Сүүлд нэмэгдсэн :
Home » » Миний намтар 2 - Стивен Жерард

Миний намтар 2 - Стивен Жерард

Миний намтар
/БАЗЕЛЬ ДАХЬ БАРААН ӨДРҮҮД

2002 оны арваннэгдүгээр сарын 12-нд Швейцарийн жижиг хот Базельд Жерар Улье бид хоёрын харилцаанд хамгийн төвөгтэй байдал үүссэн. Энэ өдөр бид тэр улирлын хамгийн чухал гэж хэлж болох “Аваргуудын лиг”-ийн хэсгийн сүүлчийн тоглолтод “Базель”-ийн эсрэг өрсөлдсөн юм. Тэгэхэд ямар ааш авир гаргаснаа эргэж бодоход би өөрийгөө ер ойлгодоггүй. Жерар, бид хоёрын хувьд багийн бусад тоглогчтой харьцуулахад дотно байсан. Харин аравдугаар сарын 26-нд “Энфильд”-д “Тоттенхэм”-ийг хүлээж авсан тоглолтод дасгалжуулагч намайг сэлгээнд суулгасан нь бидний харилцаанд сэв суух эхлэл болсон билээ. Талбайгаас гарангуутаа өөрийн мэдэлгүй шууд хонгилыг чиглэн алхсан. Тэгээд уурандаа хувцас солих өрөөний хаалгыг саван орж, гутлаа тайлан шидэж байв. Би яаж ч муу тоглож байсан, тоглолтын явцад сэлгээгээр гарахыг үзэн яддаг. Үзэгчдийн дунд багын найзууд, мөн төрөл төрөгсөд маань олон болохоор тэгдэг байсан байж магадгүй юм. Тоглолтын дөрөв дэх шүүгч сэлгээ хийлгэхээр босоод миний өмсгөл дээрх дугаарыг өргөвөл яг л цаазын ял сонсож байгаа юм шиг санагддаг. Талбайгаас гарч яваа над дээр цэнгэлдэхэд цугласан бүх үзэгчийн харц тогтож байна гэхээс жихүүдэс төрнө. “Стиви, чи өнөөдөр хангалтгүй байлаа, одоо болно” гэж байгаа юм шиг л санагддаг. Ийм л үе надад хамгийн ичгүүртэй байдаг юм.

Жерарыг дайрчих шахан хажуугаар нь өнгөрөн хувцас солих өрөөнд ороход дасгалжуулагч тэр даруй Уоллер эмчийг миний араас явуулсан байв. “Би гарахгүй ээ, эндээ үлдэнэ” хэмээн ууртайгаар хашгирахад Уоллер эмч нүднээс маань л хүрч, ярьж болохгүй нь гэж ойлгосон байх. “Ливерпуль”-ийн төлөө эцсийн хүчээ шавхан зүтгэнэ гэсэн хүсэл маань сэлгээнд сууснаар биелэх боломжгүй боллоо гэж бодсон учир ингэж уурласан байх. Уоллер эмч явж, би хувцас солих өрөөнд уурандаа дэлбэрчих шахан үлдлээ. Энэ явдлаас болж Жерар намайг торгосон. Мөн “Вест Хэм”-ийн эсрэг тоглолтод намайг сэлгээний сандалд үлдээж, “Миддлсборо”-той тулахад солилцоогоор суулгалаа. Бид Базель руу нисэхэд би Жерарын үндсэн тоглогч нь байхаа нэгэнт болиод байв.

Нөхцөл байдал ингэж эргэсэн нь 100 хувь миний буруу. Үнэндээ тухайн үед би тийм сайн байсангүй. Амьдралд тохиолдох элдэв таагүй явдлууд тоглолтдоо бүрэн анхаарахад саад болж байлаа. Гэхдээ энэ миний хувийн асуудал болохоор “Ливерпуль”-ийнхэнд учирлан тоочоогүй юм. Энэ үед миний аав, ээж хоёр салсан. Гэрт үргэлж л ямар нэг маргаан гарч шуугина. Хайрт эцэг, эх минь бие бие рүүгээ хараалын үг харамгүй шидэлж хэрэлдэх нь зүрх зүсэм санагдана. Би Уистон дүүрэгт байшин худалдан авч аав, ээжтэйгээ тэнд хамт амьдрах болсон. Харин Пол ах Айронсайд дахь гэртээ үлдсэн юм. Бүхий л амьдралынхаа туршид дөрвүүлээ байсан болохоор ахыгаа Уистонд ирээсэй гэж хүснэ. Гэр бүлийн гишүүд бүгд нэгэн дээр дээвэр дор амьдарч, ширээ тойрон суугаад хөгжилдөх нь туйлын аз жаргал гэж боддог байлаа. Айронсайдад өнгөрүүлсэн хүүхэд насныхаа дурсамж, тэр гайхалтай мөчүүдийг эргэн санаж, аз жаргалтай үе минь ахин эргэн ирээсэй гэж хүсдэг байв. Хэдийгээр “Ливерпуль” болон Английн шигшээд багтсанаар би хүн бүрийн хүсээд хүрдэггүй өндөрлөгт гарсан ч гэр бүлийнхнийхээ нөмөр нөөлгийг энэ үед их үгүйлдэг.

Уистон дахь амьдрал минь тун гайхалтай эхэлсэн. Гэртээ аз жаргалтай байхад талбай дээр ч урьдынхаас илүү тоглолтыг үзүүлнэ. Бид боломжийн мөнгө, цалин авдаг, тансаг биш ч дажгүй байшинтай сайхан амьдарч байлаа. Аав, ээж хоёрт ажил хийх шаардлагагүй болсон. Ингэснээр тэдэнд тусдаа байх цаг үгүй болсон. Хоногийн 24 цагт хамт байна. Ингэснээр тэдэнд ямар буруу зүйл тохиолдсон юм бол оо?

Миний таамагласнаар хайртай хүмүүс үргэлж хамт байхаар бие биеийнхээ алдаа, дутагдлыг олж хараад шүүмжлэн маргааны эхийг тавьдаг бололтой. Би эхэндээ эцэг, эхийнхээ ийм байдалд орж, ам мурийх нь олон болсныг мэдээгүй. Тэд ч надад мэдэгдэхийг хүсээгүй биз. Магадгүй гэр бүл дэх таагүй уур амьсгал карьерт минь нөлөөлнө гэж тэгсэн байх. Гэвч тэд үнэн бодит байдлыг надаас удаан хугацаанд нууж чадаагүй. Аав, ээж хоёрын харилцаанд ан цав суусныг би олж мэдсэн. “Мелвүд”-д бэлтгэл хийгээд, эсвэл тоглолтын дараа гэртээ ирэхэд тэдний хэрэлдэхийг сонсдог болсон. Тэд намайг гэрт орж ирснийг мэдээд шууд л дуугүй болцгооно. Би ямар учраас ийм байдалд орсныг нь асууж, учир зүйг нь олохыг хичээсэн ч эцэг, эх минь хоёр тийш яваад хэдийнэ мянга мянган бээр болчихсон байв. Тэр үеийг эргэн санах бүрт зүрх минь хэдэн хэсэг хуваагдах шиг л болдог. Би гэрт ямар ч таагүй зүйл тохиолдохгүй, хамтдаа эвсэг байхыг маш их хүсдэг.

Гэрт үүссэн энэ асуудал миний тоглолтод шууд нөлөөлж байв. Үнэндээ бэлтгэл, тоглолтын алинд ч талбайд гарах нь тоосгон хана мөргөхтэй адил санагддаг болоод байлаа. Гутлаа өмсөөд үдээсийг нь зангидаж суухад бие минь хувцас солих өрөөнд байвч бодол санаа өөр газарт явж байдаг. Хамгаас хүндэлж хайрладаг хоёр хүн маань тус тусын замыг сонгон холдож буйг л үргэлж бодно. Хэдэн сарын турш үргэлжилсэн энэ явдлыг яаж ч хичээгээд аятайгаар зохицуулж чадаагүй.

Базель руу нисэхийн өмнө Жерар намайг өрөөндөө дуудлаа. Чухам юуны учир тоглолт эрс муудаж, зан авир ч мэдэгдэхүйц өөрчлөгдөөд байгааг тэр мэдэхийг хүсчээ. Түүний өрөөнд ороход Томмо, Самми Ли, хаалгачдын дасгалжуулагч Жо Корриган, ахлах скуат Алекс Миллер нар сууж байлаа. Өөдөөс минь харан эгнэн суусан тэдэнтэй ийн нүүр тулан уулзах надад хүнд байсан. Жерар “Стивен, хоол ундандаа дажгүй байгаа биз дээ? Гэрийнхэн чинь сайн уу?” хэмээн уулзалтыг эхлүүлэв.

Би доошоо харан дуугүй зогслоо. Би хэн нэгэнтэй ярилцаж сэтгэлээ нээх ёстой байсан ч ийнхүү тэдний өмнө зогсоод бүхнээ тоочиход бэлэн биш байлаа. Миний дуугүй байдал тэднийг өдөөв бололтой, нэг нэгээрээ ээлжлэн намайг асуултаар булж дайрч давшилж эхлэв. Ээлж дараалсан асуултууд хөврөх нь нүүрэнд хүнд нударга буулгах лугаа хэцүү байсан. Томмо “Чиний бэлтгэл маш хангалтгүй байна” гээд “Чи хаа явсан газраа муухай аашлаад байх юм” хэмээн хүч нэмлээ. Миллер “Үргэлж л уруу царайлж, хавь ойрынхонтойгоо хэдэрлээд байгааг чинь ойлгохгүй байна” гэв. “Ухаан санаа чинь хаа явна аа, чи ер нь юу бодож явдаг хүн бэ?” хэмээн Жерарыг асуухад Самми “Чи бидэнд ямар нэг зүйл хэлэхгүй юм уу?” гэж шахав. “Гэрт чинь ямар нэг асуудал байна уу?”

Хэрэгт дуртай энэ хүмүүсийг бүгдийг нь дүүжилчих юмсан хэмээн бодож, өрөөнөөс гараад зугтаачихмаар санагдаж байлаа. Хаалгачдын дасгалжуулагч хүртэл ирж хошуу нэмээд байхдаа яах вэ дээ. Ахлах скаут ч гэсэн надад хамаагүй хүн. Самми, Жерар, Фил гурав бол надад ингэж санаа тавьж болох юм. Ингэж хэрэг болгож олуулаа намайг байцаахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Таван хүн өөдөөс минь элдэв асуулт тавин хуруугаа чичлэн байхад ямар л олиг байх вэ.

Уурандаа тэднийг бүгдийг нь цохичихмоор санагдан нударгаа зангидан зогслоо. Тэдэн рүү дайрч ороход ойрхон болоод байлаа. Тэгээд “Та нар ярьж дуусав уу?” гэчихээд өрөөнөөс гарсан. Тэрхүү таван эрийн өмнө зогсоод аав, ээж хоёрынхоо асуудлыг ярина гэдэг байж болшгүй зүйл. Энэ тухай бодох бүрт хоолой дээр нэг юм тээглээд ярихад хүнд болдог. Би Жерарт хэдий итгэдэг ч түүнд гэр бүлийнхээ асуудлыг яриад араас нь “Энэ тухай хэнд ч битгий хэлээрэй” гэж хэлж чадахгүй. Хэрэв тэгвэл түүнийг нууц хадгалж чаддаггүй гэж боддог юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлэх байсан биз. Тиймээс л бүх асуудал, бэрхшээлээ дотроо хадгалж, дасгалжуулагчийн штабынхныг орхин гарсан.

Харин би нэг хүнд өөрт тохиолдсон бүх зовлонгоо ярьсан. Базельд Дэнни Мерфитэй хамт нэг өрөөнд ороод ээж, аавынхаа дунд үүссэн асуудал, Жерар багаас шахахыг оролдож буй тухай гээд бүх бэрхшээлээ нэгд нэгэнгүй тоочив. Дэннигийн эцэг, эх ч гэсэн гэрлэлтээ цуцлуулж байсан аж. Тиймээс тэр асуудал надад яаж нөлөөлж буйг маш сайн ойлгож байлаа. Дэнни бол маш тусч, хүнд дэм өгч чаддаг ухаалаг залуу. Магадгүй тэр байгаагүй бол би Базелийн аянаас амьд эргэж ирэхгүй байсан биз. Тэр надад “Санаа бүү зов доо. Чи энэ бүхнийг давж гарч чадна. Өөрийгөө хурцалж, өөдрөг бай. Талбайд гарсан хойноо амьдралынхаа бүх асуудлыг мартах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн.

Гайхалтай нь би “Базель”-ийн эсрэг тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд багтлаа. Жерар болон бусад дасгалжуулагчтай ам мурийсныхаа дараа би дахиад л сэлгээнд үлдэх байх гэж бодсон юм. Дасгалжуулагч намайг миний тоглох дуртай байрлалд төвийн хагас хамгаалагчаар гаргасан нь намайг бүр ч цочирдуулав. Тиймээс ч төдийлэн сайн тоглосонгүй. Миний дамжуулалтууд “Базель”-ийн тоглогчдод очих юм уу, үзэгчдийн суудал руу явчихаад байлаа. Манай багийн дэмжигчид энэ тоглолтыг хараад яг л аймшгийн кино үзэж байгаа юм шиг санагдаж байгаа байх даа хэмээн бодно. Жерар намайг үндсэн бүрэлдэхүүнд гаргаснаар хөгжөөн дэмжигчидтэй хамтран багаас хөөх бэлтгэлээ тавьж байгаа юм болов уу? Бид “Аваргуудын лиг”-ийн дараагийн шатанд шалгарахын тулд энэ тоглолтод “Базель”-ийг заавал хожих даалгавартай байсан. Гэвч надад баг маань хожих тухай биш, Уистон дахь гэртээ хурдан эргэж очоод аав, ээж хоёрыгоо хамт үлдээх талаар бодогдож байв. Намайг тоглосон эхний хагаст “Базель” гурван гоол хийж тэргүүлсэн бөгөөд би тэдний эсрэг, багийнхаа төлөө юу ч хийж чадахгүй нь гэдгээ мэдэрч байлаа.

Завсарлагаа болоход би арайхийн хувцас солих өрөөний босгыг давсан. Жерар намайг харангуутаа “Жеррард, чи одоо шүршүүрт орж болно” гэв. Тэр намайг солихоор шийджээ. Багийнхныхаа өмнө тэнэг хүн шиг ингээд зогсож байхад ичгэвтэр байсан. Хэрэв ямарваа тоглогч тааруухан тоглоод байвал дасгалжуулагчид хоёр л сонголт байдаг. Эхнийх нь хоёрдугаар үеийн эхний таван минутад тоглуулаад алдаагаа засах эсэхийг нь харах, эсвэл завсарлагаанаар түүнийг орлох хүнийг тавих. Жерар намайг дахиад хэдэн минут тоглуулж, алдаагаа засах боломжийг олгосонгүй. Тэр ийнхүү “Ньюкасл”-ын эсрэг тоглолтод намайг талбайгаас гаргасан шигээ сэлгээнд шилжүүллээ.

Шүршүүрт орж байхад Корриган ирээд “Толгой гудайхгүй өөдрөг яв л даа” гэхэд нь “Энэ чамд хамаагүй” хэмээн хэдэрлэв. Би хэнтэй ч юу ч ярихыг хүсэхгүй байсан. Шүршүүрт усыг нь гоожуулалгүй зогсоод Жерарын хоёрдугаар хагаст хэрхэн тоглох зөвлөгөө өгч буйг сонслоо. Тоог тэнцүүлнэ гэдэг маш хүнд даалгавар байсан. Жерарын “Салиф, чи Жеррардын тоглосон төвийн хагас хамгаалагчийн байрлалд гарна шүү” гэх нь сонсогдов. Салиф Диао намайг орлон гарах гэж үү? Тэр миний оронд талбайд гарна гэдэг миний хувьд ичгүүртэй хэрэг. Би 4.0 оноогоор үнэлүүлэх хэмжээнд муу тоглолоо ч тэр надаас илүүг хийж чадна гэж үү? Гэвч тэр тоглолтын хэмнэлийг өөрчилж чадсан. Дэнни, Влади, Майкл нар тус бүр нэг гоол хийж тоог тэнцүүлэв. Гэвч “Ливерпуль” хэрэгтэй хожлоо авч чадсангүй. Тоглолтын дараа штабынхан хувцас солих өрөөнд ирж тоглогчидтой ярилцахад би бие засах өрөөнд орон уулзалт дуустал сууж билээ.

Ийнхүү бидний тэр улирлын “Аваргуудын лиг” Базельд шувтарлаа. Тоглолт болсны маргааш өглөө нь Жерар миний тухай утга учиргүй баахан юм ярьчихсаныг нь олж сонссон. Дасгалжуулагч хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд “Би дэлхийн шилдэг тоглогч, одоо ид торгон ирэн дээрээ байна гэж шалаад байхаар нь нэг удаа харъя гэж бодоод үндсэн бүрэлдэхүүнд гаргасан нь оновчгүй шийдвэр боллоо” хэмээн ярьсан байв. Жерар намайг өөрийгөө магтаж, хөөрөгдсөн гэсэн сэтгэгдэл төрөхөөр зүйлийг ийнхүү олон нийтэд зориулан өгүүлжээ. Онгоцны буудалд нислэгээ хүлээгээд сууж байхдаа Жойсийг хайн оллоо. Тэр хэвлэлийн бага хуралд суусан болохоор болсон явдлыг мэдэж байгаа. Жойси бол Жерарын хэлсэн үгийг ямар ч нэмэлт, хачиргүйгээр надад хэлэх хүн.

Тэр “Маргаашийн сонинууд дээр чиний талаар тийм ч таатай биш зүйлүүд гарах байх даа” хэмээв. “Жерар үнэхээр миний талаар тийм утгагүй зүйл хэлсэн гэж үү? Би өөрийгөө дэлхийн шилдэг тоглогч гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ” гэхэд “Жерар яг тэгж хэлэхийг би сонссон” гэж хариуллаа.

Би дахиад л уурандаа шатаж эхлэв. Сэтгүүлчид миний тухай яг адилхан утга, агуулгатай нийтлэл бичиж байгаа гэхээс галзуурах шахна. Гарчиг нь ямар байх бол оо?. Онгоцонд суугаад хэнтэй ч ярилцахыг хүсэлгүй суудалдаа шигдлээ. Хэд хэдэн тоглогч над дээр ирж “Жерар ийм байдал үүсгэхийг хүсээгүй байлгүй дээ” хэмээн намайг тайвшруулахыг хичээнэ. Сонин хэвлэгдээгүй байхад тэд бүхнийг мэдчихжээ.

Маргааш нь бодож, айж байсанчлан том том гарчигтай нийтлэлүүд гарлаа. Тэдгээрийг гүйлгэн харахад бүгдэд нь Жерар намайг буруутгасан нь илт. Би “Эхо”-гийн сурвалжлагч Крис Баскомб болон “Ливерпуль”-ийн хэвлэлийн төлөөлөгч Иан Коттон нартай уулзлаа. “Энэ сонинуудад бичсэн зүйлийг Жерар үнэхээр хэлсэн юм уу?” хэмээн тэднээс асуухад хэн хэн нь толгой дохив. Би зүгээр л нийтлэлүүдийн хэр бодитой зүйл бичсэн эсэхийг шалгах гэсэн юм.

Сүүлд Жерар намайг дуудаж уулзаад хэвлэлийнхэн ярьсныг нь хэтрүүлээд бичсэн гэж тайлбарлахыг хичээв. Тэр “Би хэвлэлийн бага хурал дээр чамайг шүүмжлэх нь шүүмжилсэн. Харин сурвалжлагчид өөрсдөө хачир, нэмэлт оруулаад биччихсэн байна” хэмээсэн. Ямартай ч Жерар хар буруу санаж миний талаар тийм зүйл яриагүй нь тодорхой. Шигдчихээд гарч чадахгүй байгаа намгаас намайг татахыг хүссэн нь лав. Би тэр намагт нэлээн гүн шигдчихсэн учраас Жерар ийнхүү нүүр тулан уулзах, талбайд гаргахгүй байх гээд янз бүрийн арга хэрэглэж байсан биз. Харин энэ бүхэн нь үр дүнгээ өгөхгүй болохоор Базельд арга буюу сүүлийн дайралтаа хүчтэй хийсэн нь тэр аж. “Ливерпуль”-ийн дасгалжуулагч тоглогчдынхоо ар гэр, амьдрал ахуйд нь санаа тавьж, ямар нэгэн асуудал бэрхшээл тохиолдвол олон нийтэд мэдэгдэхээсээ өмнө заавал багийнхантайгаа зөвлөлддөг уламжлалтай. Харин Жерар энэ дэг жаягийг Базельд эвдсэн. Ядахдаа тэр хэвлэлийн бага хуралд орохынхоо өмнө сурвалжлагчдад тийм зүйл хэлэх гэж байгаа гэдгээ надад сануулах ёстой байсан юм. Дасгалжуулагчид хэвлэлийнхэнтэй ярилцахдаа хэлэх үгээ ямагт бодож, анхаарч байх хэрэгтэй. Харин Базельд Жерарыг юу хатгасан юм, бүү мэд. Гэртээ ирээд амарч байхад сонин уншсан бололтой багийнхан маань зогсоо зайгүй залгав. Жерарын ярьсан зүйлд гайхан цочирдож буйгаа тэд өгүүлж байлаа.

Робби “Түүнтэй уулзаж үнэн учрыг нь асуу. Тэр ийм юм ярих ёсгүй” гэв. Мөн Жейми Реднапп залган “Дасгалжуулагч зохисгүй үйлдэл гаргажээ. Чи яах гэж байна даа?” хэмээн асуулаа. “Жерар дээр очоод нүүрэнд нь дуртайяа нударга буулгахсан” гэхэд Жейми итгэчихсэн бололтой “Ухаантай байгаарай, залуу минь. Юу хэлэхээ сайн бод. Одоо “Мелвүд”-д очно гэдэг чинь оновчгүй шийдвэр байна” хэмээлээ. Гари Мак болон Струан ч гэсэн найз, ахын хувиар өөр өөрийн зөвлөгөөгөө өгсөн.

Сонинууд дээр бичсэн зүйлийг уншаад аав “Юу болоод байгаа юм бэ? Чамайг яагаад сайн тоглож чадахгүй буйг аав нь ойлгож байна. Ээж бид хоёрын чинь дунд үүссэн асуудал чамайг зовоож буй нь тодорхой. Үүнийг Жерар ойлгохгүй байна гэж үү?” гэж асуулаа. Би хариу хэлсэнгүй. Энэ тухай ярихад үнэхээр хэцүү.

Аав “Жерар эсвэл мэдээгүй байгаа юм уу?” хэмээн шалав. Би мөрөө хавчин “Түүнд энэ тухай хэлээгүй юм аа” гэхэд аав “Энэ нь бидний алдаа боллоо. Би Жерартай уулзаж учир байдлаа ярья” гэлээ.

“Яах гэсэн юм бэ? Энэ асуудлыг ингээд орхичихъё”

“Үгүй дээ, Стивен. Тэгж болохгүй. Чи хэлэхгүй бол би хэлнэ” “Би л лав чадахгүй”. Аав зогсох шинжгүй зүтгэсээр байв.

“Тэгвэл Жерарын утасны дугаарыг өгөөдөх. Би одоо түүнтэй ярья” “Үгүй ээ, хэрэггүй гээд байна шүү дээ”

“За тэгвэл би бэлтгэлийн талбайд очиж Жерартай уулзахаас”.

Аавыг зогсоох арга байсангүй. Түүний юу хэлснийг ойлгоход тэр хэдийнэ гэрээс гараад явчихсан байв. Тэгээд аавыг машиндаа суусан хойноо тайвшраад бодлоо өөрчилнө гэж найдав. Гэвч аав шууд “Мелвүд”-д Жерарын өрөөнд очжээ. Тэгээд Жерар, Томмо нарт бүхнийг тайлбарласан байна. “Стивений тоглолт муудаад байгаа нь Жюли бид хоёроос болсон хэрэг” хэмээн бүх бурууг надаас хаацайлсан.

Аавыг тэнд байхад Богго над руу утасдан “Аав чинь Жерарын өрөөнд байна” гэж хэлэв. Дасгалжуулагчийн өрөөнд аав орсныг бусад хүн мэдчихсэн гэхээс дургүй хүрэв. Дахиад л утсанд маань дуудлага ирлээ. Энэ удаа Жерар байв. Тэр намайг хурдхан ирж уулзаадах гэхэд нь би яаран гүйж гарсан.

Аав минь энэ бүхнийг миний төлөө, цаашид сайн тоглоосой гэсэндээ хийсэн гэдгийг би мэднэ. Дасгалжуулагчтай уулзаад Уистонд буцаж ирээд би түүнд талархлаа илэрхийлсэн. Тэр надад ямар хэцүү буйг маш сайн мэдэж байв. Түүнээс илүү намайг мэддэг, ойлгодог хүн үгүй билээ. Аав “Хүү минь, инээхийг чинь харалгүй их удлаа. Гэр бүлийнхээ таагүй уур амьсгалд дурамжхан байгааг чинь ойлгож байна. Гэхдээ шаналж, зовж байгаа асуудлаа хэн нэгэнд ярьж сэтгэлээ уудлах хэрэгтэй шүү дээ” хэмээсэн. Ийнхүү аав надад тохиолдсон бэрхшээлийг дасгалжуулагчид хэлж, Жерар надтай чин сэтгэлийн яриа өрнүүлсний дараа би маш хурдан хуучин хэвэндээ эргэн орлоо. Яг л маш хүнд чулуу нуруунаас аваад хаячихсан мэт бие хөнгөн, сэтгэл өөдрөг болж байв. Эцэг, эх хоёрын маань салж буй тухай мэдээг сонссон ч “Ливерпуль”-ийнхнээс хэн нь ч энэ тухай ам нээлгүй, нууцыг чанд хадгалсан. Манай гэрийнхэн болон багийнхнаас өөр хэн ч үүнийг мэдээгүй.

Гэвч “Дуулианы хот”-д миний тухай элдэв яриа тасрахгүй, Мерсисайд хов живээр цалгисаар байлаа. Хүмүүс Жерар намайг хар тамхинаас гаргах гэж ядаж байгаа хэмээн ам дамжин ярих аж. Би хөлбөмбөг тоглох хугацаандаа намайг хар тамхитай холбогдсон гэх яриаг бишгүй л сонссон. Струан над руу яриад “Бас өөр нэг сурвалжлагч чамайг хар тамхи татсан гэх мэдээ олсныг нь би сая дууллаа” гэнэ. Гэвч энэ бүхэн бүгд худлаа. Би хэзээ ч хар тамхи татаж байсангүй. Хьютонд байхаас л хар тамхи татдаг хүмүүстэй таарч, тэд ингэснээрээ амьдралаа хэрхэн үрж буйг нүдээрээ үзсэн болохоор азгүй тэр хүмүүсийн түүхийг давтана гэдэг байж болшгүй зүйл юм. “Базель”-ийн эсрэг хийсэн тоглолтоос буцаж ирсний дараа Мерсисайдад дахиад л ийм яриа гарч, амнаас ам дамжин тархаж байсанд би гутарсан. Миний адилаар ийн олон удаа гүтгүүлж байсан Робби над руу яриад “Олны яриаг ойшоолгүй чихнийхээ хажуугаар л өнгөрөөгөөд байгаарай. Би хөлбөмбөгч болсон цагаасаа л ингэж хэлүүлж байгаа” хэмээн зөвлөж байв.

Удалгүй шигшээ багийн цугларалтад гарахад сэтгүүлчидтэй уулзаад тэд Жерарын хэлсэнд итгээгүй гэдгийг мэдсэн. Цөөнгүй сурвалжлагч Жерарыг ой тойнд багтахгүй зүйл ярьсан хэмээснийг би тод санаж байна. Азаар Базельд хүндэрсэн Жерар бид хоёрын харилцаа бүр тасарчихаагүй юм. Харин ч эв зүйгээ ололцсоноос хойш бид урьдынхаас илүү дотно, нээлттэй болсон билээ.

Арванхоёрдугаар сард “Сандерлэнд”-ийн талбайд очиж тоглохоор явахын өмнө Жерар намайг өрөөндөө дуудаад “Сами энэ тоглолтод гарч чадахгүй. Тиймээс ахлагчийн туузыг чамайг зүүгээсэй гэж бодож байна” гэв.

“Ливерпуль”-ийн ахлагч! Сарын өмнө Базельд таагүй өдрүүдийг өнгөрүүлж байсан бол одоо багийнхнаа тэргүүлэн “Stadium of Light” цэнгэлдэх хүрээлэнд орж байна. Бид энэ тоглолтод хожигдсон боловч би ахлагчийн туузыг гартаа зүүнэ гэдэг ямар онцгой болохыг мэдэрсэн. Жерар “Чи нэг л өдөр жинхэнэ ахлагч болно. Тэгэхээр үүнд бэлтгэлтэй байгаарай” хэмээж байв. Дасгалжуулагч тэр улирлын турш багийн ахлагчийн асуудлын талаар хэд хэдэн удаа сануулсан. Харин би өөрийгөө үүнд бэлэн биш гэж бодож байлаа. Дараагийн буюу 2003-04 оны улиралд нэгэн бэлтгэлийн үеэр тэр “Дараа нь надтай уулзаарай” гэв. Би бэлтгэлээ дуусгаад шүршүүрт орж, хувцсаа солин дасгалжуулагчийн өрөөнд очлоо. Томмо Жерартай хамт сууж байв.

Жерар “Бид хоёр штабынхантай уулзсан” гээд шууд яриагаа эхлүүллээ. Тэгээд “Хэд хэдэн тоглогчтой ярилцсан. Багийн ахлагчийг өөрчлөх хэрэгтэй байна гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Сами бол сайн капитан. Гэхдээ чи хэдийнэ ахлагчийн буурь суурьтай болжээ. Хэрэв та хоёрын байрыг соливол багийн уур амьсгал ч өөрчлөгдөх байх” гэв.

Би үүнийг сонсоод балмагдаж орхилоо. Бүх хүн л Самиг хүндэтгэдэг. Хүчирхэг төвийн хамгаалагч Сами бол жинхэнэ лидер тоглогч билээ.

“Тэгээд Сами яах билээ?” хэмээн асуухад Жерар “Үүнд санаа зовох хэрэггүй. Би түүнтэй энэ талаар ярилцсан” гэв. Би дасгалжуулагчийн өрөөнөөс гараад тэр хавиар Самиг хайсан боловч тэр хэдийнэ харьчихжээ. Түүнтэй ярилцахыг хүссэн учир аль болох хурдан гэрийнх нь хаягийг олж очмоор байлаа.

Би тэр шөнө унтаж чадаагүй. Өөрөөрөө бахархах сэтгэлийн хажуугаар Сами хэрхэх бол гэсэн бодол намайг амраасангүй. Түүнийг талбайд гараагүй үед гартаа тууз зүүж болох ч хамт тоглох үедээ ахлагч болно гэдэг миний хувьд хүнд.

Маргааш нь “Мелвүд”-д очиход Сами намайг дуудан уулзав. “Стиви, чамд хэлэх юм байна. Болно биз дээ?”

“Тэгэлгүй яах вэ, би чамайг үргэлж л сонсоно шүү дээ, Сами”

“Би өчигдөр дасгалжуулагч, Фил хоёртой уулзсан. Тэгээд энэ бүхэн надад таагүй, хэцүү биш байгаа гэдгийг чамд ойлгуулах гэсэн юм. Чи зүй ёсоор ахлагч болох ёстой. Энэ бол цаг хугацааны асуудал. Чамд хэн нэгний зөвлөгөө хэрэгтэй бол би хэзээд бэлэн шүү”

Мэдээж ахлагчийн туузаа шилжүүлэхэд түүнд амар байгаагүй. Гэхдээ тэр ёслол төгөлдөр, сүр жавхлантайгаар энэ үүргийг надад хүлээлгэн өгсөн. Түүний энэ үйлдэл миний Самиг хүн¬дэтгэх хүндэтгэлийг улам бүр нэмсэн. Би туузыг хүлээн авахдаа яг Сами шиг ахлагч болохсон хэмээн бодож байв. Бекс бас миний даган дууриадаг хүн. Тэр Германд болсон ДАШТ-ийг хүртэл Английн шигшээгийн ахлагчийн үүргийг нэр төртэй үүрч явсан билээ. Тэр хөлбөмбөгч хүн ямар байх ёстойг биечлэн үлгэрлэж, талбай дээр багийнхнаа гайхалтай удирдан чиглүүлдэг. Мөн шигшээд ирж байгаа шинэ залуу тоглогчдыг өндөр зэрэглэлийн тулаанд бэлэн болгож сургахдаа гаргуун. Би “Ливерпуль”- ийн ахлагч болсноосоо хойш шигшээгийн цугларалтын үеэр Бексийн үйлдэл бүрийг нарийн ажиглаж, түүнээс суралцахыг хичээдэг болсон.

Би хааяа “Мелвүд”-ээс гэр лүүгээ харьж явахдаа машинаа зогсоогоод “Би бол “Ливерпуль”-ийн ахлагч” хэмээн өөртөө хэлж, энэ зэрэгт хэрхэн хүрснээ эргэн бодож суудаг. Хьютонд тоглож өссөн тэр жаал, “Энфильд”-д Копуудтай мөр зэрэгцэн зогссон бяцхан хөгжөөн дэмжигчийн хувьд “Ливерпуль”-ийн төлөө хүчин зүтгэж, улмаар энэ зэрэгт хүрнэ гэдэг нэр төрийн хэрэг, том шагнал билээ. Рон Ятс, Эмилин Хьюз, Томмо, Грэм Сунесс, Алан Хансен гээд “Ливерпуль”-ийн үе үеийн суу алдраа мандуулж явсан ахлагчдын тухай эргэн саналаа. Ийнхүү би тэдний араас залгамжлан ахлагчийн туузыг авлаа. Үүний төлөө Жерар Ульед насан туршдаа талархаж явах ёстой. Жерарын миний хөлбөмбөгчний замналыг ямагт шинэ түвшинд гаргаж байсныг нь би үргэлж санаж дурсаж байх болно.

ШИГШЭЭ БАГААС ТАТГАЛЗАХ УУ?

Би Английн шигшээд ч гэсэн ахлагчаар тоглож үзсэн. 2004 оны гуравдугаар сарын 31-нд Гётеборгод Шведийн шигшээ багийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолт миний хувьд ДАШТ-ийх шиг онцгой, чухал байсан. Айронсайдын гудамжинд Брайан Робсоны нэр бүхий хувцас өмсөөд бөмбөг хөөж явсан үеэс л би энэ мөчийг мөрөөдөж ирсэн билээ. Хэдийгээр бид Шведийн авъяаслаг довтлогч Ибрагимовичийн хийсэн гоолын харгайгаар хожигдсон ч миний хувьд шигшээ багийн ахлагчийн туузыг зүүсэн энэ тоглолт мөнхөд сайхнаар дурсагдах болно.

Үүний өмнөхөн хэвлэлийнхэн биднийг Английн шигшээд тоглохдоо хувийн эрх ашгаа боддог, эх оронч үзэлгүй хэмээн батлахыг оролдож байв. Энэхүү маргаан, мэтгэлцээний үндэс нь 2003 оны аравдугаар сарын 11-нд Стамбулд хийсэн “Евро-2004”-ийн эрхийн төлөөх сүүлчийн тоглолт байсан юм. Тэрхүү тоглолтоос зургаан хоногийн өмнө Карра, Эмиль бид гурав Лондон руу нисэхээр Манчестерийн онгоцны буудалд очсон. Тэнд бид “Юнайтед”-ын залуустай таарч зам нийллээ. Тэдэнтэй ярилцаж байтал Карра Рио Фердинандыг байхгүй байгааг анзаарав. “Рио хаана байгаа юм бэ?” хэмээн Карраг асуухад Скоулзи, Батти, Гари Невилль нар Риог сэргээшийн шинжилгээ өгөөгүйн улмаас Английн хөлбөмбөгийн холбооноос шигшээд тоглох эрхийг нь хязгаарласан хэмээн тайлбарлалаа. Уул нь ч тэр санаатай тэгээгүй юм билээ. Рио сорил өгөхөө мартаад бэлтгэлийн талбайгаас явчихсан аж. Харин гэнэт санаад эргээд иртэл шинжээчид явчихсан байсан гэнэ. Сүүлд нь Рио хөөцөлдөж байж сэргээшийн шинжилгээ өгөөд тэнцсэн байна. Гэвч Хөлбөмбөгийн холбооноос Свенд түүнийг шигшээдээ дуудахгүй байхыг анхааруулжээ. Энэ бүхнийг сонсоод Карра, Эмиль бид гурав цочролд орсон.

Энэ нь гол үйл явдлын дөнгөж эхлэл нь байжээ. Биднийг Сент Албанс дахь шигшээгийн бэлтгэлийн бааз Сопуэль Хаус-т очиход энэ тухай яриа олны ам дамжин хүчээ авч байв. Шигшээ багийн түлхүүр хэдэн тоглогч Хөлбөмбөгийн холбооноос гаргасан шийдвэрийг дэмжихгүй буйгаа илэрхийлсэн. Бидний хувьд Свений удирдлагад Туркийн эсрэг тоглолтод бэлтгэх ёстой ч бэлтгэлийн үеэр Риогийн тухай ярихгүй байж чадаагүй юм.

Мягмар гаригийн өглөө биднийг бэлтгэлдээ гарах үед Бекс багийнхнаа дуудан уулзалт хийлээ. Тэр үүсээд буй нөхцөл байдлын талаар ярьж дууссаны дараа Гари Невилль босон “Бид Риог өмгөөлж хамгаалах хэрэгтэй байна” хэмээв. Рио түүнтэй адил “Юнайтед”-ын тоглогч болохоор тэр ингэж идэвхтэй, эрс шийдэмгий ярьсан байх. Хамтран зүтгэгчийнхээ төлөө уйгагүй тэмцэх Гаригийн зан намайг бишрүүлсэн. Бид бүгдээрээ л сайн найз, арын найдвартай хамгаалагч Риог багтаа эргэн ирэхийг хүсч байсан ч миний хувьд үүнээс болоод ямар нэг асуудалтай тулгармааргүй байлаа. Английн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Марк Палиос бидний ярилцаж байсан өрөөнд ирж, Риог яагаад шигшээ багт тоглуулахгүй гэсэн шалтгааныг тайлбарлав. Гэвч өрөөн дэх тоглогчдын Риогийн төлөөх тэмцэл улам ширүүсч байлаа. Хором, мөч өнгөрөх тусам Палиост байр сууриа хадгалах хэцүү болсоор байсан. Тэр Риог сэргээшийн шинжилгээнээс зайлсхийсэн хэмээн шигшээ багт дуудаагүй болохоос шигшээгийн бусад тоглогчид энэ байдал ийн нөлөөлнө гэж төсөөлөөгүй биз. Арван минутын дараа Палиос “Би шийдвэрээ өөрчлөхгүй” хэмээгээд гарч явлаа. Түүнийг өрөөнөөс гарангуут шигшээ багийн ахлагч Бекс босоод “Бид нэг нэгнийхээ төлөө санаа тавих хэрэгтэй. Тиймээс Риогийн төлөө ямар нэг юм хийе” гэв.

Хэлэлцүүлэг, маргаан улам халуун болсоор. Бекс, Гари нар Риогийн төлөө Стамбулыг зорихгүй байвал яасан юм бэ гэсэн санал хураалтыг явуулав. “Ажил хаялт”. Энэ үгийг сонсонгуутаа миний дотор зарсхийх шиг болсон. Энд гаргасан шийдвэр үлдсэн бүх амьдралд минь ч нөлөөлж болох байлаа. Английн шигшээ багийг орхих гэж үү? Бурхан минь, бид юутай орооцолдох нь энэ вэ? Миний хувьд Риог шигшээ багтаа эргэн ирэхийг туйлаас хүсч, өөрийн дэмжлэг оролцоогоо чадах чинээгээрээ харуулмаар байсан ч шигшээ багаа хаяна гэдэг ой тойнд орохооргүй зүйл байсан. Гари Невиллийг дагаад өөрийн мөрөөдөл, шигшээ багийг зөнд нь хаях нь зөв гэж үү? Стамбулын тулаан зүгээр нэг тоглолт байгаагүй. Английн шигшээ баг “Евро-2004”-т орохын тулд эндээс заавал оноо авах шаардлагатай байсан. 2002 оны ДАШТ-ийг харамсалтайгаар өнжсөн миний хувьд Европын АШТ-д оролцохыг маш их хүсч байв. Гари бусдыгаа энэ тоглолтоос татгалзахыг хүсч ятгаж байв. Гэхдээ тэр ингэж ухуулга хийхээсээ өмнө Риогийн төлөө гаргасан энэ шийдвэр өөрт нь төдийгүй бусад тоглогч, дөнгөж багт орж ирж байгаа залуучуудад ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцох ёстой байсан. Цөөн хэдэн хүний үйлдлээс болж шигшээ багийнхан тэр чигээрээ хараар будагдах болно. Би шигшээ багтаа тоглохгүй гэж хэлж чадахгүй байсан. Хэрэв тэгвэл Английн хөгжөөн дэмжигчид ч өршөөхгүй биз ээ. Гэхдээ би энэ бүхнийг гаргаж хэлэлгүй, зүгээр л сонсож суулаа. Уул нь бид маргаан өрнүүлж, санал тоолж суудаг улс төрчид биш, гадаа бэлтгэлээ хийж байх ёстой хөлбөмбөгчид баймаарсан.

Азаар энэ үед Дэвид Жеймс босч өөрийн санаагаа илэрхийлсэн нь сэтгэлд нийцэв. Тэр “Бид ажил хаях тухай ярихаасаа өмнө, хэн нэгний эрх ашгийг дээр тавихаас илүүтэйгээр хөгжөөн дэмжигчдийнхээ талаар бодолцох хэрэгтэй болов уу. Миний хувьд Риог эргэн ирэхийг маш их хүсч байгаа, түүнийг хүндэлж биширч явдаг ч та нарын яриад байгаа шиг ажил хаялт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэлээ. Ихэнх хүн түүнийг галзуу, солиотой гэж хэлдэг ч тэр бодож тунгаагаад ухаалаг үг хэлдгийг нь би мэднэ. Жамо тэгэхэд олон тоглогчид шигшээ багтаа тоглохоос татгалзаж, ажил хаяхын хор холбогдлыг, ингэснээр бид ямар ч ашиг олохгүйг ойлгуулж өгсөн. Жамогийн ярьж дууссаны дараа би тайвширч, санаа зовж шаналж байсан минь үгүй болов. Ер нь бол Турк рүү явах эсэх тухай маргааны эцсийн шийд эхнээсээ л тодорхой байсан. Жамо “Хэрэв бид Риогийн талд 100 хувь ороод Стамбул руу нэг ч хүн явахгүй бол эцэстээ хор уршиг нь бидний л толгой дээр буух болно” хэмээв.

Бид шигшээдээ тоглохоос татгалзах нь дэмий зүйл гэсэн шийдвэрт хүрсэн ч цаашид ямар ч нөхцөл байдалд нэгэн цул болж, хамт зогсохоор тогтлоо. Тэгээд Английн хөлбөмбөгийн холбоонд хандан “Дайнд цэрэг эрс мөр зэрэгцэн алхдаг шиг шилдгүүдийг цуглуулж шигшээдээ тоглуулах нь зүйн хэрэг” гэсэн утгатай илгээлтийг явуулав. Би Бекс, Гари Невилль нарын хашир туршлагатай тоглогчдыг дагахаар шийдлээ. Ер нь багийнхнаас нэг нь ч үлдээгүй. Бид бүгд Хөлбөмбөгийн холбоонд Риог авчрах шаардлагыг тавив. Хэн нэгнийг үл ойшоож хүрээллээс шахан гаргавал бүгд энэ тойргоос гарна гэдгийг тэдэнд эрс шулуун хэлж, ойлгуулж байлаа. Гэхдээ л би дотроо тийм зүйл битгий болоосой хэмээн залбирсаар байсан. Гари, Бекс нар багаа төлөөлөн Хөлбөмбөгийн холбооныхонд илгээлтийг уншиж сонордуулав. “Английн шигшээ багийн орлуулшгүй нэгэн тоглогчийг бүрэлдэхүүнээс гаргаснаар багийн гишүүд болон дасгалжуулагчид хүнд цохилт өгч, хүчийг эрс сулрууллаа” хэмээн тэд уншсан.

Бекс өрнөж буй үйл явдлын талаар Свентэй ярилцав. Дасгалжуулагчийн хувьд маргааныг аль болох хурдан цэгцлэхийг хүсч байсан ч бидний талд тууштай зогсож байлаа. Свен лхагва гаригт Сопуэллд хэвлэлийнхэнтэй уулзаж, бидний дэвшүүлсэн санааг дэмжиж буйгаа илэрхийлснээр маргаан улам хүчтэй боллоо. Тухайн үед ноён Палиосын юу бодож байсныг бурхан л мэдэх байх. Хэдийгээр Английн хөлбөмбөгийн холбоо Свенд цалин өгч, хэрэгтэй зүйлсээр нь хангадаг ч швед эр ийнхүү бидний талд орсонд бүх тоглогч сэтгэл хангалуун, баяртай байсан. Баг хамт олон нь дасгалжуулагчийнхаа нөмөр нөөлгийг хамгийн их үгүйлж байсан тэр үед Свен ингэж биднийг өмгөөлсөн. Тэр өдөр маш удаан өнгөрч, туйлын хүнд байв. Зочид буудалд өрөөндөө зурагт үзээд хэвтэж байхдаа “Sky” суваг дээр тавьтал англичууд, энгийн иргэд бидний ийн ажил хаяна гэх зэрэг санал гаргасныг шүүмжлэн ярьж байлаа.

Үүнийг үзээд Риог өмгөөлж, өөр хоорондоо үг хаялцан ингэж суухын оронд бэлтгэлээ базааж, “Евро-2004”- ийн тоглолтдоо бэлтгэх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн.

Тэр орой тоглогчид дахин хуралдлаа. Бекс “Юутай ч бид өөрсдийн байр сууриа тодорхой илэрхийллээ. Багийнхнаас хэн нэгнийг шударга бусаар хасвал ямар эсэргүүцэлтэй тулгарч болохоо Хөлбөмбөгийн холбоо сайн ойлгосон гэдэгт найдаж байна” хэмээв. Ингээд бид Стамбулыг зорихоор боллоо.

Би хэвлэлийнхэн ямар байр суурьтай байгааг сонжин сонин эргүүлнэ. Тэд энэ шуугианыг онцлон нэгдүгээр нүүр болон арын нүүрэндээ нийтлэх аж. Англи даяар зөвхөн энэ тухай ярьцгааж байсан болохоор арга ч үгүй биз. Пүрэв гаригийн өглөөний хоолны үеэр “Daily Mirror” сониныг гарчиглан суулаа. Тэнд мөн л гадна талын хоёр нүүрээ Английн хөлбөмбөгийн шигшээ баг дотор үүссэн асуудалд зориулжээ. Уг сонинд “Энэ залуус юу хийх гээд байна аа?” гэсэн гарчгийн дор бүх тоглогчийн зургийг эгнүүлэн тавьсан байв. Азаар энэ нь ажил хаялт болж магадгүй гэсэн шуугианы сүүлийн нийтлэл болсон. Хэдэн өдрийн турш олны анхаарлын төвд байж, хэвлэлийн гол сэдэв болсон энэ асуудлыг тодруулахаар манай гэр бүлийнхэн, найз нөхөд зогсоо зайгүй утасдаж байсан. Рио ч гэсэн багийнхандаа хандан өөрийг нь дэмжиж буйд талархлаа илэрхийлээд байдлыг хүндрүүлэлгүй асуудлыг шийдэн шигшээ багийнхаа эрх ашгийг эн тэргүүнд тавихыг уриалсан үг ирүүлсэн. Ингээд асуудал намжиж, бид Стамбулыг зорилоо.

Европ тивийг хөндлөн туулсан энэ аяллын үеэр Рио хэрхэх бол, ажил хаялт болбол яана гэсэн түгшүүр Туркэд биднийг хэрхэн хүлээж авах вэ хэмээх бодлоор солигдсон.

2003 оны дөрөвдүгээр сарын 2-нд Сандерлэндэд болсон тоглолт хатуу ширүүн, бохир болсон билээ. “Stadium of Light”-д туркүүд цамцнаас татах, сэмхэн нударч тохойлдох, хөл дээр гишгэх зэрэг уламжлалт башир аргаа хэрэглэсэн. Тэдэнд Тугай гэх мэт Премьер лигт харъяалалтай тоглогч ч байсан. Тэдгээр нь биднийг уурлуулахын тулд үг хаян өдөж байв. Гэхдээ бид туркүүдийн энэ аргыг сайн мэддэг. Бюлент Коркмаз миний нүүрийг маажаад бүр цус гаргаж орхисон. Тэд ингэж байж л өрсөлдөгчөө хождог юм байх даа. Уул нь ялалтын төлөө өөр замаар зүтгэж болмоорсон. Тугай болон түүний нөхөд Сандерлэнд дэх тоглолтод Уэйн Рунитэй зууралдсаар байгаад дуусч билээ. Тэд түүнийг яаж зогсоохоо мэдэхгүй самгардаж байв. Бид 2:0-ээр хожсон тэр тоглолтод Руни бие бялдар, ур чадвараараа хэнээс ч илүү байсан.

Английн зүүн хойд нутагт өнгөрүүлсэн тэр хэд хоногт би Рунигийн ур чадварыг бишрэн бахадсан. Нэг өдөр “Слэйли Хол” дахь бэлтгэл дээр Руни шигшээ багийнханд бүгдэд нь авъяасаа таниулсан. Бид бэлтгэлийн тоглолт хийж байсан бөгөөд тоглолтын төгсгөлд Руни бөмбөг авангуутаа эсрэг талынхаа хэдэн тоглогчийн дундуур сүлжиж гараад Жамогийн хаалганд хүчтэй цохиж байв. Тухайн үед бүх тоглогч гайхан, харсан зүйл нь үнэхээр үнэн байсан эсэхэд эргэлзэж хэсэг хугацаанд дуугүй зогссон. Тэгээд Бекс, Оуэн нар шиг дараагийн супер од маань мэндэлж буйг ухааран алга ташин баяр хүргэж билээ. Бид бие бие рүүгээ гайхсан харц шидлэн “Энэ хүү ч баллаж өгөх нь ээ” хэмээн инээлдэж байв. Вазза дөнгөж 17 настай мөртлөө хэдийнэ элит ангилалд багтахаар болжээ. Би түүнийг “Эвертон”-д хүчин зүтгэж, багтаа гайхалтай ялалтуудыг бэлэглэхийг зурагтаар харж, ирээдүйн од хэмээх сонины нийтлэлүүдийг уншиж байсан. Хэдий авъяаслаг залуу хөлбөмбөгч гэдгийг нь мэдэх ч тэр өдөр “Слэйли Хол” дахь бэлтгэл дээр үнэхээр биширсэн. Тэгээд түүнд аль болох ойрхон очиж бөмбөгтэй хэрхэн харилцаж байгаа, ялангуяа эхний хүрэлтийг нь анхааралтай ажиглаж өөртөө тусгаж авахыг хичээж байв. Тэр өөртөө дэндүү итгэлтэй байлаа. Ихэнх тоглогч аливаа зүйлийг эхлэхдээ, шигшээ багт анх удаа тоглохдоо болгоомжилж биеэ барьдаг. Харин Вазза тийм биш аж. Энэ бол скоуз хүний онцлог.

Онгоц Стамбулд газардахад Вазза, бид хоёр сайн найзууд болсон байлаа. Түүний юу ч болж байсан тайван байгаа нь надад таалагдсан. “Фенербахче”-гийн цэнгэлдэх хүрээлэн рүү явах замд Туркийн хөгжөөн дэмжигчид бидний суусан автобус руу ундаа, усны хуванцар сав шидэн хашгиралдаж байхад тэр өөдөөс нь хуруу гараараа дохин зүгээр л инээмсэглэн суух аж.

Тоглолт эхлэхийн өмнө халаалт хийхээр цэнгэлдэхэд ороход Туркийн хөгжөөн дэмжигчид Ваззаг хараад тохуурхан инээж байв. “Энэ танай шилдэг тоглогч гэж үү?” гэсэн янзтай тэр инээдийг Руни эхний цохилтоороо л нам дарсан. Талбайд гарангуутаа хаалганы өмнө гүйж очоод бөмбөгийг асар хүчтэй цохиход цэнгэлдэх даяар нүргэлж байсан доогтой инээд нам гүм болж, бөмбөгний тор онох чимээ тод сонсогдож билээ. Скоулзи ч түүнтэй нэгдэн шууд л бөмбөг өшиглөж эхлэв. Тэдэнд бие халаалт гэдэг хэрэггүй зүйл бололтой. Хэрэв би тэдэн шиг шууд л бөмбөг өшиглөвөл цавиндаа ч юм уу, гуяндаа гэмтэл авах байсан биз. Тиймээс би тэдний бөмбөг цохихыг харан сунгалт хийж, булчингаа халааж байв. Крокстетийн гудамжинд тоглож өссөн Руни тэр хэв маягаа гээгээгүй байх нь. Гэрээсээ гараад л шууд бөмбөг хөөж эхэлнэ. Ямар ч бие халаалт хэрэггүй. Юунд ч санаа зовохгүй. Бохь зажилж, хэнэггүй инээсэн жаал бөмбөг туун хаалга руу өшиглөсөөр. Ямар бие бялдар заяахаараа хад чулуу мэт булчин шөрмөстэй болчихдог байна аа.

Тоглолтод гарахын өмнө Бекс биднийг цуглуулаад энэ тоглолтод юу хүлээж байж болохыг анхааруулав. Ямар нэг сүрдүүлэг, заналхийлэл ирвэл түүнийг хоёр дахин илүүгээр буцааж өгөхийг тэр зөвлөсөн. Бидэнд Европын АШТ-д оролцоход нэг л оноо хангалттай. Туркэд зочилсон баг бүрт бөмбөгтэй харилцах чадварын зэрэгцээ түлхэлцэх, мөргөлцөх, тохойлдуулахыг давах тэнхээ хэрэгтэй байдаг. Манай багаас тэдний эсрэг хамгийн сайн тэмцэл өрнүүлдэг нь Рио байсан билээ. Одоо бид түүнгүйгээр Туркийн хар шуурга, бохир тоглолтыг давахаар зогсож байна.

Стамбулын тэнгэр дор 42 мянган хөгжөөн дэмжигч бидний эсрэг уухайлж байв. Би ийм зүйлд дуртай. Дайсагнал гэдэг надад илүү их хүчийг өгдөг. Талбайгаас гарсан бөмбөгийг тоглолтод оруулахаар хажуугийн шугам дээр очиход туркүүд гараа хүзүүн тус газраа барин хоолой хэрчих дүр үзүүлж, мөн дунд хуруугаа гозойлгох гэх мэтээр ааш авир гаргаж байв. Завсарлагаанаар энэ байдал хонгилд тоглогчдын хооронд үргэлжилнэ. Би талбайн нөгөө талд байсан болохоор хамгийн сүүлд хонгил руу орлоо. Таамаглаж байсанчлан тэнд туркүүд үг хаяж, сөргөөцөлдөхөөр хүлээж байв. “Астон Вилла”-гийн төвийн хагас хамгаалагч Алпай энэ бүхний гол дүрд тоглох аж. Хэн нэг нь Эшли Коултай хэрэлдэж байгаа харагдав. Гэтэл Руни Туркийн хэд хэдэн тоглогчтой халз тулчихсан зогсож байлаа. Азаар яг тэр үед Пьер Луижи Коллина хонгилд орж ирэн байдал намжсан. Руни, Эшли, Эмиль нар хэзээ ч хамт байна гэдгээ энд харуулж чадлаа. 16 метрийн талбайд Тугай намайг унагаахад Бекс торгуулийн цохилт гүйцэтгээд алдчихсан. Гэхдээ хэн ч түүнийг буруутгаж зэмлээгүй. Энэ ч гэсэн бидний нэгдмэл байдлын нэг илэрхийлэл билээ. Бекс яг цохилт хийх үедээ хальтирчихсан.



Торгуулийн цохилт хийх болоход хэн ч Бексийн урдуур орж зүрхэлдэггүй, тэгэхийг ч хүсдэггүй. Тэр Английн шигшээ багийг хичнээн удаа хүнд байдлаас аварсныг та мэдэх үү? Тоолоод баршгүй. Бид Английн шигшээ багт нэгэн гэр бүл болж нэгдэн, яг л төрсөн ах дүүс шиг байдаг.

Туркэд бид хуурай тэнцсэнээр дараагийн зун нь Португалд болох Европын АШТ-д оролцох эрхийг авсан. Авъяас чадвар, урам зориг цогцлоосон гайхалтай баг Португалыг зорих нь тодорхой. Туркээс бид баяр хөөр дүүрэн Англи руугаа буцсан.

БАЯР, ГУНИГ ЗЭРЭГЦСЭН ПОРТУГАЛ ДАХЬ ӨДРҮҮД

Бид Европын АШТ-д түрүүлэх магадлалтай гол багийн нэг болон Португалд очсон. Манай багт Уэйн дөнгөж ороод Майклтай хөл нийлэн тоглож байсан бөгөөд Манчестерт хоёр нөхөрсөг тоглолт хийж байж талбайн дунд хэсгийнхнийг хэрхэн тоглуулахаа шийдэж байлаа. Эхнийх нь зургадугаар сарын 1-нд Японы шигшээгийн эсрэг тоглоход Свен намайг зүүн жигүүрт тавьсан. Би Английн шигшээд дуудагдсан цагт хаана ч тоглоход бэлэн байх ёстой ч тэгэхэд зүүн жигүүрийн хагас хамгаалагч болгосонд нь урам хугарч билээ. Дасгалжуулагчийн өгсөн зөвлөгөөг үг дуугүй биелүүлэх ёстой боловч миний хамгийн тохиромжтой байрлал бол төвийн хагас хамгаалагч юм. Өрсөлдөгчидтэйгөө халз тулан бөмбөгний төлөө ширүүн тэмцэл өрнүүлж, үүндээ ялаад хаалга руу цохих, довтолгоо эхлүүлэх нь миний хэмнэл. Японы эсрэг тоглолтод довтолгооны үндэс нь болж байсан Скоулзид би маш их атаархаж байлаа.

Хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар тодруулсан Английн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг тэрхүү тоглолтын өмнө надад гардуулсан. Би тоглогчдын, сэтгүүлчдийн саналд үндэслэсэн шагналыг нэг бус авч байв. Харин энэ бол тэдгээрээс эрс ялгаатай. Амьдралынхаа гол утга учрыг хөлбөмбөг гэж үзэн, биднийг дэмжихийн тулд халааснаасаа маш их мөнгийг гарган дэлхийг хэрэн аялдаг үнэнч фанатуудын сэтгэл, итгэл шингэсэн үнэ цэнэтэй шагнал юм. Английн шилдэг хөлбөмбөгч. Үнэхээр гайхалтай сонсогдож байгаа биз. Бүтэн улирлын турш үзүүлсэн амжилтын үр дүнгээр үүнийг авна гэдэг гайхамшигтай. Нүдээ олсон шагнал эсэхийг цаг хугацаа л харуулах хэрэг.

Би Японы эсрэг тоглолтод Майклын оруулсан гоолын дамжуулалтыг өгч, багийнхаа ялалтад тодорхой хувь нэмэр оруулсан ч миний хувьд зүүн жигүүрт тоглохыг үзэн яддаг. Захын шугам дагаад гүйж явснаас талбайн төвд тоглох нь надад илүү санагддаг. Свен тухайн үед намайг янз бүрийн байрлалд тоглуулдаг байлаа. Заримдаа тоглолт эхлэхээс цагийн өмнө л миний ямар байрлалд гарахыг хэлж, эсвэл тоглолтын явцад гэнэтхэн үүргийг минь солино. Ядаж өмнөх өдрийн бэлтгэл дээр ч юм уу, миний байрлалыг хэлж өгвөл тоглолтын үед гаргаж болзошгүй алдааны талаар багийнхан болон дасгалжуулагчтай зөвлөлдөн хамгаалалт, довтолгоонд өөрийнх нь оролцоо ямар байх талаар ярилцаж болох билээ. Нэр цуутай шилдэг тоглогчид ч гэсэн аливаа тоглолтоос 24 цагийн өмнө үндсэн байрлалаасаа өөр үүрэгтэй гарах болоход өөрийн хэв маягаа өөрчлөхөд хэцүү байдаг гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд гомдол тоочиж, гоншигонож явах дургүй учир дасгалжуулагчийн хэлснийг биелүүлэхээр талбайд гардаг. Би Японы шигшээгийн эсрэг хийсэн тоглолтын дараа зүүн жигүүрийн хагас хамгаалагч надад тохиромжгүй гэх мэтээр хэнд ч хэлээгүй юм. Би зүгээр л мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтийг сонингоос уншиж, намайг хэрхвэл дээр гэснийг сонирхож байлаа. Тэд төвийн хагас хамгаалагчийн байрлалд ямар ч эргэлзээгүйгээр намайг тавих ёстой хэмээжээ. Би зүүн жигүүрт тоглож болох ч гурван хүнийг хуурч гараад хөндлөн дамжуулалт өгдөг Жон Барнес шиг байж чадахгүй л болов уу.

Азаар энэ байдал удаан үргэлжлээгүй. Дөрөв хоногийн дараа Исландын эсрэг тоглолтод Свен намайг зохих байранд нь тавьсан. Энэхүү тоглолтод бид өрсөлдөгчөө 6:1-ээр бут ниргэж байлаа. Энэ өдрийн үр дүн Европын АШТ-д ямар тактикаар тоглохыг ерөнхийдөө шийдсэн. Лампард Исландын эсрэг тоглолтод гаргасан үзүүлэлтээрээ Баттиг шахаж билээ. Ингэснээр талбайн төвд Лампс бид хоёр зэрэгцэн зүүн талд Скоулзи, баруунд Бекс гарахаар болсон. Үнэхээр дажгүй хагас хамгаалагчдын шугам шүү. Багийн хурал дээр Свен “Би Португалд талбайн дундах тоглогчдоо ингэж гаргана” хэмээн хэлэхэд санаа амарч, сэтгэл тайвшрахдаа хэнд ч сонсогдохоор уртаар шүүрс алдаж байв. Гэхдээ тэр мөчид Скоулзиг “оршуулгын газар” (зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалыг ийн нэрлэдэг) луу цөлсөндөө уучлалт гуймаар санагдсан. “Евро-2004”-т Скоулзи Свений оноосон байранд гайхамшгийг бүтээж, сайн тоглоосой хэмээн залбирч байлаа.

Лиссабоны “Солплэй”-д буухад бүх зүйл нь гойд таалагдсан. Таван одтой зочид буудал гэдэг үнэхээр өөр шүү. Тухайн үед цаг агаар ч тун сайхан байв. Бид чөлөө заваараа бассейнд сэлж, гольф тоглоно. Ямар ч аялал, цугларалтын үед багт заавал нэг наргианч хүн байх ёстой. Португалд энэ “үүргийг” Жамо гүйцэтгэсэн. Бэлтгэлийн дараа, тоглолтын завсраар гээд цаг ямагт Жамо шог хошин зүйл ярьж биднийг хөгжөөж байв. Удаан хугацаагаар ийн аялах нь тоглогчдод гэрээ санаж, уйтгарлах гэх мэтээр сөргөөр нөлөөлөх магадлалтай. Харин бидний хэн нь ч “Евро-2004”-ийн үеэр ийм бэрхшээлийг мэдрээгүй. Сэтгэл санаа тааламжгүй болсон үед Жамогийн яриа л эрч хүчийг минь эргүүлэн авчирдаг байлаа. Тиймээс би Жамотой хамт байх их дуртай.

Харин Гари Невилль аливаа зүйлд их л нухацтай хандаж, сэтгэл хөдлөлөө төдийлэн ил гаргадаггүй. Багт ийм нэг хүн байх нь бас хэрэгтэй аж. Хүмүүс Гаригийн гаднах төрхийг хараад элдэв дүрсгүйтлийн эн тэргүүнд явж байдаг сахилгагүй этгээд гэж бодож болох юм. Гэвч тэр огт тийм биш. Тэр шинэ, залуу тоглогчдын хувьд харилцахад хэцүү, догшин ширүүн мэт боловч харин ч тусархаг хүн билээ. Тэр талбай дээр ч, энгийн үед ч ямагт баг хамт олныхоо эрх ашгийн төлөө тэмцэж явдаг нэгэн. “Ливерпуль”-д бол Стив Финнан л түүнтэй дүйх байх. Гэхдээ тоглолтын хэмнэл, тогтвортой амжилтаараа эн зэрэгцэхгүй л дээ. Энэ цаг үед баруун жигүүрийн хамгийн шилдэг хамгаалагч нь тэр. “Манчестер Юнайтед”-ын ахлагч Гари бол жинхэнэ лидер тоглогч, ялалтын төлөө тууштай тэмцэгч. “Солплэй”-д бид заримдаа тойрч суугаад ярилцах үед цөөн хэдэн тоглогч “Евро-2004”-т гаргах амжилтдаа эргэлзэн ярихад нь Гари босч ирээд “Бид ялна, бид чадна” хэмээн чанга дуугаар хэлдэг байж билээ.

Хэдийгээр Гаригийн хэлсэн шиг Европын аварга болох боломж бидэнд байсан ч ингэхийн тулд маш их хөдөлмөрлаж, хэн бүхнээс илүү хөлс гаргах шаардлагатай. Дадаж сурсан төвийн хагас хамгаалагчийн байраа эргүүлж авсан болохоор хүмүүс надад асар өндөр итгэл хүлээлгэж байв. Англи даяар намайг хэрхэхийг харж байгаа учир би ямар нэг алдаа гаргах учиргүй. Өвлийн турш клубтээ ч дажгүй тоглочихсон байв. Бидний хувьд Европын АШТ-ий эхний тоглолт маш хүнд болох нь тодорхой байлаа. Тьерри Анри, Зинедин Зидан, Патрик Виейра гээд дэлхийд танигдсан одод, мөн Премьер лигийн цөөнгүй төлөөлөлтэй өмнөх тэмцээний аварга францчууд биднийг хүлээж байсан.

Ихэнх хүн биднийг зургадугаар сарын 13-нд “В” хэсгийн эхний тоглолтод Францад бут ниргүүлнэ, хожигдоно хэмээн тооцож байсан байх. Тоглолтын өмнө манай хувцас солих өрөөний ханан дахь самбарт Францын шигшээгийн гарааны бүрэлдэхүүнийг бичсэн хуудас өлгөжээ. Майкл бид хоёр хамгийн түрүүнд очин түүнийг нь уншлаа. Би “Чөтгөр аваг, эндээс чинь голж шилэх хүн гарахгүй нь ээ. Гэхдээ бид үүргээ биелүүлж хожноо” хэмээн эргэн суугаад хувцсаа өмсөж эхэллээ. Гутлаа үдэж байхдаа “Тэднийг хүндэтгэж болно, харин эмээж болохгүй” гэсэн хуучны үгийг санан суулаа. Дэлхийн шилдэг тоглогч Зидан Францын багт байгаа ч түүнтэй дүйх хүн манайд бас бий. Майклтай байхад манай баг амархан хожигдохгүй гэдэгт би ямагт итгэдэг. Мөн Уэйн гэж шинэ од байна. Би Ваззаг харлаа. Дэлхий дахинд хараахан танигдаж амжаагүй тэр тайван, өөртөө итгэлтэй, тулаанд хэдийнэ бэлэн болчихсон сууж байв. Тэр хана руу бөмбөг өшиглөн байх аж. Тэр ямар ч тоглолтын өмнө дандаа ингэдэг гэсэн. Свенийг бидэнд тоглолтын өмнөх сүүлчийн зөвлөгөөгөө өгөхөд л тэр ханатай тоглохоо болилоо. Свенийг ярьж дууссаны дараа тэр бидэнд хандан “Шууд надад бөмбөгөө дамжуул. Би тэднийг бөмбөгдөхийг хүсч байна, бөмбөгдөх ч болно” хэмээв. Уэйн зүгээр нэг том амлалт өгөөгүй. Тэр өөрийнхөө юу хийж чадахыг мэднэ.

Хувцас солих өрөөнд үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай уур амьсгал бүрджээ. Нүсэр том биетэй Жамо өрөөний голд зогсоод чангаар багийнхандаа урмын үг хэлж байлаа. Түүний араас Бекс, Гари Нев, Сол нар өндөр дуугаар ярина. “Спэрс”, “Арсенал”-д тоглож явсан Сол тэр өдөр маш шийдэмгий, онцгой байсан. Хувцас солих өрөөнд хөл тавьсан тэр мөчөөс л дайнд цэргүүдээ оройлон оролцох баатар дайчин мэт байв. Түүний дуу өрөөгөөр нэг хадна. Тэдний ийн уриалсны дараа хүн болгон л өөр өөрсдийн санаа бодлоо ам уралдан ярьж эхэллээ. Хэн ч айж эмээн дуугаа хураасангүй. “Алив францчуудад үзүүлээд өгье” хэмээн уухайлаад хонгилд гарлаа.

Цэнгэлдэх хүрээлэнд хөл тавихад тэнд зөвхөн Английн хөгжөөн дэмжигчид л цугласан мэт харагдаж байв. Тэр үдэш 62,487 үзэгч энэ тоглолтыг сонирхохоор хүрэлцэн иржээ. Энд тэндгүй цагаан туг намирч, Францын талд булангийн цохилт хийх үед ч нүүрэндээ Сейнт Жоржийн далбааг зуруулж, Гурван арслангийн дууг уухайлах хөгжөөн дэмжигчид л байх аж. Манай дэмжигчид тэр өдөр үнэхээр онцгой, хэнд ч дийлдэхээргүй байлаа. Хоёр баг тоглолтын өмнө төрийн дууллаа эгшиглүүлэхэд Английнх цэнгэлдэхэд маш чангаар нүргэлсэн. Энэ үед сэтгэл хөдлөлөө барихад хүнд байв. Төрийн дууллаа сонсоод зүрх минь хурдан цохилох болж, тоглолт хурдхан эхлээсэй хэмээн тэсч ядна. Тоглолтын өмнөх ёслол өндөрлөхөд өөрийн тоглох талбайн төв хэсэгт гүйн очлоо. За ингээд тоглолт эхэлдэг юм байжээ, францчууд аа, алив Виейра хүрээд ир.

Английн баг өрсөлдөгчөөсөө түрүүлээд байраа эзэллээ. Тоглогч бүрийн толгойд Францыг бут ниргэхсэн гэсэн хүсэл эргэлдэнэ. Тоглолтын эхний хагаст Бекс баруун жигүүрээс чөлөөт цохилтоор дамжуулалт өгөхөд 16 метрийн талбайд байсан Лампс эхний бөмбөгийг оруулав. Тэрбээр Фабьен Бартезийн хаалганд гайхалтай мөргөн Английн шигшээ багийн “Евро-2004” дэх анхны гоолыг хийсэн. Энэ гоолын дараачаас Лампс итгэлтэй болж, ур чадвараа гаргаж эхэлсэн. Тэр шигшээ багтаа анхныхаа тэмцээний эхний тоглолтод, бүр Францын шигшээ багийн эсрэг гоол оруулж чадлаа. Хагас хамгаалагчийн байрлалд мөр зэрэгцэн тоглодгийн хувьд түүгээр маш их бахархаж байв. Европын АШТ- ий үеэр “Солплэй”-д Фрэнктэй тэмцээний тухай, мөн “Челси”, “Ливерпуль”-ийн талаар ярилцдаг байлаа. Бидний яриа тун сайн нийлдэг байсан.

Францын шигшээгийн тоглолт эрчимжиж, хүчтэй довтлох боллоо. Би Виейра, Зидан нартай халз тулахад Лампс довтлогчдыг нь зогсоохыг хичээнэ. Харин Руни францчуудыг сандаргаж, Лилиан Тюрам, Микаэль Сильвестре нарыг бужигнуулж байв. Крокстет дүүргийн Уэйн Руни гэх энэ залуугийн эсрэг францчууд юу ч бэлтгээгүй бололтой. Тэр ийм чухал тоглолтод оролцож байгаадаа огтхон ч сандарсан шинж алга. Вазза яг л Мерсисайдынхаа гудамжинд бөмбөг элдэж байгаа мэт чөлөөтэй, итгэлтэй харагдаж байсан. Бидний хувьд түүнийг ингэж тоглоход нь огт гайхахгүй. Харин Вазза тэр үдэш Англиас 20 нас ч хүрээгүй нэгэн залуу од төрөн гарлаа гэдгийг дэлхий дахинд харуулсан юм. Тэр өдрөөс хойш Уэйн Английн шигшээ багийн түлхүүр тоглогч болсон. Тэр шигшээ багийн цугларалтын үеэр зочид буудалд хүн бүртэй хөгжилдөж, наргиан наадам хийж явдаг. Би Газзаг мэдэхгүй ч түүний тухай уншиж, сонссон зүйл их. Түүнийг баг, хамт олныхоо урам зоригийг сэргээхдээ гаргуун гэдэг. Вазза яг л түүнтэй адил цаг ямагт инээмсэглэж, баясгалантай алхдаг залуу. Түүнтэй хамт байхад хэн ч уйдахгүй. Түүний насандаа баймгүй өөртөө итгэлтэй чанар “Солплэй”-д багийнхны гайхашралыг төрүүлж байсан. Тэр өөрийгөө багийн гол хүн, хэрэгтэй тоглогч гэдгийг хэдийнэ мэддэг болжээ.

Ихэнх хүн Майкл, Уэйн хоёрыг хамт тоглож чадна гэдэгт эргэлзэж байсан. Хэн хэн нь Алан Ширер шиг төвийн довтлогчоор тоглодог. Гэхдээ л тэд тун сайн хоршиж, урд шугамд зэгсэн хөл нийлдэг байсан. Майкл хамгаалагчидтай зэрэгцэн гүйж, тэднээс бөмбөгийг нь хулгайлан бөмбөг оруулах нь олонтаа. Тэгвэл Руни арай ард, хамгаалагч, хагас хамгаалагчдын дунд тоглон араас дамжуулах бөмбөгийг өөр дээрээ хамгийн түрүүнд авахыг эрмэлздэг. Дамжуулалт хүлээн авсны дараа тэр маш хурдтай гүйж, хамгаалагчдыг хууран гоол хийж чадна. Францын эсрэг хийсэн тоглолтод түүний олон довтолгооны нэг дээр Сильвестре Уэйнийг торгуулийн талбайдаа унагаж орхисон. Харамсалтай нь Бекс торгуулийн цохилтоо алдчихлаа. Гэхдээ бид хожил авна гэдэгтээ итгэлтэй байсан.

Хожил бидний талд байгаа гэдгийг ойлгосон Свен өөрийн залуу довтлогчийг дараагийн тоглолтод нөөж, Эмилийг талбайд гаргав. Манай хөгжөөн дэмжигчид хоолой нийлүүлэн дуулж, баяраа тэмдэглээд эхэлжээ. Халаасандаа гурван оноо хийсэн гэдэгтээ итгэлтэй байсан бид цаг дуусахыг л хүлээнэ. Үнэхээр хожил бидний талд ирсэн гэж үү? Энэ тухай эргэн санах бүрт “Эстадио да Луш”-т хийсэн тоглолтын төгсгөлийн мөчүүд аймшигтай санагддаг. Эмиль өөрийнхөө 16 метрийн талбайн гадна талд Клод Макелеле дээр алдаа гарган Зидан чөлөөт цохилтоор гоол орууллаа. Бүхэл тоглолтын турш тэргүүлэгч яваад эцсийн мөчид ийнхүү тэнцээний гоол алдсан нь биднийг цочирдуулсан. Гартаа байсан ялалтыг тавиад туучихсандаа тоглогч бүр дурамжхан толгой гудайн алхаж байлаа. Одоо бидний хувьд дахин ийм алдаа гаргалгүй байж, оноогүй хоцрохоос сэрэмжлэх хэрэгтэй. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт би мөн л өөрийн 16 метрийн талбайн ойролцоо дамжуулалт хүлээн авав. Энэ үед аль болох цагаа хурдан дуусгаж, тоглолтын үр дүнг хадгалахыг хичээн зөнгөөрөө Жамо руу дамжуулалт өгчихлөө. Гэтэл манай төвийн хамгаалагчдын дундаас Тьерри Анри сугаран гарч гүйж байгаа харагдав. Би үлэмж биет Солтой зэрэгцэж явсан учир түүнийг хараагүй юм. Түүнийг хаалгачийн эсрэг гарч гүйхэд нь Францын довтлогчдын нэг гэдгийг мэдсэнээс хэн гэдгийг нь анзаарах сөхөө байгаагүй. Тэр үед Жамогийн өөдөөс гүйж байгаа тэр тоглогч Анри л биш байгаасай гэж бодож байлаа. Тэр бол жинхэнэ сүйтгэгч билээ. Жамо Анригийн өөдөөс гүйн бөмбөгийг аюулгүй болгохыг хичээсэн ч алдаа гаргаж орхив. Торгуулийн цохилтыг Зидан оновчтой гүйцэтгэлээ. 1:0-ээр тэргүүлж байсан бид хоёрхон минутын дотор давамгайллаа алдах нь тэр. Энэ хэдэн хором ёстой л хар дарсан зүүд шиг байсан.

Яг энэ мөчид би ганцаараа байхыг маш их хүсч байлаа. Багийнхнаа, хөгжөөн дэмжигчдийг харахад хүнд байсан учир хувцас солих өрөө рүү яарав. Ингэж явахад Францын зарим тоглогч намайг зогсоон баярласан өнгөөр “Тайвшир даа, залуу минь” хэмээнэ. Би тэднээс аль болох хурдан салахыг хичээн гар бариад л өнгөрөөд байв. Тоглолтын дараа өөрийн хамгийн хийх дуртай зүйл болох тоглолтын хувцсаа ч солилцсонгүй. Эсрэг багтаа ялалт бэлэглэсэндээ ичин нүүр маань халуу дүүгнэ. Багийнхаа оноог хадгалах гэж нэг их ухаантай хүн болж хойш нь дамжуулалт өгөөд бүхнийг сүйтгэчихлээ. Хувцас солих өрөөнд толгой гудайн суух над дээр Майкл, Бекс нар ирж “Бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн учир санаа зовох хэрэггүй ээ. Бүгдийг мартаад дараагийн тоглолтоо бод” хэмээн тайтгаруулахыг хичээнэ. Сонсоход ямар таатай үгс вэ. Багийнхан маань надад ингэж хандаж байгаад би маш их баярласан. Гэвч сүүлчийн мөчид багаа хөөдсөн болохоор энэ алдаагаа мартах тун хүнд билээ.

Хонгилд Францын шигшээгийнхэн баяраа тэмдэглэж буй нь бидэнд тод сонсогдоно. Тэд ялалтаа зарлан тунхаглаж, чангаар дуулж байлаа. Свен тэдний энэ байдлыг бидэнд мэдрүүлэх гэсэн бололтой хаалгыг онгорхой орхижээ. Тоглогчдын нэг нь “Та нар тэгж л бай. Бид ямар баг гэдгээ үзүүлээд өгнө өө” гэх нь сонсогдов. Францчуудын энэ баяр хөөр манай багийнхныг улам хурцалж, дараагийн тоглолтод гарах эрчийг нэмж өгсөн.

Бусад тоглогч хувцсаа өмсөөд гарахад хэдийнэ бэлэн болсон байхад би шүршүүрт зогссон хэвээр үлдэв. Хийсэн гэмээ, уйтгар гунигаа тэрхүү шүршүүрт урсган хаяхыг хүсч байсан юм. Би яагаад Анриг хараагүй юм бол оо? Тэр тоглолтод гайтай тэр дамжуулалтаас бусдаар бол би дажгүй тоглосон. Гэхдээ л эцсийн үр дүнд нөлөөлсөн ноцтой алдаа гаргасан болохоор 90 минутын турш хэрхэн тоглосныг минь бус, хаалгач руу өгөхийг оролдсон тэр дамжуулалтыг л хүмүүс эн тэргүүнд санах болно. Струан болон аав утасдаж “Бэрхшээлийн өмнө бүү сөхрөөрэй. Толгой дээгүүр байж, ээлжит тулаандаа бэлтгэ” хэмээн зөвлөв. Би хүмүүсээс зугтахыг хүсч байсан ч утсаа унтрааж төвдөөгүй юм.

Дараа өдрийн сонингуудад миний хувьд уншихад тийм ч таатай зүйл гарахгүй нь тодорхой. Үүнийг ойшоолгүй зургадугаар сарын 17-нд Коимбрад Швейцарийн эсрэг хийх дараагийн тоглолтод алдаагаа залруулахыг л хичээе.

Тэрхүү тоглолтын өмнөх орой Стив Макларен хагас хамгаалагчдыг дуудан уулзлаа. Тэр Лампс, Бекс, Скоулзи бид дөрөвт хандан “Францын эсрэг хийсэн тоглолтын үр дүнгийн талаар одоо толгойноосоо авч хаях хэрэгтэй. Учир нь маргааш бид илүү чухал тоглолтыг хийх болно” хэмээв. Бид бэлтгэл дээр хоёр хувилбараар сургуулилт хийсэн. Төвийн хамгаалагчид нэг нэгээрээ хамгаалалт, довтолгоог дэмжих үүрэгтэй, мөн бүгд нэг шугамд зогссон гэсэн хоёр хувилбарыг давтлаа. Стив эдгээрийн алийг нь тоглолтод хэрэглэвэл зүйтэй талаар биднээс асуухад Швейцарийн шигшээгийн Хакан Якин хамгаалагчдад нэлээн дарамт учруулах магадлалтай учир эхнийхийг сонгоё хэмээн зөвлөлдөв. Хэрэв бид “очир алмасан байрлал” гэгддэг энэ хувилбараар тоглох аваас хамгаалах чиглэлийн үүрэгтэй хагас хамгаалагч Якинийг барих хэрэгтэй болно. Би “Миний хувьд хагас хамгаалагчид нэг шугамд тоглосон нь дээр гэж бодож байна” гэв. Миний энэ саналыг Лампс, Бекс нар дэмжлээ. Бид бүгд клубтээ энэ хувилбараар тоглодог учир харилцан ойлголцоход ч амар байх билээ. Харин зүүн жигүүрт цөлөгдсөндөө сэтгэл дундуур байсан Скоулзид “очир алмас” арай дээр байж болох юм. Гэвч тэр бусдынхаа жишгийг дагалаа. Ийнхүү бидний уулзалт тун найрсаг, халуун дулаан уур амьсгалтай болж өнгөрлөө. Стив бидний саналыг Свенд танилцуулж, дэмжүүлэх талаар ярилцана хэмээн амлав.

Жон Терри гэмтлээс эргэн ирж, Ледли Кингийн байранд тоглох болсноор Свений итгэл, найдлага улам бүр нэмэгджээ. “Спэрс”-ийн төвийн хагас хамгаалагч Францын эсрэг тоглолтод тийм ч муугүй байсан ч Жей.Ти бол хэнээр ч орлуулшгүй дайчин тоглогч билээ. Ингээд тэр Европын АШТ-ий тулаанаа эхлэхээр болов. Харин би дараагийн тоглолтод гарна гэдэгтээ эргэлзэж байсан. Энэ тухай хэн ч мэдээгүй. Францын эсрэг тоглолтод хөл маань цэврүүтчихсэн ба би өөрөө түүнийг хагалж орхисон. Гэтэл цэврүүний бүх шүүс нь гарсан ч эдгэсэнгүй. Шархны орчмоор чимчигнэн өвдөж, тоглох байтугай алхахад ч хүнд боллоо. Эмч тоглолтын үеэр мэдээ алдуулах тариа хийж болно гэв. Талбайд гарахын төлөө би юу ч хийхэд бэлэн. Францын шигшээд хожигдон хүнд байдалд орсны дараа шигшээ багийнхнаа орхино гэдэг санаанд багтахгүй зүйл юм.

Тоглолтын өмнө Свен бидэнд хандаж “Та бүхэн Францын шигшээ багийн эсрэг 89 минут яаж тоглосон, яг түүнийгээ л энд гаргах хэрэгтэй” хэмээв. Уэйн Свений хэлснээр тун дайчин тоглосон. Францын эсрэг хийсэн тоглолтын дараачаас түүний өөртөө итгэх итгэл нь улам бүр нэмэгдсэн. Вазза 23 дахь минутад л Швейцарийн хамгаалалтыг сэт цохиж, эхний гоолыг оруулав. Тэр өдөр маш халуун байсан бөгөөд Уэйн үүнийг тэвчин тийм их хүч гаргаж, хурдлан гүйж байсан нь намайг гайхашруулсан. Миний хувьд энэ их халууныг тэвчиж гарах хүнд санагдаж байв. Сүүдэр газартаа л 48 хэм хүрч байсан тэр өнгөрч байхад л “90 минутыг яаж барна аа” хэмээх бодол төрсөн. Толгой дүйрч, зүрхний цохилт түргэсэн хөлийн алхаа улам бүр удааширсаар байв. Би “Бөмбөгөө сайн барьж тоглоно шүү” хэмээн багийнхан руугаа хашгирч явлаа. Манайхан ч өрсөлдөгч багийнханд ямар ч боломж олголгүй, сүүдэртэйгээ л “хөөцөлдөн” байсан. Бөмбөг талбайгаас гарах, алдаа гарах зэргээр тоглолт өчүүхэн ч болов завсарлах болгонд сэлгээний тоглогчидтой хамт суух штабынхан бидэн рүү савтай ус шидлэн өгч байлаа. Эхний хагас өндөрлөн хувцас солих өрөөнд очиход мөс хийж дүүргэсэн онгоц байв. Шигшээгийн фитнессийн эмч Гари Левин “Энд орсноор та нарын булчин сэргэнэ” хэмээхэд нь би хамгийн түрүүнд хувцсаа тайлан ванн руу үсрэн орлоо.

Ийнхүү дахин тоглох эрч хүч олж авсан бид завсарлагааны дараа толгой дээгүүр талбайд гарлаа. Хоёрдугаар үед Уэйн дахин нэг бөмбөг нэмж хийв. Гэвч дахиад л халуун нар биднийг туйлдуулж эхэллээ. Свен Скоулзиг дуудан суулгаж, Оуэн Харгривзийг талбайд гаргаад намайг зүүн жигүүр лүү шилжүүлэв. Тоглолт өндөрлөхөд найман минут үлдээд байх үед би Швейцарийн баруун жигүүрийн довтолгоог таслаад тэр чигтээ бөмбөгийг туун 16 метрийн талбайд нь орж хаалга руу цохилоо. Гурван гоол, гурван оноо. Францын эсрэг хийсэн тоглолтод уучилшгүй алдаа гаргасан миний хувьд энэхүү ялалт тун чухал байлаа.

Ялалт бидний гарт нэгэнт орсон энэ үед Швейцарийн шигшээгийн довтлогч Александр Фрай тун ичгүүртэй авирласан. Талбайн буланд бөмбөгний төлөө тэмцэж байгаад тэр өшиглөн нүүрний шугамаар гаргачихав. Тэр булангийн цохилт болоогүй хэмээн маргаж байснаа над руу нулимчихаад цааш эргэлээ. Гэхдээ тэр намайг оносонгүй. Түүний энэ үйлдлийг тэвчихэд бэрх ч би булангийн цохилтод анхаарлаа хандуулаад Фрайг зөнд нь орхисон. Фрайгийн над руу нулимсан нь телевизийн дуранд өртчихжээ.

Тоглолтын дараа хувцсаа сольж байтал Хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч над дээр хүрч ирэн “Фрайгийн чам руу нулимж байгаа бичлэгийг олж авлаа. Чи энэ талаар юу хэлэх вэ?” хэмээн асуув. Би “Юу ч ярих вэ дээ. Болж өнгөрснийг мартсан нь дээр байх” гэж хариулсан. Гэтэл маргааш нь UEFA-гийн тэмцээн зохион байгуулагчид дахиад л энэ тухай магадлахаар ирлээ. Тэд “Фрай чам руу нулимсан уу?” гэхэд би “Тийм” хэмээн хариуллаа. Хэдийгээр талбай дээр болсон тэр явдал тэндээ үлдэг гэж бодсон ч үгүй гэж худлаа хэлэх надад хэцүү байсан. Ингээд Фрай зохисгүй авир гаргасныхаа төлөө ямар нэг шийтгэл хүлээх нь тодорхой боллоо. Ямарваа хүн рүү нулимах нь дээд зэргийн доромжлол билээ. Миний хувьд мөргөх, цохих зэрэг нь нулимахаас хамаагүй дээр гэж боддог.

Ийнхүү өөрсдийн хэмнэлээ олж авсан бид зургадугаар сарын 21-нд хорватуудад ямар ч боломж олгоогүй. Английн шинэ супер баатар Вазза энэ тоглолтод дахин дубль хийж, бид 4:2-оор хожлоо. Францын шигшээгийн эсрэг хийсэн тоглолтын таагүй дурсамж мартагдаж эхэлсэн ч биднийг өөлж, муулах хүн мундахгүй олон байлаа. Энэ бүх шүүмжлэлийн эн тэргүүнд манай хамгаалагчид, тэгээд миний нэр дурдагдана. Ялангуяа хэсгийн сүүлчийн тоглолтын дараа энэ яриа хүчээ авсан. Хорватын эсрэг тулаанд хоёр баг нээлттэй тоглолт үзүүлж, үзэгчдийн хувьд тун таатай, уйдамгүй хоёр цаг өнгөрсөн. Харин хувцас солих өрөөнд очиход дасгалжуулалтын албаныхан дахиад олон гоол алдах магадлал байсныг өгүүлцгээн угтлаа. Макларен “Манайхан ямар ч үр ашиггүй их гүйж байна” гэв. Энэ бүхэн үнэхээр санаа зовох асуудал мөн. Хэрвээ довтолгооны төгсгөлөө хорватуудаас илүү гүйцэтгэдэг багтай тулсан бол бид гарцаагүй хожигдох байсан. Гэвч энэхүү шүүмжлэлийг шөвгийн наймд шалгарч чадсаны баяр хөөр дарсан юм. Дараагийн тоглолт хүртэл гурван хоногийн зай байна. Энэ бол хэсгийн гурван тоглолтын ачааллаас ангижирч, сэргэлт авахад хангалттай хугацаа.

Харамсалтай нь бидний хагас шигшээд хүрэх замд португалчууд хөндөлслөө. “Евро-2004”-ийг зохион байгуулагч орон, энэ тэмцээнд Английн шигшээгээс олон дэмжигчтэй цорын ганц баг, Криштиано Роналду, Луиш Фигу нарыг багтаасан Португалд бид хожигдчихов. Роналду бол бөмбөг эзэмших техник, хууралт хөдөлгөөний арга барилаар хэнийг ч дагуулахгүй авъяаслаг хөлбөмбөгч. Түүнийг бөмбөг авахаар ямар ч хамгаалагч эрхгүй зүрхшээнэ. Учир нь тэр гайхамшигтай хууралт, уран гоё хөдөлгөөнөө асар хурдтай гүйж явахдаа ч үзүүлдэг.



Харин Фигу бол Роналдугаас эрс өөр тоглогч. Тэр удаан, гэхдээ маш ажигч гярхай тоглолттой. Талбайг бүхэлд нь харж хянадаг тэрбээр довтолгоо, хамгаалалтын аль алинд чухал үүрэгтэй. Би Фигугийн бөмбөгтэй харилцах чадвар, техник гээд бүгдийг мэддэг гэж бодож байсан авч ямар хүчтэй бие бялдартай болохыг нь анзаараагүй юм билээ. Түүнтэй халз тулан бөмбөгний төлөө тэмцэл өрнүүлж байгаа бичлэгийг хожим үзээд би өөрийгөө голсон. Фигуг салахгүй дагаж, хамгаалан тоглож байхдаа би түүнийг бие бялдрын өв тэгш хөгжилтэй болохыг нь мэдэрсэн. Түүнийг мөрлөж, түлхэж яаж ч байсан тэр улам л хөнгөн, жавхаалаг болох мэт санагдаж байлаа. Бас тэр маш тайван, хүлээцтэй нэгэн ажээ. Түүний эсрэг үзүүлсэн миний тоглолт Фигуг уурлуулж болох байлаа. Харин тэр маш тайван, тэрүүхэндээ оймс, шилбэний хамгаалалтаа засчихаад л цаашаа гүйгээд явчихна. Аугаа энэ тоглогчийн хүлээцтэй энэ чанарыг би биширч, хүндлэл маань улам нэмэгдсэн.

Талбайн эзэдтэй тоглоход бид Фигу, Роналду нарын зүгээс ирэх асар ширүүн довтолгоотой учирна гэдгээ мэдэж байсан. Хэрэв тэднийг барьж, зогсоож чадвал хариуд нь португалчуудыг хатгах хангалттай хүч бидэнд бий. Манайд Руни, Оуэн байна.

Хорватын эсрэг хийсэн тоглолтын дараа бидний хэсэг хүн Майклыг сэргээхийг оролдож байв. Учир нь тэр “Евро-2004” эхэлснээс хойш хараахан гоол хийж амжаагүй байсан юм. Хэрэв Майклын тоглолт нь орвол тэр гоолыг бөөн бөөнөөр нь хийх авъяастай. Хамгаалагчдын дундаас сугарсан байхад тэр бөмбөгийг хаалганд оруулж л довтолгоог дуусгах тоглогч. Бид энэ тэмцээнд түрүүлэхэд түүний оруулах гоол зайлшгүй хэрэгтэй билээ. Хэсгийн гурван тоглолтод гоол оруулж амжаагүйдээ сэтгэл дундуур байж магадгүй гэж бодсон ч тэр тийм байгаагүй. Майкл ер нь санаагаар унаж, сэтгэл нь тавгүйтэж байгаагүй байх аа. Учир нь тэр хэрэгтэй үедээ багтаа тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг юм. Тиймдээ ч Португалын эсрэг хийсэн тоглолт эхлээд гурван минут өнгөрч байхад л гоол оруулсан. Энэ нь түүнд, манай багийнханд асар их давуу байдлыг авчирсан юм. Майклын гоол оруулсны дараа бид шөвгийн дөрөвт шалгарна гэдэгтээ итгэлтэй болсон. Миний хувьд “Одоо англичуудыг хэн ч зогсоож чадахгүй” хэмээн бодож байлаа. Аваргын цом, хүзүүндээ зүүх медалийг мөрөөдөж эхлээд байв.

Гэвч бүх юм санаснаар болсонгүй. Португалчуудад төвөг удаж, дарамт үзүүлж байсан Уэйн шилбэндээ гэмтэл авчихлаа. Түүнийг хазганан талбайгаас гарахыг нь хараад өөрийн мэдэлгүй “Чөтгөр аваг” хэмээн чангаар хараачихаж билээ. Уэйнийг алдана гэдэг тоглолтод маш их өөрчлөлт гарна гэсэн үг. Свен Уэйний байранд Дариус Васселийг оруулж байгаа харагдав. Дасгалжуулагчийн энэ шийдвэр намайг гайхашруулсан. Дариус бол яриангүй сайн довтлогч. Гэхдээ тэр Майклтай хоршино гэдэг бүтэшгүй юм. Майкл, Дариусын хэн хэн нь өрсөлдөгч багийн хамгаалалтын арын шугамтай зэрэгцэн явж, хурдаараа сугарч гаран довтолдог арга барилтай. “Байрлал нь давхацчихаар тэд яаж тоглоно доо. Одоо нэмж гоол оруулна гэдэг бүтэхгүй боллоо” гэсэн бодол төрөв. Свен Эмилийг л талбайд гаргах ёстой байсан юм. Тэгж байж довтолгооны шугам тэнцвэртэй, үр өгөөжтэй болох байв. Уэйнийг сэлгээнд суусны дараачаас португалчуудын довтолгоо эрчимжиж, хамгаалагчдад ирэх дарамт нэмэгдэв. Бидний хувьд бөмбөгийг талбайгаас гаргахаа л хичээж байлаа. Энэ үед хүн болгон л Эмилийг орж ирээсэй гэж хүсч байв. Хэрэв тэгвэл бид бөмбөгийг нүдээ аниад л урагш нь цөлөхөд тэр хичнээн л бол удаан өөртөө барьж, хүсээд байгаагаар цагийг явуулах болно. Магадгүй Свен түүнийг Францын эсрэг хийсэн тоглолтын төгсгөлд гаргасан алдаагаар нь дүгнээд сэлгээгээр оруулаагүй байх. Миний бодлоор Английн шигшээ баг Дариусаас илүү Эмильтэй байхдаа хүчтэй тоглолтыг үзүүлэх байсан.

Хором өнгөрөх тусам португалчууд улам итгэлтэй болж, тоглолт нь улам цэгцрэх аж. Эхэндээ Роналду довтолгооны гол хүч нь болж байв. Гэвч түүний дайралт бүрийг Эшли Коул амжилттай няцаана. “Манчестер Юнайтед”-“Арсенал”-ын өрсөлдөөн “Евро-2004”- ийн талбарт ч үргэлжилсээр. Бөмбөг эзэмших чадвараар онцгой Роналдугийн хувьд жин, чац ихтэй төвийн хамгаалагчдыг хуураад гарах амархан байх. Харин Эшли Коулыг давж хаалганд хүрнэ гэдэг түүний хувьд бүтэшгүй зүйл байлаа. Шигшээ багийнхан байрласан зочид буудалд Эшли зөвхөн өөрийнхөө клубийн тоглогчидтой л нийлж явдаг болохоор би түүнийг төдийлөн мэддэггүй. Харин тоглогчийн хувиар нь бол сайн хамгаалахын зэрэгцээ довтолгоонд дорвитой дэм үзүүлдэг, аль ч багт өөрийн орон зайгаа бий болгож чадах хүн гэдгийг мэднэ. Түүний байрлалыг Английн шигшээд лав булаацалдах хүн байхгүй. Тоглолтын явцад үе үе урагш цөмрөн орж хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг учир “оршуулгын газар”-т цөлөгдсөн Скоулзигийн үүрэх ачааг хагаслаж байв. Эшли Роналдуг нэг ч алхам урагш нь гишгүүлэхгүй нягт хамгаалсан. Магадгүй Роналду “Манчестер Юнайтед”-д тоглодог болохоор тэр ийм идэвхтэй тоглолт үзүүлсэн байх. “Арсенал”, “Юнайтед” бол эртнээс эрс ширүүн өрсөлдөж ирсэн өстөн дайснууд билээ. Тэр үдэш Эшли өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч гэдгээ нээн харуулж зарласан.

Португалчууд Эшлигийн талаар дайраад нэмэргүйг мэдээд өөр арга зам хайж эхлэв. Тэд төв болон зүүн жигүүрийн довтолгоог түлхүү хийх болж, би Фигу, Деку нарыг хамгаалах гэсээр маш хурдан ядарлаа. Тэднийг хөөж гүйсээр усан хулгана болтлоо хөлөрчээ. Хэт их ачаалал авснаас болоод шөрмөс татчих гээд байлаа. Хамаг булчин чангараад хөдлөхөд бэрх болов. Тэр үед миний бэлтгэлжилт, биеийн байдал тийм сайн байгаагүй гэдгийг би одоо ч хүлээн зөвшөөрнө. Хөлд үүссэн цэврүү хүчээ бүрэн дайчлахад саад болж байлаа. Тоглолтын үндсэн цаг дуусахад есөн минут дутуу байхад намайг Оуэн Харгривзээр солив.

Үүнээс хоёрхон минутын дараа Элдер Поштига мөргөөд тоог тэнцүүлчихсэн. Гэхдээ бидэнд үндсэн цагт хожих боломж байсан. Манайх булангийн цохилт гүйцэтгэхэд Сол хамгаалагчдын дундаас цойлон үсэрч бөмбөгийг хаалганд мөргөн оруулсан. Сэлгээний сандалд сууж байсан тоглогчид “Гоол!” хэмээн хашгирч, хожлын баяраа тэмдэглэж байлаа. Гэтэл швейцар шүүгч Урс Мейер Жей.Тиг Португалын хаалгач Рикарду дээр алдаа гаргасан хэмээн үзэж, гоолыг тооцсонгүй.

Би ойролцоо байгаа телевизийн зураглаачид руу “Энэ гоол байсан биз дээ?” хэмээн хашгирахад тэд бичлэгээ нягтлаад “Тийм ээ, ямар ч алдаа гараагүй байна” гэж хариулав. Тэнд байсан ITV, BBC-гийн зураглаачдад дэлгэц байсан юм. Тэд Терри португал хаалгач Рикардуд саад болоогүйг баталсан. Гэтэл Мейер яагаад ийм шийдвэр гаргав аа? Манай багийнхан бүгдээрээ түүнийг зориудаар ингэж англичуудыг хөөдлөө гэж бодсон. Коллина нарын шилдэг шүүгчид энэ тоглолтыг дэнслэхээр талбайд гарсан бол үүнийг яавч алдаанд тооцохгүй. Сол үнэхээр азгүй юм. Тэр “Франц-98” ДАШТ-д мөн л иймэрхүү байдлаар нэг гоолоо тооцуулаагүй билээ. Английн шигшээ баг ч азгүй юм. Ингээд нэмэлт цагт тоглох нь тодорхой боллоо. Нэмэлт 30 минутад хоёр багаас Руй Кошта, Франк нар гоол хийв. Цаг дуусч, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахаар боллоо.

Сэлгээний сандлаас энэ бүхнийг харж суусан миний хувьд багаа хожно гэдэгт итгэлтэй байлаа. Жамо, Рикарду гэсэн хоёр хаалгачийг харьцуулан харахад бидэнд давуу тал байгаа мэт санагдана. Эхний цохилтыг Бекс гүйцэтгэхээр болов. “Гарцаагүй, тэр салхийг нь хагалах ёстой” гэж бодлоо. Түүний цохилтыг ямар ч хаалгач барихад хэцүү. Бэлтгэл дээр тэр үүнийгээ хангалттай нотлон харуулсан. Гэвч тэр яг цохихынхоо өмнө зүүн өвдгөөрөө нугаран тэнцвэр алдаж, бөмбөгийг хаалганаас хамаагүй холуур цөлчихөв. Тулгуур хөл зөв тавигдаж байж хүчээ бүрэн гарган чиглэлээ зөв тодорхойлох билээ. Чухал үед торгуулийн цохилт алдлаа гээд Бексийг зэмлэх нь буруу. Тэр зүгээр л гишгэгдэл алдсан. “Эстадио да Луш” цэнгэлдэх хүрээлэнгийн талбай нь дэндүү нойтон, чийгтэй тул торгуулийн цохилтын цэгийг нааш, цааш нь хөдөлгөчихсөн байхад ч гайхахааргүй байсан.

Хэдийгээр багийн ахлагч маань ийн эхний цохилтыг алдсан ч бидний найдвар тасраагүй хэвээр. Майкл, Франк, Жей.Ти, Харгривз амжилттай цохиж, харин португалчуудаас Руй Кошта бидэнд тус хүргэсэн. Жей.Тиг эргэж ирэхэд тэр “Би бөмбөгөө цөлчихсөн нь та нарын аз боллоо” хэмээж байв. Цаг өнгөрөх тусам дарамт улам нэмэгдэж байлаа.

Үндсэн таван цохилтод хоёр багийн оноо тэнцлээ. Одоо “сайн дурынхан” тоглолтын хувь заяаг шийдвэрлэх болов. Свен үлдсэн цохилтуудыг хэн хэн гүйцэтгэхийг хэдийнэ шийдчихжээ. Гэхдээ тэдний дунд ийм шийдвэрлэх цохилтыг хийхийг хүсээгүй хүн бас байв. Эшли тоог илүү гаргасан ч Поштига амжилттай цохиж 5:5 болголоо. Дарамт дааж тэсвэрлэхийн аргагүй нэмэгдсээр. Свен Дариусаас “Чи цохих уу?” хэмээн асуухад тэр татгалзав. Тэр торгуулийн цохилт гүйцэтгэхээс эмээж, өөртөө итгэх итгэл нь алга болсныг нүднээс нь харж болохоор байсан. Гэвч Свен дараагийн цохилтыг хийх хүнийг хайн эргэн тойрноо харж байснаа Дариус дээр тогтов. Өөр хүн үнэхээр байгаагүй гэж үү? Сол, Гари Невилл, Фил Невилл нарыг сонгож болох байсан ч тэр довтлогчийг илүүд үзсэн бололтой. Яагаад гэвэл тэд хаалганы торонд бөмбөгийг яаж хүргэхээ мэддэг. Үлдсэн тоглогчдоос ийм үүрэгтэй хүн ганц Дариус л байсан.

Бөмбөг рүү алхаж буй Васселийг харахад дэлхий дахины анхаарлыг зөвхөн өөр дээрээ авсан гэдэгтээ эмээж, сэтгэлийн их дарамт үүрч яваа нь илт. Түүнийг бөмбөгөө алдаад цохичиход гайхах зүйлгүй байсан. Тэр сэтгэл зүйгээрээ хэдийнэ Рикардуд ялагдчихсан байлаа. Найдах ганц зүйл нь бие бялдрын бэлтгэлжилт. Харамсалтай нь тэр португал хаалгачийг давж чадсангүй.



Одоо ингээд талбайн эзэд давуу байдалтай боллоо. Тэдний хувьд ч гэсэн торгуулийн цохилтыг найдвартай гүйцэтгэчих хүнгүй болжээ. Гэхдээ хэн ч Рикардугаа илгээнэ гэж санах билээ. Ийм эрт хаалгачаа гаргалаа гэж үү? Би өөрийн мэдэлгүй “Тэд яаж байгаа нь энэ вэ? Галзуурсан юм биш байгаа” хэмээн дуу алдсан. Португалын хаалгач Жамогийн эсрэг торгуулийн цохилт гүйцэтгэх нь “Евро-2004”-ийг зохион байгуулагч орны багт ашигтай гэж үү? Рикарду цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдийг уриалан уухайлаад бөмбөг рүү гүйн очиж хүчтэй цохив. Жамо тааж үсэрсэн ч бөмбөгт хүрсэнгүй. Маш гайхалтай цохилт боллоо.

Яг энэ мөчид би Дариусыг тайвшруулахаар бослоо. Цуврал торгуулийн цохилтоос ямагт ямар нэг золиосны хүн гардаг. Гэхдээ Англи “Евро-2004”-өөс хасагдсаны бурууг Дариус үүрэх ёсгүй юм. Би түүн дээр гүйн очоод “Дариус, энэ хожигдолд чи ямар ч буруугүй шүү. Бид 90 минут болон нэмэлт цагт хожил авч чадаагүйгээс хойш” хэмээв. Бидний хэн нь ч Дариус руу хуруугаа чичлэн дайраагүй. Хэрэв Мейер эзэн орны хөгжөөн дэмжигчдээс эмээсэндээ бидний нэг гоолыг булаагаагүй бол Английн шигшээ баг хагас шигшээд үлдэх байлаа. Бидний ялагдалд Дариус, Бексийн хэн нь ч биш, харин Мейер л буруутай. Таамаглаж байсанчлан хэвлэлийнхэн Бексийг тайван байлгасангүй. Мөн тэд Свенээс “Английн шигшээ баг яагаад торгуулийн цохилтын бэлтгэл хийгээгүй юм бэ?” хэмээн асууж байлаа. Гэхдээ бидний хэн нь ч ийм бэлтгэл хийгээгүйгээс болоод хожигдсон гэж бодоогүй. Ямар ч үзэгчгүй бэлтгэлийн талбайд хэн ч арван цохилтоо бүгдийг нь хаалганд оруулж чадна. Харин хэдэн арван мянган хөгжөөн дэмжигч цугласан цэнгэлдэх хүрээлэнд бөмбөгөө өшиглөхөөс өмнө торгуулийн цохилтын цэг рүү алхахад юу эс бодогддог билээ. Тэр үед хаалгач илүү том болоод, хажуугаар нь бөмбөг гарах зайгүй мэт санагддаг.

Ийнхүү Английн шигшээ баг “Евро-2004”-өөс хасагдлаа. Бид, би хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугаллаа. Тэд Португалд очихдоо шигшээ багаа шөвгийн наймаар тогтохгүй хол явна гэж итгэж байсан нь лавтай. Зохих хэмжээндээ хүрч тоглоогүйдээ хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсье. Энэхүү ялагдлын дараа шигшээ багийн бүх тоглогч туйлдаж ядарснаа гэнэт мэдсэн. Хатуу хүнд улирлын ачааллаас сэргэж амжаагүй бидэнд дээд зэргээрээ тоглох хэцүү байсан. Зарим нэг тоглогч тун сайн байсныг мартаж болохгүй.

Англид буцаж очсоны дараа Скоулзи шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгдэв. Гэхдээ энэ нь миний хувьд цочир сонин мэдээ байгаагүй. “Евро-2004”-т Фрэнк гайгүй тоглож, шигшээ багт өөрийн орон зайгаа дархалсан учир Скоулзигийн талбайд гарах хугацаа үлэмж багассан юм. Мэдээж тэр надтай өрсөлдөж, байрлалыг булаацалдан мөчөөрхөх хэмжээнд тоглохоо больсон байлаа. “Евро-2004”-ийн үеэр би Скоулзигийн шигшээ багтаа гүйцэтгэж байгаа үүрэгтээ дурамжхан байгааг анзаарсан. Тэр төвийн хагас хамгаалагчаар тоглож, бөмбөгийг бусдаас илүү их эзэмшин, тоглолтын гол дүр байхыг хүссэн байх. Харин зүүн жигүүрт томилогдсоныхоо дараа тэр “Юнайтед”-ын төлөө бүх анхаарлаа хандуулъя гэж шийдсэн болов уу. Мөн нас нь ч 30 хүрсэн тул гэр бүлийнхэнтэйгээ арай илүү цагийг өнгөрөөхийг хүссэн биз ээ. Түүнийг гэрийнхэнтэйгээ хамт байхыг нь харахад Скоулзи эхнэр, хүүхдэдээ ямар их хайртайг нь мэдэрч болно. Тэр шигшээ багт дуудагдан хэдэн долоо хоногоор зочид буудалд байрлахаас хүүхдүүдээ эрхлүүлэн буйдан дээр тоглохыг илүүд үзжээ. Скоулзи Английн шигшээ багийн төлөө хийх ёстой зүйлээ биелүүлж, олны хайр хүндлэлийг хүлээсэн шилдэг тоглогч. Хөл нийлүүлэн хамт тоглож явсан хөлбөмбөгчдөөс маань хамгийн шилдгүүдийн нэг нь яах аргагүй Пол Скоулз. Тэр хүчтэй, мөн маш оновчтой цохиж, ухаалаг тоглолтыг үзүүлдэг. Скоулзи бол талбай дээр чимээгүй тэнүүчлэх хөлсний алуурчин. Зөвхөн хүчтэй цохиод зогсохгүй, тас няс хийсэн ширүүн хамгаалалтаараа тэр онцгойрдог. Шигшээ багт түүний орон зай надад мөн ч их үгүйлэгдэнэ дээ. Гэхдээ ирээдүйгээ бодож ийм шийдвэр гаргасан нь зөвхөн тэр биш байсан.

УЛААН ЦАМЦАА ЦЭНХЭР ӨМСГӨЛӨӨР СОЛИХ УУ?

Английн шигшээд дурсамжтай, бахархалтай сайхан цаг дахин ирэх болно. Харин энэ үед “Ливерпуль”-ийн амжилт нэг л явцгүй болоод байв. Надад яг л шигддэг элсэн дундаас гарч ядаж байгаа мэт санагдаж байж билээ. Урагш алхахыг хичээвч улам гүн шигдэж, хөлөө зөөж чадахаа болино. Толгойд минь энэ байдлаас гарна гэсэн итгэл байхгүй болж, эндээ ингээд үүрд үлдэх мэт санагдаж байлаа. Миний хувьд “Барселона”, “Реал Мадрид”, “Милан”, “Ювентус” гээд цуутай клубүүдийн тулааны талбар “Аваргуудын лиг”-т “Ливерпуль” орж чадах уу, үгүй юу хэмээн санаа зовниж байх дургүй. Бид үүнд толгой өвдөхгүй шалгарч байх ёстой юм. Дээрх нэрсийг сонсоход л сэтгэл сэргэдэг билээ. Бид түүхийн хуудсанд эдгээр багийн нэртэй хамт “Ливерпуль”-ийг дурсагдахаар тоглох хэрэгтэй. Майкл, бид хоёр клуб маань Европын шилдгүүдийн түвшинд багтахгүй байх вий гэсэн ижил бодолтой байдаг. Би түүнд “Бид “Аваргуудын лиг”-т заавал орох ёстой” гэхэд тэр толгой дохиод “Тийм ээ. Би л лав үүнийг зурагтаар үзэж чадахгүй” хэмээсэн. Харамсалтай нь бидний хайртай клуб маань Премьер лигт “Арсенал”, “Манчестер Юнайтед”, “Челси”-гийн ард бичигдэж байв. Хүн бүр энэ байдлыг ноцтойгоор хүлээн авч, ам нээх болгондоо ярина. Сонины хуудас эргүүлэхэд “Ливерпуль тэргүүлэгчээс 13 оноогоор хоцорч байна” гэсэн гарчиг дурайж, радио асаахад “Улаанууд хаана явна аа?” хэмээн цуурайтах аж. Шинжээч, тоймчид бүгдээрээ “Ливерпуль”-ийг зохих түвшнээсээ доогуур тоглолт үзүүлж буйг шүүмжлэн хэлэлцэж байлаа.

13 оноо. Энэ тоо миний бодлоос салахгүй байв. 2003-04 оны улиралд аварга “Арсенал”- аас ийм хол зөрүүтэй хоцорч, лигийн хүснэгтэд дөрөвдүгээрт бичигдэнэ гэдэг миний хувьд асар хүнд шийтгэл мэт байсан. Хичнээн хичээгээд багийн амжилт өөдлөхгүй энэ үед ирээдүйдээ эргэлзэж эхэлсэн. “Би энд ийм байдалтай тоглосоор байх уу? Премьер лигт дундуур орж, Аваргуудын лигийг зурагтаар үзэх нь миний түвшин гэж үү?” Энэ мэтчилэн асуулт ар араасаа хөвөрсөөр. Хувийн амжилтаа бодоход өөр баг руу явчихмаар. Гэвч “Энфильд”-ийг, төрөлх хот, хайртай клубээ орхино гэдэг надад төсөөлөгдөшгүй байлаа. Тэр зун Жозе Моуриньо гэсэн шинэ дасгалжуулагчтай болсон “Челси” клуб намайг багтаа элсүүлэх сонирхол их байсныг би мэднэ. Би ч өсч яваа сайн багт очих хүсэлтэй байв.

Бас нэгэн сэтгэл хөрөх явдал болсон нь манай баг 2004 оны гуравдугаар сарын 25- нд UEFA-гийн цомын шөвгийн наймын хариу тоглолтод “Марсель”-д хожигдсон явдал юм. Бурхан минь, энэхүү хожигдлын талаарх таагүй бодол мөн ч удаан толгойноос минь салаагүй дээ. Аваргуудын лигтэй харьцуулахад UEFA-гийн цом гэдэг онцгойлох зүйлгүй тэмцээн ч түрүү бол түрүү, аваргын медаль гэдэг тодорхой үнэ цэнэтэй билээ. Францын багийн эсрэг тоглолтын эхэнд Эмиль гоол хийж, бид ерөнхийдөө давамгай байсан ч Игорь Бишчан дэмий алдаа гаргаж, улаан хуудас авснаар бүх зүйл орвонгоороо эргэсэн. Хүний илүү байдлаа “Марсель” овжин ашиглаж, бид UEFA-гийн цомоос хасагдав. Түрүүг нь авч болох байсан тэр жилийн UEFA-гийн цомоос бид нэг тоглогч маань өрсөлдөгчийнхөө цамцнаас татсанаас болж мултарлаа. Хэрэв давуу байдлаараа тоглолтыг дуусгаж чадсан бол манай баг хагас шигшээд “Ньюкасл”, аваргын төлөө “Валенси”-тай өрсөлдөх байлаа. Миний бодлоор энэ хоёр багийг “Ливерпуль” төвөггүй хожих байсан болов уу.

“Ливерпуль” Жерарын удирдлагаар урагш алхахаа нэгэнт больжээ. Үүнийг багийн доторх гишүүд болон хөндлөнгөөс ажиглагчийн хэн ч анзаарахаар байв. Таамаглаж байсанчлан улирал өндөрлөөд удаагүй байхад Жерар албаа хүлээлгэн өглөө. Энэ мэдээ миний хувьд таагүй санагдсан ч гэнэтийн зүйл байгаагүй. Нэг улиралд гурван тэмцээний түрүү авсан тэр цагаас хойш “Ливерпуль” урагшаа биш хойшоо явж байсан нь гол үндэслэл юм. Жерар багаа орхисон нь энэ клубийн төлөө хийсэн хэрэг байлаа. Зургаан жил “Ливерпуль”-ийн төлөө ажилласан түүнд шинэ орчин хэрэгтэй байсан бол манай багт ч ялгаагүй сэргэн мандахад шинэ хүн чухал нөлөөтэй байв. Би ч үүнийг хүссэн. Хэвлэлээр намайг “Ливерпуль”-ийн гүйцэтгэх захирал Рик Пэррид хандан Жерарыг явуулах цаг болсон гэж хэлсэн хэмээх шуугиан газар авчээ. Ямар ч үндэслэлгүй энэ цуурхал Рик, бид хоёрын хэн хэнийг доромжилсон мэт санагдаж байлаа. Миний үүрэг бол клубийнхээ төлөө хөлсөө урсгаж, багаа ахлах, харин дасгалжуулагчийг сонгоно гэдэг удирдлагуудын хийх ажил билээ.

Надад “Ливерпуль” болон Жерарын хооронд үүссэн асуудлын талаар сонсоход ч хүнд байсан. Жерар, бид хоёр эцэг, хүү шиг харилцаатай байсан юм. Түүнийг багаас явахад биеийн минь нэг хэсэг байхгүй болсон мэт санагдаж байлаа. Дахин хамтран ажиллаж чадахгүй гэхээс сэтгэл минь шимшрэн түүн рүү залгаад тэр миний төлөө бүр их санаа зовниж байсныг нь мэдсэн. Жерар “Стивен, хүү минь, чи маш гайхалтай клубт тоглож байгаа шүү” хэмээгээд “Чи одоо дэлхийн шилдэг тоглогчдын нэг болон өсч өндийж байна, надад итгээрэй. Чиний хувьд одоогийн байдлаа хадгалаад дутагдлаа засч, илүү ихийг суралцах хэрэгтэй. Одоо надад санаа зовох хэрэггүй ээ, би зүгээр” гэж билээ. Жерар бол миний хөлбөмбөгчний замналд их дэвшлийг авчирсан ачтан юм. Тиймээс ч би түүнийг маш их хүндэтгэн биширдэг. “Ливерпуль” болон Английн шигшээгийн чухал тоглолтуудын өмнө тэр над руу үргэлж ярьж, тайван хараатай тоглохыг зөвлөн амжилт хүсдэг. Мөн гэр бүлийнхний маань талаар асууж санаа тавина. Тэр үнэхээр эелдэг, халамжтай хүн шүү. Би түүний туслахаар ажиллаж байсан Патрис Бергитэй ч холбоотой байгаа. Түүний заавар зөвлөгөө багийнханд маань үгүйлэгддэг.

Жерарыг явснаас хойш хэд хоногийн дараа Рик над руу утасдлаа. “Стивен, би чамтай болон зарим нэг ахмад тоглогчтой уулзаж ярилцах зүйл байна” гэв. Би тэр даруй түүний байгаа Блунделсэндс1-т очлоо. Тоглогчдын ихэнх нь завгүй байсан учир Карра, бид хоёр л Риктэй уулзсан. Бидний яриа багийн зорилго, тоглогчдын үнэлэмж, нөөц бололцоо гэсэн сэдвээр өрнөлөө. Гэтэл Рик гэнэт ярианы сэдэв өөрчлөн “Бид дахиад гадаад дасгалжуулагчтай болбол тоглогчид хэрхэн хүлээж авах бол? Хэцүү байх болов уу?” хэмээн асуулаа. Би “Яалаа гэж дээ. Бараг бүх тоглогч Жерартай маш сайн харилцаатай, бие биеэ сайн ойлгодог байсан. Бид түүний удирдлага дор нэг улиралд гурван тэмцээнд түрүүлсэн. Тиймээс дахиад өөр гадаад дасгалжуулагч ирлээ гээд тоглогчдод ямар нэг хүндрэл гарахгүй” хэмээн хариулав.

Рик миний хэлснийг сонсоод тааламжтайгаар толгой дохив. Би “Ливерпуль”-ийн удирдлагууд өөр улсын дасгалжуулагч авахаар тохирч дээ гэж бодлоо. Хэрэв ингэвэл нэг таагүй зүйл тохиолдож болохыг таамаглан “Рик, би англи хүн. Тиймээс ч англи дасгалжуулагчтай ажиллах хүсэлтэй байдаг. Тэд миний хэн гэдгийг сайн мэднэ шүү дээ” хэмээлээ. Франц мэргэжилтэн манай багт зургаан жил ажиллаад явсны дараа хөгжөөн дэмжигчид ч гэсэн өөрийнхөө улсаас дасгалжуулагч авахыг хүсч байсан юм. “Пост”, “Эхо” зэрэг сонин англи дасгалжуулагчтай болохыг хүссэн хөгжөөн дэмжигчдийн захиагаар дүүрч байв.

Рик хэсэг дуугүй сууснаа над руу харан “Одоо “Валенси”-д ажиллаж буй Рафа Бенитесийн талаар чи ямар бодолтой байна вэ?” гэж асуув. Үүнийг сонссон даруйд миний нүдэнд оч гялалзсан байх. Испанийн гайхалтай дасгалжуулагч манай багт ирэх нь. “Бенитес ч мундаг хүн шүү” хэмээн Рикэд баяртайгаар хэллээ. Бенитес “Энфильд”-д ирж магадгүй гэсэн мэдээ Карра, бид хоёрын хэн хэнийг баярлуулав. Рик ч түүнийг авчрах хүсэл их байгаа бололтой. Тэр Каррагаас “Чи түүний талаар ямар бодолтой байна?” хэмээн асуухад “Стивитэй адилхан” гэж цовоо дуугаар хариулж байв. Карра “Бид “Валенси”-гийн эсрэг 3-4 удаа тоглосон байх. Тэр бүх тоглолт маш хүнд болсон. Бенитес бол маш сайн дасгалжуулагч. “Валенси” түүний ачаар сайн тоглож, өндөр амжилтыг үзүүлж байгаа” гэж үргэлжлүүлэн хэллээ. Би түүнтэй санал нэг байлаа. Хааяа зурагтаар Испанийн лигийг үзэхэд “Валенси”-гийнхан “Барса”, “Реал”-ын түвшний тоглолтыг үзүүлж байгаа нь мэдрэгддэг. Бенитес “Валенси”-г ахархан хугацаанд шалихгүй мөнгөөр огцом дээшлүүлсэн билээ. Би Каррагийн хэлсэн дээр нэмэн “Тоглолтын арга барил, тактикийн хувьд “Валенси” учрыг нь олоход төвөгтэй баг байсан шүү” хэмээв. Бид тэднээс бөмбөг салгаж авахад хүртэл хүнд байсныг тод санаж байна. Шүгэл дуугарч, тоглолт эхлэх мөчид л энэ багийг яаж хожино доо гэсэн бодол толгойд зурсхийн орж ирж байлаа. “Валенси” бол бие бялдрын бэлтгэлжилтээс гадна оюун санаа, сэтгэл зүйгээрээ биднээс хэдэн хувь илүү байсан.

Бенитес Испанид хийснээ “Ливерпуль”-д гүйцэлдүүлж чадах болов уу? Яагаад болохгүй гэж? Хэн ч түүнийг “Барса”, “Реал”-аас даван, Ла лигийн тэргүүн байрыг авна гэж бодоогүй байх. Харин Рафа тэрхүү боломжгүй мэт зүйлийг биелүүлж чадсан. Гэвч ганцхан хүн бүхэл бүтэн багийг сэргээж чадах уу? Тэр “Ливерпуль”-ийг “Аваргуудын лиг”- ийн түвшний баг хэвээр үлдээж чадах уу гэсэн эргэлзээ намайг эзэмдсээр байлаа.

Португалд болсон Европын АШТ-д оролцохоор нисэхдээ би энэ мэтчилэн олон асуулт тээн явж байлаа. “Евро-2000”-д гэрээ санаснаасаа болоод өөрийгөө бүрэн дайчилж чадаагүй бол энэ удаа клубийнхээ ирээдүйн тухай толгойгоо гашилган анхаарлаа төвлөрүүлж үл чадна. Энэ бүхнийг бодлоосоо таягдан хаяж анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг үнэхээр хүнд аж. Бие минь Португалд байвч оюун санаа минь “Энфильд”-д үлджээ. Португалд байхдаа ирээдүйг бодохоос өмнө урдах ажлаа 100 хувь биелүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Гэвч би ингэж чадахгүй хэвээр байв. Ямар нэг юманд сатааралгүй, тухайн тоглолтдоо бүрэн төвлөрч чаддаг хөлбөмбөгчдөд би атаархдаг. “Евро-2004”-ийн үеэр би хором ч тайван сууж чадахгүй байсан. Тоглолт юм уу, бэлтгэлийн дараа шууд л харилцуур шүүрэн авч гэр лүүгээ залгаад “Ливерпуль”-д юу болж байгааг лавладаг байлаа. Мөн гэр бүлийнхэн болон найз нөхөд маань ч гэсэн над руу ярьж, сонин хэвлэл дээр клуб болон миний талаар юу гэж бичсэнийг сонирхуулна. “Челси”, “Реал Мадрид”, “Челси”, “Интер Милан”, “Челси”, “Барселона”, “Челси”, “АС Милан”. “Челси”, “Челси”, бас дахиад л “Челси”. Аль багийг сонгох вэ гэж толгой минь бүр эргэж гүйцлээ. Аав “Чи багтаа үлдэх үү?” хэмээн асууж байхад Пол ах “Хаашаа явах гэж байна?” гэнэ. Ёстой бурхан л үүнийг мэдэх байх.

Хэрэв хүн ямар нэг зүйл бодоход гал гардаг байсан бол би тэр үед юу ч үгүй шатах байсан биз. Үүнээсээ болоод тоглолт дээр алдаа гаргасан тохиолдол ч бий. Гэхдээ л “Евро-2004”-д тааруу тоглосныг минь шүүмжлэх хүн бараг гарсангүй. Английн шигшээ багийн амжилтыг доош нь татсандаа би хүн бүрээс уучлал гуймаар байлаа. Гэвч туршлага нимгэн, нас залуу байдал маань намайг олны шүүмжлэлийн бай болохоос аварсан байх.

Багийн хамт олон, хөгжөөн дэмжигчид, Свений урмыг хугалсан ч Английн шигшээ багийн зочид буудалд энэ тухай биш, араас минь хөөцөлдөж буй томоохон клубүүдийн алинд нь намайг очих бол гэсэн яриа хүчтэй өрнөж байлаа. Хамгийн муу тоглолтоо үзүүлж байхад ингэж бусдын анхаарлын төвд байгаадаа гайхна. Энэ бүхний эн тэргүүнд “Реал Мадрид”, тэгээд араас нь “Арсенал”, Миланы хоёр баг, “Барселона”-гийн нэр дурдагдана. Гэвч “Челси”-г эзэн Роман Абрамовичийнхоо дэмжлэгээр энэ өрсөлдөөнд ялна гэсэн дүгнэлт сонсогдох аж. Сонин болгон л миний төлөө мөнгө хаяж буй багуудын тэмцлийг өгүүлж, аль багт нь очвол ямар нөлөө үзүүлэх тухай таамаг, бодлоо дэвшүүлж байв. “Реал Мадрид”, “Челси” Стивен Жеррардын төлөө гэсэн утгатай мэдээлэл гараагүй сонин олж авахад хэцүү байлаа. Энэ бүхнээс болоод ч тэр үү, ямарваа нэг тоглолтод гарахдаа энэ бол “Челси”, эсвэл “Барселона”-гийн төлөө тоглолт хэмээн төсөөлнө. Европын АШТ эхлэхээс өмнө Арсен Венгер, Жозе Моуриньо, Сэр Алекс Фергюсон нар намайг магтсан ярилцлага өгч, багтаа авахаар хөөцөлдөж байгаа хэмээн ярьж байв. Нэг удаа Ферги “Сандэй Таймс”-ын сурвалжлагчтай уулзахдаа намайг багийн тоглолтод хамгийн их нөлөө үзүүлдэг тоглогч хэмээн магтаж, энэ зун “Юнайтед”-д урвуулна гэсэн байж билээ.

Энэ яриаг нь батлах зүйл “Евро-2004”-ийн үеэр цөөнгүй тохиолдсон. Английн шигшээ багийн Лиссабон дахь зочид буудал “Солплэй”-д өрөөндөө хэвтэж байтал хэн нэгэн хаалга тогшлоо. Очоод нээтэл Фергигийн тоглогчдын нэг нь байлаа. Тэр манай өрөөнд орж ирээд шууд л “Чамайг манай багт ирвэл бид баяртайгаар хүлээж авна шүү” хэмээв. “Манчестер Юнайтед”-аас өөрсдийн сонирхлоо ийн илэрхийлж байгаа бололтой. Гэтэл “Арсенал”, “Челси”-д данстай шигшээгийн бусад тоглогч ч гэсэн “Чи манай багт ирэхгүй юм уу?” хэмээн асуух боллоо. Хүндэлж, биширч явдаг тоглогчид маань намайг өөрийнхөө багийн гишүүн болгохыг хүсэн ийн санал тавьж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Тэд надад ингэж хэлж байхад би хариуд нь мөн ийм санал тавьж яагаад болохгүй гэж. Уэйн Руни дээр очоод “Чамайг “Ливерпуль”-д ирээд долоо хоног бүр надтай мөр зэрэгцэн тогловол би маш их баярлана” гэлээ. Үүгээрээ би түүнийг хэр үнэлдэг вэ гэдгээ харуулах гэсэн юм. “Уэйн, чи манай багт хүрээд ир л дээ”. Хэрэв тэр “Ливерпуль”- ийн тоглогч болбол манай довтолгооны шугам үлэмж хүчирхэгжих билээ. Би талбайн дунд бөмбөг авангуутаа л Уэйний хаа байгаа газар луу дамжуулах болно. Мөн намайг довтолгоонд оролцоход тэр надад оновчтой дамжуулалт өгч чадна. Тэгэхээр гоолыг хүссэнээрээ оруулна даа. Би Уэйнийг улаан цамцтай тоглоосой гэж хүсч, мөрөөддөг. Гэвч энэ биелэхэд амар зүйл биш билээ.

Ийнхүү топ клубүүд, шилдэг дасгалжуулагчид миний төлөө мөнгө хаяад эхэлжээ. Тэдгээр дасгалжуулагчид “Евро-2004” дуусахаас өмнө намайг багтаа авахыг эрмэлзэн яарч байгаа бололтой. Би тэр зуны хамгийн эрэлттэй “бараа” нь болж байв. Английн шигшээгийн бусад тоглогч ч гэсэн намайг “Ливерпуль”-ийг орхино гэдэгт итгэлтэй байлаа. Би өөрөө ч аль багт очвол дээр болох тухай дотроо эргэцүүлэн бодсоор. Энэ үед найзуудтайгаа арынхаа цэцэрлэгт, мөн гэрийн ойролцоох цардмал талбай дээр хөлбөмбөг тоглож явсан хүүхэд ахуй насандаа эргээд оччихсон мэт санагдаж байв. Багаа хуваахад найзууд маань намайг өөрийнхөө багт авах гэж хоорондоо маргадагсан. Гэвч энэ бүх бодол намайг туйлдуулж, “Евро-2004”-д санаснаараа тоглох боломжийг хязгаарлаж байв. Үүнийг урьдчилан таамагласан Струан намайг тайвшруулж, туслахыг хичээж байсан. Тэмцээн эхлээгүй байхад л тэр “За Стиви минь, бид чиний ирээдүйн талаар одоо огт ярихгүй. Тиймээс чи элдэв бодлоо орхих хэрэгтэй. Сонин хэвлэлүүд юу бичиж, хэн юу хэлэх нь хамаагүй, Английн шигшээгийнхэн ятгасан ч гэсэн тэмцээнийг дуустал энэ тухай ярихгүй шүү” хэмээсэн. Сайхан төлөвлөгөө боловч биелэх боломжгүй юм даа. Сонины хуудсанд миний тухай юу гэж бичсэнийг надад хэлэх гэр бүлийнхнийхээ дууг би хорьж чадахгүй. Тэд “Барса чамайг авна гэсэн байна”, “Челси чиний төлөө их мөнгө хаяна гэнэ”, “Венгер чамайг идэвхтэй сонирхож байгаа бололтой” гээд л өдөр бүр энэ тухай ярьдаг байв. Гэр бүлийнхэн маань надад хайртай, тиймээс миний ирээдүйд санаа зовнин ингэж байгаа хэрэг юм.

Нэгэн удаа гэрийнхэн маань утсаар ийнхүү сонины тойм уншиж өгч байтал нэг хэвлэл дээр “Евро-2004”-ийн үеэр Карра, бид хоёрыг нударга зөрүүлсэн гэх мэдээ гарлаа. Тэрхүү нийтлэлд “Ливерпуль”-ийн талаарх үзэл бодлын зөрчлийн улмаас намайг Карратай зодолдсон хэмээн бичжээ. Удалгүй Карра тэр сониныг нь барьчихсан “Чи үүнийг уншив уу?” гээд манай өрөөнд орж ирлээ. Эхлээд бид хоёр “Биднийг зодолдсон гээд биччихэж” хэмээн инээлдэв. Карра “Тэгээд чи, бид хоёрын хэн нь дийлсэн бэ?” гэж асуулаа. Тэгээд уг нийтлэлийг үг гээлгүй уншсан. Ээлжит худал мэдээлэл ийнхүү гарчээ. Энэ инээгээд өнгөрөх хэрэг биш байлаа. “Евро-2004”-ийн дунд хэсэгт гарсан энэ нийтлэлээс болоод Карра, бид хоёр түнжин хагарахгүй ч багт таагүй уур амьсгал үүсэх магадлалтай юм. Гэр бүлийнхэн, найз нөхөд, түүнчлэн шигшээ багийн хамт олон маань “Ливерпуль Эхо” гэх тэр сониныг уншвал тийм зүйл болжээ гэж итгэх нь гарцаагүй. Намайг анх “Ливерпуль”-д ирэхэд Карра Майклтай их дотно байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам би түүний хувьд Майклтай ижил түвшний найз нь болсон. Майкл, Дэнни Мерфи хоёр “Ливерпуль”-ийг орхиход дотны хоёр андаа өөр багт алдсан бидний хэлхээ холбоо улам бат бөх болсон юм. Он жил өнгөрөх тусам бид биесээ улам сайн мэддэг болж, хэзээ ч хугаршгүй андын холбоотой болоод байгаа билээ. Хоорондоо зодолдсон гэх энэхүү нийтлэлийг бид эхэндээ хөнгөн хүлээж аваад дараа нь ямар ноцтой асуудал болохыг нь ойлгон “Ливерпуль”-ийн хэвлэл мэдээллийн асуудлыг хариуцсан ажилтан Иан Коттонд даатган үлдээсэн. Магадгүй бид хоёрын хооронд ямар нэг асуудал үүсгэх сонирхол тэр хэвлэлийнхэнд байсан байж болох юм. “Евро-2004”-ийн үеэр тэмцээнд бүрэн анхаарлаа хандуулж чадахгүй байсандаа гайхах зүйл алга ажээ.

Свен ч намайг анзаарчээ. Тэр “Стивен, чи зүгээр үү? Чи дуугаа хураагаад их юм бодсон шинжтэй л харагдах юм” хэмээв. “Ливерпуль”-ийн туслах дасгалжуулагч Самми Ли Английн шигшээ багийн дасгалжуулалтын албанд байсан бөгөөд тэр Свенд миний талаар хэлсэн бололтой. Швед эрхэм “Юуны өмнө тэмцээндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Чиний ирээдүйн замд олон сонголт гарч ирээд байгаа бол хамгийн сайныг нь тодорхойлоод тийшээ чиглээд алх. Хэн нэгний ятгалгад автах хэрэггүй” гэж үргэлжлүүлэн хэлж билээ. Энэ бол миний нүдийг нээж өгсөн үнэтэй зөвлөгөө байлаа. Тэр намайг хаашаа явахыг хэлээгүй ч өөрөө сайн тунгаагаарай гэсэн нь нэгийг бодогдуулсан. Свен “Стивен, чи бусад шилдэг тоглогч ч атаархмаар олон багийн анхаарлыг татаж байгаа. Чи ихэнх хүний тоглохыг мөрөөддөг клубт хүчин зүтгэдэг. Тэгэхээр энэ олон баг чиний араас хөөцөлдөж буйд гайхах зүйлгүй. Гэхдээ хамгийн гол нь одоогийн энэ тоглолтын хэмнэл, ур чадвараа хадгалах нь чухал шүү. Хэрэв тэгж эс чадваас эсрэгээр хэн ч чамайг сонирхохоо болино” хэмээн үгээ дуусгасан.

Харамсалтай нь “Энфильд”-ээс хэн ч над руу ярьж, цаашид хэрхэх талаар ярилцахгүй байлаа. Рик Пэрри багийн ахлагчаа авч үлдэх нь хамгаас чухал хэмээн нэгэн сонинд ярьснаас өөрөөр “Ливерпуль”-ийн байр суурь тодорхойгүй байв. Нэг талаар Рик Жерарын ажлыг авах Рафа Бенитестэй яриа хэлэлцээр хийгээд завгүй байсан байх. Зургадугаар сарын 16-ны мягмар гаригт Рафаг “Ливерпуль”-ийн шинэ дасгалжуулагч хэмээн зарласан ба тэр баасан гаригт Португалд нисэн ирсэн. Рафа Майкл, Карра, бид гуравтай уулзаж ярилцахыг хүсчээ. Нислэгийн үеэр Рафа, Жерар хоёртой зэрэгцэн миний ээж сууж таарсан байна. Бүтэн сайнд нь болох Хорватын эсрэг тоглолтыг үзэхээр явж байсан ээжийг минь Жерар Рафад танилцуулахад тэр гар барингуутаа л “Стивен мөнгөнд хэр сонирхолтой хүн бэ?” хэмээн асуусан гэдэг. Мэнд мэдэнгүүтээ ингэж асуусанд ээж маань багагүй мэгдсэн. Анхны уулзалт дээрээ ийм зүйл асууна гэж хэн санах билээ. Энэ тухай сонсоод миний уур маш их хүрсэн. Миний санхүүгийн байдлын талаар ээжээс минь асууна гэдэг шударга бус хэрэг билээ. Гэхдээ хожим энэ бол Рафагийн зан чанарын онцлог гэдгийг мэдсэн. Тэр тоглогчдынхоо юу бодож сэтгэж байгааг мэдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн. Тиймээс ч Рафа надад мөнгөний сонирхол байдаг эсэх, “Ливерпуль”-д авч үлдэхэд ямар хөшүүрэг чухал болохыг мэдэх гэж ингэжээ. Энэ бүхний цаана багийн удирдлагаас өгсөн даалгавар байлаа.

Би ээжтэйгээ цаг ямагт холбоотой байдаг. Рафагийн суусан машин “Солплэй”-гийн гадаа ирэхээс өмнө онгоцонд ямар яриа өрнөснийг би мэдчихсэн байв. Хэдий уур минь хүрч байсан ч “Ливерпуль”-ийн шинэ удирдагчид таатай сэтгэгдэл төрүүлэхийн төлөө биеэ барьж байлаа. Майкл, Карра, бид гурав зочид буудалдаа нэг өрөө гаргуулаад Рафатай уулзалтаа хийв. Свен Рафаг клубийнхээ тоглогчидтой яаралтай уулзаж ярилцахыг хүсч байгааг нь ойлгосон тул биднийг түүнтэй уулзахыг зөвшөөрсөн. Энэхүү уулзалтад Самми Ли мөн оролцсон бөгөөд 20 минут орчим ярилцсаны дараа Рафа “Самми, намайг тоглогчидтой ганцааранг минь үлдээнэ үү?” хэмээн найрсгаар гуйн өрөөнөөс гаргалаа. Ингээд Рафа уулзалтыг дангаараа жолоодох болов.

Рафа бидний хэрхэх сонирхолтой байгааг ээлж дараалан асуух боловч бидний юу гэж хэлэх нь түүнд тийм ч хамаатай биш гэдгийг би ойлгосон. Тэр бол бусдын үзэл бодлыг төдийлэн анзаарч сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг хүн гэдэг нь мэдрэгдэж байв. Рафа өөрийн гэсэн арга барилтай, үүгээрээ “Валенси”-д гайхалтай амжилтыг авчирсан хүн. Тэглээ гээд хүний үгийг дуулдаггүй байж болох уу? Тэр зүгээр л биднээс мэдүүлэг авч байгаа мөрдөн байцаагч шиг байсан. Тухайн үед Рафа англи хэлээр тийм ч сайн ярьдаггүй байсан учир ойлголцоход хүндрэл гарч байлаа. Гэхдээ тэр бидэнд өөрийн баримтлах төлөвлөгөөгөө ойлгуулж чадсан. “Би энэ багийг сайн мэднэ. Тиймээс хийх ажлаа ч мэдэж байна. “Ливерпуль”-ийг амжилтад хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Би өөрийн сонгосон тоглогчдоо өөрийн баримталдаг зарчмаар бэлтгэл хийлгэнэ. Би “Валенси”-д тийм ч их эрх мэдэлтэй байгаагүй. Харин одоо бол дасгалжуулагч гэдгээсээ менежерийн үүргийг илүү гүйцэтгэх бодолтой байгаа. Үүний эхлэл болгож шилдэг гэсэн тоглогчдоо авч үлдэх, мөн гаднаас авчрах ажлыг хийнэ. “Ливерпуль”-ийн төлөө тоглохыг хүсэхгүй байгаа, мөн миний байлгахыг хүсэхгүй байгаа тоглогчид багаа орхиж болно” хэмээн тэр өгүүлсэн юм.

Рафа эрс шулуун, шийдмэг нэгэн ажээ. Тэрбээр тэр даруй миний сэтгэлд нийцэж эхлэв. Ийм зан чанар надад таалагддаг. Тэр Майкл, Карра, бид гурвыг багтаа авч үлдэх талаар юу ч ярьсангүй. Түүнээс өөр хүн бол бидэнд уран үгийг урсгаж өгөх байсан биз. Тэр элдэв амлалт өгөхөөсөө өмнө хөгжлийн бат суурийг тавихыг зорьж байгаа нь тодорхой харагдсан. Арван тоглолт дараалан өндөр түвшинд тоглож чадна гэсэн итгэлтэй байдаг Жерараас Рафа бодит байдлыг мэдэрдгээрээ ялгаатай байв. Энэ бас миний дуртай зан чанар. Тэр Майкл, Карра, бид гурвын сонирхлыг татаж чадлаа.

Рафаг “Солплэй”-гээс явсны дараа би өрөөндөө очин багийн шинэ дасгалжуулагчтай хийсэн анхны уулзалтынхаа талаар эргэж бодон хэвтэв. Түүнтэй уулзсандаа би баяртай байсан ч ирээдүй маань бүрхэг хэвээр үлдлээ. Миний бодлоор энэ уулзалт “Евро-2004”- ийн дараа болвол зүгээр байжээ.

Хэдийгээр би Рафатай уулзсан боловч “Мелвүд”-д буцаж очихдоо цаашид хэрхэх бол гэж эргэлзсэн хэвээр байсан. Энэ эргэлзээ гэх зүйлийн харгайгаар тоглолт, бэлтгэлд төвлөрөх нь улам ч бэрх болсон. Нэг удаа Рафагийн надад хэлсэн үг бүр толгой эргүүлж орхилоо. Тэр “Энэ баг санасан шиг их мөнгөтэй биш юм. Удирдлагын зүгээс багаа хүчирхэгжүүлэхэд надад тодорхой хэмжээний мөнгө гаргасан ч энэ нь хангалтгүй байна” хэмээв. Тэр ямар санаа зорилго агуулан надад үүнийг хэлж байгаа юм бол? “Ливерпуль” данс нь улайсан ядуу баг биш шүү дээ. Тэгэхээр намайг ямар нэг багт зарж мөнгө олох гээд байна уу? Энэ мэт асуулт хөврөн, хариуг нь олж чадахгүй толгой минь задрах шахаж байлаа.

Энэ үед “Челси”-гийн яриа хэлэлцээр улам эрчимжив. “Солплэй”-д байхдаа “Челси”- гийн залуучуудаас Моуриньо намайг авахыг хүсч байгаа тухай хангалттай сонссон. Бараг уулзах болгондоо тэд нүүр дүүрэн инээмсэглээд “Жозе чиний төлөө мөнгө хайрлахгүй гэсэн” гэж хэлнэ. Жон Терри мөн “Өмнө нь Клаудио Раньери чамайг багтаа авахыг хүсч байсан. Түүний ажлыг авсан Моуриньо бүр илүү идэвхтэй ярьж байгаа” хэмээнэ. Энэ бүхний нөлөөгөөр би “Челси”-г сонирхож эхэллээ. Моуриньо бол шилдэг дасгалжуулагч. Мөн тус багт Лампс, Жей.Ти гэсэн шилдэг тоглогчид байгаа. Тиймээс би энэ саналаас татгалзаж чадахгүй ээ.



Английн шигшээгийн давуу тал дундын шугамын хүчирхэг хослол клубийн түвшинд ч хамтран тоглох магадлалтай болоод байлаа

Багийн амжилт ч өөдөө явж, надад өгөх цалин ч бага биш гэдгийг сонссон. “Челси” баг зөв замаа олж, ойрын жилүүдэд олон цом өргөх ирээдүй харагдаж байсан тул би тэдний тоглогчдод нь битүүхэн атаархаж байлаа. Лампс Премьер лигийн аваргын цомыг барьж байна гэж төсөөлөөд шүүрс алдана.

Би Струан луу залган “Челси намайг хэр сонирхож байгаа бол?” хэмээн асуухад тэр “Залуу минь, чи Раньеригийн хамгийн их хүсч байсан тоглогчдын нэг. Одоо бол Моуриньогийн эн тэргүүний зорилт нь болоод байна” гэв. Энэ үед сонин хэвлэлүүд ээлжит худал мэдээллээ цацаж эхэллээ. Зарим нэг сонинд намайг Моуриньо болон “Челси”-гийн гүйцэтгэх захирал Питер Кеньонтой уулзсан хэмээн бичжээ.

Кеньон Пэрри рүү 20 сая фунтээр намайг худалдаж авах санал, энэхүү наймааг хүн болгон хүсч хүлээж байгаа гэдгийг өгүүлсэн агуулгатай факс явуулсан байв. Моуриньо ч “Би Стивиг гараа алдлан угтаж авна” хэмээн ярих аж. Гэхдээ би багийн удирдлагуудын хооронд ямар яриа хэлэлцээр явж буйг сайн мэдэхгүй байсан. “Ливерпуль”-ийн санхүү тийм ч сайнгүй байгааг мэдсэн “Челси” ийнхүү даруй үнийн саналаа тавьжээ. Шинэ дасгалжуулагч тоглогчдоо авч үлдэх, мөн шинэ хүмүүсийг авчрахад мөнгө хэрэгтэй байна гэсэн үед “Челси” ийм санал тавьснаараа “Ливерпуль”-ийн удирдлагууд Рафад хэрэгтэй мөнгийг нь өгөхийн тулд намайг зарна гэж тооцоолсон байна. Мөн намайг “Ливерпуль”-д сэтгэл хангалуун бус байгааг мэдэж байлаа. Би хэвлэлд цөөнгүй удаа том тэмцээний түрүү авах ёстой баг зохих түвшиндээ хүрэхгүй тоглож байна хэмээн ярилцлага өгөөд байсан юм. “Ливерпуль” бол улирлын сүүлийн тойрогт арайхийн “Аваргуудын лиг”-т орох эрхийн оноогоо авах баг биш билээ. Тиймээс багийн амжилт сэтгэлийг минь баясгахаа нэгэнт болиод байлаа. “Челси” “Ливерпуль”-ээс хариугаа яаралтай өгөхийг хүссээр байв. Рик ийм саналыг хэрхэн хүлээн авах бол? Рафад үнэхээр мөнгө хэрэгтэй юу? “Евро-2004”-ийн турш би Струаныг утасдаад “Ливерпуль чамайг зарчихлаа” гэж хэлэхийг нь хүлээсэн.

Цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал доройтсоор байлаа. Нэгэн сонинд Европын АШТ-д Английн шигшээ баг шөвгийн наймд Португалд хожигдсоны дараа намайг Жозе Моуриньо руу “Челси”-гийн төлөө тоглох чин хүсэлтэй гэсэн утгатай захидал илгээсэн гэх нийтлэл гарчээ. Дахиад л гэр бүлийнхэн болоод “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүлэхээр зүйл сонинд бичигдлээ. “Ливерпуль”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч аав маань “Стивен, би чамайг хааш нь ч явуулмааргүй байна. Чи эндээ үлдсэн нь дээр” гэхэд Пол ах мөн түүнийг үгийг дэмжин “Дүү минь, багтаа үлд. Бенитес “Ливерпуль”-д сэргэн мандалтыг авчрах болно” хэмээв. Аав, ах хоёр маань “Ливерпуль”-ийг Премьер лигийн аварга болсон багаас 13 оноогоор хоцорсонд сэтгэл дундуур буйг минь сайн мэдэж байсан. Яг энэ мөчид би зүрхээ чагнаж эцсийн шийдвэрээ гаргасан: Би “Ливерпуль”-ийг орхихгүй.

Зургадугаар сарын 28-нд би Рик рүү утасдан “Би үлдэнэ. Харин баг маань улам хүчтэй, сайн болох хэрэгтэй” гэж хэллээ. Рик үүний хариуд “Бид үүнийг хийх болно” хэмээн амласан.

БАРТАА, НУГАЧАА ИХТЭЙ СТАМБУЛ ХҮРЭХ ЗАМ

Рик хэлсэндээ хүрсэн. Тэр багаа хүчирхэгжүүлэхийн тулд багагүй ажил өрнүүлсэн. “Ливерпуль” Хаби Алонсог авахаар хөөцөлдөж эхлэв. Түүнийг сайн тоглогч гэдгийг би мэднэ. “Реал Сосьедад”-ын тоглолт, довтолгооны амин сүнс нь болсон түүнийг урвуулахаар “Реал Мадрид” идэвхтэй тэмцсэн ч тэр өөрөө эцэст нь Бенитесийн удирдлага дор тоглохыг хүссэн юм. Алонсог “Мелвүд”-д анх ирээд бидэнтэй бэлтгэл хийж эхэлсэн даруйд л би түүнийг биширсэн. Бөмбөгт хүрч байгаа байдал, талбайг харах чадвар, тэмцэгч зан. Бенитес үнэхээр дажгүй наймаа хийжээ. Хаби Алонсог бэлтгэл хийж буйг харсан даруйдаа л би түүнтэй аль болох хурдан хамтран тоглохыг хүссэн.

Мөн удалгүй Бенитес өмнөх дасгалжуулагч Жерар Ульегийн зөвлөсөнчлөн “Осер”- оос Жибриль Сиссег авчрав. Тухайн үед би “Евро-2004”-т тааруу тоглосондоо гутарсан хэвээр байсан юм. Нэг өдөр Дэнни Мерфигээс “Найз минь чи өнөөдрийн бэлтгэл дээр Сиссег ямар байсныг харсан ч болоосой. Би тийм зүйлийг урьд нь харж байсангүй. Итгэхэд бэрх юм. Тэр жинхэнэ гоолын бурхан юм аа” гэсэн мессеж ирэхэд би “Мелвүд”-д яаран очлоо. Тэгэхэд бэлтгэл дуусаад байсан ч тоглогчид багийн шинэ гишүүнийхээ ур чадварыг шагшин ярилцсаар байх аж. Энэ үед л би багийнхаа ирээдүйд итгэл төрж, Европын АШТ-ээс хойш анх удаа гүнзгий амьсгаа авч билээ. Тэгээд “Би шинэ улиралд бэлтгэх цаг болжээ” хэмээн бодож, бэлтгэл дээр очоод Сиссег онцлон харлаа.

Гэвч тэр санасан шиг минь сайн байсангүй. Сиссе довтолгооны төгсгөлийг сайн гүйцэтгэдэг боловч хүч чадал, бие бялдартаа эрдэхээс биш бөмбөгний төлөө төдийлэн идэвхтэй тэмцдэггүй болох нь харагдлаа. Багт гүйцэтгэх үүрэг, үр өгөөжөөрөө Майклын хаана ч үгүй аж. Майклын энд хүрч тоглоход түүнд олон чанар дутагдаж байсан юм. Сиссе бараг хоёр минут тутамд л гадаад төрхөө өөрчилдөг моод хөөсөн этгээд хүн. Харин дотоод ертөнцөд нь нэвтэрвэл цагаан цайлган сэтгэлтэй, элэгсэг залуу байлаа. Түүнийг “Ливерпуль”-д ирэхэд “9” дугаарыг өгсөн. Тиймээс “8” дугаарыг өмчилдөг би хувцас солих өрөөнд түүнтэй зэрэгцэн сууж, ингэснээрээ түүнийг бусдаас илүү сайн мэддэг болсон юм. Сиссетэй ярилцаж байхад анзаарсан нэг дутагдал бол тэр өөртөө итгэх итгэл муу, дэндүү амархан санаагаар унадаг явдал байсан. Багийн ахлагчийн хувиар би Сиссе шиг тоглогчдын урам зоригийг сэргээж, тэмцэх эрч хүчийг нь эргүүлэн авчрах үүрэгтэй.

Манай багийн шинэ франц тоглогчид Майклын орон зайг эзлэх чадвар үнэхээр дутагдаж байлаа. 2004 оны наймдугаар сарын 10-нд “Аваргуудын лиг”-ийн урьдчилсан шатанд Австрийн “Грац”-ын эсрэг айлчилж тоглохын өмнөөс би Майклыг одоогийн байдалдаа сэтгэл дундуур буйг нь анзаарсан. Дандаа л хөгжилтэй юм ярьж, наргиж байдаг найз минь дуугаа хураан суух нь элбэг болжээ. Сонин, хэвлэлүүдэд ч гэсэн түүнийг цаашид хэрхэх бол гэсэн нийтлэл их гарч байв. Гэхдээ тэд ор үндэсгүй зүйлээр сонины хуудсаа дүүргэн шуугиан үүсгэж байдаг болохоор үүнийг тоолгүй өнгөрч болох билээ. “Ливерпуль” гол тоглогчдынхоо нэг Майклыг өөр багт зарвал энэ нь маш том гарз юм. Тэр “Ливерпуль”-д маш том орон зайг эзэлж, хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай тоглогч нь байсан. “Энфильд” бол Майклын насан туршдаа хүчин зүтгэх ёстой ажлын талбар нь. Гэвч Майкл өөрөө ингэж бодохоо больсон бололтой. Би ч түүнийг энд үлдэх ёстой гэж ятгаагүй юм. “Грац”-ын эсрэг хийх тоглолтын өмнө Майкл буланд шахагдаад үнэхээр хүнд байдалд ороод буйг нь мэдсэн. Тэгэхэд хэрэв сэлгээнд суулгасан хэвээр байвал дараагийн арга хэмжээгээ авна хэмээн Бенитестэй маргаж байхыг нь би сонссон. Тийм ээ, Майкл үнэхээр сэтгэлээр унаж гүйцэж. Энэ нь түүнийг бие бялдрын хувьд ч туйлдуулсан нь лав. Тэр улиралд Майкл ямар ч багт очсон ялгаагүй хуучны тоглолтоо гаргахад бэрх болоод байсан. Тиймээс ч Бенитес түүнийг хөлбөмбөгийн зах дээрх ханш нь унахаас өмнө зарахаар шийдсэн. Ингээд Майкл “Реал Мадрид”-ыг зорьж, “Сантьяго Бернабеу”-д тоглох болсон билээ.

Энэ наймаа миний зүрхийг зүсэх шиг болсон. Миний хувьд Майкл бол “Ливерпуль”- ийн түүхэн дэх хамгийн шилдэг довтлогч. Тэсвэр хатуужил, өндөр хурд, гайхамшигтай хууралтууд, бөмбөгт хүрэх мэдрэмж зэргээрээ Майкл багтаа гол үүргийг гүйцэтгэж, олон гоол оруулсан дэлхийн түвшний тоглогч юм. Гэтэл тэр “Ливерпуль”-ээс явчихлаа. Миний хөлбөмбөг тоглох хугацааны дийлэнх үе түүнтэй холбоотой байдаг. Миний багын найз, гайхамшигтай хамтрагч маань “Энфильд”-ийг орхин явах үед биеийн минь нэг хэсэг тасран унах мэт болж билээ. Тэр надад найзын хувиар, эр хүний үүднээс хэрэгтэй, чухал зөвлөгөөг өгдөг байсан. Би үүнийг нь одоо ч гэсэн үгүйлэн санасаар байдаг юм.

Хэдийгээр би энэ бүхэнд дурамжхан үлдсэн ч нөхцөл байдлыг ойлгож байлаа. Хэрэв Майкл хүссэнээрээ яваагүй бол түүний нөлөөгөөр би “Ливерпуль”-ийг орхихоос өөр аргагүйд хүрэх байсан ч байж мэднэ. Тэгээд ч Майклд татгалзахын аргагүй санал ирсэн билээ. 90 мянган хөгжөөн дэмжигчийн уухайн дор тоглодог, аугаа түүхийн замналтай “Galacticos” хэмээгддэг Испанийн алдарт “Реал Мадрид” клубийн цав цагаан хувцсыг тэр өмсөх болсон. Мөн өөр лигт өөрийгөө сорих бодол ч байсан биз. Бид өмнө нь ярилцаж байхад тэр надад “Стиви, би хилийн чанадад тоглож үзмээр байна” хэмээн нэг бус удаа өгүүлж байсан юм. “Реал” Майклыг авснаа зарласан тэр өдөр би түүнд “Тоглохыг хүссэн багтаа очсонд чинь баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн мессеж явууллаа. Би түүнийг багаа орхисонд сэтгэл дундуур байгаагаа нуусан юм. Гэвч өөрийн мэдэлгүй хэдэн мөр зай аваад “Чи юуны төлөө тийшээ явж байгаа юм бэ?” хэмээн бичиж билээ. Хааяа зурагт үзэж байхдаа Эзэн хааны клубийн цасан цагаан өмсгөлтэй тоглож, надаас өөр хагас хамгаалагчдын дамжуулалтыг хүлээн авч буй Майклыг хараад түүнийг багаасаа урвасан гэх сэтгэл төрдөг. Гэвч би түүнийг буруушааж чаддаггүй юм. Aмжилттай тоглоосой хэмээн дотроо битүүхэн залбирч суудаг билээ.

Тун удалгүй бас л миний сайн найз, багийн түлхүүр тоглогч Дэнни Мерфи “Ливерпуль”- ийг орхив. Шинэ дасгалжуулагч “Энфильд”-д ирснээр би хамаг сайн найзаа алдаж гүйцэх нь. Майклыг явсанд би “Ливерпуль” юм уу, Бенитесийг буруутгахгүй. Учир нь “Реал Мадрид” гэдэг нэр Майклын дур сонирхлыг маш их татсаныг би мэдэх юм. Харин Дэнниг өөр баг руу явуулчихсанд маш их гайхсан. Яагаад тэр вэ? Шинэ улирлын өмнө Америкт аялан тоглолт хийх үеэр “Ливерпуль”-ийн хэвлэлийн төлөөлөгч Иан Коттон надад Английн хэдэн сонины хайчилбарыг өгсөн юм. Түүн дээр Бенитес Дэннигийн талаар багт нь маш их хэрэгтэй, чухал тоглогч хэмээн магтсан байв. Түүний ярианд миний найзыг зарах тухай огтхон ч дурдагдаагүй байсан. Гэтэл удалгүй Дэнниг “Чарльтон Атлетик” руу үдэж орхилоо. Айлчлан тоглолтын үеэр зочид буудалд байрлахад би Дэннитэй нэг өрөөнд ордог байсан учир үүнийг маш хүндээр тусгаж авсан. Би түүнтэй юу ч хамаагүй ярилцах дуртай байлаа. “Ливерпуль”-д нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэхийн нэгэн шалтгаан нь тэр байсан. Гэтэл одоо би түүнтэй мөр зэрэгцэн тоглож чадахаа болив. Миний дотны анд Майкл багаа орхилоо, удалгүй хамгийн сайн найз Дэнни маань түүний мөрөөр замналаа. Бурхан минь, юу болоод байна аа?

Би Струан луу утас цохиж “Майклгүйгээр, Дэннигүйгээр яаж том амжилтын төлөө тоглох юм бол оо? Би энэ багийн ирээдүйд маш их эргэлзэж байна. Өнгөрсөн улиралд Дэнни найм, Майкл 19 гоол хийсэн шүү дээ. Довтолгооны цөм нь алга болчихлоо” хэмээхэд тэр намайг тайвшруулж хэдэн үг хэлээд “Залуу минь, Бенитес багаа сайжруулах гээд л зүтгэж байна. Үүнийг цаг хугацаа л харуулна шүү дээ. Тиймээс тайван хүлээх хэрэгтэй” гэсэн. “Ливерпуль” Майкл, Дэнни хоёрыг зараад багагүй мөнгө олжээ. Энэ нь Бенитест өөр авъяастнуудыг олж авахад тус болох учиртай аж. Хэдий найзууд минь явсанд сэтгэл дундуур байсан ч Бенитесийг “Ливерпуль”-д дорвитой өөрчлөлт хийж, ахиц гаргана гэж итгэж байлаа.

Хуучны андуудаас минь Карра, Диди, Жон Арне Рийсе гээд цөөнгүй үлджээ. Диди хэдий германы харъяат боловч тэр надад яг л Ливерпулийн унаган хүн шиг санагддаг. Рийсе ч манай багийн салшгүй нэг хэсэг нь болсон тоглогч. Бенитес ирээд удаагүй байхдаа баг доторх багийг байхгүй болгоно хэмээсэн. Нэг өдөр тэр багийн гишүүдийг бүгдийг нь “Мелвүд”-д дуудаад “Одоо та бүхэнд тогтсон суудал, байнгын хамтрагч гэж байхгүй. Хоолонд орохдоо үргэлж суудлаа сольж бай. Мөн айлчлан тоглолтын үеэр нэг өрөөнд хамт орох тоглогчдын нэрийг байнга өөрчлөх болно” гэв. Түүний хэлснээр хооллох бүртээ суудлаа солин өөр өөр ширээнд суух нь багийн уур амьсгалыг үлэмж сайжруулж буй нь анзаарагдаж байлаа. Гэхдээ Бенитесийн удирдлага доорх эхний үе тун хүнд байсныг нуухгүй. Тэр англи хэлдээ ч тийм сайнгүй байсан. “Ливерпуль”-ийн удирдах албаныхан, мөн дасгалжуулалт, эмнэлгийн багийнхан гээд штабын ажилтнуудтай тоглогчид тийм ч сайн харилцаатай байгаагүй нь энэ үед тод харагдсан. Жерарын үед оршин тогтнож байсан энэ уур амьсгал Бенитесийн тогтоосон шинэ дэглэмээр эрс өөрчлөгдсөнийг сайшаан өгүүлье.

Бенитес, Жерар хоёр тэнгэр, газар шиг ялгаатай хүмүүс. Жерар багийнхандаа яг эцэг нь юм шиг хандаж, хаана ч явсан анхаарал халамж тавьдаг байлаа. Тэр тун эелдэг, нийтэч нэгэн юм. Харин шинэ дасгалжуулагч маань зөвхөн бэлтгэлээ яаж хийлгэх вэ, тоглолтод хэрхэн гаргах вэ гэсэн л зүйл бодно. Бенитес нээлттэй, ил шулуун хүн. Гэхдээ тэр тоглогчдоо хүн гэдэг үүднээс нь харж үзэх нь тун ховор. Гэхдээ энэ бол хүндрэлтэй асуудал биш юм. Яагаад гэвэл бид мэргэжлийн хөлбөмбөгчид шүү дээ. Бенитесийн чин зорилт нь бол зүгээр л тухайн тоглолтдоо хожих. Алдар суутай болох, нэр хүнд олох талаар тэр өчүүхэн ч бодол агуулдаггүй. Хэрэв хэн нэгэн надаас “Бенитес эелдэг хүн үү?” гэж асуувал би шууд л “Үгүй ээ, яавч тийм биш” гэж хариулна. Учир нь Бенитесийн толгойд зөвхөн хөлбөмбөг л эргэлдэж байдаг. Түүний хувьд бол би сэтгэл зүрхтэй, оюун бодолтой хүн биш, зөвхөн “Ливерпуль” клубийн тоглогч Стивен Жеррард. Түүнтэй яриа өрнүүлбэл тэр нь зөвхөн хөлбөмбөгийн тухай л байх болно. Тоглолт, тактик, тоглогчдын байдал… гээд л. “Мелвүд”-д тэр маш цөөн удаа надаас “Гэрийнхэн чинь ямар байна даа? Шинэ байшин чинь дажгүй юу?” гэж асуусан байх. Бенитесийн хувьд тоглогчдынх нь амьдрал “Энфильд” болон “Мелвүд”-д л эргэлддэг байх ёстой юм шиг. Гэр орондоо гэр бүлийнхэнтэйгээ хамт байх гэдгийг тэр ер нь мэддэг болов уу?

Грацад Бенитес Майклтай ярилцсаныхаа дараа намайг дуудав. Би түүнийг надтай Майклын тухай ярих нь уу гэж бодтол тэгсэнгүй. Тэр зүгээр л тактикийн талаар ярилцах гэж дууджээ. Бенитес “Стивен, чи “Грац”-ын эсрэг тоглолтод 90 минутын турш 16 метрийн талбайн ойролцоо, болж өгвөл дандаа дотор нь байх хэрэгтэй” гэв. Тэгээд “Энэ бол миний ирэх улирлын турш баримтлах тактик юм шүү. Бидэнд маш сайн хамгаалдаг Диди байна. Түүнтэй зэрэгцээд Хаби сайн тоглох нь дамжиггүй. Тэгэхээр чи тэднийг довтлогчидтой холбож, өөрөө ч илүү олон цохиж байх хэрэгтэй” хэмээлээ.

Тэр зун “Ливерпуль” намайг аль нэг багт зарахыг 100 хувь биш ч хичээсэн. “Челси” намайг сонирхож, би ч Лондонг зориход бэлэн болчихоод байсан тийм үе учир “Грац”- ын эсрэг тоглолтод оролцохоор талбай дээр гарахад хөгжөөн дэмжигчид намайг сонжин харж байлаа. “Стиви Жигийн тоглолт нь сэргэсэн болов уу?”, “Европын АШТ-д тааруу тоглосноосоо болоод сэтгэл санаа нь тавгүй хэвээр байгаа гэсэн үү?” гэх зэрэг үг талбайд гарах үед сонсогдож байв. Энэ мэтчилэн олон асуултын хариултыг би тэр үдэш “Шварценеггер стадион”-д өгөх ёстой боллоо. Би өөртөө “Ливерпуль”-ийн хувцастай тоглох нь миний хувьд ямар чухал болохыг тэдэнд харуулна гэсэн зорилт тавилаа. Рафагийн төлөвлөсөн тактик надад зэгсэн зохицож, би нэгдүгээр үеийн дунд хэсэгт гоол орууллаа. Би Сиссетэй хоршин эсрэг багийнхаа хаалганд маш олон аюултай довтолгоог гүйцэтгэсэн. Гэтэл Рафа дахиад урагшил гэсэн дохио өгч байгаа харагдав. Тэр намайг Сиссетэй бараг зэрэгцэж тоглуулахыг хүсчээ. Би урьд нь “Ливерпуль”-ийн төлөө хэзээ ч ингэж довтлогч шиг тоглож байсангүй. Рафагийн заавраар урагшлаад тун удалгүй дахиад нэг гоол хийлээ. Уул нь гурав дахь гоолоо хийсэн боловч шүүгч тун хачирхалтайгаар түүнийг хүчингүйд тооцсон. Миний цохисон бөмбөг хаалганд ороход Сиссе очоод нэмээд хүчтэй өшиглөтөл шүүгч түүнийг алдаа хийсэн гээд миний анхны хет-трикийг баллаж орхисон юм.

Хариу тоглолтод бид “Энфильд”-дээ 0:1-ээр хожигдсон ч “Аваргуудын лиг”-ийн хэсгийн тоглолтын шатанд шалгарч, Европын шилдгүүдтэй дахин нэг талбарт өрсөлдөхөөр боллоо. Үнэндээ тухайн үед шигшээ тоглолт болох Стамбул бидний хувьд сая бээрийн тэртээх хүршгүй газар мэт байсан. 2004 оны намар манай багийнхны хэн нь ч Туркийн энэ хотод очих талаар бодоогүй, мөрөөдөө ч үгүй байсан биз ээ. Энэ улирлыг “Ливерпуль”- ийнх болно гэж таамагласан хүн энэ дэлхийн хаана ч байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Хөлбөмбөгийн тоймчид, мөн бооцоо тавигчид биднийг анхаарлын гадна үлдээж байсан юм. Би урьдчилсан шатны хариу тоглолтын дараа Каррад хандан “За найз минь, бид хэсгийн тоглолтод шалгарлаа. Одоо юу болохыг харъя. Европын шилдэг клубүүдийн эсрэг тоглох болсон нь нэр хүндийн хэрэг шүү” хэмээсэн. Тэмцээний сугалаа болоход нэг хэсэгт орсон багуудаа хараад би маш их баярласан. Манай баг миний дэмжиж, харж явдаг шилдэг гурван клубтэй хамт “А” хэсэгт оров. Хавьер Савиола, Эмануэль Адебайор гэсэн шилдэг довтлогчидтой “Монако”, Ривалдо, Жованни нарын бразил хагас хамгаалагчдыг бүрэлдэхүүндээ багтаасан “Олимпиакос”, Хуан Валерон, Диего Тристан зэрэг нэртэй одод бүхий “Депортиво Ла Корунья” биднийг хүлээж байлаа. “Ливерпуль” хэсгийн тоглолтод гэртээ ганцхан “Монако”-г л хожиж, “Депортиво”-г талбайд нь буулгаж аван, Испанийн багтай “Энфильд”-д тэнцсэнээр дараагийн шатанд шалгарахад тун хүнд боллоо. Таван тоглолтод долоон оноо гэдэг тун хангалтгүй үзүүлэлт билээ. Биднийг замын дунд хаягдаж үлдэх багуудын нэг боллоо хэмээн мэргэжилтнүүд, хөлбөмбөгийн хорхойтнууд ам уралдан ярьж байв.

Арванхоёрдугаар сарын 8-нд “Олимпиакос”-ын эсрэг хийх хэсгийн сүүлчийн тоглолт бидний хувьд хасагдах шатанд үлдэх сүүлчийн найдвар байлаа. Бид энэ тоглолтод 1:0- ээр эсвэл гоол алдвал хоёр бөмбөгний зөрүүтэй хожих гэсэн даалгавартай гарсан. Урьдын адил “Энфильд”-д хөгжөөн дэмжигчид гайхалтай уур амьсгалыг бүрдүүлжээ. “Ливерпуль”-ийн фанатууд ямар ч нөхцөлд эцсийн мөч хүртэл багаа дэмждэг онцлогтой билээ. Алдаа гаргах эрхгүй бид хувцас солих өрөөнд тоглолтын тактикаа ярилцан бэлтгэнэ. Талбайд гарахын өмнө би Каррад “Гоол л алдаж болохгүй юм шүү. Хэрэв тэгвэл өндөр ууланд авирах мэт хэцүү болно” хэмээн хэлсэн. Өндөр зэрэглэлийн багууд өрсөлддөг “Аваргуудын лиг”-т нэг гоол алдчихаад зөрүүлээд хэрэгтэй гурван гоолоо хийнэ гэдэг маш хүнд. Ер нь л энэ бол биелэшгүй даалгавар байсан. Харин “Ливерпуль” тэр улиралд иймэрхүү хүнд байдлаас хөөж гоол хийсээр хожсон тоглолтыг олон удаа үзүүлсэн юм.

Үнэндээ бразил тоглогч урьдынх шиг аюултай байхаа больжээ. Нэр цуугаа мандуулж, дэлхийн шилдэг болсон үе нь түүний ард хол хоцорсон нь илэрхий. Гурван жилийн өмнө “Барселона” биднийг “Энфильд”-д 1:3-аар хожиход миний хамгаалах гэж түүртэж байсан Ривалдо тэр биш байв. “Олимпиакос”-т тэр бөмбөгийг урьдынх шигээ их эзэмшихээ больсон аж. Ямартай ч тэр нэгэнт харьж байгаа гэдэг нь үйл хөдлөл бүрээс нь тод харагдаж байлаа. Ийм хүн манай хаалганд гоол хийж чадмааргүйсэн. Гэхдээ тэр хаалттай цохилтыг чадмаг гүйцэтгэдэг хэвээр ажээ. Түүний цохисон бөмбөг хаалганы өмнө тавьсан хаалтны яг дээгүүр өнгөрөн гоол орсон. Манай хаалгач Крис Кирклэнд хаалтад зогссон тоглогчид руу гүйн ирж хараана. Би тэдний нэг нь байлаа. Уул нь бөмбөгийг хаачихаар л байсан шүү дээ. Би дотроо гоол алдсанд хаалгач л буруутай гэж бодсон. Зочин баг гоол оруулахад нь уурандаа багтарч ядахдаа огт хэрэггүй алдаа гаргаж, шар хуудсаар торгуулчихав. Шал дэмий алдаа, хэрэв баг маань цааш явах эрхтэй болвол би ингээд дараагийн тоглолтод оролцох эрхгүй боллоо. Завсарлагаанаар Киркид хандан “Энэ чиний алдаа байсан биз дээ” хэмээн чангаар хашгирсан хойноо л нэг арайхийн тайвширсан. Тэгээд дотроо “Бид бүгд хичээгээд нэг зорилготой тогловол хүссэндээ хүрэх л ёстой” хэмээн бодов. Хэрэв залуу хаалгачийг ингэж загнаж, хашгичаад байвал өөртөө итгэх итгэлгүй болж мэднэ гэж бодоод түүн дээр эргэж очин “Кирки, эхний хагаст болсон бүхнийг март. Бид нэг гоолынх нь хариуд гурвыг хийнэ гэдгээ амлаж байна” хэмээн хэлсэн.

Тэр жил бид “Аваргуудын лиг”-т цөөнгүй удаа хүнд байдалд орсны нэг нь энэхүү “Олимпиакос”-ын эсрэг хийсэн тоглолт байлаа. Гоол алдах ёсгүй атлаа эхний хагаст л хаалгаа мялаалгуулсан бид завсарлагаанаар хариуг нь барих эрч хүч олж авахаар амран дасгалжуулагчийн зөвлөгөөг сонсоно. Намайг Киркитэй хэдэн үг солилцсоны дараа Бенитес самбар дээр биднийг хэрхэн тоглох хэрэгтэй вэ гэдгийг үзүүлж эхэллээ. Тэр хэн ямар байрлалд тоглож, тоглолтын явцад хэрхэн байраа сэлгэх зэргийг нарийвчлан тайлбарласан. Ер нь түүний тоглолтын завсарлагаагаар өгсөн зөвлөгөө тун ойлгомжтой, энгийн байдаг. Тэр “Хамгаалалтад дахин алдаа гаргаж болохгүй. Бидэнд Европын тавцанд үргэлжлүүлэн тоглох эсэхээ шийдэхэд 45 минутын хугацаа байна. Та нар цаашдаа энэ талбарт үнэхээр тогломоор байвал түүнийгээ надад, хөгжөөн дэмжигчдэдээ харуул. “Олимпиакос” тийм сайн баг биш шүү дээ. Боломж байгаа гэдэгт итгээрэй. Бид хамгаалалтдаа л алдаа гаргахгүй байхад хэрэгтэй хожлоо авч чадна” хэмээн хэлсэн.

Бенитесийн хийсэн сэлгээ тоглолтыг өөрчиллөө. Түүний бусад дасгалжуулагчаас давуу болгодог зүйл нь хэрэгтэй үед зөв тоглогчийг талбайд оруулдаг мэдрэмж нь юм. Тэр “Жими сууж, Флорен талбайд гарна шүү. Одоо бид гурван хамгаалагчтай тоглож, довтолгоогоо хүчирхэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээв. Понголь талбайд гарангуут нөлөө нь шууд мэдэгдэж эхэллээ. Тэр тоглолтод ороод хоёр минутын дараа л Кьюэллийн дамжуулалтаар гоол хийсэн. Үүнээс хойш тоглолт ерөнхийдөө Грекийн багийн талбайд өрнөсөн. Понголь бол маш хэрэгтэй сэлгээний тоглогч. Энэ франц жаал үндсэн бүрэлдэхүүнд гарахаараа яаж ч чаддаггүй атлаа сэлгээгээр орвол тоглолтыг эргүүлдэг онцлогтой.

Понголийн оруулсан гоол тоглолтын хэмнэлийг бүрэн өөрчилж чадлаа. Ривалдо манай хаалгыг мялаасны дараа “Ливерпуль”-ийн тоглолт нэг л явцгүй болсон. Тоглогчид ч тэр, цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчид ч ялгаагүй бүх зүйл дууссан гэж бодсон биз. Харин Понголийн гоол бидэнд итгэл найдварыг авчирсан. Копууд ч сэргэж, биднийг бөмбөг авах бүрт уухайлан дэмжиж байлаа. Хожим хүмүүс “Ливерпуль” 1997 онд “Сент- Этьен”-ийг буулгаж авснаас хойш “Энфильд”-д хамгийн гайхалтай уур амьсгал тэр үдэш бүрдсэн хэмээн тодорхойлсон. Хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор бид “Олимпиакос”- ыг нэг ч алхам урагш гишгүүлэхгүй байлаа. Тоглолт өндөрлөхөд 12 минут үлдээд байхад Бенитес ээлжит сэлгээгээ хийж, Милан Барошийг суулган Нейл Меллорыг талбайд гаргав. Тэгээд довтолгоогоо улам эрчимжүүлж, грекчүүдийг бөмбөгдөөд өг хэмээн хашгирч байв. Понголийн адилаар Меллор багийнхаа тоглолтод тэр даруй нөлөөлсөн. Тэр Грекийн хамгаалагчдыг хэрэн зогсолтгүй гүйж тэднийг сандаргаж байв. Үүний үр дүнд гурван минутын дараа л тоог 2:1 болгосон. Хаалганы өмнө сул өнхрөн ирсэн бөмбөгийг тэр маш хүчтэй цохин оруулсан юм. Меллор 16 метрийн талбайд төдийлэн ороод байдаггүй ч тэгэхэд хэрэгтэй газраа зөв үед нь байж чадсан. Меллор энэхүү гайхамшгаа тэр улирлын турш манай нөөц багт (Reserve Team) үзүүлсэн билээ. Ийнхүү сэлгээгээр орж ирсэн хоёр тоглогч маань тус бүр нэг гоол хийлээ. Гайхамшигт тэр улирлыг би эргэн дурсах бүртээ Понголь, Меллор хоёрын гайхалтай тоглолтыг бахдан санадаг. Тэднийг талбайд орж ирэхэд үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглосон тоглогчид илүү мөчтэй болсон мэт идэвхтэй дайчин болж байсан юм. “Олимпиакос”-ынхон биднийг нэгэнт барьж дийлэхээ больсон байлаа.

Хэрэв “Ливерпуль” хэсгээсээ шалгарвал би шөвгийн 16-гийн эхний тоглолтыг өнжинө гэдгээ мэдэж байсан тул эцсийн хүчээ шавхан багтаа тус хүргэхийг хичээсэн. Грекчүүдийг бөмбөг авахад нь хөлд нь сууж бөмбөгийг нь булаагаад сөрөг довтолгоонд даруй орно. Шар хуудас авлаа, тоглолт өнжих боллоо гээд санаагаар унаж, биеэ барих хэрэггүй. 2002 оны ДАШТ-ий хагас шигшээд Михаэль Баллак, 1999 оны “Аваргуудын лиг”-ийн их шөвөгт Рой Кин над шиг ийм нөхцөлд ороод багтаа хэрэгтэй хожлыг нь авчирсан тоглогчид. Тэдний түүхийг санан Газза “Итали-90”-д бүтэлгүйтсэн шиг болохгүй шүү хэмээн хичээж байв. Багийнхаа төлөө байдаг хүчээрээ тэмцье.

“Энфильд”-д улам бүр шуугиантай болж байлаа. Меллорын оруулсан гоолын дараа тоглолт дуусахад есөн минут үлдсэн байв. Европын талбарт багаа авч үлдэхэд одоо ганц л гоол хэрэгтэй. Завсар гарах бүрт би цэнгэлдэхэд байрлуулсан цаг руу хяламхийн харж байлаа. Цаг явсаар бид холын, ойрын, хажуугаас, хаалттай гэхчилэн маш олон довтолгоо зохион байгуулав. Гэвч “Олимпиакос” сайн хамгаалж байсан. Тоглолт өндөрлөх нь минутаар тоологдож байсан бол одоо секундээр хэмжигдэх болов. Би багийнхандаа хандан “Анд нар минь, одоо л хийхгүй бол хожимдох нь” хэмээн хашгиран гүйж явсан. Энэ л үед “Ливерпуль”-ийн хамгийн хурц, ширүүн тоглолтуудын нэг нь гарсан. Хаби Алонсо “Олимпиакос”-ын тоглогчоос хөлд нь сууж орон бөмбөгийг нь булаагаад цааш туун гүйв. Карра араас хагас хамгаалагчидтай зэрэгцэн түрэн орж ирээд бөмбөгийг авч жигүүрээр гүйн төв рүү Меллорт хөндлөн дамжуулалт өглөө. Яг энэ үед нь би “Нааш нь дамжуул” хэмээн хашгирав. Тэр намайг сонссон болов уу? Меллор миний ашигтай байрлалд зогсож буйг мэдсэн байгаа? Бурхан минь, тэр намайг сонсчээ, бөмбөгийг авсан даруйдаа маш оновчтой дамжуулав.

Одоо надад агуу ялалтыг багтаа авчрахад 22 ярд зай байна. Эргэн тойрон дахь бүх зүйл хөдөлгөөнгүй болсон мэт уусч харагдан, цаг хугацааг удаашруулсан юм шиг мэдрэмж төрж байлаа. Яг тэр үед бөмбөг, бид хоёроос өөр зүйл тэнд байхгүй болсон мэт санагдаж байв. Цохих зүгтээ харан анхаарлаа төвлөрүүлж биеэ бэлтгэв. Чихэнд минь Академид суралцаж байх үед Стив Хейвэйгийн хэлж байсан үгс сонсогдоно. “Бөмбөгөө мэдэрч, хаалгачийн хүрч чадахгүй газар луу цохь”. Бөмбөг баруун хөлийн минь хоншоороос салан хаалга руу нисэв. Хөгжөөн дэмжигчид амьсгаа даран харж, цэнгэлдэх нам гүм болжээ.



Бөмбөг торонд хүрч, хаалга ганхах нь сонсогдохтой зэрэгцэн их чимээ нүргэлэв. Бухын нүд, яг байндаа онолоо. Хөгжөөн дэмжигчдийн уухайнд газар чичрэх мэт болж, тоглогчид баярласандаа хашгиран овоорно. Бид дараагийн шатанд тоглох болно.

Эцсийн мөчид хэрэгтэй гоолыг оруулсандаа баярласандаа би хөгжөөн дэмжигчдийн өмнө гүйж очин “Тийм ээ, би та нартай хамт. Би та нарын нэг нь. Би үргэлж энэ багийн төлөө тоглох болно” хэмээн бодож, “Ливерпуль”-д ямар их хайртайгаа үйл хөдлөл, нүүрний хувирлаараа илэрхийлэхийг хичээж байлаа. Багийнхан маань намайг бүчин авч бяцалчих шахан тэвэрнэ. Тэдний гараас мултран хөгжөөн дэмжигчдэд бүр ойртон очоод бүгдтэй нь баяраа хуваалцан тэврэлдэхийг хүсч байгаагаа илэрхийлэн гараа алдлан зогсов. Энэхүү үйлдлээрээ би хоёр дахь шар хуудсаа авч болох байсан. Тоглолтын үед талбайгаас гарч болохгүй гэсэн дүрэм байдгийг бид бүгд мэднэ. Магадгүй үүнийг сэтгэлийн хөөрөлгүй нэгэн бичсэн байж болох. Гоол оруулсан тоглогчид сэтгэл хөдлөлдөө автан үүнийг зөрчих нь олонтаа. Энэхүү тоглолтыг шүүсэн Мануэль Энрике Мехуто Гонзалес харин намайг торгосонгүй. Тэр испани шүүгч энэ ямар үнэ цэнэтэй гоол болохыг нь ойлгож байсан учир миний үйлдлийг тоолгүй өнгөрсөн юм. Гэхдээ би хоёр дахь шар хуудсаа аваад хөөгдөнө гэхээс айгаагүй. Аль ч тохиолдолд би шөвгийн 16-гийн эхний тоглолтыг өнжих учраас тэр.

Хүмүүс надтай уулзахаараа үргэлж тэр гоолын тухай ярьдаг. Сая сая хүн үүнийг зурагтаар үзсэн нь тодорхой. Энэхүү гайхалтай цохилт, итгэмээргүй гоолоороо би маш их бахархдаг. Гэхдээ “Sky” сувгийн тайлбарлагч Энди Грэй үүнийг улам үнэ цэнэтэй болгосныг хэлэх хэрэгтэй. Хожим би тэрхүү тоглолтын бичлэгийг үзэхдээ Энди Грэйгийн тайлбарыг сонсоод тэр цаг үед буцаад очсон мэт санагдаж байв. Тэр “Тийм ээ, ямар гайхалтай үдэш вэ. Залуу минь чи гайхамшгийг бүтээлээ!!!” хэмээн хашгирч байв. Хэрвээ та тайлбарлагч болохыг хүсч байвал “Sky”-гийн Энди Грэй, Мартин Тайлер болон “ITV”- гийн Клайв Тайлдесли нараас суралцах хэрэгтэй гэж зөвлөе. “Эвертон”-ы үнэнч хөгжөөн дэмжигч Эндигээс “Ливерпуль”-ийнхэн магтаалын үг сонсоно гэдэг бахархал юм. Түүнийг тайлбарлагчаар суусан “Ливерпуль”-ийн цөөнгүй тоглолтыг би бичлэгээр үзэж байсан. Ихэнхдээ тэр илэрхий биднийг шүүмжилж, өөлж байдаг юм билээ. Яагаад гэвэл тэр “Цэнхэрүүд”-ийн хөгжөөн дэмжигч. Харин Энди “Олимпиакос”-ын эсрэг тэрхүү тоглолтод гайхалтай төгсгөлд сэтгэл нь хөдөлсөндөө үзэл бодлоо таягдан хаяж, тийн хашгирсан гэдэг. Бид ч түүнийг ингэхээс аргагүй тоглолтыг үзүүлсэн билээ. Бенитесийн хийсэн сэлгээ тоглолтыг үндсээр нь өөрчилж, хоёрдугаар хагаст “Ливерпуль” галзуурсан мэт дайрсан. Энэхүү хожлын дараа бид ямар ч гайхамшгийг бүтээж, биелүүлж болно гэдгийг ойлгосон.

Тоглолтын дараа хувцас солих өрөөнд очоод багийнхнаа тойруулан харахад тэдний нүдэнд баярын оч гялалзаж байлаа. Хүн бүр инээмсэглэж, бие биедээ баяр хүргэж гар барин хоолой түрэн дуулцгаагаад манай хувцас солих өрөөнд гайхалтай уур амьсгал бүрджээ. Бенитес өрөөнд байгаагүй бол бид хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнах байсан биз. Карра мөстэй онгоц руу хараад дараа нь Уоллер эмч дээр харцаа тогтоосноо над руу жуумалзан харав. Би ч түүний санааг ойлгон “Залуу минь би зөвшөөрч байна” гээд бослоо. Бид Уоллер эмчийг агшин зуур тэвэрч аваад мөс дүүргэсэн онгоц руу шидэж орхисон.

Ийнхүү хэсгээсээ эцсийн мөчид шалгарсан бид шөвгийн 16-д “Байер Леверкузен”-тэй оноолт таарчээ. Германы баг “В” хэсэгт тэргүүлж, “Реал Мадрид” хоёрдугаар байраар гарч байв. Сугалааны дараа “Энфильд”-ийнхнээс бусад хүн болгон л “Леверкузен”-ыг дараагийн шатанд үлдэнэ хэмээж байсан. Би торгуультай байсан учир 2005 оны хоёрдугаар сарын 22-нд болсон эхний тоглолтыг Струантай зэрэгцэж суун үзлээ. Тоглолтын эхэнд зочин баг хэд хэдэн аюултай довтолгоо хийв. “Леверкузен”-ы бүрэлдэхүүнд хожим “Тоттенхэм”-д ирээд бидэнтэй хэд хэдэн удаа нүүр тулсан болгар довтлогч Димитар Бербатов байсан юм. Түүний эрч сулрахад “Ливерпуль” тоглолтын санаачилгыг авлаа. Ингээд угсруулаад гурван гоол хийлээ. Гэвч Жерзи байж болшгүй алдаа гарган нэгийг алдчихав. Тэр бөмбөгөө барьж чадалгүй алдахад Франка амжиж хатган “Леверкузен” зочилж тоглохдоо гоол хийсэн үзүүлэлттэй боллоо. Тоглолт дуусаад цэнгэлдэхээс гарч явахдаа би Струанд “Энэ алдсан гоол л бидэнд битгий гай болоосой” хэмээж байв.

“Леверкузен” хэсгийн тоглолтод өөрийн цэнгэлдэх хүрээлэн “Бэй Арена”-даа “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэсэн удаатай. Тиймээс ийм зүйл бидэнтэй учрахыг бас үгүйсгэх аргагүй юм. Харин бид Германд санаснаас сайн тоглож, эхний минутаас л илүүрхсээр 3:1-ээр итгэл төгс ялсан. Тэрхүү тоглолтод Барош, Луис Гарсия нар тогтоож барихын аргагүй байсан билээ.

Шөвгийн найман багийн сугалааг би ээжийнхээ гэрт найз Грэттигийнхээ хамт үзлээ. Грэттигийн жинхэнэ нэр нь Пол МакГрэттэн. Тэр Аль Пачино шиг жүжигчин болохыг мөрөөддөг байж билээ. Зурагтынхаа өмнө суун тухлах үед гар утсанд минь мессеж ирлээ. Каррагаас байна. Тэр “Чи ямар багтай таараасай гэж бодож байна?” хэмээжээ. Би түүний мессежийг Грэттид уншуулаад “Би хариу бичиж чадахгүй ээ. Аль баг гэж хэлэх вэ дээ” гэсэн. Шөвгийн наймын сугалаа татах ёслолд хамгийн эхний хосоор “Ювентус” манайх хоёр боллоо. Энэ оноолт гарангуут би “Чөтгөр аваг” хэмээгээд Грэтти рүү харамсан харж байв. Италичууд тэр улиралд дэндүү сайн байсныг бид мэдэх юм. Битгий таараасай гэж хамгийн их хүсч байсан багтайгаа ийнхүү учрах боллоо. Хүчтэй хамгаалалт бол “Ювентус”- ын нэрийн хуудас. Жанлуижи Буффон тэдний хаалгыг манаж, Фабио Каннаваро, Лилиан Тюрам нар түүний өмнө зогсоно. Тэд үнэхээр хагалахад бэрх хатуу самрууд билээ. Түүнчлэн Павел Недвед, Алессандро дель Пьеро, Златан Ибрахимович нарын дэлхийд шилдэгт орох аюултай довтлогч, хагас хамгаалагчид тэднийд бий. Яг тэр үед тэд “Сери- А”-г тэргүүлж байсан бол “Ливерпуль” Премьер лигт арай ядан мөлхөж байв.

Хэрэв “Ливерпуль” энэ тулаанд хожих аваас финал хүрэх замаа улам сэтгэл хөдөлгөм болгох билээ. Энэ хоёр тоглолт “Эйзель”-д болсон эмгэнэлт явдлыг эргэн сануулсан юм. “Ливерпуль”, “Ювентус” багууд 1985 онд Брюссельд Европын цомын аваргын төлөө тоглолтод өрсөлдсөнөөс хойш дахин таараагүй байлаа. “Sky Sports News”-ээр 20 жилийн өмнө болсон тэрхүү эмгэнэлт үйл явдлыг эргэн дурссан нэвтрүүлгийг зогсоо зайгүй гаргаж, хүн болгон л энэ тухай ярилцаж байв. Манай багийн зүгээс тоглогчдодоо тэрхүү үйл явдлыг анхаарах хэрэггүй хэмээж, зөвхөн тоглолтдоо л бэлтгэ гэсэн даалгавар өгсөн. Карра, бид хоёрын хувьд “Эйзель”-д болсон зүйлийн тухай сайн мэднэ. Тиймээс дөрөвдүгээр сарын 5-нд “Ювентус”-ыг “Энфильд”-д зочлоход манай хөгжөөн дэмжигчид элэгсгээр угтан авна гэдгийг бид гадарлаж байсан. Тэр үдэш Копууд “Memoria e Amicia” буюу “Дурсамж, нөхөрлөл” гэсэн уриаг барин цэнгэлдэхэд ирсэн байлаа. Мишель Платини, Иан Раш нар “Энфильд”-д ирсэн “Ювентус”-ын хөгжөөн дэмжигчдэд хандан хүндэтгэл үзүүлж мэхийн ёсоллоо. Тэр үдэш “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид урьд, хожид байгаагүйгээр эелдэг, элэгсэг байсан.

Ийнхүү шөвгийн наймын эхний тоглолт тэр чигтээ “Эйзель”-ийн эмгэнэлт явдлыг дурсахад чиглэжээ. Харин тоглогчид хоорондын өрсөлдөөндөө л анхаарч байсан нь дамжиггүй. Бенитес бидэнд “Ювентус”-ын тоглолтын бичлэгийг цөөнгүй удаа үзүүлсэн. Тэгээд тэр “Та нар анзаарав уу, “Ювентус” тоглолтыг их удаан хэмнэлд барьж, ингэж хяналтдаа оруулбал яг л шатар нүүж байгаа юм шиг тоглож байгаа биз” хэмээн хэлж байв. Рафа “Тэдний бүх тоглогч нь бөмбөгийг өөртөө удаан барьж тоглох сонирхолтой юм байна. Тэгэхээр ийм боломжийг бүү олго. Та нар өндөр хэмнэлтэй, хурдтай тоглолтыг үзүүлбэл хяналтыг гартаа авах болно. Өөрийнх нь талбайд хамгаалж, шахаж тоглох хэрэгтэй. Ингэвэл бид “Ювентус”-ыг хожиж чадна” хэмээн бидэнд заавар өглөө.

Бид шүгэл дуугарангуут Рафагийн зааврыг хэрэгжүүлж, би “Ювентус”-ын нягт хатуу тоглолттой хагас хамгаалагч Эмерсоныг барьж эхэллээ. Энэ үед Италийн багийнхан чухам юу тэднийг хүлээж байсныг гадарлаагүй болов уу. Бид байрлал бүрт илүүрхэн 25 дахь минут гэхэд Сами, Луис Гарсия нарын гоолын ачаар 2:0-ээр хошуучлах болов. Гарсиягийн гоолын эхлэлийг Антони ле Талле тавьсан. Түүнийг үндсэн бүрэлдэхүүнд гаргасан нь аль аль багт нь гэнэтийн зүйл байсан юм. Ле Таллегийн хувьд сайн довтлогч, бид ч түүнийг багтаа хэрэгтэй гэж итгэдэг ч Бенитес түүнийг бараг ашигладаггүй байлаа. Дасгалжуулагчийн гаргасан гэнэтийн энэ шийдвэр “Ювентус”-т том цохилт болсон гэж болно. Ийнхүү хоёр гоол орсны дараа дель Пьеро гайхалтай цохилтыг гүйцэтгэхэд Скотт Карсон итгэмээргүй хүч гарган хаав. Энэ нь эхний хагаст италичуудын хийсэн цорын ганц аюултай довтолгоо байсан. Тоглолт завсарлаад талбайгаас гарахаар алхаж явахдаа “Ювентус”-ын тоглогчдын царайг харахад тэд балмагдаж цочирдсон нь илт байв. Тэд “Энфильд”-д ирэхдээ ийм зүйлтэй тулгарна гэж бодоогүй бололтой. Хувцас солих өрөөнд ороход манай багийнхан хожилдоо бүрэн дүүрэн итгэлтэй болсон байв. Харин Рафа “Хоёрдугаар үед “Ювентус”-ынхэн огт өөр тоглолтыг үзүүлнэ шүү” хэмээн анхааруулах аж. Түүний хэлсэнчлэн Италийн багийн довтолгоо цэгцэрч, Каннаваро манай хаалганд гоол хийлээ. Энэ нь дараагийн долоо хоногт Туринд хийх хариу тоглолтыг хүнд болгосон.

Харамсалтай нь би Итали руу явж чадсангүй. Гуяндаа гэмтэл авсны улмаас тоглолтод оролцох боломжгүй болсон юм. Ингээд Кросби дахь гэртээ найзуудыгаа цуглуулан шар айраг шимэнгээ тэрхүү тоглолтыг үзсэн. Гэвч би өрөөнд тогтож сууж чадахгүй байсан. “Ювентус”-ынхан манай талбайд л бөмбөгийг эзэмших бөгөөд аюултай довтолгоо эхлэнгүүт би харж чадахгүй, гал тогоо руу гүйж байв. Удалгүй найзууд маань “Стиви, одоо аюулгүй боллоо” хэмээн хашгирна. Сандарч, тэвдсэндээ хамаг бие минь янгинаж өвдөж байгаа мэт мэдрэмж төрж байв. 90 минутын турш ийнхүү хоёр өрөөний хооронд гүйсээр тоглосноос ялгаагүй ядарсан мэт санагдаж билээ. Нэг удаа гал тогоонд ороод байж байтал зурагттай өрөөнөөс “За тоглолт дуусчихлаа шүү” гэх дуу сонсогдов. Ороод хартал манай багийнхан баярлан тэврэлдэж байлаа. Ийнхүү манай залуучууд Туринд гоолгүй тэнцээ хийж чадлаа. Энэ мөчид “Ийм үйл явдал болж байхад гэртээ суух гэж үү?” хэмээн бодоод өмд, цамцаа индүүдэн өмсөж, найзуудтайгаа Саутпорт руу явсан. Гуяны гэмтлийн улмаас дараагийн долоо хоногт ч гэсэн тоглож чадахгүй учир дахиад хэдэн шил шар айраг уухаар шийдсэн юм. Саутпорт руу явах зуур Туринд амжилттай тоглосон багийнхан руугаа баяр хүргэсэн мессеж бичиж байв.

Би найз нартайгаа хурдхан уулзахыг хүсч, маргааш нь “Мелвүд”-д давхин очлоо. Манайхан бүгдээрээ тэнд байсан бөгөөд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан сууцгаах аж. Тухайн үед дийлдэшгүй гэгдэж байсан италичуудыг буулган авсан нь бидний бахархал байсан.

Гэхдээ энэ даруй бүгд “Челси”-тэй хэрхэн тоглох тухай ярьж эхэллээ. Хагас шигшээд Английн хоёр багийн хоорондын тоглолтыг илүү анхаарч байв. Шөвгийн наймын сугалаа гарахад бид “Челси”-тэй таарах магадлалтай нь тогтоогдсон билээ. Сонин, хэвлэл, телевизүүд зөвхөн үүний төлөө анхаарч, таамаг, төлвөө дэвшүүлцгээнэ. Бидний хувьд Премьер лигт түрүүлэх найдвараа хэдийнэ гээчихээд байсан. Тиймээс бид Фрэнк Лампард, Жон Терри, Жозе Моуриньо нарын багийг хожин “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарахад л голчлон анхаарч байв. “Ливерпуль” “Челси”-тэй эцэс төгсгөлгүй тэмцэл өрнүүлж байлаа. “Хөхүүд” тэр улиралд биднийг Премьер лигт хоёр удаа хожин, хоёрдугаар сард Лигийн цомын финалд мөн буулган аваад байсан юм. Би тэрхүү цомын тоглолтод өөрийнхөө хаалганд гоол хийж орхисон. Тиймээс би хэн хүнээс илүүтэй хариугаа авахыг хүсч байлаа.

Бид хагас шигшээгийн эхний тоглолтыг хийхээр дөрөвдүгээр сарын сүүлчээр Лондонд очив. Автобусанд Карратай зэрэгцэж суугаад явж байхдаа “Эхний тоглолтыг зочилж хийнэ гэдэг давуу тал шүү. Энд тэнцчихээд хэдүүлээ “Энфильд”-дээ болгоод өгнө өө” хэмээн хэлж байлаа. Тэр улиралд бид өрсөлдөгч багийнхаа талбайд арай илүү оноо авсан үзүүлэлттэй байсан учир үүнд мөн найдсан хэрэг. Гэхдээ Лондонд очиход надад нэг том асуудал тулгарсан. Уруул маань үрэвсэж хавдаад яг тоглолтын өмнөх орой бүр их пэмбийгээд томорчихож билээ. Юу ч идэж болохооргүй өвчтэй байсан тул би багагүй ядарсан.

Би Уоллер эмч дээр очоод “Эмч ээ, уруул маань тэсэхийн аргагүй өвдөж байна” гэхэд тэр надад нэг үрлэн эм өгөн “Юу ч гэсэн үүнийг уучих. Чамайг шүдний эмч дээр авч очдог юм бил үү дээ” хэмээв.

Би өрөөндөө буцаж очоод парацетамол, өвчин намдаах эм зэргийг уун хэвтсэн ч унтаж ер чадсангүй. Үрэвсэн томорсон хавдар, цэврүү хурдхан хагарч эдгээсэй гэж хүснэ.

Өвчнөөсөө болоод амьсгалахад ч хүнд байсан тул үүнээс болоод тоглож чадахгүй байх вий гэсэн айдас намайг эзэмдэж байлаа. Хором өнгөрөх тусам өвчин нь улам нэмэгдэж байгаа мэт санагдаж байв. Арьсан доогуур минь мангас шургалаад хорлонтойгоор ийш тийш гүйх мэт зовиуртай байсан тул даруй эмчийг хайж оллоо.

“Би тэсэхгүй нь ээ” гэхэд эмч надад илүү хүчтэй өвчин намдаагч өгөөд “Үүнийг уучих. Тэгээд чамд хэр үйлчлэл үзүүлж байгааг харъя” гэв. Эмчийн зөвлөгөөг дагахаас аргагүй ч энэ тийм таатай шийдвэр биш байлаа. Өвчин улам бүр нэмэгдэж уруул маань бүр дэлбэрчих шахан чимчигнэх болов. Эмч бид хоёр Бенитес дээр очин учир байдлаа хэлэхэд тэр “Маш хурдан шүдний эмч олоод яаралтай арга хэмжээ ав” гэсэн үүрэг өглөө. Цагийн дараа гэхэд би нэгэн шүдний эмнэлгийн сандал хэвтчихсэн, нүүрний минь өмнө элдэв багаж, гуурс ярайж байлаа. Би тэр эмчээс “Та “Челси”-гийн дэмжигч үү?” гэж асуумаар санагдсан. Хэрэв тийм бол тэр “Ливерпуль”-ийн ахлагчийг 24 цагийн үйлчлэлтэй унтуулдаг тариагаар тарьж мэдэх билээ. Эмч хийн шахуургаар ам руу үлээлгэн ажилдаа орлоо. Амыг минь багажаар тэлчихсэн байсан учир юу ч ярьж чадахгүй, “Энэ эмч “Челси”- гийн дэмжигч биш байгаасай” хэмээн бодож байв. Азаар тэр үнэхээр ажилдаа гаршсан өндөр зэрэглэлийн эмч байлаа. Тэр уруул дээрх хавдаж томорсон цэврүүг хагалж шүүсийг нь гарган бохироос нь цэвэрлээд намайг “Стэмфорд Бриж” рүү явуулав. Би багийнхантай эргэж нэгдсэн хойноо ч өвчин намдаах эм уусаар байлаа.

Эхний тоглолтод талбайн эзэд хамаагүй илүү тоглосон ч бид 0:0-ээр тэнцэж чадлаа. Энэхүү үр дүнд бид сэтгэл хангалуун байсан ч Хаби Алонсо шар хуудас аван “Энфильд”-д болох хариу тоглолтыг өнжих болсонд бухимдаж байв. Учир нь тэр Эйдур Гудьонсен дээр алдаа гаргаагүй байхад шүүгч Ален Сарс шар хуудас өргөж орхисон. Гудьонсен Хаби Алонсог хажууд нь гүйж очиход үсэрч унаад ёолж хэвтсээр байгаад шүүгчид нөлөөлсөн.

Хувцас солих өрөөнд очиход Хаби “Би түүнд хүрээ ч үгүй шүү дээ” хэмээн гомдоллож байлаа. Тэгэхэд нь би “Санаа зоволтгүй дээ, Хаби. Бид “Челси”-г хожих болно. Гудьонсенийг давраахгүй шүү. Харин чи финалын тоглолтдоо л бэлтгэ” хэмээн тайвшруулахыг оролдсон. Гэвч Хаби огтхон ч тайтгарах янзгүй, нүдэнд нь нулимс цийлэгнэн суух аж. Нэг ч тоглолт өнжилгүй талбайд гарах дуртай тэрбээр Гудьонсений хуурамч жүжиглэлтэд дургүйцэж жигшсэн нь илт. Ер нь бид ч ялгаагүй тийм бодолтой байсан. Хаби бол багийнхаа тоглолтод үлэмж нөлөөтэй, “Энфильд”-д болох хариу тоглолтод орон зай нь илт үгүйлэгдэх шилдэг хагас хамгаалагч билээ. Гудьонссен Хабиг өөрийг нь яах аргагүй дэгээдэж унагаасан, шар хуудас зохих шийтгэл нь гэсэн утгатай ярилцлагыг хэвлэлийнхэнд өгчээ. Энэ хоёрын хэн нь үнэн яриад буйг хэлж мэдэхгүй ч бид түүнийг нь уншаад “Челси”-г хожих хүсэл маань улам бүр нэмэгдсэн.

Хоёр багийн хариу тоглолтын уур амьсгалыг сонин хэвлэлд бичигдсэн нийтлэлүүд улам бүр өдөөж, хурцатгаж байлаа. Өчүүхэн нэг сэтгэгдэл хүртэл эцэс төгсгөлгүй маргааны эхлэл болно. Нэгэн сонинд Бенитес миний талаар “Ливерпуль”-ийн амжилтын түлхүүр нь хэмээн ярьжээ. Ингэснээрээ манай дасгалжуулагч багийн ахлагчдаа улам их дарамт авчирсан. Түүний хэлсэн үгэнд нь талархмаар ч энэ нөхцөлд тохирохооргүй байсан. Харин дасгалжуулагч намайг ийн магтсанаараа урам өгч, дэм болно гэж бодсон байх. Би намайг хэн ч онцолж бүү анхаараасай гэж хүсч байлаа. Аваргуудын лигийн хагас шигшээд “Челси”-тэй таарсандаа ч тэр биш, ямар ч үед би ийм нэг хүнд чиглэсэн магтаалыг сонсохыг хүсдэггүй. Бенитес намайг энэ тоглолтод хэрхэн ач холбогдол өгч бэлтгэж буйг анзаарчээ. Тэр “Би Стивений нүднээс эрс шийдэмгий байдлыг олж харсан” хэмээн өгүүлэх аж. Бенитес өөр юу харсан бол? Би “Ливерпуль” энэ тэмцээнд түрүүлээд, би ахлагчийн хувиар аваргын цомыг өргөхсөн гэж туйлаас хүсч байсан. Стамбулд очих хүсэл маань “Челси”-гийн эсрэг тоглохоос өмнө намайг сэтгэл санаа, бие бялдрын хувьд туйлдуулж гүйцлээ. Гэхдээ би энэ бүхнийг давж гарч чадна. Хэрвээ Бенитес миний нүд рүү дахиад харвал хожих хүслээр дүүрэн харцыг олж харах байсан биз. Намайг, “Ливерпуль”-ийг финалд хүрэхэд хэн ч зогсоож чадахгүй мэт мэдрэмж төрж байв. Лампс, Жей.Ти, Макелеле нарын хэн нь биш. Мэдээж тэр өчүүхэн амьтан Гудьонсен бол бүр саналтгүй. “Челси”-гийнхнийг “Энфильд”-дээ тасар татан хаяхыг би тэсч ядан хүлээж байв.

Тавдугаар сарын 3-нд “Челси”-гийнхэн “Энфильд”-д хөл тавихад тэд өөртөө хэт итгэлтэй байгаа нь анзаарагдсан. Үүнийг нь ажигласан Бенитес бидэнд хандан “Тэд хэдийнэ финалд шалгарчихсан мэт санаж байх шиг байна. “Челси”-гийн залуучууд манайхыг ядах юмгүй хожно гэж бодож байгаа бололтой. Тэгвэл та нар тэднийг ташаа бодож байгаа гэдгийг нь ойлгуулаад өг. Хабигийнхаа төлөө үзүүлээд өгөөрэй” хэмээж билээ. Биднийг хялбархан буулгаж авна гэдэгтээ итгэлтэй байсан “Челси”-гийн тоглогчид хувцас солих өрөөнд хөзөр шидлэн наргицгааж, бүр тоглолтын дараа ялалтын баяраа тэмдэглэхээр “Mosquito” (Шумуул) нэртэй газар захиалга өгсөн гэж дуулдсан. Энэ мэтчилэн тэд биднийг үл тоомсорлосон тухай яриа тоглолтын эхний шүглээс өмнө мөн ч олон сонсогдсон доо.

Үүгээрээ “Челси” тэр үдэш “Ливерпуль”-ийн тоглогчдоос гадна хөгжөөн дэмжигчдийг өдөөсөн гэж болно. Лондончуудын үйл хөдлөл бүрийг өөлөн уулгалан хашгирах 40 мянган хөгжөөн дэмжигчийн маань хоолой маргааш өглөө нь дуугарч чадахааргүй сөөсөн байх. Копууд багт нь аваргын цомыг авах том боломж гарч ирснийг ойлгож байсан учир тийнхүү хамаг чадлаараа хашгиран дэмжсэн. Бид Эйзелийн эмгэнэлт явдлаас хойш 21 жилийн турш Аваргуудын лигийн шигшээ тоглолт гэдгийг мэдрээгүй байв. “Манчестер Юнайтед” аваргын цом өргөхийг харсан тоглогч, дэмжигчдийн аль нь ч багтаа ийм мөч ирээсэй гэдгийг маш их хүсч байсан. Үүнийг тэр үдэш хөгжөөн дэмжигчдийн намируулах уриа, лоозонг харахад л ойлгохоор байлаа. Урд эгнээгээр суусан фанатуудын царайг сайн харвал Европын цомыг хүсч мөрөөдөж байгаа нь илт. “Бидний мөрөөдлийг биелүүлээч” гэх зэрэг уриа энд тэнд намирна. Тэдний хоолой нийлүүлэн уухайлах дуунаас нь энэ мөн сонсогдож байв. “Биднийг финал руу хөтлөөч Стиви, аваргын цомыг аваад ирээрэй” гэх зэрэг үг сонсогдоно.

Түүнчлэн хөгжөөн дэмжигчид маань биднийг Роман Абрамовичид “Мөнгөөр бүхнийг шийдэж болохгүй” гэдгийг ойлгуулаасай гэж хүсч байлаа. Аваргуудын лигийн хагас шигшээгийн энэ тоглолт “Тэрбумтны хөрөнгөөр бүрдсэн баг” “Сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуус”-ын эсрэг гэсэн тодотголтой байсан. Тоглолтын өмнө Моуриньо “Ливерпуль”-ийг үл ойшоож, шигшээ тоглолтын тактикаа л ярих нь олны дургүйг хүргэж байв. Мөн Матея Кежман “Би шинэ жилийн баярын өдөр “Энфильд”-д тоглохдоо эдний хөгжөөн дэмжигчдийн яг юу гээд байгааг нь ойлгоогүй. Учир утгагүй л хашгиралдаад байсан” хэмээн дэлхийд хамгийн хүчтэйд тооцогдох манай фанатуудын уухайг үгүйсгэсэн мэдэгдэл хийлээ. Гэхдээ тэр хариу тоглолтод ирэхдээ цочирдож гайхсан нь лав. Копууд Кежман болон “Челси”-гийн бусад тоглогчид үнэнч дэмжигчийн уухай ямар байдгийг мэдрүүлсэн.

Яг тэр өдрийнх шиг уур амьсгалыг би урьд нь мэдэрч байсангүй. “Селтик”-ийн цэнгэлдэх хүрээлэн “Селтик Парк”-т зочлон тоглоход шотландууд бидэнд ямар их дарамт үзүүлснийг би мартдаггүй. Харин тэр өдөр манай хөгжөөн дэмжигчид түүнээс хэдэн хувь илүү байсан. Тоглолтоос 45 минутын өмнө бие халаалт хийхээр талбайд гараад би нүдэндээ, чихэндээ итгэсэнгүй. “Энфильд”-ийн дөрөвний гурав нь дүүрчээ. Яг халаалтын үеэр бол цэнгэлдэх бараг хоосон шахуу байдаг билээ. Энэ чухал тоглолтод харин тэд “Челси”-гийнхэнд дарамт үзүүлж, бидэнд урам зориг өгөхөөр ийн эртлэн иржээ. Би сунгалт хийж байхдаа Копуудын уухайг чих тавин чагнаж байв. Тэд “Ливерпуль”-ийн тоглогчдын нэрийг ээлжлэн дуудаж магтан хашгираад дараа нь зочдодоо хандан хашгирч эхэллээ. “Лампард чи зайл, чи бол новш” гэх нь сонсогдоно. Би Каррад хандан “Багаа ингэж дэмжиж байхад бид тэдний итгэлийг алдаж, урмыг хугалж болохгүй шүү” хэмээн хэлсэн.

Ингээд бид Бенитесээс сүүлчийн заавраа сонсож, тоглолтын хувцсаа өмсөхөөр хонгилоор уруудлаа. Хувцас солих өрөөнд очиход хүн бүр л хөгжөөн дэмжигчдийг магтан ярих аж. Би “Хурдхан буцаж гараад “Челси”-гийнхэнд үзүүлээд өгмөөр байна” хэмээн хэллээ. Хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор гэртээ тоглох, айлчилж тоглохын ялгаа энэ билээ.

Талбай руу гарахаар хонгилд зогсож байхдаа “Челси”-д ямар ч нөлөөнд үл автан ердийнхөөрөө байх сэтгэлийн тэнхээтэй Лампс, Терри нарын тоглогчид байгааг анзаарав. Шигшээ багтаа олон удаа тоглож, цочроо нь арилсан тэд тун тайван, итгэлтэй харагдаж байлаа. Харин бусдад нь яаж нөлөөлж байгаа бол? Талбайн хаана ч явсан энд тэндээс өөрсдийг нь харааж зүхэхээр ямар олиг байх билээ. Гудьонссенийг бөмбөг авах бүрт цэнгэлдэхэд хуран цугласан хөгжөөн дэмжигчид чих дөжрүүлэх шахан шүгэлдэнэ. “Челси”- гийн тоглогчид фанатуудын нөлөөгөөр хэвийн байдлаа алдаж байгаа нь илэрхий. Бидний хэн нэг нь “Челси”-гийн тоглогчид руу уурлан хашгирахад дагаад “Энфильд”-д газар хөдөлж байгаа мэт уухай нүргэлнэ. Бидний дамжуулалт, хамгаалалт бүрийг, хөдөлгөөн болгоныг Копууд нэгэн хүн мэт уухайгаараа дэмжиж байлаа. Тэдний энэ дэмжлэг нь миний судсанд зогсоо зайгүй адреналин шахах мэт хүч өгч байсан.

Гэтэл санаснаас эрт бид хэрэгтэй гоолоо хийлээ. Дөрөв дэх минутад. Рийсе Лампсын хөлнөөс бөмбөгийг нь булаан авахад Милан, бид хоёр маш хурдан байраа эзэллээ. Бэлтгэл дээр олон удаа давтсан байрлалыг бид зөнгөөрөө хэдийнэ эзэлжээ. Би Рийсегийн дамжуулалтыг авахын тулд бага зэрэг хойш ухарлаа. Нүдний үзүүрт Милан хурдлан гүйж байгаа нь харагдав. Хэрэв бөмбөгийг авангуутаа түүнд шууд дамжуулбал манайд гарцаагүй нэг гоол ирэх нь. Бидний хооронд Жей.Ти л байлаа. Түүнийг тойруулан дамжуулахад Барош чадварлагаар хүлээн авч, Чехийн эсрэг ганцаараа үлдэв. Тэгээд Чехийн хажуугаар бөмбөгөө өнхрүүлээд өөрөө түүнийг даван гарах гэтэл “Челси”-гийн хаалгач Барошийг татан унагаалаа. Би “Пенальти” гэж хашгирав. Яг энэ тохиолдолд Чехийг хөөгөөд торгуулийн цохилт өгөх ёстой.

Энэ бүхэн хэдхэн хоромд л болоод өнгөрсөн. Миланыг унаж байх үед нь хаанаас ч юм Гарсия гарч ирээд бөмбөгийг хаалга руу цохив. Гэтэл Уильям Галлас орж явсан бөмбөгийг өшиглөн гаргасан. Энэ орсон болов уу? Шүүгч хаана байна аа? Шүүгч 16 метрийн талбайн дотор байгаа харагдав. Харин тэр ямар шийдвэр гаргах бол? Любош Михел шүглээ үлээгээд гараа төвийн шугам руу заалаа. ГООЛ!!! Манай багийнхан гараа өргөн баярлан гүйцгээв. Бүгд үзэгчдийн суудал руу гүйн очиж хөгжөөн дэмжигчидтэй баяраа хуваалцлаа. “Энфильд” тэр чигээрээ хөдөлж байв. Манайхан ийн баярлаж байхад “Челси”-гийн тоглогчид болон хөгжөөн дэмжигчид уруу царайлан зогсоно. Тэд Михелд хандан “Бөмбөг шугам даваагүй шүү дээ” хэмээн хашгирцгааж байв. Үнэндээ би ч үүнийг хэлж мэдэхгүй. Тэр бөмбөг орсон үгүй нь одоо хүртэл маргаантай байдаг билээ. Ямартай ч словак шүүгч Михел Гарсиягийн цохилтыг гоолоор тооцсон. “Челси”-гийнхэн үргэлж л энэ тухай эргэн ярьж, гомдол мэдүүлж байдаг. Моуриньо хамгийн их гомдоллогч нь. Инээдтэй хэрэг шүү. Хэрвээ тэрийг гоол гэж тооцохгүй бол Чехэд Миланыг унагасных нь төлөө улаан хуудас өгөх ёстой. Тэгэхээр “Челси” бидний эсрэг юу хийж чадах билээ? Тухайн үед Чех “Челси”-гийн амжилтад маш их нөлөөтэй байсан. Арвуулаа, тэгээд шилдэг хаалгачаа алдчихсан баг тэртэй тэргүй торгуулийн цохилтоор гоол алдчихаар яах билээ. Үүнийг тэд хүссэн гэж үү? Ийм тохиолдолд “Ливерпуль” дор хаяж 4:0-ээр хожих байсан биз. Тэгэхээр тэд энэ тухай гомдол мэдүүлэхийн оронд дуугүй л суух хэрэгтэй юм. Хэрэв тэр гоол ороогүй, торгуулийн цохилт байгаагүй гэх гээд байвал бүх зүйл нэгэнт болоодөнгөрсөн гэж л хэлье дээ.

Төвийн шугам дээр буцан очоод багийнхандаа хандан “Залуус аа, эрчээ сулруулж болохгүй шүү. Тэднийг алхам ч урагшлуулахгүй, дамжуулалт бүрийг нь таслахыг хичээх хэрэгтэй” гэж уриалав. “Челси” улам ширүүн довтолно гэдгийг бүгд мэдэж байсан. Жей.Ти, Лампс нар тийм ч амархан цагаан тугаа өргөчих залуус биш билээ. Моуриньо сэлгээний тоглогчдын суудлаас тоглогчдодоо хашгиран зөвлөгөө өгөх аж. “Челси”-гийнхэн бүгдээрээ энэ гоолыг алдсандаа уурссан байлаа. Тэдний цус хариуг нь барих хүслээр буцалж байгаа нь илэрхий. Харин “Энфильд”-ийнхэн сөрөг цохилт өгөхөд бэлэн зогсоно. “Челси”-гийн довтолгоо үнэхээр сэргэжээ. Хаа сайгүй тэдний тоглогчид гүйлдэж, хором бүрт л хаалганд аюултай довтолгоо хүрч байв. Бид 13 тоглогчийн эсрэг тоглож байгаа юм шиг л санагдаж байсан. Тэд бидэнд амьсгаа дарах завдал огтхон ч өгөхгүй байв. Арьен Роббен сэлгээгээр орж ирэв. Удалгүй Роберт Хут мөн талбайд гарлаа. Тэдний довтолгоо улам ширүүслээ. “Челси” дэлхийд хамгийн бэл бэнчин ихтэй баг гэдгээ харуулж сайн тоглогчдыг нэг дор цуглуулсан клуб. Энэ нь сэлгээнээс нь тод харагдана.

Тэр өдөр биднийг Жейми Каррагер л аварсан. Тэр яг л тулаанд сүүлчийн дусал цусаа урстал тэмцэх баатар мэт Стамбулыг зорих замыг засахаар зоримог тоглосон. Хөлбөмбөг тоглосон цагаасаа л “Ливерпуль”-д хүчин зүтгэсэн тэрбээр багт нь энэ тоглолт ямар чухал вэ гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдрэн тоглосон нь лав. “Челси”-гийнхнийг бидний мөрөөдлийг нураахаас тэр л сэргийлж, хамгаалж чадсан билээ. Тэр бүхий л довтолгоог няцааж, аюултай бөмбөгийг мөргөн зайлуулж байсан. Тоглолтын турш тэр “Хэрвээ би шар хуудас авчихвал дараагийн тоглолтыг өнжих болно” хэмээн үглэсээр байв. Гэхдээ тэр тоглолтын туршид ямар ч алдаа гаргаагүй. “Интер Милан” түүнийг авахаар идэвхтэй хөөцөлдсөнд нь гайхах зүйлгүй. Тэр дэлхийн шилдэг гэсэн нэрийг зүүх эрхтэй төвийн довтлогчидтой тулгарах бүртээ ялалт байгуулж байсан. Үүнийг “Ювентус”-ын эсрэг тоглолтод Златан Ибрахимовичийг зогсоосноороо харуулсан. Мөн Дидье Дрогбаг хажуугаараа ч өнгөрөөсөнгүй. Өндөр хүчирхэг биетэй Хут ч Каррагерыг аргалж дөнгөсөнгүй. Каррагер “Энфильд”-д давж гарахын аргагүй хана хэрэм мэт байлаа.

Тоглолтын цаг дуусах дөхсөн үед би дөрөв дэх шүүгчийн зүг үе үе харж байлаа. Тэр хэр их хугацаа нэмэх бол? Гурав минут уу, эсвэл дөрөв үү? Удалгүй тэр босч ирээд электрон самбарыг дээш нь өргөлөө. Зургаа!!! Итгэмээргүй юм, ямар их хугацаа вэ. Яг тэр мөчид би дөрөв дэх шүүгчийг багалзуурдмаар санагдаж байлаа. Яаж энэ урт хугацааг тэсч өнгөрөөх вэ? “Челси” эцсийн хүчээр шийдсэн довтолгоо хийх нь тодорхой. Өндөр ачаалалтайгаар бүтэн тоглолтын турш гүйсэн бид энэ үед туйлдсанаа мэдэрч байв. Карра руу сэмхэн хяламхийлээ. Тэр усан хулгана мэт болтлоо хөлөрч тэвдэн зогсох аж. Тоглолтын турш өрсөлдөгчийнхөө довтолгоог няцаасан Карра ингээд зогсчих гэж үү? Бокстой зүйрлэх юм бол “Ливерпуль”- ийнхэн асар хүчтэй олон цохилтыг хүлээж аваад уначихгүйн тулд өрсөлдөгчөөсөө зууран цаг дуусахыг хүлээх тулаанч шиг л болоод байв. Тооны давамгайллаа хадгалах хэрэгтэй. Бөмбөгийг өрсөлдөгчөөсөө салгаад шууд л урагш нь цөлөөд байх хэрэгтэй. Алхахад л уначих гээд байсан ч ямар нэг аргаар сүүлчийн шүглийн дуу хүртэл хамгаалах ёстой. Бурхан минь, энэ зургаан минут миний хувьд яг л 60 минут мэт санагдаж билээ. “Челси”-гийн довтолгоо эгээ л хад чулуу хайр найргүй бутлах цахилгаан өрөм мэт байсан.

Тоглолт өндөрлөхөд хэдхэн секунд үлдсэн үед бөмбөг Гудьонсений хөл дор очлоо. Бурхан минь, сүүлчийн мөчид бидний мөрөөдөл сүйрэх гэж үү? Тэгэхдээ бүр энэ Гудьонсен баллах хэрэг үү? Гудьонсений байрлал гарцаагүй гоол хийхээр газар байсан. Би түүнийг цохихыг нь харж чадалгүй, өөрийн эрхгүй нүд минь далдирлаа. Гэтэл “Энфильд” даяар уухайн дуу нүргэллээ. Тэр алдаад цохичихжээ. Бөмбөг хаалгачаас тоглолтод орохыг шүүгч зааж байв. Карра руу харахад тэр над дээр гүйн ирж инээмсэглэн “Түүний цохисон бөмбөг миний хөлд ойчихсон. Булангийн цохилт болох юм болов уу гэж бодож байлаа” хэмээв.

Тэгээд Михел тоглолт өндөрлөснийг зарлан шүглээ уртаар үлээлээ. Ямар сайхан юм бэ, бид тэсч гарч чадлаа. Би Каррад “Бид финалд тоглох нь байна шүү дээ” гэж хэлээд тэврэлдэв. “Ливерпуль” Стамбулд тоглох эрх авсан нь шударга билээ. “Челси”-гийнхэн өөрсдийгөө 180 минутын турш илүүрхсэн гэж ярьдаг. Уучлаарай, энэ хоёр тоглолт 186 минут үргэлжилсэн шүү дээ. Би үүнээс өөр зургаан минут нэмсэн тоглолтыг мэдэхгүй юм.

“Челси”-гийн англи тоглогчидтой гар барихаар очиход Жей.Ти тосон ирээд “Стамбулд сайн тоглоорой, амжилт хүсье” хэмээв. Хэдий тэр өөрт нь хүнд байсан ч ийнхүү элэгсгээр амжилт хүссэнд би гайхсан. Түүний сэтгэл хөдлөл шууд нүүрээрээ илэрдэг онцлогтой. Аваргуудын лигийн цом түүнд ямар чухал болохыг би ойлгож байлаа. “Челси”-гийн тоглогчид тэр жилийн шигшээ тоглолтыг үзэхгүйн тулд Америк руу аялсан гэж сонссон. Зарим хүн тэднийг үүнийх нь төлөө шүүмжилж, өчүүхэн бодолтой амьтад хэмээн хэлж байлаа. Гэхдээ би тэднийг яагаад ийм шийдвэр гаргаж, Европоос хол байхыг хүссэнийг нь ойлгож байсан.

Хувцас солих өрөөнд ороход хүн бүр баярлан хөөрч бүжиглэх нь бүжиглэж, дуулах нь дуулж сэтгэл хөдлөлөө гаргаж байв. Стамбул! Аваргын төлөө тоглолт! Ямар гайхалтай хэрэг вэ? Энэ тоглолтын дараа бүх тоглогч эхнэр болон найз бүсгүйчүүдээ дагуулан бяцхан үдэшлэг хийж билээ. Урьдын адил Карра бүхний эхэнд дуулж, бүжиглэн бусдыгаа уриалах аж. Тоглолтын төгсгөлд ядарсандаа хөл маань нугарах гээд байсан атлаа хаанаасаа энэ эрч хүчийг олсон юм бүү мэд, үдшийн турш амралтгүй бүжиглэлээ. Бид аваргын төлөө тоглох эрхээ авчихаад чухам цом гардсан мэт хөөрч байж билээ.

Маргааш нь өглөө нь тоглолтын талаар бичсэн сонингуудыг эргүүлэн үзэж байж тэр ялалтдаа бүрэн итгэлээ. “Ливерпуль” дахин Европын тавцанд гарч ирлээ. Төдөлгүй Карра манайд ирж, бид тоглолтын талаар ярилцан “Sky” сувгаар тоймыг нь үзэв. Шүүгчийн мэдлийн зургаан минут шувтрах дөхсөн үед Гудьонсений цохилт хөлд нь ойн нүүрний шугамаар гарахыг харсан Карра “Гарцаагүй булангийн цохилт байгаа биз” хэмээн тачигнатал инээж билээ.

Тэр орой би Жон Арне Рийсетэй уулзан “Сент Томас” зочид буудалд очоод “Милан”-”ПСВ Эйндховен”-ы хариу тоглолтыг үзэв. Би Рийсед хандан “ПСВ хожоосой. Бидний хувьд “Милан”- аас илүү “ПСВ”-г хожих магадлал” өндөр хэмээн хэлсэн. Италийн багт Андрей Шевченко, Андреа Пирло, Кака гээд олон шилдэг тоглогч байдаг билээ. Энэхүү тулаанд хоёр баг хоёр тоглолтын нийлбэрээр тэнцсэн ч “Милан” өрсөлдөгчийнхөө талбайд хийсэн гоолын ачаар шигшээд шалгарлаа. Би машиндаа суухаар алхаж явахдаа “Стамбулд маш ширүүн тулаан хүлээж байна даа” хэмээн бодож байв.
ГАЙХАМШИГ

Хаа сайгүй “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид холхиж, уухайлан дуулах Стамбулд хөл тавихад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Нисэх онгоцны буудлаас зочид буудал хүртэлх замд ийм л дүр зураг нүдний өмнө хөвөрнө. Зочид буудал хүрэх замдаа автобусны цонхоор ийн харж явахад бүх л хүнийг таньдаг юм шиг санагдаж байж билээ. Тоглолт эхлэх хүртэл 48 цагийн зай байгаа ч Стамбул ийнхүү скоузчуудаар дүүрч, гайхалтай уур амьсгал бүрдээд байлаа. Зочид буудлынхаа өрөөнөөс гарахад хонгилд манай хөгжөөн дэмжигчид алхаж, тэгээд намайг харангуутаа “Стиви үзүүлээд өгөөрэй. Амжилт хүсье” хэмээгээд эрхий хуруугаа гозойлгон мөрөн дээр нөхөрсгөөр алгадах аж. Бидний байрласан зочид буудалд манай хөгжөөн дэмжигчид олноороо буудаллажээ. Тэднийг хараад би Каррад хандан “Ливерпульд бараг хүн үлдээгүй байх аа” хэмээж байв. Мэдээж дэмждэг баг нь “Аваргуудын лиг”-ийн шувтаргын тоглолтод шалгарчихаад байхад хэн гэртээ үлдэхийг хүсэх билээ. Хоолонд орохоор цайны газар луу шатаар уруудахад “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчидтэй зөрөн, бэлтгэлдээ явахаар автобусанд суух замд зургаа татуулж, гарын үсгээ өгөхийг хүссэн фанатуудтай нүүр тулдаг байлаа. Хэдийгээр би багийнхаа дэмжигчдэд хайртай боловч тэд тоглогчидтой зэрэгцэн нэг буудалд байрласан нь тун хүнд ажээ. Зогсоо чөлөөгүй уухайлан дуулах тэдний чимээнд өрөө маань чичрэх мэт болох бөгөөд ийм нөхцөлд унтаж амрахад бэрх байлаа. Цонхоо хааж, хөшгөө битүүлээд толгой дээрээ дэр тавьсан ч нэмэргүй. “Чи хэзээ ч ганцаар алхахгүй”, “Энфильд Рөүдийн өргөн чөлөө” гээд тэдний дуулах дуунд төгсгөл үгүй. Яг л цэнгэлдэх хүрээлэнд, үзэгчдийн суудлын өмнө байгаа мэт сэтгэгдэл төрнө. Өмнө дурдсан хуучны дуунууд дээр “Стамбулд бид тав дахь түрүүгээ авна”, “Галт цагариг” гэх зэрэг тэр жилийн шигшээ тоглолтод зориулсан шинэ дуу мөн эгшиглэх аж. Хөгжөөн дэмжигчдийн уухайлан дуулах нь яг л автомат буугаар толгой руу минь галлах мэт санагдаж, шөнө бүр ийн шүршүүлсээр сүүлдээ өөрийн мэдэлгүй амандаа аялан зогсож байдаг болсон.

Хааяа эрж хайж явсаар чимээгүй өрөө олоод хэвтэхэд гар утас маань зогсоо зайгүй дуугарч амар заяа үзүүлэхгүй. Гэр бүлийнхэн болон найз нөхөд маань амжилт хүсэхийн зэрэгцээ тоглолтын тасалбар шалгаан асуух аж. Дэлхий даяар, ялангуяа Ливерпулийн оршин суугчдын талаас илүү нь “Аваргуудын лиг”-ийн логог тавьж, “Ататюрк” цэнгэлдэх хүрээлэн хэмээн бичсэн энэ тоглолтын тасалбарыг олж авахыг туйлаас их хүсч байсан нь лавтай. Шигшээ тоглолтод бэлтгэхийн зэрэгцээ тэдэнд тасалбар олж өгнө гэдэг хэцүү ажил байлаа. Багаас тоглогч бүрт 25 тасалбарын эрх өгсөн. Энэ хэдийгээр цөөн тоо биш боловч гуйсан хүн болгонд өгнө гэхээр хангалтгүй байв. Каррад “Миний тасалбар олж өгөх хүний жагсаалт бүр 50 гарчихлаа” гэхэд тэр над руу хараад “Минийх ч бас адилхан” хэмээн инээж билээ. Тэгэхээр юуны өмнө гэр бүлийнхнийгээ л нэгдүгээрт тавих хэрэгтэй. Тиймээс аав, Пол ах хоёрт эн тэргүүнд тасалбар өгнө. Ээж, Алекс хоёр харин Стамбулд ирээгүй юм. Би Алексаас Стамбул руу хамт явъя гэж зөндөө гуйсан ч тэр Ливерпульд үлдсэн нь дээр гэж үзсэн. Учир нь тэр нисэх дургүй юм. Боггод мөн хамт явъя гэсэн ч тэр бас л онгоцоор нисэхийг үзэн яддаг тул үлдэв.

“Алив Богго, чи ийм тоглолтыг үзэлгүй өнгөрөөх гэж үү” хэмээхэд тэр “Би бүтэн дөрвөн цаг нисч чадахгүй ээ” гэж билээ. “Струан чамд тохилог, сайхан нислэг олж өгөх байх аа. Санаа зоволтгүй дээ” гэж гуйхад тэр аанай л толгой сэгсэрсэн хэвээр байсан.

Струан энэ үеэр маш завгүй болоод байв. Миний төлөөлөгчийн ажлаа хийхийн зэрэгцээ аяллын зохицуулалт, тасалбарын хуваарилалт гээд түүнийг ер чөлөөтэй суулгаагүй. Утас нь зогсоо зайгүй хангинана. Мөн зарим нэг тоглогч амжилт хүссэн үгээ түүгээр дамжуулан хэлж байлаа. Жон Терри залгаж, “Стивид амжилт хүссэнийг минь уламжилж өгнө үү” хэмээн хэлжээ. Струан түүний үгийг надад дамжуулахад би маш их баярлаж, сэтгэл хөдөлсөн. Жей.Тиг би маш их хүндэтгэдэг бөгөөд энэхүү мэндчилгээ нь үүнийг улам лавшруулсан юм. Манай баг “Челси”-г хожсон ч Жей.Ти үүнийг мартан надад амжилт хүсчээ. Хэрэв “Челси” “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарвал би түүнийг дэмждэг гэдгээ ойлгуулахын тулд Жей.Ти рүү залгах болно.

Түүнчлэн Тьерри Анри надад мессеж илгээсэн байв. Бүхий л улирлын турш Тьерри Анри болон Жей.Титэй бие биеэ урж тасдахаас наахнуур өрсөлдөж байсан бол одоо тэд надад элэгсгээр амжилт хүсч байна. Стамбулын тулаанаас өмнө тэд ийнхүү надад сэтгэлийн дэм, урам хайрласныг нь би хэзээ ч мартахгүй. Хэрвээ тоглолтын явцад тэднийг талбайн гадна сууж байхыг харвал би бүх л хүчээ энэ залуусын төлөө зарцуулж, талархлаа илэрхийлэх болно, амлаж байна. 2006 онд “Арсенал” “Аваргуудын лиг”-ийн шувтаргад шалгарах болзлоо хангангуут би утсаа шүүрэн авч Анри руу амжилт хүссэн мессеж явуулж байлаа. Даанч Парист тэдний баг “Барселона”-г тогтоож барьж дийлээгүй билээ.

“Ататюрк” цэнгэлдэх хүрээлэнг алсаас харахад цөлд буусан агаарын хөлөг мэт дүнхийх аж. Бараа нь харагдсанаас хойш нэлээн явж байж тэнд хүрч байлаа. Анхны бэлтгэлээ хийхээр “Ататюрк”-ийг зорих замд Карра “Бид хаана тоглох гээд байна аа?” хэмээн хачирхан дуу алдаж байв. Би ч түүнтэй санал нийлэн “Аргагүй л шигшээ тоглолт болох цэнгэлдэх байна даа” гэж хэлсэн.

Цэнгэлдэх хүрээлэнд очоод “Милан”-ы цуут ахлагч Паоло Мальдинигийн хамт хэвлэлийн бага хуралд оролцов. Багийнхантайгаа хамт явж байгаад хурлын танхим руу зүглэхэд Карра араас “Аваргын цом харагдвал гараа битгий хүргээрэй” хэмээн захиж байв. Бусад нь ч гэсэн түүнтэй санал нэг буйгаа илэрхийлэн зангана. Хөлбөмбөгт энэ мэт мухар сүсэг гэмээр зүйл цөөнгүй бий. Хэвлэлийн бага хурлын танхим руу ороход тусгайлан бэлтгэсэн тавцан дээр мөнгөлөг цом сүр жавхлантайгаар гялалзан дүнхийж угтлаа. Цомын хажуугаар алхан өнгөрөхөд Каррагийн “Цомд битгий хүрээрэй” гэсэн үг нь чихэнд дүнгэнэсээр байв. “Магадгүй маргааш би энэ цомыг толгой дээрээ өргөөд баяртайгаар хашгиран зогсох ч юм бил үү” хэмээн бодов. Тийм боломж гарна гэж найдаад тэгэхэд л цомд хүрч үзье дээ.

Гэвч цомын хажуугаар өнгөрөх мөчид биеэ барина гэдэг хэцүү ажээ. Хүн болгоны авахыг хүсдэг “Аваргуудын лиг”-ийн түрүү багийн цом “Надад хүрээч” гэж дуудаад байгаа юм шиг санагдана. Хүрч үзэхсэн гэсэн хүсэл, битгий хүрээрэй гэсэн багийнхны маань ятгалга зөрчилдөн сэтгэл хоёрдон алхаж явахад гар маань хөлөрчихсөн байлаа. Гэрэлд гялалзах цомд ховсдуулах мэт болжээ, би. Кенни Далглиш, Грэм Саунесс, Алан Хэнсен нарын “Ливерпуль”-ийн домог болон яригдах тоглогчдын авч байсан энэ цомыг төрөлх хотдоо аваачихыг туйлаас хүсч байлаа. Арайхийн биеэ татан авч цомд хүрэлгүйгээр суудалдаа очлоо. Хэрэв цомыг ганцхан илээд өнгөрсөн бол Карра намайг уучлахгүй байсан биз.

Би суудалдаа тухлаад Мальдини руу харахад итали эр тун тайван инээмсэглэн суух аж. Би түүний дэргэд өөрийгөө нялх хүүхэд шиг л төсөөлж, мэдэрч байлаа. Тэр ийм хуралд олон удаа оролцож байсан болохоор сандарч мэгдсэн байдал огт харуулсангүй. “Милан”-ы домогт тоглогчийн ээлжит нэгэн финал. Тэр над руу хараад инээмсэглэхэд өөгүй цэвэрхэн цагаан шүд нь нүдэнд содон тусав. Харж байгаа нь цаанаа л нэг итгэлтэй ажээ. Тэр даруй “Чөтгөр аваг. “Милан”-ыхан биднийг төвөггүй хожно гэж бодож байгаа бололтой” гэсэн бодол зурсхийн орж ирсэн. Зурагчдад зориулан бид гар барин зогслоо. Би түүн рүү хараад дараа нь цом дээр харцаа тогтоов. “Маргааш бид хоёрын хэн нь энэ цомыг өргөх бол? Хэн нь аваргын цомыг авч харих вэ?” Намайг ийн мөрөөдөн зогсож байхад Мальдини “Маргааш амжилттай тоглохыг хүсье” хэмээгээд бодлыг минь сарниуллаа.

Хүн болгон л “Милан”-ы хожих магадлал илүү хэмээж байв. Бооцоо тавигчдын дийлэнх тэдэнд мөнгөө даатгаж, мэргэжилтнүүд түүх сөхөн тойм өгүүлцгээнэ. Стамбулд аваргын цом өргөх ахлагч нь Мальдини гэх хүн маш олон байсан. Би түүнд хандан “Паоло, чи энэ цомыг дөрвөн удаа өргөж үзсэн биз дээ. Надаар ганц удаа өргүүлчих л дээ” гэж гуймаар санагдана.

UEFA-гаас гаргаж өгсөн машинд суугаад буудал руугаа буцаж явахдаа бодлоосоо ангижрахыг хичээж байв. Гэвч маргааш миний амьдрал дахь хамгийн хүнд үдэш тохионо гэсэн бодол толгойноос минь салахгүй хэвээр. Мальдинитай хамт хэвлэлийн хуралд сууснаар өрсөлдөгч багийнхаа хүч чадал, хэр хэмжээг улам илүү мэддэг мэт болжээ. Андрей Шевченко, Кафу, Кака, Эрнан Креспо нарын эсрэг халз тоглож байгаа зураглал нүдээ аньсан ч үл арилна. Айдас хургаж, бодолдоо дарагдсанаас болж гэдэс маань зангиран бие тавгүйтүүлж байлаа.

Гэхдээ удалгүй миний тэмцэгч араншин илэрч эхэлсэн. Өрсөлдөгчдөө хүндлэл үзүүлэх нь зүйн хэрэг ч айж ер болохгүй билээ. Бид “Ливерпуль”-ийнхэн, тиймээс ямар ч нөхцөлд эцсээ хүртэл тоглох л ёстой. Карра тэргүүтэй манай залуус хангалттай олон сорилтыг амжилттай даван энд ирсэн. Стамбулд ирэх зам маш хүнд, хэцүү байсныг бүгд мэднэ. “Олимпиакос”, “Ювентус”, “Челси” гээд шат болгонд биднийг хүчтэй өрсөлдөгчид давуу байдалтайгаар хүлээж байсан билээ. Тэр бүгдийг даваад энэ хүртэл яваад ирсэн болохоор бидэнд алдах зүйл үгүй. Зочид буудал, цэнгэлдэх хүрээлэнгийн хооронд явахдаа автобус болон машины цонхоор харахад манай хөгжөөн дэмжигчид шигшээ тоглолтод огтхон ч санаа зовоогүй шинжтэй байцгаана. Тэдний харц нь “Стиви чи юунд санаа зовох вэ? Өөрийнхөө чадах хэмжээнд л тогло” гэх мэт тайван харагдах ажгуу. Маргааш юу ч тохиолдсон бид Ливерпульдээ баатрын хувиар эргэн очих билээ. Хөгжөөн дэмжигчид маань багтаа хайртай, багийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй үнэнч. Ийм фанатууд бид шигшээ тоглолт хүртэл авч ирлээ. Энэ л тэдний хувьд том ялалт, амжилт учраас скоузчууд баяраа хэдийнэ тэмдэглээд эхэлсэн байсан. Улирлын эхэнд тавдугаар сарын 25-нд болох шигшээ тоглолтод “Милан”-ы шалгарах магадлал өндөр байсан бол тухайн үед “Ливерпуль”-ийнхнийг энэ өдөр зурагтынхаа өмнө шар айраг бариад тухлан сууна гэж таамагласан хүн олон биз ээ. Тэгэхээр “Милан”-д л дарамт илүү мэдрэгдэж байгаа, харин “Ливерпуль”-д ийм хүндрэл байх ёсгүй. Тиймээс хожихын төлөө шунаж сэтгэлээ чилээлгүй, чадахаа хийгээд л гэртээ харина гэсэн бодолтой тоглох хэрэгтэй байлаа, бид.

Оройн хоолны дараа Карра, Диди, Сами бид нар манай өрөөнд маргааш болох тоглолтын талаар, бидэнд ямар давуу тал байгаа, юу дутагдалтай вэ гэх мэт зүйлийг ярилцлаа. Би тэдэнд хандан “Биднийг ийм хол явна гэж хүмүүс таамагласан болов уу. Тэгвэл дахиад тэдний тооцоолоогүй зүйлийг хийцгээе залуус аа” хэмээн хэлж байв. Тэр шөнө шигшээ тоглолтын тухай бодлоосоо болоод тухтай унтаж чадаагүй ба өглөөнөөс хойш дэн дунтай явсаар оройтой золголоо. Энэ хүртэл явж ирсэн болохоор одоо эцсийн хүчээ шавхаад хичээхэд л нэр нь түүхийн хуудсанд тодоор бичигдэнэ гэдгийг манайхан бүгд мэдэж байсан. Энэ түүхийг бүтээх цаг нь болжээ. Автобус ирлээ, цэнгэлдэх хүрээлэн рүү явахаар зочид буудлаасаа гарав. Манай багийн хөгжөөн дэмжигчид зочид буудлын гадна талд бүчин авч, урмын үг хайрлан уухайлахад зүрхний цохилт түргэсэн хүч нэмэгдэх мэт боллоо. Автобусны арын суудал дээр суугаад гүнзгий амьсгаа аван тухаллаа.

“Ататюрк” хүрэх зам үнэхээр гайхалтай байлаа. Европын хэмжээний тэмцээнд айлчлан тоглоход бүрээ бөмбөр хангинаж, эсрэг багийн хөгжөөн дэмжигчид элдвээр зүхэж хараан, суусан автобусны цонхон дээр шил, чулуунаас эхлээд шүлс хүртэл ирж буух нь түгээмэл байдаг билээ. Харин энэ удаа туркүүдийн барьсан шинэ цэнгэлдэх хүрээлэн хүрэх зам тайван, намуухан байлаа. Гэтэл “Ататюрк”-д дөхөөд очмогц манайхан тэнд хэдэн мянгаараа угтан авав. Тэд бол баг нь ертөнцийн хаана ч тоглосон хамт байж чаддаг гайхалтай дэмжигчид билээ. Магадгүй “Ливерпуль” саран дээр тоглох болвол манай фанатууд яаж ийж байгаад л очих вий. “Ататюрк”-ийг зүглэн зам дагуу алхах хөгжөөн дэмжигчид цогчин дуганд мөргөхөөр цуварч буй сүсэгтнүүд лугаа эмх цэгцтэй, тайван байх аж. Тэдний дундуур зүсэн урагшлах автобусыг хараад гараараа даллан мэндчилцгээж байлаа. Үүнийг харж сэтгэл хөдөлсөн би багийнхандаа хандан “Бид дэмжигчдийнхээ итгэлийг алдаж болохгүй шүү” хэмээн хэлсэн.

“Ататюрк”-ийн нэг жигүүрт бид ийнхүү өөрийнхнийхөө дунд явсан бол гол хаалганд хүрэхийн өмнө “Милан”-ыхан цугласан хэсгээр дайран өнгөрлөө. Гэвч Италийн багийн хөгжөөн дэмжигчдийн дундуур явахад тэнд эзэнгүй мэт чимээгүй байв. “Ливерпуль”-ийн тоглогчид суусан автобус явж байна гэж анзаарч ойшоох хүн энэ хэсэгт лав байсангүй. Цэнгэлдэхийн гол хаалгаар орохын өмнөхөн би Майкл болон гэр бүлийнхнээсээ ирсэн амжилт хүссэн мессежийг уншаад гар утсаа унтраалаа. Одоо “Милан”-ыг хэрхэн хожихоос өөр зүйл бодолгүй, анхаарлаа төвлөрүүлэх ёстой билээ.

Рафа багийн бүрэлдэхүүнийг зарлаагүй байсан учир хувцас солих өрөөнд тоглогчид талбайд гаргах болов уу, яах бол хэмээн сэтгэл догдлон сууж байлаа. Харин тоглолт эхлэхээс цаг орчмын өмнө дасгалжуулагч гарааны 11 тоглогчийн нэрийг намуухнаар уншиж өгсөн. “Хаалган дээр Жерзи, хамгаалалтад Финнан, Карра, Сами, Жими, баруун жигүүрт Луис, төвд Стиви, Хаби хоёр, зүүн талд Рийсе, тэргүүн шугамд Харри, Милан”. Диди үндсэн бүрэлдэхүүнд багтаагүй нь намайг гайхашрууллаа. Би түүн рүү харахад герман эр тоогоогүй дүр үзүүлэн суух аж. Гэхдээ түүнд ямар байгааг би сэтгэлээрээ мэдэрсэн. Өөрийг нь гарааны бүрэлдэхүүнд багтаагаагүйд ямар ч байсан тэр сэтгэл дундуур байх ёстой. Рафа түүний оронд гэмтэл нь бүрэн эдгээгүй Харриг сонгочихлоо шүү дээ. Тухайн үед Дидигийн тоглолт ид ороод байсан юм. Миний хувьд өөрийгөө Диди, Хаби нартай хамтран Миланд довтолгооны хань болно гэж таамаглаж байсан. Гэтэл Диди ийнхүү гарааны 11-ийн гадна үлдсэн нь намайг цочирдуулсан. Довтолгоонд Сиссег гаргалгүй Барошийг сонгосон нь харин тийм сонин зүйл биш байв. Тэдний хэн хэн нь “Челси”-гийн эсрэг ижил тоглолт үзүүлсэн ч Рафа Барошт арай илүү ханддагийг бид мэднэ. Харри бол тэднээс өөр түвшний хүн. Рафа Харригийн хурд, тоглолтын хэв маяг, хэмнэлийг ашиглан “АС Милан”-ы хаалгыг бөмбөгдөнө гэж тооцоолжээ. Хэрэв дасгалжуулагч Ле Талле гэх мэтийн залуу довтлогчдыг гаргасан бол энэ нь аз туршсан хэрэг болох байлаа. Харин Харригийн хувьд хангалттай туршлага хуримтлуулсан шилдэг тоглогч билээ. Гэхдээ тэр энэ тоглолтод бэлэн байсан уу? Ямар ч байсан 100 хувь л лав биш. Ямартай ч “Ливерпуль”-ийн бүх тоглогч Харри бидэнд хэрэгтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Рафаг харахад тэр онцгой тайван байх аж. Тэр тоглогч бүр дээр очин заавар, зөвлөгөө өгч байлаа. Түүний үг бүрээс баг нь энэ тоглолтод хожно гэсэн итгэлтэй буй нь мэдрэгдэж байсан. “Бие биеэ сайн харж, алдаа гаргалгүй тоглоорой. Өөрсдийн тоглолтоо гаргах хэрэгтэй шүү” хэмээн захина.

Талбайд гарах цаг болжээ. Багийнхныхаа урд алхан хонгилд гарлаа. Тэнд “Милан”- ыхан мөн гарч ирэв. Тэдний ахлагч Мальдинитай толгой дохин мэндчилэв. Харин энэ үед Шевченко хүрч ирээд хуучны андтайгаа уулзаж буй мэт дотночлон гар барилаа. Чөтгөр аваг, “Милан”-ыхны энэ үйлдэлд хэрхэн хариуг нь барих ёстой вэ? Рафагийн туслах Пако Аестарян “Талбайд гарахын өмнө нөгөө багийнхнаас аль болох тусдаа байгаарай” гээд “Яг шүглийн дууны өмнө тоглогчдоо цуглуулж, урам өгөх үг хэлээрэй” хэмээн захисан.

Талбай руу гүйн гарах үед эгшиглэж байсан “Аваргуудын лиг”-ийн сүлд дуу урьд урьдынхаас илүү уянгалаг болсон мэт санагдана. Хоёр багийнхан тогтсон заншил ёсоор харилцан гар бариад тус тусын талбайг эзлэв. Би туслах дасгалжуулагч Аестаряны захисны дагуу багийнхныгаа дуудлаа. Бүгд тойрон бие биенийхээ мөрөөр чанга тэврэн зогсов. Хөгжөөн дэмжигчдийн уухайлан дуулах нь чих дөжирмөөр чанга байсан учир хамтран зүтгэгчдэдээ үгээ сонсгохын тулд зайгаа улам ойртууллаа. Карра бол энэ тоглолт “Ливерпуль”-ийн хувьд ямар чухал вэ гэдгийг хэлүүлэлтгүй мэднэ. Бид энэ мөчийг олон жил хүлээсэн. Бусад багууд аваргын цомыг өргөн баярлаж байхад тэднийг харан ийм түвшинд хүрч чадаагүйдээ гутран суудаг байлаа. Тиймээс энэ үдэш эцсийн хүчээ шавхан хожих ёстой гэдгийг легионер тоглогчдодоо ойлгуулахыг хүссэн. Би ахлагчийн хувиар тоглолт болгоны өмнө л тодорхой хэмжээгээр багийнхандаа зөвлөгөө өгч уриа хэлдэг. Харин “Милан”-ы эсрэг тоглолтын өмнө үг ар араасаа урсан гарч дуржигнуулан ярьж байж билээ.

“Бид бол “Ливерпуль”-ийнхэн. Баг маань “Аваргуудын лиг”-ийн финалд үлдээд байна. Та нар хөгжөөн дэмжигчдээ хар, тэднийг сонс. Аваргын цом авах нь тэдэнд ямар их чухал болохыг та нар мэдэрч байгаа байх. Тиймээс фанатуудаа баярлуулахын төлөө, тэдний урам зоригийг хугалахгүйн тулд тоглоцгооё. Бид энэ тоглолтод ялалт байгуулбал тэд яаж баярлахыг та нар төсөөлж байна уу? Тэр хүмүүс үлдсэн амьдралынхаа турш та нарыг баатар хэмээн хүндэлж явах болно. Тэгэхээр энэ бол бидний хувьд маш том боломж.

Үүнийг л алдаж болохгүй. Та нар улирлын эхэнд ингээд Европын цомын шувтаргад шалгаран өрсөлдөнө гэж бодож байсан уу? Ихэнх нь үгүй байх. Тэгвэл өнөөдрийн тоглолтод яагаад ялж болохгүй гэж. “Ливерпуль”-ийнхэн яаж тоглодгийг тэдэнд үзүүлээд өгье. Дараа нь харамсах зүйлгүй байх нь чухал”.

Үг олдож, үхэр холдох нь. Одоо юу чаддагаа үзүүлэх цаг болжээ. Ингээд бид тус тусын байр луугаа гүйн тоглолтод бэлэн болов. “Милан”-ыхан хэдийнэ байраа эзэлсэн тоглолт эхлэхийг хүлээж байлаа. Миний хэлсэн маань нөлөөлсөн үү, багийнхан маань тун ширүүн тоглож эхэллээ. Шүгэл дуугараад хэдхэн секунд өнгөрч байхад Жими Траоре Кака дээр алдаа гаргав. Рафагийн “Битгий дэмий алдаа гаргаад бай. Хаалттай цохилт олон хийлгэх хэрэггүй шүү” гэж хашгирах нь сонсогдоно. Андреа Пирлогийн цохилт бүр нь аюултай болдог учир түүнийг дамжуулалт өгөхгүй, шууд хаалга руу цохино гээд хаалт тавив. Гэтэл Пирло сул гарсан Мальдиниг гярхай харж дамжуулалт өгөхөд “Милан”-ы ахлагч боломжийг алдсангүй. Бурхан минь, ямар тоогүй эхлэл вэ? Жимиг харааж зүхмээр байсан авч биеэ барьж түүнд “Энэ алдаагаа март. Бид тоогоо нөхөж чадна. Хичээгээрэй” хэмээн хэллээ.

Бид өрсөлдөгчдөдөө ийнхүү нэг гоол бэлэглэж, “Милан” эхний минутаас л тэргүүлэх болов. Тоглолт эхлэнгүүт санамсаргүй гоол алдсан манай багт Кака хором, мөч бүрт заналхийлж байв. Бразил тоглогч ур чадвар, гайхалтай хууралтуудаараа “Ливерпуль”- ийн тоглолтын хэмнэлийг хялбархан эвдэж байлаа. Эмх замбараагүй энд тэнд гүйлдэх багийнхнаа тайвшруулахаар би “Байрлалаа эзлээд тогло. Зөвхөн өөрийнхөө үүргийг л гүйцэтгэ” хэмээн хашгирч явав. Эхний үеийн дунд хэсгээс байдал бүр дордлоо. Харри цавины гэмтэл нь сэдэрснээр гүйж ч чадахаа болин сэлгээгээр Шмицертэй солигдов.

Өвчиндөө шаналан олигтой тоглохоо больсон түүнийг талбайгаас гарахад хөгжөөн дэмжигчид эгдүүцэн үдсэн. Чухам юуны учраас Харриг гэмтсэнийг хөндлөнгийн хэн боловч ойлгохооргүй. Ялангуяа гэмтлээс эргэн ирээд талбайд гарсан болохоор түүнийг гайхамшгийг бүтээнэ гэж итгэсэн хүн олон байх. Харамсалтай нь ийм өндөр түвшний тоглолтод гарахад 100 хувь бэлэн болоогүй байсан тэр 20-иос илүү минут тоглох боломж үнэндээ байгаагүй. Анх “Ливерпуль” Харри Кьюэллтэй гэрээ байгуулахад хөгжөөн дэмжигчид талархан хүлээн авсан. Үнэхээр ч тэр энэ багт хэрэгтэй хүн гэдгээ олон удаа харуулсан. Харин “Ататюрк”-д болсон тоглолтын дараа хүн болгон түүнийг ойшоон хүлээж авахаа больсон юм.

Оноо дутуу дээр Харри гарчихсан учир байдал улам хэцүүдлээ. Бүх зүйл бидний эсрэг өрнөж буй мэт санагдана. Гарсиягийн цохилтыг Алессандро Неста гараараа хаахад шүүгч харалгүй өнгөрөв. Гарсия “Гар!!!” гэж хашгирахад цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчид мөн нэгэн дуугаар ийн ориллоо. Гэтэл “Олимпиакос”-ын эсрэг тоглолтыг шүүсэн бидний эртний танил Мануэль Энрике Мехуто Гонзалес үүнийг анхаарсангүй. Тэр хоёр гараа урагш болгон тоглолтоо үргэлжлүүлэхийг заалаа. Түүний энэ шийдвэрт унтууцсан бид ухарч амжаагүй байтал Креспо бөмбөгийг туун сөрөг довтолгоонд оров. Би хамгаалалтаа жигдрүүлэхийг анхааруулан хашгирсаар түүний араас гүйсэн. Гэвч хэн ч түүнийг зогсоож чадсангүй.

Багийнхаа тоглогчдыг харахад “Милан”-ы довтолгоог зогсоож чадахгүй байгаадаа гайхаж мэгдсэн нь илт байлаа. Үүнээс тавхан минутын дараа өнөө л Кака гайхамшигт хууралтаа хийсээр орж ирээд дамжуулалт өгөхөд Креспо дахин нэг гоол оруулав. 3:0.

Үнэнийг хэлэхэд энэ үед бидний мөрөөдөл ингээд дуусчээ гэсэн бодол төрж байсан. Бид урьд нь ийм эмх цэгцтэй, сайн тоглолттой багтай тулгарч байсангүй. Кака бол дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Үүнийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Тэр бөмбөгт хүрэх бүртээ л гайхамшгийг бүтээх аж. Эхний хагасын турш би түүний араас хөөцөлдөөд сүүдрийнх нь ч энд хүрэхээр тоглож чадсангүй. Би өдгөөг хүртэл хөлбөмбөг тоглохдоо түүн шиг бөмбөг эзэмшдэг, хурдтай тоглогчийг харж байгаагүй юм. Тэр надад аянга цахилгаан мэт санагдсан. Миний хувьд хурдаар тийм ч мууд орох тоглогч биш. Бөмбөг авсан хэнээс ч бөмбөг салгаж дөнгөөд л байдаг. Гэтэл Какагаас ер чадахгүй байв.



Би тоглолтын өмнө ч, дараа нь ч Женнаро Гаттузогийн эсрэг яаж тоглоно доо гэж зүрхшээгээгүй. Олон хүн энэ итали тоглогчийг байрлалдаа хамгийн шилдэг нь гэж магтдаг. Гэхдээ миний хувьд энэ үг бол ердөө л хэтрүүлэгтэй яриа мэт санагдсан. Тэр гаднах төрхөөрөө их догшин ширүүн мэт харагдах боловч бодит байдал дээр туулай шиг л зүрх муутай юм билээ. Би долоо хоног болгон түүний эсрэг тоглосон ч энэхүү бодолдоо үнэнч хэвээр үлдэнэ гэдгээ тангараглая. Тэр бөмбөгний төлөө тийм ч идэвхтэй зүтгэдэггүй. Харин Хуан Рамон Рикельме, Кака, Роналдиньо нарын хагас хамгаалагчдын эсрэг тоглохдоо л би хэрхэн өрсөлдөх вэ хэмээн толгойгоо гашилгадаг. Тэд бол дамжуулалт өгнө, дайчин хамгаална, гайхалтай гоол хийнэ. Гаттузо бол зүгээр л хөгжөөн дэмжигчдийг өөртөө татах гэж тоглодог. Сэтгэл хөдлөл, нүүрний хувирлаа тод гаргаж, нэг ёсондоо жүжигчин шиг аашилдаг. Нэгдүгээр үе өндөрлөж, тоглогчид талбайгаас гарч явахад Гаттузог анзаарч харахад тэр биднийг үл ойшоосон шинжтэй тоомжиргүйхэн инээн алхаж байлаа. Ер нь “Милан”-ы хэд хэдэн тоглогч ялалтдаа бардаж, хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлсэн байв. Тоглолт завсарлахыг зарласан шүглийн дууны өмнөхөн Пирло мөн иймэрхүү авир гаргасан. Тэдний энэ байдалд дургүйцэн уур минь гэнэт дүрсхийлээ. Манай багийнхан хэзээ ч ингэж өрсөлдөгчтэйгөө үл хүндэтгэх байдалтай харьцаж байгаагүй болохоор “Милан”-ы зарим нэг тоглогчийн үйлдэл биднийг өдөөсөн гэж хэлж болох юм.

Би хувцас солих өрөөнд уурандаа багтрах шахсан хүн орлоо. Өөрийн мэдэлгүй “Та нар биднийг хожчихлоо гээд бүр бардаж байх шив. Тэгж ч ярихгүй шүү, та нарт үзүүлээд өгнө өө” хэмээн үглэж байлаа. Ямар нэг үг хэлэхгүй ч миний царайг харсан хэн ч уурлажээ гэдэг нь ойлгогдохоор байсан болов уу. Эхний хагаст тун хангалтгүй тоглосон өөрийгөө голсны зэрэгцээ Гаттузогийн гаргасан араншинд тийнхүү уурласан хэрэг. Тоглогчид бүгд энэ өрөөнд цугласан ч хэдэн минут чив чимээгүй суулаа. Яг л шарил хадгалах өрөөнд байгаа мэт санагдана. Харри өвчнөө намдаахыг хичээн цавиндаа мөс тавьсан харагдана. Бурхан минь, түүний хавдар теннисний бөмбөгний чинээ том болжээ. Өрөөний буланд бас л гэмтлийн улмаас дараагийн үед талбайд эргэн гарах эсэх нь эргэлзээтэй болсон Стив Финнан хөлдөө иллэг хийлгэж байв. Тэр “Би талбайд үлдмээр байна. Намайг битгий суулгаарай” хэмээн үглэх аж.

Ийнхүү өрөөнд аажмаар дуу орж эхэллээ. Гэхдээ биеэ биеэ муулж буруушаасангүй, яллаж зэмлэсэнгүй. Гагцхүү ийм хүнд байдалд орсондоо халаглан сууцгааж байлаа. Би бүгдэд нь хандан “Залуус аа, юу болох нь энэ вэ? Рафагийн хэлсэн үгнээс бид нэгийг нь ч биелүүлж чадаагүй байна шүү дээ. Бидний тоглолт ердөө гарахгүй байна. Алдаагаа залруулцгаая” хэмээн хэлэв. Гэвч манай багийнхны ихэнх нь хожигдолтойгоо эвлэрсэн байв. Эхний үеийнх шигээ байвал “Милан” шиг багийн эсрэг үлдсэн хугацаанд юу хийх билээ. Карра “Дахиад гоол алдчихгүй цаг дуусгачих юмсан. 5:0-ээс л бага тоогоор хожигдоосой билээ” гэж байх юм.

Бидэнд энэ байдлыг эвдэж, итгэл хайрлах хэн нэгэн хэрэгтэй байлаа. Тэр нь Рафа байжээ. Рафа алхаа, гишгээнээсээ эхлээд бүх талаар итгэлтэй харагдах аж. Тэр өрөөнд орж ирээд “Чимээгүй” гэв. Тэр даруй чанга дуугарах тэнхээгүй болж шивнэн ярьж байсан тоглогчид дасгалжуулагч юу гэх бол хэмээн Рафагийн нүүр лүү гайхан харлаа. Ингээд Рафа гайхамшгийг бүтээх тактикийн өөрчлөлтөө бидэнд хэлж өглөө. “Финнан сууж, Диди тоглолтод орно” хэмээн эхлээд “Одоо гурван хамгаалагчтай тоглоно. Диди Хабитай зэрэгцээд тэдний урд хамгаалалтад түлхүү оролцоно шүү. Та хоёр Какаг барих ёстой. Влади, чи баруун талд хагас хамгаалагч гэхээсээ жигүүрийн хамгаалагч шиг тоглоорой. Харин Стивен, чи довтолгоонд хүч нэм. Луис та хоёр Бароштой гурвал болон тоглох хэрэгтэй. Пирло өөр байрлалд шилжихдээ тааруухан юм байна лээ. Тэгэхээр түүнийг зогсооход амархан байх болно. Зеедорф ч гэсэн ялгаагүй. “Милан”-ы довтолгоо голчлон энэ хоёроос эхэлж байгаа болохоор тэднийг барихад л бидний зорилго биелэхэд дөхөм болно. Тэгээд бөмбөгөө аль болох өөрсдөдөө барьж тоглоцгоо”. Дасгалжуулагчийн энэ үг бидэнд бага боловч итгэл хайрлах шиг боллоо. Тэр бол бидний жинхэнэ удирдагч билээ.

Хоёрдугаар хагаст баримтлах тактикаа танилцуулсныхаа дараа тэр бидний сэтгэлзүйг сэргээх тал дээр ажиллаж эхлэв. Рафа “Та нар толгойгоо битгий унжуулаад бай. Энэ өрөөнд байгаа хүмүүс бүгдээрээ “Ливерпуль”-д данстай гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй. Тиймээс хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө тэргүүн өөдөө байх ёстой шүү. Хэрвээ чи сэтгэлээр унаж, толгойгоо гудайлгавал өөрийгөө “Ливерпуль”-ийн тоглогч гэж тооцох хэрэггүй. Манай хөгжөөн дэмжигчид ямар урт замыг туулан энд ирэв? Тиймээс тэдний урмыг хугалж болохгүй. Та нар гайхамшгийг бүтээж чадна гэдэгтээ итгэ, тэгсэн цагт боломжгүй мэт санагдаж байгаа зүйл биелэх болно. Өөрсдийгөө баатар болгох боломжийг бүү алдаарай” хэмээлээ.

Хожигдолтойгоо эвлэрчихээд байсан бидний сэтгэлзүйд Рафа тэмцэх хүчийг эргүүлэн авчирлаа. Түүний үгээ хэлж дууссаны дараа тоглогчдын царайнаас шийдмэг байдал илэрч байсан юм. Рафагийн хөгжөөн дэмжигчдийн талаар хэлсэн үг үнэхээр том хөшүүрэг болжээ. Цэнгэлдэхэд байрлуулсан том дэлгэц дээрх “Мальдини 1, Креспо 39, 44” гэсэн бичиг эхний хагаст биднийг яаж тэвдсэнийг сануулан гэрэлтэнэ. Тэрхүү онооны самбарыг хараад “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь тулаан хэдийнэ өндөрлөсөн гэж бодсон байх. Гэхдээ л баг нь хожих магадлал тун бага байсан ч, “Милан” тоглолтын дунд хэсэгт илт давамгайллаа тогтоосон ч манай фанатууд маш чангаар, тун бахархалтайгаар дуулсаар л байлаа. Тэдний дууны нүргээн хонгилоор дамжин манай хувцас солих өрөөнд, бидний сэтгэл зүрхэнд хүрч эгшиглэж байсан.

Итгэмээргүй юм. Кака, Креспо нарын гайхалтай тоглолтын балгаар баг нь 3:0-ээр хожигдож байхад манай хөгжөөн дэмжигчид “Чи хэзээ ч ганцаар алхахгүй” хэмээх уриа дуугаа хоолой нийлүүлэн дуулсаар байх аж. Үүнийг сонссон тоглогчид бүгдээрээ бие бие рүү гайхаж, мөн тэднээр бахархсан аястай харж байлаа. Тэд энэ дуугаараа тоглолтын эхний хагаст өрсөлдөгчдөдөө бут ниргүүлсэн 11 тоглогчид хандан салхи, бороо, шуургатай ямар ч үед, хэдий давахад бэрх бартаа, саад байсан ч үргэлж та нартай хамт байна гэдгээ ойлгуулсан. Тийм ээ, бид хэзээ ч ганцаар алхахгүй, хэзээ ч бэрхшээлийн

өмнө сөхрөхгүй, учир нь бид ямагт ийм гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй хамт байдаг билээ. Би багийнхандаа “Хөгжөөн дэмжигчид маань бидэнтэй хамт байна. Бид тэдний төлөө тэмцэх ёстой. Тэд бидний хожихыг, цом авахыг харах гэж ямар их мөнгө заран энд ирсэн билээ. Бид 3:0-ээр хожигдож байгаа ч гэсэн хөгжөөн дэмжигчид маань бидний нэрийг дуудан дуулсаар байна. Хэрэв бид нэг бөмбөг хийж чадвал дахиад нэгийг хийх хүчийг тэдний уухайнаас олж авах болно. Тэгэхээр бүгдээрээ үзүүлээд өгье” хэмээн хэлээд хонгил руу гарлаа.

Багийн ахлагчийн хувиар би тоглогчдоо сэргээж, тулаанд эргүүлэн авч орох үүрэгтэй билээ. Хонгилд “Милан”-ы тоглогчдыг харахад тэд багагүй тэвдсэн төрхтэй байлаа. Хоёрдугаар хагаст тоглохоор талбайд хөл тавихад тэднийг манай хөгжөөн дэмжигчдийн уухайн нүргээн угтсан болохоор аргагүй биз ээ. Би ч ялгаагүй тийм байна гэж төсөөлөөгүй болохоор мөн л мэгдэж сандарсан. “Милан”-ы хөгжөөн дэмжигчдийн хувьд “Ливерпуль”- ийнхний энэ нэгдмэл байдлыг хараад гайхаж бишрэн дуугүй суусан нь лав. Хэрэв 2005 оны Аваргуудын лигийн шувтаргын энэ тоглолт хөгжөөн дэмжигчдийн боксын тулаан байсан бол хоёрдугаар хагас гэж байхгүй байсан болов уу. Талбайд хөл тавьсан мөчид л энэ тоглолтод хожно гэсэн итгэл бүх биеийг минь эзэмдлээ. Айронсайдад ахынхаа найз нарт доромжлуулж, хожим “Лильшол”-ын шалгаруулалтад тэнцээгүй, мөн гэмтэлдээ шаналан хэвтэж байхдаа ямагт энэ бүх саадыг давж гараад илүү их амжилт үзүүлнэ гэж боддог байлаа. Тиймээс хамаг хүчээ дайчлаад тоглоход бид яагаад хожиж чадахгүй гэж? Шүүгч шүглээ үлээхээс өмнө байрлалаа эзлэн зогссон багийнхандаа хандан “Алив үзүүлээд өгье, бид чадна аа” хэмээн хашгирлаа.

Хоёрдугаар хагас эхэлсэн даруйд л бид асар өндөр уул руу авирч байгаа гэдгээ мэдэрлээ. “Милан”-ыхны эрч хүч огтхон ч сулраагүй байв. Шүглийн дуунаас хойш төдий л удалгүй Шевченко нэгэн аюултай хаалттай цохилтыг гүйцэтгэж, Жерзи түүнийг нь хатгаж гаргалаа. Үүнийг нь би “телевизийнхэнд зориулсан хаалт” гэж хэлдэг юм. Учир нь Шевченкогийн цохилт тийм их хүч гаргаж хаахаар байгаагүй. Ямар ч хаалгач ийм цохилтыг барих ёстой. Хэрэв тэр бөмбөг хаалганд орсон бол би, манай багийнхан Дудекийг л буруушаан зэмлэх байсан. Тэр зүгээр л үзүүштэй хаалт хийх гэж л тэгсэн байх гэж боддог юм.

“Милан” гоол оруулах нэг боломжоо ийнхүү алдсаны дараа тэдний тоглогчдын байдлыг анзаарч харлаа. Тэд бүгдээрээ хийх ёстой ажлаа хэдийнэ хийсэн гэсэн янзтай маадгар алхацгаах аж. Хэрэв бид нэг гоол хийвэл Мальдини ба түүний нөхөд тоглолт 3:1-ээр дуусна гэсэн бодолтой л байх байсан биз. Бодит байдал дээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь туршаад үзье л дээ. Диди талбайд гарсан болохоор би эхний хагаст гүйцэтгэсэн үүргээсээ чөлөөлөгдөж, довтолгоонд түлхүү оролцож байлаа. Энэ сэлгээ л манай багийн амжилтын гол түлхүүр нь байсан. Хэрэв Рафад гарааны 11 тоглогчоо дахин сонгох боломж гарвал тэр Дидиг гарцаагүй оруулах байсан нь лавтай. “Милан”-ы хагас хамгаалагчдын дайралт түүн дээр тасарч байсан учир үүнийг харсан Рафа тоглолтын эхнээс Дидиг гаргахгүй яав хэмээн харамссан биз ээ. Рафа Дидиг яаж үнэлдгийг би мэднэ. Тэр энэ герман тоглогчийг хамгийн чухал тулаануудад оруулж, багтаа үлдээх гэрээг санал болгож байлаа. Диди ч Рафагийн, “Ливерпуль”-ийн итгэлийг хөсөрдүүлээгүй.

Диди миний ар талыг найдвартай авч явж байсан учир би санаа зоволтгүйгээр “Милан”-ы арын шугамынхантай зэрэгцэн гүйж байлаа. 54 дэх минутад Рийсе зүүн жигүүрээр бөмбөг туун гүйхэд би “Милан”-ы торгуулийн талбайд орлоо. Би “Хэрэв тэр яг одоо хөндлөн дамжуулалт өгвөл би гоол хийхэд тун тохиромжтой байна даа. Алив шаргал үст залуу минь бөмбөгөө нааш нь” хэмээн бодон гүйж явав. Чөтгөр аваг, түүний дамжуулсан бөмбөгийг Кафу хаачихлаа. Гэтэл Рийсе бөмбөгөө аван дахиад дамжуулалт өгөхөөр бэлтгэж буй харагдав. Тэгээд Кафуг хөлд нь суухаас өмнө амжиж бөмбөгөө “Милан”-ы хаалганы өмнө тал руу өшиглөлөө. Би хаалганаас арав орчим метр зайд, Яп Стамын өмнө зогсож байсан. Хэрэв би бөмбөгт хүрэхгүй л бол Стам түүнийг аюулгүй болгон зайлуулах байв. Үсрээд бөмбөгийг Дидагийн дээгүүр давуулахыг хичээн хаалга руу мөргөлөө. “Милан”-ы хаалгач гараа бөмбөг рүү явуулсан ч хүрсэнгүй, ГООЛ!!! Гайхалтай мөргөлт. Энэ бол миний тэр улиралд толгойгоороо хийсэн цорын ганц гоол. Мөн “Ливерпуль”-ийн ямар ч тоглогч тэр жилийн “Аваргуудын лиг”-т толгойгоороо гоол оруулаагүй байсан юм. Энэ гоолыг оруулахад хамгийн их нөлөө үзүүлсэн шаргал үст Рийсе болон Дидид баярлалаа. Хэрэв Диди талбайд гараагүй бол би тэгж довтлогч шиг урагшаа цөмөрч орохгүй байсан. Рафагийн тактикийн өөрчлөлт ийнхүү үр дүнгээ өгч эхэллээ. Би талбайн төв рүү буцаад гүйхдээ багийнхаа тоглогчдыг улам эрчтэй тоглож, хөгжөөн дэмжигчдээ бүр чангаар уухайлахыг хүсэн гараа алдлан явсан. Бидэнд дутуу байдлаа нөхөх боломж байна. Цэнгэлдэх хүрээлэн “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн уухайн нүргээнд чичрэх мэт болж байлаа.

Нэг гоол алдсан “Милан”-ыхан тэр даруй хариу үйлдэл үзүүлж болох байсан. Учир нь Мальдини, Кака гээд олон тэмцээнд түрүүлсэн, шилдэг тоглогчид “Милан”-ы төлөө тоглодог билээ. Гэхдээ бид тэднийг сэхээ авахаас өмнө дараагийн цохилтоо хийж амжсан. Тоо 3:1 болсноос хоёр минутын дараа Шмицер Дидигийн дамжуулалтыг хүлээж аваад цохих зайгаа хэмжиж байгаа харагдав. Хаалганаас 20 гаруй метр зайд байсан болохоор энэ тийм аюултай, найдвартай цохилт болно гэж санагдаагүй. “Милан”-ыхан ч тийм бодолтой буй бололтой, Шмицертэй хамгийн ойр байсан Зеедорф түүнийг хаах гэж хичээсэнгүй. Дидагийн үсэрч буйг харахад Шмицерийн цохилтыг бараг л хаачих шиг боллоо. Гэвч бөмбөг түүний хажуугаар өнхрөөд хаалганд орчихов.

Энэ мөчид би “Тийм ээ, бид үүнийг хийж чадна. Алив гурав дахийг нь оруулъя” хэмээн бодож, дотроо хашгирч явлаа. Владид баяр хүргэн овоорох багийнхандаа байраа эзлэхийг сануулан хашгираад талбайн төв рүү гүйлээ. Европын Аваргуудын лигийн цом “Ливерпуль”-ийн мэдэлд ирэхэд тун ойрхон байна. “Милан”-ыхан сандарч тэвдэн, тоглолт нь улам замбараагүй болжээ.

Карра, миний “Ливерпуль”-ийн эрхэмсэг, сүр жавхлант хамтрагч Карра. Тэр Владигийн гоолоос гурван минутын дараа бөмбөг туун урагш цөмрөн орж ирээд 16 метрийн талбайн захад байсан Барошт дамжуулалт өглөө. Би яг түүний ард гүйж байсан учир “Милли, Милли” хэмээн хашгирав. Бурхан минь, тэр намайг харсан л байгаасай. Ашгүй Барош намайг сонсчээ, маш оновчтой дамжуулалт өгөв. Тэр “Ливерпуль”-д байх хугацаандаа хэтэрхий хувиа хичээсэн тоглолтыг үзүүлдэг байлаа. Харин тэр үдэш Стамбулд тун ухаалаг шийдвэр гаргаж, гайхалтай дамжуулалт өгсөн. Түүний дамжуулалтыг хүлээж авангуутаа цохих гэтэл Гаттузо тулгуур зүүн хөлийг маань дэгээдчихэв. Би шууд л унаад өглөө. Би догонцоод тогтож болох ч ингэсэн тохиолдолд Дидагийн эсрэг найдвартай цохилт хийх боломж бага байсан юм. “Ливерпуль”-ийн бүх хүн “Пенальти” хэмээн хашгирлаа. Би шууд л шүүгч Мехуто Гонзалес руу ямар шийдвэр гаргахыг нь хүлээн харлаа. Тэр янз бүрийн тайлбар тавьсан тоглогчдоор хүрээлүүлсэн байв. “Милан”-ы тоглогчид намайг жүжиглэсэн хэмээн дайрч байсан бол Карра энэ нь улаан хуудас өгөх алдаа байсан гэж хэлэх нь сонсогдлоо.

Рафа хэнээр пенальт цохиулах бол? Ямар ч байсан би биш. Үүнийг би сайн мэдэж байсан. Луис Гарсия Каррагаас бөмбөгийг нь авах гэж байгаа харагдав. Бенитес тоглолт бүрт шахуу Каррагерыг пенальт цохих хүнээр нэрлэн гаргадаг байлаа. Хэрэв тийнхүү итгэл хүлээлгэсэн хүн нь торгуулийн цохилтоо алдчихвал юуны түрүүнд Рафа шүүмжлэлийн бай болох биз. Харин тэр мөчид Рафа Хаби Алонсог сонгосон. Хаби Каррагаас бөмбөгөө аваад 11 метрийг тэмдэглэсэн цэг дээр тавив. Энэ үеийн сэтгэлийн дарамтын тухай бол ярилтгүй. Би дотроо “Хаби наад бөмбөгөө хаалганд хийгээрэй” хэмээн залбирч байлаа. Хаби зүүн доод буланд маш хүчтэй цохилоо. Би шууд л тэнцээний гоол орлоо гэдгээ баярлан үсэрчихсэн байв. Гэвч… Дида пенальтийг хаачихжээ. Харин тэр бөмбөгийг барьж чадаагүй ба Хаби агшин зуур алдаагаа засч, нэмж цохин гоол орууллаа. “Ливерпуль”- ийнхэн цаг үргэлж гайхамшигтай тоглолтоор багтаа маш их дэм болдог испани эрийн араас нэхэн баярлан гүйцгээв. Тэр зүүн хөлөөрөө маш нарийн, мэдрэмжтэй цохиж “Милан”-ы хаалганд гурав дахь гоолыг хийж чадлаа. За ийм л байдаг юм даа, Дида! “Ливерпуль”-ийг басах хэрэггүй шүү, “Милан”-ыхаан! Та нарын өнөөх доогтой инээд чинь хааччихав?



Би тэнцээний гоол орсонд баярлахын зэрэгцээ Хабигийн өмнөөс дотор минь уужирсан. Хэрэв тэр пенальт алдаад “Ливерпуль” 2:3-аар хожигдон гэртээ харьсан бол манай хөгжөөн дэмжигчид Хабиг хэрхэн угтаж авах байсан бол? Магадгүй түүний “Ливерпуль” дэх ирээдүй бүрхэг болох байсан биз ээ. Хаби бол зан чанарын хувьд тууштай, хатуу чанга нэгэн. Тиймдээ ч торгуулийн цохилтыг тун итгэлтэй гүйцэтгэдэг. Ийм сайн тоглогчийг бид өөрийн болгосон нь их завшаан юм. Би түүний оронд байсан бол тийм эгзэгтэй үед пенальтийг бараг л алдах байсан болов уу? Ер нь цохих зүрх ч хүрэхгүй байсан биз.

Өөрийн намтрын хуудсанд “Аваргуудын лиг”-ийн шувтаргын тоглолтод торгуулийн цохилт алдсан гэж бичүүлэхийг хэн хүсэх билээ.

Баяр хөөр, тайвшрал гээд сэтгэл хөдлөлийн олон хэлбэр илрэн Хабигийн араас гүйн очоод баяр хүргэн тэвэрлээ. Тун хүнд байдлаас тоглолтыг эргүүлж чадсандаа хэт баярлаж, биеэ барьж чадахгүй хөөрсөн тоглогчид Хабиг дарж алчих шахан овоорно. Тийм ээ, бид ямар гайхалтай эргэлтийг хийж чадав аа. Зургаахан минутын дотор “Милан”-ыхны тэр тоомжиргүй инээд, ихэмсэг байдлыг өчүүхэн төдий ч үлдээлгүй арилгаж чадлаа. Хэрэв энэ гурван гоол арай хол зайтай орсон бол “Милан” сэхээ аваад бидэнд дараагийнхыг нь хийх боломж олгохгүй байсан биз ээ. Хэдхэн хормын зайтай орсон гоолууд тэднийг үнэхээр цочирдуулж чадсан. Эхлээд би, тэгээд Влади, улмаар Хаби. Бид Дидагийн хаалгыг угсруулан мялаалаа. “Милан”-ы тоглогчид яг л авто осолд ороод цочирдсон хүмүүс шиг харагдаж байв. Хаашаа гүйгээд байгаагаа ч ойлгохоо байчихсан, гуйвах нь гуйваад сандарч явлаа.

Карло Анчелотти тоглогчдоо энэ үхмэл байдлаас нь амьдралд эргүүлэн авчрахыг эрмэлзэн зарим нэг сэлгээг хийв. Тэр Зеедорфыг суулган Сержиньог талбайд гаргалаа. Түүнийг сэлгээгээр орж ирэнгүүт “Милан”-ы зүүн жигүүрийн довтолгоо эрс сэргэв. Энэ мөчид Рафа хариу арга хэмжээг авч эхэлсэн. Тэр “Стивен” хэмээн хашгираад “Чи барууны хамгаалагчаар тогло. Сержиньог хамгаал” гэх нь сонсогдов. Влади энэ жигүүрт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан ч Рафа түүнийг Сержиньог тогтоож дийлэхгүй гэж тооцжээ. Намайг ийнхүү үнэлсэнд баярлалаа, Рафа! Сержиньо үнэхээр эрч хүчтэй тоглолтыг үзүүлж байсан бөгөөд би түүнийг хамгаалах гэж гүйсээр сүүлдээ шөрмөс татчих гээд байлаа.

Мехуто Гонзалес үндсэн цаг өндөрлөснийг зарлан шүгэл үлээхэд би ямар ч тэнхээгүй болсноо мэдрэв. “Шүүгч минь, цаг сунгалгүй асуудлыг шууд одоо шийдчихье” гэж хэлмээр санагдаж байлаа. Манай багийн илээчдийн нэг нь тэр даруй гүйж ирээд хөлд массаж хийж эхэллээ. Би түүнд “Надад үргэлжлүүлж тоглох чадал алга” хэмээн өөрийн мэдэлгүй хэлж билээ. Би үнэхээр ядарч туйлдаж гүйцжээ. Ийм үед “Ататюрк”-ийн талбай хэрийн хэмжээнээс хамаагүй том ч юм шиг санагдаж байлаа. Дахиад гучин минут тоглоно гэдэг миний хувьд бүх насаараа хоригдох ял сонсож байгаа гэмт хэрэгтэн шиг л байсан. Яг ийм үед л хөлбөмбөгч хүн өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг нээдэг ажээ. Би дахиад бөмбөг хөөх тэнхээ байхгүй болсон мэт байвч ингээд замын дундаас гарчихаж болохгүй билээ. Толгойд минь хүч чадалдаа эргэлзсэн ийм бодол эргэлдсээр байсан. Би шилбэний хамгаалалтаа аваад оймсоо шагайндаа хүртэл буулган дээшээ хараад хэвтэхэд илээч зангирсан булчин шөрмөсийг минь суллан массаж хийж байлаа.

Нэмэлт цаг эхэлж, би дахиад л Сержиньотой халз туллаа. Тэр энэ удаа улам шийдэмгий, итгэлтэй болжээ. Авъяаслаг бразил тоглогчийг бөмбөг авангуут нь сүүлчийнхээ тоглолтод өрсөлдөж буй мэт хамаг хүчээ шавхан хөлд нь сууж байв. Айронсайдад найзуудтайгаа бөмбөг хөөж явах үеэс Стамбулд “Аваргуудын лиг”-ийн түрүү булаацалдсан энэ мөч хүртэл би хамгаалалтын энэ техникийг төгс гүйцэтгэвэл л сэтгэл хангалуун байдаг билээ. Миний бие ч гэсэн үүнийг хийхэд зориулагдсан гэж боддог. Хэдий ядарч туйлдан хамаг хүч минь шавхагдаж, үүнээсээ болоод итгэл сэтгэл минь мохсон ч би зөнгөөрөө л бөмбөгтэй хүний хөлд сууж байдаг. Сержиньогийн эсрэг тоглоход хөл маань сунаад улам урт болчихсон юм шиг санагдаж байлаа. Ийм нөхцөлд “Милан”-ыханд манайх илүү хүнтэй тоглосон мэт байсан байх даа. Манай Гарсия, Влади нарын хурдтай, хөнгөн тоглогчид хором бүрт Дидад төвөг учруулж байлаа. Харин хамгаалалтынхан бол хана хэрэм шиг л зогссон. Биднийг багийн эрх ашгийн зэрэгцээ найз нөхдийн хэлхээ, холбоо улам хүчирхэг болгож байлаа. Хэдий бусад шигээ гүйхэд хэцүү байсан ч Карра урьдын адил хамгаалалтад найдвартай зогсохын зэрэгцээ үе үе довтолгоонд оролцоно. Түүний биеийн эд, эс бүрт ялах хүсэл бадарч байсан учир ийм хүч гаргаж байлаа. Түүнчлэн бусад тоглогчдод заавар зөвлөгөө өгөн байрлалаа алдахгүй байхыг анхааруулна. Учир нь тэр хэнд ч заавар өгөх туршлагатай нэгэн билээ. Нэг удаа тэр хаалганы хажууд нүүрний шугамны цаана гарчихсан булчингаа суллаад зогсож байгаа харагдав. Сүүлд энэ тухай асуухад Карра шөрмөс татах нь хугархай, цуурсан хөлтэй гүйснээс хэцүү юм байна лээ хэмээж билээ. Тийм ээ, энэ үнэн үг шүү. Бид хэдий тамир тасарч, унах шахаж байсан ч хожигдохгүй гэсэн хүсэлдээ дийлдэн хөл дээрээ тогтож байсан билээ.

Би ч гэсэн тоглолтын явцад талбайгаас гарч, хөлөө бага ч болов амраамаар байлаа.

Үндсэн цагийн 90 минутад ядарч туйлдсан бие маань нэмэлт цагт Сержиньо хэмээх бразилийг хамгаалах гэж гүйсээр улам бүр цуцсаар байв. Би түүнийг нэхэн гүйж явахад тэр улиралд Лигийн цомын шигшээ тоглолтод “Челси”-д хожигдсон маань өөрийн эрхгүй эргэн санагдаж байж билээ. Харин энэ бодол маань надад илүү их хүчийг өгсөн. Бид дахиад нэг финалд хожигдох ёсгүй. Тэр аваргын цом, алтан медаль минийх, “Ливерпуль”- ийнх. Хичнээн их ядарч байсан ч түүнийгээ гаднаа ер харуулж болохгүй. Би багийн ахлагч шиг байх ёстой. Өөрийн үйл хөдлөлөөрөө багийнхандаа итгэл төрүүлэх хэрэгтэй.

Өөрөө ингэж хичээж байсан болохоор бусдыгаа мөн хүчээ дайчлан тоглохыг шаардаж байлаа. Хоёр багийн хооронд ийнхүү хожлын төлөө ширүүн тэмцэл өрнөж байгаа ч аугаа түүхтэй баг “Милан”-ыг хүндэтгэж буйгаа гадна төрхөөрөө илэрхийлэхээ би мартаагүй. Ялангуяа Шевченкод хүндэтгэлээ илэрхийлэхийг хичээсэн. Тэр бол авъяасын цуглуулга болсон довтлогч, эр хүний хувьд жинхэнэ жентельмэн юм. Би түүний хөлд сууж бөмбөг булаагаад дараа нь түүнийг татан босгож байсан. Нэмэлт цагийн эхний үе өндөрлөж, хоёр баг байрлалаа солиход би түүнд амжилт хүссэн үг хэлж байлаа. Бид тийм дотно найз нөхөд биш. Цүнамид нэрвэгсдэд туслах хандивын тоглолтод бид нэг баг болж, Шевченко манай багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэх үед түүнтэй ярилцахдаа ухаалаг, сайн хүн юм гэдгийг нь мэдэж билээ.

Дэлхийн шилдэг довтлогчдын нэг хэмээн үнэлэгдсэн тэрбээр цаг дуусахад хоёрхон минут үлдээд байх үед шийдвэрлэх гоолыг оруулах шахлаа. Зүүн жигүүрээс төв рүү дамжуулсан бөмбөг хаалганаас тавхан метрийн зайтай зогсох түүн дээр очиход би “За ингээд дуусдаг юм байжээ. Шевченко үүнийг яавч алдахгүй” гэж бодоод амжсан. Гэвч болоод өнгөрсөн зүйлийг хараад би нүдэндээ итгэсэнгүй. Тухайн үед “Ататюрк”-д байсан хэн боловч надтай ижил бодолтой байсан болов уу. Шевченко асар хүчтэй мөргөхөд Жерзи хааж амжлаа. Ойж ирсэн бөмбөгийг нэмж цохиход Жерзи дахиад л хүрэв. Түүний хийсэн энэ техникийг би бэлтгэл дээр ч харж байгаагүй юм байна. Жерзиг анх гайхалтай хаалт гүйцэтгэхэд нь бидэнд давуу тал байна гэсэн мэдрэмж төрөв. “Милан”-ыхан ч бурхан, азын тэнгэр тэднээс нүүрээ буруулжээ гэдгийг ойлгосон биз. Ийм байдлаас торгуулийн цуврал цохилтоор ялагчийг тодруулах болоход бид сэтгэл зүйн маш их давуу талтай байлаа.

Шүүгчийн сүүлчийн шүглийн дуу цангинахад тун хүнд байдлаас тоглолтыг эргүүлж, ийнхүү тэнцэж чадсандаа бахархахын зэрэгцээ Шевченко, Сержиньо нарын аюултай довтолгоо манай хаалганд орчихоогүй өнгөрсөнд дотор уужирлаа. Үүний зэрэгцээ пенальт яаж өрнөх бол? хэмээн догдолж эхлэв. Рафа талбай руу гарч ирээд хэнээр нь пенальт цохиулбал итгэлтэй байгааг сонжин харлаа. Жими шууд л “Би цохихгүй шүү” хэмээв. Харин Карра “Би цохино” гэж итгэлтэй дуугарах нь сонсогдов. Карра ямар ч үед бардам, итгэлтэй байдаг билээ. Энэ мэтчилэн Диди, Хаби, Влади, Жибриль, Рийсе, Гарсия, би гээд найман тоглогч пенальт гүйцэтгэхийг зөвшөөрлөө. Одоо энэхүү найман тоглогчоос Рафа үндсэн тавыг сонгох ёстой. Түүний мэдүүлгийн хуудсыг харахад Диди, Жибриль, Рийсе, Влади, Стиви гэсэн дарааллаар бөглөжээ. Би тав дахь нь. Хамгийн сүүлчийн цохилтыг хийх хүнд бусдаас илүү дарамт ирдэг. Ийм хүнд цохилтыг хийх эрхийг надад өгч, итгэл хүлээлгэсэн Рафад баярлалаа. Луис Гарсия “Би цохилт гүйцэтгэмээр байна” хэмээн Рафаг шалах нь сонсогдов. Ийнхүү үүрэг хариуцлагаа ухамсарлан, багийнхаа төлөө амлалт үүрэг өгч байгаа тоглогчдоо харахад бахархмаар байсан. Магадгүй гаднаа ингэж хэлж байгаа ч бүгд л дотроо айж, эмээж байсан нь лавтай.

Мехуто Гонзалес хоёр багийг талбайн төвд ирэхийг дуудсанаар цуврал торгуулийн цохилтын үйл явц эхэллээ. Одоо нэгэнт үүнээс мултран гарах аргагүй болжээ. Хэдийгээр хамгийн сүүлчийн цохилтыг хийх ч энэ мөчөөс анхаарлаа төвлөрүүлж, хувийн бэлтгэлээ хангаж эхлэв. Тэр улирлын сүүлчээр би “Тоттенхэм”-ийн эсрэг тоглолтод торгуулийн цохилт алдчихаад “Би дахиж хэзээ ч пенальт цохихгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байлаа. Гэвч би одоо энэ амлалтаа зөрчих гээд зогсож байна. Пенальт гэдэг бол гоол оруулах хамгийн өндөр магадлалтай боломж билээ. Харин шийдвэрлэх мөчид үүнийг алдана гэдэг уучилшгүй хэрэг. Би энэ чухал үед багийн ахлагчийнхаа үүргээр торгуулийн цохилт гүйцэтгэх ёстой. Дотроо элдвийг эргэцүүлэн бодсоны эцэст зориг шулуудан Рафа руу дөхөн очоод “Болж байна, дасгалжуулагч аа. Би тав дахь цохилтыг гүйцэтгэе” хэмээн хэллээ. Үүнийг би заавал хаалганд оруулах ёстой.

Ингээд Мальдини бид хоёр аль баг нь түрүүлж цохилт гүйцэтгэхээ шодохоор шүүгч Мехуто Гонзалес руу очив. Шүүгч рүү явахын өмнө Карра “Хэрвээ зоос чиний талд буувал эхэлж цохилт хийе гээрэй. Тэгвэл эсрэг багийнханд дарамттай байх болно” гэж хэлсэн. Гэвч шодолтод дахиад л Мальдини хожлоо. Юу гээч нь болоод байна аа? Би тэр үдэш Мальдинид зоосоор гурав дахиа ялагдсан нь энэ. Хоёр талдаа сүлдтэй зоос баймааргүй юм. Шодолтод дийлсэн Мальдини “Манайх эхэлж цохино” гээд яваад өгөв. “Милан”-ы хөгжөөн дэмжигчдийн суусан талын хаалганд цохилт хийх болсон гээд ер нь Италийн багийн талд маш их давуу бий боллоо.

Гэвч бидэнд нэгэн нууц зэвсэг байжээ. Тэр бол Карра юм. Жерзиг байрлалаа эзлэхээр явахын өмнө Карра түүнийг татаж үлдээгээд “Чи шпагетти хаалтыг хийгээрэй” гэв. Жерзи юу ч ойлгохгүй өөдөөс нь гайхан харлаа. Тэгэхэд нь Карра гараа дээш өргөн савчуулаад “Ингэдэг юм” хэмээн тайлбарлав. Тэрбээр 1984 онд хөлөө гуйвчуулан зогсож өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулснаар “Аваргуудын лиг”-ийн цомыг авсан “Ливерпуль”-ийн ялалтад маш том үүрэг гүйцэтгэсэн Брюс Гроббелаарын өвөрмөц хаалтыг Жерзигээр хийлгэхийг хүсчээ. Би тухайн үед Жерзиг тэрхүү үйлдлийг хийснээрээ түүхийг давтана гэдэгт итгээгүй ч польш хаалгач Каррагийн хэлснийг ойлгоод хэрэгжүүлэхээ амлаад явсан. Миний хувьд хаалгачдаа “Амжилт хүсье” гэхээс өөр үг хэлж чадаагүй. Жерзи Каррагийн үгийг үнэхээр сайн тусгаж авчээ. Тэр шугам даган яг л муур шиг үсэрч байсан. Багийн бусад тоглогч талбайн төвд бие биеэ мөрөөр нь тэврэн хожил, хожигдлын алинд ч бид хамт гэдгээ илэрхийлэн зогслоо.

Хамгийн түрүүнд Сержиньо цохилт гүйцэтгэхээр болжээ. Жерзигийн өвөрмөц хөдөлгөөнд балмагдсан уу, бразил тоглогч бөмбөгөө үзэгчдийн суудал руу цөлж орхив. Яг энэ мөчид надтай зэрэгцэн зогссон Гарсия, Рийсе нарын тэврэлт огцом чангарч, сэтгэл нь их хөдөлсөн нь мэдрэгдэж билээ. Би ч “Тийм ээ. Сайн байна, Жерзи. Диди, одоо үзүүлээд өг” хэмээн хашгиран зогсож байв. Бидний хэлхэлдэн зогссон эгнээнээс Диди итгэлтэйгээр урагш алхан гарлаа. Зарим тоглогчийн хувьд талбайн төвөөс цохилт гүйцэтгэх цэг рүү яг л цаазлуулах гэж байгаа ялтан шиг дуртай, дургүй өөрийгөө хүчлэн алхдаг. Харин Диди бол огт тийм биш. Яагаад гэвэл тэр герман үндэстэн. Германчууд хэзээ ч торгуулийн цохилт алддаггүй билээ. Тэр ямар ч үед огт сандарч мэгддэггүй. Диди гүйхдээ зангаж Дидаг хуураад эхний бөмбөгийг хийв. Ингэснээр бидний давуу байдал улам нэмэгдлээ. Дидиг буцаж ирэхэд багийнх нь нөхдийн инээмсэглэсэн царай түүнийг угтан авсан.

Үүний дараа Жерзи Пирлогийн цохилтыг хаалаа. Хариуд нь Сиссе “Милан”-ы хаалгыг мялаав. Йон даль Томассон “Милан”-ы эхний бөмбөгийг оруулж, тоо 2:1 боллоо. Ингээд Рийсегийн ээлж болов. Би түүнийг алхаж явахад нь “Түүнд л хамгийн чухал тав дахь цохилтыг өгөх ёстой байсан юм даа” хэмээн бодож байлаа. Рийсе солгой хөлний асар хүчтэй цохилтоороо шагшигдсан тоглогч юм. Тэр бөмбөгт хүрсэн л бол хаалгач амжиж хаана гэж байхгүй. Гэвч тэр хүчтэй цохисонгүй, бөмбөгөө зүүн доод булан руу өнхрүүлэхэд түүнийг нь Дида хаалаа. Чөтгөр аваг, шаргал үст маань юу хийх нь энэ вэ? Хэрвээ түүнд дахиад нэг цохилт хийх боломж байсан бол хаалганы торыг урагдтал цохиж, бөмбөгийг үзэгчдийн дунд оруулах байсан биз. Бэлтгэл дээр Рийсе пенальт болон 16 метрийн талбайн гаднаас чөлөөт цохилт хийхдээ тийм л байдаг. Гэвч тэр Стамбулд 11 метрийн цэг рүү алхаж явахдаа бодлоо өөрчилсөн бололтой. Эргэж ирэхдээ тэр толгойгоо гудайлган санаагаар унасан байлаа. Тэгж их итгэж байсан хүн маань ингээд бөмбөгөө хаалгачид бариулчихсанд уурлаж загнамаар байсан ч найзыгаа тайвшруулах үг хэлэн угтав. Үнэндээ тухайн үед хэн ч нэг нэгнийгээ буруушаасан үг хэлж чадахгүй байсан. Рийсе ч ямар нэг зүйл сонсох тэнхээгүй болсон байлаа. Тэр ойр дотныхоо хэн нэгнийг алдчихаад уй гашууд автсан мэт харагдах аж. Гэтэл тэр эгнээндээ эргэн нэгдсэн даруйд гаднах байдлаа эрс өөрчилж, юу ч болоогүй мэт зогсов. Магадгүй өөрийнх нь доожоогүй байдал багийнханд нь сөргөөр нөлөөлнө гэж бодсон биз. Хэзээ нэгэн цагт торгуулийн цохилт алдаж байсан хэн нэгэн л ийм үед ямар байдгийг ойлгох болов уу. Хэрэв энэ алдааг байнга эргэн сануулж, яриад байвал ямар олиг байх вэ. 1996 оны Европын АШТ-д Английн эсрэг тоглолтод Шотландын Гари Макийн пенальт алдсан талаар хүмүүс одоог хүртэл ярьсаар байдаг. Анд маань үүнийг эмзэглэн хүлээж авдгийг олон жил хамт тоглосны хувьд би мэднэ. Харин манай багийнхны хэн нь ч Рийсегийн тэр цохилтын тухай нэг ч удаа ам нээгээгүй билээ.

Кака тоог 2:2 болгосны дараа Шмицер “Ливерпуль”-ийнхний эгнээг орхин хаалга руу алхлаа. Гэтэл тэр нэг л итгэл муутай харагдах аж. Түүний энэ байдлыг хараад би Владиг эхний тавтад оруулсан Рафаг зүхэж байлаа. “Энэ бол түүний “Ливерпуль”-д хийж буй сүүлчийн тоглолт шүү дээ. Ийм байхад тэр …” гэсэн бодол төрөв. Харин Влади цохилтыг тун итгэлтэй гүйцэтгэж, миний толгойд эргэлдэж байсан элдэв бодлыг сарниулж өглөө. Тэр буцаад гүйж явахдаа цамцныхаа энгэр дээрх логог үнсэж байгаа харагдав. Влади сүүлд нь надад хаалга руу алхаж байхад булчин нь хөндүүрлэж, шөрмөс нь татах гээд хэцүү байсан гэдгээ хэлсэн. Хувь заяаны эрхээр тэр өөр баг руу явсан ч Стамбулд “Ливерпуль”-ийн төлөө хийсэн сүүлчийн цохилтыг нь би ямагт дурсаж, талархаж байх болно. Влади “Ливерпуль”-д тоглох хугацаандаа тийм ч төгс байгаагүй. Тэр гэмтэл авахдаа амархан, мөн бэлтгэлийн хэмнэлээ тааруулахдаа муу. Нэг бус удаа гайхалтай гоол оруулж байсан ч энэ нь түүний байх ёстой түвшинд тийм хангалттай биш билээ.

Үдэлтийн тоглолт нь хэн бүхний санаанд нийцэхээр болсон нь яамай даа.

Владигийн амжилттай цохилтын дараа Шевченко бөмбөгийг заавал хаалганд оруулах даалгавартай болов. Би дотроо түүнийг гарцаагүй хийнэ гэж бодсон. Тэр довтолгооны төгсгөлийг хийх, гоол оруулах чадвараараа дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэгд зүй ёсоор ордог. Гэхдээ тэр нэмэлт цаг дуусахын өмнөхөн хоёр удаа гоолын боломжоо алдсандаа цохилтод орсон байж болох юм. Мөн манай сэтгэлзүйн тулааны шинэ мастер Жерзи үйл хөдлөлөөрөө түүнд нөлөөлөхийг оролдож байлаа. Украин довтлогчийн бөмбөгөө 11 метрийн цэг дээр тавихаас эхлээд үйлдэл бүрийг нь ажиглан цоо ширтэх Жерзи энэ үедээ өнөөх алдарт “шпагетти” тактикаа хийсээр л байв. Шевченко гүйж ирээд хаалганы яг голд цохиход Жерзи зүүн гараараа хаалаа.



Yeeeesssss! Ийнхүү баярлан уртаар хашгирсны дараа нуруун дээрээс ачаа аваад хаячихсан мэт бие хөнгөрөөд сайхан боллоо. Хэрэв Шевченко цохилтоо оруулсан бол дараа нь миний ээлж байсан учир сэтгэлд минь битүүхэн айдас хургаж байсныг нуугаад яах вэ. Харин одоо би пенальт цохих шаардлагагүй боллоо. Ингээд энэ үдшийн бүх тэмцэл өндөрлөлөө. Одоо миний сэтгэл зовж, санаа тавих цорын ганц зүйл бол ялалтын баяраа хэрхэн тэмдэглэх вэ гэсэн асуудал.

Тавдугаар сарын 25-ны тэр түүхэн ялалтаас хойш бараг өдөр болгон л энэ үйл явдлыг дурсах сэжүүр гарч байгаа. Тиймээс тэрхүү гайхамшигт үдшийн мөч бүр шууд л цаасан дээр буулгаж зурж чадахаар сэтгэлд минь хоногшин үлдсэн. Манай гэрийн ойролцоо, мөн “Мелвүд”, “Энфильд”-д гээд Ливерпулийн хаа сайгүй Аваргуудын лигийн түрүү авах үеийн гэрэл зургуудыг тавьсан нь үүний гол шалтгаан юм. Мөн телевизүүдээр бичлэг нь гарна. Үнэхээр би ингэж бүжиглэсэн гэж үү? Надаас ийм дуу гарсан гэж үү? Тэр бүгдийг хараад ийм бодол төрдөг. “Галт цагариг” хэмээх дууг сонсох бүрт тэр өдөр эргээд оччихсон мэт санагддаг юм.

Жерзи Шевченкогийн цохилтыг хаах мөчид манай багийнхан хаалгачийнхаа зүг ойрын зайн уралдаан хийж байгаа юм шиг л гүйцгээж билээ. Гэтэл нэмэлт цаг явж байхад шөрмөс нь татаад талбайн гадна сууж байсан Карра тэгээгүй юм шиг л цойлон гарав. Тэр хамгийн түрүүнд Жерзид хүрсэн бөгөөд Финнан, Луис, Рийсе, Хаби, Диди, би гээд бусад тоглогч араас нь очлоо. Хаалгачдаа баяр хүргэчихээд үзэгчидтэй баяраа хуваалцахаар талбайн зах руу алхав. Бидний энэ амжилтад үнэнч Копуудын маань үзүүлсэн нөлөө их билээ. Тиймээс тэдэнд талархлаа илэрхийлэх нь зүйн хэрэг юм. Сэтгэл хөдөлж баярласан би талбайг тойрсон гүйлтийн замаар зурагчин, зураглаачдаар хүрээлүүлээд “Yeeeessss!” хэмээн хашгиран гүйж явлаа.

Баяр хөөр нүүрэнд нь тод илэрсэн хөгжөөн дэмжигчид багаа дэмжсэн үг бүхий зурагт хуудас, том самбараа савчуулан үсэрцгээх аж. Каррагийн гэрийнхнийг олж хараад тэдэн дээр гүйж очин тэврэлдэв. Мөн “Ливерпуль”-ийн хамгийн алдартай дэмжигчдийн нэг Жо Ред Мэн тэнд байлаа. Би түүнд шигшээ тоглолтын тасалбарыг бэлэглэсэн юм. Харамсалтай нь гэрийнхнийгээ олж чадсангүй. Ямартай ч аав, Пол ах, мөн найзууд маань тэнд хаа нэгтээ хүмүүсээр хүрээлүүлээд баярлаж байгаа нь лавтай биз ээ. Би талбайг тойрон гүйж явахдаа “Рафагийн улаан арми”, “Стиви Жи, Карра хоёр италичуудыг нуга дарна” гэх зэрэг үг бичсэн самбаруудыг уншиж байлаа. Надад гладиаторын хувцас өмсүүлчихсэн зураг мөн харагдав. Дэмждэг баг нь Европын тавцанд, шилдгүүдийн эгнээнд эргэж ирсэнд баярласандаа нулимс унаган зогсох хүдэр эрчүүдийг хараад өөрийн эрхгүй багийнхнаараа бахархлаа. Өдийд хичээлдээ явж байх ёстой хөвгүүдээ тэврэн зогсох аавууд мөн харагдана. Одоо манай хөгжөөн дэмжигчид “Манчестер Юнайтед”-уудын фанатуудаас том тэмцээний түрүү аваагүй гэсэн шүүмжлэлийг сонсохгүй биз ээ. Стамбулд бид “Аваргуудын лиг”-ийн тав дахь түрүүгээ авсан. Тэгвэл “МЮ” энэ тэмцээнд хичнээн удаа түрүүллээ? Хоёрхон. Бид тав дахь түрүүгээ авснаар аваргын цомыг “Энфильд”-д үүрд хадгалан авч үлдсэн.

Баярлаж хөөрсөн манай хөгжөөн дэмжигчид намайг үзэгчдийн суудал руу оруулах гэж татаж чангаана. Би “Та нар битгий тат л даа. Би ядарсандаа сунаж унах нь” хэмээн арай ядан хэлж байв. Надад тэдний дундаас буцааж биеэ татаж гаргах ямар ч тэнхээгүй болсон байлаа. Арайхийн хөгжөөн дэмжигчдийн шахцалдаан дундаас гарахад хөл маань мэдээгүй болчихсон мэт гуйван алхаж явав. Энэ үед “Sky” сувгийн Жефф Шривз намайг хүзүүдэн авч ярилцлага өг хэмээн тулгалаа. Гэвч би сэтгэл хөдлөлөөсөө болоод юу ярихаа мэдэхээ больжээ. Хоёр цаг өндөр ачаалалтай гүйсэн биеийн минь ядаргаа толгойд минь юм бодох, ярих тэнхээ үлдээсэнгүй. Жефф асуултаа угсруулан тавих ч би бүдэг бадагхан түүнийг нь сонсож байлаа. Би зүлгэн дээр хамаг биеэ сул хаяад хэвтмээр байв. Тэгээд “Үнэндээ надад хэлэх ч үг олдохгүй байна. Яг одоо ярьж чадахгүй нь” хэмээн хэлээд ямар их баярласнаа илэрхийлэн түүнийг тэврээд холдов.

Сэтгэл хөдлөл маань аажмаар буурч, орчин тойрноо мэдэрч эхэллээ. Энэ үед хамгийн түрүүнд Шевченко талбайд хэвтсэн байгааг анзаарч харав. Пенальт алдчихаад гэдрэг унасан тэрбээр яг л хөшөө мэт хөдөлгөөнгүй байх аж. Шевченкогийн нэг удаагийн муу цохилт нь миний түүнийг үнэлэх үнэлгээг огтхон ч өөрчлөхгүй билээ. Миний хувьд тэр үргэлж аваргаараа л дурсагдана. Түүн дээр очин татаж босгоод тэвэрлээ. Нүд рүү нь харахад уй гашууд автан гуниглаж буй нь илт. Хожим Шевченко болон “Милан”-ы тоглогчид дэд байрын медалиа хаячихсан гэдгийг сонссон. Би ч гэсэн мөнгөн медалиа ил тавиад байдаггүй болохоор тэднийг ойлгосон. Шевченког хараад “Лигийн цом”-ын шувтаргын тоглолтод өөрийн хаалганд хийсэн автогоол, мөн “Евро-2004”-т Францын эсрэг тоглолтод багаа хожигдоход хүргэсэн дамжуулалт өгсөн таагүй мөчүүдээ эрхгүй эргэн санаж билээ. Аав минь, мөн Стив Хейвэй хожил, хожигдлын алинд ч өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандаж байхыг надад үргэлж зааж сургадаг. Тэгвэл тэр үдэш Шевченко нарын хэд хэдэн тоглогч ийм үлгэр дууриаллыг надад биечлэн үзүүлсэн. Андрей “Та нар сайн байсан шүү” хэмээн баяр хүргээд цамцаа солилцох хүсэлтийг минь эелдгээр зөвшөөрч байв. Тэр өөрт нь маш хүнд байсан ч тэр хэцүү мөчөө даван туулаад өөрийг нь ийм байдалд хүргэсэн багийнханд баяр хүргэн явж байлаа. Түүнчлэн Мальдини над дээр ирээд баяр хүргэн гарыг минь чанга атгасан. Мальдини талбай дээр ч, тоглолтын бус үед ч жинхэнэ жентельмэн шиг байдаг. Шагнал гардуулах ёслолын өмнө тэр надад “За цом руугаа яв даа” хэмээн инээмсэглэж байв.

Мальдиниг ийн хэлсний дараа бид медалиа гардахаар явлаа. Би багийн ахлагч учир хамгийн сүүлд медалиа зүүв. UEFA-гийн тэргүүн, гүйцэтгэх захирал Леннарт Юханссон, Ларс Кристер Олссон нар хүзүүнд минь аваргын медаль зүүх мөчид хамгийн түрүүнд аав минь бодогдсон. Хүүгээрээ бахархан инээмсэглэн зогсох аавыгаа төсөөлөв. “Баярлалаа, аав аа. Энэ медалиа танд зориулъя. Таны үнэт сургаал, зөвлөгөө намайг энэ зэрэгт хүргэсэн шүү” хэмээн бодов. Шагналын тавцанд гарч зогсоод Рафа болон бусад дасгалжуулагчид медалиа авахыг хүлээн зогслоо. Энэ хооронд UEFA-гийн албаны хүмүүс, зохион байгуулагчид “Та ийшээ яв, одоо энд зогс” гэх зэргээр бараг үйлдэл бүрийг минь зааж байлаа. Гэвч би тэдний хэлж байгааг үл анзааран гагцхүү тусгайлан бэлтгэсэн суурин дээр сүртэйгээр гялалзах мөнгөлөг цом руу нүд салгалгүй харж байсан юм. Бага багаар дөхсөөр дэргэд нь очив. Одоо бол би үүнд хүрч болно. Урьд нь мухар сүсэг, уламжлал зэрэг зүйл аваргын цомд хүрч үзэх хүслийг минь хязгаарлаж байсан бол одоо хазаарлаж тогтоох юу ч үгүй болсон билээ. Би өмнө нь очоод доош бөхийн цомыг таатайгаар үнсэв. Мэдээж мөнгөлөг энэ цом хүйтэн байсан байх. Гэхдээ надад тийм мэдрэмж ер төрөөгүй.



Энэ жаахан солиотой сонсогдож магадгүй юм. Би Ливерпульд буцаж очтолоо, “Энфильд”-д цомыг ёслол төгөлдөр залах хүртэл түүнээс алхам ч холдмооргүй санагдаж байв. Манай баг хамгийн сүүлд энэ тэмцээнд түрүүлснээс хойш өдийг хүртэл “Аваргуудын лиг”-ийн түрүүг авах хэмжээнд тоглоогүй, тэгж ч үнэлэгдээгүй ирсэн. Тийм боловч дэмжигчид маань цаг ямагт биднээс үүнийг шаардаж, хүсч байсан. Энэ шалтгааны улмаас Европын цомыг гардах хүсэл бидний зүрх сэтгэлд шингэсэн байсан юм. Цомыг тийнхүү шуналтайгаар үнссэний минь учир энэ билээ. Би тэр үдэш мөнгөн цомыг бараг арав гаруй удаа үнссэн байх аа. Сүүлд гэртээ харьсан хойно Алекс надад “Чи намайг жилийн турш үнссэнээсээ олон удаа тэр цомыг энхрийлэх шиг болсон шүү” хэмээн хэлж билээ. Мэдээж хайрт бүсгүй маань намайг яагаад тийм авир гаргасныг ойлгосон нь лавтай. “Ливерпуль” клубт энэ цом ямар чухал болохыг би хөгжөөн дэмжигчдэдээ, дэлхий дахинд мэдрүүлэхийг хүссэн.

Юханссон над руу дөхөж ирээд миний гарт цомыг атгуулахын өмнө “Чи сэтгэл хөдлөлөө маш тод гаргах ёстой шүү” гэв. Би хариуд нь “Мэдээж. Энэ бол тэдний төлөө хийх зүйл” гээд багийнхаа гайхалтай хөгжөөн дэмжигчдийн зүг заасан.

Юханссоныг харахад жаахан сэтгэл дундуур байгаа бололтой. Магадгүй бидний хожил түүнд таалагдаагүй байж болох юм. Карра тоглогчдын дундуур шурган гарч ирээд Европын хөлбөмбөгийн хамгийн эрх мэдэлтэй тэр эрхэм рүү “Цомоо түүнд өгөөч” хэмээн байдаг чадлаараа хашгирав. Би Юханссоны хавирга руу нь хатган яарууллаа. Алив ноёнтоон, цомоо надад өгөөч. Одоо энэ гайхалтай цом “Ливерпуль”-ийнх болсон. Урьд нь телевизээр “Аваргуудын лиг”-ийн шагнал гардуулах ёслолыг үзэж байхад энэ хүн ялагч багийн ахлагчид цомыг гардуулан өгөөд хамтдаа дээш өргөж байгаа харагддаг. Тэгвэл энэ удаа тэгэхгүй ээ. Энэ цом зөвхөн биднийх. Би Юханссоны гараас цомыг бараг булаах шахам аваад агшин зуур эргэн тойрноо тойруулан харлаа. Улирлын турш энэ мөчийг хүртэл мөр зэрэгцэн тоглосон багийн андууд, манай дасгалжуулагчид, штабынхан, цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн 40 мянган хөгжөөн дэмжигч, түүнчлэн цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж буй хэдэн сая үзэгч намайг цомоо дээш өргөхийг амьсгаа даран хүлээж байгаа. Би мөнгөлөг цомыг толгой дээрээ өргөх мөчид газар хөдөлж байгаа мэт их нүргээн нөмрөн авсан. Шагналын тавцан дээр манай багийнхан баярлан үсэрцгээж, улаан туг хаа сайгүй намиран, баярын цаасан буудлага тэнгэрт цацарч байлаа. Үнэхээр гайхалтай мөч.



Би цомоо багийнхандаа дамжуулан өглөө. Хаби надаас авангуутаа тун шуналтайгаар удаан гэгч үнсэж байгаа харагдав. Ер нь манай багийнхны дийлэнх нь ийм байдлыг үзүүлсэн. Би Рафа дээр очоод түүнийг чангаар тэвэрлээ. Тэр бол сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаг хүн биш юм. Европын цомыг дөнгөж гардаад байгаа энэ л мөчид дасгалжуулагчаа тэврэхгүй бол хэзээ тэгэх билээ? Би энэ гайхалтай үйл явдлыг зурагтаар үзэж байгаа Алексдаа зориулан зураглаачийн дуран руу нь хараад үнсэлт илгээлээ. Карра, бид хоёр тэдний өмнө галзуу юм шиг л бүжиглэж байсансан. Ингэхдээ “Галт цагариг” хэмээх дууг хоолой мэдэн дуулж байлаа. Эргээд бодоход ямар ч хөггүй, солгой хоолойтой юм шиг л хашгичиж байсан байх даа. Гэхдээ энэ нь хэнд хамаатай юм бэ? Бид 0:3-ээр хожигдож байгаад гайхалтай эргэлтийг хийн Европын цомыг гардчихаад байна шүү дээ.

Хувцас солих өрөөнд ороод ч бидний сэтгэл хөдлөл буурсангүй, дуулж, бүжиглэж, бие биедээ баяр хүргэн тэврэлдсээр байлаа. Тэнд “Ливерпуль”-ийн эзэн Дэвид Мурс биеэ барьж чадалгүй нулимс дуслуулан сууж байгаа харагдав. Одоо тэр багийнхнаараа бахархах эрхтэй билээ. Би түүнийг хараад “Тийм ээ, эрхэм ээ, бид чадсан. Одоо энэ цом таных. Энэ үеийг хүртэл хангалттай шүүмжлэлийг та хүртсэн. Тэгвэл одоо баярлаж хөгжих цаг. Та ингэх эрхтэй хүн. Одоогийнх шигээ үргэлж инээмсэглэж, сайн сайхан үгийг хэлж байгаарай. Клубийн эзний хувиар, бидний эрхэм андын хувиар ийм мөчийг олон удаа харна аа” хэмээн бодсон. Тэр өдөр хувцас солих өрөөнд болсон үйл явдлаас сэтгэлд хамгийн их хоногшин үлдсэн нь Мурс захирлын цомыг яг л өлгийтэй хүүхэд тэвэрсэн мэт энхрийлэн зогсох тэрхүү зураглал билээ.

“Ливерпуль”-ийн хувцас солих өрөө үнэхээр хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнаантай байлаа. Энэ үед Жерар Улье ирж баяр хүргэсэн нь цөөнгүй хүнийг гайхашруулсан. Клубийн зарим нэг хүн хуучин дасгалжуулагчийг ирсэнд дургүйцэн амандаа бувтнан суугаа нь анзаарагдав. Би л хувьдаа маш их баяртай байсан. Жерар хаалга андуурч энд орж ирээгүй шүү дээ. Тэр өмнө нь ажиллаж байсан багийн хамт олондоо баяр хүргэх гэж сэтгэл гарган энд ирсэн. Тэр ингэх ч эрхтэй. Түүнийг “Ливерпуль”-д үнэн голоосоо хайртай гэдгийг би мэднэ. Тиймээс ч тэр “Ливерпуль”-ийг энэ амжилтад хүрсэнд биднээс дутуугүй баярласан. Магадгүй ихэнх дасгалжуулагч орхин явсан баг нь өөрийнх нь удирдаж байсан үеийнхээс илүү амжилт гаргахад дургүй байдаг болов уу. Харин Жерар тийм хүн биш.

Зочид буудалд эргэж очоод ядарснаа улам мэдэрч, сандал дээрээ лагхийн суулаа.

Барош нарын зарим залуус Такшим талбай руу хөгжөөн дэмжигчидтэй баяр тэмдэглэхээр явжээ. Бидний байрласан зочид буудал ч манай фанатуудаар дүүрсэн байв. Би шууд л орон дээрээ уначихмаар байсан ч хамт зургаа татуулж, гарын үсэг авах гэсэн олон хүн гадна талд намайг хүлээж байгааг бодон биеийн зовиураа тэвчин гарлаа. Манай ихэнх тоглогч найз бүсгүй, эхнэрүүдээ дагуулан ирсэн бөгөөд зочид буудлын доорх уушийн газарт цуглан тоглолтын талаар эргэн ярилцав. Тэр улиралд бид Премьер лигт тун хангалтгүй амжилт үзүүлсэн ч Европын тавцанд хааны титмийг нь зүүчихлээ. Хачирхалтай юм. Яагаад энэ вэ? Премьер лиг бол тоглогчоос бие бялдрын хөгжлийг их шаарддаг. Харин манайд Англид бус, Европын хэмжээнд өрсөлдөхөд тохиромжтой тоглогч түлхүү байсан юм. Ур чадвар, хурдаа ашиглаж тоглодог хөлбөмбөгчдийнхөө ачаар бид “Аваргуудын лиг”-т түрүүлсэн. Премьер лигт бол дайчин, түрэмгий хүн манайд дутагдаад байлаа.

Би тэнд удаан суумааргүй байв. Ядарч туйлдсан бие минь амралт хэрэгтэй байгааг сануулан янгинах аж. Гэвч миний багын найзууд зочид буудалд ирсэн тул хэдэн лонх шар айраг ууж, тэдэнтэй ярилцах хэрэгтэй боллоо. Тэд бүгдээрээ л Какагийн ур чадварыг шагшин магтаж байлаа. Би үүнийх нь хариуд “Өнөөдөр “Милан”-ыхнаас миний зогсоож чадахгүй цорын ганц тоглогч нь тэр байсан” гэж хэлсэн. Тун удалгүй Струан ирлээ. Тэр шууд “Энэ гайхалтай үдшийг чи төгсгөж, тав дахь цохилтыг хийсэн бол бүр ч сайхан болох байлаа. Би үүнийг маш их хүссэн” хэмээв. Хэрэв би цохисон бол оруулна гэдэгтээ итгэлтэй байсан ч аль болох эрсдэлгүйгээр эртхэн хожлоо баталгаажуулах нь чухал билээ. Струан надад хаягласан мессежүүдийг надад үзүүллээ. Үүний дотор Жон Терригийн баяр хүргэсэн үг байв. Жей.Ти “Би маш их баярлаж байна. Нүд орой дээр гарах шиг л боллоо. Баяр хүргэе” хэмээн бичжээ. Европын цомыг өргөх миний оронд тэр өөрөө зогсож болох байсан. Харин энэ боломжийг нь тасалсан багийн ахлагчид тэр баяр хүргэсэн мессеж илгээжээ.



Хоногийн 24 цаг, долоо хоногийн бүх өдөрт хором, мөч бүрийг хөлбөмбөгт зориулж байдаг Рафа одоо л нэг амралтаа эдэлж байх шиг. Тэр эхний үед гаргасан бидний алдааг шүүмжлэхээ зогсоож, хэдэн шил улаан дарсны ард нь гарчээ. Мөн зочид буудлын хамгаалалтынхныг яаж аргалсныг бүү мэд, “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид уушийн газрыг дүүргэсэн байв. Би ярих ч тэнхээгүй болтлоо ядарсан ч тэднийг хүндэтгэн хүссэн асуултад нь хариулж байсан. Шар айраг шимж, хүмүүстэй ярилцаж суусаар байтал гадаа гэгээ ороод эхэлжээ. Үдэшлэгээс хамгийн сүүлд гарсан хүний нэг нь би байв. Би өрөө рүүгээ явахаар уушийн газрын үүдэнд очоод эргэж хартал миний шинэ найз, аварга багийн мөнгөн цом ширээн дээр байлаа. “Найз минь чи ганцаараа үлдэж болохгүй шүү” гэж бодоод цомыг аван шатаар өгслөө.

Би бараг хоёр цаг унтаад огло харайн бослоо. Би хаана ирчихээ вэ? Нар дээр хөөрч,

өрөө тод гэрэлтэй байсан учир нүдээ шууд нээж чадсангүй. Аажмаар орчиндоо дасч орныхоо нөгөө талыг харахтайгаа болов. Гэтэл… Тэнд бидний ялалтын илэрхийлэл болсон цом байлаа. Надтай хамт нэг өрөөнд орсон Хаби Алонсо эхнэртэйгээ хаа нэг газар хоносон бололтой, байсангүй. Би цомтойгоо өрөөндөө ганцаархнаа хоножээ. Орны дэргэдэх толины өмнө тэр нүүрээ гоодох бүсгүй мэт үзэсгэлэнтэй харагдана. Толинд ойн хоёр болж харагдах цомтой “Өглөөний мэнд” хэмээн мэндчилээд өрөөнд минь тэр яаж ирснийг эргэн санахыг хичээлээ. Би өрөөндөө эргэж ирснээ бүүр түүр санаж байсан.

Би цом руу гөлрөн харж, өмнөх оройны үйл явдлуудыг эргэн дурслаа. Би ингээд бараг 20 минут хөдөлгөөнгүй хэвтсэн байлаа. Энд бид хоёр хоёулхнаа байна. Цомыг хаана байгааг надаас өөр хэн ч мэдээгүй байх даа. “Ливерпуль” энэ цомыг эргүүлэн авах гэж 21 жил хүлээсэн. Харин тэр цомыг би ингээд дэргэдээ аваад байж байна. Гүн бодлоосоо ангижран өглөөний цайгаа уухаар гарлаа. Зоогийн газарт хөлөө зөөж ядан оронгуут л Каррагийн “Бидний цом яачихав аа?” хэмээн хашгирах нь сонсогдов. Түүний энэ үгийг сонссон бусад тоглогч үдэшлэг дээр юу болсныг, цом хаана байсныг эргэн санахыг хичээн сандарцгаах нь ажиглагдлаа. Тэдний энэ байдлыг хараад миний инээд хүрч “Сандрах хэрэггүй ээ. Цом миний өрөөнд байгаа. Хармаар байвал тэнд очоорой” гэж хэлсэн. Тэгээд бид бөөнөөрөө дээш гарч цомоо аваад эргэж зоогийн газартаа ирэн багаараа зочид буудлын ажилтнуудтай зураг татуулан салах ёс гүйцэтгэлээ.

Би нисэх дургүй ч Англи хүртэлх аялал тун гайхалтай байсан. Жон Ленноны нэрэмжит олон улсын нисэх буудалд газардахад хэвлэлийнхэн, хөгжөөн дэмжигчид сүртэйгээр угтан авч, дахиад л бөөн баяр хөөрт умбав. Энд тэндээс асуулт тавьж, гарын үсэг авахыг хүсэн зурагт хуудас, цаас сарвайх фанатууд бидэн рүү тэмүүлнэ. Бид “Мелвүд”-д очоод задгай автобусанд суугаад хотын төв рүү явлаа. Манай гадаад тоглогчид бүгд шигшээдээ дуудагдан явах болсон учир бид ийнхүү баярын жагсаалыг пүрэв гаригт хийсэн юм. Автобусан дээр байсхийгээд л оргилуун дарс задлах чимээ гарч, багийнхан зогсоо чөлөөгүй хөгжилдсөөр байлаа. Тоглогчид цомоо ээлжлэн өргөж, гудамжны хоёр талаар битүү зогссон хөгжөөн дэмжигчдэд харуулна. Легионерууд маань “Ливерпуль”-ийг ийм их дэмжигчтэйг нь одоо л мэдэж байгаа юм шиг гайхацгаах аж. Би урьд нь нэг улиралд гурван түрүү авсан тэр жил ийм ёслолд оролцож байсан ч “Аваргуудын лиг”-ийн парад огт өөр байсан.



Карра бид хоёр автобусны хамгийн ард зогсон гудамжны эхнээс төгсгөл хүртэл давалгаалах хөгжөөн дэмжигчид, үүнийг харан гайхашран зогсох багийнхнаа сонжин харж, оройны арга хэмжээг төлөвлөн ярилцаж явав. Автобусанд аль болох ойртохыг хичээх хүмүүс эгээ л регбигийн халз мөргөлдөөнд ороцож байгаа мэт харагдах аж. “Ингэж байгаад хэн нэг нь гэмтэж бэртэх вий дээ” хэмээн Каррад хэлэхэд тэр их л санаа зовсон байдалтай над руу толгой дохив. Морь унасан цагдаа нар хөгжөөн дэмжигчдийг зам руу орохоос хамгаалан явж байлаа. Хүмүүс гэрлийн шон, замын хажуугаар тарьсан модонд авирч, тагтан дээрээ овоорон зогсоцгоожээ. Мерсисайдын цагдаа нар ийм хүнд нөхцөлд ажлаа гарамгай гүйцэтгэж, ямар нэг осол эндэгдэл гаргаагүй. Бид хотын төв рүү 45 минут явж байж хүрлээ. Энэ хугацаанд тоглогчид бие биеэ тэвэрч, хөгжөөн дэмжигчид рүү далласаар явсан. Тэгэхэд Мерсисайдын бүх хүн гудамжинд гарч баяраа тэмдэглэсэн байх. Энэ дунд цэнхэр хувцас өмссөн “Эвертон”-ы дэмжигчид ч цөөнгүй харагдсан. Гэхдээ тэд баярлах гэж ирээгүй нь царайнаас нь илт байлаа. Би тэдэнд “Та нар эндээс тонилж үз!” гэж хэлмээр санагдаж байсан.

“Өчигдөр, өнөөдөр хоёр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүд” хэмээн Каррад хэлэхэд тэр зүгээр л инээмсэглэлээр хариу барилаа. Стамбул дахь гайхамшигт үдшийн дараагийн орой биднийг төрөлх хотынхон маань сэтгэл хөдөлгөм байдлаар угтаж авсан нь энэ юм.

Аялал санаснаас удаан үргэлжилсэн тул Карра бид хоёр оройныхоо арга хэмжээний талаар дахин төлөвлөлөө. Дараагийн өдрүүд ч гэсэн үдэшлэг, хүлээн авалт тасрахааргүй байв. Стамбулд тийм гайхамшгийг бүтээсэн учир бид ингэж олон хоног баярлах эрхтэй билээ.

“Аваргуудын лиг”-ийн түрүү авсан багийн ахлагч өдийг болтол Хатан хааны хайр хишгийг хүртээгүй байгаа нь хачирхалтай гэсэн яриаг би олон сонссон. Эйшийн цуврал1-д ялалт байгуулсан багийн бүх крикетч MBE хэргэм авсан болохоор тэдний ингэж гайхах нь бас оргүй зүйл биш билээ. Гэхдээ би шагнал өгсөнгүй гэж гайхаж, санаа сэтгэлээ зовоож байсангүй. Миний хамгийн их хүсдэг шагнал бол хөлбөмбөгийн талбайд багийнхантайгаа үргэлж ялалт байгуулах юм. Энэ л бодолдоо үнэнч явбал Стамбулд Европын цомыг гардсан шиг Хатан хааны шагнал нэг л өдөр ирэх байлгүй дээ.
ДАХИАД “ЧЕЛСИ”-ТЭЙ ХОЛБОГДСОН МИНЬ

2004-05 оны улирлын яг өрнөл хэсэгт би эргэлзээн дунд толгой минь бүр эргэж гүйцээд байлаа. Энэ үед “Челси”-д очих уу, үгүй юу гэсэн бодол намайг дахин эзэмдэх болсон. “Ливерпуль” “Аваргуудын лиг”-т үргэлжлүүлэн өрсөлдсөөр байсан бол Премьер лигийн түрүүг “Челси” авах нь бараг тодорхой болоод байв.

Чин үнэнийг хэлэхэд би насан туршдаа “Ливерпуль”-д хүчин зүтгэхийг хүсдэг ч тогтмол дээд зэрэглэлд, өндөр түвшинд тоглохыг мөн зорьдог юм. “Аваргуудын лиг”- ийн “Олимпиакос”-ын эсрэг хийх тоглолтын өмнө хэвлэлийн хурал дээр надаас “Хэрвээ “Ливерпуль” дараа жилийн “Аваргуудын лиг”-т шалгарч чадахгүй бол та хэрхэх вэ?” хэмээн асуухад нь би огтхон ч эргэлзэлгүйгээр “Би ирээдүйнхээ талаар бодож төлөвлөсөн зүйл бий” гэж хариулсан. Хэдийгээр “Ливерпуль”-дээ байхыг хүсдэг ч тухайн үеийн нөхцөл байдлаас болж “Челси”, “Реал” руу огт явахгүй гэж хэлж чадаагүй. “Ливерпуль” лигтээ тэргүүн байрын төлөө өрсөлдөж байсан бол өөр хэрэг л дээ. Харамсалтай нь манай баг дөрөвдүгээр байр луу ахих уу, үгүй юу гэдэг дээр л дэнжигнэж байсан юм. Хэрэв тэгж эс чадваас UEFA-гийн цомд тоглох болоод байлаа. Тиймээс би улирал дуусахад ямар үр дүн гарахаас шалтгаалж хэрхэхээ шийдвэрлэхээр болсон.

2004 оны арванхоёрдугаар сарын 10-нд Рик Пэрри намайг явуулах талаар ярилтгүй хэмээн мэдэгдэж, үүсээд байсан шуугиан, цуурхалыг дарах эхний оролдлогоо хийв. Тэрбээр “Стивен “Ливерпуль”-д үлдэнэ гэдгийг би 100 хувь баталж чадна” гэж хэлсэн. Гэвч өвлийн солилцооны цонх нээгдэнгүүт л хэвлэлүүдэд миний талаар янз бүрийн таамаг нийтлэл гарч эхэллээ. “Жеррард үлдэх үү?”, “Стиви Жи хаашаа явах вэ?” гэсэн гарчгууд гал дээр тос нэмэх мэт шуугианд улам хүч нэмж байлаа. Тэгтэл Рик дахиад л миний тухай ам нээж, клубийн зүгээс намайг яаж үнэлдгийг өгүүллээ. Тэр “Стивен бол мөнгөнөөс хавьгүй үнэ цэнэтэй тоглогч. Тэр “Ливерпуль”-ийн ирээдүйн амжилтын баталгаа. Түүний төлөө 30, 40, 50 саяын санал тавьсан ч бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ. Түүнчлэн тэр улирлын явцад надтай хоёр удаа биечлэн уулзаж, гэрээ сунгаж багтаа үлдэхийг ятгасан.

Би бүр будилж, самуурч гүйцлээ. Тэд үнэхээр намайг “Ливерпуль”-д үлдээхийг хүсээд байгаа юм бол яагаад тэр гэрээгээ миний ширээн дээр тавихгүй байна вэ? Надад юу ч харуулаагүй байхад “Ливерпуль”-ийн удирдлагууд чухам юу хүсээд буйг би яаж мэдэх билээ. Тэд миний бүхий л бичиг баримт, гэрээ хэлэлцээрийн асуудлыг зохицуулдаг Струантай холбоо бариагүй байдаг. Тиймээс клуб ямар төлөвлөгөөтэй байгааг би ер ойлгосонгүй. Энэ хойрго байдлаас нь болоод “Ливерпуль”-ийн удирдлагуудад намайг үргэлжлүүлэн тоглуулах сонирхол байхгүй болсон юм болов уу гэж эргэлзэж эхэлсэн. Хэрвээ Рик, Рафа нар намайг “Ливерпуль”-д үлдээхийг хүсч байгаа бол үүнийгээ илэрхийлэх арга нь буруу л байна даа. Нэг өдөр “Мелвүд”-д бэлтгэл хийхээр очиход Рафа “Би чамайг эндээ үлдээсэй гэж хүсч байна” гэв. Тун удалгүй Рик мөн энэ үгийг надад хэллээ. Хэдий тэд ингэж амаараа санал тавьж байсан ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйлийг надад өгөөгүй хэвээр. Энэ байдлаас би “Бидний гэрээгээ сунгая гэсэн саналыг зөвшөөрвөл чинь ямар нөхцөл, шаардлага тавих нарийн заалтуудаа тохиръё” гэсэн санааг нь ойлгосон. “Ливерпуль”-ийн ахлагчийн хувьд би арай илүү хүндлэлийг хүлээх учиртайсан. Багийн гол тоглогчдын нэгтэй шинэ гэрээний асуудлыг ингэж ярьдаг гэж үү? Би Академиас дөнгөж ирсэн нусгай жаал биш шүү дээ.

Багийн удирдлагууд болон миний хооронд үүссэн энэхүү үл ойлголцол хэвлэлийнхнээс болоод улам гүнзгийрсээр байлаа. “Челси юу, Реал уу?” гэсэн асуултууд хөвөрсөөр. Яг л савангийн дуурь шиг. 2005 оны нэгдүгээр сард Лигийн цомын хагас шигшээд “Уотфорд”- ын эсрэг тоглохын өмнө Бенитес “Чи энэ бүх цуу яриаг тасалбар болгохын тулд шинэ гэрээ байгуулах хэрэгтэй” хэмээн надад хэлсэн. Харин хариуд нь “Миний агент хаана байгааг та нар мэднэ дээ. Түүнтэй ярилц. Тэр надтай холбоотой бүх гэрээ, хэлэлцээрийг төлөөлөн зохицуулна” гэлээ. Гэвч бас л нөгөө гэрээ нь байдаггүй. Үүнээс болж миний сэтгэл дундуур байдал улам нэмэгдлээ.

Үүнээс хойш төдий л удалгүй Рафа, Рик хоёр надтай уулзахад нь “Бид Премьер лигт дөнгөж дөрөв, тавдугаар байрын төлөө тоглож байхад би яаж 4-5 жилийн урт хугацааны гэрээний талаар бодож зүрхлэх билээ?” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ. Миний хувьд мэдээж клубийн зүгээс санхүүгийн ямар санал тавихыг сонирхож байсан ч гол нь тэд ирээдүйн амжилтын талаар баталгаа өгөхийг хүссэн. Ингээд л “Аваргуудын лиг”-т өрсөлдөх эрхээс мултраад яваад байвал ямар олиг байх билээ. Тиймээс би Бенитесийн нүд рүү нь эгцэлж харж байгаад “Хэрвээ би гэрээгээ шинэчлээд ирэх улиралд UEFA-гийн цомд тогловол миний хувийн амжилтад яаж нөлөөлөх талаар та бодож үзсэн үү? Үүнээс болоод Английн шигшээд дуудагдаж чадахгүй бол яах вэ?” гэж асуусан. Харин Рафа “Чи өөрийнхөө хийдгийг л хийгээд яв. Гол нь надад итгэх хэрэгтэй” гэсэн.

Дасгалжуулагчдаа итгэнэ гэдэг маш чухал зүйл. Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны үр дүнд амжилт ирдэг билээ. Харин яг тухайн үед бол “Ливерпуль” тун хүнд байдалд байсан. Би Рафад “Улирал дуустал хүлээж болох уу? Бид “Аваргуудын лиг”-ийн эрхээ авч чадах эсэхээ харъя. Зун болтол хүлээгээд хүссэн амжилтдаа хүрч, клубийн үзүүлэлт дээшээ явбал би шинэ гэрээнд гарын үсэг зурахаа амлая. Би танд итгэж хүлээе, та ч мөн надад итгээрэй” хэмээн хэллээ.

Миний энэ “итгэлцэл” гэсэн үг Рафа, Рик хоёрын санааг амраасангүй бололтой. Тэд улирлын дундаас хойш есөн долоо хоногийн дотор надтай гурван удаа хувийн уулзалт хийж үргэлжлүүлэн ятгасаар байв. Эхний уулзалтаас хойш төдий л удаагүй байхад тэр хоёр дахиад л хүрээд ирлээ. Гэвч миний хүндэтгэж явдаг хоёр хүн маань яг л өмнөх яриагаа давтах аж. Би тэдэнд “Та нар үүнийгээ л дахин ярих гэсэн юм бол яагаад хоёр дахиа ирэв? Тэгэхээр миний өгөх хариулт ч урьдын адил хэвээрээ. “Ливерпуль” “Аваргуудын лигт”-т орох эсэх нь тодорхой болох улирлын төгсгөл хүртэл би ямар нэгэн шийд гаргахгүй” гэж хэлэв. Тэдэнтэй уулзах бүртээ яг л зурагдсан пянз шиг энэ үгээ давтсаар байлаа. “Ливерпуль”- ийн зүгээс ийнхүү намайг шинэ гэрээнд гарын үсэг зуруулахаар хүчилж буйд нь эгдүү ч хүрэх шиг. Уул нь Рафа, Рик хоёр намайг хүндэлдэг бол, үнэхээр багтаа үлдээхийг хүсч байгаа бол миний шийдвэрийг хүндэтгээд зун хүртэл дуугүй хүлээж болох байсан билээ. Магадгүй тэд “Ливерпуль” Премьер лигт тааруухан тоглож байсан учир “Аваргуудын лиг”-т шалгарч чадахгүй байх вий гэж эмээсэн биз. Эсвэл шинэ гэрээ байгуулсныхаа дараа намайг өндөр үнэ хүргэж зараад багаа дахин шинэчлэхээр төлөвлөсөн ч байж болох юм. Багийн удирдлагууд зогсоо чөлөөгүй шинэ гэрээний талаар ярих боловч тодорхой заалт, хугацаа, мөнгөн дүнгийн талаар огт дурдахгүй хэвээр. Үүнээс бүр залхаад “Хэрвээ та нар намайг үлдээхийг хүсч л байгаа юм бол тэр гарын үсэг зуруулах гэрээгээ харуул л даа. Эс бөгөөс зун болтол амаа хамхи” гэж хашгирмаар болж байв.

2005 оны хоёрдугаар сарын 27-ны ням гаригт болсон “Carling Cup”-ын финалын тоглолтын үр дүнгээс, мөн энэ үеэр зарим нэг хөгжөөн дэмжигчийн авираас болж миний клубтээ хандах хандлага улам муудсан. Тэр өдөр асар итгэл, найдвараар эхэлж уйтгар гуниг, харуусал дунд өндөрлөсөн юм. Хэдийгээр энэ нь ердөө л Лигийн цомын тэмцээн байсан ч би ахлагчийн хувиар багаа оройлон цомын финалд үлдсэн анхны тохиолдол байлаа. Тиймээс өмнөх орой нь би цом өргөж байна гэж мөрөөдөж, нүдэндээ төсөөлөн бодож суусан. Багийн ахлагч болсноосоо хойш анх удаа цом өргөх боломж гарч байна. Манай хөгжөөн дэмжигчид ч ойрын жилүүдэд цомын бараа хараагүй болохоор багаа хожуулахыг туйлаас хүсч байлаа. Тоглолт дөнгөж эхлэнгүүт л Рийсе гоол оруулснаар хожил бидэнд ойрхон байсан. Гэвч би өөрийнхөө хаалганд гоол хийж, улмаар “Челси” нэмэлт цагт ялалт байгуулав. Тэр үдэш миний хувьд яг л хар дарсан зүүд мэт өнгөрсөн. Багийн амжилтаа доош татаж, хамтран зүтгэгчдийнхээ хөдөлмөрийг үгүй хийн хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалсан болохоор тоглолтын дараа нулимс унагахгүй байж чадаагүй. “Челси”-д гоол бэлэглэчихсэн болохоор намайг Лондонгийн багт очиж магадгүй гэсэн яриаг улам эрчимжүүлсэн. Тоглолтын дараа Жозе Моуриньо намайг тайвшруулж хэдэн үг хэлсэн нь хүмүүсийн олз болжээ. Үнэндээ тэр манай тоглогчдод бүгдэд нь үг хэлсэн. Жозе Моуриньо томоохон ялалт байгуулсныхаа дараа ийм төрх үзүүлдэг зуршилтай нэгэн билээ. Би тэрхүү тоглолтын тухай эргэн бодох бүрт зүрх минь зүсэгдэж, элэг эмтрэх шиг болдог. “Челси”-гийн тоглогчдын медалиа зүүн баярлан хөөрч буй зураг тэр өдөр Кардиффт намайг хэрхэн бүтэлгүйтсэнийг эрхгүй эргэн сануулдаг юм.

Хөлөө арай ядан зөөсөөр багийн автобусандаа суугаад утсаа асаахад найзуудаас минь сэтгэл санаа сэргээж, тайтгаруулах гэсэн мессежүүд ирж эхэллээ. Аав залгаж “Болж өнгөрсөн бүхнийг мартаж, толгой гудайлгүй яваарай” гэж захив. Удсан ч үгүй утасны хонх дахиад л дуугарлаа. Кардиффт ээжтэй минь хамт ирсэн Иан Дунбавин байна. Тэр “Стиви, ээж чинь санаагаар унаад сэтгэл нь тавгүй байна. Тайвширтал нь битгий залгаарай. Түүнд жаахан хугацаа хэрэгтэй байгаа бололтой” гэлээ. Тэгээд би ээж рүү “Хэрвээ та хүүтэйгээ ярихыг хүсвэл хэзээ ч залгаж болно шүү” гэсэн мессеж явуулав. Төдий л удалгүй ээжийн утаснаас дуудлага ирлээ. Тэр үнэхээр сэтгэлээр унажээ. Намайг өөрийнхөө хаалганд гоол хийсний дараа ээжийн минь ойролцоо байсан хөгжөөн дэмжигчид намайг, мөн эхнэр Алексийг минь доромжлон муулцгаасан аж. “Энэ новш зориуд тэнцээний гоол хийлээ шүү. Тэр “Челси”-д очихыг хүссэн юм байна л даа. Тэр ахиу мөнгө хараад Лондон явах гээд байна. Үнэтэй тансаг дэлгүүр бараадаж, тэр муу эхнэрээ эрхлүүлэх гэсэн юм байгаа биз. Жеррард урвагч” гэхчилэнгээр хараал урсган ярьцгаасан байна. Сонсоход халгам доромжлолууд зогсолтгүй хөвөрсөөр. Талбай дээр гүйж явсан над руу “Жеррард, чиний эхнэр чинь янхан мэдэв үү! Тэр бол гичий” хэмээн орилж байжээ. Үүнийг ээж минь хэлсэн болохоор ямар ч хэтрүүлэггүй, бодит зүйл гэдэгт нь би итгэсэн. Тэр юмыг яг л байгаагаар нь хэлдэг шударга эмэгтэй билээ. Тэдгээр “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид тоглогчдын гэр бүлийнхэнд зориулан гаргасан суудал дахь миний ээжийг таньж байсан нь лавтай. Ээж минь тэдний яриаг тэвчээртэй сонсож суусаар тоглолтыг арайхийн дуусгасан гэнэ. Өөр яах ч билээ дээ. “Carling Cup”-ын шувтаргын тоглолтод миний хүчин зүтгэдэг багийн хөгжөөн дэмжигчид намайг, Алексийг ийн муулж байсныг одоог хүртэл би хэнд ч хэлэлгүй ирсэн. Би тэднийг танихгүй ч тэд улаан цамц өмсөж, улаан ороолт зүүн “Чи хэзээ ч ганцаар алхахгүй” хэмээн дуулж байгаад ээжийн минь нүүрэн дээр намайг доромжлон гутаажээ. Миний хувьд тэд “Ливерпуль”-ийн үнэнч хөгжөөн дэмжигчид яавч биш. Ээж минь хүүгээ дэмжих гэж “Милленниум” цэнгэлдэх хүрээлэнд очсон. Цээж тэнэгэр, бахархал дүүрэн тэгж очоод тэр муухай үгсийг сонсон сэтгэлээр унажээ. Дээрх үгсийг хэлсэн хүмүүс бүгд аймхай хулчгарууд. Тэдэнд миний нүүрийг эгцэлж харж байгаад тэр үгээ давтаад хэлэх зүрх байхгүйг би мэдэж байна.

Хэрвээ тэдний хэлсэн нь ортой бол би шүд зууж, нүдээ аниад гарч чадна. Би цомын тэмцээний финалд том алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ “Ливерпуль”-ийн төлөө хөлс хүчээ баран гүйснийхээ төлөө тийм үгийг сонсох ёсгүй билээ. Урвагч, тэрслэгчээрээ дуудуулаад, утасны цаанаас ээжийнхээ усан нүдлэн ярихыг зүрх шимшрэн сонсож суух учиргүйсэн. Зарим тоглогч хөгжөөн дэмжигчид нь ийм зохисгүй авир гаргаж, доромжилсны төлөө клубээ орхиж ч болох юм. Ээж минь яагаад ийм зүйл сонсон сонсон хүүгээ харж суух ёстой гэж? Би ч гэсэн доромжлуулж, гүтгүүлэн энэ клубийн төлөө тоглох хэрэгтэй гэж үү? Мэдээж тэр хэдхэн хүнээр “Ливерпуль”-ийн нийт хөгжөөн дэмжигчдийг төлөөлүүлж болохгүй л дээ. “Ливерпуль”-ийн фанатууд дэлхий дээр хамгийн шилдэгт тооцогддог. Тэд намайг энэ багт анх хөл тавьсан цагаас л дэмжиж ирсэн. Харин “Челси” рүү явж магадгүй гэсэн цуурхал дэгдсэн үеэс зарим нэг нь нүүрээ буруулжээ. Олны ам дамжин яригдаж, сонин хэвлэлийн хуудаснаа бичигдэх цуурхалд итгэсэн зарим фанат уураа тийн гаргасан бололтой. Гэхдээ л тэд намайг хараан зүхэхээсээ өмнө юу гэж хэлэх гэж байгаагаа бодох ёстой байсан юм.

Өөрсдийнх нь ээж хүүгийнхээ талаар таагүй үг сонсвол яах вэ гэдгийг тунгаах хэрэгтэй байлаа. Би хэзээ ч тэднийг уучлахгүй. Тэдний хэлсэн ярьсныг ч мартахыг хүсэхгүй байна. Би хийсэн гэмээ ухаарч, бусдын үгийг даагаад гарах чадалтай нас биенд хүрсэн хүн. Гэвч ээж маань тийнхүү хөгжөөн дэмжигчдийн хэл амны бай болсныг бодоод тэр шөнөдөө ер унтаж чадаагүй.

Ээж минь төдөлгүй тайтгарч, дахиад цэнгэлдэхэд ирдэг болсон. Тэр надад хайртай, хүүгээ хэрхэн тоглохыг харах дуртай учраас тэр. Гэхдээ “Челси”-тэй холбоотой шуугиан, цуурхал намжаагүй тэр үед би түүнийг аль болох цэнгэлдэх хүрээлэнд ирүүлэхгүй байхыг хичээдэг байв. Тэр дахиад чихэнд наалдацгүй ширүүн үг сонсвол яана. Алекс маань зарим нэг чухал тоглолтыг мөн цэнгэлдэхээс үздэг. Энэ үед нь би түүнд “Энд байгаа хүн болгон Стивен Жеррардыг баатар гэж боддоггүй шүү” хэмээн хэлж, учирч болзошгүй зүйлийн талаар анхааруулан учирладаг юм. Бодит байдал дээр ч тэр үүнийг амсаж ойлгосон байх. Бага биш мөнгө төлөн цэнгэлдэх хүрээлэнд ирээд баг нь санаанд хүртэл тоглохгүй буйд унтууцсан хөгжөөн дэмжигч намайг алдаа гаргах бүрт амнаасаа хараал урсган байдаг. Энэ бол ердийн л үзэгдэл. Харин Кардиффт болсон зүйл бол хэрээс хэтэрсэн явдал байсан. 2002 оны ДАШТ-ийг өнжих надад маш хүнд байлаа. Тэгвэл хүү нь автогоол хийсний төлөө хөгжөөн дэмжигчдээрээ хараалгуулан буйг сонссон ээж минь энэ тухай утсаар уйлан байж хэлэхэд нь бүр их санаагаар унаж билээ.

Бараг өдөр бүр л шинэ сэдэв гарган ирэх цуурхлаас бүр залхаж гүйцлээ. Миний багийнхаа төлөө гэсэн сэтгэл, “Ливерпуль”-ийн төлөө цохилох зүрх минь энэ бүхнээс болж хөрж эхлэв. “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Челси”-г буулган авч, аваргын төлөө тоглолтод шалгарсны дараа ч урьдын хэвэндээ эргэн орж чадахгүй байлаа. Тухайн үед “Баг маань бодлогоо зөв тодорхойлж, зөв замаар явахыг би хүсдэг. Энэ ялалтаар бид зохих түвшинд байгаагаа харуулж чадлаа” хэмээн хэлж байв. Энэ үг миний зүрх сэтгэлийн тодорхой хэсэг нь “Энфильд”-д үлдсэнийг баталсан болов уу. Дараа нь бид финалд гайхалтай тоглож, аваргын цом гардахад хөрсөн сэтгэл минь эргэн дэвтэж, гомдол минь тайлагдах шиг болсон. Хэвлэлийн хурал дээр би мөнгөн цом руу нүд салгалгүй ширтэж, үнэнч хөгжөөн дэмжигчид маань гадаа баярлан уухайлахыг сонсон “Ийм гайхалтай үдшийн дараа би яаж багаа орхиж чадах билээ?” хэмээн хэлж байлаа. Телевизийн дуран руу харж байгаад “Би багтайгаа байгуулсан гэрээгээ 4-5 жилээр сунгах гэж байгаа” гээд дэлхий даяар зарлачихав. Бурхан минь, би багтаа хайртай, эндээс явах хүсэлгүй учраас сэтгэл хөдлөлөөсөө болоод ингээд хэлчихлээ. Тухайн үед клубийн зүгээс тоомжиргүй хандах хандлага болон хэвлэлийнхний цуурхлаас үүдэн бий болсон эргэлзээ маань ор мөргүй алга болж, сэтгэлийн минь мухарт нуугдан байсан хайр маань тэсэрсэн хэрэг. Би Риктэй уулзсан даруйдаа л “Алив миний ярьсныг ажил хэрэг болгоцгооё. Энэ бүх цуу яриаг эцэс болгох хэрэгтэй” гэж хэллээ. Дэндүү их ярилаа, дэмий цаг үрээд яах билээ. Би асуудлыг хурдхан л шийдэхийг хүсч байв. Стамбулд байгуулсан гайхамшигт ялалт миний сэтгэл зүрхийг өдөөж өгсөн нь тэр бөгөөд хэдий ингэж сэтгэл хөдлөлдөө автсан ч юу хийх гэж байгаагаа хянаж чадахуйцаар оюун санаа минь тунгалаг байлаа. Алив надад үзэг өгөөч, би гэрээнд гарын үсэг зурмаар байна. Би “Энфильд”-ээс явахгүй, эндээ үлдэнэ.

Гэвч “Ливерпуль”-ийн удирдлагууд тодорхой хариу өгөхгүй хэвээр л. Би шигшээ тоглолтод байгуулсан гавъяагаараа тэднийг араасаа гүйлгэх эрхтэй болсноо мэдрэн хэзээ ширээн дээр минь шинэ гэрээ тавих нь вэ гээд хүлээж суусаар. “Аваргуудын лиг”- ийн цом “Энфильд”-д эргэн ирж, ингэхдээ бүр тав дахиа гардсанаараа үүрд хадгалах эрхтэй болсон энэ үе бол гэрээний талаар ярилцах хамгийн тохиромжтой цаг юм. Гэвч нам жим байдал үргэлжилсээр. “Ливерпуль” яагаад хурдан хөдлөхгүй байна вэ? Магадгүй Стамбулд “Аваргуудын лиг”-ийн цомыг гардсаны дараа намайг гарцаагүй шинэ гэрээ байгуулна гэж тайтгарцгаасан байж болох юм. Яг миний хүсч хүлээж байсан шиг үйл явдал

2006 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын дараа Тьерри Анритай тохиолдсон. Аваргын төлөө тоглолт дууссанаас хойш 36 цагийн дотор л тэр “Арсенал”-тай шинэ гэрээг байгуулсан билээ. Гэтэл “Ливерпуль”-ийн удирдлагууд намайг гэрээгээ сунгахыг ямар их хүсч буйг ойлгохгүй л байлаа. Би Рик Пэрриг хүндэлдэг. Тэр бол “Ливерпуль”- ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа багийнхаа төлөө ихийг хийсэн хүн. Гэвч тэр тухайн үед миний нөхцөл байдлыг ойлгохыг үл хичээн ирээдүйдээ (“Ливерпуль” дэх) итгэх итгэлийг минь бөхөөсөөр байсан юм.

Энэ бүхнээс болоод би дахиад л эргэлзээн дунд хөвж эхэллээ. Рик улирлын турш л намайг авч үлдэхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Тэр энэ талаар ярилцахаар надтай гурван ч удаа уулзсан билээ. Хюитоны уугуул жаахан хөвгүүн “Мелвүд”, “Энфильд”-д бага багаар нэр хүндээ өсгөсөөр “Ливерпуль”-ийн бэлгэ тэмдэг нь болсон. Тэгэхээр тэд хотынхоо уугуул тоглогчийг, багийнхаа ахлагчийг авч үлдэхийг хүсч л баймаарсан. “Аваргуудын лиг”-т түрүүлсний маргааш нь Диди гэрээгээ сунгалаа. Гэвч надад тавьсан санал ч байдаггүй. Рафа багийн 3-4 тоглогчийг өрөөндөө дуудаж уулзан цаашид хэрхэх санаа бодлыг нь асуужээ. Гэтэл тэдэн дунд би бас л байсангүй. Рафа “Стивен, зун амраад ирсний чинь дараа шинэ гэрээний талаар ярилцъя” хэмээхэд бүр гайхаж гүйцэв. Бурхан минь, тэд ямар санаа агуулаад байна вэ?

Би гэр бүлийнхэнтэйгээ болон Струантай энэ талаар ярилцсан. Халуун дулаанаар хандах ёстой энэ өдрүүдэд клубийн зүгээс яагаад ийм хүйтэн хөндий харьцаад буйг нь хэн ч ойлгосонгүй. Эсвэл энэ нь тэдний гэрээ байгуулах хэлэлцээрийн тактикийнх нь нэг хэсэг юм болов уу? “Ливерпуль”-ийн удирдлагууд олон нийтэд бол энэ талаар эерэг дүр үзүүлж байлаа. Зургадугаар сарын 19-нд Рафа “Надад Стивен Жеррардыг зарах ямар ч сонирхол байхгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ. Үүнээс тав хоногийн дараа Рикийн “Бид Стивенийг үлдээхийг маш их хүсч байгаа. Одоо шинэ гэрээг даруй байгуулах хэрэгтэй байна” гэж ярьсан сонинг нь олж уншлаа.

Нэг хэсэг намжсан элдэв таамаглал, цуурхал дахиад хүчээ авч эхлэв. “Реал Мадрид” намайг авахаар улайран хөөцөлдөж эхэлжээ. Тэд Гути дээр мөнгө нэмж өгөөд намайг сольж авах санал тавьсан байна. Рафа Гутиг өндрөөр үнэлдгийг би сайн мэднэ. Би ч түүнийг шилдэг хагас хамгаалагч гэж боддог. Тэр зун би Испанид амарч яваад далайн эрэг дээр Гутитай таарлаа. Би түүнийг хүндэтгэдэг гэдгээ илэрхийлэн түрүүлж очин мэнд мэдэв. Гэтэл зарим сонинд бид хоёрын хамт байгаа зургийг нийтэлж, намайг “Реал”-д очихыг хэдийнэ зөвшөөрсөн гээд биччихсэн байлаа. Үнэндээ тэр зураг дээр бид хөлбөмбөгч шиг харагдахааргүй байсан. Олон зүйл ч яриагүй, зүгээр мэндлээд өнгөрсөн билээ.

“Реал”-ын оролдлогын талаар нийтлэлүүд ар араасаа хөвөрсөөр байлаа. Би манай дасгалжуулагч “Реал Мадрид”-д залуучуудын багт нь ажиллаж байсныг бодоод энэ бүх яриа ортой байх вий гэж эргэлзэж эхлэв. Испанийн сонинууд “Реал” хэр их мөнгө төлөх, надад ямар цалин өгөх гэж буй гээд нарийн ширийн бүхнийг тоочин бичих аж. Тухайн үеийн “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес миний талаар “Шинэ галактикосын салшгүй нэг хэсэг” хэмээн ярьсан байх юм. Би үүнийг сонсонгуут зусар үг гэсэн бодол төрж билээ. Испанийн хэвлэлүүдэд бичсэн зүйлүүдээс хамгийн их уурлуулсан нь намайг “Реал” руу явах хүсэлтэй гэдгээ Рафад хэлсэн гэх нийтлэл байлаа. Ёстой ор үндэсгүй, байж болшгүй зүйл юм. Түүнчлэн Испанийн өөр нэг сонинд Рафа “Би оддыг бариад байхыг хүсэхгүй байна. Багийн санхүүд дарамт учруулж, амжилтад дэм болдоггүй тоглогчдыг зарна” хэмээн ярилцлага өгсөн байхыг нь олж харлаа. Дасгалжуулагчийнхаа амнаас гарамгүй энэ үгийг сонсоод цочирдон түүнтэй нүүр нүүрээ харалцан эр хүн шиг ярилцахаар очлоо.

Өрөөнд нь ороод “Та намайг зарахыг хүсээ юу?” хэмээн асуухад тэр “Үгүй ээ” гэснээ “Харин чи эндээс явмаар байгаа юм уу?” хэмээв. Ийм асуулт тавьсанд нь гайхан нүд рүү нь харлаа. Би багтайгаа Стамбул хүртэл хөлсөө дуслуулан зүтгэсний дараа тэр надаас яаж ингэж асууж чадаж байна аа?

Би тэндээс гарангуутаа Струан луу залгаж “Струан, чи итгэхгүй дээ. Рафа намайг шахан зайлуулах гээд байх шиг байна. Тэр надаар би эндээс явмаар байна гэж хэлүүлэх гэсэн юм байх даа? Би “Ливерпуль”-д тоглоод байна уу, эсвэл өөр багт данстай болчихоо юу?” гэлээ. Хамаг сэтгэл минь хямарч, уймарч гүйцлээ. “Ливерпуль”-ийнхэн санаагаа өөрчилж, мөнгө олохын тулд намайг заран Рафагийн шинэ багийг бүрдүүлэх гэж байгаа байх нь ээ. Тухайн үеийн нөхцөл байдал ингэж бодохоос аргагүй болгосон бөгөөд тэднийг ингэж явна гэдгийг төсөөлж ч чадахгүй байсан. Мадридаас удаа дараалан санал тавьсаар байв. “Реал солилцоо хийхэд бэлэн” гэсэн гарчиг сонины хуудсанд олонтаа харагдах болов. Би Испанийн хэвлэлүүдийн хуудсыг чимэх болсон энэхүү дуулианы талаар Рафатай дахиад л маргалдлаа. Гэтэл тэр “Чиний агент л ийм юм яриад байгаа юм байлгүй дээ” хэмээн өөрийгөө өмөөрөв. Тэрбээр Английн сонинуудад гарсан баримт Струантай шууд холбоотой хэмээн миний агентыг буруушаасан. Гэхдээ англичуудын мэдээллийн эх сурвалж нь Испанийн хэвлэлүүд байсан юм. Магадгүй “Ливерпуль”-ийн гал тогоон дотор тэднийг мэдээллээр хангадаг хэн нэгэн байсан ч байж болох.

Энэ олон цуурхал ид өрнөж байх үед буюу Стамбулын гайхамшигт ялалтаас яг нэг сарын дараа, зургадугаар сарын 27-ны даваа гаригт Рик, Струан нар арайхийн нэг юм уулзахаар тохиролцлоо. Струан тэнд урьдынхаас арай илүү санал сонсоно гэж найдан очсон. “Ливерпуль”-ийнхэн удаж удаж хэлэлцээрийн ширээний ард суухаар боллоо шүү дээ. Би одоо л нэг олны дунд яригдаж буй цуурхалыг таслан зогсоох нь гэж бодон Струаны залгахыг хүлээж утсаа гартаа атган гэртээ сууж байлаа. Тэднийг миний хүссэн нөхцөлөөр тохиролцоод улмаар би гарын үсэг зурахаар явна гэж найдан суусан. Ингээд миний “Ливерпуль” дэх аз жаргалтай өдрүүд үргэлжлэх болно.

Удаан хүлээсний эцэст Струан залгалаа. Харилцуурын цаанаас түүний хоолойны өнгө сэтгэл дундуур байгаа нь илэрхий байсан. “Бид тохиролцоонд хүрсэнгүй. “Ливерпуль”- ийнхэн эхлээд нөхцлөө тавиад дараа нь бид хүсэлт, шаардлагаа хэлэх ёстой гэнэ”. Чөтгөр аваг, бид хараар нүүх гэж үү?

Маргааш нь Рафа намайг өрөөндөө дуудлаа. “Мелвүд”-д очоод түүний өрөөнд ороход тэр ширээн дээрээ А4-ийн цагаан цаас тавиад “Стивен, чи яг юу хүсч байна, түүнийгээ энд бич” хэмээв. Би түүний энэ үйлдэлд цочирдон гайхаж суусан сандлаасаа босон өөр газарт очин хэсэг зогсоод “Үгүй” гэж хариуллаа.

“Яагаад тэр билээ?”

“Та намайг юу хүсч байгаагаа хэл гэсэн биз дээ? Би өөрийн агенттай хүн шүү”. Рафа над руу хүйтэн харснаа “Би агентуудтай ярилцах дургүй” гэв.

“Дасгалжуулагч аа, та ч гэсэн өөрийн агенттай биз дээ. Та Риктэй байгуулсан гэрээгээ өөрөө биечлэн хийсэн юм уу, эсвэл агент чинь гардан хийсэн үү?” “Агент маань”.

“Тийм ээ, дасгалжуулагч аа. Би ч гэсэн тань шиг агенттай. Би бол зөвхөн өөрийнхөө тоглолтод л анхаарлаа хандуулах ёстой. Би урьд нь дасгалжуулагчидтай гэрээний талаар ер ярилцаж үзээгүй. Энэ бол миний агентын хийх ажил”. Уурандаа багтарч үхэх гэж байсан би түүнийг мэргэжлийн бус хүн байж энд юу хийж яваа юм бол оо хэмээн бодов. Тэгээд “Ноёнтоон, агент маань өөрсдийн саналаа та нарын дараа тавина гэдгээ мэдэж байгаа. Багийн зүгээс ахицтай санал тавина гэж найдаж байна. Харин та надад хүч тулган нөхцөл байдлыг хүндрүүлээд байгаа юм биш үү” хэмээн хэллээ. Рафа юу ч хэлэлгүй хэсэг хугацаанд дуугүй зогслоо. Тэр нэлээн бодолхийлснээ нам гүм байдлыг эвдэн “За дараа уулзъя” гэлээ.

Тэр долоо хоног миний хувьд маш удаан өнгөрсөн. Өдөр бүр л “Ливерпуль” болон миний хооронд шинэ асуудал гарч ирж байлаа. Долоо хоногийн турш л сониноос “Бенитес Жеррардыг үнэ хүргэж зарахыг хүсч байна” гэсэн гарчгийг олж харна. Мөн “Челси”-гийнхэн надад долоо хоногт 110-120 мянган фунт стерлингийн цалин өгөхөд бэлэн гэдгээ хэлсэн хэмээн бичжээ. Миний хувьд “Ливерпуль”-д боломжийн гэрээ байгуулаад үлдэхийг л хүсч байлаа. Зургадугаар сарын 29-нд Струан “Ливерпуль”-ийн удирдлагуудтай дахин уулзаж, цалингийн талаар хэлэлцэв. Струан “Энэ бол хамгийн чухал зүйл” хэмээн Рикт онцлон хэлжээ. Тэр “Дэлхийн хамгийн шилдэг гэж нэрлэгддэг 20 хөлбөмбөгч 90-120 мянган фунт стерлингийн хооронд цалин авдаг. Стиви бид хоёрын хувьд доод хязгаарт ойрхон тоог санал болгож байна” хэмээв. Тэгээд “Хэрвээ тэр өөр багт очвол мэдээж үүнээс илүүг авна л даа” гэж үргэлжлүүлэн хэллээ. Энэ бол үнэн үг билээ. Би мөнгөнөөс болж багаа солихыг огтхон ч хүсэхгүй. Тэгээд ч “Ливерпуль”-д үлдлээ гээд өөр багт очсоноос нэг их зөрүүтэй цалин авахгүй нь тодорхой. Хэвлэлээр мэдээлж байсанчлан би тоглолтод хэрхэн оролцсоноос шалтгаалан долоо хоногт 70-80 мянган фунтын цалин авдаг байлаа. Тиймээс шинэ гэрээнд маань цалингийн хэмжээ 100 мянгад хүрнэ гэж найдсан. “Ливерпуль”-ийг Европын цом авахад тусалж, дараагийн улиралд энэ зэрэглэлд тоглох эрхээ авахад нь тодорхой үүрэг гүйцэтгэсний хувьд энэ нь зүй ёсны хэрэг билээ. Мэдээж энэ үед бусад клубээс хамаагүй өндөр тоо бүхий цалинг санал болгосоор байсан.

Рик ТОП тоглогчдын цалингийн хэмжээний талаар сонсоод хүлээн зөвшөөрч толгой дохив. Түүнчлэн доод хязгаарт ойрхон тоо бүхий цалин авах хүсэлтийг минь ч зөвшөөрлөө. Гэвч “Надад хэд хоногийн хугацаа өгөөч. Би багийн эзэн, удирдах зөвлөлийн гишүүдтэй ярилцах хэрэгтэй байна” хэмээн шууд тохиролцохоос зайлсхийлээ. Би Струанд хандан “За яах вэ, ахицтай. Тэд бидний хүлээн зөвшөөрөх байх. Ингээд бид элдэв хэл ам, шуугианаас салах нь ээ” хэмээн хэлж байв.

Энэ уулзалтын дараачаас би Рикийг гэрээний нарийвчилсан заалтуудад Струантай тохиролцоод бүх зүйлд ам нийлэн намайг гарын үсгээ зурахыг хүсэн дуудна гэж найдан хүлээж байлаа. Харамсалтай нь дахиад л хэрхэх нь мэдэгдэхгүй нам гүм байдал үргэлжлэв. Би бэлтгэл хийхээр “Мелвүд”-д очих бүртээ л Рафад “Та энэ бүх цуурхлыг дарж чадахгүй гэж үү? Би энэ бүхнээс залхаж гүйцлээ. Хэрвээ та гэрээний саналаа тавих л юм бол би гарын үсгээ зурна” гэж хэлдэг байв. Би хэнтэй ч сөргөлдөж шөргөөцөлдөхийг хүсээгүй. Энэ долоо хоногт гайтай гэрээнээс болж өөрийн хамгийн их хүндэтгэдэг хүмүүсийн нэг Рафатай харилцаагаа муутгачихаад байдаг. Энэ байдал цаашид улам даамжрахыг хүсээгүй юм. Би дасгалжуулагчаа маш их хүндэтгэж, үнэлдэг. Харин тэр удаан хугацаанд үргэлжилсэн үл ойлголцлоос залхаж буй байх.

“Стивен, би сонин болгоныг эргүүлээд тэр бүх худлаа, үнэн нь мэдэгдэхгүй зүйлийг уншаад байдаггүй, ингэх ч дургүй. Гэхдээ “Реал Мадрид” чамайг авахыг хүссэн бол үүнийгээ биелүүлэхийн төлөө чамгүй зүйлийг хийнэ. Энэ бүх хэвлэлийн явуулга ч тэдний ажил байж мэднэ” хэмээн Рафа хэллээ.

“Дасгалжуулагч аа, та мөн “Ливерпуль” намайг авч үлдэхийг хүсч л байгаа юм бол Рикт Струан руу яаралтай залга гээд хэлээд өг л дөө. Би тэр Испанийн хэвлэлүүдэд бичсэн шиг багаасаа явах ямар ч сонирхол байхгүй. Би ирээдүйгээ нэг л замаар явна гэж төсөөлж байгаа”.

Түүнд ингэж хэлээд “Хэрэв намайг ингэж хүсээд байхад “Ливерпуль”-ийнхэн гэрээг хойшлуулах юм бол надад эндээс явахаас өөр сонголтгүй болох нь” хэмээн бодлоо. Гэтэл бүх зүйл ийн болгоомжилж байсны дагуу өрнөлөө. “Ливерпуль”-ийг орхих уу? Тийм ээ, ингэх боломж улам л нэмэгдсээр. “Ливерпуль”-ийн удирдлагуудын эргэлзэж, цаг хугацаа алдах тусам би “Энфильд”-ээс гарах хаалганд алхам алхмаар дөхсөөр байлаа. Долдугаар сарын 1-нд Струан Рик рүү залгаж “Стиви эндээс явахыг хүсч байна” хэмээн хэлэв. Тэгэхэд нь Рик дахиад л “Надад хэдэн өдрийн хугацаа өгөөч” гэж хариулсан байна.

Дараагийн баасан гаригт нь Каррагийн хуримын ёслолд оролцлоо. Сайн найз, дотны хүмүүсээрээ хүрээлүүлсэн аз жаргалтай Карраг харахад түр хугацаанд ч болов сэтгэл тайвширч, нуруун дээрээс ачаа аваад хаячихсан мэт болж байлаа. Найзууд маань багтай хийж буй хэлэлцээр хэр ахицтай буйг асууна. Би “Удирдах албаныхны л мэдэх хэрэг. Миний мэдлээс хэтэрсэн” гэсэн үгийг тоть шиг л давтсаар явлаа.

Тэр долоо хоногийн сүүлч хүртэл “Ливерпуль”-ээс ямар нэг хариу ирсэнгүй. Тэсэлгүй бямба гаригт “Мелвүд”-д очин Рафатай уулзав. Эндээс хүссэн хариугаа сонсох магадлал ердөө л 20 хувь байсан. Түүнийг надаас хэр хэмжээний цалин авах хүсэлтэй буйг минь асуухад “Би шунахай хүн биш ээ. Зүгээр л Европт тоглож буй бусад өндөр зэрэглэлийн хагас хамгаалагчидтай ижил түвшний цалин авахыг хүсч байна. Энэ зүй ёсны хэрэг биз дээ, дасгалжуулагч аа” гэж хариуллаа.

“Стивен, би хувьдаа чамайг эндээ тоглоосой гэж хүсдэг. Чи бол гарцаагүй дэлхийн шилдэг тоглогчдын нэг. Гэхдээ чамайг муу хүмүүс тойрон хүрээлээд байна уу, эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэн чинь буруу зөвлөгөө өгөөд байгаа юм уу?” Түүний энэ үг нь миний эгдүүг хүргэсэн. Би мэргэжлийн хөлбөмбөгч болсноосоо хойш л Струантай хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд би түүнд нэг ч удаа эргэлзэж байгаагүй юм. “Дасгалжуулагч аа, та яг одоо Рик рүү залгаад надтай шинэ гэрээ байгуулах эсэхийг нь асуугаад өгөөч” хэмээн Рафагаас шалахад тэр хариу хэлэхгүй дуугүй суусаар байлаа.

Ингээд гүйцээ. Амралтын өдрүүдэд “Ливерпуль”-ээс ямар ч хариу аваагүй болохоор Струан, бид хоёр бүх яриа хэлэлцээрийг эцэс болгохоор шийдвэрлэлээ. Өдийг хүртэл бид тэвчээртэй хүлээсэн боловч ямар ч ахиц гарсангүй. Харин “Челси”-гээс намайг багтаа авахын төлөө уйгагүй хөөцөлдсөөр байлаа. Даваа гаригийн сонинуудад намайг “Энфильд”-ээс “Стэмфорд Бриж”-д очих аман тохироо хэдийнэ хийгдсэн хэмээн бичсэн байв. Үнэхээр ч “Челси” үнийн саналаа “Ливерпуль” руу факсджээ.

Бенитес Боло Зендентэй гэрээ байгуулснаа мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийсэн нь зурагтаар гарлаа. Гэвч уг хурал дээр сэтгүүлчид түүнээс зөвхөн миний тухай л асууж байв. Гэтэл тэр камер луу харж байгаад “Стивенийг зодог тайлтлаа эндээ тоглоосой гэж хүсдэг. Би түүнтэй хамтран ажиллах дуртай. Намайг “Ливерпуль”-ийг орхих цагт тэр дасгалжуулагч нь болох байх” хэмээн хариулав. Би бүр ойлгохоо байлаа. Тэр үнэн ярьж байна уу, үгүй юу? Намайг дасгалжуулагч болно гэсэн үг нь үнэмшилгүй сонсогдсон. Харин үлдээсэй гэж хэлснийг нь сонсоод намайг бага боловч үнэлж, хүндэтгэсээр байгааг нь мэдэрлээ. Магадгүй тэр эцсийн эцэст намайг үлдээх нь зөв гэдгийг ойлгосон байж болох. Гэхдээ түүний юу бодож, сэтгэж байгааг яахин мэдэх билээ. Тухайн үед би ирээдүйдээ санаа зовниж, сэтгэлээр унаад үнэхээр хүнд байсан.

Тэгтэл хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. “Ливерпуль”-ийн эзэн Дэвид Мурс даваа гаригийн орой “Мелвүд”-д уулзахаар дуудав. Тэр намайг хөлбөмбөгчний минь хувьд, хувь хүний талаас ч тэр асран хамгаалж, хайрлан тэтгэдгийг нь би мэднэ. Тиймээс л “Ливерпуль”-ийн ахлагч нь клубийнхээ удирдлагуудтай үл ойлголцож буйг анхаараад үүнд оролцохоор шийджээ. Энэхүү уулзалтад багийн эзэн, Струан, Рафа, Рик бид нар оролцож, ширээ тойрон суугаад үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Энэ уулзалтаар урьдын адил юу ч шийдээгүй боловч би өрөөнөөс гарахдаа байдал арай дээрдсэнийг мэдэрч байлаа. Машин руугаа алхаж явахдаа Струанд хандан “Тэд намайг явуулахыг хүсэхгүй байх шиг байна” хэмээн сэтгэл хөдлөн хэлэв. Олон дэмий зүйл бодож, тэднийг зүхэж байснаа санан өөрийгөө буруушааж эхэллээ. “Ливерпуль” намайг шахан зайлуулахыг хүсч байна гэж төсөөлж байсан бол тэрхүү уулзалтын дараа клубийн зүгээс арай өөр хандлагатай буйг мэдэрсэн юм. Гэхдээ би бүрэн итгэлтэй болоогүй л байлаа.

Харамсалтай нь бүх зүйл шууд шийдэгдчихсэнгүй. Мягмар гаригийн өглөө сонин гарчиглахад “32 сая!” гэсэн тоог онцолж, “Челси”-гийн тавьсан саналын талаар бичжээ. Удалгүй Рик Струан луу залгаж “Тэд бас л дэмий шуугицгааж байна. Энэ асуудал ингэж сунжирсанд уучлаарай” хэмээн хэлсэн байна.

Тэр үнэхээр үнэн хэлж байна уу? “Ливерпуль”-ийнхэн өнөөг хүртэл дорвитой юу ч хийгээгүй болохоор би тэдний ямар санаатайг сайн мэдэхгүй байлаа. Тэд хөгжөөн дэмжигчдийн эсэргүүцлээс сэргийлэн надтай шинэ гэрээ байгуулна гэж ярьж байгаад цаагуураа “Челси”-тэй тохирчихсон юм биш байгаа? Тэгээд тэднийг эрс шийдмэг алхам хийхэд түлхмээр санагдлаа. Тэгээд Струанаас “Тэднийг намайг зарах хүсэлтэй үгүйг мэдмээр байна. Нэрийг минь наймааны жагсаалтад оруулаач” гэж гуйв. Тэр даруй Струан “Ливерпуль” руу залган энэ тухай хэлэхэд тэд “Үнэхээр та нар үүнийг хүссэн бол одоо жагсаалтад биччихье. Ингээд л боллоо” гэсэн хариуг өглөө. Миний төлөвлөснөөр энэ хүсэлт маань “Ливерпуль”-ийн удирдлагуудын өрөөнд гар бөмбөг тэсэлсэн мэт болох ёстой байлаа.

Долдугаар сарын 5-ны тэр мягмар гариг миний амьдрал дахь хамгийн урт үргэлжилсэн, хүнд хэцүү, дарамттай өдрүүдийн нэг боллоо. Сонинуудад гарч байгаа таамаглал, багийн оффис руу явуулсан хүсэлт, “Ливерпуль”-ээс шинэ гэрээний санал ирэх болов уу гэсэн хүлээлт намайг шаналгаж байлаа. Багтаа үлдэх хүсэлтэй гэдгээ Стамбулд илэрхийлчихээд байхад түүнээс хойш ийм удаан хугацаанд юу ч хийгээгүйд нь “Ливерпуль”-ийнхэнд уур хүрнэ. “Евро-2004”-ийн дараа мөн ийм байдалд орж байснаа эргэн саналаа.

Миний хүсэлт таамаглаж байсанчлан тэднийг хөдөлгөөнд орууллаа. Гэвч Рик шууд л намайг өөр багт очих хүсэлт гаргасан хэмээн олон нийтэд мэдээлчихэв. Би гэртээ нэг гартаа утсаа, нөгөө гартаа удирдлагаа атгачихаад өөрийнхөө “гол дүрд нь тоглосон” энэхүү төгсөшгүй олон ангит киноны хэсгийг “Sky” сувгаар үзэн сууж байлаа. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд намайг ийм шийдвэр гаргаснаар цаашид хэрхэх, тамирчны замнал нь яаж үргэлжлэх вэ гээд ирээдүйн минь талаар мэдэмхийрэн маргацгаах аж. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд, Шэнкли Гейтийн дэргэд хөгжөөн дэмжигчид 17 дугаартай ЖЕРРАРД гэсэн бичиг бүхий миний хуучин өмсгөлийг шатааж буй бичлэгийг

үзээд толгойдоо дэлсүүлэх шиг боллоо. Чөтгөр аваг, тэд намайг хүндэтгэдэггүй гэж үү? Хэрэв багаасаа явахад хүрвэл энэ нь надад ямар хүнд байхыг тэд ойлгохгүй хэрэг үү? Миний утсанд тасралтгүй дуудлага ирж бараг улайсах шахаж байлаа. Зарим нэг нь дээрх бичлэгийг үзчихээд “Битгий санаа зов доо. Тэгээд зүгээр л телевизийн камер харчихаад зүрх нь хөөрөөд тэгсэн хэрэг” хэмээн тайтгаруулна. Уул нь энэ бол зөвхөн ярилцаж байгаа асуудал шүү дээ. Энэ хаашаа ч шийдэгдэж болох зүйл билээ.

Би аав, Пол ах хоёр луу залгаад “Та нар манайд хүрээд ирээч, тэгэх үү?” хэмээн гуйлаа. Тэр хоёр ч маш хурдан ирлээ. Тэгээд миний өрөөнд орж 20 минут орчим ярилцав. Аав шууд л “Стивен, чи битгий яв л даа” гэж гуйлаа. “Гэхдээ аав аа, та зурагт үзсэн үү? Хөгжөөн дэмжигчид “Энфильд”-ийн гадна талд миний өмсгөлийг шатааж байна шүү дээ. Клубийнхэн тэдний энэ үйлдлийг зогсоохгүй байна. Тэгэхээр “Ливерпуль” намайг үлдээхийг огтхон ч хүсэхгүй байгаа бололтой” гэхэд аав, ах хоёр бие бие рүүгээ гайхан харж, ярьсанд минь итгэсэнгүй. Аав “Чи эндээс явж болохгүй. Хайртай багаа орхих хэрэггүй” хэмээн үргэлжлүүлэн ятгасаар байв.

Аав, Пол ах хоёрыг явсны дараа Алекстай ярилцлаа. Тэр хөлбөмбөгийг сайн мэддэггүй, тоглолтыг бүрэн ойлгодоггүй ч гарцаагүй миний ярьж зөвлөх ёстой хүний нэг билээ. Алекс ч надад үнэтэй зөвлөгөөг өгч чаддаг. “Стиви, энэ бол чиний л шийдэх асуудал.

Чамайг ямар ч шийдвэр гаргасан, би түүнийг чинь дэмжих болно. Мадридад тоглоё, Лондонд очъё гэж шийдвэл би дагаад л явна. Клубээ орхисон, эндээ үлдсэний алинд ч би чамтай л хамт байх болно” хэмээн тэр хэллээ. Алекс зөвхөн миний төлөө л санаа зовниж байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд би огт өөр хүн болсныг тэр маш сайн мэднэ. Түүний хэлсэн үгнээс би маш их хайр, энэрлийг мэдэрч, сэтгэл минь тайтгаран айдас, эргэлзээ багасах шиг болсон. Ийн ярилцаж суухад минь хөөрхөн охин Лилли-Элла маань биднийг огтхон ч анзаарсан шинжгүй өрөөгөөр дүрсгүйтэн гүйсээр байлаа. Миний амьдрал ийм л байвал болно шүү дээ.

Струан надад ямар хүнд байгааг мэдэх болохоор намайг тайтгаруулахаар гэрт ирлээ. Ангалын ирмэгт арай ядан тогтон зогсож байгааг минь тэр сайн мэдэх билээ. Түүнийг орж ирэхэд би зурагтаар гарах мэдээг хараад нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн хөдөлгөөнгүй сууж байсан гэсэн. Удаан үргэлжилсэн энэ бүх шуугиан, цуурхал намайг бүр туйлдуулж гүйцжээ. Зүрх минь толгойдоо гарчихсан мэт чангаар лугшина. Тиймээс парацетамолыг яг л чихэр шиг ууж байсан. Нөхцөл, байдал яагаад иймдээ хүртэл муудчихав? Би Струан руу хараад “Би сар гаруйхны өмнө л Европын цомыг өргөөд баярлан хашгирч байсан. Тэгээд хотоороо хагас сая хүнд түүнийг харуулаад явж байлаа. Бүр наймтай байхаасаа л ордог болсон уушийн газруудад хөгжөөн дэмжигчидтэйгээ баяраа тэмдэглээд л. Гэтэл одоо тэд миний өмсгөлийг шатааж байх юм. Диваажин мэт байсан энэ газар яагаад гэнэт тамын ертөнц болчихов?” хэмээн гомдоллон хэлэв. Яг энэ мөч бол миний хөлбөмбөгчний замнал дахь хамгийн хэцүү үе байлаа.

Хамаг бие минь янгинан өвдөж, хөдлөхөд ч бэрх болсон мэт мэдрэгдэнэ. Ямар нэг хүч намайг доош нь дарж, харанхуй руу түлхээд байгаа юм шиг санагдаж байлаа. Энэ байдлаас гаръя гэж хичнээн хичээвч огт нэмэргүй. Толгойны өвчингөө дарж, сэтгэлээ тайтгаруулах гэж ууж байсан парацетамол ч нөлөөлөхөө болилоо. Тэгээд өөрийн сайн найз, итгэлт эмч Уоллер рүү залгав. Тэр бол жинхэнэ эр хүний тод жишээ билээ. “Эмч ээ, миний бие тавгүй байна. Чухам яагаад байгаагаа ойлгохгүй байна” гэхэд тэр төдөлгүй хүрч ирэв. Тэр ирээд юуны түрүүнд сэтгэлийг минь тайтгаруулахыг хичээлээ. Би түүнд маш их итгэдэг, тэр ч надад хэрэгтэй зүйлийг хийж чаддаг юм. Клубийн бусад тоглогчид ч ялгаагүй Уоллер эмчийг хүндэтгэж, итгэл хүлээлгэдэг.

Уоллер эмчтэй ярилцсаны дараа “Энфильд” дэх хүмүүс надад ямар их халамж тавьдгийг ойлгосон. Эмчийг явсны дараа энэ тухай бодон хэсэг хэвтээд “Стиви, ноён Мур намайг өрөөндөө дуудан уулзалт зохион байгуулсан нь клуб чамд хэр хайртай вэ гэдгийг харуулсан хэрэг биш гэж үү?” хэмээн өөртөө хэллээ. Тэгээд ийм сайхан хүрээллээс гарах нь надад ямар уршиг учруулж болох талаар бодож эхлэв. “Ливерпуль”-ийн хувцсыг өмсөхийг мөрөөдөж явсан он жилүүд, багтайгаа холбогдсон түүх, тоглосон улирлуудаа эргэн саналаа. Би ахлагчийн туузаа үргэлжлүүлэн зүүх болов уу? “Ливерпуль”-д үлдэхэд клубийнхэн болон хотынхон намайг дэмждэг хэвээрээ байх уу? Эсвэл аав, ах хоёрынхоо урмыг хугалах уу? “Ливерпуль”-ийн галзуу хөгжөөн дэмжигч тэдний хувьд миний энэ үйлдэл урван тэрсэлсэн явдал болох билээ. Хэрэв тэгсэн тохиолдолд хамгаас хайрт аавынхаа нүд рүү дахин эгцэлж харж чадах уу? Би ч гэсэн өөрийгөө тольдож зүрхлэх үү? Энэ мэт үй түмэн асуулт ар араасаа хөвөрсөөр. Би үнэнч Копуудын урмыг хугалж, багаа орхих гэж үү? Шэнкли Гейтийн дэргэд камер хараад хөөрсөн хөгжөөн дэмжигчид өмсгөлийг минь шатаах тэр дүр зургийг мартъя л даа. “Ливерпуль”-ийн фанатууд багтаа байсан тоглогчдыг өөр клубт очсон ч харсаар, дэмжсээр байдаг билээ. Харин би “Челси”- гийн хувцсыг өмсөөд Копуудын өмнө “Ливерпуль”-ийн эсрэг тоглож чадах уу? Стиви, сайн бод. Гол нь зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Би үнэхээр эндээс явах хэрэгтэй гэж үү? Мэдээ орох цагаасаа л энд байсан би мэдэхгүй, танихгүй газар очоод амьдарч чадах уу?

Үгүй ээ, үгүй. Энэ бол миний хувьд хадан хясаан дээрээс үсрэхтэй адил юм байна. “Челси”-д очсоноор өмнө минь амжилтын их зам нээгдэх төлөв харагдаж байгаа ч зүрх сэтгэл минь “Ливерпуль”-ийг орхихыг зөвшөөрөхгүй хэвээр. Миний хөөрхөн бяцхан охин маань ч өөр тийшээ явахад дурлахгүй байсан болов уу. Мадрид юм уу, Лондонд очоод амьдралаа төвхнүүлж, орчиндоо дастлаа хэр удах вэ? Лилли-Элла маань энд үеэлүүд, мөн сургуулийн найзуудтайгаа гэрийнхээ ойролцоо тоглон гүйхдээ л хамгийн аз жаргалтай байдаг билээ. Түүнчлэн Алексийг ч мөн адил зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө дасал болсон энэ орчноос холдуулж болох уу? Тийм ээ, би ингэж чадахгүй юм байна. Би Ливерпульд байгаа бүхнээ алдахаас айж байлаа. Ийнхүү бодсоны дараа намайг нөмрөөд байсан хар үүл арилж, сэтгэл минь цэлмэх шиг боллоо. “Челси”-д очвол цалин хөлс, амжилт гээд олон талаар миний хувьд ахиц гарах ч “Ливерпуль”-д энэ бүхнийгээ үзүүлэхийн төлөө яагаад явж болохгүй гэж. Би энэ клубийн ахлагч нь байсан. Бид Рафагийн удирдлагад тоглосон эхний жилдээ “Аваргуудын лиг”-т түрүүллээ. Хамтран ажиллаж байсан дасгалжуулагчдаас минь хамгийн чадварлаг нь тэр гэдгийг би баттай хэлж чадна. Тиймээс цаашид биднийг илүү өндөр амжилтад хүргэнэ гэдэгт итгэл төгс байна.

Олон зүйлд самууран будилсны эцэст би шийдвэрээ гаргалаа. Хүчтэй салхи, шуурганы ард нь гарчээ, би. Орой 11 цаг болж байх үед Струан луу залгаад “Намайг үлдмээр байна гэдгийг Рикт хэлээд өгөөч” гэж хэллээ. Стру ч тэр даруй Риктэй холбогдон миний хүссэнийг дамжуулжээ.

“Одоо өөр санал тавьж болох уу?” “Болно, мэдээж”.

“Стиви багтайгаа гэрээгээ сунгамаар байна гэлээ”.

Бурхан минь, бүх асуудал ингээд эцэслэдэг байжээ. Дэлбэрчих шахан хурдан цохилж байсан зүрхний хэмнэл удааширч, бие маань тайвширч буйг мэдрэв. Парацетамол ч уухаа болилоо. Долдугаар сарын 6-ны лхагва гаригийн өглөө би сүүлийн хэдэн долоо хоногт анх удаа инээмсэглэн сэрсэн. “Мелвүд” рүү Рафатай уулзахаар явах замдаа клубийн эзний Халсалл дахь гэрээр нь дайраад гарлаа. Ноён Мурс бол “Ливерпуль”-д яг л над шиг зүрх сэтгэлээ өгсөн хүн. Сар гаруй үргэлжилсэн энэ бүх шуугиан түүнийг ч мөн шаналгасан нь лавтай. Тэр “Энэ ийм удаан үргэлжилсэн гэхэд итгэмээргүй юм” хэмээгээд клубийн зүгээс шинэ гэрээ байгуулахад хойрго хандаж байсанд сэтгэл дундуур буйгаа өгүүлэв. Тэгээд “Чи ийм эрт наашаа ингээд гүйж явахын оронд зүгээр л утсаар ярьчихгүй дээ?” гээд хэсэг бодолхийлснээ “Стиви, би чамайг уруу царайлан толгойгоо гудайлгаж явахыг харах дургүй. Ахиж ийм зүйл тохиолдохгүй гэж найдаж байна” хэмээлээ. Ноён Мурстай ярилцсан энэ хэдхэн хором “Энфильд”-д үлдэх шийдвэр гаргасан минь зөв алхам байжээ гэдгийг баталлаа.

Тэднийхээс гараад “Мелвүд”-ийн зүг хурд мэдэн давхисан. Тэнд очингуутаа Рафагийн өрөөнд орон “Дасгалжуулагч аа, би энд үлдэхээр болсон. Харин та надаар ахлагчийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх үү?” хэмээн асуухад түүний нүүрэнд инээмсэглэл тодрон “Туузаа өөртөө хадгал даа” хэмээн хариулсан.

Бурхандаа талархъя. Надад ахлагчийн туузыг үлдээнэ гэдэг шаналсан зүрхийг минь анагаахад маш их дөхөм болох билээ. Үл ойлголцол, сөргөлдөөнийг зогсоох шийдвэрлэх алхмыг би хийсэн болохоор ингэх ч эрхтэй биз ээ. Өнгөрсөн хугацаанд клубийнхнийгээ үл ойшоон элдэв бодол агуулж байсандаа Рик болон Рафагаас хүлцэл өчлөө. Тэд ч мөн надаас уучлалт гуйв. Ийнхүү хавцлын ирмэг дээрээс холдсон ч “Ливерпуль”- ийнхэн намайг энэ байдал руу түлхэж байсныг нь бодохоор сэтгэлийн мухарт гоморхол байсаар. Ер нь хэн хэн нь энэ бүхэнд 50, 50 хувийн буруутай байх. “Ливерпуль”-д арай эрт үүнийг шийдэх боломж байсан. Тэд намайг “Энфильд”-ээс шахан зайлуулахад тун ойрхон байлаа шүү дээ. Хөгжөөн дэмжигчдээс маань таагүй үгтэй захидлууд тасралтгүй ирсээр. Гэхдээ л Копуудын олонх нь энэ хугацаанд надад ямар хүнд байсныг ойлгох болов уу. Долдугаар сарын 8-ны баасан гаригт шинэ гэрээнд гарын үсэг зурахын өмнө Рикт хандан “Энэ гэрээнээс өөр багт шилжих нөхцөл бүхий өгүүлбэрүүдийг хасаарай. Би хэзээ ч “Ливерпуль”-ээс явахгүй” гэж хэллээ. Миний өмнөх гэрээнд “Ливерпуль”- ийн амжилт муудах, эсвэл үйл ажиллагаа нь доголдвол өөрийн хүсэлтээр өөр багт очиж болох тухай заалт байсан. Харин би шинэчилсэн гэрээнд ийм зүйл тусгахыг хүсээгүй юм. Баасан гаригийн өглөө гэрээнд гарын үсэг зурахад яг л хайрын захиа бичиж байгаа мэт мэдрэмж төрж байсан. Хэсэгхэн хугацаанд “Челси”-тэй хийсэн сээтэгнэл минь ийн төгсгөл болсонд хамгаас илүү баяртай байлаа.

МИНИЙ ҮЗЭСГЭЛЭНТ ГУРВАН ЭРСЛЭН-АЛЕКС, ЛИЛЛИ-ЭЛЛА, ЛЕКСИ

"Челси”-тэй холбогдсон шуугиан Алекс бид хоёрын хайр дурлалыг ямар бат бөх, гүн гүнзгий вэ гэдгийг баталж өгсөн гэж боддог. Үзэсгэлэнт Алекс маань ямар ч хүнд үед миний дэргэд байж, олонд хэлж зүрхлэхгүй зүйлсээ би түүнд дэлгэн сэтгэлээ уудалдаг байлаа. Хэдийгээр тэр юу болов, яав гэж байнга шалгаагаад байхгүй ч надтай юу тохиолдсоныг, надад юу хэрэгтэйг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байсан. Тэр хөлбөмбөгчний эхнэр боловч энэ спортыг сонирхож, ойлгохыг хичээж байсан нь үгүй. “Челси”-тэй холбогдсон тэрхүү шуугианы үеэр л би Алекстай амьдралдаа цорын ганц удаа хөлбөмбөгийн тухай ярилцаж үзсэн. Алекстай үерхээд дөрвөн жил болчихсон, бидний дундаас Лилли-Элла гэдэг хөөрхөн бяцхан гарчихсан байсан 2005 оны зун би өөр баг руу явах эсэхээ шийдэхийн тулд тийн ярилцсан билээ. Тэгэхэд би амин хувиа хичээгээд “Ливерпуль”-ийг орхих эсэх талаар өөрөө шийдэж болох байсан. Харин эхнэртэй, үр хүүхэдтэй болсны хувьд гэр бүлийн эрх ашгийн үүднээс харилцан зөвлөлдсөн юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам Алекс бид хоёр нэг нэгэндээ уусан одоо бараг л нэг хүн шиг болжээ. Би түүний нүд рүү харахдаа өөрийгөө тольдсон мэт санагддаг. Мэдээж Алекс намайг “Ливерпуль”-дээ болон Английн шигшээ багт ямаршуу тоглож байна вэ гэдгийг сонирхдог. Гэхдээ түүний спортын, хөлбөмбөгийн мэдлэг нь энэ талаар яриа өрнүүлэхэд хангалтгүй. Хөлбөмбөгийн хичнээн их мэдлэгтэй бүсгүй байлаа гээд эмэгтэй хүнд “Чи зургаан удаа цохилт хийгээд хоёрыг нь хаалганы гадуур явуулчихсан. Оновчтой цохилт хангалтгүй байгаа юм биш үү” гэж хэлүүлэх нь тийм ч таатай зүйл биш санагддаг юм. Ингэж хэлүүлэхээр мэдээж хэний ч уур хүрнэ. Би Алекстай үерхэхээсээ өмнө цөөнгүй охинтой болздог байлаа. Тэдний ихэнх нь “Ливерпуль”-ийн фэнүүд байсан учир “Оуэн юунд дуртай вэ?”, “Карра чөлөөт цагаараа юу хийдэг вэ?” гэх зэргээр голдуу манай багийнхны талаарх асуултад булуулдаг байв. Үүнд би дургүй. Тэд надтай үерхэж байгаа бол зөвхөн намайг сонирхож, надад санаа тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээд л утасны дугаарыг нь устгаж, дурсамжаа толгойноосоо арчдаг байлаа. Харин Алекс хөлбөмбөгийг огтхон ч сонирхдоггүйгээрээ онцгойрдог. Тэр надтай үерхэх болсноосоо хойш байнга л хөлбөмбөг үздэг ч одоо болтол дүрмийг нь ойлгохгүй хэвээрээ. “Энфильд”-д зүгээр л хөгжөөн дэмжигчдийн уур амьсгалыг мэдэрч, мөн охид, бүсгүйчүүдийг харах гэж очдог юм. Тоглолтын дараа гэртээ харихад Алекс хөлбөмбөгийн тухай нэг ч үг унагахгүй. Хөлбөмбөг бол миний ажил амьдрал гэдгийг Алекс мэддэг ч цаг хором бүрт л үүнд ач холбогдол өгч, гадаа гэргүй хөлбөмбөгийн талаар ярьж байх нь түүнд таатай байхгүй гэдгийг би ойлгодог.



Би Алекст анхны харцаараа л дурласан. Түүнийг харсан тэр мөчид миний зүрхний цохилт түргэсэн амьдрал минь түүнтэй салшгүй холбоотой байна гэдгийг мэдэрсэн. Алексийг хараад толгойндоо алхаар цохиулсан мэт яахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогсож билээ. Амьсгалахад хэцүү болж, цээж давчдаад бүр юм ярья гээд үг гарахгүй байв. Нүд салгалгүй ширтэх намайг тэр анзаарчээ. Над руу харахад нь харцаа буруулаад нүдийг нь хариулж байгаад дахиад л түүнийг ширтэнэ. Тэгээд өөртөө энэ эмэгтэйтэй заавал болзох ёстой гэсэн тангараг тавьж байлаа. Алексийг анх харсан тэр мөчөөс хойш түүнээс өөр зүйл бодогдохоо больж, түүний тухай ихийг мэдэхийг хичээж эхлэв. Алекстай хоёулхнаа байх мөчийн тухай мөрөөдөн бодно. Энэ тухайгаа сайн найз Дэнни Мэрфидээ хэлж байсан. “Тэр үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан бүсгүй юм аа. Би түүнд дурлачихлаа” гэж хэлсэн.

Тэгээд Алексийн найз нэг танил руугаа залгаад “Стивен Жеррард дугаараа өгөөч гэнэ ээ. Тэр чамтай болзмоор байна гэнэ” гээд хэлээд өгөөч гэж гуйв. Гэтэл Алекс түүнд “Хэрэв Жеррард үнэхээр надтай ярилцахыг хүссэн юм бол өөрөө залгаж чадах байлгүй дээ. Би хэн нэгний зуучлалаар болзоонд явдаг хүн биш” хэмээн хариулсан байлаа.

Би гэртээ сандарч мэгдэн хэсэг сууснаа нэг гүнзгий амьсгаа аваад зориг гарган түүний дугаар луу залгав.

“Сайн байна уу, Алекс. Намайг Стивен Жеррард гэдэг. Би урьд нь чамайг харж байсан юм”.

“Өө, сайн байна уу”.

Түүний дууг сонсонгуутаа л би дахин сандарч эхлэн хоолой хатан гэдэс эвгүйрхэх шиг болов. Би өөртөө “Чи үүнийг заавал хийх ёстой шүү. Одоо л үгүй бол өөр хэзээ ч биш” хэмээн хэллээ.

“Чи надтай хамт оройн зоог барихгүй биз?”

“Үгүй ээ. Би чамайг танихгүй. Би танихгүй хүнтэй болздоггүй”.

Ингээд утас тасарлаа. Яахаа мэдэхгүй хэсэг чимээгүй суув. Ингээд бууж өгч болохгүй шүү. Магадгүй тэр ичээд, утсаар гэнэт ийм үг сонссондоо сандраад тэгж хариулсан байх. Түүнд жаахан хугацаа өгч, энэ талаар эргэцүүлэх боломж олгоод хэд хоногийн дараа залгая гэж шийдлээ. Товлосон өдөр маань ч ирэв. Хоёр дахь оролдлого.

“Алекс, Стиви байна аа. Чи намайг танихгүй гэдгийг би ойлгож байна л даа. Гэхдээ чи надтай уулзаж байж л намайг таньдаг, мэддэг болно шүү дээ. Чи миний саналыг хүлээн авна уу?”

Түүнийг утсаа шидчих вий гэсэндээ энэ бүхнийг бараг нэг амьсгаагаар хэлж амжлаа. Харин энэ удаа Алексын хоолойны өнгө урьдынхаас хамаагүй найрсаг болсон нь анзаарагдав.

Тэр “За яах вэ, бодож үзье” хэмээн хариуллаа.

Маргааш нь түүн рүү дахин залгахад хүссэн хариугаа авав. “За, чиний урилгыг хүлээж авлаа” хэмээхэд нь магнай хагартлаа баярлаж билээ. Ярьж дууссаныхаа дараа дугаарыг нь утсан дээрээ хадгаллаа. Ингэхдээ бас болгоомжлохоо мартсангүй. Бэлтгэл юм уу, тоглолтын дараа шүршүүрт орж байх хооронд багийнхнаас маань тоглоом шоглоом хийн утсан дээрх дугаарууд руу мессеж бичих, ярих тохиолдол нэг бус удаа гарч байсан юм. Аягүй бол гай болж Алекс руу шалиг үгтэй мессеж биччих ч юм бил үү. Ямар ч байсан “Алекс Курран” гэсэн нэрээр хадгалж болохгүй. Тэгээд “Алан Корк” гэсэн нэртэй адилхан үсгээр эхэлсэн болохоор ингэж бодог гээд “АК” гэж бичлээ.

Энэ баярт мэдээгээ хамгийн түрүүнд Дэннитэй хуваалцахаар шийдэв. “Би Алекс Курраны дугаарыг олоод ярьсан. Тэр надтай болзоонд явахыг зөвшөөрлөө. Би маш их баяртай байна” гэж бичсэн. Гэтэл “Илгээх” гэсэн товчийг дарсныхаа дараа Дэнни рүү биш, Алекс руу мессежээ явуулчихсан юм шиг санагдав. Миний бичсэн мессежийг илгээн ачааллаж байгаа утасныхаа улаан товчлуурыг хичнээн дарсан ч нэгэнт оройтжээ. Хэнд нь очсон бай, нэгэнт өнгөрчээ.

Сандарснаас болоод хамар дээгүүр хөлс бурзайсан байв. Дэннигийн дугаар луу явуулсан байгаасай гэж найдан түүнээс хариу ирэхийг хүлээн хэсэг суулаа. “Алив Дэнни, надад хариу бич л дээ. Тэр мессежийг Алекс биш, чи авсан гэдгийг нотлооч” хэмээн бодож байсан. Гэвч ямар ч хариу ирсэнгүй. Хүлээж тэвчилгүй Дэнни рүү залгав.

“Би дөнгөж сая чам руу мессеж явуулсан. Чи авсан уу?” гэхэд тэр “Үгүй” хэмээлээ. “Дөнгөж таван минутын өмнө л явуулсан даа” гэхэд Дэнни “Стиви, би өчигдөр оройноос хойш чамаас мессеж хүлээж аваагүй” гэж хариулав. “Чөтгөр аваг, тэгэхээр Алекс руу явуулчихсан байх нь ээ”.

Зориг гарган түүн рүү залгаад “Миний дугаараас чамд мессеж очсон уу?” гэж асуув. Ингэхдээ дотроо тэгээгүй л байгаасай хэмээн залбирсаар байсан. Харилцуурын цаанаас “Тийм ээ” гээд инээх нь сонсогдлоо. Араас нь “Чи ч будлиу нөхөр юм аа” хэмээн тавлаж байх юм.

Тухайн үед би болзоонд очихдоо түүний нүүрийг яаж харна даа гэж бодож байлаа. Харин энэхүү эндүүрэл бид хоёрын харилцаанд том түлхэц болсон. Анхны болзоондоо очиход бид хоёрын хэн хэн нь ичээд бараг юм ярихгүй байв. Харин мессежийн тухай сануулахад тэр писхийтэл инээд алдан түүнээс хойш бид хоёр 4-5 цагийн турш зогсоо чөлөөгүй ярилцан хөгжилдөж билээ. Тун амттай зоог, хэдэн шил улаан дарсыг инээдээр хачирласан тэр үдэш үнэхээр гайхалтай өнгөрсөн. Ийнхүү би анхны болзоогоороо Алекс Курраныг баттай уургалж чадлаа. Мэдээж Дэнни миний яаж бүтэлгүйтсэн тухай багийнханд хэлж, тэд ч намайг хэсэг хугацаанд шоолж элэглэсэн. Гэхдээ ингэлээ гээд яах вэ дээ, гол нь би дурлалт бүсгүйнхээ сэтгэлийг татаж чадлаа.

Алдартай клубийн гол тоглогчдын нэг нь болоод ч тэр үү, намайг бүсгүйчүүд их сонирхдог. Эгчтэй, эсвэл эмэгтэй дүүтэй юм шиг санагддаг үе их байлаа. Алекстай танилцахаас өмнө хөөрхөн охидтой уулзахын тулд уушийн газруудаар бишгүй явдаг байсан. Сургууль төгссөнөөсөө хойш 21 нас хүртлээ мөн ч олон охинтой уулзаж, болзож явжээ. Гэхдээ тэдний хэн нь миний сэтгэлийг татаагүй. Харин Алексийг харсан тэр мөчид энэ бүхнээ эцэс болгох цаг болжээ гэдгийг ухаарсан юм. Алекстай болздог болоод удаагүй байхдаа түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахаа больж, хурдхан л үр хүүхэдтэй болохыг хүсч эхэлсэн. Би 21, Алекс 22 настай, хэн хэн нь залуу байсан ч гэр бүл болж, гал голомтоо бадраахыг хүссэн. Тэгээд хамтдаа хэдэн жилийг өнгөрүүлсний дараа аав болох хүсэлтэй буйгаа түүнд хэллээ. Энэ нь миний хөлбөмбөгчний замналд ч том түлхэц болно гэдгийг мэдэрч байв. Алекс ч гэр бүлээ цогцлоох цаг нь болсон гэдэгтэй санал нийлэн хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн.

Лилли-Эллаг төрөхийн өмнө би маш их айж байв. Ливерпулийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт юунд найдаж, хэнд залбирахаа мэдэхгүй сандран очиж билээ. Хүмүүс энэ тухай өчнөөн л хэлж байсан ч яаж ч хичээгээд сэтгэл санаагаа хүүхэд төрөх мөчид бэлтгэж болдоггүй юм билээ. Хүн болгон л Алекст хүүхэд төрүүлэх нь ямар хэцүү байдгийг хэлж байсан болохоор бидний хэн хэн маань санаа зовж байлаа. Хайрт гэргийгээ төрөх үед би түүний гарыг хором ч тавилгүй атган зогссон. Амаржих өрөөний гадна үлдээрэй гэж зөвлөх хүн цөөнгүй байсан ч би тэгэхийг хүсээгүй. Охин минь хорвоод дөнгөж мэндлэх тэр мөчийн гэрч болсноороо би хайрт Алексийнхаа зориг тэвчээрийг улам биширч, түүгээрээ бахархаж байлаа. Хөлбөмбөг тоглох хугацаандаа гайхалтай ялалт олныг байгуулж, бахдалтай түрүү нэг биш хүртэн баярлаж хөөрч явсан ч энэ нь гарт багтах эгдүүтэй жижиг хөл, гар, өхөөрдөм энхрий царайтай бяцхан охид минь хорвоод мэндэлсэн тэр мөчтэй харьцуулашгүй ажээ.

Английн шигшээ баг Германд болох ДАШТ-ийг зорихын өмнөхөн хоёр дахь охин Лекси маань төрсөн. Лилли-Эллаг мэндлэх үеийнхтэй мөн адил баярласандаа хоолой дээр минь бөөн юм тээглээд дотор огшиж байж билээ. Ихэнх эрчүүд хүүхдээ мэндлэх мөчид сэтгэл хөдлөлөөсөө болоод нулимс унагадгийг би мэднэ. Би ч гэсэн тэдний нэгэн адил. Хүүхдээ анх харахдаа би юуны түрүүнд гар, хөлийн хурууг нь тоолж, эсэн мэнд, эрүүл саруул эсэхийг нь нягталдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ургийн гаж төрөлт гэх мэт мэдээг өчнөөн сонссон болохоор дотроо битүүхэн эмээж байсан хэрэг. Харин бурханы авралаар Лилли-Элла, Лекси нар минь эрүүл саруул өсч бойжиж байна. Гэргий минь надад хөөрхөн охид төрүүлж өгөхөд би Алексийгаа улам хайрлаж, түүгээрээ бахархдаг.



Хүмүүс Алекс, бид хоёрыг хүүхдүүддээ яагаад ийм нэр өгснийг үргэлж асуудаг. Хариулт нь маш энгийн. Би охиндоо Лилли гэдэг нэр өгөхийг хүссэн, харин Алекс Элла гэсэн нэр сонгосон. Ингээд л бид хоёр хэн хэнийхээ сонгосон нэрийг нийлүүлээд өгсөн хэрэг. Хэрэв ууган хүүхэд маань хүү гарсан бол Жоржи гэж нэрлэх байлаа. Миний дунд нэр Жорж. Өвөөгийн маань нэр мөн ийм. Харин хоёр дахь хүүхэд маань ямар нэг байдлаар ээжтэйгээ холбогдохыг хүссэн юм. Тэгээд Алекса, Александра гэсэн нэр өгөх эсэх талаар бодож байгаад Лекси дээр тогтсон. Алексийг амаржих хүртэл бид хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй байлаа. Тиймээс эрэгтэй, эмэгтэй ямар ч хүүхдэд тохирох нэрийг сонгосон нь тэр юм. Урьдын адил Алексийнхаа гараас атгаад зогсож байхад эх баригч “За толгой нь гараад ирлээ, одоо дахиад жаахан дүлчих. Ямар хөөрхөн охин бэ?” хэмээн хэлж байв. Энэ мөчид “Охин” гэсэн үг чихэнд минь тод сонсогдож, Лилли-Эллатай хамт тоглох өөр нэг охинтой болсондоо баярлаж билээ.

Алексийг төрөхийн өмнө би эмнэлэгт Робби Фаулертай мессежээр харилцаж байсан. Түүний эхнэр Керри хүү Жэкобоо төрүүлэхээр хонгилын нөгөө үзүүр дэх өрөөнд орсон юм. Робби бид хоёр эхнэрүүдийнхээ биеийн байдлын талаар бие бие рүүгээ бичиж байв. Мөн энэ зуур хөлбөмбөгийн тухай ч бичээд амжсан. Лексиг мэндлэхийн өмнөхөн Роббид “Чи камераа түр хэрэглүүлээч. Би өөрийнхийгөө гэртээ мартчихаж” гэсэн мессеж явуулахад тэр зөвшөөрлөө. Тэгээд хоёр талаас гүйн хонгилын голд уулзаад би амаржих өрөө рүү яаран буцав. Лекси өглөөний 9.33 цагт төрсөн бол Жэкоб орой таван цаг гээд мэндэлжээ. 5.10 цагт Фаулераас “Би чиний дараагийн дугаарыг эзэмшдэг шиг Жэкоб хүү маань Лексигийн дараа төрлөө” гэсэн мессеж ирсэн. Үүнийг уншаад шаргал үст охидыг минь 14-15 нас хүрсэн үед Фаулерын хүү нь эргүүлж байх болов уу гэж төсөөлөөд инээж билээ. Хэрэв Жэкоб Керриг дууриасан бол охид маань түүнийг тоож магадгүй юм. Харин Роббитой адилхан бол түүнд боломж олдохгүй байх.

Алекс хоёр охиндоо сайн ээж байхын зэрэгцээ миний түшиг тулгуур болдог. Ээж, аав хоёр минь салах үед тэр хад чулуу мэт хаттай байсан. Энэ зовлон шаналлыг даван туулах гэж ядаж байгаа надад зүгээр л хайр энэрэл, халамжаа мэдрүүлж байснаас хэрэгт дурлаж, хошуу нэмж байгаагүй билээ. Мэдээж түүний чанасан цай болгон нь амттай байдаггүй ч би түүний юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Би түүнд маш их хайртай.

Алексийн хэрхэн хувцаслаж буй талаар сонинууд нийтлэх болсон нь түүний ажилд тодорхой хэмжээгээр дэм болсон. Би хувьдаа эхнэр маань сайхан хувцасладаг бүсгүйчүүдийн тоонд орно гэж боддог. Сонин хэвлэлийнхэн түүнийг гаднах байдлаар нь л дүгнэж болох юм. Алекс бол хүний хувьд маш гайхалтай нэгэн билээ. Үндэслэлгүй элдэв зүйл бичих хэвлэлийнхнээс заримдаа залхах бөгөөд эцэст нь тэр “Daily Mirror”-т өөрийн гэсэн булантай болохоор шийдсэн. Үүгээрээ жинхэнэ Алексийн мөн хүнийг таниулж, сайн ээж, халамжтай хань, энгийн л нэг хүн гэдгээ хүмүүст таниулж мэдүүлэхийг зорьсон. Хүмүүс түүнийг өдөр болгон л дэлгүүр хэсдэг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг юм билээ. Энэ бол бодит байдалтай огт нийцэхгүй яриа. Сонинуудад үе үе гарах нийтлэлд нэг л зургаа дахин дахин ашиглах ба тэр нь Алекс надад, гэр бүлийнхэндээ хувцас аваад явж байсан үеийн зураг байдаг юм. Харин би бараг Алексаас илүү олон хувцас өмсдөг байх. Тэр бүхнийг Алекс л явж худалдан авдаг юм. Гэргий маань их ажлынхаа хажуугаар олдох багахан зав чөлөөгөө охиддоо л зориулдаг. Харин миний хамгийн эн тэргүүнд анхаарах зүйл маань “Ливерпуль” болон Английн шигшээ багт сайн тоглох байдаг.

Хэдэн жилийн өмнө бол би найзуудтайгаа гольф цохиж, бильярд тоглон цаг нөхцөөдөг байлаа. Манай “Ливерпуль”-ийн залуусын ихэнх нь мөрийтэй тоглоом тоглоно. Бэлтгэл дуусангуут тэд казино, бооцоот тоглоомын газар луу харвасан сум шиг л алга болдог. Харин миний хувьд мөрийтэй тоглоом гэдэг учир утгагүй зүйл. Аав маань морин уралдаанд дуртай байсан ба өдөр болгон л зурагтынхаа өмнө хашгичин зогсдог байж билээ. Үүнд нь би маш дургүй. Аав “Би тэд дэх морин дээр жаахан мөнгө тавьчихлаа. Чи бооцоо тавих уу?” гэж асууна. Аавынхаа шахалтаар хааяа нэг ингэж бооцоо тавьсан нь бий. Гэхдээ бусад шиг хэдэн мянгаар мөрийцөгч би биш. Би морин уралдааныг үзэж чаддаггүй юм. Энэ миний сонирхох зүйл яавч биш. Хэрэв гэртээ ирэхэд зурагтаар тийм зүйл гарч байвал шууд л унтраачихдаг. “Мелвүд”-д манай багийнхны зарим нь бараг морь судлаач болчих шахан ном, сэтгүүл эргүүлэн суудаг. Багийнхан маань ийнхүү бэлтгэлийн дараа бооцоот тоглоомын газар луу хөл нийлүүлэн алхдаг бол би харин гэр лүүгээ, охид руугаа яардаг.

Гэрийнхээ босгоор алхангуут л өрөөний нөгөө талаас Лилли-Элла маань хар хурдаараа над руу гүйн ирнэ. Мерсисайдын баруун хойд дүүрэг Формбайд авсан шинэ сууц маань усан сантай бөгөөд би тэнд охидтой хамт сэлэх дуртай. Өөр хот руу тоглолтоор явах үедээ тэднийгээ маш их санадаг. Тоглох хотдоо очоод зочид буудлын өрөөнд оронгуутаа л Алекс болон охидынхоо зургийг гаргаж ирээд гэртээ харин тэднийгээ тэврэн зогсох мөчийг төсөөлөн бодоод эхэлдэг юм. Ирээдүйд би хүүтэй болохыг мөрөөддөг. Тэгээд хүүгээ цэцэрлэгт хүрээлэнгээр дагуулан алхаж, гэрийнхээ гаднах талбайд хамт хөлбөмбөг тоглоно. Хэрэв би хүүтэй болох аваас тэр маань хэзээ нэгэн цагт “Ливерпуль”-ийн төлөө тоглоосой. “Энфильд” дэх Жеррардын тавиланг үргэлжлүүлэх хүүг би хүсэн мөрөөдөж байна.

“МИЛЛЕННИУМ” ДЭХ ГАЙХАМШИГ

Хүүхдүүдээ том болсон хойно ярьж өгөх тун гайхалтай үйл явдал 2006 оны тавдугаар сарын 13-нд болж билээ. Бидний суусан автобус Кардиффийн “Милленниум” цэнгэлдэх хүрээлэн рүү дөхөх тусам хөгжөөн дэмжигчдийн уухайлан хашгирах нь улам тодорсоор байлаа. Энэ үед би шийдвэрлэх мөч ойртож буйг мэдрэн “Энэ цомыг бид авах ёстой. Энэ үдэш биднийх байх болно” хэмээн өөртөө хэлж, зоригжуулж явав. Энэ цаг үе бол миний хувьд хөлбөмбөгчийн тал дээр ч, хувийн амьдралын талбарт ч ид оргил үе тохиогоод байлаа. Хайртай бүсгүйтэйгээ гэр бүл цогцлоож, хоёр ч хүүхэдтэй болсон бол энэ тоглолтын өмнөхөн Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос тодруулдаг оны шилдэг хөлбөмбөгчийн шагналыг аваад байсан юм. Тиймээс би FA Cup-ын 125 дахь удаагийн тэмцээний аваргын төлөөх тоглолтод тун сэтгэл хангалуун очсон. “Ливерпуль” дэх байр сууриа баталгаажуулж, ахлагчийн үүргээ биелүүлэх боломжийг алдахгүй байхыг өөртөө хором, мөч бүрт сануулж байв. “Ливерпуль”-ийн зүгээс надад итгэл хүлээлгэж, ахлагчийн туузыг өгсөн. Харин үүний хариуг би тоглолтоороо л барих ёстой билээ. Нэг шаахайныхаа хэлэн дээр Лилли-Элла, нөгөө дээр нь Лекси хэмээн бичсэнээ би тоглолтын өмнө үдэх бүртээ харж, өөртөө хүч, зориг нэмдэг.

Багийнхныхаа өмнө алхан цэнгэлдэх хүрээлэнд ороход талбай дээр хөл тавьсан 22 тоглогчийг дэмжин уухайлах “Ливерпуль”, “Вест Хэм”-ийн хөгжөөн дэмжигчид сүр жавхлантай харагдана. Энэ тоглолтод мэргэжилтнүүд ч тэр, хөгжөөн дэмжигчид ялгаагүй бидний хожих магадлалыг илүү хэмээн үнэлж байв. Намайг “Ливерпуль”-д хүчин зүтгэх болсноос хойш “Бирмингем”-тэй тоглосныг эс тооцвол цомын тэмцээний шувтаргад шалгарсан тохиолдол бүрт биднийг хожигдох багт тооцдог байлаа. “Алавес”-ын эсрэг тоглоход хүртэл Премьер лигт тааруухан тоглож байснаас болоод бооцоо испаничуудын талд тавигдаж байсан. “Аваргуудын лиг”-т л гэхэд “Челси”, “Ювентус” гэх мэт луугаруудтай таарахад бидэнд итгэх хүн ховор байдаг билээ. Энэ нь нэг талаар бидэнд давуу талыг олгодог юм. Итгэл хүлээнэ гэдэг ямар нэг байдлаар дарамт ирдэг учир өрсөлдөгчдөд бооцоо өндөр тавигдах нь миний хувьд таатай, ашигтай зүйл. Харин энэ удаа байдал өөр байсан. Бүгд л биднийг “Вест Хэм”-ийг зоволгүй хожно гэж байв. Мэдээж бид өрсөлдөгчөө дутуу үнэлээгүй. Гайхалтай дасгалжуулагч Алан Пэрдью удирдаж, авъяаслаг тоглогч Найжел Рео-Кокерын ахалсан “Хаммерс”-ын бүрэлдэхүүнд шилдгүүд цөөнгүй байсан юм.

“Вест Хэм”-ийнхэн энэ тулаанд хожихыг туйлаас хүсч буйг би тоглолтын эхний минутаас л мэдэрлээ. Пол Кончески, Карл Флетчер нар намайг урагш алхуулахгүй мөргөн унагаах аж. Намайг бөмбөгт хүрэнгүүт л тэд огтхон ч эргэлзэлгүйгээр хөлд гулсан орж ирнэ. Хичнээн өвдөж байсан ч би тэдэнд үүнийгээ харуулахгүйг хичээн шүд зуун гүйж явлаа. “Энфильд Роудын өргөн чөлөө” хэмээх дууг хоолой мэдэн уянгалуулах хөгжөөн дэмжигчдийн уухай тулаанд эргэн орох хүчийг надад өгч байсан. “Хаммерс”-ынхныг хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ гэдгийг мэдэж байсан ч тэр өдрийнх шиг гайхалтай тоглоно гэж огт санаагүй. Бид тэдний хэмнэлийг дарж, давамгайллаа тогтоохыг хичээсэн боловч Пэрдьюгийн хөвгүүдийг сөрөг довтолгоо бүр нь аюул учруулж байсан.

21 дэх минутад эхний гоол орлоо. Харамсалтай нь манайх энэ гоолыг алдсан. “Вест Хэм”-ийн Лионель Скалонигийн баруун жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Карра таслах гээд хаалгандаа чихчихэв. Яг ард нь Марлон Хейрвүд зогсож байсан учир Каррагийн хийсэн үйлдлийг буруутгах аргагүй. Хэдийгээр өөрийнхөө хаалганд гоол хийчихсэнд нь уурламаар байвч би Каррад ямар хүнд байгааг ойлгож байлаа. Хэрэв энэ тоглолт 0:1- ээр дууссан бол тэр бараг амьдарч ч чадахгүй байсан биз. Хожигдлын гашуун дурсамж түүнийг шаналгаж, тарчлаах байсан болов уу. Гэхдээ тэр тэмцэгч чанараараа гайхагдсан нэгэн. Хааяа манай багийнхан түүний гоолын үзүүлэлтийн талаар шүүмжлэн ярилцахад Карра “Хэрвээ чи миний зогсоосон, тасалсан гоол бүрийн тооцоог гаргавал ингэж ярихгүй дээ” хэмээн маадгар суудаг юм. Үнэхээр тэр ямар ч асуултад итгэл төгс хариулах хэлэх үгтэй, дурсах амжилттай билээ. Түүний хувьд “Ливерпуль”-ийн хамгаалалтын хана хэрэм нь болж, олон тоглолтод багаа аварч явсан учир хэн ч түүн рүү хуруугаа чичих эрхгүй юм.

Каррагийн автогоолыг умартан тоглолтдоо эргэн орохыг хичээлээ. Гэвч “Вест Хэм”- ийн эрч огтхон ч суларсангүй дахин нэг гоол орууллаа. Дин Эштоны энэ гоол миний гарт байсан “FA Cup”-ын цомыг аваад явчих шиг л болов. Энэ бол Пепе Рейнагийн байж болшгүй алдааны улмаас орсон гоол. Тэр Мэттью Этерингтоны цохилтыг хаахдаа барьж чадалгүй, бөмбөгөө яг довтлогчийн хөл доор тавьчихсан билээ. Гэхдээ манай залуус мөрөөдлийг нь үгүй хийсэн гэж Пепе рүү яаран давшлаагүй юм. Тэр улиралд манай испани хаалгач багаа хүнд нөхцөлөөс мөн ч олон удаа аварсан. Харамсалтай нь улирлын турш гялалзсан хоёр тоглогчийн маань шийдвэрлэх үед гаргасан хоёрхон алдаа тоог 0:2 болоход хангалттай байжээ.

Хэдий тоо 0:2 болсон ч тоглогчид маань санаагаар унасангүй, хожлын төлөө тэмцсээр байлаа. Тэдний бодолд Стамбулын гайхамшигт тоглолтын дурсамж эргэлдэж байсан нь лавтай биз ээ. Харин ч дахин нэг гайхамшгийг бүтээх боломж олдлоо шүү дээ, бидэнд. Юуны өмнө завсарлагаанаас өмнө тооны зөрүүг багасгах нь маш чухал байв. Би талбайн төв орчимд бөмбөгийг аваад Жибриль Сиссегийн 16 метрийн талбай руу гүйж буйг харлаа. Цаг алдалгүй дамжуулалт өгч, энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Би ч санаснаараа бөмбөгөө дамжууллаа. Харин Сиссе төгсгөлийг тун гайхалтай гүйцэтгэсэн. Сиссегийн хувьд тэр улиралд тийм сайн байгаагүй ч биднийг FA Cup-ыг гардах эхлэлийг тавьсан цохилтоороо үнэлүүлэх эрхтэй билээ. Үүргээ хангалттай гүйцэтгэхгүй, дээр нь дасгалжуулагч Рафатай хэл амаа ололцохдоо тааруухан байсан учир Сиссегийн “Марсель” руу шилжсэн нь гэнэтийн зүйл биш байсан. Жибрилийн байгаа нь ер бусын этгээд хүн. Хувцаслалт, үс засалт, шивээс, унаж байгаа машин зэргийг нь харахад хэнд ч сайн хүн гэсэн сэтгэгдэл төрөхөөргүй. Гэвч тэр бодит байдал дээр орчин тойрныхондоо халамжтай, хүн болгонд санаа тавьж явдаг сайхан сэтгэлтэй залуу билээ. Тэр чиний төлөө юу ч хийхэд бэлэн хүн шүү. Надад түүний өнгө алагласан хувцас, этгээд үсний засалтын аль нь ч биш, харин хүнлэг сайхан чанар нь их үгүйлэгддэг юм. “Марсель”-д очоод “Ливерпуль”-д тоглосон он жилүүдээсээ илүү амжилт гаргахыг хүсэн үдье дээ, найзыгаа. Тэр Кардиффт байгуулсан гавъяагаараа “Энфильд”-д үргэлж дурсагдах болно.

“Милленниум”-ын хувцас солих өрөөнд завсарлагаанаар Рафа урьдын адил хүч, зориг нэмдэг ер бусын зөвлөгөөгөө өглөө. Талбайд эргэн гарах үед манай тоглогчид “Вест Хэм”-ийнхнийг тасчин хаяхад бэлэн толгой өөд, “сүүл дээшээ” болсон байв. Хэдий тийм ч “Хаммерс”-ын хамгаалалт нягт ширүүн хэвээр. Гэхдээ энэ тоглолтод хожигдож болохгүй, хожигдох ёсгүй, ингэх эрхгүй гэсэн бодол бидэнд эрч хүч өгч байсан.

Питер Крауч. Тэр л хүнд нөхцөлөөс биднийг аварсан. Тоглолтын дараа хэвлэлийнхэн миний талаар онцолж, гаргасан амжилтыг минь шагшиж байсан ч бидний ялалтын гол түлхүүр нь Крауч байсан юм. Хаби Алонсо “Вест Хэм”-ийн 16 метрийн талбай руу хэнд өгч байгаа нь мэдэгдэхгүй эзэнгүй дамжуулалт өгөхөд бөмбөг Краучи, Фернандо Морьентес болон Дэнни Габбидон нар зүтгэж байгаа харагдлаа. Тэнд Крауч гүйж явааг харангуутаа л түүнийг бөмбөгт хүрнэ гэж мэдрэн пенальтигийн цэгийн ойролцоо очсон. Үнэхээр ч тэр бөмбөгийг яг өмнө минь буулгасан. Хаалганы өмнө байсан Сами цохих гээд зангахад нь “Үлдээ” гэж хашгирав. Тэр ч намайг сонссон бололтой зай тавьж өгөхөд нь хаалганы зүүн дээд булан руу өшиглөлөө. Гоол! Тоо 2:2 боллоо. Гоол хийх үндсийг тавьж өгсөн Краучид юуны өмнө талархаж, баяр хүргэв. Хэрвээ тэгэхэд Краучи талбайд байгаагүй бол би гоол оруулж чадахгүй байсан билээ. Тэр бол “Ливерпуль”-ийн хувьд тун хожоотой наймаа нь байсан. Түүнийг ирэх үед “Ливерпуль”-д амжилт гаргана гэдэгт нь эргэлзэж байсан хүмүүст ташаа боджээ гэдгийг хангалттай нотолсон. Краучи “Саутхэмптон”-оос ирэнгүүтээ л эхний бэлтгэл дээр биднийг алмайруулж байсан юм. Эхний хэдэн долоо хоногт гоолын бараа харалгүй тэр нэг хэсэг өөртөө итгэх итгэлээ алдсан ч удалгүй манай багийн түлхүүр тоглогчдын нэг болсон билээ. Түүнийг 2006-07 оны улиралд Крэйг Белламитай сайн хоршино гэж найдаж байна.

Юу гээч нь болоод байна аа? Бид 12-хон минут л тоог тэнцүү байлгаж дөнгөв. Йосси Бенаюн бөмбөгийг зүүн жигүүрт шилжүүлж, Этерингтонд дамжуулалт өгөхөд ямар нэг онцгой аюул учруулахаар довтолгоо өрнөхөөргүй харагдаж байсан. Би түүнийг 16 метрийн талбай руу хөндлөн дамжуулалт өгөхөөс өмнө таслахаар гүйн очлоо. Гэтэл Этерингтон бөмбөгөө алдаж өшиглөн тэр нь манай хаалгыг чиглэн хөөрөв. Чөтгөр аваг, чиглэлийг нь харвал хаалганы алсын дээд буланд орох, эсвэл хөндлөвч давахаар байлаа. Пепе нүүрний шугамаас нэлээн зайтай байсан учир бөмбөгийг хатгаж дөнгөхөөргүй харагдав. Бөмбөг түүнийг даван хаалганд орлоо. Хамгаалчихаж болохоор бөмбөгийг ийнхүү алдаж, азын гэмээр гоолоор “Вест Хэм” тоогоор илүү гарав. Яах аргагүй Пепегийн гаргасан байж болшгүй алдаанаас болж орлоо.

Энэ гоол бидний урмыг үнэхээр хугалж орхилоо. Манай багийнхны ихэнх нь хүчлэн тоглохоо больсон нь анзаарагдав. Хөгжөөн дэмжигчид маань ч гэсэн чимээгүй суух болжээ. “Вест Хэм”-ийн фанатууд хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлсэн нь харагдана. Энэ бүх дүр зургаас үүдэн тоглолт хэдий өндөрлөөгүй буй ч цом дээр “Вест Хэм” гэсэн үгийг сийлэхэд болохоор байлаа. Миний хувьд ч хөлөө зөөхөд хэцүү болжээ. Улирлын турш 59 тоглолтод хүчээ шавхан зүтгэсэн бие минь тамирдсан нь илт. Кардиффийн талбай ердийнхөөс том болсон мэт гүйж барагдахгүй аж. Дээр нь халуун нар шарж, би бараг урсчих шахаж байлаа.

Харин энэ бүхэнтэй үл эвлэрэх ганц хүн байсан нь Рафа. Тэр оновчтой сэлгээ хийдгээрээ олонд үнэлэгддэг нэгэн билээ. Рафа Дидиг талбайд оруулснаар миний довтолгоонд оролцох боломж улам нэмэгдэв. Энэ мөчөөс манай багийн тоглолт эрс сэргэж, бид тоог тэнцүүлэхээр талбайн бүх л хэсэгт давамгайлах боллоо. Карра “Вест Хэм”-ийн хамгийн их аюул учруулж байсан зүүн жигүүрийн довтолгоог итгэл төгс няцаан урд шугамынхандаа арагшаа санаа зоволгүй довтлох боломжийг олгож байв. Тоглолтын төгсгөл хэрд Сиссе гэмтэл авсан бололтой унаж, бидний нэг довтолгоо тасрав. Энэ үед манай дайралтыг няцаасан Скалони бөмбөгийг талбайгаас гаргалаа. Сиссег талбайн гадна гаргаад тоглолтыг дахин эхлүүлэхдээ бид хэдий цаг дуусах дөхсөн ч Скалонид талархал илэрхийлэн бөмбөгийг буцаан өгөв. Харин аргентин хөлбөмбөгч тэр даруй талбайн төв рүү цөлж бөмбөг буцаад бидэнд ирлээ. Над дээр ирсэн бөмбөгийг Рийсед өгөхөд тэр урагшаа хэд алхаад “Вест Хэм”-ийн 16 метрийн талбай руу чиглүүлэн хөндлөн дамжуулалт хийлээ. Яг энэ үед “Милленниум”-ын зарлагч “Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн сунгасан дөрвөн минут эхэллээ” гэх нь сонсогдов. “Ливерпуль” хожигдох тоглолт өндөрлөхөд 240 секунд үлджээ.

90 минутын турш гүйж цуцсан хөлөө би эцсийн хүчээ шавхан арай ядан зөөж байв. Цэнгэлдэхийн зарлагчийн үг намайг улам сульдааж, зөнгөөрөө л урагш хазганан алхаж явлаа. Рийсегийн хөндлөн дамжуулсан бөмбөгийг авахаар Морьентес Габбидонтой тэмцэж байгаа нь харагдав. “Вест Хэм”-ийн хамгаалагч энэ тулаанд ялсан бололтой, бөмбөг буцаж ойн яг намайг чиглээд ирлээ. Тамираа барж, хөл хөшсөн би хаалганаас даруй 35 орчим метр зайнд байсан болохоор цохих эсэхдээ эргэлзэв. Үүний дараа болсон явдлыг хүмүүс ам дамжин ярьж, шагшин магтдаг боловч тэрхүү амжилтад хүргэсэн хүчин зүйлийг ер мэддэггүй байх. Хэрвээ тэгэхэд би ядраагүй, хөл минь зүгээр байсан бол ойж ирсэн бөмбөгийг аваад дөмөгхөн, найдвартай довтолгоо зохион байгуулахын төлөө урагш орох байсан болов уу. Харин тухайн үед надад ингээд гүйж явах тэнхээ байгаагүй юм. Тэгээд хаалганаас дэндүү хол, түүнчлэн олон тоглогч саад болохоор байсан учир цохих эсэхдээ эргэлзсэнээ “Юу ч гэсэн хаалга руу чиглүүлээд цохиё. Алдах юмгүй шүү дээ” хэмээн бодлоо.





Эцсийн хүчээ шавхан өшиглөхдөө бүх энергиэ бөмбөгт шингээн, хаалганд хүчтэй очихыг хүссэн. Хожим хүмүүс тэрхүү цохилт маш хүчтэй болж, бөмбөг асар хурдтай байсан хэмээн ярихыг би сонссон. Харин надад бөмбөгний нисэх нь мөн надтай адил ядран 30 гаруй метр энэ зайг барж ядан удаан хөвж байгаа юм шиг санагдаж билээ. Хэт ядарснаас болоод хамаг юм уусан бүрэлзэж харагдаж байлаа. Шака Хислоп бөмбөгийг хаах гэж байгаа бололтой үсэрч буй нь мэдэгдлээ. Тэр хаачихав уу? Эсвэл бөмбөг хаалганд орсон уу? Гэтэл энэ үед хаалганы тор долгиолон хөдлөх нь тод харагдав. Мөн “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид баярлан үсрэх аж. “Вест Хэм”-ийн зарим тоглогч гулдайн унах нь анзаарагдлаа. Тийм ээ, тэнцээний гоол оржээ. Тоо 3:3 боллоо.

Үүнийг мэдээд би юуны түрүүнд маш их гайхав. Хамаг булчин суларч ядарсан биений хаанаас нь ингэж цохих хүч гарав аа? Хөлбөмбөг тоглох хугацаандаа бөмбөгөө хамгийн сайн мэдэрч, уусан нэгдсэн тохиолдол нь энэ юм. 2006 оны FA Cup-ын финалд оруулсан тэр хоёр гоол миний карьер дахь хамгийн мэдрэмжтэй цохилтуудын тоонд орно. Ялангуяа хоёр дахь гоол шилдгийн шилдгээр гарцаагүй нэрлэгдэх билээ. Манай хөгжөөн дэмжигчдийн дунд энэ гоолын тухай яриа тасардаггүй гэдэг. Би ч гэсэн одоог хүртэл тийм холоос гоол оруулсандаа итгэж ядсан хэвээр байгаа. Ийм гайхалтай гоол оруулсан ч баярлаж гүйх тэнхээ надад байгаагүй. Зүгээр л хөгжөөн дэмжигчид харж инээмсэглээд нуруун дээрх ЖЕРРАРД гэсэн бичиг рүү зааж байлаа.

Нэмэлт цагийн тулаан миний хувьд цардмал хатуу талбай дээр өрнөж буй мэт байв. Талбай дээрх бүх л тоглогч миний адил ядарч буй нь тодорхой. Гэхдээ “Вест Хэм” аюултай довтолгоо хийсээр. Рео-Кокерын мөргөсөн бөмбөг бараг хаалганд орж явав. Харин Пепе нэмэлт хөдөлгүүр залгасан машин шиг гайхалтай үсэрч, бөмбөгийг амжиж хатган хөндлөвчийн дээгүүр гаргалаа. Стамбулд Жерзи Шевченкогийн цохилтыг няцаасан тэрхүү хаалт, Пепегийн энэ үсрэлт хоёр миний амьдралдаа харсан хамгийн шилдэг хаалт. Пепег ингэж хүч гаргасанд нь би маш их баярласан. Хэрвээ бид FA Cup-ын шувтаргын тоглолтод ялагдсан бол хүн болгон Рейнагийн алдаанаас боллоо хэмээн түүнийг шүүмжлэн ярилцах байсан биз ээ. Рео-Кокер нэг бус удаа гоолын боломж гаргаж, “Вест Хэм”-д хожил ойрхон байсан ч түүнд тусалж, дэм болох хүн байсангүй. Довтолгооны шугамд нь зогсох Марлон Хейрвүд байраа буруу эзлэхийн зэрэгцээ хазганан бараг гүйхгүй аж. “Бахдал, гутрал зэрэгцэн оршиж, тэднийг маш бага зүйл заагладаг” гэсэн дүрэм хөлбөмбөгт үйлчилдэг билээ. Хэрэв Хейрвүд тэр олон довтолгооны нэгийг оновчтой болгоод “Вест Хэм” цом гардсан бол би тэнд толгой гудайн зогсох байсан. Гэхдээ надад “Вест Хэм”-ийнхнийг, Марлоныг өрөвдөх, нигүүлсэх сэтгэгдэл ер төрөөгүй. Хэрвээ “Ливерпуль” хожигдсон бол Хейрвүд, Рео-Кокер, Кончески нар Карра, Рейна хоёроос уучлалт гуйхгүй байсан нь тодорхой билээ.

Хөлбөмбөгт цуврал торгуулийн цохилтоос илүү хүнд, хэцүү зүйл гэж үгүй. Гэтэл цомын төлөөх энэхүү тоглолт пенальтигаар шийдэгдэх боллоо. Би дотроо цомыг Рео-Кокер биш, би өргөх ёстой хэмээн бодож байв. Торгуулийн цохилтыг “Вест Хэм”-ийн хөгжөөн дэмжигчдийн суусан талд явуулахаар боллоо. Энэ бол өрсөлдөгчдөд маань тодорхой хэмжээгээр давуу тал олгож буй хэрэг юм. Гэхдээ энэ асуудал биш ээ, бидэнд итгэл, үүргээ ухамсарласан сэтгэл бий. Үүнийг би багийн ахлагчийн хувиар үлгэрлэн үзүүлэх учиртай. Тэгээд Рафагаас “Дасгалжуулагч аа, би хамгийн эхний цохилтыг хийж болох уу?” гэхэд тэр “Чи гурав дахь нь” хэмээн хариулав. Урьдын адил Рафа төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулжээ. Мэдээж би түүний зааврыг үг дуугүй дагасан. Ингээд бид талбайн төвийн цагариг дотор орон зогсов.

Диди хамгийн эхний цохилтыг гүйцэтгэхээр урагш гарахад надад “Ливерпуль” FA Cup- ын долоо дахь цомоо гарцаагүй гардана гэсэн мэдрэмж төрж байлаа. Германчууд хэзээ ч пенальти алдаж байгаагүй билээ. Диди бол ур чадвар, тэсвэр хатуужил гээд бүхий л үзүүлэлтээр том тулаануудад гарахаар заяагдсан хүн. Түүнийг сандраах, сэтгэлээр унагах зүйл юу ч үгүй билээ. Бөмбөгөө тавилаа, эргэж алхлаа, буцаад гүйлээ, цохилоо, гоол. Тэр ийм л зарчмаар явдаг нэгэн. Хислопт Дидигийн цохилтыг хаах ямар ч боломж байсангүй.

Ер нь цуврал торгуулийн цохилт эхлэхэд л “Вест Хэм”-ийн хожигдол тодорхой болсон. Яагаад гэвэл бидэнд Рейна байгаа. Пепегийн Испанид тоглох хугацаандаа пенальти хаасан үзүүлэлт нь үнэхээр сүрдмээр. Тэр “Вильярреаль”-д хүчин зүтгэсэн хоёр улиралд 18 торгуулийн цохилтын 12-ыг нь хаажээ. Ийм үзүүлэлтийг өөр ямар ч хаалгач гаргаагүй гэдэгт би итгэлтэй байна.

“Вест Хэм”-ийн эхний цохилтыг Бобби Замора гүйцэтгэх аж. Тэр бол өрсөлдөгчөө судлах тал дээр мэргэшсэн, хаалгач бүрийн онцлогт тохируулж цохидог онцлогтой тоглогч. Замора бөмбөгөө хаалганы баруун доод булан руу чиглүүлэн хүчтэй өшиглөсөн ч Рейна түүний бодлыг уншчихжээ. Пепе баруун гараа сунган унаж, “Вест Хэм”-ийн эхний пенальтиг хаалаа. Замора ингэж сайн, хүчтэй цохиод бөмбөгөө Рейнагийн ард гаргаж чадаагүй юм чинь “Хаммерс”-д биднийг хожих ямар боломж байх билээ.

Гэвч бараг зүрх нь зогсож, цус нь царцчихаад байсан тэдний нүүр царайнд удалгүй инээмсэглэл тодорч эхлэв. “Ливерпуль”-ийн дараагийн цохилтыг хийсэн Сами намайг бүр гайхашруулж орхисон. Манай үлэмж биет фин эр хэзээ ч пенальти цохиж байгаагүй юм шиг бөмбөгөө хаалгачид бариулчихав. Бид хожил, хожигдлын алиныг ч багаараа хүлээх учиртай. Тиймээс л талбайн төвд бие биеийнхээ мөрөөр тэврэн зогсож байгаа. Самид гомдоод байх зүйл алга, хэнд ч ийм зүйл тохиолддог. “Вест Хэм”-ийн хоёр дахь цохилтыг хийхээр Тедди Шерингэм урагш гаран алхаж буйг хараад тоо 1:1 болох нь гэж бодсон. Тедди ч Дидигийн адил итгэл төгс цохилт гүйцэтгэн бодож байсан зүйлийг минь бодит байдалд биелүүллээ.

Манай гурав, дөрөв дэх ээлжийн хүн нь би, тэгээд Рийсе байлаа. Бид Хислопыг ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Бид хоёр “Мелвүд” дэх бэлтгэл дээр пенальтиг янз бүрээр цохин туршиж байв. Кардиффийн финалаас гурав хоногийн өмнө Рафа торгуулийн цохилтын бэлтгэл хийлгэх гэсэн боловч манайхан үгийг нь дагаагүй. Харин Рийсе бид хоёр үлдээд төлөвлөсөн бэлтгэлийг нь биелүүлсэн. Стамбулд пенальти алдсанаасаа болсон уу, Рийсе ийм бэлтгэлийг шамдан хийдэг болсон юм. Энэ нь ч ач тусаа өгснийг бид мэднэ. “Мелвүд”-д тэр хаалгач хүрэхийн аргагүй хүчтэй цохидог байв. “Хэрвээ бид Кардиффт пенальти цохих болвол чи одоогийнх шигээ л байгаарай. Эргэлзэж тээнэгэлзэж болохгүй шүү” гэхэд тэр “Санаа зоволтгүй. Би дахиж хэзээ ч тийм цохилт хийхгүй” хэмээж билээ.

Би бэлтгэл дээр пенальтиг нэг л буланд цохиж байлаа. Яг нэг түвшинд, яг нэг цэгт. Манай багийн хаалгач Пепе, Жерзи, Скотт Карсон нар ч надад тусалж, зөвлөж байв. Тэд шонгийн дэргэд очин тэмдэг тавиад “Чи яг энд цохих юм бол ямар ч сайн үсрэлттэй, зөн совинтой хаалгач хүрч хааж чадахгүй” хэмээсэн юм. Хэд хэдэн удаагийн бэлтгэл дээр үүнийг хийгээд овоо гаршлаа. Үүнийг харсан Рийсе “Кардиффт бодлоо өөрчилж болохгүй шүү” хэмээн хашгирч байж билээ. Би ч “Мелвүд”-д бэлтгэл дээр цохиж байснаараа Хислопын хаалганд гоол хийв.

“Вест Хэм”-ийн гурав дахь цохилтыг гүйцэтгэсэн Кончески бөмбөгөө хаалгачид бариулснаар Рийсе тоог 3:1 болгох боломжтой боллоо. Тэр хаалганы төв хэсэгт доогуур цохив. Яг л пуужин мэт нисэх бөмбөг баруун тийш үсэрсэн Хислопын хөлтэй тун ойрхон өнгөрөв. Ямартай ч гоол орлоо. Рийсе ямагт эрсдэлтэй алхмыг сонгох юм аа. Хэрэв тэр энэ удаа дахиад пенальти алдсан бол бараг амиа хорлох байсан биз. “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод торгуулийн цохилт алдсан гэсэн таагүй бодол нь бөмбөг тор цохисон тэр мөчид арилсан нь лавтай. Кардиффийн финал Рийсегийн үнэн дүр төрхийг харуулсан тоглолт болсон.

Бид Пепе Антон Фердинандын бөмбөгийг хааж, тав дахь цохилт битгий гараасай гэж залбиран зогсож байлаа. Хүссэн маань биелж манай хаалгач надад энэхүү нэр хүндтэй цомд түрүүлж хүрэх боломжийг олгов. Би Антонтой урьд нь нэг бус удаа уулзаж байсан. Тэр нээлттэй, санаа бодлоо ил тод хэлдэг, шударга сайн залуу юм билээ. Хэдий  ийм сайн залуу багаа хожигдолд хүргэх шийдвэрлэх алдааг гаргасан нь тоогүй ч би түүнийг өрөвдөж, өмнөөс нь харамсах сэтгэл төрөөгүй юм. Би Стив Финнан тэргүүтэй багийнхантай тэврэлдээд бусдыг анхаарах сөхөөгүй гүйж явсан. Торгуулийн цохилт гэдэг шувтаргын тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм, төгс төгсгөл ажээ. Бидний хувьд энэ тоглолтод хожигдох эрх байгаагүй. Ийм үнэтэй тасалбар аван энэ хол газрыг туулан ирсэн фанатуудынхаа өмнө цомоо алдвал шударга ёсонд үл нийцэх билээ.



Антоныг торгуулийн цохилт алдсан тэр мөчид талбайн төвд мөр мөрөө түшин тэврэлдэж зогссон манай багийнхны эгнээнээс хамгийн түрүүнд Карра сугаран гарч гүйв. Тэр гүйлтийн зам дээр өрсөлдөгчдөө хол орхин барианд орж байгаа гүйлтийн тамирчин шиг харагдаж байлаа. Карра багийнхандаа баяр хүргээд дараа нь гэрийнхнийгээ хайн үзэгчдийн өмнүүр явав. Би ч гэсэн аавыгаа эрэн алхлаа. Карра надтай зэрэгцэн ирээд гэнэт намайг тэврэн дээш өргөв. Тэр үнэхээр их баярлаж, сэтгэл хөдлөлөө барьж чадахаа больжээ. Тэгээд гэрийнхнийгээ олж өмнө нь очин гараараа даллаад эргэн над дээр ирэв. Ливерпулийн унаган хөвгүүд гайхамшигт энэ ялалтын мөч бүрийг хамтдаа мэдрэх ёстой гэж тэр бодож буй бололтой. Ханхүү Уильямс бидэнд цомыг гардуулсан бөгөөд би багийнхан дээрээ очихдоо хамгийн түрүүнд Каррад цомыг бариулсан. Карра найз минь, хоёулаа цомын хоёр талаас бариад үдэшлэгт явъя.

Бид ялалтын оргилуун дарсаа буудуулан шүршилцсэний дараа “Милленниум”-ын талбайг орхив. Хонгилыг зүглэн алхаж явтал Алан Пэрдью над руу гүйн ирж баяр хүргэн гар бариад “ДАШТ-д энэ гайхамшигтай тоглолтоо үзүүлээрэй” хэмээн хэлсэн. Пэрдьюгийн багийн залуучууд ч түүний жишээгээр араас нь ирэн хэдхэн хормын өмнөх хожигдлын гунигаа даран байж бидэнтэй гар барилаа. Хэрэв энэ тоглолтод “Ливерпуль” хожигдсон бол бид тэдэн шиг ийм элэгсэг, эелдэг араншин гаргаж чадах байсан болов уу? Тэд тун харамсалтай хожигдсоныг бүгд л харсан. “Вест Хэм” аваргын цом гардахад тун ойрхон байлаа. Ингэж сайн тоглочихоод гэртээ цомгүй харих тун тоогүй хэрэг билээ. “Хаммерс”- ын тоглогчдыг магтчихаад хөгжөөн дэмжигчдийнх нь талаар дурдалгүй өнгөрч болохгүй юм. Баг нь эцсийн мөчид хожлоо алдсанд мэдээж тэдний сэтгэл тавгүй байсан нь лавтай. Гэсэн хэдий ч “Вест Хэм”-ийн фанатууд шагнал гардуулах ёслолын турш цэнгэлдэх хүрээлэнд байж, бидэнд баяр хүргэн алга ташиж байсан. Тэр үдшийн энэ дүр зургийг би хэзээ ч мартахгүй. Би Ливерпуль хотын унаган хүү, бүх л бие сэтгэлээ “Ливерпуль” клубт зориулж яваа, эд, эс бүхэн минь энэ клубийн төлөө байдаг хэдий ч Кардифф дахь FA Cup-ын шигшээ тоглолтын дараа зүрх, сэтгэлдээ “Вест Хэм”-ийн хөгжөөн дэмжигчдийг хайрлах, энэрэх зайг гаргахаас өөр замгүй болж билээ. Ямар нэг тэмцээнд түрүүлэх, чухал, онцгой тоглолтод хожсоны дараа цэнгэлдэхэд үзэгчдийн суудлын өмнүүр тойрон алхахад өрсөлдөгч багийн дэмжигчдийн суудал ихэвчлэн хоосон байдаг. Харин 2006 оны тавдугаар сарын 13-нд Кардиффт тийм байгаагүй.

Бид хувцас солих өрөөнд эргэн очоод баяраа үргэлжлүүллээ. Гэвч тэнд нэг хүн сэтгэл дундуур сууж байсан нь Харри Кьюэлл. Тэр гэмтсэн гуян дээрээ мөс тавин уруу царайлан суух аж. 2005 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод гэмтэж талбайгаас гарсан тэрбээр өөр нэгэн финалд мөн л гэмтлийн улмаас сүүлийн минут хүртэл тоглож чадсангүй. Ийм онцгой мөчид гэмтэл авсан түүнд ямар хүнд байгааг би сайн ойлгож байна. Гэвч багийн бусад тоглогч галзуу юм шиг орилолдсоор. Би ч бас тэднээс дутахгүй “Ямар гайхамшигтай тоглолт болж өнгөрөв өө” хэмээн хашгирлаа.

Хэд хоногийн турш тэр тоглолтын тухай хүн болгон шагшин ярилаа. 125 дахь удаагийн FA Cup-ын аваргын төлөө тоглолт түүхийн хамгийн гайхамшигтай, агуу тулаанаар нэрлэгдэх болов. Мөн “Жеррардын шигшээ тоглолт” гэж нэрлэх нь ч сонсогдоно. Премьер лигийн багууд “Аваргуудын лиг”-ийн талбарыг илүү чухалчилж, FA Cup-ын нэр хүнд буурсан энэ үед “Ливерпуль”-“Вест Хэм”-ийн тоглолт энэ тэмцээнийг дахин олны анхаарлын төвд оруулсан билээ. Миний хувьд хэзээ ч FA Cup-ыг бага, жижиг гэж голж байгаагүй. Хөгжөөн дэмжигчид ямагт энэ цомыг хүсч, хүлээж байдгийг би мэднэ. 2005 онд “Ливерпуль” доод лигийн “Барнли”-д ичгүүртэйгээр хожигдсоны маргааш нь би Рафа дээр очин энэ талаар ярилцаж байлаа.

Би түүнээс “Зэрэглэл бага, түвшин доогуур багт юунаас болж хожигдов? Та энэ талаар юу гэж бодож байна вэ?” хэмээн асуусан. Би маш их уурлаж, бухимдсан учир ямар нэг тайлбар сонсож байж санаа амрах байв. “Рафа, өмнө нь бидний улирал бүрт хамгийн эн тэргүүнд тавьдаг зорилгын маань нэг FA Cup-т түрүүлэх байсан. Би энэ цомыг барихыг хүүхэд ахуй цагаасаа л мөрөөдөж ирлээ. Харин энэ тэмцээнээс ингэж хасагдсан нь намайг алах шиг л болж байна.

Дасгалжуулагч намайг өмнөө суулган тайвшруулаад шалтгаанаа тайлбарлалаа. Тэр “Бид “Аваргуудын лиг”-т тоглож байгаа шүү дээ” хэмээн яриагаа эхлээд “Багийн тоглолтын хуваарь дэндүү шахуу байна. Энэ бүгдэд бүрэлдэхүүнээ жигд хуваарилан тоглоход хүн тийм ч хангалттай биш. Чи өөрөө ч мэдэрч байгаа байх. Тиймээс аль нэгийг нь зайлшгүй золиослох шаардлага гарсан. Миний хийсэн үйлдэл зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулна аа. Би өөрөө ч батлах болно” гэв. Түүний хэлсэн ёсоор бид “Аваргуудын лиг”- ийн түрүүг авсан. Тиймээс дасгалжуулагчийн өрөөний хаалгыг ууртайгаар тогших хэрэг надад дахин гараагүй. Эргээд харахад Рафагийн үйлдэл бүхэн нь зөв байдаг.

Кардиффт бол Рафа надад хүүхэд ахуй цагийн мөрөөдлөө биелүүлэх боломжийг бүрэн дүүрэн олгосон. Стамбулын гайхамшигт ялалт, мөн “Милленниум”-ын түүхэн түрүүний дараа би түүнд огт эргэлзэхээ больсон. Жерар Улье “Ливерпуль”-ийг удирдаж байсан үетэй харьцуулахад миний дасгалжуулагчтай харьцах харьцаа тэс өөр болсон юм. Жерартай маш дотно, түүнийг гэр бүлийнхээ нэгэн гишүүн нь мэт боддог байлаа. Харин Бенитес тийм хүйтэн хөндий хүн биш ч цаанаа л нэг халгамаар байдаг. Рафа багийнхаа тоглогчидтой, ялангуяа ахлагчтай дотно харилцаатай байхыг эрхэмлэдэггүй нэгэн. Гэхдээ биднийг харилцан хүндлэл холбодог юм. “Челси”-тэй нэр холбогдсоны шуугианы эцэст би түүнийг улам илүү хүндэтгэн бишрэх болсон. “Энфильд”-д үлдэх шийдвэрээ гаргасны дараа Рафа, бид хоёрын харилцаа “Ливерпуль”-ийн өгсөх, уруудах эсэхийг шийднэ гэдгийг маш сайн ойлгосон.

Рафа цаг үргэлж л яавал “Ливерпуль”-ийг улам хүчирхэгжүүлэх вэ гэж бодож, толгойгоо гашилгаж явдаг хүн. Би мөрөөдөл болсон цомоо толгой дээрээ өргөснөөс хорьхон минутын дараа хувцас солих өрөөний хажуу дахь шатны дэргэд Рафа хэвлэлийнхэнд “Ливерпуль” багийн ахлагч нь тоглоогүй байсан ч хожно хэмээн ярьж байхыг сонсов. Тэрбээр “Хэрэв Стивен байгаагүй бол бид энэ тоглолтод хожигдох байсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл манай баг түүнгүйгээр цөөнгүй тоглолт хийсэн” хэмээлээ. Намайг хоёр үзүүштэй гоол хийж, торгуулийн цохилтоо оруулчихаад байхад ингэж ярьж буй Рафаг би маш сайн ойлгож байлаа. Түүнийг ингэж хэлсний дараа олон хүн Рафа Жеррардыг басамжилж байна гэж бодсон байх. Харин Рафа баг гэдэг бол хүн бүхний хүчин чармайлтаар амжилт гаргадаг, “8” дугаартай тоглогч нь “Ливерпуль” гэдэг машины нэг эд анги, араа нь гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүссэн билээ. Үнэхээр түүний хэлсэн үг туйлын зөв юм.

Би дасгалжуулагчийн тийм үг хэлсэнд огт гайхаагүй. Харин Рафа тоглолтын дараа надад баяр хүргэхэд нь би маш их гайхаж билээ. Би түүнийг яаж ажилладгийг, ямар араншинтай вэ гэдгийг сайн мэддэг болсон. Тэр Жерар Ульегээс тэс өөр дасгалжуулагч. Хэрэв ямар нэг тоглолтод би хет-трик хийж, баг маань хожсон байлаа ч тэр тоглолтын явцад өчүүхэн төдий л алдаа гаргасан бол тэр над дээр ууртай ирээд “Стивен, чи яаж тийм алдаа гаргаж чадаж байна аа” гээд үглэж мэдэх хүн. Тэгээд яавал дахиж ийм алдаа гаргахгүй байх вэ гэдэг талаар арван минутын турш зөвлөгөө өгөн зогсох биз. Тэр тоглогчдоосоо 100 хувийн гүйцэтгэлийг л шаарддаг. Түүнд тоглолтын 98 хувьд нь сайн тоглох, хет-трик хийх огт хангалтгүй. Тэр хэзээ ч гайхалтай гоол, оновчтой дамжуулалт, сайн хамгаалалтын талаар дурсдаггүй. Харин ямар алдаа гаргав, өшөө илүү тоглох боломжийг яагаад ашигласангүй вэ гэдгийг эн тэргүүнд ярилцана. Эхэндээ түүний энэ зан миний, багийнхны маань урмыг хугалдаг байсан. “Энэ дасгалжуулагч надад дургүй юм болов уу?” гэж хүртэл бодож байлаа. Заримдаа найз нар минь надаас Рафагийн тоглогчдоо дутуу үнэлээд байгааг гайхан асуудаг. Гэхдээ тэр ярьж байгаа шигээ тийм ширүүн догшин, хүйтэн хөндий хүн биш. Түүний энэ хайхрамжгүй, үл ойшоосон байдал нь түүнийг дэлхийн хэмжээний шилдэг дасгалжуулагчийн зэрэгт хүрсэн нэг том хөшүүрэг нь билээ. Тэр тоглогчдынхоо мөрөн дээр нөхөрсгөөр зөөлөн алгадах дургүй хүн. Хааяа тааруухан тоглох үе тохиоход дасгалжуулагчаас бага боловч хайр энэрэл, элэгсэг зөвлөгөөг хүсдэг. Сүүлийн үед харин Рафагаас хааяа нэг тоглогчдынхоо талаар эерэг үг амнаасаа унагаж, магтахыг сонсдог болсон.

FA Cup-т түрүүлсний дараахан клубээс тоглогчдыг гэр бүлийнхнийх нь хамт цуглуулан баярын үдэшлэг зохион байгуулав. Тэр орой танхимын нөгөө үзүүрт суух Рафатай ярилцахаар алхаж явахдаа дотроо “Стивен, чи сайн тоглосон шүү” гэж хэлээсэй гэж бодож байлаа. Рафа энэ үгийг ганц удаа боловч хэлээсэй. Гэвч тэр итгэлийг минь хөсөрдүүллээ. Бидний яриа тэр даруй аваргын төлөө тоглолтод гаргасан алдаа, дутагдлын талаар өрнөв. FA Cup-ын түүхэнд хамгийн гайхамшигтай тоглолтыг үзүүлж, түүхэн хэмээн нэрлэгдсэн энэ тулаанд ялалт байгуулсан нь түүнд хангалтгүй ажээ. Түүний амнаас байсхийгээд л “Дараагийн улиралд” гэсэн үг гарна. “Ирэх улиралд бид Премьер лигт илүү өндөр амжилт гаргах ёстой” хэмээнэ. Тэр одоогийн амжилтдаа баярлаж хөөрөн цэнгэж байгаа Карра, бид хэд шиг биш, өнгөрснөө дурсалгүй зөвхөн урагшаа харж ирээдүйг бодож явдаг хүн юм. Рафа миний шигшээ тоглолтод хийсэн хоёр гоолын талаар огт дурсаагүй. Гайхамшигтай гоол, уран гоол, авралын гоол гээд тодотгол мундахааргүй. Гэвч тэр нэг ч удаа энэ тухай ярьсангүй. Би тэр улиралд “Ливерпуль”-ийн төлөө 23 гоол оруулсан нь хагас хамгаалагчийн хувьд муугүй үзүүлэлт. Өөр дасгалжуулагч бол намайг магтах байсан. Харин Рафа “Чи ядаж л 25 гоол хийх хэрэгтэй шүү дээ” гээд л гоочлох аж. “Гэтэл чи энэ хязгаарт хүрэхэд хоёроор дутуудууллаа” гээд инээмсэглэв. Гайхмаар юм аа, тэр инээмсэглэлээ гэж үү? Баярлалаа бурхан минь, үүнийг Рафагийн намайг магтсан магтаал гэж ойлгож болно. Багийнхаа нөхөд рүү буцаад алхаж явахдаа би сэтгэл өег, тааламжтай байсан. Улирлын турш 23 гоол оруулж, FA Cup-т түрүүлсэндээ баярлан сансарт хөөрчихөөд байсан намайг Рафа газарт буулгаж ирсэн нь тэр байлаа. Түүний өчүүхэн бага магтаал нь бидэнд маш их урам өгдөг. Гэхдээ Рафа намайг, тоглогчдоо хэмжээ, хязгаараасаа давж, шинэ түвшинд гарч тоглохыг хүсдэг билээ. Намайг 25 гоол хийсэнгүй гэж үл ойшоох тэрбээр энэ даалгаврыг нь биелүүлсэн цагт “Яагаад гуч байж болохгүй билээ?” гээд шинэ шаардлага тавих болно. Одоо гаргасан амжилт, үзүүлэлтдээ огтхон ч тайвширч, ханаж болохгүй гэдгийг тэр үргэлж сануулдаг. Энэ л зарчмаараа Рафа намайг шинэ түвшинд гаргаж чаддаг. Тоглолтын дараа талбайгаас гарч явахад тэр “Стивен, арай л дутуу байна даа” гээд угтана. Хором, мөч өнгөрөх тусам би испани дасгалжуулагчийн араншинд уусч, өөрөө ч тийм зорилготой, бодолтой байдаг болжээ. Одоо бол би өөртөө зодог тайлахаасаа өмнө Рафагаас “Боллоо, дажгүй шүү” гэсэн үг сонсоно гэсэн зорилго тавьж байгаа. Хэрэв тэр бодсоноос минь эрт ийм магтаалыг хэлбэл эрч хүч суларч, “Аваргуудын лиг”-ийн аварга багийн цомыг буцаан өгч, дараагийн тэмцээний сугалаа хийх ёслолын үеэр харсан франц охид шиг зөөлөн алхаатай болчихож магадгүй юм. Хэрвээ Рафа тоглогчдодоо зөөлөн хандаад байвал “Ливерпуль”-ийнхэн бүгдээрээ Уоллер эмчийг бараадсан нялцгай амьтад болох биз ээ. Тиймээс би Рафагийн сэтгэлд нийцтэл тоглож, “Дажгүй шүү” гэж хэлүүлэхийг мөрөөдөн хөлбөмбөгчний замналаа үргэлжлүүлж байна.

ХҮССЭН АМЖИЛТДАА ХҮРЭЭГҮЙ “GERMANY-2006”

Цаг үргэлж би ялан дийлэхийн төлөө тэмцэж, үүнийг хүсч мөрөөдөж байдаг. Формбай дахь шинэ байрныхаа шагналын өрөөний хамгийн дээд тавцанд FA Cup-т түрүүлсэн медалиа байрлуулахдаа илүү их амжилт гаргах хүсэл төрж билээ. Үргэлж өөрийгөө хурцалж, зорилгоо сануулахын тулд шагналын өрөөндөө цом, медаль тавих сул зай ихийг гаргасан юм.

Кардиффт гайхамшигтай ялалт байгуулснаас хойш гурван долоо хоногийн дараа Английн шигшээ ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багийн нэгд тооцогдон Германд газардлаа. Гурван арслан ДАШТ-д түрүүлж чадалгүй 40 жил болсон энэ үед биднийг Дэлхийн цомыг хөлбөмбөгийн эх оронд эргүүлэн авчрах алтан үеийнхэн хэмээн нэрлэж байлаа. Бекхэм, Жей.Ти, Лампс, Майкл, Эшли, бид нар “Евро-2004”-д оролцож байсан үетэй харьцуулахад туршлага, ур чадварын хувьд шинэ шатанд гараад байсан юм. Бид Германд очихдоо энэ тэмцээнд түрүүлнэ гэсэн итгэл дүүрэн байсан. Англи хүн бүр үүнийг хүсч, бидэнд итгэж найдаж байлаа.

Бид Баден-Бадений нисэх буудалд газардаад автобус хөлөглөн Хар ойн дундуур уулын хормой даган мушгиралдсан замаар ДАШТ-ий үеэр байрлах зочид буудлаа зорин давхилаа. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй өтгөн хар ойд ороход сэтгэлд битүүхэн айдас төрнө. Удалгүй замын хажуугаар байшин харагдахаа больж, сүүлдээ нэг ч машин зөрөхгүй боллоо. Дэргэдээ суусан Каррад хандан “Бид хаашаа яваад байна аа?” хэмээн айдсаа нуун хэлж байж билээ. Автобус их ойгоос арайхийн нэг юм гарахад Бюхлерхохын цайз хэмээн нэрлэдэг бидний байрлах бөглүү газрын зочид буудал харагдлаа. Эндээс Рейн мөрний үзэсгэлэнт хөндий гайхалтай сайхан харагддаг ажээ. Эргэн тойрны хэдэн арван километр зайд биднээс өөр хэн ч байхгүй гэнэ. Тоглолтоос бусад өдөр чимээ шуугиангүй нам гүм байхаар тооцжээ. Карра бид хоёр зэргэлдээ өрөөнд байрласан ба би өрөөндөө оронгуут удирдлага шүүрэн авч зурагт асаалаа. Бидэнд зориулан англи сувгуудыг тааруулжээ. Франкфуртад ДАШТ-ий эхний тоглолтоо Парагвайн эсрэг хийхэд таван хоног дутуу байгаа ч манай хэдэн мянган хөгжөөн дэмжигч Германд хэдийнэ ирээд буй тухай мэдээ намайг гайхашрууллаа. Англичуудын гайхамшигтай энэ дэмжлэг шигшээ багийн тоглогчдод тоглолт бүр ямар чухал болохыг сануулна. Харин ийм үед Бюхлерхохын цайз чимээ шуугианаас хол байхад тун тохиромжтой газар ажээ.

Английн хөлбөмбөгийн холбооноос Бюхлерхохын цайзыг гайхалтай тохижуулжээ. Рио, Краучи бид нар шиг өндөр тоглогчдод зориулан урт ор бэлтгэж, хоол хүнс, хувцас хэрэглэлийг дээд зэргээр хангасан байв. Бидэнд дутуу зүйл гэж үгүй байлаа. Маргааш өглөө нь Миттелберг1 дэх бэлтгэлийн талбайд очоод тэр ДАШТ-ий цэнгэлдэхийн алинд ч байгаагүй сайхан зүлгийг олж харлаа. Холбооны зүгээс биднийг хамгийн сайн бүхнээр хангахын тулд хичээж ажилласан нь анзаарагдана. “Уэмбли”-гийн зүлгийг арчилдаг Английн урдаа барих агрономичдын нэг Стив Уэлшийг урин авчирч бэлтгэлийн талбайг шинээр байгуулсан аж. Талбайг өглөө бүр усалж бэлтгэл хийхэд бэлэн болгоно. Зургадугаар сарын 6-ны тэрхүү мягмар гаригийн өглөө бэлтгэл дээр багийнхнаа харахад бүгд шийдэмгий, итгэл төгс байлаа. Ямар ч багийн эсрэг тоглоход бэлэн гэдгээ тэгэхэд мэдэрч билээ.

Одоо бидэнд Уэйн Рунигийн тавхайны гэмтэл эдгэх л хамгаас илүү чухал байна. “Уэйн багтаа ирвэл бид ДАШТ-д гарцаагүй түрүүлнэ” хэмээн бодогдоно. “Манчестер Юнайтед”- ын дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон шигшээ багийнханд Уэйнтэй болгоомжтой харьцаж, гэмтлийг нь хүндрүүлчихгүй байхыг байнга сануулж байв. Шигшээ багийн албаныхан түүний захиас, хүсэлтийг хүндэтгэн Уэйнийг огт шахаж шавдуулаагүй ба азаар Вазза санаснаас хурдан эдгэж байсан. Би Фергигийн хэлсэн үгийг сонсоод хэрвээ тэр англи хүн байсан бол арай өөр зүйл ярих байсан даа хэмээн бодсон. Вазза бид хоёр маш дотно найзууд. Бид Бюхлерхоход байх хугацаанд хөлбөмбөгийн тухай, ДАШТ-ий талаар үргэлж ярилцаж байсан. Тэр “Би одоо тоглоход бэлэн болсон. Парагвайн эсрэг тоглолтод ч гарахад бэлэн” хэмээх аж. Парагвай! Энэ бол бидний зургадугаар сарын 10- нд хийх эхний тоглолтын өрсөлдөгч юм. Уэйн Миттелбергэд бэлтгэл хийж байхдаа, мөн Бюхлерхоход амрах үедээ ч дасгалжуулагч Свентэй таарах бүртээ “Намайг Парагвайн эсрэг тоглох багийн бүрэлдэхүүнд оруулаач. Би ид торгон ирэн дээрээ байна” хэмээн шалж, шаардаж байсан. Уэйний өөртөө итгэлтэй энэ зан чанарт нь би дуртай. Тэр ДАШТ- ий эхний тоглолтод гарахын тулд юу ч хийхээс буцахгүй байлаа.

Рунигийн талбайд гарах эсэх тухай яриа энэ үед эрчээ аваад байв. Өдөр болгон л сонинууд арын нүүрэндээ түүний зурагтай мэдээ тавина. Тэр талбайдаа эргэн ирэх үү? ДАШТ-д тоглох уу? Энэ мэт гарчиг зогсолтгүй хөврөх аж. Энэ байдал Уэйнд болон Английн шигшээгийн бусад тоглогчдод тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь тодорхой. Гэхдээ энэ нь Англи даяар юу хүсч буйг, бүх хүн хөлбөмбөгөөр амьсгалж байгааг илэрхийлж байлаа. Уэйн Английн шигшээ багийн түлхүүр тоглогч нь учраас хэвлэлийнхэн тийн анхаарлаа хандуулсан хэрэг. Гэвч хэвлэлийнхний дарамт түүнийг бэлтгэл, сургуулилтдаа төвлөрөхөд саад болж байсан. Шигшээ багийнхан өглөө, өдөр, орой хамтдаа хооллодог бөгөөд энэ үед зурагт асаахад зөвхөн энэ тухай л яриа өрнөсөөр. Үүнээс болж зарим нэг тоглогч түүнгүйгээр тоглох хэцүү гэдэгт итгээд, санаагаар унаад эхэлжээ.

Свенд Ваззаг авч явах эсэхийг шийдэх эрх байсан. Үнэндээ Английн шигшээ баг ДАШТ-д түрүүлье гэвэл зайлшгүй түүнийг бүрэлдэхүүндээ авах шаардлагатай байв. Хэдийгээр Свен үүнийг ойлгож, Рунигийн талбайд гарч чадах эсэх нь эргэлзээтэй байхад шигшээд багтаасан ч түүнийг оролцуулаад дөрөвхөн довтлогчийг авсан нь том алдаа болсон. ДАШТ гэх мэт томоохон тэмцээнд ямар ч баг дор хаяж таван довтлогчтой оролцдог билээ. Миний хувьд Английн шигшээ багийг Германд дөрөв биш, ядаж таван довтлогчтой очоосой гэж бодож байсан. Үүгээр англичууд довтолгоог эрхэмлэдэг, мөн ямар ч багийн эсрэг тоглоход бэлэн гэдгийг илэрхийлэх ёстой юм. Гэтэл Свен довтлогчоос илүү хагас хамгаалагчдад илүү ач холбогдол өгч, онцгойлон ярьж байв.

ДАШТ-ий өмнөхөн тавдугаар сарын 30-нд “Олд Траффорд”-д Унгарын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийхэд хувцас солих өрөөнд ороод би маш их гайхсан. Тэнд надад “9” дугаар бүхий өмсгөл бэлтгэсэн байлаа. Үүнийг хараад дасгалжуулагчийн энэ шийдвэр ирээдүйг минь баллах вий гэсэн айдаст автсан. Би довтлох чиглэлийн хагас хамгаалагч болохоос цэвэр довтлогч биш. Вазза, Майкл, Крауч зэрэг довтлогчид л ийм дугаартай цамц өмсдөгийг хэн бүхэн мэдэх билээ. Тэд багийн бүрэлдэхүүнд нэгэнт багтаад байсан ба Свен “9” дугаарыг надад өгсөн нь дөрөв дэх довтлогч нь Жеррард болох уу гэсэн асуултыг олны дунд бий болгосон юм. Эцэст нь Эрикссон ДАШТ-ий хүнд хэцүү тулаанд дөрөвхөн довтлогчтой оролцохоор шийдсэн. Харамсалтай нь түүний сүүлчийн сонголт нь Тео Уолкотт байлаа. Үүнийг сонссон даруйдаа би маш их санаагаар унасан.

Тео бол хэзээ нэгэн өдөр шигшээ багтаа гавъяа байгуулж, амжилтад хүргэнэ гэдэгт би эргэлздэггүй. Бэлтгэл дээр ч тэр үүнийгээ батлан харуулдаг. Гэвч тэр “Герман-2006” ДАШТ-д Английн шигшээ багийн амжилтад ямар ч нэмэр болохгүй нь тодорхой байсан. Тэр зүгээр л “Гурван арслан”-гийн ирээдүй ямар вэ гэдгийг илэрхийлэгч нь болж ДАШТ-д очсон. Түүнд Герман руу явах ямар ч үндэслэл байгаагүй юм. ДАШТ-д оролцохоор нисэхдээ онгоцонд түүнийг олж хараад урам хугарч билээ. Би Свенд маш их итгэдэг байсан. Харин Премьер лигийн нэг ч тоглолтод оролцож үзээгүй, олон улсын тэмцээний утаа үнэрлээгүй нэг жаалыг сонгосон нь швед дасгалжуулагчийг үнэлэх үнэлэмжийг минь бууруулсан. Түүний энэ үйлдэл их аз сорьсон хэрэг байлаа.

Свен түүнийг ДАШТ-ий тоглолтод үнэхээр гаргана гэж үү? Үгүй ээ, ингэх ямар ч үндэслэл байхгүй. Тео ийм өндөр түвшний тулаанд оролцоход дэндүү балчир. Би түүн шиг 17-тойдоо нөөц багийн гурван тоглолтод гарч амжсан байсан уу, үгүй юу. ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтаасан нь зүйтэй эсэхийг Теогоос өөрөөс нь асуугаад үзэх хэрэгтэй байсан юм. Ийм нялх жаал энэ өндөр түвшний тэмцээнд тоглох хэмжээнд бэлтгэх боломж ч байхгүй. Ер нь Уэйн Руни, Лионель Месси нарын хэдэн мянгад нэг тохиох онцгой авъяастай нэгэн биш л бол 17 настай хүүхэд ДАШТ-д оролцох нь боломжгүй зүйл юм.

Хэдий Свений сонголт надад таалагдаагүй ч би Теод элэгсгээр хандаж байсан. Ингэхэд хэцүү юу байх вэ дээ. “Арсенал”-ын жаал ах тоглогчдын дунд орж ирээд эхэндээ дуугүй, бүрэг байв. Энэ бол байдаг л үзэгдэл. Удалгүй тэр нүүр хагарч, бидэнтэй чөлөөтэй санал бодлоо солилцдог болсон. Тэр бэлтгэлийг ягштал хийдэг. Хүнд хэцүү дасгалуудыг огтхон ч түүртэхгүй хийнэ. Гэхдээ л бэлтгэл, тоглолт хоёр эрс ялгаатай билээ. ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод шигшээ баг хэд хэдэн довтлогчоо гэмтлийн улмаас алдсан үед ч түүнийг бүрэлдэхүүнд багтаах нь аз сорьсон хэрэг юм. Бид Герман руу жуулчлах гэж яваагүй, ДАШТ-д ширүүн тулаануудыг хийх гэж очсон билээ. Тео авъяастай ч 20 хүрээгүй насандаа ДАШТ-ий баатар болсон Майкл Оуэн, Пеле нарын дайных биш. Тэд ингэхдээ хэдийнэ клубтээ байр сууриа олсон байсан юм.

Би ийм үнэлэлт өгч буйдаа Теогоос уучлалт гуйя. Үнэндээ түүнээс илүү Жермэйн Дефо, Даррен Бент нар шигшээ багт хэрэгтэй байсан юм. Жермэйн, Даррен нар улирлын турш лигийн хүнд хэцүү тоглолтуудад оролцон, ДАШТ-ий багт орох болзлоо үндсэндээ хангачихсан үед хаанаас ч юм нэг жаал гарч ирээд тэдний байрыг эзлэхээр ямар олиг байх билээ. Энэ үнэхээр шударга бус хэрэг байсан. Даррен гэртээ үлдэж, харин Жермэйн хэрэв Уэйний гэмтэл нь эдгэхгүй бол дуудагдах болзолтойгоор нөөц тоглогч болон Герман луу явсан. Дефо шигшээ багийн бэлтгэлд анх дуудагдсан өдрөөс л гайхалтай сайн байсан. Довтолгооны төгсгөлийг гүйцэтгэх чадвар нь олныг алмайруулж байв. Тэр үнэхээр ид торгон ирэн дээрээ байлаа. Хэдий түүнийг ийм үед нь нэг жаалаас дорд үзэн шигшээгийн 23 тоглогчийн тоонд багтаагаагүй ч тэр хэзээ ч гомдоллож байгаагүй. ДАШТ-ий өмнөхөн эмчийн үзлэгээр Уэйн тоглоход бэлэн болсон нь оношлогдоход Дефо сэтгэлээр унасан байдал огт үзүүлээгүй. Англи руу буцахаар нисэх онгоцны буудал руу явахынхаа өмнө тэр багийнхаа бүх тоглогчтой гар барин бидэнд амжилт хүсч байлаа. Жинхэнэ эр хүн шүү. Би түүнийг багтаа үлдэхийг туйлаас хүсч байсан. Хэрэв ДАШТ-д оролцох багийн 23 тоглогчийн тоонд түүнийг багтаасан бол Английн хувь заяа яаж ч өөрчлөгдөж мэдэх байсан гэж би боддог.

Гэхдээ Вазза багтаа эргэж ирэх болсон нь тун чухал үйл явдал юм. Зургадугаар сарын 7-ны лхагва гаригт Жермэйн Англи руу буцахаар хувцас хунараа баглаж байхад Вазза Бюхлерхоход ирээд зочид буудлын хүлээн авахын дэргэд “Том залуу эргээд ирлээ” хэмээн хашгирч зогссон. Ичиж зовохыг мэдэхгүй түүнээс л ийм араншин гарна даа. Тэр өөртөө итгэх итгэлээр бусдаас онцгойрдог нэгэн билээ. Сүүлд эмч үзлэг хийхэд тэр хүссэн хариу нь гарна гэдгийг мэдэж, үүнд итгэлтэй байсан. Ер нь шигшээ багийн бүх л хүн үзлэгийн үр дүн таатай гарна гэдгийг таамаглаж байсан юм. Уэйн пүрэв гаригт байлдааны галын шугам дээр ирж буй баатар мэт бэлтгэлдээ эргэн орлоо. Хэдий тийм ч Парагвайн эсрэг хийх тоглолтод түүний гарах эсэх нь эргэлзээтэй хэвээр байсан юм. Энэ байдал харин Уэйнд хүндээр тусч байв. Хүн бүрт ус, агаар ямар хэрэгтэй байдаг шиг Ваззад хөлбөмбөг тоглоно гэдэг маш чухал зүйл юм.

Би бусдын адил Ваззагийн хэрхэхийг анхаарахын зэрэгцээ өөрийнхөө тухай бодолд дарагдаад байлаа. Ингээд хүсэн хүлээсэн ДАШТ-дээ анхны тоглолтоо хийх нь. “Ливерпуль”-д үзүүлсэн амжилтаа Английн шигшээ багт гаргахыг хүсч байна. Хүн болгон л миний ингэж чадах эсэхийг сонирхож байгаа. “Аваргуудын лиг” болон FA Cup-ын финалд үзүүлсэн гайхамшгаа ДАШТ-д давтаж чадах уу? Энэ мэт асуултад би булагдаад байв. “Евро-2004”-д амжилтгүй тоглоод цээж дүүрэн харуусал тээгээд цүнхээ чирэн Лиссабоноос Англи руу нисэх онгоцонд сууж байснаа эргэн санав. Харин Германд очихдоо би өөртөө “Энэ удаа хожим харамсахгүйгээр тоглоорой, Стиви” хэмээн сануулж байсан. Бюхлерхоход байрлаж байхдаа, Миттелберг рүү бэлтгэл хийхээр явахдаа үргэлж л “Европын АШТ-д Францтай хэрхэн тоглосноо ямагт сана. Тоглолтын төгсгөл хүртэл би сайн тоглосон. Гэвч... Энэ удаа 90 минутын турш ямар ч алдаа гаргаж болохгүй” хэмээн бодно.

Тэр долоо хоногт энэ мэт бодлоос болоод нойрондоо муу байлаа. Дэндүү их зүйл бодсоноос орондоо хөрвөөн хэвтсээр үүрээр л ганц, хоёр цаг унтдаг байв. Гэтэл бас нэг санаа зовох зүйл гарч ирлээ. Уэйнийг Манчестераас Герман руу нисч ирсэн өдөр Миттелберг дэх бэлтгэл дээр болсон хэрэг. Би Жо Коулаас бөмбөгийг нь булаахаар хөлд нь суутал түүний өвдөг нь миний ташаан тус газар онож, үүнээс болоод нуруу татчихав. Тэр даруй “Үүнээс болоод хэсгийн тоглолтод гарч чадахгүй болчих вий” гэсэн бодолд автлаа. “Бүр тэмцээний турш тоглохгүй болох юм биш биз” хэмээн айв. Ажилдаа сайн, мэргэжилдээ дадлагажсан хүмүүс шигшээ багт ажиллаж байсан нь зол боллоо. Шигшээгийн илээч Гари Левин эхний үзлэгийг хийгээд “Санаа зоволтгүй дээ, энэ хурдан эдгэх юм байна” гэв. Түүний үг үнэн байгаасай гэж бодоод мод тогшлоо. Багийн эмч Лейф Суорд түүний хэлснийг батлав. Маргааш өглөө нь Карл Тодд гэдэг зөөлөн эдийн гэмтлийг анагаах тал дээр мэргэшсэн алдартай илээч Англиас ирж, тэр өдөртөө нуруунд минь дөрвөн удаа иллэг хийлээ. Карл эмчилгээ хийж байх үедээ намайг тайтгаруулах гэсэн үү, үнэн бодит байдлыг ойлгуулах гэв үү, “Чи Парагвайн эсрэг тоглолтод гарах юм байна аа” хэмээн байн байн хэлж байв. Гэхдээ л сэтгэлийн минь мухарт айдас хургасан хэвээр л байлаа.

Эмнэлгийн албаныхны сайн ажилласны үр дүнд тэдний хэлсэнчлэн би Парагвайн эсрэг тоглолтод гарахад бэлэн боллоо. Харин дасгалжуулагч намайг Франкфуртэд хамгаалалтад түлхүү анхаарч тогло гэсэн заавар өгөв. Свен хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчгүй 4-4-2 гэсэн хувилбарыг сонгосон боловч надад “Чи Фрэнкийг бодвол арай жаахан ард тоглоорой. Довтолгоонд оролцох гэж хичээх хэрэггүй. Хамгаалалтад л анхаар” гэж хэлсэн. Энэ нь миний довтолгоонд чамгүй дэм болдог чадварыг дутуу үнэлсэн хэрэг мэт санагдав. Би “Ливерпуль”-д тоглодог шигээ үүргийг шигшээдээ гүйцэтгэхийг хүссэн. Гэвч Свен довтлох зөвшөөрлийг Фрэнкэд өглөө. Тэглээ гээд би гомдоллохгүй, би хаана ч тоглож чадна. Лампс бол Английн шигшээг ДАШТ-д шалгаран оролцоход гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг. Тэр энэ байрлалдаа нэгэнт өрсөлдөгчгүй дархлагдсан нэгэн билээ. Миний хувьд ДАШТ-ий талбарт мөрөө гаргахыг л туйлаас хүсч байв. Баруун, зүүн жигүүрийн хамгаалагчаар гаргасан ч яах вэ, гол нь Франкфуртэд болох тоглолтод оролцож, ДАШТ-ий уур амьсгалыг мэдэрмээр байна. ДАШТ-ий анхны тоглолтоо харьцангуй хожуу буюу 26 нас хүрчихээд хийж буй учир илүү догдолсон биз ээ.

Тоглолтын өмнө хувцас солих өрөөнд ДАШТ-ий эхлэлээ гайхалтай хийх хүсэл дүүрэн залуус сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хашгиралдацгааж байв. Манай өрөөнөөс гарах чимээ цэнгэлдэх хүрээлэнгийн доод хонгилыг бараг чичрүүлж байлаа. Урьдын адил биднийг хувцас солих өрөөнд орсон мөчөөс талбайд гарах хүртэл Пол Робинсон нэг ч хором амаа хамхиагүй. Хүн болгон л бид энэ тоглолтод хожно гэдгийг зөнгөөрөө мэдэрч байв. Тийм ээ, ДАШТ эхэллээ, бидний цаг эхэллээ.

Хонгилоос гарч талбай дээр гишгэх мөчид “Айнтрахт Франкфурт”-ын энэ цэнгэлдэх хүрээлэн Английн шигшээгийнх болсон мэт санагдсан. Энд тэндгүй Английн далбаа намирч, хаа сайгүй манай хөгжөөн дэмжигчид хашгиралдана. Англичуудад тасалбар олдохгүйн зовлон гэж байх биш дээ. Ийм орчинг анх удаа мэдрээгүй болохоор би үүнд төдийлэн гайхаагүй. Өмнөх орой нь Франкфуртэд ирээд зочид буудалдаа орон зуршил ёсоороо зурагт асаахад энэ хот тэр чигээрээ, магадгүй Герман даяар англичууд оволзож буй бичлэг гарч байсан. Цонхоо онгойлгоход манай хөгжөөн дэмжигчдийн “Алтан цом хөлбөмбөгийн эх оронд эргэн ирнэ!” хэмээн дуулах нь сонсогдож байлаа. Одоо шигшээ багийн тоглогчид бид хөгжөөн дэмжигчдийнхээ энэхүү дууллыг биелүүлэх эсэхээ шийдэхээр тулааны талбарт гарахад бэлэн болоод байна.

Тоглолт бидний хувьд тун дажгүй эхэллээ. Гурав байна уу, дөрөв дэх минутад Бексийн хийсэн чөлөөт цохилтыг Парагвайн хамгаалагч Карлос Гамарра өөрийнхөө хаалганд мөргөөд оруулчихсан. Гэхдээ Сахарын цөлд буй мэт хурц нар шарах нь санаснаараа тоглох боломжийг хязгаарлаж байв. Ам хатаж, уруул омголтсоноос амаа жимийх үед яг л зүлгүүр зуучихсан мэт санагдаж байж билээ. Энэ халуун, бүгчим байдал бидний ганц асуудал биш байлаа. “Айнтрахт”-ын цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дэндүү муу байсан. Миттелберг дэх бэлтгэлийн талбайн зүлэг тоглоход тун тааламжтай учир бидний бэлтгэлийн хэмнэл ч тун өндөр байсан юм. Харин үүнийгээ энд гаргах хэцүү ажээ. Франкфуртын талбай маш хуурайгийн зэрэгцээ зүлэг нь дэндүү урт ургажээ. Хоёрдугаар үе эхлэхэд англичуудын ядарсан нь илт мэдэгдэж эхэлсэн ба Парагвай биднээс илүү бөмбөг эзэмших болов. Харин шүүгчийн алдаатай шийдвэрийн улмаас шар хуудас авсныг эс тооцвол би энэ өдөр өөрийн үзүүлсэн тоглолтдоо сэтгэл хангалуун байлаа. Хоёрдугаар хагаст бид өрсөлдөгчийнхөө олон ширүүн довтолгоог хүлээн авсан ч эцсийн эцэст тоглолтыг гурван оноотой өндөрлүүлж дөнгөв. Энэ л чухал шүү дээ, Англи гараагаа амжилттай хийлээ, бид урагшилж явна.

Зургадугаар сарын 15-нд Нюрнберг хотноо дараагийн учраа Тринидад ба Тобагогийн эсрэг тоглов. Тоглолтын өмнө би “Энэ удаа бид хөлс гаргалгүй хожих ёстой” хэмээн бодож байлаа. Гэвч дахиад л хатуу ширүү эсэргүүцэлтэй тулгарлаа. Ялангуяа хоёрдугаар хагаст миний олон дамжуулалт таслагдаж, эзнээ олсонгүй. Хэрвээ Англи энэ маягаараа тоглох аваас дэлхийн аварга болно гэж саналтгүй. Алтан үеийнхэн хэмээн үнэлүүлж хүндлэгдсэн бид “Врексхэм”, “Порт Вейл”, “Ковентри” зэрэг дундаж багт данстай тоглогчдын эсрэг 83 минутын турш юу ч хийж чадсангүй. Питер Крауч мөргөж гоол хийснээр Английн шигшээ баг арайхийн давамгайллыг олж авав. Энэ нь биднийг тайвшруулж, амьсгаа авахтай болгосон. Гэхдээ би үлдсэн хугацаанд довтолгоонд оролцож, хаалга руу хэдэн удаа цохихыг эрмэлзэв. Би “Мелвүд” дэх бэлтгэлийн ихэнх цагаа зүүн хөлөөрөө тоглоход зориулдаг. Тринидад ба Тобагогийн эсрэг хийсэн тоглолтын сүүлчийн минутад энэ бэлтгэлийн үр дүн гарсан. Хаалган тушаа зогсох надад дамжуулалт ирэхэд баруун хөлдөө тааруулах гэж төвдөлгүй, эргэлзэлгүйгээр солгойгоороо цохилоо. Ийнхүү ДАШТ-д анхны гоолоо орууллаа. Саяхан л ДАШТ-д тоглож үзэхийг хүсч байсан бол одоо бүр өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж үзлээ. Шигшээ багтаа гоол оруулалгүй удсан би цохисон бөмбөг маань Шака Хислопын сунгасан гарын хажуугаар өнхрөн хаалганд орохыг хараад нуруунаас хүнд ачаа аваад хаясан мэт болж билээ. 2002 оны ДАШТ-ийг харамсалтайгаар өнжсөн сэтгэлийн гуниг энэ мөчид ор мөргүй арилсан.



Хоёр тоглолт, зургаан оноо. Энэ бол төгс үзүүлэлт. Уэйн тоглолтод гарахад бэлэн болсон тухай мэдээ Английн шигшээ багийн амжилт цааш зогсолтгүй үргэлжлэх итгэлийг төрүүлнэ. Гэвч биднийг нөмөрсөн бараан үүл огт нимгэрээгүй бололтой. Энэ удаа бид хэвлэлийнхний дайралтад өртлөө. Шүүмжлэгчид биднийг өндөр чацтай Питер Краучид тулгуурлан зөвхөн холын дамжуулалтаар тоглож, нэг ёсондоо азанд найдсан тоглолтыг үзүүлж байна хэмээн мэдэмхийрцгээж байв. Үнэндээ энэ бол миний хувьд шал утгагүй яриа. Английн шигшээ, ер нь ямар ч баг энэ ДАШТ-д зөвхөн алсын дамжуулалтад найдаад хол явахгүй гэдгийг бид мэдэж байсан. Тийм байтал яалаа гэж ийм тактик баримтлах билээ? Энэ бол зүгээр л түвшин доогуур багийн эсрэг бие халаалт хийсэн хэрэг төдий байлаа. Бид Баден-Баден руу буцаж явахдаа зөвхөн энэ тухай л ярилцсан. “Хэрэв ДАШТ-д түрүүлье гэж бодож байгаа бол Парагвай, Тринидад ба Тобагогийн эсрэг тоглосноос илүү байх хэрэгтэй. Мөн гоолын боломжийг илүү олон гаргах ёстой” хэмээн ярилцаж байлаа. Свен хөзрөө дэлгэх болоогүй гэдгийг бид мэдэж байсан.

Тоглолт бүрийн дараа бид гэр бүлийнхэнтэйгээ нэг хоногийг өнгөрүүлдэг. Харин Баден- Баден дахь Английн шигшээ багийн баазад хэвлэлийнхэн, папарацци цуглах болсноор бидний таатай өдрүүд өндөрлөсөн гэж болно. Хэргийн гол учир нь тэдний сонирхсон сэдэв нь шигшээ багийн тоглогчдын бэлтгэлжилт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж буй тухай биш зөвхөн эхнэр, найз бүсгүйчүүдийнх нь талаар мэдээллийг цуглуулж байсан. Тоглогчдоос илүү анхаарлыг тэдэнд хандуулж байв. Ингэхэд үүнд хэн буруутай вэ? Эрээ цээргүй сурвалжлагчид, папарацци сонин дээрээ тавих эгзэгтэй агшныг олж дарахын тулд зогсоо чөлөөгүй бидний араас элдэж байсан. Тэд тоглогчдын эхнэр, найз бүсгүйчүүдийг яагаад тайван орхиж болоогүй юм бол? Шигшээгийн тоглогчдын гэр бүлийнхэн байрласан зочид буудал, бидний хамтдаа зугаалдаг цэцэрлэгт хүрээлэнд хазгай гишгэж, өө гаргахыг хүлээж суухын ашиг тус нь юу байв? Би нэг удаа Алекс, Лилли-Элла, Лекси гуравтайгаа хамт цэцэрлэгт хүрээлэнд салхилахыг оролдсон. Гэвч энэ үнэхээр боломжгүй юм билээ. Гэрэл зурагчид бидний алхам бүрийг алдалгүй мөшгиж, бараг хөдөлгөөн болгоныг алдалгүй дарж байсан. Чөтгөр аваг, бидний чөлөөт цагаа аятайхан өнгөрүүлж, алжаалаа тайлах гэсэн оролдлого талаар боллоо. Үүнээс болоод Алексийг ирэх бүрт бид өрөөнөөсөө гарахгүй байхыг эрхэмлэх болсон. Энэ нь яршигтай гэрэл зурагчдаас ангид байх цорын ганц арга байв. Гадаа гарч хүссэнээрээ тоглохыг хүссэн хоёр хүүхдээ өрөөнд нь хориод байх тун хэцүү. Хэдийгээр тэд аливааг ойлгох насанд хүрсэн ч хамт алхах дуртай цэцэрлэгт хүрээлэнгийнх нь бут, сөөг бүрийн ард гэрэл зурагчид отож буйгаас гарч чадахгүй байна гэдгийг яаж тайлбарлаж өгөх билээ? Гэрэл зурагчдын хувьд бидний зургийг авах эрхтэй ч ингэж зүй бус авирлах нь тоогүй. Тэд зөвхөн олны анхаарал татах зураг дарж, ахиу мөнгө олохыг л боддог байх.

Тэдний энэ үйлдэл Колин, Пош, Алекс нарын хэн нь илүү их мөнгө зарлагадаж байгааг тооцох уралдаанд оролцож буй мэт байдаг. Шигшээгийн тоглогчдын гэр бүлийнхэн бидний байрласан зочид буудалд ирж, цэцэрлэгт хүрээлэнд нэг өдөр зугаалахад тэндхийн ажилтнууд Германы шигшээ баг ирэхэд ч ийм олон гэрэл зурагчин, сурвалжлагчид цуглаж байгаагүй гэдгийг хэлж байв. Ёстой галзуурмаар. Италийн шигшээ багийн тоглогчид Германд гэр бүлийнхнээ авчирсан уу? Тийм ээ. Тэгвэл итали сурвалжлагчид тэдний эхнэр, найз бүсгүйчүүдийг мөшгин мөрдөж байв уу? Тэгээгүй. Гэтэл Английн сонин хэвлэлийнхэн яагаад тоглогчдын гэр бүлийнхэнд илүү анхаарал хандуулна вэ? Зарим нэг нийтлэлийг уншихад хөх инээд хүрмээр. Алекс нэг орой хэсэг охидын хамт Баден- Баденд хөгжилдөөд 800 евро үржээ. Харин маргаашийнх нь сонин дээр “Шигшээ багийн тоглогчдын эхнэр, найз бүсгүйчүүд маш үнэтэй оргилуун дарс 16 лонхыг суллаж, нийт тооцоо нь 4000 евро гарсан” хэмээн бичсэн байж билээ. Энэ мэтчилэн нутгийн маань сурвалжлагчдын зүй бус авирлах нь хэрээс хэтрээд байв. Энэ бүхнээс болоод ээж бараг өдөр болгон утсаар ярьж, байдал хэвийн эсэхийг асуудаг байсан.

Галзуурмаар юм. Хэвлэлийнхэн Английн хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн тоглогчдын гэр бүлийнхнийг Германд ирэхийг зөвшөөрснийг онцлон шүүмжилж буй аж. Тэгээд Колин, Пош, Алекс нарын зургаар арын нүүрээ чимэглэнэ. Тоглогчдын эхнэр, найз бүсгүйчүүд Баден-Баденд байх эрхтэй. Зарим нэг залуу тоглогч анх удаа гэр бүл, найз нөхдөөсөө холдоод гэрээ санах зэргээр шаналж болох шүү дээ. Би “Евро-2000”-д ийм шаналлыг мэдэрсэн болохоор 17-хон настай Тео Уолкотт найз охин юм уу, аав, ээжийнхээ хэнтэй нь ч уулзалгүй долоон долоо хоног байж чадахгүйг ойлгож байлаа. Тэгээд ч Бекс, Фрэнк, Карра, бид нар яагаад тэмцээний үеэрх цөөн хэд хоногийг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж болохгүй гэж? Энэ нь биднийг бэлтгэлээ илүү сайн хийж, тоглолтоо бүрэн гаргахад дэм болдог. Германд байх үед Лекси маань халдварт өвчин тусч багагүй сандаргаж билээ. Одоо эргээд бодоход хэрэв бяцхан охин маань Англид байгаад ингэж өвдсөн бол надад маш хэцүү байх байсан гэж санагддаг. Магадгүй энэ тухай сонсоод л нисэх буудал руу яарах байсан биз. Харин Свен энэ үед тун эелдэг байсныг дурдах хэрэгтэй. Тоглогчид байрнаасаа гарах хориотой өдөр Лекси маань өвджээ гэдгийг би дуулсан. Тэгээд дасгалжуулагчийн өрөөнд очин учир байдлаа хэлээд гэр бүлийнхнийхээ байрласан зочид буудал руу явах зөвшөөрөл хүсэхэд Свен “Мэдээж бололгүй яах вэ? Би нөхцөл байдлыг ойлгож байна” хэмээж билээ. Тухайн үед тоглогчдын гэр бүлийнхнийг Германд хамт авчрах шийдвэр гаргасан Хөлбөмбөгийн холбоонд талархан гүйж явлаа. Хэрэв Лекси маань хэдэн мянган бээрийн алсад байсан бол би охиндоо санаа тавьж, гэргийдээ тусалж чадахгүйдээ ямар их шаналах байсан бол. Хэрвээ шигшээ багийн тоглогчдын эхнэр, найз бүсгүйчүүд Англид үлдсэн бол бидний сэтгэл санаа тийм ч сайнгүй байх байлаа. Үүний зөв, буруу байсан эсэхийг аль нэг сонины хэн нэгэн тоймч шүүх эрхгүй билээ.

Бид зургадугаар сарын 20-нд Кёльнд “В” хэсгийн сүүлчийн тоглолтоо Шведийн эсрэг хийх хуваарьтай. Үүнд бэлтгэж байтал сэтгүүлчдийн шахалт, дайралтаас илүү таагүй зүйлтэй учирлаа. Нэг өдөр Миттелбергэд хийсэн бэлтгэлийн дараа Свен намайг дуудан олны хөлөөс холдоод “Чи энэ ДАШТ-д маш сайн тоглож байна. Яг энэ эрчээ хадгалаад яваарай” гэснээ “Гэхдээ Шведтэй хийх тоглолтод чамайг сэлгээний суудалд үлдээмээр байна. Хэсгээсээ шалгарах нь нэгэнт тодорхой болсон ийм үед чи дахиад шар хуудас авчихвал бидэнд том гарз болно. Тиймээс шөвгийн 16-гийн тоглолтоо бодоод чамайг амраамаар байна. Энэ бол багийн эрх ашгийн төлөө л гаргасан шийдвэр шүү. Чи ямар бодолтой байна?” хэмээв.

Сэлгээнд үлдэх гэнэ ээ! Бурхан минь, энэ үгийг би ямар их үзэн яддаг гээч. “Ойлголоо, дасгалжуулагч аа. Гэхдээ би тогломоор байна”.

Свен “Стивен, чамайг ингэж хэлнэ гэж мэдэж байсан юм аа. Би тоглохыг ямар их хүсч буйг чинь мэдэж байна. Гэхдээ эцсийн эцэст ямарваа шийдвэр багийн эрх ашгийн төлөө байх ёстой. Би энэ талаар эргэцүүлэн бодоод маргааш эцсийн хариуг хэлье” гэлээ.

“Мэдлээ. Хэрвээ та намайг гарааны 11-д багтаахгүй бол би таныг ойлгоно. Гэхдээ би таны мэдэж байгаагаас илүүтэй тоглох хүсэлтэй. Би бүхэл бүтэн нэг ДАШТ-ийг өнжсөн. Тиймээс энэ удаа нэг ч тоглолт алгасалгүй тоглохыг туйлаас хүсч байна”.

Би өрөөндөө эргэн очоод энэ тухай бодон хэвтлээ. Би Шведийн эсрэг хийх тоглолтод гарахыг маш их хүсч байв. Бурхан минь, Парагвайтай хийсэн тоглолтод тэр хараал идсэн шүүгч надад яах гэж тийм дэмий шар хуудас өгөв өө? Хэрэв тэгээгүй бол би Шведийн эсрэг ямар ч асуудалгүйгээр гарааны 11-д багтах байлаа. Тэгээд Каррагийн өрөөнд очин үүсээд буй асуудлын тухай ярилцсан.

Түүнд бүх үйл явдлыг хэлээд “Чи энэ талаар ямар бодолтой байна вэ? Миний хувьд Свен намайг зүгээр л туршиж байгаа юм шиг санагдаад байна. Би үнэхээр сэлгээнд үлдмээргүй байна шүү дээ” гэлээ. Карра миний яриаг тэвчээртэй сонссоны эцэст “Нэгэнт чи шар хуудастай байгаа болохоор Шведтэй хийх тоглолтыг биш, шөвгийн 16-гийн талаар л бодох хэрэгтэй. Хэрвээ чи дахиад шар хуудас авчих юм бол Свений хэлснээр энэ нь Англид том хохирол болно. Тэр үед чи “Свен намайг нэг тоглолт өнжөөхгүй яав даа?” гэж бодох болно шүү. Чамгүйгээр Англи тоглолтоо бүрэн гаргаж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээсэн.

Ингээд маргааш нь Свен юу гэж хэлэхийг нь хүлээхээр шийдлээ. Дасгалжуулагч өглөө над дээр ирээд “Стивен, чамайг нөөцөнд үлдээнэ. Чамайг тоглуулах нь аз сорьсон хэрэг гэж бодож байна. Чиний талбайд гарах хүсэл ямар их байгааг ойлгож байгаа ч надад өөр сонголт алга. Бид юуны өмнө хэсэгтээ тэргүүлэх хэрэгтэй. Хэрэв энэ тоглолтод чиний хэрэг гарвал би тэр даруй чамайг талбайд гаргана гэдгээ амлая” хэмээлээ. Би хариуд нь “Ойлгож байна, эрхэм ээ. Хэсэгтээ тэргүүлэхийн төлөө урагшаа” гэв. Свен үүний араас “Фрэнк ч гэсэн шар хуудастай байгаа. Гэхдээ тэр эхний хоёр тоглолтод хараахан гоол хийж амжсангүй. Түүнд гоол оруулах дахин нэг боломжийг олгомоор байна” гэж нэмж хэллээ.

Тийм ээ, би бүгдийг ойлгосон. Свений миний торгуульд санаа тавьж буй нь намайг үнэлж буй хэрэг гэж бодсон.

Кёльнд тоглолт эхлэхийн өмнө дуртай дургүй нөөц тоглогчдын суудалд очин тухлаад Майкл Оуэн гэх мэт гарааны 11 тоглогчийг нэг бүрээр нь шинжин харлаа. Майкл эхний хоёр тоглолтод гаргасан үзүүлэлтээрээ чамгүй шүүмжлэлийг хүртээд байсан юм. Гэвч тэр Шведийн эсрэг хийх тоглолтод гоолгүй минутын цувралаа таслах итгэл төгс байлаа. Энэ тоглолтод түүнийг гоол оруулна гэдэгт би 100 хувь итгэлтэй байсан. Найзын минь нүдэнд оч гялалзаж байхыг би олж харав. Тэр шүглийн дууг тэсч ядан хүлээж буй бололтой. Майкл ямар ур чадвартай тоглогч болохоо дахин сануулахад хэдийнэ бэлэн болжээ.

Харамсалтай нь шүгэл дуугарснаас хэдхэн мөчийн дараа тэр өвдгөө барин унав. Майкл үргэлжлүүлэн тоглох боломжгүй болжээ. Найзын үүднээс, шигшээ багт хамтран тоглогчийн хувиар Майклыг ийн гэмтсэнд маш их харамссан. Дамнуурган дээр хэвтэн ДАШТ-ээ ийм эрт өндөрлүүлэн гарч буй нь тун харамсалтай. Сэлгээний тоглогчдын суудлаас энэ бүхнийг харж байхдаа “Свен одоо ямар алдаа гаргаснаа ухаарах байх даа” хэмээн бодож суув. Майклын энэ гэмтэл ердөө дөрөвхөн довтлогчтой ирсэн алдааг нь олон нийтэд тод харууллаа. Хэрвээ тэр Герман руу явах багт ядаж таван довтлогч багтаасан бол ямар ч шүүмжлэлийг хүлээхгүй байсан.

Энэ мөчид Английн хөгжөөн дэмжигчид Теог сэлгээгээр оруулахыг хүсч байв. Гэвч хэсэгтээ тэргүүлэх ганц зорилгыг өмнөө тавьсан Свен эрсдэлтэй алхам хийхийг хүссэнгүй. “Арсенал”-ын жаал түүнийг зорилгоо биелүүлэхэд тус болохгүй нь тодорхой билээ. Тиймээс тэр Краучийг талбайд гаргалаа. Хэдийгээр багийн түлхүүр тоглогчдынхоо нэгийг гэмтлийн улмаас алдсан ч Английн тоглолт тун дажгүй байв. Жо Коул тоглолтын эхний гоолыг оруулж, Английн шигшээ баг тавьсан зорилгодоо хүрэхэд хол биш байгааг харуулав. Тааруухан тактиктай хэмээн шүүмжлүүлж байсан бид яаж тоглодгоо мэдрүүлэн ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын нэг гэдгээ баталлаа. Жо Коулыг гоол оруулсны дараачаас миний толгойд Берлинд болох шувтаргын тоглолтын тухай бодол эргэлдэж эхэлсэн. Шагнал гардуулах ёслол, ялалтын парад гээд сайхан бодолд автжээ.

Гэтэл Маркус Албекийн цохилт манай хаалганд орж, тоо тэнцэж сайхан бодлыг минь тасалдууллаа. Сэлгээний суудалд байгаа бүх тоглогч, мөн дасгалжуулагчид санаа зовсон байдалтай харагдана. Свен одоо юу хийх бол? Англи тэнцсэн ч гэсэн шөвгийн 16-д шалгарах нь тодорхой.

Свен над руу харснаа “Чи гарахад бэлэн үү?” хэмээн асуув. Юу гэнэ вэ? Дахиад нэг шар хуудас авч болох эрсдэлтэй тулгармааргүй байна гэсэн яасан бэ? “Тийм ээ. Мэдээж би бэлэн”.

Хажуугийн шугам дээр ДАШТ-д дахин нэг тоглолт хийх болсондоо баярлан зогсож байтал араас “Хөөе, чи Шведийн булангийн цохилтын үед шон авна шүү” гэж хашгирах нь сонсогдов. Свений туслах Стив Макларен сүүлчийн зааврыг өгчээ. Түүний энэ үгийг бодсоор гүйн гарав. Бараг минутын дараа л шведүүд булангийн цохилт гүйцэтгэхэд нь шонгоо барин зогслоо. Баярлалаа, Стив. Би Ким Калстрёмын цохисон бөмбөгийг шугам дээрээс зайлуулж, талбай дээр гараад эхний хүрэлтээрээ л багаа аварлаа.

Үүнээс хош бидний тоглолт эрс сэргэлээ. Би Оуэн Харгривзтай мөр зэрэгцэн талбайн дунд тоглосон бөгөөд үе үе довтолгоонд хүч нэмэн урагш цөмрөн орж байв. Гоол оруулах, багтаа ялалт бэлэглэх хүсэл төрнө. Үндсэн цаг дуусахаас таван минутын өмнө Жо Коул баруун жигүүрээр бөмбөг аван урагшилж, бид 16 метрийн талбай руу гүйн орлоо. Би “Жо намайг хараад дамжуулалтаа өгөөсэй” хэмээн бодон гүйж явав. Хэрэв миний дэргэд гүйж буй хамгаалагчийн урдуур бөмбөгийг хаячих л юм бол би гоол оруулахаар байлаа. Жо миний бодлыг уншжээ. Түүний дамжуулалт ч төгс болов. Би толгойгоор тийм сайн тоглодоггүй ч Коулын хөндлөн дамжуулалтад зүгээр хүрэхэд л хангалттай байлаа. Бөмбөг хаалганд орж, англичууд сүүлийн 38 жилд анх удаа Шведийг хожих боломжтой боллоо.

Гэтэл бид Английн шигшээ багийнхны гаргаж боломгүй алдааг гаргаж, тоо 2:2 болон тэнцэв. Хажуугийн шугамаас хаалганы урд тал руу шидэн оруулсан бөмбөгийг тасалж чадаагүй ба Хенрик Ларссон бидний ялалтыг хийсгэн алга болголоо. Тоглолтын дараа хувцас солих өрөөнд очиход Стив Макларен дэлбэртлээ уурлачихсан сууж байлаа. Тэр шигшээ багийн хамгаалалт болон довтолгооны тактикийн хувилбарыг бэлтгэх гэж маш олон цаг зарцуулсан билээ. Бэлтгэл бүр дээр тэр үүнийг бэлтгүүлдэг байсан ба Кёльнд ганцхан хором байрлалын алдаа гаргаснаар түүний хөдөлмөр талаар болов. Стив “Хэрвээ бид энэ маягаараа тоглох юм бол тэмцээнд хол явах талаар саналтгүй” хэмээн хашгирна. Би энэ бүдүүлэг алдааны гол буруутан нь өөрийгөө хэмээн бодож байв. Манай баг энэ хүртэл хамгаалалтад тун сайн байсан. Харин Рио гэмтлийн улмаас талбайд гарч чадахгүй болсон нь арын шугамынханд том хохирол болжээ. Учир нь тэрхүү хамгаалалтын тактикийг хэрэгжүүлэхэд Рио түлхүүр тоглогч нь болж байсан. Хэдийгээр бид хэсгийн гурав дахь тоглолтдоо ялах боломжийг алдсан ч шөвгийн 16-д Герман биш Эквадорын эсрэг тоглох эрхтэй боллоо.

Маргааш нь буюу зургадугаар сарын 21-ний лхагва гаригийн орой би цэцэрлэгт хүрээлэнд очин том дэлгэцээр Аргентин-Голландын тоглолтыг үзэв. Энэ үед “Daily Expess”-ийн сурвалжлагч, миний итгэлт хүмүүсийн нэг Пол Жойсоос мессеж ирлээ. “Бекс, та хоёрыг зодолдсон гэсэн мэдээ ирлээ. Энд Бекс та хоёрыг түнжин муутай байгаа гэсэн цуурхал дэгдээд байна”. Ямар утгагүй үг вэ?

Би тэр даруй Жойси руу залгаж, чухам ямар гээчийн цуурхал дэгдээд буй тухай тодруулахаар шийдлээ. “Ямар утгагүй зүйл ярина вэ? Би Бекс, ер нь өөр хэнтэй ч бай нударга зөрүүлээгүй” гэхэд Жойси Бекс нэг удаагийн бэлтгэл дээр намайг дээрэлхсэн тухай мэдээ нэг сонин дээр гарсан хэмээн тайлбарлав. Инээд ч хүрэх шиг. “Ямар сонин дээр ийм мэдээ гарсан хэрэг вэ?” гэж асуулаа. Хариулт нь намайг гайхашруулсангүй. Таамаглаж байсанчлан “Sun” сонинд үүнийг бичжээ.

Утсаа хажуудаа тавиад тоглолтод анхаарлаа хандуултал дахин мессеж ирэв. Энэ удаа Бекс байв. Тэр мөн энэ тухай мэдээг дуулжээ. “Найз минь чи унтаж байж магадгүй, гэхдээ би нэг мэдээ сонсоод тэсэлгүй чамд хэлмээр санагдлаа. Чи бид хоёрыг хоорондоо зодолдсон гэх цуурхал олны дунд гарчээ. Шал утгагүй юм. Гэхдээ үүнийг бүү тоогоорой. Иймэрхүү худал цуу яриа том тэмцээний үеэр дандаа л гарч байдаг юм”. Би Бексийг хөгжөөмөөр санагдаж “Үнэхээр итгэмээргүй юм. Гэхдээ чи бид хоёрын хэн нь ялсан бэ? Би чамаас нэг ч цохилт аваагүй юм шиг байна” гэсэн мессежийг хариу явуулав. Үүнээс үүдэн нөгөө сонин дээр бичсэн мэдээллийн тухай биш, хөгжилтэй үгсийг шидэлцэн хэсэг хугацаанд мессежээр харилцлаа. Би зочид буудалдаа эргэн очоод шууд Бексийн өрөөнд орон наргианаа үргэлжлүүлсэн.

Маргааш нь өглөөний цайны үеэр Холбооны хэвлэлийн төлөөлөгч Адриан Бевингтон Бекс, бид хоёртой уулзахаар ирлээ. Энэ асуудлыг хариуцан ажиллахыг түүнд даалгажээ. Бевингтон биднээс үнэн мөнийг тодруулан нягталсны дараа FA-гаас тус сонинд гарсан нийтлэл ор үндэсгүй гэсэн мэдэгдэл хийв. Ер нь Бекс бид хоёрын дунд асуудал гарсан ч бай, бэлтгэлийн бааз дахь ийм явдлыг манай өөрийн орны хэвлэлүүд олон нийтэд тараах нь байж болшгүй зүйл билээ. Ийм мэдээ бичсэн сэтгүүлчийн материалыг хянасан редактор нь “Болно” гэж хэлээд гаргаж л байдаг. Энэ нь шигшээ багийн уур амьсгалыг эвдэж ч мэднэ шүү дээ. Намайг багийн андтайгаа нударга зөрүүлсэн гэх мэдээ гурав дахиа гарсан нь энэ. Хачирхалтай нь тэр бүгдэд намайг дийлдсэн гэж бичжээ. Би Бексээс гадна “Ливерпуль”-ийн хамтран зүтгэгч Карратай хоёр ч удаа “зодолдоод” бараагүй гэсэн.

Бид хэвлэлийн ор үндэсгүй мэдээллийг орхиод хасагдах шатны тоглолтод бэлтгэж эхэллээ. Английн шигшээ баг шөвгийн 16-д Эквадорын эсрэг тоглох билээ. Шигшээгийнхэн бүгдээрээ хэсгийн шатанд үзүүлсэн тоглолт нь плей-оффт амжилт гаргахад хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, зохион байгуулалт, тактиктаа ахиц гаргахыг хичээж байв. Энэ тухай Свентэй болон тоглогчид дангаараа хийх уулзалтын үеэр үргэлж ярьж байсан. Бид хэсгийн шатанд Парагвайн эсрэг тоглолтын эхний хагаст, Тринидад ба Тобагогийн эсрэг тоглолтын сүүлийн 20 минутад, Шведийн эсрэг эхний хагаст л сайн тоглосон. Энэ бол биднийг Берлин хүртэл явахад хангалттай үзүүлэлт биш юм.

Штутгартад хийх дараагийн тоглолтод Свен шинэ тактик баримтлахаа хэлэв. Бид хэсгийн гурван тоглолтод 4-4-2 тактикийг хэрэглэсэн бол одоо 4-5-1 гэж тоглох аж. Энэ бол маш том өөрчлөлт юм. Шигшээ багийнхан бүгдээрээ Германд дандаа 4-4-2-оор тоглоно гэж бодож байсан ч Майклын гэмтлийн улмаас ийн өөрчлөгдөв. Бэлтгэл дээр шинэ хувилбарыг туршихад бид 4-5-1-д дасахад хугацаа хангалтгүй гэдгийг ойлгосон. ДАШТ-д оролцож буй бүх баг нэг л тактикаа бүх тоглолтод хэрэглэсэн бол манайх тэгсэнгүй. Бүр хасагдах шатанд, шинэ даваанд гарсан хойно энэ өөрчлөлтийг хийлээ. Бид сарын өмнөөс л хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчгүй хувилбараар ДАШТ-д бэлтгэсэн билээ. Ямартай ч энэ том тэмцээнд ирчихээд шинэ хувилбарын бэлтгэл хийх нь утгагүй гэдгийг хүн бүр ойлгож байв. Дэлхийн аварга болох магадлалтайгаар нэрлэгдэж байсан шилдэг багууд бүгдээрээ талбайн төвд гурван тоглогчтой хувилбараар тоглож байсан бол 4-4-2-ыг сонгосон бид тэртэй тэргүй энэ байрлалд илүү хүнтэй байсан. Гэтэл Свений нэвтрүүлсэн шинэ тактикаар хагас хамгаалалтад дахин нэг хүн нэмэгдэв. Ер нь тактикаа өөрчилж болох ч үүнийг ДАШТ-ий үеэр хийж болохгүй билээ. Хөлбөмбөгийн тоймчид Английн шигшээ баг 4-5-1 хувилбараар амжилт олохгүй гэж нэгэн дуугаар өгүүлсэн. Гэхдээ бид бөмбөгийг эзэмшиж буй үед энэ нь 4-3-3-т шилжин, гурван довтлогчтой мэт тоглох боломж бас бий. Английн шигшээд яагаад 4-5-1 хувилбар таарахгүй вэ гэвэл Уэйн арагш татаж, жигүүрийн хагас хамгаалагч Жо, Дэвид нар хойшоо болчихоор бид бөмбөг эзэмшсэн үед довтолгоо үүсгэхэд хэцүү байлаа. 4-4-2-оор тоглоход Дэвид бид хоёр хааяа бие биеийнхээ байрлалыг нөхөн ээлжлэн довтолгоонд оролцдог байсан бол шинэ хувилбараар ингэж тоглоход бидний хоорондын зай дэндүү хол болсон. Дэвид, Фрэнк, Уэйн, бид нар бүгдээрээ 4-5-1-ээр амжилт олохгүй гэдгийг мэдэрч, сэтгэл дундуур байлаа.

Гэхдээ бид Эквадорыг хожихтойгоо ажээ. Бекс өөрийн нэрийн хуудас болсон гайхалтай чөлөөт цохилтоороо хожлын гоолыг оруулснаар Английн шигшээ баг шөвгийн наймд шалгаран үлдэв. Бидэнд ийм тоглогч заяасан бурханд талархъя. Тухайн үед Бексийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шигшээ багт хэрэггүй, үр ашиггүй гэж шүүмжилж байсан бөгөөд Дэвид Штутгарт дахь тоглолтод оруулсан гоолоороо гарцаагүй үндсэн бүрэлдэхүүнд багтах хүн гэдгээ батлан харуулсан. Тэр асар өндөр техник, ур чадвартай, эцсийн мөчийг хүртэл тэмцэгч тоглогч. Энэ чанараараа тоглолтыг хэдхэн хоромд эргүүлсэн тохиолдол цөөнгүй бий. Хэрэв тэр талбайд гараагүй бол бид Эквадорын эсрэг тоглолтод цаг сунгаад, магадгүй торгуулийн цохилтоор азаа үзэх байсан биз. Өөр лүү нь чиглэсэн хичнээн их хов жив яригдаж байсан ч энэ бүхнийг үл анзаарч, зөвхөн хайртай багаа хожуулахын төлөө бие, сэтгэлээ зориулдаг түүний төлөв байдал бахархмаар. Бусад тоглогчид бол ийм хүнд дарамтыг тэсч гарч чадалгүй сэтгэл санаагаар унаж, тоглож ч чадахгүй болох биз. Харин Бекс улам л өнгөжин жавхаажиж сайн тоглох аж. ДАШТ-д тэр үүнийгээ хангалттай нотлон харуулсан. Парагвайчууд түүний цохилтыг тасалж чадалгүй хаалгандаа автогоол оруулсан бол Тринидад Тобагогийн эсрэг тоглолтод сүүлийн хэдэн минутад хожлын хоёр гоолын дамжуулалтыг мөн л тэр хийсэн билээ. Энэ удаа Эквадорын эсрэг тоглолтод чөлөөт цохилтоос гайхалтай гоол оруулан багаа дараагийн шатанд шалгаруулав. Энэ бүхнийг эргэцүүлэхэд өөрийн эрхгүй “Түүнээс өөр хэн үүнийг хийж чадах билээ?” гэж бодогдоно. ДАШТ-ий өмнө “Олд Траффорд”-д Унгартай хийсэн нөхөрсөг тоглолтод ч гэсэн тэр багтаа манлайлагч нь болсон. Тиймээс л Свен, Стив нар довтолгоог түүний тоглодог жигүүрээс эхлүүлж, гайхалтай хөндлөн дамжуулалтыг нь ашиглах тактик баримталж байсан юм. Ийм байтал хэвлэлүүдэд түүнийг муулан бичсээр байдаг нь ойлгомжгүй. Түүний байрлалд Аарон Леннон гарч ирээд Бекс шиг үүрэг гүйцэтгэдэггүйг хүн болгон мэднэ. Гэтэл сонин хэвлэлд Свен баруун жигүүрт Дэвидийн оронд Аароныг гаргах хэрэгтэй гэсээр байх нь сонин. Ийм юм бичсэн сэтгүүлчийг эрхлэгч нь алганы хээгээр тамгалах ёстой баймаар. Шигшээ багийнхан дотор Бексийг сэлгээнд суулгах хүсэлтэй нэг ч хүн байхгүй. Бид түүнд хайртай, түүнийг хүндэлдэг. Хамгийн гол нь тэр бидэнд хэрэгтэй. Эквадортой хийсэн тоглолт ч үүнийг нотлон харуулсан.

Штутгартад Эквадорын шигшээ багийг буулган авсны дараа хувцас солих өрөөнд ороод Бекстэй ярилцаж суухад түүнд хэвлэлийнхний дайралтаас илүүтэй Германы хурц нар хэцүү байна хэмээн хэлж байв. Үнэхээр халуун наран дор тоглоход ам хатаад сүүлдээ залгих ч шүлсгүй болдог байсан. Талбай дээр гүйж явахдаа шүршүүрт орох мөчийг тэсэн ядан хүлээнэ. Германд би хөлбөмбөгч болсноосоо хойшхи хамгийн хүнд хэцүү тоглолтуудыг хийж байсан. Парагвай, Тринидад Тобаго, Швед, Эквадортой тоглосны дараа энэ тухай ярихад хүмүүс “Чи галзуураа юу? Энэ дөрвөн тоглолт чиний хамгийн хүнд хэцүү тоглолтууд гэж үү? Тэгвэл “Милан”-тай хийсэн тоглолт юу болох вэ?” гэж хэлж байв. Гэхдээ ДАШТ-ий талбарт ийм халуунд урьдынхаас илүү итгэл, найдвар тээн, хариуцлага хүлээн тоглох маш хүнд байсан. Шөвгийн наймд үлдэх хүртлээ хийсэн дөрвөн тоглолтоос хамгийн хялбар байсан нь Шведийн эсрэг тулаан юм. Учир нь тэр өдөр сэрүүхэн, тэр хэрээр талбай чийглэг, тоглоход таатай байсан. Өмнөх хоёр тоглолтод халуун наранд шаруулаад тийм нөхцөлд тоглоход диваажинд оччихсон мэт санагдаж байж билээ.

Эквадорыг хожсоноос хоёр цагийн дараа Нюрнбергэд португалчууд Голландыг мөн 1:0-ээр буулган авч, шөвгийн наймд бидэнтэй тоглохоор боллоо. Үүнийг хараад манайхан бүгдээрээ “Бидний хагас шигшээд үлдэх зам нээгдлээ” хэмээцгээж байв. Английн шигшээ баг хараахан оргил тоглолтоо үзүүлж эхлээгүй байсан ч ямар ч өрсөлдөгчийг буулган авна гэсэн итгэлээ гээгээгүй юм. Португалчуудаас эмээгээд байх гойд зүйл үгүй билээ. Тэд сул өрсөлдөгчид бүхий хэсгээс ДАШТ-д оролцох эрхийг хялбархан авсан. Бюхлерхоход эргэн очоод тус тусын өрөөндөө орохоор тарахын өмнө би багийнхандаа хандан “Бид Португалыг хожно биз дээ” хэмээн хэлж байв. Португалчуудын амжилтын гол түлхүүр болсон Коштинья, Деку нар торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжих болсон нь олзуурхууштай хэрэг. Ямартай ч бидэнд 4-5-1 хувилбар дээр дахиад хэд хоног ажиллах боломж гарлаа. Миттелберг дэх бэлтгэл өдрөөс өдөрт цэгцэрсээр байв.

Долдугаар сарын 1-ний бямба гаригт Гильзенкирхенд шөвгийн наймын тоглолт эхлэхэд манайхан бүгдээрээ энэ тоглолт Английн шигшээ баг хагас шигшээд шалгарснаар өндөрлөнө гэдэгт итгэлтэй байсан. Гэвч шүгэл дуугарсан мөчөөс л португалчууд тун эмх цэгцтэй, бөмбөгийг илүү эзэмшсэн тоглолтыг үзүүлж биднийг гайхашруулав. Хэдийгээр Коштинья, Деку нар нь байхгүй ч тэд тун итгэл төгс харагдаж байлаа. Луиш Фелипе Сколаригийн удирдлагад тоглож буй Португалын шигшээ багийнхан тус тусын үүргээ бүрэн ухамсарлаж, үүнийгээ ягштал биелүүлж байсан. Криштиано Роналду, Луиш Фигу нар барьж тогтооход хэцүү хурдтай, идэвхтэй тоглолт үзүүлэх аж. Тэднийг хамгаалахад яг л сүнс, хий үзэгдэлтэй хөөцөлдөж буй мэт сэтгэгдэл төрж байв. Гэхдээ Роналдуд бөмбөг очиход манайд төдийлэн аюул учрахааргүй байсан. Тэр зүгээр л бөмбөг эзэмших чадвараа үзүүлэхийг оролдож байгаа юм шиг харагдсан. “Манчестер Юнайтед”-ын жигүүрийн тоглогчийн үйлдэл хөдөлгөөнийг ажихад “Английн шигшээ багийн эсрэг тоглолтод би гол хүн нь байх ёстой. Премьер лигт тоглодог учраас ямар сайн байдгаа нотлон харуулна” гэсэн бодолтой байгаа юм болов уу гэмээр. Роналду бөмбөг авахаараа л манай 3-4 хүнийг хууран гарахыг хичээж байв. Би үүнийг нь хараад “Хэрвээ чи зөвхөн үүнийг хүсээд байгаа бол харин бидэнд завшаантай хэрэг шүү. Чам шиг бандийг яаж зогсоохоо бид сайн мэддэг” гэж бодсон. Тоглолтын эхнээс би түүний араас нэхэж, хөлд нь суун бөмбөгийг нь цэвэрхэн булааж байв. Хүмүүс миний Роналдугийн эсрэг хэрхэн тоглосныг шагшин магтдаг ч миний хувьд бол энгийн л нэг хийдэг үйлдэл билээ. Энэ португал залуугийн ингэж гүйхийг олон удаа харсан болохоор түүнээс алдаа гаргалгүй яаж бөмбөг салгахыг би сайн мэднэ. Роналду дамжуулалт хүлээн аваад бөмбөг рүү харан тонгойгоод гүйх юм бол бараг л бусдад бөмбөгөө дамжуулна гэж үгүй. Түүнийг ингэхэд яаран очиж бөмбөгийг нь булаах гэж оролдох хэрэггүй. Зүгээр ашигтай, эгзэгтэй агшныг хүлээж дагаад гүйнэ. Тэгээд аятайхан боломж гарангуут хөлд нь суугаад бөмбөгийг нь авахад тэр мөхөөлдсөө ахлах ангийнханд булаалгасан дунд сургуулийн сурагч шиг л мэл гайхсаар үлдэж байж билээ.

Харамсалтай нь Роналдугийн авъяас чадвар, нэр хүндийг гутаасан нэгэн явдал энэ тоглолтын үеэр боллоо. Тэр Гильзенкирхенд Уэйнийг талбайгаас хөөлгөх гэж хичээж байсан нь үнэхээр ичгүүртэй хэрэг. Хоёрдугаар үеийн дунд хэсэгт португалчууд бараг бүгдээрээ Уэйнийг хөөлгөх гэж шүүгч рүү овоорч байсан. Би Уэйнийг бөмбөгний төлөө тэмцэж байх үед нь шүгэл дуугарахад манайд чөлөөт цохилт хийх эрх олгох нь дээ гэж бодсон. Яг үнэндээ бол Португалын хамгаалагчид Уэйн дээр алдаа гаргасан юм. Уэйн талбайн төвд бөмбөг авахад тэд цамцнаас нь татаж, ар нуруунаас нь түлхэн шилбэ рүү нь өшиглөж байв. Хэрэв манай довтлогч гадаадынхан шиг хамгаалагч өчүүхэн төдий шүргэхэд л унасан бол эргэлзээгүй чөлөөт цохилт авах байсан. Гэвч бид бол англичууд, бид хэзээ ч ов заль гаргадаггүй. Бид ямар ч хатуу хамгаалалтыг тэсч гаран тэмцэх чадвартай. Өрсөлдөгчид маань цамцнаас татан зогсоохыг бид төдийлэн тоодоггүй. Гадаадын тоглогчид шиг шүүгч дээр очин гомдол мэдүүлдэг зан бидэнд байхгүй. Рикарду Карвалью мэтийн хамгаалагчид цэвэрхэн хамгаалж чадахгүй болохоор шүүгчийн нүдийг хариулж байгаад сэм алдаа гаргахыг Вазза үл тоож, зүгээр л хөл дээрээ тогтож үлдэн цааш гүйхийг эрмэлздэг. Тэрхүү тоглолтод түүний энэ чанар л гай болсон юм.

Би Карвальюгийн үхэл, амьдралын зааг дээр байгаа мэт ёолон зүлгэн дээр хөрвөөхийг хараад гайхсан. Юу болсон юм бол? Шүүгч Хорасио Элисондо шүглээ үлээв. Тэр даруй аргентин шүүгчийг хоёр багийн тоглогчид тойрон тайлбар тавьж эхэллээ. Удалгүй Элисондо улаан хуудас өргөж буй харагдав. Португалчуудын нэг нь хөөгдөж байна даа гэж бодон хагас шигшээд хүрэх зам засагдаж байгаад баярлалаа. Энэ бол ойролцоогоор тоглолтын 60 дахь минутад болсон хэрэг. Энэ мөчийг хүртэл Португалын тоглогчид Уэйн дээр цаг үргэлж алдаа гаргаж байсан. Эхний үед Тьягу бүр Ваззагийн нүүрэнд нь өшиглөчихсөн билээ. Тэгэхээр Элисондогийн энэ шийдвэр зүй ёсных юм. Гэвч Уэйнийг удаан алхсаар талбайгаас гарахыг нь хараад Элисондогийн өргөсөн улаан хуудас түүнд хамааралтай байсныг ойлгов. Яалаа гэж тэр вэ? Заргач португалчууд Уэйнийг газар унасан Карвалью дээр санаатайгаар гишгэсэн гэж тайлбарласаар санасандаа хүрчээ. Байж болшгүй эндүүрэл. Хэдийгээр Карвалью шүүгчийн нүдийг хариулан Уэйнийг цохиж, өшиглөж байсан ч манай довтлогч өрсөлдөгчөө гэмтээх санаа огт агуулахгүй гэдгийг би мэдэж байсан. Тэр хэзээ ч тийм авир гаргахгүй. Хожим тэр надад бөмбөгний төлөө тэмцэх үед Карвальюгийн хөл дээр санамсаргүй гишгэчихсэн байх гэж хэлсэн. Гэтэл Элисондо Карвальюгийн жүжиглэлт, португалчуудын ятгалгад төөрөлджээ. Хэзээ нэгэн цагт Элисондо шүүгч хүн Уэйн гэх мэт авъяаслаг залуу тоглогчдыг өмгөөлж, хамгаалж байх ёстойгоос торгож, шийтгэх хэрэггүй гэдгийг ойлгоно гэдэгт найдаж байна. Рикарду Карвалью мэтийн тоглогчид л хөлбөмбөгийг гутаан, хөгжих замд саад болж байгаа билээ. FIFA-гаас үргэлж л цэвэр шударгаар тоглохыг эрхэмлэх (Fair Play) тухай ярьж, сануулж байдаг ч одоогоор үүнд тохирох тоглолтыг зөвхөн англичууд л үзүүлж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгчдийг зөвхөн хожлын төлөө үзэгчдийг, шүүгчдийг хууран худлаа жүжиглэхгүй байхыг уриалдаг. Харин Уэйн үүнийг баримталсныхаа төлөө улаан хуудас авлаа. Үнэхээр утгагүй, байж болшгүй хэрэг.

Энэ бүх явдалд Уэйн сэтгэл дундуур хоцорсон нь тодорхой. Дэлхийн шилдэг довтлогчдын нэгд зүй ёсоор орох тэрбээр ДАШТ-д гоол оруулж чадалгүй нутаг буцсан нь тоогүй. Гэхдээ үүнээс илүүтэй Карвальюгийн жүжиглэлт, нэгэн багийн хамтран зүтгэгчийнх нь хатгалга түүний урмыг хугалсан биз ээ. Хэрэв FIFA-гийн удирдлагууд өөрсдийн уриагаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай зогсдог бол португалчууд шүүгч Элисондог тойрон овоорсоор шийдвэрт нь шууд нөлөөлж, Уэйнийг хөөлгөсөн явдалд ичих хэрэгтэй. Сколаригийн хөлбөмбөгчид Гильзенкирхенд үнэхээр ичгүүртэй авирлаж байсан. Иймэрхүү дүр зургийг би Германд болсон ДАШТ-ий үеэр 7-8 удаа харсан. Хэдийгээр энэ нь шударга бус хэрэг ч ийн авирласнаараа тэд өөрсдөдөө ашигтай шийдвэрийг гаргуулж чадаж байлаа. Энэ бүгдийг хараад “Английн шигшээ баг бусадтай адилхан байвал яасан юм бэ?” гэсэн бодол хүртэл төрж билээ. “Шүүгчдэд хэрхэн нөлөөлөх, тоглолтоо яаж хялбархан болгох талаар суралцах хэрэгтэй юу? Эсвэл Вазза тэргүүтэй Английн шигшээ багийн тоглогчид шударга өрсөлдөөнийг эрхэмлэсэн хэвээр үлдэх үү? Магадгүй бид ямар ч багийг хожиж чадахааргүй болсон тохиолдолд л башир аргатнуудын эгнээнд нэгдэх биз ээ”.

Ийм таагүй бодол хэдэн хором намайг эзэмдлээ. Ер нь бол би хэзээ ч ов заль гаргасан тоглолтыг үзүүлэхгүй. Тавдугаар сарын 30-нд Унгарын эсрэг тоглоход миний багтаа торгуулийн цохилт авчирсан үйлдлийг хүмүүс шүүмжилдэг. Гэхдээ надад үүнийгээ өмгөөлөх шалтгаан бий. Унгарын баруун жигүүрийн хамгаалагч Шаба Фехер над руу гулсан орж ирэхдээ маш аюултай харагдсан тул би ямар нэг эрсдэлээс зайлсхийж үсрэн унасан. Бөмбөг туун гүйж явахад товруу нь гялалзсан хоёр хөл нүдний буланд харагдахад “Би түүнтэй тулах ёсгүй, эс бөгөөс гэмтэл авч мэднэ” гэж бодсон. Хэдхэн хоногийн дараа ДАШТ эхлэх гэж байхад гэмтчихээд Герман руу явж чадахгүй болчихвол яана. Унасан хойноо өөрийнхөө ийм үйлдэл хийсэнд нүүр улайх шиг болсон ч унгар хамгаалагчийн улайрсан дайралтад гэмтээд хэвтэж байснаас л дээр гэж бодон өөрийгөө тайвшруулж байв. Гадаад тоглогчид бол үргэлж л жүжиглэн үсрээд өгдөг билээ. Бараг бэлтгэл дээр энэ үйлдлээ давтдаг юм уу гэмээр үнэмшилтэй унахыг нь яана. Дасгалжуулагчид нь тийм заавар өгдөг юм болов уу? Рунид тохиолдсон явдал үүнийг батална. Алдаа гаргасан байтлаа өөрөө өшиглүүлчихсэн мэт ёолон хашгирах нь ичгүүртэй хэрэг билээ. Тэгээд бусад тоглогч нь шүүгч рүү гүйн очиж, улаан байтугай шар хуудас ч өгөхөөргүй нөхцөлд ховсодчихсон мэт этгээд шийдвэр гаргуулна. Руни, Карвалью нарын тэмцлийг хамгийн ойроос харсан Роналду тэргүүтэй 5-6 тоглогч шүүгчийг бүчин давшилсаар санасандаа хүрсэн. Португалчуудын заль манай түлхүүр тоглогчдын нэгийг маань талбайгаас хөөлгөж дөнгөлөө. Хэрвээ Уэйн тоглолтод үлдсэн бол Английн шигшээ баг гарцаагүй хожих байсан билээ.

Биднийг Бюхлерхоход байрлаж байхад FIFA-гийн төлөөлөгчид ирэн шигшээ багийн албаныхантай уулзалт хийж, худал хуурмаг тоглолтыг үзүүлэхгүй байхыг сануулж байсан. Тэд бүх багт л ийм ухуулга хийж байсан нь лавтай. Гэвч ДАШТ-д оролцсон ихэнх баг аль болох өрсөлдөгч багийнхныгаа торгуулчих гээд худлаа унасан хэвээр байлаа. Тэрхүү тоглолтод Вазза талбайг орхин хонгилоор уруудан явсны дараа Роналду өөрийн сэлгээнийхэн рүү хараад нүд ирмэсэн нь “Ажил бүтлээ” гэсэн утгатай байсан нь тодорхой. “Манчестер Юнайтед”-д хамтран зүтгэдэг анддаа яаж ийм авир гаргаж чадаж байна аа?



Үнэхээр итгэмээргүй юм.

Тоглолтын дараа автобусанд Уэйн бид хоёр зэрэгцэн сууж явсан. Тэр Роналдугийн нүд ирмэснийг бичлэгээр үзсэн бололтой, энэ талаар миний ямар бодолтой буйг асуув. “Вазза, найз минь. Хэрвээ бид Испанийн шигшээ багийн эсрэг тоглоод Хаби Алонсо, Луис Гарсия нарын хэн нэг нь намайг хөөлгөх гэж шүүгчийг ятгаж, ийм өөдгүй зан гаргасан бол би тэдэнтэй дахин хэзээ ч дуугарахгүй. Хэзээ ч шүү. Багийн анд маань зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө шударга бус аашлах нь зохисгүй хэрэг биз дээ” гэж би хариулав. Уэйн миний үг бүрийг анхааралтай сонсож байлаа. Миний ярианы өнгөнөөс тэр намайг Роналдугийн ичгүүргүй үйлдэлд хичнээн их бухимдаж буйг ойлгосон биз ээ. “Ваз, чи Роналдугийн ДАШТ-ий шөвгийн дөрвөн багт үлдэхийн төлөө юу ч хийхэд бэлэн байгааг харсан биз. Гэхдээ хөлбөмбөгт өрсөлдөгчөө хүндлэх, шударга өрсөлдөх гэдэг бол маш чухал шүү дээ. Харамсалтай нь Роналдуд ийм чанар огт харагдахгүй байна”. Уэйн миний ярьсантай санал нэг буйгаа илэрхийлэн толгой дохин сууна. Роналдугийн жудаггүй авирласанд багтрах шахаж байсан тэр удалгүй тайвширч, “МЮ”-ын анддаа амжилт хүссэн мессеж бичиж билээ. Ямар атгаг санаа агуулдаггүй, атаа жөтөө боддоггүй нь Уэйний онцлох нэгэн чанар юм даа.

Гильзенкирхений талбайд арвуулаа үлдсэн англичууд шүүгчийн алдаатай шийдвэр, португалчуудын зүй бус үйлдэлд уурлан хожих хүсэл хоёр дахин нэмэгдсэн. Та нар биднийг мэхэлж болно, харин хожиж чадахгүй шүү. Жей.Ти, Рио нар ардаас нэгдмэл, эмх цэгцтэй тоглохыг сануулан хашгирч байв. Португалчууд жигүүрээр манай хамгаалалтыг сэтлэх гэж оролдох ба би зүүн талд очин Эшлид хүч нэмэн тусалж байлаа. Тэдний санаархал биеллээ олсонгүй. Эшли тэргүүтэй хамгаалагчид маань Португалын довтолгоог хаалганд хүрэхээс өмнө амжилттай няцааж байв. Свен, Стив нарын зөвлөгөө бид аравт зохих дэмээ мөн өгч байсан. Би тэднийг “Торгуулийн цохилт болгохын тулд хамгаалах хэрэгтэй” гэж зааварлана гэж таамагласан авч эсрэгээр дасгалжуулагчид маань “Дайраад бай. Үндсэн цаг дуусахаас өмнө гоол хий” хэмээж байв.

Гэвч бид 90 минутад гоол хийж чадсангүй, цаг сунгахаар боллоо. Нэмэлт үе эхлэхэд би цуврал торгуулийн цохилтын тухай л бодож байв. Свен бэлтгэл дээр болзошгүй нөхцөлд торгуулийн цохилт хийх тоглогчдоор сургуулилт хийлгэдэг ба би үүнд нь багтаж байсан юм.

Тиймээс хоёр багийн аль нь ч гоол хийлгүй цаг дуусах юм бол би таван цохигчийн нэгээр сонгогдох нь тодорхой юм. Нэмэлт цагийн 30 минутын турш толгойд минь зөвхөн пенальтигийн тухай бодол эргэлдсэн. Энэ бодлоос ангижирч, өөрийгөө тайвшруулах гэж хичнээн хичээвч огт тусыг олсонгүй. Талбайн төвөөс пенальти цохих хаалга руу итгэл муутайхан алхаж буй өөрийгөө төсөөлөн бодно. Португалын хаалгач миний “Ливерпуль”-ийн төлөө хэрхэн торгуулийн цохилт гүйцэтгэж байсныг харсан болов уу? Цаг дуусах дөхсөөр, тэр хэрээр зүрхний цохилт улам түргэссээр.

Элисондо шүглээ үлээж, түгшиж буй нь царайд нь тод харагдах хоёр багийнхан талбайн төвд цуглан зогсов. Бурхан минь, би хамгийн эхэнд цохих юмсан. Хүлээлт гэдэг зүйл намайг тарчлааж байлаа. Английн шигшээ багийн эхний цохилтыг хийх болсон Фрэнкэд би дотроо битүүхэн атаархаж байв. Багийнхантайгаа нэгэн шугамд орон зогсохдоо өөрийнхөө ямар сул дорой байгааг мэдэрч байлаа. Симау эхний цохилтыг амжилттай гүйцэтгэхэд толгойг минь лантуугаар нүдэх мэт болж билээ. Гэхдээ санаа зоволтгүй, Лампс тоог тэнцүүлэх болно. Бэлтгэл дээр Лампс пенальтиг тун дадмаг гүйцэтгэж байсан болохоор түүнд эргэлзэх хүн байгаагүй. Гэвч Рикарду Лампсын цохилтыг хаачихлаа. Энэ мөчид миний гэдэс зангирч, ходоод минь агших мэт болж билээ. Би талбай дээр хэзээ ч тийм таагүй мэдрэмжийг мэдэрч байгаагүй.

Торгуулийн цохилт хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй байдлаар үргэлжилсээр. Зарим нэг нь бөмбөгөө алдаж байхад нөгөө нэг нь хаалгач хүрч хаахын аргагүй цохих аж. Португалын Виана, Петит хоёр цохилтоо алдаж, манайхаас Харгривз амжилттай цохилоо. Миний ээлж ирэв. Эгнэн зогссон багийнхан дундаас сугаран хаалганы зүг алхлаа. Саяхан л найз нарынхаа нөмөрт зогсож байсан би цэлийсэн том талбайд ганцаар алхахад үхэл рүү явж буй мэт мэдрэмж төрнө. Ойролцоогоор 40 гаруй метр газар энэ зай надад эгээ л марафоны зам туулж буй мэт хол санагдаж байлаа. Свен “Алхаагаа тоол. Тэгвэл элдэв бодлоо мартана” хэмээн надад сүүлчийн зөвлөгөөгөө өгөх нь сонсогдов. Тэр бэлтгэл дээр ч гэсэн энэ тухай хэлдэг байсан. Би түүний хэлснийг биелүүлэх гэж оролдсон боловч чадсангүй. Цэнгэлдэх хүрээлэнд ирсэн, мөн дэлгэцийнхээ өмнө суусан тэрбум, магадгүй түүнээс ч олон хүн намайг харж байгаа. Би тэдний нүднээс далд орохсон гэж бодож байв. Гильзенкирхений цэнгэлдэхийн талыг туулна гэдэг маш хүнд эрүүдэн шүүлтэд орсон мэт байсан.

11 метрийн цэгт ойртон очиход хамаг бие маань хөшөөд хөдлөхөд хэцүү боллоо. Бурхан минь, та хамгийн заналт дайсны минь өмнө намайг ингэж шийтгэж байгаа хэрэг үү? Толгойд бөмбөгийг хаалганд оруулж чадах эсэхдээ эргэлзсэн бодол эргэлдэвч ур чадвартаа найдаж байв. “Тийм ээ, би энэ цохилтыг амжилттай гүйцэтгэнэ” хэмээн өөрийгөө зоригжууллаа. Бөмбөгөө цэг дээр тавиад биеэ бэлтгэн зогслоо. Амандаа өөртөө элдэв асуулт тавин бувтнаж, хариулан байв. Бөмбөгөө зөв байрлуулсан уу? Тийм ээ, эргэлзээгүй. Бэлтгэл дээрх цохилтуудаа эргэн санах хэрэгтэй шүү? За, би Миттелберг дэх бэлтгэл дээр арван цохилтыг есийг нь хаалганд оруулдаг. Чи хааш нь цохихоо мэдэж байна уу? Тийм ээ. Рикарду бол сайн хаалгач. Гэхдээ бэлтгэл дээр Роббо, Дэвид Жеймс, Скотт Карсон нарын зөвлөсөн газар луу яг онож өшиглөвөл Португалын хаалгач хичнээн сайн байлаа ч хааж дөнгөхгүй.

Ингээд би бэлэн боллоо. Харин Элисондо тийм биш бололтой. Шүглээ үлээгээч! Юугаа хүлээнэ вэ? Би бөмбөгөө байранд нь тавьсан, Рикарду ч хаалган дээрээ зогсож байна. Одоо тэгээд шүглээ үлээхэд юу дутуу гэж? Ухаан санаагаа арайхийн төвлөрүүлсэн би шүүгчийн шүглээ үлээхээ хойргошоон алхах зуур дахиад эргэлзээнд нөмрүүлэв. Би дотроо хэдийнэ шүүгч рүү хашгирч байв. Бэлтгэл дээр бол торгуулийн цохилт тун хялбархан болдог билээ. Бөмбөгөө тавилаа, буцаад алхлаа, гүйгээд цохилоо, гоол. Ямар ч хүлээлт, ямар ч сэтгэлийн дарамт үгүй. Тэгвэл энд тийм биш ажээ. Элисондо арайхийн шүглээ үлээлээ. Гэвч миний анхаарал төвлөрсөн байдал хэдийнэ арилжээ. Бөмбөгт хүрэх мөчид тооцож байсан газар луугаа цохиогүйгээ мэдрэв. Энэ нь миний төлөвлөснөөс бараг нэг метр орчим зайд туссан учир Рикарду хялбархан хүрэхээр байлаа. Үнэхээр ч тэр хаасан. Аймшигтай юм, энэ хар дарсан зүүднээс сэрэхсэн.



Хамаг бие сулран ямар ч тэнхээгүй болсноо мэдэрлээ. Талбайн төв рүү эргэн алхаж явахдаа яаж тэнд хүрнэ дээ гэж бодож байв. Чухал цохилт алдсан өөрийгөө хараан зүхэж, яагаад, яагаад гэсэн асуултаар өөрийгөө булна. Хэдхэн долоо хоногийн өмнө FA Cup-ын финалд гайхалтай пенальти гүйцэтгэж байсан биз дээ. Тэр онч мэргэ маань хаачив аа? Сэтгэлийн хат надад дутжээ. ДАШТ-ий тоглолтод торгуулийн цохилт хийх мөч ирнэ гэдгийг би сарын өмнөөс л мэдэж байсан. Германд Английн шигшээ багт аль нэг шатанд ийм мөчтэй учрах нь тодорхой байлаа. Гэвч эгзэгтэй үед хамаг оюун санаа минь алсад одож, үүний улмаас оновчтой цохих чадваргүй болсон. Чөтгөр аваг, хамаг мөрөөдөл минь ингээд дуусах гэж үү?

Үгүй ээ. Хүлээ, бас ч бүх найдвараа гээчихээгүй байна. Үлдсэн цохилтуудын үр дүнгээр байдал хаашаа ч эргэж болох билээ. Элдер Поштига Робинсоны хаалганд бөмбөг оруулсны дараа ч би битүүхэн найдвар тавьсаар байсан. Карра торгуулийн цохилтын цувралыг 2:2 болгож чадна. Карра бэлтгэл дээр бараг 30 цохилтоос нэгийг л алдаж байсан болохоор Свен түүнийг эхний таван цохигчийн нэгээр сонгосон нь гэнэтийн явдал биш юм. Тэр хаалганы өмнө очин бөмбөгөө байрлуулаад маш хурдан цохилоо. Бөмбөг ч Рикардугийн хажуугаар нисэн өнгөрч тор цохив. Гэвч Элисондо шүглээ хараахан үлээгээгүй байсан юм. Тэгээд Карра дахин цохилт хийхээр боллоо. Энэ бидний тооцоолоогүй зүйл байв. Рикарду Каррагийн хоёр дахь цохилтыг хаахад миний зүрх зогсчих шиг болсон. Английн шигшээ ингээд ДАШТ-ийг орхих боллоо. Хэдийгээр дахиад нэг цохилт үлдсэн ч Роналду бидэнд боломж олгохгүй нь тодорхой. Ингээд Премьер лигийн шилдэг легионеруудын нэг Роналду хэмээх жаал манай Уэйнийг хөөлгөж, улмаар биднийг гэр лүү минь буцаалаа. Шархалсан зүрх, хоосон гуяа тээгээд Английг зорих нь ээ, бид.

Английн шигшээ баг хасагдсан тэр мөчид би хөл дээрээ ч зогсох тэнхэлгүй болон талбайн төвд уналаа. Би хөлбөмбөгийн талбай дээр тэр үеийнх шиг таагүй зүйлийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Кардиффт “Челси”-гийн эсрэг тоглолтод өөрийнхөө хаалганд гоол хийсэн, “Евро-2004”-ийн шөвгийн наймын Лиссабонд болсон тоглолтод Португалд хожигдон хасагдсан гээд надад таагүй мөч цөөнгүй тохиосон ч Гильзенкирхенийхтэй харьцуулашгүй юм. Хоолой дээр бөөн юм тээглэж, асгарахад бэлэн болсон нулимсаа тогтоож ядан суухад минь Свен, тэгээд Стив, Гари Левин гээд багийнхан маань ар араасаа ирж намайг тайтгаруулахыг оролдож байв.

Бекс хүрч ирэн намайг татаж босгохыг оролдлоо. Залуус аа, санаа тавьсанд баярлалаа, гэхдээ намайг зовлон шаналал дунд ганцааранг минь үлдээ. Эцэст нь “Энэ чинь хөлбөмбөг шүү дээ. Энд юу ч тохиолдож болно” хэмээн өөрийгөө тайвшруулан бодоод “Хэрвээ надад дахиад ийм боломж олдох юм бол би гарцаагүй хийнэ дээ” гэж тангараг тавьсан.

Тоглолтоо эргэцүүлэн бодож хэсэг суусны эцэст босч багийнхантай нийлээд “Шальке”- гийн цэнгэлдэхийн талбайг тойрон алхаж, хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийллээ. Ямар ч хүндлэлийг хүлээх эрхгүй бидний зүг фанатууд маань мэхийн ёслож, мэндчилж байгаа харагдана. Тэр мөчид ийм гайхалтай хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалсандаа өөрийгөө улам ихээр хараан зүхэж билээ. Тийм ээ, тэд ДАШТ-ий туршид биднийг даган Германыг хөндлөн гулд туулан, хүнд хэцүү үед шигшээ багийн тоглогчдодоо урам хайрлаж байсан юм. Тоглолт бүрийн өмнө байрласан зочид буудлаасаа гаран цэнгэлдэх хүрээлэн рүү явахад бидний замд хэдэн арван мянган англичууд давалгаа долгилох мэт алхаж байсансан. Тоглолт бүрийг бид гэртээ, Англидаа хийж буй мэт санагдаж байлаа. Тэгвэл тэдний энэ дэмжлэгийн хариуд бид юу өгөв? Дахиад л шаналал.

Англичууд яагаад тооцоолсноос эрт хожигдов? Үүнд зөвхөн португалчуудын овилгогүй байдлыг нялзааж болохгүй. Бүгд л биднийг Алтан үеийнхэн хэмээж байсан билээ. Бид энэ нэрийг даах ёстой байв. Гэвч миний хамгийн дургүй үгсийн нэг хасагдах гэдэг үг бидэнд хамаарах боллоо. Английн шигшээ баг ДАШТ-ий шөвгийн наймаас хасагдсан нь зохих амжилт нь биш билээ. Бөмбөгөө хангалттай эзэмшиж, өөрсдөдөө барьж тоглож чадаагүй, олдсон боломжуудаа бүрэн ашиглаагүй, тэгээд хамгийн гол нь торгуулийн цохилт маш муу гүйцэтгэсэн гээд олон шалтгааныг нэрлэж болно. Бид зургаан долоон хоногийн турш өдөр бүр торгуулийн цохилтын бэлтгэл хийсэн атлаа Гильзенкирхенд дөрвөн цохилтынхоо гурвыг алдсан. Португалын хаалгач Рикарду Оуэн Харгривзийн цохилтыг ч гэсэн хаахад тун ойрхон байсан. Энэ бүхнийг эргээд бодоход Английн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн тоглогчдынхоо сэтгэлзүйн бэлтгэлийг хангах үүднээс томоохон тэмцээний өмнө зохион байгуулдаг нөхөрсөг тоглолт дээр пенальти цохиулдаг байх нь зүйтэй юм уу гэж санагддаг. Дүүрэн үзэгчтэй цэнгэлдэх хүрээлэнд торгуулийн цохилт гүйцэтгэх нь бэлтгэл дээр ийм дасгал хийхээс огт өөр юм. Талбайн төвөөс 16 метрийн талбай хүртэл алхах, бөмбөгөө байрлуулах гэх зэрэг үйлдэл бүр нь болзошгүй нөхцөлд анхаарлаа төвлөрүүлж сурах том бэлтгэл болох билээ. Харин бэлтгэл дээр бол багийнхан маань л харж байгаа учир цохилт гүйцэтгэхэд ямар нэг дарамт огт байхгүй.

За тэгээд Английн шигшээ багийн Германд ийм богино замыг туулсны хамгийн гол шалтгаан нь маш энгийн. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд надад хэцүү байгаа ч би хэлэх ёстой. Бид өөрсдийн бодож байсан шигээ сайн байж чадаагүй. Английн шигшээ багийнхан Германд хөл тавихдаа дэндүү их итгэлтэй байлаа. Биднээс илүү баг гэж үгүй гэсэн бодол хүн бүрийн толгойд хадаатай. Тийм ч учраас англичууд гарцаагүй дэлхийн аварга болох ёстой гэж бодон өөрсдөдөө сэтгэлийн их дарамт авчирсан. Хоорондоо энэ тухай байнга ярьж, тэр хэрээр үндсэн тоглолтоо гаргах боломж хумигдсаар. Дараа, дараагийн тэмцээнүүдэд бид энэ байдлаа засч, даруухан байхад суралцах хэрэгтэй. Германд бид хотоос хотын хооронд аялж явахдаа бүрээ, бишгүүр үлээхээс наахнуур хөөрцгөөж байсан бол Англид ичсэндээ ам нээж чадахгүй хүмүүс болон бууж байлаа. ДАШТ-ээс би таагүй тэр өдрийг минь сануулах хэдэн сувенираас өөр зүйлгүй буцсан. Би шигшээгийн тоглогчидтойгоо ярилцаж үзэхэд бүгдээрээ хангалтгүй тоглосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. “Би л хамгийн сайн тоглосон нь, харин бусад маань муу байснаас бид хүссэн амжилтдаа хүрч чадсангүй” гэж бодох нэг ч хүн байхгүй. Гильзенкирхенд болсон тэрхүү тоглолтын дараа хувцас солих өрөөнд байхад тамд уначихсан мэт аймшигтай санагдаж байж билээ. Хувцас солих өрөөнд тэвчиж суухад хэцүү тийм байдлыг би хэзээ ч мэдэрч байгаагүй. Дуугарах тэнхээтэй нэг ч хүн байгаагүй бөгөөд нам гүм байдлыг хааяа нэг зарим тоглогчийн амандаа хараал хэлэн бувтнах болон шаахайгаа сугалан шалан дээр унагах чимээ сарниулж байсан.

Мэдээж Свен маш их сэтгэлээр унасан байлаа. Хэвлэлийнхэн түүнийг сэтгэл хөдлөлгүй, хүйтэн хөндий хүн гэх нь бий. Гэвч энэ бол гадна төрх харсан ташаа дүгнэлт юм. Тэр энэ ялагдлаас маш хүнд цохилт авсан. Гильзенкирхений тоглолтын дараа Английн шигшээ багийн ялагдлын гол бурууг Свенд хамааруулсан яриа хүчээ авсан нь зүйд нийцэхгүй хэрэг юм. Талбайн хязгаар цагаан шугамыг давж орсон бүх тоглогч хариуцлага, зэмлэлийг тэгш хүртэх ёстой билээ. Надад бол Английн шигшээ багт дахин тоглох боломж гарна. Харин Свений замнал үүгээр өндөрлөж байна. Түүнийг албаа хүлээлгэн өгөхөд би маш их харамссан. Түүнтэй хамтран ажиллахад надад таатай байсан. Свен бол ажилдаа бүтээлчээр ханддаг идэвх санаачилгатай зарчимч хүн. Тэр надад тоглогчийн ур чадвараа ахиулахад их тус хүргэсэн. Түүний итгэл хүлээсэн тоглогчдын нэг нь би байлаа. Би өөрийгөө Свенд өртэй гэж бодож явдаг. Би шигшээ багийнхаа төлөө гоол оруулчихаад Свений баярласан царайг харах их дуртай байсан. Гэвч шийдвэрлэх мөчид би түүний итгэлийг даасангүй, шөвгийн наймын тэр тоглолтод гоол оруулж чадаагүйгээр үл барам торгуулийн цохилтоо алдаж багаа хөөдсөн. Хэрэв би тэр пенальтиг л оруулчихсан бол Английн шигшээ баг хагас шигшээд шалгарах зам нээгдэх байсан болов уу. Свен-Горан Эрикссон Английн шигшээ багийг удирдан хоёр ДАШТ-д оролцуулан тус бүрт нь шөвгийн наймд шалгаруулсан ч түүнээс цааш явж чадаагүй нь тун харамсалтай.

Бидний ялагдлын гол буруу Свенд тохогдоно гэдгийг би сайн мэдэж байсан. Тэр өөрөө ч үүнийг гадарласан биз. Хэвлэлийнхэн болон хөгжөөн дэмжигчид Свен хэд хэдэн алдаатай шийдвэр гаргасан нь амжилтад сөргөөр нөлөөлсөн гэдгийг баримт түшин ярьж бичицгээдэг.

Үүнд мэдээж Германд таван довтлогчтой очоогүй нь орно. Бас тоглогчдынхоо нөөц бололцоог дутуу ашигласан хэмээж байв. Энэ бол үнэний ортой. Теог шигшээ багт авчирсны зэрэгцээ хагас хамгаалалтад нэг байрлал дээр 3-4 хүнийг давхцуулан авсан нь олныг гайхашруулсан. Тэгсэн атлаа тэднийг талбайд огт гаргаагүй. Хэрвээ тэдгээр тоглогчийг хэрэглэхгүй л байсан юм бол яах гэж Германд авчирсныг нь би ер ойлгодоггүй. Нэгэнт талбайд гарахгүй нь тодорхой тэднийг ДАШТ-ий багт оруулснаас өөр довтлогч сонгосон бол дээр байсан юм.

Шөвгийн наймын тоглолтод хожигдоод Германыг орхих нь тодорхой болсон бид Бюхлерхох дахь зочид буудалдаа эргэн ирээд нэгэн уулзалтыг хийлээ. Тэр орой Свен штаб, арын албаныхан, тоглогчид бүгдийг нь нэг өрөөнд цуглуулаад 15 минутын турш ярьсан. “Энэ бүх хугацаанд намайг дэмжин ажилласан та бүхэнд талархлаа илэрхийлье” хэмээн тэр үгээ эхлээд “Энэ жилийг биднийх болно гэдэгт би итгэл дүүрэн байсан. Дахиад л торгуулийн цохилтоор хожигдсон гэдэгтээ итгэж өгөхгүй юм. Бид дор хаяж шөвгийн дөрөвт үлдэх ёстой байлаа. Та бүхэнд өндөр амжилт хүсье” гэж хэлсэн. Өөрийн туслах Стив Макларен руу эргэн хараад “Стив, чамд амжилт хүсье. Миний зориод хүрээгүй амжилтыг чи гаргаарай” гэлээ. Тэгээд тэнд байсан бүх хүнтэй гар барин нэг ёсондоо салах ёс гүйцэтгэв.

Маргааш өглөө нь зочид буудлаас гарахаар хүлээн авахын дэргэд зогсож байгаад Свентэй тааралдаж ярилцлаа. Тэгэхэд тэр “Стивен, чи одоогийн энэ амжилтаа хадгалж яваарай. Чамтай хамтран ажиллахад тун таатай байлаа. Дараа олон таарах байлгүй дээ” гэсэн. Би хариу талархал илэрхийлээд “Та ямар ч шийдвэр гаргасан бай, би таны талд зогсоно. Танд амжилт хүсье” гэж хэлсэн. Энэ бол сэтгэл хөдлөм онцгой мөч байлаа. Түүний удирдлагад тоглоод таван жилийн нүүрийг үзжээ. Харин хамтын ажиллагаа минь тасалбар болж буй энэ мөчид үүнээс өөр хэлэх үг олдоогүй. Свен бол миний мэдэх хамгийн сайн дасгалжуулагчдын нэг. Тэр ямар ч сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж чаддаг нэгэн бөгөөд дасгалжуулагчийн хувиар нь түүнийг их үгүйлэх болно. Сонины арын хуудаснаа түүний хувийн амьдралынх нь талаарх шар мэдээ цөөнгүй удаа гарч билээ.

Свений ажлаа хүлээлгэхтэй зэрэгцэн Бекс багийн ахлагчийн үүргээсээ татгалзлаа. Ням гаригийн өглөө өрөөндөө цүнх, саваа баглан Англид буцаж очоод юу хийх талаар эргэцүүлж суутал зурагтаар Бекс хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь гарав. Эхэндээ би түүнийг Английн шигшээ багийн тоглогчид энэ хожигдлыг хэрхэн хүлээн авсан, ямар байдалтай буй талаар ярих нь дээ гэж таамагласан. Харин ахлагчийн тууз зүүх эрхгүй хэмээн хэлэх мөчид нь маш их балмагдаж билээ. Тухайн үед би түүнийг бууж өглөө хэмээн бодож, дотроо буруушааж байв. Бекс шигшээ багийнхнаа толгойлон гурван том тэмцээнд оролцсон. Тэр бүгдэд хамгийн их дарамтыг өөр дээрээ хүлээн авч байсан. Гэвч эдгээрийн өмнө сөхрөлгүй багийн ахлагчийн үүргээ гарамгай биелүүлж ирсэн. Тэр бол миний мэдэх хамгийн сайн ахлагч. Бекс энэ ажилдаа маш дуртай байсан бөгөөд ахлагчийн туузаа тайлах нь түүнд хүнд байсан нь тодорхой. Түүний энэ мэдэгдлийг сонсож байхдаа шигшээдээ тоглохгүй гээд хэлчих вий гэж эмээж байв. Тэр бол талбайд гарах, эсэхээс үл хамааран багийн амжилтад үлэмж нөлөө үзүүлдэг шилдэг тоглогч юм.

Английн хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн шинэ дасгалжуулагчийн эрэлд гарахад би төдийлэн ач холбогдол өгч анхаараагүй. Англи хүн ч бай, гадаадын мэргэжилтэн ч ялгаагүй, энэ багийн амжилтыг ахиулах зорилготой, тийм мэдлэг чадвартай байх нь л чухал. Эцэст нь FA-гаас Стив Маклареныг шигшээгийн дасгалжуулагчаар томилсонд би их баярласан. Тэр одоо багаа “Евро-2008”-д оролцуулахаар удирдан жолоодож байна. Тухайн үед ямар ч амжилт гаргасан байлаа, хүмүүс түүнийг Свений удирдлагад ажиллаж байснаар нь “Герман-2006”-ын талаар шүүмжлэх бус, харин шигшээ багт ямар өөрчлөлт авчрав, шинэ зүйл юу хийв гэдгийг хэлэлцэх нь зүйтэй болов уу. Олон хүний амнаас Стив бол менежер (ахлах дасгалжуулагч) гэхээсээ дасгалжуулагчийн ажилд тохирох хүн гэхийг сонсож байсан. Би үүнтэй санал нийлдэггүй. Тэр “Миддлсборо”-д үзүүлсэн амжилтаараа менежерийн үүргийг сайн гүйцэтгэж чадна гэдгээ нотлон харуулсан гэж би боддог. Тиймээс Стив Английн шигшээ багийг удирдах бүрэн эрхтэй. Би “Евро-2008”-д Английн шигшээ баг хэрхэн оролцох талаар урьдчилсан таамаг хэлэхгүй ч Стив багийн амжилт, үзүүлэлтэд ахиц гаргана гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. “Герман-2006” надад олон нийтэд хэлэх үгээ цэнэж байхыг сургасан.

ДАШТ-ий ялагдал надад маш хүндээр туссан ч би үүнийг аль болох хурдан мартахыг хичээж байна. Англид очингуутаа Алексыг аваад хоёулхнаа Сен-Тропед амрахаар явсан. Сэтгэлзүйч эмчийн зөвлөснөөр ДАШТ-ий уйтгар гунигаа тайлахаар Францын өмнөд хэсгийн энэ хотод тав хоног сайхан амарч билээ.

Долдугаар сарын 9-ний ням гариг бол бидний энд хонох сүүлчийн өдөр. Хэдийгээр би энэ өдрийг хүртэл ДАШТ-ий тоглолтыг үзэхгүй явж ирсэн ч шувтаргын тоглолтыг харахгүй өнгөрч тэссэнгүй, зурагтаа асаалаа. Алекс өөрсдийн мартагдашгүй амралтаа тасалдуулахыг хүсээгүй нь тодорхой ч надад саад болсонгүй. Тоглолтын эхэнд хоёр баг харилцан гоол хийсний дараачаас сүүлчийн мөч хүртэл чухам аль нь хожихыг тааварлахад бэрх байсан. Зинедин Зидан Марко Матерацциг мөргөснийг нь би ер ойлгодоггүй юм. Магадгүй өрсөлдөгчийнхөө өдөөн хатгалгад автаад өөрөөс нь гарахааргүй авирыг үзүүлсэн биз ээ. Хэрэв тэр талбайд үлдсэн бол Францын шигшээ баг торгуулийн цохилтоор хожих байсан болов уу. Аварга багийг тодруулах цуврал торгуулийн цохилт эхлэхэд миний таагүй дурсамж дахин сэргэв. Тэгээд италичуудыг баярлан хөөрч байхад нь “Тэдний оронд бид байж болох байсан шүү дээ” хэмээн бодсон. Английн шигшээг Германд хөл тавихад бүгд л зогсоо чөлөөгүй довтолгоо, хүчтэй цохилтоос нь эмээж байсан. Итали, Францын багийн аль аль нь ДАШТ-ий туршид тийм ч онцгой тоглолтыг үзүүлээгүй. Энэ бүхнийг бодоход улам их харамсах сэтгэл төрдөг.
МИНИЙ ИРЭЭДҮЙ

Гильзенкирхений цэнгэлдэх хүрээлэнд хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлэн тойрон алхаж байхад цэнгэлдэхэд “Би тэсч гарна” (I Will Survive) гэсэн дуу эгшиглэж байж билээ. Үүнийг сонсоод дотроо дууны үгийг давтан хэлж явсан. Тийм ээ, би ямар ч хүнд үеийг тэсч гарах ёстой. Намайг сайхан ирээдүй хүлээж байна.

2007 оны зун Алекс бид хоёр хуримаа хийнэ. Би хөлбөмбөг тоглодог хүүтэй болохыг хүсч байна. Түүнчлэн Английн шигшээ багт Стив Макларены удирдлага дор тодорхой зорилго тавин хүчин зүтгэж байгаа. 2006 оны наймдугаар сард Стив надад Жон Терригийн орлогч буюу шигшээ багийн дэд ахлагч болох санал тавьсан. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг учир тэр даруй зөвшөөрсөн.

Мөн “Ливерпуль”-д, Рафад олон олон цом бэлэглэхийг туйлаас хүсч байна. Нэг өдөр би тоглогчийн замналаа өндөрлүүлэх нь тодорхой. Тэр цагт би “Энфильд”-д үлдэж, ямар ч алба үүргийг хамаагүй гүйцэтгэхийг хүсдэг. Магадгүй хайртай багаа дасгалжуулах ч юм бил үү. Одоо би Рафагаас дасгалжуулалтын арга барилд суралцаж байгаа. Цаашид дасгалжуулагчийн албан ёсны эрх авах төлөвлөгөөтэй. Миний хувьд цаг ямагт “Ливерпуль”-ийн төлөө ажиллахыг хүсдэг. Энэ клубтэй холбосон хувь заяа минь хэзээ ч төгсөхгүй билээ.

Мэдээг түгээх :

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger