. “Би үүнийг авахыг хүсч байна”

Гайхсан худалдагч дуулгавартайгаар үгэнд нь оров.

Ноён Баттон эмнэлэгт буцаж очоод, хүүхдийн өрөөнд орж боодолтой зүйлээ хүүдээ бараг л шидэж өгөв. “Энд чиний хувцас байгаа” гэж тэр хашгичин хэлэв.

Хөгшин эр боодлыг задалж харснаа шоолсон янзтайгаар “Энэ хувцас маш инээдтэй харагдаж байна. Би сармагчин гэж ойлгогдмооргүй байна”

“Чи миний хувьд сармагчин шиг санагддаг” гэж ноён Баттон уцаарлан хэлэв. “Чи инээдтэй харагдах талаар бодсоны хэрэггүй. Наадхаа өмс, эсвэл би чамайг шийтгэнэ шүү”

“За, ааваа” гэж хүндэтгэлтэйгээр хэлээд “Та илүү удаан амьдарсан, та юу хэлж байгаагаа сайн мэднэ”

“Аав” гэсэн үгийг сонсоод ноён Баттон бага зэрэг зөөлрөв.

“Хурдлаарай”

“Би хурдалж байна, ааваа”

Хүүгээ хувцаслаж байхыг нь ноён Баттон гунигтайгаар ажиглан харж байлаа. Уг хослол хачин оймс, ягаан өмд, өргөн цагаан захтай цамцнаас бүрдэж байв. Намиран буй урт цагаан сахал бараг бэлхүүс хүртэл нь унжина.

“Хүлээгээрэй!”

Ноён Баттон нэг эмнэлэгийн хайч шүүрч аваад, шаламгай гурван удаагийн тайралтаар сахалнаас ихэнх хэсгийг нь тайрч орхив. Гэвч энэ өөрчлөлт төгс төгөлдөрт хүргэж чадсангүй. Бут шиг арзайсан үс, нулимс мэлтэлзэх нүд, эртний шүд, бас инээдтэй хослол энэ бүхэн хачин жигтэй харагдсаар л. Ноён Баттон түүнийг гараас зуураад “Алив хамт явцгаая!” гэж ширүүнээр хэлэв. Түүний хүү гараас нь итгэлтэйгээр атгав. “Та намайг хэн гэж дуудах вэ, ааваа?” гэж сувилагчаас холдон явахдаа хүү нь чичирсэн хоолойгоор асуув. “Илүү дээр нэр бодож олох хүртлээ зүгээр л хүүхэд гэж дуудах уу?”

Ноён Баттон шуухитнан “Би мэдэхгүй байна” гэж ууртайгаар хариулав. “Бид чамайг гэж Медуслах гэж дуудах болно гэж би бодож байна”
3

Баттоны гэр бүлд нэмэгдсэн шинэ гишүүн богинохон засуулсан үсээ хар будгаар будуулж, сахлаа хусуулаад, бас мэл гайхсан оёдолчинд захиалан хийлгэсэн бага насны жаал хүүгийн хувцсыг өмсөх болов. Ноён Баттон тэдний гэр бүлийн анхны хүүхэд болох хүүгээ үл тоомсорлохгүй байж чадсангүй. Түүний өтөл насыг нь үл харгалзан маш тохиромжтой Медуслах гэсэн нэрний оронд хүүг түүнд өгсөн Бенжамин Баттон гэсэн нэрээр дуудах болжээ. Хүү 5 фут 8 инчийн өндөртэй байлаа. Хувцас нь бодит байдлыг нууж чадахгүй байв. Янзалж будсан хөмсгийнх нь доорх өнгөө алдаж, нулимс гүйлгэнэсэн, ядрангуй нүд бүхнийг илчилнэ. Урьдчилан хөлслөн авсан байсан хүүхэд асрагч түүнийг нэг удаа харсныхаа дараа л маш их зэвүүцэн жигшиж байшинг орхин гарчээ.

Гэвч ноён Баттон цөхөрсөнгүй. Бенжамин бол хүүхэд тиймээс хүүхэд хэвээрээ л үлдэх хэрэгтэй. Тэр эхэндээ Бенжаминд бүлээн сүү уух дургүй бол хоолгүй байх болно гэж гэж сануулсан боловч эцэст нь буулт хийж түүнд талх, цөцгий, чанасан овъёос идэж байхыг зөвшөөрчээ. Нэг өдөр гэртээ хүүхдийн шажигнадаг тоглоом авчирч Бенжаминд өгөөд түүгээр тоглохыг шаардав. Хөгшин эр тоглоомыг залхсан шинжтэй авч, тэгээд өдрийн хэсэг хугацааг шажигнах чимээг дуулгавартайгаар сонсон өнгөрүүлэх болов.

Шажигнадаг тоглоом Бенжаминыг залхаадаг байсан бөгөөд тэрээр ганцаараа үлдэх үедээ өөр зугаацуулах зүйл хайдаг байв. Нэг өдөр ноён Баттон өнгөрсөн долоо хоногт урьдынхаасаа хамаагүй илүү тамхи татсан болохоо анзаарч, тайлбарыг нь хэдэн өдрийн дараа хүүхдийн өрөөнд санамсаргүй орохдоо бүдэг цэнхэр утаагаар дүүрсэн өрөө, нүүрэндээ гэмшингүй шинж тодруулан, хар Гавань тамхины ишээ нуухыг оролдож буй Бенжаминыг хараад олж мэдэв. Мэдээж Бенжаминд хатуухан шийтгэл оноох ёстой байсан ч ноён Баттон түүнийг удирдаж чадахгүйгээ ойлгож, хүүдээ зөвхөн “Энэ чиний өсөлтийг зогсооно” гэж анхааруулав.

Түүнчлэн ноён Баттон цөхрөлтгүй оролдлогуудаа хийсээр л байлаа. Тэр тугалган цэрэг, тоглоомон галт тэрэг, хөвөн даавуугаар хийсэн амьтад худалдаж авч бүтэшгүй санаагаа хэрэгжүүлэхийг оролдсоор байв. Гэвч эцгийнхээ хичээл чармайлтыг үл харгалзан Бенжамин тэдгээрийг сонирхохоос татгалзав. Бенжамин шатаар нуугдан бууж, хүүхдийн өрөөнд Британика нэвтэрхий толь бичиг барьсаар буцаж орж ирээд, шалан дээр хайхрамжгүй тараан хаясан даавуун үнээнүүд, Ноагийн усан онгоцыг үл хайхран өдрийн турш толь бичгийг анхааралтай ширтэх боллоо. Шаргуу зантай ноён Баттоны хичээл зүтгэлүүд бүтэлгүйтэв. Удалгүй Балтиморт маш том шуугиан дэгдэв. Гэнэт гарсан Иргэний дайн хотын иргэдийн анхаарлыг өөр зүйлд хандуулав.Дээдсийн хүрээлэнгийн цөөн хэдэн эелдэг хүмүүс л тархиа гашилган байж ноён хатагтай Баттон нарт баяр хүргэж, эцэст нь хүүхэд нь өвөг эцэгтэйгээ адилхан юм гэдэг дээр санал нэгдэцгээв. Рожер Баттонд таатай биш байлаа, энэ нь Бенжамины өвөг эцэгийг маш ихээр доромжилсон явдал гэж тэр үзэв.

Нэг удаа Бенжамин санаандгүй тохиолдлоор гал тогооны өрөөний цонхыг чулуугаар хагалсан явдал аавыг нь нууцхан баярлуулав. Үүний дараагаар Бенжамин өдөр бүр ямар нэг зүйл эвдэх арга сэдэх болсон бөгөөд учир нь энэ бол бусад хүмүүсийн хүлээж байснаар түүний насны жаал хүүгээс гарах ёстой зүй ёсны үйлдэл мөн байлаа.Бенжамин өвөг эцэгтэйгээ гаднах төрхийн хувьд адилхан учир зарим тохиолдолд хүмүүс түүнээс айж эмээх бөгөөд түүнийг “Ноён...” гэж дуудах нь ч бий.

Бенжамин хөгшин хүний бие бялдар, оюун санаатай төрснийхөө учрыг олох гэж толгойгоо гашилгах болов. Тэр анагаах ухааны сэтгүүл уншсан боловч өмнө нь ийм тохиолдол тэмдэглэж үлдээсэн ганц ч жишээ олж чадсангүй. Аавынхаа шаардлагын дагуу тэр бусад хүүхдүүдтэй тоглохыг хичээдэг байсан бөгөөд хэд хэдэн удаа хөл бөмбөг тоглохдоо бөмбөг түүнийг цохиж, хөгшин ясыг нь хугалах вий гэхээс айн чичирдэг байлаа.

Түүнийг таван настай байхад нь хүүхдийн цэцэрлэгт явуулав. Тэнд ногоон болон улбар шар цаасыг хооронд нь наах, газрын зургаар сүлжиж явах, хатуу цаасаар хүзүүний зүүлт хэлхэх гэх мэт урлагыг зааж эхлэв. Бенжамин эдгээр даалгаварын үеэр үргэлж нойрмоглож байдаг нь залуу багшийнх нь уурыг бас айдсыг нь хүргэж байлаа. Багш нь эцэг эхэд нь энэ тухай тайлбарлаж, дараа нь Бенжаминыг цэцэрлэгээс гаргав.

...Бенжамин арван хоёр насныхаа төрсөн өдрөөс цөөхөн хэд хоногийн дараа нэг өдөр толинд харж байхдаа харсан зүйлдээ маш их гайхшрав. Нүд нь түүнийг хуураад байна уу эсвэл түүний амьдралын арван хоёр жилийн турш будган доор нуугдаж байсан цагаан үс нь бараан саарал өнгөтэй болчихоо юу? Нүүрэн дээрх үрчлээсүүд нь багасчихсан юм уу? Арьс нь илүү эрүүл, бас бага зэрэг ягаан туяатай болчихож ? Тэр хэлж мэдэхгүй байлаа. Гэхдээ тэр бөгтийхөө больж, бие махбодийн байдал нь амьдралынх нь эхэн үеэс сайжирсан болохыг мэдэж байлаа.

“Ийм байж болно гэж үү?...” гэж тэр арайхийн бодов.

Тэр аав дээрээ очоод “Би өсчихөж” гэж шийдэмгийгээр мэдэгдэв. “Би арай урт өмд өмсөхийг хүсч байна”

Аав нь хэсэг тээнэглэзэв. “Тэгэхээр” гэж тэр эцэст нь хэлээд “Би мэдэхгүй байна. Арван дөрөв бол илүү урт өмд өмсөх нас...харин чи ердөө л арван хоёртой”

“Гэхдээ та зөвшөөрөх хэрэгтэй” гэж Бенжамин эсэргүүцэв. “Би өөрийнхөө наснаас илүү том болчихож”. Аав нь түүнийг ажиглан харснаа “Би үүнд итгэлтэй биш байна. Би арван хоёртой байхдаа чам шиг л том байсан”

Гэвч энэ нь үнэн биш байлаа. Энэ бол хүүгээ жирийн гэж өөртөө итгүүлэхийг оролддог Рожер Баттоны оролдлогынх нь нэг хэсэг байв.

Эцэст нь буулт хийхэд хүрсэн юм. Бенжамин үсээ үргэлжүүлэн будсаар байлаа. Тэр өөрийн насны хөвгүүдтэй тоглохыг илүү их хичээх болов. Тэр гудамжинд таягтай явахаа болив. Аав нь түүнд урт өмдтэй хослол өмсөхийг зөвшөөрөв...
4

Бенжамин Баттоны арван хоёроос хорин насных нь хоорон дахь амьдралаас би маш багахан өгүүлэхээр төлөвлөсөн юм. Ерөнхийдөө бол эдгээр он жилүүд “өсөж том болохын эсрэг” жилүүд байсан гэж тэмдэглэхэд л хангалттай. Бенжамин арван найман настай байхдаа тавин настай эрэгтэй хүн шиг харагдах болов, тэр хар саарал өнгийн өтгөвтөр үстэй болж, алхаа нь хатуу чанга, дуу хоолой нь эрүүл баргил болов. Иймээс аав нь түүнийг Иел коллежид элсэн орох шалгалт өгүүлэхээр Коннектикут руу явуулав.

Бенжамин шалгалтаа өгч, нэгдүгээр дамжааны оюутан боллоо. Түүнийг коллежид элсэн орсноос хойш гурав хоногийн дараа коллежийн бүртгэгч ноён Хартаас түүний өрөөнд хүрэлцэн ирж, хичээлийн хөтөлбөрөө төлөвлөхийг хүссэн мэдэгдэл хүлээн авав. Бенжамин толинд хяламхийн хараад үсээ бор өнгөөр ахин будах шаардлагатай юм байна гэж шийдэв. Тэр бичгийн ширээнийхээ шургуулгыг нээж , шилтэй үсний будаг нь байхгүй байгааг хараад сандрав. Дараа нь тэр уржигдар уг шилийг унагаад асгачихсан болохоо саналаа.

Тэр яах ч аргагүй байдалд оров. Бенжамин бүртгэгчийн өрөөнд товлосон цагаас таван минутын дараа очив. Түүнд туслах юу ч байхгүй мэт санагдаж байлаа. Тэр өрөөнд оров.

“Өглөөний мэнд” гэж бүртгэгч эелдгээр хэлэв. “Та хүүгийнхээ талаар асуухаар ирээ юу?”

“Яагаад гэвэл, миний ирсэн шалтгаан бол, намайг Баттон...” гэж Бенжаминыг эхэлтэл ноён Харт яриаг нь таслав.

“Би тантай уулзсандаа маш таатай байна, ноён Баттон. Би танай хүүг энд хүлээж байсан юм”

“Тэр чинь би байна!” Бенжамин чангаар хэлэв. “Би нэгдүгээр дамжааны оюутан”

“Юу гэнээ?”

“Би нэгдүгээр дамжааны оюутан”

“Та тоглож байгаа байлгүй дээ”

“Үгүй ээ”

Бүртгэгч хөмсөг зангидан, урдаа байгаа хуудас цаасыг хяламхийн харав. “Би Бенжамин Баттоныг арван найм орчим настай гэж бодсон юмсан”

“Би арван наймтай” гэж ялимгүй улайсан Бенжамин хэлэв.

Бүртгэгч залхсан шинжтэй түүн рүү хараад “Одоо болно, ноён Баттон, үүнд чинь намайг итгэнэ гэж битгий найд”

Бенжамин зовсон шинжтэй инээмсэглэн “Би арван наймтай” гэж давтан хэлэв.

Бүртгэгч хаалга руу ширүүнээр заагаад “Гарч үз” гэж хэлэв. “Коллежаас гар, тэгээд бас хотоос яв. Та аюултай галзуу этгээд байна”

“Би арван наймтай”

Ноён Харт хаалга онгойлгоод “Гар” гэж хашгирав. “Таны насны эр хүн нэгдүгээр дамжааны оюутан болохыг оролдож байдаг. Та арван наймтай юм биз дээ? Тэгэхээр, би танд хотыг орхиж явахад чинь арван найман минут өгье”

Бенжамин Баттон өрөөнөөс намбатайгаар алхан гарахад үүдний өрөөнд хүлээж байсан олон арван оюутнууд түүнийг гайхан ширтсээр байлаа. Тэр гэнэт эргэн, хаалганы дэргэд зогссоор байгаа ууртай бүртгэгч рүү хараад хатуу хоолойгоор давтан хэлэв. “Би арван наймтай”

Хэсэг оюутнуудын инээлдэх дуу гарч, Бенжамин тэндээс алхан явлаа.

Тэр маш гунигтайгаар төмөр замын буудал руу алхаж байхдаа олон оюутнууд түүнийг даган явсаар байгааг анзаарав. Нэг солиотой этгээд Иел коллежид элсэн орох шалгалт өгч, өөрийгөө арван наймтай гэж итгүүлэхийг оролдсон тухай яриа энд тэндгүй таржээ. Коллеж даяар уг сэтгэл хөөргөм мэдээ тархсан байлаа.

Эрэгтэй оюутнууд ангиасаа гүйн гарцгааж, хөл бөмбөгийн багийнхан дасгал сургуулилтаа орхин, олон хүн дунд нэгдэцгээжээ. Профессоруудын эхнэрүүд хүртэл байсан газраа орхин олон хүн шуугилдан буй жагсаалын зүг гүйн ирцгээв.

“Тэр тэнүүлч Еврей хүн байх!”

“Түүний насан дээр их сургуульд явах хэрэгтэй!”

“Энэ гоц авьяастанг хараач!”. “Тэр сургуулийг хөгшин эрийн гэр гээд бодчихож”

“Харвард руу яв!”

Бенжамин алхаагаа хурдасгаж, сүүлдээ гүйж эхлэв. Тэр тэдэнд харуулах болно! Тэр Харвард руу явах болно, тэгээд тэд ингэж элэг доог хийсэндээ харамсах болно! Балтимор руу явах галт тэргэнд суусныхаа дараа Бенжамин цонхоор толгойгоо цухуйлгаж “Та нар харамсах болно!” гэж хашгирлаа.

“Ха ха!” оюутнууд инээлдэцгээв. “Ха ха ха!”. Энэ бол Иел коллежийн хийж байсан хамгийн том алдаа байлаа...
5

Бенжамин Баттон 1880 онд хорь хүрч, төрсөн өдрөө аавынхаа «Рожер Баттон ба К°. Төмөр эдлэлийн бөөний худалдаа» компанид түнш болсон үйл явдлаар тэмдэглэлээ. Мөн тэр жилдээ хотын дээдсийн хүрээлэнд үзэгддэг болсон ч үнэндээ бол эцэг нь мань хүнийг дээдсийн хүлээн авалт, цэнгүүнд бараг л хүчээр шахуу оролцуулдаг байв. Рожер Баттон тавь хүрээд байсан болохоор эцэг, хүү хоёр хоорондоо хавьгүй илүү нийцтэй харагдах болсон төдийгүй Бенжамин буурал нь бүрэн арилаагүй хэвээр байсан ч гэлээ үсээ будахаа больсон болохоор тэр хоёр үе тэнгийн хүмүүс мэт харагдаж, ах дүү хоёр явж байна гэж санагдахаар болжээ.

Наймдугаар сарын нэгэн үдэш эцэг, хүү хоёр үдшийн өмсгөлөө өмсөж аваад сүйх тэрэг хөлөглөн Балтимороос холгүй байдаг Шевлингүүдийн хотын гаднах эдлэн газар очихоор явцгаалаа.

Үнэхээр гайхалтай үдэш байлаа. Тэргэл саран зам харгуйг мөнгөлөг зөөлөн туяанд умбуулж, өчүүхэн төдий ч салхи үл үлээх хөдөлгөөнгүй агаарыг гундаж эхэлсэн намрын цэцэгс анхилуун үнэрээр дүүргэх нь нам бөгөөд дөнгөж сонсогдох төдий инээдээр тэнд энд нь чимэж байгаа мэт санагдана. Тэртээ алсаас эхлэн эргэн тойрон улаан буудайн хивсээр бүрхэгдсэн өргөн талбайнууд галын дөлийн гэрэл туссан мэт гэрэлтэх аж.

Бүгд л тэнгэр газрын энэхүү цэвэр ариун үзэсгэлэнд сэтгэл нь хөдөлсөн мэт санагдаж байлаа. .. санагдаж байлаа ... мэт...

- Нээрээ шүү, хөнгөн төмөр эдлэлийн наймаанд асар их ирээдүй бий гэсээр Рожер Баттон ярьж явлаа. Энэ хүний гоо сайхны мэдрэмж нь дөнгөж үр төдий явсан болохоор гоо сайхныг мэдэрдэггүй байлаа.

- Миний насанд одоогийн энэ бүх шинэчлэлд суралцах дэндүү оройтож. Харин эрч хүчээр дүүрэн өсч яваа залуу хүмүүс та нарт бол агуу их ирээдүй байна гэж тэрээр бодлогоширонгуй хэлэв.

Эдлэн газрын гэрэл тэртээ хол, урд анивчин харагдаж эхлээд удалгүй сарны гэрэлд хийл хөгжим санаа алдаж, эсвэл улаан буудай ширчигнэн дуугарах мэт аядуу нам өнгөтэй ч үл тасран дуугарах нүргэлэх сонсгодож эхэллээ.

Дотроос зочид нь бууж харагдсан нэгэн тансаг сүйх тэрэгний хажууд тэд зогслоо. Сүйх тэрэгнээс эхлээд дундаж насны ахайтан, дараа нь настайвтар ноён бууж, дараа нь үнэхээр дуу алдаж нүд булаам үзэсгэлэнтэй залуу хатагтай буулаа. Бенжаминий дотор ямар нэгэн химийн урвал явагдаж байгаа мэт болоод бүх л сэтгэл, ухаан нь хувиран өөрчлөгдөх шиг болоход давхийн цочилоо. Мань хүний дотор нь хүйт даан салгалаж, хацар дух нь улайн, чих шуугиад ирэв. Энэ бол анхны хайр ирсэн хэрэг байлаа.

Бүсгүй гоолиг бөгөөд энхрий ажээ. Сарны гэрэлд бүсгүйн үс үнс мэт саарал өнгөтэй харагдаж байсан бол орцны өмнө, исгэрэн гэрэл цацруулах хийн дэнлүүний гэрэлд үс нь зөгийн балны шар өнгөөр гялалзаж харагдана. Арагш шидлэн үсээ давуулж нөмөрсөн алтлаг өнгөтэй, торгон дотортой сүлжмэл испани гивлүүр түүний мөрийг нь бүрхэж, дур булаам хөл нь даашинзны хормойн доороос цухуйж харагдна.

- Энэ бол Монкриф генералын охин Хильдегарда Монкриф байна гэж Рожер Баттон хүүдээ шивнэлээ.

Бенжамин биеэ барьсан янзтай толгой дохилоо.

- Гайгүй царайлаг юм гэж мань эр үл тоосон аястай үг цухуйлгав. Тэгээд хар арьст зарц нь морьдыг холдуулсны дараагаар:

- Аав аа, та намайг энэ бүсгүйд танилцуулж чадахгүй биз? гэж асуув.

Залуу авхай Монкрифыг бүчин авсан зочдод аав хүү хоёр дөхөж очлоо. Бүсгүй эртний уламжлалын дагуу Бенжаминд мэхийн ёслож амар мэндийг нь ирэв. Мань хүн ч хариу талархал илэрхийлээд холдон явах зуур хөл нь салгалаад арай л уначихлгүй дэнжигнэж байв. Цаг хугацаа шаналгаатай удаан мөлхөх тул мань хүн арай ядан өөрийн ээлж ирэхийг хүлээнэ. Дуугаа хурааж, царайгаа дүнсийлгэн хананы дэргэд зогсох зуураар тэрээр Хильдегарда Монкрифийг салалгүй дагах Балтиморын язгууртан удмын залуусын дурласан төрхтэй хөөрүү царайг аймшигтай доромжилсон харцаар дагуулан харж байлаа. Тэвчиж тэсхийн аргагүй залуухан тэр хүмүүс Бенжамины дургүйг ямар их хүргэж байсан гээ. Тэр залуусын буржийн хөврөх боровтор хууз сахал нь мань хүнд гэдэсний базлалт шиг таагүй мэдрэмж төрүүлж байлаа.

Ингэсээр түүний ээлж ирж, бүсгүйтэй хамт чамин донжтой парис вальсын аян дор гялалзан гялбах шалан дээгүүр эргэж эхлэхэд бүх л хардалт, түгшүүр нь хаврын цас мэт хайлан алга болвай.

Хильдегарда гялалзсан гүн цэнхэр нүдээрээ ширтэн байж:

-Та ахтайгаа хамт бидний араас ирж байсан, тийм үү? гэж түүнээс асуув.

Бенжамин хэсэг зуур балмагдлаа. Аавыг нь ах нь гэж харсан хүнд үнэнийг хэлэх хэрэг ер нь байна уу? Йелийн их сургуульд өөрт нь юу тохиолдсоныг мань хүн санаад дуугүй өнгөрөхөөр шийдлэ. Эмэгтэй хүнд үгүйсгэсэн хариу өгнө гэдэг бүдүүлэг хэрэг. Тэгээд ч ийм гайхалтай мөчийг хорвоод яаж төрсөн талаарх утга авцалдаагүй яриагаар булингартуулах нь гэмт хэрэг хийснээс өөрцгүй. Дараа нь л тэгэж байгаад... Ингээд мань хүн инээмсэглэн толгой дохиж, бүсгүйн үг бүрийг шимтэн сонсоод диваажинд хөвж явлаа.

-Таны насны эрчүүд надад таалагддаг юм гэж Хильдегардаа хэлж байлаа.

-Энэ хөвгүүд ёстой тэнэг. Коллежид очоод хэр их оргилуун дарс уудаг, хөзөрдөөд ямар их мөнгө алддаг гэдгээрээ онгирцгоох юм. Харин таны насны эрчүүд бол эмэгтэй хүнийг жинхэнэ утгаар нь хүндэлж чаддаг.

Бенжамин гэнэт яг одоо, энэ агшинд бүсгүйгээс эхнэрээ болохыг гуйхад бэлэн байгаагаа мэдэрсэн ч сэтгэлээ чангалан байж хүслээ дарж чадав.

-Таны нас бол хамгийн романтик нас. Та тавь хүрчихсэн. Харин хорин тавтайдаа эрчүүд өөрсдийгөө бүгдийг мэддэг гэж боддог. Гучтайдаа ажилдаа хэт нухлуулсан байдаг. Дөчтэйдээ ярих зуураа бүтэн хайрцаг навчин тамхи татаж амжих эцэс, төгсгөлгүй түүх ярьж суудаг. Жартайдаа... харин жар хүрсэн бол удалгүй дал хүрнээ гэсэн үг. Харин тавин нас бол жинхэнэ эр хүний нас. Ийм болохоор л надад их таалагддаг юм.

Нээрээ ч тавин наснаас илүү сайхан нас байхгүй дээ гэж Бенжамин бодлоо. Тэгээд тавин настай эр хүн байхыг ямар их хүсч байсан гээ.

Тэр үдшийн турш Бенжамин зөгийн балын мэт алтан шаргал өнгөнд умбаж өнгөрөөлөө. Хильдегардаа ахин хоёр ч удаа хамт бүжиглэж мань нүийг гийгүүлсэн бөгөөд, амьдралын бүх л чухал асуудлын талаарх үзэл бодол нь гайхалтай таарч байгааг хоёулаа олж мэджээ. Улмаар энэ чухал яриагаа үргэлжлүүлэхийн тулд түүнтэй ням гарагт хамт салхилахыг бүсгүй зөвшөөрлөө.

Эртэч зөөгийнүүд дүнгэнээд эхэлчихсэн, бүүдийх саран шүүдрийн хүйтэн дусалд туссан үүр түүрээр гэртээ харж явьсан Бенжамин хөнгөн төмөр эдлэлийн бөөний наймааны талаарх эцгийнхээ яриаг зүүдэн дундаа мэт тэртээ холоос сонсон явлаа.

- ..ингэхэд алх, хадаас хоёроос өөр юунд давхар анхаарвал дээр гэж чи бодож байна?

- Дурлал хайр гэж Бенжамин хайнгадуу хариулав.

- Дурын хамаагүй гэнэ ээ? Тэгэж дурын юмаар наймаа хийж яаж болох юм бэ гэж Рожер Батон уулга алдлаа.

Бенжамин аавыгаа огт өөр зүйл бодсон харцаар ширтэн явах зуур дорно зүгт тэнгэрийн хаяанд гэрэл дүрсхийн асч, амь орон сэрж эхэлсэн навчсын дотроос гургалдай нарийхан хоолойгоор исгэрч эхэлвэй.
6

Хагас жилийн дараа залуу авхай Хильдегарда Монкриф ба залуу ноётон Бенжамин Баттон хоёрыг сүй тавьсан тухай чимээ тарсан даруйд, яагаад “чимээ тарсан” гэж байгаа юм бэ гэхээр Мокриф генералтан энэ сүйн тухай албан ёсоор зарлсан дорвоол өөрөө өөрийгөө сэлмээр цөө сүлбэнэ гэж мэдэгдсэн хэрэг л дээ, ингээд энэ тухай чимээ тарж эхэлсэн даруйд Балтиморын дээдсийн хүрээлэн үймсэн зөгийн үүр шиг дүнгэнэж эхэллээ. Бенжаминыг хорвоод мэндэлсэн тухай бараг мартагдаад байсан түүх ахин сөхөгдөж, янз бүрийн ам дамжсаар сүүлдээ итгэмээргүй, аймшигтай хэлбэр янзтай болж орхив. Ямар сайндаа л зарим нь Бенжаминыг Рожерийн Баттоны эцэг гэцгээж, зарим нь болохоор түүнийг дөчин жил шоронд суугаад гарч ирсэн Рожерийн ихрийн өрөөсөн гэж, зарим нь түүнийг зүсээ хувилгасан Жон Уилкс Бут гэээд эцэст нь бүр толгойд нь шовх үзүүртэй хоёр эвэр байдаг гэж хүртэл цуурч байх вэ дэ.

Нью-Йоркийн сонинуудын ням гарагын хавсралт дугаараад дуулианыг өлгөж аваад дэвэргэцгээн Бенжамин Баттоныг загас, могой эсвэл бүр зэс цутгамал хэлбэртэйгээр дүрслэсэн янз бүрийн донжтой шог зураг олныг гаргах нь тэр. Сонин хэвлэлүүд мань хүнийг Мэрилэндээс ирсэн Нууцлаг үл таних хүн гэж цоллоно. Харин түүний бодит түүхийг ер нь иймэрхүү тохиолдолд байдагчлэн мэддэг хүн бараг байсангүй.

Гэсэн атал Балтиморын охь болсон залуусын хэнийх нь л бол хэнийх нь эхнэр болж чадах хөөрхөн бүсгүйг яаж ч харсан тавь гарсан хүний эхнэр болгох нь гэмт хэрэг хийсэнтэй адил гэцгээн бүгд Монкриф генералтай санал нийлж байлаа. Ноён Рожер Батон хүүгийнхээ төрсний гэрчилгээг балтиморын “Дөл” сонинд том сүгээр хэвлээд ч нэмэр алга. Түүнд итгэх хүн нэг ч гарсангүй. Бенжаминыг хармагц бүх зүйл ойлгомжтой болж байсан болохоор аргагүй л дээ.

Харин энэ бүх түүх хамгийн ихээр хамаатай хоёр хүн бодлоо огт өөрчилсөнгүй. Хильдегарда авхайн сүйт залуугийн тухай дэндүү олон ор үндэсгүй цуу яриа яригдаж байсан болохоор бүсгүй ч тас зөрөөд бодит үнэнд ч итгэхийг хүссэнгүй. Тавь хүрсэн, хүрээгүй юм гэхэд гадаад байдлаар нь тавь хүрсэн гэж болох эрчүдийн дундах нас баралт ямар их байдгийг Монкриф генерал охиндоо удаа дараалан хэлээд ч нэмэр болсонгүй. Төмөр эдлэлийн наймааг ямар ч ирээдүйгүй, баталгаагүй гэж бүсгүйд итгүүлэх гэсэн болов ч нэмэрийг олсонгүй. Хильдегарда нас тогтсон эртэй гэрлэнэ гэж нэгэнт шийдсэн болохоор тас зөрж орхилоо.
7

Хильдегарда Монкрифт сайн сайхныг хүссэн хүмүүс ямар ч байсан нэг зүйл дээр гарцаагүй ташаарч байлаа. Төмөр эдлэлийн наймаа үнэндээ бол цэцэглэж байсан юм. Бенжаминыг гэрлэсэн 1880 оноос хойш эцэг нь ажлаа түүнд бүрэн даатгасан 1895 он хүртэлх 15 жилийн дотор тэдний хөрөнгө нь дийлэнхдээ бага Баттоны чармайлтын ачаар хоёр дахин өссөн байв.

Балтиморын дээдсийн хүрээлэн яваандаа манай хоёрыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг ярих нь илүүц байх. Өөрийнх бичиж, есөн том хэвлэлийн газраас татгалзсан хариу аваад байсан “Иргэний дайны түүх” нэртэй 12 боть судалгааг нь хэвлэх мөнгийг Бенжамин өгсний дараагаар хөгшин генерал Монкриф хүртэл хүргэнтэйгээ эвлэрсэн юм.

Энэ арван таван жилийн дотор Бенжамин ч багагүй өөрчлөгдсөн билээ. Судсаар нь гүйх цус илүү эрчтэй болсон мэт түүнд санагдана. Одоо бол мань хүн өглөө эртээр дуртайяа босоод нарны гэрэл цалгилж хүн бялхсан гудмуудаар цовоо гэгч нь алхалан алх, хадаасыг ядрахыг үл мэдэн хүлээн авч бас зардаг боллоо. 1890 онд мань эр хадаас хийсэн хайрцагийг хадсан бүх хадааснууд нь хайрцагийг явуулсан компаний хувийн өмч мөн болно гэсэн саналыг сенатад оруулж, улмаар энэ санал нь дээд шүүхийн шүүгч Фоссайлыг дэмжисний дараагаар хууль болон батлагдаснаар өрсөлдөгчиддөө шийдвэрлэх цохилт өгч, үр дүнд нь «Роджер Баттон ба К°» компани нь жил болгон 600 гаруй хадаас хэмнэдэг болсон билээ.

Үүнээс гадна хүнд баяр баясгалан өгдөг амьдралын өдөр тутмын эгэл зүйлс өөрийг улам ихээр татах болсныг Бенжамин мэдэрсэн юм. Амьдралаас таашаалах хүртэх гэсэн энэхүү өсөн нэмэгдэх хүслийн үр дүнд мань хүн Балтимор хотын анхны машиныг худалдан авсан билээ. Бенжаминтай гудманд таарсан үе тэнгийнх нь эрчүүд болохоор эрүүл бие, эрч хүчий бэлэгдэл болсон машин руу нь атаархсан голдуу харц шидэлдэг байлаа.

- Манай хүн ч жил ирэх тусам залуужаад ч байгаа юм шиг гэж тэд ярьцгаана.

Тэр үед 65 насыг зооглоод байсан хөгшин Рожер Баттон хүүгийнхээ урд хойно нь гарч, зусардах нь холгүй гүйдэг болсон тул анхандаа хүүгээ зохих ёсоор үнэлж хүндлээгүй гэсэн нүглээ эцсийн бүлэгт цайруулж чадсан юм.

Харин одоо аль болох хурдхан шиг дуусгавал зохих тийм ч таатай бус зүйлийг талаар ярихаас өөр аргагүй боллоо. Эхнэрээ эр хүний ёсоор хүсэхээ больсон гэдэг нэг л зүйл Бенжамин Баттоныг түгшээж байсан юм.

Хильдегарда тэр үед гучин тав хүрчихсэн Роско нэртэй арван дөрвөн настай хүүтэй болчихсон байлаа.

Гэрлэснээс хойш эхний үед Бенжамин түнийг юу юунаас илүү дээдэлдэг байсан. Гэвч он жилүүд өнгөрсөөр цагтаан бол зөгийн бал мэт шаргал өнгөөр гялалздаг байсан түүний үсэнд одоо уйтгар төрүүлэм, бохирдуу туяа татсан байв. Гүн цэнхэр нүд нь бүдгэрч чийгтэй шавартай адил өнгөтэй болжээ. Ингээд ч зогсохгүй тэрээр хүсэл сэтгэлээ илэрхийлэхдээ дэндүү хайнга, дэндүү тайван, дэндүү цатгалдсан гэмээр болж, сонирхдог зүйлс нь дэндүү явцуу болсон нь хамгийн гол нь байлаа.

Хуримлахын өмнө Хильдегарда л хүлээн авалт, хүндэтгэлийн зоогонд Бенжаминыг хүчээр шахуу дагуулж авчирдаг байсан бол одоо эсрэгээрээ болжээ. Тэрээр одоо нөхрийн хамт үүгээр түүгээр зочилдог ч нэг сайхан нартай өдөр хүнийг атгандаа оруулж аваад, үхэн үхтэл нь салалгүй явдаг, давж дийлэхийн аргагүй инерцийн эрхээр явдаг байсан болохоор ямар ч дур, сонирхолгүй дагаж явдаг болжээ.

Бенжамины дургүйцэл өссөөр. Испани Америк хоорондын дайн эхэлсэн 1898 он гэхэд мань хүний ар гэрээ гэх бодол тартагтаа тулж, ямар сайндаа л армид сайн дураар элсэхээр шийдсэн байх вэ. Тэгээд танил талаа ашиглаж байгаад ахмад цолтой явж, үнэхээр гайхалтай чадвараа харуулсан болохоор цол ахиж эхлээд хошууч, дараа нь бүр дэд хурандаа болоод энэ цолтой Сан Хуан Хиллийн дэргэд болсон алдарт тулаанд оролцоод авав. Тэнд мань хүн хөнгөн шарх авч медалиар шагнуулсан юм.

Адал явдал, түгшүүрээр дүүрэн армийн амьдралд Бенжамин дэндүү их дасаад байсан болохоор холдоход их хэцүү байсан ч бизнесийн шаардлагын улмаас харихаас өөр аргагүй болсон тул халагдаж, Балтимортоо эргэж ирлээ. Мань хүнийг ирэхэд хүмүүс төмөр замын буудал дээр найрал хөгжимтэй хүлээн авч, хүндэт дагалаар хүрээлэн гэрт нь хүргэж өглөө.
8

Хильдегарда тагтан дээрээ гарчихсан том торгон далбаагаар далласаар мань хүнийг угтсан хэдий ч эхнэрээ үнссэн даруйдаа гурван жилийн дотор зарим зүйлс эргэлт буцалтгүй өөрчлөгдсөн гэдгийг Бенжамин зүрхээ шимшрүүлэн байж ойлголоо.

Үс нь бууралтаад эхэлчихсэн дөчин настай эмэгтэй л урд нь зогсож байлаа. Энэ байдал мань эрийг тун ч арга мухардуулах нь тэр.

Өрөөндөө ороод хуучин толинд тусах тусгалаа хараад ойртон очиж, дайны өмнө авахуулсан фото зураг руугаа байсхийн харж байгаад нүүр царайгаа түгшүүрт автан ажиглаж эхэллээ.

- Ээ, бурхан минь гэж мань хүн уулгаж алдаж орхих нь тэр.

Үнэхээр гайхалтай үйл явц үргэлжилсээр ажээ. Одоо тэр гучин настай эр шиг харагдаж байгаа нь ямар ч эргэлзээгүй. Гэхдээ үүнд мань хүн огтхон ч баярлсангүй төдийгүй харин ч эргэлт буцалтгүй залуужиж байна гэхээс дотор нь эвгүйрч орхилоо. Бие махбодь нь бодит настай нь адил болоод ирэхээр бурхан тэнгэр мань хүнийг хорвоод төрөх үед гаргасан алдаагаа засах байх гэсэн найдлага урд нь бол бас байсан. Мань хүн сэртэсхийв. Ирээдүй нь аймшигтай, үзэшгүй муухайгаар төсөөлөгдсөн нь тэр байлаа.

Хильдегардаа түүнийг аль хэдийн доор хүлээж байв. Царай нь их дургүйцсэн, уурласан янзтай байсан болохоор мань эр эхнэрээ ямар нэг сэжиг авчихсан юм биш байгаа гэж бодлоо. Хүйтэн хөндий харьцааг бага ч болов засах гэсэндээ мань хүн сэтгэлийг нь ихэд зовоож байсан сэдвээр, аль болох эелдэг гэж бодсон байдлаараа яриа дэлгэлээ.

- Ингэхэд бүгд намайг залуужсан байна гэцгээх юм гэж тэрээр санамсаргүй мэт хэлэв.

Хильдегардаа түүн рүү доромжилсон харц чулуудаад, үл тоосон байдлаар уулга алдав.

- Онгирох юм аа мөн олов оо.

- Би онгироогүй л байна шүү дээ гэж тэрээр хариулахад дотор нь хачин эвгүй мэдрэмж төрөв.

Эхнэр нь ахиад л үл тоосон байдалтай дуу гаргав.

- Энэ л дутаад байж гэнэ дээ гэж тэр хэлээд хэсэг зуур дуугаа хурааснаа:

- Чамайг энэ бүхнийг нэг мөр дуусгаж чадна гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Мань эр ихэд гайхан:

- Яаж тэр билээ? гэж асуув.

- Надад чамтай маргах хүсэл ер алга гэж эхнэр нь тас ширвэлээ.

- Хүний хийж байгаа юм болгон нөхцөл байдлаасаа шалтгаалаад намбатай, ёс төртэй, эсвэл замбараагүй завхарсан гэж ялгагддаг. Харин чи тийм л их бусадтай адилгүй, орь ганцаараа байхаар шийдсэн яая гэх вэ би чамд саад болж чадахгүй ч ямар ч байсан наад чинь чиний зүгээс тийм ч боловсон, эелдэг хэрэг биш гэж надад санагдаж байна.

- Хильдегарда минь дээ, гол нь би яаж ч чадахгүй байна шүү дээ, надад итгэ.

- Би ч бас чадахгүй нь. Чи бол зүгээр л зөрүүдлэж байгаа. Хэнтэй ч адилгүй, орь ганц байхаар шийдээд насанд туршдаа тийм ч байсан, тийм л үлдэнэ. Гэхдээ чи сайн бодоод үз л дээ? Хүн болгон амьдралд чамтай адил ханддаг байсан бол энэ дэлхий ертөнц чинь юу болж хувирах байсан бэ гээд бод?

Ийм утгагүй учирлалд хариулах боломжгүй байсан болохоор Бенжамин дуугүй өнгөрсөн чинь тэр мөчөөс эхлэн эхнэр хоёрыг дунд гараад байсан ангал улам бүр өргөссөн юм. Ийм эмэгтэй нэгэн цагт өөрийг нь яаж уярааж чадсан юм бол гэж мань эр гайхахаас цаашгүй.

Гэтэл шинэ зуун ирэхтэй зэрэгцэн амьдралаас ханамж авах хүсэл нь ядаж байхад бүр ч ихээр нэмэгдэж эхэлснийг мань хүн олж мэдрэх нь тэр. Ингээд тэрээр Балтиморын бүх хүлээн авалтуудад алгасалгүй оролцож, нөхөрт гарсан залуухан хатагтай нартай бүжиглэж, дээдсийн хүрээлээнд анх хөл тавьж байгаа царайлаг бүсгүйчүүлтэй чалчин, салалгүй эргүүлдэх болж, гэр бүлийнх нь хүн харин харсан хүний дотор бараймаар царайтай, нас дээр гарсан бэлэвсэн эхнэр шиг болчихоод хөгшин авхай нарын дунд суунгаа царайгаа нэг бол ихэмсэг бөгөөд үзэн ядсан төрхтэй болгож, үгүй бол мань эрийг гайхшрал, зэмлэлээр дүүрэн харцаар тасралтгүй ширтэн суудаг болжээ.

- Ёстой ч арай ч дээ гэж үүнийг харсан бүгд уулга алдацгаана.

- Юутай өрөвдмөөр юм бэ? Ийм залуу хүн 45 хэдийн гарсан хөгшин чавганцтай суучих гэж. Эхнэрээсээ яаж харсан хорин насаар залуу гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ.

Хүмүүний ой тогтоол гэдэг богино юм болохоор эцэг, эхчүүд нь 1880 онд зөрөө ихтэй энэхүү гэрлэлтийн талаар адил үгээр хэл амаа билүүдэж байсныг энэ хүмүүс мартсан ажээ.

Мань Бенжамин гэртээ таагүй зүйл олныг тэвчих хэрэгтэй болсон ч олноор гарч ирсэн шинэ сонирхолууд нь таагүй зүйлсийг дор нь нөхөж байлаа. Мань хүн гольф тоглодог болж, үнэхээр гайхалтай амжилт үзүүлэв. Мань хүн бүжиг сонирхох болсноор 1906 онд бостоныг бүгдээс илт давуу, 1908 онд максикаг толгой илүү бүжиглэж, 1909 онд касул уок бүжиглэх чадварт нь хотын бүх залуус атаархаж байлаа.

Дээдсийн хүрээлэнд амжилт гаргахад бизнес нь бага зэрэг саад болж байсан нь ойлгомжтой ч хөнгөн төмөр эдлэлийн наймааг мань эр хорин таван жил хийчихсэн болохоор саяхан Харвардын их сургууль дүүргээд байсан хүү Роскодоо түүнээ удалгүй шилжүүлэхэд болох байх гэж бодож явлаа.

Хүмүүс мань хүнийг Роскотой андуурч, бас Роског эсрэгээрээ андуурах нь олон болж ирлээ. Бенжаминд энэ бүхэн их сайхан санагдаж байсан болохоор Испан-Америкийн дайнаас иргэж ирээд байхдаа автсан муу ёрын айдсыг удалгүй мартаж, гадаад байдалдаа гэнэн цайлганаар баярлан таашаах болов. Мань эр олны нүдэнд эхнэртэйгээ хамт үзэгдэхийг үзэн яддаг болсон гэдэг цорын ганц зүйл л энэ бүх баяр баясгаланг нь сэвтүүлэх аж. Хильдегардаа хэзээ мөдгүй тавь хүрэх гэж байсан болохоор түүнийг харах тоолондоо тэрээр яахаа мэдэхгүй барьц алдана...
9

«Рожер Баттон ба К°» компани Роско Баттоны гарт шилжэснээс хэдэн жилийн дараа нэгэн удаа буюу 1910 оны 9-р сард, хорь гаруй настай гэж хэлмээр гадаад төрх байдалтай залуу хүн Кембриж дэх Харвардын их сургуулийн нэгдүгээр дамжаанд элсэн орсон билээ. Тэр залуу өөрийгөө тавь аль хэдийн гарсан, хүү нь энэ сургуулийг арваад жилийн өмнө төгссөн гэдгийг хэлж хувь тавилангаа баллах алдаа хийлгүй дуугүй өнгөрсөн бөлгөө.

Түүнийг их сургуульд бүртгэн авсан төдийгүй төд удалгүй тэрээр өөрийн бүлгийн сурагчдын манлайлагчдын нэг болсон нь дийлэнх нь 18 настай нэг дамжааныхнаасаа бага зэрэг ахимаг харагдаж байсантай тодорхой хэмжээгээр холбоотой байсан байж тун магадгүй юм.

Гэхдээ Йелийн коллежийн шигшээ багийн эсрэг хийсэн хөл бөмбөгийн тоглолтын үеэр үнэхээр гайхалтай бөгөөд хэрсүү ухаан, үл өршөөх догшин хилэнтэй тоглолтыг харуулж, торгуулийн долоо, ердийн 14 бөмбөг эсрэг талынхаа хаалганд хийж, улмаар үүний дараа эсрэг талын бүх 11 тоглолчийг талбай дээрээс ухаангүй авч явсны дараагаар мань эр жинхэнэ нэр алдрыг оргилд хүрсэн юм.

Гэвч хэдий хачирхалтай ч гэлээ мань хүн гуравдугаар дамжаанд орсны дараанаас хөл бөмбөг арай хийн тоглодог болсон байлаа. Түүнийг нэлээдгүй турсан байгааг дасгалжуулагчид анзаарсан бол нуруугаар арай намхан болсон гэдэг нь хамгийн гярхай заримынх нь нүднээс бултаж чадсангүй.

Тэрээр одоо ахиж бөмбөг хийж чадахаа байсан ч гэлээ йелийн сургуулийнхныг дагжин чичрүүлж, сандралд оруулдаг лут нэр алдрыг нь бодоод багтаа тэвчдэг болжээ.

Төгсөх дамжаанд мань хүн тоглож чадахаа бүр болив. Арай дэндүү туранхай, тэнхэлгүй болсон болохоор хоёрдугаар дамжааны нэг оюутын мань хүнийг нэг удаа шинээр элсэгчтэй андуурсан нь түүнд маш харуусалтай доромжлол болсон юм. Оюутнууд түүнийг 16 дөнгөж хүрсэн байж төгсөх дамжаанд орсон гоц ухаантай жаал хүү гэцгээх болж, үе тэнгийнхэн нь амьдралын элдэв зүйлийн талаар ямар их туршлагатай болохыг хараад олонтаа нүүр улайдаг боллоо. Сургалтын материал дэндүү ээдрээтэй санагдах болсноор суралцах нь мань хүнд улам хэцүү болж байв. Коллежед элсэхийн өмнө цөөнгүй хэд нь суралцаж байсан гэдэг гэгээн Мидасын сургуулийн тухай дамжаа нэгтнүүдээсээ мань хүн сонсож байсан болохоор их сургуулиа дүүргэсний дараагаар бие хаагаар адил хөвгүүдийн дунд санаа зовох юмгүй амьдрахын тулд тийшээ элсэж орохоор шийджээ.

Тэрээр 1914 онд коллежээ дүүргэж, Харвардын дипломоо халааслаад Балтиморт хотноо эргэн ирэв. Тэр үед Хильдегарда аль хэдийн Итали руу амьдрахаар яваад өгсөн байсан тул Бенжамин ч хүү Роскогийн хамт амьдрах боллоо. Роско хэдийгээр эцгээр уриалгахан угтаж авсан ч гэлээ өсвөр насны хөвгүүдийн мөрөөдөлд умбан гэрээр нь дэмий сэлгүүцэх Бенжаминийг өөрт нь саад болж байна гэж бодож байгаа бололтой үг яриа, үйл хөдлөлд нь урьдны чин сэтгэлийн өнгө аяс цухалзахаа хэдийн больжээ. Роско эхнэр авсан, гэр бүл нь Балтимор хотод ихэд нэртэйд тооцогддог байсан болохоор элдэв цуу ярианы бай болохыг хүсэхгүй байсан юм.

Үзэсгэлэнтэй залуухан бүсгүйчүүд ч тэр, оюутнууд ч тэр тоож харахаа байсан Бенжамин одоо бол хөрш зэргэлдээ амьдардаг 15 настай гурав, дөрвөн хөвгүүдийг эс тооцвол ганцаар хоцоржээ. Тиймдээ ч гэгээн Мидасын сургуульд элсэн орох бодлоо сэргээв. Тэгээд нэгэн удаа Роскод хандан тэрээ

- Аан гээч хөө. Бэлтгэл сургуульд явмаар байгаа тухай би чамд эртнээс хэлж байсан санагдах юм.

- Тэгвэл яваач дээ гэж Роско товчхон хариуллаа. Тэрээр таагүй ярианаас зайлсхийхийг хичээж байсан юм.

- Гэхдээ би тийшээ чинь ганцаараа явж болохгүй шүү дээ гэж Бенжамин гомдонгуй хэлэв.

- Чи л намайг тийш нь хүргэж өгөөд, орой авч байх хэрэгтэй болох нь.

- Надад тийм зав алга гэж Роско мань хүний үгийг талсаж орхилоо. Хүүгийнх нь нүд нь жартайж ирээд аав руугаа тун ч ёозгүй ширтэж байлаа. Тэгснээ:

- Тэгээд бас чамд гэж хэлэхэд наад хачин юмаа боль л доо. Дэндээгүй дэр нь зогс. Дэндээгүй... хэтрээгүй дээр нь ... гэж хэлээд хүүгийнх нь дуу тасалдаж орхилоо.

- Харин одоо зүүн тийш эргээд ухардаг араандаа хийсэн чинь дээр. Наад наргиан тоглоом чинь дэндлээ. Огтхон ч инээдтэй биш байна шүү. Тэгээд ер нь намбатай байж үз.

Бенжамин нулимсаа залгилан байж хүүгээ харж зогслоо.

- Бас нээрээ нэг юм байгаа юм байна гэсээр Роско яриагаа үргэлжлүүлэв.

- Зочид ирсэн үед чи намайг Роско биш харин “Авга ах”, “Ах” гэж дуудаж байгаасай гэж би хүсч байна. Ойлгов уу? 15 настай жаал хүү нэрээр минь дуудаж чичлээд байх ёстой утгагүй юм. Ер нь чи намайг дандаа “авга ах” гэж дуудаж байсан нь дээр юм байна. Тэгвэл ядаж хурдан сурна.

Роско эцэг рүүгээ ширүүн харц чулуудаад буруу харав.
10

Бенжамин энэ ярианы дараа нурмайн дээш сажилсаар очиж өөрийгөө толинд харлаа. Сахлаа хусалгүй гурван сар болсон ч гэлээ тоож хараад ч хэрэггүй зөөлөн шар үснээс өөр зүйл нүүрэн дээрээсээ олж харсангүй. Харвардаас эргэж ирснийх нь дараа Роско түүнд шил зүүж, хууз сахал хацар дээрээ наахыг санал болгох үед амьдралынх нь эхний жилүүдийн инээдмийн жүжиг дахин давтагаж байна уу гэж гэнэт санагдаж байсан. Наасан хуузны доор арьс нь загатнаад, зүүж явахаас ичгэвтэр. Тэгээд мань хүнийг уйлахад Роско өрөвдсөн юм.

“Бимини Бейгийн скаутууд” гэдэг хүүхдийн номыг Бенжамин уншиж эхэллээ. Гэтэл дайны тухай тасралтгүй бодож байгаагаа гэнэт ойлгох нь тэр. Үүнээс сарын өмнө Америк холбоотны талд ороход Бенжамин ч сайн дурынхны эгнээнд элсэн явахыг хүссэн болов ч харамсалтай нь хорвоод мэндлээд ядаж арван зургаа хүрсэн байх ёстой байтал мань хүн түүнээс ч илт залуу харагдаж байлаа. Гэтэл өөрийгөө тавин долоотой гээд үнэнээ хэлсэн бол нас хөгширсөн гээд бас л авахгүй.

Хаалга тогших чимээ гарч бойдаа нь нэг их том албархуу тамга дарсан дугтуйг оруулж өгөв. Захидлыг Бенжамин Баттоны нэр дээр хаяглажээ. Бенжамин ч дугтуйг яаран нээгээд сэтгэл нь догдлон байж захидлыг уншив. Испани-Америкийн дайны үед армийн эгнээнд алба хааж байсан олон тооны бэлтгэл офицерүүдийг цол ахиулан цэрэгт дахин татаж байгааг мэдэгджээ. Улмаар түүнд Нэгдсэн Улсын армийн бригадын генерал цол олгосон тушаал ба нэн даруй өөрийн биеэр хүрэлцэн ирэх заалтыг захидалд хавсруулчихаж.

Бенжамин тэсч ядсандаа чичирсээр огил харайн бослоо. Яг л мөрөөдөж байсан юм нь байна. Малгайгаа шүүрэн аваад арван минутын дараа гэхэд Чарльз стрит дэх оёдлын том цехед орж ирээд өсвөр насны эрэгтэй хүүхдийн цээл хоолойгоо тултал нь өргөн байж цэргийн дүрэмт хувцас захиалж орхилоо.

Харин захиалга хүлээн авагч нь:

- За, жаал минь яасан байлдаж тоглохоор шийдээ юу? гэж үл тоосон байртай үг чулуудах нь тэр.

Бенжамин аймшигтайгаар хилэгнэлээ.

- Аан гэж бай чи. Миний яах гэж байгаа нь чамд хамаагүй. Миний овог бол Баттон, би Маунт –Вернон Плэйсд амьдардаг юм шүү. Тэгэхээр намайг дүрэмт хувцас өмсөх эрхтэй гэдэгт эргэлзэхгүй байж болно гэж ууртайгаар хэлэв.

Захиалга хүлээн авагч:

- За тийм бол ч яах вэ гэж хүлээн авагч эр эргэлзсэн байртай хэлж байна.

- Ялгаа юу байна? чи биш юм гэхэд аав чинь өмсөх юм байлгүй.

Бенжаминаас хэмжилт авч, долоо хоногийн дараа гэхэд дүрэмт хувцас нь бэлэн болсон байв. Худалдагч нь ХШЗА /Христийн шашинт залуучуудын ассоциаци/-ын гоё тэмдэг генералынхаас дутахгүй төдийгүй зүүж яваад тоглож байхад илүү сонирхолтой гэж Бенжаминыг зөндөө их ятгасан болохоор генерал цолны ялгах тэмдэгийг авах нь илүү хэцүү байв.

Ингээд мань хүн шөнө дөлөөр Роскод нэг ч үг хэлэлгүй гэрээ орхин гарч, галт тэргэнд суугаад тушаалын дагуу захирах ёстой явган цэргийн бригдааа хүлээн авахаар Өмнөд Каролина дахь Мосбид байрлаж байсан цэргийн түр хураарангийн зүг довтолгов. Дөрөвдүгээр сарын бөгчим халуун өдөр мань эр түр хуарангийн үүдэнд ирээд, вокзалаас дөхүүлж өгсөн таксины жолоочтой тооцоо хийчихээд үүдэнд зогсож байсан харуулд нь хандлаа.

- Нэг хүн дуудаад миний юмыг авахуулаадах даа гэж мань хүн тушаал буулгав.

Харуулын цэрэг зэмлэнгүй харц чулуудаж байна.

- Үгүй мөн ярив аа гэж тэр гайхав.

- Хүү минь чи тэгээд генералын хувцас өмсчихөөд хаа хүрэх гэж байгаа юм бэ дээ?

Испани Америкий дайны эрхэм хүндэт ахмад дайчин нүдээ гялалзуулан байж цэрэг рүү хилэнтэйгээр тушаал өгөх гэсэн болов ч хоолой нь хяхтнаад тасалдаж орхив.

- Номхон! гэж ирээд нүргэлсэн чанга дуугаар хэлэхээр амьсгаа автал нь гэнэт харуул өсгийгөө тас хийтэл хавсраад буугаа мөрөндөө авч хүндлэл үзүүлэхийг олж харлаа. Бенжамин бах нь ханасан хүний инээмсэглэлээ барихыг хичээгээд эргэж харсан даруйд инээмсэглэл нь оргүй алга болж орхив. Харуулын цэрэг мань хүнийг биш харин үүдэнд ойртож яваа морь унасан их сүрлэг байрын төрхтэй, их бууны хурандаад ёслож байжээ.

- Хурандаа! гэсээр Бенжамин түүнийг хүүхдийн цээл хоолойгоор чанга орилон дуудлаа.

Хурандаа дөхөж ирээд жолоогоо татан Бенжаминыг харснаа нүүд нь шоолонгуй янзтайгаар гялалзав.

- Чи ч минь хэний хүүхэд билээ? гэж эелдгээр асууж байна.

- Хэн нь хүүхэд болохыг би одоо чамд харуулаад өгье л дөө, хувцасны гол минь гэж Бенжамин заналхийллээ.

- Алив наад мориноосоо буугаад ир.

Хурандаа ход ход хийн чанга инээв.

- Генерал та морь унамаар байгаа юм уу?

- Май, үүний хар чи гэж Бенжамин арга барсан янзаар хашгирлаа.

- Унш.

Ингэж хэлээд өөрт генерал цол олгож байгаа тухай тушаалаа нөгөө хурандаагийн нүүр рүү нь чулуудаж орхив.

Хурандаагий нь нүд нь орой дээрээ гарах нь тэр.

- Чамд хэн үүнийг өгөв өө? гэж асуучихаад тушаалыг нь шууд халааслаж орхилоо.

- Засгийн газар өгсөн юм. Чи удахгүй мэдэж авна аа.

- Намайг дагаад явааарай гэж хэлэх хурандаагийн царай нь нэг л барьц алдсан янзтай болж орхижээ.

- Би чамайг төв штабт хүргэж өгөөд тэндээ учраа олцгооё. Явъя.

Ингээд хурандаа морио хөтлөөд штаб руу явлаа. Нэр нүүрээ алдчихгүйг хичээн араас нь дагахаас өөр арга Бенжаминд үлдээгүй тул явах зуураа хурандаагаас өшөөгөө аймшигтайгаар авна гэдгээ дотроо тангараглаж байв.

Даан ч энэ хонзонгоо тайлах тавилангүй байжээ. Оронд нь маргааш өдөр нь Балтимороос хар хурдаараа давхисаар хүрч ирээд байсан хүү Роскогоо олж харах тавилантай байсан бөгөөд хамаг ажлаа орхин явахаас өөр аргагүй болсондоо уурласан тэрээр уйлан хайлах генерал эрийг, одоо бол дүрэмт хувцасгүй болсон генералыг гэрт нь хүргэн иржэхүй.
11

1920 онд Роско Баттон анхныхаа хүүхэдтэй болов. Энэ үйл явдлыг тохиолдуулан хийсэн баяр ёслолын үеэр байшингийн хажууд тугалган цэрэг, хүүхдийн циркээр тоглох, хир буртагтаа баригдсан жаал хүүг дөнгөж төрсөн хүүгийн өвөө нь гэдгийг онцлох хэрэгтэй гэж үзсэн хүн нэг ч гарсангүй.

Инээмсэглэсэн нүүрэндээ дээрээ гансралын үл мэдэг ул мөртэй жаахан хүү хэнд ч эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байсан ч Роско Баттоны хувьд жаал хүү байгаа явдал бол ямар ч тамлалаас долоон доор юм байлаа. Роскогийн үеийнхний үгээр бол энэ байдал нь “ажил хэрэгч биш хандлага” гэгч байв.

Эцэг нь жаран настай өвгөн шиг харагдахыг хүсэхгүй байснаараа Роскогийн хэлэх дуртайчлан “өөрийгөө хүндэлдэг бизнесмэн” –тэй адил байдал гаргахын оронд харин ч бүр ой гутам, бүдүүлэг авир гаргаж байна гэж тэрээр бодно. Энэ бүхний талаар бодоод эхлэхээр хагас цаг болов уу үгүй юу солиорч эхэлж байгаагаа мэдэрдэг байсан болохоор ингэж бодох нь арга ч үгүй биз. Эрч хүчтэй хүмүүс залуу төрхөө хадгалах ёстой гэж Роско бодож явдаг ч юмыг ер нь хэрээс хэтрүүлээд байж болохгүй шүү дээ... яагаад гэвэл энэ бол... энэ бол ажил хэрэгч бус хандлага шүү дээ. Үүндээ ч Роско бат итгэлтэй.

Таван жилийн дараа гэхэд Роскогийн жаахан хүү нь нэг асрагчийн хараан дор бяцхан Бенжаминтэй тоглохтойгоо болсон байв. Роско тэр хоёрыг хамтад нь хүүхдийн цэцэрлэгт өгөхөд өнгө алагласан цаасаар наадаж, сагс сүлжин, гинж хэлхэж, хачин гайхалтай, хөгжилтэй хээ зурахаас илүү сайхан тоглоом гэж дэлхий дээр үгүй юм байна гэдгийг Бенжамин олж мэдсэн бөлгөө. Нэгэн удаа үймүүлж орхиход буланд зогсоон шийтгэж, мань хүн ч уйлсан ч гэлээ ер нь бол Бейли хатагтайн зөөлөн гар өрвийсөн үсэнд нь хааяа нэг хүрч байдаг, нарны туяагаар дүүрсэн гэгээтэй өрөөнд байх нь түүнд хөгжилтэй байдаг билээ.

Роскогийн хүү жилийн дараа нэгдүгээр ангид орсон бол Бенжамин харин хүүхдийн цэцэрлэгтээ үлдлээ. Мань эр аз жаргалтай байлаа. Гэхдээ бусад жаалууд том болоод хэн болох тухайгаа ярих үед жаахан хүүхдийн сул ухаанаараа тэр зүйлсийг ахиад хэзээ ч үзэхгүй гэдгээ ойлгож байгаа аятай царай нь барайна.

Өдөр хоног нэг хэвээр урсан өнгөрсөр. Мань хүн хүүхдийн цэцэрлэгт гурав дахь жилдээ явж байгаа ч тод өнгөтэй цаасан туузаар тоглоход арай л хэтэрсэн жижигхэн болжээ. Бусад жаалууд мань хүнээс илүү том, тиймдээ ч тэд нараас айж уйлна. Багш хүүхэн юу ч юм бэ түүнд хэлдэг ч тэрээр юу ч ойлгохгүй.

Мань эрийг хүүхдийн цэцэрлэгээс гаргав. Цардуулдсан эрээн даашинзтай Нана нэртэй асрагч мань хүний өчүүхэн жижиг ертөнцийн төв нь болж хувирлаа. Нана нь аймаар том саарал мангасыг заагаад “Заан” гэж хэлэх бөгөөд Бенжамин ч энэ үгийг нь даган хэлж, оройд унтуулахаар хэвтүүлэх үеэр:

- Зоон, зоон, зоон гэж эцэс төгсгөлгүй давтана.

Нана нь заримдаа түүнийг орон дээрээ цовхчихыг зөвшөөрөх бөгөөд орон дээр хар эрчээрээ суухаар уян хатан жижиг гудас нь түүнийг дээш нь шиддэг болохоор цовхчих их хөгжилтэй, бас үсэрч байхдаа “А-а-а” гээд дуудахаар хоолой нь их хөгжилтэйгээр чичирдэг.

Мань эр өлгүүрийн хажууд байдаг чамин гар таягийг барьж байгаад:

-Тас-тан тан гэж үглэн ширээ сандалтай байлдах дуртай.

Зочид айлчилж ирвэл нас дээр гарсан авхай нар мань хүнийг өхөөрдөн хэлээ хазлан нялагнах бөгөөд энэ нь ч түүнд их таалагддаг бол залуучуд нь үнсэх гэж давшлах бөгөөд үүнд нь мань хүн дургүй ч гэлээ бүрэн эвлэрч хүслийг нь дагуулна. Уртаас урт өдөр таван цагт дуусах бөгөөд Нана нь түүнийг овъёсны, эсвэл өөр ямар нэг чанамал халбагадан хооллохоор дээш нь авч гарна.

Түүний хүүхдийн зүүд нь элдэв үйл явдлаар дүүрэн дурсамжаас ангид. Мань эр коллежид өнгөрүүлсэн сайхан цагаа ч тэр, хөөрхөн бүсгүйчүүдийн зүрхийг догдлууж явсан гялалзсан үеээ ч тэр санадаггүй. Түүний хувьд зөвхөн эвтэй тухтай цагаан өлгий, Нана, бас хааяа нэг харах гэж ирдэг хэнийг нь мэддэггүй нэг хүн, бас аварга том улбар шар бөмбөлөг гэж л байдаг. Оройд унтахынх нь өмнө Нана нь тэр бөмбөлөгийг заан “Нар” гэж хэлнэ. Нар далд орох үед мань эр бодож санах зүйлгүй унтах агаад, хар дарж зүүдлэх нь үгүй.

Өнгөрсөн үе, Сан Хуан Хилл руу цэргүүдээ дагуулан дайрч байсан өнгөрсөн үе, гэрлэсний дараах эхний хэдэн жилд ухаан жолоогүй дурлаад байсан залуухан Хильдегардагийн төлөө олон хүн багширсан эргүүлгэ дунд зуны орой хүртэл ажилладаг байсан өнгөрсөн үе, өвөөгийнхөө хамтаар Монростритэд байдаг Баттоны овгийнхны баргар, хуучны байшинд навчин тамхи татсан шигээ шөнө дөл хүртэл суудаг байсан өнгөрсөн үе нь зүйрмэглэх зуур харагддаг зүүд адил, энэ бүхэн огт байгаагүй мэт мань хүний ой ухаанаас нь арилан үгүй болжээ.

Мань юу ч үл санана.Түүний хувьд зөвхөн өлгий бас аль хэдийн дасчихсэн Нана асрагч гэж л байх тул ядаж хүйтэн сүүгээр угжсан уу, эсвэл халааж өгсөн үү гэдгийг ч санахгүй, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч анзаарахгүй. Ингэсээр тэрээр ой санамжаа нэг мөр алдаж орхилоо. Юм идмээр болохоороо уйлаад л гүйцээ. Өдөр хоног ээлжлэн өнгөрч мань эр ямар ч байсан амьсгаатай байх тул чихэнд нь арай ядан хүрэх бувтнах чимээ, шивнэх дуу гарч, бас гэрэл ба харанхуй хоёр гэж л байна.

Харин дараа нь цагаан өлгий, дээр нь тонгойх бүдэх бадаг царай бас бүлээн сүүний сайхан, амттай үнэр гээд бүгд нэг мөсөн алга болж, түнэр харанхуй мань эрийг нөмрөн авлаа.

Төгсөв.

Мэдээг түгээх :

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger